Categories
мэдээ улс-төр

Орон нутаг дахь удирдлагын босоо тогтолцоог зохицуулсан хуулиудын төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Д.Ганболд, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар нар өнөөдөр /2018.05.15/ Төрийн байгууллагын орон нутаг дахь удирдлагын босоо тогтолцоог зохицуулсан зарим хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Төсөл санаачлагчид танилцуулгадаа орон нутгийн түвшинд төрийн үйлчилгээний үр ашиг, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан шатанд үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагын хүний нөөц, түүний чадавхийг бэхжүүлэх, чиг үүрэг, эрх мэдлийг оновчтой хуваарилах, шилжүүлэх ажлыг дэс дараатай, тогтвортой, тодорхой үе шаттай хийж төвлөрлийг сааруулах үйл явцыг эрчимжүүлэх шаардлага байсаар байна. Тиймээс төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд өмнө авч хэрэгжүүлж байсан арга хэмжээний үргэлжлэл болгон орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгооны асуудлаар холбогдох 8 хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэн Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулиуд, Татварын ерөнхий хууль, Бүртгэлийн ерөнхий хууль, Статистикийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудад зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулсан хуулийн төслийг боловсрууллаа гэжээ. Орон нутагт мэргэжлийн байгууллагын удирлагыг томилохдоо дээд шатны байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга нь томилж байх зарчмыг баримтлан дээрх 8 хуульд өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан байна.

2018 оны дөрөвдүгээр сард Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төслийн нэгжтэй хамтран дээрх хуулийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг, санал авах ажлыг Дархан-Уул, Орхон аймгуудын ИТХ, ЗДТГ, хэрэгжүүлэгч агентлагуудын удирдлага, сумын ИТХ, Засаг дарга нарын оролцоотой зохион байгуулахад нийт 139 санал асуулгын хуудас цугласнаас оролцогчдын 97.8 хувь нь төслийг дэмжиж, 2.1 хувь нь дэмжээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймаг мал сүргээ эрүүлжүүлэх ажлаа эхэллээ

Засгийн газар мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх, иргэдээ чанартай, баталгаатай хүнсээр хангаж, “Хүнс экспортлогч улс” болох зорилт тавьсан. Энэ хүрээнд “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г жил бүрийн 05 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл орон даяар явуулахаар шийдвэрлэсэн юм.

Хөвсгөл аймагт болсон “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ-2018” нээлтэд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин оролцов.

Тэрээр малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргээ ямар нэгэн өвчингүй өсгөн үржүүлж, ашиг шимийг нь хүртэх чиглэлээр Засгийн газар, аймаг, орон нутаг, мэргэжлийн байгууллага, малчид, ард иргэд идэвх санаачилгатай, хариуцлагатай ажиллах ёстойг тэмдэглэж, бүх нийтээрээ оролцохыг уриалав. Мөн Засгийн газар мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтворттой хөгжүүлэх хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, шинжлэх ухааны ололт, шинэ технологи нэвтрүүлэх, олон улсын тэргүүлэх туршлагыг нутагшуулахад онцгой анхаарч байгааг хэллээ.Хөвсгөл аймаг энэ жил 810 мянга гаруй мал, амьтныг 17 нэрийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулахаар төлөвлөсөн байна.

Тус аймагт он гарсаар өвчилсөн, эдгэрсэн, хорогдсон, зориудаар устгасан малын тоо толгойг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар буурчээ. Төвийн бүсийн зарим аймагт шүлхий өвчин гарсантай холбогдуулан халдвар орж ирэхээс сэргийлж, хил залгаа таван сумын нутагт 50 хоног хяналтын пост ажиллуулан, ариутгал, халдваргүйжүүлэлт, дархлаажуулалт хийсэн. Энэ нь үр дүнгээ өгч шүлхий өвчнөөр тайван, эрүүл бүсийн статусаа хамгаалж үлдэж чадсан байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин мөн Хөвсгөл аймагт мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд вакцин, био бэлдмэл хүлээлгэн өгөв Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“Их Эе”-ийг хуралдуулах боломжгүй болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эвлэрэх чиглэл авсан Монголын Үндэсний Бөхийн Холбооныхон энэ сарын 18-ны өдөр буюу Баасан гарагт “Их Эе”-ийг хуралдуулахаар товлож энэ үеэрээ МҮБХ-ны тэргүүнийг сонгох мэдээлэл цацагдаад байсан. МҮБХ-ны албан ёсны тэргүүнээр сонгогдсон ч нэрээ татаад буй Л.Чинбат өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Дархан аварга Х.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, “Их Эе”-ийг хуралдуулан тэргүүнийг дахин сонгохоор болсон.

