Categories
мэдээ нийгэм

Өгөөдэй болон Гүег хааны үеийн зоосыг дэлгэн харууллаа

“Олон улсын музейн өдөрт” зориулан Монголын үндэсний музей, Монголбанк хамтран үзэсгэлэн гаргалаа. Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэдэл, Монгол хүн бүрийн нэрийн хуудас болсон “Монголчуудын төлбөрийн хэрэгсэл”-ийг дэлгэн гаргажээ.

Уг үзэсгэлэнд Монголбанкны Эрднэсийн сан, Монголын үндэсний музейн сан хөмрөг, Монголын зоос судлалын холбооны гишүүдийн цуглуулгаас дээжилжээ. Нээлтэд Монголбанкны төлөөлөгчдөөс гадна музейн удирдлагууд оролцов. “Хөсөгтөн” хамтлаг уран бүтээлийн дээжээ өргөн, ая дууны мэндчилгээгээр дэвшүүллээ. Ингээд тууз хайчлах ёслол үйлдэж, нээлт өндөрлөн музейн үзмэрүүдийг сонирхох хүмүүсийн хөл хөдөлгөөнд дарагдав. Улаан хивс дэвссэн үзмэрийн танхимын үүдэнд гурван хийлч ая тоглон сонгодог орчныг бүрдүүлжээ.

Эртний хаадын үеэс эхлэн одоогийн мөнгөн тэмдэгт хүртэлх түүхийг өгүүлсэн үзмэрийг хананы дагуу шилэн хоргонд хийж байршуулсан нь нэн сонирхолтой. “Үзэсгэлэнгийн талаар Монголбанкны “Эрднэсийн сан”-гийн захирал П.Эрдэнэтуяа ярихдаа: “Монголчуудын төлбөрийн хэрэгсэл эртнээс эдүгээ” сэдэвт үзэсгэлэн 14 хоногийн турш Монголын үндэсний музейд гарна. Үнэ төлбөргүй. Олон улсын музейн өдөр, Монголын банкуудын ажилтны өдрийг угтан гаргаж байна. Гол онцлог нь 1000 орчим цуглуулгыг хамруулсан. Монголчууд эртнээс ямар төлбөрийн хэрэгсэлтэй байсан, гол онцлогууд нь юу вэ гээд эртний хаадын зоосноос эхлээд тавигдсан. Дээр нь дурсгалын зооснууд байгаа. Энэ нь төлбөрийн хэрэгслээс гадна зоос цуглуулагч нарт зориулсан нэр бэлгэдэлтэй зооснууд юм. Олон улсын үзэсгэлэнд оролцоод шагнал авсан зооснууд бас бий. Мөн гурван төрлийн мөнгөн зоос, нэг кг-ийн алтан “Чингис хаан” зоосыг дэлгэн харуулсан. Маш ховор үзвэрүүд юм. Хүүхэд залуучууд ирээд үзвэл өмнө нь зоос, марк цуглуулдаг байсан бол орчин үед цаасан мөнгө, зоосон мөнгийг цуглуулах боломжтойг харуулахыг зорьсон. Манай сан хөмрөгийн цуглуулгууд болон 12 зоос цуглуулагчийн цуглуулга, Үндэсний музейн зарим үзмэрээс тавьсан. Ерөнхийдөө хамтарсан үзэсгэлэн болсон. Хамгийн эртний үзмэр нь Өгөөдэй хаан, Гүег хаан гээд ер нь эртний хаадын бүх зоос тавигдсан. Маш том шилэн хоргыг эзэлсэн байгаа. Хүмүүс маань өөрсдөө ирж сонирхвол илүү үзүүштэй, харууштай зүйл их байгааг дуулгая. Зоосон мөнгөн нь 1211 оноос хойшхи, цаасан мөнгө нь 1911 оноос хойшхи тэмдэгтүүдийг энд дэлгэсэн” гэв.

