Categories
гадаад мэдээ

Элсээр барьсан шилтгээндээ 22 жил амьдарчээ

Рио-де-Жанейро хотод нэгэн эр элсээр барьсан шилтгээндээ 22 жил суусан тухай мэдээг РИА Новости сайт тавдугаар сарын 8-нд нийтлэжээ.

Марцио Матолиас гэх эр орон гэргүй нэгэн байсан бөгөөд элсээр элдэв зүйл хийдэг сонирхолдоо хөтлөгдөж, өөртөө жинхэнэ ордон барихаар шийдсэн байна. Шилтгээнд номын дэлгүүр, номын сан байдаг аж. Тэрээр дэлгүүр, номын сан ажиллуулж багагүй орлого олдог байна.

Рио-де-Жанейро хотын захиргааны статистикийн мэдээгээр, түүний түрээсийн төлбөрт авдаг мөнгө нь сарын дундаж цалингаас хоёр дахин их гэнэ.

Тэрээр орон гэртэй болсон төдийгүй үүнээсээ мөнгө олдог болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүргийнхэн 17000 мод тарилаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгаж, нийслэлийн өнгийг тодорхойлогч Хан-Уул дүүрэг нь “Эко дүүрэг” болох зорилт дэвшүүлэн ажиллаж буй.

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” буюу өчигдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын удирдлагууд, ажилтан албан хаагчид, Хороод дүүргийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, сургууль, цэцэрлэг, Сууц Өмчлөгчдийн Холбоод “Бүх нийтээр мод тарих” үйл ажиллагаанд нэгдэж нийт 17000 гаруй мод бут, сөөг тарилаа.

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга, албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Үйл ажиллагааг нээж ИТХ-ын дарга Б.Цэрэн “Үндэсний мод тарих үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа төр хувийн хэвшил, иргэддээ талархсанаа илэрхийлье. Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилт тавин ажиллаж буй. Эко дүүрэг болоход хүн бүрийн оролцоо чухал юм. Иймээс иргэн бүр хашаандаа мод ургуулах, аж ахуйн нэгж байгууллага бүр гадна орчиндоо ногоон байгууламжтай болох, өөрийн байгууллагын нэрэмжит таримал ойн сантай болгохыг та бүхэндээ уриалж байна” хэмээн онцлов.

Мөн тарьсан модондоо арчилгаа, усалгаа хийж цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэхийг зохион байгуулагч нарын зүгээс уриаллаа.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Баялаг сан хөмрөгтэй баруун Монголын төв музей

Ховд аймгийн музей нь 1950 онд орон нутаг сурталчлах кабинет нэртэй 1 орон тоотой, 40 гаруй үзмэртэй анх байгуулагдаж байжээ. Байгуулагдсан цагаасаа хойш аж ахуй зохион байгуулалтын талаар улам бэхжиж, баруун Монголын ард түмэнд аймаг орон нутгаа сурталчлах ажлын хүрээ жилээс жилд өсч, 1967 онд Аймгийн орон нутаг судлалын музей, 1991 онд Аймгийн музей болон өргөжсөн бөгөөд 2011 оноос хойш өөрийн салбар музейтэй болон ажиллаж байна.Салбар музейн талаар товч дурвал 2008-2012 онд Ховд Аймгийн Засаг даргын санаачилсан “Оюунлаг Ховд” Хөтөлбөрийн хүрээнд Ховд Аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг угтан олон ястны “Өв соёлын хүрээлэн”-г барьж байгуулсан. Энэхүү хүрээлэн нь холын цуутай Ховд нутагт мянга мянган жилийн турш эв найртай амьдран ирсэн олон үндэстэн ястнуудынхаа өвөрмөц ёс заншил, түүх соёлын онцлогийг харуулсан үндэсний соёлын өвийг төрөлх нутгийн зон олон ард иргэд болон гадаад, дотоодын зочид төлөөлөгчдөд таниулах, ирээдүй хойчдоо өв соёлоороо бахархах, үлгэр дуурайл үзүүлэх, өвлүүлэн үлдээх соёл гэгээрлийн томоохон төв болон ажиллаж байна.

