Categories
мэдээ улс-төр

Чуулганы хуралдаанд оролцоогүй цагаас хамаарч гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нарын гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.

Улсын Их Хурлаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан бөгөөд энэ хугацаанд нийт 20 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Төсөл санаачлагчдын танилцуулснаар хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх шатны зохицуулалтуудыг илүү тодорхой болгох, гишүүн хэлэлцүүлгийн үеэр асуусан асуултдаа бүрэн хариулт аваагүй гэж үзвэл нэмэлт хугацаа хуралдаан даргалагчаас өгөх, хуралдаанд тайлбар хэлж, асуултад хариулж байгаа төрийн албан тушаалтны хариуцлагыг нэмэгдүүлэх, Байнгын хорооны хуралдаанд мэдээлэл сонсох асуудлыг журамлах зэрэг нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгажээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хуралдааны дэг зөрчиж, үг хэлэх эрхээ хасуулсан гишүүн дэгийг дахин зөрчвөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуралдааны танхимаас гаргахаар шийдвэрлэх, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлж байгаа гишүүнийг сануулах, сануулгыг зөрчвөл үг хэлэх хугацааг дуусгавар болгох, гишүүний хуралдаанд оролцсон ирцийг сар бүр олон нийтэд мэдээлж байх, хуралдаанд оролцоогүй цагийн хугацаанаас хамаарч гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож, эгүүлэн татах асуудлыг оруулах хариуцлагын заалтуудыг тусгасан байна.

Өөр нэг шинэ зүйл нь, хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал тавихад биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглахаар тусгажээ.

Хуулийн төслийг боловсруулах шатанд Улсын Бага Хурал, 1992 оноос одоог хүртэл хугацаанд ажиллаж байсан Улсын Их Хурлын гишүүдийн төлөөлөл, улс төр судлаач, эрдэмтэн, Төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг сайжруулах, гишүүний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх асуудлаар санал, хүсэлтийг сонсож, хуулийн төсөлд тусгаж ажилласан тухайгаа төсөл санаачлагчид онцлов.

Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа илүү боловсронгуй болж, хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэхэд тулгарч байсан асуудлууд шийдвэрлэгдэх үр дүн гарах, Улсын Их Хурлын гишүүний хариуцлага нэмэгдэх, олон нийт сонгосон төлөөлөгчийнхөө хуралд оролцсон байдал, ирцийн мэдээтэй танилцах, мэдээлэл авах боломж бүрдэж цаашлаад хууль тогтоомжийн чанар сайжрах, тогтвортой байхад сайнаар нөлөөлнө гэж үзэж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн мал аж ахуйн төлөөлөгчид Монголд чууллаа

“Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн найм дахь удаагийн уулзалт” Монгол Улсад анх удаа 2018 оны зургадугаар сарын 11-15-ны өдрүүдэд болж байна.

Уг уулзалтын ач холбогдол, хүлээгдэж буй үр дүн, зохион байгуулалтын талаар Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн дарга Фритц Шнайдер, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Жамбалцэрэн нар мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн наймдугаар уулзалтад даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн түнш 34 орны 120 гаруй төлөөлөгч, бүс нутгийн улсуудын Хөдөө аж ахуйн сайд нар, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага, холбогдох бусад албаныхан зэрэг 200 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байна.

Олон улсын хурлын Зочид, төлөөлөгчид “Тогтвортой хөгжил-нүүдлийн мал аж ахуй” сэдвийн дор таван өдрийн турш чуулах бөгөөд даян дэлхийн түвшинд, Берлиний ногоон долоо хоног болон НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн 23 дугаар их хурлаар тодорхойлсон зорилтуудыг хэрэгжүүлэхэд ДДМААХ-ийн оруулах хувь нэмрийн талаар хэлэлцэнэ. Бүс нутгийн болон үндэсний түвшинд, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад бэлчээрийн мал аж ахуйн оруулах хувь нэмэр, ач холбогдол, байгаль орчинд ээлтэй, өрсөлдөх чадвартай мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрнэ. Тодруулбал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж буй энэ цаг үед нүүдлийн болон бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд тулгарч буй сорилт, түүнийг даван туулах арга замын талаар нухацтай авч үзэх аж.

Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр нь мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2011 онд үүсгэн байгуулагдсан. Дэлхийн банк, НҮБ-ын ХХААБ, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллага, улс орнуудын Засгийн газар, Засгийн газар хоорондын байгууллага, хандивлагчид, иргэний нийгэм, сургалт, судалгааны институц зэрэг дэлхий даяар 104 гишүүн байгууллагатай.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад, ядуурлыг устгах, өлсгөлөнг зогсоох, эрүүл мэндийг дэмжих, эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байр бий болгох, хариуцлагатай хэрэглээг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, хуурай газрын экосистемийг хамгаалах, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зэрэг зорилт тусгагдсан байдаг. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд мал аж ахуйн салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь уг хөтөлбөрийн гол зорилго юм. Энэ ч үүднээс хүнсний болон тэжээлийн аюулгүй байдлыг хангах, малчид, фермерүүдийн амьжиргааг дэмжих, тэдэнд эдийн засгийн боломж олгох, байгалийн нөөцийг зохистой ашиглах дадалд сургахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна.

Дэлхийн мал аж ахуйн төлөөлөгчид Монголд чуулж байна

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн энх тайвны төлөөх галт бамбарыг Онцгой байдлын албаны тамирчид өртөөлж байна

Дэлхийн энхийн зүтгэлтэн Шри Чинмойн санаачилгаар улс түмнүүдийн найрамдал нөхөрлөл, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор дэлхий дахинаа галт бамбартай буухиа гүйлтийг анх 1987 оноос эхлэн зохион байгуулж ирсэн байна. Энэхүү гүйлтэд янз бүрийн үндэс угсаа, шашин шүтлэг, соёл уламжлалтай сая сая хүн нэгдэн оролцдог. Монгол Улс анх 1995 оноос эхлэн энхийн гүйлтийн галт бамбарыг хүлээн авч байжээ.

Шри Чинмой дэлхий ертөнц эв найрамдалтай байгаасай гэсэн мөрөөдлөө биелүүлэхийн тулд хамаг амьдралаа зориулж, 40 гаруй жилийн турш дэлхийн хэмжээнд урлаг, спорт, хүмүүнлэгийн үйлсээрээ дамжуулан янз бүрийн соёлын арга хэмжээг дэмжиж иржээ.

Шри Чинмой дэлхийн олон оронд нийгмийн бүх давхаргын хүмүүсийг хамардаг соёлын, хүмүүнлэгийн, хүний дотоод сэтгэлийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Дэлхийн энх тайван, хүмүүнлэгийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжих, энхийн гүйлтийг Монгол Улсын хэмжээнд үндсэн маршрутын дагуу зохион байгуулах, Онцгой байдлын албыг олон нийтэд сурталчлан таниулах ажиллагааг ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник-спортын хороо хариуцан ажиллаж байна. Энэ хүрээнд зохион байгуулсан энхийн гүйлт өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Бөхийн өргөө, Улаанбаатар төмөр замын Соёлын ордон, Саппоро, Геологийн төв лаборатори, 22-ын товчоо гэсэн маршрутаар зохион байгуулагдлаа. Энхийн гүйлтэд нийслэлийн Онцгой байдлын газрын 20 гаруй алба хаагч нэгдэн оролцож, галт бамбарыг өртөөлөн энхийн гүйлт зохион байгуулагчдад гардуулж өгсөн юм.

Зүүн ази, номхон далайн орнуудыг дайран өнгөрөх энэхүү галт бамбартай энхийн төлөө буухиа гүйлтийн 8-9 хүнтэй үндсэн шигшээ багийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Тэмүүжин, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Д.Ариунжаргал нар багтаж галт бамбарыг өртөөлж байгаагаараа онцлог юм.

Манай улс тавдугаар сарын 31, зургадугаар сарын нэгний өдөр БНХАУ-ын талаас галт бамбарыг хүлээж авсан. Энхийн төлөө буухиа гүйлт нийт 13 аймгийн 39 сумын 3000 орчим км замыг туулан үргэлжлэн дуусах бөгөөд Дорнод – Сүхбаатар – Хэнтий- Багануур – Улаанбаатар хот- Сэлэнгэ-Дархан Уул- Орхон -Булган аймаг гэсэн маршрутаар зохион байгуулагдсан. Цаашлаад Хөвсгөл- Завхан-Увс, Баян-Өлгий аймаг гэсэн маршрутаар үргэлжлэх юм. Төв, орон нутгийн Онцгой байдлын газруудын алба хаагчид ч энхийн төлөө буухиа гүйлтэд нэгдэн оролцож байна.