Эртнээс эдүгээг хүрсэн төлбөрийн хэрэгслийн түүхийг өгүүлсэн уг үзэсгэлэн 14 хоног эрхэм таны өмнө үнэ төлбөргүйгээр нээлттэй байх аж. Үзэсгэлэнд олон овог аймгийг нэгтгэн, туурга тусгаар улсаа байгуулсан Чингис хааны нэрийг мөнхөлсөн түүх бичгийн нандин сурвалж болох “агуу Чингис хаан” гэсэн бичээс бүхий Чингис хааны мөнгөлсөн зэс дирхамаас эхлээд Чингис хааны динар, Хархорум хотод дэлдсэн Өгөөдэй хааны алтан динар, Гүег хааны мөнгөн дирхам, Мөнх хааны мөнгөн зоос зэрэг Монголын эзэнт гүрний үе үеийн хаадын 300 гаруй зоос. Орон нутгийн чанартай үйлдэж байсан “Хүрээний их сангийн тэмдэг”, “Чин сүзэгт Номун” ханы хүрээний “Их сангийн тийз” хэмээх мөнгөн тэмдэгт, гүйлгээнд орохоор зэхэж байсан ч ороогүй Богд хаант Монгол улсын Бага болзоот мөнгөн тэмдэгт, Төв аймгийн Заамар сумаас олдсон 2.4 кг алт, 999.9 сорьц бүхий 100 гр жинтэй шижир алтан гулдмай зэрэг 900 гаруй үнэт өвийг дээжлэн тус үзэсгэлэнд багтаажээ.

С.ОТГОНБАЯР

Гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ нийгэм

Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд Тамгын газраас үзүүлсэн мэргэжил, арга зүйн туслалцаа

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцээд Тамгын газар нь Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх хуулиар хүлээсэн үүргээ хангалттай хэрэгжүүлж байна гэсэн үнэлэлт өгсөн юм.

Улсын Их Хурал 2017 онд хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд Тамгын газраас үзүүлсэн мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцааны талаарх инфографикийг цувралаар хүргэж байна.

Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд үзүүлсэн мэргэжил, арга зүйн туслалцаа




Categories
мэдээ спорт

“Улаанбаатар марафон-2018”-д 500 сурагчийг үнэгүй оролцуулах эрхийг гардууллаа

Нийслэлийн хэмжээнд 5 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар Марафон-2018”-д ХХБанк өөрийн спортлог ажилтнуудынхаа санаачлагын дагуу нэгдэж, 5-р сарын 8-ны өдөр ХХБанкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ шилжин явах цомыг хүлээн авлаа.

Энэхүү олон улсын марафоныг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа нь их хотын нийт иргэдэд эрүүл амьдралын хэвшил, зөв дадлыг төлөвшүүлэхэд өндөр ач холбогдолтой тул ийнхүү ХХБанк өргөн хүрээнд дэмжин оролцохоор болсон билээ.

Тэгвэл 2018 оны 5-р сарын 11-ний өдөр Монгол Улсын ирээдүй хойч үедээ эрүүл мэнд, амьдралын зөв хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор ХХБанкны зүгээс Чингэлтэй Дүүргийн Тэргүүний 61-р дунд сургууль болон Улсын Тэргүүний 24-р дунд сургуулийн нийт 500 сурагчийн “Улаанбаатар Марафон-2018”-д хамрагдах бүртгэлийн төлбөрийг санхүүжүүлэн, оролцуулах эрхийн бичгийг гардуулан өглөө.

Мөн уг арга хэмжээний үеэр ХХБанкны ажилтан, марафон гүйлтийн спортын дэд мастер, М.Мөнхчөдөр нийт сурагчдад гүйлтийн спортын эерэг нөлөө, ач холбогдлын талаар тайлбарлаад зогсохгүйнэгдсэн гүйлтийн үед анхаарах ёстой зүйлсийн талаар танилцуулж, мэдээллийг хүргэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

