Categories
мэдээ нийгэм

“ШИНЭ ЭЛСЭЛТ – БОЛОВСРОЛ ЭКСПО” үзэсгэлэн яармаг болно

Жил бүр “Модерн Экспо” агентлагаас БСШУСЯ-тай хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “ШИНЭ ЭЛСЭЛТ-БОЛОВСРОЛ ЭКСПО 2018” үзэсгэлэн яармаг 2018 оны 7-р сарын 1-нээс 4 ний өдрүүдэд Соёлын Tөв Өргөөний УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ-н үзэсгэлэнгийн танхимд болно.

Энэхүү үзэсгэлэн яармагт БСШУCЯ-ны аттестатчилалд тэнцсэн, Боловсролын Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөc 1 буюу түүнээс дээш магадлан итгэмжлэгдсэн чанартай боловсрол олгож буй дотоодын их дээд сургууль, коллежууд, гадаадын их дээд сургуулиудын албан ёсны төлөөлөгчийн газрууд, хэлний сургалтууд, МСҮТөвүүд өөрсдийн үйл ажиллагааны бүх талын мэдээллийг шат дамжлагагүйгээр олгож, шинээр элсэгчдээ бүртгэнэ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д зорчих болон оршин сууж буй монгол иргэдэд өгөх зөвлөмж

Гадаад харилцааны яам, Консулын газраас БНСУ-д зорчих болон оршин сууж буй Монгол иргэдэд өгөх зөвлөмж шинэчлэгджээ. Зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж байна.

БНСУ-Д ЗОРЧИХ БОЛОН ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Нэг. БНСУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:

  • БНСУ-ын хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр Хил, гаалийн албаны байцаагч нар тус улсад нэвтрэх зөвшөөрлийг олгодог. Хилээр нэвтрэх хуудсанд уригч талын мэдээлэл болон байрлах хаягаа үнэн зөв бөглөн, буцах онгоцны тасалбар, зочид буудлын захиалгын баталгааг биедээ авч явахаас гадна аяллын зорилгоо сандарч, мэгдэлгүй үнэн зөв тайлбарлах.
  • Нисэх онгоцны буудал дээр ачаа солигдох, алдагдах тохиолдол гардаг тул тээшин дээрээ нэр, утас, хаяг зэргээ тодорхой бичиж байх,
  • БНСУ-ын хувьд олон улсын жишгээр хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулахыг хориглосон байдаг. БНСУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүн, тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, ургамлын үр, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг авчирж ирэхгүй байх, бусдын захиасыг авахгүй байх,
  • Хил нэвтрэх мэдүүлэг болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөсөн байх,
  • Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авч орж ирэх тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг. Тухайлбал, Согтууруулах төрлийн ундаа 1 литр (21 насанд хүрээгүй зорчигч согтууруулах ундаа авч орж илэхийг зөвшөөрдөггүй), янжуур тамхи 200 ширхэг, сигар, навчин тамхи 100 ширхэг,
  • Хувийн хэрэглээний эм авч явах бол эмийн сав боодол, эмчийн жор, тодорхойлолтыг үзүүлэх шаардлагатай. (мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, судсаар сэлбэх шингэн зэрэг эмийг хилээр нэвтрүүлэхийг завдсан бол эмийг хураан авч, торгодог);
  • 10,000-аас дээш ам.доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier’s check, traveler’s checks, money orders, stocks, bonds) авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хууль зөрчсөн гэж үзэн, хураадаг.

