Categories
мэдээ улс-төр

Хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх тухай хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу энэ сарын 13-ны 08.00 цагт Төрийн ордонд болно.

Энэ удаагийн хуралдаанаар нийт 16 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал хэлэлцэх асуудлын жагсаалтад Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайдын айлчлалын тухай, Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, болон О.Батнасан гишүүний боловсруулсан Хялбаршуулсан татварын тухай хуулийн төсөлд тусгах Засгийн газрийн санал, дүгнэлт багтжээ. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын боловсруулсан Эрүүгийн хууль болон Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн Төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тухай болон БОАЖ-ын сайд, ХХААХҮ-ийн сайд, Эрчим хүчний сайд, Эрүүл мэндийн сайдын гадаад орнуудад хийсэн айлчлалын үр дүнгийн танилцуулгыг сонсох юм.

Categories
мэдээ спорт

ДАШТ-ийн тоглолтын хуваарийг танилцууллаа

21 дэх удаагийн ДАШТ хөшгөө нээхэд хоёрхон хоног үлдээд байна. Хүн төрөлхтний тэн хагасынх нь хүсэн хүлээж буй тэмцээний хэсгийн шатны тоглолтуудын оноолт болон тоглох товыг доор хүргэж байна.


Categories
мэдээ цаг-үе

А.Ундраа: ШХАБ-ыг эдийн засгийн хамтын ажиллагаа мэтээр тайлбарлаж байгаа нь өрөөсгөл

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.


-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль хэлэлцэгдээд явж байна. Хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор таны зүгээс ямар санал дүгнэлттэй байна вэ?

-Нийслэлийн дүүргээс сонгогдсон гишүүний хувьд уг хуульд анхаарал хандуулж байна. Миний хувьд орон нутгийн хөгжлийг цаашид бэхжүүлье гэвэл нийслэл, аймаг, тухайн орон нутаг санхүүгийн чадавхтай байх нь зүйтэй гэж боддог. Үйлдвэрлэлийн, орон сууцны, үйлчилгээ худалдааны гэх зэргээр бүсчлэх нь зөв шийдэл байдаг. Эдгээр бүсүүд нь хэдий нэг хотод харьяалагдаж байгаа боловч татварын хувьд ч харилцан адилгүй байх нь бий. Энэ маягаар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, ажлыг төгөлдөржүүлэх бололцоог бүрдүүлэх чухал хөшүүрэг нь санхүүгийн механизм юм.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гадаадын иргэнд биржээр дамжуулан газар худалдах санал тусгасан гэх яриа иргэдийг бухимдууллаа. Тэрхүү заалтын тухай тодруулахгүй юу?

-Үүнд буруу ойлголт явж байна уу гэж харсан. Хүмүүс гадаадын иргэн газар өмчлөх эрхтэй болчихож, тийм боломж нь нээгдчихжээ хэмээн эмзэглэж байна. Гэхдээ энэ нь хуулийн заалтыг буруу тайлбарласнаас үүдсэн ташаа ойлголт хэмээн Нийслэлийн Засаг даргын хуулийн зөвлөх тодруулж мэдээлэл хийсэн байна лээ. Уг хуулийн төслийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас голчлон боловсруулсан. Орж ирсэн төсөл дээр гадаадын иргэнд газар өмчлүүлнэ гэсэн заалт тусгагдаагүй.

Манай улсад Газрын тухай хууль хэрэгжиж эхлэн иргэдэд газар өмчлөх, эзэмших эрх үүссэнээс хойш 20 гаруй жил болжээ. Энэ хугацаанд аж ахуйн нэгж газар эзэмшээд орон сууц бариад, улмаар иргэд өөрийн гэсэн эд хөрөнгө эзэмших эрхтэй болсноос хойш мөн л удаан хугацаа өнгөрөөгүй байна. 90-ээд оны эхэн үеэс эхлэн төрийн өмчийн орон сууцыг хувьчилж авсан, шинээр баригдсан орон сууцыг эзэмшсэн хүмүүс байна л даа. Уг харилцаанд эрх зүйн зүгээс дутагдаж буй зохицуулалтууд байдаг. Байр худалдаад авчихлаа. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ ч авчихлаа.

Тухайн орон сууцанд мөн л адил тодорхой тооны айл, өрх амьдарч байгаа. Тэгвэл хүүхдийн тоглоомын талбай, дээвэр, орчин тойрон зэргийн тодорхой хувийг оршин суугч үл хөдлөхтэйгөө хамтаар давхар агуулж, эзэмшиж байна уу. Орон сууц элэгдэж хуучирснаас үүдэн нураалаа гэхэд тухайн байрны оршин суугчид шинээр баригдах орон сууцыг шууд эзэмших эрх үүсэх үү. Мөн 70 айлын орон сууц байлаа гэхэд тухайн айл өрхүүд барилгын газрыг 70 хувааж эзэмших үү эсвэл мкв-тайгаа дүйцэхүйц хэмжээний газрыг эзэмших ёстой юу зэрэг асуудлуудын зохицуулалт дутуу явсаар байна. Уг асуудал дан ганц Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар шийдэгдэхгүй ч цаашид зохицуулах шаардлагатай байгаа нь анзаарагдаж байгаа.

-Ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа вэ?

-Миний хувьд хоёр байнгын хороонд харьяалагдан ажилладаг. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны тухайд Эрүүл мэндийн багц хууль болон Соёлын тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Мөн Соёлын өвийг хамгаалах тухай ажлын хэсэгт багтан ажиллаж байгаа. Уг ажлын хэсэг саяхан Дорноговь аймагт ажиллаад ирсэн. Ерөнхийдөө түүхийн дурсгалт газар, хүний гараар бүтсэн болон байгалийн соёлын өв алдагдсаар байгаа. Үүний хамгаалалтын зэргийг өөрчлөх нь нэн чухал асуудал болоод байна. Хууль бусаар хилээр нэвтрүүлэх, худалдаалах зохисгүй үйл ажиллагааг зохицуулж, хяналтыг сайжруулах болон соёлын болон судлагдахууны эргэлтэд оруулах талаар ажлын хэсэг анхаарч ажиллаж байгаа.

-Гадны үзэсгэлэнд тавигдсан ховор үзмэрүүд алдагдсан, ижил төстэй бүтээлээр солигдсон тохиолдол гарсан гэх мэдээллүүд байдаг. Соёлын тухай болон Соёлын өвийн тухай хуульд энэ асуудал тусгагдаж байгаа болов уу?

-Соёлын тухай хуульд Төрийн өмчийн, олон нийтийн болон төрийн бус байгууллагын эзэмшлийн, хувь хүний соёлын өвүүдийг хэрхэн хамгаалах тухайд хуульчилж өгнө. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш соёл, урлагийн бүтээлүүдийг цуглуулахад цаг зав, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зарцуулдаг хувь хүмүүс олширчээ. Иргэдийн гар дээр байгаа ховор нандин соёлын бүтээлүүдийг даатгуулах давхар даатгалын системийг бий болгох нь чухал. Мөн тэдгээрийг зөвхөн үзэж сонирхохоос гадна судлагдахууны хувьд нээлттэй байлгах бололцоо нээгдэнэ. Соёлын тухай хуулийг боловсруулж байх үед хувийн томоохон цуглуулгуудтай иргэд ажлын хэсэгт хандсан. Тэдний хувьд бүртгэлжүүлэхэд болохгүй гэх зүйлгүй талаар хэлж байгаа юм. Харин хувь хүний цуглуулгыг ямар нэгэн байдлаар төр мэдэлдээ авах вий гэдгээс эмээж байгаа талаар дуулгасан. Энэ нь дэлхий нийтээр маргаантай байдаг сэдвүүдийн нэг. Тухайн бүтээл хэний гараас хэрхэн дамжиж ирснийг нь мэдэж, эх үүсвэрийг нь тогтоох эзэмшлийн бичиг гэж байдаг. II дайныг хүртэл эзэмшлийн бичиг хэрэглэгдсээр байж. Дайн гарч үймээн самуун дэгдсэнээр үнэт эдлэлийг гараас гарт дамжуулан хууль бусаар худалдах нь газар авсан байдаг.