​“Монголоо сонсъё” үндэсний аяны нээлт боллоо

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга болон ҮБХ-ны гишүүд, дэмжигчид оролцлоо. Тус аяныг нээж УИХ-ын гишүүн АН-ын дарга С.Эрдэнэ ийнхүү хэллээ. “Монголоо сонсъё” аян-д нийт 330 сум, 152 хороо, 200 гаруй баг, 21 аймаг, 9 дүүрэг хамрагдаж байна. Үндэсний хэмжээнд байгаа бүх анхан шатны нэгж хэсэг, намын хороо, үүрүүдүүд хүрч ажиллах, иргэд сонсогчдын санаа бодлыг сонсох үндсэн зорилготой. Мөн АН-ын шинээр боловсруулж байгаа үзэл баримтлалын талаар гишүүдэд хэлэлцүүлнэ. Өнгөрсөн хоёр жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, алдаа оноогоо цэгнэж сонсогч олон түмэнд хүргэнэ. 2012-2016 онд ардчилсан намын хөрөнгө оруулалтууд ямар үр дүнтэй ажил болсныг танилцуулах юм. Анхан шатны үүр хороодын ажлыг идэвхжүүлэх, чадавхжуулах сургалтууд хийгдэнэ. Бид нэг суманд хоёр хоног ажиллана. Харин аймаг, нийслэлийн хороодод нэг өдөр ажиллахаар төлөвлөсөн. Аяны бэлтгэл ажил бүх талаараа хангагдсан. Маш том баг бүрэлдэхүүн ажиллаж байна. Ардчилсан намын шинэчлэл, үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэж ажиллах юм. Ирэх сарын 20-н гэхэд баг хороод хурлаа хийж дүнгээ гаргана гэлээ. Тус аян өнгөрөгч амралтын өдөр Хэнтий аймгаас эхэлсэн юм.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Төрийн соёрхолт, түүхч, доктор Д.Өлзийбаатар Төрийн гурван өндөрлөгт ил захидал илгээлээ

1911 оны тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэгчдэд зориулсан хөшөөт цогцолбор байгуулах тухай

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар танаа

Эрхэм та бүгдийн мөхөс миний захидлыг толилон таалах өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилье.

Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөгдсөн VIII Богд Жибзундамба тэргүүтэй эх орончид Монгол үндэстний тусгаар тогтнох, цаашид хөгжин мандах тэмцлийн эхийг тавьж, улмаар 1911 оны 12 сарын 29-нд Монгол улс сэргээн байгуулагдсаныг даян дэлхийд зарлан тунхагласан билээ. Монголчууд тусгаар улсаа байгуулж, дэлхийн түүхийн тавцан дахин гарч ирсэн энэ баатарлаг тэмцлийг сэдэж, оройлсон VIII Богд Жибзундамба, Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Түшээт ван Чагдаржав, Далай ван Гомбосүрэн, Эрдэнэ ван Намсрай, Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй эх орончдыг түүх эс мартана.

Улс тусгаар тогтнолоо тунхаглаж, ард олон хөгжлийн төлөө сэрэн өндийсөн тэр үеэс Богд хааны ордон Монгол Улсын тусгаар тогтнол мандсан ариун голомт, нийт Монгол туургатны итгэл найдварын төв болон дээдлэгдэж хавь орчны газар нь баатарлаг өвөг дээдсийн цусанд дэвтэж, хөлсөнд ариуссан ариун дагшин хөрс, гүн хүндэтгэлт газар болон бидний үест хүрч ирсэн билээ. Гэтэл тусгаар тогтнолын үнэ цэн, утга учир улам бүр тодорсон эдүгээ цагт монголчуудын энэ ариун голомт, оюуны ба эдийн соёлын хосгүй өвийг дархлан хадгалсан Богд хааны ордон музейн сул газарт арван зоосны ашигт нүд, сэтгэл нь сохорсон хүмүүс архи пиво ууж, зугаацах газар байгуулахаар олон он дамнуулан оролдож ирэв. Өнгөрснийг сануулж, өнөөг ухааруулж, ирээдүйг дархлах үүрэгтэй түүхч миний бие энэ балмад харалган үйлдлийг эгнэгт таслан зогсоож, Богд хааны ордон музейн арын болон зүүн талбайд 1911 оны тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн үйл хэргийг мөнхөлсөн хөшөөт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэнг нийт олноороо хамтран байгуулах санал дэвшүүлж байна.

Өвөг дээдсийн халуун амиараа дархлан босгосон Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнийг залуу хойч үед байнга сануулан ухааруулж, өнгөрсөн үеийн тэмцэл, ялалтыг хадгалж, өнөө цагт бадруулж, ирээдүйд үлдээх Эх орончдын хөшөөт цогцолбор байгуулах энэ саналыг Монгол Улсын эзэн хаан VIII Богд Жибзундамба тэргүүтэй эх орончдын хойчис, өдгөө цагийн төрийн жолоо атгасан эрхмүүд болон УИХ-ын түшээ нар, нийт ард иргэд дэмжинэ гэдэгт бат итгэн энэхүү илээр хаягласан захидлыг өргөн уламжлав.

Сайн үйл дэлгэртүгэй.

