Categories
мэдээ нийгэм

Суурьшмал соёл иргэншил, нүүдэлчин амьдралын тухай өгүүлэх шинэ ном худалдаанд гарчээ

Монсудар хэвлэлийн газраас “Соён гэгээрлийн өдрүүд”-ийг энэ сарын 11-18-нд зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд “Монголчууд: Талын нүүдэлчдийн уламжлал”, “Сапиенс: Хүн төрөлхтний товч түүх” номын нээлт боллоо.
Монголчууд цувралын шинэ боть “Монголчууд: Талын нүүдэлчдийн уламжлал” ботид Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цаг үеэс XII зуун хүртэлх түүхийг зургаар өгүүлсэн бөгөөд Монсудар хэвлэлийн газар, МУИС, ШУА-ийн Түүх Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хамтран бүтээжээ. Суурьшмал соёл иргэншил, нүүдэлчин амьдралын хэв маяг тусдаа салж хөгжих эхлэл тавигдсан Хүрлийн үе, нүүдэлчийн анхны төрт улсыг байгуулсан төдийгүй хожмын монголчуудын шууд өвөг дээдэс болсон Хүннү гүрэн, Евразийн хээр талд өөрсдийн өвөрмөц түүхийг бүтээсэн Сяньби, Жоужань, Түрэг, Уйгур, Хятаны түүхийг археологийн олдвор хэрэглэгдэхүүн, хөрш зэргэлдээ улс түмний түүх сурвалжаар тодруулан өгүүлсэн байна.
Энэхүү ном агуулгын хувьд түүхийн асар урт цаг хугацааг хамарч байгаа ч монгол угсаатан бүрэлдэн тогтоход өөр өөрсдийн хувь нэмрийг оруулсан эртний нүүдэлчдийн түүхийг 8 бүлэгт багтаажээ. Өөрөөр хэлбэл 800 мянган жилийн тэртээ өнөөгийн Монгол нутгаар хэрэн хэсч асан эртний хүмүүсээс эхлээд ахуй соёлын хувьд нэгэн нийтлэгийг бий болгож, нэгдмэл улс төрийн хүчин болсон Их Монгол Улс байгуулагдахын өмнөх үеийн нүүдэлчин ард түмний түүхийг энгийн ойлгомжтой бичлэгийн хэв маягт буулган өгүүлжээ. Мөн нэн эртний хүмүүс байгаль цаг уурын ямар орчин нөхцөлд хэрхэн амьдарч байв, орчин тойрноо хэрхэн танин мэдэж, ямар зүйлд сүслэн биширч, юунаас айж жигшин, хөгжлийн ямар замыг туулж ирэв гэдгээс эхлээд түүхэн цаг үе бүрт амьдарч байсан хүмүүсийн хэрэглэж асан эд өлгийн дурсгал, идэж ууж байсан хоол хүнс, бичиж тэмдэглэсэн түүхийн тухай өгүүлнэ.

Эрт цагаас үлдэж хоцорсон булш оршуулга, хиргисүүр, буган хөшөө, хүн чулуу зэрэг дурсгал бидэнд түүхийн ямар нууцыг өртөөлөн хадгалсныг хийгээд бидний өвөг дээдэс хэрхэн амьдарч ирснийг уг номоос цогцоор нь мэдэх боломжтой.
Харин “Сапиенс: Хүн төрөлхтний товч түүх” ном нь түүх бичлэгийн шинэ хандлагыг тунхаглан дэлхий дахинд бэстселлер болж буйгаараа онцлогтой юм.

Categories
мэдээ нийгэм

Дэмжлэгт хяналтын баг aймгуудад ажиллав

ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, хүүхдийн эмч, ТСА-ны эмч, мэргэжилтэн нараас бүрдсэн баг Завхан, Говь-Алтай аймгуудын удирдлагуудтай уулзаж, дэмжлэгт хяналтын зорилгыг танилцуулан, эх, хүүхдийн эндэгдэл, амьгүй төрөлтөөс сэргийлэх ард иргэдэд чиглэсэн сурталчилгааны материал, гарын авлагыг гардуулав.

“Эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийн тодорхойлолт”, “Нярайн амьсгалын дистресс хамшинжийн оношлогоо, эмчилгээний заавар”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн мэдээлэл”, “Эхийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэл 2014-2017 он” сэдэвт мэдээлэл хийж, ЭМС-ын тушаалын биелэлт, програм хангамжид мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, мэдээллийн бодит байдалд хяналт хийж, дүн шинжилгээг танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлэн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ.

Мөн дээрхи багийнхан Хөвсгөл, Ховд аймгийн ЭМГ-ын удирдлагуудтай уулзаж, дэмжлэгт хяналтын зорилгыг танилцуулан, эх, хүүхдийн эндэгдэл, амьгүй төрөлтөөс сэргийлэх ард иргэдэд чиглэсэн сурталчилгааны материал, гарын авлагыг гардуулав. “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийн тодорхойлолт”, “Нярайн амьсгалын дистресс хамшинжийн оношлогоо, эмчилгээний заавар”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн мэдээлэл” сэдэвт мэдээлэл хийж, ЭМС-ын тушаалын биелэлт, програм хангамжид мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, мэдээллийн бодит байдалд хяналт хийж, дүн шинжилгээг танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлэн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ.Дэмжлэгт хяналт хийж, хариу арга хэмжээ авах ажилд идэвхитэй оролцсон аймгийн эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

Хоёр настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Энэ сарын 8-ны өдрийн 20:36 цагт Дорнод аймгийн Онцгой байдлын газарт Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн Баян-Уул гэдэг газар иргэн Х-гийн охин У /2 настай, эмэгтэй/ нь ээжтэйгээ малд явж байгаад сураггүй болсон тухай дуудлага иржээ.

Тус дуудлагын дагуу Дорнодын Эрэн хайх аврах ангийн 10 алба хаагч, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 3 алба хаагч, Цагдаагийн газрын 11 алба хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 16 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр, “Баян-Уул, Цайдамын нуур” гэдэг газар 10 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй аж.

Иймд зургадугаар сарын 12-ны өдрийн 02:30 цагт эрлийн ажиллагааг түр зогсоож, үүрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Categories
энтертаймент-ертөнц

“Ocean’s 8” кино байлдан дагуулж байна

Өнгөрсөн Баасан гарагт нээлтээ хийсэн “Ocean’s 8” кино Хойд Америкийн зах зээлээс 3 хоногт 41,6 сая ам.долларын орлого олж, BoxOffice-ийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ.Сандра Буллок, Кэйт Бланшет, Рианна, Энн Хэтэуэй зэрэг өнөө цагийн шилдэг эмэгтэй жүжигчид тоглосон уг кино нилээн өндөр хүлээлттэй байсан юм.Нээлтийн үзвэр сонирхсон үзэгчдийн 69 хувь нь эмэгтэй үзэгчид байжээ. Адал явдалт Ocean’s цувралын өмнөх ангиудад ажилласан Стивен Содерберг шинэ ангийг найруулж, Жорж Клуни продюсерээр ажилласан байна.

Categories
мэдээ улс-төр

“Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын ивээл дор болж буй “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ Улаанбаатар хотноо амжилттай явагдаж өндөрлөлөө.

Эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа, эрчим хүч, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, зам тээвэр, барилга, банк санхүүгийн хамтын ажиллагааны салбар хуралдаанууд 6 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд зохиогдов.“Оросын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болон Оросын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа”-ны нээлтийн ажиллагаа 6 дугаар сарын 7-ны өдрийн үдээс хойш Д.Сүхбаатарын талбайд болж Монголын талаас Шадар сайд Ө.Энхтүвшин, Оросын талаас ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров нээж үг хэлэв. Үзэсгэлэн худалдааны хүрээнд ОХУ-д үйлдвэрлэсэн хөдөө аж ахуй, барилга, зам засвар, хүнсний салбарын дэвшилтэт тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэв.