Тулгамдаж буй асуудал: Музейн барилга нь их засварт орж байгаагүй. 1980 оноос өмнө музей барилга нь халаалт, дулаан байдаггүй байсан. 1980 онд сантехникийн ажил хийгдсэн. Барилгад их засвар хийх шаардлагатай байгаа. Боловсон хүчин, орон тоог нэмэгдүүлэр шаардлагатай байгааг салбарын сайдад уламжиллаа.

Сан хөмрөг

Ховд аймгийн музейн сан хөмрөг нь 3100 гаруй үзмэртэй. Баруун Монголын олон ястны түүх соёлын хосгүй үнэт өв, үзмэрүүдээс авахуулаад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэрэмжит өрөө, өв соёлын хүрээлэн гэх мэт баялаг сан хөмрөгтэйгээр ард иргэдэд үйлчилж байна.

”Ард Аюушийн зарга”, Н.Хүүжав, 1962 он

Манжийн үеийн эрүү шүүлт

Манжийн харгислалын үед хүний толгой авдаг байсан цаазын сэлэм

Казак дээл хувцас

Тус музей нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тохижуулж өгсөн танхимтай. Энд түүний бага наснаас Ерөнхийлөгч болох хүртэлх намтар түүх, зураг хөрөг бүхий цахим сантайгаас гадна Ерөнхийлөгчөөр сонгогдож тангараг өргөхдөө өмсч байсан дээл хувцас, тамганы хайрцаг сэлт байдаг.

“Байтагийн тулалдаан” диарам. Зураач Б.Равсал, Ү.Батмөнх, Л.Дамба, Б.Дашням нарын бүтээл, 1979 он

Ховд аймгийн Булган сумын Байтагийн заставын хилийн манаанд Хаянхирваа ахлагчтай 10 хилчин 1948 оны 7-р сарын 8-нд гоминданы 150 гаруй цэрэгтэй хүч тэнцвэргүй тулалдаанд орж эх орныхоо дархан хилийг баатарлагаар хамгаалжээ. Манааны ахлагч Хаянхирваа нэг цэргээ хилээс 45 км-т орших заставт хэл хүргүүлэхээр явуулж, үлдсэн 9 цэргээ Бүдүүн харгайтын голын аман дахь Байтаг ууланд тараан байрлуулж, тосон байлджээ. Хүчээр давуу дайсны эсрэг гурван цагийн турш тулалдаж, Б.Тэгшээ, Б.Гиваан, Л.Даваадорж нар дайсны гол хүчийг өөр дээрээ тогтоон барьж, эцийн сумаа дуустал байлдаж, үлдсэн ганц гранатаа тэслэн амь эрсджээ. Байтагийн тулалдаанд гарамгай гавьяа байгуулсан Б.Тэгшээ Ховд аймгийн Чандмань сум, Б.Гиваан Увс аймгийн Өлгий сум, Л.Даваадорж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, нарыг 1948 онд Монгол Улсын Баатар цолоор нэхэн шагнажээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Намянжү Дасаны төгөл” байгууллаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Намянжү хотын хооронд Найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Өнгөрсөн онд Намянжү хотын дарга И Сог Ү Монгол Улсад айлчлах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой “Намянжү Дасаны ой” төсөл хэрэгжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурж байсан юм. Энэхүү санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг “Намянжү Дасаны төгөл”-ийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулж байна. “Намянжү Дасаны төгөл” байгуулах арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, БНСУ-ын Намянжү хотын дарга И Сог Ү, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуул бусад албаныхан оролцлоо. Энэ үеэр хүндэт зочид төлөөлөгчид “Намянжү Дасаны төгөл”-д анхны нарс модыг суулгасан юм. Энэ жил Улаанбаатар, Намянжү хотууд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн онд Намянжү хотын дарга манай улсад айлчлах үеэрээ хоёр хотын 20 жилийн ойн хүрээнд хийх ажлаа төлөвлөсөн. Өнөөдөр бүх нийтийн мод тарих өдрийн хүрээнд И Сог Ү дарга ирж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд төгөл байгуулж, 3000 мянган төгөл тарих ажлыг эхлүүлж байна. Түүнчлэн бид ойрын хугацаанд Улаанбаатар хотын ногоон бүс Улиастайн голын сав газарт 100 га газарт ойн төгөл байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Улаанбаатар хотын ногоон хөгжилд найрамдалт хотууд маань санаачилга гаргаж хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ярилаа.

