Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонин”-д “Ч.Сайханбилэг, С.Баяр хоёр эх орончдын хэдэн зууны мөрөөдлийг биелүүлсэн Ерөнхий сайдууд” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Улсын сургуульд элсэхэд босго оноо 500 юм байна” хэмээн өгүүлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Ч.Сайханбилэг, С.Баяр хоёр эх орончдын хэдэн зууны мөрөөдлийг биелүүлсэн Ерөнхий сайдууд” хэмээх нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлтэй 20 гаруй хууль уялдаж байгаа хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

Л.Амаржаргал: Өдөрт дунджаар 5-8
хүүхэд зам тээврийн осолд өртдөг хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьжээ.

“Өдрийн сонин”-ы “Танин мэдэхүй” буланд Компьютерийн хөгжлийн тав дахь хувьсгал Блокчейн хэмээн өгүүлжээ.

“Эдийн засаг” нүүрт Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр”-ийн дэд захирал О.Батболд: Монгол Улс 2020 онд сая жуулчин хүлээн авна хэмээн ярьжээ.

Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олговол АН завсарлага авна гэв хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

“Улс төр” нүүрээс УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Сэтгэл зүйн хямралтай байхад дайрахгүй байхыг хүсье хэмээн ярьсныг хүлээн авч уншаарай.

ШУТИС- ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга , доктор, дэд профессор М.Пүрэвжав: Хооллолтыг шинжлэх ухаанчаар удирдах шаардлага зүй ёсоор үүсч байгаа хэмээн “Нийгэм’ нүүрт ярьсан байна.

Ачуут гол эмнэлгийн ерөнхий эмч Г.Машбат: Идээ ундаагаа амтлах, үнэрлэх, харах, таашаал авах байдлаар тайван идэх ёстой хэмээн “Эмч” нүүрт өгүүлжээ.

“Дэлхий мэдээ” нүүрт Умард Солонгосын төлөөлөгчид Хятадад айлчилж байна хэмээн өгүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Эмнэлзүйн сургагч багш бэлтгэнэ

Эрүүл мэндийн яамнаас Япон Улсын ЖАЙКА байгууллагатай 2015 оноос хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн хүрээнд олон үйл ажиллагаа хэрэгжиж байгаагийн нэг нь өнөөдрөөс эхлэн гурван хоногийн хугацаатай “Эмнэл зүйн сургагч багшийн сургалт” юм.

Эрүүл мэндийн хөгжлийн төвд 2016 оноос эхлүүлсэн энэхүү сургалтыг өнөөдрийг хүртэл нийт 13 удаа зохион байгуулж, 301 эмчийг эмнэл зүйн сургагч багшаар бэлтгэсний 45 нь өдгөө үндэсний чиглүүлэгч багш болж, удаа дараагийн “Эмнэл зүйн сургагч багш”-ийн сургалтыг амжилттай зохион байгуулаад байна. Өмнөх 13 удаагийн сургалтанд суралцсан эмч нарын дийлэнх нь төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагаас, цөөн хувь нь орон нутгаас буюу 5 аймгаас л байсан бол энэ удаагийн сургалтанд суралцах эмч нарын 60 хувь нь 20 аймгаас ирсэн орон нутгийн эмч нар байгаа юи.

Энэ удаад стандарт сургалтанд оролцогчдын тоог 3 дахин нэмэгдүүлж, нэг дор 64 эмчийг “Эмнэл зүйн сургагч багш”-аар бэлтгэх сургалтын жишгийг тогтоосноор төгсөлтийн дараахь үндсэн мэргэшлийн сургалт удирдах чадвар бүхий эмч нарын тоог богино хугацаанд нэмэгдүүлэх, үндсэн мэргэшлийн зарим сургалтыг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт үе шаттайгаар шилжүүлэх зорилго агуулж байгаа нь онцлог юм

“Эмнэл зүйн сургагч багш”-ийн энэ удаагийн анхны сургалтыг удирдах 14 үндэсний чиглүүлэгч багш, 5 Япон багш удирдаж байна

Categories
мэдээ нийгэм

Үнэт цаасны салбарт ажиллах аудитор, үнэлгээчин, хуульчдад зориулсан сургалт эхэллээ

