Categories
мэдээ улс-төр

ИНФОГРАФИК: Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд Тамгын газраас үзүүлсэн мэргэжил, арга зүйн туслалцаа

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцээд Тамгын газар нь Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх хуулиар хүлээсэн үүргээ хангалттай хэрэгжүүлж байна гэсэн үнэлэлт өгсөн юм.

Улсын Их Хурлын Тамгын газраас 2017 онд зохион байгуулсан нэг томоохон ажил нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг орон даяар олон нийтээр хэлэлцүүлсэн арга хэмжээ юм.




Categories
мэдээ улс-төр

Байнгын хороод эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэнэ

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

5 дугаар сарын 15-ны Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
– Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
– “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
– Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажил, өнөөгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан;
– Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, Монгол Улсын Консерватори /хөгжмийн дээд боловсролын байгууллага/-ийн үйл ажиллагаа, санхүүжилт, мэргэжлийн урлагийн салбарын хүний нөөцийг бэлтгэж байгаа байдалтай танилцах, цаашид авах арга хэмжээний тухай шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;

БУСАД ҮЙЛ ЯВДЛУУД:

– “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан “Гэр бүлийн талаархи бодлого, эрх зүйн шинэчлэл” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

Categories
мэдээ нийгэм

“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургууль Ховд аймагт болно

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна.

“Бүсийн удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагаа“ сэдвийн хүрээнд баруун бүсийн таван аймгийг хамруулан танхимын сургалт болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах чиглэлээр бодит нөхцөл байдлыг дууриалган үзүүлэх дадлага сургууль гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулах юм.

Дадлага, сургуулийн үеэр манай аврагчид АНУ-ын Аляскын үндэсний гвардын мэргэжлийн аврагч нартай урсгал ус, уул, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль хийхээс гадна гамшгийн үеийн нэрвэгдэгсдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр сургууль зохион байгуулагч талууд харилцан туршлага солилцоно.

Тус сургалт, дадлага сургуульд өнгөрсөн жил АНУ-ын оролцогчдоос гадна Япон, Непаль, Өмнөд Солонгос, Турк, Канад, Унгар, Бангладеш улс, НҮБ- ын Суурин зохицуулагчийн газар, Хүүхдийн сан, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн зөн, Жайка, Японы хүүхдийг ивээх сан, Мерси кор, Олон улсын Улаан загалмайн-Улаан хавирган сар нийгэмлэг, Монголын Улаан загалмайн нийгэмлэг зэрэг байгууллагын нийт 210 гаруй төлөөлөл оролцож байсан бол энэ удаагийн сургалт, дадлага сургуульд 10 гаруй улс орныг оролцуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Хайрулла: Сувилагч мэргэжилтэн бол агуу их энэрэгчид юм

Дэлхийн сувилагчдын өдөр удахгүй тохионо. Тавдугаар сарын 12-нд Н.Шастины нэрэмжит Улсын клиникийн III эмнэлэг дээр Монгол Улсын бүх эмнэлгийн сувилагчдын уулзалт зөвлөгөөн болох юм. Хүний алтан амийг энэрэх их үйлстэн сувилагчдын тухай Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, ардын болон гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор Ж.Хайруллагийн бичиж ирүүлсэн баримтат өгүүллийг уншигч танаа хүргэж байна.

-За Должин гуай ажлаа өгөөд яв даа, тэр Цэрэнлхамыг дуудчих. Та тооцоогоо хийгээд нэг мөсөн гараарай. Өчнөөн олон жил ажилласан ахмад сувилагч ийм хариуцлагагүй юм яриад ажил саатуулаад, хүн хохироогоод байхдаа яадаг юм, яв яв гэтэл,

-Үгүй, үгүй дарга минь, та үз дээ гэснээ, “Болохгүй байна, болохгүй байна” гэж бараг эхэр татан уйлав.

-Должин гуай та уйлахаа боль, тэр өвчтөнийг бод, мэс засалд оруулахаар төлөвлөчихөөд гурав дахь өдрөө хойшлуулах нь, цаад өвчтөн чинь сэтгэл санаагаар үхэх нь, гэр орных нь хүмүүс юу бодох юм бэ, та бид хоёр тоглоод байх уу, больж үз. Одоо яв, миний хэлснээр яв гэж тасгийн шинэ дарга, залуухан эмч гараад явчихлаа.

Должин ч өрөөнөөсөө гараад ахлах сувилагч дээр очоод,

-Цэрэнлхам минь, чамайг дарга дуудсан шүү, очиж уулзаарай, би халагдчихлаа, одоо яана аа. Ядаж шинэ жил хүртэл ажиллачихвал тэртэй тэргүй тэтгэврийн минь нас болох юм, одоо хоёрхон сар үлдлээ шүү дээ гэж нүдээ арчив.

Цэрэнлхам,

-Одоо яана даа Дооёо эгч ээ, даргын хэлдэг ч бас аргагүй дээ, яана даа, одоо яах вэ, хоёулаа зөвлөх эмч дээр очиж учир байдлаа хэлж үзье дээ. Өөр яах вэ, зөвлөх эмч л даргатай ярихгүй бол, дарга ч хэлснээрээ зүтгэчихдэг хүн шиг байна лээ гэв.

Тэр хоёр зөвлөх эмч дээр орлоо. Ахимаг насны зөвлөх эмч,

-Сайн байцгаана уу, орж ирээд байдаггүй хоёр хүн яагаад ороод ирэв, сайхан намаржицгааж байна уу гэсээр угтав. Должин мэндлэхийн оронд ойртож очоод эмчийн баруун гарыг бугуйгаар нь атгаж аваад мөн л эхэр татан уйлчихав.

Цэрэнлхам хажуугаас нь, -Дооёо эгч ээ, та уйлахаа болиоч ээ, зүгээр л… гээд ширээний дэргэд байгаа сандал руу суулгахыг оролдов.

