Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Баяннуур суманд хийсэн малтлагаар 570 гаруй ховор нандин олдвор олджээ

Булган аймгийн Баяннуур сумын Шороон Бумбагар гэх газраас эртний дурсгалт олдворууд олдсон байна. “Улаан хэрмийн Шороон Бумбагар археологийн дурсгалыг хадгалах, хамгаалах, тогтвортой менежмент бий болгоход боловсон хүчнийг чадавхижуулах, олон нийтийн ухамсрыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд хийсэн уг малтлагийг Соёлын үндэсний төв, ЮНЕСКО-ийн Бээжин дэхь төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран 2018 оны тавдугаар сарын 17-ноос 28-ныг хүртэлх хугацаанд хийжээ. Малтлагаас гарсан олдворуудыг Хархорины музейд түр хадгалж буй юм. Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн судлаач, проффессор А.Очир “Малтлагын явцад бунхан, дөрвөлжин булш, алтан эдлэл, ханын зураг зэрэг нийт 570 гаруй олдвор олдсон. Үүнд:

  • Алтан эдлэл – 170
  • Алтан зоос – 45
  • Хүрлийн үеийн дөрвөлжин булш-46
  • Хиргисүүр – 31
  • Хүннү гүрний үеийн 3 оршуулгын газраас 180 булш
  • монгол булш – 60 орчим
  • 8 газраас хадны зураг
  • Түрэгийн үеийн 80 жижиг булш илэрсэн.

Эдгээр олдворуудаас хамгийн онцгой нь Бунханы ханын зураг юм. Уг ханын зурагт “Эртний Түрэгийн морины засалт, нохой, морьтой хүн, бүжиглэж буй хүн гэх мэт олон зүйлийг дүрсэлжээ.

Судалгааны багт Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн судлаач, проффессор А.Очир, судлаач магистр Г.Мандахбаяр, Соёлын өвийн үндэсний төвийн Авран хамгаалах газрын мэргэжилтэн, археологич Г.Анхсанаа, Бүртгэл судалгааны газрын мэргэжилтэн Г.Халиунаа нар ажилласан байна.

Categories
мэдээ улс-төр

Хүнсний аюулгүй байдлын лабораториудыг олон улсын түвшинд хүргэх шаардлагатай

“Хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, сайжруулах арга зам” хамтрагч талуудын уулзалт, семинар өнөөдөр (2018.06.11) эхэлж, Монгол Улсын Шадар сайд, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн орлогч дарга Ө.Энхтүвшин уг арга хэмжээг нээж үг хэллээ.

Тэрбээр “Өнгөрсөн 10 жилд Засгийн газар болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн зөн-Монгол зэрэг олон улсын байгууллагаас авч хэрэгжүүлсэн олон талт арга хэмжээний үр дүнд хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож буй үзүүлэлт 2013 оны түвшнээс 11.2 хувиар нэмэгдэж, 5 хүртэл насны хүүхдийн дунд өсөлт хоцролт 4.7 хувиар, 2010 онтой харьцуулахад 5 хүртэл насны хүүхдийн дунд А амин дэм дутал 22.9 хувиар буурсан хэдий ч цаашид анхаарах ёстой, шийдвэрлэвэл зохих олон асуудал тулгарч байгааг “Монголын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний 5 дугаар судалгааны дүн нотолж байна.

Уг судалгааг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас боловсруулсан “Өрхийн хүнсний баталгаат байдлын алдагдлын хэмжээ”-г тооцох аргачлалыг ашиглан хийж, манай орны 4 (баруун, хангай, төв, зүүн) бүс, Улаанбаатар хотыг хамруулжээ. Судалгаагаар Монгол Улсад хоол тэжээлээс хамааралт эмгэгийн дарамт өндөр байгааг тогтоосон. Тухайлбал, нялх хүүхдийн эхийн сүүгээр дагнан хооллолт хангалтгүй, нийт хүн амын хоногт хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, амин дэм, эрдсийн дутлын тархалт өндөр, 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64.9 хувийн хүнсний баталгаат байдал ямар нэг хэмжээгээр алдагдсан, илүүдэл жин буюу таргалалт өгөх хандлагатай байгаа дүн гарсан байна. Хүн амын Д амин дэмийн хангамжийн түвшин туйлын хангалтгүй, 5 хүртэл насны хүүхдийн 90 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95 хувь, 15-49 насны эрэгтэйчүүдийн 82 хувь нь Д амин дэмийн дутал, эсхүл нөөц дутмаг байгааг тогтоожээ.

