Categories
мэдээ нийгэм

Инновацийн үзэсгэлэн хоёр өдрийн турш гарна

“Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээний хүрээнд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компаниуд, лаборатори, төрийн болон төрийн бус байгууллага, өндөр технологийн компанийн төлөөлөл болсон 60 гаруй байгууллага “Инновацийн үзэсгэлэн-2018” арга хэмжээнд 200 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна.Тодруулбал, үзэсгэлэнд инновацийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, мэдээллийн технологийн үйлчилгээ, төрийн үйлчилгээний инноваци, нийгэм, соёлын инноваци, гоо сайхны, эм, био бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн, инновацийн дэд бүтэц, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэн Улаанбаатар чуулгын байранд энэ сарын 11-12-нд гарч байна.



Categories
мэдээ нийгэм

“Цалинтай ээж”-ийн тавдугаар сарын мөнгийг олгож эхэлжээ

“Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 0-3 хүртэлх насны хүүхдээ гэртээ асарч буй эхчүүд сар бүр 50 мянган төгрөг авах болсон. Ийнхүү ээжүүдийн цалинг сар бүрийн 20-нд олгож байхаар Засгийн газар тогтоосон билээ.

Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш ээжүүдийн цалин болох 50 мянган төгрөг сар бүрийн 20-ноос хойш олгогддог байсан. Харин энэ тавдугаар сарын “Цалинтай ээж” хөтөлбөрийн 50 мянган төгрөгийг өнөөдрөөс олгож эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар “Цалинтай ээж” хөтөлбөрт 0-3 насны хүүхдээ асарч буй 125 мянга гаруй ээж хамрагдан сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж авч байна.

Categories
мэдээ нийгэм

“Монноос” компанийн хувьцаа 7.14 хувиар өслөө

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 767,906 ширхэг хувьцаа арилжсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл” JLT+13.44 хувь болон “Монноос” MNS+7.14 хувиар хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Махимпекс” MMX-7.69 хувь, “Женко Тур Бюро” JTB-4.26 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр өдөр “TOP 20” индекс 19,253.48 нэгж болж 0.05 хувиар унсан бол зах зээлийн үнэлгээ 2,3 их наяд, төгрөгийг давав. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарна уу.

Categories
мэдээ нийгэм

“Автобус машинтай мөргөлдөж 30 гаруй хүн нас барсан” гэж ташаа мэдээлэл цацжээ

“Автобус машинтай мөргөлдөж 30 гаруй хүн нас барсан” гэх ташаа мэдээлэл цацагдаж байна. Одоогийн байдлаар ийм хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байгаа юм.

Иймээс иргэд та бүхнийг эх сурвалж тодорхойгүй, албан бус мэдээлэлд итгэхгүй байж, албаны эх сурвалжаас мэдээлэл авах, аливаа сайтыг хуулбарлаж бэлтгэсэн баримт, нотолгоогүй фишинг /хортой/ мэдээллийг үзэхээс татгалзах, тухайн мэдээллийг нээхийн тулд фэйсбүүкийн нууц үгээ бүртгүүлэхгүй байх зэргээр мэдээллийн аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“XC40” Европийн 2018 оны шилдэг машинаар тодорчээ

Женев хотод болж буй 2018 оны олон улсын автомашины үзэсгэлэнгийн гарчээ. Швед улсын автомашин үйлдвэрлэгч “Volvo” компанийн Volvo “XC40” спорт загварын хөнгөн тэрэг “Европын оны шилдэг автомашин”-аар тодорчээ. Тус компанийн машин сүүлийн 50 гаруй жилд анх удаа тэргүүн байр эзлэж байгаа нь энэ юм.

XC40 загварын уг машин нь Европын Холбооны гишүүн 23 улсын 60 сэтгүүлчийн шүүлтээр нийт 325 оноо авч тэргүүн байр эзэлжээ. Үзэсгэлэнгийн үеэр явуулсан шувтаргын өрсөлдөөнд нийт долоон загварын автомашин шалгарч үлдсэнээс хоёрдугаар байрыг Испани улсын “Seat Ibizea” машин эзэлсэн бол гуравдугаар байрт Герман улсын “BMW 5 series” загварын машин орсон байна.