“БНСУ-ын Намянжү хотын дарга И Сог Ү “Ойрын таван жилдээ бид мод тарих үйл ажиллагааг дэмжиж, тогтвортой ажиллана. Улаанбаатар хотын иргэдийн идэвхи маш чухал. Мод тариад, арчилж, ургуулахад иргэд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Улаанбаатар хотын иргэдийг хамтарч ажиллахыг уриалж байна” хэмээв. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуул “Хоёр хотын дарга нарын байгуулсан санамж бичгийн хүрээнд “Намянжү Дасаны ой” төсөл өнөөдөр бодит ажил болж буйд маш их баяртай байна. Та бүхний байгуулсан төгөл нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалж, ногоон байгууламжийг нэмэгдүүлээд зогсохгүй хоёр хотын өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааны илэрхийлэл байх болно. “Намянжү Дасаны төгөл”-д мод тарих энэхүү ажлыг хариуцан ажиллаж буй “Ногоон Ази Сүлжээ” ТББ-ын дарга ноён Шин Гиху танд талархал илэрхийлмээр байна. Танай хамт олны цөлжилтийн эсрэг хэрэгжүүлсэн бодит ажил, манай хамт олны арваад жилийн туршлага “Намянжү Дасан төгөл”-ийг цэцэглүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.Төслийн хүрээнд энэ хаврын мод тарилтаар улиас, чацаргана, шар хуайс гэсэн 3 төрлийн 3000 мод таригдана. Мод тарих ажлыг Монгол Улсад байгаль орчин, цөлжилт, ойжуулах чиглэлээр олон төсөл амжилттай хэрэгжүүлсэн “Ногоон Ази Сүлжээ” ТББ хариуцан ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Categories
мэдээ нийгэм

“Цалинтай ээж”-ийн тавдугаар сарын мөнгийг олгож эхэлжээ

mungu“Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 0-3 хүртэлх насны хүүхдээ гэртээ асарч буй эхчүүд сар бүр 50 мянган төгрөг авах болсон. Ингэхдээ ээжүүдийн цалинг сар бүрийн 20-нд олгож байхаар Засгийн газар тогтоосон билээ.

Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш ээжүүдийн цалин болох 50 мянган төгрөг сар бүрийн 20-ноос хойш олгогддог байсан. Харин энэ тавдугаар сарын “Цалинтай ээж” хөтөлбөрийн 50 мянган төгрөгийг өнөөдрөөс олгож эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар “Цалинтай ээж” хөтөлбөрт 0-3 насны хүүхдээ асарч буй 125 мянга гаруй ээж хамрагдан сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж авч байна.

