Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“ЖАСТ”-ын Ш.Батхүүгийн бие эрс мууджээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж их хэмжээний зээл авсан гэх “Жаст” группийн захирал Ш.Батхүүг цагдан хориод гурван сар өнгөрч байна. Өчигдөр түүний хоригдох хугацаа дууссан учир шүүх дахин 15 хоногоор сунгажээ.

Шүүх хурлын дараа Ш.Батхүүгийн бие эрс муудсан талаар өмгөөлөгч нь мэдээллээ. Тухайлбал, Ш.Батхүүгийн сахарын өвчин хүндэрч энгийн хүнийхээс гурав дахин өндөр түвшинд хүрчээ.

Түүний сахарыг бууруулахын тулд Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлгийн зүгээс инсулин тариаг маш өндөр доозоор өдөрт зургаан удаа хийж байгаа гэнэ.

Энэ нь сахарыг өсгөхгүйн тулд хийж буй аргацаасан арга хэмжээ аж. Инсулин тариаг ар гэрийнхэн нь авч Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэг рүү оруулж байгаа юм. Мөн Ш.Батхүүгийн бөөр, тархины мэдрэлийн судсанд ноцтой өөрчлөлт гарсан.

Түүнийг даруйхан клиникийн мэргэшсэн эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэхгүй бол амь насанд нь ноцтой байдал үүсээд байна гэж түүний өмгөөлөгч хэллээ. Ш.Батхүүг хоригдох хугацаанд ердөө гурван удаа байцаалт авчээ.

Б.АМАР

Categories
мэдээ нийгэм

“Даян дэлхийн тогтвортой мал аж ахуй уулзалт” үргэлжилж байна

“Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар уулзалт” 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйг хөгжүүлэх, даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн ач холбогдол, мал аж ахуйн ирээдүй, малчдын амьжиргаа, тогтвортой мал аж ахуйд хөрөнгө оруулах зэрэг асуудалд төвлөрч, илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Уулзалтын талаар багц мэдээлэл хүргэе.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД МЭДРЭМТГИЙ САЛБАР БОЛ МАЛ АЖ АХУЙ

Уулзалтын эхний хэсэг даян дэлхийн түвшний асуудалд төвлөрлөө. Тодруулбал, 2017 оны 11 дүгээр сарын 6-17-ны өдрүүдэд ХБНГУ-ын Бонн хотноо болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конценцид нэгдсэн орсон оролцогч талуудын 23 дугаар хурлын агуулга, уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн нөхцөл байдал, шийдвэрлэх арга замын талаар ярилцсан.

Уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтний нийтээрээ сэтгэл зовних асуудал болоод байна. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн мэдрэмтгий салбар бол мал аж ахуй. Тиймээс ч энэ асуудлаас үүдэлтэй учирч болзошгүй аюулын эсрэг шинжлэх ухааны хамгийн шилдэг ололтод суурилсан, үр дүнтэй, дэвшилтэт хариу арга хэмжээ авах шаардлагатай байгааг төлөөлөгчид хэлж байлаа.

Хөгжингүй орнуудын зүгээс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицоход нь зориулж, хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулна гэдгээ тус хурлын үеэр илэрхийлсэн байдаг. Энэ утгаараа уур амьсгалын өөрчлөлтийг даван туулж, улмаар тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэхэд олон улсын дэмжлэг авах нь зүйтэй гэдгийг Уругвайн мал аж ахуйн асуудал эрхэлсэн яамны төлөөлөгч Валтер Оёхонтакабал манай улсад хандан зөвлөсөн.

Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий гэж олон улс болон дотоодын шинжээчид дүгнэжээ. Монгол Улс жилдээ 26 сая тонн нүүрсхүчлийн хийг ялгаруулж байна. Үүнийг хувиар илэрхийлж, салбараар авч үзвэл, 64 хувийг эрчим хүч, тээврийн салбар, 29 хувийг ХАА, 6,2 хувийг аж үйлдвэрийн салбар ялгаруулж байна гэдгийг Монголын эрдэмтэд тогтоосон. Уг статистикаас харахад, хөдөө аж ахуйн салбар уур амьсгалын өөрчлөлтөд тэргүүлэх үр дагавар үзүүлж байна. Тиймээс малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулж зохистой түвшинд барих нь шаардлагатай гэдэгтэй оролцогчид санал нийлж байв. Ийнхүү уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол манайх шиг эрс тэс уур амьсгалтай орны хувьд өвөлдөө тэсгим хүйтэн, зундаа аагим халуун болж, зуд, ган гачиг нүүрлэх шалтгаан болж байгааг нэмж хэллээ.

