Categories
мэдээ нийгэм

Сэлбийн түр гүүрийг нээлээ

Сэлбэ гол дээгүүрх 30м урт түр гүүрийн тэмдэг, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэж, замын хөдөлгөөнийг нээжээ.

Нарны зам, Замын цагдаагийн уулзвараас хойш Олимпын гудамжны зам хаасан. Тиймээс жолооч тээвэрчид энэ замаар зорчих боломжтой гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Н.Оюундарь: Эхнээсээ бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан бол иргэд эсэргүүцэж, бухимдахгүй байсан

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.


-УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай чуулганы хуралдааны өмнө эмэгтэй гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд, хуулийн байгууллагаар шалгуулаад үнэн мөнөө тогтоолгоод ороод ир” гэсэн ч Их хурал хамгаалаад үлдсэн. Гэтэл Д.Гантулга гишүүн өөрөө гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ Их хурлын даргад өгчихлөө. Таны байр суурь ямар байсан. Гэвч гишүүдийн нууц санал хураалтаар түдгэлзүүлэхээс татгалзсан шийдвэр гарсанд эмэгтэй гишүүд үнэхээр их эгдүүцсэн.

Бид эмэгтэйчүүдийн эрх ашгийг хөндсөн аливаа хүчирхийллийн хэлбэртэй тууштай тэмцэнэ гэсэн байр сууриа анхнаасаа илэрхийлээд явсан. Уг нь өнгөрөгч баасан гаригт түдгэлзүүлээд явсан бол өнөөдөр намынхаа болон УИХ-ын нэр хүнд, мөн өөрийнхөө нэр хүндийг шороотой хутгахгүй байсан. Үнэхээр охид бүсгүйчүүдийн төдийгүй нийгэмд ч “хар баасан” гариг боллоо.

-Д.Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг нь Их хурал хэлэлцэнэ. Хүлээж авах болов уу. Өмнө нь хуулийн мухардалд орлоо гээд гацааж байсан удаатай шүү дээ?

-Тийм ээ, эхнээсээ гишүүд маань бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан бол олон нийт ингэж эсэргүүцэж, бухимдахгүй, ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан. УИХ-ын шийдвэрийг эсэргүүцэн иргэд эмэгтэй гишүүд рүү харилцааны бүхий л хэлбэрээр иргэд, эмэгтэйчүүд, сонгогчид маань хандаж, санал бодол, бухимдлаа илэрхийлж байна. Д.Гантулга гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь тодорхой. Учир нь Д.Гантулга гишүүн өөрөө хүсэлтээ өгсөн байна. Өмнө нь хуулийн мухардалд орсон гэсэн асуудал нь гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтыг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болгосон байсан учраас хойшилж байсан юм.

-Гишүүний чөлөөлөгдөх асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэж дуусах уу. Уг нь яаралтай нэг талдаа гаргаад асуудлаа шийдээд явчихвал хаана хаанаа амар биш үү?

-Уг асуудлыг хэзээ хэлэлцэн шийдвэрлэхийг Даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ. Хэлэлцэхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэж, уг гарсан шийдвэрийг УИХ-аар хэлэлцэн тогтоол гарах хуулийн заалттай. Энэ дэгийн дагуу л явах ёстой.

-11 эмэгтэй гишүүн гарын үсэг зураад Их хурлаас хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэдэг шийдвэрт хориг тавиулна гэж байсан. Нөхцөл байдал нэгэнт ийм болсон тул та бүхэн Ерөнхийлөгчид хандахгүй болсон уу?

-Д.Гантулга гишүүнийг чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахаас өмнө эмэгтэй гишүүд ярилцаад албан тоотыг албажуулан Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлсэн байсан. Тэр чөлөөлөгдөх хүсэлтийн талаар бид өөрийнхөө албан тоотыг хүргүүлсний дараа үдээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээс олж мэдсэн.

-Гишүүн өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм чинь Хэнтий аймагт нөхөн сонгууль болж таарна. Гэтэл нөхөн сонгууль болохгүй, шүүхээр асуудлаа шийдтэл нь процесс үргэлжилнэ гэх юм. Аль нь зөв бэ?

-УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан бол бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болно. Нэгэнт бүрэн эрх нь дуусгавар болсон тохиолдолд холбогдон шалгагдаж байгаа асуудал нь хэрхэн шийдвэрлэгдсэнээс үл хамааран тухайн тойрогт нөхөн сонгууль явагдахаар хуулинд заасан байдаг. Энэ хүрээнд асуудал шийдэгдэнэ гэж ойлгож байгаа. Д.Гантулга гишүүн чөлөөлөгдөх биш бүрэн эрхээ түдгэлзүүлэн асуудлаа холбогдох байгууллагаар шалгуулаад шүүхээс буруутай үгүйгээ шийдүүлээд явах явах боломж бүрэн нээлттэй байсан. Шүүхээс шийдвэр гараагүй тохиолдолд хэн бэ гуайг ч буруутайд тооцож болохгүй.

-Цаашид энэ мэт асуудлууд дээр эмэгтэй гишүүд ийм байр сууринаас асуудалд хандах уу. Эмэгтэй гишүүдийг жилийн өмнө ингэж байр сууриа илэрхийлсэнгүй, оройтож мэдэгдэл хийлээ гэсэн шүүмжлэл байна?

-Энэ удаагийн парламентад хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн ажиллаж байна. Бид албан бус бүлэг байгуулсан. Нэн тэргүүний зорилт бол хүүхэд, эмэгтэйчүүд, тэдний эрх ашиг, нийгмийн хамгаалал, эдийн засгийн баталгааг хангах. Эмэгтэй гишүүдийн бүлгээс хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах болон хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо гаргаж байсан. Дор бүрнээ саналаа илэрхийлээд явж байгаа.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийг миний бие ахлан, эмэгтэй гишүүд санал нэгдэж оролцож байсан л даа. Хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчин харьцангуй сайжирсан. Одоо хэрэгжүүлэхийн тулд эдийн засгийн болоод бусад бүх талын арга хэмжээ авах шаардлагатай. Жилийн өмнө хүүхдийн сайн сайхны төлөө зарим эмэгтэй гишүүдийн саналаар түүхэнд анх удаа хүүхдийн төсвийг тав дахин нэмэгдүүлж таван тэрбум төгрөгний төсвийг Гэр бүл хүүхэд хөгжлийн газарт батлуулж байсан. Огт дуугүй байж байгаад дуугараад эхэлсэн зүйл байхгүй, энэ удаа эмэгтэй гишүүд бүгд санал нэгдэж, нэгдсэн байр сууриа илэрхийлж байгаа.

-Нөхөн сонгууль боллоо гэхэд сонгуулийн товыг хэзээ зарлах вэ?

-УИХ-ын гишүүн Д.Ган-тулгын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хүлээн авсан тохиолдолд нөхөн сонгуулийг зарлах нь тодорхой. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т зааснаар УИХ-ын гишүүн нас барснаас бусад тохиолдолд орон гарсан бол нөхөн сонгуулийг 14 хоногийн дотор зарлаж, 30 хоногийн хугацаанд сонгуулийг зарлан явуулахаар байгаа. Чуулганы бус үеэр орон гарсан бол чуулган эхэлснээс хойш дээрх хугацаанд зарлан явуулахаар хуульчилсан байна. Тэгэхээр гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг хэзээ, хэрхэн шийдвэрлэснээс хамаарч, сонгуулийн тов зарлагдах болно.

-Өмнө нь та Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан. Тэр утгаар нь асуухад сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа ШХАБ-т элсэх асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Тусгаар тогтносон улсын хувьд бид идэвхтэй бие даасан гадаад бодлоготой улс гэдгийг хэлмээр байна. ШХАБ-ын талаар ярихаас өмнө энэ ер нь ямар байгууллага вэ гэж асуух ёстой. Өнөөгийн нөхцөл байдал, анх үүсч хөгжсөн түүхээс нь үзэхэд улс төрийн байгууллага гэж ойлгогдохоор байгаа. Ер нь ШХАБ-д элсэх асуудал дээр бол энэ нь цаг үеэ олоогүй гэж бодож байгаа. Харин бид гадаад бодлогын үзэл баримтлалд эн тэргүүнд хоёр хөрш оронтойгоо найрсаг харилцаатай байж, тэдгээр улс оронтой тэнцвэртэй харилцаж сайн хөршийн өргөн хүрээтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэсэн. Тиймд хоёр хөршийнхөө итгэлцлийг сэргээх явдал бидний нэн тэргүүний зорилго. Бид ШХАБ-ын гишүүн боллоо гэхэд гуравдагч хөршөөс томоохон төслүүд дээр хөрөнгө оруулах боломж хязгаарлагдах уу. Тэдэнтэй харьцах харьцаанд ямар нэгэн нөлөө үзүүлэх үү гэсэн асуултууд гарч ирнэ. Үүн дээр болгоомжтой хандах ёстой. Тийм учраас яаруу дааруу шийдвэрээ хэрхэвч гаргаж болохгүй. Тал бүрээс нь сайн судлах ёстой. Монгол Улс 14 жил ажиглагч байхдаа үндсэн хуралдаанд оролцохгүй ч гэсэн мэдээллээр хангалттай авч байсан. Тиймээс гишүү-нээр элсэх эсвэл ажиглагчийн статусаа хэвээр хадгалахад манай улсын хувьд шууд мэдрэгдэхүйц ялгаа гарах-гүй гэж үзэж байгаа юм. Харин бид эдийн засгийн интеграцчилалд нэгдэх ёстой. Тухайлбал, чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх асуудлыг нэн яаралтай шийдэх хэрэгтэй.

-ШХАБ-ыг эдийн засгийн боломж гэж харах хэрэгтэй гэдгийг зарим гишүүд хэлээд байх юм. Эдийн засгийн боломж байх уу, ер нь бол зэр зэвсэг, улс төрийн бүлэглэлд багтах үгүйг шийдэх хариуцлагатай сонголт гэх юм?

-Энд ямар нэгэн эдийн засгийн боломжууд байхгүй гэдгийг бүрэн ойлгох хэрэгтэй. 2015 онд Энэтхэг, Пакистан гэсэн хоёр улс бүрэн гишүүнээр элсэх өргөдлөө өгч 2017 онд бүрэн эрхт гишүүн болсон. Үндсэндээ саяхан шахам шинэ гишүүн улс орнуудаар эгнээгээ нэгтгэсэн байгууллагын цаашдын хандлага, өнгө аясыг харах нь бас зүйтэй болов уу. ШХАБ-ын статусын хувьд олон улсын байгууллага юм уу, цэргийн эвсэл юм уу гэдгийг ойлгох хэрэгтэй болно. Манай улс эвсэлд үл нэгдэх 77-гийн бүлгийн гишүүн учраас ямар нэгэн байдлаар цэргийн эвсэлтэй холбоотой асуудалд оролцож болохгүй юм. Тиймдээ ч барууны зарим судлаачид ШХАБ-ыг Варшавын гэрээний залгамжлагч, НАТО той өрсөлдөхүйц байгууллага гэж үздэг талтай.