Categories
мэдээ нийгэм

Булган аймгийн нутгаар аялахад үзэх газрууд

1.Хөгнө тарна байгалийн цогцолборт газар


Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд зэрэг гурван сумын нутаг дамнасан нийтдээ 84390 га талбайтай Хөгнө-Тарна байгалийн цогцолбор газар юм. Хөгнөхаан уулыг эрт дээр үеэс “Хан” хэмээн шүтэн хамгаалж ирсэн бөгөөд энд Тахилгын овоо, Сантын овоо, Бага ханы овоо зэрэг тахилгатай газрууд бий. Хөгнөхаан уул нь Богд хаант монгол улсын үед төр шашины холбогдолтойгоор тахин шүтэж ирсэн дөрвөн хан уулын нэг нь байжээ. Энэ нутгийн гадарга нь Орхон-Туулын савын 1500-2000 м өндөртэй бэсрэг, нам уулс, цав толгод, тэдгээрийн хооронд орших талархаг гадарга бүхий тогтоцтой. Хөгнөхааны уулын системд хамрагдах уулс нь харьцангуй нам, хамгийн өндөр оргил Цэцэрлэг 1968.8 м өндөртэй. Түүний захын хамгийн нам уулс, цав толгод 1300-1500 м өндөртэй байна. Цогцолборын хамгийн том гол нь Хангайн нурууны зүүн хэсгийн бэсрэг уулсын нэг болох Зүүн Хайрхан уулын умарт биеэс эх аван урсах Тарнын гол ба Туул гол руу цутгах энэ гол нь Орхон-Туулын ай савд багтана. Тарнын голын баруун гараас Ар Жаргалант, Чулуут зэрэг голууд цутгадаг. Ууландаа гол горхи бараг байхгүй, харин гүний усны нөөц сайтай олон булагтай. Тарнын голын баруун биеэр зүүн урагш 80 орчим км урт үргэлжилсэн “Их Монголын элс” хэмээх элсэн тарамцаг оршино. Энэхүү томоохон элсэн хуримтлал нь Тарнын голын эх болох Шарлин, Жаргалант голуудын бэлчир, Их Монгол уул (1675.0 м) орчимд хамгийн өргөн (9-10 км) Тарна, Элстийн голын гольдрол даган Чулуутын овоо (1525.9 м)-ноос доош бараг Булган аймгийн Гурванбулаг сумын төв хүртэл нарийн зурвас (3.5 км) байдлаар үргэлжилнэ. Цогцолборт газрын бэсрэг уулсаар буга, гөрөөс, гахай, мануул, үнэг, хөрс, чоно, дорго, өмхий хүрэн, туулай зэрэг амьтадтай. Мөн дагуурын зараа, сахалт багваахай, жижиг соотон багваахай, урт сүүлт зурам, хадны барагшин, орог зусаг, үлийн цагаан оготно, монгол чичүүл сибирийн алаг даага зэрэг жижиг хөхтөн амьтад элбэг юм. Суурин жигүүртнээс цармын бүргэд, харцага, идлэг шонхор, шилийн сар, начин шонхор, хайргууна шонхор, хотны бүгээхэй, адууч чогчоохой, хон хэрээ, шаазгай, шар шувуу, ууль, ятуу хийгээд нүүдлийн жигүүртнээс хөхөө, өвөөлж, элээ, гол горхиор ангир, галуу, нугас, тоодог, хавтаалж, зуун хурга зэрэг шувууд ирдэг. Хөгнөхаан ууланд Өвгөн, Залуу хийд, Мойлтын амны хойд талд Сэнжит цохионд хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг, янгирын зураг, Ямаатын цагаан хөтлийн ар талын амны хаданд янгир, чоно, бугын зураг, Элсэн тасархайн элсний зүүн дэргэд боржин чулууны хөшөө, Аман хадны буюу мааний хадны мааний үсэг, Хөгнөхаан уулын баруун урд үзүүр Устын амны дэлээс 12 орчим км-т Ташуугийн өвөлжөө гэдэг газар Хийдийн давааны ар талд олон тооны булш байдаг. Мөн хамгаалалттай газар нутагт Монголын анхдугаар богд өндөр гэгээн Занабазарын мэндэлсэн нутаг болох Ширээт цагаан нуур, Бурхадын хөдөө нуур, Тахилт нуур, Адуун нуур, Тарнын гол, шүлүүтийн гол, Шарлин, жаргалантын гол байхаас гадна Тольт баян түрүү гэх мэт хүний биеийн эрүүл мэндэд онцгой ач тустай рашаан ус байдаг.