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттэй хамтран зохион байгуулж буй үнэт цаасны зах зээлд үйлчилгээ үзүүлэх аудитор, үнэлгээчин, хуульчдад зориулсан таван хоногийн сургалт өнөөдөр эхэллээ. Энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх үнэт цаасны зах зээлийн төрөлжсөн энэ удаагийн сургалтад нийт 53 хүн бүртгүүлэн хамрагдаж байна. Онол, дадлагын арга хосолсон энэхүү сургалтад хамрагдагсад үнэт цаасны салбарын зах зээлийн өнөөгийн төлөв байдлын талаар мэдээлэл авч, холбогдох хууль, эрх зүй, Санхүүгийн зохицуулах хорооноос батлан мөрдүүлж байгаа зохицуулалтын журам, дүрмүүд, үнэлгээ, аудит, нягтлан бодох бүртгэлийн стандарт, аргачлал, тайлагналтай холбоотой олон асуудлуудыг мэдэж авахын зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгуулагуудтай биечлэн танилцана. Түүнчлэн, үнэт цаас гаргагчийн санхүүгийн тайланд аудит хийхэд анхаарах асуудлууд, брокер, диллер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн нягтлан бодох бүртгэл тайлагнал, хөрөнгө оруулалтын сан, кастодианы нягтлан бодох бүртгэлийн болон аудиторын чанарын хяналт, ёс зүйн хичээлүүд орно. Сургалтын эцэст хичээлүүдийн ирц, идэвхийг үнэлэхийн зэрэгцээ мэргэшлийн шалгалт авч, тэнцсэн иргэдэд гэрчилгээ олгох юм.

Categories
мэдээ нийгэм

МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзлаа

МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Н.Энхбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хэлэлцлээ.

Улсын Дээд шүүх МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх Н.Энхбаяр нарын хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцээд 07 тоот тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзахдаа намын ээлжит II Их чуулганыг Улс төрийн намын тухай хууль болон намын дүрэмд нийцүүлэн хуралдуулсан гэж үзэх үндэслэлгүй хэмээн дүгнэжээ.

Улсын Дээд шүүхийн дээрх тогтоол хүчин төгөлдөр байгаа, МАХН-аас шинээр ирүүлсэн баримтууд нь уг тогтоолд заасан үндэслэлийг арилгаагүй байх тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Categories
энтертаймент-ертөнц

Нийслэл хот “Гэрэлт хайрын хөшөө”-тэй боллоо

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, Монгол Улсын төрийн хошой шагналт, зууны манлай “Тунгалаг Тамир” романы зохиолч Ч. Лодойдамба, түүний гэргий Монгол Улсын ардын жүжигчин, Ч.Долгорсүрэн нарын “Гэрэлт хайрын хөшөө”-г өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босгожээ.

Хөшөөний нээлтэд “Тунгалаг тамир” киноны Эрдэнэ, Дулмаа нарын дүрийг бүтээсэн МУГЖ Н.Баатар, МУГЖ Ш.Дэлгэржаргал нар ирж оролцов.

“Тунгалаг Тамир”-ын үнэнч уншигч Өвөр монгол ахан дүүсийн хандиваар энэхүү хөшөөг бүтээсэн аж. Зохиолч Ч.Лодойдамба “Сайхан хайр гэж байдаг юм. Олдвол бүү алдаарай” хэмээсэн байдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Усны нөөцийг мал аж ахуй, газар тариаланд хэрхэн хуваарилах талаар хэлэлцэнэ

“Усны нөөцөд тулгуурласан хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого” семинар болж байна. Энэхүү семинарыг ХХААХҮЯ голлон зохион байгуулж байгаа аж. Мөн БОАЖЯ, ХААИС-ын багш нар хамтарч байна.

Тус семинар эрдэм шинжилгээний онол практикийн бага хурлаар үргэлжлэх юм. Энэ хүрээнд хөдөө орон нутагт мал аж ахуй, газар тарилангийн усан хангамж, ус цуглуулах арга технологи, усны нөөцөд тулгуурласан уур амьсгалын өөрчлөлт гэсэн сэдвүүдээр ярилцах аж. Энэхүү хурал дээр тавигдсан илтгэлүүд ном товхимол болохоор төлөвлөгдөж байгаа юм.

