Categories
мэдээ улс-төр

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” хэлэлцэнэ

  • УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, Монгол Улсын Консерватори /хөгжмийн дээд боловсролын байгууллага/-ийн үйл ажиллагаа, санхүүжилт, мэргэжлийн урлагийн салбарын хүний нөөцийг бэлтгэж байгаа байдалтай танилцах, цаашид авах арга хэмжээний тухай шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд хуралдана.

Categories
мэдээ нийгэм

Б.Будзаан: Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчирхийллийн 70-80 хувь нь гэр бүлийн орчинд байдаг

ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаантай ярилцлаа.


-Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдоход ямар хүчин зүйлс хамгийн ихээр нөлөөлж байна вэ?

-Монгол Улсад нийтдээ 1,2 сая хүүхэд байдаг. Жилд дунджаар 1000 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 1000-1500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байна. Өөрөөр хэлбэл нэг ЕБС-ийг дунджаар 1500-2500 хүүхэдтэй гэж бодоход бүтэн нэг сургуулийн хүүхэд тэр чигээрээ хохирсон гэсэн үг. Манай улсын хувьд хүүхдийн гэмт хэрэг гаралтыг хүн амынхаа тоотой харьцуулахад их гэж үздэг.Хүүхэд гэмт хэрэгт холбогдох маш олон шалтгаан бий. Хамгийн гол нь ажилгүйдлээс үүдэлтэй ядуурал, архидалт гэр бүлийн уур амьсгал, хүүхдийн хүмүүжилд их нөлөөлж байна. Өнөөдөр гэмт хэрэг үйлдэж буй хүүхдүүдийн 90 орчим хувийнх нь гэр бүл ямар нэг асуудалтай нь тогтоогдсон. Хүмүүс ажлаа сайн хийж, мөнгө олоод үр хүүхдээ хоол ундтай байлгах ёстой гэж зүтгэх зууртаа амьдралынхаа жинхэнэ зорилго болох үр хүүхдээ сайн хүн болгож төлөвшүүлэх, зөв хүмүүжүүлэхээ орхигдуулаад байдаг. Гэр бүлийн хайр халамж дутуугаас болж, нөгөө талаас эцэг эхийн хараа, хяналт муутайгаас үүдэж бага насны хүүхэд бусдын халдлагад өртөж байна. Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчирхийллийн 70-80 хувь нь гэр бүлийн орчинд байдаг харамсалтай тоо бий.

-Хүүхэд үйлдсэн гэмт хэрэг, хүүхэд хохирсон гэмт хэргийн хувьд орон нутагт ямар үзүүлэлттэй байгаа юм бол?

-Хүүхдийн эрх зөрчигдсөн, хүүхэд хохирсон гэмт хэрэг улсын хэмжээнд зуун хувь гэж үзэхэд нийслэлд 60 хувь, орон нутагт 40 хувь үйлдэгдэж байна. Нийслэлийн БЗД, СХД-т хүүхдийн эрх ихээр зөрчигдөж байгаа бол орон нутагт Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод, Өмнөговь аймагт хүүхдийн эрх зөрчигдсөн гэмт хэрэг зонхилж байна.

-Өсвөр насны хүүхдүүд бараг бүгд л гар утас хэрэглэдэг болжээ. Гэвч хүүхдүүд утсаа дээрэмдүүлэх, хулгайд алдах нь элбэг байна?

-Судалгаагаар 18-аас доош насны хүүхдүүдийн дунд гар утас, интернэт хэрэглээ маш өндөр байгаа гэсэн үзүүлэлт гарсан. Энэ асуудал дан ганц цагдаагийн байгууллага биш, дэлхийн нийтээрээ хяналт тавихад хүндрэлтэй болж байна.Цагдаагийн байгууллагаас бусад байгууллагуудтай хамтран энэ тал дээр томоохон ажил хийхээр төлөвлөж байна. Тодруулбал, үүрэн операторын дөрвөн компанитай хамтран хүүхдийн дугаарыг бүртгэлжүүлэх, цахим гэмт хэргээс хамгаалах ажлуудыг хийх юм. Үүрэн операторуудын мэдээлснээр манайд нийт гурван сая гаруй дугаар хэрэглэгдэж байна. Үүнээс нэг сая 200 гаруй мянган дугаарыг 18-аас доош насны хүүхэд хэрэглэдэг гэсэн судалгаа байна. Энэ судалгаанд үндэслэн хүүхдийн дугаарыг бүртгэж, дата нөөц үүсгэснээр ямар нэгэн хориотой сайт руу ордоггүй, сайтын тоог хязгаарлах хяналтыг бий болгоно гэж харж байна. Мөн дугаарын бүртгэлийг олон зүйлд ашиглах боломжтой юм. Энэ ажил 2019 он гэхэд хэрэгжээд эхлэнэ.

-Хүүхдүүд цахим тоглоомоор их тоглодог. Энэ нь гэмт хэрэгт холбогдох сэдлүүдийн нэг гэж болж байна уу?

-Хүүхдүүд цахим тоглоомоос гэмт хэрэг хийх сэдэл их авч байна. Учир нь хүүхдүүд ямар нэг зүйлийг даган дуурайх их дуртай байдаг. Хэн нэгэнд уруу татагдахдаа амархан. Иймд хүүхэд хийж буй үйлдлийнхээ эцсийн үр дүнг нь тооцоолох чадвар сул байдгаас гэмт хэрэгтэн болох тохиолдол гарч байна.Манай улсад л гэхэд 500 орчим цахим тоглоомын газар байдаг. Жишээ нь, нэг тоглоомын газарт 50 хүүхэд тоглодог гэж үзвэл өдөрт 25000 хүүхэд цахим тоглоом тоглож байна гэсэн үг.Энэ бол маш их аюултай үзүүлэлт. Нөгөө талаас цахим тоглоомын газруудыг шууд хаах гэхээр 25000 хүүхэд гудамжинд шууд гарах магадлал өндөр. Цахим тоглоомонд донтсон хүүхдүүд бас их байна. Үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн зөв гарц бол эцэг, эхчүүд хараа хяналт, хайр халамжаа нэмэгдүүлж, хүүхдүүдийнхээ төлөө тэдэнтэй хамт байх юм.

-Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг хэд хэдэн удаа гарлаа. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ямар ял шийтгэл оноодог вэ?

-Сүүлийн үед цахим ертөнцөд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хариуцлага тооцдоггүй мэтээр бичих болжээ. Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хариуцлага хүлээлгэдэг.Хамгийн доод талын ялын хэмжээ 12 жил байдаг. Цаашлаад 12-20 жил хорих ялаар шийтгэх буюу бүх насаар нь хорино гэдгийг заагаад өгчихсөн.

-Хүүхдээ үл хайхарсан, эрхийг нь зөрчсөн эцэг эхчүүдэд Зөрчлийн тухай хуулиар ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Хүүхдийн сурч боловсрох, тэжээлгэх үүргээ биелүүлээгүй эцэг эхэд Зөрчлийн хуулиар хариуцлга тооцдог. Мөн хүүхдийн амь насанд хохирол учирсан болон хүүхдийн биед гэмтэл учирахад эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байгаа. Эцэг эхчүүд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ л биелүүлэх ёстой. Хүүхэд өдөрт дунджаар 4-6 цагийг сургууль дээрээ, үлдсэн цагийг гэр бүлийн орчинд өнгөрүүлж байна. Тэгэхээр нийт хүмүүжлийнхээ 70-80 хувийг гэр бүлээсээ авч байна гэсэн үг. Хүүхдийн гэмт хэрэгт холбогдох эрсдэл нь суурь хүмүүжлээс шууд шалтгаалдаг.Та тэдний дэргэд архидан согтуурна гэдэг нь хорт зуршилд уруу татаж, улмаар бусад төрлийн гэмт хэрэг үйлдэх сэдэл, шалтгааныг өгч байгаа гэдгээ байнга санах хэрэгтэй. Эрүүгийн хуульд 260 орчим үйлдлийг гэмт хэрэгт тооцсон байдаг. Цагдаагийн байгууллага, Хууль сахиулах их сургуультай хамтран сүүлийн таван жилийн гэмт хэргийн судалгааг хийхэд хүүхэд 32 төрлийн гэмт хэрэг үйлдэж байна гэсэн тоо гарсан.

-Цагдаагийн байгууллагын зүгээс Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?