2. Уран тогоо уул


Уран тогооны уул нь Хутаг-Өндөр сумын нутагт, Улаанбаатараас Мөрөн орох хатуу хучилттай замын дэргэд оршдог, унтарсан галт уул юм. Энэхүү уулыг 1965 онд улсын тусгай хамгаалалтад авсан байна. Далайн түвшнээс дээш 1686 метр өндөр, орой дээрээ 500-600 метр өргөн, 50-60 метр гүн тогоотой аж.

Тогоондоо 20 метр орчим голчтой, 1.5 метрийн гүн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг. Харин Тулга, Тогоо, Жалавч уул нь Уран тогоо уулаас урагш 12 км зайтай оршдог бөгөөд дөрөвдөгч галвын үед оргилж байсан уулс юм.

Энэхүү улл нь 20-25 мянган жилийн тэртээ оргилж байгаад унтарсан гэж үздэг. Тулга уулын тогоо нь зүүн хойшоо, урагшаа, баруун хойшоо сэтрэн элэгдэж эвдрээд тулганы гурван чулуу шиг гурван хэсэг дугуй ханан толгой болон үлджээ. Эдгээр сэтэрхий нь тулгын гурван чулуу шиг харагддаг учир Тулга гэж нэрлэсэн байна. Тулга уул нь далайн төвшнөөс дээш 1540 метр. Тогоо уулын өндөр нь 1620 метр, өрхний амсар нь сэтрээгүй бүтэн бөгөөд хөндлөнгөөрөө 400 метр орчим, гүн нь 100 метр бөгөөд том хонин тогоо шиг хэлбэртэй. Тогоо уулын ба­руун талд Жалавч гэдэг уул байх бөгөөд өрхийн амсар баруун тийшээ ганц­хан газраар сэтэрчээ. Тус уул далайн төвшнөөс дээш 1560 метр.

Үржил шимт хар хүрэн ба хар шороон хөрстэй учир хээрийн ба ойт хээр, уулт хээрийн бүсийн ургамал ургадаг. Шинэсэн ой голлохоос гадна улиас, улиангар, хус ургана. Цагаан төмс, мангир, хонгорзул, алтанзул, алтангагнуур, тайжийн жинс, далан түрүү, үхэр гоньд, хунчир, хөвөн оройт, Монгол туйплан зэрэг эмийн болон хүнсний ургамал, хавтуул, хурган засаа, үнэгэн сүүл, хонхон цэцэг, бэр цэцэг, хазаар өвс зэрэг ургамал ургана.

Буга, аргаль, бор гөрөөс, гахай, янгир, тарвага, зурам, бор туулай, хөвдний бор оготно зэрэг ан амьтад бий. Ятуу, бор шувуу, ууль, харцага, хөхөө, өвөөлж байдаг ба Уран тогооны нууранд ангир ирж зусдаг. Энэ бүс нутагт хэвлээр явагч могой элбэг тохионо. Хүйтэн улиралд эдгээр галт уулын гүний дулаан бүлээн уур хийн илчинд хоргодон ичиж амьдардаг байна.

3. Шивээт улааны цогцолбор


Баян-Агт сумын төвөөс урагш 30-аад километр зайд Хануй голын хойд талд Шивээт улаан хэмээх уулын орой дээр Y-YIII зууны үеийн Түрэгийн Эльтерес Күтлүг хааны дурсгалд зориулсан цогцолбор юм. Энд хүн чулуу 9, чулуун арслан 4, чулуун хонь 4 байжээ. Хүн чулуунууд нь шовх зах бүхий дээл өмссөн байдалтай, захын ар талд жижиг дөрвөлжин унжлагатай байдаг. Нэг хүн чулуу нь баруун ташаандаа хавтага зүүж, хоёр гартаа бумба барьсан, өөр нэг нь сэлэм атгасан баруун гараа элгэндээ авч, зүүн гараараа сэлэмний хуйн дээд хэсгээс барьсан байдалтай байдаг.

