Categories
мэдээ нийгэм

“Ноён тур” амралтын газрыг түр хугацаагаар хаажээ

Багануур дүүрэг дэхь “Ноён тур” амралтын газарт өнгөрсөн амралтын өдөр амарч байсан 30 гаруй иргэн жимснээс хордлого авч эмнэлэгт хүргэгдсэн билээ.

Өнөөдрийн байдлаар хордлого авсан иргэдийн биеийн байдал дээрдэж зарим нь эмнэлгээс гарсан байгаа гэнэ. Өрхийн эмчийн хяналтад 10 гаруй хүн эмчилгээ хийлгэж байгаа аж.

Халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор НМХГ-аас улсын байцаагчийн актаар дээрх амралтын газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Түүнчлэн тус газарт үзлэг, шалгалт хийгджээ.

Хордсон иргэдийн шинжилгээний хариу одоогоор гараагүй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар бол “Барс” захаас худалдаж авсан жимс жимсгэнээс хордлого авсан байж болзошгүй гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд баярын илгээлт явууллаа

ОХУ-ын Үндэсний баяр-Оросын өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд баярын илгээлт явуулж, ноён В.В.Путин болон тус улсын иргэдэд баяр хүргэлээ.

Илгээлтэд:

Оросын Холбооны Улсын Үндэсний баяр-Оросын өдрийг тохиолдуулан монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон Танаар уламжлан оросын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Монгол Улс, ОХУ-ын уламжлалт, найрсаг хөршийн үзэл санаа, итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаанд суурилсан харилцаа нь Стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэхэд таатай байна.

БНХАУ-ын Чиндао хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр Тантай хийсэн хоёр талт болон Монгол-Орос-Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт 4 дэх удаагийн уулзалт ажил хэрэгч, амжилттай болсонд сэтгэл нэн хангалуун байна. Уулзалтаар яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгох чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна.

Түүнчлэн 2018 оны 6 дугаар сарын 7-9-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Монгол, Оросын санаачилга 2018” цуврал арга хэмжээ амжилттай болсон бөгөөд тус үеэр “Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсанд баяртай байна.

Ирэх онд тохиох Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэх нь Монгол, Оросын залуу хойч үед түүхийн үнэнийг ойлгуулах, хоёр ард түмний итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэж байна.

Энэхүү завшааныг ашиглан, Эрхэм хүндэт Владимир Владимирович Танд эрүүл энх, сайн сайхан, Оросын найрсаг ард түмэнд энх тайван, хөгжил цэцэглэлтийн ерөөлийг дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана

Өнөөдөр буюу 2018 оны зургадугаар сарын сарын 12-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

10:30-17:30 цагт: 10, 12-р хороо 20-р цэцэрлэг, Жанжины 12-21-р гудамж, 69 айл, 20-р цэцэрлэг орчмоор, Мобиком, Жаргалант, Сайрын харгана, Бодь зул сан, Махаяан Дарь эх сүм, Си Пи Эм Си, Вэлл март ХХК-ууд, БЗД-ийн Нийтлэг үйлчилгээний газар, Ботаникийн хүрээлэн, Төмөр зам засварын бааз болон ойр орчмоор

11:00-21:00 цагт: 20-р хороо. Гачуурт орчмын бүх хэрэглэгчид, УСУГ-ын худагууд, Иргэн Наранцэцэг, Баянмөнх, Рендэр, Баянгол тохижилт, УБ буян ХХК-иуд тэр орчмын хэрэглэгчид

СҮХБААТАР ДҮҮРЭГ

11:00-16:00 цагт: 5-р хороо ТЗҮАА эрхлэх газар

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

11:00-17:00 цагт: 11, 15, 16-р хороо 6-р бичил хороолол, Хувьсгалчдын өргөн чөлөө Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төв, 36, 77/1, 77/2, 78А, 78А/1, 78А/2-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

09:00-17:00 цагт: 11, 2-р хороо 120 мянгат, 53-р цэцэрлэг, 19-р хороолол 8А, 19, 39, 40, 42-р байрууд, Үйлчилгээний төв, АТС-34, Номин холдинг болон эдгээрийн ойр орчмоор

СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРЭГ

11:00-17:00 цагт: 21-р хороо Жаргалант тосгон, Алтан Дорнод, Юнител, Түмэн шувуут, иргэн Насанжаргал болон эдгээрийн ойр орчмоор

НАЛАЙХ ДҮҮРЭГ

10:00-17:00 цагт: 2-р хороо Эрдмийн оргил сургууль, Дотуур байр, МСҮТ, Содон төв орон сууцны байр

Categories
мэдээ нийгэм

Товчоод 2-3 гарцаар нэвтрүүлнэ

Зуны улирал эхэлж хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул нийслэлийн авто тээврийн шалган бүртгэх товчоодын ачаалал нэлээд нэмэгдэж байгаа ажээ. Тиймээс хөдөлгөөний эрчим өндөртэй үед тээврийн хэрэгслийг 2-3 гарцаар нэгэн зэрэг нэвтрүүлэх зохицуулалт хийхээр болсон байна.

Яармаг, Баянзүрх, Баруунтуруун, Эмээлтийн шалган бүртгэх товчоод нь Нийслэлийн авто замын хөгжлийн газрын харьяанд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр товчоодоор Улаанбаатар хот руу нэвтрэх хөдөө орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөрийг хураан авч, нийслэлийн замын санд төвлөрүүлдэг. Мөн Улаанбаатар хотын дугаартай, 3.5-аас дээш тонн даацтай тээврийн хэрэгслээс 2000-5000 төгрөгийн хураамж төлдөг юм.

Categories
гадаад мэдээ

Хоригдлуудыг чөлөөлөх асуудлуудыг хэлэлцжээ

Берлин хотод болсон “Нормандын дөрвөл”-ийн гадаад хэргийн сайд нарын яриа хэлэлцээний үеэр тус хэлэлцээнд оролцогч талууд хоригдлуудыг чөлөөлөх болон хүмүүнлэгийн асуудлуудыг хэлэлцсэн байна. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров сэтгүүлчдэд мэдэгджээ.

Уулзалтын үеэр Украины гадаад хэргийн сайд Павел Климкинтэй нүүр тулсан харилцан яриа өрнүүлснээ С.Лавров мөн тэмдэглэсэн байна.

“Нормандын дөрвөл”-ийн гадаад хэргийн сайд нарын уулзалт өчигдөр болсон юм. Таван цаг үргэлжилсэн яриа хэлэлцээний үеэр сайд нар Донбассын аюулгүй байдлыг хангах, Минскийн тохиролцоог хэрэгжүүлэх явц хийгээд НҮБ-ын энхийг сахиулагчдыг байрлуулах хэтийн төлөвийг хэлэлцсэн аж.

Categories
мэдээ нийгэм

Монголд анх удаа Олон талт түншүүдийн уулзалт болж байна

Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар уулзалтын нээлт ёслол төгөлдөр боллоо. Монголд анх удаа зохион байгуулж буй энэхүү олон улсын уулзалт “Тогтвортой хөгжил-нүүдлийн мал аж ахуй” сэдвийн дор 6 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд таван өдрийн турш үргэлжилнэ. Уулзалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуй хөтөлбөр хамтран зохион байгуулж байна.

Энэ удаагийн 8 дугаар уулзалтад даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн түнш 34 орны 120 гаруй төлөөлөгчид, бүс нутгийн улсуудын Хөдөө аж ахуйн сайд нар, ХХААХҮЯ болон түүний харьяа мал аж ахуйн асуудал хариуцсан холбогдох албаны хүмүүс, мэргэжлийн холбоодын төлөөлөл зэрэг 200 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байна.

Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илгээлтийг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр хурлын Зочид, төлөөлөгчдөд хандан уншиж танилцуулсан. Мөн УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир оролцсон. Ийнхүү даян дэлхийн мал аж ахуйн төлөөлөгчид оролцсон олон улсын хурлыг нээж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг үг хэлсэн юм.

