Categories
мэдээ нийгэм

Насанд хүрэгчдийн дийлэнх хувь нь Д аминдэмийн дутагдалтай байна

“Хүн амын хоол тэжээл хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал сайжруулах арга зам” хамтрагч талуудын уулзалтад төрийн болон төрийн бус байгууллага МУ-д үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын төрөлжсөн байгууллагын төлөөллүүд оролцож байна.

“Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгааны түүвэрт сонгогдсон 5 хүртэлх насны хүүхэдтэй 2250 өрхөөс 2249 нь судалгаанд хамрагджээ.

Хоол тэжээлийн үндэсний V судалгаагаар хүүхэд эмэгтэйчүүдийн дунд аминдэм, эрдсийн дутлын тархалт түгээмэл хэвээр байна. Түрүү оны үндэсний IV судалгааны түвшингээс буураагүй байгааг тогтоожээ. Мөн илүүдэл жин таргалалтын тархалт нь бүс нутаг амьжиргааны түвшинг үл харгалзан бүх насны хүн ам ялангуяа насанд хүрэгчдийн дунд маш өндөр нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоосон байна.

Мөн Д аминдэмийн хангамжын түвшин туйлын хангалтгүй байгаа аж. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 5 хүртэлх насны хүүхдийн 90 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95 хувь, эрэгтэйчүүдийн 82 хувь нь Д аминдэмийн дутагдалтай байгааг тогтоосон байна. Д аминдэм нь өөхлөг загас, загасны элэгний тос, өндөгний шар уураг, үхрийн элэг зэрэг цөөн тооны хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг. Нарын гэрлийн хэт ягаан туяаны нөлөөгөөр хүний арьсан дор нийлэгждэг байна. Д аминдэм дутал нь ясны өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж, хүүхдийн өсөлт хоцрох, насанд хүрэгчдийн яс сийрэгжихэд хүргэдэг байна. Сүүлийн үеийн судалгаагаар Д аминдэмийн хангамж зохистой түвшинд байх нь зүрхний шигдээсээр өвчлөх, зүрхний өвчний улмаас нас барах эрсдэлийг бууруулдаг болохыг нотолжээ.

Categories
мэдээ нийгэм

Аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулах үүрэг өгчээ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Сарын хугацаанд хоол үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 252 иргэн, 741 аж ахуй нэгжид эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын хяналт, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр 150 улсын /ахлах/ байцаагч хяналт тавин ажиллаж, нийт 368 зөрчил илрүүлснээс 297 зөрчлийг газар дээр нь арилгуулсан. Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулах 12 зуслангийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн 77 заалт бүхий 10 албан шаардлагаар хугацаатай үүрэг өглөө. Зуслангуудын ундны уснаас дээж авч Төв лабораторит хими, нян судлалын шинжилгээнд хамруулахад Монгол Улсад мөрдөгдөх “Ундны ус“ Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ стандартын шаардлагыг хангаж байна. Төвийн зургаан дүүрэгт баригдаж буй барилгуудын хөдөлмөр аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, нийт 408 зөрчил илрүүлж, газар дээр нь 210 зөрчлийг арилгуулж, 15 ААНБ-д 16.5сая төгрөгийн торгууль ногдуулан барагдуулсан. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар 39 ААНБ-д улсын /ахлах/ байцаагчийн 198 заалттай албан шаардлага хүргүүлж биелэлт 74 хувьтай байна” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Төсвийн орлогын төлөвлөгөөг тасалдуулсан Нийслэлийн Татварын газар болон бусад байгууллагууд орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, орлогын тасалдлыг энэ сардаа багтаан нөхөн төвлөрүүлэх шаардлагатай байна” гээд “Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх барилга, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг улирлын шинж чанартай төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, удаашралтай байгаа ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах, Инженер, хангамжийн байгууллагууд энэ онд хөрөнгө оруулалт, болон урсгал засвараар хийгдэж байгаа барилга, зам, шугам, сүлжээний ажлуудаа графикт хугацаанд хийж гүйцэтгэх, засварын ажлуудын талаар иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж, Захирагчийн ажлын албанаас гүйцэтгэлд тогтмол хяналт тавих, зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлж, машрут, чиглэл, цагийн хуваарийг тодорхой гаргах, иргэд, олон нийтэд хэвлэл мэдээллийн байгууллагуудаар мэдээлэх, зуслангийн чиглэл болон засварын ажлын хүрээнд хаагдаж байгаа авто замуудын хөдөлгөөний аюулгүй байдлын зохицуулалтыг сайтар хийж ажиллах, нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж дуусаагүй байгаа болон баригдаагүй зогссон барилгын нарийвчилсан судалгааг гаргаж нийслэлийн удирдлагуудад танилцуулах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цэргүүд тангараг өргөлөө

