Categories
мэдээ нийгэм

Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Б.Баасандорж томилогдлоо

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхийг газрын дарга Р.Содхүү тэтгэврийн насанд хүрсэн тул ажлаа өгөөд байсан билээ. Харин Засгийн Газрын өнөөдрийн хуралдаанаар даргын суудалд Б.Баасандоржийг томиллоо. Тэрээр 1978 онд төрсөн, эрх зүйч мэргэжилтэй. МУИС-ын Хууль зүйн сургууль болон АНУ-ын Калифорнийних сургуулийг төгссөн. Төрийн албанд 17 жил ажиллажээ. Үүнд 2001оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн албанд 17 жил ажилласан юм.

Т.ЭНХНАРАНЖАВ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баттулга ШХАБ-ын уулзалтыг сурвалжилсан сэтгүүлчдийн асуултад хариулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар БНХАУ-ын Чиндао хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон юм.

Энэ удаагийн ШХАБ-ын уулзалтыг Монгол Улсаас хэвлэл, мэдээллийн байгуллагын 20 гаруй сэтгүүлч, зураглаач сурвалжилсан бөгөөд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын уулзалтыг сурвалжилсан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, ярилцлага өгөв.


Ярилцлагын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улс болоод 14 жил болж байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анх удаагаа энэ уулзалтад оролцлоо. Олон давуу талуудыг олж харлаа. Та бүхэн мөн ажигласан байх.

ОХУ, БНХАУ, Беларусь, Киргиз, Казакстан болон Иран улсын Ерөнхийлөгч, Энэтхэг улсын Ерөнхий сайдтай хоёр талын уулзалтуудыг хийсэн. Хамгийн чухал асуудал нь БНХАУ-ОХУ-Монгол Улсын гурван талт уулзалт байлаа. Уулзалтын үеэр олон жил яригдсан эдийн засгийн коридор буюу хоёр хөршийн худалдааны эргэлтийг улсаараа дамжин өнгөрөөх асуудал байв. Бид энэ саналаа маш тодорхой илэрхийлсэн бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин анх удаагаа энэ төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн “Монгол-Оросын санаачилга-2018” ажил хэргийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад айлчилсан Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченко эдийн засгийн коридор байгуулах төслөө бидэнд танилцуулсан юм. Тэр төслийг нь мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд гардуулж өгсөн.

Би ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хоёр удаа уулзаж байснаас бусадтай нь анх удаагаа уулзаж “нүүр хагарлаа”. Хөрш улс болох Казакстан, Киргиз болон далайд гарцгүй гэдэг утгаараа бидэнтэй хамтарч, саналаа илэрхийлдэг, ШХАБ-ын ажиглагч улс болох Беларусь улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой ойр дотно яриа өрнүүлсэн. Мөн Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбеков шинээр сонгогдсон хүн байсан тул баяр хүргэсэн. Ираны Ерөнхийлөгч Хассан Руханитай мөн уулзаж, Монгол-Ираны хооронд байгаа тодорхой ажлуудыг дэмжиж ажиллана гэсэн асуудлыг ярилцсан” гэлээ.

МҮОНТ-ийн сэтгүүлч Д.Батнягт: -Энэ удаагийн ШХАБ-ын уулзалтын хүрээнд гол анхаарал татсан асуудал нь яах аргагүй Эдийн засгийн коридор байгуулах асуудал байсан. 2016 онд Эдийн засгийн коридор байгуулах баримт бичигт гарын үсэг зурж, баталгаажуулсан. Түүнээс хойш бодит ажил хийгдээгүй. Энэ удаашралтай байгаа асуудлыг хэрхэн харж байгаа вэ. Бидний талаас санхүүжилтийн асуудал байх шиг байна?