Зөвлөх эмч,

-Үгүй Должин чи яав, яагаад уйлав, яасан бэ, өвдөө юү, гэр орныхон чинь зүгээр үү, уйлахаа боль, суугаад яриач гэсээр сандалд суулгаад, өөрөө хажууд нь суув. Должин ч тайтгарч нулимсаа арчаад, нэг сайн амьсгаа авснаа:

-Эмч ээ, би халагдахаар болчихлоо гээд дахиад уйлчихав. Зөвлөх эмч:

-Үгүй тэгээд нас сүүдэр чинь хүрсэн бол халагдана л биз, гавьяаныхаа амралтад гарахад уйлах гэж юу байдаг юм, зүгээр л ярина биз дээ гэвэл, Цэрэнлхам хажуугаас нь,

-Үгүй эмч ээ, өөр асуудал байгаа юм, би учрыг нь хэлье Дооёо эгч ээ, би хэлэх үү гэхэд Должин толгой дохив.

-Өвчтөн Н дөчин найман настай, эрэгтэй, тархины хавдартай гэсэн оношоор Мэдрэлийн мэс заслын тасагт хоёр дахь удаагаа ирж хэвтсэн юм. Найман сарын өмнө тархины духны хэсэгт жижиг хэмжээний хавдартай болох нь оношлогдож, мэс засалд оруулахаар төлөвлөгдсөн юм. Гэтэл маргааш хагалгаанд оруулна гэж байтал Н өөрөө, бас дүү нь, эхнэр нь эмч нартай уулзаад,

-Хагалгаа хийлгэх нь хийлгэнэ ээ, гэхдээ энэ удаа биш, энэ удаа бидний хүсэлтээр эмнэлгээс гаргаж өгөөч, хавдар нь жоохон жижигхэн юм байна, зовлон шаналгаа гээд байх ч юм одоохондоо гайгүй байна. Үнэнээ хэлэхэд бид бас нэг номтой, мэдлэгтэй хүнтэй ярьсан, нэг их яарч хагалгаанд оруулах шаардлагагүй гэж айлдсан юм гэж гуйсаар байгаад эмч нь учир байдлыг нь ойлгуулж хэлээд байхад өөрсдөө зүтгэсээр байгаад гараад явчихсан юм.

Н найман сарын дараа ирэхдээ сэтгэцийн өөрчлөлтөд орчихсон, өрөөсөн талын гар хөлийн хүч чадал нь нэлээд суларсан, ерөнхий байдал нь илэрхий муудсан байлаа. Хэвтүүлэхгүй, эмчлэхгүй гэлтэй биш, хэвтүүлээд шинжилгээ хийлгээд үзэхэд хавдар нь томорсон байв. Эмч нарын зөвлөгөөнөөр оруулаад мэс засалд оруулахаар шийдвэрлэсэн юм шүү дээ. Хэвтсэн палатных нь сувилагч Должин юм байна. Маргааш хагалгаанд орно гэхэд урьд өдөр нь өвчтөнийхөө толгойны үсийг хусдаг, гэдэс юуг нь цэвэрлэдэг бургуй тавьдаг юм чинь Должин оройдоо үсийг нь хусах гэсэн боловч өвчтөн Н “Би үсээ хусуулахгүй, миний гоё халимаг та нарт юугаараа гай болсон юм” гэж уурлаад үсээ хусуулаагүй байна. Тэгээд маргааш орой нь палатных нь өвчтөнүүдтэй хамжиж байгаад үсийг нь хусаж цэвэрлээд, ухуулж ятгаж байгаад цэвэрлэх клизм (бургуй) тавиад бэлтгэсэн байтал мэс засалд орох өдрийн өглөө Н “Манай эхнэр ирэх ёстой байсан, одоо хүртэл алга байна. Би хариад одоохон эргээд ирье” гэж палатныхандаа хэлээд гараад явчихаж,

Өглөө долоон цагт Должин Н-тэй уулзаад:

-Мэс засал амжилттай болно оо, сэтгэл зоволтгүй шүү, за юу гэж хэлээд гарсан байна. Хагалгаа эрт эхэлдэг учиртай. Долоо хагас гэхэд өвчтөнөө мэс заслын өрөөнд оруулах ёстой. Гэтэл Н эргэж ирдэггүй. Должин Н-ийг найман цаг хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь тасгийн эрхлэгчид орж хэлсэн нь халагдах шийдвэр авахад хүрсэн байна гэж Цэрэнлхам ярив.

Зөвлөх эмч төлөвлөсөн хагалгаа гурван өдөр хойшилсноос болж тасгийн ажиллагаанд тодорхой хор хохирол учирдаг болохоор хэсэг зуур дуугүй сууснаа,

-За Должин минь уйлж унжаад яах вэ, цаашид бодолцох сургамжтай, эвгүй явдал болж дээ. Тасгийн эрхлэгчтэй ч, бусад эмч сувилагч нартай ч ярилцъя гэв.

Арван найман настайгаасаа эхлээд гуч гаруй жил сувилагч хийхдээ жаргалтай, баясгалантай өдрөөсөө илүү зовлонтой, шаналгаатай, ядаргаатай өдрүүдийг туулж явсаар тэтгэвэртээ гарахад хоёрхон сар дутуу байхад хөөгдөж халагдах гэж байгаа сувилагчийн амьдралыг өрөвдөлтэй биш гэж хэн ч хэлж чадахгүй.

