Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн өргөө амаржихын хашаанд мод тарьж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав


Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн зарлигийн дагуу жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан юм.

Энэхүү Мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүхт 90 жилийн ой нь тохиож буй Нэгдүгээр төрөх буюу Нийслэлийн өргөө амаржихын хашаанд эмнэлгийн ажилчдын хамт мод тарилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Мод тарих үндэсний өдөр зарлах тухай зарлиг гарснаас хойшх долоон жилийн хугацаанд 10 сая гаруй мод тарьснаас 7 сая гаруй нь ургасан байдаг талаар дурдаад бүх нийтээрээ мод тарих нь зөв ч мод суулгах, тарихдаа мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг авах, мод тарьсны дараа арчилгаа, ургалтад маш сайн анхаарах ёстой талаар ярьсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон эмнэлгийн ажилчдад өмнийн говьд 150 мянга гаруй мод болон говийн нэн ховор, ховордсон ургамлуудыг тарьж есөн га талбайг ойжуулж, усжуулсан Байгаль орчны гавьяат ажилтан Д.Бараадууз мод тарих, цаашид хэрхэн арчилж хамгаалах талаар зөвлөгөө өгсөн юм.

Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн зарлиг гарснаас хойш буюу 2010-2017 оны хооронд 16 удаагийн бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулсан бөгөөд нийт 1 сая 270 мянга гаруй иргэн 68.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож 10.5 сая мод тарьсан байна. Тарьсан моддоос 7.8 сая нь ургаж, амьдралын хувь нь 75 хувьд хүрсэн байдаг байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мод тарьсны дараа Нийслэлийн өргөө амаржихын үйл ажиллагаатай танилцсан. Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Анагаах ухааны доктор Г.Баясгалан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эмнэлгийн үйл ажиллагаанд анхаарахын зэрэгцээ хүчилтөрөгч илүү шаардлагатай байдаг эмнэлэг, эмнэлэг орчмоор мод тарих асуудалд онцгой анхаарч байгаад талархаад, эмнэлгийнхээ үйл ажиллагааг танилцуулсан юм. Түүний танилцуулгад дурдагдсанаар Нийслэлийн өргөө амаржихад төрөх өрөө хангалтгүйгээс гадна төрөх өрөөний тохижилтийг сайжруулах шаардлагатай байгаа юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ өөрөө Нэгдүгээр төрөх эмнэлэгт мэндэлж байсан талаараа хэлж, эмнэлгийн зүгээс тавьсан санал, хүсэлтийг цаашдын үйл ажиллагаатайгаа уялдуулан анхаарч ажиллахаа хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Татвар бидний амьдралд” уралдааны дүн гарчээ

ЗурагТатварын ерөнхий газраас тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, ирээдүйн татвар төлөгчдөд татварын мэдлэг олгох, татвар төлөх нийгмийн сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан сургалт, сурталчилгаа, уралдаан тэмцээнүүд зохион байгуулсан байна.

Энэ хүрээнд дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Татвар бидний амьдралд” сэдэвт зохион бичлэгийн уралдаан зарлаж, дүнгээ гаргасан байна. Уралдаанд Нийслэлийн нэгдүгээр сургуулийн 9б ангийн сурагч Б.Гоомарал тэргүүн байр эзэлж, Э.Намуундөл хоёрдугаар байрт шалгарчээ.

Categories
мэдээ спорт

Чөлөөтийн охид Ташкентийн дэвжээнээс гурван медаль хүртжээ

Бөхийн төрлүүдийн 2018 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкентэд болж байна. Чөлөөт бөхийн охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын жингийн барилдаан өчигдөр болж, манай улсаас охидын 40 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин Батсайханы Номун, 69 кг-д Архангай аймгийн тамирчин Ганболдын Намунцэцэг нар мөнгө, 61 кг-д Завхан аймгийн тамирчин Батхуягийн Оюунгэрэл хүрэл медаль хүртэв.

Өнөөдөр хөвгүүдийн 65, 71, 80, охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын жингийн барилдаан болно. Эдгээрээс долоо нь “Буэнос-Айрес-2018” дэлхийн өсвөр үеийн олимпийн наадмын эрх олгох жин юм.

Categories
мэдээ нийгэм

Монголыг тойрон аялахад үзэх газрууд 6

Сайхан Монгол орон зурган илэрцүүд

Урин дулаан цаг ирж аялал зугаалга эхлэх гэж байгаатай холбогдуулан Монгол улсын 21 аймгуудын гайхамшиг болсон заавал очиж үзэх учиртай үзэсгэлэнт газруудын дөрөв дахь цувралаа толилуулж байна.

Увс нуур зурган илэрцүүдУВС АЙМАГ

1.Увс нуур

Нуурын талбай нь 3350 хавтгай дөрвөлжин километр бөгөөд далайн төвшнөөс дээш 759 метрт оршдог. Урт нь 84 километр, өргөн нь 79 километр, гүн нь 10-20 метр гүехэн нуур юм. Увс аймгийн зүүн хойд хагаст орших, Монгол орны хамгийн том талбайтай, гадагшаа урсгалгүй, давстай, тогтмол нуур юм. Далайн давснаас тав дахин их давстай нуур хэмээдэг. Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Хөндлөн зэрэг 38 гол горхи цутгана. Алтайн сугас, эрээн жараа зэрэг загастай. Нуурын хөвөөнд зэгс, дэрс, бут, сөөг, өлөн, шагшуурга, бургас улиас зэрэг ургамал ургана. Ханхөхийн нуруу нь Их нууруудын хотгор уруу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана.

Увс нуур, түүний цутгал голуудын ай сав, дагуу хар мод, хуш, улиас, зэгс, чацаргана, чихэр өвс, үхэр манжин зэрэг олон зүйлийн ургамал ургана. Бор гөрөөс, гахай, буга нутагшсаны гадна олон төрлийн жигүүртэн шувууд, загас жараахай байдаг. 245 зүйл шувууд энэ бүс нутагт бүртгэгдсэн бөгөөд нэн ховорт тооцогдох халбаган хошуут, цасч дэглий, ямаан сүүлт, итэлгэн цахлай, ухаа шумбуур, усны цагаан сүүлт бүргэд зэрэг ус намгийн шувууд бий.

Хяргас нуур зурган илэрцүүд2.Хяргас нуур

Увс аймгийн Завхан, Наранбулаг, Цагаанхайрхан, Малчин, Хяргас сумын нутагт Их нууруудын хотгорт, Ханхөхий нурууны урд хэсэгт, Нуурын гадаргын талбай нь 1407 хавтгай дөрвөлжин километр, хамгийн урт нь 75 километр, өргөн 31 километр, дундаж өргөн нь 19 километр, усны мандал нь далайн төвшнөөс дээш 1028 метр өндөрт оршино.

Хяргас нуур нь тектоникийн хотгорт тогтсон учрахас эргийн шугам хэрчилт ихтэй. Тийм учраас хэд хэдэн нарийн хошуу түрж орсон байдаг. Тэдгээрийн дотор хамгийн том нь Нуурын шугам бөгөөд 7 километр байдаг бол Чацарганы шугам нь 4 километр, Могойн шугам нь 5 километр байдаг.

Нуурын эргээс жаахан гүн рүү ороход 40-50 метр хүртэл гүнзгий болно. Хамгийн гүнзгий нь Чацарганы шугам орчимд 80 метр хүрнэ. Хяргас нуур нь гүн эзлэхүүн зэргээрээ Их нууруудын хотгорын бусад нуураас хавьгүй томд тооцогдоно. Хар ус нуурын системийн дотор хамгийн нам дор орших том нуур бөгөөд Алтайн хангайн уулархаг нутгаас эх авч Их нуурын хотгор руу урсах бүх голуудын төгсгөл болно.

Алтайн нурууны зүүн ба хойд хажуу, Хангайн нурууны баруун хажууг бүхэлд нь хамарсан 170 мянган хавтгай дөрвөлжин уудам нутгаас усжина. Энэхүү талбайгаас эх авсан гол горхинууд Их нууруудын хотгорын бүлэг нууруудаар дамжсаар эцэстээ Айраг нуурт очиж, тэндээс Нуурын хоолой гэдэг ганц хоолойгоор Хяргас нуурт цутгана. Гадагш урсгалгүй тогтмол нуур бөгөөд нуурын мандал асар их ус ууршуулах давсны уусмалаар ханасан байдаг. Түүнд илүүдэл усаа өгөх Айраг нуур нь 143.3 хавтгай дөрвөлжин километр талбайтай бөгөөд Айраг нуурыг Хяргас нуураас 50-80 метр өндөртэй урт ухаа толгод тусгаарлах бөгөөд 5 километр урт, 200-300 метр өргөн Нуурын хоолойгоор холбогдоно.

3.Хэцүү хад

Аймгийн төвөөс зүүн урагш 230 километр, Завхан сумаас 60 километр зайд Хяргас нуурын зүүн хэсэгт усан доогуур 5-7 километр үргэлжлэх 20 метр өндөр хадан цохио байх бөгөөд түүнийг Хэцүү хад гэнэ. Тэрхүү хадны зарим орой нь уснаас цухуйн гарч арал мэт сүртэй харагдана. Тэрхүү цухуйж гарсан орой нь усны шувуудын диваажин бөгөөд тэнд үүрээ засаж өндөглөнө. Оросын жуулчин А.В.Бурдуков “Хэцүү хад бол байгалийн гойд сонин тогтоц, үзэсгэлэнт сайхнаараа Монголд хоёрдогч нь юм” хэмээн өөрийн тэмдэглэлдээ бичжээ.

Хяргас нууранд Алтайн сугас, осман, монгол хадран, хайруус, шар загас зэрэг элбэг тул Хэцүү хаданд үүрээ зассан шувуудын гол хоол тэжээл болдог. Хэцүү хад рүү хүрэх нуурын эрэг орчмын зам сул элс, дэржигнүүр ихтэй тул мосттой машин унаа хэрэглэх нь тохиромжтой.

Алтан элсний дархан цаазат газар зурган илэрцүүд4.Алтан элсний дархан цаазат газар

Увс нуурын хотгорын зүүн хэсэгт орших Бөөрөг дэл элсний зүүн хэсэгт Баруунтуруун сумын нутагт Алтан элс оршдог. Элсний нийт талбай нь 177.5 мянган га. Элсэн доороос эх аван урсдаг цэнгэг устай гол горхи, булаг шанд, баян бүрдүүд болон элсний нүүлт зэрэг гадны нөлөөнд автахгүйгээр орших элсэн манхан юм.