Харин Ажлын хэсгийн ахлагч Х.Баянмөнх нарын зүгээс Бөхийн өргөөний сүүлийн 20 жилийн санхүүгийн тайланд аудит хийлгэх, допингийн хууль бус бизнесийг “Аварга” дээд сургуулийн захирал, багш, хүргэний сүлжээ болгосон учраас уг этгээдүүдэд энэ эрхийг өгөхгүй, сонгон шалгаруулалт явуулах хүсэлт гаргасан байна. Тэдний гаргасан хүсэлтийг Р.Нямдорж, Д.Данзан нар хүлээн аваагүй аж. Тиймээс энэ сарын 18-нд товлогдоод байсан “Их Эе”-ийг хуралдуулах боломжгүй болжээ.

Мөн Р.Нямдорж, Д.Данзан нарын зүгээс “Их Эе”-ийг хуралдууллаа гэхэд 2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулна гэжээ. Хуралдаанаар МҮБХ-ны тэргүүн болоод, гүйцэтгэх захирлын суудлыг Ц.Магалжавт авч өгнө, Түүнчлэн МҮБХ-ны өмч байх ёстой Бөхийн өргөөний өмчлөлийн асуудлыг Бөхийн өргөө заавал МҮБХ-ны нэр дээр байх ёсгүй гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн иргэн объектын гал түймэрт өртөж, нэг айлын таван хүүхэд гэртээ шатаж нас баржээ

ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газрын гал унтраах хэлтсийн дарга хошууч Г.Галбадрах: “Энэ жил олон жилийн дунджаас 0.5-1.5 градусаар илүү халах төлөвтэй байгаа. Бага насны хүүхдүүд объектын гал түймэрт их өртөж байна. Тухайлбал саяхан Ховд аймагт гурван сартайгаас 9 настай нэг айлын таван хүүхэд гэртээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Мөн энэ сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүрэгт 50-56 насны дөрвөн иргэн объектын гал түймэрт өртсөн. Иймд иргэдийг анхаарал болгоомжтой байж, болзошгүй түймрийн аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.” гэлээ.

ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, БОАЖЯ, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс болон Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хамтран улсын хэмжээнд “Байгалиа хамгаалъя” сэдэвт аяныг энэ сарын 15-ны өдрөөс ирэх зургаадугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ, УУХҮЯ, ЦЕГ-аас хамтран мэдээлэл хийсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Умайн хүзүүний хөхөнцөрийн вирус бэлгийн замаар халддаг

“Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах” чиглэлээр хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон ЭМЯ-ны удирдлагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагын төлөөлөгчид, элчин сайд оролцлоо. Хорт хавдрын статистик мэдээнээс харахад, 2012 онд Монгол Улсад хорт хавдрын 4466 шинэ тохиолдол, 3264 нас баралт бүртгэгдэж байсан бол 2017 онд 6073 шинэ тохиолдол, 4004 нас баралт бүртгэгдсэн байна. Үүнээс эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох хорт хавдрын дунд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл хоёрдугаар байранд орж байна.

Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгдсдийн 90 хувь нь 30-60 насны эмэгтэйчүүд байна

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн ярихдаа “Манай улсад жилд 400 гаруй умайн хүзүүн хорт хавдар оношлогддог. Үүний 200 гаруй нь эрт үедээ оношлогдож байна. Монголд зонхилон тохиолдож байгаа хавдар дотроос умайн хүзүүн хавдрын эрт илрүүлэг бусад хавдраа бодоход илүү хурдан. Уг хавдрын 50 хувь нь эрт үедээ оношлогддог. Бусад хавдар 20 хүрэхгүй хувь нь эрт оношлогддог. Бид цаашдаа эрт илрүүлэх оношлогоог 70 хувьд хүргэхээр зорьж байна. Эрт илрүүлэгийн хөтөлбөр хийснээр 50 хувийг нь бид аварч байна гэж ойлгож болно гэв.

