Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

Монгол Улсын 25 болон 28 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг өнөөдөр шүүхээс батлан даалтад гаргахыг шийдвэрлэсэн ч прокурор дахин гомдол гаргаж, түүнийг нь шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж шийдвэрлэлээ.

Ч.Сайханбилэг, С.Баяр, Б.Бадрал нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Уг шүүгчийн захирамжид хуульд заасан эрхийнхээ хүрээнд прокуророос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хүлээн авч хянаад С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамж үндэслэл тодорхойгүй бус гэсэн үндэслэлээр уг шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Иймд С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг тус бүрийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгасан болно.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн

хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Categories
мэдээ нийгэм

Мастикаар авто замын ан цав, хагарлыг засварлаж байна

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас гүйцэтгэж байгаа авто замын нөхөөс, ан цав хагарлыг засварлах ажлын явцтай нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд өчигдөр танилцлаа. Тус газар нь авто замын ан цавыг мастикаар хоёр дахь жилдээ засварлаж байгаа юм. Өнгөрсөн сарын 9-ний өдөр авто замын ан цав, хагарлыг засварлах туршилтын ажлыг Баянзүрх дүүрэг, Зүүн дөрвөн замаас Бөхийн өргөө чиглэлийн авто замд мастикаар хийж гүйцэтгэсэн бөгөөд 2018 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр тухайн газраа эргэж үзлэг хийхэд эвдрэлгүй, үр дүнтэй байсан.

Өмнөх жилүүдэд авто замын ан цав, заадас засварлах ажилд битум хэрэглэдэг байлаа. Битумын дэгдэмхий элментүүд засварын ажил гүйцэтгэсний дараа агаарт их хэмжээгээр дэгдэж ууршин агаарын бохирдол үүсгэдэг байсан. Мөн агаарын температур нэмэгдэн хэт халалт үүсэхэд битум уярч, тээврийн хэрэгслийн дугуйнд наалдан засварын ажлыг үр дүнгүй болгох, зорчих хэсгийг бохирдуулах, замын хэвтээ тэмдэглэгээг хар болгох зэрэг дутагдалтай талууд их байсан юм. Нөгөөтэйгүүр ан цавд битум цутгасны дараа эрдэс нунтгийн хольцтой элсэн хучилт хийх шаардлагатай байдаг бөгөөд хотын авто замын хөдөлгөөний ачаалал их байдаг тул битумд нэвчиж амжаагүй байхад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх шаардлага гардаг. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсний дараа дугуйны эргэлтийн цохилтын нөлөөллөөр гудамж замаар элс тарж, орчныг бохирдуулдаг байсан. Битум нь суналтын бат бэх чанар муу учир өвлийн улиралд тасарч, эвдэрдэг зэрэг олон дутагдал байсан учир шинэлэг, үр ашигтай технологиудыг судалсаны дүнд 2017 оноос эхлэн мастикыг туршиж, үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Мастик нь дээрх бүх хүндрэлтэй талуудыг шийдвэрлэсэн төдийгүй бэхжилтээ авсаны дараа резинлэг шинж чанартай болж тээврийн хэрэгслийн дугуйнд наалддаггүй нь олон давуу талыг агуулж байгаа юм. Тухайлбал авто замын хөдөлгөөнийг удаан хугацаагаар хаах шаардлагагүй ба замын хэвтээ тэмдэглэгээг бохирдуулахгүй зэрэг давуу талууд байна.

Одоогийн байдлаар нийт 18000у/м авто замын ан цав, хагарлыг мастикаар засварлаж ажилласан байна гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Долоо хоногт нийт 408.700 тонн хог хаягдлыг цэвэрлэв

‘’Цэвэрч-Баянзүрх’’ аяны хүрээнд дүүргийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээг 7 хоног бүрийн бямба гаригт тогтмол зохион байгуулж байгаа билээ. Нийтлэг үйлчилгээний газрууд хариуцсан бүсийн нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цэвэрлэгээг өдөр бүр хийж байгаа бол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэд, ААН-үүд ойр орчмын 50 метр газрын хог хаягдлыг цэвэрлэж байгаа юм.