“БЕРЛИНИЙ НОГООН ДОЛОО ХОНОГ”- САЛБАРЫН ТОМ ТАЛБАР

Өөр нэг асуудал бол мал аж ахуй, газар тариалан, хүнсний салбарынхныг нэг дор цуглуулж чаддаг “Берлиний ногоон долоо хоног” үзэсгэлэн яармаг юм. 1926 оноос хойш жил бүр зохион байгуулж буй арга хэмжээ уламжлал ёсоор 2019 оны 1 дүгээр сарын 18-27-ны өдөр болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн холбоотны яамны төлөөлөл Филипп Графзу Эрбак-Фьюрстенау мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Берлиний ногоон долоо хоног” бол өөрийн улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, өөрчлөлтийн талаар жил удаа нэг удаа олон улсад харуулах, харилцан туршлага солилцох том талбар гэв.

Уг үзэсгэлэн яармагт дэлхийн 70 орны Хүнс, хөдөө аж ахуйн сайд, дэд сайд нар, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож, 100 мянга гаруй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн болсон. Өнгөрсөн жилийн арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг оролцож, салбарынхаа ололт амжилт, шинэ санаачилга, ирээдүйн хөгжлийн чиг хандлагын тухай мэдээлэл солилцож, малын эрүүл мэндийг хамгаалах, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллахаар холбогдох талуудтай тохиролцож байсан юм.

АЖИЛ ХЭРЭГЧ УУР АМЬСГАЛ-ХАМТАЧ ШИЙДЭЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан “Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр”-ийн ач холбогдлыг тайлбарлан таниулах нь өнөөдрийн уулзалтын нэг хэсэг байлаа. Танилцуулгыг “Олон улсын мал аж ахуйн судалгааны хүрээлэн”-гийн төлөөлөл Ширлей Таравали хийсэн. Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой тус байгууллага 104 гишүүнтэй. Тэдгээрийн дотор Дэлхийн банк, НҮБ-ын ХХААБ, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллага багтдаг. Мөн улс орнуудын Засгийн газар, Засгийн газар хоорондын байгууллага, хандивлагчид, иргэний нийгэм, сургалт, судалгааны институциудыг эгнээндээ нэгтгэжээ.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд болох ядуурлыг устгах, өлсгөлөнг зогсоох, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах зэрэг дэлхий нийтэд тулгамдаад буй асуудлыг шийдэхэд өөрийн хувь нэмрээ оруулна гэсэн алсын хараатай. Тиймээс ч малчдын амьжиргааг дээшлүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, байгалийн нөөцийг зохистой ашиглах хүрээнд хүнс, хүнсний хангамжийн асуудлыг шийдэх, малын эрүүл мэндийг хамгаалах чиглэлд малчдын хариулга, маллагааг сайжруулах, малчдын ур чадварыг дээшлүүлэх зэрэг асуудалд анхаарч байна.

НЭГ ӨДӨР-ГУРВАН САЛБАР ХУРАЛДААН

Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар уулзалтын хоёр дахь өдөр бүхэлдээ хэлэлцүүлэг, хуралдаанаар дүүрэн өнгөрлөө. Нэгдүгээр салбар хуралдаан, Азийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бэлчээрийн тогтолцоо, тогтвортой мал аж ахуйд хөрөнгө оруулах нь сэдвээр явагдсан. Хоёрдугаар салбар хуралдаан, мал аж ахуйн салбарын байгаль орчны үнэлгээ, бэлчээр судлал дахь нийгэм-эдийн засгийн үр өгөөж зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Гуравдугаар салбар хуралдаан, уур амьсгалын өөрчлөлтийн хохирогч, буруутан, хамтрагчдийг олж тогтоох, цөөн малтай, эрсдэлд өртөмтгий малчдын амьжиргаа, хөрвөх чадварыг сайжруулахад чиглэж байсан юм.