85 жилийн буурал түүхтэй, Хил хамгаалах байгууллагын таван удаагийн аварга, “Цэргийн гавьяаны одон”-т Хилийн цэргийн 0131-р ангийн хугацаат цэргүүд тангараг өргөлөө. Энэ жил Өвөрхангай, Дархан уул аймгаас цэргүүд татагдан ирснээрээ онцлог ажээ. 2017 оны Монгол улсын шилдэг аймаг Өмнөговь, Хилийн цэргийн 0131-р ангид алба хаахаар 90 гаруй цэрэг тангараг өргөв.

Цэргийн тангаргийн баярт үе үеийн ахмад хилчид дайчид, аймаг орон нутгийн удирдлага, аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, Өвөрхангай, Дархан уул аймгаас эцэг эхчүүд хүрэлцэн ирсэн байлаа. Өмнөговь аймаг нь энэ жил 200 орчим сая төгрөгөөр хил хамгаалах салбартаа хөрөнгө оруулж, автомашин, мотоцикль унааны асуудлыг шийдэж өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Албан бичгийг 86 хувьтай шийдвэрлэж байна

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэд, албан байгууллагаас ирж буй албан бичиг, санал, хүсэлт, өргөдөл, гомдолыг холбогдох албан тушаалтан болон хэлтэс албадад танилцуулан шилжүүлж ажиллаж байна.

Тухайлбал 2018 оны зургадугаар сарын 4-ний өдрөөс зургадугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд ирсэн нийт 72 өргөдөл гомдол, 118 албан бичгийг холбогдох албаны хүмүүст танилцуулан шийдвэрлэлтийн үйл явцад заавар зөвлөгөө өгч, хяналт тавин ажиллаж байна.

Энэ хугацаанд иргэдээс ирсэн эдгээр өргөдөл, хүсэлтийн 38 буюу 53 хувийг хугацаанд нь шийдвэрлэсэн бол шийдвэрлэх шатандаа 34 өргөдөл, бүртгэгдээд байна. Мөн 118 албан бичгийн 22 нь хариутай албан бичиг байгаа бөгөөд 86 хувьтай шийдвэрлэж байна.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүргийн Зөвлөлдөх санал асуулга явагдаж байна

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 159-р тушаал, Нийслэлийн Засаг даргын 2018 оны тавдугаар сарын 21-ний өдрийн А/462 дугаар захирамжаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа хууль бус нүүрс олборлолт, түүнээс иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгууллаа.

Зөвлөлдөх санал асуулга бол ардчилсан тогтолцооны дэвшилтэт хувилбар бөгөөд тухайн нэг асуудлын шийдлийг тухайн нутаг дэвсгэрийн ард иргэдийн саналд үндэслэн шийдвэрлэх явдал юм.