-Вакцинжуулах аянг ЭМЯ-наас хийхээр төлөвлөж байгаа юм байна? Урд нь энэ талаар сөрөг мэдээлэл нийгэмд гарч байсан?

-Вакцин хийх нас бэлгийн хавьталд орохоос өмнөх насны охидууд буюу 9-14 насныхан хамаардаг. Өнөөдөр бид Австрали улсын туршлагыг судалж байна. Туршлагааас харахад вакцинд хамрагдсанаар умайн хүзүүний хорт хавдраас 90 хувь сэргийлэх боломжтой байгаа юм. Энэхүү вакцин үр дүнтэй гэдгийг баталж байна. 2012 онд манай улс хөхөнцөрийн эсрэг вакцин нэвтрүүлэхэд нийгмээс сөрөг хандлага гарч байсан. Охидууд насанд хүрээд жирэмсэлж чадахгүй гэх асуудлууд яригдаж байлаа. Судалгаагаар жирэмслэхэд вакцин ямар нэгэн нөлөө байхгүй гэдгийг Австралийн 10 жилийн туршлагаас харж байна. Энэ вакцин зөвхөн умай хүзүүний хорт хавдартай холбоотой биш. Сүүлийн үед хошногоны амсарын хорт хавдар, эрэгтэй хүний шодойн хорт хавдар, залгиурын хорт хавдарт хөхөнцөр вирус гол шалтгаан болж байгаа. Австрали улс зөвхөн эмэгтэй хүүхэд гэхгүй эрэгтэй хүүхдийн вакциныг хийж эхэлсэн. Халдвар тарааж буй хүнийг эрэгтэй хүн гэж үзэж байгаа юм. Умайн хүзүүний хавдраар өвчлөгсдийн 90 хувь нь 30-60 насны эмэгтэйчүүд байна.

Вакцинд хамрагдсан насанд хүрсэн эмэгтэйчүүдэд үргүйдэл үүссэн тохиолдол гараагүй

Мөн үеэр ЭМЯ-н сайд Д.Сарангэрэл ярихдаа “Бид өнөөдөр олон улсын байгууллагуудтай хамтран чухал хэлэлцүүлэг хийж байна. Эмэгтэйчүүдийн дунд зонхилж байгаа хавдрын хоёрдугаарт бичигддэг умайн хүзүүн хавдрын талаар ярилцаж байна. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, илрүүлэх, эмчлэх талаар туршлага судалж байна. Манайд 2008 онд хүний хөхөнцөр вирусын эсрэг вакциныг хийж эхэлсэн. Энэ үеэр үргүйдэл үүсгэнэ гэх мэт шүүмжлэл нийгэмд гарч байсан. Зарим эцэг эхчүүд үүнээс болгоомжилж охидуудаа вакцинд хамруулаагүй юм билээ. Австралийн Элчин сайдын яам манай төрийн бус байгууллага хамтран вакцинд хамрагдсан, хамрагдаагүй эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулсан. Тухайн үед вакцинд хамрагдсан насанд хүрсэн эмэгтэйчүүдэд судалгаанаас харахад үргүйдэл үүссэн тохиолдол гараагүй. Харин вакцинд хамрагдаагүй эмэгтэйчүүдийн дунд хөхөнцөр вирусын халдвар илэрсэн байна. Манайд жилд 400 гаруй эмэгтэй умайн хүзүүн хорт хавдар тусдаг. Үүний 160 гаруй нь амь насаа алдаж байна. Харамсалтай тоо баримт. Бид шууд вакцин хийж эхлэхгүй. Вакцин хийхийн өмнө хүмүүсийн хандлагыг эерэг болгох хэрэгтэй. Мөн судалгааны дүнг харна. Үүний дараа ЭМЯ судалгаа тооцоогоо хийж, ДЭМБ-ын зөвлөмж, чанарын сертификатад үндэслэн вакцинжуулах ажилд орох зорилготой байгаа. Манайх хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөртэй. Үндэсний хөтөлбөрүүдтэйгээ уялдуулан төсөвт хөрөнгө мөнгө оруулж ирдэг. 2019 онд хөтөлбөр бүрээр хэрэгжилттэй холбоотой хэдэн төгрөг суулгах шаардлагатайг судлан Сангийн яаманд хүргүүлнэ гэв.