4.Хар бухын балгас


Дашинчилэн сумын нутагт, сумын төвөөс 12 километр зайд Хар бухын голын гүүрний дэргэд байдаг. Нутгийнхан Хунтайжийн балгас, Хадаасангийн балгас гэдэг. IX-X зууны Кидан бичээстэй дээврийн ваарнууд олдсон нь Чин толгойн балгаснаас гарсантай яг ижил байсан учраас Киданы үед хамааруулан үздэг бөгөөд XYII зууны үед хэрэмний туурь дотор Монголчууд чулуун хийдийг барьжээ. Хэрмийн туурийг үзвэл хааш хаашаа 500 метр орчим талбайтай байсан нь мэдэгдэж, түүний дотор баруун зүүн тийш гарсан гол гудамжны хоёр талаар хотын барилгууд байсан оромтой бөгөөд зарим нь тусгай хэрэм, шуудуун хамгаалалттай байжээ. Хэрмийн барилгыг галт уулын хүрмэн чулуу, билүү занар чулууг үелүүлэн алаглуулж өрж барьсан нь гайхамшигтай ажээ. Одоо энд хоёр давхар ордны хана суваргаас үлджээ. Энэ балгас орчмоос эрдэмтэн Х.Пэрлээ XY-XIY зууны үед холбогдох үйсэн дээр бичсэн Монгол хуулийн эмхэтгэлийг олжээ. Тэдгээр үйсэн номнуудад янз бүрийн шашны сэдэвтэй судар, хууль цаазын эмхэтгэлүүд, Монгол бичгийн цагаан толгойн үсэглэл зэрэг зүйлүүдийг бичсэн байжээ. Энэхүү Хар бухын балгасыг 1998 онд улсын хамгаалалтанд авсан.

5. Чин толгойн балгас

Дашинчилэн сумын нутагт нутгийнхан “Чин толгой” гэдэг эртний хотын туйр бий. Энд эртний гэрэлт хөшөөний суурь хоёр том чулуун мэлхий бий бөгөөд олдсон зарим дээврийн ваар нь кидан бичигтэй байжээ. Эл балгасны дэвсгэр газарт эртний судлалын нарийн малтлага судалгаа хийгээгүй боловч судлаачид түүхийн сурвалж бичгийн мэдээнд тулгуурлан Киданы Чжэнь-Чжоу хотын үлдэгдэл гэж үзжээ. Чжэнь Чжоугийн хамт бас хоёр хот дараалуулан барьсан гэж Ляо /Кидан/ улсын газар зүйн бичигт өгүүлсэн бий. XIII зууны үед Монгол нутгаар дайран өнгөрсөн нангиад газрын лам Чань Чунь бомба үүнийг Чжэнь Чжоу хотын үлдэгдэл болохыг нотолж бичиж байсан ба Туул голоос баруун тийш явахад Киданы эвдэрхий гурван хот тааралдаж байсныг тэмдэглэжээ. Үнэхээр ч Чин толгойгоос баруунтай Хадаасан-Хар бухын балгас, зүүн тийш “Талын улаан” гэдэг балгас бий. Эртний судлалын шинжилгээгээр “Чин толгой”, “Хар бух” хоёр нэгэн цаг үеийнх болох нь ноттой батлагдсанаас гадна “Талын улаан балгас” ч мөн Киданы үед холбогддог. Киданы түүх сударт тэмдэглэснээр Чжэнь Чжоу-д Киданы баруун хойд гадаад аймгийн 20.000 дарангуй цэрэг сууж байснаас гадна бас хятад, зөрчидийн 700 гаруй өрх айлыг нүүлгэн ирүүлж цөлөн суулгаж байжээ. Чин толгой болон Хадаасан-Хар бухын балгасны талаар нутгийн ард түмний дунд нэлээд хожмын түүхэн үйл явдалтай холбогдсон сонирхолтой домог бас хадгалагдан үлджээ. Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт нутгийнхан “Чин толгой” гэдэг эртний хотын энэхүү туйр байдаг. Энд эртний гэрэлт хөшөөний суурь хоёр том чулуун мэлхий бий бөгөөд олдсон зарим дээврийн ваар нь кидан бичигтэй юм байна.