САНАЛ ДҮГНЭЛТ-ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Маргааш буюу 6 дугаар сарын 13-нд “Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар уулзалт” Тэрэлж рэд рок ресортод 3 дахь өдрөө үргэлжилнэ.
Энэ өдөр тус хөтөлбөрийн болон түншүүдийн 2019-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах дөрвөн салбар хуралдаан болж, хуралдаан тус бүрээс гарсан санал дүгнэлтийг хэлэлцэн, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлно.

Categories
мэдээ спорт

Аврагч Ө.Батзул мөнгөн медаль хүртжээ

Дэлхийн Бөхийн Холбооны дэлхийн чансааны оноо олгох “Mongolia Open” олон улсын чөлөөт бөхийн тэмцээний 97кг-ийн жинд НОБГ-ын харьяа нийслэлийн Аврах анги 105-ын аврагч Ө.Батзул мөнгөн медаль хүртжээ.

Тус тэмцээнд Монгол, ОХУ, Хятад, АНУ, Канад, Казахстан, Кыргызстан, БНСУ, Австрали, Нигери, Гватемал зэрэг улсын 300 орчим тамирчин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“Орон зайн мэдээлэл, технологийн тасаг” нээгдлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын туршлага, шинэ техник, технологийг нэвтрүүлэх замаар Онцгой байдлын байгууллагад орон зайн мэдээнд суурилсан гамшгийн урт хугацааны мэдээллийг системтэйгээр бүрдүүлэх, гамшгийн үеийн удирдлага, олон нийтийг үнэн бодит мэдээллээр түргэн шуурхай хангах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар “Орон зайн мэдээлэл, технологийн тасаг” байгууллаа.

Тус тасаг нь орон зайн мэдээлэлд суурилсан гамшгийн сэдэвчилсэн зураг, орон зайн мэдээллийг өгөгдлийн сангийн нэгдсэн стандартын дагуу нэгтгэж гамшгийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах зорилготой юм.

Түүнчлэн Онцгой байдлын байгуулагад мэдээллийн технологи, газар зүйн мэдээллийн системийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэх замаар байгууллага болон орон нутагт гамшгийн орон зайн мэдээллийн систем, техник, программ хангамжийн хэвийн, аюулгүй, найдвартай үйл ажиллагаанд хяналт тавин ажиллана.

Цаашид Ази, Номхон далайн бүс нутаг, улс орны хэмжээнд газрын гадаргуу дээрх өөрчлөлт, байгалийн гамшгийн мониторонг хийх зорилгоор сансрын технологид суурилсан гамшгийн орон зайн мэдээллийн системийг байгуулах, хөгжүүлэх, бүс нутгийн орнуудтай харилцан мэдээлэл солилцох зорилт тавин ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Паркын чиглэлд осол гарсны улмаас бусад замаар хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа

Өнөөдөр 08:00 цагийн байдлаар Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Паркын урд зам баруунаас зүүн чиглэлийн замд зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тиймээс тухайн чиглэлийн тээврийн хэрэгсэл тоо их, хөдөлгөөн удааширсан хэвээр байгаа аж.

Замын цагдаагийн албанаас иргэдийг Уулын зам болон Энхтайвны өргөн чөлөөг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр

Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар УИХ-ийн гишүүн Д.Гантулгыг УИХ-ийн гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх саналыг 90.9 хувиар дэмжлээ. Асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй.

Categories
мэдээ нийгэм

“Гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн анхны тусламж” сургалт боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, Японы хүүхдийг ивээх сантай хамтран “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн анхны тусламж” сэдэвт сургалтыг Японы хүүхдийг ивээх сангийн “Хүүхэд хамгааллын арга зүйн төв”-д зохион байгууллаа.

Аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хүүхдэд болон тэдний гэр бүлд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг алба хаагчдад эзэмшүүлэх зорилготой тус сургалтад Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги болон Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги байгууллагын ангилалын сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, эмч сэтгэлзүйч, гал сөнөөгч зэрэг 25 алба хаагч хамрагдсан юм.

