Categories
мэдээ нийгэм

Улсын шалгалтын даалгаврын сан хэрэглээнд нэвтэрлээ

Үндэсний хэмжээнд бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсөх ангийн суралцагчдын мэдлэг, чадварын түвшин, боловсролын чанарыг үнэлэх зорилготой Улсын шалгалтын “Даалгаврын сан” хэрэглээнд нэвтэрлээ. Даалгаврын санд нэвтрэх бол www.ush.eec.mn холбоос дээр дарна уу.

Улсын шалгалтад 2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р анги төгсөгчид хамрагдана. Улсын шалгалт орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулагдана.

Шалгалтын хуваарь:

СУРАЛЦАГЧИЙН ҮНЭЛГЭЭ НЬ:

  • Бага боловсролын түвшинд 85-100% “ОНЦ” 70-84% “САЙН” 55-69% “ХАНГАЛТТАЙ”, 40-54% “ДУНДЖААС ДООГУУР”, 26-39% “ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ”, 0-25% “ХАНГАЛТГҮЙ” үгэн үнэлгээгээр;
  • Суурь, бүрэн дунд боловсролын түвшинд 0-59.9% “F”, 60-69.9% “D”, 70-79.9% “C”, 80-89.9% “B”, 90-100% “A” үсгэн үнэлгээгээр үнэлнэ.
  • Дахин шалгалтыг хуваарийг тухайн үед БҮТ-өөс зарлах ба хуваарийн дагуу зохион байгуулна.
Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үзэл баримтлалыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Төсвийн хүрээний мэдэгдэлд татвар төлөгчдөд хөгжин дэвших орон зайг өгөх, бүртгэлийн тогтолцоог сайжруулах замаар татварын суурийг нэмэгдүүлэх, төсвийн орлогыг бодитойгоор төлөвлөх, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн татварын орчныг бүрдүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тооцсон болохыг Сангийн сайд онцолсон. Мөн төсвийн тэгш бус хуваарилалтыг арилгаж, ил тод байдлыг хангах, төсвийг үр ашигтай хуваарилахад чиглэсэн техникийн дэвшлийг нэвтрүүлэх, нийгмийн халамжийн шилжүүлгийг оновчтой хуваарилах, төсвийн үр ашгийг сайжруулахад чиглэсэн өөрчлөлтийг хийхээр төлөвлөсөн байна. Салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтын төсөл арга, хэмжээг хэрэгжүүлэх,Засгийн газрын нийт өр болон өрийн үйлчилгээний зардлыг багасгаж, хүүгийн төлбөрийн дарамтыг бууруулах, гадаадын зээлийн эх үүсвэрийг дэд бүтцийн төсөл, арга хэмжээнд зарцуулах, төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулах зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр мөн тооцсон байна.

Дээрх бодлогын арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн нийт орлого 2019 онд 1.9 их наяд орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх, сүүлийн жилүүдэд 4 оронгоор хэмжигдэж байсан зээлийн үйлчилгээний төлбөр 300 орчим тэрбум төгрөгөөр буурч 860 гаран тэрбум төгрөг болох, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн нийт өрийн ДНБ-д эзлэх хувь 10 орчим хувиар буурч, ДНБ-ий 55 гаруй хувьд хүрэх, Засгийн газрын дотоод нийт өр дунд хугацаанд тогтмол буурах,хөрөнгө оруулалтын зардал болон цэвэр зээл 760 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэх, төсвийн алдагдал 314 тэрбум төгрөгөөр буурах, төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар дотоодын бонд гаргахгүй байх зэрэг эерэг нөхцөл байдлууд бүрдэнэ гэж төсөөлжээ. Нэгдсэн төсвийн 2019 оны хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөлөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2019 онд -6.1, 2020 онд -4.3, 2021 онд -2.5 байхаар тус тус тооцжээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн үзэл баримтлалыг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан.

Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн төсвийн орлогыг үр ашигтай зарцуулах, ОБЕГ-аас хийсэн хийлгэсэн эрсдлийн үнэлгээний дүнтэй холбоотойгоор дараа жилийн төсөвт тодорхой хэмжээний нөөц хөрөнгийг нэмэж тусгах, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр орон нутгийн хөгжлийг дэмжих, аймгуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мөн зарим нэг урсгал зардлыг орон нутгийн төсөвт шилжүүлэх, орон сууцны ипотекийн зээлийн асуудлыг шийдвэрлэхэд зээлийн хүүг бууруулах, нийгмийн халамжийг хавтгайруулан олгож байгааг цэгцлэх, УИХ-ын гишүүн Ч.Улаан цаашид зарлагын асуудалд анхаарч ажиллах, нийгмийн халамжийн зардлыг бууруулахад дараа жилийн төсвийн хэлэлцүүлгийн явцад анхаарах гэсэн саналуудыг гаргасан байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал УИХ-ын гишүүн М.Оюунчимэг иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр бодитой ямар ажил тусгагдсан талаар тодруулсан.Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, 1.3 сая хүнийг ажлын байраар хангаж байгаа хувийн хэвшлийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэхээр тусгасан гэлээ. Эдийн засгийн үзүүлэлт нэмэгдэхээр Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэж, төгрөгийн ханш чангарч байгааг Сангийн сайд дурдаад, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэнээр Монгол Улсад 1.4 тэрбум ам.долларын гадны хөрөнгө оруулалт хийгдэж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэн түүнийг дагаад ажлын байр нэмэгдэж байгааг онцолсон. Төсвийн хөрөнгө оруулалт хөдөө орон нутагт нэмэгдэж байна бөгөөд үүнийг дагаад мөн ажлын байр нэмэгдэнэ хэмээсэн. Ноолуурын үнэ ханш 90-100 мянган төгрөгт хүрч малчдын орлого нэмэгдэж байгааг Сангийн сайд мөн дурдсан.

Гишүүд мөн аж ахуйн нэгжүүдээ хэрхэн дэмжих, төсвийн орлогын хэдэн хувь нь уул уурхайгаас орж ирэх, төсвийн урсгал зардал, хөрөнгө оруулалтын харьцаа хэдэн хувьтай байгаа, ам.долларын ханшийг хэрхэн төсөөлж байгаа талаар тодруулж байлаа.Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, аж ахуйн нэгжүүдээ эдийн засгийн зөв бодлого явуулж дэмжинэ гэлээ. Зээлийн хүүг бууруулж, татварын шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэхээр Засгийн газар төлөвлөжээ. Татварын дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, татвар бууруулах асуудлыг удахгүй УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа хэмээсэн.

Төсвийн орлогын 73 хувийг урсгал зардалд, 27 хувийг хөрөнгө оруулалтад зарцуулах бөгөөд ирэх онд ам.долларын ханшийг 2280 төгрөг байхаар төсөөлж байгаа ажээ.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 73.8 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн үзэл баримтлалыг хэлэлцэж эхэллээ

Мөн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2019 онд татварын орчныг шинэчлэх замаар хөрөнгө оруулалтыг дэмжиж эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэх, инфляцийг зорилтот түвшинд буюу 8 хувьд барих, ажлын байрыг нэмэгдүүлж ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас ихгүй байлгах, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшингээс бууруулах, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлж, санхүүгийн салбарын зах зээлийн тогтвортой байдлыг хангах зэрэг зорилт, арга хэмжээг Үндсэн чиглэлд тусгасан байна. Эдийн засгийн салбаруудаар авч үзвэл 2019 онд уул уурхайн салбар 6.3 хувиар, уул уурхайн бус салбар 8.4 хувиар, барилгын салбар 14 хувиар, үйлчилгээний салбар 8.6 хувиар өсөхөөр байгаа аж.

Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлогын хүрээнд нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлж, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, хөнгөн хүнсний салбар, жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, хүнсний эрүүл ахуйн чанарыг сайжруулах, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, эрчим хүчний хэрэглээг дотоодын эх үүсвэрээр хангах бодлого хэрэгжүүлж, хүчин чадлыг нэмэгдүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих, зам, тээврийн бодлого хэрэгжүүлж, логистикийн сүлжээг өргөжүүлэх талаар тодорхой зорилт, арга хэмжээг төсөлд тусгасан байна.