Налайхын Зөвлөлдөх санал асуулгын эхний шатны хэлэлцүүлэгт тус дүүргийн 940 өрх хамрагдсан. Эхний шатны хэлэлцүүлэгт оролцсон 940 өрхийн гишүүнээс 2018 оны зургадугаар сарын 08-11-ний өдрүүдэд Нийслэлийн Статистикийн Газрын мэргэжилтэн, судлаачид биечлэн очиж судалгаа авав. Налайхын Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны хэлэлцүүлэгт эхний шатны санал асуулгад оролцсон 940 өрхөөс оролцох хүсэлтээ илэрхийлсэн 470 өрхийн төлөөлөл оролцох юм гэж нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 24156 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 1598, зөрчлийн шинжтэй 18482, зам тээврийн 4075 дуудлага мэдээлэл байна. Гэмт хэргийн шинжтэй нийт дуудлага, мэдээлэл 87, хулгайлах гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл 54 нэгжээр тус тус буурсан байна. “Аз жаргалтай хот”, “Эргүүл дэд” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын оюутны холбоотой хамтран оюутан залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдэнд аялал жуулчлал, соёлын үйлчилгээний мэдээлэл түгээх зорилгоор 40 оюутанг сонгон шалгаруулж “Оюутан цагдаа-2018” арга хэмжээг энэ оны зургаадугаар сарын нэгний өдрөөс эхлүүлээд байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2746 дуудлага мэдээлэл хүлээн авч 815 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэж, хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 128 бүртгэгдсэн байна. Өнгөрсөн оны мөн үед хүний амь нас, эрүүл мэнд хохирсон осол 135 бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 128 бүртгэгдэж 5.2 хувиар буурсан дүнтэй байна” гэж Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөнийг зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батболд мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө 22-24 хэм, шөнөдөө 11-13 хэм дулаан, салхины хурд 7-8 м/с байх төлөвтэй байна. Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 147 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 134, аврах ажиллагааны 13 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр, техникийн холбогдолтой ослоос 23 иргэний амь бие, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 810 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Баавгайт уулын Шарлангийн гол гэдэг газар гарсан ойн түймрийн голомтод нийслэлийн Онцгой байдлын газраас 71 албан хаагч, 6 автомашинтайгаар тавдугаар сарын 19-ний өдрөөс одоог хүртэл гал түймрийг цурманд нь оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын А/520 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туул гол дагуу амарч, аялал зугаалгаар явж байгаа иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр, нийслэлийн Цагдаагийн газартай хамтран зохион байгуулдаг “завьт эргүүл” нэгдсэн арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлээд байна” гэж танилцуулав.

Categories
мэдээ нийгэм

Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр мэдээлэл хийв

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга нар мэдээлэл хийж байгаа юм. Өнөөдрийн хуралдаанд Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр мэдээлэл хийв. Тэрбээр дүүргийн төсөв, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашид шийдвэрлүүлэх асуудлаа танилцууллаа.

Багахангай дүүрэг нь Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Багануур чиглэлийн төмөр замын зангилаа болон Улаанбаатар-Замын-Үүдийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг хэсэг дээр оршдог 29 жилийн түүхтэй дүүрэг юм. Засаг дарга С.Эрдэнэбаяр танилцуулгадаа “Манай дүүргээс Засгийн газрын болон нийслэлийн бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чанартай хүргэхийг зорин ажиллаж ирлээ. Иргэд төрийн байгууллагын үйлчилгээнээс алслагдмал, мэдээ мэдээллийг тухай бүрт нь авч чаддаггүй, төрийн үйлчилгээнд хамрагдах боломж хязгаарлагдмал байдгаас шалтгаалан, “Засаг даргын явуулын өрөө” үйлчилгээг 1997 оноос үзүүлж эхэлсэн. Энэхүү явуулын үйлчилгээгээр 2018 оны эхний хагас жилийн байдлаар долоон төрлийн үйлчилгээг 64 өрхийн 192 иргэнд хүргэж, 26 иргэний гаргасан 45 санал хүсэлтийг хүлээн авч үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна. Мөн манай дүүрэг “Иргэн таныг сонсьё” уулзалтыг зорилтот бүлгүүдийн дунд зохион байгуулж хэвшсэн. 2018 оны эхний хагас жилийн байдлаар уг уулзалтад 327 иргэн хамрагдаж, тэдний гаргасан нийт саналын 90.2 хувийг бүрэн шийдвэрлэж ажиллажээ. Монголын хэт холын марафон гүйлтийн холбоотой хамтран “Багахангай Марафон” улсын аварга шалгаруулах тэмцээнийг долоо дахь жилдээ уламжлал болгон тавдугаар сарын 31-ний өдөр зохион байгуулсан. Тэмцээнд 12 аймаг, найман дүүрэг, зургаан клуб, таван спорт хороо, 21 байгууллагын 800 гаруй тамирчин оролцлоо” гэв.