-Улсын хэмжээнд хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг 41 хувиар, Нийслэл хотын хэмжээнд 50 хувиар буурсан байна. Ингэхээр урьдчилан сэргийлэх ажил үр дүнтэй, иргэн аж ахуй нэгж байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлж зохион байгуулснаар гэмт хэргийн гаралт буурна гэж харж байгаа. Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах юм бол энэ төрлийн гэмт хэргүүд буурах боломжтой гэдэг нь харагдаж байна. Харамсалтай нь эсрэгээрээ хүүхэд хохирсон гэмт хэрэг энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 23 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл том хүн хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байна гэсэн үг. Жишээ нь, хүүхдийг залилан мэхлэх, хүүхэдтэй хэрцгий харьцах, хүүхдийг хүчирхийлэлд өртүүлэх, хүүхдийг сургуулийн орчинд очиж залилах зэрэг олон хэргүүд гарч байна. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд хүүхэд рүү чиглэсэн гэр бүлийн анхаарал халамж, төр болон нийгэм захиргааны шинжтэй ажлуудыг зөв зохион байгуулж, үр дүнд хүрэхгүй бол хүүхэд гэмт хэргийн золиос болох, гэмт хэрэг үйлдэх зөрчил буурахгүй.

Б.ҮРЖИГ

Categories
мэдээ улс-төр

Дээд боловсролын санхүүжилтийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон ажлын хэсгүүдийн хуралдаан болно.

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, Монгол Улсын Консерватори /хөгжмийн дээд боловсролын байгууллага/-ийн үйл ажиллагаа, санхүүжилт, мэргэжлийн урлагийн салбарын хүний нөөцийг бэлтгэж байгаа байдалтай танилцах, цаашид авах арга хэмжээний тухай шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд хуралдана.
Categories
мэдээ цаг-үе

Өнөр бүлийн тэргүүн, ахмад сэтгүүлч С.ЦАМБАЖАВ гуайнх

Тэртээ 1960 онд манай улсын эрдмийн уурхай болсон Монгол Улсын Их Сургуульд сэтгүүлчийн ангид анх оюутан элсүүлж байжээ. Улмаар нэг жилийн дараа сэтгүүл зүйн тэнхим байгуулагдсанаар дээд боловсролтой үндэсний сэтгүүлч боловсон хүчин бэлтгэгдэж эхэлсэн байна. Ингээд сэтгүүл зүйн сургалт, судалгааны ажлыг эхлүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй эрхлэн хөтлөх цоо шинэ үе бий болжээ. Тухайн үед МУИС-д сэтгүүлч мэргэжлийг эзэмшсэн анхны 30 оюутны нэг “Алтан гадас” одонт, хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Ш.Цамбажав гуай юм. Энэ удаагийн “Танайд өнжье” булангаараа ханьтайгаа нэгэн жарныг туулж яваа Шавирайн Цамбажавын амьдралын замналыг өгүүлье. Өдгөө 84 насыг зооглож буй хоёр буурай XIX хороололд амьдардаг ажээ. Урин дулаан хаврын өдрүүдэд хоёр буурай Хандгайтын зусландаа гарчээ. Улаанбаатар хотоос гарч давхисаар Хандгайтын “Их тамир” зусланд ирэв. Ш.Цамбажав гуай хашааныхаа гадаа биднийг гараараа даллан тосон хүлээж авлаа. Тэрээр “Өнөөдөр ч сэрүүн өдөр байна шүү. Алив хүүхдүүд минь орцгоо” гэсээр угтан авав. Тэднийх хоймортоо Увсын Цагаанхайрхан сумын Цагаанхайрхан уулын зургийг залжээ. Нөгөө ханандаа үр хүүхэд, ач зээ, ачанцар зээнцэрийнхээ зургийг тавьсан байв. Өнөр өтгөн айл гэдэг нь зураг дээрээс харагдаж байлаа. Ш.Цамбажав гуай “Алив хөгшин минь цайгаа хурдан аягал, хүүхдүүд ирлээ” хэмээхэд Б.Бүрнээ гуай орос шаазан тавагнууд гаргаж, боорцог, чихэр, үзмээр алаглууллаа. Аагтай шаргал цай ч буцалж, яриа хөөрөөгөө эхлүүлэх болов. Ш.Цамбажав, Б.Бүрнээ гуай нарын бага нас Увс аймгийн Цагаанхайрхан суманд өнгөрчээ. Хоёул нэг нутгийнх бөгөөд саахалт айлын хүүхдүүд гэнэ. Хоёр буурай маань 1959 оны зуны эхэн сарын бэлгэт сайн өдөр айл гэр болжээ. Б.Бүрнээ гуай “Ш.Цамбажав манайх руу байнга малаа туучихна. Үүнээс болж хоёулаа хонины захад маргалддаг байлаа. Тэр үед миний насны хань минь гэдгийг яахин мэдэх билээ дээ. (инээв) Нэг өдөр ээж минь чамайг Ш.Цамбажавтай суулгана гэхээр нь түүнтэй суухгүй гэж уйлж билээ” хэмээн хуучлав.

Б.Бүрнээ гуай Улсын багшийн дээд сургуулийг математикийн багш мэргэжлээр төгсөөд 30 гаруй жил ажиллаж, боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнуулжээ. Ш.Цамбажав “Манай хадам аавынх Ханхөхийн цэнхэрлэсэн их нурууны ар өврөөр бууц сэлгэн нүүдэллэж явсан хангай нутгийн уугуул айл. Ханийн минь аав, ээж үр хүүхдээ хар бор ажил хөдөлмөрт айхтар сурган өсгөж, хүмүүжүүлсэн. Эднийх таван хошуу малтай байсан. Эхнэр маань багын малд дуртай тул бид хоёр агаар нь тунгалаг, ус нь рашаан болсон Хандгайтад хэдэн үнээний дэлэн бараадаж, үр хүүхэд ач, зээ нараа сүү таргаар таслахгүй гэсэндээ, аж төрж сууна. Хань минь орой гэртээ сурагчдын хэдэн арван дэвтэр хянаж засах, маргаашийн хичээлдээ бэлдэх, мөн өөрийн зургаан хүүхэдтэйгээ ажиллах, хувцсыг нь оёх, зэрэг их ажлыг жин тан болгосоор ирсэн юм. Халамж хайрын орчлонд ханиас минь илүү юм үгүй билээ. Миний хань тэтгэвэрт гараад гучаад жил болсон ч шавь нар нь амар мэндийг асууж, анги хамт олноороо манайд ирцгээдэг. Багшдаа үнсүүлж, багшаа магтан ярьдаг. Ингэхээр миний хань хүүхдүүдэд хичээл заахын зэрэгцээ эх хүний сэтгэлээр уян зөөлөн ханддаг байсны гэрч юм болов уу гэж боддог” гэж байлаа.

Тэднийх таван охин, нэг хүүтэй юм байна. Ууган охин энэ жил 59 нас хүрч байгаа бөгөөд 15 ач, зээ, таван ачинцар, зээнцэртэй гэнэ. Тэдний ууган охин Ц.Нарантуяа Политехникийн дээд сургуулийг сантехникийн инженер мэргэжлээр төгссөн. Ээрмэлийн үйлдвэр болон Улсын барилгын зургийн институтэд инженерээр ажиллаж байсан. Одоо барилгын зураг төслийн “ЦНТ” компанийн захирлын алба хашиж байгаа юм. Удаахь охин Ц.Энхтуяа Хөгжим бүжгийн дээд сургуулийг төгссөн. Улсын драмын театрт хөгжимчнөөр ажиллаж байгаад Украйн улсын Харьков хотын Соёл урлагийн дээд сургуульд суралцжээ. Тэрээр Архангай аймгийн театрын дарга, Улаанбаатар хотын хөгжим бүжгийн сургуульд багшилж байсан аж. Одоо Англи улсад ажиллаж байгаа гэнэ. Гурав дахь охин Ц.Сарантуяа. Хөдөө аж ахуйн дээд сургуулийг нягтлан бодох-эдийн засагч мэргэжлээр төгссөн. Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, УлаанбаатарТөмөр замын суудлын вагон депод нягтлан бодогчийн чиглэлээр ажилладаг байна. Дөрөв дэх охин Ц.Од, тэрээр Чехословак улсад хөнгөн үйлдвэрийн инженер технологич мэргэжлээр төгссөн. Улаанбаатар хотын Гутлын үйлдвэрт инженер технологич, УИХын тамгын газарт референтийн алба хашиж байжээ. Одоо Австри улсад ажиллаж амьдардаг. Тэдний хүү Ц.Гантулга, цахилгааны инженер мэргэжилтэй. Хувийн бизнес эрхэлдэг. Отгон охин Ц.Төгсжаргал нь одоо Австри улсад амьдардаг байна.