Давс иоджуулах хөтөлбөр хэрэгжүүлж, иоджуулсан давсны хэрэглээг нэмэгдүүлэх талаар олон жил ярьж, ажилласан ч судалгаагаар нийт өрхийн 78.9 хувь нь зохистой түвшинд иоджуулсан давс хэрэглэж байгааг тогтоосон байна. Иоджуулсан давсны хэрэглээ баруун бүсэд 60.4 хувь, хангайн бүсэд 70.6 хувьтай байгаа нь иод дуталд өртөх эрсдэлтэй ажээ.

Өрхийн хүнсний баталгаат байдал судалгаанд хамрагдсан өрхийн 35 хувь хэвийн, 14 хувь нь бага алдагдсан, 28 хувь нь дунд зэрэг алдагдсан, 23 хувь нь ноцтой алдагдсан байгаа бол Улаанбаатар хот болон хангайн бүсэд хүнсний баталгаат байдал алдагдсан өрхийн эзлэх хувь хамгийн өндөр байжээ.

Судалгааны үр дүнд хүн амын дундах А, Д амин дэм, иод, төмөр дутал, өрхийн хүнсний баталгаат байдал зэрэг судалгааны дүн, тэдгээрийн дутлыг нөхөх, сэргийлэх чиглэлээр Бодлогын зөвлөмж гаргасан. Ийм учраас энэ асуудлыг цаашид хэрхэх талаар Та нөхөд хоёр өдөр ажил хэрэгчээр ярилцах хэрэгтэй байна” гэв.

Шадар сайд түүнчлэн “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид 2018 оны эхний 5 сарын байдлаар 4185хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийдээжид 14491 үзүүлэлтээр шинжилгээ хийснээс 227дээжстандартын шаардлагад нийцээгүй гарсан. Иймээс лабораторид суурилсан хяналт, тандалтын тогтолцоог бэхжүүлэхийн тулд улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлын лабораториудыг олон улсын түвшинд хүргэх, хүнсний аюулгүй байдлын олон үзүүлэлтийг тодорхойлох, чадавхижуулах, олон улсад ашиглаж байгаа стандартуудтай нийцсэн үндэсний шинжилгээний арга аргачлалын стандартыг мөрдөх, ажлын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна. Мөн хөрс, агаарын бохирдол нь хүнс бохирдох нөхцөл үүсгэдэг хүчин зүйл болдгийг анхаарахад илүүдэхгүй” гэлээ.

Уулзалт, семинарт 21 аймаг, нийслэл, дүүргээс ирсэн эрүүл мэнд, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, халамж үйлчилгээний ажилтнууд, яам, Засгийн газрын агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа “Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөл, “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний 5 дугаар судалгааны “Бодлогын зөвлөмж”-ийг хэрэгжүүлэх зарчим, арга замыг боловсруулах бөгөөд эл хоёр асуудлын хүрээнд бүс нутаг, аймаг, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлын зөвлөмж гаргах юм гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Оюунхорол: Д.Мурат гишүүнээсээ татгалзах өргөдлөө өгөх ёстой

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар хэлэлцсэн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Ерөнхий прокурорын саналыг хүлээж авахаас татгалзсан.

Энэ талаар өнөөдөр УИХ-ын эмэгтэй гишүүд мэдээлэл хийв. Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, “УИХ хүчирхийллийг дэмжсэн шийдвэрийг гаргаж, Монгол төрийг доромжилж болохгүй. Тиймээс УИХ-ын шийдвэрийг эмэгтэй гишүүд эсэргүүцсэн. Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Гантулга асуудлаа ухамсарлаж, чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. Д.Мурат ч мөн гишүүнээс татгалзах өргөдлөө өгөх ёстой” гэв.