Сувилагч хүнийг хайрладаггүй хүн байдаггүй. Нялх нярай хүүхдийнхээ өтгөн шингэн ялгадсыг, огидос бөөлжсийг арилгаж цэвэрлэхэд үрчийж ярвайж байдаг эцэг эх олон байдаг боловч насанд хүрсэн, хөгшин залуу, хүнд өвчтэй хүний идээ бээр, өтгөн шингэн ялгадас, огидос бөөлжистэй тоолохын аргагүй олон удаа зууралдаж байдаг сувилагч нар хөмсөг зангидахгүй зүтгэсээр яваад хар цай, бор талхныхаа мөнгийг олдог билээ. Сувилагчийн ажил хийдэг хүмүүст сувилагч хүн гэдэг нэр нь тохироогүй нэр шиг санагддаг юм. Учир нь тэд зөвхөн сувилдаг төдий хүмүүс биш ээ. Тэд бол сувилдаг, асардаг, хайрладаг, энэрдэг хүмүүс юм. Хайрладаг, энэрдэг гэдэг үг бол сувилдаг гэхээсээ илүүтэй утгатай, илүү агуулгатай үг юм. Тэгвэл сувилагчдад Сувилагч гэхээсээ илүү Энэрэгч гэдэг нэр хайрлах нь зохимжтой юм.

Манай орны өнөөгийн нөхцөлд хаа газрын сувилагч нар үнэхээрийн өрөвдмөөр хүмүүс байх юм. Бүх мэргэжлийн биш, түгээмэл голлох гэмээр хэдэн мэргэжлийн тасаг, эмнэлгийн сувилагч нарын үйл ажиллагаа амьдралыг өнгөцхөн харж хөнгөн дүгнэлт хийж үзье л дээ.

-Бушуулаач дээ, яасан их уддаг юм бэ, хүүхэд хэцүүдлээ. Би ирээд хоёр цаг хэртэй болчихлоо, чамайг орхиод явлаа гэхэд чи автобусаар, явгалсаар лав нэг цаг болчихно. Хүүхэд харангадаж үхэх нь ээ, би явъя гэж нөхөр нь хэлсэнд хөөрхий сувилагч,

-За чи явбал яв даа, би яаж явах юм бэ, ээлж ирээгүй байна, эмч ирчихээд байна, өвчтөн ухаангүй шахам байна, зөндөө цусаар бөөлжчихсөн юм чинь цус хийгээд л байна гэж элэгний тасгийн сувилагч Д аргаа барсан байдалтай, нөхрөө аргадангуй харна. Та нар ч мөн хэцүү ажилтай улс юм. Тэр уушгины тасгийн сувилагч Нямаа найз чинь бас л чиний ижил, нус нулимс, идээ цэр болсон мэнгэртэй хүнтэй ноцолдсоор өчигдөр гэртээ харьж чадаагүй гэж байна лээ гэж байтал “За чи яв, яв би орлоо” гэсээр сувилагч Д эргээд палат руугаа гүйчихлээ.

Би мэс заслын эмч хүн, мэс заслын тасгуудыг бодвол дотрын тасгуудын сувилагч, асрагч нар нь арай хөнгөн ажилтай байдаг болов уу гэж бодсон минь хаана ч ялгаагүй хүнд байдаг юм байна. Хаана ч цус нөж, идээ бээр, өтгөн шингэн ялгадас, тэгээд орилсон, ёолсон, шаналсан, солиорсон, зандарсан өвчтөнүүдийн үг авиа, нус нулимс болгон нь сувилагчдын сэтгэл санааг хичнээн их шархлуулж байдаг билээ. Сувилагчид, асрагчид бүгдээрээ ар гэртэй, хөгшин хөвөөтэй, өвчин зовлонтой хүмүүстэй шүү дээ. Авдаг нь хэд билээ.

Араатан жигүүртэн, мал амьтан аль нь ч болов үр төлөө үнэрлэж долоож, түшиж тулж байдгийг асаргаа сувилгаа гэхгүй нь мэдээж, тэдэнд байгалиас заяагдсан хайр энэрэл (совин) инстинкт гэхээс өөр аргагүй. Унагаа алдсан гүү, ботгоо алдсан ингэ ямар байдгийг монголчууд сайн мэднэ. Манай сувилагчдад хамгийн хүнд тохиолдол, сувилж асарч байгаа хүнээ алдах агшин байдаг. Хичнээн хатуу сэтгэлтэй байлаа гэхэд нулимсаа унагадаггүй сувилагч ховор доо. Тэр агшныг бодоход хэн хүний нүдний нулимс цийлэгнэнэ. Хүнд өвчинд нэрвэгдэж, яс арьс болсон хүнд тариа хийхэд гар нь чичирдэггүй сувилагч байдаг бил үү.

Энэрч хайрлаж, асарч тойлж сувилсаар яваад насаа элээдэг эдгээр хүмүүсийг төр засаг минь, түмэн олон минь өрөвдөж хайрлаж үзээч гэе дээ.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оолыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оолыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улсад айлчилж байгаа Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад цаг гарган хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлэв. Хоёр улсын хамтын ажиллагааг идэвхжүүлж, зам тээврийн болон үйлдвэрлэл, худалдаа эдийн засгийн чиглэлд улам бүр эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оол илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны ес дүгээр сард Владивостокын уулзалтын үеэр яригдсан төмөр замын хойд коридорын хэсэг болох Кызыл-Цагаантолгой чиглэлийн төмөр замын ажлын явц ямар байгаа талаар сонирхож, мөн тус улсаас агаарын тээврийн шууд нислэгтэй болох гэх мэт асуудлаар санал солилцлоо.

Бүс нутгийн харилцааг хөгжүүлж, цаашид үр дүнтэй хамтран ажиллах талаар талууд харилцан ярилцаж, бизнесийн салбарынхан болон ард түмний хоорондын харилцааг идэвхжүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой хэмээн санал нэгдэв.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн гэр бүлийн өдөр тохиож байна

Өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр тохиож байна. Үндэс, суурь сайтай ямарваа нэгэн зүйл нурах байтугай ганхах нь бараг үгүй. Ийн адил улсын үндэс бол гэр бүл юм.