Нэг талаас нуур-пролювын гаралтай дөрөвдөгч галавын хурдас, баруун хойд зүгээс байнга үлээх салхиар хийсэн хуримтлагдсантай, нөгөө талаас суурь чулуулгийн өгөршилтэй холбоотой. Сөөгөнцөр, дэгнүүлт үетэн, алаг өвс бүхий элсний бүлгэмдэл голлоно. Хиаг, ерхөг, агь, ганга, цагаан бургас зэрэг ургамал ордог. Элсний урд хаяа дагуу хэсэг нарс, шинэс, чацаргана ургах бөгөөд тухайн орчинг маш үзэсгэлэнтэй болгодог. Алтан элс нь дов толгодлог гадаргатай, элсний зүүн хэсэгт Эрдэнэтолгой, Залаа толгой, Хөх толгой зэрэг нам уулс шиг толгойнуудтай.

Ханхөхий уул зурган илэрцүүд5.Ханхөхий уулс

Ханхөхий нурууг 2205 ам километр талбайгаар, Хяргас нуур орчмыг 3320 ам километр талбайгаар 2000 онд улсын тусгай хамгаалалтанд авчээ. Ханхөхийн нуруу нь цөлийн хээрийн бүс нэмэгдэх үйл явцыг хязгаарладаг экологийн тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой газар юм. Хангайн нурууны баруун хойд залгаа болж оршино. Оргил нь Дуулга уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2928 метр өндөр. Ханхөхий уул нь ой мод, ус, гол элбэгтэй томоохон уул бөгөөд Увс аймгийн Зүүнхангай, Өвөрхангай, Цагаанхайрхан сумын нутагт оршдог. Ханхөхийн нуруу нь их нууруудын хотгорлуу түрж орон Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Алмас эрдэнээс эхлээд олон төрлийн эрдэнэс бий.

Чандмань уулын дурсгал зурган илэрцүүд6.Чандмань уулын дурсгал

Улаангомын сав газар бол эртний их түүхтэй, соёл иргэншлийн өлгий болсон нутаг юм. Хархираагийн нуруунаас буусан олон голуудын үржил шимт хөндий. Улаангомын сав нутаг нь нэн эртнээс хүн оршин амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлсэн бүс нутаг байж түүхийн олон үеийн дурсгалыг өөртөө агуулсаар иржээ. Монгол алтайн нуруу, их нууруудын хотгор нь эртний хүмүүсийн өлгий нутгийн нэг байсан нь Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд яригдах цөөн хэдэн дурсгалууд эндээс олдсонтой холбоотой. Тэр дундаа Улаангомын хэмээн тодотгогдох Чандманий соёл бол Монгол, Төв ази төдийгүй дэлхий дахины хэмжээнд яригдах бие даасан цогцолбор соёлын нэгэн мөнөөс мөн ажээ.

Эл дурсгал нь хүрэл, төмрийн түрүү үеийн хоёр томоохон иргэншил болох дорнод монголын дөрвөлжин булш, дундад азийн скифийн соёл иргэншилийн холбоосон дээр оршиж тэр утгаараа энэ хоёр соёл иргэншлийн агуулгыг аль алины нь онцлогийг өөртөө агуулсан ихээхэн өвөрмөц онцлог бүхий дурсгал. Монголын төмөр зэвсгийн түрүү үе буюу мэө VII-III зууны үед холбогдох иж бурэн дурсгал бол Увс аймгийн Улаангом хотын дэргэдэх Чандмань ууланд буй цогцолбор соёл юм. Анх 1972 онд Улаангом хотноо газар шорооны ажил хийж байсан хүмүүс барилгын шороо хайрга Чандмань уулын бэлээс авах үед дүнзэн хашлагатай булш ил гарч, ийм булш байгааг олж мэдсэн ажээ.

Гоожуурын хүрхрээ зурган илэрцүүд7.Гоожуурын хүрхрээ

Ховд сумын нутагт Хархираа, Түргэний уулсын баруун урд оршино.Байгалийн үзэсгэлэнт газар. Гоожуурын хүрхрээ 17м өндрөөс унана. Олон нуурын уулс нь д.т.д 3000м өндөр. Мөнх цас, сүрлэг хад уулс, улаан номд орсон нэн ховор ирвэс, аргаль, янгир, буга зэрэг 20 зүйлийн ан амьтан, 30 гаруй зүйлийн ургамалтай. Том жижиг 108 нууртай. Шар, ногоон, сүүн цагаан зэрэг олон өнгөтэй. Мөн Вансэмбэрүү цэцэг харах боломжтой.

8.Мөнгөт цахир уул

Давст сумын төвөөс 50 орчим км-т цагаан саарал өнгийн шохойн гантиг чулуунаас тогтсон мөнгөлөг цагаан өнгөтэй д.т.д 1600 метр өндөрт орших уулыг Мөнгөт цахир уул гэдэг. Монгол улсын дархан цаазат энэ уулын аманд байрлах зурагт буга, янгир ямаа, олон тооны тамга тэмдэг, хүний нүүрийг дүрсэлсэн байдаг.

Уулын зүүн талын аманд хадны дээд хэсэгт эгц урдаас нь харсан хүний нүүрийг дугуйд багтаан хөмсөг, нүд, хамар амтай дүрсэлжээ. Түүний доор цаашаа хараад зогсож буй шовгор оройтой малгай өмссөн хүний их биеийн хэсгийг хөвөөлөн гаргасан эдгээр дурсгалыг МЭӨ 3-1 мянган жилд холбогдоно гэж судлаачид үздэг.

Дэглий цагаан уул зурган илэрцүүд9.Дэглий цагаан уул

Монгол Алтайн нурууны цавчим хаднуудаас үүсэлтэй Түргэний уулсын ноён оргил Цагаан дэглий уул нь далайн төвшнөөс дээш 4096 метр өндөр. Түргэний уулс нь Бөхмөрөн, Сагил сумыг дамжин 70 орчим километр үргэлжлэх уулс бөгөөд Цагаан дэглий уулаас зүүн тийш Хавцалын боом хүртэлх 145.1 мянган га талбайг хамарна.

Цагаан дэглий уул нь ой тайгатай, уулын түргэн урсгалт гол горхиудтай, мөнх цастай, мөсөн голтой, бэлээрээ үзэсгэлэнт нууруудтай, өвөрмөц тогтоц бүхий хадан хясаатай, ховор болон ховордсон ургамал амьтны аймагтай. Энэ уулнаас Түргэн, Буурал, Хархираа, Ямаатын голууд эх авна. Түрэгийн үеийн болон өмнөх үеийн хүн чулуун хөшөөнүүд, хадны сүг зураг, хиргисүүр, булш бунхан, Төгс буянт хийдийн туурь зэрэг түүх соёлын дурсгалуудтай.

Зураагийн улаан хадны зураг зурган илэрцүүд10.Зураагийн улаан хадны зураг

Увс аймгийн Зүүнхангай сумын төвөөс хойш 14 километрт орших Зураагийн хошууны өвөр талын таван том улаан хадыг “Зураагийн улаан хад” хэмээнэ. Дунд талын хоёр хаданд эртний хүмүүсийн улаан зосоор зурсан зургууд бий.

Эдгээр хаданд нисэж яваа шувуу мэт дүрс, зөв буруу солбисон дэгрээ тэмдэгнүүд, хавирган сар мэт дүрс, дундаа цэгтэй гурвалжин дүрс, Х үсэг мэт дүрс, олон тооны цэг зураас, дугуй цагираг босоо зурааснууд, янгирын толгой бүхий урт иштэй эдлэл, амьтны арьс дэлгэсэн мэт дүрс, алцайж зогссон хүний дүрс, хоёр гараа унжуулан зогссон хүн, цээж их биеийг гурвалжин дүрсээр гаргасан зэрэгцээ хоёр хүн, хоёр гараа дэлгэж нэг гартаа юм барьсан хүн, салаа оройтой малгай өмсөөд бүжиглэж байгаа мэт хоёр хүн, хөлөө өвдгөөр нь нугалан дутуу явган сууж хоёр гараа дэлгээд нэг гартаа ямар нэгэн юм барьсан хүн зэрэг дүрслэлүүд байдаг.

Эдгээр нь шинэ чулуун зэвсгийн үед холбогдох дурсгал хэмээн тодорхойлжээ. Мөн овог отгоороо ан хийж буй дүрслэл бий. Дэлхий дээр ийм утга агуулгатай зураг 2 байдаг бөгөөд нөгөө нв Америкийн Аляскад байдаг байна. Салхи, ус бороо зэрэг байгалийн элэгдэлд орж дүрслэл нь нилээд бүдгэрсэн байдаг.

ХӨВСГӨЛ АЙМАГ

Соёны бүс нутаг зурган илэрцүүд1.Соёны бүс нутаг

Алтай Соёны экобvс нутаг нь Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF)-гаас тодорхойлсон дэлхий дээрх зайлшгvй хамгаалбал зохих 200 экобvс нутгийн нэг бөгөөд Монгол, ОХУ, Казах, БНХАУ-ын нутгийг дамнан оршдог онцлогтой. Нийт нутгийн хэмжээ 862000 км2, тvvнээс Монголд 29%, ОХУ-д 62%, Казах-т 5%, БНХАУ-д 4% тус байна.

Энэхүү бүс нутаг нь газар зvйн хувьд дотроо Алтайн нурууны ойт хээр, тундр, Соёны нурууны тундр, шилмvvст ой, Их нууруудын сав газрын цөлжvv хээр зэрэг эх газрын дэд экобvс нутгуудаас бvрддэг.

Vvний дотор Монгол Улсын нутагт хамаарагдах бvс нутгаас өндөр уулын болон хээр, цөлжvv хээр, ус намгархаг газрууд хосолсон Их нууруудын сав газар болон олон нуур, усны өлгий болсон Дархадын Хотгор чухал байр суурь эзэлдэг.