Монгол, Оросын харилцааны хөгжлийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, И.Моисеевын нэрэмжит академик чуулгын тоглолт 6 дугаар сарын 7-ны өдөр Соёлын төв өргөөнд болов. Гэрэл зургийн үзэсгэлэн, урлагийн тоглолтын нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитин нар үг хэлэв.

И.Моисеевын нэрэмжит ардын бүжгийн академик чуулга нь дэлхийн хамгийн анхны мэргэжлийн бүжгийн чуулга бөгөөд дэлхийн улс орнуудын ардын бүжгийг мэргэжлийн өндөр түвшинд тоглож, сурталчилдгаараа дэлхийд алдаршсан байна. Аялан тоглолтын тоогоороо ОХУ-ын Гиннесийн номонд бичигдсэн уг чуулга нь 1942, 1972 онд манай улсад тоглолт хийж байжээ.

“Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээг зохион байгуулах Монголын Ажлын хэсгээс ОХУ-ын төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтыг 6 дугаар сарын 7-ны орой зохион байгуулав. Хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн дарга Б.Энх-Амгалан, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов нар үг хэлэв.

Монгол, Оросын залуу жүдочдын нөхөрсөг тэмцээн, Монгол, Оросын залуу зохион бүтээгчдийн үзүүлэн тоглолт 6 дугаар сарын 8-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болов. Залуу жүдочдын нөхөрсөг тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж сонирхсон бөгөөд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитин нар баяр хүргэж үг хэлэв.

Categories
гадаад мэдээ

“Дэлхийн худалдааны төв”-ийн шинэ байрны нээлт болжээ

2001 оны есдүгээр сарын 11-нд террорист халдлагын улмаас сүйрсэн “Дэлхийн худалдааны төв”-ийн шинэ байрыг барих ажил санхүүгийн асуудлаас шалтгаалан удааширсан хэдий ч 16 жилийн дараа уг төвийн Нью-Йорк хотноо дахин сүндэрлэсэн тэнгэр баганадсан шинэ барилгын нээлт даваа гарагт болсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

“Дэлхийн худалдааны төв–3” гэж нэрлэсэн 80 давхар уг барилга нь Нью-Йорк хотын тав дахь өндөр байшин болоод байгаа бөгөөд 329 метр өндөр аж.

Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагийг 2001 оны есдүгээр сарын 11-нд террористууд нисэх онгоц барьцаалан халдаж сүйрүүлсэн ба тухайн үед 2700 орчим хүн харамсалтайгаар амиа алдсан түүхтэй билээ.

Categories
мэдээ нийгэм

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг Монголд нээлээ

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрийг одоогийн байдлаар Армян, Афганистан, Балба, Буркина Фасо, Бутан, Казахстан, Киргиз, Лаос, Парагвай, Тажикистан, Этиоп улсын Засгийн газар соёрхон батлаад байна.Далайд гарцгүй улс оронд тулгардаг бэрхшээл болох гадаадын шууд хөрөнгө оруулалт, эдийн засгийн төрөлжилт, дэд бүтцийн хөгжил, транзит тээвэр зэрэг өргөн хүрээний хэлэлцүүлгийг судалгааны төвийн нээлтийн бага хурлаар ярилцлаа. НҮБ-ын Дээд төлөөлөгчийн газраас гаргасан судалгаанд далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хөгжлийн түвшин тэдгээр улс далайд гарцтай байх тохиолдлоос дунджаар 20 хувиар доогуур байна. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдааны зардал нь дамжин өнгөрөх улс орнуудтай харьцуулахад даруй хоёр дахин өндөр байдаг ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Өмч хувьчлал эзэд нь тодорсны дараа эхэлж байна уу?