Монголчууд бид ч багагүй хөдөлмөр гаргаж байж динозаврын олдворуудыг эх орондоо буцаан авчирч байсан. Гэтэл Занабазарын өөрийн гараар бүтээсэн хосгүй бүтээл дэлхийн дуудлага худалдааны хамгийн том компанид хэдэн арван сая ам.доллараар зарагдсан байдаг. Ямартаа ч бид эдгээр нөхцөл байдалд хэрхэх ёстой талаар бодох л ёстой. Тэр дундаа дотоодод байгаа түүхийн ховор нандин бүтээлүүддээ анхаарлаа хандуулах шаардлагатай.

Төрийн өв сан, Үндэсний түүхийн музей болон бусад музейнүүдэд байгаа дахин давтагдашгүй бүтээлүүдэд зүй зохисгүй хандах, хулгайлах, худалдах, хуурамч зүйлсээр орлуулах зэрэг нь мөн л санаа зовинох түвшинд байгаа. Юутай ч хяналтыг сайжруулж, хариуцлагыг өндөржүүлэх асуудлыг Соёлын өвийн тухай хуульд тусгана. Мөн бидний хувьд нэг чухал зүйл нь хуулиа сурталчлах явцдаа олон нийтийн оролцоо хяналтыг сайжруулах мэдлэг, мэдээлэлтэй болгоход анхаарна. Монголын ард түмний өв соёл гэх сэтгэлгээг бэхжүүлэх нь нэн чухал юм.

-Орон нутгийн хамгаалалтын тухай хууль болон Дайчилгааны тухай хуулийн ажлын хэсэгт багтаж байгаа. Ямар гол өөрчлөлтүүдийг тусгаж байна вэ?

-Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүний хувьд Орон нутгийн хамгаалалтын тухай хууль болон Дайчилгааны тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Дайчилгааны тухай хуулийн гол агуулга нь батлан хамгаалах бодлогод иргэдийн оролцоог нэмэх, залуучууд, хүүхдүүдийн цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, шаардлагатай тохиолдолд хэнийг хэрхэн дайчлах вэ гэх зохицуулалтыг тусгаж байгаа. Орон нутгийн хамгаалалтын тухай хуульд “Оюутан цэрэг”, “Малчин цэрэг” зэрэг шинэ концепциудыг хэрхэн тусгах талаар судалж байна. Мөн орон нутгийн хамгаалалтын асуудлыг аймаг эсвэл сумын удирдлагууд шийдэх эсэх, төсвийн хуваарилалтын зохицуулах арга зам дээр гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа. Аймаг хариуцах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа гишүүд бий. Мөн орон нутгийнхаа нөхцөл байдал, ард иргэдээ сайн мэддэг сумын удирдлагуудад хариуцуулах нь зүйтэй гэх саналыг ч хэлж байна. Миний бодлоор сум, дүүргүүд шийдээд явах нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх эсэх асуудалд гишүүд өөр, өөрийн байр суурьтай байгаа. Таны хувьд хэр зөв шийдвэр гэж үзэж байгаа вэ?

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг эдийн засгийн хамтын ажиллагаа мэтээр тайлбарлаж ярьж байгаа нь өрөөсгөл. Үүнийг аюулгүй байдал талаас нь харах ёстой. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороон дээр хэлэлцүүлэхээр орж ирүүлсэн процедур нь ч буруу байсан. Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдалтай холбоотой энэ чухал асуудлыг хаалттайгаар, цагийг нь тулгаж мөн бусад гэсэн асуудалд тусгаж оруулж ирэх нь буруу. Ийм хайнга хандаж болохгүй. Гадаад бодлогодоо зарчмын томоохон өөрчлөлт хийх гэж байгаа бол бид үүнийг нухацтай ярилцах ёстой. УИХ-ын чуулган, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор нээлттэй хэлэлцэх ёстой. Гадаад бодлогын мэргэжлийн дипломатууд, олон улсын харилцааны чиглэлээр мэргэшсэн судлаачдын дунд хэлэлцүүлэг хийх хэрэгтэй. Нийгмийн анхаарлыг татсан идэвхтэй, нээлттэй хэлэлцүүлэг хийх нь чухал. Хэдий хэр хугацаа хангалттай байх уу, түүнийг л зарцуулах ёстой. Яарч болохгүй. Болгоомжтой хандах нь зүйтэй. Хоёрдугаарт, Монгол Улс хоёр хөрштэйгөө тэнцүү тэгш, сайн харилцаатай байна гэдэг бол манай гадаад бодлогын хамгийн том зарчим. Бид ШХАБ-д элслээ гэхэд хоёр хөрш өөр, өөр байр суурь илэрхийлвэл яах вэ. Энэ тохиолдолд аль нэгийг нь баримтална гэсэн үг үү. Энэ тохиолдолд бидний хоёр хөрштэйгөө тэгш сайн байх зарчим алдагдах нөхцөл аяндаа бүрдэх гээд байна.

Харин энэ асуудалтай холбоотойгоор нэг сайшаалтай зүйл ажиглагдлаа. Тодруулбал, залуучууд сошиал орчинд маш их идэвхтэй байр сууриа илэрхийлж байна. Монголчууд тал тал тийш яван олон чиглэлээр суралцаж байгаа. Тэдгээрийн төлөөлөл болсон залуусын хувьд ШХАБ-д элсэх нь зөв эсэх талаар өөр, өөрийн сувгаараа дамжуулж олж авсан мэдээллээ бусдадаа түгээж, нээлттэй мэтгэлцэж байна. Залуучууд иргэн хүнийхээ хувьд идэвх гаргаж, асуудлыг нухацтай авч үзэж байгаа нь ирээдүйд итгэх итгэл өгсөн явдал боллоо.

-УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Уг асуудалд хувь гишүүнийхээ зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Хууль, шүүхээр шалгагдаад тогтоогдтол нь хэн нэгнийг гэм буруутай гэж болохгүй. Гэсэн ч ёс зүй гэж юм бий. УИХ-ын гишүүдэд ёс зүй, хариуцлага маш чухал. Ёс зүй бол маш энгийн зүйлээс эхэлнэ гэж боддог. Хуралдаа хариуцлагатай суух, асуудалдаа няхуур хандах, хэлэлцэж буй асуудлуудын талаар уншиж, судлах гэх мэт. Мөн мэдээлэл дээр тулгуурлаж асуудалд шинжлэх ухаанчаар хандах нь ч гэсэн УИХ-ын гишүүний хариуцлага, ёс зүйтэй холбоотой. Гишүүдтэй холбоотой асуудлын тухайд шүүхээр үнэн зөв нь тогтоогдоод гарах ёстой. УИХ-ыг би ёс зүйн шийдвэр гаргасан гэж бодож байгаа. Миний хувьд түдгэлзүүлээд шалгуулах ёстой гэсэн л байр суурьтай байгаа. Ялангуяа манай намын эмэгтэй гишүүдийн санаа бодол нэг байна. Би бол бүлгийн хурал дээр өөрийнхөө эргэн тойронд байсан гишүүдэд байр суурь маань маш тодорхой, хүчтэй байгаа гэдгээ хэлсэн. Бусад эмэгтэй гишүүд ч мөн адил түдгэлзүүлэх хэрэгтэй гэх байр суурьтай байгаа илэрхийлж хэвлэлийн бага хурал зарласан.

-Таван толгой төслийн 30 хувьд IPO гаргах саналтай байгаагаа Засгийн газар илэрхийлсэн. Энэ хэр зөв шийдэл гэж үзэж байгаа бол?

-Би хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг байгуулах санаачилга УИХ-д гаргасан. Уг лобби бүлэгт 12 гишүүн идэвхтэй ажиллаж байна. Лобби бүлгийн гишүүд уул уурхайг эдийн засгийн хөшүүрэг, хөдөлгүүр гэдэгт нэгдэж байгаа. Гэхдээ хөгжүүлэхдээ хариуцлагатай хөгжүүлэх ёстой. Байгаль орчинд ээлтэй, орон нутагтаа хамтын ажиллагаа сайтай, талуудын эрх ашгийг тусгасан, орж ирж буй орлогыг ирээдүйн хөгжилд зориулах нь чухал. Хувь гишүүний хувьд цөөхөн том уурхайг нөхөн сэргээлт сайтайгаар ашигласан нь дээр гэж үздэг. Таван толгой уурхай бол мэдээж томоохон уурхайнуудын нэг. Уурхайг эдийн засгийн утгаар нь авч үзвэл ийм дайны төсөл тийм олон биш.