Хоёр. БНСУ-д оршин суух хугацааны талаар анхаарах зүйлс:

  • БНСУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг нь дагаж мөрдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, баяр ёслолын арга хэмжээнд оролцохдоо архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, олон нийтийн газар биеэ зөв авч явахад анхаарах,
  • БНСУ-д хууль ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд шинээр Гадаад паспорт захиалж авсан, оршин сууж буй хаягаа өөрчилсөн гэх мэт хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон бол тухай бүр БНСУ-ын Цагаачлалын албанд 14 хоногийн дотор мэдэгдэж, бүртгүүлж байх,
  • Гадаад паспорт, иргэний цахим үнэмлэхийн хүчинтэй хугацаагаа шалгаж байх, хугацаа нь дууссан бол цаг тухайд нь шинээр авах,
  • Гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг бусдад ашиглуулах, худалдах, барьцаалах, хуурамчаар үйлдэхийг хатуу хориглоно. Бичиг баримтаа гээж үрэгдүүлсэн тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тодорхойлолт авч, ЭСЯ-нд мэдэгдэн шинээр захиалах,
  • Нутаг буцаж буй иргэд банк, гар утас, авто тээвэр, даатгал зэрэг үйлчилгээний байгууллагатай байгуулсан гэрээгээ дуусгавар болгож, төлбөр тооцоогоо эцэслэх,
  • Утасны дугаар болон оршин суугаа хаягаа итгэмжит найз нөхөд болон ар гэрийнхэндээ мэдэгдэж, байнга холбоотой байх. Эдгээрийг өөрчилсөн, гэр орноосоо удаан хугацаагаар явах тохиолдолд ойр дотнынхондоо заавал мэдэгдэх,
  • Цагдаагийн байгууллагад баривчлагдсан, саатуулагдсан тохиолдолд суугаа орны “Хувь хүний нууцын тухай хууль”-ийн дагуу тухайн байгууллагаас ЭСЯ-нд мэдэгдэх үүрэггүй байдаг тул иргэн өөрөө ЭСЯ-ндаа мэдэгдэж, консулын ажилтантай уулзах хүсэлтээ илэрхийлэх,
  • Иргэд шаардлагагүй үед бичиг баримтынхаа эх хувийг биедээ авч явахгүй байх, бичиг баримтуудынхаа хуулбар болон зургийг гар утас, цахим шуудандаа хадгалж байх,
  • Үл таних хүмүүстэй олон нийтийн сүлжээгээр танилцах, харилцахдаа анхаарал болгоомжтой хандаж, албан ёсны баталгаатай мэдээлэл аваагүй тохиолдолд санхүүгийн асуудлаар харилцахгүй байх, зэрэг болно.
Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн цагдаагаар ажиллах иргэдийг сонгон шалгаруулж байна

Замын цагдаагийн албанаас Олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна.

Шалгаруулалтанд Улаанбаатар хотын харьяа, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 20 нас хүрсэн, эрэгтэй, 168 см-ээс дээш өндөртэй иргэдийг бүртгэлд хамруулж Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/122 дугаар тушаалд заасны дагуу судалгааг хийх юм.

Иймд “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”-ийн 3.1 дэх хэсэгт заасан болзол шаардлагыг хангасан иргэдийн материалыг 2018 оны 06 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд тус албаны Хүний нөөцийн нэгжид хүлээн авч байна.

Олон нийтийн цагдаагийн ажилтнаар судлагдах иргэд дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд,
1. Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллахыг хүссэн өргөдөл
2. Цагдаагийн хэлтсээс ял шийтгэлийг заавал шалгасан байх
3. Төрийн албан хаагчийн анкет
4. Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн 8-н хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих
5.Иргэний цахим үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх
6. Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх
7. Оршин сууж буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
8. Эрүүл мэнд /элэг, дох, сүрьеэ, шээс, эхо, БЗХӨ шинжилгээ/
9. Урьд нь ажиллаж байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа, тухайн байгууллагын тодорхойлолт
10. Сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан 3х4, 4х6 хэмжээний тус бүр 4% зураг;
11. Оршин сууж буй хорооны хэсгийн байцаагчийн биечилсэн судалгаа /судалгаанд 4-6 хүнтэй уулзсан тэмдэглэл байх бусад материал/

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар оршин суугаа газрынхаа харъяа Замын цагдаагийн хэлтсээс лавлагаа, мэдээлэл авч болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн тусгай хамгаалалтын газарт 10 ширхэг үлээгч аппарат хандивлав

Онцгой байдлын ерөнхий газраас Төрийн тусгай хамгаалалтын газарт ой, хээрийн түймэр унтраах, тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 10 ширхэг үлээгч аппаратыг өнөөдөр хандивлалаа.

