Categories
мэдээ нийгэм

Үйлдвэрлэл 6 их наяд төгрөгт хүрчээ

Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний таван сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 6 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэр 1.1 их наяд төгрөгөөр өсөөд буй дүн мэдээ гараад байна.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өсөхөд уул уурхай, олборлох салбарын нийт үйлдвэрлэл 827.1 тэрбум төгрөгөөр буюу 23.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Үүнээс нүүрс олборлолт 511.2 тэрбум төгрөг буюу 48 хуиар, металлын хүдэр олборлолт 252.0 тэрбум төгрөгөөр буюу 12.6 хувиар тус тус өссөн байна. Энэ оны эхний 5 сард алт, зэсийн баяжмал, цайрын баяжмал, төмрийн хүдэр, буталмал чулуу зэрэг уул уурхайн олборлох үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 2.5-39.0 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбарт шар айраг, малын тэжээл, самнасан ноолуур, вакуум цонх, хаалга, зүсмэл материал, архи, ноолууран сүлжмэл эдлэл, хиаман төрлийн бүтээгдэхүүн, банш, бууз зэрэг хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 6.5-27.8 хувиар өсчээ.
Статистик мэдээгээр ямааны кг цагаан ноолуурын үнэ Дорнод аймагт хамгийн бага буюу 50.0 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол Баянхонгор аймагт хамгийн өндөр буюу 113.0 мянган төгрөг байна.
Өнгөрсөн 5-р сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сарынхаас 0.6 хувь, өмнөх оны эцсээс 4.5 хувь, өмнөх оны мөн үеэс 6.1 хувиар өссөн үзүүлэлттэй гараад байна. Үүнд хүнсний бараа, ундаа, усны бүлэг дүнгээрээ 1.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Харин нийслэл хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өсөөд байгаад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 7.0, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 19.6, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.4, тээврийн бүлгийн үнэ 4.4 хувиар өссөн нь голлож нөлөөлжээ. Өнгөрсөн саруудад тамхины татвар нэмэгдсэн, шатахууны үнэд өөрчлөлт орсон зэрэг нь хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөхөд нөлөөлсөн гэж статистикчид онцолж байв.
Банк, санхүүгийн салбарын статистик мэдээллээр мөнгөний нийлүүлэлт (M2) тавдугаар сарын эцэст 17.0 их наяд төгрөг болсон нь өмнөх сараас 801.6 тэрбум төгрөг буюу 4.9 хувь, өмнөх оны мөн үеэс 4.1 их наяд төгрөг буюу 31.2 хувиар тус тус өссөн дүнтэй гарчээ. Харин гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө тавдугаар сарын эцэст 935.9 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 1.7 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 60.5 тэрбум төгрөгөөр өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 10.5 тэрбум төгрөгөөр өсчээ.
Цаг агаарын үзэгдлийн талаар гарсан мэдээгээр энэ оны тавдугаар сард хамгийн их хур тунадас Хөвсгөл аймгийн Цагаан-үүр суманд 54.5 мм-т хүрсэн байна. Агаарын үнэмлэхүй бага температур Ховд аймгийн Дууь сумын нутгаар -15.7 хэмд хүрлээ. Салхины үнэмлэхүй их хурд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд түр зуур 32 м/сек-д хүрчээ. Хамгийн их халуун өнгөрсөн тавдугаар сарын 2 дахь үед байв. Энэ сүүлийн 57 жил ажиглагдсан хамгийн их халуун байсныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ.
Categories
мэдээ нийгэм

Шинэ цэргүүд тангарагаа өргөв

Улаанбаатар цэргийн хүрээний ангиудад шинэ цэргүүд сүр хүч, тэмцэл ялалтын бэлгэдэл болсон тугийн дор цэцэн буугаа мөрлөн жагсч, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж цэргийн тангарагаа өргөв.

Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын цэргийн тангарах өргөх ёслолын арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Ө.Эрдэнэ-Очир болон сайдын зөвлөх Д.Бүрэнтогтох тэргүүтэй албаныхан, дайчдын ар гэрийн төлөөлөл оролцлоо. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд цэргийн тангараг өргөсөн дайчдад золбоо хийморьтой байж, албандаа зүтгэлтэй, аливаад шударга хандлагатай, сурлага сахилгын өндөр амжилт гаргахыг захисан бол дайчдын ар гэрийнхэн хүүгээ болон дүүгээ өнгө жавхаатай, хийморьлог эр цэргийн нэр төрийг өндөрт өргөж албаа хаагаад ирэхийг захиж байв.
Цэргийн тангараг өргөсөн хугацаат цэргийн алба хаагчдыг төлөөлж байлдагч Х.Очирбат, “Ээж аавын хүүгээс эх орны хүү боллоо. Цэргийн албаа нэр төртэй хаагаад очно оо. Цэргийн бахдам түүх, бахархам амжилтыг сонсч биш дунд нь орж бүтээлцэж байгаадаа бид баяртай байгаа”гэсэн бол хүүгийнхээ тангараг өргөх ёслолын сонирхохоор Увс аймгийн Түргэн сумаас ирсэн Н.Цэвээн “Миний хүүг Ц.Ариунболд гэдэг. Хүүгээ хараад таньсангүй. Ямар сайхан тохитой, өнгө жавхаатай болоо вэ. Цэргийн алба хүнийг сэтгэлзүй, бие бялдарыг нь хөгжүүлж төлөвшүүлдэг сайхан газар юм даа” гэв.

Өвөрхангай аймгаас татагдан ирсэн байлдагч Н.Батжаргалын ээж Н.Түвшинжаргал “Би 4 хүүгийнхээ 3-ыг нь цэргийн албанд явуулсан. Цэргийн алба хаагаад ирсэн хүн амьдралд хандах хандлага нь өөрчлөгдөж, хөдөлмөрч, эх оронч үзэлтэй, хүний үг даах чадвартай, тэсвэр хатуужилтай, хариуцлага үүрч чаддаг. Тийм болохоор хөвгүүдээ цэргийн алба хаахыг дэмдэг. Энэ завшааныг ашиглаад БХЯ, ЗХЖШ-ын удирдлагад баярлалаа” гэв.
Зэвсэгт хүчний 013, 150 дугаар ангийн шинэ цэргүүд ийнхүү өнөөдөр тангараа өргөв хэмээн БХЯ-ны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өмнөд бүсийн сургалт дадлага хийж эхэллээ

ОБЕГ-ынхан баруун бүст олон улсын сургалт хийж дуусаад өнөөдрөөс өмнөд бүсийн сургалт дадлага хийж эхэллээ. Онцгой байдлын газрын офицер , бие бүрэлдэхүүнийг хамруулсан “Гамшгийн нөхцөл байдал үүссэн үеийн бүсийн төвийн удирдлага, зохицуулалт, хариу арга хэмжээ, харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байна.
Сургалтын хүрээнд аймгийн Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллага болон орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд сургуулийн бодлого, төлөвлөгөөг танилцуулан сургуулийн бэлтгэл ажлыг хангажээ. Гамшгаас хамгаалах менежментийн хөгжлийн чиг хандлага, бүс, бүсийн төвийн удирдлага зохицуулалт, гамшгийн үеийн харилцан ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, үүссэн цагийн байдлыг үнэлж, шийдвэр гаргах, офицер бүрэлдэхүүний штабын жигдрэлтийг хангах зорилготойгоор гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг астрономийн 48 цаг, оперативын 168 цагийн багтаамжтай 3 үе шаттайгаар зохион байгуулна. Офицер бүрэлдэхүүний команд штабын сургууль 06 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

10 ширхэг үлээгч аппаратыг хандивлав

ОБЕГ-аас Төрийн тусгай хамгаалалтын газарт ой, хээрийн түймэр унтраах, тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 10 ширхэг үлээгч аппаратыг өнөөдөр хандивлав.
Тус үлээгч аппарат нь БНХАУ-д улсад үйлдвэрлэсэн 6МF-22-50 загварын 35-50 м/с үлээх чадвартай ой, хээрийн түймэр унтраах үйл ажиллагаанд Онцгой байдлын байгууллагад сүүлийн үед ашиглаж байгаа багаж юм.