Эдийн засгийн байнгын хороо тогтоолын төслийн үзэл баримтлалыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн талаар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулсан. Тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймагт орон нутгийн их дээд сургуулиуд чуулж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам энэ хичээлийн жилийг “Багшийн хөгжлийн жил” болгон зарласан. Хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг орон нутгийн их, дээд сургуулиудын онол практикийн эрдэм шинжилгээний хурлыг “Дээд боловсролын шинэчлэл-багшийн хөгжил” сэдвийн хүрээнд хийж байна. Дээд боловсролын салбарт сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн их, дээд сургуулиудад тулгамдсан асуудал, ололт амжилт, хүндрэл бэрхшээлээ харилцан ярилцах, туршлага солилцох зорилготой уг VI хурал Ховд аймагт болж байна. Ховд их сургууль 30 жилийн ойдоо зориулан 2008 онд анх санаачлан баруун бүсийн цөөхөн их, дээд сургуулиудын төлөөлөл оролцож байсан энэ хурал Монгол улсын бусад бүс нутаг дахь их, дээд сургуулиудаар хүрээгээ тэлж, хэлэлцэх асуудал нь улам өргөн хүрээтэй болж байна.

Хуралд уламжлал ёсоор Дорнод их сургууль, Дорноговь аймгийн АШУҮИС, Дархан-Уул аймгийн АШУҮИС, Дархан-Уул аймгийн ХААИС, ШУТИС, “Мандах” их сургуулийн салбар сургууль, Орхон аймгийн МУИС салбар сургууль, Орхон аймгийн ШУТИС салбар сургууль, Архангай аймгийн МУБИС, Говь-Алтайн АШУҮИС, Увс аймгийн Хөдөлмөр, нийгмийн харилцааны салбар сургууль, Ховд их сургууль буюу орон нутгийн 12 сургуулийн эрдэмтэн, судлаач, профессор, багш нар 56 хүн оролцож байна. Түүнчлэн БСШУСЯ болон Азийн хөгжлийн банк, “Дээд боловсролын шинэчлэлийн” төсөл хэрэгжүүлэх нэгжийн мэргэжилтнүүд, олон улсын болон дотоодын зөвлөхүүд, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн мэргэжилтнүүд, БМДИ, МИДСК хүрэлцэн ирж эрдэм шинжилгээний хурал, сургалтыг зохион байгуулж байна.

Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч хэлсэн үгэндээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, ачааны хүндийг үүрч буй хөдөө, орон нутгийн их дээд сургуулиудын багш, удирдлагууд цуглаж, дээд боловсролын хөгжлийн асуудал, шинэчлэлийн сэдвээр ярилцаж, асуудал, бэрхшээлээ хуваалцан, туршлага солилцож байгаа явдалд өндөр ач холбогдол өгч буйгаа илэрхийлээд Монгол орны ирээдүй болсон хүүхэд залуусын хөгжил, боловсролын түвшин багшийн хөгжил болоод ёс зүйгээс ихээхэн хамаарах учраасбагшийн хөгжилдөө анхаарч ажиллахыг хуралд оролцогчдоос хүслээ.

Хурал өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нарангийн гудамжаас Орбитын гудамж хүртэлх 1.47 км авто замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Нарангийн гудамжаас Орбитын гудамж хүртэлх 1.47 километр авто замын барилгын ажлын явц 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнөөдрийн байдлаар 1.3 километр авто замын ажил бүрэн дуусчээ.

Харин үлдсэн 170 метр замын хашлага суурилуулах, газар шороо, ус зайлуулах хоолойны ажлуудыг хийж байна.

Авто замын зорчих хэсгийн өргөн нь 7 метр, хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй байх аж. Ажлын гүйцэтгэгчээр “Трүй Рөүд” ХХК ажиллаж байгаа бөгөөд 5 дугаар сарын 30 гэхэд бүрэн дуусах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сувилагчдын цалинг 7-49 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэв

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр сувилагч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улсын нэгдсэн төв эмнэлэг, эмнэлгийн тусгай мэргэжлийн төв, сувилагчдын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын төлөөлөл, Ховд, Хөвсгөл, Дорноговь аймгийн нэгдсэн төв эмнэлэг болон сумын хүн эмнэлгийн сувилагчид оролцов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд маргааш тохиох “Олон улсын Сувилагчийн өдөр”-ийн мэнд хүргэлээ. Засгийн газрын тэргүүний хувьд сувилахуйн ухааны ажилтан, албан хаагчдад хүндэтгэл үзүүлж, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсох, шийдвэрлэх зорилгоор уулзаж байгаагаа хэлсэн юм.