Тус үлээгч аппарат нь БНХАУ-д улсад үйлдвэрлэсэн 6МF-22-50 загварын 35-50 м/с үлээх чадвартай ой, хээрийн түймэр унтраах үйл ажиллагаанд Онцгой байдлын байгууллагад сүүлийн үед ашиглаж байгаа багаж юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Евразийн судлалыг даяаршлын өнөөгийн нөхцөлд эрчимжүүлэхийг орос, монголын эрдэмтэд хэлэлцэв

Евразийн бүс нутгийн улс орнуудын соёл иргэншил, нийгэм, хүмүүнлэгийн салбарт олон өөрчлөлт гарч буйг анхаарч судлах хэрэгтэй байгааг манай улсад болсон “Евразийн соёл иргэншил: Түүх ба өнөө үе” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон эрдэмтэд хэлэлцсэн юм.

Евразийн өнөө үеийг хөндөхөд судалгааны ажлыг сэргээж эрчимжүүлэх шаардлага гарч байгааг бага хуралд оролцсон Монгол, ОХУ-ын эрдэмтэд онцлоод, даяаршлын өнөө цагт тивийн бүс нутгийн улс орнуудад ямар асуудал тулгамдаж буйг соёл иргэншлийн төлөвшил, үзэл хандлага, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлсийг хамт тодорхойлох хэрэгцээ бий болсныг тэмдэглэсэн юм.

Евразийн судлалын анхны үзэл санааг онолын түвшинд боловсруулж, шинжлэх ухааны эргэлтэд оруулахад Флоровский, Карсавин, Алексеев, Вернадский, Вышеславцев, Трубецкой, Якобсон, Ильин зэрэг Оросын эрдэмтдийн бүтээл голлох үүрэг гүйцэтгэж ирсэн гэж үздэг. Өнөөдөр эдгээр эрдэмтдийн бүтээлийг сэргээн өргөжүүлж Евразийн судлалын талаарх үзэл хандлага, бүс нутагт хамаарах улс онуудын оюуны сэтгэлгээ зэрэг философи, түүх нийгэм, соёл шашин судлалын аспектад үндэслэн эдгээр улс орны адил талуудын үйл явцад анхаарч хэлэлцэх нь зүйтэй юм гэдэгт хоёр орны эрдэмтэд санал нэгдэв. Энэ сэдвээр ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ш.Ариунаа, манай улсад ирсэн ОХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Ази, Африкийн судлалын хүрээлэнгийн орлогч захирал, Төв Ази, Кавказ судлалын тэнхимийн эрхлэгч, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.С.Сыздыкова нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

Казахстан улсын ЭСЯ-ны дэмжлэгтэй ШУА-ийн Философийн хүрээлэнгээс зохион байгуулж, ШУА-д болсон олон улсын дээрх бага хуралд Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, түүхийн ухааны доктор К.И.Кобландин, мөн манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов, Беларусь улсын Элчин сайд С.В.Чепурной нарын албаны хүмүүс, Орос, Монголын эрдэмтэн судлаачид оролцов.

Categories
мэдээ нийгэм

Ясны хорт хавдартай О.Даваад туслах “Нэг сэтгэл” хандивын аянд нэгдээрэй

Ясны хорт хавдартай О.Даваад туслах “Нэг амь-Нэг сэтгэл” хандивын аяныг өрнүүлж эхэлсэн билээ. 22 настай түүний хөл жилийн өмнөөс өвдөж эхэлсэн бөгөөд Хавдар судлалын үндэсний төвөөс ясны хорт хавдартай хэмээн оношилсон байна. Түүнийг БНСУ-д эмчлүүлэхэд нийт 40 мянган ам.доллар шаардлагатай байгаа юм.