Умайн хүзүүний хөхөнцөрийн вирус бэлгийн замаар халддаг

Австрали улсын Кёрбийн институтын бэлгийн замын эрүүл мэндийн судлалын хөтөлбөр хариуцсан захирал доктор, профессор В.Донован “Хөхөнцөрийн эсрэг вакцин нь 100 хувийн үр дүнтэй гэдэг нь батлагдсан. Шинжлэх ухааны нотолгоотой вакцин юм. Монгол Улсад олон жилийн өмнө хөхөнцөрийн эсрэг вакцин хийгдэж байсан. Үүн дээр тулгуурлан судалгаа явуулахад монгол эмэгтэйчүүдэд үр дүнтэй, сайнаар нөлөөлсөн байна. Энэхүү вакцин нь дэлхий даяар олон мянган эмэгтэйчүүдэд хийгдэж байгаа. Ямарваа нэгэн урвал, хүндрэл, гаж нөлөө, эрсдлийн судалгааг бид заавал хийдэг. ДЭМБ-ийн зүгээс энэхүү вакциныг хамгийн аюулгүй вакцинуудын нэг хэмээн үзсэн. Монголд тухайн үед үргүйдэл үүсгэдэг гэх ташаа мэдээлэл цацагдсан. Энэ ямар ч үндэслэлгүй юм. Охид хөхөнцөр вирусын халдварыг авах магадлал бэлгийн идэвхтэй амьдрал эхэлснээр үүсдэг. Энэ вирус нь бэлгийн замаар халддаг. Бэлгийн идэвхтэй амьдрал эхлэхээс өмнө охидын 9-14 насанд нь вакцинд хамруулснаар илүү үр дүнтэй байгаа нь ажиглагдсан. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал алхам болж байгаа юм. Австрали улсын хувьд вакциныг охид, хөвгүүдэд хийдэг. Ингэснээр нийт хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалж чаддаг. Урьдчилан сэргийлэхийн тулд эрт үзлэг оношлогоог тогтмол хийдэг. Вакцины үнэ харьцангуй гайгүй. Дунд болон бага орлоготой орнуудад хямдралтай худалддаг. Монгол Улсын хувьд үнийн хөнгөлөлт эдлэх боломжтой гэлээ.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

​Урд зүгийн “уудаг” ус

БНХАУ-ын хилээс 4.5 км-ийн зайд оршдог Дорноговь аймгийн Замын-Үүд сумын усны хэрэглээний өнөөгийн байдлыг судлахаар бид аялалаа эхлүүлсэн юм. Энэхүү сэдвийг хөндөх болсон гол шалтгаан нь хэрэглээний усаа хэт гүнээс олборлодог. Үүнээс болж усны хэрэглээ, ус олборлох зардал нэлээд өндөр гардаг төдийгүй оршин суугчдын эрүүл мэнд, гоо сайханд сөргөөр нөлөөлдөг гэх иргэдийн санал, гомдол юм.

Замын-Үүд сумд нэг хүнд ногдох ундны усны хэмжээ, нөөц маш бага. Усны өнгө, амт чанарын шаардлага хангахгүй байгаа нь судалгаа хийх явцад анзаарагдсан ба усыг нь ууж үзэхэд давс амтагдаж, шууд хэрэглэх боломжгүй мэт санагдлаа.

Ингээд бид өглөөний 8 цагийн алдад Замын-Үүд өртөөн дээр бууж зорьсон газраа ирсэн юм. Замдаа өлсөж, цангасан оюутнууд хамгийн түрүүнд зоогийн газар бараадах нь дамжиггүй. Харин бидний хайж очсон мөнөөх хуурай уур амьсгал, зорилгогүй хэсүүчлэх элс, хатуулагтай ус галт тэрэгнээс буухад л өөрсдөө биднийг тосоод авах нь тэр.