Семинарын үеэр үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг бие болгоход усны нөөц ямар ач холбогдолтой талаар, усны нөөцийн судалгааг ямар түвшинд хийх ёстой вэ, усны нөөцийг мал аж ахуй, газар тариаланд хэрхэн хуваарилах талаар, гантай үед усны нөөцийг хааш нь шилжүүлэх вэ, томоохон нуур цөөрмийн усны нөөцийг хэрхэн хуваарилах талаар, гантай үед усны нөөцийг ямар хэмжээнд шийдэх талаар ярилцах аж. Энэ ажлуудыг өнөөдөртөө багтааж хэлэлцээд ойрын хугацаанд илтгэлүүдээ хэвлэж гаргана гэв.

ХХААХҮЯ-ны Ахлах мэргэжилтэн Д.Батмөнх 2010 оноос хойш арав гаруй хувь цөөрмийг байгуулсан. Шинжлэх ухааны үндэслэлтэй зураг төслийг хийсэн. Орон нутгийн иргэд, малчид, газар тариалан эрхлэгчид зураг төсөл хийж хувь цөөрөм байгуулах усалгаа хийх ажлууд хийгдэж байгаа. ХХАААҮЯ-наас усалгаатай тариаланг хөгжүүлэх ус цуглуулах арга технологийн талаар 2003, 2006, 2009 онуудад орон нутгийн тариалан эрхэлдэг мэргэжилтнүүд сонирхогч этгээдүүдийн хооронд томоохон семинар хийсэн. Тэр үед усалгаатай тариаланг хөгжүүлэх арга технологийн зөвлөмж орон нутагт хийсэн. Цаашдаа Засгийн газрын зүгээс бодлогын түвшинд авч үзээд өргөжүүлэх шаардлага байгаа” гэв.

Монгол Улсын усны нөөцийн талаар тэрээр Хангайн бүсэд нуур цөөрөм ихтэй учраас нийт нөөцийн 80 гаруй хувь нь нутгийн хойд бүсээр байна. Багахан хувь нь өмнөд бүсэд байдаг. Нөөцтэй холбоотой асуудлыг шинжлэх ухааны байгууллагууд хийдэг. Нутгийн хойд бүсэд жилд 250-350 мм хур тунадас ордог. Ийм хэмжээний хур тунадас далайн төвшнөөс дээш 1000 метрийн өндөрт буудаг учраас хур тунадасны хэмжээ харьцангуй их. Говийн бүсэд 50-150 мм-ийн хэмжээтэй хур тунадас ордог нь харьцангуй бага тоо юм. Хуримтлагдсан нөөцийн хэмжээ говийн бүст бага байгаа. Тус бүст мал аж ахуйг хөгжүүлэх талаар маш сайн судалгаа явуулах хэрэгтэй. Говийн бүст 30-80 метрийн гүнтэй худгуудыг ашигладаг. Газар дээрх усны түвшин буурах хандлага ажиглагдаж байна. Цаашид газар доорх усны нөөцийг хуримтлуулах хур борооны усыг арвижуулах. Мод зүлэг тарих. Усны нөөцийг хамгаалах бодлогыг нэн яаралтай явуулахгүй бол усны нөөцийг алдах эрсдэл үүссэн. Цаашдаа говийн бүст газар тариалан, мал аж ахуйн судалгааны ажил хийх хэрэгтэй” гэв.

-УС ДИНАМИК ШИНЖ ЧАНАРТАЙ, УУРШИЖ АЛГА БОЛОХГҮЙ ШИНЭЭР БИЕ БОЛОХГҮЙ-

Сүүлийн жилүүдэд үүссэн уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын улмаас олон тооны гол горхи булаг шанд ширгэжээ. 2017 онд явагдсан усны тооллогын дүнгээс үзэхэд 11 мянга орчим булаг шандаас, 760 булаг шанд ширгэсэн байна. 5000 гаруй гол горхиос 300 гаруй нь ширгэсэн. 3000 гаруй нуур цөөрмөөс 300 орчим нь ширгэжээ. 490 гаруй рашаанаас 30 орчим нь ширгэсэн тоо гарчээ.