Categories
мэдээ нийгэм

“Сити-Тур” аяллын автобус явж эхлэлээ

Дэлхий дахинд 2017 оны байдлаар нийт 1,2 тэрбум хүн аялж, нийт ажил эрхэлж байгаа 11 хүн тутмын нэг нь уг салбарт ажиллаж байна. Монгол Улсад өнгөрсөн онд ирсэн гадаадын жуулчдын тоо 471 мянгад хүрч Монгол Улсын эдийн засагт 400 сая ам долларын орлогыг оруулжээ.

Аялал жуулчлал нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэгч салбаруудын нэг бөгөөд манай орны эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, экспорт, хөрөнгө оруулалт, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэн, ажлын байрыг олноор бий болгон дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөх өндөр ач холбогдолтой салбар юм.

Улаанбаатар хот нь гадаадын жуулчдын аялан зочлох, дамжин өнгөрөх гол цэг бөгөөд Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нийт аялагчдын 92 гаруй хувь нь нийслэл хотоор дамждаг. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгох зорилгоор Ulaanbaatar City Tour Bus буюу хотын автобустай аяллын үйлчилгээг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх гэж байна.

Дэлхийн 120 гаруй орны нийслэл болон томоохон хотуудад “Сити-тур” буюу хотын автобустай аялал өөр өөрийн онцлогийг харуулан аялал жуулчлалааа хөгжүүлж байна. “Ulaanbaatar City Tour Bus” нь дотоод гадаадын жуулчдад нийслэлийн болон хот орчмын түүхийн дурсгалт газар, урлаг соёл, музей үзвэрийн газрууд, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг танилцуулна. Ингэснээр гадаадын жуулчдаас гадна нийслэлчүүд болон хөдөө орон нутгийн иргэд маань 379 жилийн түүхтэй нийслэл хотынхоо түүхэн дурсгалт газрууд, хөгжил дэвшилтэй танилцан аялал амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой болж байна.
Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын 13-нд болох үйл явдал

09.00 цагт Корпорейт зочид буудалд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчих гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Хамтдаа хамгаалъя” зөвлөгөөн зохион байгуулна.

09.30 цагт “Сэлх ресорт”-д ЭМЯ, МХЕГ-ын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори хамтран “Химийн ослын үеийн нийгмийн эрүүл мэндийн менежмент” олон улсын семинар зохион байгуулна. Утас:91989890

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болно.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Хааны эрэлд-2018” хээрийн сургуулийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт Биеийн тамир, спортын газарт К2 уулын авиралтаа эхлүүлэх гэж буй гавьяат тамирчин, “Seven summit”-ын эзэн Б.Гангаамаад Төрийн далбаа гардуулах ёслол болно.

14.00 цагт МҮХАҮТ-д Монголын маркетингийн холбооноос жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, маркетингийн зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулна.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

Categories
мэдээ цаг-үе

Т.Саруултөгс: “Яг түүн шиг” шоу оролцогчид болоод тайзны ард ажиллаж байгаа хүмүүсийг асар их туршлагажуулж байна

“Яг түүн шиг” шоуны бүжгийн бэлтгэлийн үеэр

“Яг түүн шиг” шоуны бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч Т.Саруултөгстэй ярилцлаа.


-“Яг түүн шиг” шоу ид дундаа орж, оролцогчид нь яван чангарч байна шүү. Тайзны ард ч ажил мөн ялгаагүй бужигнаж байгаа даа?

-Үзэгчдэд сайн мэдрэгдэхгүй байж магадгүй. Энэ удаагийн шоунд өөр өөрийн гэсэн онцлогтой хүмүүс оролцож байна. Ихэнх нь залуу уран бүтээлчид. Эхний шатны ялагч тодронгуут л оролцогчдын хандлага өөр болоод, бэлтгэлээ улам шаргуу хийж эхэлсэн. Тэр нь бүжигчдэд маш хүчтэй мэдрэгдэж байсан л даа. Бүгд хичээж байгаа. Одоо цаана нь дахиад таван шат байна.

-Нэвтрүүлгийн үеэр таны бүжиг зааж байгаа хэсэг харагдаад л өнгөрдөг?

-Тайзан дээрх дэглэлт, тайзны найруулга дээр бас ажиллаж байгаа. Бүжигчид, хөгжимчид хаана байрлах вэ гэдэг бүжигтэй холбоотой бүхий л найруулгыг хийж байна. Мөн дуучны хөдөлгөөнийг найруулж байгаа. Ерөнхий найруулагч Дамдинсүрэнтэй хамтдаа тайзан дээр байнга хамтарч ажилладаг. Оролцогчидтой бүгдтэй нь шударга байхын тулд нэг оролцогчдын бүжгийг зургаан цаг л бэлддэг. Хоёр цагаар гурван удаа бүжгийг нь хамтарч бэлтгэдэг. Үүн дээр хувьчилсан хоёр цагийн зөвлөгөө нэмэгдэхээр долоо хоногт нэг оролцогчтой найман цаг ажиллаж байна. Гэхдээ тэрний цаана дэглэлтээ гаргах, тусад нь бүжигчдээ бэлтгэх, жигдлэх ажил бий. Тэр бүхнийг нэмэхээр нэг оролцогчийн нэг үзүүлбэрт 15-16 цаг зарцуулдаг гэсэн үг.

-Нэг шатанд оролцогч нэг л үзүүлбэр бэлддэг бол таны хувьд найман бүжиг дээр ажиллана гэхээр ачаалалтай байх нь тодорхой?

-Оролцогчдын дуурайх хүмүүсийг судлахад их цаг зарцуулна. Оролцогч надтай бүжгээ давтах гээд ороод ирэхэд би аль хэдийнэ дуурайх уран бүтээлчийг нь судалчихсан, тэр дүр рүү шилжихэд бэлэн байж байх ёстой. Ингэхээр хувийн зохион байгуулалтыг надаас их шаардаж байгаа. Өмнө нь бүжгийн продакшн, байгууллагуудтай хамтран “Яг түүн шиг” шоун дээр ажиллаж байсан. Гэхдээ ганц, хоёр бүжгийн дэглэлтийг дааж авч тэрийгээ хийж өгчихөөд л явчихдаг байлаа. Харин энэ удаад “Яг түүн шиг” шоу гарахаас өмнө АНУ-д дэлхийн шилдэг бүжигчид, бүжиг дэглээчдийн гар дор бэлтгэгдэж байгаад ирсэн болохоор “Би илүү хариуцлага үүрч үзмээр байна” гээд энэ шоуны бүх бүжгийг дааж авсан л даа. Энэ шоугаар дамжуулж би асар их юм сурч байна. Шоу, олон төрлийн бүжиг, олон төрлийн дэглэлт, найруулга нь эргээд оролцогчид болоод ард нь ажиллаж байгаа хүмүүсийг асар их туршлагажуулж байна.

-Оролцогчдын онцлогоос яривал?

-Наки (Оролцогч Б.Нацагдоржийг хэлэв.сурв) ах маш хичээнгүй. Би продюсер хүн, энэ дууг чинь би зохиодог юм, миний хоолойн өнгө дээшээ, доошоо ингэж дуугардаг юм гэсэн ямар ч онгироо зан байхгүй. Яг л суралцагч шиг байдаг. Бэлтгэлдээ орж ирээд л бэлдээд байдаг, бэлдээд л байдаг. Наки ах бага зэрэг махлаг. Миний ажигласнаар тиймэрхүү жинтэй хүмүүс “Би тарган учир муухай харагдана. Би яаж залуу хүүхдүүдийг барах вэ дээ” гэсэн хандлагатай байдаг. Гэтэл Наки ах тийм биш. “Би үзүүлээд өгнө. Чадна. Алив заагаад өг” гэсэн дайчин чанартай. “Танд амархан дэглэлт тавиад өгье” гэхээр “Үгүй. Та нар хийдгээ хий. Би сурмаар байна” гэдэг. Тайзан дээр гарахаараа зааланд бэлдэж байснаасаа илүүг үзүүлдэг. Тайзнаа гарахын өмнөх орой нь бараг унтдаггүй юм шиг байгаа юм. Хөдөлмөрч зан нь надад их нөлөөлж байгаа. Тэр хүнээс сурах юм их байна. Тэмка (О.Тэмүүжин) ахад бурхнаас өгсөн авьяасыг би л лав үгүйсгэж чадахгүй юм байна билээ. Орж ирэнгүүт нь 16 тоотыг үзүүлэхэд л “Аяа тавь” гэдэг. Нэг хараад л сурчихдаг. Бүжигчин, дуучин, жүжигчин хүн. Өөрийнхөө продакшны бүхий л найруулга, маркетинг хийгээд явчихдаг, бүх тал руу төгс хөгжчихсөн. Яалт ч үгүй ард түмний дунд өөрийгөө тамгалах хэмжээнд танигдсан хөдөлмөрч хүн болохоор огт өөр.

Харин Г.Сүндэрмаа эгчийн хувьд “Sweetymo­tion” хамтлагтайгаа АНУ-д удчихсан туршлагатай уран бүтээлч. Сэтгэл хөдлөлийн хувьд их гадагшаа. Бүжгийн ямар ч тавилтыг маш их сэтгэл хөдлөлтэйгөөр хүлээн авдаг. Их эрч хүчтэй. Тэр нь ч бидэнд нөлөөлж бүжиг зааж байхдаа түүнийг дагаж баярлаж, огшдог. Энэ мэтээр оролцогч болгон өөр өөрийн гэсэн онцлогтой. Ц.Тэмүүлэн ах бусад үед чимээгүй. Бүжиглэх дургүй байгаа ч юм уу, эсвэл бидэнд дургүй байгаа юм болов уу гэж бодогдохоор. Гэхдээ огт тийм биш. Тэр хүний байгаа нь л тэр. Бэлтгэл нь дуусаад хоёр, гурван цаг өнгөрч байхад ч Ц.Тэмүүлэн яваагүй, толины өмнө ганцаараа бүжгээ давтаад зогсч байдаг.

-Та АНУ-д гурваас ч илүү сар байсан биш билүү?

-Тийм тийм. Сүүлийн нэг жилийн дотор долоо, найман сарын хугацаанд АНУ-д ирэн, очин байсан л даа.