Тэрбээр, “Өнөөдөр дэлхий даяар ядуурал, өлсгөлөнг бууруулах нь хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд тогтвортой хөгжлийн зайлшгүй шаардлага болоод байна. Нэн ялангуяа хөгжиж буй улс орнуудад тохиолдож буй хүн ам, эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор ирэх 30 жилд мал аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ 70 орчим хувиар нэмэгдэх хандлагатай байна. Иймээс дэлхий нийтээрээ мал аж ахуйн салбарын тогтвортой үйлдвэрлэл, өсөлтийг бий болгон түүний байгалийн нөөцийн үр бүтээмжтэй ашиглалтыг дэмжих замаар тулгамдсан асуудлуудаа шийвэрлэхэд хувь нэмрээ оруулахаар зорьж байна. Энэ удаагийн хурлаар нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа улс орнуудын цаг уур, бэлчээр, байгалийн нөөц, экосистемийн онцлогт тохирсон мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой нэмэгдүүлэхэд Монгол Улсын байр суурийг Та бүхэнтэй хуваалцан олон чухал хамтын шийдвэрт хүрнэ гэдэгт би итгэл дүүрэн байна” гэдгийг цохон тэмдэглэлээ.

Уулзалтын эхний өдрийн арга хэмжээг Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн дарга Фритц Шнайдер удирдан явуулж байна. Ноён Шнайдер байгаль орчинд ээлтэй мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлнэ гэдэг амаргүй. Бэлчээрийн зохистой менежментийг хэрэгжүүлж чадахгүй бол бэлчээрийн даац хэтэрч, газар тариалангийн салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Тогтвортой мал аж ахуй гэдэг нь бусад салбартай зохицон хөгжихийг л хэлээд байгаа юм. Тиймээс Монгол Улсын тухайд, цаашид нүүдлийн мал аж ахуйг тогтвортой эрхлэх боломж бий. Гол нь малын тоо толгойг бэлчээрийн даацтай уялдуулах нь зүйтэй гэдэг зөвлөмж өгч байлаа.

Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн 8 дугаар уулзалтаар олон чухал асуудлыг дэвшүүлэн тавьж, хэлэлцэж байна. Тэр дундаа “Тогтвортой хөгжил-нүүдлийн мал аж ахуй” гэсэн сэдэвтэйгээ уялдуулан байгалийн нөөц болон бэлчээр ашиглалт, хүнс, хүнсний хангамж, тогтвортой мал аж ахуйд хөрөнгө оруулах нь зэрэг асуудлыг хөндөн тавьж байна. Уулзалтаар онцолж буй өөр нэг асуудал бол малчдын тогтвортой амьжиргаа, малчдын боловсрол, жендерийн тэгш байдал. Энэ ч утгаараа уулзалтын гол илтгэгчдийн тоонд Баянхонгор аймгийн Богд сумын малчин Ц.Буяннэмэх 300 мянга гаруй малчдаа төлөөлөн Монгол малчид тогтвортой хөгжлийн төлөө сэдвээр илтгэл тавьсан.

Монгол Улсын нийт газар нутгийн 73.5 хувь буюу 114.9 сая га талбайг хөдөө аж ахуйн эдэлбэр газар эзэлдэг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт ажиллах хүчний 53.9 хувь нь ажиллаж, хөдөлмөрлөж байна. Энэ салбар жилдээ ДНБ-ий 31.2 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд 7.4 их наяд төгрөг эргэлдэж байна. Тэр дундаа 2017 оны байдлаар мал аж ахуйн салбарт 343.7 мянган тонн мах, 891.5 мянган тонн сүү, 29.1 мянган тонн ноос, 9.4 мянган тонн ноолуур, 14 сая ширхэг арьс шир үйлдвэрлэжээ. Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас уламжлалт бэлчээрийн мал аж ахуй зонхилсон, хот суурин газар, газар тариалангийн бүс нутгаа түшиглэсэн эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлнэ гэсэн зорилт тавин ажиллаж байна. Цаашид мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хамгийн гол нь тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх боломжийн талаар дэлхийн бусад орноос туршлага солилцож байна.

Categories
мэдээ нийгэм

Өмнөд бүсийн команд штабын сургууль болж байна

Өмнөд бүсийн Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүнийг хамруулсан “Гамшгийн нөхцөл байдал үүссэн үеийн бүсийн төвийн удирдлага, зохицуулалт, хариу арга хэмжээ, харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр Өмнөд бүсийн төв Өмнөговь аймагт эхэллээ.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байна.

Сургуулийн хүрээнд аймгийн Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллага болон орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд сургуулийн бодлого, төлөвлөгөөг танилцуулан сургуулийн бэлтгэл ажлыг хангуулан ажиллалаа.