Судалгаагаар жилд орж буй хур тунадасны хэмжээ өмнөх жилүүдтэй адилхан байгаа боловч орох эрчим нь нэмэгдсэн аж. Манай улсын нутаг дэвсгэрт жилдээ 200-300 мм хур тунадас ордог. Хур тунадасны горим гэдэг зүйл алдагдаад байгаа аж. Өвөлдөө цас унаж дөрвөн сарын сүүлээр цөн түрдэг. Тавдугаар сараас эхлэн бороо ордог цикьл нь өөрчлөгдсөн байна. Энэ жил гурван сарын дундуур туул гол урсаж цөн эрт түрсэн. Мөн уулын мөнх цас хайлж байна. Зун 30 градусаас дээш халдаг өдрүүдийн тоо хоёр дахин нэмэгдсэн. Салхитай шуургатай хоногийн тоо 10 орчим хоног үргэлжилдэг байсан бол одоо 30 хүрсэн байна. Ордог хур тунадасны горим нь өөрчлөгдсөнөөр хөрсөндөө шингэж ургамал амьтнаа тэтгэхгүй, үер ус болж байгаа аж.

Монголчууд бид эрт дээр үеэс усыг хамгаалах ариун уламжлалтай юм. Бид сүү хутгасан шанагаар харзны болон гол горхины усыг хутгадаггүй. Энэ нь усыг сүүнээс илүү дээдэлдгийг харуулж байна. Мөн хэдэн зууны тэртээ Өгөөдэй хаан “Би сайн үйл үйлджээ. Усгүй газар худаг гаргаж, ард иргэд улс орныг устай ундтай бэлчээртэй болголоо” гэж хэлсэн байдаг.

Энэ хаврын чуулганаар ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль батлагдах юм.

Categories
мэдээ спорт

Элчин сайд Ц.Батбаяр кубын жүдо бөхийн үндэсний холбоонд зочлов

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Кубын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Рафаель Мансо Рэеэстэй уулзаж, 1965 онд өндөр зэрэглэлийн тамирчид бэлтгэх зорилгоор үүсгэн байгуулагдсан “Серро Пеладо” спортын цогцолбор сургууль дахь Кубын жүдо бөхийн үндэсний шигшээ эмэгтэй, эрэгтэй багийн дасгалжуулагч, тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцав.

Кубын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Рафаель Мансо Рэеэс болон Кубын Биеийн тамир, спорт, чөлөөт цагийн үндэсний институтийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Марта Лидиа Руйз нар Элчин сайд Ц.Батбаярыг Кубын Биеийн тамир, спорт, чөлөөт цагийн Үндэсний институтийн байранд хүлээн авч, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Талууд Монгол, Кубын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн хамтарсан бэлтгэлийг ойрын хугацаанд зохион байгуулах, тамирчид, дасгалжуулагчид солилцох, тус тусын зохион байгуулж буй тэмцээнд харилцан оролцуулах зэргээр цаашид идэвхитэй хамтран ажиллахаар тохиролцов.

Бүгд Найрамдах Куба Улсын тамирчид 1900 онд Парист зохион байгуулагдсан Зуны Олимпын наадамд анх удаа оролцсоноос хойш 220 медалийг эх орондоо авчирсан бөгөөд тэдгээрийн 70 нь алт, 68 нь мөнгө, 75 нь хүрэл медаль бол олон медаль хүртсэн тэргүүлэх спортын төрөл нь бокс /73 медаль/, хөнгөн атлетик /40 медаль/, жүдо бөх /36 медаль/ аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Мягмар: Ажилтай ядуучуудын эгнээнд энэ салбарынхан шилжээд байна