-Өнгөрсөн өвөл залууст зориулсан лекц уншсан. Ямар сэдэвтэй лекц байсан юм?

-“Сэтгэлийн гал” гэдэг нэртэй лекц. Залуусыг илүү хүсэл мөрөөдөлтэй амьдраасай. “Барын сүүл байснаас батганы толгой байсан нь дээр” гэдэг үгэн дээр битгий суугаасай гэж боддог. Зүйрлэж хэлбэл, сумын төв дээрээ амьдардаг бол “Би сумын төвийнхөө л атаман нь байя” гэх биш. Би аймаг руу явъя, хотод очоод улам хөгжье гэсэн бодолтой, холыг харсан мөрөөдөлтэй байгаасай. Монголдоо л болж байвал боллоо шүү дээ. Монголдоо л олны танил болчихвол боллоо. Эндээ л нэг лангуу ажиллуулчихвал боллоо гэх жижигхэн хүсэл мөрөөдөлтэй биш. Гадны залуус шиг дэлхийд би том иноваци хиймээр байна, хөгжил хиймээр байна, соёл урлагийн бизнес рүү нь орж дэлхийн ододтой хамтарч ажилламаар байна гэсэн тийм мөрөөдөлтэй байгаасай гэсэндээ лекц тавьдаг. Олон ч жил энэ лекцээ тавьж байгаа л даа. Анх “TEDxUlaanbaa­tar” цуврал арга хэмжээн дээр “Сэтгэлийн гал-1” лекцээ тавихад нэлээд өндөр үнэлгээ авч байсан. Ирэх наймдугаар сард, Америк явахаасаа өмнө амжвал “Сэтгэлийн гал-3” лекцээ уншина аа.

-Та өмнө нь “Авьяаслаг монголчууд ” шоунд оролцож байсан. Хэддүгээр шат хүртэл нь явлаа?

-Шилдэг 32 хүртэл явсан.

-Таны нэг онцлог бол тайзан дээр хэлье гэснээ шууд хэлчихдэг өөртөө итгэлтэй зантай. Энэ зан таны унаган зан байх. Мөн гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой юм болов уу гэж харагддаг?

-Аав маань 1990 оны үед Солонгос, Монголын харилцааг маш их хөгжүүлж байсан хүн байдаг байхгүй юу, оюутнаар очоод. Залуугаасаа л барууны сэтгэлгээтэй болчихсон. Надад гадаад дууны үгийг орчуулж өгдөг байсан. “Миний хүү энэ ийм утгатай дуу шүү” гээд тайлбарлана. Монгол дуунаас огт өөр санагдсан. Эх орон, аав, ээж гэхээс ондоо амьдралын утга учир, хүсэл мөрөөдлөө дага гээд өөр юм ярингуут надад гоё сэтгэгдэл төрж эхэлсэн. Миний сэтгэлгээ барууны талаас хөгжчихсөн, гэр бүлээсээ. “Авьяаслаг монголчууд”-д ороод олны өмнө гараад ирсэн чинь энэ зан маань хүмүүст их л өөр харагдсан юм шиг байгаа юм. Барууны соёлыг үзүүлэлт талын соёл гэх юм уу даа. Гадагшаа соёл. Мэдэрч байгаагаа шууд хэлдэг. Олны өмнө гарч ирвэл “Надад боломж олгооч”, “Би чадна”, “Би харуулаад өгье”, “Би өөрчлөлтийг хийе” гэдэг сэтгэлгээтэй. Харин Азийн соёл эсрэгээрээ, дотогшоогоо. “Ээ яах вэ, би ингэсгээд болно. Би яах вэ” эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг юм гэсэн байртай. Чимээгүй байвал илүү хүндэтгэдэг. Тийм болохоор шоу дуусахад хүмүүжсэн тэр хүмүүжлээрээ “Надад боломж олгосонд баярлалаа. Би цаашид өөрийгөө чадна гэдгээ харуулна аа, улам хичээнэ ээ. Үүгээр бүх юм дуусахгүй” гэж хэлсэн чинь “Өө, энэ яасан омголон залуу вэ” гэж дургүйцэцгээсэн.

-Тэгж хэлсний тань дараа маш их сөрөг коммент явсан шүү?

-Тэр гэлтгүй олон юм болсон доо. Энэ болгонд би юуг анзаардаг вэ гэхээр миний үйлдэл ярьж байгаагаасаа илүү чанга дуугардаг юм байна гэдгийг маш сайн ойлгосон. “Яг түүн шиг” шоунд ажиллаж, АНУ-д суралцаад байгааг минь хараад “Энэ нөгөө муулуулаад байсан залуу байна ш дээ” гэхээсээ илүүтэй “Энэ залуу үнэхээр тууштай явж байна, мохсонгүй шүү” гэж хараасай. Үүгээрээ л залуус нэг нэгэндээ үлгэр дуурайлал болох ёстой юм болов уу.

-Бүжиг танд ямар үнэт зүйлийг бий болгосон юм бол?

-Өөртөө итгэлтэй байдал, хариуцлагатай байх чанарыг өгсөн. Хариуцлагын үнэ цэнэ. Бүжиг тайзан дээр харуулчихаад алга болчихдог зүйл биш. Хэн нэгэнд заагаад, хүмүүсийн өмнө зогсоод багшлаад, студи байгуулаад явдаг зүйл. Миний туулж гарах ёстой ганц зүйл юу байсан бэ гэхээр асар олон залуустай хувьчилж уулзаад бүжиг заахаас өөр арга байгаагүй. Би сүүлийн 12 жилийн хугацаанд 10 мянга гаруй залууст бүжиг заачихаад байна. Энд тэнд ганц хоёр, арав, хорин хүнд зааж явсаар байгаа төдий тоонд хүрчихээд байгаа юм. Тэр залуустай харьцахад бүгдэд нь нэг л адилхан шинж байсан.

-Ямар шинж?

-Бүгдээрээ өөрийнхөө бодож байгаагаа хэлэхээс айдаг. Магадгүй дотроо бүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй ч тэрийг нь эцэг эх нь няцааж “За чи битгий галзуураад бай. Тийм юм байхгүй шүү. Чи ийм мэргэжилтэй бол” гэж эрс хориглож өмнөөс нь шийдвэр гаргадаг. Хүүхэд тэрнээс болоод хийж байгаа алхам болгоноо буруу байх вий гэсэн айдсаар хүрээлэгдэж амьдарч байдаг. “Чи чадна ш дээ. Чи дуртай бол бүжиглэх хэрэгтэй” гэхээр анх удаа тийм үгс сонсч байгаа юм болов уу гэмээр мэдрэмж нүднээс нь харагддаг. Тэр нь намайг лекц тавихад хүргээд, өөрийнхөө үгийг итгэлтэй хэлэхэд түлхэж өгсөн. Энэ бүхнээс залуучуудын дуу хоолой болж, тэдэнд урам зориг өгдөг хүн байдаг юм болов уу гэсэн эргэлзээ төрсөн шүү. Миний хувьд интернэтээр барууны хүмүүсийг сонсоод тэднээс урам зориг аваад явчихсан. Тэгвэл хэл усгүй монгол залуус хэнээс урам зориг авч байгаа юм. Аав ээж нь тэгдэг юм байж. Эргэн тойрны найз нөхөд нь ингэдэг юм байж. Хүсэл мөрөөдөл нь хаана яваа юм бол гэж их бодогдсон шүү.

-Та өдөрт бүжгийн бэлтгэлдээ хэдэн цаг зарцуулдаг вэ?

-4-8 цаг зарцуулдаг, тогтмол. Бэлтгэлээ хийхгүй болоод ирвэл жин нэмэгдээд булчингийн контролоо алдаад сэтгэлгээ минь бүжгээс холдоод, хөгжмийн мэдрэмж минь ч өөр болоод ирдэг. Фитнессийн тамирчинтай адилхан. Дасгалаа хийхгүй бол формоо алддаг. Тэрэн шиг. “Авьяаслаг монголчууд”-аас хойш телевизээр гараагүй ч гэсэн ажлаа хийгээд л, бүжгээ бэлдээд л явсан.

Б.АЛТАНТУЯА


Categories
мэдээ цаг-үе

Р.Самдандовж: Алтайн домогт хүрэн бүргэд Лоохууз Монголын шинэ нийгмийн үзэгдэл байлаа

Монгол Улсын гавьяат эдийн засагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Цогт-Очирын Лоохууз агсны талаар Монголын улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласан Равдан зангийн Самдандовжтой ярилцлаа. Довж дарга Лоохууз гуай хоёр Говь-Алтай аймгийн Чандмань сумын, нэг нутаг усны хүмүүс юм.


-Лоохууз гуайг та хэзээнээс мэдэх вэ. Яг хаанаас гаралтай ямар хүн бэ?

-Бид унасан газар, угаасан ус нэг. Говь-Алтай аймгийн чандмань сумын хүмүүс. Лоохууз гуайг би дунд сургуульд байхаасаа мэднэ. 1964 оны үед сониныхон Лоохууз хэлмэгдсэн гэж бичээд, манай нутгийнхан болохоор тэгэх ёсгүй, тийм хүн биш, ямар хачин юм болов гээд л гайхаж ярьцгаадаг байсан. Тухайн үед Лоохууз гуайг хүн болгон мэддэг, магтдаг, аав ээжийг нь удам судраар нь сайшааж ярьдаг байлаа. Тэдний хүүхэд тийм санаа гаргах учиргүй гэнэ. Лоохууз гуайн аав нь Цогт-Очир гэж мундаг уран дархан, арьс шир элддэг, ажилч хичээнгүй, ноён нуруутай, шулуун шударга зантай хөгшин байсан гэдэг. Манай нутгийнхан “тийм хүний хүүхэд яавч нам төрийн эсрэг зан гаргах ёсгүй гэдэг байсан. Мөн Лоохуузын буруу биш, зөв зүйлийг, үнэнийг ярьсан гэж өмгөөлөх хүмүүс ч их байлаа. Бас удирдлагуудад таалагдаагүй байх гэдэг байв. Гэхдээ эрхбиш нам засаг голыг нь олж л байгаа байлгүй дээ юу гэж л учир зүггүй хэлмэгдүүлэв гэх хүн ч байлаа. Хөдөөгийн хүмүүс хамгийн түрүүнд удмыг нь хардаг учраас Лоохууз гуайд итгэдэг байсан. Ийм яриа гарахад би хүүхэд байсан болохоор ихэд сонирхож сонсдог байлаа. Үеийнхээ хүүхдүүдтэй энэ тухай ярилцана. Тэрнээс хойш Лоохууз гуай 25 жил жинхэнэ ёсоор хэлмэгдэлтийн хар шуурганд өртлөө шүү дээ.