Гадаадын хэд хэдэн эмнэлэг рүү шинжилгээний хариуг явуулж эмчилгээний талаар тодруулснаар БНСУ-д хөлийг тайрахгүйгээр эмчлэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн аж. Тус улсад зорчих визний материалаа бүрдүүлж өгөөд хариугаа хүлээж байгаа юм байна. Түүний ээж өрх толгойлсон ээжийн хувьд ард түмнээсээ хүүд маань туслахыг чин сэтгэлээсээ гуйж байна хэмээсэн юм.

Хандивыг ХААН банкин дахь 5013149430 тоот дансанд хүлээн авах бөгөөд туслахыг хүссэн иргэд, аж ахуй нэгжүүд 99924054 /ээж Д.Оролмаа/ дугаарын утсаар холбогдох боломжтой ажээ.

Хандивын тоглолт “UB PALACE” концертын их танхимд энэ сарын 17-ны өдрийн 14:00 цагт болох юм байна. Тоглолтонд урлаг соёлынхны төлөөллүүд оролцох аж.

Categories
гадаад мэдээ

Ким Жөн Унтай сайхан харилцаатай болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай хийж буй уулзалтаа томоохон амжилт гэж үзэж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхийн сацуу Ким Жөн Унтай сайхан харилцаатай болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн байна.

“Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг. Бид сайхан харилцаатай болно гэдэгт эргэлзэх зүйл алга”хэмээн Д.Трамп уулзалтын эхэнд хэлжээ.

Харин Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун хоёр улсын харилцаан дахь асуудлуудыг давж гарна гэдэгт итгэлтэй байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэжээ.


АНУ болон Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт Сентоза арал дахь “Капелла” зочид буудалд болж байна. Уулзалтын үеэр талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, Америк-Умард Солонгосын харилцааг хэвийн болгох асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

Э.Аянзаяа

Categories
мэдээ улс-төр

Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын ээлжит зөвлөгөөн нээлтээ хийлээ

“Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын ээлжит зөвлөгөөн өнөөдөр /2018.06.12/ Төрийн ордонд эхэллээ.

Энэ удаагийн зөвлөгөөн “Насжилт, төрөлт ба залуучуудыг эрх мэдэлжүүлэх нь” сэдвийн дор явагдаж буй бөгөөд Ази, Номхон далайн бүсийн Япон, БНХАУ, Малайз, Тайланд, Индонез, Филиппин, Бангладеш, Энэтхэг, Лаос, Ардчилсан Солонгос, Шри Ланк, Вьетнам зэрэг 13 орны 30 гаруй зочин төлөөлөгчид, Монгол Улсын Их Хурлын гишүүд оролцож байгаа юм.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд зөвлөгөөнийг нээж үг хэлсэн.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн хөтөлбөр бол дэлхийн улс орнууд нэгэн зорилгод нэгдсэн, хамтран хүлээн зөвшөөрсөн, дэлхий нийтийн хамгийн их анхаарал татсан баримт бичиг, эрхэм чухал зорилт болохыг тэрбээр онцлоод дэлхий ертөнц, хүн төрөлхтний ирээдүйн сайн сайхны төлөөх энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улс орнуудын парламент, хууль тогтоогчид өөрийн хувь нэмрээ манлайлан оруулах ёстой нь маргаангүй бөгөөд Та бидний хүндэтгэлт үүрэг юм хэмээлээ.