Гэр бүл нийгмийн хамгийн бага нэгж хэдий ч асар их үүрэг хариуцлага үүрч улс эх орны үндэс суурь нь болж өгдөг. Энэхүү хэлхээг бат бөх байлгах үүднээс НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн таван capын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан байдаг.
Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 24 жил болж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд энэхүү өдрийг энэ жил 13 дахь удаагаа тэмдэглэх гэж байна.

Тухайлбал, өнөөдөр жанжин Сүхбаатар танхимд Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Гэр бүлийн талаархи бодлого, эрх зүйн шинэчлэл” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг хийх юм.

Мөн 11.00 цагт Гэрлэх ёслолын ордонд ОНӨААТҮГ нь “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран “Дурсамж” гэр бүлийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. Харилцах утас: 320515, 324729

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Г.Батчулуун: Бөхийн хорхойтнууд бид барилдаан үзэж стрессээ тайлж, эрч хүчээ авдаг улс

Бөх сонирхогч Г.Батчулуунтай ярилцлаа.


-Монгол бөхийн спортод хэдий үеэс татагдаж, сонирхож эхлэв. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Би 1990-ээд оны дунд үеэс л бөхийн спортыг сонирхож наадам, Цагаан сарын барилдаануудыг алгасалгүй үзэж эхэлсэн дээ. Тэр үед чинь зургаан залуу зааны өрсөлдөөн монгол бөхийн дэвжээг чимж байлаа. Үүнд татагдаж сайхан спортод сонирхолтой болсон хэрэг. 2000 онд хотод орж ирээд Монгол бөхийн өргөөнд зохиогдсон барилдаануудыг алгасалгүй үзэж хажуугаар нь тэмдэглэл хөтөлж эхэлсэн.

-Зургаан залуу зааны өрсөлдөөнийг дэргэдээс нь харж байв уу. Санаанаас гардаггүй ямар барилдаан байдаг вэ?

-Б.Бат-Эрдэнэ аваргын хийгүй нягт, Д.Мөнх-Эрдэнэ арслангийн эрэмгий, зургаан залуу зааны уран, хурц барилдаануудыг дэргэдээс харах хувь надад тохиосон азтай хүн. 1997 оны Ардын хувьсгалын 77 жилийн ойн их баяр наадмын гурвын даваанд Ц.Цэрэнпунцаг гарьд Б.Ганбатыг аймгийн арслан байхад нь амлаж барилдаж байсан нь одоо ч нүдэнд харагддаг юм. Б.Ганбат чинь тэр үед улсын том цолтнуудыг айлгаж гарч ирж байсан л даа. Мөн Б.Сайнбаяр заан нутгийн аварга Д.Сумъяабазартай үнэн хүчийг үзэж барилдаад долоо давж заан болж байгаа барилдааныг нь эргээд бодоход сайхан байдаг юм. Д.Сумъяабазарыг түрүүлчих боломж дээр нь л саад хийж өөрөө заан болж байсан түүхийг хүнд хуучлах дуртай шүү.

-Та сүүлийн үеийн жилүүдэд Монгол бөхийн өргөө-нд болж буй барилдаануудыг алгасалгүй очиж үзэж байгаа харагдах юм. Гэртээ зурагтаар харах, очиж үзэх хоёр ялгаатай биз?

-Монгол бөхийн өргөөнд болж буй барилдааныг очиж дэргэдээс нь амьд уур амьсгалыг мэдэрч үзнэ гэдэг гоё л доо. Зурагтаар бол барилдааныг л харна. Халуун цэгт болж буй уур амьсгалыг мэдрэх боломжгүй. Зорьж очиж дэргэдээс нь үзээд сурчихсан хүн зурагтаар харахад сэтгэл ханамж авч чадахаа больчихдог юм билээ. Зөвхөн барилдаан ч биш хажуугаар нь олон сонирхолтой зүйлс тохиолддог байхгүй юу.

-Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүний төлөөх тэмцлийн улмаас сүүлийн гурван ч томоохон барилдаан цуцлагдлаа. Энэ тал дээр таны байр суурь ямар байна?

-Харамсалтай байна. Ганц би биш, монгол бөхдөө хайртай олон хүн дор бүрнээ халаглаж байгаа байх. Монголчуудын өв соёлын дархлаа болсон эрийн гурван наадам хамгийн сонирхолтой өрсөлдөөнтэй. Монгол бөхийн спортоо үзэж сэтгэлийн цэнгэл эдэлдэг олон хүн байдаг. Бөхөд хайртай монгол түмэн болон бөхчүүдээ хүндлээд удирлагууд нь хэн хэндээ хүндэтгэлтэй хандаж эв зүйгээ түргэн олоосой гэж хүсч байна.

-Бөх сонирхогчийн байр сууринаас энэ асуудлын гарц гаргалгааг яаж харж байна?