Хөвсгөл нуур зурган илэрцүүд2.Хөвсгөл нуур

Хөвсгөл нуурын ай сав бүхий байгалийн цогцолбор газрыг 1992 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн хуульд нийцүүлэн дэлхийн байгалийн цогцолбор газрын ангилалд оруулжээ. Хөвсгөлийн ай савд 59 зүйлийн хөхтөн амьтан, 244 зүйл шувуу, 750 зүйл ургамал байдаг. Ургамлын 60 орчим төрөл нь эмийн ургамал байдаг. Ой тайгад нь булга, ойн солонго, нохой зээх, шилүүс, хүдэр, хандгай, хүрэн баавгай, зэрлэг гахай, бор гөрөөс, халиун буга, хэрэм, хадны суусар, өмхий хүрэн, мануул, хярс, ирвэс, үнэг, чоно, цаа буга, аргаль, янгир зэрэг амьтад амьдардаг. Гангар хун, явлаг сар, Алтайн хойлог, итэсгэн цахлай, хар тоншуул, сондор гургалдай, Монгол болжмор, ятга шаазгай, дагуурын ятуу зэрэг Улаан номонд нэн ховор гэж тэмдэглэгдсэн шувууд бий. Хөвсгөлийн ай сав газрын 28 хувийг ой мод эзэлдэг бөгөөд 255 420 га талбайг хамран улиангар, хавтага навчит хус, анхилуун улиас, сибирийн гацуур, сибирийн шинэс, эгэл нарс, сибирийн хуш, сибирийн жодоо ургадаг.

Даян дээрхийн агуй зурган илэрцүүд3.Даян дээрхийн агуй

Даян Дээрхийн агуй нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс зүүн хойно Үүр голын зүүн цутгал, Дээрх гэдэг хавцал голын дунд хавьд зүүнээс нийлэх хавцлын аманд орших, Монгол орны хамгийн том агуйн нэг юм. Агуй дотроо 450 шоо метр хэмжээтэй, арав гаруй тасалгаатай, зүг бүртээ олон ам бүхий “хаалгатай”. Төрөл бүрийн рашаантай, нарийн шороон будагтай, “эхийн умай” хэмээх эмэгтэй хүний савыг дүрсэлсэн амсартай дэлхийд ховор байгалийн “үзмэр” юм.

Агуй том жижиг гурван амтай. Агуйн том ам 3х4 метрийн хэмжээтэй, нөгөө хоёр нь түүнээс бага юм. Агуй орчмын уул нь шохойн чулуулаг юм. Агуйн их ам дотор талдаа 1 метр орчим өндөр чулуун босготой, босгыг давж ороход төвөгтэй учир зориуд чулуун шат тавьсан. Энэ босгыг давангуут 7 метр орчим өргөнтэй , 15 метр өндөр дөрвөлжин хэлбэртэй том хөндий тасалгаа байна. Үүнээс өнгөрмөгц эхний тасалгаанаас нарийхан нам боловч урт, тал тал тийш олон хонгилтой тасалгаа байна. Энэ хоёр тасалгаа нийт урт 32,5 метр болно. Хоёр дах тасалгааны эцэст эгц дээш өгсөж ордог хоёрдахь давхрын тасалгаа байна.

Үүн рүү орохын тулд тусгай модон шат хэрэглэдэг. Агуй нэгдүгээр давхраас хоёрдугаар давхар хоёрын хооронд босоо зай 14,7 метр өндөр юм. Хоёрдугаар давхрын том тасалгаа нь баруун хойш чиглэсэн 4 метр өндөр, 3-5 метр өргөн 24 метр урт юм. Эл тасалгаанд олон жижиг хонгил тал тал тийш салбарласан байдаг. Эл тасалгааны шалан талын хэсэг гүн худаг мэт жижиг нүхтэй, гурван том баганатай. Энэ нь шил мэт тунгалаг өнгөтэй. Нэгийг нь хүмүүс зориуд хугалсан байна. Энэ тасалгаанаас зүүн өнцөгт 2 метр өндөр нарийн босгыг давж, нүүхээр шургаж буугаад нарийн хонгилоор явсаар дараагийн тасалгаанд орно. Эл тасалгаанаас агуйн мухар хүртэл том жижиг найман тасалгаа байдаг. Агуйн мухарт хана дээврээс нурсан хад чулуу байдаг. Үүнийг нутгийнхан цагаан асга гэдэг. Энэ нь нилээд сүүлийн үед нурсан. Түүнээс цааш үргэлжилж хил гардаг байсан тухай нутгийн хүмүүс ярьдаг. Агуйн амнаас энэ хүртэл агуйн 170 метр орчим гэж судлаачид тогтоосон. Агуйд хүмүүс орохдоо лаа барьж ордогоос агуйн хана тортог хөө болсон байдаг.

Уушгийн өврийн буган хөшөө зурган илэрцүүд4.Уушгийн өврийн буган хөшөө

Аймгийн төвөөс 25 км зайтай орших Уушиг уулын өвөрт нэг дор 14 буган хөшөө байдаг. Буган хөшөөнүүд хойноосоо урагш цуварч байрласан. Хөшөөнүүд хоорондоо 3-20 метрийн зайтай. Улаавтар өнгийн боржгон чулууг дөрвөн тал гарган тэгшлэн засаж, буга, нум, бамбай, морь, хутга, нар,сар, толь, хээтэй бүс зэргийг дүрслэн сийлж хөшөөнүүдийг бүтээсэн байдаг. Хөшөөнүүд гонзгой урт бөгөөд 1,5-4,8 метр өндөртэй, 0,4-1 метр өргөнтэй, 0,2-0,5 метр зузаантай байна. Нийт 14 хөшөөнд 109 буга дүрслэн сийлсэн. Уг дурсгал нь нэг дор олноороо цогцолсон гэдгээрээ онцлог бөгөөд Монгол орны хамгийн тод дүрслэлтэй буган хөшөө юм. Хөшөөний зарим нь дундуураа хугарсан, суурьнаасаа хөдөлсөн, хазайсан, зарим хөшөөний сийлбэр нь элэгдэж бараг мэдэгдэхээ байсан байна.

1999-2000 он, 2003-2004 онуудад Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Уушгийн өвөрт Монгол-Японы хамтарсан хээрийн шинжилгээний анги хиргисүүр болон буган хөшөөний цогцолбор судалгааг хийж гүйцэтгэсэн байна . Тэд Уушгийн өврийн 1-р хиргисүүрийг бүхэлд нь малтаж, гадаад дотоод зохион байгуулалт, бүтцийг нягтлан шинжилжээ . Малтлагын үр дүнд хиргисүүрийн тахилын байгууламжуудаас хойлголон тахисан адууны яс, шавар ваар савны хэлтэрхий зэрэг олдвор, хэрэглэгдэхүүн гарсан.

Дээрхийн агуйг үзэж сонирхох гадаад, дотоодын жуулчид их ирдэг төдийгүй агуйн орчимд олон тооны хиргисүүр, булш бий. Байгалийн хосгүй иж бүрдэл болсон энэ сайхан нутгийг байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан нь шинжлэх ухааны болон байгаль, түүх, соёлын хувьд ихээхэн ач холбогдолтой юм.

Улаан толгойн буган хөшөө зурган илэрцүүд5.Улаан толгойн буган хөшөө

Аймгийн төвөөс 35 км-ын зайд орших Эрхэл нуурын баруун талд Улаан толгой уулын бэлд таван ширхэг буган хөшөө, ойр орчим нь нилээн хэдэн 1-2 м өндөр дөрвөлжин болон дугуй хиргисүүр бий. Энэхүү буган чулуун хөшөөний хоёр дахь нь 3.40 см өндөр бөгөөд монголын хамгийн өндөр буган чулуу гэдгээрээ алдартай. Энэхүү буган чулуун хөшөөний дээд талд нар, еёөн ширхэг ташуу бөөрөнхий нүх хонхойлгон цохисон буганы дүрс тод дүрспэгдсэний дээр ойролцоо орших 4 буган чулуунаасаа хэмжээ, хийц урлалаараа өвөрмөц онцлогтой юм. Монгол оронд 550 гаруй буган хөшөө байдгийн 70 гаруй нь буган чулуун хөшөө Хөвсгөл аймагт байдаг ажээ. Үүгээрээ эртний Түрэгийн соёлын төв байсныг гэрчилж байгаа юм.

Дархадын 13 овоо зурган илэрцүүд6.Дархадын 13 овоо

Хатгалаас Улаан-Уул руу явах замд Өлийн халзан даваа байдаг бөгөөд 13 овоотой. Өлийн халзан даваа нь 2110 м-ийн өндөрт оршдог.

Дархад овгийн хүмүүс манай улсын олон аймаг сумаар тархсан байдаг гэж угсаатан зүй судлаачид өөр өөрсдийн бүтээлд тэмдэглэсэн байдаг. Дархад овгийн хүмүүсийн уг гарал XII-XIII зуунаас улбаатай. “Монголын нууц товчоо”-нд дархад аймаг гэж гардаг. Одоогийн Улаан-Уул, Ринченлхүмбэ, Баянзүрх, Цагааннуур суманд аж төрж байгаа дархдууд дархад ястны зан үйл, хэл аялгуу, аж төрөх ёсон, сүсэг бишрэл зэргийн үүх түүхийг хадгалж иржээ.

Дархадууд нь түүхэн тодорхой цаг үед ойрад, хотгойдын бүрэлдэхүүнд багтаж байжээ. 1549-1786 онд дархадууд Засагт хан аймагт харъяалагдаж, хотгойдын Алтан ханы харъяа байжээ. 1786 онд дархадууд богд Жавзандамба хутагтын дархан шавь болж, Хөвсгөлийн их тайга, Шишгэдийн өргөн уудам хөндийд аж төрөх болсон юм. Дархад нь уг гарлаараа хотогойд, урианхайтай үүсэл нэгтэй бөгөөд найман удаагийн Жавзандамба хутагтын дархан шавь байсан нь дархад ястны нэр болсон хэмээн үздэг эрдэмтэд байдаг.

Цаатны нутаг зурган илэрцүүд7.Цаатны нутаг

Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Баянзүрх, Ханх зэрэг сумдуудад нутагладаг Тува угсааны монголжсон ойн соёд урианхай нарыг Цаатан гэдэг. Цаатангууд анх Монголын түүх бичигт тэмдэглэгдэх болсон нь ердөө 200 гаруй жилийн өмнөөс юм.

Анх Улиастайн амбан сайдын шавийн захиргааны данс бичигт 1764 онд “Дархад аймгийн хэмжээнд Эүкэ гэрт уулын хүмүүс ам бүл 22, цагаан буга 192 байна” гэж тэмдэглэгджээ. Тэд өөрсдийгөө уйгар хүмүүс гэж нэрлэдэг бөгөөд тэдний нутаг нь Монгол шарын даваа, Шишгэд гол болох юм. Хөвсгөлийн их тайгад 4 улирлын турш цааны бэлчээр даган нүүдэллэж аж төрдөг тайгын иргэдийг цаатангууд гэдэг. Цаатангуудыг Тувагаас нүүдэллэн ирж Хөвсгөлийн тайгад суурьшсан гэж түүхчид үздэг.