УИХ-ын дарга М.Энхболд, Нийт ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогддог, төрийн үйл хэргийг олон түмнээ төлөөлөн шийдвэрлэдэг хууль тогтоох засаглал нь зөвхөн өөрийн улс орны дотоодод төдийгүй дэлхий дахины өмнө хамтын үүрэг хариуцлага хүлээх томоохон институц мөн хэмээгээд парламент хоорондын хамтын ажиллагаа нь бүс нутгийн төдийгүй манай гаригийн хөгжил дэвшил, олон улсын харилцааны тулгамдсан болон нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх нэн чухал механизм мөн гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Тиймээс энэхүү уулзалтаас бүс нутгийн улс орнуудын тогтвортой, эрчимтэй хөгжлийг хангах, нийт хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, насжилт, төрөлтийг нэмэгдүүлэх, иргэндээ ээлтэй орчныг бий болгох, залуучуудыг эрх мэдэлжүүлэх талаар хууль тогтоогчдын зайлшгүй анхаарах ёстой олон чухал асуудлын гарц, шийдлийг тодорхойлно гэдэгт итгэлтэй байна гэж тэрбээр хэллээ.

Азийн Хүн ам, хөгжлийн нийгэмлэгийн дарга, Япон Улсын Хүн амын төлөөх парламентын гишүүдийн холбооны хүндэт дарга, Япон Улсын Ерөнхий сайд асан Ясуо Фукудагийн зөвлөгөөнд оролцогчдод ирүүлсэн мэндчилгээг Япон Улсын парламентын гишүүн Карен Макишима дэвшүүлсэн.

Уг мэндчилгээнд, өнөөдөр дэлхий нийт чухал үе дээрээ ирээд байгааг дурдаад бид даян дэлхийн асуудлуудыг харж, шийдвэрлэж чадвал ирээдүй хойч үедээ тогтвортой хөгжлийг үлдээх боломж бий болно хэмээжээ. Глобалчлагдан, хүн ам нь өсөн нэмэгдэж буй дэлхийд байгаль орчин, байгалийн нөөцтэй холбоотой томоохон дарамт бий болоод байна гээд улс орнуудын хүн амын өсөлтөд эдийн засгийн нөхцөл байдлаас гадна байгаль орчин чухал нөлөөтэй болохыг дахин онцолсон. Түүнчлэн Монгол Улсын хүн ам өсөн нэмэгдэж байгаа ч хотдоо төвлөрөл бий болсон, дундаж наслалт эдийн засгийн түвшинтэй нь харьцуулахад бага байгааг онцлоод нөхөн үржихүйн болоод эхийн эндэгдлийн асуудлыг хөндөхгүй өнгөрөх аргагүй гэсэн юм.

Эцэст нь насжилт, төрөлт, залуучуудыг эрх мэдэлжүүлэх асуудлаар зөвлөлдөх ээлжит хурлаар залуучуудын эрүүл мэндийг сайжруулах болоод бусад чухал асуудлыг хөндөн ярилцана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Түүнчлэн зөвлөгөөний нээлтийн үеэр НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн Төлөөлөгчийн газрын захирал Бёорн Жёрген Андерсоны мэндчилгээг Монгол дахь Суурин төлөөлөгч Наоми Китахара дэвшүүлсэн юм.

Сүүлийн жилүүдэд Ази, Номхон далайн бүсүүдэд жендерийн тэгш бус байдал, хүн амын насжилт, залуучуудад боломжийг нээхтэй холбоотой асуудлууд гарч ирж байгааг мэндчилгээний эхэнд дурдаад энэхүү хурлын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд эдгээр асуудлыг бүгдийг нь авч үзэж, Тогтвортой хөгжлийн зорилтуудаа хангахад анхаарч ажиллах хэрэгтэй байгааг дурдсан юм.

Түүнчлэн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд болон эрхтэй холбоотой гол суурийг тавих, 2030 он гэхэд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүргэхээр төлөвлөсөн зорилтуудаа хэрэгжүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлсэн.

Хуралдаанд оролцогчид “Хүн ам зүйн шилжилт, хүн ам зүйн насжилт”, “Тогтвортой хөгжлийн зорилтууд, төрөлтийн шилжилт”, “Залуучууд, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх”, “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвээр хуралдан Улаанбаатарын Тунхаг бичгийг хэлэлцэн батална хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын дарга М.Энхболд: Монгол Улс бол Тогтвортой хөгжлийн зорилтыг түүчээлэгч орнуудын нэг

Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын уулзалтыг нээж УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үг

2018.06.11 Улаанбаатар хот.