Засаг дарга С.Эрдэнэбаяр дүүрэгт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлуудын явц, хэрэгжилтийг танилцуулаад зарим ажилд нийслэлээс анхаарч өгөхийг хүссэн юм. Дүүрэгт баригдаж буй “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн барилгын ажил, Багахангай мах боловсруулах НӨҮГ-ын байнгын үйл ажиллагааг сэргээх, Дүүргийн нэгдүгээр хорооны 129 айлын орон сууцыг дүүргийн мэдэлд шилжүүлэн ашиглалтанд оруулан байр орон сууцны хэрэгцээ шаардлага бий болоод байгаа төрийн албан хаагчид болон залуу боловсон хүчинг орон байраар хангах боломж бүрдүүлэх зэрэг хэд хэдэн саналаа нийслэлийн удирдлагуудад танилцууллаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Ардчилал дэмий гэж үү

1980-аад оны сүүлээр Зүүн Европын социалист улсуудын задрал, ЗХУ-ын задралын дараа монголчууд ардчилалд тайван замаар шилжсэн. Энэ цагаас хойш 28 жил өнгөрчээ. Мэдээж өөр нийгэмд шилжсэнээс хойших он жилүүдэд алдаа, онооны аль аль нь л байсан. Гэвч Монголын ард түмэн ардчиллын замд тууштай орсон нь яалт ч үгүй зөв зам байв. Ардчилал бол эрх чөлөө юм. Яг л амьсгалах агаар мэт. Өнгөрсөн он жилүүдэд бид олон буруу сонголт хийж, алдаа гаргаж байсан ч хамгийн том ололт, хамгийн том брэнд маань ардчилал болсон юм. Дэлхий бидэнтэй ардчилсан орон гэдгээр нь харьцах болсон. Тэр хэмжээгээрээ ч хоёр том гүрний дунд мөртлөө дэлхийтэй харьцаж чаддаг.

Ардчиллын буян мөн ч их шүү. Ямар их боломжуудыг бидэнд өглөө. Черчилийн хэлснээр “…Хүн төрөлхтөн үүнээс илүү засаглалыг олоогүй байна”. Ардчиллаар бидэнд юу ирсэн билээ. Адаглаад хүн бүр гадаад паспорттай болж. Хоёр хөршөөсөө цааш улстай гэдгийг мэдэж, хүссэн цагтаа зорчдог болсон. Хуучин цагт бол хөрөнгөтний гэгдэх нийгэмд хөл тавьсан хүн бол нэг хэсэгтээ орчин тойрныхондоо хардагдана. Араасаа До яамны дагуултай л тууж явах байсан биз. Аягүй бол нэг эвгүй гишгэвэл ажил амьдралаараа хохироод, хэлмэгдээд дуусах байсан даа. Ардчиллын буянаар дэлхий бидэнд үүд хаалгаа нээсэн юм шүү. Байр, малаа хувьчилж авсан, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж, хэвлэн нийтлэх эрхтэй болж. Бизнес эрхэлж, малаа хувьчилж авлаа, мянгат малчин тоогоо алдаа биз дээ. Тэр ч бүү хэл малаа маллаж дийлэхээ байгаад туслах мачинтай болцгоосон нь олон. Хаа сайгүй хүссэн наймаагаа хийж байгаа. Ардчилал бидэнд дэлхийтэй хөл нийлүүлэх боломж олгосон. Хувь хүний чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Хүссэнээрээ дарга даамлыг шүүмжилж байна. Шүүмжлэх эрх чөлөөг бол монголчууд хэнээс ч илүү эдэлж байгаа.