Эмэгтэй гишүүд Монголын олон мянган эхчүүд, эмэгтэйчүүдийн дуу хоолой болж, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ажилласаар байх болно гэдгийг Ц.Цогзолмаа гишүүн дурьдлаа.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Алтан хальс индепендент кино наадмын ялагчид тодорлоо

Энэ жилийн Алтан Хальс Индепендент Кино Наадам зургаадугаар сарын 8-нд ялагчдаа зарлан, албан ёсоор хаалтаа хийлээ. Шилдгийг тодруулах сонголтын хороонд;

  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дэлгэц, медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн доктор (PhD) Д.Цэнгэл,
  • Бусаны олон улсын кино наадмын ази кино урлагийн хөтөлбөр боловсруулагч Ким Ён-ү,
  • Брисбейний олон улсын кино наадмын захирал Максин Уильямсон, “Алтан хальс” холбооны тэргүүн, найруулагч С.Бямба,
  • Кэмбрижийн олон улсын оюутны Уотерспрайт кино наадмын продюсер, IEFTA холбооны “Global Film Expression” кино хөтөлбөрийн захирал Бернадетт Шрамм нар багтан ажиллаж, шилдгүүдийг тодруулав.

Алтан Хальс Индепендент Кино Наадмын сонголтын хороо 56 орны 514 киноноос 31 богино киног уралдаант хэсэгт сонгосон билээ.

Ялагчид:

Шилдэг олон улсын баримтат кино төрөлд ялагч бүтээл: Марина-Эвелина Кракана – “Түлшний шүүр” (Румын)

Шилдэг Монгол баримтат кино тусгай шагналын ялагч бүтээл: Баттулгын Гантулга – “Сүмбэр”

Шилдэг олон улсын эксперименталь кино төрөлд ялагч бүтээл: Майкл Лайонс – “Кино давтамж 31: Шисэндо” (Япон)

Шилдэг Монгол эксперименталь кино төрөлд ялагч бүтээл: Эрдэнэ-Очирын Отгон-Эрдэнэ – “Замхрал”

Шилдэг олон улсын хүүхэлдэйн кино төрөлд ялагч бүтээл: Шинпэй Шэнь – “Лянхуа дэнлүү” (БНХАУ)

Шилдэг олон улсын хүүрнэлт кино төрөлд ялагч бүтээл: Роман Любый – “Гахайнууд” (Украин)

Шилдэг Монгол хүүрнэлт кино төрөлд ялагч бүтээл: Гантулгын Номин – “Түлхүүр”

Categories
мэдээ спорт

Неймар Ромариотой тэнцэв

Бразилийн шигшээ багийн довтлогч Неймар Австритай хийсэн тоглолтын 63 дахь минутад өрсөлдөгчтийнхөө хаалгыг мялааж, шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд оруулсан гоолоо 55 болгожээ. Ингэснээр тэрээр 1990-ээд оны шилдэг довтлогч, 1994 оны дэлхийн аварга Ромариотой тэнцээд байна. Неймар 85 тоглолтод 55 гоол оруулсан бол Ромарио 70 тоглолтод төдий тооны гоолыг хийсэн аж.

Бразилийн шигшээ багийн түүхэнд дээрх хоёр тоглогчоос илүү олон гоол оруулсан хоёрхон хүн байдаг нь “бүдүүн” Роналдо /62/, Пеле /77/ нар юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Д.Сарангэрэл: Хүн амын дунд зонхилж байсан хоол тэжээл, амин дэмийн дутагдал хэвээр байна

“Хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал сайжруулах арга зам” уулзалтад төрийн байгууллага болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын төрөлжсөн байгууллагын төлөөллүүд оролцож байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амын хоол тэжээлийн талаар баримтлах бодлого, эрх зүйн орчинг бүрдүүлэх, хоол тэжээлийн байдлыг сайжруулах зорилгоор “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний судалгааг ЭМЯ-аас 5-6 жилийн давтамжтайгаар хийсэн байдаг. “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгааг 21 аймгийн 94 сум, нийслэлийн 9 дүүргийн 30 хорооны 2249 өрхөд хийжээ.

