Categories
мэдээ нийгэм

“Өгөөмөр өдөр” арга хэмжээнд 10 мянга гаруй хүн оролцлоо

Хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах чиглэлээр иргэдэд ойлголт өгөх, хэрэглээний зөв дадал зуршлыг төлөвшүүлэх, хог хаягдал болох байсан эд зүйлсийг хог хаягдал болгохгүйгээр амьдралын мөчлөгийг уртасгаж, дахин ашиглуулах зорилгоор “Өөрт хэрэглэхгүй байгаа эд зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе” уриан дор “Өгөөмөр өдөр” өдөрлөгийг 2018 оны 6-р сарын 09-ний Бямба гаригт 11:00 цагаас 17:00 цагийн хооронд нийслэлийн 9 дүүрэгт зохион байгууллаа.

Өдөрлөгт нийслэлийн харьяа газар, агентлаг, дүүргүүдийн дэргэдэх хэлтэс албадын албан хаагчид болон нийслэлийн иргэд гэртээ хэрэглэхгүй хадгалж байсан ном, сэтгүүл, гэр ахуйн цахилгаа бараа, эд зүйлс, сувинер, гоёл чимэглэл, хувцас гутал цүнх гэх мэт зүйлсийг авч ирэн хэрэгтэй хүмүүст нь хандивлаж, хямд үнээр худалдаалж, өөрт хэрэгтэй зүйлээр солилцож оролцлоо. Дүүргүүдийн урьдчилсан дүнгээр 9 дүүргийн өдөрлөгт 10 мянга гаруй хүн оролцсон байна. Уг өдөрлөг нь олон улсад тогтмол зохион байгуулагдаж хэвшсэн байдаг бөгөөд Нийслэлд төдийгүй Монгол улсад өргөн хэмжээгээр анх удаа зохион байгуулагдаж байгаа юм.

Энэхүү өдөрлөгийг иргэд таашааж хүлээж авсан бөгөөд өөрт хэрэгтэй зүйлээ маш хямд үнээр олж авлаа, үнэгүй авлаа, солилцлоо гэх мэтээр сэтгэгдлээ хэлж байсан бөгөөд дахин энэ өдөрлөгийг хэзээ зохион байгуулах, цаашид тогтмол зохион байгуулж байх хүсэлтийг дүүрэг бүрийн зохион байгуулагч нарт хандан хэлж байлаа.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг төрийн өмчийг хувьчлах тогтоолын төслийг хэлэлцэнэ

Төрийн ордонд УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна.

Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл болон энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Уг тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед АН-ын бүлэг завсарлага авсан. Бүлгийн зүгээс “МИАТ”, “Төрийн банк” зэрэг ашигтай ажиллаж буй компаниудыг хувьчлах болсон шалтгааны талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон бусад холбогдох байгууллагын мэдээллийг сонсох шаардлагатай хэмээн үзсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана

Өнөөдөр буюу 2018 оны 6 дугаар сарын 11-ний Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

10:30-17:30 цагт: 20-р хороо Гачуурт тосгон, Баяндөхөм, Хар усан тохой орчмоор, Монгол шилтгээн

11:00-17:00 цагт: 20-р хороо Баянгол тохижилт, иргэн Баянмөнх

СҮХБААТАР ДҮҮРЭГ

09:00-17:00 цагт: 4-р хороо 40-50 мянгатын 15, 15А, Б 18, 20, 21, 28, 36-38, 40, 42, 44-53, 53А, Б, 65-69, 77-р байрууд, 45-р сургууль, 149-р цэцэрлэг, Монгол шуудан 44-р салбар, Өндөр буянт холдинг, Меторо трейд, Хаан бууз, Эко констракшн, Ган инженеринг, МД топ, Шандаст аргамаг, Ноос трейд, Шандаст аргамаг ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор10:30 -11:30 цагт: 18-р хороо Бэлхийн 51, 53-р гудамж, иргэн Мөнхзаяа АОС12:00 -13:00 цагт: 20-р хороо Цээнийн амны зуслан 1, 2, 413:30 -14:30 цагт: 20-р хороо Бэлх, Сэлбэ, Хадат, Цээнийн амны зуслан15:00 -16:00 цагт: 20-р хороо Сэлбэ зуслан, Скайтел, Юнителын станц

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

11:00-17:00 цагт: 5, 6-р хороо 6-р хорооллын 15- 26, 30, 31, 34, 45, 49-р байрууд, Хөдөлмөрийн дээд сургууль, Нийслэлийн ахмадын хороо, 5-р хорооны байр, Нийслэл өмчийн харилцааны газар, Гранд моторс, Сэрүүн, Макс өргөө, Аж богд трейд, Монгол Ханамаса Их харанга, Бишрэлт трейд, Улаанбаатар синема, Хөп наран медикал, Баян хан хөхий трейд, Сэрүүлэг констракшн ХХК-ууд, СУИС-ийн Соёлын сургууль, ЗГБН Захиргаа, ЦЕГ-ын Дэмжлэг үзүүлэх төв, 18-р цэцэрлэг, Хүйсийн тэгш эрхийн төв, 50-р сургууль, НОБГ болон эдгээрийн ойр орчмоор

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

09:00-17:00 цагт: 1, 2-р хороо 120 мянгат, 53-р цэцэрлэг, Зүчи зочид буудал, Жетро супермаркет, 19-р хороолол 8А, 19, 39, 40, 42-р байрууд, Үйлчилгээний төв, АТС-34, Номин холдинг болон эдгээрийн ойр орчмоор

