Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Америкууд базальтаар автомашины “ослын гупер” бүтээж ашиглаж эхэллээ

“Tesla Motors” компани 100 хувь цахилгаанаар ажилладаг, дундаж орлоготой иргэдэд зориулсан “Model 3” загвараа өнгөрсөн онд танилцуулснаар автомашины салбарын ирээдүйг тодорхойлогч гэдгээ батлан харуулсан юм. Тус загвар өнгөрсөн дөрөвдүгээр сараас АНУ-д албан ёсоор худалдаалагдаж, одоогоор хамгийн их борлуулалттай цахилгаан автомашинаар тодроод байна. Хямд зардалтай, гэр бүлийн зориулалттай “Model 3” загварынх нь эрэлт өндөр байгаатай холбогдуулан автомашины тюнинг буюу эд анги, гадаад үзэмжид нь сайжруулалт хийдэг компаниуд “Tesla”-гийн өмнөх загваруудад шинэчлэл хийж, өдөр тутмын хэрэглээнд ойртуулж эхэлжээ. Тэр дундаа автомашины тюнинг хийдгээрээ алдартай “Larte Design” салон “Model S” загварын эд ангийг сайжруулсан нь худалдан авагчдын эрэлтийг улам нэмэгдүүлэв.

Тус компанийнхан ганц “Tesla”-гийн загварт бус, манай монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг “Тоёота”-гийн болон Infiniti, Range Rover, Lexus, Mercedes зэрэг автомашинуудад зориулсан тюнинг иж бүрдлийг шинээр гаргаж зах зээлд нэвтрүүлжээ. Тэд автомашины урд, хойд гуперт базальт фибер ашигласан нь автомашин үйлдвэрлэгчдийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох шинэ хувьсгал болсныг мэргэжилтнүүд онцоллоо. Базальт фибер буюу чулуун, шилэн хөвөн материалыг ашигласнаар автомашины гупер нь илүү хөнгөн хэрнээ нягтаршил сайтай учир бат бөх, мөн дулаан хүйтэн зэрэг цаг агаарын нөлөөлөлд хэд дахин тэсвэртэй болжээ. Гупер нь ингэж эдэлгээ сайтай, бөх батаас гадна доргилт, чичирхийлэл, гаднын цохилтод илүү тэсвэртэй болсон байна. Базальт фиберээр хийсэн гуперийн энэ шинж чанар, давуу талыг мэргэжлийн шинжээчид автомашины аюулгүйн буюу ослын дэртэй адилтган зүйрлэсэн байна. Ослын дэр нь ослын үед дэлгэгдэж жолооч, зорчигчдыг хамгаалдаг бол, базальтаар хийсэн гупер нь доргилтод илүү тэсвэртэй учир мөргөлт, гаднын цохилт, жижиг ослын үед автомашинаа хамгаална гэж дүгнэсэн байна. Үүнээс гадна базальт фибер нь биеэсээ химийн бодисыг ус, агаарт ялгаруулдаггүй байгаль орчинд ээлтэй гэдгээрээ бас нэгэн давуу тал юм. Сонирхолтой нь, базальт фиберийн эдгээр онцгой шинж чанарыг харгалзан аль хэдийнэ сум нэвтэрдэггүй хамгаалалтын хантаазны үйлдвэрлэлд, мөн агаарын болон сансрын салбарт түгээмэл ашиглаж эхэлжээ. Харин автомашин үйлдвэрлэгчид арай хожуу ч гэсэн гадна арьс, ялангуяа гуперт аюулгүй байдлыг илүү нэмэгдүүлсэн, байгаль орчинд хоргүй, хямд өртөгтэй хэрнээ бөх бат чанартай базальт фиберийг ашиглаж эхэлснээ онцгой үйл явдалд тооцож байгаа юм.

“Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өмнөө гурван том зорилт тавьснаа дэлхий нийтэд зарласан. Нэгд хүн төрөлхтөнийг байгаль орчинд ээлтэй, аюулгүй автомашинаар хангах, хоёрт нарны эрчим хүчний хэрэглээнд оруулах, гуравт ангараг гаригийг эзэмших гэж өгүүлсэн байдаг. Тэгвэл бензинийн хэрэглээ “0”, цахилгаан хөдөлгүүрт автомашиныхаа их биед базальт фибер ашигласнаар аюулгүй, байгаль орчинд ээлтэй машинаар хүн төрөлтнийг хангах эхний зорилго нь биелж эхэлсэн тухай дэлхийн хэвлэлийн агентлагууд онцолж бичиж байна.

Айпоне /iphone/ утас анх Америкт гараад өнөөдөр дэлхийг бүрхсэнтэй адил америкуудын базальтаар бүтээж, хэрэглэж эхэлсэн “Ослын гупер” удахгүй дэхийн олон оронд, тэр дундаа Монголын хэрэглээнд удахгүй нэвтрэх нь дамжиггүй юм. Учир нь Монгол орны эрс тэс уур амьсгалаас гадна, жолооч нарын замын хөдөлгөөний “соёл”-оос хамааран манай улсад хамгийн их гэмтэлд өртдөг автомашины эд анги бол гупер юм. Дээр нь манай улс базальттай, “Монгол базальт” гэж үндэсний компанитайгаас гадна зөвхөн кузов засварын хэдэн зуун засварын газартай, засварчидтай билээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу маргааш бүх нийтээрээ мод тарина

Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр гарсан байдаг.

Зарлигт дурдсанаар:

Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгож зарласан бөгөөд энэ өдөр маргааш буюу 2018 оны тавдугаар сарын 11-ний өдөр тохиож байна.