-Мөн нутаг заагдаж маш олон жил болсон байдаг?

-Нутаг заагдах бол юу ч биш. Өвөрхангайд нутаг заагдсан, дараа нь Хархорин, Хөвсгөл гэх мэт олон газар заагдсан. Угаас хатан зоригтой, гарын дүйтэй, гүйлгээ ухаантай хүн байсан болохоор өөрийн хөдөлмөр, хичээл зүтгэл, оюун ухаанаараа өчүүхэн бор гэрээ үйлдвэрлэл болгочихжээ. Складанд байсан ямар ч хэрэггүй болсон таван төгрөгийн үнэтэй хурганы арьсыг илдэж 15 төгрөгөөр зардаг байсан юм. Тэгээд л мөнгөн аяга, эмээл хазаар, монгол гутал гэх мэт түм буман юм хийсэн хүн шүү дээ. Сүүлд нь тэтгэвэртээ гарчихаад ч сайхан гутал хийдэг байсан. Би өөрийх нь хийцийн 64 угалзтай монгол гутал хийлгэж өмссөн юм. Одоо хүртэл надад бий. Миний хамгийн том гангараа. Маш нарийн хийцтэй гутал. Мөн би сайхан гөлөм хийлгэсэн. Гараараа ширж урлаж хийсэн гайхамшигтай сайхан гөлөмийг одоо хүртэл тохож байдаг. Зөвхөн надад л хийж өгсөн зүйл нь ийм байна. Лоохууз гуайгаар хийлгэсэн 80 гаруй ээмэг бөгж гээд яривал түмэн газар түгсэн байдаг. Шоронд байхдаа хүртэл ган халбага сэрээг ашиглаад төрөл бүрийн бүтээл хийдэг байсан юм билээ. Дархан хүн, бурхан ухаантай гэгчээр. Тэгээд л хоригдлуудад дурсгаад л “май энийг эхнэртээ өг” гэх мэтчилэн шоронд ч гэсэн халгиж цалгиж явсан, тийм л амьдралтай хүн.

-Лоохууз гуай ах дүү хэдүүлээ юм бэ?

-Ах дүү тавуулаа юм билээ. Дээрээ хоёр эгч, нэг ахтай, доороо нэг охин дүүтэй. Хоёр эгч нь малчин болсон. Аав Цогт-очирыг нь 1932 онд Дотоод яам баривчилж, Одоогийн Завхан аймгийн “Улиастайн шоронд” хорьж байсан тухай Лоохууз гуай ярьсан байдаг. Лоохууз гуайн ах дүү нар бүгд л нэр төртэй хүмүүс. Жишээлбэл, нэг ойрын хамаатан нь Сангийн яамны орлогч сайд хийж байсан Тангад гэж хүн. Холын хамаатнаас гэвэл БНМАУ-ын хөнгөн хүнсний аж үйлвэрийн яамны нэгдүгээр орлогч сайд хийж байсан Балган гэж мундаг хүн байна. Манайхтай мөн хамаатан болдог хүн байгаа юм. Тэднийхэн ерөнхийдөө л гүйлгээ ухаан сайтай хүмүүс.

-Ер нь ямар онцлог зан чанартай хүн байв?

-Лоохууз гуай “Ойр гишгэж, хол харж явъя” гэж том ном бичсэн. Тэндээс харахад үнэхээр амьдралын зорилгыг томоор харж томоор сэтгэдэг хүн байсан нь мэдэгддэг. Монгол Улсын ирээдүйн зорилго, эдийн засгийн потенциаль хөгжил зэргийг томоор харж байсан. Нийгмийг ганцхан өнцгөөс хардаг, бусдаас хараат байж болохгүй. Урд хөрштэйгөө ч бусад орнуудтай ч ижилхэн харьцаж ард түмнийхээ аж амьдралыг өөд нь татъя. Энэ малчид чинь өнөө цагийн монголчуудын хэмжээнд харахад арай ядуу зүдүү байна. Монголчуудын амьдралыг өөд татах боломж бололцоо бий гэж. Сангийн аж ахуйг удирдах газрын даргыг хийж байхдаа санал бодлоо хэрэгжүүлэхийн төлөө шаргуу тэмцэж байсан. Тэнд сангийн аж ахуйг маш олноор байгуулж, газар тариалан эрхлэх ажлуудыг эхлүүлж, тэр ч байтугай зээрийн аж ахуй, бугын аж ахуй, гахайн аж ахуй гээд Монголд огт байгаагүй аж ахуйнуудыг шинээр бий болгож байсан. Энэ чинь цоо шинэ үзэгдэл байхгүй юу.Тэгэхээр энэ хүн үнэхээр хол харж сэтгэдэг байсан. Түүнийг хэлмэгдсэний бас нэг том шалтгаан гэвэл Монгол орны ирээдүйн хөгжлийг их томоор харж, ганц орноос хамааралтай байж болохгүй ээ гэдгийг хэлсэнд байгаа юм.

-Дотоод сэтгэл, үзэл бодол нь маш тууштай, хүчтэй хүн байв уу?

-Лоохууз гуайтай нэг нутаг гээд би олон жил хамт явсан. Тэр хүний 1964 оны хэлмэгдэж байсан үеийн үзэл бодол нь насан туршдаа хэзээ ч өөрчлөгдөөгүй. Мэдээж мань хүн ардчилал гарч ирэхэд хамгийн түрүүнд уухайлан дэмжиж байсан. Ардын Их хурлын орлогч дарга ч хийж байлаа. Гэхдээ ардчиллын тодорхой үе шатуудад алдаа их гарсан. Ардчиллын тэр алдаануудыг ил тод хурцаар шүүмжилдэг байсан юм. Мань хүний тухай нэг тодорхойлолт хэл гэвэл “Засагт хааны хөх харчууд” гэж хэлнэ. Засагт хааны хөх харчууд гэдэг бол ерөнхийдөө өнгө зүсээр нь дуудсан нэр биш. Эрдэм оюун, хүн чанар, шулуун шударга байдал зэргийг нь нэгтгэж “засагт хааны хөр харчуул” гэх хэлц үг гарсан байдаг юм. Эрдэм оюунтай байх, шударга байх, хүнлэг байх, сэргэлэн цовоо байх ч орно. Энэ бүгдийг жинхэнэ утгаар нь өөрийнхөө биед цогцлоосон хүн бол Лоохууз гуай юм гэж би боддог. Ямар ч юманд алсын хараатай байдаг. Алсын харааныхаа төлөө зөв тодорхойлолт тавьж, тэрнийхээ төлөө тууштай, замд таарсан хэнтэй ч сөргөлдөх үедээ сөргөлдөнө, ярих үедээ ярина. Зарим хүмүүс дэндүү их үнэнийг шууд хэлэхэд дургүй байдаг. Тийм шударга болохоор нь мань хүнд дургүй хүмүүс олон ч байсан байх. Гэхдээ Монголын ард түмэн, бүхэл бүтэн залуу үед үлгэр дуурайлал үзүүлсэн хүн. Тийм хэцүү хаалттай нийгэмд тийм эр зоригтойгоор нийгмийн булайг ил гаргаж тавьж, тухайн үеийн эрх баригчидтай шууд сөргөлдөж гарч ирсэн. Золбоотой үнэнийг хэлэх хүн түүнээс өөр байхгүй. Монголын тал нь бүхэл бүтэн нэг үе энэ хүний хэлсэн, ярьсан, амьдарсан амьдралыг дуурайлал болгодог гэж надтай уулзаж ярилцсан залуучууд хэлдэг байсан. Энэ хүн бол Монголын бахархал болсон хүн. Залуу үеийг зөв тэмүүлэлтэй, нийгэм ардчилал шударга ёсны төлөө үнэний төлөө явдаг, улс орныхоо хөгжлийн төлөө амь биеэ хайрлахгүй тэмцдэг иргэдийг бие болгохын төлөө үлгэр дуурайлал үзүүлсэн хүн гэж бодож байгаа. Уулзаад ярихад сэтгэл сэргээд явчихдаг нэг хүн байдаг шүү дээ. Яриаг нь сонсох тусам улам зориг зүрх ороод л. Лоохууз гуай бол яг тийм. Ярилцаад хичнээн удаан сууна, төчнөөн олон гоё юм ярина. Их сайхан яралзтал инээгээд л ярина. Бид хэд 93 настай байхад нь тийм урт яриа өрнүүлж олон цагаар сууж байсан. Тэгэхэд бидэнтэй ерөөсөө л залуу хүний эрч хүчээр ярьсан. “Монгол тулгатны зуун эрхэм”-ээр ярьсан яриаг нь харахад, үзэл бодолдоо үнэхээр үнэнч, ямар агуу шударга, тэр хөтлөгчид ч гайхаж байсан шүү дээ. “Та одоо ерэн хэдэн насандаа цэл залуу эрч хүчтэй, бүх юмаа санаад биднээс илүү сэтгээд яриад сууж байгаа чинь яасан сайхан юм бэ” гэж. Тэгэхээр мань хүн бас хариулж байсан “Хүн ер нь амьдралдаа тодорхой зорилго тавиад тэрнийхээ төлөө тэмцэж амьдрах ёстой. Тэгээд тэмцэл байхад монгол хүн юунд ч хүрнэ. Монгол хүнд чадахгүй, бүтэхгүй юм байхгүй” гэж ярьсан. Тэрээр монгол хүний ухаан бодол оюун санаанд бүрэн итгэдэг, монгол хүний эр зоригийг биширдэг. Монгол хүн эрт, орой хэзээ нэгэн цагт дэлхийн дээвэр дээр дэлдийтэл зогсоно доо. Аль ч талаараа монгол жижигдэхгүй, дэлхийн хэмжээний үндэстэн шүү гэдэгт 100 хувь итгэдэг хүн байсан.

-Та хоёр хамгийн сүүлд хэзээ тухтай уулзаж, ярилцсан бэ?