Эрхэм анд найз нар аа,

Хүндэт парламентчид аа,

Хатагтай, ноёд оо,

Дэлхий нийтээр ядуурлыг бууруулах, эх дэлхийгээ хамгаалах, хүн бүхэн амар тайван амьдрах, улс орон, иргэн бүрийн хөгжил дэвшлийг хангахад чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэхээр манай сайхан эх оронд хүрэлцэн ирсэн Та бүхэнд Монголын хууль тогтоох Парламентын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентын элч төлөөлөгчид дэлхий дахины хамгийн чухал асуудлыг чухамхүү Монгол Улсад хэлэлцэн зөвшилцөж буйг бид нэр төрийн хэрэг гэж хүлээн авч, халуун дотноор угтан мэндчилж байгааг хүлээн авна уу.

Эрхэм нөхөд өө,

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн хөтөлбөр бол дэлхийн улс орнууд нэгэн зорилгод нэгдсэн, хамтран хүлээн зөвшөөрсөн, дэлхий нийтийн хамгийн их анхаарал татсан баримт бичиг, эрхэм чухал зорилт билээ.

Дэлхий ертөнц, хүн төрөлхтний ирээдүйн сайн сайхны төлөөх энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улс орнуудын парламент, хууль тогтоогчид өөрийн хувь нэмрээ манлайлан оруулах ёстой нь маргаангүй бөгөөд Та бидний хүндэтгэлт үүрэг юм. Энэхүү үүргээ ямар арга замаар, хэрхэн биелүүлэх вэ, бид юуг чухалчилж, хаашаа зорих ёстой вэ гэдгийг Та бүхэн энэ өдрүүдэд хэлэлцэж, ярилцана.

Нийт ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогддог, төрийн үйл хэргийг олон түмнээ төлөөлөн шийдвэрлэдэг хууль тогтоох засаглал нь зөвхөн өөрийн улс орны дотоодод төдийгүй дэлхий дахины өмнө хамтын үүрэг хариуцлага хүлээх томоохон институц мөн билээ. Энэхүү үүргээ бид харилцан ойлголцож, хамтран ажиллаж хэрэгжүүлнэ.

Парламент хоорондын хамтын ажиллагаа нь бүс нутгийн төдийгүй манай гаригийн хөгжил дэвшил, олон улсын харилцааны тулгамдсан болон нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх нэн чухал механизм мөн гэдэгт миний бие итгэлтэй байна.

Тиймээс энэхүү уулзалтаас бүс нутгийн улс орнуудын тогтвортой, эрчимтэй хөгжлийг хангах, нийт хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, насжилт, төрөлтийг нэмэгдүүлэх, иргэндээ ээлтэй орчныг бий болгох, залуучуудыг эрх мэдэлжүүлэх талаар хууль тогтоогчдын зайлшгүй анхаарах ёстой олон чухал асуудлын гарц, шийдлийг тодорхойлно гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм нөхөд өө,

Монгол Улс бол Тогтвортой хөгжлийн зорилтыг түүчээлэгч орнуудын нэг юм. НҮБ-аас Дэлхий дахины тогтвортой хөгжлийн зорилтуудыг батлан тунхагласны дараахан буюу 2016 оны хоёрдугаар сард манай хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлаас “Монгол Улсын 2016-2030 оны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсан билээ.

Энэхүү үзэл баримтлалын үндсэн зарчим нь монгол хүн эрүүл саруул амьдрах орчинтой, найдвартай ажлын байртай, орлогын тогтмол эх үүсвэртэй, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын хүртээмжтэй, чанартай тогтолцоотой байж, чинээлэг хангалуун амьдрах ёстой гэдэгт чиглэж байгаа юм.