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

11:00-17:00 цагт: 18, 29-р хороо 27-1, 27-2, 22А, Б, 23А, Б, В, Г, 22А, Москва хорооллын 141, 143-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

НАЛАЙХ ДҮҮРЭГ

10:00-17:00 цагт: Соёлын ордон, 1-9-р байр, Элит ресторан, 5 давхар байр.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээнд шалгалт хийж байна

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй автобус, троллейбусны цэвэрлэгээ, өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдалд Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар удирдамжийн дагуу 2018 оны 06 дүгээр сарын 06-наас эхлэн хяналт, шалгалтыг автобусны эцсийн зогсоолууд болон шугам замд хийж байна.

Шалгалтын эхний өдрүүдэд 574 тээврийн хэрэгсэл хамрагдаж мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй 6, ажлын хувцасгүй 19, тээврийн хэрэгслийн гэрэл дохиогүй 33, суудлын бүрээс бохир болон дутуу 41, чиглэлийн хойд болон хажуу хаяггүй 26, гадна цэвэрлэгээ хийгдээгүй 36, дотор цэвэрлэгээ хийгдээгүй 191, бусад 18 зэрэг нийт 370 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулах улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна. Уг нэгдсэн шалгалт нь Үндэсний Их баяр наадам өнгөртөл үргэлжилнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Өгөөмөр өдөр”-т 10 мянга гаруй хүн оролцлоо

Хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах чиглэлээр иргэдэд ойлголт өгөх, хэрэглээний зөв дадал зуршлыг төлөвшүүлэх, хог хаягдал болох байсан эд зүйлсийг хог хаягдал болгохгүйгээр амьдралын мөчлөгийг уртасгаж, дахин ашиглуулах зорилгоор “Өөрт хэрэглэхгүй байгаа эд зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе” уриан дор “Өгөөмөр өдөр” өдөрлөгийг 2018 оны зургадугаар сарын 09-ний Бямба гаригт 11:00 цагаас 17:00 цагийн хооронд нийслэлийн 9 дүүрэгт зохион байгууллаа.

Өдөрлөгт нийслэлийн харьяа газар, агентлаг, дүүргүүдийн дэргэдэх хэлтэс албадын албан хаагчид болон нийслэлийн иргэд гэртээ хэрэглэхгүй хадгалж байсан ном, сэтгүүл, гэр ахуйн цахилгаа бараа, эд зүйлс, сувинер, гоёл чимэглэл, хувцас гутал цүнх гэх мэт зүйлсийг авч ирэн хэрэгтэй хүмүүст нь хандивлаж, хямд үнээр худалдаалж, өөрт хэрэгтэй зүйлээр солилцож оролцлоо. Дүүргүүдийн урьдчилсан дүнгээр дүүргийн өдөрлөгт 10 мянга гаруй хүн оролцсон байна. Уг өдөрлөг нь олон улсад тогтмол зохион байгуулагдаж хэвшсэн байдаг бөгөөд Нийслэлд төдийгүй Монгол улсад өргөн хэмжээгээр анх удаа зохион байгуулагдаж байгаа юм.

Энэхүү өдөрлөгийг иргэд таашааж хүлээж авсан бөгөөд өөрт хэрэгтэй зүйлээ маш хямд үнээр олж авлаа, үнэгүй авлаа, солилцлоо гэх мэтээр сэтгэгдлээ хэлж байсан бөгөөд дахин энэ өдөрлөгийг хэзээ зохион байгуулах, цаашид тогтмол зохион байгуулж байх хүсэлтийг дүүрэг бүрийн зохион байгуулагч нарт хандан хэлж байлаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

“Монгол хурандаа нийгэмлэг”-ээр овоглосон Чойжавын Баатарынд зочиллоо

“Монгол хурандаа нийгэмлэг”-ийн тэргүүн, Терроризмын эсрэг Монголын холбооны ерөнхийлөгч доктор, профессор Чойжавын Баатарынд өнжлөө. Алтайн хөх харчуудын нэгэн тэрээр хүмүүн гэгч чухамхүү хичнээн олон салбарт үр бүтээлтэй, нэр хүндтэй ажиллаж болдгийг харуулж чадсан эрхэм. Ажил амьдралын урт хугацаанд цэрэг арми, дипломатын алба, хууль сахиулах, улс төр эдийн засаг гээд улс ардын аж ахуйн бүхий л салбарт ажиллажээ. Тэрээр дурсахдаа хүн, мал эмнэлгийн салбарт л ажиллаагүй гэж бодсон чинь бас ч хоосонгүй ээ. Тэр жил манай улсад малын халдварт өвчин гараад олон сая вакцин ОХУ-аас захиалсан ч хэрэгцээ дараалал ихтэй тэгээд ч ганцхан газар Владимир хотод үйлдвэрлэдэг яаралтай явуулах талаар төвөөс шаардсаны дагуу ЭСЯ-д яриа хөөрөө болоход уул газрын удирдлагатай миний бие холбоотой байсан тул даруй шийдвэрлэж билээ. Эрүүл мэндийн талаар операцийн утас тасарч хүндхэн байх үед Монголоос Цанжид гэж эм зүйн мэргэжилтэн хүсэлт гаргаснаар хоёр шуудай утас онгоцоор авчирч өгсөн нь хичнээн хүний амь насанд тус дэм болсныг өгүүлэх юуны билээ гээд “Хүн аливаа ажилд сэтгэлээсээ хандвал заавал үр дүнд хүрдэг” гэснээр бидний яриа эхэлсэн юм.