Ингээд бид судалгааны ажлынхаа албан ёсны эх сурвалжуудтай уулзахаар Замын-Үүд сумын ЗДТГ-ыг дараагийн зогсоолоо болгов. Ажилтан албан хаагчид биднийг оюутан гэж голоогүй. Харин ч тохилог уулзалтынхаа танхимд биднийг хүлээж авсан бөгөөд ирээдүйн сэтгүүлчдийн асуултад их л хичээнгүйлэн хариулж байсан нь талархууштай.

ЗДТГ-ын орлогч дарга Б.Батдулам “Замын-Үүд, Эрээн хот нь цаг агаар болон усны хомсдлын хувьд адилхан шинж чанартай. Хэдэн жилийн өмнөөс Эрээн хот 100 метрийн зайтай газраас ундны усаа зөөвөрлөдөг асуудлаа шийдсэн юм. БНХАУ нь өндөр хөгжилтэй орон учраас уг асуудлаа шийдвэрлэж чадсан. Судалгаанаас үзэхэд Замын- Үүд сумын усны нөөц ойрын 20 жил хүрэлцэхүйц хангалттай байгаа бөгөөд байнга усны түвшинг тогтоодогмониторингийн төхөөрөмжхоёр жилийн өмнөөс ашиглалтанд орсон. Говийн нутгуудаар усны түвшин муу байна гэж ярьдаг гэхдээ мониторингоор тогтооход тийм асуудал гараагүй. Манай сумын ус хатуулаг ихтэй учиркрантны хоолой байнга зэвэрдэг. Зэврэлт нь хоолойг цоолдог учраас ойр ойрхон сольход төсөв мөнгө их гардаг. Гэхдээ манай сум 5 ус цэвэршүүлэх байгууламжтай. Ихэнх айл ундандаа цэвэршүүлсэн боллонтой усыг авч хэрэглэдэг” хэмээн бидэнтэй ний нуугүй ярилцлаа.

Дассан газрын даавуу зөөлөн


“Цуйван хаус” төмөр замын өртөөнөөс чанх урагшаа алхахад л нүдэнд торно. Энд зөвхөн цуйван биш төрөл бүрийн шөл гарж байсан нь биднийг аргагүй татав. Тэнд сэрүүхэн, шигүүхэн салхи үргэлж биднийг дагаж байсан нь цаанаа л нэг жихүүдэс төрөм. Харин манай анги хотын эсвэл төв, баруун аймгуудын хүүхдүүдийн бүрэлдэхүүнтэй болохоор эндхийн хоол нь шорвог талдаа санагджээ. Энэ бол тус сумын усны давслаг шинжийг илтгэх бодит жишээ.

Усны давслаг болон шүлтлэг чанар нь байх ёстой хэмжээгээ давбал ундандаа хэрэглэх боломжгүй болдгийн зэрэгцээ кальци, магни их хэмжээгээр агуулдаг тул хүний эрүүл мэнд, гоо сайханд хор хөнөөл учруулдаг гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.

Бидний дараагийн бай бол цэвэр ус шүүгүүрийн газрууд. Нутгийн хэмжээнд нийт ус цэвэршүүлдэг таван компани үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харин бидэнд төвөгшөөлгүй үйл ажиллагааныхаа тухай ярьж өгсөн “Чандмань Эрдэнэ” компаний захирал Б. Батчулуунд талархснаа илэрхийлэх байна.

Тэрээр “Ус цэвэршүүлэх байгууламжууд нь гүнээс нөөцөө татаж, дахин цэвэршүүлснээр иргэдэд хүргэдэг. Нэг боллонтой ус (20 литр) 1800 төгрөгөөр үйлдвэр дээрээсээ худалдаалагддаг бол хүргэлтээр авбал 2500 төгрөг байдаг. Өдөрт дунджаар 70-aaс 80 ширхэг боллонтой ус зарагддаг. Цэвэршүүлэлтийн газрууд усаа тогтмол мэргэжлийн хяналтын газар шинжилгээнд өгдөг. Харин дутагдалтай тал нь нутгийн иргэд уснаас авах ёстой эрдэс бодисоо авч чаддаггүйд л байгаа юм. Бид гүнээс татаж байгаа усны хоолой, шугамаа байнга шинэчилдэг ч гэсэн ус нь хатуулаг ихтэй учир бидний ажилд ч хүндрэлтэй байдаг” хэмээн ярьлаа.