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэрэг өмнөх оноос 63 хувиар өсчээ

Өнөөдөр Үндэсний Статистикийн Хорооноос энэ оны Монгол улсын нийгэм, эдийн засгийн эхний таван сарын статистик мэдээллийг танилцууллаа.

Нийгмийн даатгалын ерөнхий газар,Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны эхний таван сард 921 тэрбум гаруй төгрөг болсон. Энэ нь өмнөх оноос 100 тэрбум орчим төгрөгөөр нэмэгдэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 10 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 16 орчим хувиар буурсан хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн зарлага 13 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 16 орчим хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН 131 УЛСТАЙ ХУДАЛДАА ХИЙЖЭЭ

Улсын хэмжээнд энэ оны эхний таван сард 31574 эх амаржиж, 31785 хүүхэд төржээ.Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр тав дугаар сард хамгийн их хур тунадас Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 54.5 мм-т хүрсэн бөгөөд аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны эхний таван сарын байдлаар 1993 болж, өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар буурчээ.

Улсын хэмжээнд эхний таван сард 17980 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс63 гаруй хувиар өсч, мөнгөний нийлүүлэлт энэ оны таван сарын эцэст 17.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 5 гаруй хувиар, өмнөх оны мөн үеэс 31 гаруй хувиар өссөн байна. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний таван сард 3.3 наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрлээ.

Төлбөрийн тэнцлийн урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 2018 оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр 348 гаруй ам долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 6.6 сая америк доллараар буурсан ба Монгол Улс энэ оны эхний таван сарын байдлаар дэлхийн 131 улстай худалдаа хийсэн ажээ. Харин хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оноос зургаа орчим хувиар өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ V сард өмнөх сарынхаас 0.5 хувиар буурсан бол хөдөө аж ахуйн салбарт улсын хэмжээнд өмнөх оны эцэст тоологдсон төллөх насны нийт 28 гаруй сая хээлтэгч малын 19 гаруй сая нь энэ оны эхний таван сард төллөжээ.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний таван сард урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны үеэс 23 гаруй хувиар өссөн ба төмөр замын тээврээр эхний таван сард 10 гаруй сая тонн ачаа, нэг сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.8 сая тонноос өсөж, зорчигчид 3 гаруй хувиар буурсан аж.

Энэ болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг nso.mn-ээс авах боломжтой.

Д.ХУЛАН

Categories
мэдээ нийгэм

Харах чадвараа алдахаас сэргийлэх, нүдний харааг хамгаалах үйлчилгээ үзүүлэв

Тайваний “Сунрэн” ротари клуб Монголын “Улаанбаатар” ротари клубтай хамтран энэ сарын 9-нд АШУҮИС-д “Сул харааны төв”-ийг байгуулж, харах чадвараа алдахаас сэргийлэх, нүдний харааг хамгаалах үйлчилгээ үзүүллээ.

“Сунрэн” ротари клубын Тэргүүн Ван Вэн Чөн “Сул харааны төв”-ийн нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ, “Тус ротари клуб нь үнэнч шударга, сайн санааны, гоо сайхан нийгмийг бүтээн байгуулах эрмэлзлийн дор 2016 оноос эхлэн Монгол дахь олон улсын эрүүл мэндийн үйлчилгээг хөгжүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлж, нүдний эмч нарын сургалт, нийгмийн зорилтот бүлгийн харааны чадварыг нөхөн сэргээх сургалтыг тус тус зохион байгуулсан. Мөн “Сул харааны төв”-ийг байгуулж буй нь Тайваний ард иргэдийн сайхан сэтгэлийн илэрхийлэл болоод зогсохгүй “хүмүүнийг анагаахад хязгаар үгүй” хэмээх ухагдахууны бодит илрэл боллоо” гэв. Түүнчлэн тэрбээр Тайваний Чан Гөн эмнэлэг, Му Гуан хараагүйчүүдийн нөхөн сэргээх төвийнхний тусламж дэмжлэгт онцгойлон талархал илэрхийлж, эмч нарыг сургалтад хамруулж, Монголын хөдөө орон нутагт очиж сайн дурын үнэ төлбөргүй оношилгоо хийж, харааны чадварыг нөхөн сэргээх сургалт явуулсанд талархаж буйгаа илэрхийлэв.