Хоол тэжээлийн үндэсний V судалгаагаар хүүхэд эмэгтэйчүүдийн дунд аминдэм, эрдсийн дутлын тархалт түгээмэл хэвээр байна.Түрүү оны үндэсний судалгаанытүвшингээс буураагүй байгааг тогтоожээ. Мөн илүүдэл жин таргалалтын тархалт нь бүс нутаг амьжиргааны түвшинг үл харгалзан бүх насны хүн ам ялангуяа насанд хүрэгчдийн дунд ихээр нэмэгдэж байгаа аж. Судалгаанд Д аминдэм, А аминдэм, иод дутал, төмөр дутал, илүүдэл жин ба таргалалт, өрхийн хүнсний баталгаат байдал зэргээр хамруулсан байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ярихдаа “Өнөөдөр Монголын хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын асуудлаар улсын хэмжээний зөвлөгөөн зохион байгуулж байна. Монгол Улс 1999 оноос хойш хоол тэжээл хүнсний аюулгүй байдлын судалгаа хийсээр ирсэн. Гэвч 2010 онд хүн амын дунд зонхилж байсан хоол тэжээл амин дэмийн дутагдал хэвээрээ байна. Энэ асуудалд анхаарал хандуулахаас өөр аргагүй. Ерөнхий сайд хоол тэжээлийн асуудлыг анхааралдаа авсан. Эдгээрийг хариуцсан салбар яамд асуудлыг тодорхойлж хариуцсан ажлуудаа хийж мэдээ мэдээлэл тавьж байх чиг үүрэг өгсөн. Хүн амын дунд хийсэн судалгаанаас үзэхэд Д аминдэмийн дутал асар өндөр байна. Хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд мөн эрэгтэйчүүдийн дунд хүртэл байна. Иодын дутал хангайн бүсэд нэлээд байгааг тогтоосон. Мөн эмэгтэйчүүд хүүхдүүдийн дунд цус багадах асуудал гарч ирж байна. Хоногтоо авах ёстой хүнс тэжээлээ авч чадахгүй байгаа юм. Засгийн газар хүн амынхаа хоол тэжээлтэй холбоотой асуудалд анхааралдаа авч байгаа нь сайшаалтай. Энэ дутагдлуудыг хэрхэн яаж нөхөх вэ гэхээр бололцоотой айлууд мэдээллийг нь хүргэчихэд дутагдаад байгаа аминдэмийг нөхөөд авчих боломжтой. Мэдээллээс хол мөнөрхийн орлогын хувьд хангалтгүй айл өрхүүд зөвлөмжийг дагах хүндрэлтэй. Тиймээс Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамнаас олгодог хүнсний талоныг өгөх тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй болж байна. Судалгаанд үндэслэгдсэн хоол тэжээлийн амин дэмийг өгдөг байх, алсдагдсан газар нутагт хүргэдэг байх гэх мэт асуудлыг шийдэх хэрэгтэй болж байна. Бүгдийг нь цогцоор авч шийдэх тал дээр ажиллаж байна. Өнөөдрийн зөвлөгөөнд 21 аймгийн есөн дүүргийн эрүүл мэндийн төвийн хоол тэжээл хүнсний асуудал хариуцсан бүх хүмүүс оролцож байгаа” гэлээ.

НҮБ-ийн Хүүхдийн сангийн бүсийн хоол тэжээлийн зөвлөх Кристиан Рудерт ярихдаа “Зүүн Ази номхон далайн бүсийн орнуудтай харьцуулахад Монгол Улс хоол тэжээлийн дутлыг бууруулахад маш их амжилт гаргасан. Гэсэн хэдий ч хоол тэжээлийн дутлын талаас аминдэм бичил тэжээлийн дутал хүүхэд болон насанд хүрэгчдийн дунд байсаар байна. Мөн илүүдэл жин таргалалт нэмэгдэж байна. Энэ тал дээр шийдвэрлэх асуудлууд байгаа. Аминдэм дутал эрдэс бодисын дутлыг бууруулахын тулд Монгол Улс олон талт арга хэмжээ авах хэрэгтэй. Нийт хүн амд суурилсан хүнсээ баяжуулах арга хэрэгсэл байж болно. Аминдэмийн хэрэгцээ хамгийн өндөр байдаг эмзэг бүлэгт чиглэсэн жирэмсэн эхчүүд бага насны хүүхдүүд өсвөр насны охидуудад аминдэм эрдэс бодисын хэрэгцээ бусад насныхнаас илүү их хэрэгтэй байдаг. Тэдгээр бүлэгт буй хүмүүсийг аминдэм эрдсээр хангах зайлшгүй шаардлагатай. Аминдэмийн дутлыг арилгах олон орны туршлага байгаа. Ялангуяа Монгол Улсад аминдэмийн Д дутал их байгаа нь дэлхийн түвшинд өндөр тооцогддог. Хоол хүнсээ Д витаминаар баяжуулах хэрэгтэй. Хүүхдийн таргалалтыг буруулахад олон салбарын арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. ДЭМБ-аас хүүхдийн таргалалтыг бууруулах цогц арга хэмжээний багцыг зөвлөсөн байдаг. Багц арга хэмжээний эхнийх нь жирэмсэн эхчүүдийн хооллолтын зөвлөгөө юм. Хэдийгээр жирэмсэн үед жин нэмдэг хэдий ч зохистой хэмжээнд хэрхэн жингээ нэмэгдүүлэх талаар мэдээлэл орсон байдаг. Хүүхдийн таргалалтыг бууруулахад бага наснаас нь зөв хооллох, сургууль цэцэрлэг дээр зөв хооллолтыг дэмжих учиртай. Таргалалтыг бууруулахад эрүүл хүнс, дасгал хөдөлгөөнийг дэмжсэн бодлого, амьдрах орчинг бүрдүүлэх нь нэн чухал. Хүүхдэд зориулсан эрүүл бус хүнсний зар сурталчилгааг хязгаарлах, эрүүл бус хүнсний үнэ өртгийг нэмэгдүүлэх, жимс ногоо үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчдийг дэмжих урамшуулал олгох зэрэг ажлууд зохион байгуулах хэрэгтэй” гэв.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн шилдэг их дээд сургуулийг жагсаав

