Categories
мэдээ нийгэм

Ганц мод гашуун сухайт боомтод хийх бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэв

Өмнөговь аймаг, ӨМӨЗО-ны Баяннуур аймаг хоорондын хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгох зорилгоор улиралд нэг удаа хоёр тал уулзаж байхаар болсон. Энэ удаагийн уулзалтаар Баяннуур аймгийн хөрөнгө оруулалтаар хийх ажлуудыг эцэслэн шийдвэрлэлээ.

Тодруулбал:
-Ханбогд сумын Хайрхан багийн төвд Гашуун сухайт боомтын ажилчдын 24 айлын орон сууцыг барьж 2018 онд ашиглалтад оруулах,
-Ганц модонд Өмнөговь аймгийн нэрэмжит худалдаа үйлчилгээний гудамжийг байгуулж, бизнес эрхлэгчдийг дэмжих
-Цагаан хад гаалийн хяналтын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөл хийх асуудлыг хэлэлцлээ. Одоогийн байдлаар Цагаан хад суурьшлын бүсийг БАЙНГЫН тог цахилгаантай болгох асуудал хоёр талын хамтарсан судалгаа хийх шатандаа явж байна. Уулзалтыг улирал бүр зохион байгуулж, хэлэлцсэн асуудлыг бодит ажил хэрэг болгоход онцгой анхаарна.
Categories
мэдээ нийгэм

Малчид, оторчдод төрийн үйлчилгээг газар дээр нь очиж хүргэлээ

Өмнөговь аймгийн нийт нутгийн 5 хувь ногоотой, 15 хувь дунд зэрэг, 80 хувь нь гандуу байна. Зуншлага тааруу үед малчид, оторчиддоо төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор хөдөлгөөнт баг ажиллаж байна. Аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан хүн, малын эмч, төрийн байгууллагуудын төлөөллийг хамруулсан ажлын хэсэг Ханхонгор сумын Мандах багийн нутагт оторлож яваа болон нутгийн малчдад төрийн анхан шатны үйлчилгээ, эрүүл мэндийн үзлэг оношилгоог хийлээ. Тухайлбал: эхо, элэгний в, с вирусын шинжилгээ, даатгал, татвар, малын эм бэлдмэл зэргээр малчид иргэдэд газар дээр нь очиж үйлчилсэн юм.

Зуншлага тааруу, отор нүүдэл их байгаа хэдий ч төрийн үйлчилгээг газар дээр нь ирж хүргэж байгаад малчид талархаж байсан юм. Аймаг орон нутгийн бодлогын түвшинд малчид иргэд рүү хандсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба энэ жил инженерийн хийцтэй 29 худгийг шинээр гаргаж, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлнэ. Мөн малчдын эрүүл мэнд, нийгмийн асуудалд анхаарч малчид иргэдтэйгээ уялдаа холбоотой хамтран ажиллана.

Categories
мэдээ эдийн-засаг

“Монгол Улсын өр” ном хэвлэгдэн гарлаа

Эдийн засагч, судлаачид Монгол Улсын өрийн талаар судалгаа хийж “Монгол улсын өрийн саарал ном”-ыг хэвлүүлсэн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Гавьяат эдийн засагч Д.Байлийхүү, В.Осоргарав, доктор, профессор Л.Оюун, СЭЗИС-ийн багш дэд профессор Ж.Дэлгэрсайхан, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми, эдийн засагч Т.Доржханд нарын эрдэмтэд хамтран энэхүү номыг бичжээ.

Монгол улсын гадаад өр 27.4 тэрбум ам.доллароор хэмжигдэж буйг хэрхэн хуримтлагдсан, хэзээ авсан, өрийн дарамт ямар байгаа судалж, товхимол номыг гаргасан байна. Уг ном нийт дөрвөн үндсэн бүлгээс бүрдэж байгаа аж.