Ийм төсөлд IPO яаж гаргах вэ гэдэг тогтсон зүйл бий. Бид цоо шинэ зүйл бий болгох гээд байгаа юм биш шүү дээ. Нэн тэргүүнд үнэлгээ хийх хэрэгтэй. Тэр хэмжээний төсөлд эрдэс баялаг, дэд бүтэц, төмөр зам, тээвэр, цахилгаан станц, ус, тээвэр ложистик, орон нутгийн харилцаа зэргээс аль нь үнэлгээ хийхэд хамаарах уу гэдэг нь ч нарийн асуудал. Үнэлгээ хийхэд эдийн засгийн тооцоолол хийсэн байх ёстой. Үнэлгээ хийхэд дор хаяж нэгээс хоёр жил болно. Үүнээс үзэхэд Засгийн газраас цаг хугацааных нь эрэмбэ дарааллын хувьд бүтэшгүй богино хугацаа тавьж байна. Энэ талаараа ч би бүлэг дээр байр сууриа илэрхийлсэн.


Categories
гадаад мэдээ

Америк-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт эхлэлээ

АНУ болон Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт эхэллээ. Уулзалтын үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар түүхэндээ анх удаа гар барилцлаа. Америк-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт Сингапурын Сентоза арал дээрх “Капелла” зочид буудалд болж байгаа билээ.

Уулзалт 45 минут үргэлжлэх бөгөөд дараа нь 1 цаг 30 минутын өргөтгөсөн хэлбэрийн яриа хэлэлцээ болох юм. Уулзалтын үеэр талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, Америк-Умард Солонгосын харилцааг хэвийн болгох асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын 12-нд болох үйл явдал

08.30 цагт Сангийн яаманд Төрийн албаны удирдах албан тушаалтнуудад зориулсан жендерийн цахим сургалт болно.

09.00 цагт Нийслэлийн Иргэний танхимд Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, “Бяцхан од” цэцэрлэг хамтран эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхэд, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээ зохион байгуулна.

10.00 цагт “Holiday Inn” зочид буудалд Олон Улсын Санхүүгийн Корпораци, Санхүүгийн зохицуулах хорооноос “Компанийн засаглалын X форум” зохион байгуулна.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Улсын их хурлыг тараах ард түмний хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын худалдаачдын холбооноос “Өргүй дарамтгүй амьдралын төлөө худалдаачид тэмцэнэ” сэдвээр мэдээлэл хийнэ.

11.00 цагт МҮЭХ-ноос өөрийн байрандаа цалин хөлсийг нэмэх тэмцлийн явц болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 5 сарын статистик мэдээллийг танилцуулна.

14.00 цагт ХААИС-д “Малын эрүүл мэндийн эргэн мөшгих систем”-ийг танилцуулах арга хэмжээ болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Г” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд “Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхыг сайжруулах нь” сэдэвт Ази-Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын ээлжит зөвлөгөөн болно.

14.00 цагт “Г” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана

Categories
мэдээ цаг-үе

Уяхан хийл шиг Загийн голынхон минь урлаг, соёлоороо аймагтаа гайхуулав

Эрдэнийн дээж элс, ургамлаас нь энэ бие тэжээгдэж, усны дээд, уулс талаас нь уянга сэтгэлээ хөглөж хүн болсон элгэн дотно нутаг минь. Хаа ч, хэзээ ч сэтгэлд бодогдож, зүүдэнд үзэгднэм. Зовох цагт сэтгэл ариусгаж ээжийг орлоно. Жаргах үес сэрэмж бүү алд гэж салхин жимбүүрээр санаа бодолд шивнэнэ. Ай, сайхан Загийн гол, Залаа-Чандмань овоо, хаан Чингис их цэргээ авч очин Их Монгол Улс байх уу, Найман аймаг байх уу хэмээх түүхэн дэнсийг тэнссэн эх сайхан нутаг минь. “Монголын нууц товчоо”, Лу “Алтан товч” зэрэг Монголын тулгар түүхэн сурвалжуудад Заг-Байдрагийн голын Хүрэн бэлчрийн тухай хэдэнтээ дурдсан нь уугуул суугуул түмний унага даагаа уралдуулж, адуу малаа адгуулсан алтан чиг нутаг мөн билээ. Хүрэн бэлчирт их хааны есөн өрлөгийн хамт босгосон гэрэлт хөшөө, мөн Чингис хааны их цэрэгтэйгээ хоноглосон Цагаан эрэгт нутгийн хүү Намбарын Түмэнжаргалын авчирч сүндэрлүүлсэн хөшөөд оршин бий. Манай сум бол Сайн ноён хан аймгийн Эрдэнэ засгийн хошуу хэмээн нэрлэгдэж асан халхын ууган хошуудын нэг. Богд хаант Монгол Улсын Олноо өргөгдсөн онуудад энэ нэрээр тэмдэглэгдсэн. Засагт ханы Цахиур Төмөр “Эрдэнэ засгийн унага нь эрвэлзүүлэнхэн жороо доо. Элст манхан нутагтай даа, эмгэн буурал ээжтэй дээ” гэж хангинуулан хүнгэнүүлдэг чинь манай нутгийн тухай дуу юм. Мөн “Сэрэлт” кинон дээр “Талын таван толгой” гээд жингэнүүлдэг бүсгүй чинь миний нутгийн алдарт дуучин Сүхийн Доной. Заг сум 1924-1928 онд Цэцэрлэг Мандал уулын аймгийн Богд хайрхан Уулын хошуу, 1929-1931 онд Цэцэрлэг мандалын аймгийн Богдмарал уулын хошуу гэх болсон түүхтэй. Богдмарал Уулын хошууны Чандмань сум нь Заг гол сум байсан ба даргаар Эрэндоо гэж хүн ажиллаж байсан гэдэг. 1934-1941 онд Архангай аймгийн Заг гол сум болж улмаар 1941 онд Баянхонгор аймаг шинээр байгуулагдахад Архангай аймгаас шилжин ирсэн зургаан сумын нэг нь Заг гол сум байжээ. Заг сум өргөн уудам нутагтай, 14 багтай, мянга гаруй өрхтэй, 4185 хүн амтай байжээ.

Манай сумын нутаг дэвсгэрт Хадат, Шорвогт, Оорцог таван толгой, Ар нарийн, Жаргалант хөндий, Дулаан жалга, Туруут, Хатавч, Үнхэлцэг зэрэг газарт хорь гаруй сүг зураг, агуйн бичиг байдгийг “Хонгор нутгийн өв соёл” номд Ж.Саруулбуян доктор дурдсан байдаг. Мөн Хиргистэйн аманд дөрвөн талдаа 18 буган сийлбэртэй хөшөө, Өвөр Бумбатын аманд хүн чулуун хөшөө хоёр, Хадатын эхэнд хоёр чулуун хөшөө, Шорвогтын Гурван нартын амны хөшөө чулуу, олон тооны хиргисүүрүүд гэхчлэн түүх дурсгалын газар олон бий. Лүнгийн багийн буган чулуун хөшөөдийг хүүхэд ахуй насандаа хөдөлмөр зусланд гарсан ангийнхан маань очиж үзэх их дуртай сан. Бүр хөдөө цайдам нутагтаа эрдэмтэн мэргэдийн судалгаанд ч хамрагдаагүй сүг зурагтай хадад их байдаг. Сүүлийн үед хадны сүг зураг их судлах болсон гүүш Г.Аким абугай очиход дуран дүүрэн зурагтай, дурайтал бичих таамаг нээлт олонтой л ирэх байх. Заг сум Баянхонгор аймагтаа эрдэмтэн мэргэдийнхээ тоогоор эхний гуравт багтдаг нь өвөг дээдсээс уламжилж ирсэн нутаг устай нь холбоотой биз ээ. Манай сумаас Ардыг гэгээрүүлэх яамны сайд Цэндийн Баттөмөр, Цэндийн Намсрай, Бямбын Даваасүрэн нар төрсөн байх жишээтэй. Харамсалтай нь хэлмэгдлийн хар шуурган жилүүдэд цэл залуухан сайд Баттөмөрийг хилсдүүлсэн гунигт түүх бичээртэй үлджээ.