Цаатангууд өөрийн гэсэн хэл, ёс заншил, шашин шүтлэг, аж төрөх өвөрмөц арга барилтай үндэсний цөөнх юм. Тэд уйгар хэлтэй. Тайгадаа бол өөр хоорондоо уйгараар ярьдаг. Бөөгийн шашин шүтнэ. Аж төрөх гол арга нь бол цаагаа маллан, түүнийхээ ашиг шимийг хүртэж ан гөрөө хийж амьдардаг.

Өдгөө 200 гаруй хүн буюу 40 гаруй өрх цаатан айл өвөлдөө хасах 31-50 хүртэлх хүйтэн цаг уурын хүнд нөхцөлд амьдардаг. Цаатангуудын хувьд өөрсдийн бичмэл түүх гэж байхгүй, уламжлалт зан заншил нь алдагдаж байгаа гэж судлаачид үздэг. Эрт цагаас цаатан ард түмний амьдарч ирсэн сууц нь урц юм. Нууц товчоо болон Рашид Ад дины судрын чуулганд ан гөрөөгөөр амьдардаг эртний аймгууд холтсон бүрээстэй гэрт амьдардаг гэж дурдсан байдаг.

СЭЛЭНГЭ АЙМАГ

Холбоотой Зураг1.Амарбаясгалан хийд

Сэлэнгэ аймгийн Бүрэнхаан уулын өвөрт Ивэн голын эхэнд байдаг. Монголын анхдугаар Богд Г.Занабазарын үйлс, эрдэм билэг, авъяас, ур ухааныг сүсэглэн дээдэлж, түүнд зориулсан хийдийг бариулахаар 1725 онд Манжийн эзэн хаан Энх-Амгалан зарлиг гаргаж улсын сангаас 10 түмэн лан мөнгө гаргажээ. 1726 онд Монголын олон уран дархчуул барилгын ажлыг эхлүүлж тоосго модоор барьж 1737 онд дуусгажээ. Амарбаясгалант гэдэг нэр нь Монгол нэр бөгөөд анх энэ хийдийг байгуулахаар хэсэг лам нар газар шинжиж явахдаа одоо тус хийдийн байгаа газарт эрэгтэй эмэгтэй 2 хүүхэд чулуугаар гэр барин тоглож байсантай тааралджээ. Тэр 2 хүүхдийн нэр нь Амар, Баясгалант гэдэг байжээ.

Амарбаясгалант хийдэд сургалтын 10 дацан ажиллаж, хурал ном хурж ид цэцэглэж байхдаа 50 гаруй дугантай, 6000 гаруй лам хуврагтай шашны их орон байжээ. Бурхан багшийн сүм, Аюуш, Махгал, Майдар, Нархажидын сүм, Богд гэгээний ордон, Өндөр гэгээний бунхан зэрэг 40 гаруй сүм дуганыг 175 х 207 метр хэрмэн хашаан дотор барьснаас одоо 28 сүм дуган үлджээ. 1937-1938 оны хэлмэгдүүлэлт хийдийг нөмөрч олон зуун лам нар нь хэлмэгдэн 200 гаруй жилийн турш хуримтлуулж цогцлоосон ховор нандин бурхан шүтээн, судар бүтээлүүд нь дахин сэргээх боломжгүйгээр устгагджээ. Хожим 1943 онд Амарбаясгалант хийдийг улсын хамгаалалтанд авч сэргээн засварласан байна. Одоо тус хийдэд Янпай хаалга, Махранзын сүм, Түүхийн сүм, Сангийн бойпор, Монгол уран барилгын цогц бүтээл болох Цогчин дуган, Лаврин сүм, Монголын гал голомт хэмээгддэг Шар өргөө зэрэг байшин барилгууд бий. Тус хийдэд Өндөр гэгээн Занабазарын бүддэн, мөн III, IY Богдын шарилыг хадгалж байжээ. Амарбаясгалант хийдэд бас нэг чухал дурсгал болох Ганжуурын 108 боть, Данжуурын 226 ботийн Монгол эх хадгалагддаг. Эдгээр Монгол эхийг 1628 онд бүтээсэн бөгөөд эртний гүн ухаан, анагаах ухаан, газарзүй, урлаг судлал, дуу хөгжим, одон орон зэргийг агуулсан 1260 гаруй бүлэгтэй байна.

Соронзон хад зурган илэрцүүд2.Соронзон хад

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дахь Соронзон хад нь Монголдоо төдийгүй дэлхийд ховорхон тогтоцтой хад юм. Эрт үеэс шүтэн биширч ирсэн бөгөөд уламжлалт анагаах ухаанд ч хэрэглэж иржээ. Нутгийн ардууд Соронзон хаданд ирж үе мөч, гар хөл, нуруу бөөрний өвчингөө засдаг байна. Цус харвасан хүн хүртэл эмчилгээ засал авдаг байна. Ингэхийн тулд Соронзон хадан дээр хэвтэх, суух, ойр орчмын шороогоор биеэ булах, хажууд нь урсах Төмөртэйн голоос ундаалах зэргээр өөрөө өөрсдийгөө эмчилж иржээ.

Хувьсгалын өлгий Алтанбулаг зурган илэрцүүд3.Хувьсгалын өлгий Алтанбулаг

Ардын хувьсгалын ялалтын өлгий нутаг Алтанбулаг сум. 1921 оны гуравдугаар сарын 18-ны үүрээр Ардын журамт цэрэг Алтанбулаг хотыг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн нь Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэн гавьяа болж үлдсэн юм.
Тус суманд хувьсгалын музей, манай улсын анхны бага сургууль, анхны банкны болон Шүүхийн байшин, Дөрвөлжин сүм, Ардын журамт цэргийн анхны байшин зэрэг түүх, дурсгалын газрууд бий.
Төгсгөө булаг: (Мааньт чулууны хөтөл) Сүхбаатар хотоос Алтанбулаг сум орох замын өмнө талд Алтанбулаг сумын төвөөс 5-6 км зайд Сэлэмт хөшөө байдаг. Хөшөө босгосон өндөрлөгийг Мааньт чулууны хөтөл гэж дээр үед нэрлэж байсан ба түүний баруун урд талд элсэн довцогоос эх авсан булгийг Төгсгөө булаг гэдэг. Зүүн гар талаар үргэлжилсэн төгөл бургасыг Улаанбургас, элсэн доторхи бөөн нарсыг зуун цэргийн дугны нарс гэдэг.
1910 оны сүүлчээр нутгийн монголчуудыг Хятадын түрэмгийлэгч гамин цэргүүд дээрэмдэн тонож, орон гэр, мал хөрөнгийг нь булаан авч энэ нутгийг цэргийн хуаран болгосон байна. Улаанбургасны ойр газарт 600 орчим цэрэгтэй гамингийн I, II-р морин хороо байв. 1921 оны 3-р сарын 18-ны үдээс хойш ардын журамт цэргийн II, IV-р хороо ба гамингийн цэргийн хооронд болсон ширүүн тулалдаанд журамт цэргүүд ялж Хиагтын баруун урд тал руу давшилтаа үргэлжлүүлсэн юм. Энэ тулаанд ардын журамт цэргийн Б.Самбуу, З.Балдан, Гончиг нарын цэрэг дайчид баатарлагаар тулалдаж амь үрэгдсэн байна.

Халуун рашаан зурган илэрцүүд4.Халуун рашаан

Сэлэнгэ аймгийн нутагт Хэнтийн ууланд Ерөө голын савд далайн түвшнээс дээш 1150 м-ийн өндөрт оршдог халуун рашаан юм. Карбонат, сульфат, натрийн найрлагатай 42 градусын халуунтай бөгөөд үе мөч мэдрэлийн өвчнийг анагаадаг.

Рашаан маань том жижиг 3-н худагтай. Том нь хамгийн халуун. Худагнуудыг чулуугаар хөвөөлж хүн ороход эвтэйхэн болгож янзалсан байдаг.

5.Тужийн нарс

Тужийн нарс хэмээх байгалийн цогцолбор газар нь 65548.56 га талбайг хамарсан Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутагт байдаг бөгөөд гал түймрийн аюул, ашиг хонжоо хайгчдын гарт өртөн нилээд сүйджээ. Сүүлийн жилүүдэд 7500 орчим га талбайд нөхөн сэргээлт хийсний үр дүнд 40-50% нь байгалийнхаа аясаар сэргэн ургажээ. Тужийн нарс нь байгалийн зүй тогтоцын хувьд өвөрмөц бөгөөд Сибирийн их тайгын зүүн өмнөд төгсгөл, Хэнтийн нурууны салбар уулсын үргэлжлэл болдог.

Тужийн нарс нь тэгш тал газрын элсэрхэг хөрстэй нарсан ой бөгөөд эгэл нарс зонхилон ургана. Цагтаа хүн явахын аргагүй шигүү, ойн гүнд нь хээрийн салхины исгэрээ мэдрэгдэхгүй байсан гэгддэг энэ нарсан ой устаж мөхөхийн ирмэгт ирсэн нь саяхан билээ. Тужийн нарсыг экосистемийнх нь хувьд иж бүрэн цогцолбороор нь нөхөн сэргээх зорилгоор 2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтанд авсан. Тужийн нарс байгалийн цогцолбор газрын нутаг нь Орхон Сэлэнгийн бэлчир орчмын бэсрэг нам уулс, гүвээ толгод бүхий хээр нутаг юм. Уул толгод, ухаа гүвээнүүдийн хажуу нь налуу, хоорондох ам хөндийнүүд нь өргөн. Энд хуурай хээрийн хар хүрэн хөрс голлон тархсан байдаг.

Ээж мод зурган илэрцүүд6.Ээж мод

Сэлэнгэ аймгийн Шаамар суманд орших хүн дүрст модыг “Ээж мод” хэмээн нэрийддэг бөгөөд Улаанбаатар хотоос 310 км зайд оршдог. Ээж мод хэмээн тахих болсны учир шалтгаан тодорхойгүй бөгөөд зөвхөн таамаг, үлгэр домог л байдаг аж. Эрт үед нэгэн эр ээж модонд сүслэн залбираад явахдаа, татаж байсан тамхиа унтраалгүй явснаас модонд уяатай хадганд гал авалцаж ээж мод шатжээ.