“Уудаг” ус


Замын-Үүд сум нийт 42 худагтайгаас 18 нь бэлчээрийнх. Ус цэвэршүүлэгч компаниуд айл өрх бүртэй гэрээ байгуулан тоолууржуулж төлбөр авдаг байна. Мөн тус сум нь 2017 онд байгалийн нөөц ашигласаны 12 сая төгрөгийн төлбөр төлж байсан бол мөн энэ онд адил хэмжээний төлбөр төлөхөөр болоод байгаа гэнэ. Иймд оршин суугчид хэрэглээний усаа худгаас эсвэл цоргоноос авч хэрэглэдэг аж. Өмнө нь Эрээнээс цэвэршүүлсэн усыг 5 юуанаар (1900 төгрөг) худалдаж авдаг байсан Замын-Үүдын иргэд гүний худгаас усаа авдаг харин орон сууцны иргэд цэвэршүүлсэн ус авч хэрэглээд 10 гаруй жил болсон байна.

Нутгийн иргэн Б. Чулуунсайхан: “Би оёдолчин хүн л дээ. Тэгээд уурын индүүг байнга ашигладаг. Индүүндээ крантны ус хийчихвэл доторх хоолой нь зэвэрч, эвдэрч мууддаг. Харин индүүдсэн хувцас маань шарлаад толбо болчихдог” гэв.
Ахуйн хэрэглээнд мөнөөх усыг хэрэглэхэд шүд шарлаж цоорох, толгой эргэх, ойр ойрхон ам цангах, ходоод гэдэс, цөсөнд чулуу болон элс үүсгэх сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс уг суманд гэдэс дотрын өвчлөл харьцангуй их байдаг нь ундны устай шууд холбоотой юм.

Албаны хүний мэдээлснээр Замын-Үүд сумыг 2014 он гэхэд эдийн засгийн чөлөөт бүс болгох төлөвлөгөө бий. Гэтэл 20 мянган хүнийг 20 жилийн турш цэвэр усаар хангахад их хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдана.

Жижигхэн тосгонд таксины бизнес өргөн дэлгэржээ. Жирэмсэн, хөгшин, залуухан, нялх биетэй гээд эмэгтэй жолооч нар дийлэнхдээ таарч байв. Тэнд хаашаа ч явсан таксины үнэ 1000 төгрөг. Жолооч эгч төрөөд удаагүй бололтой толгойгоо хүүхдийнхээ даавуугаар ороосон байв. Нялх биетэй хүн таксинд явж байгаа нь их хачирхалтай санагдаж байснаас гадна эндхийн хатуулагтайусаар төрөөд эмзэг болсон арьсаа угааж арчилахадхүндхэн байдаг байхдаа гэсэн бодол төрж эгчээс асуухад “Говь газар ер нь давсархаг устай байдаг. Би лав амтгүй, өнгөгүй цэвэр ус энд ер ууж үзээгүй. Нэг их юм бодохгүй уучихдаг л юм чинь нүүр гараа угааж, усанд орох бол асуудал бишээ, өөр арга байхгүй хойно яах вэ дээ. Зарим газар нь бүр гэдэсний хижиг үүсгэдэг устай шд.” гэв. Байгаа байдалтайгаа дасан зохицсон ч цаашдынхаа эрүүл мэндийг огтхон ч хайхраагүй мэт энэ хариулт биднийг дараагийн хүн юу гэж хэлэх бол гэсэн айдаст автуулан үлдээв. Шороон шуурганд замын хүнээс эмнэлгээ хайж асуух завдалдаа мөнөөх гүний худгийн тухай лавлаж амжлаа. Тэндхийн иргэд толгойдоо алчуургүй, нарны шилгүй байх нь маш цөөхөн. Замд таарсан нэгэн эмэгтэй “Замын-Үүдэд байдаг ундны усны худагт хараа хяналт байдаггүй. Стратегийн хувьд төрийн хамгаалалтанд байх ёстой боловч худагт ганц слесар өвгөн манаач хийгээд сууж байдаг. Яг Хятад Монголын хилийн ойролцоох худагт ажлаар очиж үзсэн юм. Слесарт хор өгөөд худаг руу ямар ч хүн ороод бактери хийхэд асуудал үүсэхгүй юм шиг санагдсан” гэж шулуухан хэлэв.