Эдүгээгээс тавь гаруй жилийн өмнө буюу жаран долоон онд аравдугаар ангиа төгсөөд Цэргийн ерөнхий дээд сургуульд элсэж, улмаар онц дүнтэй төгссөн түүнийг хотод үлдээсэн хүн нь Монголын хүчит бөх, дархан аварга Шаравын Батсуурь. Баатар хурандаа, аварга хоёр Хасагт хайрхан, Хаяа, Цахирын уул, Говь-Алтайн Жаргалангийн садан төрөл хүмүүс. Төрөлх сургуульдаа олон жил багш, тэнхимийн эрхлэгч, орлогч захирлын алба хашсан тэрээр “Монголын цэрэг армийн алдартай генерал, сайдуудын удирдлагад байсан би мөн ч азтай хүн шүү” гэж сэтгэл дүүрэн хэлсэн. Батлан хамгаалахын сайд армийн генерал Батын Дорж, хурандаа генерал Жамсрангийн Ёндон, дэслэгч генерал Шагалын Жадамбаа нарыг нэрлээд “Ач буяныг нь энэхэн насандаа мартамгүй” гэсэн нь учиртай. Залуу насанд алдаж онож явахад, ажил албаны үзүүлэлтийг нь хараад холбогдох хууль хяналтын байгууллагад хандан уучлал үзүүлсэн хүн нь Дорж гуай. Ёндон генералын саналаар ерөнхий сургууль төгсөгчдөөс анх удаа тактикийн багш хэмээх хариуцлагатай албанд томилогдож, цаашлаад ЗХУ-д Фрунзийн академид суралцах боломж нээгдэх нь тэр. Жадамбаа генерал офицеруудын мэргэжил дээшлүүлэх төвийн захирлаар томилон нэг жилийн хугацаанд тус төвийг шаардлагын хэмжээнд хүргэсэн учир сайдын зөвлөл хугацааны өмнө “Хурандаа” цол олгож, Москва хот дахь Элчин сайдын яаманд атташейн аппаратад сонгож явуулсан түүхтэй аж. Элчинд очоод удаагүй байтал Оросын “Оборон-эксперт” нэгдэл Монголын Батлан хамгаалах яам хоорондын гэрээгээр хийгдсэн хуягт танкийн сэлбэгийн асуудал сөхөгдлөө. Төлбөр тооцооны талаар Монголын Засгийн газарт хоёр ч удаа хандахад “Бидэнд төлбөр хийх ямар ч боломж алга. Наанаа зохицуул” гэсэн хариу өгөв.

Оросын Батлан хамгаалах яамны зүгээс цэргийн сургуульд шинээр оюутан элсүүлэхгүй байсан нь мөн л төлбөртэй холбоотой. Хоёр улсын Засгийн газар хоорондын энэ бүх асуудлыг Монголынхоо “Чингис” архийг тавьж байгаад сайхан сэтгэлт орос нөхөдтэйгээ нүүр тулан эрсхэн ярилцаж сургалтын асуудлыгдээдтүвшинд шийдэж байлаа гэх хурандаагийн яриа одоогийн залууст үлгэр домог мэт санагдах биз ээ.Түүний ажлын үр дүн, зангарагийн хүчинд БХЯ-ны 500 мянга, мөн хууль сахиулахын чиглэлийн нэг сая шахам ам.долларын сургалтын өр тэглэгдэж, ерэн зургаан оноос цэргийн академи, дээд сургуулиудад Монголоос хүмүүс суралцах нь хэвийн болжээ. Алдарт Фрунзийн академи, нисэхийнболон танк, инженерийн академи, ДХЯ-ны сургуулиудад суралцах боломж нээгдэж, гал, цагдаагийн чиглэлийн төлбөрийн улмаас буцаж ирээд байсан суралцагчид дахин очиж суралцаж төгссөн байна.

Баатар хурандаа Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудыг төлөөлж гадаадад хамгийн олон жил ажилласан хүн. Энэ хугацаанд сайдын хэмжээний айлчлал тав, яам, агентлаг тусгай газрын айлчлал 10 гаруй удаа зохион байгуулж, 300 гаруй хүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж хууль, цагдаагийн чиглэлээр суралцагчдын зардлыг ОХУ бүрэн хариуцахаар гэрээ байгуулсан нь ядмаг эдийн засагтай манай улсад олон арван сая долларын хэмнэлт өгч байгаа төдийгүй өндөр мэргэжлийн боловсон хүчинг дэлхийн хэмжээнд бэлтгэж байгаа нь юугаар ч үнэлэшгүй ач тус юм. “Хүмүүсийн арга эвийг олж, болохоос болохгүйг нь хүртэл хөөцөлдөж, уйлах дуулахаас наахнуур гүйж байж энэ бүхнийг улс эх орныхоо төлөө сэтгэл гарган бүтээж байлаа” гэсэн нь энэ хүнээс гарах үг ч мөн дөө гэх бодлыг төрүүлэв. Нэр устай, баримт сэлттэй жишээ ганц нэгийг дурдаач гэхүйд өндөр соёлтой хүний дөлгөөн төрхөөр хүлээн авч, Ц.Нямдорж сайдын 2-3 удаагийн айлчлалыг төрийн өндөр дээд хэмжээнд, Ш.Жадамба сайдыг С.Шойгутай, тэр болгон яамдын сайдууд элчин сайдтай уулздаггүй нөхцөлд элчин сайд С.Баярыг долоо хоногийн дотор ДХЯ-ны сайд В.Рушайло, ХЗЯ-ны сайд Ю.Чайка нартай, ХЗЯ-ны сайд асан Ж.Амарсанааг Москвад очиход нь ОХУ-ын ХЗЯ-ны сайд Степашинтай тус тус уулзалт зохион байгуулж байснаа цаг нартай нь дурссан юм. Тэртээ ерээд оны алтан Москвагийн өдрүүд түүний сэтгэлд одоо ч тод хэвээрээ байгаа ажгуу.