-Хамгийн сүүлд тухтай уулзсан нь хоёр жилийн өмнө манай Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөл хамгийн шилдэг хүнийг тодорхойлж, “Алтайн бахархал” гэдэг өргөмжлөл олгосон. Тэрний нэг нь Харума Фүжи нөгөөдөх нь манай Лоохууз ах байсан. Тэгээд Лоохууз гуайг өндөр настай хүн учраас нутгийн зөвлөлийн төлөөлөгчтэй хамт би гэрт нь очиж шагналыг нь гардуулж өгөөд удаан ярилцаж суусан. Тэр хамгийн тухтай уулзсан сүүлийн уулзалт байжээ. Тэнд хамгийн чухал зүйлүүдийг бид ярьсан. Лоохууз гуай надад хандаж “За чи бол айлын ганц хүү. Энэ амьдралдаа нэг л зангаараа яв гэж аав чинь чамд захидаг байсныг би санаж байна. Миний хүү аавынхаа захиасыг сайн биелүүлж байгаарай. Хүн бол нэг л зангаараа энэ хорвоог туулж амьдрах ёстой. Энэ нэг зангийн цаана эх орноо гэсэн халуун сэтгэл байх ёстой юм шүү. Яагаад гэвэл чиний аав, ээж бол чамд хамгийн эрхэм хүн мөн боловч, аав ээжийн чинь хамгийн эрхэм хүн өвөө эмээ чинь мөн. Гэвч үнэн хэрэгтээ эрхэмийн эрхэм зүйл бол газар шороо юм. Хүнийг өөрийг нь бий болгодог аав ээжээс чинь илүү ачтан бол эх орон, газар шороо чинь юм шүү” гэж хэлсэн. Мөн өнөө цагийн байдлын талаар ялангуяа гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар зөндөө юм ярьж байсан. “Манайх бол ийм цөөхөн хүн амтай ийм их газар нутаг, их баялагтай. Удирдлага зөв байвал нүд ирмэх зуур л монгол улс дэлхийн нүдийг бүлтийтэл хөгжилд хүрнэ. Даан ч өнөөгийн удирдлагууд дэндүү арчаагүй байна”. Эрх барьж байгаа нам, ардчилсан нам аль алийг нь хурц шүүмжилж, боловсон хүчний бодлогын тал дээр их алдаатай зүйл хийж байна гэж ярьж байсан. Бүх ярианы гол улаан шугам нь бол эх орон, эх орноо хөгжүүлэх ард түмнээ сайхан амьдралтай болгох. Ард түмнээ сайхан амьдралтай болгоход хүн болгон өөрсдөө чармайж ажиллана. Өрх болгон өөрсдөө үйлдвэрлэгч. Гэрийн аж ахуйгаар айлууд бүх зүйлээ хийчихдэг байх ёстой гэж байсан. Манайхан бол дэндүү том юм мөрөөдөөд байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ хүн өөр өөрсдийнхөө чадах зүйлээ хийгээд, арьсаа илдээд, уран дарханаа хийгээд эсвэл дээл оёоод өрх гэр болгон үйлдвэрлэгч болчих юм бол манай монголчууд хэнээс ч гуйхгүй сайхан амьдрах юм. Гэх мэтчилэн амьдралын алт шиг сургаалийг их ярьдаг хүн байсан даа.

-Хэнтэйгээ амьдарч байсан юм бол. Хүүхдүүд нь ямар хүмүүс байдаг юм бэ?

-Хэлмэгдэгчийн үр хүүдүүдийг сургуульд явуулдаггүй, хүссэн сургуульд нь сургадаггүй, гадаадад явуулдаггүй байлаа. Лоохууз гуай эхнэрээсээ хүртэл албан ёсоор гэрлэлтийн баталгаагаа цуцлуулаад, хүүхдүүдээ эхнэрийнхээ нэр дээр болгоод, хамтдаа гэр бүлээрээ сууж зургаа авахуулаад, салчихлаа гэж мэдэгдэж байсан. Тийм эрх чөлөөгүй амьдруулсан гэсэн үг. Төр энэ хүнийг хэлмэгдүүлж. Гэхдээ хүүхдүүд нь өөрийнхөө чадлаараа л дээд сургууль төгсөөд тухайн салбарууддаа тэргүүлэгчид нь байсан. Одоо нэг хүү нь аавынхаа дархан ухааныг өвлөсөн мундаг залуу байна. Анагаахын их сургуулийн доктор, профессор, эрүүл амьдрах тухай, энерги эрчим хүчний тухай маш олон ном бичсэн Даваахүү гэж доктор бий. Тэр нь мөн эгчийнх нь хүүхэд.

-Зарим хүмүүс манай улс энэ байдлаараа байх юм бол сүйрнэ гэдэг. Энэхүү хөгжиж буй хэрнээ ээдрээтэй улсын байдлыг Лоохууз гуай юу гэж тодорхойлж байв?

-Монголчууд хүн амынхаа тооноос давсан гар утас бариад байна. Манайхан IT-гаараа дэлхийн олон улсыг тэргүүлж байна. Айл болгон машинтай байсан бол одоо чинь хүн болгон машинтай болох гээд байна шүү дээ. Ийм юмыг чинь бид нар социализмын үед төсөөлөө ч үгүй байсан. Гэтэл ийм болчихоод байхад доош нь чихдэг, өөрсдөө юу ч хийгээгүй бэлэн юм аваад идчих гэж оролддог, улсын юмнаас хулгайлах гэж оролддог амьдрал одоо Монголд бүр газар авах шинжтэй гэж би бодож байна. Би залуудаа амралтаараа очиход мань хүн нутаг заагдаад чандманьд байсан. Тэгэхэд мань хүн манай суманд гадаад хэл дээрх сонин сэтгүүл захиалж уншдаг бараг ганцхан хүн байлаа. Зөвлөлтийн том том хэвлэлүүдийг уншдаг. Тэгээд намайг олон улсын байгууллагад ажиллаж байгаа гэхэд “за дүү сайн байна. Монгол хүн бол хаана ч очсон газардахгүй тэр дундаа Алтай хайрхан оюунлаг хүмүүсийн төрдөг газар. Чи энэ олон улсын байгууллагад ажиллаж байгаа юм чинь гадаад яамны сайд хийх байлгүйдээ” гэж хэлж байсан юм. Тэр нь болохоор монгол хүний оюун ухаанд л маш их итгэдэг. Жаахан сурах эрмэлзэлтэй байвал явчихна гэж боддог, итгэдэг байсантай нь холбоотой. Тийм л бодлын үүднээс надад тэгэж хандаж байсан. Японд Лоохууз гуайг лекц уншихад тэр олон хүнээс нэг ч хүн ханиалгалгүй чих тавин сонсож байсан. Японд ч бас л их алдартай хүн шүү дээ.

-Оюун санаа нь залуугаараа сэргэлэн цовоо байхын нууц нь их уншдагт байсан байх аа?

-Миний л мэдэхийн хоёр гурван номыг чинь мань хүн ерэн хэдэн насны өндөрлөг дээр л бичсэн шүү дээ. Эрүүл байх, эрүүл зөв хооллолт алхаа гишгээ гэх мэтчилэн олон зүйлээс шалтгаална. Гэхдээ тэр бол механик ойлголт. Оюун санаагаараа хүн өөрөө, өөрийгөө чиглүүлээд аваад явахаараа л эрүүл байдаг. Хүн өөрийгөө эрүүл байлгана гэдэг оюун санааны хувьд л эхлээд эрүүл байх ёстой. Ингээд л хүнийг хараагаад л өширхөөд явж байгаа хүн чинь дан хар энерги татаад ямар олигтай байхав. Монгол Улс дэлхийн дээвэр дээр гарна мандана гэсэн өөдрөг бодолтой хүн чинь яаж өвдөх юм бэ. Өдөр болгон гоё юм ярина, залуу хүнд юм зааж өгнө. Муу байгаа хүмүүсийг шууд шүүмжилнэ. Тэгээд шүүмжилж хэлснээрээ бахархана. Тэр сайд тэгж хэлээд, би тэгэхэд нь тэгж хэлээд, би утсаар тэгж хэлээд гээд л. Шударга үг хэлснийхээ төлөө кайф авч байдаг хүн. Гэтэл манай ихэнх хүмүүс том сайд дарга нарт шүүмж хэлчих зориг зүрхгүй. Харин мань хүн бол улам тэрэндээ асаж дүрэлздэг байхгүй юу. Хүнийг шүүмжлээд асаж дүрэлздэг хүн ховорхон шүү дээ. Хүнийг магтчихаад бялдуучилж, бахархаж явдаг хүн одоо олон болсон. Аугаа их Лоохууз гуайн сэтгэлгээ нь тийм мундаг учраас түүний оюун санаанд хөгшрөх тухай ойлголт байгаагүй. Төрийн түшээ, түмний манлай, сайд хийж мандан бадарч явсан нутгийн сайхан ах маань ганцхан өдрийн дотор Төрийн эсэргүү түмний заналт дайсан болон хувирсан эмгэнэлт хувь заяаны гэрч нь ийнхүү та бид нар болж байна. Ид хийж бүтээх залуу халуун насаа 25 жил шорон орон, цөллөгт өнгөрөөсөн боловч далавчаа хугалаагүй даль жигүүрээ цуцаагүй Алтайн хүрэн бүргэд, нэрт дархан аавынхаа ширээсэн ган шиг л амьдарсан домогт эр, түмний манлайлал, ардчиллын түүчээ, залуу үеийн үлгэр, шинэ нийгмийн үзэгдэл байлаа.

Лоохууз ах маань Говь-Алтайн Чандмань сумын сургуулийн анхны сурагч, лектор, орчуулагч, соён гэгээрүүлэгч, төрийн сайд, эрдэмтэн судлаачаас малчин, мужаан, оёдолчин, дархан, ногоочин, жолооч, худалдаачин, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, бизнесмэн, улстөрч, Монгол Улсын гавьяат эдийн засагч, шинэ Үндсэн хууль батлалцаж мутраараа тамгалсан орлогч дарга зэрэг дэндүү олон бас гавьяатай эрхэм сайн үйлсийн эзэн сууж байсан, амьд домог, алдар хүндийн эзэн, эрийн хуйх, Засагт ханы жинхэнэ хөх хар хүн, халуун эх оронч сайхан эр хүн явлаа.

Гайхамшиг гэж энэ л байх. Хамгийн сүүлд Говь-Алтайн нутгийн зөвлөлийн дээд шагналыг гэрт нь хүндэтгэн очиж гардуулж өгөхдөө шавайгаа ханатал сайхан ярилцаж үг сургаалийг нь сонсож 90 хол гарсан насандаа ухаан цэлмэг, үг яриа цэгцтэй, Монгол сайхан эх орныхоо хөгжил дэвшлийг бүрэн бүтэн, тод тоомруун харж байгааг нь гайхан харж, бишрэн шүтэж билээ. Их хүмүүн ихээрээ оршин байдаг юм билээ.

Categories
мэдээ цаг-үе

Тусгаар тогтнолоо өөрсдийн санаачилгаар устгасны 100 жилийн ой

БААБАР ИНГЭЖ ХЭЛЭВ


-БААБАР: МОНГОЛ ТҮҮХ ДӨРВӨН БОТЬ НОМЫН ХЭСГЭЭС-

1919 оны арваннэгдүгээр сарын 22-нд Хятадын ерөнхийлөгчийн зарлигаар Гадаад Монголын автономи эрхийг цуцалсан бол 1921 оны хоёрдугаар сарын 5-нд Хүрээ чөлөөлөгдөн Богдын Засгийн газар байгуулагдсанаар үнэн хэрэгтээ тусгаар тогтножээ. Гэхдээ үүнтэй зэрэгцэн Троицкосавскт орогнолын Засгийн газар байгуулагдаж дөрвөн сар гаруй хугацаанд давхардан ажиллаж байсан билээ.