Сургалтыг Японы хүүхдийг ивээх сангийн сургагч багш нар удирдан явуулж, сэтгэлзүйн анхны тусламж үзүүлэх зарчим, болзошгүй гамшиг, ослын үед хүүхдийг тайтгаруулах тайвшруулахад нь туслах, хүүхдийг тохиолдож болох аюулаас урьдчилан сэргийлэх зэрэг сэдвээр хичээл зааж, харилцан мэдээлэл солилцлоо.

Сургалтын төгсгөлд сургалтад хамрагдсан алба хаагчдад сертификат гардуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга Балба улсын Гадаад хэргийн сайд Прадип Кумар Гявалийг хүлээн авч уулзлаа

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн нээлтийн хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Балба улсын Гадаад хэргийн сайд Прадип Кумар Гявали өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Уулзалтын эхэнд ноён Прадип Кумар Гявали Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад цаг гарган уулзаж байгаад талархаад, Улаанбаатар хотод болж буй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн нээлтийн хуралд Балба улс өндөр ач холбогдол өгч оролцож байгаа гэсэн юм. Мөн Балба улс нь далайд гарцгүй улс тул зарим талаараа Монгол Улстай ижил сорилтыг даван туулж, түүнчлэн харилцан туршлага солилцох сонирхолтой байгаа гэв.

Ноён Прадип Кумар Гявали мөн Монгол Улс ОХУ-тай Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх тухай хэлэлцээр байгуулсан явдалд баяр хүргэж, энэ нь далайд гарцгүй орнуудад үлгэр дуурайл болохуйц, экспортыг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой хэлэлцээр байсан гэж үзэж буйгаа хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд манай хоёр улс буддын шашин, соёлын хувьд ижил төстэй бөгөөд Ази Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй, далайд гарцгүй орнуудын хувьд хоёр талын болон олон улс, бүс нутгийн түвшинд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь чухал ач холбогдолтой гэсэн юм.

Мөн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн хурал, хамтын ажиллагаа, цаашдын оролцоонд нь амжилт хүслээ.

Categories
мэдээ улс-төр

Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын албан ёсны зөвлөгөөн өндөрлөв

Төрийн ордонд Ази, Номхон далайн бүсийн 13 орны парламентын 30 гаруй гишүүд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар 2015 онд баталсан “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэн, чадавхийг сайжруулах асуудлаар бүтэн өдрийн турш зөвлөлдөж, албан ёсны арга хэмжээ амжилттай өндөрлөв.

Зөвлөгөөний хаалтын үйл ажиллагааг Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг удирдаж, тэрбээр энэ үеэр хэлсэн үгэндээ “Парламентчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, улс орныхоо туршлагыг харилцан солилцох, бие биенээсээ суралцах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр бодлого, хөтөлбөр боловсруулах боломжийг олгосон чухал арга хэмжээ боллоо” хэмээн тэмдэглэв. Мөн зөвлөгөөнөөс насжилт, төрөлтийг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудыг эрхмэдэлжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө буюу “Улаанбаатарын хамтарсан тунхаг” бичгийг боловсруулж, гаргасныг онцлохын зэрэгцээ энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулахад дэмжсэн НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахарад болон зөвлөгөөнд идэвхтэй оролцсон элч төлөөлөгчдөд Монголын парламентын гишүүдийн нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Дараа нь зөвлөгөөнийг удирдан зохион байгуулсан Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан арга хэмжээгхааж үг хэлэв. Тэрбээр, зөвлөгөөнд оролцсон улс орнуудын элч төлөөлөгчдөд болон Хүн ам, хөгжлийн үндэсний зөвлөлийн гишүүд, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, улс орнуудын мэргэшсэн судлаачид, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, хамтрагч байгууллагуудын төлөөлөгч зэрэг бүх хүмүүсийн оролцоотойгоор ээлжит зөвлөгөөн амжилттай үргэлжилж буйг тэмдэглээд, Монгол Улсын Их Хурлаас “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлогыг авч хэрэгжүүлж, анхаарлаа хандуулан ажиллаж буйг онцлон хэлсэн.