Ш.Цамбажав гуайн аав нь уужуу тайван сэтгэлтэй аливаа асуудалд их ул суурьтай ханддаг, хэрсүү хүн байжээ. Олонд нэр хүндтэй, түүнийг хүмүүс “Шавиа” гэж авгайлдаг байна. Түүнчлэн 1924 оноос багийн дарга, хоршоо худалдаа, нам захиргааны байгууллагад 30 гаруй жил алба хашсан нэгэн байжээ.

Ш.Цамбажав гуай 1935 онд Увс аймгийн Цагаанхайрхан суманд төржээ. Гуньж гутахыг мэдэхгүй, нусаа хацартаа наасан, хөдсөн дээлтэй, хөмөн гуталтай, хөл гар нь сайртсан, айл саахалтын хооронд дэгдсэн гурван настай хүү байхдаа ээжээсээ өнчирч үлдсэн байна.Тэднийх таван хошуу малтай болохоор Ш.Цамбажав гуайг сургуульд суулгахгүй гэж их л цааргалж байжээ. Хүүхдээ сургуульд суулга гэж сумаас байнга шаардсаны эцэст арга буюу сургуульд суулгахаар болжээ. Энэ талаар тэрээр “Тэр жил манайх ноосны төлөвлөгөө биелүүлээгүй учир сувай хонио ахарлав. Малын тоо толгойд оноосон хялгас, ноос ноолуурын төлөвлөгөө биелүүлэхгүй бол шоронгийн хаалга татуулдаг үе байсан юм. Ноос үсний төлөвлөгөө биелүүлэхээр малчин ард ихээхэн зовлонд учирч байлаа. Зарим аймаг, суманд дээлийн үсийг хүртэл хайчлуулж байж билээ. Ингээд би ахрын ноос ачсан тэмээнд сууж, аавын хамт сургуулийн зүг явж байсан юм. Би сургуульд орохоос өмнө ахаар тоо заалгаж 100 дотор нэмэх хасах аргыг сурчихсан, мөн шинэ үсгээр ойр зуур уншдаг “мундаг эр” байлаа шүү дээ. Манай ангид над шиг хөгшин хүүхэд тийм ч олон байсангүй. Багшид түвэг болохгүй, түүний заасныг бодож, уншчихдаг тул ангидаа овгор амьтан байлаа. Ингээд Цагаанхайрхан сумын долоон жилийн дунд сургуулийг төгсөөд аймгийн 10 жилд хувиарлагдав. Анги удирдсан багш Б.Чилхаасүрэнгээс Улаанбаатар хотод ямар нэг техникумд хувиарлахыг гуйсан боловч халгаасангүй. Би хот явах хүслэнд автагдан тэр зуныг өнгөрөөв.

Тэр үед ах Ш.Цэрэнчойжил Гэгээрлийн яаманд ажиллаж байв. Түүнд хотод сургуульд явахаар удаа дараа захиа бичсэний эцэст ир гэсэн хариу авч бөөн баяр болж байж билээ” гэв. Тэрээр Улаанбаатар хотын Багшийн их сургуулийг төгссөн. 1957 онд багш болж ЦагаанХайрханы бага сургуульд нэгдүгээр ангийг удирдаж байжээ. Тэрээр “тухайн үед хүүхэд багшаа гэж анх удаа дуудахад ичих, баярлах хоёр зэрэгцэж байлаа шүү дээ” хэмээсэн юм. Мөн ЦагаанХайрхан, Баруун Турууны дунд сургуульд гурван жил багшилсан байна. Дараа нь сэтгүүлч мэргэжил эзэмшиж, ажил амьдралынхаа хөгжилтэй, хөөртэй замналыг өнгөрүүлжээ.

Ш.Цамбажав гуай “Багшийн сургуульд намайг сурч байхад физикийн хичээл зааж байсан Ц.Няндаг, түүхийн багш Н.Наранцацралт багштай учрав. Эдгээр багш нар МУИС-д багшилж байжээ. Багш нартайгаа мэндлэн, сургуульд орохоор хөдөөнөөс хувиартай ирсэн. Түүхийн ангид бүртгүүл гэсэн. Би сэтгүүлчийн ангид ормоор байна. Надад тусалж сэтгүүлчийн ангид бүртгүүлж өгөхийг хүслээ. Наранцацрал багш, сэтгүүлчийн ангид 32 хүн авна. Одоо энэ ангид шалгалт өгөхөөр 70 гаруй хүн бүртгүүлээд байгаа. Чамайг бүртгэж болно. Чи шалгалтад тэнцэх үү” гэв. Би ч тэнцэнэ гэлээ. Ингээд сэтгүүлчийн ангийн жагсаалтад намайг 75д бүртгэв. Би элсэлтийн шалгалтаа амжилттай өгч эрдмийн уурхай болсон МУИСийн үүдийг татаж, 1960 онд сэтгүүлчийн ангид орсон юм. Нимгэн зузаан хэдэн дэвтэр хавтсанд хийж, анхны хичээл сонсохоор сургуульд очиж байлаа” хэмээв.

1960 онд МУИС-д сэтгүүлчийн анги нээгдэж, 30 оюутан төгссөн байна. Энэ бол монголдоо бэлтгэгдсэн мэргэжлийн анхны сэтгүүлчид юм.

Тэрээр “Тэр намар Жаргалантын сангийн аж ахуйд Ц.Авирмэд гэдэг оюутантай танилцаж, Н.Иштавхайн тухай сонссон юм. Ц.Авирмэд ярихдаа “Н.Иштавхай гэж шог зохиолч, луглагар эртэй хамт сэтгүүлчийн ангид суралцана гэв. Би тэр Н.Иштавхай гэдэг чинь том эр үү, гэв. Ц.Авирмэд, Томоо том. Тэр лав манай ангийн “Атаман” болох хүндээ гэж ярив. Хичээл эхлэв. Ц.Авирмэдээс нөгөө Н.Иштавхай чинь аль нь вэ гэхэд. Халзандуу толгойтой, тогдгор намхан хижээлдүү насны хүнийг заав. Ингэж Н.Иштавхайтай энэ өдрөө л танилцаж халуун дотно яриа эхэлсэн юм. Түүнтэй дөрвөн жил хамт сурахдаа онигоо, алиа хошин яриагаар биднийг хөгжөөдөг байв. Тэрээр угаас инээдэмтэй, явах нь хүртэл ойр ойрхон алхдаг учраас түүнийг “мөөжиг жөөжиг алхаатай мөн ч хөөрхөн тавхай” гэдэг байлаа. Н.Иштавхай маань ангийн “атаман” биш Монголын шог зохиолын “атаман” хүн байжээ. Түүний талаарх нэгэн түүхийг өгүүлмээр байна. Нэг өдөр сэтгүүлчийн танхимын эрхлэгч зохиолч сэтгүүлч Л.Содов багш МУИСийн 20 жилийн ойд зориулсан тусгай сонин гаргах болсон талаар ярьж сонинд бичих сэдвийг хуваарилав. Н.Иштавхай бид хоёрт Их сургуулийн ректор Н.Содномтой уулзаж ярилцлага авч сонинд нийтлүүлэх үүрэг өгөв. Тэгээд ректороос ярилцлага аваад гарахад Н.Содном ректор “Иштавхай минь намайг битгий тоншуулдаа тоншчихоорой. Тэгвэл дипломгүй гэж мэдээрэй” хэмээн ёжлоход Н.Иштавхай, одоо ч чадахгүй л дээ ректор минь. Хожим сургуулиа төгссөн хойно бол магадгүй шүү гэж хошигнож билээ” хэмээн оюутны насны сайхан дурсамжаасаа ийнхүү өгүүлсэн юм.

Мөн тухайн үед дээрээс өгсөн чиглэлийн дагуу оюутнуудын ажиллах хуваарийг сургуулиас гаргаж өгдөг байжээ. Цамбажав гуай “Миний анхны хуваариар Намын Төв Хорооны хэвлэл “Намын амьдрал” сэтгүүлд ажиллуулах байв. Тэгээд сэтгүүлийн тэнхимийн эрхлэгч зохиолч, сэтгүүлч Л.Содов хэдэн оюутны хуваарийг Намын төв хорооны боловсон хүчний хэлтсийн эрхлэгч Б.Чимидэд айлтгав. Л.Содов багш, бидний сурлага сахилга бат, нам эвлэлийн гишүүн эсэх ял шийтгэл аваагүй, цагаантан болон хувьсгалын эсэргүү хэрэгт уг удмаас нь оролцож байгаагүй гэх зэргээр танилцуулав. Чимид гуай, намын гишүүн бус Ш.Цамбажав гэдэг оюутныг намын төв хэвлэлд ажиллуулахаар хуваарилагдсан байна хэмээн Л.Содов багшийг зэмлээд, тэр оюутан гар гэж лүндэн буулгав. Би арслан, бар мэт сүртэй эрээс сүнсээ зайлтал айж, сүүлээ хавчин нохой шиг хөөгдөн ордноос гарав. Энэ талаар Ш.Цэрэнчойчил ахынд(төрсөн ах) ирж ярив. Ш.Цэрэнчойчил ах “намд элс гээд байхад, одоо яав гэхэв. Хөдөө явж дээ” гэв. Ингэж Хөвсгөл аймгийн “Эрх чөлөө” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллахаар очиж билээ” гэв.