6. Бий булгын балгас

Хутаг-Өндөр сумын нутаг орших энэхүү газрыг улсын хамгаалалтанд байх түүх, соёлын дурсгалт газрын жагсаалтанд оруулсан байдаг. Түрэгийн хаант улс мөхсөний дараа Монгол нутагт түр хугацаанд хүчирхэгжин мандаж байсан улс бол Уйгур улс. Уйгурын үед холбоотой олон чухал дурсгал Монгол нутагт багагүй байгаа бөгөөд тэр дундаа хот тосгонтой холбогдсон хэд хэдэн дурсгал байдаг. Уйгур нар нь өөрийн улсыг байгуулж, хот хэрэм барь байсны ул мөр нь одоогийн Архангай аймгийн Хотонт сумын нутагт орших Хар Балгас, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Намнан уулын ойролцоо орших Бий булагийн балгас билээ. Хар балгас нь Уйгур улсын нийслэл байсан.

Байбалык хот буюу Бийбулаг нь сумын төвөөс баруун тийш 14 километрт байдаг бөгөөд нутгийнхан Бийбулаг гэж нэрлэдэг. Булган аймгийн Сайхан сумын нутагт орших Моюнчур хаанд зориулан босгосон гэрэлт хөшөөний 44 дүгээр мөрөнд “Сэлэнгийн эрэгт Байбалык хотыг байгуулахыг согд табагач нарт даалгалаа би” хэмээн тэмдэглэсэн байдаг учир уг хотыг Уйгарын хаан Моюнчур байгуулуулсан бололтой хэмээн судлаачид үздэг.

7. Могойн шинэ ус


Хайрхан сум, Булган аймгийн Сайхан сумын нутгийн зааг дээр Могойн Шинэ ус хэмээх газар орших эртний Уйгурын үеийн гэрэлт хөшөө, булшны цогцолбор байна. Энэхүү дурсгал далайн түвшнээс дээш 1477 метрийн өндөрт оршин байна. Энэхүү гэрэлт хөшөө дундуураа хоёр хуваагдсан, хөшөөний суурь болох чулуун яст мэлхийний толгой хугарч байхгүй болжээ. 1970-аад онд нутгийн нэгэн малчин уурлаад энэнхүү хөшөөний нэг хэсгийн авч яваад Могойн нуур луу хаяасан гэсэн мэдээ байх бөгөөд чухам хөшөөний ямар хэсгийг Могойн Шинэ усны аль нуур луу нь аваачиж хийснийг тодруулах боломж гарсангүй. Учир нь Могойн Шинэ хэмээх энэхүү газар олон жижиг нуур бүхий хотгор газар болно. Судалгааны ном зохиолуудад “ Моюн-чурын хөшөөний түрэг бичээс” гэсэн нэрээр орсон байдаг.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив

“Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриатай хаврын мод тарилтын нээлтийн үйл ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд өнөөдөр /2018.05.12/ боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, НЗДТГ-ын удирдлага, албан хаагчид, НИТХ-ын төлөөлөл оролцлоо. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нийслэл хотын ногоон байгууламжийн массыг нэмэгдүүлэх, эрүүл эко орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд жил бүрийн тав, аравдугаар сард ‘Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг албан байгууллага аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулан зохион байгуулж байна.

Мөн Монгол Улсын их хурлын тамгын газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Дулааны III цахилгаан станц ТӨХК, “Орчлон” дунд сургууль, Улаанбаатар бүрэн дунд сургууль, “Моннис” групп, Монгол банк, Монгол Улсын Хөгжлийн банк, Олон улсын энэрлийн байгууллага зэрэг 40 гаруй иргэн, байгууллага хамт олон оролцож ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр орууллаа. Мөн өмнөх жилүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд мод тарьсан иргэд, байгууллагууд тарьсан модондоо арчилгаа, усалгаа хийж оролцов.