Түүнчлэн зөвлөгөөнийг хааж Тайландын Вант улсын парламентын гишүүн, Хүн амын хөгжлийн асуудлаарх Азийн парламентчдын форумын ерөнхий нарийн бичгийн дарга Жетн Сиратранонтхэлсэн үгэндээ ганцхан өдөр хуралдсан ч бие биенээсээ туршлага судалсан үр дүнтэй үйл ажиллагаа болсныг дурьдаад “Улаанбаатарын хамтарсан тунхаг”-ыг хэрэгжүүлэх талаар идэвхтэй ажиллах нь Азийн парламентчид хамтарч ажиллаж чаддаг юм байна гэдгийг харуулна гэлээ.

Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны Зүүн, Зүүн өмнөд болон Далайн бүсийн захирал Нора Муратыг төлөөлж Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн тэргүүн М.Батзориг мөн үг хэлсэн.

Дэлхий нийтээр ядуурлыг бууруулах, эх дэлхийгээ хамгаалах, хүн бүхэн амар тайван амьдрах, улс орон, иргэн бүрийн хөгжил дэвшлийг хангахад чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн Азийн парламентчдын зөвлөгөөн ийнхүү амжилттай өндөрлөсөн юм. Энэ удаагийн зөвлөгөөнөөс “Улаанбаатарын тунхаглал” хамтарсан баримт бичиг гаргалаа.

Маргааш элч төлөөлөгчид Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцана.

Мөн Төв аймагт зочилж, тус аймгийн Нэгдсэн эмнэлэг, төрөх тасаг, эх нярайн зайн оношлогооны төслийн үйл ажиллагаатай танилцах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулав.

Татварын ерөнхий хуульд туссан татвар төлөгчийн эрх, үүрэг нь татварын албаны эрх, үүрэгтэй харилцан урвуу хамааралтай байх ёстой боловч өнөөгийн мөрдөгдөж байгаа татварын хууль тогтоомжид татвар төлөгч, татварын албаны хоорондын эрх үүргийн тэнцвэр алдагдаад байгаа аж.

Тиймээс Татварын ерөнхий хуульд туссан дээрх эрх, үүргийн тэнцвэрийг хангах зорилгоор холбогдох зохицуулалтыг бүхэлд нь шинэчлэх, тус хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай шинэ харилцааг хуульчлах нь зүйтэй болжээ. Түүнчлэн татварын хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгож, хуулийн давхардсан зохицуулалтыг арилгах шаардлага бий болоод байгаа бөгөөд энэ хуулийн хүрээнд цоо шинэ зохицуулалтуудыг тусгажээ. Тухайлбал, татвар төлөгч сайн дурын үндсэн дээр тайлангаа засах эрхтэй болох аж. Одоогийн үйлчилж буй хуулийн хүрээнд татвар төлөгч татварын тайлангаа нэгэнт буруу гаргасан бол засварлах боломжгүй аж. Тиймээс бусад улсуудын туршлагад тулгуурлан татвар төлөгч нь татварын тайлангийн алдаагаа засах боломжийг олгох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Түүнчлэн татварын давуу эрхийн зарчмыг шинээр нэвтрүүлэх, татварын зорилгоор бусад улсуудтай мэдээлэл харилцан солилцдог болох, эрсдэлтэй татварыг урьдчилан хураах, татвар төлөгч татварын өрөө төлөлгүй хөрөнгөө бусдад шилжүүлэх бол уг этгээдээс татварын өрийг төлүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх явдлын эсрэг авах арга хэмжээг шинээр хуульчлахаар тусгажээ.

Мөн одоо үйлчилж байгаа боловч зарчмын хувьд өөрчлөх шаардлагатай зохицуулалтуудыг шинэчилсэн найруулгын төсөлд багтаажээ.