-Мэдээж санхүүжилтийн асуудал бий. Бид ШХАБ-т 14 жил ажиглагчаар явж байна. Хашир байх нь зөв. Гэхдээ өнөөгийн ШХАБ-ын нөхцөл байдал өөр болсон. Өнгөрсөн жил 1.3 тэрбум хүн амтай Энэтхэг, 200 сая хүн амтай Пакистан улс ШХАБ-т элссэн. Энэ бол ШХАБ-ын анх байгуулагдахаа яригдаж байсан нөхцөл байдлыг өөрчилсөн томоохон хүчин зүйл юм. Илүү эдийн засгийн асуудлыг ярьдаг болсон. Та бүхний анзаарсанчлан Өргөтгөсөн хурал дээр үг хэлж буй төлөөлөгчид бүгд эдийн засгийн асуудлыг шүүмжилж, бодит алхам хийх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан. Үүний хариу болгож энэ жил ШХАБ-ыг удирдаж байгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудад зориулан 30 тэрбум юанийн шугам нээхээ зарласан. Энэ мөнгө нь яригдаад байгаа дэд бүтцийг холбох ажилд зориулагдах юм. Өөрөөр хэлбэл, үүсгэн байгуулагдаад 22 жил болсон ШХАБ-д Энэтхэг, Пакистан элссэнээр нөхцөл байдал, чиглэл нь өөрчлөгдсөн. Шанхайд байгуулагдсан гэдэг утгаар нь Шанхайн байгууллага гэж үзээд буруу ойлгогдохоор зүйлсийг олон нийтийн сүлжээнд олноор ярьж байна. Мөн энэ жил ШХАБ-ыг БНХАУ даргалж байгаа. Ирэх жил Киргиз улс даргалахаар болсон. Жил бүр ШХАБ-ын орнууд ээлжилж даргалаад явдаг юм.

“UBS” телевизийн сэтгүүлч Ч.Бат-Оргил: -БНХАУ-ын дарга Ши Жиньпин 30 тэрбум юанийн шугам нээх болсон хэдий ч үүнийг ШХАБ-ын гишүүн орнууддаа өгөх асуудал яригдаж байна. Бид хэдий ажиглагчийн байр суурьтай ч тээвэр, тэр дундаа төмөр замын тээвэрт хөрөнгө оруулалт татах боломж бий юу. Мөн УИХ ШХАБ-д элсэх асуудлаар хаалттай хуралдаж нийгэм тодорхой мэдээлэлгүй байна. Эдгээр асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-БНХАУ-ын дарга Ши Жиньпин “ШХАБ-ын гишүүн орнуудад зориулан гаргаж байгаа…” талаар маш тодорхой ярьсан. Тэдгээр улсууддаа л зарцуулагдах байх. Харин ШХАБ-д Монгол Улс элсэх асуудлаар олон янзын байр суурь байгаа ч УИХ-ын гишүүд маань хүртэл энэ байгууллагын бүтэц, түүх, одоогийн байдал, дараагийн зорилго зэргийг мэдэхгүй байна.

Дэлхийн эдийн засаг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хөдөлгөөнд орсон. Мэдээж бид энэ хөдөлгөөний эерэг, сайн талыг нь тусгаж авах ёстой бөгөөд эдийн засгийн энэ хөдөлгөөнөөс хоцорч болохгүй. Хоёр том хөрштэй, далайд гарцгүй орны хувьд бараа таваар, бүтээгдэхүүн борлуулах боломж харьцангуй хомс байна. Бид ОХУ болон БНХАУ-руу экспортын бүтээгдэхүүн гаргахдаа 20-35 хувийн гаалийн татвар төлдөг. 20-35 хувийн өндөр үнэтэй хил давсан бараа, бүтээгдэхүүн мэдээж үнээр өрсөлдөх боломжгүй болно гэдгийг хүн бүр л мэднэ. Гэтэл бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүйгээр улс орон хөгжихгүй, харин үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн зарагдахгүй бол үйлдвэр дампуурна. Ийм энгийн зүйлсээ УИХ-ын гишүүд анхаарах ёстой.

Та бүхэн санаж байгаа бол би нэн тэргүүнд хоёр хөршийн тэргүүнтэй уулзаж гаалийн татвар тэглэх санал тавина гэдгээ хэлж байсан. Ингэж байж бидний бүтээгдэхүүн өрсөлдөөнд орно. Яг үнэндээ цаасан дээр л буугаагүй болохоос 1990 оноос хойш бид эдийн засгийн хоригт орчихоод л яваад байгаа. Тиймээс гаалийн татварыг буулгах, тэглэх нь Засгийн газрын, Төрийн тэргүүнүүдийн үүрэг юм. Ажил эндээс эхлэх ёстой.

