Categories
мэдээ цаг-үе

Тайгын зул цэцэг

Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч С.Оюуны шинэ өгүүллэгийг хүргэж байна.

Өвгөн оточ бурхантай гүнгэрвааныхаа өмнө нам суужээ. Жижиг хүрэн авдар дээрх зулын гэрэл гүнгэрвааг гэрэлтүүлнэ. Намрын сүүл сарын жихүүвтэр энэ өдөр тайгын царамд гарч эмийн ургамал түүхээр явах гэж буй тул лус савдаг, ерэн есөн тэнгэр бурханд мөргөж, цэцгийн амь гуйж буй нь тэр. Түүний олбогийн хажууд баахан гялгар ууттай бэлэг сэлт хааш яайшхан овоолжээ. Шавилна гээд удаагүй нэгэн юу болсныг бүү мэд учир тоймгүй бэлэг сэлт өгч, та намайг тайгын цэцгэнд явахдаа аваад яваач гэж эх захгүй шалгаасанд өвгөн оточ эвгүйрхээд буй.

Багш мөргөж, залбирлаа дуусгаад эргэхэд залуу домботой цайнаас аягалан өглөө.

-Суусаар л байна уу… Яасан зовлонтой хүний үр гэж ийм цадиггүй байдаг байна аа. Одоо цаг ч дээ хэмээх багшийн үг их л цөхөрсөн янзтай байв.

-За яахав, чи надтай цуг яв. Гэхдээ нэг газар чамайг хоцрооно. Түүнээс цааш миний хойноос явахгүй гэж мэд. Цаадах нь тэгэлгүй яахав, тэгэлгүй яахав гэж уралдан хэлэв. Багш дахин юм хэлэлгүй ургамал түүхэд хэрэгтэй бүхнийг бэлдээд гэрийн хаяанаас таягархуу мод аваад гарлаа.

-Миний машинаар дөхөөд бууя гэвэл өвгөн би тэгж явж сураагүй юм аа гээд шуудхан алхав. Алхаж явна чинээ санаагүй залуу машинаас хувцсаа хам хум аваад араас нь гүйв. Багш амандаа юм уншин хажууд нь хүн яваа чинээ тоож байгаа янз алга. Нэлээд явсны дараа оточ, өглөөний уншлага дууслаа. Залуу минь чи ямар алба хашиж явсан гээд байлаа, мартчихаж?

-Наймаа маймаахан даа. Олигтой болоогүй. Тань шиг эм барьдаг болчихвол ч харин аятайхан бизнес санагдаад байгаа юм. Та эм барихыг бизнес гэж ер ойлгохгүй л байх шиг байна. Таны үе өнгөрсөөн.

-Эм барьдаг хүний гар цагаан байх учиртай. Чи нэг л буруу газар яваад байна уу даа.

-Би танд шавь ороод бүгдийг сурна. Надад авьяас бий. Ер нь энэ намраас таны хажууд л байж заалгая гэж чин сэтгэлээсээ хүсээд байна. Эхлээд эмийн цэцэг таньчихъя. Таньд шууд хоёр саяыг өгнө гэж чөлөө завгүй урсгав. Өвгөн эзгүй хээр хоёулахнаа явж байхад амалж байгаа мөнгө үү!!! гэж бодсон ч,

-Чи ч гар татдаггүй бололтой гэвэл залуу ихэд урамшин,

-Таныг яг энэ үеэр маш ховор эмийн цэцгэнд явдаг гэж сонссон л доо. Зул цэцэг гэл үү?

-Чи ер нь хэдэн зул цэцэг байдгийг мэдэх үү?

-Тийм олон байдаг юм уу?

-Эхлээд тэр тухай мэдчихээд явах байсан юм даа. Жаран жил би энэ эрдэмд сураад дуусаагүй л байна. Шавийн ёс жудаг гэж мэдэх үү. Ёс мэдэхгүйгээр шавь гэж байхгүй. Чи өөрөө л намайг багш гээд байгаагаас бус би чамайг шавь гэж хэлээгүй байх аа. Надад хадаг барьж шавилсан шавь нар гэхэд одоо болтол намайг дагаж яваагүй л байна. Хэзээ би хэлнэ. Тэд явна. Ийм байдаг ёстой. Тэгэхээр одоо чи энд үлдэнэ. Би цааш явна гэх үед тэд нэг их модтой уулын энгэрт ирсэн байлаа. Эзгүй ойд ганцаар үлдэхээс эмээсэн залуу,

-Энд үү? Би айж байна.