Дэлхийн боловсролын QS корпораци дэлхийн шилдэг их дээд сургуулиудын жагсаалтыг 15 дахь удаагаа нийтэлжээ. Уг жагсаалтад багтсан их, дээд сургуулийн тоогоороо АНУ тэргүүлсэн бол хоёрдугаар байрт Их Британи, гуравдугаарт БНХАУ оржээ. БНХАУ-ын 11 их, дээд сургууль дэлхийн топ 100-д багтаж, Ази тивд тэргүүлсэн байна.

QS корпорацийн гаргасан дэлхийн шилдэг их дээд сургуулиудын жагсаалтыг Массачусетсийн технологийн их сургууль долоо дахь жилдээ тэргүүлсэн бол Азийн хамгийн сайн сургуульд тооцогдож буй Сингапурын Үндэсний их сургууль 11 дүгээрт, БНХАУ-ын хамгийн шилдэг “Чиньхуа” их сургууль 17 дугаарт орсон байна.

Энэ удаа Дэлхийн боловсролын QS корпораци 85 улс орон, бүс нутгийг судалгаанд хамруулж, дэлхийн шилдэг 1000 сургуулийн жагсаалтыг нийтэлсэн юм байна.

Дэлхийн шилдэг их, дээд сургуулийн жагсаалтыг гаргажээ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга эх орондоо ирлээ

БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар 2018 оны зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр эх орондоо ирлээ.

ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин нартай Монгол-Орос-Хятадын гурван талт дээд түвшний ээлжит дөрөвдүгээр уулзалтыг хийж, ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцон үг хэлсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Исламын Бүгд Найрамдах Иран улсын Ерөнхийлөгч Хассан Рухани, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбеков, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай хоёр талын уулзалт хийж, тодорхой асуудлуудаар санал солилцсон юм.

Categories
мэдээ нийгэм

Дунд ангийн хичээлээс гадуурх ажиллагаанд хийсэн үнэлгээг хэлэлцлээ

Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилттэй “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” дэд төслийг нийслэлийн гурван дүүрэгт төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа юм.