Галт бамбартай энхийн гүйлт 2018 оны 06 дугаар сарын 21, 22 нд Баян-Өлгий аймгийн Цагаан нуур Ташаант хилийн боомтод бамбараа ОХУ-д хүлээлгэж өгснөөр өндөрлөх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Далайд гарцгүй орнууд хамтран стратеги боловсруулахыг Шадар сайд Ө.Энхтүвшин уриаллаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Гадаад харилцааны яаманд хуралдсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн нээлтийн бага хуралд оролцлоо. Тэрбээр тус бага хурлыг нээхдээ Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрийг одоогийн байдлаар Армян, Афганистан, Балба, Буркина Фасо, Бутан, Казахстан, Киргиз, Лаос, Парагвай, Тажикистан, Этиоп улсын Засгийн газар соёрхон баталсныг тэмдэглээд, уг хэлэлцээрийг соёрхон батлаагүй байгаа улс орнуудыг ойрын хугацаанд нэгдэж орохыг уриаллаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин “НҮБ-ын Дээд төлөөлөгчийн газраас гаргасан судалгаанд далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хөгжлийн түвшин тэдгээр улс далайд гарцтай байх тохиолдлоос дунджаар 20 хувиар доогуур байна. Дэлхийн банкны Бизнес эрхлэлтийн тухай тайлангаас харахад далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдааны зардал нь дамжин өнгөрөх улс орнуудтай харьцуулахад даруй 2 дахин өндөр байгаа зэрэг тоон үзүүлэлт нь судалгааны төвөөс цаашид олон үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгааг харуулж байна” гэв. Шадар сайд түүнчлэн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд олон улсын түвшинд эрх ашиг, байр сууриа хамгаалах, улс орныхоо хөгжлийн бодлого боловсруулах, Венийн үйл ажиллагааны хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд тус төв нь гол тулгуур болохыг онцлов. Тухайлбал, Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр зэргийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн бидний хамтын хүч чармайлтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, олон улсын тавцанд бүлгийн хамтын стратеги боловсруулах, судалгаа, мэдээллийн дижитал номын сан байгуулах, бүлгийн орнуудын эдийн засгийн өрсөлдөх чадвар ба тээврийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хандивлагч улс, олон улсын байгууллагаас дэмжлэг авах тодорхой үндэслэл бүхий стратеги боловсруулах зэргийг Шадар сайд Ө.Энхтүвшин бага хуралд оролцогч улс орны төлөөлөлд санал болголоо гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргав

УИХ-ын гишүүн Д.Гантулга Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдэгдэл танилцуулав.

Тэрбээр ярихдаа “Миний хувьд өөрийнхөөрөө шийдвэр гаргах бололцоогүй байлаа. УИХ-ын гишүүний ард сонгогчид, намын хамт олон байдаг. Гэхдээ би өнөөдөр өөрийнхөөрөө шийдвэр гаргасан гэдгээ хэлье. Залуу насны гэнэн итгэмтгий байдлаасаа болж ийм асуудалд орооцолдсондоо чин сэтгэлээсээ харамсч байгаагаа илэрхийлье.

Аав ээж, хайртай ханиасаа хүлцэл өчиж байна. Энэ бүх давааг давж чадахгүй энэ хүрч байгаадаа, намайг итгэж төлөөлөл болгосон Хан–Хэнтий нутгийнхнаасаа, найз нөхдөөсөө, намын хамт олон, эгэл жирийн гишүүдээсээ, УИХ-ын эрхэм гишүүдээс хүлцэл өчье. Надтай нэр холбогдоод хохирсон гэх Наранзаяа, Саранзаяа, Цэрмаа гэх бүсгүйчүүдээс улс төрийн золиос болсон энэ хэрэгт нэр нь дурдагдаж, эмэгтэй хүний хувьд нэр төрөөрөө хохирсонд өмнөөс нь харамсч байгаагаа хэлье.

Залуу улстөрчид ихийг хийнэ дээ гэсэн итгэлийг зүтгэлээр хариулж чадаагүйдээ гүнээ харамсч байгаа илэрхийлье.