Дээрх зарлиг гарснаас хойш буюу 2010-2017 оны хооронд 16 удаагийн бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулсан бөгөөд нийт 1 сая 270 мянга гаруй иргэн 68.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож 10.5 сая мод тарьсан байна. Тарьсан моддоос 7.8 сая нь ургаж, амьдралын хувь нь 75 хувьд хүрчээ.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны Мод тарих үндэсний өдөр зарлах тухай зарлигт дурдсанчлан бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт уриалж байна.

Нийслэлийн 34-р сургуулийн гадна 2017 онд тарьсан модод.
“АСЕМ” цогцолборын гадна
Тасганы овоо, Гэсэр сүмийн хойно
Хуримын ордны урд

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томиллоо

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр “Захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” захирамж гаргаж, “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очирыг чөлөөлж, оронд нь Д.Тэрбишдагва гишүүнийг томиллоо.

Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд, М.Оюунчимэг нарыг нэмж томилохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-нд гаргасан захирамжийн дагуу “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажиллаж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 11-нд болох үйл явдал

09.00 цагт Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн салбарын албан хаагчид суулт зарлана.Утас: 99733431

09.00 цагт “Туушин” зочид буудалд “Төсвийн шууд захирагчдын санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх нь” зөвлөгөөн болно.

09.00 цагт МУИС-ийн Номын санд “Нягтлан бодох бүртгэл, аудит ба үнэлгээ“олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт БСШУСЯ-д Болсовсрол, соёл, шинжлэх ухааны салбарт жендерийн талаар баримтлах бодлогыг танилцуулна.

11.00 цагт Улаанбаатар чуулгын байранд “Инновацийн үзэсгэлэн 2018” болно.

11.00 цагт ТЕГ-т “Татвар төлөгчдийн өдрүүд” арга хэмжээний хаалтын үйл ажиллагаа болно.

11.00 цагт Ялалтын талбайд нийслэлийн хороодын дунд Гамшгаас хамгаалах буухиа тэмцээн болно.

11.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Бяцхан зорчигч” аяны нээлт болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Хумс, сормуус урлалын олон улсын аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд Монгол дахь Энэтхэгийн соёлын төвөөс “Хүүхдийн хөгжлийн төлөө” сайн үйлсийн арга хэмжээ зохион байгуулна. Утас:89448090

12.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт ОХУ-ын Элчин сайдын яам, “Новости Монголии” сонин хамтран зохион байгуулсан зохион бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно.

12.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Архангай аймагт болох Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

13.00 цагт Гэрлэх ёслолын ордонд “Бид нэг гэр бүл” өдөрлөг болно.

15.00 цагт Вьетнам улсын Ханой хотын Намын хорооны төлөөлөгчид Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуультай танилцана.

15.00 цагт УИД-т “Монголын экспортын шилдэг бүтээгдэхүүний экспо” болно. Утас: 99088028

20.00 цагт “Гэрэлт гудамж”-ны 2018 оны зуны нээлтийн үйл ажиллагаа болно. 325044, 88080750, 91113191

Categories
мэдээ цаг-үе

Гавьяат багш, нэрт хөгжмийн зохиолч Л.Галмандахын охин Г.Тунгалаг: Аав минь хүүхэд шиг дэврүүн цайлган хүн байлаа

Монголын хүүхдийн дууны нэрт мастер, Монгол Улсын гавьяат багш, хөгжмийн зохиолч Лувсанцэрэнгийн Галмандахын охин Г.Тунгалагтай ярилцлаа. Л.Галмандах багш нийслэлийн Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуульд 30 гаруй жил багшилсан бөгөөд гавьяат жүжигчин Т.Ариунаагаас аваад олон авьяаслаг шавьтай билээ. Түүний “Зуун зууны ерөөл”, “Үерхэл чамайгаа нандигнана”, “Торойсоор үлддэг миний ээжий”, “Сурагчийн жилүүд”, “Арван зургаан нас”, “Бага насаа хайрлаж явъя”, “Төгсөх сурагчийн уянга” болон “Могжоохон даагатай Жогжоохон хүү”, “Дэлдэн чихэр”, “Үлгэрийн бүжин” гээд зуу зуун дууг хүүхэд багачууд дуулж, түүний сэтгэлээс гарсан гэгээлэг аялгуунд хүүхэд бүр хөглөгдөн өсч хүмүүжсэн байдаг.


-Аавынхаа тухай дурсамжаас хуваалцаач. Таны аав хувь хүнийхээ хувьд ямар хүн байв?

-Би аавынхаа тухай дурсах маш дуртай. Яагаад гэвэл миний аав Монголын мянга, мянган хүүхдүүдийг дуу хөгжмөөрөө хүмүүжүүлж, төлөвшүүлж ирсэн хүн. Тиймээс үр хүүхдүүдийнхээ болон олон мянган шавь нарынхаа бахархал болсон эрхэм хүн. 1970-1980-аад оны эхээр аавын минь алдартай сайхан бүтээлүүд жинхэнэ туурвигдаж байлаа. Тухайн үеийн хүүхдүүд ерөөсөө л Галмандахын хөгжмөөр өсөж, хүмүүжсэн байдаг. Хүмүүс аавыг хүүхэд шиг гэж тодорхойлдог. Үнэхээр тийм. Аав минь жижигхэн юманд баярладаг, жоохон юманд гуниглачихдаг. Дэврүүн сэтгэлтэй цайлган хүн байсан. Инээмсэглэл нь тухайн хүнийг илэрхийлдэг гэж би боддог. Аав хөөрхөн инээдэг байлаа. Яг л хүүхэд шиг мөн чанартай, хүүхдүүддээ их зөөлөн хандана. Биднийг багад аав, би дөрвөн ханатай гэртэй, дөрвөн сайхан хүүхэдтэй, дөрвөн уулынхаа дунд сайхан амьдардаг гэж шүлэглэдэг байлаа. Өөрөө аялгуу зохиохоос гадна, шүлэг бичнэ, шүлэглэж ярина, зарим дууныхаа шүлгийг ч өөрөө бичсэн байдаг. Бид хоёр, хоёр насны зөрүүтэй тэрсхэн болохоор багадаа үймүүлээд, гэрээ буулгах шахна. Ээж “Галаа хүүхдүүддээ юм хэлээч ээ, гэр орноо буулгалаа” гэхээр аав юу ч хэлэхгүй, үймүүлж байгаад нь харин ч дуртай байрын сууж байна. Өөрөө их амгалан хүн болохоор аав хүүхэд юу гэж гэртээ номхон сууж байх юм бэ, яадаг юм сахилгагүйтэж байг, ингэж байж өсөж хөгжинө гэх философитой байлаа. Тэгэхээр ээж би л загнаж, зэмлээд л муу хүн болдог гэнэ. Аав их юм ярихгүй, ярихаараа цөөхөн хэрнээ даацтай хэдэн үг хэлнэ, тийм л эр хүн.