Тэднийх гарын таван хуруу шиг таван охинтой аж. Гэргий Д.Оюунбилэг нь даруу дөлгөөн, цэргийн хүний, дипломат хүний ар гэрийг хариуцаж ирсэн түшигтэй хань. Баатар хурандаа ЦЕДС-ийн сонсогч байхдаа ханьтайгаа танилцаж, халуун залуу насандаа учирчээ. “Би чинь курсын нөхдөдөө 30 дөхөж байж л гэр бүлтэй болох юм шүү гэж хэлж сургадаг байв. Тэгтэл өөрөө сургуулиа төгсөнгүүт хамгийн түрүүнд эхнэр авсан даа” гээд сүрхий инээд алдан арван зээтэй өнөр өтгөн айл болсноо өгүүлсэн. Бүх хүүхдүүд нь орос школтой, хоёр охин нь Орост докторын зэрэг хамгаалжээ. Хоёр дахь охин Солонго нь хэл шинжлэл, сэтгүүл зүйн, гурав дахь охин Гэрэлтуяа эдийн засгийн ухааны доктор. Дөрөв дэх охин Ариунаа арван жилийн сургуулиа Америкт төгсөж Москвагийн дотоод яамны их сургуулийг олон улсын интерполын чиглэлээр дүүргэсэн Монголын анхны төгсөгч бол бага охин Энхмаа нь Парисын их сургуулийг дүүргэсэн байна. “Москвад арван хэдэн жил болохдоо хүүхдийнхээ боловсролд дээд зэргээр анхаарсан. Манай элчингийнхэн сайн муугаар хэлж л байсан. Хүүхдүүдээ гадаа ч тоглуулахгүй, дандаа хорьж цагдан гэрийн багшаар хичээлийг нь давтуулдаг гээд л. Түүний хүчээр хэнээс ч дутахгүй өндөр боловсрол эзэмшсэн” гэсэн нь бахархалтай сайхан. “Хүүхдүүдийнхээ тухай би тэр бүр яриад байдаггүй, хүргэчүүд маань цөм л төрийн албанд зүтгэдэг, боловсрол мэдлэгээр хаана ч гологдохгүй бүгд л гадаадад сургууль соёл төгссөн” гэж гэргий Оюунбилэг нь өгүүлсэн.

Олон талтай бөх гэдэг шиг өнжиж буй айлын эзэн салбар бүрт нэртэй, мөртэй, туулсан гавьяа замналтай нэгэн. Москвагийн Баатар, “Монгол хурандаа”-гийн, “террорист”, зөвлөх, доктор, профессор гээд олон нэршил түүнийг дагалдана. Эл бүхний нэрийн хуудас болсон нь “Монгол хурандаа нийгэмлэг” яалт ч үгүй мөн. “Дэлхийд ноёлсон хурандаа цолыг Монголд хэн дуртай нь авдаг болсон. Хурандаа болохын тулд албан тушаалын наймаа хэрээс хэтэрч, нэр хүндээ алдан үнэ цэнэгүй болсон. Мөрдөс зүүсэн цэрэг армийнхныгаа нэгтэх, нэр хүндийг нь өсгөх, залуучуудыг эх орноо хайрлах үзлээр хүмүүжүүлэх зорилгоор тус нийгэмлэгийг байгуулсан”-аа хэлж байна. Найман боть ном гаргалаа. Танхим байгуулж бүх хурандаагийн нэрийг мөнхжүүллээ хэмээн эхлүүлсэн хийгээд хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байгаа нь илт. “Бүх салбарын хурандаа нарыг нэг дор зангидна гэдэг амаргүй. Хоёр хурандаа явахад л хоорондоо таардаггүй зовлонтой шүү дээ” гэж тэрээр наргиан болгож байсан ч нөгөөтэйгүүр бас үнэн билээ. “Чадалгүй, амиа аргацаасан хүн бусдыг муулдаг, бүр атаархаад сүйд болно, дэмжээд хамтраад амжилтанд хүрэх талаар тийм хүмүүсийн ухаан дутдаг гээд“Бусдын атаархлыг төрүүлдэггүй хүн ямар ч үнэгүй байдаг” гэсэн үгийг залуус та нар бас л бодох л зүйл гэж биднийгээ “хатгаад” авахаа мартсангүй.