Яг үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа нэр дэвшигчийг дэмжиж хэт дэврүүн мэдэгдэл хийж байсандаа ч бас …яг одоог хүртэл явсан үйлдэлдээ харамсч байна. Улс төрийн золиос болж байгааг маань Монголын ард түмний цөөнгүй хэсэг ойлгож байгаа гэж итгэж байна. Уужим сэтгэлтэй иргэд маань энэ бүхэн улс төр байсан гэмт үйлдэл байгаагүй гэдгийг ойлгох цаг удахгүй ирнэ гэж найдаж байна. УИХ-ын гишүүний албан тушаалаас түдгэлзэх биш харин чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гардуулж өгөхөөр орох гэж байна” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Ким Жөн Ун умард Солонгост Д.Трампыг урьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг ирэх долоодугаар сард Пхеньянд айлчилж, хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт хийхийг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун урьжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын “Чунан ильбо” сонин мэдээлэв.

Тус сонины мэдээлснээр, Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чолийн зургаадугаар сарын нэгэнд Д.Трампт дамжуулан өгсөн захидалд энэ тухай дурдсан байжээ. Тэр үед талууд өндөр дээд хэмжээнд үргэлжлүүлэн харилцаа холбоотой ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Д.Трамп болон Ким Жөн Ун нарын түүхэн дээд хэмжээний уулзалт зургаадугаар сарын 12-нд буюу маргааш Сентоза арал дахь “Capella” зочид буудалд болох юм.

Categories
мэдээ нийгэм

Вьетнам Улсын Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудтай уулзав

Өмнөговьчууд гадаад харилцааг хөгжүүлэх, гадны соёл боловсролоос сайн туршлагыг суралцаж аймаг орон нутагтаа хэрэгжүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Вьетнам улсаас монгол улсад суугаа элчин сайд Доан Тхы Хыөнг манай аймгийн удирдлагуудтай уулзаж дараах асуудлыг хэлэлцэн шийдлээ. Тодруулбал:

1. 20 төрийн албан хаагчийг Вьетнам улсад туршлага судлуулж, сургана
2. ЗГ-ын тэтгэлгээр оюутнуудыг сургана
3. Өмнөговь аймагт малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрийг Вьетнам улсын дэмжлэгтэйгээр барьж байгуулна.
4.Аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллан аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн бүжиг дэглээчдэд сертификат гардуулав

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын мэргэжлийн бүжиг дэглээчдийн холбооноос хамтран энэ сарын 4-8-нд Улаанбаатар хотод зохион байгуулсан “Бүжиг дэглээчдийн мэргэжил дээшлүүлэх сургалт”-д амжилттай хамрагдсан бүжиг дэглээчдэд өнөөдөр сертификат олголоо. БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Монголын мэргэжлийн бүжиг дэглээчдийн холбооны тэргүүн Б.Жамьяандагва нар 21 аймгийн театр, чуулгын нийт 28 бүжиг дэглээчдэд сертификатыг нь гардуулж, сургалтаас олж мэдсэн сурсан арга туршлагаа түгээн дэлгэрүүлэхийг хүслээ.

Энэхүү сургалт нь мэргэжлийн бүжиг дэглээчдийн суурь мэдлэгийг түшиглэн орчин үеийн бүжгийн урлагийн мэдлэг туршлага, арга зүйгээс хуваалцах, бүжгийн урлагтай зайлшгүй холбоотой мэдлэг, мэдээллийг олгох, дэглээчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байлаа. Сургалтаар орчин үеийн бүжгийн техник, бүжгийн найруулга зүй, тэнцвэр хадгалах урлаг, бүжгийн хөгжмийн зохиолын анализ, бүжгийн гэрлийн дизайн зэрэг хичээлийг заасан юм. Мөн төрөөс соёлын талаар баримтлах бодлого, соёл, урлагийн салбарын хууль, эрх зүйн орчин, холбогдох дүрэм журам болон урлагийн менежментийн чиглэлээр өргөн хүрээнд мэдлэг, мэдээлэл олгохоор нийт 45 цагийн хичээлийг амжилттай явууллаа.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын статистикийн зөвлөгөө өгөх төсөл гурван жил үргэлжилнэ

Монгол Улсын боловсролын статистикийн мэдээллийг боловсруулах болон хэрэглэх чадавхийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх зорилготой “Монгол Улсад боловсролын статистикийн зөвлөгөө өгөх” төслийн уулзалт энэ сарын 5-8-нд Монгол Улсын БСШУСЯ-нд болж байна.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудад чиглэсэн боловсролын үзүүлэлтийг цуглуулах, боловсруулахад дэмжлэг үзүүлэх, БНСУ-ын боловсролын статистикийн хөгжлийн туршлагаас хуваалцах, хоёр улсын хоорондох боловсрол солилцооны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тус төслийн зорилго оршиж байна.