-Харин таны ээжийн тухайд?

-Би айлын эхнэр хүүхдийн ээж болсныхоо дараа өөрийнхөө ээжийг их тэвчээртэй байжээ гэж боддог болсон. Ээж маань их сайхан эмэгтэй, тухайн үед аавтай мөр зэрэгцээд уран бүтээл хийж байсан яруу найрагчид хөгжмийн зохиолчид ээжийн тухай их сайхан дурсамж хэлдэг. Өндөр нуруутай, цайвар царайтай, цагаан шүдтэй их сайхан эмэгтэй гэж ярьдаг байлаа. Мөн ээжийг минь сайхан эмэгтэй гэж илтгэх гол чанар нь амгалан байдал нь. Ээж маань их амгалан тайван хүн. Аав урлагийн хүн учраас барагтай гэрийн бараа харахгүй, аав минь 53-хан наслахдаа ерөөсөө л хүүхдийн төлөө бүх амьдралаа зориулсан хүн. Ар гэрийн амьдралаа ээж авч явдаг байлаа. Ээж худалдааны байгууллагад олон жил ажилласан, нягтлан, худалдагч зэрэг ажил эрхэлж байсан. Аавын баттай ар тал байсан юм. Ээж минь тийм сайхан хань, сайн ар тал нь байсан учраас ааваас минь олон сайхан аялгуу төржээ гэж ээжээрээ маш их бахархдаг. Олон хүнтэй харилцаж ажилладаг учраас ааваар минь ажлаа бүтээлгэчихээд л зарим хүмүүс архи хармаалуулаад явуулчих ч үе байлаа. Гэтэл ард нь дөрвөн хүүхэд, эхнэр нь амьдрах гээд зүтгэж байдаг. Гэхдээ азаар аав ээж минь барагтай хэрүүл хийж, маргаж байгаагүй. Бидний хүмүүжилд сөргөөр нөлөөлж байсангүй.


Л.Галмандахын гэр бүл

-Таны аав хэзээнээс бүтээлээ туурвисан юм бол. Уран бүтээлүүд нь төрсөн түүхүүд бас сонин байх?

-Дуу болгон нь гайхалтай түүхтэй. Өөрөө ч дууны тухай гайхалтай түүхүүдийг бичиж үлдээсэн байдаг. Загдын Түмэнжаргал найрагчийн уран бүтээлийн болон амьдралын хамгийн дотно анд аав байлаа. Түмэнжаргал ахын эхнэр Тунгалаг эгч “Бага насаа хайрлаж яваарай” дууны түүхийг надад ярьж өгсөн. Түмээ ах аав хоёр Багануурт билүү, Налайхад хүүхдийн зусланд ажиллачихаад, хүүхэд нас гэдэг чинь ямар гоё цагаахан цайлган, ямар гоё ертөнц байна аа гэсэн бодол төрөөд, шүлгээ бичиж, энэ тухайгаа шүлэг бичснийгээ аавд утсаар хэлээд, шүлгээ уншиж өгөхөд л аав тэр дор нь аялгууг нь хийчихсэн гэж байгаа юм. Хүүхдийг хүүхэд чигээр нь хайрлая гэсэн мундаг философитой дуу. Найман наснаас ухаан ургуулж, нандин эрдэнийн түлхүүр атгуулж, ардын багштай учруулж өгсөн ачтан гэвэл сургууль минь байна гээд “Зуун зууны ерөөл” гэж дуу бас бага дүүд зориулсан гоё түүхтэй. Бид эцэг эхээсээ дөрвүүлээ, харамсалтай нь хамгийн том эгч маань 18 настайдаа бурхан болсон. Ээж хамгийн бага хүүхдээ төрүүлж байхад аав эзгүй ажилтай гээд явчихсан, ээж жаахан гомдсон байж. Гэтэл аав хань нь хүүдээ зориулж шинэ уран бүтээл хийлээ гээд “Зуун зууны ерөөл өргөе” гэдэг дуутай орж ирсэн гэдэг. Бага дүү Г.Баттулга маань Буриадын Улаан-Үд хотод Дорнод Сибирийн академийг төгсөөд, Байкал чуулгад уран сайхны удирдаачаар ажилладаг Буриадын төрийн соёрхол хүртсэн залуу бий. Яг аавынхаа уран бүтээлийг залгуулж яваа бидний бахархал болсон мундаг дүү маань байгаа юм.

-Хүүхэд шиг дэврүүн цайлган сэтгэлтэй, цалгисан их авьяастай Л.Галмандах гэж хүн бие болоход өссөн нутаг ус, төрүүлсэн эцэг эх, багын хүмүүжил гээд олон зүйл чухал нөлөөтэй байх. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хүн юм билээ. Удмынх нь тухай ярьж өгөөч?