-Айхаа давж сур. Чи яагаад намайг ганцаараа явдаг гэж бодож байна? Эмийн цэцэг эмзэгхэн. Хүний мөр, тоос хүргэж болдоггүй юм. Надад тоогдож шавь болбол чинь би нэг өдөр чамайг царамд авч явна аа. Арван жил, үгүйдээ таван жил миний дэргэд зарагдаад тэгээд л сурна даа гэчихээд хаяад алга болов. Тэр хоёр ихээ хол газар хороосон атал ийм хэдхэн үг солилцжээ.

Өвгөн алхсаар байлаа. Ногооноороо байгаа хэсэг бутан дундуур зориуд гарав. Тэр бутнууд хүн хүрэхээр л өмхий үнэр ханх тавьдаг, мөр буруулах хүн тэр бутан дундуур заавал өнгөрдөг ажээ.

Битүү модтой тайгын дунд модны цоорхойгоор туссан гэрэлд эмийн ургамал харагдавч өвгөн гар хүрэлгүй баруун тийш, тэгснээ зүүн тийш мөр буруулан алхаж, навч тасдан амандаа хийж явлаа. Тэгж явахдаа хэдэн шавь нараа бүртгэн бодов. Ингэж их санааширсан нь ер үгүй. Салахгүй дагах энэ нөхрөөс болоод ийн бодоход хүрчээ.

За байз надад энэ ургамлыг нүдлүүлчих үнэнч шавь хэд билээ? Уул хаданд алхаад байх нас биш болж байдаг. Гэтэл би үнэнч шавийн талаар өнөөдөр л бодох гэж. Сүүлийн үед хадаг барьж ирэх хүн олширлоо. Энэ ч сайны ёр биш ээ. Нэг шавь байж болох юм. Тэр эрдмээ зааж өгөөч гэж нэг удаа ам ангайгаагүй ч тан найруулахаас эхлээд их юм сурсан. Өөрөө үхлийн ирмэг дээрээс сэхсэн хүн. Хүний өвчин шаналлыг ойлгоно. Тэрэнтэй л орой үдэш суухаас. Арван жилийн нас ч надад байна аа. Өлхөн сургачихна хэмээн бодоод сэтгэл нь амраад ирэв.

Түүний багш маарамба их эрдэмтэй нэгэн байсан бөгөөд шавийг олох амархан, үнэнчийг олох амаргүй гэдэг үгийг байнга л чихэнд нь уяж, хэвтэрт орохынхоо өмнөхөн л энэ цэцэгт хүрэх замыг заажээ. Чи ч нэг л үнэнч шавьд энэ цэцгээ нүдлүүлдэг юм шүү хэмээн ам тангаргийг нь авч билээ. Гэтэл одоо энэ цэцгийг нүдлэх гэж үхэн хатан тэмцэх болов. Ай хөөрхий, хүний явдлаа гэж… Сууж буй чулууных нь хажууд баавгайн хэдэн хоргол харагдав. Түүж хийгээд нэгийг дундуур нь хугалбал ургамал ханхийгээд л явчихлаа. Одоо буцахад ч таарна гэж өөртөө хэлээд өвгөн эргэж алхлаа.

Оточийг нөгөө бутны дэргэд ирэхэд бодсон ёсоор нь залуу тавгүйрхсэн байдалтай, хаачихаа мэдэхгүй сууж байв. Гэнэт гарч ирсэн оточийг хармагц царай нь хувхай цайлаа. Мөшгиж явсныг нь ингээд мэдчихнэ гэж бодоогүй байжээ. Багшийн нүд хилэнтэйеэ харагдсан ч дуу нь ер бусын эелдгээр,

-Тоогүй. Чиний үнэнчийг би шалгасан юм. Эм барих эрдмийн хүн биш байна. Бэлэг сэлт, мөнгөө аваад буцаарай. Өөрт минь зохилтой бол би гуйгаад л авчихдаг, харин зохилгүй бол орон гэртээ байлгадаггүй юм. Энээхэн дор нэг айлд одоо очно. Намайг урьсан юм.

-Та цэцгээ түүгээ юу?