-Энэ чинь шийдэгдчихсэн асуудал гэж би ойлгоод байгаа. Бөхчүүд өнгөрсөн гуравдугаар сард өөрсдөө хуралдаж шинэ тэргүүнээ сонгочихсон шүү дээ. Үүнийг нэр бүхий цөөхөн хүмүүс үгүйсгэж хуулийн байгууллагаар явж үймүүлээд байна. Энд нэг зүйлийг онцлоход зарим хүмүүс бөхчүүд хоёр хуваагдчихсан юм шиг ойлгоод байгаа. Үнэндээ хоёр хуваагдаж, талцсан асуудал байхгүй. Дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат гэж хоёр хүн асуудлыг хүндрүүлж өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгээд байгаа шүү дээ. Энэ хоёр хүн зарим нэг зүйл дээр монгол эр хүний уужуу ухаанаар хандаж, буулт хийгээсэй гэж хүсэх юм. Х.Баянмөнх, А.Сүхбат нарын дархан аваргуудын эрх ашгийн төлөөх тэмцлээс болж чансаа өндөр 128 бөх барилддаг “Сонгино Хайрханы хишиг”, Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумаас төрөн гарсан Уйлган голын гурван аваргын нэрэмжит улс аймгийн цолтнуудын барилдаанууд хойшлогдоод байна. Асуудлыг гацаагаад байгаа хоёрын амнаас бөхийн хөгжлийн төлөө тийм ажил хийнэ гэсэн үг амнаас нь гараагүй. Бие биенийхээ дээр гарах гэсэн л далд санаа яваад байдаг. Японы үндэсний спорт сүмогийн аваргууд зодог тайлаад холбооныхоо хөгжлийн төлөө ажилладаг бол манай хэд чөдөр тушаа болоод байх юм. Бөх сонирхогч бид чинь монгол бөхөө үзэж ажил, амьдралын стрессээ тайлж, шинэ долоо хоногт ажиллах эрч хүчээ авдаг улс байхгүй юу.

-Хоёр сар орчмын дараа улсын их баяр наадам болно. Өнөөдрийн байдлаар Монгол бөхийн өргөө маань цоожтой ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй байна?

-Улсын их баяр наадам хоног хоногоор дөхөж буй өдрүүдэд бөхчүүд заалны барилдаанд өөрийгөө сорьж бэлтгэлээ тааруулж хийдэг. Энэ жилийн тухайд тийм боломж алга байна. Наадмаас өмнө өөр нэг томоохон барилдаан байгаа нь цэргийн цол чимэг олгох “Бүх цэргийн наадам”. Энэ барилдаанд аймгийн арслангууд ач холбогдол өгч зориулж бэлтгэл сургуулилтаа хийдэг. Заалны барилдаанд гол өрсөлдөгчдийнхөө арга барилыг харж барилдааны хувилбараа боловсруулдаг шүү дээ.

-Өнөөгийн Монгол бөхийн хөгжлийг яаж харж байна. Юу хийх шаардлагатай байна?

-Нэн тэргүүнд бөхчүүдийн ёс суртахууны асуудал дээр хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй. Өнөөдөр захын сумын заан өөрөөсөө ахмад засуул, хөлийн цэцийн өөдөөс хэрүүл хийж зодохоос л наагуур юм болох юм. Үүнээс гадна бие биенийгээ нудрах, давчихаад дээрээс нь нидрэх, дэвжээнд гараад хараал ерөөл урсгах зэрэг асуудал барилдаан бүрт л ажиглагдах юм. Бөхчүүдийгээ дэмжихээр цаг зав гаргаж очсон бөхийн үнэнч дэмжигчдээ хүндлэх ёс суртахуун манайхад хэрэгтэй байна.

Үүнээс гадна монгол бөхөд нүүрлэсэн нэг аюул нь допинг. Баяр наадмын бус үеэр допингийн шинжилгээ авахад захын сумын заанаас илэрч байгаа нь энэ хортой зүйл монгол бөхөд ямар их тархсаныг харуулж байна. Энэ асуудал дээр яаралтай арга хэмжээ авч таслан зогсоохгүй бол хор уршиг нь дийлдэхгүй шүү. Эхний ээлжинд шийтгэлийг нь хатуу байлгах хэрэгтэй. Допинг хэрэглэсэн бөхчүүдийн зарим нь цолоо хураалгаад, зарим нь хоёроос зургаан сараар барилдах эрхээ хасуулаад харилцан адилгүй шийтгэл хүлээдэг. Допинг хэрэглэсэн бөхийн цолыг нь л хураах шийтгэлийг хуульд суулгаж өгмөөр санагдах юм. Олон улсын жишигт цол амжилтыг нь хураагаад давхар эрхийг нь түдгэлзүүлдэг. ОХУ гэж том гүрнийг өвлийн олимпийн наадамд оролцох эрхийг нь хасаад байхад цөөхөн хэдэн бөхчүүдийгээ энэ хортой зүйлээс хол байлгаж болмоор л санагдах юм.


Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллаж байна

Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн гол бүс нутаг болох Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

Манай улс энэ жил 538 мянган тонн үр тариа, үүнээс 518 мянган тонн улаанбуудай, 171 мянган тонн төмс, 102 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн малын тэжээл, 34 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авах зорилт тавиад байгаа юм.

Eрөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн “Дархан элит” компанийн үйлдвэр, тариалангийн талбайтай танилцав. Эднийх нийт 470 гаруй га талбайд элит үрийн үйлдвэрлэл явуулдаг бөгөөд жилд улаанбуудайн 3-4 сортыг тариалж туршдаг аж. Жил бүр 350-500 тонн элит үр авч, Тариалан эрхлэгчдийг дэмжих санд нийлүүлдэг байна.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Сайн үрээр сайн ургац авах учир үрийн шинэчлэл хийж байгаа. Энэ жил 60 мянган тонн үр шаардлагатайгаас 10 хувийг нь ОХУ-аас авч байна. Дотооддоо үрээ үйлдвэрлээд, сайн үрээр хангах бодлого барьж байгаа” гэв.Тус хүрээлэн 200 гаруй сорт гаргаснаас улаанбуудайн 21 сортын үр нутагшуулсан бөгөөд нийт буудайн 30 хувьд ашиглаж байгаа аж. Төмсний 13 сорт нутагшуулсан нь нийт тариалалтын 50-90 хувьд тариалагдаж байна. Шинэ сортуудын үрийг үйлдвэрлэх зорилгоор цэвэр элит үр, супeр элит үр гарган ажиллаж байгаа ба хүрээлэнгийн хүчин чадлыг нэмэгдүүлбэл дотоодын хэрэгцээг бүрэн хангах үр тариа нийлүүлэх боломжтой аж. Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнд 1337 га, үүний 162 га усалгаатай талбайд элит үрүүдийг тариалж байгаа юм байна.