Засгийн газраас Төрийн банк, Хөрөнгийн биржийг хувьчлах шийдвэр гаргачихлаа. Хувьчлах газруудын нэрс ингээд зогсохгүй. Хувьчлалын жагсаалтад МИАТ, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, АЗЗА, “Хөдөө аж ахуйн бирж”, “Арилжааны төлбөр тооцоо” гэх мэт компаниуд бий. Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд, стратегийн нэгжид нээлттэй хувьчлах нь энэ удаагийн хувьчлалын онцлог гэж засаг баригчид мэдэгдэж буй. Өмнөх шиг багахан хүрээнд булагнахгүй, хэний ч хүү авч болно, хөшигний ард элдэв явдал өрнөхгүй гэсэн санаагаар ийм мессэж өгч байгаа ч цаанаа эзэнтэй хувьчлал явагдах гэж буй нь хэнд ч ил асуудал. Төрийн банк, МИАТ, Хөрөнгийн бирж, АЗЗА зэрэг компаниудын хувьчлал хэдэн засаг дамжин яригдсан ч шийдлээ олоогүй өнөөг хүрсэн нь хамгийн том нотолгоо. Сая л нэг хувьсгалын тохироо бүрдэж, бүлэглэлүүдийн тохироо нийлсэн учраас энэ засгийн өнгөнд шийдэгдэх гэж байгаа хэрэг л дээ. Хувьчилснаар компанийн засаглал сайжирна, менежмэнт нь урагшилна, төрийн ачаа багасна, төсөвт мөнгө орж ирнэ гэх мэт давуу талууд байгаа. Гэхдээ засаг баригчдын онцолсон шиг шударга, нээлттэй хувьчлал явагдах нь юу л бол. МИАТ, Төрийн банк, Хөрөнгийн бирж гэх мэт томчуудын ард төдийгөөс өдий хүртэл нуугдсаар ирсэн маш том сонирхол бий. Шуудхан хэлэхэд энэ удаа эзэнтэй өмч хувьчлал явагдах гэж байна.

МИАТ

Гурван жилийн өмнөөс цэвэр ашиг ярих болсон МИАТ-ын 49 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэйгээр авах боломжтой гэж засаг зүгээс мэдээлж байна. Түрүү жил 6.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн энэ компанийг хувьчилна гэсэн яриа шинэ мэдээ биш. Аль 23 жилийн өмнөөс эхэлж 13 засгийн нүүр үзсэн гэсэн сонирхолтой статистик бий. Хэр олон бүлэглэл иргэний агаарын тээврийн салбарт эзэгнэх сонирхолтой явааг энэ тооноос харчихаж болно. Түүхийн хуудас эргүүлээд үзэхээр МИАТ-ын хувьчлалыг тод эсэргүүцсэн улсын олонх нь МАН-ын угшилтай улстөрчид харагддаг. Наахны жишээ хэлэхэд Н.Алтанхуягийн Засгийн газар 2015 онд хувьчлах гэж үзээд бараагүй. Энэ бол МИАТ-ын хувьчлал энэ засгийн өнгөнд шийдэгдэж байгаа нь тохиолдлын хэрэг биш гэдгийг харчих хөнгөхөн нотолгоо. МИАТ-ын хувьчлалын ард “Таван богд”-ын Ц.Баатарсайханы сонирхол бий гэсэн таамаг давтамжтай сонсогддог. УИХ агаарын тээврийн монополь компаниа хувьчилна гэсэн шийд гаргачихвал “Таван богд” шиг үндэсний том компани Хөрөнгийн биржээр дамжуулаад МИАТ-ийн хувьцааг авах бүрэн боломжтой.

Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ албаа авсныхаа дараахан МИАТ-ийг хувьчилна гэж дуугарч байв. Сайд болонгуутаа АН-ын хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж дураараа загнасныг нь “МИАТ-ыг хувьчлах Ерөнхий сайдын санааг бүдгэрүүлэх гэсэн жүжиг” гэж хардах хүн ч цөөнгүй байна. Түүнээс биш салбарын сайд нь өрсөлдөгч намынхаа нөхдөөр яамаа дүүргэчихээд байхад дуугүй суух Ерөнхий сайд гэж хэтээсээ байхгүй. Тэр дундаа У.Хүрэлсүх шиг характертай хүн чимээгүй хараад явна гэдэг юу л бол. Дүр эсгэлт байж магадгүйг нотолсон бас нэг үйл явдал бий. Ж.Бат-Эрдэнэ сайд саяхан МИАТ-ын томилгооноос холхон бай гэсэн анхааруулгыг Ерөнхий сайдад хэвлэлээр дайсан удаатай. Элдэв яриа гаргахгүйгээр иргэний агаарын тээврийн том компаниа хувьчлах гэсэн санаагаар ийм жүжиг тоглосон байх өндөр магадлалтай. АН-д ашигтай хувилбараар тохироо хийгдсэн учраас сөрөг хүчнээс ч хүчтэй эсэргүүцэхгүй гэсэн таамаг дуулдаж байна.

Төрийн банк

2.3 их наяд төгрөгийн активтай, хоёр сая 863 мянган харилцагч, 202 мянган зээлдэгч, 585 мянган хадгаламж эзэмшигчтэй, түрүү жилийн цэвэр ашиг нь 1.8 их наядаар хэмжигдсэн Төрийн банкийг 100 хувь хувьчлах шийдлийг засгаас гаргачихсан. Банкны салбар биеэ даагаад дэлхийн жишгээр хөгжиж байхад төрд эзэмшлийн банк шаардлагагүй гэсэн үндэслэлийг нь эдийн засагчид бодитой гэж дүгнэж буй. Төрийн банкны тодорхой хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад өгнө. Үлдсэн хувийг нь Хөрөнгийн биржээр арилжаалах зураг гараад байгаа.

Байгуулагдсанаас нь хойш гурван жилийн дараа Төрийн банкийг хувьчлах асуудал яригдаж эхэлсэн юм. Төрийн банкийг хувьчилна гэсэн яриа дэгдэх бүрд “Алтжин”-гийн Г.Алтангийн нэр ёс мэт дуулддаг. Энэ удаа ч түүний нэр сонсогдож байна. Г.Алтанг зүтгүүлж буй хүн нь нэг нутгийн, найз нөхдийн харилцаатай Ц.Нямдорж сайд гэсэн хардлага улс төрийн хүрээнийхэнд бий. Бүр тодруулж хэлбэл Увсын фракцын сонирхол төрийн банкны хувьчлалд хүчтэй оролцож яваа гэсэн таамаг сонсогддог. Төсвийн байнгын хорооны дарга, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч гээд мөнгө санхүүг Увсын фракц атгаж буй нь тохиолдлын хэрэг биш байж мэдэх л юм.

Г.Алтан гэдэг нэр Төрийн банктай зүгээр ч нэг холбогддоггүй. Хувьцааных нь 20 хувийг Г.Алтангийн хүү атгаж байсан “Зоос” банкны дампуурал Төрийн банк байгуулагдах суурь болсныг олон нийт мэднэ. Г.Алтангийн хүүгийн нэр дээрх хувьцаа “ЖАСТ”-ын Ш.Батхүүгийнх гэсэн мэдээлэл тухайн үед цацагдаж байв. Хожим Ш.Батхүүгийн өмч “Хадгаламж” банк дампуурахад ч мөн Төрийн банкинд нэгтгэсэн нь бодит үнэн. Г.Алтанг Төрийн банктай холбон хардах нэг нотолгоо “Зоос” банк дампуурах үеэс эхлэлтэй. Тэр үед “Зоос” банкны жижиг хувьцаа эзэмшигчид хууль бусаар дампууруулсан гэж мэдэгдэж, аль чадахаараа үгээ хэлж явахад 20 хувийг нь эзэмшдэг Г.Алтан таг дуугүй суусан гэдэг. Төрийн банкинд эзэн суух найдлага нь тэр үед дуугүй байх шалтгаан болсон гэх хардлага өнөөдөр ч хуучраагүй.