Сүүлийн долоо хоногийн дотор ярихад л дэлхий даяар маш олон үйл явдал болж байна. АНУ-ын Ерөнхийлөгч бизнесийн салбараас гарч ирсэн учраас улс төрөө хоёрдугаарт тавьдаг хүн болов уу. Мөн АНУ эдийн засаг болоод бусад бодлогоор дэлхийд тэргүүлдэг учраас АНУ-ын Ерөнхийлөгчөөс хамаарч бүс нутгуудад эдийн засгийн хөдөлгөөн гарч байгаа. Энэ хөдөлгөөнөөс бид хоцрох ёсгүй. Оролцдоггүй юм гэхэд сонсоод, дүгнэлт гаргах ёстой юм. Дүгнэлтээ яаж гаргаснаас шалтгаалж бид цаашдын оролцоо, бодлогоо гаргах ёстой. Тэгэхгүй бол бид 19-р зууных шиг хөмөрсөн тогоонд буцаад орчихлоо. Хулгана хүртэл саван дотор байвал бие, биенээ хэмлэдэг шиг бид олон нийтийн сүлжээ гэдэг зүйлээр бие, биенээ хэмлэхээс өөр зүйлийг хийж чадахгүй болчихсон. Дэлхий нийтэд болоод буй эдийн засаг болон улстөрийн хөдөлгөөнд идэвхтэй оролцдог Монгол Улсыг бий болгомоор байна. Бид байгалийн баялагтай, мал түүхий эдээ хөгжүүлнэ гэдэг ч хил, гаалийн бодлого одоогийнхоороо байвал бид яаж ч чадахгүй. Том гүрнүүд гаалийн татварыг л онцлон ярьж байна. Энэ татварын бодлого нь хөгжлийн бодлоготой уялдаатай тул бид ч гэсэн хоёр хөршөөсөө эхлэн энэ асуудлыг ярьж эхэлсэн.

Манай газар нутгаар дамжин өнгөрөхөд 1000 гаруйхан км байдаг. Энэ бол том газар нутагтай БНХАУ болон ОХУ-ын хувьд бага тоо юм. 2020 он гэхэд манай хоёр хөрш гадаад худалдааны эргэлтээ 200 тэрбум ам.долларт хүргэх гэж байгаа. Тиймээс бид боломжоо сурталчилж, ажил хэрэг болгох шаардлагатай.

“С1” телевизийн сэтгүүлч Г.Энэбиш: -ОХУ-ын талаас судалгаагаа сайтар гаргаарай гэсэн байна. Мөн БНХАУ-ын удирдагч шинэ цикл эхэллээ гэж хэлсэн. Шинэ цикл гэдгийг та хэрхэн харж байна?

-ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд энэ оны гуравдугаар сард болсон. Нөгөө талдаа БНХАУ-ын дарга дахин сонгогдсон. Монгол Улсад найман жилийн дараа Ерөнхийлөгч нь өөрчлөгдсөн. Үүнийг шинэ цикл гэж нэрлээд байгаа юм болов уу. Ингээд шинэ циклийг идэвхтэй алхам хийж эхлүүлэх нь зүйтэй, үүнийгээ ШХАБ-ын уулзалтын үеэр зарлана гэсэн.

Харин Эдийн засгийн коридор байгуулах судалгаа байдаг. Саяхан манай улсад ирсэн Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченко эдийн засгийн коридор байгуулах төслийг надад өгснийг би ОХУ-ын Ерөнхийлөгчид өөрт нь гардуулсан. Танайхны судалгаа шүү гэсэн баримт болгож өгсөн. Мөн би Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байх хугацаандаа баг, хамт олонтойгоо нийлээд энэ судалгааг хийж байсан. Ямар ч тохиолдолд Сибир, Манжуур зэрэг өөр замаар бараа бүтээгдэхүүн дамжихаас илүүтэй манай улсаар дамжих нь худалдан авагч болоод борлуулагч талдаа ашигтай. Одоо ажлын хэсэг байгуулагдаж хоёр тал хамтарсан судалгаа хийж, маш богино хугацаанд боловсруулаад хоёр улсын Ерөнхийлөгчид судалгаа очих юм.