-Арай болоогүй байна. Баавгайн хэдэн хоргол л түүлээ. Эмийн найрлагад ордог юм. Үнэрт гээд нэг хоргол савны ёроолоос гарган хугалж өгөв.

-За мөр мөрөө хөөе. Хүү минь зөв сэтгэлтэй яваарай. Түүний дараа санасан бүхэн чинь бүтнэ гээд өвгөн оточ, модоо тулсаар явчихав.

Өө, үхсэн, зул цэцгэнд явна л гээд байсан, намайг л шалгах гэж тараасан үг байж. Энэ хөгшинд ингэж чадуулах гэж. Мөнгө худлаа амалж, элдэв дээдийн муу юм хийж явсныг минь мэдчихсэн юм шиг яадаг өгөр вэ. Түй.

Агсагдаж, ядарсан залуу мэддэг муу үг бүхнээ амандаа үглэсээр буцаж явахад тайгын зул цэцгийн эмийн чанар нэгэнт боловсорч гүйцэж байлаа.

Categories
мэдээ цаг-үе

Ш.Цолмон: Шинэ Эрүүгийн хууль хүн бүрт ялгавартай хандах нөхцөлийг бий болгочихсон байна

Хуульч, өмгөөлөгч Ш.Цолмонтой ярилцлаа.


-Та манай сонинд яагаад хандах болов?

-Манай үйлчлүүлэгч Д.Баасандорж нь 2015 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт ажлынхаа хүнийг буудалд байхад нь авах гэж очоод гэмт хэрэгт холбогдсон. Үйлчлүүлэгч маань хэрэг гардаг өдөр ажлынхаа таван ажилчин дээр очсон. Очиход тэд нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Хоорондоо ямар нэг байдлаар муудалцаж, нэг нэгнийгээ гэмтээсэн байдалтай байсан гэсэн. Бүгдийнх нь биен тус газар зүссэн, ямар нэг байдлаар гэмтсэн байсан гэсэн. Гэтэл манай үйлчлүүлэгчийг хэрэгт холбож, худал мэдүүлэг өгсөн нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Ингээд манай үйлчлүүлэгч хүнийг санаатай алах гэсэн үндэслэлээр ял эдэлж байна. Хэргийг үнэн бодитой шийдвэрлэх хэрэгтэй. Шат шатны шүүгчид манай үйлчлүүлэгчийн ялын эдлэх хэмжээг хөнгөрүүлэх гэж оролдсон байна лээ. Гэхдээ ерөнхийдөө мөрдөн байцаах ажиллагаа нотлох баримт, эд мөрийн баримт цуглах, шинжилгээ хийсэн зэрэг нь алдаатай, асуудалтай байна. Тиймээс бид гомдолтой байгаа. Үндсэн хуулийн Цэц ял дүйцүүлэхийг манай үйлчлүүлэгчийн нөхцөл байдалд хэрэглэхгүй гэж үзсэн байна. Иймээс Үндсэн хууль зөрчсөн гэдгийг нь тогтоолгох, дүгнэлт гаргуулах хүсэлтэй байгаа. Үүнтэй холбоотой хянан шийдвэрлэх ажиллагаанууд явагдаж дууссан. Анх 2016 оны аравдугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоол гарсан байдаг. Манай үйлчлүүлэгчийг өмнөх Эрүүгийн хуулийн 94.1 дэх хэсгээр зүйлчилсэн. Ингээд хоёр жилийн хорих ялаар шийтгэсэн юм. Тухайн үед прокурорын зүгээс эсэргүүцэл гаргасан байдаг.

-Прокурорын зүгээс гомдол гаргахад хэргийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх рүү буцаасан байсан. Харин зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 91.1 болгож өөрчилсөн. Энэ нь “Хүнийг санаатай алах” гэсэн зүйл заалт юм. Тэгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр буюу зургаан жил найман сар, арван хоногийн хорих ял оногдуулсан. Иймээс өмгөөлөгч нар гомдол гаргаж, шат шатны дагуу явсан.

-Ямар шалтгааны улмаас та бүхэн гомдол гаргасан юм бэ?

-Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс магадлал гаргасан нь ялын хэмжээг хэвээр үлдээсэн байна лээ. Сүүлд өнгөрсөн сарын 5-ны өдөр Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тогтоол гарсан юм. Уг тогтоолоор хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр “Хүнийг санаатай алсан” гэж үзэж зургаан жилийн ялыг хэвээр үлдээсэн. Энэ хэрэг дээр надаас гадна хэд хэдэн өмгөөлөгч ажиллаж байна. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр батлагдаж, 2017 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Манай үйлчлүүлэгчийн холбогдсон хэрэг 2002 оны Эрүүгийн хуулиар шийдэгдсэн. Эрүүгийн хуулийн 91.1 дүгээр зүйл нь “Хүний санаатай алах” гэдэг одоогийн шинэчилсэн найруулгаар 10.1 дүгээр зүйл болсон. Энд хуулийг буцаан хэрэглэх гэсэн асуудал гарч ирж байгаа юм.

-Таны үйлчлүүлэгчийн холбогдсон хэрэгт ямар нэг хууль зөрчсөн асуудал байгаа юм уу?

-Манай үйлчлүүлэгч Эрүүгийн хуулиар хамгийн багадаа 10-15 жилийн ялаар шийтгүүлэх байсан. Харин шинэ Эрүүгийн хуулиар 8-15 болж, багассан юм. Иймээс ял дүйцүүлэх хүсэлтээ гаргах гээд бэлдэж байгаа. Нэг хүндрэлтэй зүйл байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль 2016 оны тавдугаар сарын 13-нд батлагдаж, 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт “Тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд, шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заасан. Гэтэл Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн гурав дугаар зүйлд, манай үйлчлүүлэгчийн хэрэгт буцаан хэрэглэхгүй байх нөхцөлийг нь хязгаарлаж өгсөн. Ийм заалт оруулсан. 2017 оны долдугаар сарын 1-нээс өмнө ялаар шийтгүүлсэн этгээд нь 2015 оны арванхоёрдугаар сарын 3-нд баталсан Эрүүгийн хуулийн зохих хэсгийн заалтад “Оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна” гэж хязгаарлаж өгсөн. Өөрөөр хэлбэл, манай үйлчлүүлэгчээс гадна олон хүн хуучин хуулиараа Эрүүгийн хуулийн 91.1-т заасны дагуу шүүх бүрэлдэхүүнээс нь зүйлчлэхэд тухайн этгээд хэрвээ гэмт хэрэгт учирсан хохирлыг барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх зэрэг хөнгөрүүлэх нөхцөлийг бий болгож, заасан байдаг. Энэ зүйлээр хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бий болгодог. Арван жилийн ял авсан байлаа гэхэд дүйцүүлж, зургаан жил болдог ч юм уу. Ингэж хуульд заасан. Гэтэл бид ял дүйцүүлэх хүсэлт гаргая гэхээр Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан нөхцөлөөс болж, хүндрэл бэрхшээл тулгарсан.

-Тодруулбал?

-Хууль буцаан хэрэглэх боломжгүй байдал үүсчихсэн. Бид одоогоор Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Эрүүгийн хэргийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Эрүүгийн хуулийн заалтыг зөрчсөн байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан эрхийг хязгаарласан байна гэсэн үг. Эрүүгийн хэргийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг мөрдөхөд анхаарах зүйлс, зарчим гэж бий. Шинээр тогтоосон журам дээр нь нарийвчилж, оруулж өгөх ёстой. Хамгийн ноцтой нь үндсэн зарчмыг нь зөрчсөн байдлаар журмыг нь хуульд оруулчихсан байна. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх хууль нь Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

-Ямар заалтыг зөрчсөн байна вэ?

-Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж тунхагласан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон уг баталгаа нь хууль тогтоогч, хэрэгжүүлэгч эрх бүхий байгууллагын зүгээс эрх, үүрэг, хариуцлага гурвыг ямар нэгэн ялгаваргүй тогтоох ёстой. Улмаар энэ нь хэрэгжүүлэх агуулга бүхий зарчмын илэрхийлэл юм шүү дээ. Нэг ёсондоо аль нэг хэсэг бүлэг хүмүүст давуу буюу дутуу эрх олгох, илүү үүрэг хүлээлгэх, эсвэл үүргээс чөлөөлөх нөхцөл үүссэн гэсэн үг. Хууль зөрчсөн тохиолдолд хүнд буюу хөнгөн хариуцлага оногдуулах хууль гаргах, хуулийн заалтыг ялгавартай хэрэглэж болохгүй. Иймээс Үндсэн хуулиар иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим, эрхийг нь зөрчсөн байна гэж үзэж буй.

-Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль нь хүний эрхийг зөрчиж байна гэсэн үг үү?

-Төр засгаас ялын бодлогыг тодорхойлохдоо ялгавартай биш, эрх тэгш байдлыг зарчмын үндсийг бий болгож, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон ажиллах ёстой. Гэтэл шинэ Эрүүгийн хууль нь хүн болгонд ялгавартай хандах нөхцөлийг бий болгосон. Өөрөөр хэлбэл, хэсэг бүлэг хүмүүсийн хэрэг бусдаас өөрөөр шийдвэрлэгдээд байна. Мөн Эрүүгийн хуулийн 6.7 дэх заалт гэж бий. Тухайлбал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэх талаарх заалтыг зохицуулж өгсөн байгаа юм. Эрүүгийн хуулийн 6.7-гийн нэг дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн, нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж заасан. Гэтэл гэм буруугаа хүлээсэн зөвшөөрсөн хүнд 6.7 дугаар заалтыг хэрэглэхийн тулд аливаа нэг хэрэгт сэрдэгдэж байгаа ч юм уу, ялтан нь өөрөө хэрэг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрвөл ялаа хөнгөрүүлэхийн тулд өөрөө “гэмт хэрэг үйлдсэн гэдгээ заавал хүлээн зөвшөөрсөн байх ёстой” гэсэн шинэ нөхцөлийг оруулж өгсөн байна. Өмнө нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар болон гэмт хэргээс учирсан хохирлыг арилгасан хүнд ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байсан. Одоо гэмт хэрэг үйлдсэн, нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний ялыг хөнгөрүүлэх нөхцөлтэй болгосон. Энэ нь Үндсэн хуулийг зөрчсөн.

-Үндсэн хуулийн ямар заалтыг зөрчсөн байна…

-Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Аливаа гэмт хэрэгт холбогдсон хүн өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх эрхтэй, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг хориглоно” гэж заасан байдаг. Ар гэрийнхэн нь ч гэсэн хамгаалах эрхтэй. Энэ заалтыг зөрчсөн. Тодруулбал, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ялыг хөнгөрүүлж болно гэдэг нь өөрөө ял тулгаж буй хэлбэр гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон, шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцохгүй байх. Мөн хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэсэн байдаг. Төр засаг өөрөө баталсан хуулиа хэрэглэж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг илрүүлэхдээ гэмт хэрэг үйлдсэн болохыг үндэслэлтэйгээр хуулийн дагуу нотлон тогтоох үүрэг хүлээдэг. Эрүүгийн эрх зүйн нэг онцлог нь гэмт хэрэгт холбогдогч хүн өөрийн гэм буруутай байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй. Үүний баталгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмаар баталгаажсан байдаг. Энэ асуудлыг тодруулах хэрэгтэй байна. Манай үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл заалтыг хэрэглэхгүй гэж үзсэн. Уг асуудлаар Ерөнхийлөгчид хандана гэсэн төлөвлөгөөтэй байна. Үндсэн Хуулийн цэцэд хандчихсан байгаа, тэд үндэслэлийг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Бид Хүний эрхийн байгууллагатай хамтарч ажиллана. Үйлчлүүлэгчийн маань холбогдсон хэргийг зөв үнэн шийдэгдэх хүртэл нь эцсээ хүртэл тэмцэнэ.


Categories
мэдээ нийгэм

“Новости Монголии” сонин “Миний мэдэх Орос орон” уралдааны шилдгүүд тодорлоо

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагиас эрхлэн гаргадаг “Новости Монголии” сонины санаачилгаар Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ хамтран анх удаа Орос хэлний сургалттай сургуулиудын сурагчдын дунд “Миний мэдэх Орос орон” зохион бичлэгийн уралдааныг өнгөрсөн гуравдугаар сард зарлан зохион байгуулсан юм. Тэгвэл тус уралдаанд оролцож тэргүүлсэн сурагчдыг өнөөдөр МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд хүлээн авч, шагналыг гардууллаа.
Арга хэмжээнд МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Евгений Иванович Лиштованый, Монгол судлаач Юрий Кручкин, ЭСЯ-ны хэвлэлийн атташе Ксения Панкова болон МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий редактор Н.Лхагвасүрэн, “Новости Монголий” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Ю.Дэлгэрмаа нарын албаны хүмүүс оролцсон юм.