Б.Мягмар Эмч сувилагчдын цалин зурган илэрцүүдЭмч сувилагчдын цалингаа нэмүүлэх шаардлага тавьсан жагсаал суулт болон үргэжилсэн. Хоёр дах өдрөө сууцгааж байна. Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Б.Мягмараас тодрууллаа: “Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2018 оны таван сарын наймны өдөр 5000 гаруй хүн жагсаал цуглаан хийж, Эрүүл мэндийн яаманд шаардлага хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хэлэлцээрийн ширээний ард суусангүй. Дэвшилтэд хүрээгүй, үр дүн гараагүй. Тиймээс бид суултаа үргэлжлүүлж байна. Эрүүл мэндийн салбарын ажилчид ачааны хүндийг үүрч явдаг. Энэ тэмцэл бол шударга. Энэ тэмцэл үр дүнд хүрэх ёстой. Монгол Улсад хөдөлмөрийн мөлжлөгө явагдаж байна. Мөлжлөгийг халах ёстой. Шударга үнэлэмжийг тогтоох хэрэгтэй. Эрүүл мэндийн яамнаас баасан гарагт шаардлагын хариуг ирүүлсэн. Үнэхээр сайхан үгнүүд бичсэн байна лээ. Бид тэр хариуг нэгбүрчлэн уншиж танилцаад бүрэн үр дүн гарах хэмжээний хариу биш учраас суултаа үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Хариунд хувцас хоолоор хангана гэсэн сайдын тушаал гаргасан байна лээ. Хөрөнгө мөнгөгүйгээр эмч сувилагчдыг хооллох боломж байхгүй. Эмнэлгүүдийн хоолны зардал өвчтөний хоолондоо таардаг. Эмч сувилагч нар шөнө ихэнх нь хоолгүй хонодог. Ходоод нь хоосон, бэлэн гоймонд хиам хэрчиж иддэг. Заримдаа өглөө өлөн зэлмэн буудаг. Ямар ч хөрөнгө мөнгийг шийдэхгүйгээр энэ тушаал шийдвэр хэрэгжих боломжгүй. Тиймээс бид тэмцлээ үргэлжлүүлж байна. Ажил хаялт хийх хүртэл үргэлжилнэ. Хэлэлцээрт ороход бид бэлэн. Хэлэлцээрт ороод үр дүн гарах хүртэл суултаа хийнэ. Энэ тэмцэл минь зүгээр цаасан дээр бичсэн үсэг болоод өнгөрөх биш бодит үр дүн гаргах л хэрэгтэй. 2014 оноос хойш цалин хөлс нэг ч төгрөг нэмэгдээгүй. 2018 оны хоёрдугаар улиралдаа багтааж 50-иас доошгүй хувиар нэмэх шаардлагатай. 2019 оныг бид хүлээж чадахгүй. Ажилтай ядуучуудын эгнээнд энэ салбарынхан шилжлээ. Боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарынхан бүгд тийм” гэв.