Номын зохиолч, гавьяат эдийн засагч В.Осоргарав хэлэхдээ “Улсын нийт өрийг Засгийн газар болон хувийн салбарын өр хэмээн хоёр ангилдаг. Энэ номондоо засгийн газрын гадаад өрийн талаар дэлгэрэнгүй авч үзсэн. Улсын сан хөмрөгөөс их хэмжээний хөрөнгийг гаднаас авсан өр зээлийг төлөхөд зарцуулж байна. Улс орны эдийн засгийг тодорхойлдог хоёр гол бодлого болох төсвийн бодлого болон мөнгөний бодлогыг бодит байдалд зохицуулан зөв тодорхойлох, уялдаа холбоог сайжруулах, олон улсын туршлагыг судлах, улс орныхоо эдийн засгийг өөрийн орны нөхцөлд тохирсон удирдах явдал нэн чухал болж байна. Бидэнд бусад орны ч туршлага хэрэгтэй. Манайх ганцхан уул уурхай, нүүрс, зэс гэлтгүй мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалаа хөгжүүлэх, эрдэс баялгаа ашиглан баяжуулах үйлдвэр, төмөр зам барих гэх мэт төрийн бодлогоор эдийн засгийг төрөлжүүлэх хэрэгтэй байна” гэв.

Эдийн засагчид Монгол Улсын өрийн хэмжээ санаа зовох хэмжээний түвшинд хүрсэн гэдгийг онцолж байлаа. Мөн өрийн удирдлага, стратегийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатайг тэд хэлэв. Манай улс өрийн удирдлагын хуультай ч хангалттай хэрэгждэггүйг СЭЗИС-ийн багш, дэд профессор Ж.Дэлгэрсайхан хэллээ.

Эдийн засагч Л.Оюун “Зээлийн эрсдэлийг тооцож байж, авч байх хэрэгтэй. Зээлийн зориулалтыг анхааръя. Зээлийг зээлээр төлдөг байж болохгүй. Өмнө нь зээлийн нөхцөлүүд тохиромжгүй, урт хугацаанд өгөөжөө өгөхгүй салбарт зээлийг оруулдаг. Өгөөжөө өгөөгүй учраас дахиад зээл авахаас өөр аргагүй байдалд хүрдэг гэв.

Эдийн засагчид Засгийн газрын өрийг ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй байх зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлж буй юм.

Д.ХУЛАН

Categories
мэдээ улс-төр

АНУ-ын буцалтгүй тусламжийг хотын усан хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулах компанкт гэрээний төслийг дэмжиж, гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт зөвшөөрлөө.

Компакт гэрээний хүрээнд 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламжийг хотын усан хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал газрын доорх усны доод эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал усыг дахин боловсруулж, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, усны салбарын тогтвортой байдлыг хангах зэргийг гэрээнд тусгажээ.

Мөн хуралдаанаар Барсүрэнгийн Баасандоржийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томиллоо. Б.Баасандорж нь 1979 онд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр.

2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн албанд 17 жил ажилласан байна.

Categories
баннер мэдээ нийгэм

​Хоёр настай хүүхдийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Энэ сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Загаст нуур” гэх газар хоёр настай хүү ор сураггүй алга болсон. Тус сумын харьяат малчин С хүүгээ гэрийнхээ ойр 19:00 цагийн орчимд алга болсон гэж мэдээлсэн байна. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын албаны Эрэн хайх аврах ангийн албан хаагчид 11-ний өдөр хүртэл эрлийн ажиллагаа явуулжээ. Гэвч хүүг олоогүй тул гэрийхнийх нь зөвшөөрлөөр хайх ажиллагааг зогсоосон байна.

Мөн энэ сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумд хоёр настай охин ээжтэйгээ хамт хонинд явж байгаад алга болсон гэх дуудлага иржээ. Аврах ангийн албан хаагчид 12-ны өдөр хүртэл хайсан боловч олоогүй юм. Тиймээс эрлийг түр зогсоосон боловч өчигдрөөс эхлэн эрлийг үргэлжлүүлэхээр болжээ.

Т.ЭНХНАРАНЖАВ

Categories
мэдээ нийгэм

Аялал жуулчлалын гол чиглэлүүдийг баталлаа

Аялал жуулчлалын гол чиглэл, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Улсын хэмжээний аялал жуулчлалын чиглэлүүдийг бодлогын бусад баримт бичигт заасны дагуу “Аялал жуулчлалын гол чиглэл”, “Цайны зам”, “Торгоны зам”, “Их түмэн гол” болон бусад хил дамнасан аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлүүдийг “Хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын чиглэл”, орон нутгийн аялал жуулчлалын чиглэлүүдийг “Аймаг, нийслэлийн аялал жуулчлалын цэг” гэж томьёолсон байна.

Гол чиглэлийн дагуу аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжил, жуулчны аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхээр боллоо. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжид хамруулах, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж байхаар шийдвэрлэв.