Хятадын ерөнхийлөгчийн зарлигаар автономийг устгаж Монголыг төргүй болгосон жил гаруйгийн намтрын эх үүнээс хоёр жилийн өмнөөс үүдэлтэй. Октябрийн эргэлтийн дараа Орост иргэний дайн өрнөн, улмаар Сибирийн ихэнх нутагт самуун гаарснаар Монголд нөлөөлөх Оросын хүч суларсныг ашиглан хятадууд алдагдсан эрхээ сэргээх боломж хайх болов. Үүнийг хэрэгжүүлэх хэд хэдэн далим үүсчээ. Юун түрүүн Нармай Монгол байгуулсан атаман Семёнов үүнээ Халхаар зөвшөөрүүлэх гэж улайран заналхийлэх болов. “Хүрээ рүү төлөөлөгч явуулж Богд хааныг нийт Монголын хаан ширээнд суулгахаар ятгах, татгалзвал Хүрээ рүү Дагуурын Засгийн газрын цэргийг хөдөлгөх” шийдвэр гаргажээ.

1918 оны есдүгээр сард Ховдод бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Хун Чэнь гэгч Бээжингээс хөдлөхийнхөө өмнө Монголын талаар Хятадын явуулах бодлогын тухай өөрийн саналыг Гадаад яамны хүсэлтээр танилцуулсан байна. Тэрээр хилийн талаар хүчтэй бодлого явуулахыг Засгийн газраас шаардаж, Хятадын нэмэлт хүч Монголд байрлаж байгаа нь Хиагтыг эзлэх эхний алхам гэдэг нь хүн бүрт ойлгомжтой болохыг онцлон тэмдэглэжээ. Ийнхүү хойд хилийн асуудал Шанхайн бага хурал хүртэл онолын хэмжээнд л яригддаг байжээ.

Гэхдээ гол шалтгаан нь Монголын хар, шар феодалуудын хоорондын зөрчил дээд цэгтээ тулснаас эхтэй. Засгийн газар байгуулсан өдрөөс л шарын төлөөлөгч Да лам Цэрэнчимэд, харын төлөөлөгч Чин ван Ханддорж нар биенээ үзэхээ больсон. Богд хаан Цэрэнчимэдэд илүү талтай авч зөрчил хэт хурцдаад ирэхээр тэнцвэр тогтоохын тулд Бүгд хэргийг ерөнхийлөн шийтгэх яам байгуулан Ерөнхий сайдаар Чингисийн шууд угсааны Сайнноён хан Намнансүрэнг томилжээ. Цэрэнчимэд ч, Ханддорж ч тэгсхийгээд үл мэдэгдэх шалтгаанаар дараалан үхсэн ба Хайсан, Удай зэрэг өвөр монголчуудыг хавчин хөөж явуулснаар түр намжмал байдал үүсчээ. 1918 онд Ерөнхий сайд Намнансүрэн үл мэдэгдэх шалтгаанаар гэнэт нас барж, оронд нь Да лам Бадамдорж хэмээх шарын төлөөлөгч томилогдов.

Богд хааны дэмжлэгтэйгээр шарынхан төрийн эрх авснаар ноёд, ван, гүн нарыг хавчин татварыг нэмэгдүүлэх мөртөө хутагт хувилгаадыг дэмжин Их шавь болон бусад шавийг алба гувчуураас чөлөөлөх төдийгүй шавь руу зугтаасан харц ард нарыг өмгөөлөх болов. Иймэрхүү гадуурхал нь ноёдын хилэнг хөдөлгөж, тэд шарынхны эсрэг нэгдэж эхэллээ. Л.Дэндэвийн бичсэнээр “Их Шавьд алба гаргуулахыг үүрд хэрэгсэхгүй болгосноор дөрвөн аймгийн тэргүүлэгчдийн гомдол хорсол улмаар нэмэгдсэн” Чингис хааны шууд угсааныхны хүч нөлөө маш их тул тэдний “хорсол” аймшигтай үр дагавартай байж таарна.

Хиагтын гэрээний гурван субьектийн нэг нь болох Орос бараг байхгүй болсонд тооцогдохоор болжээ. Хэд хэдэн засагтай болсон Оросын төрийг аль бүлэглэл хууль эрхийн хүрээнд төлөөлөх нь тодорхой бус болов. Ийм учраас монголчууд энэ асуудалд яаж хандахаа тодорхойлохоор 1918 оны зун цуглав. Семёновын тулгаад байгаа Нармай Монгол бодлогод ямар хариу өгөх талаар хэлэлцэх гэсэн хэрэг.

Халх дөрвөд зургаан аймгийн олон засгууд хүрээнээ хуралдахаар… дөрвөн аймаг, их шавь зэрэг таван газраас гарсан шүүмжлэлдээ… “Гурван этгээдийн гэрээнд харштай тул… [Семёнов] эзэрхийлэн халдаж ирвээс эрхгүй эсэргүүцвээс зохих бөгөөд дөрвөн аймгийн хүч хөрөнгө мохсны тулд нийтийн албан үүргийг үл хүлээх Их шавь ба дагаар орсон аймаг хошуудаас дайчлан сэргийлэх цэргүүд ба уналга хүнсний зэрэг албыг нийгэмчлэн томилж, олны жаргах зовох хамтатгахыг гуймуй…”

Хуралдаанаас ийм бичиг шийтгэн Богд хаанд өргөн барьжээ. Учир нь автономит Монголын цэргийн зардлыг Халх дөрвөн аймаг гаргадаг ба Дөрвөдийн хоёр аймаг болон Шавь үүнд оролцдоггүй байв. Дээрх бичгийн гол санаа нь Дөрвөд хоёр аймаг болон Шавиас цэргийн зардлыг хамтран даах санал гомдлын агуулгатай юм. Богд Дөрвөд аймгаас цэргийн зардал гаргуулахыг зөвшөөрөөд, “Шавьд алба гаргуулахыг үүрд хэрэгсэхгүй болгох” гэсэн хариу өгчээ.

Үүнд дөрвөн аймгийн төлөөлөгчдийн гомдол хорсол улам нэмэгдэж… Их шавиас цэрэг ба хүнс гаргуулахгүй бол дөрвөн аймаг дангаар улс төрийг хамгаалж чадахгүй бөгөөд, ингэж байснаас Хятадыг түшсэн минь дээр гэдэг дээр асуудал шийдэгдсэн.

Нармай Монголыг байгуулах гэсэн Дагуур дахь санаачилга Монголын автономийг устгахаар хөөцөлдөж байсан Чэнь И-д аятайхан далим боллоо. Тэрээр Гадаад Монголын өөрөө засахыг устгасны хойно, Хятадын Засгийн газраас Гадаад Монголыг хүндэтгэн үзэх ба жич хойчийг сайжруулах хууль зүйл гэсэн урт нэртэй хуулийн төсөл өөрөө боловсруулаад Гадаад Монголын Засгийн газрын ихэстэй хэлцэл хийж эхлэв. Эхлээд тэрээр ГЯЯ-ны тэргүүн сайд Цэрэндоржтой уулзжээ. Монголчууд сайн дураараа автономи эрхээсээ өөрөө гуйн татгалзаж өргөдөл хийж өөрт нь өгөхийг шаардаад хэрэв эс чингэвэл хойчийн өдөр гэмшилтэй явдал болно гэж сүрдүүлэв. Сайд түүнд энэ асуудлаар Ерөнхий сайд болоод Богд гэгээнтэй ярилцах болно гэж хариулжээ.

Хятадаас цэргийн тусламж гуйх ба автономийг устгах болсон процессыг хожим Дилав хутагт Жамсранжав маш тодорхой өгүүлсэн юм. Богд хаантай тэрсэлсэн хэсэг ноёд Чэнь И-тэй уулзан хятад цэрэг урих тухай төлөвлөн тохирчээ. Тэгээд Богд хаанд бараалхан улаан Оросын аюулаас болгоомжлон энэ талаар хятад түшмэлтэй хэлэлцье гэсэн байна. Богд хаан үүнийг эсэргүүцэн:

“Бид энэ хэвээр зүгээр сууж байхад огт гэмгүй. Гэхдээ нэгэнт та нар ингэж шийдсэн бол хятад түшмэлээс үгийг нь сонсож болох юм” гэжээ.

Тэд Чэнь И-тэй уулзаад:

“Хятадын ерөнхийлөгчөөс асууя гэж байна” гэсэн хариу авчирав.

Богд хаан үүнд:

‘’Чэнь И-тэй зөвлөх хэрэггүй. Зүгээр л суугаад байхад ямар ч гэм болохгүй’’.

‘’Чэнь И- тэй нэгэнт уулзчихсан. Ерөнхийлөгчөөс асуугаад хариу хэлнэ гэсэн болохоор Бээжин рүү утас цохиогүй бол ингээд болиулчихъя’’

Тэд маргааш нь:

“Чэнь И нэгэнт утас цохижээ. Бээжингээс Ерөнхийлөгчийн хариуг хүлээхээс өөр аргагүй” гэж Богдыг аргалав. Хэд хоногийн дараа;

“Хятадын ерөнхийлөгч манайд тусaлж болно гэсэн байна. Гагцхүү автономио устга гэжээ” гэсээр орж ирэв. Богд:

“Би бодвоос нэг муу түшмэл Чэнь И-гийн үгэнд орох хэрэггүй. Дахин нарийвчлан хэлэлцэж тогтоо”.

Тэд элдэв арга мэх хэрэглэсээр Богд хаанаар “Та нар олонд тустай юм хийх гэж байгаа бол би хориглохгүй. Гагцхүү сайтар нарийвчлан судал” гэсэн зарлиг гаргуулжээ.

Маргааш нь Богд:

“Миний урд шөнийн зүүд билгийг үзвээс Хятадтай нийлснээр сайн юм ер болохгүй. Харин зүгээр чимээгүй суугаад байхад ямар ч гэм хор болохгүй. Иймээс Хятадын ерөнхийлөгчөөс энэ тухай юм хум битгий асуу”.

Монголын хэсэг ноёд хариуд нь:

“Бид Ерөнхийлөгчөөс лавладгаа лавлаад, Монголын Хурлын нэрээр цахилгаан явуулчихсан болохоор одоо хариуг нь хүлээхээс өөр үггүй. Иймээс Түр Хурлыг тарааж Бээжингээс хариу ирэхээр жич хэлэлцье” гэжээ.