Харин өнөөх эр буцах замдаа машинтайгаа онхолдон нас барсан хэмээдэг. Энэхүү догшин үзэгдлийг нутгийн нэгэн алдартай лам аргалахаар болж хажууд нь ургаж байсан модыг аргадан байж одоогийн “Ээж мод” болгосон гэдэг. Тэрхүү шатсан ээж модонд “Хувьсгалын долоо” гэгдэх хүмүүс очиж мөргөөд цааш Улаан Оросоос тусламж авахаар явж байсан гэсэн яриа ч бий.

Монголын сүсэгтэн олон жил бүрийн ханш нээх өдрөөр буюу дөрөвдүгээр сард нэг удаа ээж модыг тахидаг ба зорин очсон сүсэгтнүүд ээж модонд сүү өргөж гурван хүслээ гуйдаг юм. Хатуу архийг модруу бус ёроолын элсэнд өргөх ёстой ба хүслээ шивнэхдээ алгаа хавсарч мөргөж болохгүй хоёр алгыг өөд харуулан хүслээ шивнэж гуйдаг байна.

Сайханы хөтөл зурган илэрцүүд7.Сайханы хөтөл

Сэлэнгэ аймгийн төвөөс 10 хүрэхгүй км-ийн зайтай Монгол Оросын бараг хил дээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн Сайханы хөтөл хэмээх сайхан газар бий. Өмнө нь Тэмээн хүзүүтийн хөтөл хэмээн нэрийддэг байсан эл газрыг жанжин Д.Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас хойш Сайханы хөтөл хэмээн нэрийдэх болсон гэдэг.

Сайхны хөтөлийн байгалийн үзэсгэлэнгийн нэг нь Орхон, Сэлэнгийн бэлчир. Орхон, Сэлэнгэ мөрөн энд нийлж, цааш урссаар Байгаль нуурт цутгадаг. Энд мөн Сайн эрс цуглаж байсан хэмээх агуй ч бий.

Сэлэнгэ аймаг бол Чингис хааны хайртай Хулан хатны төрсөн нутаг. Чингис хаан Хулан хатанд зориулж дурсгалын хөшөө бүтээж мөн буугаа үүрэн элдвийг хуучлан суух партизаны хөшөөг ч босгосон байна.

Мөн монгол гуталтай 170 см орчим өндөртэй орос хүүгийн барималыг бүтээжээ. Энэ хөтөлд Орос хүүхэд төөрч эсэн мэнд олдсоныг ийнхүү бэлэгшээн барималаар дүрсэлсэн ажээ.

Г.МӨНХЦАЦРАЛ

Categories
мэдээ нийгэм

“Мод тарих үндэсний өдөр” орон даяар болно

Image result for “Мод тарих үндэсний өдөр”

Өнөөдөр Монгол Улс даяар “Мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд нийслэл болон аймаг, орон нутагт мод тарьж цэцэрлэгжүүлэх ажлыг аж ахуйн нэгж, байгууллага, компани, иргэд, хамт олны дунд зохион байгуулна.

Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр гарсан байдаг. Зарлигт дурдсанаар, Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгож зарласан юм. Энэхүү зарлиг гарснаас хойших 2010-2017 оны хооронд 16 удаагийн бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулж, нийт 1 сая 270 мянга гаруй иргэн 68.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож 10.5 сая мод тарьсан байна. Тарьсан моддоос 7.8 сая нь ургаж, амьдралын хувь нь 75 хувьд хүрчээ.

Зарлигийн дагуу бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт уриалж байна.

Өнөөдөх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 11.00 цагаас Нэгдүгээр төрөхийн хашаанд мод тарих бол УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ц.Хүрэлсүх, УИХ-ын зарим гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, НЗДТГ-ны удирдлагууд, иргэд, байгууллага хамт олны төлөөлөл 11.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих юм.

Энэ хавар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн цэвэр усны эх үүсвэр болох гүний худгийг хамгаалах хамгаалалтын зурвас хэлбэрээр 8 төрлийн 5000 орчим мод тарина.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр

Image result for олон улсын сувилагчдын өдөр

Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр тохиож байгаа бөгөөд манай улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж иржээ. Жил бүрийн сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж тэмдэглэдэг.

Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч гэж үзэн түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг олон улсын сувилагчийн нийгэмлэгээс сувилагчдын баярын өдөр болгосон байдаг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр бүх нийтээрээ мод тарих өдөр

Image result for Өнөөдөр бүх нийтээрээ мод тарих өдөр

Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр гарсан байдаг. Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгож зарласан. Бүх нийтээрээ мод тарих өдөр энэ өдөр тохиож байна.

Дээрх зарлиг гарснаас хойш буюу 2010-2017 оны хооронд 16 удаагийн бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулсан бөгөөд нийт 1 сая 270 мянга гаруй иргэн 68.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож 10.5 сая мод тарьсан байна. Тарьсан моддоос 7.8 сая нь ургаж, амьдралын хувь нь 75 хувьд хүрчээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны Мод тарих үндэсний өдөр зарлах тухай зарлигт дурдсанчлан бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Я.Содбаатар: Хүмүүсийг хорьж, залхаан цээрлүүлж хэрэг хүлээлгэдэг зарчмаасаа салах ёстой

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.


-Оюу толгойн ажлын хэсэг гэрээг шалгаж байгаа. Сүүлийн үед харин нам гүмхэн байх чинь. Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир гишүүн ажлын хэсгийг ахлахаа больсон гээд байгаа үнэн үү. Ажлын хэсэг хэр ажиллаж байгаа вэ?

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Оюу толгойг шалгах ажлын хэсэг хэд хэдэн хуралдаан хийсэн. Мөн Оюу толгой компани хөрөнгө оруулагчдын зүгээс холбогдох мэдээ мэдээллийг татаж авах, гаргах ажиллагаа явагдаж байна. Бодит нөхцөл байдалтай танилцсаны дараа ажлын хэсэг дээр тодорхой санал дүгнэлтүүд гарч эхлэх байх. Үе, үеийн УИХ, Засгийн газар Оюу толгойн гэрээг сайжруулах талаар санал санаачилгатай ярьж ирсэн. Хамтрагчтайгаа зөв ойлголцоод гэрээг сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж боддог. Ингэхийн тулд хөрөнгө оруулагчтайгаа ойлголцох, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх, эдийн засгийн боломж нөхцөлөө зөв тооцоолж асуудлаа тавих нь чухал. Зөвхөн Их хурал гэлтгүй Засгийн газар дээр Оюу толгойн гэрээг сайжруулах хүрээнд яриа хэлцэл хийгээд явж байгаа. Засгийн газрын хийж буй хэлцэл бодитой үр дүнд хүрээсэй гэж бодож байна. Ажлын хэсэг байгуулснаар бодитой, үр дүнд хүрсэн, зарим зүйлийг ойлголцсон алхам хийх ёстой. Ажлын хэсгийн ахлагчийг өөрчилж байгаа процесс явагдаж байна. Хуулийнхаа хүрээнд шийдэгдээд явах байх.

-Ямар шалтгаанаар Д.Дамба-Очир гишүүнийг сольж байгаа юм бэ?

-Ажлын хэсгийн ахлагч нар өөрийн саналаар болон удирдах байгууллагын саналаар сольдог л доо. Энэ удаа Д.Дамба-Очир гишүүн Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд ажлын хэсгийн дүгнэлтийг байнгын хороогоор хэлэлцэнэ. Нөгөө талдаа УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Оюу толгой компанитай бизнесийн үйл ажиллагаатай холбоотойгоор ажлын хэсгийн ахлагчийн ажлаа өгсөн юм болов уу гэж ойлгож байгаа. Үүн дээр өөрөө тодорхой тайлбар өгөх байх.

-Ажлын хэсэг хэзээ дүгнэлтээ гаргах бол. Гэрээг шалгаж байна гээд л ярих юм. Нөгөө талдаа Оюу толгойтой холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг хорьсон…

-Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсээ хорьж шалгах нь би буруу гэж харж байгаа.

Төрд тангараг өргөж, өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс хувь хүн талаасаа ёс зүйн алдаа гаргасан бол хариуцлага хүлээлгэх нь зөв. Төрийн өндөр алба хашиж байсан, бодлого гаргасных нь төлөө яллаж байгаа бол буруу. Аливаа төрийн зүтгэлтнийг бодлого гаргасных нь төлөө яллаж байгаа бол хэлмэгдүүлэлт болдог. Аливаа асуудлыг шийдэхийн тулд хоёр гурван хувилбараас тухайн цаг үедээ хамгийн боломжтой гэсэн ганц хувилбарыг сонгож шийдвэрээ гаргадаг. Төрийн өндөр албан тушаалтнуудыг бодлого, шийдвэр гарга гэж сонгодог, томилдог. Тиймээс Ерөнхий сайд, Сангийн сайдаар ажиллаж байсан хүмүүс хүссэн ч, эс хүссэн ч бодлого, шийдвэр гаргах ёстой. Хоёр хувилбарыг зэрэг сонгох болохгүй тул аль нэгийг нь сонгож шийдвэр гаргасны төлөө “Чи буруу шийдвэр гаргасан” гээд яллаж болохгүй. Тэр хүмүүс нь үнэхээр авлига авсан, хөрөнгө мөнгөтэй холбогдсон бол өөр асуудал. Тиймээс улстөрч, төрийн зүтгэлтнүүд үүнийг ялгаж салгаж авч үзэх ёстой.

Улс төрийн хэмлэгдүүлэлт гэдэг зүйлсийг харж байхад бодлого гаргаад урд хөршөө дагах уу, хойд хөршөө дагах уу, эсвэл улс орны хөгжлийн замыг сонгохдоо зах зээлийг сонгох уу, социалист системийг сонгох уу, гадаадын хөрөнгө оруулалтаа нэг оронтой хийх үү, нээлттэй бодлого явуулах уу гээд үргэлж сонголтын өмнө ирж аль нэгийг нь сонгодог нь бодлогын сонголт. Засгийн газар, УИХ, ҮАБЗ нь шийдвэр гаргаад шийдсэн бол бодлого гаргасных нь төлөө тэр хүмүүсийг шийтгэж болохгүй. Үүн дээр ардчилсан Монгол Улс маш хатуу зарчим барьж байх ёстой. Ингэхгүй бол цаашид бодлого, шийдвэр гаргадаг хүн Монголын төрд байхгүй болно. Тиймээс энэ хоёр заагийг ялгаж үзэх хэрэгтэй.