Тэрээр тус сонинд хоёр жил ажилласан байна.Ингээд түүний цаашид хэвлэл мэдээллийн газар мэргэжлийн ажил хийх гарааг нээж өгсөн ажээ. Тэрээр ажиллаж байх хугацаандаа намд элсэж төвийн хэвлэлд ажиллах эрхтэй болсон байна. Ингээд Намын төв хорооны томилолтоор Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн хэвлэл “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлд сурвалжлагч, утга зохиолын ажилтнаар 14 жил ажиллажээ.

Тэрээр “Сэтгүүлч мэргэжлээр ажиллах шиг сайхан жаргал байсангүй. Тухайн үед “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлд ажиллаж байхад Чой.Лувсанжав багш англи хэлний хичээл бэлтгэн тусгай хавсралтаар хэвлүүлдэг байлаа. Ц.Пунцагноров дарга сэтгүүлд хэвлэсэн англи хэлний хичээлийн хавсралтыг барьсаар хааяа миний өрөөнд ирж “Чи энэ үгийг эхтэй нь сайн тулгаж хараагүй юм уу” гэнэ. Би тэр болгонд яс хавтасхийдэг байв. МАХН-ын төв хорооноос сар тутам төвийн хэвлэл, мэдээллийнхнийг цуглуулж, хэвлэлд буруу, зөрүү гарсан зүйлийн талаар жавтий хүртээнэ. Нэг өдөр хэвлэлийн нөгөө хурал боллоо. Төв хорооны нарийн бичгийн дарга Ц.Адьяа манай сэтгүүлийн нэрийг дуудан, хэн ирснийг асуув. Би бослоо. Тэрээр “та нар орос хэлний оройд нь гарчихсан юм уу. Орос хэл сурталчлахын оронд сэтгүүлээр хөрөнгөтний хэл заалаа. Англи хэл сурталчилахаа боль хэмээн зарлигдав. Ингэж англи хэлний хичээл хаагдаж билээ.Гэтэл одоо төрийн албыг англи хэлээр явуулах нь холгүй болоод байх шиг. Цаг үеэ гэж хаврын тэнгэр лугаа адил юм аа” гэв.

Тэрээр 1962 оноос одоог хүртэл 200 гаруй сурвалжилга, найруулал, тэмдэглэл, нийтлэл, өгүүлэл, бичиж төв орон нутгийн хэвлэлд нийтлүүлсэн байна. Мөн “Өнөөгийн монгол”, “Үндэсний бөх”, “Илтгэх урлаг”, “А.В.Чеховын амьдрал уран бүтээл”, “БНМАУын ардын хянан шалгах байгууллага” зэрэг арваад ном, товхимол бичжээ.

Цамбажав гуай 1980-аад оноос Улсын Ардын Хянан Шалгах Хороонд ахлах зохион байгуулагч буюу улсын байцаагчаар ажилласан байна. Тухайн үед ардын хяналтын байгууллагад гавьяат эдийн засагч Ц.Молом, ахмад сэтгүүлч Ч.Бавуу, Ч.Молом гээд шилдэг авьяас билэгтэй хүмүүс удирдаж байжээ. Тус байгууллагад төрөл бүрийн мэргэжилтнүүдтэй хамт арван жил ажилласан байна.Тэрээр “Энэ нөхдийн ачаар миний бие төрийн хяналт шалгалтын ажилд зохих дадлага туршлага олсон юм. Одоогоос 34 жилийн өмнө Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн анхны шав тавигдаж байхад миний бие сурвалжилж байлаа” гэв.

Тэрээр өөрийн одоо гарч байгаа сонин, сэтгүүл, телевизийн мэдээг алгасахгүй үздэг гэнэ. Сүүлийн үед гарсан ном, сонин дээр засвар хийж балаар зассан харагдаж байлаа. Зуун зууныг элээж бидний үед хүртэл нутагшиж ирсэн ХанХөхий уулаараа овоглож байдаг өтгөс буурлуудын туулсан нэгэн амьдралын түүхийн зах зухаас хүргэхэд ийм байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ спорт

МҮБХ мэдэгдэл гаргажээ

МҮБХ-ноос албан ёсны мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, Р.Нямдорж, Д.Данзан, Ц.Магалжав нар нь зургаан удаагийн шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон 2002 оны хууль бус Цэцдийн зөвлөлийг хуралдуулж, 2018 оны тавдугаар сарын 18-ны өдөр ИХ Эе хурлыг зарласан ташаа мэдээлэл түгээж байна гэжээ. Мөн хүчингүй болсон тамга, тэмдэг ашиглан МҮБХ-ны нэрийг барин хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа учир албан ёсны тамга, тэмдэгтэй МҮБХ-ныхон хуулийн байгууллагад шалгуулахаар хандаад байна.

МҮБХ-ноос албан ёсоор гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 14-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд төрийн байгууллагуудын мэдээлэл солилцооны “ХУР” системийн нээлт болно. Утас:99085722

10.00 цагт ХХААХҮЯ-нд “Усны нөөцөд тулгуурласан хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого” эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурал болно.

11.00 цагт Сүхбаатарын талбайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтын өмнөх суулт зохион байгуулна. Утас:99733431

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Хөх Монгол” бүлгэмээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Ардчилсан залуучуудын холбооны хурлын танхимд Ардчилсан намаас зохион байгуулж буй “Монголоо сонсъё” үндэсний аяны нээлт болно. Утас:91020880

11.40 цагт Богд хааны ордон музейд боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухааны салбарын төлөөлөл тус музейг хамгаалахаар нэгдсэн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Алдар спорт хороонд Улаанбаатар хотын аварга шалгаруулах Спорт бүжгийн тэмцээний нээлт болно. Утас:99032902

14.00 цагт Үндэсний хөгжлийн газарт “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийн нээлт болно

15.00 цагт Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо буюу Баянбүрдийн тойрогт Геодези, усны барилга байгууламжийн газраас үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурваст контейнер буулгаж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг албадан нүүлгэнэ. Утас: 88998134, 88030377

Categories
мэдээ цаг-үе

Дамбын Төрбат: Бурхан миний хувь тавиланг ивээж харж явсан

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, яруу найрагч Дамбын Төрбаттай уулзаж хөөрөлдлөө.


-Монголын их утга зохиолд арван хоёр роман болон тайз дэлгэцийн олон арван бүтээл туурвисан тан шиг бичгийн хүн ний нуугүй хэлэхэд цөөн. Утга зохиолд анх яаж шимтэн дурлаж орж ирсэн тань уншигчдад сонихон байх бол уу?

-Би эжийгээ мээм гэдэг байлаа. Утга зохиолд хайртай, дуртай болоход мээмийн минь ярьсан үлгэрүүд, миний нагац ах Багаяагийн ярьсан домгууд надад нөлөөлсөн бол уу. Багаяа маань уул харж уулын тухай ярьдаг, мээм маань харин худаг дээр ховоо татаж байхад усны тухай хүүрнэдэг байлаа. Манайх нэг хэдэн тэмээтэй, бог мал, адуу цөөтэй, говийн айл Төгрөг хайрханы ард нутаглаж байлаа. Төгрөг хайрханаа би одоо болтол шүтэж шүншиглэж явдаг юм. Төгрөг хайрханы тухай олон шүлэг бичсэн шиг байна лээ. Роман бичиж байхад хүртэл уул минь харагдаж байдаг даа.

-А үсгийн ацаг татан ардын сургуульд орлоо гээд ярьдаг даа?