Бэлчээрийн даац хэтэрч, хөрсийг их хэмжээгээр доройтуулдаг рапсын оронд тэжээлийн ургамлыг сэлгээнд оруулах шаардлага үүсч байгааг хүрээлэнгийн захирал Н.Баярсүх хэлж байв. Мөн ган болон байгалийн үзэгдлийн эсрэг авах арга хэмжээг судлах судлаачид шаардлагатай байгаа гэв.

Энэ үeэр хөндөгдсөн нэг чухал сэдэв нь газар тариалангийн бүсийг тогтоох тухай байлаа. Тариалангийн бүс нутгийг тодорхой болгож зарлах ажээ.

Сэлэнгэ аймгийн малын тоо гурав дахин өсчээ. Дархан-Уул аймагт 310 мянган мал, 2500 малчин айл өрх бий. Ийм нөхцөлд газар тариалангийн салбараа хөгжүүлэх, хамгаалах зохицуулалт шаардлагатайг орон нутгийн удирдлагууд хэлж байв. Eрөнхий сайд У.Хүрэлсүх, “Засгийн газрын барьж буй гурван гол бодлогын нэг нь эрүүл хүнсээр эх орноо хангах. Хүнсээ дотоодоосоо бүрэн хангаад зогсохгүй экспортод гаргахыг зорьж байгаа. Нeфть, эрчим хүч, хүнсээр хангаж чадвал суурь үнэ хөдлөхгүй. Тэгвэл бусад салбар дагаад хөгжинө. Шинжлэх ухаанд тулгуурласан хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэгтгэж, шийдвэртэй, оновчтой ажил хийх зайлшгүй шаардлага үүсч байгаа учраас газар дээр нь ажиллаж байна” гэлээ.

Тариалангийн бүс нутгийг тогтооход нутгийн малчин иргэдтэй сайтар ойлголцож, зөв зохион байгуулалт хийх шаардлагатайг Ерөнхий сайд онцолж байсан юм. Эрчимжсэн МАА, бэлчээрийн МАА эрхлэгчдэд зохих зохион байгуулалтыг хийж, төрийн бодлогоор зохицуулан Газар тариалангийн бүс нутгаа тогтоовол энэ салбарыг зөв гольдролд нь оруулж, Монгол Улс улаан буудай, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад хүнсээ экспортлох үндэс суурь болно гэдгийг тодотгов. Мөн ХАА-н салбарын бодлого зохион байгуулалтыг эргэн харж, ХААИС-ийг газар тариалангийн бүс нутагт салбарлуулах шаардлагатай гэлээ. Эдгээр ажлыг хугацаа алдахгүй шуурхайлахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх салбарын сайдад үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 15-нд болох үйл явдал

09.00

  • Туушин зочид буудлын Соёмбо танхимд “Монгол улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах” чиглэлээр хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт болно. Энэ үеэр Австрали улс дахь “Умайн хүзүүний хорт хавдарыг бууруулсан туршлага, умайн хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга замуудын талаар мэдээлэл хийнэ. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, Австрали улсын мэргэжлийн байгууллагууд оролцоно. Холбоо барих утас: 99179899, 86885060
  • Нийслэлийн 152 хорооны хэсгийн байцаагчийн уулзалт зөвлөгөөн Хүүхдийн Урлан бүтээх төвд болно.Холбоо барих утас: 99079762
  • Буянт-Ухаа спорт цогцолборт нисэхийн системийн спортын аварга шалгаруулах спорт тэмцээн болно. Холбоо барих утас: 91912343
  • Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг шаардсан ‘АЖИЛ ХАЯЛТЫН ӨМНӨХ СУУЛТ’ Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, холбоо барих утас 99733431

10.00

  • Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь гэр бүлийн өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүл чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, тэдэнд итгэл, урам зориг хайрлах, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, эерэг үзэл, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх зорилгоор “ХАМТДАА ХАЙРЛАЯ-2018” өдөрлөг зохион явуулна. Аяллын баг хөгжлийн бэрхшээлтэй 6 гэр бүлийн гишүүдтэй хамт СЗСҮТ-өөс хөдөлнө. Холбоо барих утас: 99201103, 99851606
  • Хариуцлагатай гэр бүл өдөрлөг Баянзүрх дүүргийн Соёлын ордонд болно.
  • ХХААХҮЯ-ны хурлын танхимд “Хүүхдэд зориулав 2018” үзэсгэлэн худалдаа болох гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал болно.

11.00

  • Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаарх хэвлэлийн бага хурал Засгийн газрын III байрны В1 давхарын мэдээллийн танхимд болно. Холбоо барих утас: 326414, 96764547, 88029200
  • УУХҮ-ийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал болно. Холбоо барих утас: 99089666, 99209315
  • MN-Мэдээллийн төвд Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд НЗДТГ, НЭМГ, “Оном” сангийн хамтарсан “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрөөс “130/80” өдөрлөгийг “Цусны даралтаа хянаж сурцгаая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийнэ.
  • Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ нь “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран “Дурсамж” гэр бүлийн нээлттэй өдөрлөгийг Гэрлэх ёслолын ордонд зохион байгуулна. Холбоо барих утас: 320515, 324729
  • НЦГ-н 108 тоотод ХЗДХЯ, ЦЕГ, ОБЕГ хамтран Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал урьдчилан сэргийлэх чиглэлээр хэвлэлийн хурал зохион байгуулна.

ТӨРИЙН ОРДОН

09.00

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлнэ. Хэлэлцэх асуудал:

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.Хэлэлцэх асуудал:

10.00

  • “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан “Гэр бүлийн талаархи бодлого, эрх зүйн шинэчлэл” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлнэ.
  • Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцан соёл, урлагийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, санал, дүгнэлт, гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Төрийн ордны 334 тоот өрөөнд болно.
  • Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд эхэлнэ.