-Хүний гень гэдэг агуу зүйл. Аав Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Байц хэмээх газар төрсөн. Хэнтий аймаг бол эзэн Чингис хааны өлгийн нутаг, их сайхан нутаг. Тэр ч утгаараа Өмнөдэлгэр сумаас Монголын маш олон алдартай дуучид уран бүтээлчид мэндэлсэн байдаг. МУГЖ Г.Эрдэнэбат, Чингис хаан хамтлагийн Л.Жаргалсайхан гэх мэт. Мөн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ энэ нутгийнх. Хөгжмийн зохиолч Шарав гуай хүртэл Хэнтий аймгийнх. Аавын маань удам судар их алдартай хүмүүс байлаа. Лувсанцэрэн гэж өвөө маань Хэнтий аймагт байдаг халхын утаа гүмбэн гэж нэрлэгддэг Балданбэрээвэн хийдийн гавж лам байсан. Өвөө Маарамба буюу эмчилгээний арга барилаараа нутаг усандаа ихэд алдаршсан байдаг. Аав эхээс 11-үүлээ, айлын том нь. Хамгийн их эрдэм номын мөр хөөсөн нь. Аав долдугаар ангид байхдаа хөгжимд ихэд дурлаж, хүүхдийн баян хуур гуйж хаяа тоглодог байж, өвөө маань нэг том эр үхрээ зараад, баяан хөгжмийг авч өгсөн гэдэг. Жаахнаасаа бүрээ үлээдэг байсан тул ардын цэргийн 122 дугаар ангид цэргийн үлээвэр хөгжимчнөөр алба хааж, ирээд Улсын багшийн их сургуулийн хөгжмийн багшийн ангид суралцаж төгссөн түүхтэй. Төгсөөд 52 дугаар сургуульдаа ажиллаж эхлээд амьдралынхаа 30 гаруй жилийг яг тэр сургуульдаа өнгөрүүлсэн. Аав маш эмх цэгцтэй, нямбай тул одоо хадгалагдан үлдсэн хэдэн арван хавтас уран бүтээл нь цэгцтэй өрөөстэй байдаг. Дууны үг, ая зохиохоос гадна, маш олон шүүмж, судлал, нэвтрүүлэг нийтлэл туурвидаг байсан. Аавын хамгийн дуртай шагнал нь радио телевизийн тэргүүний ажилтан тэмдэг. Монголын радио телевизэд маш олон нэвтрүүлгийг хөтөлснөөрөө бахархдаг байсан.

-Энэ жил аавын тань 65 насны ой тохиож байгаа юм билээ. Ойн үеэр нь юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Загдын Түмэнжаргал ах, аав хоёр нас чацуу. Төрсөн сараараа чи бацаан ш дээ гээд л бие биенээрээ тоглоно. Бид 2016 онд Галмандах сан гэж байгуулсан юм. Монголын түүхэнд 500 гаруй хүүхдийн дууны ая бичиж үлдээсэн хүн миний ааваас өөр байхгүй байх. Шилмэл 150,160 дуутай ном гаргана. Аавын дуу бүрийнх нь аялгуу маш амттай санагддаг. Олон улсын хүүхдийн баярын өмнөхөн хоёр том цомог, номтой гаргахаар ажиллаж байна. Дүүгээ ирж редакторлаарай гээд дуудаад л байгаа. Би өөрөө бас урлагийн хүний ар тал, миний хань Н.Ашид гэж Морин хуурын чуулгад 20 гаруй жил ажиллаж байгаа сайхан уран бүтээлч хүн бий. Дэлхийн 40-өөд орноор уран бүтээлээ толилуулсан, улс орноо дэлхийд сурталчилж яваа тийм уран бүтээлч байгаа юм. Нөхөртэйгөө найзалж байхдаа ээжийг нь Дорнодын буриад гэж сонсоод, гэртээ ирээд “Аав аа буриад хүмүүс ямар хүмүүс байдаг юм бэ” гэж асуусан, тэгэхэд аав инээвхийлээд л царай төрхийг нь дүрслээд, “Их мундаг авьяастай хүмүүс байдаг юм” гэж байсан. Урлагийн хүнтэй ханилах хэцүү гээд ээж жаахан дургүй, аав бол дуртайвтар инээмсэглээд л чимээгүй л байдаг байлаа. Харин би сэтгүүлч мэргэжилтэй, “Гэр гэртээ тогооч” гэж сэтгүүлийг байгуулаад 16 жил тасралтгүй гаргаж байна. Аавынхаа 65 насны ойд зориулсан төслийнхөө хүрээнд ирэх намар хүүхдийн дуунуудаас нь бүрдсэн тоглолт хийе гэж бодож байгаа. Мөн 100 гаруй нийтийн дуу бий, “Цэцгэнд төөрсөн эрвээхий”, “Дуулахын заяа зүрхэнд”, “Аав л ээж л хоёр минь”, “Насны хань” гээд сайхан дуунуудыг нь бид нар орхигдуулж болохгүй учраас насанд хүрэгчдэд зориулсан тоглолтыг нь тусдаа гаргах бодол бий. Мөн радиод бэлтгэж хийж байсан олон сайхан хүүхдийн дууны нэвтрүүлгүүдийг сэргээнэ. Галмандах багшийн дууны уралдааныг хүүхдүүдийн дунд зарлахаар төлөвлөөд байгаа. Хүүхдийн дууны хөгжил аль түвшинд байна, юу болчихов гэх асуудал бий. Гэхдээ түүнээс гадна Галмандахын олон сайхан аялгууг Монголын хүүхдүүд битгий мартаасай, үеийн үед дуулаасай, дурсч яваг гэж боддог. Яагаад гэхээр асар их хүмүүжил төлөвшил, сэтгэлгээний ач холбогдолтой бүтээлүүд шүү дээ.