Баянхонгор аймаг ардын уран зохиолч ганцхантай. Тэр нь манай сумын уугуул, Д.Нацагдоржийн болон Б.Ринчений нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсан багш шүү дээ. Хорь ч хүрээгүй насанд минь хонины бэлчээрээс хот хүрээнээ авчирч гэр орондоо суулган, эрдмийн их өглөг хайрласан ачийг нь насад үл мартнам. Баянхонгор гарын таван хуруу шиг цөөн академичтайн нэг нь академич, шинжлэх ухааны доктор, профессор Барнасангийн Пүрэвсүрэн юм. Академич Б.Пүрэвсүрэн бол Монголын Химийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, ШУА-ийн дэргэдэх химийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Байгаль орчны сайдын дэргэдэх эрдэмтний зөвлөлийн гишүүн зэрэг олон сонгуульт ажилтай нэгэн. Заг сумаас шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Бямбажавын Пүрэв-Очир, нийгмийн ухааны доктор, профессор, гавьяат багш Сүрэнхорлоо, эдийн засгийн ухааны доктор Юмдалын Адьяа, Баясгалангийн Ганбат, шинжлэх ухааны доктор, профессор Жанцангийн Бат-Ирээдүй, Болдуухайн Оюун-Эрдэнэ, газар зүйн ухааны доктор Жанчивын Авхинсүх, гео экологийн ухааны доктор Пунцагийн Чимэд, Ламчингийн Мөнхнасан, физикийн ухааны доктор Хундангийн Отгонбат, ХАА-н ухааны доктор Балжиннямын Цэдэнбал, анагаах ухааны доктор Цэнд-Аюушийн Алтансүх, техникийн ухааны доктор Пүрэвдашийн Мөнхтуяа, малын гавьяат эмч Лувсангийн Доржсамбуу, хүний гавьяат эмч Доржийн Шаравнямбуу нарын бахархалт олон хүн төрөн гарчээ. Монголдоо төдийгүй дэлхийд үнэлэгдэж “Дэлхийн шилдэг удирдагч” цолыг хүртэж байсан хорьдугаар зууны дэлхийн шилдэг сэхээтэн Намбарын Түмэнжаргал, дэлхийн шилдэг удирдагч “Тэрэлж жуулчин” компанийн захирал Доржхорлоогийн Бямбасүрэн нараараа Загийнхан бахархдаг. Н.Түмэнжаргал эдүгээ говийн баавгай мазаалайг хамгаалахын төлөө мэдлэг чадвараа зориулж явна.

Энэ нутгаас улсын аварга малчин гэхэд арван хоёр, алтан хурганы эзэн нэг, аймгийн аварга малчин хорь гаруй, спортын мастер найм, дэд мастер тав, улсын алдарт уяач хоёр, аймгийн алдарт уяач арван зургаа, Сүхбаатарын одонтой долоо, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой хүн арван найм, Алтан гадас одонтой 76 хүн төрсөн байх жишээний. Буянт сүргийн эзэд маань энэ онд малаа таван төрлөөр өсгөж 173 мянган мал тоолуулжээ. Саяхан Заг сумынхан нутгаа сурталчлах соёлын өдөрлөгийг Баянхонгор аймгийн төвд нижгэр зохион байгуулав. Аймаг, сумдын удирдлагын санаачлага дор соёлын өдрүүдийг “Заг сайхан нутгийнхаа түүх, домгийг хэн сайн мэдэх вэ” уралдаан, сургалт сурталчилгааг түүх нийгмийн багш, сургалтын менежер Д.Ариунтунгалагаар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулсан нь залгамж хойчид оюуны гэрэл тусгасан үйл явдал болж. Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсангийн нэрэмжит хүүхдийн яруу найргийн тэмцээнийг Баянхонгор аймгийн “Номун далай” цогцолбор сургууль дээр хоёр үе шаттай явуулж, сүүлийн шатанд 62 сурагч оролцон Баян-Өндөр сумын сурагч, улсын “Хүрэл тулга” яруу найргийн наадмын тэргүүн шагналт өсвөрийн найрагч А.Жадамба, ахлах ангийн ангилалд “Соого Сейко” сургуулийн сурагч, яруу найрагч Дагдангийн Тунгалаг нар тэргүүлэн, дэд байрт Заг сумын сурагч Н.Баярмаа, “Номун далай” сургуулийн сурагч Д.Азжаргал нар, гутгаар байрт “Эрдэнэмандал” ахлах сургуулийн сурагч Х.Сумъяабазар, “Номун далай” сургуулийн сурагч С.Гантуяа нар шалгарч ардын уран зохиолч Билгүүн номч Бямбын Ринчений тухай ном, мөнгөн шагналын эздээр тодорлоо. Ерэн насны даваа өөд мацаж яваа өвгөн найрагч Хонгор нутгийнхаа ирээдүй болсон найрагч охид, хөвгүүдэд дэлхийн таван хэлнээ орчуулагдсан “Өгсүүр замын дуу” ганц шүлгийн номоо гардуулахдаа монхорынхоо хажуу дахь ёнхорт баярын сувд гялалзуулж байсныг дурдах нь зөв байх. Мөн “Гэр бүлийн боловсрол-Гэр бүлийн аз жаргал” илтгэлийг Заг сумын уугуул, “Улаанбаатар” их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, шинжлэх ухааны доктор, профессор Болдуухайн Оюун-Эрдэнэ уншлаа. Хүүхдийн “Тэмүжин” театр дүүрэн сонсогчид оролцож төр улсын тулгуур болох гэр бүлийг аз жаргалтай байлгах чухал хэрэгцээтэй сургалтыг халуун дулаан уур амьсгалаар хүлээн авч сонслоо.

Тэрчлэн шатрын спортын дэд мастер, аймгийн хоёр удаагийн аварга Эрдэнэцогтын Мөнхбаяр, 100 буудалт даамны дэд мастер, аймгийн шатрын дөрвөн удаагийн аварга Доосүрэнгийн Мөнхзаяа нарын нэрэмжит шатрын тэмцээн насны хоёр ангиллаар болж, 60-аас дээш насны ангилалд 26 шатарч оролцон тэргүүн байрт М.Доосүрэн, удаад Л.Энхсайхан, гутгаарт Б.Лхагвасүрэн, 18-59 насны ангиллын тэргүүн байрт спортын мастер Ц.Одонгэрэл, хоёрдугаар байрт О.Хадбаатар, гуравдугаар байрт П.Баттүвшин, эмэгтэй шатарчдын нэгдүгээр байрт Д.Амарсанаа, удаад Д.Хандсүрэн, гуравдугаарт Т.Наранцэцэг нар орлоо. Монгол Улсын мэргэн Шагдарын Мөнх-Одын нэрэмжит шагайн харваан тэмцээний цуваа харвааны төрөлд нийт 117 харваач оролцсоноос Баян-Өндөр сумын харьяат, Монгол Улсын мэргэн Оргодолын Загдсүрэн түрүүлж, Баян-Овоо сумын харьяат, аймгийн хурц мэргэн Доржсэмбээгийн Цэдэвсүрэн удаалан, Шинэжинст сумын харьяат, Монгол Улсын мэргэн Бум-Очирын Батбаяр гурваллаа. Багийн харваа төрөлд 13 багийн 117 харваач оролцсоноос тэргүүн байрт Баянцагаан сумын харьяат, Монгол Улсын мэргэн Сүхдалай ахлагчтай баг, хоёрдугаар байрт Шинэжинст сумын харьяат Монгол Улсын хошой мэргэн Бүрэнтулга ахлагчтай баг, гуравдугаар байрт Заг сумын уугуул, Монгол Улсын мэргэн Шагдарын Мөнх-Од нарын баг шалгарлаа. Аймгийн хурц арслан самбо, жүдогийн спортын мастер Баасангийн Баасанбат, аймгийн арслан М.Батсуурь, аймгийн арслан, жүдогийн спортын мастер Б.Баярсайхан, аймгийн арслан Даваажанцангийн Батбаяр, цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох нарын нэрэмжит Үндэсний бөхийн барилдаан тавдугаар сарын 24-ний морь цагт ёслол төгөлдөр эхэлж, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Заг сумын Засаг дарга Д.Мөнхнасан, ИТХ-ын дарга Т.Нямжаргал нар үг хэлж Аймгийн арслан Б.Баасанбат, Б.Баярсайхан, Д.Батбаяр, цэргийн арслан Д.Цэрэнтогтох, аймгийн заан Жуухааны Баянжаргал, Дагвын Сайнбилэг нарт гүн хүндэтгэл үзүүллээ. Арслангуудын нэрэмжит барилдаанд аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүү түрүүлж, цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох үзүүрлэн, шөвгийн дөрөвт аймгийн арслан Чойжингийн Баасанбат, аймгийн заан Батбаярын Жамбалдорж нар үлдэж уран мэхийг уралдуулж, үнэн хүчийг үзлээ.

Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Юнрэнгийн Мөнхжингийн нэрэмжит үндэсний сурын харваанд улс, аймгийн цолтой 11, залуу харваач 33, өсвөрийн харваач 19, нийт 63 харваач цэц мэргэнээ сорин оролцсоноос насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Б.Амартүвшин тэргүүлж, дэд байрт Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат Шүүхийн шинжилгээний харваач, аймгийн хошой мэргэн Б. Мөнх-Эрдэнэ, гуравдугаар байрт Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат залуу харваач Ц.Төмөрчөдөр, дөрөвдүгээр байрт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат нэгдүгээр зэргийн харваач Б.Лхамсүрэн, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат аймгийн мэргэн Н. Баяртайван, эмэгтэй төрөлд Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат, “Эрдэм” ахлах сургуулийн харваач Ш. Гавьяасүрэн түрүүлж, аймгийн дархан мэргэн Н.Наранжаргал, спортын дэд мастер Л.Мөнхзаяа, Ж. Хашбат, Б.Мөнхшүр удаахь байруудыг эзэлсэн бол хөвгүүдийн төрөлд А. Билгүүнбаяр түрүүлж, О.Бат-Итгэл, Л.Баттулга, Очирхандын Билгүүнтөгөлдөр, Л.Өсөхбаяр шагналт байруудад орлоо. Охидын төрөлд Х.Мөнхжин түрүүлж, Т.Азжаргал, А.Мөнхжин, О.Саруул, Ж.Халиун нар цэц мэргэнээ сорьж үзэгч олныг баясгалаа. Эндээс нэг зүйл анзаарахад Үндэсний сурын спорт сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа нь тодорхой байв. Волейболын спортын мастер, 2017 оны софт волейболын улсын аварга Жуухааны Ганчулууны нэрэмжит тэмцээнийг дөрвөн насны ангиллаар зохион байгуулснаас 60-аас дээш насны тэргүүн байрт “Хонгор хайрхан” О.Баатарсүрэн ахлагчтай, дэд байрт Заг сумын Д.Шаравнямбуу ахлагчтай, гуравдугаар байрт “Боргиот” М.Долгорсүрэн ахлагчтай багууд, 50-59 насны тэргүүн байрт Биеийн тамир спортын газрын О.Дашдаваа ахлагчтай, дэд байрт Заг сумын Ж.Баянжаргал ахлагчтай, гуравдугаар байрт “Эрдэм” ахлах сургуулийн Очирбат ахлагчтай багууд орсон юм. Мөн 40-49 насны нэгдүгээр байрт “Эрдэм” ахлах сургуулийн Ж.Батсайхан ахлагчтай, дэд байрт Галуут сумын Баянмөнх ахлагчтай, гуравдугаар байрт Заг сумын Лхасүрэнгийн Ариунболд ахлагчтай багууд, 35-39 насны нэгдүгээр байрт БТСГ-ын Д.Арцад ахлагчтай, дэд байрт “Эрдэнэ мандал” ахлах сургуулийн Батцэцэг ахлагчтай, гуравдугаар байрт Заг сумын Б.Хүрэлбаатар ахлагчтай багууд шалгарлаа.

Спортын уралдаан тэмцээнүүдээс гадна Заг сумынхны бахархал болсон урлаг соёлынхон ч ая дуугаа өргөж ард олноо баясгав. Мэргэжлийн урлагийнхан оролцсон тоглолтыг баянхонгорчууд тасалбар худалдан авч үзсэн бөгөөд үнэхээр олны сэтгэлийг хөглөж, итгэлийн гэгээ хайрласан үзвэр болсон юм. Тоглолтод Ваанчиг эмчийн хүү Батзориг “Хөсөгтөн” хамтлагаа, Дашзэгвэ багшийн хүү Мөнхсайхан “Жонон” хамтлагаа, Заг сумын уугуул, алдарт тууварчин Лодойн ач хүү Г.Пүрэвдагва “Увертюра” хамтлагаа тус тус бүрэн бүрэлдэхүүнээр нь аваачин, урлагийн гайхамшгийг мэдрүүлсэн бол Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Даваасүрэнгийн Отгонжаргал, уртын дуучин Пагмадулам нар уянгат сайхан эгшиг дуугаараа Заг нутгийн олноо болон Хонгор нутгийнхнаа баясгалаа. Басхүү Загийн голоосоо хүрэлцэн ирсэн соёлын тэргүүний ажилтан Сүхбаатарын Бааст тэргүүтэй ардын авьяастнуудын “Эгшиглэнт Хүрэн бэлчир” тоглолт ч нүд баясгаж, сэтгэл хөглөм сайхан болсныг ус нутгийн хүүгийн хувьд хэлэхээс аргагүй байна. “Уяхан хийл шиг Загийн гол минь” гэж уйдашгүй залуу насандаа хэлсэн шүлэг юүгээн эл олон алдартан чуулсан тайзнаа уншаад буухын цагт тэнгэрт одсон өвгөд буурлуудын минь гэгээн харц ширтэж байх шиг цаанаа л нэг уяралтай байлаа даа.


Categories
мэдээ цаг-үе

Б.Онон: Таргалалтын эсрэг хагалгааг дурангийн аргаар амжилттай хийж байгаа

Улсын клиникийн хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Б.Ононтой ярилцлаа.

-Дурангийн мэс заслын нээлттэй хаалганы өдөрлөг танай эмнэлэгт боллоо. Энэ төрлийн мэс засал хэр хөгжиж байна вэ?

-Манай эмнэлэг 2000 оноос эхэлж дурангийн мэс засал хийж эхэлсэн. Одоо бол хагалгааны хүрээ томорсон. Эмэгтэйчүүдийн мэс засал, чих, хамар хоолой, хэвлийн хөндийн мэс засал,цээжний хөндийн мэс засал, дотор, элэг, цөс, нойр булчирхай,бүдүүн нарийн гэдэс гэх мэт. Мөн өвдөгний үений дурангийн мэс засал хийж байна. Манай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд хувийн эмнэлгээс юугаараа илүү, юугаараа дутуу мөн улсын эмнэлгээс юугаараа илүү, дутуу гэдгийг нээлттэй өдөрлөгөөр ард иргэдэд танилцуулсан юм. Мөн цөсний хүүдий авах мэс засал гэж юу байдаг, чулуутай цөсний хүүдийг яагаад заавал авах ёстой гэх мэт олон төрлийн зөвлөгөөг өглөө. Манай эмнэлэгт хагалгаанд орж байгаа цөсний хүүдий хагалгааны 98 хувийг дурангийн мэс заслын аргаар гүйцэтгэж байгаа.

-Мэс заслын тоо сүүлийн үед нэмэгдэж байна уу?

-Эмэгтэйчүүдийн мэс заслын хагалгааны тоо, дурангийн мэс заслаар хийгдэх хагалгааны тоо эрс нэмэгдсэн. Нийт хагалгааны 65 хувийг дурангийн мэс заслын хагалгаа эзэлж байна. Өмнө нь нээлттэй хагалгаа хийгээд том шархтай хүмүүсийг удаан хугацаанд эмчилдэг олон хоног эмнэлэгт хэвтүүлдэг байсан. Мухар олгойн хагалгаа том зүслэгтэй. Хагалгааны дараа маш олон дэглэм баримталдаг байсан бол дурангийн хагалгаанд шилжүүлснээрээ оношлогоо сайжирсан. Үүнээс гадна булчирхайн мэс засалд дурангийн мэс засал ашигласан бамбай булчирхай, бөөрний дээд булчирхай, түрүү булчирхай гээд булчирхайлаг эрхтнүүдэд мэс засал хийхдээ, тухайлбал бамбай булчирхайн хагалгаа хүзүүнд нь том сорви үлдээдэг байсан бол дурангийн мэс заслын аргаар хийснээр ямар ч сорвигүйгээр суганд нь зүсэлт хийчиж байгаа. Мөн бид таргалалтын эсрэг хагалгаа хийж байна. Маш олон таргалалттай хүмүүс,сахарын өвчтэй хүмүүс байгаа. Тэдэнд дурангийн мэс заслын аргаар ходоодны эзлэхүүн бууруулах, хоол боловсруулах замын чиглэлийг өөрчлөх зарчмаар дурангийн хагалгаа хийж байна.