Социализмыг үзээгүй хүүхэд залуус ямар байсныг сайн мэдэхгүй. Харин хоёр нийгэмд амьдарч үзсэн ахмадууд бол хуучин цагийн хэцүү бэрхийг мэдэхийн дээдээр мэднэ. Гэвч хуучнаа санагалзаж, шинэ бүхнийг муулж байгаа нь цөөнгүй байна. Шинэ үеийнхэн хавчигдаж, хэлмэгдэхийн хар гайг даанч мэдэхгүй. Үг хэлснийхээ төлөө хянуулж, цагдуулж яваагүй, бүгдээрээ шахам ижил хувцас өмсч, айл болгон адилхан хүнс хэрэглэж, үзэл бодлоод ураараа илэрхийлж яваа. Тэд нийтийн өмчтэй байсан үеийг ойлгох ч үгүй. Хүнд хэцүүг нь мэдэхгүй болохоор энэ цагийнхаа, одоо амьдарч байгаа нийгмийнхээ үнэ цэнийг төдийлөн сайн ялгаж мэддэггүй байж болох. Харин томцуулын хуучнаа санагалзсан үгийг өлгөж аваад одоо үеэ, ардчиллаа зүхэж байж мэднэ. Шинэ үеийн залуус 1990 онд улсын хэмжээнд хувийн гэх 50 машин л бүртгэлтэй байсныг мэдэхгүй. Энэ бүртгэл нь улсын нууцад хамаатай байсан гэвэл элэг нь хөших биз. Тэр үед хувийн орон сууцтай нэг ч хүн байгаагүй. Үйлээ үзэж өсгөх мал нь нэгдэл, нийтийн өмч байсан. Хувийн хэдхэн машин нь улсын хэдтэйгээ нийлээд ч зам дүүргэх биш, хотын зам цэлийнэ биз дээ. Тэр цаг сайхан байжээ гэж үглэх залуус өнөөдөр зам нь машинаа хүчрэхгүй байгаад уурсдаг. Тийм сайхан юм бол машингүй байгаад үз л дээ. Социализм өөрөө яаж ч хөдөлмөрлөөд баяждаггүй нийгэм. Тэгээд энэ бүхэн сайхан гэж үү. Өнөөдөр байгаа ардчилал дэмий гэж үү.

Бид ардчиллаар ирсэн эрх чөлөөгөө хэтрүүлж, түүнийхээ бурууг ардчилалд тохоод л сууж байдаг улс шүү дээ. Мэдээж илүү хөдөлмөрлөж, илүү хичээсэн нь сайхан амьдардаг нийгэм. Гэвч хамгийн гол нь ардчиллын хамгийн гол тунхаг нь хүний эрх эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх юм. Манай улс бусдаас удаан хөгжиж, магадгүй хүн амын тоотойгоо харьцуулахад дэндүү олон авлигачтай болсон. Иргэд нь өдөр бүр өөрсдийн сонгосон улстөрчдөө шүүмжилж суудаг. Гэхдээ л сайн ч, муу ч монголчууд бид хүний эрхээр зовоогүй, өөрийн эрхээр жаргаж байгаа.

Сүүлийн үед ардчилал шиг муу юмгүй болж. Байсхийгээд төлөвлөгөөт эдийн засгийн үед, тийм байсан, ийм байсан. Ардчилал мухардалд орсон, ардчиллынхны хар гайгаар бид ингэж байна, тэгж байна гэх зэргээр.

Хуучин цагийг хатуу хөтүүг мэдрээгүй, үзээ ч үгүй хүүхэд багачуудын ярихыг мэдэхгүйгээсээ болж гэж бодоод өнгөрье. Аль л өнгөтэй өөдтэй өрмийг нь хүртэж ардчиллын анхны жидүүдэд асар их хожсон, ашиг шимийг хүртэгсдээс ийм үгс хамгийн их унах юм. Тэр тусмаа Ардын намынхнаас ийм үг их гарч байна. Хүүхдийн мөнгө ярьсан ч хэдэн улстөрч нь ардчиллыг зүхэж, ардчиллын хэдэн анхдагчдад дэмжлэг үзүүлэх хууль санаачилахаар мөнөөх л ардчиллыг бүгд муулав. Ардчилсан намыг шүүмжлэхдээ Ардын намынхан ардчиллыг үзэн ядаад эхэлдэг. Хэрэг дээрээ будлиантай баяжиж хөлжсөн нөхөд ардчиллыг учиргүй их зүхэх юм. Гэнэт будлиантай баяжсанууд нь хэзээ нэг цагт яаж баяжсан нь баригдчих вий гэж яс нь хавталзаж суудаг биз. Та баян байгаа бол ямар замаар олсныг чинь эс дурдаад ардчиллын буянаар л ийм болсон хэрэг шүү дээ. Харин ардчиллыг муулаад байгаа нам нь дахин төр барих ийм нэг жижиг атгаг санаанаас болж ингэтлээ муулдаг. Саяхан чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн С.Жавхлан “Ардчилал гэдэг бол ардыг чилээж алагч гэсэн утгатай. Хэдэн залуус өлсөж гудамжинд өлсөж хэвтсэнээс болж өнөөдрийн Монгол 27, 28 жил өлслөө. Тэр бол хувьсгал биш үймээн байсан” гэж хэлэв. Үнэн хэрэгтээ ардчиллын буянаар л ингэж үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй болсноо бас санаж баймаар. Зүхэх муулах, шүүмжлэх эрх чөлөөг чинь, дураараа ярьж дунд чөмгөөрөө жиргэхийг чинь ардчилал л авчирсан юм шүү. Ардчиллын буянаар нэг намын тогтолцоотой үед хэлмэгдсэн та бүхний өвөө, аав, ах дүү хамаатан садан цагаадсан юм шүү. Ардчиллын буянаар лангуун дээрээс хүссэн хүнсээ авч идэх болсон. Ардчиллын буянаар интернэттэй болж, сошиалд хүслээрээ дураараа төр засгаа шүүмжилж суугаа шүү.