Үүнд, татварын тайлангийн алдааг урьдчилан илрүүлж, татвар төлөгчид туслах үйл ажиллагааг нарийвчлан журамлах, үнэ шилжилтийн зарчмыг олон улсын стандартад нийцүүлж хуульчлах, татварын албаны хяналт шалгалтыг зөвхөн эрсдэлд үндэслэн хийх, татварын өр төлөх хугацааны хөнгөлөлтийг сунгах, татварын албаны өр хураах ажиллагааны гүйцэтгэлийн эрх мэдлийг өөрчлөх зэрэг зохицуулалтууд тусчээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Оюунхорол, Х.Болорчулуун, Б.Баттөмөр, Ж.Батзандан, Б.Чойжилсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, татварын давуу эрхийн зарчим шинээр нэвтрүүлнэ гэж заасныг хэрхэн ойлгох талаар тодруулж, эрсдэлтэй татварыг урьдчилан хураах зохицуулалтын талаар мэдээлэл авахыг хүссэн.

Ажлын хэсгийн гишүүдийн тайлбарласнаар, татварын өрийг бусад төрлийн авлага, хохирлыг барагдуулсны дараа гаргуулан авч байгаа нь зохимжгүй гэж төсөл санаачлагчид үзсэн бөгөөд дээрх татварын шинэчлэлээр татварын өрийг гаргуулахдаа хүний ам нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулах нэхэмжлэл болон аливаа барьцаат эрхийн дараа нь хураахаар тусгасан байна.

Одоогийн үйлчилж байгаа хуулийн зохицуулалтаар ногдуулах татварын хэмжээ нь тодорхой болсон татвар төлөгч нь татвар төлөхөөс зугтах, эсхүл зугтахыг оролдох зэргээр татварын өр хураах үйл ажиллагаанаас зайлсхийх эрсдэл учирдаг байна. Энэ үед татварын алба тодорхой арга хэмжээ авч чадалгүй татварын орлого алдах явдал түгээмэл гардаг аж.

Өөрөөр хэлбэл, татвар төлөгч татварын тайлан гаргахдаа татварын ногдлоо өөрөө тодорхойлсон боловч татвар төлөх хугацаа нь болоогүй байхад уг хуулийн этгээд нь татан буугдах бол татварын албанд ямар ч эрх хэмжээ байдаггүй аж. Иймд тодорхой эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд татварыг урьдчилан хураадаг зохицуулалтыг нэмж тусгах шаардлага бий болсон хэмээн тайлбарласан.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Төслүүдийн үзэл баримтлалыг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Уг хуулийн төсөлд татварын хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэхээр тусгажээ. Одоогийн мөрдөж буй хуулиар аж ахуйн бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн албан татвараа нэг тайлангийн маягтаар, ижил хугацаанд тайлагнаж, төлдөг байна. Иймд хувиараа бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүнийг дэмжих, тэдний татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулах, тайлагнах ажиллагааг хялбарчлах зорилгоор хялбаршуулсан татварын тайлагнал, төлөлтийн заалтуудыг төсөлд тусгажээ. Үүний дагуу 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой хувь хүн өөрөө хүсвэл нийт татвар ногдох орлогын 1 хувьтай тэнцэх татварыг төлж, жилд нэг удаа тайлагнаж болохоор зааж буй юм байна.

Мөн бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого олж байгаа хувь хүний татварын харилцааг энгийн ойлгомжтой болгож, гадаад улсад төлсөн татварыг төлбөл зохих татвараас хасч тооцох зарчмыг тусгажээ.

Түүнчлэн байнгын оршин суугч албан татвар төлөгчийн тодорхойлолтыг боловсронгуй болгож, татварын хувь хэмжээ хоорондоо уялдаагүй байсныг уялдуулж, хуулийн хэрэгжилтийг үр ашигтай болгох зохицуулалтуудыг тусгасан байна.

Хуулийн төслийн үзэл баримтлалын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Батнасан нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр байр сууриа илэрхийлсний дараа төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх асуудал дэмжигдэв

Мөн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулсан.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд татварын зорилгоор орлого хүлээн зөвшөөрөх зарчмыг тусгаж, албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлагыг тодорхой болгожээ.

Татварын хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэн жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг хөнгөлөхөөр тусгасан байна.