Бидний яриа Туул голын хөвөөн дэх зуслангийн байранд нь ийн үргэлжилсээр. Хурандаа нийгэмлэгийн яриа аясаараа терроризмын холбоо руу шилжлээ. “Намайг чинь түүгээр яваа гайг нааш нь дуудлаа. Монголоос хамаагүй хол байгаа зүйл чамд хамаагүй. Ер нь тэгээд терроризмтай тэмцээд байгаа чинь хаана байгаа юм гэж зарим хүмүүс шүүмжилдэг, бас зарим нэг нь магтаж урамшуулдаг гэдгээ шударга хэлээд холбооныхоо түүхээс сөхсөн юм. Мань хүн Москвагийн Норд-Ост соёлын төв, Тулскийн метро, Тушинскийн нисэх буудлын талбай зэрэгт болсон террорист халдлагын хор уршиг хийгээд сэргээн босголтын явцтай газар дээр нь танилцжээ. Олон улсын терроризм зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх форумын ерөнхийлөгч, армийн генерал А.С.Куликовтой холбоотой байсны хувьд олон давхар бүслэлттэй халуун цэгт нэвтэрч байсан гэдэг. Терроризм бол хүн төрөлхтний хэдэн мянган жилд бүтээсэн соёлын түүхт өвийг хэдхэн минутын дотор үнсэн нурам болгох ийм л аюул. 2020 онд оргил үе нь гэж дэлхийн судлаачид хэлээд байгаа. Гол нөлөө нь шашин хоорондын болоод үндэстэн хоорондын мөргөлдөөн. Тэрхүү аюулаас Монгол Улс урьдчилан сэргийлэх учиртайг дуулгасныг уламжилъя. Терроризмын тухай олон ном бүтээл бичжээ. Дэлхийн 50 шахам оронд хөл алхсанаас терроризмын асуудлаар 20 гаруй оронд очиж, илтгэл тавьж хурал зөвлөгөөнд оролцсон байна.

Баатар хурандаа Хууль зүйн таван сайдын зөвлөх байсныг мэдэх хүмүүс нь мэднэ. Цэндийн Нямдорж сайдын үед зөвлөх болоход цэргийн хүрээнийхэн “Ар өврийн хаалгаар болчихов уу” хэмээн жиг жуг хийцгээж байж. Гэвч таван сайдын үед нэр төртэй ажилласнаар хэн бүхэн хэлэх үггүй болсон гэнэ. Элчин сайдын яам, цэргийн сургууль, хууль зүй, батлан хамгаалах салбар, Засгийн газрын хэмжээнд бүхий л насаараа шаргуу зүтгэсэн тэрээр улс орныхоо хөгжил дэвшил, нийгэм эдийн засагт ихээхэн санаа зовниж явдгаа дуулгаж, тодорхой зүйлүүд дээр өөрийн бодлыг хэлсэн юм. “Монголд өнөөдөр “зөвлөх” гэдэг туйлын хариуцлагатай алба байр сууриа олж чадаагүй. Тухайн салбартаа хамгийн нэр хүндтэй, мэдлэг чадвар, дадлага туршлагатай хүнийг зөвлөхөөр авах ёстой юм. Гэвч манай дарга сайдууд танил тал, нам эвсэл, садан төрлөө зөвлөхөөр авч, тэд нь зөөлөн сэнтийд заларсан хариуцлага хүлээдэггүй, нэг л том эрх мэдэлтэй хүмүүс байдаг. Хийдэг ажил нь даргадаа зөвлөх биш, даргынхаа аяыг дагаж толгой дохих. Гаргаж байгаа шийдвэр нь дандаа төгс биш. Уг нь зөвлөх хүн салбарынхаа хэмжээнд болж буй аливаа асуудлыг даргаасаа өмнө урьдчилан мэдэж, шалтаг шалтгааныг нь судлаад засаж залруулах арга замыг судалж, ажил хэрэгчээр санал дэвшүүлэх учиртай. Гэтэл өнөөгийн нөхцөл байдлыг харахад улс орны хөгжил байдал яаж урагшлах нь бүрхэг байна” гэх нь аргагүй л туршлагатай хүний үг. Таван сайдын зөвлөх байсан хүн зөвлөхийн тухай ингэж хэлээд төр засгийн өнөөгийн өнгө төрхийг тэр чигээр нь тодорхойлчихов. Их эзэн хаан маань “Өвгөд, өтгөс ч хувийн төлөө бус төрийн төлөө байнга зөвлөж байхтун” гэснийг сануулахад илүүдэхгүй биз гэлээ. Мөн эдийн засгийн форумыг ямар ч үр дүнгүйд нь харамсдагаа илэрхийлсэн. “Эдийн засгийн хамгийн гол зүйлээ форумын үед оновчтой бэлтгэл сайтай судалгаа тооцоотой авч хэлэлцэхгүй зүгээр л алба өнгөрөөсөн маягтай хийх юм. Гарсан шийдэл гэж байхгүй. Жил бүр хийдэг хэрнээ өмнөх жилүүдийнхээ алдаа оноог хэлэлцдэггүй. Нөгөө л өмнөх байдлаараа ёс юм шиг төрийн өндөрлөгүүд ээлж дараалан үг хэлж бас л байнга оролцдог хэдэн нөхөд зовлон жаргалаа улиг болтол ярина. Гадны хөрөнгө оруулалтыг татна гэх. Ямар салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй нь тодорхойгүй, нэгдсэн бодлогогүй” гэж үнэнийг хэлэхэд шүүмжлэл байгаа оновол засаж залруулж болно доо гэсэн бодол тээж суулаа. Түүний шавь нараас УИХ-ын гишүүн долоо, яам агентлагийн дарга, сайдууд арав, генерал цолтон найм, эрдэмтэд 20 гаруй төрөн гарчээ.