Сувилагч нарын төлөөлөл цалин хөлсийг нэмэгдүүлэх, орон сууцны хангамжийг сайжруулахад Засгийн газраас дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэдгээ илэрхийлээ.

Монгол Улсын хэмжээнд 40 гаруй мянган эмч, эмнэлгийн ажилчин байдгаас 12000 нь 26 төрлөөр мэргэшсэн сувилагч, сувилахуйн ухааны мэргэжилтнүүд байна. Тэдгээрийн 97 хувь нь эмэгтэй, дундаж цалин 400.000-500.000 төгрөг. Сувилагчдын цалинг ажлын байран дахь бүтээмж нөхцөлтөй нь уялдуулан 7-49 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа Эрүүл мэндийн сайд хэллээ.

Үүнд жилдээ 73 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдахаар тооцоо гарчээ. Мөн 5000 сувилагчийг орон сууцжуулж, ипотекийн зээлд хамруулах хүсэлтэй байна гэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Хуралдааны төгсгөлд, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” батлах тухай тогтоолын төслийн хэлэлцэв.

Татварын шинэчлэлийг хөгжүүлэх, бизнесийг орчныг сайжруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих зорилтот арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтоолд тусгажээ.

Тухайлбал, эдийн засгийн бодит өсөлт 8 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өрийн түвшин 2019 онд 55.3 хувь, ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцоолсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Тэрбээр “Тогтоолын төсөлд “Мах, сүүний анхдугаар аян”, “Үйлдвэржилт 20:100”, “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүнд, хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих зэрэг 20 зорилт, 123 арга хэмжээний хүрээнд 8.6 их наяд төгрөгийг улсын төсөв, гадаад, хувийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн” гэв.

Categories
мэдээ нийгэм

Дадлага давамгайлсан, инновацлаг сургалтын төвийг танилцуулна

“Инновацийн үзэсгэлэн-2018” үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар мэдээллийн технологийн чиглэлийн “Инновацлаг сургалтын төв”-ийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан, оролцож байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оюутан залуучуудыг тогтвортой ажлын байраар хангах, нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулах зорилт тусгагдсаны дагуу Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-гийн (KOICA) санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран “Мэдээллийн технологийн инновацлаг сургалтын төв”-ийг 2017 оны 5-р сарын 19-ны өдөр албан ёсоор нээсэн.

Монголын Улсад инновацийн соёлыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой “Монголын Инновацийн 7 хоног-2018” ажлын хүрээнд зохион байгуулж буй “Инновацийн үзэсгэлэн-2018” Нийслэлийн Засаг захиргааны 5-р байранд байрлах Улаанбаатар Чуулгын үзэсгэлэнгийн танхимд 2018 оны 5 дугаар сарын 11, 12-ны өдөр 11:00-18:00 цагуудын хооронд болох юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Тус сургалтын төв нь мэдээллийн технологийн чиглэлээр нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэргэшүүлэн, сургаж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа юм. Өнөөдрийн үзэсгэлэнгийн үеэр сургалтад суухыг хүссэн залуучуудыг бүртгэж, сургалтын менежерүүд дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөх тул залуучууд Та бүхнийг урьж байна” гэлээ гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төсвийн захиран зарцуулагч нар зөвлөлдөв

Нийслэл дэх бүх шатны төсвийн ерөнхийлөн болон шууд захирагч нарт зориулсан зөвлөгөөн өнөөдөр Туушин зочид буудалд боллоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэл дэх Төрийн аудитын газар хамтран зохион байгуулж буй уг зөвлөгөөнийг “Төсвийн шууд захирагчдын санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх нь”, “Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх нь” сэдвээр явуулж байна.