Уриагаа барьсан суугчид төрийн ордны өмнө суултаа үргэлжлүүлсээр. Энэ талаар Нийгэм хөдөлмөр эрхлэлтийн ажиллагсдын эрхийг хамгаалах түр хорооны зохицуулагч Д.Бямбаа ярихдаа: “Бид цалинг юу гэж ойлгох ёстой вэ гэвэл амжиргааны түвшинг хангаж, хөдөлмөрлөсөн ур чавдарт тохирсон үнэлгээ гэж ойлгох ёстой. Шинэчлэл гэж ярьж буйг үгүйсгэхгүй. Энэ бол зөв эхлэл. Хэрэгжихгүй механизмыг ярих нь цаг үеэ олоогүй бол худлаа болдог. Тэгэхээр Монголд маш их төсвийн хомсдол нь томсгосон нормативаар цалин хөлсийг тогтоох асуудал руу яваад байна. Төрийн албаны хуулиар баталгаажуулсан цалингийн сүлжээ жишгийн асуудлыг доод, дээд итгэлцүүрийг зөв болгох хэрэгтэй. Шүүгчид өнөөдөр 5-6 сая төгрөгийн цалин авдаг. Эрүүл мэнд, боловсролын салбарынхан 500-600 мянган төгрөгийн цалин авна. 10 дахины зөрөө гарч байна. Тэгэхээр Хөдөлмөрийн хууль, Төрийн албан хаагчийн хуулинд заалт хийгээд тэдээс илүүг авна гээд гүрийхэд л цалингийн бодлого зөв болно. Түүнээс мэс ажилбар юмуу эмч нарын зэрэг дэвээр нь шатлалтай цалин бий болгоно гэдэг хэзээ ч хэрэгжихгүй. Ийм зүйлийг энэ хүмүүс цалингийн шинэчлэл гэж яриад цаг хугацаа алдах нөхцөл бүрдээд байгаа. Дөрвөн жил цалин нэмээгүй. Одоо улсын төсөв яриад Олон улсын вальютын сантай хэлэлцээр хийж, эдийн засгийн өсөлт байгаа үед тодорхой хэмжээний эх үүсвэр л дайчлахгүй бол нөгөө санг нь барьдаг Сангийн яам хэзээ ч эдний ажлыг ахиулахгүй. Өнөөдөр цалинг хэн тогтоож байгаа вэ. Уг нь Хөдөлмөрийн яам тогтоох ёстой ч бодлогоо алдсан. Тийм учраас Сангийн яам төсвийг ихэсгэж багасгах замаар тэр байгууллагын хүмүүсийн цалинг тогтоох ёстой. Бүсийг нь чангалаад төсвийг нь хянаад байхаар энэ бага цалин дээр унаад байна. Эрх мэдэлтэй шүүгчид, Үндсэн хуулийн цэцийнхэн, Прокурор, Авилгатай тэмцэх газрынхан бол Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулж байгаад “Бид нарын цалинг Засгийн газар, Улсын их хурал мэдэхгүй, бид өөрсдөө тогтооно” гэж өөрчлөлт хийж байгаад өөрсдөө шийддэг. Тэгэхээр эрх мэдэл дагаж цалин өсдөг. Эсвэл УИХ-ын гишүүдийн лоббигоор юм явдаг болж. Хөдөлмөрийн ялгавар бий болж байна. Бага цалингийн цаана хөдөлмөрийн мөлжлөгө бий. Монгол Улсын нэгдэн орсон конвенциуд зөрчигдөөд ирсэн гэдгийг би баттай хэлье. Яагаад гэвэл би энэ салбарт 30 гаруй жил ажилласан. Би цагтаа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, Хөдөлмөрийн яамны нэгдүгээр газрын дарга, Сайдын зөвлөх гэх мэт цэргээс нь эхлээд дарга болтлоо олон ажил хийсэн. Тиймээс энэ хүмүүсийг дэмжихээс өөр арга алга, тэмэцхээс өөр арга алга” гэлээ.

Б.Мягмар Эмч сувилагчдын цалин зурган илэрцүүд

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“2018 Austronesian international arts award”-д урьж байна

Тайванийн Тай Дүн мужийн захиргаанаас “Өмнөд арлын олон улсын урлагийн бүтээлийн уралдаан 2018” – ыг энэ жил тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Тавдахь удаагаа зохиогдох гэж буй тус уралдаанд оролцох хүсэлт гаргагч уран бүтээлч нь 2018 оны зургадугаар сарын 01-ний өдөр хүртэл онлайнаар оролцох хүсэлтээ гаргах боломжтой бөгөөд тэмцээнд оролцох уран бүтээлч нь бүх төрлийн материал ашиглан бүтээлээ туурвих боломжтой юм.

“Өмнөд арлын олон улсын урлагийн бүтээлийн уралдаан 2018” нь нийт нэг сая 500 мянган Тайвань долларын шагналын сантай юм. Тус уралдаанд эцсийн шатны шалгаруулалтаар нэг ялагч тодруулах бөгөөд хоёр ба түүнээс олон тооны шилдэг сайн бүтээлийг сонгон, мөнгөн шагнал, өргөмжлөл гардуулах аж.

“Өмнөд арлын олон улсын урлагийн бүтээлийн уралдаан- 2018” уралдаанд оролцогчыг эхний шатны сонгон шалгаруултанд оролцуулна. Уг шалгаруултанд тэнцсэн уран бүтээлчдийн бүтээлийн төслийг хоёр дахь шатны сонгон шалгаруултанд оролцуулах ба тус шалгаруулалтанд тэнцсэн ялагч нь Тайванийн Тай Дүн мужийн урилгаар нэг сарын хугацаатай Тайванийн Тай Дүн мужид зочлон, бүтээлээ туурвих бөгөөд зохион байгуулагч нь Тайваньд ирэх нэг талын онгоцны билетийн зардал, байрны зардлыг хариуцах төдийгүй уран бүтээл туурвихад зориулан 100 мянган Тайвань доллар олгох болно.