Одоогийн байдлаар манайд ойролцоогоор 60-аад тохиолдлын хагалгаа орсон бүгд амжилттай. Энэ хагалгаагаар сахарын өвчтөнүүд бүгд 100 хувь эмчлэгдэж инсулин хэрэглэдэг байсан нь буцаад эмэнд орж сахараа маш сайн бууруулсан. Сахарын өвчинтэй эм уудаг байсан бол больж, амьдралын хэвийн хэвшил рүүгээ орсон. Сахарын өвтэй хүмүүс идэж уух гээд тусгаарлагдаж байдаг бол энгийн хүн шиг болж байна. Бид сахарын өвчтэй хүмүүст ходоодны ислэгийг бууруулах хагалгаа хийснээрээ сахарын өвчинг байхгүй болгож бөөрний дутагдалд орохоос сэргийлж байна. Сахарын өвчний улмаас бөөрний дутагдалд орж буй хүмүүсийн тоог бууруулж байгаа юм. Мөн өвдөгний үений дурангийн мэс засал хийгдэж байна. Өвдөгний үеийг солих, төвөнхийн үеийг солих мэс ажилбар мөн өвдөгний үений нөхөн сэргээх дурангийн мэс засал зэргийг хийснээрээ манай эмнэлгийн олон төрөлт хагалгааны чанар сайжирч, өвчтөнүүдэд өгөх тусламж сайжирсан.

Дурангийн мэс заслын талаар залуу эмч нарт дурангийн мэс заслын дадал зөв эзэмших, онош зөв гаргах зэрэг сургалт явуулж байна. Урьд нь манай эмнэлэг долоо хоногт нэг хоёрхон удаа дурангийн хагалгаа хийдэг байсан бол одоо өдөрт доод тал нь14 удаа, их ачаалалтай үед 16, 17 удаа хийж байна. Дурангийн мэс заслын багаж хэрэгсэл орчин үеийн өндөр хүчин чадалтай багажуудыг төслийн хүрээнд авч чадсан ч гэсэн энэ багажны ашиглалт зуун хувь биш. Зарим нэг хүндрэлтэй асуудал нь сайн багажны хангалт муу зэрэг асуудлууд байгаа. Багажны шинэчлэлтийн стандарт жилд гурван удаа байх ёстой ч нэг удаа хийж байгаа. Мөн хагалгааны чанар, өвчтөний эмнэлэгт байх хугацаа богиносож байгаа юм. Эмнэлэгт богино хугацаагаар байна гэдэг эмнэлгээс гарч буй үргүй зардал багасч, тэр хэрээр халдварт өртөх магадлал буурч байдаг. Бүдүүн гэдэсний хавдрын хагалгааг дурангаар хийж байна. Энэ нь үр дүнтэй янз бүрийн хүндрэлүүдээс маш сайн урьдчилан сэргийлж байгаа. Бид нурууны хагалгаандаа хамгийн орчин үеийн, өнөөдөр дэлхий дахинд хэрэглэгдэж байгаа багаж хэрэгслүүдийг ашиглаж байгаа.

-Сүүлийн үе хүмүүс их дэглэм барих болсон. Хоолны буруу дэглэмээс болоод хагалгаанд орох хүртлээ муудсан тохиолдол хэр байна вэ?

-Ер нь хоолны дэглэмийн талаар телевиз, радиогоор буруу мэдээлэл их явж байна, хувь хүмүүс ч буруу мэдээлэлтэй бас хоолны дэглэмийг өндөр үнээр зараад, хүмүүст идэх хоолыг нь зааж өгөөд хүмүүсийг буруу чиглэл рүү явуулж байгаа зүйл их байна. Физиологи үйл ажиллагаа гэдэг бол анатомийн үйл ажиллагаа физиологийн үйл ажиллагаа хамтарч явагддаг дотоод шүүрлийн бодисууд нэг хэмжээгээр ялгарч байдаг процесс. Мацаг барина гэдэг дээр үеийн лам нарын дунд байсан арга хэдий ч үүнд хүн өөрийгөө бэлддэг, тусгай зориулалтын газарт хийдэг зүйл. Турахын тулд мацаг барина гэдэг маш буруу зүйл. Хүний бие махбодид яг нэг порпорцоор ялгарч байдаг дотоод шүүрлийн бүх үйл ажиллагаануудыг савлуулдаг. Хүний амтлах, үнэрлэх, харах, мэдрэхүй бүгдээрээ дотоод шүрлийн үйл ажиллагааг идэвхжүүлж байдаг.

Мацаг барьсан хүн хоолны зураг, үнэр авахад шүүрэл явагддаг энэ нь асар их хэмжээний хүндрэл учруулдаг. Бид анатомийн, физиологийн эрүүлийг хамгаалах анагаах ухааны мэдлэггүй хүмүүс өөрсдийн хэрэгжүүлсэн арга, эсвэл гадаад хэл дээр орчуулсан зүйлийг шууд монгол хүмүүст авчирч байгаа нь буруу. Үүнээс болж түгжрэл их болж, хоолны буруу дэглэмээс үүссэн хүндрэл их гарч байна. Монгол хүн зун цагаан идээ, намар ногоо будаа, өвөл мах хавар уураглаг хүнс хэрэглэх ёстой.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Мянга мянган жилд өөрчлөгдөөгүй мал аж ахуй

Монголын мал аж ахуй мянган жилдээ өөрчлөгдсөнгүй. Газар тариалан гарч ирэхээс төө өмнө л монголчууд өнөөдрийнх шиг арга барилаар мал аж ахуйгаа эрхэлж байжээ. Өнгөрсөн хэдэн мянган жилд энэ дэлхий дээр ямар их хөгжил хөдөлгөөн өрнөж, хүн төрөлхтөн дээш мацав. Үүнтэй харьцуулахад өнөөдөр Монголын хөдөө аж ахуйд, малчин айлын гэрт нарны зай, гар утас хоёроос өөр хөгжил, өөрчлөлт гэх зүйл алга. Өнөөх л чөдөр ногтоо зангидаж, үхрийн ширэнд айргаа исгэж, хонины гүзээнд өрмөө хадгалж, дөрвөн ханатай гэртээ салхинд хийсчих шахан, цас бороонд дэндэгнэн амьдарсаар. Ядаж л хоёр эр ямаанаас гарах ноолуурын үнээр чип авч эцэг малынхаа арьсанд суулгачихаад хаа явааг нь багцаалж суух ухаан алга. Тийм нэг дохио өгдөг юм байдаг л сурагтай гэх шигийг яриад сууж байна. Гэрээсээ дөрвөн км-ийн радиуст нисгээд ойр орчимд байгаа малаа камераар нь харуулдаад байж болох дроныг ашиглах тухай ойлголттой малчингүй байна. Үүний оронд лам, мэргэч төлөгчөөс алдсан малаа сурагласаар. Азаар ойролцоо мэдэж дуугарсан мэргэч төлөгчийг тахин шүтэж, хэдэн арван дрон, чип худалдаж авах мөнгийг өргөл барьц болгон өгч сууна. Манай мал аж ахуйд ашиглая гэвэл, хөгжлийн шат ахиулъя гэвэл боломж өдөр бүр нэмэгдсээр байгаа. Гэвч лам, бөө хоёр руугаа гүйсээр байна. Үр дүнд нь бахь байдгаараа, морь бөхөө ярьж, хужаа мотоцикльтойгоо ноцолдож, сумын дэлгүүрийн лангуун дээрх шилтэй цэнхэрт нүүсээр он жилийг үдэж байна даа.