“Bloomberg TV Mongolia” телевизийн сэтгүүлч Б.Дашням: -Хоёр талын уулзалтуудаар цаашдаа ажил хэрэг болгоод явах ямар асуудлууд яригдсан бэ. Ялангуяа, Энэтхэг, Киргиз, Казакстаны уулзалтын талаар тийм ч их мэдээлэл байхгүй байна.

-Казакстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев улсынхаа Ерөнхийлөгчөөр удаан ажиллаж байгаа. Цаашдаа тогтвортой ажиллах байх. Тус улсын зүгээс хөрш орны харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ хэлсэн. Би түүнд нийслэлээ нүүлгэж байгаа бодлого болоод 100 алхам зэрэг хөтөлбөрийнх нь талаар хэлсэн. Тэд биднийг дээрх туршлагуудаас нь судлах хэрэгтэй гэж байсан. Харин Энэтхэгээс нэг тэрбум ам.доллар авах асуудал Засгийн газрын түвшинд идэвхтэй яригдаж байгаа юм билээ. Кино урлаг, түүхийн салбарт хамтарч ажиллах боломжтой гээд улсдаа урьсан.

“Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч Г.Байгаль: -Монгол болоод БНХАУ нийлээд дэлхийн түүхий ноолуурны зах зээлийн 95 хувийг бүрдүүлдэг гэсэн асуудал мөн уулзалтын үеэр яригдсан. Энэ салбарын цаашдын хамтын ажиллагааг хэрхэн төсөөлж байна вэ?

-Ноолуурын салбар нь Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн нэг. Малчид ноолуураар амьжиргаагаа залгуулдаг. Харамсалтай нь бид ноолуураа бүтээгдэхүүн болгож чадахгүй байгаа. БНХАУ-тай буюу Өвөр Монголтой нийлээд бид дэлхийн ноолуурын 90-95 орчим хувийн түүхий эдийг бүрдүүлж байна. Хятад улс, АНУ-ын худалдааны дайн гэж яригдаад байгаа гаалийн татвартай холбоотой асуудалд оёмол бүтээгдэхүүний татвар нэмэгдэх асуудал яригдаж байгаа юм.

Харин манай улс АНУ-ын Конгресст Монгол Улсын оёмол бүтээгдэхүүн, ноолуурыг татваргүй оруулж өгөөч гэсэн хүсэлт тавиад, тус улсын Конгресст лобби бүлэг байгуулагдсан байгаа. Мөн би АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад захидал бичихдээ энэ асуудлаар дэмжлэг хүссэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Ингээд манай бүтээгдэхүүн АНУ болон Европ руу татваргүй экспортод гардаг болчихвол бид түүхий эдээрээ нэгдэж, нэг бүтээгдэхүүн гаргаад дэлхийд экспортолж болохгүй вэ, гэдэг санаа л явж байгаа юм.

“Bloomberg TV Mongolia” телевизийн сэтгүүлч Б.Дашням: -ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ та терроризмтой тэмцэх асуудлыг хөндөн ярьсан. Бусад улсын Төрийн тэргүүнүүд ч Афганистаны асуудлаар тусламж дэмжлэг үзүүлэх ёстой байр суурийг илэрхийлсэн. Энэ чиглэлд бидэнд хамтарч ажиллах ямар боломж байгаа юм бэ?