Уран бүтээлч та нэмэлт мэдээллийг https://goo.gl/9E5A9D цахим хаягаар зочлон авах мөн хүсэлт гаргах бол taitungartmuseum@gmail.com зэрэг хаягаар холбогдоно уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АНУ-ын мэдээллийн сайтад нийтлэгдсэн “Монголын загвар” нийтлэлийг хүргэж байна

АНУ-ын Вашингтон хотод редакцтай www.dailycaller.com мэдээллийн сайтад өнөөдөр “Монголын загвар” нэртэй нийтлэл нийтлэгдлээ.

АНУ болон Монгол Улсын худалдааны асуудлыг хөндсөн энэхүү нийтлэлийг англи хэлээр тухайн мэдээллийн сайтаас уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Монгол хэлээр орчуулсан хувилбарыг уншина уу.

МОНГОЛЫН ЗАГВАР

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Засаг захиргаа Ази дахь гадаад бодлогоо шинээр тунхаглаж буй энэ үед Монгол Улс өөрийн ардчилсан тогтолцоо, байгалийн баялгаа ард түмнийхээ төлөө болон бүс нутгийн тогтвортой байдлын төлөө ашиглан хөгжихийг зорьж байна. Монголын ардчилсан тогтолцоо, амьдралын өвөрмөц хэв маяг нь бишгүй олон бэрхшээлийг туулж яваа юм. Бэрхшээлийг даван туулахад Монгол-Америкийн хамтын ажиллагаа ихээхэн хувь нэмэр оруулдаг билээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхийлөгч Трампаас Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсэн захидалд “Манай Засаг захиргаа Монгол Улстай түншлэлийн үнэт харилцаагаа цаашид ч тууштай хөгжүүлэх болно. АНУ нь Монгол Улсын итгэлийг олсон “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг бөгөөд бүс нутгийн болон дэлхийн асуудлуудыг шийдэхэд Монгол Улсын дэмжлэгт талархах болно” гэж дурдсан нь бидэнд онцгой урам зориг өгч, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж байна.

Монголчууд, америкчууд бид чөлөөт зах зээл, хүйсийн тэгш байдал, шашны эрх чөлөө, амьдрах хэв маягаараа бахархдгаараа адил төстэй үнэлэмжтэй юм. Бид Афганистанд энх амгаланг тогтоож буй НАТО-гийн ажиллагааг тууштай дэмждэг бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний 7 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүн өдгөө Кабул хотын аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгосын Удирдагч Ким Чен-Ын нарын хооронд болох түүхэн уулзалтыг зохион байгуулах газраар Сингапур сонгогдсонд баяртай байна. Энэ нь Зүүн хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг бий болгох гэсэн бид бүхний олон арван жилийн хөдөлмөр үр дүнгээ өгч буй хэрэг юм.

Монголын ард түмэн намайг Ерөнхийлөгчөөр сонгохдоо авлигатай тэмцэх, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, монголчуудыг ажилтай, ологотой болгох даалгавар өгсөн. Монгол Улс байгалийн баялаг ихтэй ч, баялгийн шударга бус хуваарилалтаас улбаалан хүн амын амьжиргааны түвшний эрс зөрүү үүсэхээс сэргийлэх ёстой. Монголын гуравхан сая иргэн баян хоосноороо ялгарах нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, ардчилсан тогтолцоог сулруулах эрсдэлтэй юм.

Хэдэн жилийн өмнө Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх үеэсээ би эцэг өвгөдөөс уламжлан ирсэн нүүдлийн мал аж ахуйн хэвшлийг хадгалж, чөлөөт зах зээлийн шинэ боломжуудыг нээн, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар тууштай, тогтвортой хөгжих бодлогыг баримталж ирсэн.

Энэ зорилгоор америкийн шилдэг компаниудыг хөрөнгө оруулах, хамтран ажиллах, зөвлөгөө авахаар Монголд урьж байсан билээ. Дэлхийн шилдэг түншүүдтэй хамтарч байж л монголчууд эдийн засгаа тэлэх, хөгжлийн төслүүдийн үр ашгийг хүртэх, дэд бүтцээ хөгжүүлэх инженерийн судалгаануудыг хийж гүйцэтгэх боломжтой болно.