14.00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. Хэлэлцэх асуудал:

15.00

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд эхэлнэ. Хэлэлцэх асуудал:

15.30

  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд эхэлнэ.
Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Ядуугаараа их бахархах нь ядуу дорой болохын цондон

Иргэд ажилгүй ядуу байхаасаа ичдэг байсан бол одоо үгүй болжээ. Харин ч ядуугаараа бахархаж, гул барьж, ажилгүй учраас архи ууж байна, хулгай хийхгүй бол яаж амьдрах юм гэхчлэн ярих болж. Ийм хэсгийнхний яриаг нийгмийн сүлжээ, сошиал ертөнц маш ихээр дөгөөн дэвэргэж байна. Ялангуяа телевизүүд тэднийг бүр ч ихээр өдөөж, нийгмийг хамарсан шинжтэй болгож байгаа нь эмгэнэлтэй. Телевизүүдийн орлогын эх үүсвэр болох реклам сурталчилгааг зөвхөн ядуучууд өгдөг болчихоогүй биз дээ. Гэтэл тэд ядуу дорой гэж ярьж байгаа бүгдийг үндэсний баатар болгож, ядуу хүмүүсийн нуруун дээр улс орон тогтож буй мэт ойлголт төрүүлэх боллоо.

Ингээд яг эсрэгээрээ хөрөнгө чинээтэй, хөдөлмөрлөж буй хүнийг үзэн ядах хөдөлгөөн нэлээд эрчээ авч байна. Үүнд сошиалынхан, телевизүүд их үүрэг гүйцэтгэж байна. Үзэн ядаад байгаа баячууд нь үнэхээр ард түмний хөрөнгийг луйвардаж баян болцгоосон байвал шүүмжлэлтэй хандаж болно. Тэрнээс биш ажил олгогч, татвар төлөгч, баялаг бүтээгч энэ хүмүүсийг элдвээр шүүмжилж, нийгмийн шоовдорлогдсон давхаргынхан мэт үзэх нь улс оронд маш аюултай.

Ер нь энэ ажилгүй, хоосон байгаагаараа бахархах нь нийгмийн эмгэнэл юм. Нийгмээрээ уруудан доройтохын шинж. Бас дээр нь эх захгүй үймээн самууны эхлэл. Энэ байдал газар авсаар төрийн хяналтаас гарвал юун долдугаар сарын нэгэн, аймшиг л авчирна. Учир нь Монголын нийгэмд ингэж ядуу муугаараа бахархахын, гул барихын эцсийн зорилго бол хөдөлмөрлөж буй хэсгийнхээ хөрөнгийг булааж, өөрсдөө хөдөлмөрлөхгүйгээр зүгээр хоол идэх гэсэн атгаг үзэл санаа юм. Хүмүүс хөрөнгө хураахад маш дуртай. Ерөөсөө хүн төрөлхтний хамгийн дуртай үзэл санаа бол хэн хэндээ атаархах зүйлгүй болж (угтаа нийтээрээ гуйлгачингууд болж), өөртэйгөө адилхан болгох явдал юм. Хүн төрөлхтний түүхэнд гарсан Октябрийн хувьсгалаас эхлээд аймшигт нийгмийн өөрчлөлтүүдийн дийлэнх нь энэхүү үзэл санаанд тулгуурласан, ядуусыг хөрөнгөтнүүдийн эсрэг турхирсан хөдөлгөөн байлаа. Эцсийн үр дүн нь улс орноо авч явсан ажил олгогч, татвар төлөгч, чинээлэг хэсгүүдээ цусан далайд живүүлж, дараа нь нийгмээрээ нэг зиндааны статустай, дарангуйлагчийн чанга хатуу гарт, үзэл суртлын хүлээсэнд, хоногийн хоолтой, сэлгээний хувцастай насыг авдаг тийм л нийгмийг авчирдаг. Хүний эрх чөлөө, үзэл бодол, гурав дахь ч хөршийн сайхан харилцаа, дэлхий хавтгай байгаагийн гайхамшиг бүгд үгүй болж, хөмөрсөн тогоон доторх монголын нийгэм угтах бөлгөө.

Гэхдээ монголчууд бид хувь заяатай ард түмэн. Бүтэн 70 жилийн эрх чөлөөгүй нийгмийн байгууллаас бараг нүд ирмэхийн зуурт салж чадсан юм. Ардчилсан хувьсгал буюу ардчилал нь, тэгж ярих юм бол бүр Ардчилсан нам нь монгол хүн бүрт сайхан амьдрах боломжийг дүүрэн олгосон. Хамгийн гол нь эдийн засгийн эрх чөлөөтэй болгосон. Монгол хүн бүр ажил хийх дуртай л болчих юм бол ямар ч бизнесээ хийгээд сайхан амьдарч болно.