Categories
мэдээ нийгэм

Бурхан багшийн “Сэрэг дүр” цогцолбор

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутагт Баян-Өндөр хайрханы өвөрт Эрдэнэт хот байгуулагдсаны 35 жилийн ой, Монголын эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан 2011 онд ард иргэдийн хүсэл зорилгоор Бурхан багшийн сэрэг дүр цогцолборыг нээжээ. Тус цогцолборыг 2008 оноос эхлэн бүтээн байгуулсан бөгөөд 100м голч бүхий дугуй хэлбэрийн суурьтай. Бурхан багшийн сэрэг дүрийн баримал сууринаас дээш 17м, сүмийн хамт 22м өндөр. Сэрэг дүрийг бүтээхэд 467 хэсэг эд ангиас бүрдсэн 87тн цэвэр гууль ашиглажээ. Бурхан багшийн тэргүүний үсний ширхэг бүр нь 6кг жинтэй аж. Цогцолборт хүндэтгэлийн хаалга, явган хүний зам, 8 суварга, хүндэтгэлийн талбай, дурсгалын гэрэлт хөшөө, гол сүм зэрэг байгууламж бий. Гол сүм ба суваргад шашны зан үйл, хурал номын өргөө, түүх соёлын дурсгалт зүйлс, бурхадын шүтээн дүр, хөрөг зураг зэргийг байрлуулжээ.

Аравнайлах ёслолд Орхон, Дархан-Уул, Булган аймгийн сүсэгтэн олон, Гандантэгчилэн хийдийн Тэргүүн хамба лам Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд оролцож тарни маань хөгжөөжээ. Тус цогцолбор байрлах газрыг сонгон шинжих үед Чойжамц хамба өөрийн биеэр ирж тус газрыг сонгосон гэдэг. Сонгогдсон газрын байдал нэлээд хэвгий байсан учир тэрхүү хэвгий байдлыг Лхам бурханы унасан хүлэг морины туурайн мөр хэлбэр болгон засахаар төлөвлөжээ. Лхам бурханы унасан хүлэг туурайгаараа газрыг онги татан цавчин дүүлсэн мэт мөрний хэлбэр гаргасан байдаг ажээ. Индэрийг 3 үе шаталсан хэлбэрээр өгсүүлэн зассан нь жанхар буюу бурханы орныг замбуу тивд дүрслэн зассан бэлгэдлийг агуулжээ. Индэрээс урагш дэллүүлж монголчуудын ихэд бэлгэшээдэг 108 гишгүүртэй, 6м өргөн шатыг байгуулсан байна. Шат нь өргөн байхын учир нь Авралын өргөн зам мөрийн сургаалийг дагаж Бурханы хутаг олохын дэмбэрэл ерөөлийг бэлгэдсэн байдаг. 100м голчтой цогцолборын дугуй хэлбэрийг хорол эрдэнээр төлөөлүүлжээ. Бурханы шашин гурван цагт, дөрвөн зүг найман зовхист, доод замбуутив, дээд тэнгэр бүгд арван зүгтээ цацран ашид дэлгэрч байх бэлгэдлийг багтаажээ. Цогцолбор нь Номын өргөөтэй бөгөөд дүйцэн өдрүүдэд хурал ном хурж болох байдлаар тохижуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр маргааш хур тунадас орно

15-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 16,17-нд зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“Төрөөс мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодлого зорилт, хууль тогтоомжийн хэрэгжилт”-ийн талаар мэдээлэл хийлээ

УИХ-ын 2018 оны ээлжит чуулганы (2018.05.11) нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.

“Төрөөс мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодлого зорилт, хууль тогтоомжийн хэрэгжилт”-ийн талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг мэдээлэл хийлээ.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “Төрөөс мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодлого зорилт, хууль тогтоомжийн хэрэгжилт”-ийн талаар тавьсан мэдээллийг бүрэн эхээр нь нийтэллээ.

Улсын Их Хурлын дарга аа,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгатай холбогдуулан мал аж ахуйн салбарын бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргүүлсэн тул эрхэм гишүүд Та бүхэнд товч танилцуулъя.

“Малын генетик нөөцийн тухай хууль”, “Малын эрүүл мэндийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, батлаж, хэрэгжилтийг хангуулах, дагалдан гарах хууль, эрх зүйн актуудыг шинээр болон шинэчлэн боловсруулах, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Мөн шинээр батлагдсан хуулиудад мал аж ахуй салбарын чиг үүрэг бүхий төрийн байгууллагын бүтэц тогтолцоог шинэчлэх ажиллууд хийгдэх бөгөөд энэ ажлын хүрээнд Улсын мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулан мал эмнэлгийн босоо тогтолцоог бүрдүүлнэ.