Яагаад ийм байна вэ? Шулуухан хэлэхэд Монголд мал маллаж буй хүн огт өлсдөггүй. Өлсөж үзээгүй хүн залхуугийн туйл байдаг. Бид өлсөж үзсэн бол, дайн үзсэн бол хэдэн арван Нобелийн шагналтантай болчих байлаа. Бахархдаг түүхээрээ бол, том том ярьдаг амаараа бол, аль хэдүйн дэлхийн оюуны түүчээнд явж байх юм. Өлсөж үзээгүй болохоор цааш хэрхэн хөдөлмөрлөх, амжилт олох, ахиж дэвжих тухай өчүүхэн ч ойголтгүй байдаг юм байна. Мал аж ахуй нь хөгждөггүй учраас хүнээ хөгжүүлдэггүй. Хөдөлмөрлөдөггүй учраас малчны хот хөгждөггүй ийм л улс байсаар байна.

Ийм байхыг хөгжөөн дэмждэг, өөгшүүлдэг, турхирдаг тодорхой масс нийгэмд бас байна. Гадаадын хэдэн эрдэмтэн, түүхчид нүүдлийн аж ахуйг хэвээр авч үлдэх нь гайхамшиг хэмээн сурталддаг. Энэ нь угтаа хаа байсан мянган жилийн өмнөхөөрөө амьдарч байгаа отог омгийнхон Монголд байна гэдгийг жуулчдад харуулах гэсэн хүсэл санаа юм. Гадны хэдэн эрдэмтэн, хэдэн жуулчдад үзмэр байлгах гэж малчдаа эсгий гэрт, хиртэй хувцастай, хэдэн зууны өмнөх эдлэл хэрэглэл, эмээл хазаар, аяга шанагатай байлгах нь Монголын хөгжил биш ээ.

Манайх шиг нүүдлийн мал аж ахуйтай улс орон энэ дэлхий дээр олон байсан. Одоо тэд хөгжлөө дагаад өөрчлөгдсөн. Дийлэнх нь фермерүүд болж хүн төрөлхтөний хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байна. Европын өндөр хөгжилтэй орнууд, Австрали, Азийн орнууд… хаа сайгүй эрчимжсэн мал аж ахуй өндөрт гарлаа. Малаас гарч болох бүх л түүхий эдийг таваарлаг болгож, эдийн засгийн эргэлтэд өндөр үнэтэй оруулж байна. Мах, сүү, арьс шир, үс ноос… юу л байна бүгд хүн төрөлхтөний үнэт хэрэгцээ болон арилжаалагдаж, ашиг олж байна. Хүний нийгмийн хамгийн үнэн юм бол мөнгө их олсон нь хөгждөг, сайхан амьдардаг явдал юм. Мөнгөгүй, мөнгө олдоггүй улс орнууд л ядуу дорой амьдарч байна. Үүнийг хэн үгүйсгэх юм бэ.

Монгол Улс 60 сая малтай. Үүний 10 саяыг нь л хэрэглэж байна. Бусад 50 саяыг нь хадгалж байна. Хадгалсаны үр дүнд бэлчээрийн даац хэтэрч, ган зуд нүүрлэж, ямар ч хэрэгцээгүй таваар болж байна. Үнэндээ Монголын мал аж ахуйд мал нь хүнээ тэжээгээд байна уу, хүн нь мал тэжээгээд байна уу. Угтаа бол 60 сая малын дор хаяж 50 хувь нь эдийн засгийн эргэлтэд жил бүр орж байх ёстой. Монголын мах экспортод гарах ёстой гэсэн үг. Хоёр хөршийнхөө хилд ойрхон хэдэн жижиг хотын махны хэрэгцээг хангах гэрээ байгуулахад л манай 60 сая мал бараг хүрэлцэхгүй. Эрэлт ийм өндөрт гарахад малын үнэ өснө, малчдын амьдрал дээшилнэ. Мөнгөтэй болсон малчдын хэрэгцээ ихэснэ. Эрэлт хэрэгцээ дагаж үйлдвэр үйлчилгээ тэлж, ажлын байр нэмэгддэг. Ийм л эдийн засгийн энгийн логикоор бодоход өнөөдөр мал аж ахуй ямар арчаагүй, хөгжилгүй, дорой байгаа нь харагдаж байгаа юм. Сумын төвийг хичнээн эрчим хүчээр холбож, халуун дулаантай болгоод яах юм. Малтайгаа адилхан ахуйтай болчихсон, ямар ч хэрэглээгүй болчихсон Монголын малчдад гэрэл цахилгаан, халуун хүйтэн ус, нарийн ширийн хоол, нойтон алчуур, нойлын цаас ч хэрэггүй байна шүү дээ. Хүн амын маань талаас илүү хувь нь болох ийм хүмүүс дээр хэн очиж наймаа хийж, соёлыг түгээх юм бэ. Ийм л болохоор Монголын мал аж ахуйг өөрчлөх, шинэчлэх, хөгжилд хөтлөх цаг болжээ.

Өөрчлөхгүй бол Африкийн Танзан улсын Хазза овгийнхноос нэг их ялгаагүй хүмүүс болох нь. Энэхүү Хазза овгийнхон өнөөдөр ямар байна гээч. Гартаа нум сумаа барьж амьдралаа залгуулсаар 10000 жилийн нүүрийг үзэж байна.

Анаашны арьсаар хийсэн тэдний нум сум тахь, усны үхэр, бодон гээд том амьтдаас эхлээд шувуу, хэрэм, зурам гэсэн жижиг амьтдыг ч унагана. Сумандаа хор түрхсэн байдаг тул, оногдсон амьтад сумны шарханд гэхээсээ хоронд хордож үхдэг. Ан гөрөөгөөр амьдралаа залгуулах тэдэнд суурьшил гэж үгүй. Нэг газар нэг сараас илүү тогтохгүй. Ан гөрөөгөө хөөгөөд ийш тийш нүүдэллээстэй /манайхан малын бэлчээрээ дагаж нүүдэг шиг/. Тэд очсон газартаа гэр барихдаа цагаас илүү хугацаа зарцуулахгүй. Тэдний гэр нь жижиг мөчир, өвс зэргийг томж холбосон бяцхан урц маягийн зүйл.

Профессор Frank Mar­lowe сүүлийн 15 жилийн турш Хазза омгийг судалж буй нэгэн. Түүнийхээр бол “Хаззачуудын аж амьдрал холын өвөг дээдсийн үеэсээ өөрчлөгдөөгүй байх” гэнэ. Одоогийн ан гөрөө хийдэг амьдралын хэвшил нь дор хаяж газар тариалан эхлэхээс өмнөх 10000-аад жилийн тэртээгээс тоологдох нь бараг нотлогдоод буй аж. Шүүрс алдам урт удаан үргэлжилсэн хүний түүх гэдэг, үнэндээ түүний 99 хувьд нь яг хаззачууд шиг амьдралаар амьдарч ирсэн. Эсрэгээрээ сууриншиж газар тариалж, мал адгуулах болсон нь хамаагүй саяхны явдал буюу хүний түүхийн ердөө нэг хувьд хүрэхгүй богинохон өрнөл. Тэгсэн хэрнээ тэр нэг хувийн хормын төдий хугацаандаа өөрийнхөө 99 хувийн амьдралаа ул мөргүй шахуу өөрчлөөд тавьчихсан байгаагаа бид өөрсдөө харж сууна.

Хаззачууд харийн хүмүүс нутагт нь орж ирсэн ч эсэргүүцнэ гэж байхгүй. Зүгээр л өөрсдөө зай тавиад нүүгээд явчина. Аж амьдрал нь бүхэлдээ “өнөөдрөөрөө амьдрах” тул эд агуурс хуримтлагдана гэж санахын ч хэрэггүй, хаззачуудад хөрөнгө хогшил байтугай, хүн нэг бүрт нь хувийн эд хэрэгсэл гэхээр юмгүй. Эрх мэдлээр ч ялгарахгүй, эд баялагаар ч ялгарахгүй. Томчууд нь хэнд ч тушаагдахгүй, бас хэнийг ч тушаахгүй. Эр эмийн харьцаа ч ерөнхийдөө эрх тэгш. Нарийн харвал эмэгтэйчүүд нь давамгайлах талдаа. Ямартай ч эрчүүд нь галзуурсан ч эмэгтэйчүүдээ захирах гэж оролдохгүй. Хазза омгийнхон дотор гэр бүл салалт гол төлөв эхнэр нь нөхрөө хаяна. Хаягдсан эрчүүдийн хамгийн түгээмэл шалтгаан нь “ан гөрөөнд муу” гэх явдал. Ангаас гар хоосон ирсэн эрчүүд дээр тусах хүүхнүүдийн харц ширүүн. Гэсэн хэдүй ч хаззачууд юунд ч санаа үл зовно. Тэдний бодолд угаасаа “санаа зовох” гэдэг үг байхгүй. Юу гэвэл, тэдэнд цаг хугацааны ухагдахуун гэж үгүй. Байгаа нь зөвхөн “өнөөдөр” гэдэг өдөр л байна. Маргааш, нөгөөдөр гэх мэт үг байдаг ч, түүнээс цаашхийг илэрхийлэх үг ухагдахуун тэдний 10000 жилийн амьдралд нь шаардагдаагүй байна. Тэднээс насыг нь асуувал хэн ч өөрийнхөө насыг мэдэхгүй. Ямар ч цаг үед, юу ч болдог бай, тэд зөвхөн “өнөөдөр”-өөр л амьдарч иржээ.