Бид хоёр парламент дамнуулан Эрүү, Зөрчлийн болон шүүх засаглалын хуулийг батлан гаргасан. Ингэхдээ бид аль болох хорьж шалгадаг байдлыг таслан зогсоох үүднээс хуулиудыг өөрчилж, шүүхийн шинэтгэл хийж байна гэсэн шүү дээ.

-Гэхдээ нийгэм өндөр албан тушаалтнуудыг үзэхгүй болж…

-Миний хувьд Ерөнхий сайд, Сангийн сайдын алба хашиж байсан хүмүүс улсаа худалдаад эсвэл оргон зайлж төрдөө хүндэтгэлгүй хандана гэж бодохгүй байна. Тэр хүмүүс цаг тухай бүрт нь очиж мэдүүлгээ өгөөд үнэн зөвөө тогтоолгоод явах ёс суртахуунтай, ёс зүйтэй хүмүүс гэж харж байгаа. Тиймээс хоёр, гурван сараар нь хүмүүсийг хорьж, залхаан цээрлүүлж хэрэг хүлээлгэдэг зарчмаасаа холдох ёстой. Энэ зөвхөн Ч.Сайханбилэг, С.Баяр, С.Баярцогтын асуудал биш. Энэ нь бидний үргэлж ярьдаг ардчилал, хүний эрх болсон үнэт зүйлсийнхээ суурь зарчмыг эвдэж болохгүй. Жирийн иргэнээс эхлээд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн ч бай хэн ч байсан хүний эрх, ардчилал чөлөөт нийгмийн суурь зарчмыг хамгаалж, дуугарч байх ёстой.

Оюу толгойн гэрээний тухайд олон улсын зах зээлд Монголыг гаргаж ирсэн. Монголын олон аж ахуйн нэгжүүдийг ажлын байраар хангаж байгаа, Монгол Улсад үр өгөөжөө өгч байгаа төслүүдийн нэг нь Оюу толгой. Гэрээг сайжруулж, илүү ашиг авах ийм шаардлага байгаа юу гэвэл тийм. Миний хувьд цаашид гэрээг сайжруулаад төрийн эзэмшлийн 34 хувийг болих ёстой гэж боддог. 34 хувьдаа багтсан рояалти буюу нөөц ашигласны татварыг борлуулалтаас нь аваад явдаг болох хэрэгтэй. Энэ нь манай улсад илүү ашигтай гэж хардаг. Оюу толгой компани өнгөрөгч онд хоёр тэрбум ам.долларын борлуулалт хийсэн. Бид Оюу толгойн орд дээр 15-20 хувийн рояалти тохирч чадвал жил бүр 300-400 сая ам.долларыг борлуулалтаас нь шууд авчих боломжтой. Борлуулалтаас шууд авдаг татвар учраас компанийн дотоод үйл ажиллагаанд тэр бүр оролцдоггүй. Тэр утгаараа сүүлийн жилүүдэд Монгол Улс, хөрөнгө оруулагчдын хооронд үйл ойлголцол болоод байгаа асуудлуудад цэг тавина гэж харж байна. Рио Тинто олон улсын хөрөнгийн бирж гарсан компани болохоор үндэстэн дамнасан корпорациуд глобал гэрээгээр томоохон ханган нийлүүлэлтүүд нь явагддаг. Үүнийгээ дагаад компанийн соёл өөр байдаг. Нэг үгээр хэлбэл энэ компани хөрөнгийн бирж дээр ашгаа хийж, хувьцааны өсөлт, бууралтаар ашиг орлого нь тооцогддог. Яг компанийн үйл ажиллагаагаа хамгийн өндөр өртгөөр, хамгийн аюулгүй байдлаар явуулдаг. Энэ нь зарим үед манайхтай зөрчилддөг үндэс болчихоод байгаа юм. Тиймээс бид компанийн дотоод үйл ажиллагаанд аль болох бага оролцох ёстой.

Дубайн гэрээгээр бид 2037 оноос 34 хувьдаа ногдох ашгаа хүртэж магадгүй. Нэгэнт ногдол ашиг ирэхгүй байгаа учраас 34 хувиа барьж байхаар рояалти руу шилжүүлээд ирэх жилээс шууд борлуулалтаасаа ашгаа хүртээд явах нь монголчуудын хувьд илүү зөв хувилбар байх. Хөрөнгө оруулагч талдаа хүнд тусах ч манайхан асуудлаа зөв гаргаад явбал болохгүй гэх зүйлгүй. Бид Оюу толгой гэдэг нэг завинд хамтдаа суусан учраас завиа цоолж, хөмрүүлж болохгүй.

-Ингэж баривчилгаа явуулж байгаа нь нөгөө талдаа улс төрийн өрсөлдөгчөө намнаж байгаа хэлбэр мөн үү?

-Монголын улс төр халуундаа халуун, намдуудаа намдуу явж ирсэн. Монголын улс төр өрсөлдөгчөө намнахдаа хэзээ ч хууль хүчний байгууллагыг бүү ашиглаасай гэж хүсдэг. Ашиглах гэсэн тохиолдол бүрт би эсэргүүцэж ирсэн. Тиймээс цаашдаа Монголын улс төр шударга, бодлогын хүрээнд хөгжих ёстой. Сүүлийн үед өрнөөд буй баривчилгааг харахад улстөрчдийн хоорон дахь толхилцоон гэхээсээ илүү хууль хүчний байгууллагын алдаа биш байгаа даа гэж харах юм. Хүнийг заавал хорьж шалгах хэрэг байгаа юм уу. Гэрийн хорионд, хязгаарлалтын бүсийг нь тогтоох гэх мэтчилэн тэр хүмүүсийн хэрэг шийдэгдтэл хорих шаардлагагүй. Төрийн өндөр албан тушаалтан гэлтгүй жирийн иргэдийг бүтэн сар хорьчихоод ганц удаа байцаалт авдаг. Ийм тохиолдол заавал барьж хорих ямар шаардлага байгаа юм бэ. 70-80 жил явж ирсэн хорьдог сэтгэлгээнээсээ бид салаагүй байна.

-Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын дарга болон дэд даргын үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавал болсон гээд ард нийтийн дунд санал асуулга явуулж хоёр хүнийг энэ байгууллагын удирдлагууд нэр дэвшүүлсэн. Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх шаардлагагүй гээд буцаасан байна лээ. Таны байр суурь ямар байгаа бол?

-Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын дарга болон дэд даргад нэр дэвшүүлсэн асуудлыг Их хурал хэлэлцэх нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болно. Учир нь хуулийн тодорхой заалтын хүрээнд хэлэлцэх учиртай тул үүнийгээ зөрчих гээд байгаа юм. Тиймээс хэлэлцэх боломжгүй.

Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ удаа АТГ-ын даргыг олон түмний саналаар нэр дэвшүүлж байгаа гэсэн “шоу” тоглолт хийж байна. Ядаж дэвшүүлж байгаа хоёр хүнийг нь нийгэм таньдаг юм уу. Их өндөр санал авлаа л гээд байгаа. Ах дүү, найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс нь л таних байх. Явуулсан санал асуулга нь ч ойлгомжгүй байна лээ. Ард түмнээр хэлэлцүүлэх асуудал байж болохоос ард түмнээр хэлэлцүүлсэн нэртэй тэдний нэрийг барьж өөрсдийнхөө явуургүй тоглолтыг хийж болохгүй. Өмнө нь ийм хандлага гаргах гэж улстөрчид оролдсон ч бүтэлгүй болж байсан. Ардчиллын болон ард түмний нэрийг барьж улс төрийн жижиг тоглолт хийх гэсэн оролдлого бүр бүтэлгүйтдэг. Тэр үйл явцын л нэг байх. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, хуульч, эрх зүйч, салбарынхаа түүчээ болсон хүмүүс байсан бол өөр хэрэг. Би Монголын төрд зүтгээд 20 орчим жил болж байна. Энэ хоёр хүнийг нь бол танихгүй юм билээ. Жирийн иргэдийн түвшинд тийм өндөр санал өгсөн гэдэгт эргэлзэж байгаа юм.

Сүүлийн хоёр парламент дамжин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах том асуудлыг ярьж байгаа шүү дээ. Үүндээ Ерөнхийлөгчийн эрх мэдэл ямар хүрээнд байх юм, Ерөнхийлөгч гэж хэн юм, түүний институци нь ямар эрх үүрэгтэй байх вэ гэдгийг тойроод байгаа нэг согог нь энэ. Ерөнхийлөгч болсон хүн бүр хууль хүчний удирдлагуудыг өөрийн үзэмжээр солих гэж оролдож, тэр хүмүүс өөрсдөд нь үйлчилдэг. Өнөөдрийн Ерөнхийлөгч биш өмнөх Ерөнхийлөгч нарын үед гарч байсан зүйл давтагдаж байна. Цагаан дээр хараар бичсэн хуулийнхаа хүрээнд асуудлаа оруулж ирээд төрийн ажил явдаг дэг жаягаараа асуудлаа тавиад явбал парламент хэлэлцээд нэг талд нь гаргаад явах байх.

-Яг ямар хууль зөрччихөөд байгаа юм бэ?

-Хууль зүйн байнгын хороон дээр тодорхой хуулийн заалтыг ярилцсан байна лээ. Их хурлын институцийн байр сууриа илэрхийлээд энэ хүрээнд нэр дэвшүүлээд явбал хэлэлцээд явна. Тэгээд ч одоогийн АТГ-ын даргын бүрэн эрх хүчин төгөлдөр байна уу, үгүй юу гэдэг нь маргаантай байна. Мөн өргөн барьсан процесс нь алдаатай. Тийм учраас хуулийн зөрчилтэй зүйлийг Их хурал хэлэлцэх шаардлагагүй.

-Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ. Ерөнхийлөгч 100 хувь олгох саналтайгаа илэрхийлсэн, Засгийн газар 80 хувьд нь олгоно гэсэн. Хоёр институци төслөө хамтдаа хэлэлцэхээр болсон байгаа?