2017 оны эцэст малын тоо 66.2 сая толгойд хүрч, өмнөх оныхоос 7.6 хувиар өслөө.

  • Оны эхний 28.2 сая хээлтэгчийн 57.9 хувь буюу 16 сая 318.0 мянган эх мал төллөж 15 сая 465.0 мянган төл бойжиж байна. Монгол улсын мал сүрэг одоогийн байдлаар 49.4 мянган ботго, 281.2 мянган унага, 611.6 мянган тугал, 8 сая 567.0 мянган хурга, 5 сая 951.0 мянган ишигээр өсөж байна. Төл бойжилт 95.0 хувьтай байна.
  • Монгол мал хөтөлбөрийн хүрээнд сүү-ноосны чиглэлийн “Ламын гэгээний улаан” тэмээ, ноолуурын чиглэлийн “Эрчим хар” ямаа, мах-өөх-бүдүүвтэр ноосны чиглэлийн “Сутай” хонь, өөх-мах-бүдүүвтэр ноосны чиглэлийн “Цагаан-Уул” хонийг үүлдрээр тус тус баталгаажуулснаар Монгол улсад баталгаажсан 47 үүлдэр, омгийн малтай болов.
  • “Малын удмын сангийн үндэсний цогцолбор”-ын эхний ээлжинд барилга, байгууламж ашиглалтын захиргаа, малын үржүүлэг, биотехнологийн үйлдвэрлэл, лаборатори, малын зориулалттай 18 барилга байгууламж, инженерийн иж бүрэн шугам сүлжээний угсралтын ажлыг хүлээн авч ашиглалтад бэлэн боллоо.
  • Мах, сүүний анхдугаар аяныг зохион байгуулж энэ ажлын хүрээнд Герман, ОХУ-аас өндөр ашиг шимтэй лимүзен, герефорд үүлдрийн 210 толгой цэвэр үүлдрийн үхэр, Франц улсаас нарийн ноосны чиглэлийн бүгд 657 толгой үржлийн хонь, Казакстан улсаас 268 толгой Каракуль хонийг импортон үржлийн аж ахуй байгуулав. Эдгээр үхэр, хонийг өсгөн үржүүлж сайжруулагчаар ашиглах юм.
  • 2017 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, малчдын санаачлагаар нийт 1356 инженерийн хийцтэй болон гар худаг гаргасан нь 2.0 сая га бэлчээр, 6.7 мянган малчин өрх, 3.7 сая мал сүргийг усаар хангах боломжийг бүрдүүлэв.
  • Өндөр ашиг шимт малын үр үйлдвэрлэлийн чиглэлээр Сүмбэр хонины 2.2 мянган тун, Герефорд үүлдрийн бухнаас 13.6 мянган тун, Барга үүлдрийн хуцнаас 4144 тун үр нийт 19.9 мянган тун шаардлага хангасан үр үйлдвэрлэсэн нь дотооддоо үр үйлдвэрлэлийн хамгийн том амжилт боллоо.
  • 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 45.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэснээс Засгийн газрын 186 дугаар тогтоолоор 700.0 сая төгрөгийг аймгуудын ЗДТГ-т, Төсвийн тодотголоор 40.0 тэрбум төгрөгийг малчдын өвс, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэхэд зориулж, 4.5 тэрбум төгрөгийг Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд зориулан санхүүжүүлсэн.
  • Мөн УОК-ын дүгнэлтийг үндэслэн Засгийн газрын 3 удаагийн тогтоолоор Улсын нөөцийн 10500 тн өвсийг үнэгүй, 8000 тн тэжээлийг 50 хувь хямруулах, зарим аймгийн ХХААГ, ОБГ, хүн эмнэлэгтт ариутгалын болон үйлчилгээний автомашин 27-г, 5 нэр төрлийн малын эм бэлдмэл, ариутгалын бодис, ОБГ-уудад хүнсний зүйл, аймаг бүрт 110.0 сая төгрөг олгоход зориулж нийт 9.2 тэрбум төгрөгийг ЗГ-ын нөөц сангаас гаргасан нь өнгөрч буй өвлийн хүндрэлийг даван туулахад ач холбогдолтой боллоо.
  • Малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 34 аж ахуйн нэгжтэй Бодлогын болон Зээлийн гэрээ байгуулж, зээлийн 25 хувь буюу 10.0 тэрбум төгрөгийг дотоод үйл ажиллагааны зардалд зориулж, 75.0 хувь буюу 30.0 тэрбум төгрөгийг импортлогчийн нэхэмжлэхийг үндэслэн олгохоос 27.9 тэрбум төгрөгийг тус тус олгож НӨАТ болон гаалийн албан татвараас чөлөөлж ажиллалаа.
  • Энэ ажлын хүрээнд 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 43618.9 тонн тэжээл импортлосноос 26563.0 тн-ын борлуулалт хийгдээд байна. Нийт борлуулалтын 52.7 хувь нь бэлэн мөнгөөр, 38.0 хувь нь зээлээр, 6.2 хувь нь ноосны урамшууллаар, 2.8 хувь нь малаар хийгдсэн байна.
  • НҮБ-ын ХХААБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, МУЗН, Дэлхийн зөн-Монгол ОУБ-аас нийт 15 аймгийн 109 сумын 6844 өрхөд нийт 2 тэрбум 227.8 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн.
  • 2017-2018 онд 14 аймгийн 110 сумдад өвөлжилтийн нөхцөл хүндэрсэн ч дээрх авсан арга хэмжээнүүдийн үр дүнд улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 1.6 сая малын хорогдолтой буюу оны эхний нийт малын 2.4 хувийг эзэлж байгаа нь хэвийн гэж үзэж болохоор байна.
  • Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой 610.0 мянган га, царцаатай 89.8 мянган га-д тэмцэх ажлыг зохион байгуулснаар нийт 622.8 мянган га бэлчээрийн талбайг эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэв.
  • Үндэсний үйлдвэрт 20.2 мянган тн ноос тушаасан 86.9 мянган малчинд 22.5 тэрбум төгрөг, 3.1 сая ширхэг арьс шир тушаасан 64.2 мянган малчинд 12.7 тэрбум төгрөг олгож нийт 35.2 тэрбум төгрөгөөр малчдыг орлогожуулсний зэрэгцээ үндэсний үйлдвэрүүдийг төдий хэмжээний түүхий эдээр хангав.
  • Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд боловсруулсан “Ноолуур” хөтөлбөрийг батлуулав. Уг хөтөлбөрийн хүрээнд ноолуурын эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Ноолуурын хөгжил сан”-г байгуулах, 500 хүртэл тэрбум төгрөгийн тогтмол эх үүсвэрийг бүрдүүлэх эрх зүйн орчныг бий болгох” зорилт тусгагдсан.
    Иймд “Ноолуур хөгжлийн сан”-д шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
  • Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсын Хөгжлийн банкинд нийт 26 аж ахуйн нэгж, байгууллага эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын 555.9 тэрбум төгрөгийн (үүнээс эргэлтийн хөрөнгө 355 тэрбум төгрөг) зээлийн хүсэлтийг илгээсэн бөгөөд үүнээс өнөөдрийн байдлаар “Говь” ХК, “Гоёо” ХХК нарт 78.4 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгох асуудал шийдвэрлэгдсэн байна.
  • Уг хөтөлбөрт арилжааны банкуудаас Голомт банк, Худалдаа Хөгжлийн банк, Хаан банк, Улаанбаатар хотын банк, Хас банк, Капитрон банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк болон Тээвэр хөгжлийн банк оролцохоо албан байдлаар мэдэгдсэн бөгөөд урьдчилсан байдлаар нийт 34 төслийн 192.8 тэрбум төгрөг зээлийн ТЭЗҮ болон бусад холбогдох баримт бичгийг шалгаж байна.