-Би жаран гурван онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын дунд сургуульд нэгдүгээр ангид орсон. Ангийн багш маань Намжилцэрэн гэж хүн байлаа. Ангийн багшийн хань бол хожим Монгол Улсын гавьяат багш болсон Чимэд гэж хүн бий. Сүүлд очиж золгоход хоёулаа амьд сэрүүн байсан. Намжилцэрэн багшийнхаа ач тусыг мартахын аргагүй. Их зөөлхөн хүн байлаа. Би өөрөө ээжтэйгээ хоёулхнаа өссөн болохоор их аймхай хүү байлаа. Хайдаг ингэ ирэхийг хүлээж, би лааны гэрэлд шөнө орой болтол суудаг байж. Одод түгтэл, мичид гудайтал сууна. Хайдаг ингэ чинь бутны цэцэг хөөгөөд явчихдаг хойно их орой ирнэ. Хайдаг ингэний чинэсэн хөх дундартал би мээмийнхээ дэргэд шөнийн тэнгэрийн од ширтэн зогсдог байлаа.

Тэрээр Дундговь аймгийн Цогтчандмань буюу одоогийн Сайхан-Овоо сумын нутаг Төгрөг гэдэг газар 1955 онд малчны гэр бүлд төрсөн. Мандалговийн 10 жилийн дунд сургууль, Улаанбаатар хотод Барилгын ТМС, МУИС-ийг дүүргэсэн. Сэтгүүлч мэргэжилтэй. Хугацаат цэргийн алба хаасан. Цагдаа, залуучуудын хэвлэлийн сурвалжлагч, утга зохиолын ажилтан, нарийн бичгийн дарга, Монголын уран зохиол” хэвлэлийн газрын захирал, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал зэрэг албыг хашиж ирсэн. Багаасаа уран зохиол оролдож “Улаан жигүүр”, “Хүслийн тодотгол”, “Зүрхний цомнол”, “Зүрхэн тарн” яруу найргийн, “Хүн төрхийн унаган чанар”, “Сайхан төрөхийн зовлон” нийтлэлийн ном, “Могойн чуулган”, “Морин зэрэглээ”, “Хонин холбоо”, “Тэнгэрийн соёрхол” роман, “Харц хатан”, “Амьдралын улаан шугам”, “Дурлал загварын ордон”, “Ялагдаагүй ганцаардал” жүжиг, “Талын урсгал”, “Ирж яваа цаг”, “Тэнгэрийн сахил”, “Алт амилах цаг”, “Алиа салбадай”, “Бүсгүй завилгаа”, “Харанхуй засаг”, “Халаасны өрөө”, “Танихгүй сэтгэл”, “Шадар ван 1,2”, “Чин ван Хандддорж” 1,2,3, “Бурханы харьяат” кино зохиол туурвин тайз, дэлгэцээр олны хүртээл болгожээ. Мөн “Монголын уран зохиолын дээж 108 боть”-ийг эрхлэн гаргасан юм. Д.Төрбат шилдэг бүтээлээрээ 1991 онд МЗЭ-ийн, “Могойн чуулган” романаараа 1999 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртэж, 1996 онд яруу найргийн “Болор цом” наадмын тэргүүн шагналыг хүртсэн. Бичиг бийрийн нэрт зүтгэлтэн тззнд 2007 онд төрийн шагнал, 2009 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол олгожээ.

-Та Багаяа гэдэг хүний тухай их халуунаар дурсаж “Ирж яваа цаг” кинонд хүртэл нэрээр нь мөнхөлсөн байх шүү?

-Багаяа маань маань ээжийн ах, лам байсан хүн. 1937 онд шоронд хоригдсон, Төгрөгийн хийдийн даа лам байсан юм билээ. Миний овоглодог Дамба гэж өвгөн чинь энэ шүү дээ. Багаяа минь хот их явна. Миний хүндэлж явдаг найруулагч Жамьянгийн Бунтар гуайн найруулсан “Ирж яваа цаг” кинонд Багаяагийн дүрийг гавьяат жүжигчин Лувсан гуай амилуулсан даа. Муу өвгөн буурлынхаа ачийг хариуллаа гэж баярлаж явдаг даа.

-Таны анхны шүлэг юун тухай сэдэвтэй байв?

-Анхны шүлэг гэвэл Гагарины тухай шүлэг байлаа. Тэр үед марк цуглуулдаг байсан юм. Одоогийнхоор бол хобби, тэр үеийнхээр бол хүсэл сонирхол өрнөж дээ. Жаран найман онд тавдугаар ангид байсан хэрэг. Ангийн багш маань одоогийн яруу найрагч Эрэнжидийн Хархүү. Хархүү багш маань Улсын багшийн дээд сургуулийг дөнгөж төгсчихсөн гялалзаж байсан цаг. Хүүхэд болгон маркны цомогтой. Тэр маркуудыг цуглуулж байгаад Гагарины тухай шүлэг бичмэгчээ болоо биз. Ямар шүлэг болсныг мэдэхгүй юм. Ямартаа ч ахдаа үзүүлсэн. Миний ах бол Дамбын Чойсамба гэж надаас хорь ах хүн байдаг юм. Би эжийнхээ дөчин есний жил төрсөн, ах надаас хорь, эгч надаас арван таван насаар эгч, би айлын отгон хүү. Муу эжий минь намайг их зовж төрүүлсэн шиг билээ, долоо хоног дуншиж байж төрсөн гэдэг. “Таньдаг байх юм уу, таньдаггүй нь байх юм уу, бүү мэд” гэж байгаад төрсөн юм гэсэн дээ. Ах маань тэр үед Дундговь аймгийн шүүгчээр ажиллаж байсан. Шүүгч хүн болохоор танил талтай байсан юм байлгүй, “Улаан туг” сонины сурвалжлагч бүдүүн Халтар гэдэг хүнд үзүүлэхээр явуулсан. Халтар гуайд үзүүлсэн чинь бараг бүтэн жилийн дараа дөрөвдүгээр сарын аравдаар сонины буланд хэвлэгдсэн. Энэ л миний анхны шүлэг байсан.

-Эрэнжидийн Хархүү зохиолч ч ирлэсэн тонгорог шиг галтай дөлтэй амьтан л байсан биз?

-Хүүе ээ, яриа юу байхав дээ. Багшийн дээд төгсчихсөн, жаахан мижигнүүр алхаатай, жигтэйхэн гоё залуу очсоон. Самбар дээр шууд л “Говийн өндөр” гэж бичээд л номыг нь харуулаад “С.Дашдооров гэж танай Дундговийн зохиолч шүү дээ. Та нар яагаад таньдаггүй юм. Би хотод нэг барааг нь харсан” гэж байгаа юм. Нөхөр Дооровтой уулзаж амжсангүй л дээ. (инээв. сур) Тэгээд “Говийн өндөр” романд байдаг “Өнөөдөр Дэлгэрхангай сумын уран сайханчдын концерт аймгийн Соёлын ордонд төдөн цагт болно” гэсэн зарлалыг тусад нь их гоё өрөөд хэвлэчихсэнийг үзүүлээд “Номыг ингэж их гоё хэвлэдэг байна. Та нар харав уу” гэж харуулна. Тэгээд биднийг дагуулаад Хөрхийн хадан дээр очно. Өөрөө хадан дээр гараад шүлэг уншина. Ийм л сайхан байж. Таваас зургадугаар ангиа Хархүү багштайгаа үдээд, долдугаар ангид Тунсаг багшийн удирдлагад очсон. Багш маань Өмнөговь руу шилжсэн. Хархүү багш маань намайг утга зохиолд дуртай болоход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Хөрхийн хаданд очихдоо гурван литрийн бедон хар цай, хэдэн боорцогтой очно. Тэр цайг уугаад багш маань хадан дээр шүлэг уншина гэдэг миний хувьд ертөнцийн нэг гайхамшиг байлаа даа.

-Анхны хайрын эзэн, хайрын шүлгийн эзэн гээд ярьдаг даа?

-Би тоонд их муу. Наймдугаар ангиа төгсөхдөө ер нь ном их уншина, Гитлерийг их зурна.

-Гитлер зурдаг нь ямар учиртай юм бэ?