Нэвтрүүлсэн шинэчлэл, аюулгүй байдал хангах чадвар, загвар болон үнэ өртөг зэрэг нь гол шалгуур үзүүлэлт болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Дорнод, Сүхбаатар аймагт “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний нээлт 2018 он” боллоо

Дорнод, Сүхбаатар аймагт “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний нээлт 2018 он” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, гишүүдээр МЭҮГ-ын гоц халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Х.Бодьсайхан, МҮОНРТ-ийн сэтгүүлч Д.Сүхбаатар, зураглаач С.Мөнгөншагай, ХХААХҮ-ийн яамны жолооч Т.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр 2018 оны 04-р сарын 29-ны өдрөөс 05-р сарын 04-ны өдрийг дуустал хугацаанд ажиллав.

Монгол улсын наран ургах зүг буюу Дорнод аймгийн Хэрлэн суманд 2018 оны 04-р сарын 30-ны өдрийн 10:00 цагт аймгийн Засаг даргын тамгын газрын задгай талбайд “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний нээлт 2018 он” үйл ажиллагааг хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулсан бөгөөд аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай танилцаж, уулзалт, хэлэлцүүлэг хийлээ.

ХХААХҮ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймгийн Хэрлэн, Сүмбэр, Матад суманд хэрэгжүүлж байгаа мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээтэй газар дээр нь танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллав. Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Эрдэнэцагаан сумдад “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний нээлт 2018 он” арга хэмжээг зохион байгуулж, аймгийн ХХААГ болон сумдын МЭҮН-ийн эмч нартай цагийн үеийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар уулзалт, хэлэлцүүлэг, ярилцлага хийв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Хайрын хурим” дуу төрөн гарлаа

“Номин талст” хамтлагийн дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөн залуу дуучин М.Золжаргалтай хамтран “Хайрын хурим” нэртэй дууныхаа клипний зураг авалтыг хуримын ордонд хийсэн юм. Зургууд цахим ертөнцөд тарснаар дуучин Т.Дэлгэрмөрөн хоёр дахь амьдралаа зохиож байна хэмээн шуугиад өнгөрсөн билээ.

Тэгвэл энэ дууг залуу дуучин М.Золжаргал яруу найрагч Д.Ган-Очир, хөгжмийн зохиолч Л.Балхжав нарт хандан захиалж, Номин-талст хамтлагийн дуучин, СТА Т.Дэлгэрмөрөнтэй хамт дуулсан явдал олны талархлыг ихээхэн хүлээгээд байгаа юм. Саяхан зохиогдсон хуримын үзэсгэлэн яармагийн үеэр “Хайрын хурим” дууг энэ жил хуримаа хийх хосууд хамгийн ихээр захиалсан сурагтай. Шүлэг, аялгуу, дуу, дүрс, дуучдын дуулах чадвар гээд чанартай бүтээл болсон талаар “Хайрын хурим” дуунд мэргэжлийнхэн болоод үзэгч, сонсогчид ам сайтай байгаа ажээ. Дуучдын дуундаа зориулж авхуулсан зургуудаас толилуулж байна.

Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын дарга С.Амарсайхан налайх дүүргийн сувилагчдын баярын хуралд оролцлоо

Жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдөр олон улсын сувилагчдын баярын өдөр тохиодог. Улсын хэмжээнд энэ жилийн сувилагчдын баярыг “Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалья” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажилладаг сувилагч, эмнэлгийн тусгай дунд мэргэжилтнүүд өнөөдөр баяраа тэмдэглэлээ.