Улаанбаатарт суугаа Тайваний төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун, “Ротари клубын амин сүнс нь Ротаричууд өөрчлөлтийг бий болгох /Rotary making a difference/ буюу “өгөөмөр, нөхөрсөг, үйлчлэл” гэсэн зарчим юм. Тайваний Сунрэн, Дунбэй, Руйан, Цаосин ротари клуб, Монголын Улаанбаатар, Энхтайвны өргөн чөлөө, Сэлбэ, Өргөө, Тамир зэрэг ротари клуб хамтран энэхүү төсөлд анхаарал тавин дэмжсэнд талархал илэрхийлэхийн ялдамд Монголчуудын нүдний хараагаа хамгаалах мэдлэг улам бүр нэмэгдэж, хүн бүр өөрсдийн эрүүл мэнд, дэлхийг харах цонхоо эрхэмлэн хайрлах болтугай” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Орон сууцтай холбоотой асуудлыг цогцоор нь шийдвэрлүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтов

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан боллоо. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг үндэслэн Өргөдлийн байнгын хорооны 2018 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийв. Тэрээр тус хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг нь тогтоолыг хэрэгжүүлэх, “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг эргэн харах, иргэдийн хүсэлт хүлээн авах, бүртгэх, гэрээ байгуулах зэргийг нэг цонхны үйлчилгээний зарчимд шилжүүлэх, орон сууц хүлээлцэх, түрээсийн гэрээ, орлого, түүнийг захиран зарцуулж байгаа байдал, ахмадын болон түрээсийн орон сууцанд хамрагдсан иргэд тухайн байрандаа амьдарч байгаа эсэхийг 2018 дөрөвдүгээр 18-аас 2018 тавдугаар 10-ны хооронд нийт таван удаа газар дээр нь очиж танилцсан байна.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 2015-2021 оны хугацаанд 20 мянган өрхийг түрээсийн орон сууцанд хамруулна гэж заасан. “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг батласан байна. Уг журмын хүрээнд улсын хэмжээнд 1512 айлын түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах ажлыг бие даан зохион байгуулжээ.

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны “Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолд ТОСК” ТӨҮГ-ын балансад бүртгэлтэй дуусаагүй 1562 орон сууцыг Хөгжлийн банканд шилжүүлэх, уг барилгыг барьж дуусгахад шаардагдах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, 2018 оны 10 дугаар сард барьж, ашиглалтад оруулах, улмаар төрийн өмчийн түрээсийн санд шилжүүлэх ажлыг зохион байгуулах тухай заасан байна. Уг журмаар улсын хэмжээнд 1512 айлын түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах ажлыг бие даан зохион байгуулсан байна гэлээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Түрээсийн орон сууц зорилтот бус зорилготой иргэдэд хүрч буй талаар шүүмжлэхийн сацуу журам нь иргэддээ хүрсэн эсэх талаар тодруулж, мөн нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай” гэсэн байр суурь илэрхийлэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Түрээсийн орон сууцтай холбоотой асуудал нь холбогдох яам, ТОСК-той мөн Монголбанк, Сангийн яамтай нэгдмэл үйл ажиллагаатай байх хэрэгтэй” гэв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан орон сууцтай холбогдсон хуулийг 2018 онд багтаан батлах нь зүйтэй гэсэн санал хэлж, Байнгын хорооны гишүүдээс гэр хорооллын дахин төлөвлөлт, дахин барилгажуулалт, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа барилгын засвар, үйлчилгээ, орон сууцтай холбоотой бусад асуудлыг цогцоор шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналын дагуу Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар батлав.