Засгийн газар 2020 он гэхэд жуулчны тоог нэг саяд хүргэж, энэ салбараас нэг тэрбум хүртэл ам.долларын орлого олох зорилт тавьсан. Үүний тулд гурван жилийн хугацаанд жуулчдын тоог тогтмол 30 хувиар өсгөх шаардлагатай юм. Холбогдох яам, агентлаг, бусад газар гадагшаа чиглэсэн сурталчилгаа, маркетингийг эрчимтэй явуулах, нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын аюулгүй, ая тухтай байх нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээж байна.

Өнгөрсөн онд 470 гаруй мянган жуулчин хүлээн авсан нь 2016 онтой харьцуулахад 14 хувь, аялал жуулчлалаас 400 гаруй сая ам.доллар олсон нь 20 хувиар өсчээ.

Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн ДАШТ үзэхээр ОХУ-д зорчих иргэдийн анхааралд

Хөлбөмбөгийн ДАШТ маргааш ОХУ-д эхэлнэ. Энэ хүрээнд ОХУ-д зорчиж буй гадаадын иргэдийг бүртгэх түр журам тогтоосон бөгөөд хөлбөмбөгийн тэмцээний үеэр ОХУ-д зорчих тохиолдолд дараах зүйлийг анхаарах шаардлагатай мэдэгдэж байна. Үүнд:

  • ОХУ-ын хилийг нэвтэрснээс хойш 24 цагийн дотор /өмнө нь 5 хоног байсан/ бүртгүүлэх үүрэгтэй тул ОХУ-д байх хугацаандаа түр буусан бүх түвшний зочид буудалд бүртгэл хийлгэнэ.
  • Хэрэв гадуур байр түрээслэх, айлд байрлах бол Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст бүртгүүлнэ.
  • Тэмцээний үеэр ЭСЯ-ны Консулын хэлтэс Даваа-Ням гарагийн хооронд өдөр бүрийн 09-17 цагийн хооронд ажиллаж, иргэдийг бүртгэх боломжтой. Хаяг: Консульский отдел Посольства Монголии в Российской Федерации, Москва, 115127, Спасопесковский пер., 7/1
  • Галт тэргээр ОХУ-д зорчих иргэдийн хувьд ирсэн даруйдаа байрлах зочид буудал эсвэл ЭСЯ-ны Консулын хэлтэст бүртгүүлэх бөгөөд энэ тохиолдолд галт тэрэгний билетээ үзүүлж, галт тэргээр ирснээ нотлох шаардлагатай.
  • ОХУ-ын хилээр нэвтрэхэд олгодог цагаачлалын картыг (миграционная карта) ОХУ-ын хилээр буцаж гарах хүртэл хаяж үрэгдүүлэхгүй байхыг анхаарна уу.
  • Хэрэв хугацаандаа бүртгүүлээгүй тохиолдолд 2000 рублийн торгуультай бөгөөд торгуулиа төлсний дараа бүртгүүлэх боломжтой.

-ОХУ-Д ЗОРЧИХОД АНХААРАХ НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ-

  • Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбогдуулан оросын бүх хотуудад аюулгүй байдлыг цэрэг цагдаагийн байгууллага хүчлэн хамгаалж буй тул иргэд гадуур явахдаа бичиг баримтаа заавал биедээ авч явах,
  • Гадаад паспортын хүчинтэй хугацааг анхааран үзэж, хэрэв зургаан сараас доош хугацаанд хүчинтэй байвал шинээр паспорт авах,
  • ОХУ-д зорчихын өмнө Монгол Улсын ГХЯ-ны Консулын газрын consul.mn вэбсайтаар орж, гадаадад зорчих иргэдэд зориулсан “Сэрэмжлүүлэг”-тэй танилцсан байх,
  • ОХУ-аар дамжин бусад оронд зорчих иргэд ОХУ-д 24 цагаас илүү саатсан тохиолдолд бүртгэлд хамрагдах,
  • Танихгүй хүнээс битүүмжилсэн баглаа боодолтой эд зүйлс авч явахгүй байхад анхаарна уу.
Categories
мэдээ улс-төр

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар боллоо

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.