Мал эмнэлгийн арга хэмжээ, шүлхий өвчинтэй тэмцэх чиглэлээр хийгдэж буй ажлын үр дүн:

  • Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт 14 улс, оронтой 39 нэрийн хэлэлцээр, харилцан ойлголцолын санамж бичиг, протокол байгуулж, 19 оронтой 46 нэрийн мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл мэндийн гэрчилгээ, нөхцөлийг харилцан тохиролцсоноор 2017 онд 29.3 мянган тонн мах экспортолсон нь 2016 оныхоос 3.2 дахин их байна.
  • Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 31.5 сая, Паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 42.1 сая, Лабораторийн оношлогоо, шинжилгээнд 529.9 мянга, Гоц халдварт өвчний вакцинжуулалтад 47.8 сая толгой малыг хамруулсан.
  • Монгол улсад 2018 он гарсаар нийт 13 аймгийн 43 суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдсэнээс Өнөөдрийн байдлаар Архангай аймгийн Хотонтын сум дамнасан голомт /Хотонт, Өгийнуур/, Ихтамир, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум, Төв аймгийн Жаргалант сум зэрэг нийт 3 аймгийн 5 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.
  • Монгол Улсын хэмжээнд 2018 онд шүлхийн 7.2 сая тун вакцин худалдан авахаар төлөвлөснөөс 4.5 сая тун вакциныг аймгуудад хуваарилан тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр хүргэж, вакцинжуулалтын арга хэмжээг гүйцэтгэсэн байна.
  • “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл явуулах шийдвэр гарган орон даяар нээлтээ хийлээ.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

“ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэн болно

Монгол Улс нь баялаг соёл, үлгэрийн мэт байгаль, аюулгүй орчин, нөхөрсөг ард иргэдээрээ жуулчдыг өөртөө татдаг. Айлчлан ирж буй зуны саруудад цэцэг навчис дэлгэрч, байгалийн гоо үзэсгэлэн улам бүр тодрон аялан жуулчлах цаг агаарын хамгийн таатай байдал бүрддэг билээ.

Энэ зун амралтаараа хаашаа аялахаа төлөвлөж байгаа иргэдэд “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэнгээр зочлохыг санал болгож байна. Тус үзэсгэлэн дөрөв дэх жилдээ буюу 2018 оны зургаадугаар сарын 2, 3-ны амралтын өдөр “Цайны замаар аялахуй” гэсэн уриан доор Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд болно.

“ULAANBAATAR TRAVEL EXPO” нь дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, эх орны үзэсгэлэнт газрууд болон гадаад орноор хямд өртгөөр аялах боломжийн талаар мэдээллийг нэг цэгээс авах, дотоодын аялагчдын байгаль орчинд ээлтэй аялах мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.

Үзэсгэлэнд аймгуудын аялал жуулчлалын газрууд, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад, Монгол Улсад суугаа гадаадын ЭСЯ, төлөөлөгчийн газрууд, Тайванийн төлөөлөгчийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны төрийн болон аялал жуулчлалын байгууллагууд, сувилал амралтын газрууд, музей үзмэрийн газрууд, тур оператор байгууллагууд, гэр баазууд, банк, аяллын даатгалын компаниуд оролцоно. Арга хэмжээний үеэр зохиогдох аяллын сургалт, лекц семинар болон төрөл бүрийн арга хэмжээнүүдэд та бүхэн оролцох боломжтой.

Зохион байгуулагчаар нийслэлийн Аялал жуулчлалын газар Улаанбаатар аялал жуулчлалын холбоотой хамтран Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр ажиллаж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.



Categories
мэдээ нийгэм

“Монголоо сонсъё” үндэсний аян Хэнтий аймгаас эхэллээ

“Монголоо сонсъё” үндэсний аян Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагт энэ сарын 13-ны өдөр эхэллээ. Аяны нээлтийн арга хэмжээ “Хан Хэнтий” чуулгад болсон бөгөөд 500 орчим иргэн оролцож, Ардчилсан намын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсч, санал, хүсэлтээ илэрхийлжээ. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга Н.Ганибал, Хэнтий аймгийн Ардчилсан намын дарга, Улстөрийн зөвлөлийн гишүүн Ш.Батдэлгэр болон ҮБХ-ны гишүүд, дэмжигчид оролцсон аж. Тус аймгийн хувьд УИХ-ын 40, 41, 42 дугаар тойрогт хамаардаг боловч “Монголоо сонсъё” аяны хүрээнд ҮБХ-ны гишүүд тойрог хамааралгүйгээр 18 сум, таван тосгондоо хүрч ажиллахаар төлөвлөсөн байна. Тэд өнөөдөр /2018.05.14/ Хэнтий аймгийн Мөрөн сумаас уулзалтаа эхлэх бөгөөд төлөвлөсөн хуваарийн дагуу Ардчилсан намын шинэчлэл, үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэж ажиллах юм.