Тухайлбал Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ууд 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 413.205 м.кв талбайн 408.700 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Түүнчлэн зөвшөөрөлгүй наасан 133 ширхэг зар сурталчилгааны хуудсыг хуулж, явган хүний зам болон нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, модны хэлбэржилт тайралт, ногоон байгууламжийг усалгаа, арчилгааг тогтмол хийж байгаа юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өлзийт суманд хэрэгжиж байсан хорио цээрийн дэглэм цуцлагдлаа

2018 оны тавдугаар сарын 7-ны байдлаар Архангай аймгийн Хотонтын сум дамнасан голомт /Хотонт, Өгийнуур/, Ихтамир сум, Өвөрхангай аймгийн Өлзийт, Зүүнбаян-Улаан сум, Төв аймгийн Жаргалант сум гэсэн нийт гурван аймгийн зургаан суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байсан. Тэгвэл гуравдугаар сарын 24-нөөс Өвөрхангай аймгийн Өлзийт суманд хэрэгжсэн хорио цээрийн дэглэмийг цуцаллаа. Ийнхүү шүлхий өвчний тархалт хумигдсаар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс хойш хорио цээр бүхий сумдад өвчлөл нэмэгдээгүй, одоогоор гурван аймгийн таван суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.

Энэ сарын 9-нд ирүүлсэн мэдээгээр бол шүлхий өвчнөөс сэргийлэх 2018 оны хаврын вакцинжуулалт улсын хэмжээнд дунджаар 45 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, нийт 1,7 сая гаруй толгой малыг вакцинжуулаад байгаа бөгөөд вакцинжуулалтын явц Төв аймагт хамгийн өндөр буюу 86 хувь, Архангай аймагт 76 хувь, нийслэлд 74 хувь, Дундговь аймагт 68 хувьтай тус тус явагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцэнэ

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Онцгой байдлын хэлтэс хамтран “Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье-хамтдаа шийдье” зөвлөгөөнийг ОБЕГ-ын харьяа “Онцгой жаргалант” сэргээн засах сувилаллын газарт энэ сарын 11-нд зохион байгуулахаар болжээ.

Дархан цаазат Богдхан уул, Хатан туул гол, эх орны томоохон үндэсний үйлдвэрлэгч байгууллага, аж ахуйн нэгж Хан-Уул дүүрэгт оршдог. Эдгээрийн бүрэн бүтэн байдал, хүний болон байгалийн давагдашгүй хүчин зүйлээс хамааралтай гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, “Онцгой байдлын тухай холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, дүүргийн хэмжээнд гарч буй гамшиг осол, гал түймрийн тоо, хохирлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах, урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэхэд энэхүү зөвлөгөөний зорилго оршиж байгаа аж.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн шат шатны байгууллага, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төлөөлөл зөвлөгөөнөөс зөвлөмж гаргаж, түүнийг нийтээр дагаж, мөрдөн болзошгүй аюулаас амь нас, эрүүл мэндээ хамгаалахад анхаарч ажиллах юм байна.

Зөвлөгөөний үеэр хаврын хуурайшилтын үе буюу тав, зургадугаар саруудад иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Иймд ногоон бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой хээрийн сургалт дадлагыг зөвлөгөөний үеэр зохион байгуулах аж.

Categories
мэдээ цаг-үе

Б.Маргад-Эрдэнэ: “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн тендерт ялсан ч өнөөг хүртэл ажлаа гүйцэтгэж чадахгүй байна

Зүүн хязгаарын газрын тосыг олборлож буй “Петрочайна дачин тамсаг” ХХК дотоодын аж ахуйн нэгжүүдэд ажил олгохгүй байгаа талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа. Тус компани дотоодын аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой нээлттэй сонгон шалгаруулалт зарладаг хэдий ч Хятад компаниудаар ажлаа гүйцэтгүүлдэг гомдол ч яригдаж байна. Тэдний нэг болох тендерт шалгарсан ч гэлээ өнөөг хүртэл ажлаа гүйцэтгэж чадахгүй байгаа “Ти Би Эн Си Транс” ХХК- ийн гүйцэтгэх захирал Б.Маргад-Эрдэнэтэй ярилцлаа.

-“Петрочайна дачин тамсаг” ХХК-иас зарласан тендерт танай компани оролцоод шалгарсан гэсэн. Гэтэл өнөөг хүртэл ажлаа гүйцэтгэж чадахгүй байгаа нь ямар учиртай юм бэ?