Г.Алтангаас гадна оросууд ба Европын сэргээн босголт хөгжлийн банкны нэр Төрийн банкны хувьчлал яригдах үеэр дуулддаг. “Зоос” банк дампуурахад 26 хувийг нь эзэмшиж байсан Европын сэргээн босголт хөгжлийн банкны хүчин зүтгэл нөлөөлсөн гэгддэг. Хувиа нэмэгдүүлсэн ЕСБХБ “Зоос” банкинд удирдлагын шинэ баг ажиллуулж байсан нь мөн л үнэн түүх. “Зоос” дампуурч, Төрийн банк байгуулагдахад ч ЕСБХБ-ны өнөө баг удирдсан түүхтэй. Гэхдээ ЕСБХБ-ийг засагтай гар барьж явахдаа мөнгөө авч, хохиролгүй болсон гэх таамаг дуулддаг. Хэрвээ энэ таамаг бодитой бол тэдэнд энэ удаагийн хувьчлал сонин биш.

Өнөөг хүртэл Төрийн банкийг хувьчлаагүй шалтгаан нь тус банкийг байгуулах гэж гаргасан 100 тэрбумын бонд байсан гэж албаныхан тайлбарладаг. Мэдээж энэ бол цор ганц шалтгаан биш. Төрийн банкны хувьчлалын тохироог улс төрийн хүрээнд хийж чадаагүй гэсэн том шалтгаан бас бий. Бондын төлбөр халхавч төдий байсан нь хэнд ч тодорхой асуудал л даа. Улс төрийн тохироо хийгдсэн учраас Засгийн газар Төрийн банкийг хувьчилна гэж дуугарсан нь эргэлзээгүй. Г.Алтангаас гадна Худалдаа хөгжлийн банкныхан нэр энэ хувьчлалын цаана дуулддаг. Хүрээ, цараагаа өргөжүүлье гэж зүтгээд Төрийн банкинд нөлөөгөө тогтоох боломж, чадалтай газар мөн үү гэвэл мөн. Гэхдээ Г.Алтан шиг том үндэслэл, хүчтэй дэмжлэг нөөлөг өнөөхөндөө харагдахгүй байна.

Хөрөнгийн бирж

Хөрөнгийн биржийг хувьчлах санаа дөрвөн жилийн өмнө анх гарч байсан юм. Банк хүчээ авч, хөрөнгийн зах зээл мартагдахдаа тулж байсан үеийг бодвол цаг наашилсан. Хөрөнгийн зах зээл амилсан ийм үед яригдаж буй нь цагаа олсон шийдэл байж мэдэх юм. Засгийн газар Хөрөнгийн биржийг 100 хувь хувьчилна гэсэн байр суурьтай байгаа. Хотын төвд өөрийн гэсэн объекттой, Лондонгийн хөрөнгийн биржийн хөрөнгийн зах зээлийн цогц дэд бүтцийг суурилуулсан гэх мэт давуу талуудаас гадна дотоод, гадаадын санхүүжилт татаж бизнес эрхлэгчдэд хямд эх үүсвэр татах гүүр болж өгдөг нь Хөрөнгийн биржийн үнэ цэнийг өсгөж буй. Банкны зээлийн хүү өндөр гэсэн шалтгаанаар компаниуд хөрөнгийн зах дээрээс хүүгүй мөнгө босгох аянд гараад эхэлсэн. Эхний тод жишээ нь “Монгол базальт”. Чулуун хөвөнгөөр дулаалгын материал үйлдвэрлэдэг энэ компани үйлдвэрлэлээ өргөтгөхөөр IPO гаргаж хэрэгтэй мөнгөө амжилттай босгочихсон. Бүтээгдэхүүнээ Зүүн хойд Азид нийлүүлэх том зорилготой төслийн ашиг өгөөж хөрөнгө оруулагчдыг хуйлруулсан гэж хөрөнгийн зах зээлийн шинжээчид дүгнэж буй. Канадын Торонтогийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс” компани Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгэл хийлгэж хувьцаагаа арилжаалж эхэлсэн нь онцлох учиртай эерэг дохио. “Эрдэнэ ресурс” шиг дэлхийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголд геологи, уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниуд Монголын Хөрөнгийн биржийг гээд зориод ирвэл манай улсын биржийн лангууны бараа улам чанаржих сайн талтай.