“Эдийн засгийн чөлөөт бүсийн тухай та бас байр сууриа илэрхийлдэг хүн дээ” гэж сүрхий ёворч асуусан нь дарин дээр давс нэмэв гэгчээр болов. “Чөлөөт бүс байгуулна гэж 15 жил ярьсан. Захиргааны зардал, дэд бүтцэд өнгөрсөн хугацаанд 170 тэрбум төгрөг зарсан. Гэвч үр дүн нь гурван хоосон хашаа, 100 гаруй хүн ажлаа хүлээсэн байдалтай байна. Алтанбулагийн чөлөөт бүс ашиглалтад орсон гэхээр нь би саяхан очиж үзээд харамслаа. Тэнд тав, зургаан ТҮЦ архи л зарж байна. “Архи зарах чөлөөт худалдааны бүс” гэж хэлж болохоор. Гэхдээ тэдний буруу биш. Алтанбулагийн чөлөөт бүсийг жинхэнэ утгаар нь явуулъя гэвэл тухайн иргэдээс төр засаг газрыг нь дахин худалдан авах шаардлага гарна. Тэр хүмүүс санаанд орсон үнээ хэлэх нь мэдээж. Ийм л дампуу байдал үүсчихээд байна” гэж бухимдлаа. “Чөлөөт бүсийг гадны хөрөнгө оруулагчид дотоодын хөрөнгө оруулагчидтай хоршиж байгуулдаг. Миний бие чөлөөт бүсийг хариуцсан дарга нь байгаагүй ч асуудалд эхнээс нь санаа тавьж оролцсон. Америк, Канад, Япон, Солонгосын мэргэжилтнүүдийг авчирч Замын-Үүдийн чөлөөт бүс дээр ажиллуулж байсан. Гэвч төр засаг миний саналыг дэмжээгүй. Харин саяхан ажлын хэсэг хуралдахад оролцлоо. “Чөлөөт бүсийг бид одоо л байгуулахгүй бол хэзээ ч байгуулж чадахгүй. Энэ Засгийн өнгөн дээр байгуулъя” гэсэн маш зүйтэй саналыг Шадар сайд Ө.Энхтүвшин гаргасан. Замын-Үүдийг нээе гэвэл зүгээр л хоосон хашаа нээх үү. Чөлөөт бүс гэдэгт үйлдвэр, үйлчилгээ, худалдаа, соёл шинжлэх ухааны төв гээд бүх зүйл цогцоороо товчхон хэлэхэд тэр улсын нүүр царай байх ёстой. Улсын хил чөлөөт бүсийн хооронд завсрын бүс үлдээж коридор гаргах тухай яригдана билээ. Миний бодлоор тэр ёстой болохгүй, хожим бас нэг хэрүүлийн бай болно. Хил дамнасан чөлөөт бүс гэдэг чинь хилдээ шууд тулгах тэгээд ч олон улсын шинж чанартай бүтээн байгуулалт. Монгол Улс дэлхийд данстай тусгаар улс атлаа яагаад урд хойд хил, хаалга үүдээ өөд нь татаж чадахгүй байна. Өөдлөх айл үүднээсээ гэдэг, одоо анхаарах цаг болсон. Манай улсын нүүр царай энэ хоёр газраас л эхэлнэ. Өнгөрсөн оны сүүлчээр чөлөөт бүсийг хэрхэн байгуулж болох талаар саналаа Ерөнхий сайд, Шадар сайд, Гадаад харилцаа, Барилга хот байгуулалт, Зам тээврийн сайдууд, нэр бүхий 10 гишүүнд хүргүүлсэн ч Ш.Раднаасэд, Н.Учрал нар л ач холбогдол өгсөн. Би өмнө нь 2009-2010 онуудад авто зам, төмөр замыг хоёр урсгалтай болгоё, Ази Европ тивийг холбосон асар том боломж нээгдэнэ гэж хэлээд тухайн үеийн засгийн хуралдаанаас “Чи ямар илүү юм ярьдаг нөхөр вэ, ганцыгаа барьж байгуулж дөнгөхгүй байхад” гэж загнуулж байсан удаатай. Гэтэл өнөөдөр эдийн засагчид авто зам, төмөр замыг хоёр урсгалтай болгох талаар ярьж байна” хэмээн жинхэнэ судалгаа тооцоог нь нарийн нягт хийсэн хүний үгээр тодорхой гэгч хариулт өглөө.