Ийнхүү хэсэг ноёд, ван, гүн нар “лам нараар толгойлуулсан төрийг” эсэргүүцэж Чэнь И-тэй хуйвалдах замаар автономийг устгахаар үгсэн тохирчээ. Сэцэн ханаас – Шүүх яамны дэд сайд Наваанэрэн, Түшээт ханаас – Дотоод яамны дэд сайд Пунцагцэрэн, Сайнноён ханаас – Цэргийн яамны сайд Жамьяндорж, Засагт ханаас- Жалханз хутагтын нэрийн өмнөөс Гадаад яамны сайд Цэрэндож нар Чэнь И-тэй хэлэлцээ хийж нэг талаас Хятадын ерөнхийлөгчийн төлөөлөгч, нөгөө талаас Монгол ноёдын дэвшүүлсэн төлөөлөгч гэсэн адил зиндаатай хоёр албан тушаалтанд засгийн эрхийг шилжүүлэх болзолтойгоор автономийг татан буулгахаар тохиролцжээ. Оросын тэтгэмж зогссон, Хятад мөнгө амалсантай энэ бүхэн цаагуураа холбоотой байв. Чэнь И-тэй хийсэн энэ хуйвалдаан нь эцэстээ 64 зүйлээр зангидагдан ван, гүнгийн тусгай эрхийг хадгалан хамгаалах заалтаар дүүрсэн хэлэлцээний ноорог эх болжээ. Гэвч эцэст нь Монголын автономи нь Чэнь И-гийн хэлэлцээрээр биш, Сю Шүжаны цэргийн хүчний айлган сүрдүүлэлтээр устсан бөлгөө.

Хятад цэргийг урьж, автономийг устгаж Хятадад бүрэн дагаар орохоор Чэнь И-тэй хуйвалдсан монгол ноёдын заримыг нэрлэвэл: Монгол Улсын Цэргийн яамны тэргүүн сайд, Сайнноён хан аймгийн жанжин, эрдэнэ ван Жамьяндорж, мөн яамны дэд сайд, Түшээт хан аймгийн жанжин, бэйс Сономдорж, Гадаад яамны тэргүүн сайд, хичээнгүй бэйс Баолингийн Цэрэндорж, мөн яамны дэд сайд Засагтхан аймгийн чин ачит ван Гончигдамба, Сайнноён хан аймгийн итгэмжит бэйс Цогт-Очир, Дотоод яамны дэд сайд, Түшээт хан аймгийн чуулганы дарга дархан ван Пунцагцэрэн зэрэг болой.

Монголын тусгаар тогтнолыг сэргээх хэрэгт хүчин зүтгэсэн олон хүн учир битүүлэг байдлаар үхсэн юм. Да лам Цэрэнчимэдээс гадна Түшээт хан Дашням, Засагт хан Содномравдан, ГЯЯ-ны сайд Ханддорж, Сангийн яамны сайд Чагдаржав, бинт ван Гончигсүрэн, Цэргийн яамны сайд Гомбосүрэн нар зуурдаар нас барсан нь хорлогдсон байж болох тун магадлалтай.

Намнансүрэнгийн оронд Ерөнхий сайд болсон Бадамдорж бол Монголын тусгаар тогтнолын хэрэгт даруй 20 гаруй жил тэмцэж амьдралаа зориулсан лам хүн билээ. Тэрээр Монголын тусгаар тогтнолыг сэргээхэд Оросоос тусламж гуйсан анхны элч юм. 1900 онд тэрээр Богдын даалгавраар донир Цэнд-Очирын хамт нууцаар хил давж Санкт-Петербург орон II Николай хаантай уулзан Монголыг тусгаар тогтноход Оросын зүгээс тусламж үзүүлэхийг гуйж байжээ. 1910-1911 оны хөдөлгөөний гол толгойлогч нарын нэг, Богдын хамгийн итгэлт шадар хүний нэг энэ өвгөн лам туйлын хянуур нэгэн байсан бололтой. 1911 онд Ханддорж нар Орост сэм явсны дараа сэжиг авсан Саньдо амбан Бадамдоржоос тулган асууж улайлгаж байв хэмээн нэг нэгнээсээ хуулсан түүхийн баримтад тэмдэглэсэн байдаг. Хэргийн мөрөөр хөөвөл Бадамдоржийг Сандо амбан дуудаж Цэрэнчимэд, Ханддорж нарын тухай шалгаахад “Би мэдэхгүй, харин чи үүнийг мэдэж байх үүрэгтэй юм байгаа биз дээ” гэж мохоож байсан аж.

Бадамдорж, Цэрэндорж хоёр Чэнь И-тэй гол тохироог хийсэн гэдэг. Гэтэл хятад цэргийг урих, автономийг устгахын эсрэг хамгийн хүчтэй эсэргүүцсэн хүн нь Бадамдорж юм. Тэрээр Чэнь И, Цэрэндорж нарын боловсруулсан автономийг татан буулгах 50 зүйлтэй баримт бичгийг Засгийн газарт хэлэлцэхэд маш ихээр эсэргүүцсэн боловч санал дутсан билээ. 1969 онд хэвлэгдсэн “БНМАУ-ын түүх”-д автономийг устгах Чэнь И-гийн бичгийг Богд, Бадамдорж нар өөрсдийн хувийн хомхой сонирхлын үүднээс зөвшөөрсөн гэжээ. Үнэн хэрэгтээ Богд хаан, Бадамдорж нар яаж ч эсэргүүцээд эцэст нь ялагдаж шаварт унасан шарын эзэн болжээ. Нэгэнт улс орны гадаад, дотоод бодлогыг тодорхойлох, төлөөлөн гэрээ хэлэлцээ хийх үүрэгтэй болохоор Ерөнхий сайд Бадамдорж, Гадаад явдлын яамны сайд Цэрэндорж нараас өөр хэн асуудлыг гардах билээ? Тэгээд ч Цэрэндорж нь автономийн устгах үзэл бодолтны толгойлогч нарын нэг.

Богд болон Эх дагина, мөн бусад язгууртанд “хойчийг засамжлахдаа” тун хайнга хандсан байна хэмээн Бадамдорж “чамлаж”, тэр хэрээр нь хятад элч шан харамж, цол ямбыг нь нэмэхээр бичигтээ тусгажээ. Гэхдээ Бадамдоржийн энэхүү дээдсийн шан харамж бага байгааг хэлсэн нь хойшлуулах, цаг авах гэсэн заль болох нь илэрхий харагддаг. Чэнь И монголчуудын хэзээнээс хээл хахуульд дуртай араншинг нь ашиглах гэж бодсон байх, харин наадуул нь тулгарсан зовлонг хойшлуулахын тулд шалтаг л хайж байж.

Бадамдоржийн талаарх түүхийн ойлголт их өрөөсгөл юм. Гэрээнд Бадамдорж 64 зүйл нэг бүрийг өөлөөд байсан байдаг. Гэтэл мань хүнийг шан харамжаа нэмэх гэж байснаар түүх бичлэгт харуулдаг. Өвгөн эх оронч яаж ийгээд сунжруулсаар гэрээг ерөөсөө бүтэлтэй юм болгоогүй. Түүний цаг сунжруулсны хүчинд Чэнь И-гийн гэрээ батлагдаагүй. Хятадад иргэний дайн болж байна, хойд талд Орост бас иргэний дайн. Цаг яаж ч эргээ билээ гэж алсыг хараад байсан бололтой. Бадамдорж их настай хүн байлаа. Далан нас зооглоно гэдэг тэр үеийн жишгээр маш өндөр нас. Тэр үед монгол хүний дундаж наслалт дөч ч хүрдэггүй байсан. Өтөл настай, өнөө маргаашгүй үхэх гэж байгаа, үр хүүхэдгүй өвгөн лам мөнгөний төлөө эх орноо худалдав гэдэг даанч үнэмшилгүй.

Ноёдууд Шанзав Бадамдоржийн дор байснаас автономигүйгээр шууд Хятадын харьяалалд байсан нь дээр гэж үзээд цэрэг илгээхийг хүссэн захидал Бээжин рүү бичсэн байдаг. Тэд түүгээрээ Хятадаас одон авснаа ичихгүй зүүчихсэн фото зураг ч бий. Одон авахын тулд бөөнөөрөө Бээжин явахад гол оролцох учиртай Ерөнхий сайд Бадамдорж “Цагийн байдал харна. Цаг өдөр болгон шахам эрс өөрчлөгдөж байна шүү” хэмээн цаадуулыгаа болиулах санаа хэлээд өөрөө эрс татгалзаж буйгаа илэрхийлжээ. Тэгээд ч олон ноёдыг одонгоор шагнасан мөртөө Бадамдоржийн нэрийг Бээжин ерөөс тодорхойлоогүй юм.

Ерөөсөө Монголын тусгаар тогтнолын төлөө эхнээсээ эргэлт буцалтгүй тэмцэж байсан хүнийг коммунист үзэл сурталчид л нэр нүүрийг нь сохлоод хаячихсан юм. Ерөнхий сайдын хувьд хэлэлцээ хийж гарын үсэг зурсан гэж түүнийг “урвагч” гэж нэрлэх явдал нас барснаас нь олон жилийн хойно зохиогджээ. Бадамдоржийг сайн мэдэх Магсар хурцын “Монгол Улсын шинэ түүх”, Дэндэвийн “Монголын товч түүх”-д түүнийг муулсан юу ч үгүй, харин ч ихээр магтсан байдаг. Энэ хоёр зохиол хорь, гучаад оны үед хэвлэгдсэн. Дэндэв болохоор номдоо Бадамдоржийн зургийг хүртэл онцлон оруулж сайшаасан байдаг. Харамсалтай нь дээр өгүүлсэн БНМАУ-ын түүх гурван ботид Автономийн үеийн асуудлыг хамгийн сайн мэдэх гэрч Дэндэв, Дилав хутагт, Магсар хурц нарын бичиж үлдээсэн түүхэн баримт бүхий номуудыг огт ашиглаагүй, огт дурдаагүй байх юм. Сүрхий эшилсэн Чойбалсан, Дэмид, Лосол нарын 1934 онд хэвлүүлсэн “Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсч байгуулагдсан товч түүх” номд Бадамдорж, Цэрэндорж нарыг урвасан учир ална хэмээн Данзан ярьж байсан тухай нэг өгүүлбэр бий. Ийм ойворгон үг хэлсэн ч байж магадгүй, гэхдээ батлагдсан өөр сурвалж алга.