Мөн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн гадаад эх үүсвэрээс татах хөрөнгийн зардлыг бууруулах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд өрийн бичиг, хувьцаа гаргасан тохиолдолд ногдол ашгийн болон хүүгийн орлогод ногдох албан татварыг 5 хувиар ногдуулахаар төсөлд оруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын бизнесийн орчин олон улсын тавцанд өрсөлдөх байдал сайжирч, татвар төлөхтэй холбоотой гарах бизнес эрхлэгчдийн зардал буурч, татварын тэгш, шударга байдал дээшлэн, татварын бааз суурь өргөжинө гэж хууль санаачлагч үзэж байгаа аж. Мөн татвараас зайлсхийх, зугтаах явдал багасч, хуулийн дагуу татвараа шударгаар тайлагнах, төлөх явдал нэмэгдэх тул дунд хугацаанд төсвийн орлогыг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй байна гэж тооцжээ.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Дараа нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Төслийн үзэл баримтлалын талаар хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулсан.

Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт саарч, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавхи суларснаас цалин хөлс, хөдөлмөрийн орлого төдийлөн нэмэгдээгүй, цаашид дорвитой нэмэгдэх хандлага ажиглагдахгүй байгаа нь иргэдийн, ялангуяа бага орлоготой иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Тиймээс хувь хүний орлогын албан татварт үзүүлэх хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах замаар бодит орлого, худалдан авах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дээрх хуулийн төслийг боловсруулжээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо 2016 оны 4 дүгээр тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 240.000 төгрөг байхаар тогтоосон юм.

Хувь хүний орлогын албан татварт үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байхаар хуульчлан тогтоовол татвар төлөгч иргэн жилд 240.000 төгрөг, сард 20.000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх тооцоо байгаа юм байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн энэхүү хөнгөлөлтийг үзүүлэх асуудлыг Сангийн яам судалж үзсэн үү хэмээн лавласан. Сангийн яам бүх хүмүүст 240.000 төгрөгийн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлбэл орон нутгийн татварын орлого буурна хэмээн үзэж байгаа бөгөөд орон нутгийн төсөвт орох татварын орлого 15-16 тэрбум төгрөгөөр буурна гэсэн тооцоо бий гэсэн хариултыг өгсөн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ.

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

Мөн өдрийн хуралдаанаар Д.Тогтохсүрэн нарын УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд өмнө авч хэрэгжүүлж байсан арга хэмжээний үргэлжлэл болгон орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгооны асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Хуулийн төсөлд аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн даргыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн татварын хэлстийн даргыг нийслэлийн татварын газрын даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилж чөлөөлөхөөр тусгажээ.

Мөн сумын татварын улсын байцаагчийг аймгийн татварын хэлтсийн даргатай зөвшилцөн сумын Засаг дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж гэсэн заалт төсөлд нэмж буй аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийнүзэл баримтлалын талаар төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа.

Дээрх хуульд 21 удаа нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч хуультай холбоотой төрийн байгууллага хувийн хэвшлийн дунд үл ойлголцол гарсаар байгаа төдийгүй хууль, шүүхийн байгууллагад хандсаар байгаа аж. Дээрх хууль нь дараахь гажуудлыг бий болгож байна гэж үзэн өөрчлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн буруу зохицуулалтын улмаас татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулах явдал байсаар байгаа гэлээ. Хуульд хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасантай холбоотой тендерт ялсан этгээд чанар муутай, насгүй гүйцэтгэлийг хүлээлгэн өгч буй явдлыг зогсоох зорилгоор чанар гэсэн ойлголтыг тендер үнэлэх гол шалгуур болгож холбогдох өөрчлөлтүүдийг тусгажээ.

Тендер шалгаруулалт нь танил талаа харсан, давуу эрх олгосон хаалттай байдлаар шийдэгдсэн гэсэн сөрөг хандлагыг шийдвэрлэх зорилгоор худалдан авах ажиллагааны цахим системийг нэвтрүүлэх эрх зүйн орчинг бий болгох зэрэг хэдэн хэдэн зохицуулалтыг төсөлд тусгажээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ.

Энэхүү асуудлын дараа Төрийн аудитын байгууллагын талаар авах арга хэмжээний тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн гишүүдийн олонхи батлахыг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.