Энэ жилийн хаврын мод тарилтаар хайлаас, чацаргана, монос, голт бор, улиас, гацуур, нарс, шар хуайс гэсэн найман төрлийн нийт 5000 орчим мод таригдах юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Баянзүрхийн гүүр хүртэлх 973 га талбайг хамарч байгаагаас 183 га талбайн ТЭЗҮ /техник эдийн засгийн үндэслэл/ хийгдсэн. Өнгөрсөн жилээс III ээлжийн 50 га талбайд ногоон байгууламж тохижилтын ажил эхэлсэн бөгөөд энэ жилийн мод тарилт Ус сувгийн удирдах газрын гүний худгийг хамгаалах хамгаалалтын зурвас хэлбэрээр таригдаж байна. 2009 оноос хойш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд нийт 27 төрлийн 123 мянга гаруй мод сөөг таригдсан. Өнгөрсөн 2017 онд тооллого явуулж мод ургалтын байдлыг тодорхойлоход 98.8 хувьтай гэсэн үзүүлэлт гараад байна.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуул “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэгдүгээрт эрэмбэлэгдэх зорилго бол нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах. Үүний тулд бид ногоон байгууламжаа нэмэгдүүлэхэд анхаарч, жил бүрийн хавар, намрын мод тарилтаар ундны усны зурвас дагуу шинэ тарилтыг төлөвлөн мод тарьж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихсэж, салхи шуургатай байна

Image result for хуурайшилт ихсэж, салхи шуургатай байнаОйрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихсэж, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Маргааш өдөр Баян-өлгийн нутаг, Увсын баруун өмнөд, Ховдын хойд хэсгээр салхи баруунаас секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 15-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, хур тунадас орно. Салхи 13-нд зарим газраар секундэд 14-16 метр, 14-нд ихэнх нутгаар, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 16-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан хаврын мод тарилтын нээлтэд оролцож, мод тарилаа

Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн зарлигийн дагуу жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан байдаг юм.

Зарлигт заасан эдгээр өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгжүүд олноор мод тарьдаг бөгөөд 2010 оноос хойш 1 сая 270 мянга гаруй иргэн 68.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагууд жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагт бүх нийтээр мод тарьсан байна.

Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан Үндэсний соёл амралтын хүрээлэнд албан ёсоор нээлтээ хийсэн “Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриатай хаврын мод тарилтын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, мод тарилаа.

Энэ жилийн хаврын мод тарилтаар хайлаас, чацаргана, монос, голт бор, улиас, гацуур, нарс, шар хуайс гэсэн найман төрлийн 5000 орчим мод тарьсан юм. 2009 оноос хойш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд нийт 27 төрлийн 123 мянга гаруй мод сөөг тарьсан бөгөөд 2017 онд тооллого явуулж мод ургалтын байдлыг тодорхойлоход 98.8 хувьтай гэсэн үзүүлэлт гарчээ. Харин улсын хэмжээнд ургалтын хувь нь 75 хувьтай байгаа юм.

Categories
мэдээ спорт

Таеквондочид Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зорилоо

Image result for Таеквондочид Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зорилоо

Таеквондогийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-28-ны өдрүүдэд Вьетнам улсад болох гэж байна. Тус тэмцээнд Монголын таеквондогийн шигшээ багийн дөрвөн тамирчин эх орноо төлөөлөн оролцох юм. Тодруулбал, тэмцээний эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Т.Билэгсайхан, 58 кг-д Э.Буяншагай, 63 кг-д медальт М.Түмэнбаяр, эмэгтэйчүүдийн 49 кг-д Б.Намуун нар өрсөлдөхөөр өнөөдөр /2018.05.12/ Вьетнамыг зорилоо.

Мөн тус тэмцээнд таеквондоч П.Тэмүүжин оролцохоор бүртгүүлсэн байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас өнжиж байгаа аж. Дашрамд, манай шигшээ баг тамирчид энэ оны хоёрдугаар сард Индонез улсын Жакарта хотод болсон ”18 th Asian Games Invitation Tournament” тэмцээнд амжилттай оролцож нэг алт, хүрэл медалийн эзэд болсон юм.