-Засгийн газар хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох нь зүйтэй. Хүүхдийн мөнгөөр дамжин тодорхой халамжийн бодлого явагдаж байна. Нөгөө талдаа хүн амаа өсгөх, иргэдийн мөнгөн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд бодлого явагдаж байгаа тул өнөөгийн нөхцөлд 80 хувьд нь буюу зорилтот бүлэгтээ чиглэсэн нийгмийн халамжийн бодлого явуулж байгаа нь зөв гэж үзээд Засгийн газар бодлогоо өргөн барьсан. Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг 100 хувь олгоё гэсэн. Парламент хэлэлцээд нэг асуудал юм байна гээд хамтад нь хэлэлцээд тогтоол гаргаж байгаа. Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгоно. Ерөнхийлөгчийн 100 хувь олгох ёстой гэдэг асуудлыг судалж үзэх хэрэгтэй.

Сүүлийн 10 жилд хүүхдийн мөнгө олгож ирсэн түүхийг авч үзэхээр иргэдийн 20 хувь нь хүүхдийн мөнгөө авдаггүй. Хүүхдийн мөнгөө авахаар банк руу яваад байх шаардлага бага байдаг юм шиг байна лээ. Магадгүй цаашид 20 хувь нь хүүхдийн мөнгөө авъя гэсэн хүсэлтээ өгөөд авдаг хэлбэр рүү орж болно. Үүнийг судлахын тулд тогтоолын төслийг гаргаж байгаа.


Categories
мэдээ нийгэм

С.Зоригийн хэрэгт сайд Ц.Нямдорж ч, прокурор ч тэвчээртэй байх ёстой

– ХЭН ХЭН НЬ АЛДАА ГАРГАЖ БАЙНА ГЭВ –

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 18 жилийн дараа илэрсэн. Улмаар уг хэргийг үйлдсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нар хорих ялаар шийтгүүлсэн билээ. Гэсэн ч С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудал олны анхаарлын төвд байсаар байгаа юм. Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын төрийн томоохон албан тушаалтнууд хорих ялаар шийтгүүлээд байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг хууль хяналтынхан хэлмэгдүүлж буй талаар олон нийтэд удаа дараа мэдэгдсэн. Харин дээрх хэргийг илрүүлсэн ТЕГ, ЦЕГ, Прокурорын хамтарсан ажлын хэсэг Ц.Нямдорж нарын хийсэн мэдэгдлийг эсэргүүцэж, хавтаст хэргээс зарим баримтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах болсон. Ингээд зогсохгүй УЕПГ-аас хэргийн талаарх ноцтой мэдэгдэл ч хийж байсан. Өнгөрсөн даваа гаригт гэхэд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт С.Зориг агсны хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагч, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат оролцсон. Тэрбээр “Засгийн газраас тогтоол гарч, зарим хавтаст хэргийг нь нууцаас гаргасан бөгөөд одоогоор 71 хуудас хэрэг нууцын зэрэглэлд үлдсэн. Б.Булган 1998 онд мэдүүлэг өгч байсан, одоо бол огт мэдүүлэг өгдөггүй. Б.Булган анх гэрчээр, дараа нь хамжигчаар, одоо энэ хэрэгт яллагдагчаар татагдаж байна. Гүйцэтгэх ажил бусад нотлох баримтуудад үндэслэсэн. Хэргийн газраас С.Зориг агсан болоод Б.Булган нарын гарын хээ олдоогүй. Хэргийн газраас одоо яллагдаад байгаа гурван хүний гарын хээ гараагүй. Тэр гурван хүний гарын хээг авч чадаагүй, шаардлага хангаагүй ч байж мэднэ.

С.Зориг агсныг би хөнөөсөн гэж 7-8 хүн гарч ирсэн. Шалгаад холбогдолгүй гэдгийг нь тогтоосон байгаа. Хууль зүйн сайд Ц.Нямдоржид хэрэг илэрсэн нь таалагдахгүй байх шиг байна. Үүний цаана ямар нэгэн далд сонирхол байж болзошгүй” гэх утга бүхий тайлбарыг “Цензургүй яриа” нэвтрүүлгийн үеэр онцолж байсан. Мөн өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд тэрбээр манай сонинд өгсөн ярилцлагадаа “Энэ хэргийг үргэлжлүүлэн шалгуулахгүй байх сонирхолтой өндөр зохион байгуулалттай, улс төрийн их хүчтэй бүлэглэл байна” хэмээн ярьсан удаатай. Хууль зүйн сайд Ц.Нямдорж ч “Цензургүй яриа” нэвтрүүлэг гарсны маргаашнаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлбар хийгээд эхэлсэн. Прокурор хэрэг мөрдөн шалгах ажлын хэсгийг ахалсан нь буруу гэдгээс эхлээд хууль зөрчсөн байж болзошгүй олон ноцтой асуудлын талаар тэрбээр хөндөөд буй. Өмнө нь ч хэд хэдэн удаа хэргийн талаар мэдэгдэл хийчихсэн байгаа.

ХЭРЭГ ИЛРҮҮЛСЭН АЖЛЫН ХЭСГИЙНХНИЙ АЙДАС БУЮУХАВТАСТ ХЭРГИЙН МАТЕРИАЛААС ИЛ БОЛГОСНЫ ЦААД ШАЛТГААН

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг илэрсэн. Захиалагчийг шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор гарч байгаа асуудлын талаар хуульчид өөрсдийн байр сууриа илэрхийлж байв. Хуульчдын хэлж байгаагаар ТЕг, ЦЕг, УЕПг-аас ажлын хамтарсан баг хэргийг шалгаж байгаа. Гэтэл ажлын хэсгийг прокурорын байгууллага ахалсан нь буруу гэнэ. Прокурорын байгууллага хэргийг хуулийн дагуу мөрдөн шалгаж байгаа эсэхийг хянах үүрэгтэй. Түүнээс хэргийг мөрдөн шалгах ажлыг нь удирдан зохион байгуулаад, мөрдөгчийн ажлыг зааж чиглүүлээд явах нь буруу гэдгийг онцолж байв.

Мөн 68 хуудас хавтаст хэргээс 71 хуудас материалаас бусад нь улсын нууцаас гарсан. Тэгэхээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг яг ямар мэдээлэл, баримтаар илэрсэн бэ гэдгийг ил тод гаргах ёстой гэнэ. Олон нийтийн мэдэхийг хүсч байгаа гол зүйл нь энэ гэдгийг хэрэг шалгасан, хянасан, шүүн тасалсан бүх хуульч сайн мэдэж байгаа гэдгийг онцлон хэлж байв.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор прокурорын байгууллагаас МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр мэдэгдэл хийсэн. Мөн баримтат нэвтрүүлэг ч цацсан. Үүний дараа “Цензургүй яриа” нэвтрүүлгээр Б.Булганы хууль хяналтын байгууллагын ажилтны өөдөөс салаавч гаргаж байгаа бичлэг, Б.Содномдаржаагийн бусдад агсам тавьж, зодож танхайрч байгаа бичлэгийг ил гаргасан. Энэ талаар хуульчид “Хэргийг үнэхээр үнэн шударгаар илрүүлсэн үгүйг хэлж мэдэхгүй юм. Хавтаст хэрэгт авагдсан баримт, гэмт хэрэгтнүүдийн өгсөн мэдүүлэг зэргээс тодорхой болно. Энэ хэргийг үнэн зөвөөр хуулийн дагуу илрүүлсэн байна гэж хэлэхэд эрт байна. Харин хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагч, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбатын ярьж байгаа байдал, сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд өгсөн баримт зэргээс харахад нэг зүйл маш тодорхой анзаарагдсан. Хэргийг илрүүлсэн ажлын хэсгийнхэн гол баримтаа гаргахгүй мөртлөө олон нийтэд Б.Содномдаржааг хүн алахаас буцахааргүй танхай балмад гэсэн ойлголт өгөх гэж хичээж байгаа. Эхнэрийнх нь хийсэн бичлэгийг олон нийтэд ил гаргасан зэрэг нь арга ядсан зүйл. Мөн булганы салаавч гаргаж байгаа бичлэгийг гаргаж байгаа нь ч цаанаасаа захиалгат ярилцлага гэдэг нь тодорхой харагдаж байна. Хэргийг шалгаж байгаа ажлын хэсгийг аТг, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг шалгах гэж байгаа гэх мэдээлэл ирсэн. ажлын хэсэг шалгагдахаас айгаад байх шиг байна. Тэгээд гэмт хэрэгтнүүдийн ар гэрийнхэн болон салбарын сайд, УИХ-ын зарим гишүүн С.Зоригийн хэрэгтэй холбоотой ямар нэгэн мэдээлэл хийх бүрт эсрэг арга хэмжээ авч байна. Үүнээс болоод тагнуул, цагдаа, прокурор шүүхийн байгууллага бусдыг хэлмэгдүүлдэг гэсэн ойлголтыг олон нийт авч байна” гэх тайлбарыг бидэнд өгч байна лээ.

Мөн хуульчид олон улсад захиалгат аллагын хэргийн гүйцэтгэгчийг илрүүлсэн тохиолдолд шалгаад шүүхээр шийтгүүлдэг арга тогтолцоог ажлын хэсгийнхэн хэрэглэсэн нь зөв гэдгийг онцлон ярьж байна лээ. дэлхий нийтэд захиалгат гэмт хэргийг илрүүлэхдээ эхлээд хэргийг гүйцэтгэсэн хүмүүсийг олдог аж. гүйцэтгэгчдийн хэргийг шалгаад шүүхэд шилжүүлдэг. Дараа нь захиалга өгсөн гэмт хэрэгтнүүдийн хэргийг мөрддөг гэнэ. Бүлэг гэмт хэрэг хэмээн үзэж захиалагч илэрсний дараа гүйцэтгэгчдийн хамт хэргийг шүүхэд шилжүүлэх нь буруу аж. Захиалагчдыг илрүүлэх хугацаа хэдэн ч жилээр үргэлжилж болдог байна. Тэднийг хамт шийтгэнэ гэвэл хүний амь хөнөөсөн гэмт хэрэгтнүүд хоригдохгүйгээр сул чөлөөтэй явах болдог гэнэ.