-Таны аав хүүхдүүдээ ийм мэргэжилтэй бол гэх мэтээр хэр зөвлөж байв?

-Аав хүүхдүүдээ ерөөсөө хүчлэхгүй. Гэхдээ би банкинд ажилладаг хүн болно гээд шалгалт өгөөд уначихсан юм. Гэтэл аав хөтөлж аваачаад сэтгүүлчийн ангид оруулчихсан. Сэтгүүлч гэдэг бол өдөр болгон өөр, өөр хүнтэй уулзаж ярилцдаг, тал талын мэдлэгтэй, мэргэжилтэй болдог. Сэтгүүлч хүн ямар ч салбарт ажиллах чадвартай болж байдаг, аппаратаа үүрээд өөрөө зургаа авчихна, ямар ч хүнтэй сайхан яриа өрнүүлчихнэ. Утга, уран зохиолын маш олон чадварыг эзэмших болдог, хэлний өндөр түвшний мэдлэгтэй бол бүр давуу тал болно. Тэгэхээр аав минь үүнийг мэдээд их гоё мэргэжил эзэмшүүлж гэж боддог.

Л.Галмандах багш шавь нарын хамт

-Та нэг удаа аавын минь дуунуудаас сурах бичигт оруулаагүй байдаг юм байна гэж ярьсан байна лээ. Уг нь Түмэнжаргалын, Галмандахын дууг давах хүүхдийн дуу сүүлийн үед гараагүй байлтай шүү дээ?

-Хүүхэд, хүүхдийн насны онцлогт тохирсон үг, аялгуу их чухал юм байна. Орчин цагийн зарим дуунууд яг хүүхдийн философи, үйл хөдлөл, онцлогт тохироогүй байдаг. Интернэт хөгжөөд орчин цагт хүүхдүүд англи дуу сонсож өсч байна. Яагаад гоё аялгуутай, хүмүүжлийн ач холбогдолтой монгол дуунуудыг орчин цагийн хүүхдүүдийн онцлогт тохируулаад гаргаж болохгүй гэж. Ганцхан манай аавынхыг оруул гэж байгаа юм биш. Өөр ч хуучны сайхан хүүхдийн дуунууд бий. “Мөнгөн хонхны дуу” гээд хүүхдийн шилдэг дуунуудын 3 боть сайхан ном ч бий. Манай урлаг соёлын судалгааны тал орхигдсон юм шиг санагддаг. Дуу хөгжмөөр хүмүүжүүлэх урлагийн боловсрол юу болж байгаа юм бол. Бага ангийн сурах бичигт аавын дуу байдаггүй юм байна лээ. Гайхсан шүү.

-Хүүхдийн баяр танай гэр бүлийн хувьд чухал баяр биз?

-Аав маань есдүгээр сарын 1-н, зургадугаар сарын 1-нд гэртээ байхгүй, үргэлж тоглолттой байна. Нийтдээ 10 ширхэг жижгэвтэр ном гаргасан байдаг. Номууддаа бидний нэрийг оруулж, бүтээл хийж баярлуулдаг байсан. Аав биднийг зодох байтугай загнахгүй, муухай харахгүй, аавын хувьд муу хүн гэж байхгүй. Шавь нар нь толгой дээр нь суух нь уу гэлтэй, үймүүлж байхад юу ч хэлэхгүй “За тоглоё, дуулъя” гээд л хөгжимдөөд эхэлнэ. Хүнийг муулах занд их дургүй. Хэнийг ч битгий муулж бай гэдэг. Аливаа зүйлийн гэрэл гэгээтэй, хамгийн сайхан талыг нь л хардаг гэгээлэг хүн байлаа.

-Олон найзтай биз?

-Яруу найрагчид, хамт ажиллагсадтайгаа найз. Цэвэрлэгчтэйгээ, жижүүртэйгээ, бүх хүнтэй найз.

-Таны ээж хаанахын хүн бэ?

-Ээж баруун хязгаар ховд аймгийн Дарви сумын гаралттай Д.Рэгзэдмаа гэж хүн. Харин аав маань Зүүн хязгаарынх. Аав “Та нар бол Монголын баруун, зүүн хязгаараас төрсөн жинхэнэ оргиналь цусны хүүхдүүд шүү” гэдэг байсан. Ээжид зориулж “Гангар цагаан сутай” гээд ээжийн нутгийн тухай дуу хийсэн. Аавын минь том бахархал бол 1980-аад оны эхээр бага ангийн хүүхдүүдийнхээ дунд би би гэж чуулга, дунд ангийнхны дунд Оддын ирээдүй, ахлах ангийнхны дунд Нарны дуулал хамтлагтай байсан. Энэ хамтлагуудаар дамжин олон сайхан уран бүтээлчид төрөн гарсан байдаг. Үеийн үед хамтлагт нь дуулж хөгжимдөж, ааваар минь урлагийн хичээл заалгаж байсан олон шавь бий. Шавь нар нь сангийн маань үйл ажиллагаанд оролцоод, өөр өөрийнхөө чадах зүйлээрээ тусалж дэмжвэл бид баяртай байх болно.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Тэмүүлэн: Амьдралд дахиж ийм боломж олдохгүй гээд “Яг түүн шиг” шоунд оролцохоор шийдсэн

Боловсрол телевизээс зохион байгуулдаг “Яг түүн шиг 2018” шоу энэ сарын 6-наас үзэгчдэд хүрч эхлэх гэж байна. Гурав дахь жилдээ зохиогдож байгаа уг шоуны оролцогч, “A-sound” хамтлагийн ахлагч, дуучин Ц.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-“Яг түүн шиг” шоунд оролцох санал тавихад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Эхлээд шууд “Тийм, үгүй” гэж хэлэхэд хэцүү байсан. Эргэлзээтэй. Тэгээд гэр бүлийнхэн болон найз нөхдөөсөө асууж, зөвлөлдсөн. Тэдний маань бараг 90-ээд хувь нь “Шоунд ор” гэж зөвлөсөн. Ингээд л бодож бодож байгаад оръё гэж шийдсэн.