-Үзэл суртлын үе байсан болохоор үзэн яддаг баахан дайснаа л зурдаг байхгүй юу. Хамгийн арын ширээнд сууна. Хичээлдээ идэвх их муутай. Ингээд Барилгын нэгдүгээр ТМС-д хуваариллаа. Хулигаан ихтэй сургууль шүү дээ. Багаяаг маань Гандангийн Мэргэн гүн Гомбожав гэдэг хүн өөрөө ачааны “ГАЗ-453” маркийн машин, суудлын тэрэгтэй очин урьж авчирсан. Мээм минь нутагтаа хэдэн малтайгаа үлдлээ. Багаяа бид хоёр Дарьгангын 18 гэдэг гудамжинд халзан Дондов гэдэг айлын үүдний амбаарт төвхнөсөн. Эх нялхсын хавийн л гудам л даа. Зун цаг байсан болохоор сахиус энэ тэрээ амбаарт тавилаа. Халзан Дондов гуай их сайхан даалуу тоглодог, жаалдаг хүн байлаа. Авгай нь Юмсрайжав гээд их сайхан налайсан хүн. Тэднийх гахай, тахиатай, их баян айл. Багаяа маань хуралд явахдаа орой нь нэг хэвийн боов, бэрээсий, хайлмагтай ирнэ. Хойтон нь мээм маань ирж, хотын айл болон төвхнөж байлаа. Дөрөв таван жил ингэж аж төрж байтал, Багаяа минь далан гурван онд өөд болсон. Яг үнэнийг хэлэхэд амьдралд мээм бид хоёрыг тэжээж тэтгэдэг хүн маань байхгүй боллоо. Мээм бид хоёрт үлдсэн юм гэвэл ердөө таван янчаан л байсан. Хоёр таягт, гурван ёншгойт байв. Тэрийгээ бид Ядамсүрэн гэж хүнд зарсан.

-Хот газар ч харж хандах хүнгүй, ажил төрөлгүй байна гэдэг ч бүтэхгүй зүйл шүү?

-Хожим тэр хүн уучлал гуйж ирсэн. Багаяаг лам байхад шавь гээд сүйд болж байсан хүн бурхан болуут нүүр буруулахгүй юу. Тэгтэл ах минь ашгүй хөдөөнөөс шилжин ирж, Сүхбаатар дүүргийн шүүгч боллоо. Мээм бид хоёрын амьдрал ингэж сүйрдгийн даваан дээр гайгүй сэгхийлээ.

-Нэгдүгээр ТМС-д баахан атамануудтай гар зөрүүлж байв уу?

-Би чинь салхивч-нимгэн төмрийн ангийн сурагч. Агааржуулагч хоолойнуудыг хийнэ. Манай багш Гончигбал, мастер багш нь Тогтох гэж хүн байх. Хөвгүүд ширүүн. Гуравхан охин, хорин хэдэн хүүтэй. Аз болоход манай сургуулийн Намын үүрийн дарга нь шүлэг бичдэг “Улаан бүчний намираа” гэдэг ном гаргачихсан, зохиолч П.Рэнжин гэж хүн байлаа. Бурхан миний хувь тавиланг хараад явсан юм шиг байна лээ. Рэнжин багш байсан тулдаа зодоон цохионоос хол хөндий явсан. Түүнээс зэрлэг байсан. “Од” кино театрт кино үзэхэд хооронд гар зөрүүлэх энүүхэнд. Манай захирал Гомбыг харахаар бүгд нам. Миний чацуутнууд гэхэд охид хүүхнүүдийн ертөнцийг үзчихсэн тийм л сүрхий газар байж.

-ТМС-иа төгсчихлөө. Яаж яваад цагдаа болсон гэдэг билээ?

-Сургуулиа далан гурван онд төгсөөд 18-тайдаа цэрэгт татагдлаа. Ах минь хөөцөлдөө биз дээ, Барилгын цэргийн 58дугаар ангид хуваарилагдлаа. Гэлэгрэнцэн гэж их сайхан хошууч байлаа. Штабын мэдэлд бичээчээр хэсэг ажиллалаа. Гэлэгрэнцэн гуайг халагдсаны дараа үхэр нүдэн Дагвадорж гэж ширүүн хурандаа ирлээ. Анги маань нимгэн төмрийн цехтэй. Би энд алба хааж байхдаа Архангай зэрэг хөдөө аймгуудын трактор засварын газрын дээвэр хийсэн. Эх орныхоо дархан хил дээр Байтаг богдоос Овоон энгэрийн ус хүртэл застав отрядын байрны дээврийг хийсэн. Гөлмөн төмрийг шувуун нуруунд дэвсчихээд тэр халуун наранд шарагдаад нэг үзээрэй. Пээ, ёстой нэг үйлээ үзсэн.

-Тийм ажил ч үзсээн үзсэн. Бас л чанга шүү?

-Амьдрал ямар хэцүү юм бэ гэж хэлмээр л болж байсан. Тэгэхдээ би ч бас гайгүй. Гурван цэрэг даргалчихна. Байтагаас Овоотын отряд дээр ирэхэд бүтэн жил хагасын хугацаа өнгөрсөн байсан даа. Дагвадорж хурандааг дуудсаны дагуу гурван цэргээ Овоотод үлдээгээд бүхээгтэй машинд суугаад хот руу гарлаа. Ирээд ёслоход Дагвадорж хурандаа “Ёсолж яах гэсэн юм бэ. Эр хүн нэг ийм юм үзэх ёстой” гээд дал мөрөөр тэврэхэд л нүдний нулимс асгарч байлаа. Нөхөрлөл гэдэг тийм сайхан юм даа. Эндээс халагдахад муу ах минь “Миний дүү чинь төгссөн сургууль байхгүй, яадаг шүү юм билээ” гэснээ нэг өдөр НАХЯ-нд яваад оч гэлээ.

-Шууд ч цагдаа болчихоогүй, бас эр цэргийн алба хаачихсан эрийн хугархай байж дээ?

-“Хамгийн цаад талын хаалганд Содномрагчаагийн Бүдрагчаа гэж генерал байгаа. Очоод уулз л” гэлээ. Тэнд хоёр гурван өдөр очлоо. Намайг тоодог амьтан байдаггүй. Нэг навсайсан л амьтан байгаад байгаа. Хоёр хонолоо. Тэгсэн гуравдахь өдөр генерал дуудлаа. Миний хөлс гоожоод, алчуур байдаггүй. Генерал “Шүлэг унш” л гэж байна. Барилга явахад чинь хичнээн ч шүлэг бичсэн юм. Тэрнээсээ л уншлаа даа. “Чи авьяастай хүү байна. Манай төв штабт ажиллана аа. Зарлага цагдаа болно” гэлээ. Ингэж бичиг тараадаг ажилтай боллоо, одоогоор бол интернэт юм аа даа. (инээв. сур) Цагдаагийн газраас гарсан бүх бичгийг тараана. Энэ ажлаа гурван жил хийгээд бага даргын албатай боллоо. Төлөвлөгөөний комиссын цагдаагаар ажиллана. Энд ажиллаж байхад Дамдинсүрэнгийн Урианхай ах Думаагийн Содном даргын нарийн бичгийн дарга байлаа. Урианхай ахын өрөөнд орж шүлгээ уншина. Жагдалын Лхагва ах “Технологи мэдээлэл” сэтгүүлийн эрхлэгч байсан. Лхагва ахтай буу халдаг, өгүүллэг ярьдаг боллоо.

-Утга зохиолын их ертөнцөд ч аргагүй л ороод эхэлж дээ?

-Их утга зохиол гэдэг чинь аяндаа авах хүнээ ингэж хүлээж авдаг байхгүй юу. Энд цагдаагаар ажиллаж байгаад нэг өдөр “Сэтгэлд гал байхад зууханд гал олдоно” гэсэн алдарт найрагч Ламжавын Лувсандорж багш маань “Энд цагдаа хийж суугаад яадаг юм, ер нь чамайг сургуульд явуулна” гэлээ. Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд явуулах юм болж хөөцөлдлөө. Тэр жил Очирбатын Дашбалбар маань Горькийд явлаа. Бид хоёрын шүлэг “Залуучуудын үнэн” сонины майн нэгний дугаарт зурагтайгаа гарсан байсан юм. Миний таван шүлгийг С.Билэгсайхан багш “Утга зохиол” сонинд, Дэмбээгийн Мягмар багш “Цог” сэтгүүлд тавьчихсан, тухайн үедээ лухайсан яруу найрагч болчихсон гэж хөөрч яваа хүн шүү дээ. Лувсандорж багш маань “Горькийд болдоггүй юм бол Монгол Улсын их сургуульд орно оо хө” гээд ардын багш, яруу найрагч Сэндэнжавын багшид авчирч тушаасан юм. Дулам багш улбар ягаан царайтай, жигтэйхэн залуухан. Надаас хоёр дүү хүн шүү дээ. Лу багш “За, Дулам аа, чи энэ хүүхдийг сургуульд оруулахгүй бол тангараг тасрна шүү” гэж байсан юм даа. Ингэж их сургуульд элсэж соёлжихын замдаа орсон доо.

-Та чинь Шүр эхээсээ айгаад байна уу, дара эхээсээ эмээгээд байна уу, анхны хайрынхаа тухай тойрч гуядаад байна даа?