Энэхүү үндсэн зарчмыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улс 2030 он хүртэл эдийн засгийн тогтвортой, харьцангуй өндөр өсөлттэй байж, олон салбартай,нээлттэй эдийн засагтай болж, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрч, дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан орон болох зорилт дэвшүүлсэн.

Бид энэхүү зорилтоо дэлхийн хамтын нийгэмлэг, бүс нутгийн улс орнуудын хүчин чармайлттай нэгтгэн, хамтарч хэрэгжүүлэх ёстой. Чухамхүү ингэж чадвал дэвшүүлсэн зорилт маань илүү сайн үр дүнд хүрнэ гэж бид үзэж байна.

Тиймээс Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын энэхүү чуулга уулзалтад бид онцгой ач холбогдол өгч байгаагаа тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.

Түүнчлэн энэхүү эрхэм чухал үйл хэрэгт Монгол Улс, Монголын парламент, хууль тогтоогч гишүүд өөрийн хувь нэмрийг оруулах эрмэлзэл дүүрэн байгааг илэрхийлье.

Бодлого, зорилтоо тодотгож, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах зорилгоор оюун ухаанаа уралдуулж, харилцан туршлага солилцох зөвлөлгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.

Эрхэм хүндэт зочид Та бүхэн Монгол Улсад тавтай морилно уу.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймгийн Автотээврийн төвийн албан хаагчид орон сууцаар 100 хувь хангагдлаа

Автотээврийн төв Хөгжимт жүжгийн театртай хамтран ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор орон нутгийн Түвшинмөнх ХХК-иар стандартын өндөр түвшинд захиалснаар жил гаруй хугацаанд 24 айлын орон сууц ийнхүү ашиглалтад ороод байна. Автотээврийн үндэсний төвийн хэмжээнд 2017 онд ажлын үзүүлэлтээрээ тэргүүн байр эзэлсэн Сүхбаатар аймгийн Автотээврийн төвийн хамт олон ийнхүү өөрсдийн санаачлага, хичээл зүтгэлийн үр дүнд аймаг орон нутаг, удирдах дээд байгууллагуудынхаа дэмжлэгээр 100 хувь орон сууц, байраар хангагдлаа.

Шинэ орон сууцыг хүлээлгэн өгөх нээлтийн үйл ажиллагаанд Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, АТҮТ ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран, Аймгийн Автотээврийн төвийн дарга Отгонбаяр, Хөгжимт жүжгийн театрын захирал Б.Батсайхан болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл болон ажилтан албан хаагчид оролцлоо.

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар “Аж ахуйн нэгж байгууллагууд ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхийн тулд санал санаачлага гаргаж чадвал үр дүнд хүрдэг гэдгийг тус хамт олон харууллаа” хэмээн нээлтийн үеэр онцлон хэлэв. Мөн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран Автотээврийн төвийн үйл ажиллагаа, цаашдийн ажил үйлс амжилттай явах нь айл гэрийн амар тайван, ая тухтай байхаас ихээхэн шалтгаална хэмээн хэлээд Хөгжимт жүжгийн театрынх хамт олонтой хаяа нийлүүлэн гал голомтоо бадрааж буйд баяр хүргэж, эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Сүхбаатар аймгийн Автотээврийн төвийн Бичиг хэрэг, нярав А.Өлзийдүүрэн 2014 оноос 14 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд байрны урьдчилгаа 30 хувиа төлж, өдгөө шинэ байрандаа ая тухтай амьдарч байна. “Амьдрах нөхцөл сайжирч, ажилдаа ойр, тав тухтай байртай болсноор сэтгэл амар ажиллах боломж бүрдсэнд баяртай байна. Байрны төлбөрийн таатай нөхцлөөр хангаж орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах талаар удирдлагууд шийдвэрлэж өгөхөөр болсонд баяртай байна” хэмээн хэллээ.