Ц.НЯМДОРЖ ЮУНААС АЙЖ, САНДРААД БАЙНА ВЭ

С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 18 жилийн дараа илэрсэн. Гэмт хэрэгтнүүдийг барьж, цагдан хориод байгаа талаарх мэдээлэл гарч эхэлснээс хойш Хууль зүйн сайд Ц.Нямдорж эсрэг мэдэгдэл хийж эхэлсэн. Тэрбээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэлмэгдүүлж байгаа талаар хамгийн анх мэдэгдэл хийсэн. “Хэргийг илрүүлсэн ажлын хэсэг хууль зөрчиж байна. гурван шатны шүүх хууль бус шийдвэр гаргасан. Монголын хууль хяналтын байгууллагын завхрал гурван хүнийг хэлмэгдүүлж байна” гээд л олон удаа ярьсан. Хууль зүйн сайд хууль хяналтын байгууллагын талаар сөрөг зүйлс яриад байгаа нь цаанаа ямар нэгэн зорилго агуулж байгаа мэт байдалд түүнийг оруулсан. Энэ талаар хуульчид “Хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд салбарын сайд саад учруулах зорилгоор “Энэ хэргийг буруу шүүсэн. Хууль хяналтынхан бусдыг хэлмэгдүүлж байна” гээд яриад байгаа нь зохимжгүй. Өөрөөр хэлбэл, хэрэг мөрдөн байцаах ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулж байна гэсэн үг. Үүнийг Ц.Нямдорж, Ж.Батзандан нар сайн мэдэж байгаа. Түүнчлэн “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагч илрэх гэж байгаа эгзэгтэй үед энэ хэргийн талаар байнга ярьж байгаа нь цаанаа ямар нэгэн том зорилго агуулж байж болзошгүй гэх хардлага төрүүлэхээр байна. Хэрэгт ямар нэгэн холбоогүй юм бол Ц.Нямдорж бүх зүйлийг шалгаж дуустал чимээгүй л байх байсан. Энэ хэрэгт хамгийн ихээр санаа зовж байгаа нь ямар нэгэн учир байна” гэх таамаглалыг бидэнд ярьсан юм. Мөн Ц.Нямдоржид хэргийн талаар мэдээлэл өгдөг төрийн алба хаагч байх магадлал өндөр байгаа гэнэ. Ц.Нямдорж хүн амины хэрэгт гурван шатны шүүхээр ял авсан хүмүүсийг өмөөрч байгаа нь энэ хэргийн захиалагчдыг илрүүлэх сонирхолгүй байгаа мэт харагдуулж байгааг олон хүн хэлж байна лээ.

Бие биенийгээ хянах ёстой хууль хяналтын байгууллага бусдыг хэлмэгдүүлдэг гэмт хэргийн бүлэглэл болсон уу, эсвэл улс төрийн томоохон албан тушаалтнууд хэрэгт холбогдох гээд айж сандраад байна уу гэдгийг ганцхан зүйлээр тайлж болно. Тэр нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг хэрхэн илэрсэн, ямар нотлох баримтаар гэмт хэрэгтнүүдийг буруутгаж байгаа вэ гэдгийг ил гаргах л юм. Мөн хэрэг бүрэн шийдэгдтэл Ц.Нямдорж сайд ч, прокурор ч тэвчээртэй хандах ёстой гэдгийг онцолж байсан юм.


Categories
мэдээ цаг-үе

Д.Хаянхярваа: УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудалд ямар нэгэн амбиц, улс төргүйгээр ул суурьтай хандах ёстой

УИХын гишүүн, УИХ дахь МАНын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас тодрууллаа.


-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргыг сонгосон. Энэ үеэр Д.Лүндээжанцан гишүүн Д.Тогтохсүрэн гишүүнийг нэр дэвшүүлсэн бол та С.Бямбацогт гишүүний нэрийг санал болгосон. Гэвч Ёс зүйн дэд хорооны даргын асуудлыг шийдэхийн өмнө маргаан дагуулсан нь сенсаци боллоо. Ямар шалтгааны улмаас маргаан өрнөсөн юм бэ?

-Сенсацилаад байх зүйл болоогүй. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргад Д.Лүндээжанцан гишүүн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гишүүнийг нэр дэвшүүлсэн. Би үндэслэлээ маш тодорхой хэлсэн. Тэр нь Ёс зүйн дэд хорооны дарга нь УИХ-д гурван удаа сонгогдсон, нам сөрөг хүчин байхад Бүлгийн дарга байсан, Хоёр жил орчим Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан, одоо УИХ-ын дэгийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа туршлагатай хүнээр Ёс зүйн дэд хороог даргалуулъя гээд С.Бямбацогт гишүүний нэрийг оруулсан. Гэхдээ Д.Тогтохсүрэн гишүүнийг туршлагагүй, чадахгүй болохгүй гэж байгаа юм биш. Миний хувьд эрхэлж байсан ажлыг нь харгалзан нэр дэвшүүлсэн. Түүнээс биш орилоод маргаж мэтгэлцсэн зүйл байхгүй.

Л.Оюун-Эрдэнэ гишүүн л тэндээс хэдэн юм яриад байх шиг байсан. Д.Тогтохсүрэн гишүүн “Хэрэв Бямбацогт гишүүнийг нэр дэвшвэл би өрсөлдөхгүй” гээд С.Бямбацогт гишүүнийг Ёс зүйн дэд хорооны даргаар сонгосон. Болсон процесс ердөө л энэ.

-Д.Лүндээжанцан гишүүн “УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар Д.Тогтохсүрэн гишүүнийг Ёс зүйн дэд хорооны дарга болгохоор тохирсон” гээд байсан шүү дээ?

-Лүндээжанцан дарга тэр үед болоогүй процессийг болсон мэт ярьж байна лээ. Тэгээд ярихаар нь би “Та болоогүй зүйлийг болсон мэт ярьж болохгүй” гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн. Лүндээ дарга ч гэсэн түүн дээр өөрийнхөө алдааг ойлгосон байх. Д.Тогтохсүрэн гишүүнийг Ёс зүйн дэд хорооны гишүүн болгохоор ярьсныг буруу ойлгосон юм шиг байна лээ.

-УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга болох гэж олон хүн хүсдэг болсон юм биш үү. Тэр бүр анхаарал хандуулдаггүй байсан дэд хороог гишүүд яагаад илүүтэй сонирхох болсон юм бэ?

-Мэдэхгүй юм. “Би дарга болъё” гээд байгаа хүн өнөөдөр манай бүлэг дотор алга. Мэдээж дэд хороодын дарга нараас сайд болоод явсан хүмүүс байгаа тул даргаа сонгоно. Д.Цогтбаатар гишүүн сайд болсон тул өнөөдөр (өчигдөр) Хүний эрхийн дэд хороо яригдаж байна лээ. Ойрын хэд хоногт ганц нэг дэд хорооны дарга сонгохоор бол түүнийгээ байнгын хороон дээрээ яриад сонгоод явчихна.

-Д.Лүндээжанцан гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болсон тул оронд нь С.Бямбацогт гишүүнийг томилсон юм уу?

-Д.Лүндээжанцан гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын албыг хашиж байгаа болохоор Ёс зүйн дэд хорооны даргын ажлаа өгье гэж өөрөө саналаа тавьсан.

-Л.Оюун-Эрдэнэ гишүүн Бүлгийн дарга нэг зүйл яриад, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга бас өөр зүйл ярьж байна. Тиймээс бүлэг дээрээ хэлэлцэж саналаа нэгтгэж оруулж ирэх ёстой гээд байсан. Харин та бүлгээр хэлэлцэх шаардлагагүй гэдгээ хэлсэн. Үнэхээр бүлгээр хэлэлцэх шаардлага байхгүй юу?

-Ёс зүйн дэд хорооны даргын асуудал угаасаа яригдаагүй. Тэрийг дарга болгоно гэдэг зүйлийг яриагүй болохоор Байнгын хороон дээрээс Ёс зүйн дэд хорооны гишүүд нэрээ дэвшүүлээд санал хураагаад шийдчихнэ гэсэн бодолтой байсан. Түүнээс биш бүлгийн бодлого гаргаад, тэр нь дарга болно шүү гээд шийднэ гэж бодоогүй. Тэр утгаараа Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтыг санал болгоно гэж би хувьдаа бодсон. Бүлэг дээр ярьсан ч гэсэн би С.Бямбацогтыг санал болгох байсан.

-Гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудлууд их гарах болсон ч шийдэгдсэн нь алга. Магадгүй дэд хорооны даргын үйл ажиллагаатай холбоотой байх. Цаашид дэд хороо хэрхэн ажиллах ёстой бол?

-Дан ганц Ёс зүйн дэд хороо ч гэлтгүй УИХ-ын дэргэдэх бүтцийн байгууллагууд маш сайн ажиллах ёстой. Ямар ч ажил хүнээс хамаардаг. Гэхдээ хүн л болсон юм чинь алдаа, оноо аль аль нь байдаг. Тэр утгаараа даргалж байгаа хүнээс хамаарна гэдэг бол нэг үзүүлэлт.

Нөгөө талаасаа Ёс зүйн дэд хороо гэхээрээ юм л бол гишүүний ёс зүйг авч хэлэлцэнэ гээд нэг тийш нь хэлбийлгээд байвал буруу. Ялангуяа УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудалд ямар нэгэн амбиц, улс төргүйгээр ул суурьтай хандах ёстой.

-Д.Лүндээжанцан гишүүнийг нутгийнхаа хүнийг Ёс зүйн дэд хорооны дарга болгох гэлээ гэсэн шүүмжлэл гарсан…

-Д.Тогтохсүрэн гишүүн, Лүндээ дарга хоёр нэг нутаг болохоор хүмүүс тэгж харсан байх. Түүнээс тийм бодол байхгүй. Д.Тогтохсүрэн гишүүн ямар ч ажлыг хийгээд явах чадвартай хүн. Олон жил аймаг удирдан ажиллаж, төрийн аль ч шатанд ажиллах бүрэн боломжтой гишүүдийн нэг. Ажил хийх чадварын тухайд яриад байх зүйл ч байхгүй, мундаг гишүүн. Д.Тогтохсүрэн гишүүнийг хувьдаа ямар ч ажилд бэлтгэгдсэн кадр гэж үздэг. Учир нь орон нутгаас эхлээд бүхий л албан тушаалд ажиллаж байгаад төрийн дээд албан тушаалд ирсэн болохоор ямар ч ажлыг хийж чадна.

-Даргыг сонгохын тулд хор найрууллаа гээд байсан даа, Л.Оюун-Эрдэнэ гишүүн?

-Юуных нь хор найруулга байхав дээ. Дээр хэллээ шүү дээ. Лүндээ дарга Д.Тог-тохсүрэн гишүүнийг санал болгосон, би С.Бямбацогт гишүүний нэрийг дэвшүүлье гэж Байнгын хорооны хурал дээр яриад л шийдэцгээсэн асуудал.

Э.БОЛД