-Анхны хайр маань бүүр бага байхын л айл аймаг явсан даа. Миний олон бүтээлд Долгоо гэж бий. Тэрийг Шүрээ маань ч мэднэ. Сүүлд бид хамт очиж уулзаж ч байсан. Би бол аавгүй, нагацынхаа ивээлд ээжтэйгээ өссөн хүүхэд. Манайхтай айл аймаг явсан ажаа Цэдэнбат гэж мундаг өвгөн байлаа. Сүүлд Ерөнхий сайд Ж.Наранцацралт бид хоёр ч хамтдаа очиж золгож байсан. Тэр айлын Цогзолмаа, Долгор, Хархүү нарын хүүхдүүдээс Долгор нь надтай чацуу юм. Ажаа Цэдэнбат гуай надад их сайн. Арван найм есөн нас хүртлээ хамт явсан. Нэг очиход Эрдэнэбилэг гэсэн залуутай суусан байсан даа.

Үргэлжлэл бий


Categories
мэдээ цаг-үе

Х.Пүрэв: Миний мөрнөөс төрийн наадмын 16 түрүү тодорсон

Улсын манлай засуул Хадын Пүрэвтэй ярилцлаа.


-Та хүчит бөхчүүдээрээ алдартай архангай нутгийн хүн. Танай удамд сайн барилдаж байсан олон хүчтэн байсан шүү дээ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Би хүчит бөхчүүдээрээ улсдаа алдартай Архангай нутгийн Өлзийт сумын хүн.Манай удамд сайн барилдаж байсан хүн олон бий. Миний аавын ах “улаан хүзүү” Х.Дэлэг гэж улсын арслан цолтой бөх байлаа. 1934 оны улсын баяр наадмаар 1024 бөх барилдахад арав давж түрүүлсэн шүү дээ. Манай аав Хад ч сум орон нутагтаа сайхан барилдаж байсан. Харамсалтай нь айхтар гэмтээд барилдахаа больж морь уядаг болсон юм даа. Миний төрсөн дүү Х.Пүрэвбадамын хүү мэргэжлийн сүмогийн их аварга Д.Дагвадорж, улсын аварга Д.Сумъяабазар, улсын начин Д.Сэржбүдээ гээд хүчитнүүд байна. Би бөхийн орчинд ойрхон өссөн болохоор хааяа ноцолддог л байсан. Гэмтэл аваад удаан барилдаж чадаагүй.

-Та бэртэл аваад бөхөө орхичихоогүй, засуулаар олон жил ажилласан шүү дээ. Анх хэзээнээс засуул хийж эхэлсэн бэ?

-1982 онд санагдаж байна. Бөхийн гарын даа хийж байсан Цэдэв, Цоодол нар намайг бөхийн замд оруулж байсан түүхтэй. Намайг тойргийн барилдааны оноолт хийлгэх гэж дуудсан юм билээ. Харин би хэсэг ажиллаж байгаад 1990 оноос хойш цолчин засуулаар ажиллаж эхэлсэн. Засуул хийх эрдмийг Ерөнхийлөгч Х.Бат-тулгын аав Халтмаа, Гончиг нарын буурлуудаас өвлөсөн. Халтмаа гуай чинь 77 нас хүртлээ бөх зассан хөнгөн биетэй, хурц хараатай хүн байсан даа.

-Та цол дуудаачдын улсын уралдаанд хэд хэдэн удаа амжилттай оролцож байсан. Энэ талаараа хуучилбал?

-Үндэсний бөхийн цол дуудаачдын улсын уралдаанд анх удаа оролцохдоо “ган хоолой” шагнал авч урамшиж байлаа. Тэр наадамд олон шилдэг цолчин засуулууд өрсөлдөж Мягмар гуай түрүүлсэн. Дараа нь 1995 онд болоход нь би тэргүүн шагнал авч, гавьяат жүжигчин Банзрагч удаалж байлаа.

-Сүүлийн үеийн засуулуудын ур чадварын талаар та ямар бодолтой явдаг вэ. Бөхчүүд засуулуудын үг сонсолгүй унасан ч, давсан ч тугны зүг уралдаад гүйчих гээд байх болж?

-Бөхийн засуул хүн голч ноён нуруутай байх ёстой. Амраг садан, ах дүү нь хамаагүй шударга байх нь засуул хүний үүрэг. Намайг 38 жил засуул хийх хугацаанд надтай бөхийн дэвжээн дээр арсалдаад, хэрэлдэж зогссон бөх нэг ч байхгүй. “Хоёр бөхийн унасан, хаясныг хараагүй унтаж байх засуул бөхийн хажууд битгий ирээрэй” гэж багш нар минь сургасан. Одоо засуулууд бөхчүүдийн амаар барилдааныг шийдээд байна л даа. Өнөөдөр барилдааны талбайд маргаан гарахад хүний өөдөөс эгц хараад үнэнийг хэлэх засуул ховор болсон. Дүлэгнээд зугтдаг, эсвэл худлаа бөөрөнхийлөөд хэрүүл үүсгэдэг. Ийм байдлыг далимдуулаад бөхчүүд унасан ч дэвээд гүйчихдэг болсон.

-Таны мөрөн дээрээс төрийн наадмын хэдэн түрүү төрсөн бэ. Дархан аварга Г.Өсөхбаяр дөрөв түрүүлэхэд гурав нь таны мөрнөөс түрүүлж байсан гэсэн?

-Миний мөрнөөс төрийн наадмын 16 түрүү төрсөн юм даа. Б.Бат-Эрдэнэ аварга 13 түрүүлэхэд есөд нь би малгайг нь бариад хажууд нь зөвлөөд зогсож байсан. Г.Өсөхбаярын гурав, А.Сүхбатын гурав, Сумъяабазарын нэг түрүү надад бий. Г.Өсөхбаяр миний мөрөн дээрээс дөрөв ч түрүүлчих боломж байсан л даа. Сүүлд 2010 оны Ардын хувьсгалын 89 жилийн ойн их баяр наадмаар түрүү байрын төлөө барилдахдаа миний үгнээс зөрж байж Б.Ганбатад мордуулсан.

-Тухайн үед та аваргад юу зөвлөж байв?

-Өсөхөө шавчихаад элэг бүсээ чангалаад барилдааны талбайн баруун тийш алхахад “Яаж барилдах нь вэ” гэж би асуусан юм. Мань хүн “Шууд золгочихъё” л гэж байна. Хариуд “Шууд золгоод хэрэггүй цаг нь болохоор золго. Бэлдсэн юм ирнэ” гээд л барилдуулсан. Мань хүн шууд очиж золгоод л Б.Ганбатад хашиж мордуулаад тэнгэр харсан юм даа. Б.Ганбат гарч ирэхдээ Өсөхөөд “Аваргын замд саад хийхгүй ээ” гэж хэлээд тайвшруулчихсан юм билээ. Би Өсөхбаярт “Хүний үгнээс зөрөөд хохь чинь” гэж хэлдэг юм. Золголгүй хүлээгээд ирийг нь дараад авах байсан.

-Дэвжээнд бөх засч байхад баярламаар бас харамсмаар олон үе тохиолдоно биз. Энэ бүхнээс хуваалцвал уншигчдад сонирхолтой байх?

-Баярлуулсан, догдлуулсан барилдаануудын алийг тэр гэх вэ. Гэхдээ ах нь наадмын дэвжээнд гурван удаа л нулимс үзүүлж байлаа. 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн их баяр наадмаар дархан аварга Б.Бат-Эрдэнийн бэлтгэл ханачихсан, ёстой торгон ирэн дээрээ байсан юм. Манай хүн наймын даваанд улсын гарьд П.Сүхбатыг амлаж зүүн сэнжигэнд нь шунаж яваад багахаан гишгэдлийн алдаа гаргаж этүүлээд суучихсан. Ёстой тэнгэр нураад л ирэх шиг болсон доо. Уул нь Бат-Эрдэнийг чинь амьд амьтан битгий хэл, адгуус ч зогсоохооргүй байсан байхгүй юу. Дараа нь аваргад “Яах гэж тэр сэнжигний барьцанд шунав. Сүүлд нь хаанаас нь ч бариад хаяна шүү дээ. Чиний шунал ихдээд байна” гэж хэлж байсан. Дараа нь 2006 онд аварга А.Сүхбат зодог тайлах гэнэтийн шийдвэр гаргаж бүр намайг дагуулж очиж тугнаасаа адис авч байлаа. Би ч тэсэлгүй мэлмэрээд л явчихсан. Бөхөд хайртай түмнийг уран хурц барилдаанаар олон жил баясгасан аваргыгаа ингээд явчихна гэж яаж санах билээ дээ. Сүүлд 2009 онд Ардын хувьсгалын 88 жилийн ойгоор түрүү байрын төлөөх барилдаанд Нямдоржийн Ганбаатарыг зассан юм. Ганбаа ч тэр жил түрүүлчихээр хэмжээнд байсан Д.Сумъяабазар, Б.Ганбат хоёрыг илүүрхэж хаяад зам нь шуударчихсан байлаа. Түрүү байрын төлөө барилдахаар гарахад нь “Ээ миний хүү энэ өндөр даваанд гарч ирсэн хүн яарч л болдоггүй юм шүү. Ийм боломж хүний амьдралд ховор тохиолдоно. Шөнө болтол зууралдаарай. Хэрэгтэй цагт нь би ганц юм хэлнэ. Алдалгүй ашигла” гэж захисан юм. Тэгсэн мань хүн золгонтуутаа тэвчээр алдаж тойруулж татаад мангасдуулаад доор нь орчихдог юм даа. Гол харлаад л явчихсан. До.Ганхуяг татахыг хүлээж байсан байхгүй юу.