-ШХАБ-ын гишүүн орнууд Афганистаныг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Афганистан улс ШХАБ-д элсэх өргөдлөө өгөөд жил гаруйн хугацаа болж байгаа ч ШХАБ-д орох асуудал яригдаагүй байна. Гэсэн ч тус улсад болж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд ШХАБ-ыг улсууд анхаарал хандуулахаа хэлсэн. Харин терроризм гэдэг зүйл манай улсад байхгүй байж болох ч бүс нутагт байгаа тохиолдолд бид хамтарч ажиллах ёстой. Кибер халдлага гэхэд манай улсад хэдийн ороод ирчихсэн. Мөн хар тамхины наймаа зэрэг асуудлаар бид бусад улсаас дэмжлэг тусламж авах ёстой.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдээ төөрүүлж осолдуулахгүй байхыг сэрэмжлүүлэв

ЦЕГ-аас дорхи сэрэмжлүүлгийг албан ёсоор өгч байна. Өнгөрөгч онд эцэг, эх, асран хамгаалагч нь хариуцлага алдсаны улмаас хоёр хүүхэд осгож, таван хүүхэд усанд живж нас барсан харамсалтай хэрэг гарч байсан. Баян-Өлгий, Дорнод аймагт сураггүй алга болсон хүүхдүүдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Энэ сарын 7-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын малчин С-ийн 3 настай хүү Н гэрийнхээ орчим голын эрэг дээрээс сураггүй алга болсныг томилогдсон ажлын хэсгийнхэн эрэн хайж байгаа юм. Мөн 8-ны баасан гарагт Дорнод аймгийн Сэргэлэн суманд нутаглаж буй иргэн Х-ийн охин 2 настай У ээжтэйгээ хамт малын бэлчээрт явж байгаад сураггүй алга болсон гэх дуудлагын дагуу аймгийн цагдаа, онцгой байдлын газар болон холбогдох албаныхан, ар гэрийнхнээс нь бүрдсэн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг хайж байна. Хэрэг гарах үед хүүхдүүд хөдөө хээр харгалзах хүнгүй явж байжээ. Эцэг, эхчүүд үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулах, анхаарал, сэрэмж алдсанаас хүүхэд төөрөх, зүггүйтэн тоглож яваад гол, нуурын усанд живэх зэрэг тэдний амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байна. Иймд эцэг, эхчүүд та бүхэн урин дулааны цагт хүүхдийн хамт гол, нуурын эрэг, уул хадтай газраар аялж, зугаалахдаа тэдний аюулгүй байдлыг сайтар хангах, хөдөө, хээр малын бэлчээрт бага насны хүүхдийг ганцааранг нь явуулахгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс хамгаалахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

​“Хааны Эрэлд- 2018” маргааш эхэлнэ

Манай улс “Хааны Эрэлд” энхийг дэмжих үйл ажиллагааны сургуулийг 2003 онд АНУ -тай хамтарсан сургууль хэлбэрээр эхлүүлсэн. 2006 оноос олон улсын сургууль болон өргөжиж, энэ жил 15 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэхүү олон улсын сургууль нь Монгол Улсын Зэвсэгт хүчин болон олон үндэстний цэргийн алба хаагчдын энхийг хөгжүүлэх, олон улсын болон НҮБ -ын цэргийн алба хаагчдын энхийг дэмжих, хөгжүүлэх зорилготойгоор Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд энэ сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Өнгөрсөн хугацаанд тус сургуульд таван тивийн 52 орны 13800 гаруй цэргийн алба хаагч оролцож энхийг сахиулах ажиллагааны арга туршлагуудаас суралцжээ.

Энэ удаагийн сургуульд Австрали, АНУ, Балба, Бангладеш, Беларусь, Хятад, Өмнөд Солонгос,Турк , Энэтхэг, Бутан, Англи, Индонез, Итали, Казакстан, Камбож, Канад зэрэг 26 улсын 1400 орчим цэргийн алба хаагчид оролцох юм.

Бутан Улсаас цэргийн ажиглагч, Катар Улсаас салааны бүрэлдэхүүн энэ удаагийн сургуульд анх удаа оролцож байна.

Хааны эрэлд 2018 сургуулийн хүрээнд Ротын хээрийн сургууль, Салаадын хээрийн сургууль, Тусгай хүчний, Команд штабын, Усны, Гар хийцийн тэсрэх төхөөрөмжийн эсрэг ажиллагааны сургууль, Энхийг сахиулах ажиллагааны сургагч багшийн дамжаа, Мэдээлэл боловсруулах арга ажиллагааны сургалт, Хүн эмнэлгийн сургалт, Хүмүүнлэгийн ажиллагаа гэх мэт сургалт, дадлагууд явагдана.