Нийслэл дүүргийн 2017 оны орон нутгийн төсөвт 1 их наяд 75.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрч 878.4 тэрбум төгрөгийн урсгал зардал, 196.7 тэрбум төгрөгийн хөрөнгө орлогын зардлыг санхүүжүүлж, нийт 2 их наяд төгрөгийн өмчтэй 1.3 их наяд төгрөгийн үндсэн хөрөнгөтэй болж төсвийн тухай хуулийн дагуу улсын төсөвт 151.5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Зөвлөгөөнийг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд өнгөрсөн онд санхүүгийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр анхаарч, шаардлага тавьж ажиллалаа. Бүх шатны төсвийг захиран зарцуулдаг дарга нар ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Төрийн аудитын газраас ирсэн санал дүгнэлт, хариуцлага тооцох тухай, санхүүгийн сахилга бат болон хариуцлага алдсан төсвийн ерөнхийлөн болон шууд захирагч нарт зөрчлийг арилгах акт өгсөн. Тиймээс хариуцлагаа ухамсарлаж, гаргасан санал дүгнэлтийг хүлээн авч хяналт тавьж, хагас жилийн ажлын тайландаа ажил хэрэг болгосон байх үүрэг өгч байна. Зөрчлийг арилгаж 2018 онд зөрчилгүй байхад онцгой анхаарч одооноос ажилдаа хариуцлагатай хандаж Үндэсний аудитын газар, Төрийн аудитын газар, Сангийн яамнаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай” гэлээ.Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн нэгдсэн тайланд нийслэл дүүргийн 10 төрийн сан, 106 орон нутгийн төсвийн байгууллага, төсөл арга хэмжээ, 398 улсын тусгай шилжүүлгийн байгууллага, 7 сан, нийслэлийн орон нутгийн өмчит 24 үйлдвэрийн газар, дүүргийн өмчит аж ахуйн тооцоот 34 үйлдвэрийн газар, нийт 603 байгууллагын санхүүгийн санхүүгийн тайланг нэгтгэж аудитын дүгнэлт гаргуулжээ.

2017 онд санхүүгийн нэгдсэн тайланд 280.7 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрснээс 59.2 тэрбум төгрөгийг аудитын явцад залруулж, 27.7 тэрбум төгрөгийн залруулагдаагүй зөрчилд Төрийн аудитын газраас акт, албан шаардлага зөвлөмж хүргүүлжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс-Таван толгой” ХК Өмнөговь аймаг хоорондын хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ

“Эрдэнэс-Таван толгой” ХК Өмнөговь аймаг хоорондын хамтын ажиллагааны гэрээг байгуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн даваа гаригт Даланзадгад хотноо боллоо. Ёслолын ажиллагааг нээж Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар үг хэлэв. Тэрээр “Өнөөдөр Дэлхийд нүүрсний нөөцөөр тэргүүлдэг “Таван Толгой” орд газарт үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтын ажиллагааны гэрээг байгуулж байна. Тус гэрээ байгуулагдсанаар бүс нутагт тулгамдаж буй олон чухал асуудлыг шийдвэрлэж хэрэгжүүлэх болно” гэдгийг онцоллоо.

“Эрдэнэс-Таван толгой” ХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Мөн тус суманд “Энержи Ресурс”, “Таван толгой” компаниуд уул уурхайн олборлолт явуулдаг байна. Уг арга хэмжээний үеэр Цогтцэций сумын удирдлагууд “Манай сумын ард иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан “Эрдэнэc- Таван толгой” ХК Өмнөговь аймгийн хамтын ажиллагааны гэрээг үзэглэж байгаа нь бидний хувьд бахархалтай үйл явдал болж байна. Цогтцэций сумын хувьд тоосжилт нэн тулгамдсан асуудал. Тиймээс энэ онд эхлэх 13 километр авто зам тавих ажлыг ихээхэн талархан хүлээж авч байгаа. Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах тухай асуудалд анхаарч ажиллана гэдэгт итгэж байна. “Эрдэнэс -Таван толгой” компанийн хамт олонд маш их баярлалаа” гэв.

Үүний дараа хамтын ажиллагаанд гарын үсэг зурах ёслол боллоо. Хамтын ажиллагааны гэрээнд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, тус аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, “Эрдэнэс-Таван толгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг нар гарын үсэг зурж, тугаа солилцов.