-2004 оны ардын хувьс-галын 83 жилийн ойгоор хадам, хүргэн хоёр төрийн наадмын түрүү байр булаацалдахад та засч байсан. Дархан аварга А.Сүхбат, гарьд Б.Гантогтох хоёрын барилдааны талаар дурсвал?

-Хүнд байсан шүү. Тухайн үед А.Сүхбатын засуулаар ажилласан. Амжилтыг нь бо-доод “Б.Гантогтохыг ганц түрүүлчихээсэй” гэх бодол толгойд эргэлдэж л байсан. Аав нь 10 түрүүлсэн аварга хүн байхад хүү нь ганц түрүүлээгүйд нь харамсдаг юм. Ганаа арслан цолны тухай бодоод барилдаанаа гаргаж чадаагүй. Тулж зогсож байгаад л өшиглүүлээд унасан. Уул нь гайхмаар мэдрэмжтэй барилддаг хүн шүү дээ. П.Сүхбат, Ц.Мягмарсүрэн хоёрт унаж байгаад л эргээд дээр нь гарчихдаг барилдаан нь одоо ч нүдэнд харагддаг юм.

-А.Сүхбат аваргыг хадмыгаа дэмжээд арслан болгох байх гэж олон хүн харж байсан даа?

-Б.Гантогтохыг А.Сүхбаттай үлдэхэд нь олон хүн түрүүлчихлээ гэж харсан байх л даа. Өмнөх жил нь Ардын хувьсгалын 82 жилийн ойгоор А.Сүхбат чинь Б.Гантогтохыг дэмжсэн байсан. Хоёр жил дараалж тийм юм байж болохгүй биз дээ.

-Хүчтэй гарьд И.Доржсамбуу таны мөрнөөс гараад түрүүлж хараахан чадалгүй Х.Мөнхбаатар арсланд унасан. Энэ барилдааны талаар ярихгүй юу?

-Түрүүлчих боломж өндөр байсан. Их шөвөгт И.Дорж-самбууг М.Баяржавхлантай барилдахаар гарахад нь “Баруун талд нь дайрч болохгүй шүү. Айхтар өшиглөнө. Зүүн талд нь довтолж барилд” гэж хэлээд гаргасан. Манай хүн зүүн талд нь суйлаад давчихлаа. Түрүү байрын төлөө гарахын өмнө Х.Мөнхбаатарыг ажигласан чинь бүх юм нь гүйцчихсэн, ир нь орсон янзтай байна шүү. Тэгээд Доржсамбуудаа “Надаас битгий хол барилдаарай. Намайг тойроод бай. Эвгүйтвэл зуураад ч хамаагүй тогтоогоорой. Эхлээд ирийг нь дараад авах хэрэгтэй байна. Тэр цагт барилдааныг чинь хэлж өгнө” гээд л гаргасан. Нөгөөх чинь гараад л барьцгүй ганц өшиглөөд л дөрвөн хөллүүлээд авахад нь баярласан гэж. Харамсалтай баяр дуусаагүй байхад барьцаа алдаж тумбарайдаж даруулаад ажлаа дуусгасан. Маргааш нь цолны найраа хийхдээ “Пүрэв ахыг аваад ир” гээд гээд дүүгээ явуулахад “Унасан бөхийн найранд очихгүй” гээд явуулж байсан. Түрүүлнэ гэж их найдсан болохоор харамссан л даа. И.Доржсамбуу маань хаялаа гээд хөөрч гүйгээд байдаггүй, уналаа гээд харамсаад сүйд болдоггүй тийм л сайхан эр хүн дээ.

-Улсын начин цолтон төрүүлж байв уу?

-Энэ олон жил бөх засахад миний мөрнөөс ганц л начин төрсөн юм даа. Сүхбаатарын С.Анхбаярыг л начин болоход нь зассан. Тухайн үед Анхбаяр удаан барилдаад гар хатуурчихаад байхад нь “Чиний наад гар чинь мод юм уу, мөч юм уу, хөдөлгөөд барилдаач наадахаа” гэж загнатал учраагаа ганц дайраад уначихаж байсан нь одоо бодоход сайхан байдаг юм.

-Наадмын түрүү бөхийн шинж ямар байдаг юм бэ?

-Их амгалан тайван байдаг. Тийм ч учраас илүү хөдөлгөөн ердөө хийдэггүй. Харахад андашгүй дээ.

-Энэ жилийн баяр наадам болоход хоёр сар орчмын хугацаа үлдсэн байна. Наадмын бөхийн өнгийг яаж харж байна?

-Ойрд барилдаан болсонгүй. Гэхдээ Архангайн М.Бадарч харцагыг л ажиглаад байгаа. Манай хүн чинь Э.Оюунболд, Ц.Содномдорж гээд түрүү бөхчүүлд л тахим өгөөд байгаа. “Саадаа давчихвал түрүүлнэ шүү” гэж би өөрт нь ч хэлсэн. Бөхчүүд чинь “Түрүү бөхөөс л зөрөх юмсан. Од нь гүйсэн бөх дийлддэггүй” гэж ярьдаг шүү дээ.


Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Мафиуд”-ын хөлд Монголын ард түмэн сүйрлээ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гарагийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт ““Хурд” хамтлагийн хит дуунуудыг төрүүлсэн аав, хүү найрагчид” хэмээн өгүүлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Мафиуд”-ын хөлд Монголын ард түмэн сүйрлээ” хэмээх нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Л.Болд: Бүлэглэлүүд өнөөдөр ард түмэнтэй, Их хуралтай үзэж байна хэмээн ярьжээ.

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, эмч Ж.Гантулга: Донтолтод өртсөн хүний төрөлх зан огцом өөрчлөгддөг хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьсан байна.

Өнөө цагийн улс төрийн лидерүүд буюу сүргийн толгойлогчид хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

“Өдрийн сонин”-ы “Экологи” нүүрт Л.Мягмар: Хөв цөөрмийг ихэвчлэн малын ус хангамжийг сайжруулахад ашиглаж байгаа хэмээн ярьжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ирэх онд нэг ч төрлийн татвар нэмэхгүй хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс хүлээн авч уншаарай.

ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Б.Будзаан: Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчирхийллийн 70-80 хувь нь гэр бүлийн орчинд байдаг хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьсан байна.

Ливерпүүлийн Киев хүрсэн зам ба Юрген Клоппын гайхамшиг хэмээн “Дэлхий спорт” буланд өгүүлжээ.

“Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээг энэ сарын 7-13-ны хооронд зохион байгуулсан билээ. Тэгвэл “Инновацийн үзэсгэлэн”-д 200 гаруй төрлийн бүтээлийг олон нийтэд танилцуулсаныг “Шинжлэх Ухаан” нүүрээс хүлээн авч үзээрэй.

“Эрдэнэ зам” компанийг Г.Өлзийдүүрэн гэгч залилж, өөрийнхөө нэр дээр авсан уу хэмээн “Энэ тухай” буланд өгүүлсэн байна.

“Өөрөөс нь” нүүрт БСШУСЯ-ны Боловсролын зээлийн сангийн захирал П.Лхагвасүрэн: Оюутнууд барьцаагүй авсан зээлээ зургаан жилийн хугацаанд төлнө хэмээн ярьсан байна.

“Дэлхий мэдээ” нүүрээс “Амралтын өдрүүдэд гарсан халдлагууд”-ын талаар мэдээллийг хүлээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар дулаарч, салхитай байх тул гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

Малчид, ард иргэдийн анхааралд, маргаашдаа ихэнх нутгаар дулаарч, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Энэ сарын 15-19-нийг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр

15-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 16,17-нд зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус дулаан.

Бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.