Ийм эрх чөлөөт нийгэмд ядуурчихаад, буруугаа бусдаас хайгаад байж болохгүй юм. Таны ямар амьдрах нь зөвхөн таны гарт, таны зан чанарт л байгаа. Үүнийгээ монголчууд бид хүлээн зөвшөөрөх ёстой. Бидний гурван сая Монголын 900 мянга орчим нь ядуу байна гэсэн статистик саяхан гарсан. Өнөөдөр хүн амын маань 35.2 хувь нь ядуу гэсэн манай өөрийн судалгаа бий. Дэлхийн банкныхаар бол бүр 38.6 хувь нь гэж байгаа. Ядуурлын түвшинд байгаа иргэд гэж өдөр тутмын зайлшгүй шаардлагатай хүнснийхээ зүйлсийг худалдан авах чадваргүй хүмүүсийг хэлдэг. Тэгэхээр та бидний гурван хүн тутмын нэг нь өдөр тутам өлөн зэлмүүн байна гэсэн үг үү. Нэг л сонин санагдаад байгаа юм даа. Гадны хүмүүнлэгийн байгууллагын ажилтан гэр хороолол дахь нэгэн ядуу өрхийнд ороход гэрийн эзэгтэй чихэндээ алтан ээмэгтэй, хуруундаа монетон бөгж гялалзуулчихсан “Бид үнэхээр ядуу амьдарч байна” гээд сууж байсан гэдэг. Үнэхээр ч амьдарч буй орчин нь хэцүү. Хашааных нь хаалга яйжийгаад уначихсан, хиртэй хувцастай, гэр орон нь авах юм байхгүй. “Энэ айлыг одоо ядуу гэх үү, надад лав байхгүй алтан ээмэгтэй юм байна шүү дээ” гэж тэр хүмүүнлэгийн ажилтан, хорооных нь Засаг даргаас асуухад өмнөөс нь “Ядуу, ядуу айл байгаа юм” гэжээ. Энэ бол төр нь ч, иргэн нь ч оюун санааны ядууралд орчихсоны шинж биз ээ.

Тэгэхээр олон улсад хоёр төрлийн ядуурал байна гэж томьёолдог. Нэгдүгээрт, Энэтхэг ядуурал буюу өөрийнхөө ядуу хувь заяатай эвлэрч, түүндээ хэнийг ч буруутгадаггүй хэсэг. Төрөөс нь дэмжээд ч сэхэл авахгүй. Тэр хүмүүст осолдохгүй нуудгай эрхтнээ халхлах төдий хувцасны оронцог л бий. Байгаа хөрөнгө нь тэр. Хоёр дахь нь оюун санааны ядуурал буюу сэтгэлгээний ч гэж хэлдэг.

Монголын ядуугаараа гайхуулаад, гул бариад буй нөхдүүд бол оюун санааны ядууралд бүрэн автсан хүмүүс. Монголын энэ байдалд төр, УИХ-ын хэдэн гишүүд ч буруутай. Тэд хэдэн биенээ, хэдэн бизнесмэнээ олигархууд хэмээн нийгмийн өмнө дуудаж цоллодог. Үүнийг нь сошиал ертөнц, телевизүүд дөгөөн дэвэргэж, ялангуяа залуу үеийнхний сэтгэхүйд “Миний ядуу байгаа нь энэ муусайн олигархуудаас болж байна” гэсэн үзлийг суулгаад өгчихсөн. Гэтэл үнэндээ монголын ядуу гэж байгаа бүх хүнд баян амьдрах боломж хангалттай бий. Тэр бүү хэл төрөөс мөнгө өгч, мэргэжил, ажилтай болгоё гэхэд бүгд зугтааж, нэг газар ялхайтал сууж байгаад ажлын байр бий болгож, татвар төлж байгаа “олигархууд”-аа цахим сүлжээгээр зүхэж суудаг. Худлаа гэвэл өнөөдөр МСҮТ-үүд ямар ч оюутангүй болчихоод байна шүү дээ.

Манай ядуугаараа бахархдаг хэсгийнхний залхуу хойрго, бэлэн хоол идэх хүсэл, ядуу байгаагийн буруугаа хэн нэгнээс эрж хайдаг арчаагүй зан, дээр нь өөрөөсөө дээр амьдарч буй нэгнээ үзэн ядаж, атаархан хорсдог байдал нь үнэндээ Сахарын цөлөөс урагших Африкийн туйлын ядуу зарим орны иргэдийн үзэл бодлоос ч долоон дор байгаа юм. Иргэний дайн, байгалийн гамшигт нэрвэгдсэн орны иргэдэд хэн нэгэндээ атаархан хорсох тухай ойлголт байдаггүйг судлаачид олонтаа бичдэг. Тэдгээр орны ядуу иргэд харин хөрөнгө чинээтэй хүмүүстээ үнэнч шударга хөдөлмөрлөж, өгсөн ажлыг нь гололгүй хийж, мөрөөрөө амьдрах хүсэлтэй байдаг юм билээ. Монгол оронд ямар ч дайн байлдаан болоогүй, ямар ч цунами, аймшигт газар хөдлөлт болоогүй. Гэтэл ядуурлын түвшин ийм өндөр байгаа нь ажил хийх хүсэлтэй монгол хүн цөөхөн болсонтой холбоотой гэхээс өөрөөр яаж дүгнэх билээ.

Тэгэхээр монголчууд бид ажил хийдэг болцгооё. Хүнд ажиллах дургүй байдаг юм бол өөртөө ажил гаргаж амьдралаа авч явцгаая. Өнөөдөр улс оронд маань төрийн хүнд суртал, дарамт, авлига, банк санхүүгийн тогтолцоо… гээд хүндрэл их байна. Энэ бүхэн цаг хугацааны л асуудал. Орлого бага, цалин хөлс хүрэлцэхгүй байна. Яваандаа цалин хөлс нэмэгдэнэ, эдийн засаг тэлнэ. Бид юу ч байхгүй, гуяа ганзагалсан ард түмэн биш шүү дээ. Бас чиг буурлын буян, аавын хишигтэй ард түмэн. Цаг алдалгүй хурдхан шиг бүгдээрээ ажилтай, орлоготой болж аваад дээшээ мацъя. Өдөр шөнө, өглөө оройгүй ядуу гуйлгачингаа ярьж бахархаад, түүнийг нь мэдээллийн бүх сувгууд сурталчилаад байвал ядуу ард түмэнтэй ямар улс орон найзалж нөхөрлөж, хөрөнгө оруулах юм бэ. Ядуу хүнтэй ярьж хөөрдөг хүн ч цөөхөн байдаг биз дээ.