Дүүргийн сувилагчдын баярын үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл нар оролцож, цагаан нөмрөгт баатрууддаа баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хувьд нийт 320 гаруй ажиллагсадтай бөгөөд 130 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн мөн 4 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагчид дүүргийн 7 хорооны 7000 өрхийн 40 гаруй гаруй хүн амд үйлчлэхээс гадна Тэрэлжийн сав нутаг, Аржанчивлан, Төв аймгийн Сэргэлэн, Эрдэнэ сум зэрэг дүүргийн харъяа алсын 120 км радиус бүхий хүрээнд байршсан цэгүүдийн хүн амд тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс сувилагчдын баярыг угтан сувилагчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, туршлага солилцох зэргээр олон талт үйл ажиллагааг зохион явуулсан гэдгийг Сувилахуйн албаны дарга Т.Тунгалаг онцолсон юм.
Налайх дүүргийн сувилагчдын баярын үйл ажиллагаанд шагналын хур бууж, ажил үйлсээрээ манлайлсан олон сувилагчид нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагын шагналаар шагнагдлаа.


Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Нарантуяа нар ОУВС-гийн Ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, З.Нарантуяа өнөөдөр (2018.05.11)Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн 4 дэх шатны үнэлгээг хийхээр манай улсад ажиллаж буй Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиеб, тус сангийн Монгол дахьсуурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн С.Эрдэнэ “Олон улсын валютын сангийн Засгийн газартай хамтран явуулж байгаа үйл ажиллагааны үр дүнг байнга анхааралтай ажиглаж байна” хэмээн онцлов.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, З.Нарантуяанар энэ үеэр хэд хэдэн тодорхой асуудлыг Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиебт тавьж, санал солилцсон.

Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиеб “Монгол Улсад гурав дахь удаагаа ажиллахдаа анх удаагаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзаж байна” хэмээн тэмдэглээд хэлэлцээрийн дагуу Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн үетэй харьцуулахад эдийн засагт гарсан өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийллээ.

Талууд, төсвийг алдагдалтай баталдаг, төсвийн алдагдал буурахгүй байгаа талаар болон хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой бусад асуудлаар ярилцаж, харилцан санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Инновацийн үзэсгэлэн”-д 60 гаруй байгууллагын 200 орчим бүтээл тавигджээ

БСШУСЯ, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны академи, МҮХАҮТ, ШУТИС хамтран “Монголын инновацийн долоо хоног-2018” арга хэмжээг зохиолоо. Энэ хүрээнд “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үе ба Монгол Улсын хөгжлийн асуудлууд”, “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” онол практикийн бага хурал, “Инновацийн түншлэл-Хөгжлийн гарц” чуулган, “Хөдөө аж ахуйн технологи, инноваци-2018” форум, “Инноваци үзэсгэлэн” зэрэг арав гаруй арга хэмжээг болох аж. Уг ажлуудын нэг хэсэг болох “Инновацийн үзэсгэлэн” өнөөдөр боллоо.

Үзэсгэлэнг нээж Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан үг хэллээ. Үүний дараа илтгэгч Д.Энхжаргал “Инновацийн бүтээлийн танилцуулга” сэдвээр илтгэлээ тавьж, үзэсгэлэнд тавигдсан компанийн барааг бүтээгчид нь өөрсдөө тайзан дээр танилцуулав. Энд 13 эрдэм шинжилгээний, зургаан төрийн, 41 хувийн хэвшлийн байгууллага:

  • Инновацийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж
  • Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Нийгэм, соёлын инноваци
  • Гоо сайхны, эм, био бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн
  • Төрийн үйлчилгээний инноваци
  • Инновацийн дэд бүтэц
  • Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг нийт 200 гаруй бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтийн өмнө дэлгэн тавьжээ.

Үзэсгэлэнгийн талаар Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын орлогч дарга Ж.Билэгсайханаас тодрууллаа.

-Инноваци гэж юу вэ?

-Энэ үгийг хуульд заахдаа мэдлэгийг баялаг болгох гэж тайлбарласан. Өнөөдөр бидний зүгээс инновацийг тодорхойлохдоо бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах, бүх зүйлд шинэ санаа, шинэ зүйл бий болгохыг инноваци гээд байгаа юм. Жишээлбэл Урлагийн инноваци гэж байна. СУИС-иас өөрсдийн бүтээсэн шинэ төрлийн хөгжмийн зэмсгийг танилцуулах гэж байна. Үүнийг инноваци гэж ойлгож болно. Судалгаа шинжилгээний үр дүнд бий болсон инноваци гэвэл сая тайзан дээр танилцуулсан бүтээлүүдийг нэрлэнэ. Байгууллагын дотоод үйл ажиллагааг сайжруулах ямар нэгэн бүтээл, үйлчилгээнд шинэ санаа нэвтрүүлэх, энэ бүгдийг л инноваци гэж яриад байгаа юм. Хүмүүс өдөр бүр өөрсдөө инноваци хийж байдаг. Амьдралд буух тал дээр өөрсдөө ажиллаж мэддэггүй.