Уралдааны хөндлөнгийн шүүгч, Монгол судлаач Юрий Кручкин сурагчдад Германы Канцлер Ангела Меркель, АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Обама нарын алдартай хүмүүс Орос хэл сурч ажил, амьдралдаа нэвтрүүлж, амжилтаа ахиулсныг тодотгов.


Орос хэлний сургалттай сургуулиудын 11-12 дугаар ангийн сурагчдын дунд зохиогдсон эл уралдаанд нийт 49 хүүхэд оролцсноос ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх 14 дүгээр сургуулийн 11 А ангийн сурагч Н.Энхдөлгөөн тэргүүлж нэгдүгээр байрт шалгарлаа. Шагналыг МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг гардуулан сурагч Н.Энхдөлгөөнд амжилт хүсэв.
Удаах байранд Монгол-Оросын хамтарсан 3 дугаар дунд сургуулийн сурагч Н.Саран, гуравдугаар байрт “Руссая гимназия” үлгэр жишээ дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Ундаръя нар шалгарсан бөгөөд шагналыг ОХУ-ын ЭСЯ-ны яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Евгений Иванович Лиштованый, Монгол судлаач Юрий Кручкин нар гардууллаа.
Уралдаанд тэргүүлсэн 14 дүгээр сургуулийн 11 А ангийн сурагч Н.Энхдөлгөөн, “Тэргүүн байр эзэлсэндээ маш их баяртай байна. Амьдралын маань нэгэн шинэ үе эхэлж байна. Орос хэлийг 8 наснаас эхлэн сурсан. Энэ утгаараа орос хэл миний амьдралын нэгээхэн хэсэг юм” гэв.

МОНЦАМЭ агентлаг ОХУ-ын ЭСЯ-тай хамтран “Миний мэдэх Орос орон” уралдааныг үргэлжлүүлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо. Мөн тус агентлагаас таван хэлээр эрхлэн гаргадаг сонинуудын нэрэмжит зохион бичлэгийн улсын уралдааныг жил бүр зохион байгуулж өргөжүүлнэ хэмээн МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг мөн үеэр онцлов.

Тухайлбал “Хүмүүн бичиг” сониноос “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг 21 дэх жилдээ зохион байгуулаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Инженерүүдийн мэргэжил аргазүйн цугларалт боллоо

Гадаадын иргэн, харьяатын газрын боомт, орон нутаг дахь газар хэлтсүүдийн инженерүүдийн мэргэжил аргазүйн цугларалт өнөөдөр эхэллээ. Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын газрын Мэдээллийн технологийн хэлтсээс мэдээллийн технологийн ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, ашиглагдаж буй программ хангамж, хийгдэж буй шинэлэг ажлын талаар харилцан туршлага солилцох, мэдээллийн технологитой холбоотой шинэ мэдээ мэдээллээр хангах зорилгоор боомт, орон нутаг дахь газар хэлтсүүдийн инженерүүдийн мэргэжил аргазүйн цугларалтыг энэ сарын 10,11-ний өдрүүдэд зохиолоо.

Энэхүү мэргэжил арга зүйн цугларалтад төв болон боомт, орон нутаг дахь газар, хэлтсийн 20 орчим инженерүүд оролцосон. Мэргэжил арга зүйн цугларалтаар мэдээллийн технологийн чиглэлээр ашиглах программ хангамжууд болоод өнөөгийн байдал, ололт, амжилт болон тулгамдаж буй асуудал, хөгжлийн чиг хандлага, цаашид анхаарах зүйлсээ ярилцаж, харилцан туршлага солилцов. Түүнчлэн “ Тоног төхөөрөмжийн танилцуулга, шийдэл”, “Сүлжээний аюулгүй байдал”, “Мэдээллийн аюулгүй байдал” зэрэг сэдвээр гадны байгууллагын мэргэшсэн инженерүүд мэдээлэл, зөвлөгөө өгөх юм.

Categories
мэдээ улс-төр

Тендерийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн төслийг өнөөдөр (2018.05.11) Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг Улсын Их Хурлаас 2005 онд батлан 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хуульд өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 23 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Дээрх хуулийг хэрэгжүүлэх явцад худалдан авах ажиллагаанд цахим системийг боловсронгуй болгох, үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчинд ээлтэй бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, үндэсний үйлдвэрлэл, дотоодын бизнесийн орчныг төрөөс дэмжих, түүнчлэн олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилсан худалдан авах ажиллагааны тогтолцоог нэвтрүүлэх зэрэг асуудлуудыг хуульчлах практик шаардлага үүссэн байна.

Авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, нээлттэй ил тод цахим засаглалыг бэхжүүлэн хөгжүүлэх, иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүртээмжтэй хүргэх зорилгоор цахим худалдан авах ажиллагааны ойлголтыг тодорхой болгох, үйл ажиллагааг нь улам өргөжүүлэх үүднээс цахим худалдан авах ажиллагаатай холбоотой зохицуулалтыг дэлгэрүүлж, худалдан авах ажиллагааны шуурхай зохион байгуулалтыг хангах зорилгоор урьдчилан худалдан авах ажиллагаа, байгаль орчинд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих зорилгоор ногоон худалдан авах ажиллагааг хуулийн төсөлд тодорхойлж, холбогдох заалтыг нэмсэн байна.

Түүнчлэн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хуулийн холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгож, зохих өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгасны зэрэгцээ худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах үүднээс тендерийн хүчинтэй байх хугацааг багасгасан гэж төсөл санаачлагчид танилцуулгадаа дурджээ. Мөн барьцаа төлбөр байршуулж гомдол гаргах, гомдол нь үндэслэлтэй бол барьцаа төлбөрийг буцаан олгох зохицуулалтыг нэмж тусгасан бөгөөд ингэснээр үндэслэлгүй гомдол гаргах явдал буурна гэж үзжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төслийг өнөөдөр (2018.05.11) Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль 2000 онд батлагдсанаас хойш 4 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Өнгөрсөн хугацаанд дээрх хуулийг хэрэгжүүлэх явцад зарим заалт нь хэрэгжих боломжгүй болсон тул хасах, зарим зохицуулалтыг нарийвчлан тодорхойлох, шинээр зохицуулалт нэмэх, журмаар зохицуулж байгаа зарим асуудлыг хуульчлах шаардлагатай болсон тул хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, хуулийн зорилтыг шинэчлэн томьёолжээ. Хуулийн төсөл нь 4 бүлэг, 23 зүйлтэй бөгөөд хуулийн төслийн нэрийг “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай” гэж өөрчилж, хэрэгжүүлэх чиг үүргийг нь харгалзан “Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар” гэснийг хуулийн төсөлд “Албадан эмчлэх эмнэлэг” гэж нэрлэсэн байна. Одоогийн мөрдөж байгаа хуульд албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд байдаг бөгөөд түүний албадан эмчлэх мэргэжлийн удирдлагыг эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлэхээр заасан боловч мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажил хангалтгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад эмч, мэргэжлийн удирдлага, хүний нөөцөөр хангах, мэргэшүүлэх, давтан сургах чиг үүрэг байдаггүй тул мэргэжлийн удирдлагаар хангах эрүүл мэндийн байгууллагыг Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллага байхаар зааж, уг байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг хуулийн төсөлд тодорхой тусгажээ.

Судалгаанаас үзэхэд гадаад улсад донтох өвчинтэй тэмцэх нь өндөр өртөг бүхий эмнэлгийн үйлчилгээ шаарддаг хэдий ч уг үйлчилгээ нь нийгэмд хэмжихээргүй эерэг үр дүнтэй байдаг тул тухайн үйл ажиллагаанд хөрөнгө төсөвлөх хэрэгтэй гэж үздэг байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд албадан эмчлэх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр зохицуулж байгааг хуулийн төсөлд хэвээр үлдээв. Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6.6-д сэтгэцийн эмгэгийн эмчилгээний төлбөрийг төр хариуцахаар заасан байна. Албадан эмчилгээний өнөөгийн үр дүнг бууруулахгүй байх, албадан эмчилгээнээс зайлсхийх явдлыг гаргуулахгүй байх, эмчлүүлэгчийн нийгмийн байдлыг дээшлүүлэх зорилгоор тодорхой мэргэжилгүй, ажилгүй эмчлүүлэгчдэд зориулан албадан эмчлүүлэх хугацаанд нь нөхөн сэргээх эмчилгээтэй уялдуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн холбогдох заалтад нийцүүлэн ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг явуулж болох тухай зохицуулалтыг хуулийн төсөлд оруулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Бага боловсролын мэргэжилтнүүд туршлага солилцлоо

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Боловсролын түвшин, чиглэл тус бүрээр үнэлгээний систем, шалгуур, аргачлалыг хянан сайжруулж, үйлчилгээний чанар, үр дүнг эцэг эх, сурагчдын оролцоотой үнэлэх боломжтой болгох” зорилт тусгасан.