-Зүүн бүсэд буюу Дорнодын их талд газрын тос олборлож байгаатай холбогдуулаад тээвэрлэлтийн асуудлыг ярих ёстой. Өнөөдрийн байдлаар тэнд 400 гаруй машин газрын тосны олон улсын тээвэр хийж байна. Гэвч тэдэн дунд дотоодын аж ахуйн нэгжийн эзэмшилд буй нэг ширхэг ч автомашин тээвэр хийж чадахгүй байгаа. Дээрх 400 машин гэдэг бол Хятадын хөрөнгө оруулалттай компанийнх. Тэд 2006 оноос хойш тээвэр хийж байна. Харин өнгөрсөн онд Газрын тосны газраас олон улсын тээвэр хийхдээ тендер зарладаг болох шаардлага тавьсан. Шаардлагын гол утга нь дотоодын компаниудаа оролцуулахад чиглэсэн юм. Ингэхдээ бас “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж санал солилцож байж дээрх шаардлагыг тавьсан байдаг. Үүний дагуу өнгөрсөн онд Монгол Улсын Тамсаг дахь 19 дүгээр талбайгаас “Түүхий газрын тосыг хил дамжуулан тээвэрлэх” А2017F4001 тоот дугаартай сонгон шалгаруулалт хийсэн. Тендер анхнаасаа явцуу хүрээтэй, ямар шатанд яаж явагдах нь тодорхойгүй байлаа. Мөн маш утгагүй заалтууд оруулж ирсэн. Тэр нь юу вэ гэвэл тендерт оролцогч тухайн компани 60 хүртэлх машинтай бол нэг оноо, 99 хүртэл бол хоёр оноо, 100-гаас дээш бол гурван оноо өгнө гэсэн байсан. Гэтэл өнөөдөр Монголд жаран машинтай газрын тосны тээвэр хийдэг компани гэж нэг ч байхгүй. Монголоос оролцсон ганцхан компани болох манайх гэхэд тэдний шалгуурт заасан хамгийн бага буюу 18 машинтай. Оролцоод шалгуурыг нь хангасан боловч дээрх онооноос нэг оноог л авч чадсан.

-Танайхаас бусад нь дандаа Хятадын компаниуд байсан юм уу?

-Тэгэлгүй яахав. Хамгийн багадаа 30 машинтай компани орж байна лээ. Ер нь дээрх сонгон шалгаруулалтыг газрын тосны 19, 20 дугаар талбайд тус тусад нь зохион байгуулсан. Нийт есөн компани тендерт оролцсон. Үндэсний компани гэвэл манайх ганцаараа. Бас нэг Монголд бүртгэлтэй компани бий. Тэр нь Ван гэж өвөр монгол эзэнтэй “Дорнын хөгжил транспорт” гэж компани.

-Танайх уг нь шалгуурыг хангасан гэсэн. Гэтэл яагаад тээврээ хийж болохгүй байна вэ?

-Яг одоогоор манай компани хүлээлгэнд гэсэн байдалтай байна. Нэгэнт сонгон шалгаруулалтын шаардлагыг хангасан тул арай ч хасагдчихаагүй. Тэгсэн мөртлөө хүлээлгэнд буюу нөөцөнд орчихоод ажил гүйцэтгэж чадахгүй байна. Манай урд байгаа 160 машин эвдэрч хэмхрээд хасагдсаар байгаад сая нэг манайд боломж олдож магадгүй. Гэхдээ тэр 160 машин бүгд эвдрээд тээвэр хийж чадахаа болино гэж байхгүй. Ганц нэг машин эвдэрлээ гэхэд дараагийн машинаа гаргаад явуулчихна. Тэр хооронд засвар үйлчилгээ хийгээд өнөөх машинаа буцаагаад оруулаад ирнэ. Ингэхээр нэг ёсондоо манай компани тэнцсэн гэдэг нэртэй ч тээвэр хийж чадахгүй гэсэн үг. Бас нэг асуудал бий. Хууль, эрхзүйн талаасаа олон улсын аюултай ачаа тээврийн “F” зөвшөөрөл гэж байдаг. Тэр зөвшөөрлийг авах гэхээр газрын тос маань өөрөө аюултай ачаа гэсэн ангилалд ордоггүй. Өөрөөр хэлбэл, хуулиар үүнийг зохицуулж өгөөгүй гэсэн үг. Тиймээс дурын гадны компани манай улсын нутаг дэвсгэр дээр тээвэр хийгээд байна.

-Нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэх зөвшөөрөл гэж байдаг биз дээ. Тэр ангилалдаа ордоггүй юм уу?

-Орохгүй. Нефтийн бүтээгдэхүүн гэхээр түлш, шатахуун, моторын тос гэхчлэн ороод явчихдаг. Тэр дунд газрын тос гэсэн нэг ч үг алга. Хэрэв газрын тос тээвэрлэх тусгай зөвшөөрөл гэж олгодог болчихвол дотоодын компаниудад хамаагүй давуу талтай болно. Хуулиндаа л багахан нэмэлт өөрчлөлт оруулчихад болох гээд байгаа юм. -Энэ асуудлаар хууль тогтоогч нарт хандаж үзсэн үү? -Ерөнхийдөө энэ талаар яриад нэлээн хэдэн жил явлаа. Даанч улс төр тогтворгүй болохоор тодорхой үр дүнд хүрч чадахгүй байна. Тээвэр хийнэ гэж зориод тэрбум гаруй төгрөгөөр компанийн дотоод хүчин чадлаа сайжруулчихсан байдаг. Гэтэл өнөөг хүртэл түүнийхээ үр шимийг гаргаж чадахгүй байгаа нь туйлын харамсалтай. Зүгээр л банкинд хадгалчихсан бол ядаж л овоо хэдэн төгрөгийн хүү аваад явчихна. Гэхдээ дотоодын компаниудад боломж олдоно, төр засаг үүнд анхаарал хандуулж зохих шийдвэр гаргаж өгнө гэж найдаж байгаа.

-Уг нь Монгол Улсад зарлаж буй дийлэнх тендерүүд дотоодын давуу эрх тооцно гэж заасан байдаг. Энэ заалт яагаад танайд давуу эрх үүсгэж чадсангүй вэ?

-Уг нь тендерт оролцохдоо үндэсний компанийн хувьд манайх дотоодын давуу эрхээ ашиглах юм байна гэсэн итгэлтэй байлаа. Гэвч үнэн хэрэгтээ дээрх заалтыг авч хэлэлцээгүй. Дотоодын давуу эрхтэй гэх заалтаар монгол компаниудыг тендерт оролцуулах эрх л олгосон. Түүнээс биш давуу эрх гэж тооцоогүй. Ер нь бол манай хоёр улс газрын тосны олборлолтын асуудлаар бүтээгдэхүүн хуваах гэрээтэй байдаг. Энэ гэрээнийхээ дагуу тээвэрлэлтийн тавин хувийг нь Монголын компаниуд авъя л даа. Нийт тээвэрлэлтийн тавин хувийг нь үндэсний компаниудын дунд зарлаад өг. Тэгвэл шударга болно. Тэгэхгүй бол зуу гаруй машинтай, аль хэдийнэ хөл дээрээ зогсчихсон хятад компанитай өрсөлдөнө гэдэг худлаа болоод байгаа юм. Ингээд зогсохгүй бид тендерт оролцсон болохоор 70 мянган ам.доллар дэнчин гээд тавьчихсан байгаа. Бас нэг машиныг хоёр мянган ам.доллараар баталгаажуулалт хийгээд банкинд байршуулчихсан байна. Одоо 100 гаруй мянган ам.доллар хөдөлгөж ч болохгүй банкинд байлгаад л байна.

-Түрүүн та бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлэх талаар ярьсан. Өнөөдөр тэнд бодит байдал дээр дотоодын компаниуд ажилтай байж чадаж байгаа юу?

-Хэцүү дээ, маш цөөхөн компани бий. Туслан гүйцэтгэх ажлын үйлчилгээний ажлын гучин хувийг хийж байж магадгүй. Нийт ажлын гээд яривал арван хувьд ч хүрэхгүй. Уг нь бол гадаадаас ажиллах хүчин авах тухай хууль гэж бий. Тэр хуулиар арван хятад хүн ажиллаж байгаа бол гучин монгол хүн байх ёстой гээд заачихсан. Энэ хуулийг тэнд мөрдөхгүй байна. Дээрх асуудлуудыг төр засгийн зүгээс шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. Мөн тэнд тулгарч буй нэг асуудал бий. Тэр нь ажиллах хүчнийг дотоодоос авахгүй байгаа. Үндэсний компаниудын оролцоог нэмэгдүүлээд өгчих юм бол нутгийн иргэдийг ажлын байраар хангаад явчих бүрэн боломж бий.