-Энэ төрлийн төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах сонирхолтой хүмүүс хэр их байна?

-Анхны санаанаас гарч ирсэн тэр мэдлэг цааш хөгжөөд эцсийн бүтээгдэхүүн болоход цаг хугацаа ихээхэн шаардана. Үүнийг төслийн хугацаа гэж нэрлэдэг. Бизнесийн талаас нь авч үзвэл хөрөнгө оруулалт хийхэд энэ санаа хэр ашигтай вэ гэж бодно. Соёл нийгмийн бусад инновацийг хийхдээ соёл боловсролд нөлөөлөх үр өгөөжийг хардаг. Инновацийн төсөл хөтөлбөрт хамрагдах гэсэн санаа, загвар барьсан хүмүүс маш их. Монголчууд өөрсдөө бүтээлч дандаа шинийг санаачилж, шинийг хайж эрэлхийлж байдаг ард түмэн. “Монголчлох” гэх үгийг бид их хэрэглэдэг. Энэ үгийг л “Инноваци” гэж ойлгож болно.

-Ийм төрлийн арга хэмжээнээс олсон ололт амжилт нь юу вэ?

-Бид өнөөдөр 60 гаруй байгууллагын 200 орчим бүтээлийг үзэсгэлэндээ тавьсан. Одоо 150 орчим байгууллагын бүтээл араас нь бэлэн болж байгаа. Зах зээлд гараад эхэлчихсэн. Бүтээгдэхүүн болоод хүний гарт хүрчихсэн ийм санаануудыг шалгаруулж оруулсан. Тэгэхээр энд ирсэн бүх бүтээл, санаа бүр ололт, амжилт юм.

-Шинэ санаа ард иргэдийн гарт хүрэхдээ хэр байдаг вэ?

-Шинжлэх ухаан технологийн сангаас гарсан био бэлдмэлийн бүтээгдэхүүнүүд олон нийтийн хэрэглээ болоод байна. Мэдээлэл технологийн талаар гарч буй инновациуд гэхэд апликейшн хэлбэрээр гардаг. Энэ бидний амьдралд бодит хэрэглээ болсон. Тухайн инновацийн бүтээгдэхүүнийг бизнес болгох, хүний хэрэглээг хангах талаас судалж бүтээгдэхүүн болгодог.

-Танай байгууллагаас энэ ажлыг хоёр дахь жилдээ хийж байгаа гэсэн. Өмнөх жилийн алдаа оноо юу байв, тэр дутагдлаа сайжруулж чадав уу?

-Өнгөрсөн жил манайх байгуулагдаад удаагүй байв. Энэ үзэсгэлэнг хамтран зохиоё гэсэн саналыг сарын өмнө манайд тавьсан. Өнөөдрийнх шиг ийм том хэмжээнд хамруулж чадаагүй. Инновацийн бүтээгдэхүүнийг сайн тодруулж олоод дэлгэж чадаагүй. Түүнээс хойш төлөвлөөд эртнээс бэлдээд энэ жилийн үзэсгэлэнг нээлээ. Бүх төрлийн инновацийг шинээр танилцуулж байна гэдгээрээ онцлогтой.

Хамрах хүрээ хэр их байв. Хөдөө орон нутгаас бүтээлүүд ирсэн үү?

-Улсын хэмжээнд бүгдийг хамарсан. Бид Дарханд Хөдөө аж ахуйн инновациудыг зохиосон. Шинжлэх ухааны сангаас дэмжиж хийсэн. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувь нь Улаанбаатар хотод байна. Хүн амын 50 хувь нь амьдардаг. Их сургуулиудын хэдэн хувь нь энд байгаа билээ. Инновацийн бүтээгдэхүүний нөөц бололцоо нийслэлд илүү байгаа. Нийслэл нь өөрөө Монгол Улсын инновацийн гол төв. Хөдөө орон нутгаас цөөхөн оролцож байгаа.