-Шоунд орох шийдвэрээ гаргах мөчид юу бодогдов. Өөрийгөө ялж байгаагаар төсөөлж чадсан уу. Өнгөрсөн жилийн хувьд жүжигчин Т.Бархүү үнэхээр чадварлаг байж, гайхалтай нүүр, дүр хувиргалтыг гаргаж ялалт байгуулсан шүү дээ?

-Шийдээ хэлэнгүүтээ л “За байз, би чинь ямар хүмүүстэй өрсөлдөх билээ. Хэн хэн оролцож байгаа бол” гэж бодсон шүү. Түрүү жилийнх дээр Т.Бархүү үнэхээр шуугиулж чадсан. Хэрвээ тийм хүмүүс ороод ирвэл надад боломж байх уу, үгүй юу гээд л эхлээд эргэлзээтэй зүйлүүдийг тооцоолсон л доо. Гэсэн ч эргэн тойрныхон маань намайг энэ шоунд орох шийдвэр гаргахад хамгийн их нөлөөлсөн гэх үү дээ.

-Оролцогч бүр өөрийн гэсэн давуу талтай. Таны хувьд дуучин хүн болохоор дуулалт болоод хэлний мэдлэгийн тал дээр асуудал гарахгүй байх. Та дүр гаргаж, жүжиглэхдээ хэр вэ?

-За даа, наадах чинь л хамгийн хэцүү нь. Би дуу дуулдаг хүн. Янз бүрийн ковер, гадаад дуу дуулдаг. Тэр нь миний давуу тал болно. Дуулалтын тал дээр гайгүй байх. Харин жүжиглэлт, бүжиг бол бараг амьдралдаа хийж үзээгүй зүйл гэж хэлж болно. Гэхдээ за яадаг юм, залуу байгаа дээрээ өөрийгөө сорьё, дараа нь үзэхэд ч дурсамжтай. Амьдралд дахиж ийм боломж олдохгүй байлгүй. Нэг удаагийн ийм завшааныг алдаад яах вэ гэж бодсон болохоор ямар ч байсан жүжиглэлт, бүжиг дээрээ хамаг хүчээ зориулна.

-Эрэгтэй оролцогчдод эмэгтэй дүр таарвал илүү оноо аваад байх шиг байдаг шүү. Ийм дүр таарвал яах бол?

-Эмэгтэй хүний дүрд хувилна гэдэг хэцүү. Жүжигчин хүний хувьд өмнө нь эмэгтэй дүр бүтээж байсан бол илүү ойрхон байж магадгүй. Миний хувьд айж байсан зүйл бол эмэгтэй хүний дүрд ороод бүжиглэнэ гэдэг том даваа. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг дээ. Нэгэнт орсон юм чинь өөрийгөө сорьж үзнэ ээ.

-Өнөө жилийн оролцогчдын хувьд насны хувьд ойролцоо шижигнэсэн залуус байна. Жинхэнэ гал гарсан өрсөлдөөн гарах байх гэж таамаглаж байна?

-Тийм шүү. Биднийг уулзуулахад заримыг нь зүс мэдэхээс сайн таньдаггүй хүмүүс байсан л даа. Жүжигчин Тэмка (“Эмоци” хамтлагийн жүжигчин О.Тэмүүжинийг хэлэв.сурв)-г хараад “За энэ хамгийн хүчтэй өрсөлдөгч юм байна” гэж бодсон. Бас дуучин, ая зохиогч Б.Нацагдорж, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа гэж хүчтэй өрсөлдөгч байна. Загвар өмсөгчдийн хувьд дуулалтыг нь сайн мэдэхгүй юм чинь таамаглах аргагүй байсан. Тэмкаг л хамгийн мундаг өрсөлдөгч юм даа гэж бодсон. Дуулдаг, бүжиглэдэг, жүжиглэдэг. Бүх шид нь бүрэлдчихсэн хүн.

Энэ шоу үзэгчдэд нэлээн удаан хугацааны туршид хүрдэг. Хэдийгээр өрсөлдөөн явж байгаа ч бид нэг баг болж чадаж байгаа. Өрсөлдөх ёстой ч хүмүүст сонирхолтой, сонин шоу үзүүлэх нь л хамгийн чухал.

-“Яг түүн шиг” монголчуудын тэсэн ядан хүлээдэг шоу болжээ?

-Намайг энэ шоунд оролцох, өрсөлдөж чадах оролцогч гэж урьсан “Боловсрол” телевизийн хамт олондоо баярлалаа. Үзэгчдэд хэлэхэд, миний хувьд хийж үзээгүй юмнуудаа хийж үзэж, маш их зориг гаргаж байгаа. Төдий чинээгээрээ сонирхолтой байх болов уу. Чадах чинээгээрээ хичээж байгаа болохоор уйтгартай байна гэж байхгүй гэдэгт итгэлтэй байна.

-Шоуны нүүр хувиргалт гэж нүсэр ажил байдаг юм шиг байна билээ?