Малчны удам миний хувьд мал аж ахуйгаа эдэнтэй зүйрлэхдээ эмзэглэж байна. Гэхдээ зүйрлэн сэрэмжлүүлэхээс өөр арга алга. Арван мянган жилийн өмнөх амьдрал нь огт өөрчлөгдөөгүй хаззачууд шиг амьдарч буй малчдаа цаашид ингэж амьдруулмааргүй байна. Мал аж ахуйг магтан дуулсан гадна дотны үзэл сурталд бодолтой хандаж, түгээн дэлгэрүүлэх нь буруу байна. Бид ийм солгой эгшиг, сондгой өнгөтэй байвал өнөөдрийн хүн төрөлхтний түүхээс арилна. Монголын хөдөөд цөөн хэсэг нь малчин удмаараа, ахуйгаараа байхыг үгүйсгэхгүй. Хаана ч уламжлалаа хадгалсан цөөн хэсэг нь гадныханд үзмэр маягтай байж байдаг. Харин олонх нь хүн төрөлхтөний хөгжлөө дагажээ.

Хамгийн гол нь мал аж ахуйгаа өнөөдөр таваарлаг болгож байж л энэ байдлаас гарна. Туйлдаа хүртэл доройтчихсон салбар биш. Эдийн засгийн их боломж Монголын мал аж ахуйд байна.

Тооцъё л доо. Дэлхийд натуралный мах, арьс, үс ноос хамгийн эрэлттэй хэвээрээ байна. Жишээ нь, манай сарлагийн арьсыг гүйцэх сайн чанарын гутлын түүхий эд дэлхийд байхгүйг мэргэжилтнүүд нэг дуугаар хүлээн зөвшөөрдөг. Бид ашиглаж чадахгүй л байна. Бид 10 сая малынхаа арьс ширийг боловсруулж гадагш нь гаргахад нэг тэрбум ам.доллар олох наад захын тооцоо бий. Нэмүү өртөг шингээвэл хоёр тэрбум болно гэдэг. Хорин сая малынхаа арьс ширийг боловсруулаад гаргавал хэд болох уу. Гучин сая малынхаа арьс шир, үс ноосыг гүн боловсруулаад олон улсад гаргавал юун Оюу толгойн долоон тэрбум ам.доллар, 10, 20 тэрбум ам.долларт хүрэх нөөц бидэнд байна. Европын өндөр хөгжилтэй орнуудад савхины сайн оёдолчны сарын орлого 7-11 мянган ам.доллар байна шүү дээ. Тэгвэл дэлхийн савхины түүхий эдийн хамгийн сайн нөөц Монголын хээр талд бэлчиж байна.

Арьс ширийн үнэ цэнэ зөвхөн ийм байгаа бол мах, өлөн гэдэс, малын ихэс… гээд өчнөөн түүхий эд дэлхийд ховор, үнэ нь улам өссөөр байна. Монгол малын өлөн гэдэс Германд хамгийн үнэтэй. Мэс заслын хамгийн сайн оёдлын утас болдог. Дэлхийн баячуудын хэрэглээ болсон хамгийн тансаг хиаман бүтээгдэхүүний түүхий эд бас хэвээрээ байна. Дэлхийн баячуудын үзэх, хичээллэх дуртай спорт газрын теннисний цохиур, бусад эдлэл хэрэглэлийг ч өлөн гэдсийг маш нарийн боловсруулж хийж байна. Энэ бүгдийг манай бизнесмэнүүд мэднэ. Ганцхан хөгжиж дэвжээгүй хөдөө аж ахуй, дэд бүтэцгүй малчдаасаа энэхүү ховор түүхий эдээ хэрхэн авах аргаа олохгүй байна. Үе үеийн эрх баригчдын зүгээс мал аж ахуйд хандсан дорвитой бодлого шийдвэр, сэтгэл зүтгэл огт гарсангүй. Сонгууль болохоор л бүгдээрээ “Миний малчин түмэн” гээд дүр эсгэж давхиж очихоос биш, сонгуулийн маргаашаас малчдыг ор тас мартдаг. Уул уурхай дээр л уралцаж, улс орноо хөмрөх шахаж байна.

Гэтэл ийм их баялгийг бүтээж, эдийн засгийн эрс сэргэлт авчрах түүхий эдийн нөөц хэдэн зуун жилийн өмнөхөөрөө амьдарч буй монгол малчны хотонд, мал аж ахуйн салбарт байсаар байна. Үүнийгээ бид ашиглаж чадахгүй мөлхсөөр байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Өмч хувьчлал эзэд нь тодорсны дараа эхэлж байна уу?” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан: Уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдсэн учраас 1000 вагон худалдаж авсан хэмээн ярьсан байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Өмч хувьчлал эзэд нь тодорсны дараа эхэлж байна уу? хэмээх нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Эхнээсээ бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан бол иргэд эсэргүүцэж, бухимдахгүй байсан хэмээн ярьжээ.

МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн , өмгөөлөгч Л.Мөнхсайхан: Шүүх хуульд байхгүй эрх эдлээд, үүргээ биелүүлэхгүй улс төрийн нөлөөнд ороод байна хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

Өдрийн сонин-ы Баримт, үйл явдал нүүрт Үндэсний батлан хамгаалахын Их сургуулийн докторант, хурандаа Ж.Наранбаатар: Соён гэгээрүүлэх нь хар тамхитай тэмцэх хамгийн үр дүнтэй арга хэмээн ярьжээ.

Зарим элсэлтийн шалгалт хойшлогдсон нь худлаа гэв хэмээн “Боловсрол” нүүрт өгүүлсэн байна.

“Өдрийн сонин”-ы “Улс төр” нүүрт ШХАБ-аас шүүрэх Монголын эрх ашиг хэмээн өгүүлжээ.

Ширээний тоглоом буюу ХӨЗӨР хэмээн өгүүлсэнийг “Танин мэдэхүй” нүүрээс хүлээн авч уншаарай.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: Албан тушаалд очъё гэсэн хүн Ардын намын генсекийн үүдэнд дугаарлаж зогсдоггүй хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

Завханы Тэлмэн суманд хүүхдийн “Хүрэл тулгатан” наадам болов хэмээн “Аяны дөрөө мултлахуй” нүүрт өгүүлсэн байна.

“Эмч” нүүрт Г.Баяртүвшин Антибиотик уувал давхар мөөгөнцрийн эсрэг эмийг тохирох тунгаар хэрэглэх ёстой хэмээн ярьжээ.

Трамп, Ким нарын уулзалтыг 3000 сэтгүүлч сурвалжилна хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Эмэгтэйчүүдийг уриалсан бичигтэй лоозон барьжээ

Их Британийн Лондон, Эдинбург зэрэг дөрвөн томоохон хотод эмэгтэйчүүд сонгох эрхтэй болсны 100 жилийн ойг тэмдэглэн ногоон, цагаан болон нил ягаан өнгийн ороолт зүүсэн 50000 гаруй бүсгүй баярын жагсаал хийсэн тухай “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв.

Дээр дурдсан өнгийн ороолт зүүсэн нь “1918 онд эмэгтэйчүүдийн сонгох эрхийн тухай хуулийг батлуулж чадсан” эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөнийг билэгдэж буй ажээ.

Жагсаалд оролцогч бүсгүйчүүд сонгуульд идэвхтэй оролцож, сонгох эрхээ эдлэхийг эмэгтэйчүүдэд уриалсан бичигтэй лоозон барьсан байжээ.