-Хүмүүсийн хамгийн ихээр сонирхлыг нь татаж, худалдан авч байгаа бүтээл юу байна?

-Био бэлдмэлүүд, залуучуудад зориулсан инновацийн дэд бүтэц чиглэлийн бүтээлүүд байна. Дээрээс нь апликейшний бүтээлүүд орж байгаа. Хүний хэрэгцээг яаж хангах, яавал хэрэгцээнд нийцэх талаас нь хийж, бүтээсэн олон бүтээлүүд хүмүүсийн сонирхлыг их татдаг гэв.

Үзэсгэлэнд сонирхол татсан таш олон бүтээлүүд байлаа. Хүүхдийн тоглоомоос эхлээд шинэ төрлийн хөгжим, Монгол хүний хөлийн онцлогт тохирсон гутал, ургамлаар хийсэн талх хүнсний бүтээгдэхүүн гээд тоочоод байвал дуусахгүй сонирхолтой зүйлс их харагдав. Үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн оролцогч “Оюуны хүрээ” компанийн “Оюуны төв” дэлгүүрийн эрхлэгч Б.Мөнхзул “Би энэ үзэсгэлэнд таван бүтээлээр оролцож байна. Манай компани сүүлийн гурван жил үйлдвэрлэл явуулж, хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх чиглэлийн бүтээл хийлээ. Анх бид оюуны тоглоом зарах чиглэлээр эхэлсэн. Одоо үйлдвэрлэгч болоод байна. Монгол гэр, мазаалай тоглоом, сүмо тоглоом, алаг мэлхий гэх мэт зургаан төрлийн бүтээгдэхүүн гаргасан. Цаашдаа арваад нэр төрлийн бүтээгдэхүүнийг гаргахаар судалгааны шатандаа явж байна. Бидний гол зорилго Монгол өв уламжлалаа хадгалах, сэргээх, өвлүүлөх юм. Жишээ нь Монгол гэр гэхэд гэрт цээрлэх ёс, Монгол гэртэй холбоотой түргэн хэллэг, оньсого таавар бүхий номтойгоо хамт, нэг бүрчлэн салгаж угсардаг тоглоом байдаг. Бүтээгдэхүүнийг хийсэн материалын хувьд хүүхдэд сөрөг нөлөөгүй. Шагай гэхэд анхдагч түүхий эд нь хүнсний зориулалттай хуванцраар хийсэн. Үйрч унахгүй, хазахад хүүхдийн шүд амыг гэмтээхгүй, няслахад гар өвтгөхгүй. Энэ бүтээлүүд маань мэргэжлийн хяналтын шинжилгээний бичигтэй. Дүгнэлт гарчихсан. Манай бүтээгдэхүүнүүдийг үзэсгэлэнгийн сонирхъё гэвэл УИД-ийн баруун талд Алтай центрийн таван давхраас ирж сонирхоорой. Манай дэлгүүр байгуулагдаад есөн жил болж байна. Дэлгүүрийн хамгийн анхны үйлчлүүлэгч одоо Анагаахын их сургуулийн гуравдугаар курсын оюутан болчихсон. Бидэн дээр ирсэн. Би танай хамгийн анхны үйлчлүүлэгч болж байсан гээд ярьсан. Одоо хүртэл би танай тоглоомоор тоглодог гээд хүн орж ирэхэд миний өмнөөс тайлбарлаж өгөөд л. Тэгэхээр тэр хүүхдийн тоглоом одоо хүртэл байж байна гэдэг манай компанийн бүтээгдэхүүн ямар чанартай гэдгийг харуулж өгч байгаа хэрэг” гэв.

Инновацийн үзэсгэлэн хоёр хоног үргэлжилнэ. Мөн мэдээллийн технологи, Нийгэм, соёлын инноваци, төрийн үйлчилгээний инноваци зэрэг инновацийн олон төрлүүдтэй бодитоор танилцах боломжтой.

С.ОТГОНБАЯР