Ардчиллын буянаар сонгох эрхтэй болсон шүү, бид. Урьд нь бол намаас оруулж ирсэн хүнийг ярайтал сууж байгаад зуун хувь сонгодог байснаа больсон шүү. Дургүй хүндээ ч санал өгөхөөс өөр гарцгүй байсныг дуртайдаа саналаа өгч төлөөллөө сонгох эрхтэй болгосон шүү.

Нэг хэсэг нь ардчиллын нэр барьж луйвар булхай хийсэн. Тэрийгээ нуух гэж ардчиллыг буруутгах нь арга ядсан л хэрэг. Ардчилал бол манай тусгаар тогтнолын баталгаа. Дэлхийтэй харьцдаг бидний нэр нүүр. Ардчилал байхгүй бол тусгаар тогтнолоо алдана. Одоо бидэнд ухрах зам байхгүй болсон. Ардчилал үгүй бол чөлөөт хэвлэл гэж байхгүй. Чөлөөт хэвлэл байхгүй бол нэг дарангуйлагчтай орны гунигт хувь заяа угтана. Зарим хүн хэлэх байх л даа. Тэр, тэр улс орныг хар. Нэг удирдагчтай болоод улс нь ингэж хөгжиж байгаа гэх биз. Жигтэйхэн баян мэт харагдах зарим нэг оронд хүн нь гунигтай байдаг. Тэд хүссэнээрээ дарангуйлагчаа шүүмжилж чаддаггүй. Ийм байхад ардчилал дэмий гэж үү.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Тээврийн сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

ОХУ-ын шинээр байгуулагдсан Засгийн газарт Тээврийн сайдаар томилогдсонд нь Ерөнхий сайд баяр хүргээд “Монгол, Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв.

Хоёр орны хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.

Цаг гарган хүлээн авч уулзаж байгаад нь Монгол Улсын Ерөнхий сайдад ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих талархал илэрхийлэв. Тэрээр Ерөнхий сайдтай санал нэг байгаагаа хэлээд зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа хоёр орны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тэмдэглэлээ.

Цаашид төмөр замын дэд бүтэц барьж байгуулах, “УБТЗ” нийгэмлэгт өргөтгөл, шинэчлэл хийх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Компьютерийн үндсэн хэрэглээний программын сургалтыг 17 иргэн төгслөө

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн компьютерийн үндсэн хэрэглээний программын сургалтыг 17 иргэн амжилттай төгсөж, сертфикатаа гардан авлаа.

Энэхүү сургалтыг БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА”-гийн санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” сургалтын төвтэй хамтран зохион байгуулдаг бөгөөд компьютерийн үндсэн хэрэглээнээс гадна мэдээллийн технологийн чиглэлийн 7 төрлийн нарийн мэргэжлийн сургалтуудыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна.

Тус төв нь 72 компьютертой гурав сургалтын танхим, Инкубатор төвөөс бүрдэх бөгөөд 2017 оны гуравдугаар сараас хойш 1500 орчим залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр үнэ төлбөргүй сургаж, 20 иргэнийг инкубатор төвөөр дамжуулан бойжуулж, 45 залууг ажлын байранд холбож ажилласан юм. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.