Түүнчлэн боловсролын статистикийн тогтолцоо, судалгаа, үйлчилгээг сайжруулах төдийгүй статистикийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилгуудад чиглэсэн боловсролын үзүүлэлтийг боловсруулах үүрэг хүлээж буй.

2017-2019 он хүртэл гурван жилийн хугацаатай үргэлжлэх тус төсөл нь боловсролын статистикийн тогтолцоо (хууль, тогтолцоо, бүтэц зохион байгуулалт), хүний нөөцийг бэлтгэн сургах, боловсролын статистикийн судалгаа болон үйлчилгээг сайжруулах юм.

Энэхүү зөвлөгөө өгөх төсөл нь амжилттай хэрэгжсэн тохиолдолд 2020 оноос хойш нэмэлт зөвлөгөө өгөх боломжтой болно. Ингэснээр Монгол Улсын боловсролын статистикийн мэдээллийн боловсруулалт болон хэрэглээний чадавхийг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилгуудад чиглэсэн боловсролын үзүүлэлтийн мэдээ цуглуулах болон боловсруулах, нотолгоо (статистик)-д суурилсан боловсролын бодлогыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх үр дүнд хүрэх юм.

Categories
мэдээ спорт

Манай сагсчид хэсгээсээ гарах тоглолтоо өнөөдөр хийнэ

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу ФИФА-гаас зохион байгуулж буй 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ Филиппин улсын Манила хотод энэ сарын 08-12-ны өдрүүдэд үргэлжилж байна.

Тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд шилдэг 20 баг оролцож байгаагаас Монгол Улсын шигшээ баг ОХУ, Бразил, Канад, Филиппиний багтай “С” хэсэгт багтсан. ДАШТ-ий хоёр дахь өдөр Монгол Улсын баг Канад, Филиппиний багтай тоглож, анхны хожлоо авч түүхэн ялалтыг авснаар монголчууд сагсан бөмбөгийн төрлөөр дэлхийд гарсныг нотолж чадсан юм.
50 мянган хүний суудалтай “Philippine Arena”-д манай залуус эхний тоглолтоо Канадын багтай хийж, 21:15 онооны харьцаагаар ялагдсан. Тэгвэл хоёр дахь тоглолт тэмцээнийг зохион байгуулагч Филиппин улсын баг байсан юм. Олон мянган хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө хожих хүндхэн даалгавартай гарсан Монгол Улсын баг хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж, 21:15 онооны харьцаагаар үндсэн цаг дуусахаас өмнө ялалт авсан. Энэхүү ялалтын дараа олон мянган хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө “Токио 2020” олимпийн наадамд сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр оролцох боломжтой гэдэг итгэл найдварыг өгсөн билээ.

Тэгвэл өнөөдөр С.Тулга дасгалжуулагчийн удирдлага дор оролцож буй Монгол Улсын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ. Мөн энэхүү тоглолтоос шалтгаалан цааш өрсөлдөх багууд тодрох юм. Учир нь “С” хэсгийг Канад хоёр хожил авсан амжилтаар тэргүүлж байгаа бол ОХУ, Монгол, Филиппин нэг хожлоор удаалж байна. Харин Бразилийн залуус эхний хоёр тоглолтоос хожил авч чадаагүй байгаа. Монгол-ОХУ, Монгол-Бразилийн тоглолт өнөөдөр Улаанбаатарын цагаар 15:30, 17:10 цагт болно.
Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар багтсан юм.

Дашрамд дурдахад, ФИБА 3х3 төрлийн Монгол Улсын шигшээ баг 2017 онд дэлхийн чансааны 197-д эрэмбэлэгдэж байсан бол 192 байр ахиж, тавдугаарт эрэмбэлэгдэж эхэлсэн.