А.ДЭЛГЭР

Categories
мэдээ нийгэм

Улаан-Үд хотноо Орос, Монголын бизнес уулзалт болж байна

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газар, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас санаачлан Улаан-Үд хотноо Орос, Монголын бизнес уулзалтыг зохион байгуулж байна.

“Буриад Улс, Монголын Хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэвт уг уулзалтад Монголоос МҮХАҮТ-ын гишүүн бизнесмэнүүдийн төлөөлөл 100 гаруй хүн хүрэлцэн иржээ. ОХУ-аас 80 гаруй компанийн төлөөлөл, мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас уригдан ирсэн бизнесмэнүүд хоёр өдрийн турш хамтран ажиллах чиглэл, арга замуудаа хэлэлцэх юм. Өнөөдөр өглөө эхэлсэн бизнес уулзалтыг Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга И.Н.Зураев нээж үг хэллээ. Монголын төлөөлөгчдийг тэргүүлж буй УИХ-ын гишүүн Н.Оюундарь Монголын хөрөнгө оруулалтын боломжийн талаар хөрш орнуудын бизнес эрхлэгчдэд танилцуулав.

Бизнес уулзалтад Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн зөвлөх О.Эрдэнэчимэг, чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Ганболд нар оролцож, зөвлөх Ц.Ганболд Монголдахь Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур чөлөөт бүсүүдийн хөрөнгө оруулалтын орчин, давуу талуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Энэхүү бизнес уулзалт нь аугаа их ялалтын 73 жилийн ойтой давхцаж нээгдэж байгаагаараа онцлог бөгөөд өчигдөр манай төлөөлөгчид Улаан-Үд хотноо зохион байгуулсан Ялалтын баярын парадыг үзэж сонирхлоо. Н.Оюундарь тэргүүтэй Монголын төлөөлөгчдийг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов хүлээн авч уулзаж Буриад-Монголын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар төсөл”-ийн багийнхантай уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Дэлхийн банкны нэмэлт санхүүжилтын бэлтгэл, хяналт үнэлгээний ажлын хэсгийнхэнтэй өнөөдөр уулзлаа.

Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга С.Мягмаржав, Дэлхийн банкны Хяналт үнэлгээний багийн ахлагч, “Улаанбаатар-Цэвэр агаар төсөл”-ийн Дэлхийн банкин дахь удирдагч Юүнь Вү, Хяналт үнэлгээний багийн гишүүн, Байгал орчны мэргэжилтэн Ёнли Ван, Эрчим хүчний мэргэжилтэн Славяна Георгева нар байлцав.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд төслийн хүрээнд хийгдсэн томоохон ажлууд тухайлбал, 200 айл өрхийн байшин сууцны дулаан алдагдлыг бууруулсан ажлын үр дүн /түүхий нүүрсний хэрэглээ тухайн айлд 50 хувь хүртэлх хувиар буурч, өрхийн төсөвт хэмнэлт гарсан/ ахуйн хэрэглээний болон нам даралтын зуухны стандартыг боловсруулсны үр дүнд 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн бохирдуулагч ихтэй зуухыг үйлдвэрлэх, борлуулахыг хориглох эрх зүйн орчин бүрдсэн тухай зэргийг онцлон тэмдэглэсэн.

Тэрбээр “Хэдийгээр төслийн анхны зорилго өнөөдөр 95 хувиар биелээд байгаа ч нийслэлийн агаарын бохирдлын асуудал нэн тулгамдсан асуудал хэвээр байгаа тул төсөл хэрэгжүүлснээр гарсан үр дүнг бууруулахгүй хадгалах, цар хүрээг тэлэх, агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлхийн тулд төслийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэх хүсэлтийг хүлээн авсанд баяртай байна. Түүнлэн одоо хэрэгжиж байгаа энэхүү төслийн үйл ажиллагаанаас хэмнэгдсэн хөрөнгийг хуваарилж, нэмэлт санхүүжилт олгохдоо нийслэлийн бодлоготой нягт уялдуулан гэр хорооллын сонгогдсон хэсэгт “Дэд бүтцийн төв”-үүдийг байгуулах үйл ажиллагаатай төслийн цар хүрээг холбох, агаарын бохирдлыг бууруулахад нэгдсэн цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх нь зүйтэй” хэмээн онцлон тэмдэглэлээ.