-Их хэцүү юм билээ. Ганц хиймэл хумс хийхэд л асар их ажиллагаа ордог юм билээ. Би шоуны үеэр сахлаа хусуулах шаардлага гарсан л даа. Сахлаа ерөөсөө хусч байгаагүй. Сахлаа хуссан минь маш том золиос болсон (инээв). Тэрнээс болж бараг л “Энэ шоунд дэмий ч оров уу” гэж эргэлзсэн шүү. Одоогоос 11, 12 жилийн өмнө сахлаа нэг удаа авч байсан байх. Тэрнээс хойш сахландаа гар хүрээгүй байсан юм. Сахлаа авахуулсан чинь өөрийгөө танихгүй шахуу юм болсон шүү (инээв).

-Танай “A-sound” хамтлагаар сонин сайхан юутай. Шинэ уран бүтээл хийхгүй нэлээд удчихав уу даа?

-Манай хамтлаг шинэ цомог гаргаагүй удчихлаа. Дөрөв, таван жил болчихож. Саяхан шинэ цомгийнхоо ажилд орж эхний хоёр дуугаа цацаад эхэлчихлээ. Өнөө жилдээ багтаад найман дуутай шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа. Дуунууд маань бэлэн болчихсон ч эцэслэж хийгээгүй байна. Дундуур нь би энэ шоунд ороод цомгийн ажил түр завсарлачихаад байна.

-Таныг эмч мэргэжилтэй гэж сонссон?

-Би 2007 онд Анагаах ухааны их сургуулийг төгссөн. Ерөнхий мэргэжлээр төгссөн ч мэргэжлээрээ ажиллаагүй. Эмч мэргэжлээ хаясан гэж хэлж болно.

Зургадугаар курсээсээ “А-sound” хамтлагтаа дуулж эхэлсэн. Тэрнээс хойш дуу хөгжмөөрөө л тасралтгүй явж байна. Хажуугаар нь киноны хөгжим, дууны ажил хийж байгаа.

-Энд тэнд явж байхдаа тариа дусал хийх зэргээр эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлчихдэг биз дээ?

-Дусал, тариа зэргээ хийчихнэ л дээ. Харин нарийн ширийн юмаа би одоо мэдэхгүй байх. Хүний эрүүл мэнд, эмчийн ажил гэдэг чинь түвэгтэй шүү дээ. Их хариуцлагатай ажил болохоор дур мэдэн хийх боломжгүй. Арваад жил болчихсон болохоор нэлээд төсөөрчихсөн байх. Анхан тусламжийн ойр зуурын юмнуудаа бол хийчихнэ ээ.

-Багаасаа дуулдаг хүүхэд байв уу?

-Зургадугаар курст байхад минь “А-sound” хамтлаг байгуулагдсан. Түүнээс өмнө би “1060” хамтлагт дуулдаг байсан. Тухайн үед уран бүтээл хийе гээд зүтгээгүй, зүгээр л бааранд дуулдаг байсан юм. 2002 оноос гитар тоглож сурсан. Хүүхэд байхдаа дуулдаг л байсан. Хүмүүсийн өмнө дуулж чаддаггүй, хүнгүй газарт л дуулдаг ичимхий хүү байлаа. Нууцаар дуулдаг байлаа. Хүн байхгүй бол хаана ч хамаагүй дуулдаг байсан юм (инээв). 2006 оноос урлагт сэтгэл зүрхээ зориулж тасралтгүй ажиллаж явж байна.

-Урлагийн, тэр дундаа дууны шоунууд их гарч байгаад шүүмжлэх хүмүүс их бий. Танин мэдэхүй, шинжлэх ухааны чиглэлийн шоу үгүйлэгдэж байна гэцгээдэг. Та үүнд уран бүтээлч хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Бүх юманд харьцаа байх хэрэгтэй. Нэг юм ихдэх нь дэмий л дээ. Тэр талаас нь харвал тийм байж болох юм. Дууны тэмцээн их болж байгаа ч муусаад байх нь ч юу байх вэ дээ. Юм баланстай байх хэрэгтэй. Бусад төрлийн шоу хийх хэрэгтэй л байх.

Уншигчдадаа хандаж хэлэхэд, миний хувьд бүх хүч авьяас, чадлаа зориулж энэ шоунд оролцоно. Бусад оролцогчид маань ч тийм сэтгэлээр өрсөлдөж байгаа. Тийм болохоор “Яг түүн шиг” шоу та бүхнийг уйдаахгүй, сонирхолтой байна гэдэгт итгэж болно.


Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Чингис хааны нууц түүх”

Зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Чингис хааны нууц түүх” роман одоогоос олон жилийн өмнө хэвлэгдэн гарахдаа уншигчдын анхаарлыг гойд татаж байсан билээ. Энэ ном нь Чингис хааныг хувь хүнийх нь хувьд хувьчлан амилуулж, тэрхүү хувь чанар нь түүхэн үйл явдлын дунд хэрхэн алдаж эндэж, унаж босч байгааг уран сайхны аргаар үзүүлсэн ном юм. Энэ номд тайлагдашгүй оньсого мэт гайхамшигт түүхийг бүтээсэн Чингис хааны амьдрал, тэмцлийг тун өөр, хурц, бахархмаар, заримдаа бүр зэвүүцэж, үзэн ядаж, дур гутмаар ч гэмээр өөр өнцгөөс харуулж чаджээ. Ингэхдээ уншихад тун амттай болгож Чингис хааныг магтан дуулахдаа биш, хувь хүнийх нь өөрийн давуу болон сул талууд, дотоод шунал тачаал, алдаа эндлийг нь нууж хаах зүйлгүйгээр энгийнээр гаргаж чадсан нь уншигч миний хувьд сонирхолтой санагдсан. Зөвхөн Чингис хааныг ч бус Хасар, Жамуха, Бөртэ, Өэлүн эх гээд бүх л дүрүүдийг “Монголын нууц товчоо”-нд дүрслэгдээгүй оньсого мэт үлдсэн бүхнийг нөхөн шаглаж, уран сайхны халилыг гамгүй хэрэглэж уншигчдад түүхийн туйлын үнэн мэт сэтгэгдэл төрүүлэхүйц бичжээ. Сэтгэл зүйн өнцгөөр бичигдсэн энэхүү роман нь “Бөртэ”, “Жамуха”, “Тэв тэнгэр”, “Өэлүн”, “Хасар”, “Хулан”, “Зүчи”, “Боорчи”, “Тэмүжин” гэсэн эрдэнийн есөн бүлэгтэй. “Монголын нууц товчоо”-ны гол дүр гэгдсэн эдгээр хүмүүсийн зан чанар, үйл хэрэг, үзэл бодол нь нэгдэн нийлж байж Эзэн богд Чингис хаан урган төлжсөнийг цогцлоон дүрсэлсэнд “Чингис хааны нууц түүх” романы гол ололт юм гэж романы өмнөтгөл үгийг бичсэн Утга зохиол судлаач, доктор Ү.Хүрэлбаатар бичжээ. Тус романд эр, эмийн ёсны харилцааны талаар ичгүүр сонжуургүйгээр гэмээр дүрслэл олонтаа гардаг. Тухайлбал, “Бөртэ хатныг дур ханахдаа ухаан алддаг гэж оношлон Бөртийн ийм тачаангуй ааш Тэмүжинд туйлын их таалагдаг бөгөөд түүнийг хүссэн үедээ чих, хүзүүг нь халуун амьсгалаараа сэрвэгнүүлэн “хоёулаа үхэж тоглох уу” гэж шивнэдэг болжээ. Дур ханаад ухаан алдан унасан үзэсгэлэнт залуу эхнэрээ ширтэн суух шиг аз жаргал Тэмүжинд байсангүй” гэх мэтээр өгүүлсэн нь бий. Тэмүжин нэг хатныхаа өвөрт нөгөөг хүсэмжлэн бодох болж, Есүгэн хатанд саатах байснаа Бөртэтэй хонох болсон, мөн гурван хүн цэнгэн жаргаж буй зэргээр ор хөнжлийн асуудлыг нь нүүр улайтал бичсэн нь романы тухай шүүмжийн гол байны нэг болдог гэдгийг нь бас дурдах нь зүйтэй болов уу. Уншигчдын хүртээл болоод арав гаруй жилийг үдэж буй ч өнөөдрийг хүртэл эрэлт ихтэй, үнэлгээ өндөртэй хэвээр байгаа “Чингис хааны нууц түүх” романаас уншигч та энэ үнэн болов уу гэх асуултыг өөртөө тавин байж шимтэн уншихаар дүрслэлийн хэтрүүлэг хийгээд хувь хүний дотоод зан төлөв, бодролыг яг дэргэдээс нь харж буй сэтгэгдэл төрөн байж нэг амьсгаагаар л уншчих биз ээ. Дашрамд дурдахад 2008 онд уг зохиолоор найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган “Үхэж үл болно Чингис хаан” уран сайхны киног олны хүртээл болгож байсныг нь дурдъя.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “УИХ-ын гишүүдийн попрол Оюу толгойг хөмрөхдөө тулж байна уу?” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “С.Зоригийн хэрэгт сайд Ц.Нямдорж ч, прокурор ч тэвчээртэй байх ёстой” хэмээн өгүүлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “УИХ-ын гишүүдийн попрол Оюу толгойг хөмрөхдөө тулж байна уу?” хэмээх нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудалд ямар нэгэн амбиц, улс төргүйгээр ул суурьтай хандах ёстой хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

“Өдрийн сонин”-ы “Энэ тухай” буланд М.Отгонбаяр: Бид дөрөвдүгээр төрөх эмнэлгийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахыг зорьж байна хэмээн өгүүлжээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Хүмүүсийг хорьж, залхаан цээрлүүлж хэрэг хүлээлгэдэг зарчмаасаа салах ёстой хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс хүлээн хүлээн авч уншаарай.

“Элэг нэгтэн” нүүрт ӨМӨЗО-ны “Талын дуу хоолой” радиогийн сэтгүүлч Р.Чинзориг: Манай радио Өмнөд Монголыг харах нэгэн толь болж байна хэмээн ярьжээ.

М.Золжаргал: 70, 80-аад оны дуунууд шиг дурсамж үлдээх, зүрх сэтгэлд мөнхрөх бүтээл хийхийн төлөө зорьж байна хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярьсан байна.

“Нэг ангийнхан” буланд “Дунд ангидаа тавин хувь нь малчин болсон 10а-гийнхан” хэмээн өгүүлcэн байна.

Д.Трамп Умард Солонгост хоригдож байгаад нутаг буцсан иргэдээ угтан авчээ хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлалаа

Categories
мэдээ нийгэм

Устай андууран халуун тогоо руу бензин хийж түлэгдсэн иргэнийг Улаанбаатарт эмчлүүлэхээр боллоо

Өнгөрсөн шөнө Говь-Алтай аймгийн Цогт суманд 36 настай иргэн бензинийг устай андууран халуун тогоо руу хийсний улмаас их хэмжээгээр хордож, биеийнх нь 80 хувь түлэгджээ. Аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн иргэн Б-гийн биеийн байдал хүнд байгаа учраас яаралтай нийслэл хотод ирж эмчлүүлэх шаардлагатай болсон ч онгоцны суудалгүй гэх асуудал тулгарчээ. Харин тус аймагт ажиллаж байгаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, тухайн иргэнийг яаралтай Улаанбаатар хот руу явуулахаар болсон байна.