Сургуулийн хүрээнд иргэдэд чиглэсэн хүмүүнлэгийн ажиллагааг СХД –т зохион байгуулах бөгөөд олон улсын цэргийн эмч нарын хамтарсан баг тус дүүргийн 4, 7, 24, 26 дугаар хороодын иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөсөн аж.

Б. Алтантуяа Ц. Уянга

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“МУИС ХАКАТОН-2018” уралдааны ялагчид тодорлоо

“МУИС-ийн соёлыг төлөвшүүлье” уриан дор тус сургуулийн оюутнуудын дунд болсон “МУИС Хакатон-2018” уралдааны дүн гарч шилдгүүдээ тодруулав. Уралдаанд оролцсон оюутнууд 48 цагийн турш нэг танхимд байрлан чөлөөт сэтгэлгээ, ур чадвараараа өрсөлдсөн бөгөөд хамгийн шинэлэг санаа дэвшүүлсэн нийт 6 багийг шалгаруулжээ.
Тэргүүн байранд Chat box, дэд байранд Админ оюутан, гутгаар байранд Анги захиалга, Num notification, Ирц бүртгэлийн баг, тусгай байранд S point баг тус тус шалгарлаа. Тэргүүн байр эзэлсэн багт санаагаа хэрэгжүүлэх санхүүжилт буюу 4 сая төгрөг, дэд байрт 2 сая, гутгаар байрт шалгарсан гурван баг тус бүрт нэг сая төгрөг, батламж гардуулав.
Оюун ухаанаа уралдуулж нэг баг болон ажилласан оюутнуудын шинэлэг санааг танилцуулж байна.

Нэгдүгээр байранд “Chat bot” төсөл шалгарч дөрвөн сая төгрөг, хоёрдугаар байранд “Админ оюутан” төсөл хоёр сая төгрөг, удаах байруудад “Ухаалаг ирц бүртгэл”,”NUM Notification”, “Анги захиалга”, “S point” төслийн багууд шалгарч тус тус сая төгрөгний санхүүжилт авсан юм. Нэгдүгээр байрын баг МУИС-ийн программ хангамж, бизнесийн сургууль, хэрэглээний шинжлэх ухаан инжнерчлэлийн сургууль, сэтгүүл зүйн ангийн оюутнуудаас бүрджээ.

Уг төслийн багийн ахлагч Я.Билгүүнээс тодруулга авсан юм.

“Chat pot” нь оюутнууд тулгамдаж буй асуудлын талаар сургалтын албанаас ердөө чат бичэн автомат хариулагчаас хариултаа авах боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр сургалтын алба болон оюутнуудад ямар нэгэн хүндрэл үүсэхгүй, хялбар аргаар асуудлаа шийдэх боломжтой болж байгаа. Мөн “Chat bot”-д бүртгэлтэй оюутнууд сургуультай холбоотой мэдээ мэдээллийг богино хугацаанд чатаар авна. Мөн өөр сургуулиуд ч ашиглах боломжтой гэлээ.

Ц.Уранболор

Categories
мэдээ нийгэм

Тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэхдээ санхүүжилт авна

“Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар уулзалт” гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр тус хөтөлбөрийн болон түншүүдийн 2019-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах дөрвөн салбар хуралдаан болж, хуралдаан тус бүрээс гарсан санал дүгнэлтийг хэлэлцэн, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлж байгаа юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хэлснээр, “Өнөөдөр дэлхий даяар ядуурал, өлсгөлөнг бууруулах нь хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд тогтвортой хөгжлийн зайлшгүй шаардлага болж хөгжиж буй улс орнуудад тохиолдож буй хүн ам, эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор ирэх 30 жилд мал аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ 70 орчим хувиар нэмэгдэх хандлагатай байгаа”. Иймээс дэлхий нийтээрээ мал аж ахуйн салбарын тогтвортой үйлдвэрлэл, өсөлтийг бий болгон түүний байгалийн нөөцийн үр бүтээмжтэй ашиглалтыг дэмжих замаар тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахаар зорьж байна.