Хурандаагийн номын өрөө, бэлэг дурсгалын зүйл ханаар нь дүүрсэн гоёмсог танхимд бидний яриа ийм л албаны маягтай үргэлжилсэн. Номын тавиур дээрх өөрийнх нь бичсэн бүтээлтэй танилцахад, мэргэжлийн болон дурсамж дурдатгал хэлбэрээр арав гаруй бүтээл мөн “Заяа төөрөг” гэж хоёр ангит кино хүртэл бичээд шуугиулжээ. Мэргэжлийн чиглэлийн ном, гарын авлага нь их дээд сургуулиудад сурах бичгийн журмаар хэрэглэгддэгийг дуулгаад “За баахан ярилаа. Одоо хоол унд иднэ байгаа. Би чинь нэг сэдэв хөндөхөөрөө олон талаас нь ярьж, үр дүн гаргаж байж санаа амардаг хүн” гэж инээвхийлээд гал тогоондоо урьсан юм. Хоол болохын өмнө тэрээр нэг давхрын зочны өрөөн дэх төгөлдөр хуурын ард суугаад төрийн шагналт Цэгмидийн Намсрайжавын зууны манлай “Халуун элгэн нутаг”-ийн аялгууг дарж үзүүлэв. Тэгснээ “Алтан наран хэвийх зүгт Алтай сайхан нутаг минь бий” гэх Гэрэлт-Одын дуулдаг “Элс цас”-ын Шажинбат гуайн шүлэг сайхан дууг тоглолоо. Мөн “Ус мөрөн олон чиг”гээд хүчирхэг дуунуудын эзэн Пүрэвжавын Ганбат гавьяатыг Нямдорж сайдын захиснаар Свердловскийн театрт байхад нь Маринскийн театрт оруулах ажлыг хийжээ. Нутгийнхаа том Жагаа, Энхбат, дөчин хэдэн жил нөхөрлөж байгаа Нанзадын Чулуунхүү гээд урлагийнхантай найзууд ажээ. Гэргийнх нь хоолыг амтархан идэнгээ “Гэр бүлийн найзууд гэвэл хэн хэн байна аа” гэхэд бодлогошироод “Тэр чинь хэцүү дээ. Хичнээн олон хүний нэр хэлэх болно. Заримыг нь үлдээж гомдоож ч мэднэ” гээд Москвад ажиллаж амьдарч байсан нөхөд гээд Батдорж, Цэнд-Аюуш, Лүндэн, Цээсүрэн, Аюуш гээд хөврүүллээ. Ардын эмч Б.Батчулуун, “Их засаг”-ийн Н.Ням-Осор, ардын багш Ж.Дүгэр, Л.Ариунболд, Ч.Амарбаатар нарын дотно нөхдөө хэлснээ Хууль зүйн фракцийнхан гэж тодотгоод Д.Одбаяр, Г.Баясгалан, Д.Батжаргал, Ш.Сүхбаатар, С.Алтанхишиг болон А.Дамбадаржаа хурандаа нарыг нэрлэсэн. Би чинь шавь нартайгаа ч найз хүн гээд Я.Чойжамц генерал, Д.Баярхүү, С.Баясгалан, Х.Батсайхан, Б.Даваахүү, С.Хүрэлбаатар гээд хичнээн ч хүний нэр дурдсан гэж санана.

Олон зүйл дээр анхдагчийн алдрыг хүртсэн тэр ерээд оны эхээр өндөр их Алтайгаа зорьж ирээд “Алтай сан”-г байгуулж хөх харчуудаа нэгтсэн гавьяатай. Монголд нутгийн зөвлөлийг Баатар байгуулсан гэдэг нь ийм учиртай. Мөн “Алтайн оюуны хөгжил” ассоциацийг олон жил удирдсан.

Монголын хөгжил дорой буурай байгаагийн нэг гол үзүүлэлт нь ахмадуудаа үл хүндэтгэснээс болсон. Гадаадынхан ахмадуудтайгаа хэрхэн харилцаж байгаад суралцах л хэрэгтэй. Хуучин цагт партизанууд, 1939, 1945 оны дайчид, баатрууд, хөдөлмөрийн сайчууд хичнээн нэр хүндтэй, тэдний үг сургаал үнэтэй байв. Ардчиллын энэ нийгэмд ахмад залуу үеийн алтан холбоо тасарсан. Аймаг сум, нам эвслээрээ талцсан энэ хуваагдал улс орны хөгжлийг улам хойш чангаана, бид нэг тугийн дор жагсаж байхдаа мандсан түүхтэй. Ерөнхийлөгчийн засаглалтай болж нэг далбаан дор нэгдмээр байна. Чингис хаан шиг хүн энэ орныг удирдахад босоод ирнэ.“Нутгархах, элдэв бүлгэрхэх байдал гаргах нь эв эеийг сарниулахад хүргэдэг аюулд дагуулдаг” гэж эзэн хаан хэлснийг санууштай гэв. Х.Баттулга Ерөнхийлөгч, У.Хүрэлсүх сайд болон Ж.Энхбаяр, Н.Учрал, Н.Энхболд, С.Эрдэнэ, Ц.Нямдорж, Ш.Раднаасэд, Ж.Батзандан, З.Нарантуяа, Б.Саранчимэг, С.Бямбацогт, Б.Баттөмөр нарын гишүүдийг нэр цохож ирээд “Ард түмэн ам сайтай байгаа” хүмүүс гэж тодотгоно билээ. Ярилцаж суухад хичнээн ч хүнтэй утсаар ярив. Батлан хамгаалахын их сургууль, Хууль сахиулахын их сургуулийн эрдмийн зөвлөл, Улаанбаатар Дулаан түгээх сүлжээ, Багануурын цахилгаан түгээх компаниудын ТУЗ-ийн гишүүн. “Их засаг” олон улсын их сургуулийн ректорын зөвлөх.Саяхан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орон тооны бус шинжээчээр томилогджээ. Энэтхэгийн суут их Махатама Гандийн “Өчигдөр бол сургамж, өнөөдөр бол боломж, маргааш бол бэлэг” гэдэг сургаалийг ямагт санаж аливаад өөдрөгөөр ханддаг тэрээр эдүгээ далан насны босго руу дөхөж яваа ч цэргийн хүмүүний цог жавхаа төгс нэгэн. “Сайхан сэтгэл бол хэлгүй хүмүүс ярьж чаддаг, дүлий хүмүүс сонсож чаддаг хэл билээ” хэмээдэг нь үүнтэй холбоотой биз ээ. АНУ-ын Кентуки мужийн “Хүндэт хурандаа” өргөмжлөлт эл эрхмийг “Ерөнхий цэргийн мэргэжлийн загалмайлсан эцэг” гэгддэг. Энэхүү тодорхойлолт хүндэтгэл нь зүгээр нэг хоосон магтаал төдий биш гэдгийг түүний он жилүүд ажил амьдралын түүх гэрчилнэм буюу.


Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди бараалхлаа

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд анх удаагаа ШХАБ-ын гишүүн орны хувиар оролцож байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

БНЭУ-тай хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэхийн зэрэгцээ тус улстай кино урлаг, спортын салбарт хамтран ажиллах боломжтойг онцлов.

Мөн улс хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд иргэд хоорондын харилцаа ихээхэн чухал байдагт талууд санал нэгдсэн юм.

Уулзалтын төгсгөлд БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНЭУ-д зочилно гэж найдаж байгаагаа илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга БНКУ-ын Ерөнхийлөгч Н.А.Назарбаевтай уулзлаа

БНХАУ-ын Чиндао хотноо болж байгаа ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаевтай Олон улсын хурлын төвд уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаевт удахгүй болох төрсөн өдрийн баярын мэнд дэвшүүлээд Астана хотыг шинээр бүтээн байгуулсан их ажлыг нь сайшаан үнэлж байгаагаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев газар нутаг ойрхон хэрнээ хоёр улсын эдийн засгийн харилцаа ихээхэн чамлалттай байгааг дурдаад цаашид энэ чиглэлийн харилцааг өргөжүүлэхийг эрмэлзэж байгаагаа илэрхийлэв.

Хоёр улсын төрийн тэргүүнүүд энэ чиглэлийн харилцааг хөгжүүлэхэд эрчимтэй, бодитой ажил хийх талаар санал солилцов. Тухайлбал, хонины махны хэрэглээ ихтэй орнууд руу мах экспортлоход хоёр улс хамтран ажиллах боломжтой талаар санал нэгдэв.

Уулзалтын төгсгөлд Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өөрийн орондоо айлчлахыг урилаа.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар албан ёсны уулзалт хийлээ

БНХАУ-ын Чиндао хотноо болж байгаа ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны үндсэн арга хэмжээний төгсгөл болгож Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгааг онцлоод хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч байгаагаа илэрхийллээ. Мөн БНХАУ-ын авлигатай тэмцэх, ядуурлыг бууруулах туршлагыг анхааралтай ажиглаж байдгаа хэлсэн юм.

БНХАУ-ын дарга Си Жиньпин хоёр улсын уламжлалт найрсаг харилцаанд шинэ боломжууд нээгдэж байгаа цаг үе хэмээн онцлоод Монгол Улсын язгуур эрх ашгийг ямагт хүндэтгэнэ гэдгээ хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа харилцан ашигтай хөгжүүлэх чиглэлээр тодорхой саналууд тавьсныг БНХАУ-ын дарга Си Жиньпин найрсгаар хүлээн авч хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв. Тухайлбал, дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 95 хувийг бүрдүүлдэг Монгол, БНХАУ хамтран ажиллах боломж, шүлхий өвчингүй, стандартын шаардлага хангасан махыг Монголоос БНХАУ руу экспортлоход нээлттэй, мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа гурил нийлүүлэх, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах гэх мэт олон боломж байгаа тухай талууд ярилцлаа.

Мөн БНХАУ-ын дарга Си Жиньпин ирэх онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг тааламжтай үедээ БНХАУ-д төрийн айлчлал хийхийг албан ёсоор урьж, цаашид тогтмол харилцаа холбоотой хамтран ажиллахаа илэрхийлэв. Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт илэн далангүй найрсгаар үргэлжилж, хөрш орнуудын хамтран ажиллах олон боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцож ярилцсан юм.

Categories
мэдээ нийгэм

​Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд нэгдсэн шалгалт хийж байна

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй автобус, троллейбусны цэвэрлэгээ, өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдалд Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар удирдамжийн дагуу зургадугаар сарын 06-наас эхлэн хяналт, шалгалтыг автобусны эцсийн зогсоолууд болон шугам замд хийж байна.

Шалгалтын эхний өдрүүдэд 574 тээврийн хэрэгсэл хамрагдаж мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй 6, ажлын хувцасгүй 19, тээврийн хэрэгслийн гэрэл дохиогүй 33, суудлын бүрээс бохир болон дутуу 41, чиглэлийн хойд болон хажуу хаяггүй 26, гадна цэвэрлэгээ хийгдээгүй 36, дотор цэвэрлэгээ хийгдээгүй 191, бусад 18 зэрэг нийт 370 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулах улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна.

Уг нэгдсэн шалгалт нь Үндэсний Их баяр наадам өнгөртөл үргэлжилнэ.

Нийтийн тээврийн үйлчилгээнд нэгдсэн шалгалт хийж байна