НЗДТГ нь Дэлхийн Банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Улаанбаатар-Цэвэр Агаар” төслийг 2012 оноос хэрэгжүүлж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шөнийн гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна

Шөнийн гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн Ч:29 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/390 дүгээр захирамжаар Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас “Наран плаза” төв хүртэлх 440 метр автозамыг АВТОМАШИНГҮЙ, ШӨНИЙН ГЭРЭЛТ ГУДАМЖ болгосонтой холбогдуулан тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл долоо хоног бүрийн баасан гарагийн 20:00 цагаас даваа гарагийн 04:00 цагийн хооронд тус авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэсэн.

Иймд тус замаар нийтийн тээврийн үйлчилгээний Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал” чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар болсон.

Даваагаас баасан гарагийн 20:00 цагийн хооронд одоо мөрдөгдөж буй замналын дагуу, харин баасан гарагийн 20:00 цагаас эхлэн ням гарагийг дуустал доорх зураглалын дагуу явуулахаар тус тус шийдвэрлэлээ.
Иймд иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Алтан хальс индепендент кино наадам” ирэх сард болно

“Алтан Хальс Индепендент Кино Наадам” ирэх сарын 2-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байна.

Тус кино наадмыг зургаа дахь жилдээ Алтан хальс ТББ-аас зохион байгуулж байгаа бөгөөд олон улсын шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кинонуудыг толилуулах юм байна. Монгол болон гадаадын богино хэмжээний кино өрсөлдөх уралдаант хэсэгтэй аж.

Тус кино наадамд өнгөрсөн жилүүдэд Алтан бөмбөрцөг болон Берлиний кино наадмын дээд шагналт герман найруулагч Фатих Акин, халимаг найруулагч Элла Манжеева, дэлхийн авангард киноны тэргүүлэгч уран бүтээлч Австрийн кино найруулагч Петер Черкасски, Америкийн кино найруулагч Ив Хеллер зэрэг олон улсад нэртэй уран бүтээлч оролцож, бүтээлээ толилуулж байв. Эдгээр уран бүтээлчид кино наадмын шүүгчээр ажиллаж мөн сургалт лекц зохион байгуулсан юм.

Тэгвэл энэ жилийн кино наадамд АНУ-ын найруулагч Оскарт нэр дэвшигч Жордан Робертс, Берлиний кино наадмын шагналт Германы найруулагч Юлиан Радлмайер, Канадын кино найруулагч Кэрол Нюэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны найруулагч Дархад Эрдэнэбулаг, Австралийн Брисбейний олон улсын кино наадмын захирал Максин Уильямсон, Английн Кэмбриджийн кино наадмын продюсер Бернадетт Шрамм, Өмнөд Солонгосын Бусаны олон улсын кино наадмын Азийг хариуцсан хөтөлбөр боловсруулагч Ким Ён Ү нар оролцож киногоо толилуулан, шүүгчээр ажиллахаар болжээ.

Кино наадмын төгсгөлд шүүгчдийн багийн эцсийн шийдвэрийг олон нийтэд зарлан шагнал гардуулах юм байна. Кино наадмын дээд шагнал “Алтан хальс” цомыг 2,000,000 төгрөг дагалдана. Уг шагналыг уралдаанд өрсөлдсөн гадаад, монгол бүтээлүүдээс хамгийн өндөр үнэлгээ авсан кинонд олгох юм. Түүнчлэн хүүрнэлт кино, хүүхэлдэйн кино, баримтат кино болон эскперименталь кино гэсэн дөрвөн төрлийн шилдгийг тодруулж тус тус 500,000 төгрөгөөр шагнах юм байна.

Шагналт монгол бүтээлүүдэд Америкийн томоохон кино наадмын нэг Афины кино наадмын (Academy Award® Qualifying Festival) сонголтын хороонд толилуулах эрх олгодог. Афины кино наадмын шилдгээр шалгарсан бүтээл Америкийн кино академийн дээд шагналд (Оскар) өрсөлдөх эрхтэй болдог ажээ.