Уг төсөлд, “Буян-Ухаа 2” хорооллын 2018 оны 10 дугаар сард ашиглалтад орох 972 айлын орон сууцны ус зайлуулах хоолой, автомашины зогсоол, граж, гэрэлтүүлэг, камержуулалт, СӨХ, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, нэг цэгийн үйлчилгээ зэргийг цогцоор шийдвэрлэхийг “ТОСК” ТӨҮГ-ын /Ж.Хичээнгүй/-д, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн өмчлөлийн түрээсийн орон сууцгүй аймгууд болох Баян-Өлгий, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Өмнөговь, Дундговь, Төв, Сүхбаатар, Дорнод, Говьсүмбэр аймгуудад тус бүр 60 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулах хөрөнгийн эх үүсвэрийг 2019 оны улсын төсөвт суулгах ажлыг судалж, шийдвэрлэхийг Барилга, хот байгуулалтын сайд /Х.Баделхан/-д, Сангийн сайд /Ч.Хүрэлбаатар/-д зэрэг 15 заалт тусгажээ.

Э.АНУДАРЬ

Categories
мэдээ соёл-урлаг

“Мисс монголиа 2018” тэмцээний тэргүүн миссээр Б.Мөнхчимэг тодорлоо

“Мисс монголиа” холбоо, “SBN” телевиз хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг монголын гоо бүсгүйг шалгаруулах “Мисс монголиа 2018” тэмцээний тэргүүн миссээр Б.Мөнхчимэг тодорлоо. Тэргүүн миссийн титмийн эзэн болсноор тэрбээр ирэх 11 дүгээр Япон Улсад болох “MISS INTERNATIONAL 2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн болов.

Б.Мөнхчимэг нь Андра агентлагийн загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд “Шинэ монгол коосэн”-д суралцдаг, Япон хэлтэй, Төмөр хуур хөгжим тоглох, бүжиглэх авьяастай аж.
Тэмцээний эцсийн шатанд тэргүүн миссийн титмийн төлөө 19 бүсгүй гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа өрсөлдсөн юм.
Дашрамд сонирхуулахад, Авьяаслаг миссийн төрөлд тэрбээр хэл хуур буюу аман хуурыг бүжигтэй хослуулан тоглож үзэгчдийг алмайруулж, шүүгчдээс өндөр үнэлгээ авчээ.
Categories
гадаад мэдээ

Оросын үндэсний баяр тохиож байна

Өнөөдөр ОХУ-д “Оросын өдөр” үндэсний баяр тохиож байна. 1990 оны зургадугаар сарын 12-нд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны Орос улсын ардын депутатын их хурал Орос улсын төрийн бүрэн эрхийн тухай тунхаглалыг баталж байжээ. Энэ үйл явдлаас хойш жилийн дараахи мөн өдөр тус улсын түүхэнд анх удаагаа Ерөнхийлөгчийг сонгох бүх ардын сонгууль болж байжээ.
Энэ өдрийг 1992 онд баярын өдөр болгосон бөгөөд 1994 онд үндэсний баяр болгон зарлажээ. Харин тус баярыг 2002 онд “Оросын өдөр” гэж нэрлэсэн байна.

Энэ баярын өдөр Оросын хотуудад үндэсний баяр наадам, тоглолтууд болон спортын арга хэмжээнүүд болдог. Түүнчлэн шинжлэх ухаан, технологи, урлаг утга зохиол болон хүмүүнлэгийн салбарт ололт амжилт гаргасан хүмүүст төрийн шагнал гардуулдаг байна.
“Оросын өдөр” баярыг тохиолдуулан өнөөдөр Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар Оросын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар автомашин жолоодох зөрчил эрс нэмэгджээ

Сүүлийн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдсэн тухай албаныхан мэдээллээ. Тухайлбал амралтын өдрүүдэд Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 114 зөрчлийг илрүүлсэн байна. Үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч хоёр, явган зорчигч хоёр бүртгэгдсэнийг шалгаж байгаа аж.

Энэ нь томоохон фестиваль, задгай талбайн арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байгаатай шууд холбоотойг албаныхан хэлж буй юм. Түүнчлэн удахгүй Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхтэй холбоотойгоор оройн цагаар задгай талбайд тэмцээн үзэх үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэх, хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгддэг. Энэ нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн албанаас задгай талбайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудтай урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулах ажээ.