Үүний зэрэгцээ бид иргэддээ хөрөнгө оруулахыг зорьж байна. Түүхий эдийн зах зээл нь байнгын хэлбэлзэлтэй байх учир аж үйлдвэрийн төвүүдийг байгуулж, ашигт малтмалдаа нэмүү өртөг шингээхийг хүсэж байна. Ингэснээр бид ажлын байрыг олноор бий болгож, эдийн засгаа төрөлжүүлж чадна.

Монгол Улс 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас татгалзаж, чөлөөт зах зээлд хөл тавьсан. Тэр бэрх цагт АНУ-ын Конгрессийн гишүүн Фил Крэйн агсны өргөн барьж, батлуулсан Гаалийн татварыг тэглэх хуулийн ачаар Монголын ноосны үйлдвэрлэл төрийн захиргаадлаас салсан анхны салбар болжээ. Эрх чөлөөг дагаад үйлдвэрлэл, худалдаа хөгжиж, монголчууд нийтээрээ энэ хуулийн үр шимийг хүртсэн юм.

Өнгөрсөн жил АНУ 56 сая ам.долларын үнэ бүхий барааг Монгол Улс руу экспортолжээ. Харин Монгол Улсаас АНУ-ын хэрэглэгчдэд ердөө л 11 сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг нийлүүлжээ. Ийм нөхцөлд америкийн иргэдийн ажлын байрыг булааж, зах зээлд хямд бараа бүтээгдэхүүний бөөгнөрөл бий болгоно гэдэг нь огт үндэслэлгүй юм.

Хоёр талын худалдааны боломж асар их. Монголын эдийн засагт өгсөн нэг томоохон хүч нь 1991 онд АНУ-аас бидэнд өгч байсан Найрсаг орны хөнгөлөлтийн статус байсан. Энэ онцгой харилцаа тэр цагт манай эдийн засагт шинэ боломжийг нээн, 40 мянга гаруй эмэгтэйчүүдийг ажилтай болгож байсан түүхтэй юм. Хоёр талын худалдааны харилцааны стратегийн өгөөж үүнээс ч их билээ.

Бид үндэсний аюулгүй байдлаа хангахын хажуугаар олон улсын түншүүдтэйгээ хамтран эдийн засгаа тэлж, чадавхжуулахыг зорьж байна. Япон Улс, Европын Холбоо хоёул Монголын олон барааг татваргүйгээр импортлох боломжийг олгосон. Манай ноос ноолуур, нэхмэл сүлжмэлийн салбаруудад үүнтэй төстэй АНУ-ын хөтөлбөр хэрэгжих (энэ нь америкийн ажилчдад ямар нэг сөрөг нөлөөгүй) нь бүс нутаг дахь Монголын байр суурийг бататгахад маш чухал ач холбогдолтой.

Хүчтэй эдийн засаг, идэвхтэй ардчилал бүхий Монгол Улс оршин тогтнох нь ганц монголчуудад ч биш Зүүн хойд Ази (түүн дотор Хойд Солонгос багтана) болон дэлхийн бусад орнуудад ч ашигтай байх болно. Монгол Улсын тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил нь бүс нутгийн болон дэлхийн эдийн засагт чөлөөт, шударга худалдаа зонхилохыг дэмждэг бүх улсуудад таатай нөлөө үзүүлэх нь эргэлзээгүй.

Үндэсний эрх ашгийнхаа төлөө бат зогсох нь үнэт зүйлсийнхээ төлөө бат зогсоно гэсэн үг. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд өрнөсөн ардчилсан шилжилтийн үйл явцын үр дүнд бид улсынхаа хоцрогдсон коммунист тогтолцоог идэвхтэй, нээлттэй, чөлөөт зах зээлийн нийгмээр сольсон юм. 1990-ээд онд Монгол Улсыг өөд татсан бүтээлч арга барил Азийн зүрхэнд 21 дүгээр зууны эдийн засгийг цогцлооход мөн чухал үүрэгтэй байх болно.