“Эрдэнэс-Таван толгой” ХК гэрээний эхний ээлжид хэд хэдэн томоохон ажил хийхээр төлөвлөжээ. Дэд бүтцийн хувьд 8.5 километр хатуу хучилттай авто зам тавьж цаашдаа Цогтцэций сум хүртэл 13 километр автозам тавина гэв. Мөн Цогтцэций сумын Цагаан овоо багийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх юм. Тус багийн асуудал хүндрэлтэй байгаа бөгөөд тоосжилт ихтэй аж. Дэлхийн банкны судалгаа, Азийн хөгжлийн банк ч энэ талаар ярьж байгаа бөгөөд ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай гэв. Энэ хүрээнд Цагаан овоо багийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой үнэлгээ хийх ажлыг 2018 ондоо багтаан хийх аж. Өмнөговь аймгийн суурьшлын бүсэд дэд бүтцийн шугам татах, цахилгаан ус хангамжийн ажлуудад оролцох үүргийг “Эрдэнэс-Таван толгой” ХК хүлээж байгаа юм.

Тус компани нь Өмнөговь аймагтай Боловсрол, соёлын салбарт мөн хамтран ажиллах юм. Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 1500 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар хамтын ажиллагааны гэрээндээ тусгасан аж. Энэ нь хүүхдийн хөгжил, ирээдүйд болон боловсролын салбарт оруулж байгаа том хувь нэмэр болно гэдгийг тус компанийн удирдлагууд онцолж байлаа. Мөн соёлын салбарт аялал жуулчлалын томоохон цогцолбор баригдахаар төлөвлөгдөж байгаа гэв. “Эрдэнэс-Таван толгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг “Боловсрол, соёлын салбарт хийх бүтээн байгуулалтад “Эрдэнэс-Таван толгой” ХК оролцох үүрэгтэй. Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаа. Гэрээнд Цогтцэций сумтай хамтран ажиллах төлөвлөгөө батлагдсан. Одоо бидэнд ажлаа эрчимжүүлэх үр дүнг нь үзэх л үлдлээ” гэв.

Гарын үсэг зурах ёслолын дараа “Эрдэнэс-Таван толгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуягаас цөөн асуултад хариулт авлаа.


-Цагаан овоо багийг нүүлгэн шилжүүлэхэд хэр хугацаа шаардах вэ?

-Эхний ээлжинд Цагаан овоо багийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой үнэлгээний ажил хийгдэнэ. Мэргэжлийн үнэлгээний байгууллагуудаас ямар хэмжээний төсөв, хугацаа шаардагдахыг мэдээд ажлаа төлөвлөнө. Дараагийн ээлжинд суурьшлын бүсэд дэд бүтцийн ажлууд хийгдэнэ. 2018 онд багтаагаад үнэлгээний ажлууд дуусна.

-“Эрдэнэс-Тавантолгой” компани ус , байгаль орчны чиглэлээр хэр хариуцлагатай ажиллаж байгаа вэ?

-Бид усны хангамжид анхаарлаа хандуулж байгаа. Хэрэглээний усыг нэмэгдүүлэх хүрээнд худаг байгуулж байна. Улаан нуурыг нөхөн сэргээх , хамгаалах нь 2018 онд хийх томоохон ажил байх болно. Цаашдаа гүний усыг яаж нөхөн сэргээж ашиглах талаар Байгаль орчны яамаар үнэлгээ хийлгэн хамтарч ажиллах шаардлага байгаа тул мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулж байна. Өмнө нь ч гэсэн гедрогеологийн хүрээнд хийгдсэн ажлууд их бий. Сая бид гедрогеологийн 2500 тууш метр өрөмдлөгийн ажлыг зохион байгуулсан.

-Тоосжилтын асуудлыг яаж шийдвэрлэх вэ?

-Тоосжилтоос урьдчилан сэргийлэх ажлыг Цагаан овоо багийн нутаг дэвсгэрт хийнэ. Тоосжилтыг багасгахын тулд тус суманд үйл ажиллагаа явуулж буй гурван уурхай хамтран ажиллана. Зөвхөн “Эрдэнэс-Таван толгой” ХК дангаараа шийдвэрлэхгүй. “Энержи ресурс”, “Таван толгой” компаниуд ч үйл ажиллагаа явуулж байгаа. Гурван компанийн хувьд цаашид байгаль орчны нөхөн сэргээлт, тоосжилт гээд гэрээний хүрээнд хамтарч ажиллах шаардлага байгаа гэв.