Боловсролын хүрээлэн, Боловсролын Үнэлгээний төвөөс боловсролын үнэлгээний олон улсын чиг хандлага, үнэлгээний төрөл бүрээр даалгавар боловсруулах арга зүй, суралцагчийн зан төлөв, хандлагыг үнэлэх чиглэлээр сургалт, семинарыг удирдан, дадлага ажлын хүрээнд бага боловсролын үнэлгээ, түүний тулгамдсан асуудлаар шийдэл, гарцыг хэлэлцлээ.

Мөн салбарын яамнаас 2017-2018 оны хичээлийн жилийн зорилтын хэрэгжилт, тулгамдсан асуудал, 2018-2019 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэх сургалт-семинарыг тавдугаар сарын 21-25-нд аймаг, нийслэлийн БСУГын дарга, ахлах мэргэжилтэн, ЗДТГын боловсрол хариуцсан мэргэжилтнүүдийн оролцоотой зохион байгуулахаар боллоо.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БОДЛОГЫН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Эрдэм шинжилгээний ажилтныг жил бүр аттестатчилна

Эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилах журамд нэмэлт, өөрчлөлт оруулан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Журамд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/242 тоот тушаалыг баталлаа. Үүнтэй уялдуулан өмнөх журмаар зохицуулагдаж байсан зэрэг дэвийг хадгалах болон бууруулах үндэслэлийг хассан болно.

Журамд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хүндэтгэн үзэх шалтгаанаар ээлжит аттестатчилалд хамрагдаагүй эрдэм шинжилгээний ажилтныг жил бүр аттестатчилах шаардлага болон аттестатчилал явуулах хугацаа зэргийг тодорхой тусгаад байна. Мөн аттестатчиллын комиссын бүрэлдэхүүн болон үнэлгээнд өөрчлөлт орууллаа. Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийг ахиулах зорилгоор үнэлгээний оноог үндэслэн аттестатчиллын комиссын авах арга хэмжээг зэрэг дэвийг ахиулах, хугацаатай боломж олгох, ээлжит аттестатчилал хүртэл зэрэг дэвийн асуудлыг хэлэлцэхгүй байхаар зохицуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Сурах бичигт багш нарын саналыг тусган, сайжруулж байна

БСШУСЯ-наас Ерөнхий боловсролын сургуульд хэрэглэж буй сурах бичгийн талаар багш нараас санал авах ажлыг зохион байгууллаа.

2017-2018 оны хичээлийн жилд I-XI ангийн сургалтад хэрэглэж буй 118 нэрийн сурах бичигт хот, хөдөөгийн ерөнхий боловсролын 350 гаруй сургуулийн нийт 4060 багш давхардсан тоогоор 12000 гаруй санал ирүүлсэн байна.

Багш нараас сурах бичгийн агуулга, арга зүй, үнэлгээ, дасгал даалгаврын боловсруулалт, анги болон сэдэв хоорондын залгамж холбоо, хэл найруулга, зураг дүрслэлийн чиглэлээр ирүүлсэн саналыг нэгтгэж, дүн шинжилгээ хийж байна.

Энхүү дүн шинжилгээний үр дүнд үндэслэн сурах бичгийг засан сайжруулсны дараа хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нөхөн хангалтын сурах бичгийг хэвлэн ерөнхий боловсролын сургуулиудад хүргэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүрэлтогоотын семинарт “Эдийн засаг, менежмент” номинаци нэмэгдлээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/222 тоот тушаалаар залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, грант шагнал олгох журамд “Эдийн засаг, менежмент” гэсэн номинацийг шинээр оруулан баталлаа.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын залуу эрдэмтдийн холбоотой хамтран залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал “Хүрэлтогоот семинар”-ыг жил бүр уламжлал болгон зохиодог. Энэхүү хурлаар залуу судлаачдын шилдэг илтгэлийг хэлэлцүүлэн шалгаруулж, салбарын сайдын нэрэмжит грант шагнал олгодог юм. Ингэснээр Хүрэлтогоотын семинарын шилдгүүдийн тоо 14 болж нэмэгдлээ.