Гамшгаас хамгаалах менежментийн хөгжлийн чиг хандлага, бүс, бүсийн төвийн удирдлага зохицуулалт, гамшгийн үеийн харилцан ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, үүссэн цагийн байдлыг үнэлж, шийдвэр гаргах, офицер бүрэлдэхүүний штабын жигдрэлтийг хангах зорилготойгоор гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг астрономийн 48 цаг, оперативын 168 цагийн багтаамжтай 3 үе шаттайгаар зохион байгуулна.

Офицер бүрэлдэхүүний команд штабын сургууль 06 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Азийн сайд нарын бага хуралд монгол хүүхдүүд дуу хоолойгоо хүргэнэ

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал ирэх долдугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Тус хурлыг угтан Японы Хүүхдийг ивээх сангаас Монгол Улс, БНХАУ, Камбож, Шри-Ланк, Балба, Индонез, Вьетнам, Мьянмар улсуудад хүүхэд, залуучуудын зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Харин Монгол Улсад зохион байгуулагдсан тус зөвлөгөөнийг Японы Хүүхдийг ивээх сан удирдан олон улсын хүмүүнлэгийн багийн боловсролын бүлгийн гишүүн байгууллага буюу НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг, Дэлхийн Зөн-Монгол олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулсан юм.

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд зохион байгуулсан уг зөвлөгөөнд нийт 40 хүүхэд, залуучуудын төлөөлөл оролцлоо.

Зөвлөгөөний үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хуралд хүүхэд, залуучуудын төлөөлөл болон оролцох гурван төлөөлөгчийг сонгосон юм.

Зөвлөгөөнөөс хүүхэд залуучууд аюул эрсдэлгүй орчинд хөгжих, боловсрох боломж, гарц шийдлийнхээ талаарх санал, уриалга боловсруулж, холбогдох төрийн байгууллагуудад гардуулан өглөө. Тус уриалгыг хурлын хүүхэд, залуучуудын бүлгийн мэдэгдэлд хүргүүлэх юм. Ингэснээр, монгол хүүхдүүдийн дуу хоолой, санал санаачилга Азийн сайд нарын чихэнд хүрч, орон нутаг төдийгүй бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйлсэд хувь нэмрээ оруулах бололцоотой болж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн зуслан амрагчдаа авч эхлэлээ

Бид хамтдаа аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд хөгжлийн түлхүүр” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хүүхдийг хөдөлмөрт сургах, уламжлалт зан заншлаа дээдэлсэн зөв монгол хүүхдийг төлөвшүүлэхэд чиглэсэн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Түүнчлэн Буянт хотхон зуслангийн үйл ажиллагааг дэмжиж, ая тухтай орчин нөхцөлд аль болох олон хүүхдийг амрааж, амрах хугацаанд нь төрөл бүрийн сургалтуудыг хичээллүүлж эхлээд байна. Тухайлбал: гар урлал, соёл спорт, урлаг, эр зориг эх орончид, математик, сарабон сампин гэх мэт сургалтаар өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Зөгийн үүр хөтөлбөрт хамрагдаж гадаадад мэдлэг туршлагаа дээшлүүлсэн багш нар сургалтыг зохион байгуулахаас гадна шүдний эмч ээлж бүрт ажиллаж, урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг хийж байна.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй байрлуулсан хаягийг буулгалаа

Баянзүрх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс “Манай хороо – миний гудамж” аяны хүрээнд хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлсөн, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан зар сурталчилгааны хаягийн байгууламжийг албадан буулгасан байна.

Уг албадан буулгалтын ажинд дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн II хэлтэс хамтран оролцож Сансрын тойргоос зүүн 4 зам хүртэлх дүүргийн жишиг гудамж дагуу зөвшөөрөлгүй байрлуулсан 95 ширхэг гадна зар сурталчилгааны хаягийн байгууламжийг буулгажээ.

Түүнчлэн хаягийн байгууламжийг солих, буулгах тухай мэдэгдэх хуудсыг иргэн, аж ахуй нэгж байгууллагад хугацаатай үүрэг өгч, дахин зөвшөөрөлгүй хаяг байрлуулахгүй байхыг анхааруулан ажиллалаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийг албанаас мэдээллээ.