Иргэдийн ихэнх хувь нь хөрөнгийн зах зээлийн мэдлэггүй, эдийн засагт эргэлддэг ихэнх мөнгө хүн амын цөөхөн хувьд ногддог ийм үед Хөрөнгийн биржийн хувьчлалыг явуулах нь үр дүнгүй гэсэн судлаачдын байр суурийг дурдахгүй өнгөрч болохгүй. Хөрөнгийн биржийн хувьчлалын цаана төрийн тэргүүний нэр сонсогдож байсан удаатай. Энэ удаа хэн авах нь тодорхой бус байгаа ч олон хүн биржийн хувьчлалыг сонирхож яваа нь эргэлзээгүй.

Юутай ч өмч хувьчлалын дараагийн шат төрийн өмчийн томоохон компаниудаар эхлэх нь тодорхой болчихлоо. Дээр дурдсан компаниудаас гадна “Монголын цахилгаан холбоо”-ны төрийн эзэмшлийн хувьцааг 66аас доошгүй хувьд байлгах, “Мэдээлэл холбооны сүлжээ”ний 49 хувийг үүрэн телефоны оператор компаниудад шилжүүлэх, Хөдөө аж ахуйн биржийн 49 хувийг хувьчлах гэх мэт зарчмын шийдлүүдийг засгаас гаргаад байгаа. Одоо УИХ гэсэн даваа бий. Өнөөхөндөө АН, МАНын бүлэг байр сууриа албан ёсоор илэрхийлээгүй байна. Тэд засгийн саналд толгой дохивол УИХ ямар компанийг хэдэн онд, яаж хувьчлах зэрэг нарийн асуудлуудыг хэлэлцэж эхэлнэ.


Categories
мэдээ нийгэм

Төрийн үйлчилгээний хөдөлгөөнт баг ажиллаж эхэллээ

Төрийн үйлчилгээг малчид иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Баяндалай, Булган, Ханхонгор сумдад ажиллахаар замдаа гарлаа.

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, тусламж үйлчилгээ
-Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ
-Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээний талаарх үйлчилгээ
-Хууль эрх зүйн зөвлөгөө өгөх
-Мал эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх юм.

Categories
гадаад мэдээ

Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй дээд хэмжээний уулзалт эхлэлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын ганцаарчилсан уулзалт өндөрлөж, өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй дээд хэмжээний уулзалт болж байна. Ганцаарчилсан уулзалт төлөвлөгөө ёсоор 45 минут үргэлжлэв.

Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалтад АНУ-аас тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон болон Дотоодын аюулгүй байдлын сайд Жон Келли нар оролцож байгаа бол Умард Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чоль мөн тус хорооны орлогч дарга бөгөөд олон улсын асуудал эрхэлсэн хэлтсийн эрхлэгч Ли Су Ён болон Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо нар багтаж байна.

АНУ-Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Сентоза арал дахь “Капелла” зочид буудалд болж байна. 1950-1953 оны Солонгосын дайнаас хойш АНУ болон БНАСАУ энхийн гэрээ байгуулаагүй, нэг ёсондоо дайны байдалтай байгаа билээ.