Монгол Улс хэмжил зүйн салбарын харилцаагаа 1993 оноос хойш Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулиар 25 жил зохицуулж байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын хуралдаанд хэлсэн үгэндээ танилцуулаад, “Монгол Улсын хууль эрх зүйн шинэчлэлийн бодлогыг дэмжих, Засгийнгазрын 2016-2020 оны үйл ажиллагааныхөтөлбөрийн 2.7-д “Стандартчилал, хэмжил зүйн талаарх хууль тогтоомжийг олон улсын нийтлэг зарчимд нийцүүлэн шинэчилж Үндэсний чанарын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэж заасныг хэрэгжүүлэх, мөн Дэлхийн худалдааны байгууллага болон Хэмжил зүйн олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор улсын хэрэгцээ шаардлага, хэмжил зүйн олон улсын хөгжлийн чиг хандлага, нийтлэг зарчмыг харгалзан, батлагдсан Үзэл баримтлалын дагуу Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна” гэв.

“Хуучин хуулиар хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, түүнд хяналт тавих эрх зүйн үндсийг тогтоож байсан бол одоо танилцуулж буй Хэмжил зүйн тухай шинэ хуулиар хэмжлийн нэгдмэл байдлыг хангахын сацуу эдийн засаг, нийгмийн хөгжилд хэмжил зүйн бодлогоор дэмжлэг үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоож, хэмжил зүйн чиглэлээр хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн харилцааг зохицуулна” хэмээн Шадар сайд Ө.Энхтүвшин онцоллоо.

Хэмжил зүйн тухай хууль батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн хувьд дараах үр дүн гарахыг Шадар сайд ийн тодорхойлов. Үүнд:

1. Монгол Улсын хэмжил зүйн тогтолцоо олон улсын жишигтэй нийцнэ.

2. Хэмжлийн нэгжийн эталон, нэгж дамжуулалт, хэмжил зүйн судалгаа шинжилгээний ажил олон улсын түвшинд хүрэх алхам болно.

3. Олон улсын жишгийн дагуу худалдаа үйлчилгээний тооцоонд ашиглахаас бусад хэмжих хэрэгслийн загварын туршилт, баталгаажуулалтын ажлыг итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

4. Салбаруудын болон үйлдвэрлэл, аж ахуйн нэгж байгууллагуудын дэргэд итгэмжлэгдсэн хэмжил зүйн алба, лабораториуд бий болно.

5. Алба, лабораториуд бий болсноор төрийн ажил, үйлчилгээний одоогийн төвлөрөл, ачаалал саарна.

6. Олон улсын гэрээ, хэлэлцээрт туссан импортын хэмжих хэрэгслийн загварын туршилт, анхдагч баталгаажуулалтын үр дүнг шууд хүлээн зөвшөөрдөг болно.

7. Ингэснээр иргэд, бизнес эрхлэгчид цаг хугацаа хэмнэж нэгж хэмжүүрт ногдох зардал буурах эрх зүйн орчин бүрдэнэ.

8.Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, худалдах, суурилуулах, засварлах хэмжил зүйн ажил, үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл олгодог одоогийн үйл ажиллагаа бүрэн халагдаж, Хэмжил зүйн ажил үйлчилгээг цахим хэлбэрээр бүртгүүлэх тогтолцоог бий болно. Ингэснээр төрийн үйлчилгээг ард иргэд, аж ахуйн нэгжид шуурхай хүргэнэ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолуудад хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолуудад хориг тавьж, УИХ-ын шийдвэрт хориг тавих тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хүргүүллээ.

Ингэснээр:

  • Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаар тогтоол
  • Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаар тогтоолуудад хориг тавигдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригт:

“Дорждугарын Гантулга, Дакейн Мурат нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолуудыг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн байж болох нөхцөл байдал нь тогтоогдож, яллагдагчаар татагдсан Д.Гантулга, Д.Мурат нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх тухай Прокурорын байгууллагын саналыг Улсын Их Хурал хүлээж аваагүй нь шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилго тээсэн Монголын ард түмний хүсэл зоригт нийцээгүй, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд, үнэлэмжийг улам бүр үгүй хийсэн, иргэдээ үл тоон басамжилсан, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр болсон байна.

Хууль зөрчсөн үйлдэл, гэмт хэрэг, зөрчлийн цаана улс орны тусгаар тогтнол, үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал хөндөгдөн, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, гэмт үйлдэлд аливаа хэлбэрээр холбогдсон иргэн хохирч байдгийг мартах ёсгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах нь төрийн үүрэг юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц …хууль зүйн …баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан байдаг.

Үүний хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхэд бүрэн эрх нь саад учруулна гэж үзэж байгаа Прокурорын байгууллагын саналыг Улсын Их Хурал дахин хэлэлцэж, Үндсэн хуульд нийцүүлэн, хариуцлагатайгаар шийдвэрлэх шаардлагатай.