Бадамдоржийг хамгийн муухайгаар гүтгэсэн зүйл 1942 онд бүтээгдсэн Сүхбаатар кинонд гардаг. Зохиолыг Борис Лапин бичиж, Александр Зархи найруулжээ. Богдтой хамгийн ойр шадар ламыг Бадамдорж гэх ба тэр нь Сүхбаатарт хор өгдөг. Сүхбаатарыг нас барах үед Бадамдорж хэдийнэ хорвоогоос хальсан байсан. Энэ зохиолыг бичсэн орос зүгээр нэг ламыг муу хэлсэн атал зориуд түүнд Бадамдорж нэр өгчээ. “Уут уут мөнгөөр / Улсаа худалдсан сайд / Богц богц мөнгөөр / Богдыгоо худалдсан сайд” гэсэн дууг тэр үеийн Хүрээнийхэн дуулдаг байжээ гэсэн баримт анх 1959 оны үед Өвгөн Жамбалын яриа-нд гарчээ. Өвгөн Жамбал гэж тухайн үеийнхээ үзэл сурталд тааруулаад их худлаа залдаг архичин хүн байсны яриаг Дамдинсүрэн гуай тэмдэглэж авсан юм билээ. Үнэндээ гучаад оны үед театрт тавьдаг асан хувьсгалч балай жүжигт ардын дууны аяд ийм үг оруулан дуулж байсан аж.

Бадамдоржийн хамаг “нүглийг” “илчилсэн” хүн бол түүхч хэмээх Галсангийн Навааннамжил юм. Түүний бичсэн метериалыг Х.Пэрлээ Өвгөн бичээчийн өгүүлэл нэрээр 1956 онд хэвлүүлжээ. Энэ “өвгөн бичээч” нь мөнөөх залдаг архичин өвгөнөөсөө олон арав дахин худалч нэгэн. Гэхдээ түүхч нэртэй, үзэл суртал маш сайн ойлгодог, бичиг үсгийн боловсролтой нэгэн. Автономийн үед бичээч байсан түүнийг хамгийн чадварлаг хурдан бичдэгүүдийн нэг гэж магтагддаг байсан гэх яриа ч бий. Энэ хүн Чойбалсангийн тухай элдэв үлгэр домог олныг зохиож түүхийн үнэн болгон гүжирдсэн, энэ талын мастер нэгэн байлаа. Чойбалсангийн тухай “Жанжин Чойбалсан баруун замын байлдаанд”, “Дайсны ард нэвтэрсэн нь” гэх мэт нуль адал явдал дүүрэн “түүхийн” нэлээд ном хэвлүүлсэн. Өнөө болтол Монгол орноор нэг тархсан Сүхбаатарын хэлсэн мэргэн сэцэн үг гэдгийг Навааннамжил хуугаар нь зохиосон юм. Улаанбаатарын төв талбайд буй Сүхбаатарын хөшөөний нүүрэн дэх бичиг ч Навааннамжилын зохиол.

Өвгөн бичээчийн өгүүлэл-ийн ихэнх факт баримт хожмын түүхчдийн судалгаагаар батлагдаагүй. Түүний өгүүлснээр Чэнь И-тэй хуйвалдаж их хөрөнгө мөнгө идсэн хүн нь Бадамдорж, харин жинхэнэ зохион байгуулсан Цэрэндоржийн нэр болохоор энд огт алга. Өвгөн бичээч маань энэ түүхийн бичвэртээ гол гэрч хэмээн өөрийгөө Анваан (Наваан гэдгийг тонгоруулж) нэрээр оруулжээ. Сүхбаатар, Чойбалсан нарын хувьсгалт тэмцэл хүчээ авангуут түүнээс айж сандарсан Бадамдорж мань Анвааныг дуудаж авчираад “Чи энэ үл бүтэх улстай нийлж автономийг эргэж босгох гэж байна” хэмээн толгой түрүүгүй аашилжээ. Сайд Бадамдорж, Чэнь И нар Монголыг дахин Хятадад захируулснаар хэргэм зэргээр олон хүнийг шагнаж цалин пүнлүүг ихээр нэмэгдүүлнэ гэж цуу тараасан чинь цөмөөр хэргэм зэргийн эрэлхийлэлд мордон үүнд нь панзчин, яргачин хүртэл горьдон нийлж үлэмж олон хүн гүн, бээл, бэйс, ван цолыг авч байсан гэнэ. Энэ нь Анваанд шинэхэн буртаг дээр олон золбин нохой цугларан булаалдаж буй санагдан инээд нь хүрээд явж байтал өөрийг нь гүн цолоор шагнаад хаясан байгаа юм. Гүн цол нь түүний амьдарч хүмүүжихэд нь тус болох байтугай чирэгдэл сүйтгэлд дарагдан бөөн дарамт болжээ.

За нэг иймэрхүү л хүүхдийн яриа шиг хөгийн “түүх” цаг өнгөрөх тутам баримтжин “үнэн” болсон юм. Хэсэг хүүхэд Бадамдоржийн хашааны гадна Сю Шүжаны машины чагнаал дуурайн дугарахад мань лам гэрээсээ бөхөлзсөөр гарч ирэв гэх мэтийн “үнэн баримтууд” уран зохиолоор дамжин буй болсон. Ялангуяа Дашдэндэв зэрэг зохиолчид иймэрхүү түүх зохион бодож олохдоо үнэхээр гарамгай байсан юм.

Монголын тусгаар тогтнолыг алдагдуулж гадны цэргийн хүчнийг дуудсан буруутан хожмын түүхчдэд хэрэг болсон. Хувь заяаны шоглоомоор үүнийг эсэргүүцэж байсан хүн нь буруутан болж, нүгэлтнүүд араар нь нуугджээ. “Ард түмнийг даралдаг муухай балиар төрийг толгойлж байсан шар феодол” Бадамдорж, түүний удирдагч “тэмбүүтэй төвд” Богд хаан хоёр үзэл суртлын хувьд тэрхүү урвагч дүрд яг тохирох нь мэдээж шүү дээ. Гээд түүх шоглоомтой ч нэхэл хатуутай. Хичнээн гүтгэсэн ч, урвагчид яаж ч бусдын араар нуугдсан ч хэзээ нэг цагт үнэн илэрдэг. Хүмүүс болсон явдалд гэхээсээ худал домогт илүү автамхай ч гэсэн хожмын хөдөлшгүй баримт нэр усаар нь, цаг нартай нь ил гаргаад ирдэг юм билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Тусгаар тогтнолоо өөрсдийн санаачилгаар устгасны 100 жилийн ой” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гарагийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Тэргүүн нүүрнээс УИХ-н гишүүн О.Баасанхүүтэй ярилцсан сонирхолтой ярилцлага нийтлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабар “Тусгаар тогтнолоо өөрсдийн санаачилгаар устгасны 100 жилийн ойхэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Баримт үйл явдлын долдугаар нүүрнээс С.Баярцогтыг АТГ-т шалгаж байгаа асуудлаар Ардчилсан намын гишүүн Ж.Баттогтохтой хийсэн ярилцлагыг унших боломжтой.

Жанчивын Шагдарын хүү Суумэргэнтэй уулзаж аавынх нь тухай хөөрөлдлөө.

“Яг түүн шиг-3” шоуны зургаа дахь дугаарын ялагч болсон загвар өмсөгч О.Билгүүн “Яг түүн шиг” шоунд зургаан өөр хэлээр дуулчихаад байна хэмээлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гарагийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 1900-1987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Д.Цогтбаатар сайд НҮБ-ын төлөөлөгч Фекитамоелоа Утоикамануг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Фекитамоелоа Утоикамануг өнөөдөр хүлээн авч уулзав.

Д.Цогтбаатар сайд Монгол Улсын санаачилсан анхны олон улсын Засгийн газар хоорондын байгууллага болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв /ДГХБО-ын ОУСТ/-ийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааг нь эхлүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн НҮБ-ын Дээд төлөөлөгчийн албанд талархал илэрхийлээд тус төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр цаашид хэрхэн цаашид хамтарч ажиллах талаар санал солилцов.
Түүнчлэн далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй асуудлаар судалгааны ажил хийх, олон улсын худалдаа, ялангуяа Дэлхийн худалдааны байгууллагын яриа хэлэлцээнээс хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах, эдгээр орны хүний хөгжлийн түвшинг дээшлүүлж, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготой энэхүү судалгааны төвийн үйл ажиллагаанд цаашид шаардагдах санхүүгийн болон бусад дэмжлэг туслалцаа нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг НҮБ-ын Дээд төлөөлөгчид сайд хүсэлт болгов.
Хатагтай Фекитамоелоа Утоикаману ДГХБО-ын ОУСТ-ийг байгуулахад Монгол Улс манлайлан оролцсонд талархал илэрхийлээд тус төв нь Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын анхны Засгийн газар хоорондын байгууллага болохыг онцлов. Дээд төлөөлөгчийн алба Олон улсын судалгааны төвийн Захирагчдын зөвлөлд ажиглагчаар орох сонирхолтой байгаа бөгөөд тус төвийн үйл ажиллагаа төдийгүй нийтлэг бэрхшээлтэй эдгээр орнууд олон улсын түвшинд эрх ашиг, байр сууриа хамгаалах, улс орныхоо хөгжлийн бодлого боловсруулах, Венийн үйл ажиллагааны хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд нь дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Хатагтай Фекитамоелоа Утоикаману Улаанбаатар хотноо 2018 оны 6 дугаар сарын 11-12-нд болсон Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн Нээлтийн бага хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм.
Categories
гадаад мэдээ

Таван цагдаа амь үрэгджээ

Афганистаны зүүн хэсэгт орших Газни мужид мягмар гарагт “Талибан” бүлэглэлийн босогчид тэсрэх бөмбөг ачсан цэргийн машинаар дүүргийн захиргааны байр руу дайран орж дэлбэлснээр хамгаалалтын таван цагдаа амь үрэгдэж, 26 хүн шархадсан тухай тус мужийн захиргааны хэвлэлийн албаны ажилтан мэдээлсэн байна.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, “Орон нутгийн цагаар өдрийн хоёр цагийн орчимд амиа золиослогч этгээд Мукур дүүргийн захиргааны байрны төв хаалганы дэргэд тэсрэх бөмбөг ачсан машинаа дэлбэлсэн” гэж дээрх ажилтан мэдэгджээ.
Шархадсан хүмүүсийн олохни нь тэсрэх бөмбөг дэлбэрэх үеэр үсэрсэн металл болон шилний хэлтэрхийнүүдэд өртсөн ба цагдаагийн гурван албан хаагчийн биеийн байдал тун хүнд байгаа аж. Дэлбэрэлтийн улмаас барилга ч мөн ноцтой сүйдсэн байна.