Монгол Улсын хувьд нийт газар нутгийн 73.5 хувь буюу 114.9 сая га талбайг хөдөө аж ахуйн эдэлбэр газар эзэлдэг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт ажиллах хүчний 53.9 хувь нь ажиллаж байна. Энэ салбар жилдээ ДНБ-ий 31.2 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд 7.4 их наяд төгрөг эргэлдэж байна. Тэр дундаа 2017 оны байдлаар мал аж ахуйн салбарт 343.7 мянган тонн мах, 891.5 мянган тонн сүү, 29.1 мянган тонн ноос, 9.4 мянган тонн ноолуур, 14 сая ширхэг арьс шир үйлдвэрлэжээ.

Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий гэж олон улс болон дотоодын шинжээчид дүгнэжээ. Монгол Улс жилдээ 26 сая тонн нүүрсхүчлийн хийг ялгаруулж байна. Үүнийг хувиар илэрхийлж, салбараар авч үзвэл, 64 хувийг эрчим хүч, тээврийн салбар, 29 хувийг ХАА, 6,2 хувийг аж үйлдвэрийн салбар ялгаруулж байна гэдгийг Монголын эрдэмтэд тогтоосон. Уг статистикаас харахад, хөдөө аж ахуйн салбар уур амьсгалын өөрчлөлтөд тэргүүлэх үр дагавар үзүүлж байна. Тиймээс малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулж зохистой түвшинд барих нь шаардлагатай гэхчлэн салбар хуралдаанаар хэлэлцэж байна.

Хөгжингүй орнуудын зүгээс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицоход нь зориулж, хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулна гэдгээ тус хурлын үеэр илэрхийлсэн байдаг. Энэ утгаараа уур амьсгалын өөрчлөлтийг даван туулж, улмаар тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэхдээ манай улс дэмжлэг, санхүүжилт авч болох юм байна.

Монголд анх удаа зохион байгуулж буй энэхүү олон улсын уулзалт “Тогтвортой хөгжил-нүүдлийн мал аж ахуй” сэдвийн энэ сарын 15-нд өндөрлөнө. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуй хөтөлбөр хамтран зохион байгуулж байгаа 8 дугаар уулзалтад даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн түнш 34 орны 120 гаруй төлөөлөгчид, бүс нутгийн улсуудын Хөдөө аж ахуйн сайд нар, ХХААХҮЯ болон түүний харьяа мал аж ахуйн асуудал хариуцсан холбогдох албаны хүмүүс, мэргэжлийн холбоодын төлөөлөл зэрэг 200 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Паркын тоглоом эвдэрч гурван хүүхэд бэртжээ

Өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд эргэлддэг пуужин тоглоомыг ажиллуулах явцад эвдрэл үүсч, доош унаснаар гурван хүүхэд гэмтсэн байна. Хүний амь нас эрсдээгүй ч, уг пуужинд сууж байсан хүүхдүүд толгойн тус газраа бэртсэн, гар хөлөндөө хүнд, хөнгөн бэртэл авчээ. Тэдний хоёр нь Гэмтэл согог үндэсний төврүү хүргэгдсэн байна. Хүүхдүүд төрсөн өдрөө тэмдэглэж байсан аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Улаанбаатар хотыг илэрхийлэх шинэ брэнд – Ulaanbaatar city tour bus

Дэлхий дахинд 2017 оны байдлаар нийт 1,2 тэрбум хүн аялж, нийт ажил эрхэлж байгаа 11 хүн тутмын 1 нь уг салбарт ажиллаж байна. Монгол Улсад өнгөрсөн 2017 онд ирсэн гадаадын жуулчдын тоо 471 мянгад хүрч Монгол Улсын эдийн засагт 400 сая ам долларын орлогыг оруулсан байна. Аялал жуулчлал нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэгч салбаруудын нэг бөгөөд манай орны эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, экспорт, хөрөнгө оруулалт, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэн, ажлын байрыг олноор бий болгон дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөх өндөр ач холбогдолтой салбар юм.