Төслийн хүрээнд өнгөрсөн онд НЗДТГ нийслэлийн Боловсролын газартай хамтран Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн сургуулиудыг түшиглэн “Боловсрол” үндэсний хөтөлбөрийн зорилтын дагуу “Сургуулийн орчны стандартын хэрэгжилт” болон ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хараат бус хөндлөнгийн байгуулагаар үнэлгээ хийлгэсэн байна. Боловсролын бодлогын баримт бичгийг хэрэгжилтэд хийсэн хөндлөнгийн үнэлгээний үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өнөөдөр нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын 134 сургууль, насан туршийн боловсрол олгох 8 төвийн удирдлагыг хамруулсан сургалт, семинар хийж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа семинарыг нээж хэлсэн үгэндээ “Дээрх хөндлөнгийн үнэлгээний үйл ажиллагаанууд нь 2015 онд батлагдсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн 10.7-д заасан бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд тодорхой давтамжтай хөндлөнгийн үнэлгээг хийх хуулийн заалтыг хэрэгжүүлэх, хариуцлагыг сайжруулах, иргэдийг төрийн захиргааны шийдвэр гаргах үйл явцад оролцох оролцоог нийгмийн хариуцлагаар дамжуулан нэмэгдүүлэх, цаашид үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийх тогтолцоог бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой болж чадлаа гэж үзэж байна. Цаашид орон нутгийн түвшинд хэрэгжүүлж буй аливаа төсөл хөтөлбөрүүдэд тодорхой шалгуур тавьж, шалгуур хангаагүй хөтөлбөрүүдэд хөндлөгийн үнэлгээ хийлгэх, улмаар засаж сайжруулдаг байх тогтлолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна” хэмээн тодотгов.

ЕБС-ийн дунд ангийн хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээ нь тухайн сургууль сургалтын төлөвлөгөөгөө бүрэн боловсруулаагүй, хичээлийн эхэнд болон төгсгөлд суралцагчийн чадварын суурь түвшин, хүрсэн түвшин, зорилтот түвшингийн талаар хийгдсэн, баримтаар нотлогдох үнэлгээ байхгүй зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан бодлогын үр дүнгийн үнэлгээ хийх боломжгүй байсан тул бодлогын хэрэгжилтийн явцын үнэлгээ хийсэн байна. Дунд ангийн хичээлийн гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний үр дүнг хичээлийн гадуурх үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалт, эзэмших чадвар гэсэн гурван үндсэн бүлгийн хүрээнд дүгнэлт гаргажээ. Мөн хөндлөнгийн үнэлгээний үр дүнд тулгуурлан оролцогч талуудад хандан зөвлөмж гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Долоон аварга наадмын үеэр маргаанаа түр зогсооно гэв

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин бямба гаригийн амралтын өдөр наадмын бэлтгэл, засварын ажилтай танилцаж, Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн асар, Хүй долоон худагт ажилласан.

Шадар сайд наадмын бэлтгэл ажлын хүрээнд уяач, бөхчүүдийн төлөөлөлтэй уулзаж, энэ жилийн баяр наадмыг хэрхэн зохион байгуулах болон ард түмнээ сайхан наадамлуулах, наадмаа ямар нэгэн будилаан, маргаангүй шударга зохион байгуулах талаар ярилцсан гэдгээ энэ үеэр хэлж байлаа.

Тэрбээр Монгол Улсын долоон аваргыг хүлээж авч уулзан, Монголын ард түмний үндэсний их баяр наадам болох гэж байна. Төр, түмнээ хүндэтгэж баяр наадмын үеэр маргаан хийхгүй байхыг анхааруулаад Бөхийн холбооны маргаан баяр наадамд нөлөөлөх учиргүй гэдгийг хэлжээ. Аваргууд ч Шадар сайдтай санал нэг байгаагаа илэрхийлж, маргаан будилаангүй сайхан наадам болно гэдэгт санал нэгдсэн байна. Маргаантай асуудлаа дотооддоо шийднэ. Баяр наадмын үеэр маргаан хийхгүй гэжээ.
Уулзалтаар хөндөгдсөн бас нэгэн сэдэв нь допингийн шинжилгээ байжээ. Допинг хэрэглэхгүй байх, хяналт тавих, шударга барилдаан явуулахад анхаарч ажиллана. Сурталчилгаа, зөвлөгөө мэдээллээр бөхчүүдийг хангах нь зүйтэй гэдэгт бүгд санал нэгдэж, допингийн эсрэг хүчээ нэгтгэхээр болсон байна. Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг улсын баяр наадамд барилдуулахгүй байх, мөн оноолт, ам авахад найраа хийдэг явдлыг таслан зогсоох нь зүйтэй гэжээ.
Өнгөрсөн жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн орчмоор худалдаа, үйлчилгээ, нийтийн хоол, хуушуурын 500 зөвшөөрөл олгож байсан бол энэ жил 400 болгож цөөрүүлжээ. Энэ нь наадамчдын тав тух, аюулгүй байдлыг хангах үүднээс явган хүний гарц, автомашины зогсоол зэргийг нэмэгдүүлж буйтай холбоотой юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.