Categories
мэдээ нийгэм

Гурван тэс сумын иргэдтэй УИХ, Засгийн газрын гишүүд уулзалт хийлээ

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ- ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа нар Өмнөговь аймгийн Гурван тэс суманд энэ сарын есний өдөр ажиллах үеэрээ тус сумын нутгийн иргэдтэй уулзсан юм.

Уулзалтын эхэнд сайд Д.Сумъяабазар “Бид цаашид хөгжих ёстой. Өнөөдөр бид ойлголцож, нэгдсэн шийдэлд хүрээд, цалин тэтгэвэр, амьдарч байгаа орчин нөхцөл, цаашлаад улс орныхоо эдийн засгийг тэлж, уул уурхай дээрээ түшиглээд бусад салбараа хөгжүүлэх шаардлагатай байна. Одоо дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч байгаа энэ таатай боломжийг бид алдаж болохгүй” гэлээ. Мөн тэрбээр Норвеги, Казакстан улс шиг эрдэс баялагтаа түшиглээд “Баялгийн сан” байгуулж, хөгжилд хүрч болох ажлыг эхлүүлж байгаа тухайгаа жишээ баримтаар тайлбарлаж ярьсан нь иргэдийн анхаарлыг татаж байлаа. Түүнчлэн салбарын сайд Эрдэнэс Тавантолгойн 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулахаар бэлтгэл ажлаа хангаж байгааг дуулгаад, иргэдээс хувьцаагаа бусдад хямд үнээр заралгүй, хадгалж байхыг хүссэн юм.

Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр иргэдийн зүгээс нүүрс тээвэрлэж байгаа 22 км замыг нэн даруй хатуу хүчилттай болгох, уул уурхайг хөгжүүлэхийн тулд нутгийн иргэдтэй нь ойртож ажиллах, нэг суманд олон лицнз өгсөний заримыг цуцлуулах болон эрүүл мэнд нийгмийн хамгааллын талаар олон асуудлуудыг хөндлөө.

УИХ, Засгийн газрын гишүүд иргэдээс ирсэн асуултуудад өөр өөрийн хариуцсан хэсгүүдийг хуваан авч, шуурхай хариулт өгөв. Тухайлбал, ЗТХ-ийн сайд 22 км шороон замыг өнөөдөр Гурван тэс суманд нүүрс олборлон, экспортлож байгаа компаниудыг нийлээд даруйхан хатуу хучилттай болгохыг даалгав. Мөн цаашид замаа тавьж байж нүүрсээ тээвэрлэдэг байх шаардлагыг уул уурхай компаниудад тавихаа мэдэгдсэн юм.

БОАЖ-ийн сайд уул уурхайг ашиглаад буцаагаад нөхөн сэргээхдээ тухайн нутгийн онцлогт тохирсон ургамал, мод тарьдаг сайн туршлага Гурван тэсээс 100 гаруй км-ийн цаана буюу БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутагт хэрэгжсэн байхтай очиж танилцсанаа хэлээд, нөхөн сэргээлтийн эл туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэй талаар онцоллоо.

Түүнчлэн УУХҮ-ийн сайд үе үеийн сайд, дарга нар Заамарт очиж лицензийг хүссэн үедээ цуцлаж байсан ч өнөөдөр ямар нөхцөл байдалтай болсоныг хэлээд энэ нь лиценз цуцалснаар асуудал шийдэгддэггүйг харуулсан гэв. Тэрбээр мөн хэрвээ шаардлагатай бол УУХҮ-ийн сайд уул уурхайтай холбоотой асуудлаар Монголын өнцөг булан бүрт очиж ажиллахаа хэлээд, Гурван тэс суманд уул уурхайн нөлөөллийн судалгааг хийхээ мэдэгдлээ.

Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон Л.Энхболд, Н.Амарзаяа нар хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр, нийгмийн халамж зэрэг олон тулгамдсан асуултуудад уулзалтын үеэр хариулт өгч ажиллав.

Гурван тэс суманд УИХ, Засгийн газрын гишүүд анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй ирж ажилласанд нутгийн иргэд сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын үеэр хэллээ.