Улаанбаатар хот нь гадаадын жуулчдын аялан зочлох, дамжин өнгөрөх гол цэг бөгөөд Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нийт аялагчдын 92 гаруй хувь нь нийслэл хотоор дамждаг. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгох зорилгоор Ulaanbaatar City Tour Bus буюу хотын автобустай аяллын үйлчилгээг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх гэж байна.

Дэлхийн 120 гаруй орны нийслэл болон томоохон хотуудад “Сити-тур” буюу хотын автобустай аялал өөр өөрийн онцлогийг харуулан аялал жуулчлалааа хөгжүүлж байна. “Ulaanbaatar City Tour Bus” нь дотоод гадаадын жуулчдад нийслэлийн болон хот орчмын түүхийн дурсгалт газар, урлаг соёл, музей үзвэрийн газрууд, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг танилцуулна. Ингэснээр гадаадын жуулчдаас гадна нийслэлчүүд болон хөдөө орон нутгийн иргэд маань 379 жилийн түүхтэй нийслэл хотынхоо түүхэн дурсгалт газрууд, хөгжил дэвшилтэй танилцан аялал амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой болж байна.

Categories
мэдээ улс-төр

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргахаар боллоо

Өчигдөр буюу зургаадугаар сарын 12-нд Нийслэлийн прокуророос С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт хязгаарлалт тогтоох /батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих/ хүсэлт ирүүлсэн.

Өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт холбогдох шүүх хурал боллоо.

Шүүхээс прокурорын хүсэлтийг хангаж буюу хязгаарлалт тогтоох /батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих/ шийдвэр гаргалаа.

Categories
мэдээ соёл-урлаг

Уран бүтээлчид ОХУ-ын Улаан-Үд хотноо мэргэжил дээшлүүлнэ

Соёл урлагийн газар, Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газар Монголын соёл урлагийн байгууллагын мэргэжилтэн, уран бүтээлчдийг урт болон богино хугацаанд мэргэжил дээшлүүлэх чиглэлээр ОХУ-ын Улаан-Үд хотноо энэ сарын 08-нд албан айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд Улаан-Үдийн Дорнод Сибирийн Улсын соёлын дээд сургуулийн захирал Перова Елена Юрьевна, Сургалтын бодлого, хүмүүжил хариуцсан проректор, доцент Редько Татьяна Леонидовна, Уран бүтээлийн хэлтсийн проректор, доцент профессор Столбовский Виктор Геннадьевич, Шинжлэх ухааны тэнхимийн проректор, профессор Цыремпилова Ирина Семеновна, Нийгэм соёл, аялал жуулчлалын тэнхимийн декан, профессор Татарова Светлана Петровна нар Монголын соёл урлагийн байгууллагын мэргэжилтэн, уран бүтээлчдийг урт, богино хугацаанд ВСГАКИ-д мэргэжил дээшлүүлэх талаар санал болилцов. Мөн Өвөрхангай аймгийн БСУГ-аас ВСГАКИ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулах асуудлыг хэлэлцэн тохиролцож талууд гарын үсэг зурсан юм.

Айлчлалын бүрэлдэхүүнд Монголын талаас Соёл урлагийн газрын урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Дүрслэх урлаг, дизайны бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Ариунзаяа, Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ж.Пүрэвсүрэн, Соёлын өвийн хэлтсийн дарга Л.Пүрэвлхам, мэргэжилтэн Н.Баярцэнгэл, Хөгжимт драмын театрын дарга Д.Түмэнжаргал нар багтжээ. Энэ үеэр Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрын 22 уран бүтээлч, сумдын соёлын төвийн 18 эрхлэгч нарын соёл урлагийн 48 төлөөлөгч Улаан-Үд хотын Дуурь бүжгийн театр, Орос драмын театр, Буриад драмын театр, Үндэсний төв номын сан, Улаан-Үдийн Дорнод Сибирийн улсын соёлын дээд сургуулийн сургалтын байр танхим, музей, Феникс театрын үйл ажиллагаатай танилцан, туршлага судаллаа гэж Соёл, урлагийн газраас мэдээлэв.