Прокурорын байгууллагыг Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага хэмээн хуулиар тодорхойлсон байдаг.

Тиймээс Улсын Их Хурал эрх мэдлийн хуваарилалт, зарчмыг хүндэтгэн баримталж, Улсын Их Хурлын гишүүдийн холбогдоод байгаа гэмт хэргийн шинжтэй асуудлуудыг нэг мөр шалган, гэм буруугийн асуудлыг нь эцэслэн шийдвэрлэх боломжийг хуулийн байгууллагуудад олгох нь зүй ёсны хэрэг юм.

Иймд Д.Муратын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаар тогтоол болон Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаар тогтоолд тус тус хориг тавьж байна.

Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Улсын Их Хурал, гишүүд Та бүхний бүрэн эрхийн хугацаа талдаа оржээ. Энэ хугацаанд хэрхэн ажилласнаа дүгнэж, үлдсэн хугацаандаа үр дүнтэй, бүтээлч ажиллах шаардлагатай байгааг сануулъя.

Өнгөрсөн хугацаанд эрх баригчдын улс төрийн бодлогоор Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдсөн, иргэдийн эрх ашгийг хөндсөн, иргэдээ ялгаварлан алагчилж хууль ёсны эрхийг нь үгүйсгэсэн, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан, төсвийн хууль тогтоомжийг зөрчсөн олон шийдвэрийг Улсын Их Хурал гаргаж ард түмнийхээ харамгүй өгсөн асар их итгэл, дэмжлэгийг хөсөрдүүлсэн. Энэ мэт хариуцлагагүй бодлого, шийдвэрүүд одоо ч үргэлжилсээр байгаад харамсаж байна.

Улсын Их Хурал улс орны хөгжил хийгээд ард иргэдийнхээ ахуй амьдралд ахиц дэвшил авч ирсэн дорвитой бодлого, шийдэл огт гаргасангүй. Хуулийн биелэлтийг хянан шалгах, системчлэн дүгнэх, хууль тогтоомжуудын уялдаа холбоо, зөрчил хийдлийг арилгах зэрэг нэн тулгамдсан, үндсэн чиг үүргийнхээ асуудлуудад ч хууль тогтоох байгууллага анхаарсангүй, Улсын Их Хурлын гишүүд идэвх санаачилгатай ажилласангүй хэмээн ард иргэд шүүмжилж байгааг мөн анхаарах шаардлагатай байна.

Энэхүү хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампт баяр хүргэсэн илгээлт явууллаа

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Америкийн Нэгдсэн Улсын тэргүүн нарын дээд түвшний түүхэн уулзалт 2018 оны зургадугаар сарын 12-ны өдөр Сингапурт амжилттай болж, талууд Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Дональд Трампт баяр хүргэсэн илгээлт явууллаа.
Илгээлтэд:
“Ноён Ерөнхийлөгч өө,
Юуны өмнө АНУ, БНАСАУ-ын удирдлагуудын Сингапур Улсад хийсэн түүхэн уулзалт амжилттай болж өндөрлөсөнд чин сэтгэлийн баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу.
Энэхүү уулзалтын дүнд хоёр тал Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах чин эрмэлзлээ баталгаажуулсан нь энэ бүс нутагт энхтайван, аюулгүй, тогтвортой байдал тогтож, хөгжил цэцэглэл авчирах бодит эхлэлийг тавилаа гэж үзэж байна.
Та надад 2018 оны 2 дугаар сард ирүүлсэн захидалдаа, АНУ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөө тууштай байгаагаа тэмдэглэж, энэ зорилгод хүрэхийн тулд дэлхийн улс орнуудын Засгийн газрын хариуцлага, тууштай байдал чухал болохыг тэмдэглэж байсан билээ.
Монгол Улс нь өөрийн оршин буй бүс нутгийнхаа тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийн төлөө тууштай зогсч, энэ эрхэм үйлсэд хувь нэмрээ оруулж ирснийг тэмдэглэхийн сацуу Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах үйл явц хурдацтайгаар эхэлж байна хэмээн Таны хэлсэнтэй санал нэг байна. Монгол Улс цаашид ч энэ үйл явцын нэг хэсэг байж, хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байна.
Энэ ялдамд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд дахин баяр хүргэж, сайн сайхныг ерөөе” гэжээ.