Ингээд тус сумын иргэдийн эрүүл мэндийн нийтлэг өвчлөлийн талаар лавлахаар сумын Нэгдсэн Эмнэлэгт ирлээ. Хамгийн түрүүнд дотрын эмчтэй уулзахаар төлөвлөсөн байсан ч эмч нь өвчтөн ихтэй байгаа тул уулзах боломжгүй хэмээн түтгэлзсэн юм. Гадна оочирлож суусан нэгэн иргэнээс ямар шалтгаанаар эмнэлэгт ирснийг нь тодруулахад “Дотор гэлтгүй шүд ч мөн адил гэмтэж байна гэж охиныхоо тухай ярилаа. Миний охин багадаа худгийн ус их уудаг байсан юм. Гэтэл том болоодирсэн шүд нь шаралж паалан нь ямар ч өнгөгүй болсон. Одооохин минь Европт амьдардаг тэндхийн олон эмнэлэгээр явсан боловч 25 нас хүрээдарилгах боломжтой гэсэн. Ямар ч үнэтэй шүд цайруулагч хэрэглээд нэмэргүй байна гэнэ лээ” гэв.

10.9 сая ам долларын өртгөөр баригдсан ус цэвэршүүлэх, үйлдвэрийг 2012 онд барьж эхэлсэн бөгөөд 2016 онд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрийг Улсын комисс хүлээн авсан хэдий ч хэрэглэгч байхгүйн /ашиглалтын зардлыг эргүүлж олох боломж байхгүйн/ улмаас ашиглаагүй өдий хүрчээ. Замын-Үүдийн гүний худгийн ус нь Атлантын далайн усны хатуулагтай адилхан хэмжээнд байдаг аж. Өөрөөр хэлбэл маш өндөр хатуулагтай усыг хамгийн сүүлийн үеийн шүүх технологиор зөөллөж, тунгааж, хийн технологийн аргаар эрдэс бодисыг дахин сэргээж, стандартад нийцүүлэн хэрэглэгчдэд хүргэх боломж уг нь тэдэнд байгаа юм байна.

Сэтгүүл зүйн III анги

Б.Билгүүн

Ц.Мишээл

Б.Ялгуун

Л.Амарцэцэг

Categories
мэдээ нийгэм

Иргэд гэмт хэргийн хорт уршгийг мэдэж, эрх зүйн мэдлэгтээ болох нь чухал

ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, БОАЖЯ, ОБЕГ, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс болон Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хамтран улсын хэмжээнд “Байгалиа хамгаалъя” сэдэвт аяныг өнөөдрөөс эхлүүлж байна.

Ирэх зургаадугаар сарын тавныг хүртэл үргэлжлэх энэхүү аяны хүрээнд иргэд, олон нийтэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэх, хууль сурталчилах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажилд иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулж, хамтран ажиллах тухай холбогдох байгууллагуудын төлөөлөл өнөөдөр мэдээллээ.

Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг “Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад жилд дунджаар 25-30 мянга орчим гэмт хэрэг бүртгэгддэг. Үүний 0.7 хувийг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэрэг оны эхний дөрвөн сарын байдлаар 113 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 51 нэгжээр буюу 45.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Эдгээрээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр зүйлийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх, ашигт малтмал олборлох хэргүүд голчлон үйлдэгдэж, тэдгээр хэргийн тоо өссөн үзүүлэлт гарсан. Энэ нь шинээр батлагдан гарсан хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, бусад хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хяналт, шалгалтыг эрчимтэй зохион байгуулсантай холбоотой. Тиймээс Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ухуулга нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг явуулж, гэмт хэргийн гаралтыг бууруулахын төлөө улсын хэмжээнд нэгдсэн аяныг зохион байгуулж байна” гэж ярьсан юм.

Мөн он гарснаас хойш бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27.7 хувиар буурсан тухай мэдээллийг ОБЕГ-ын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Галбадрах өгсөн.

“Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүлж чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын уялдаа холбоог сайжруулах, хуулийг хэрэгжүүлэхэд практикт учирч буй хүндрэл бэрхшээлийг хэлэлцэж, гарсан саналыг харьяалах чиг үүргийн яаманд хүргүүлэх ажлыг зохион байгуулах юм байна.

Иргэн бүр үүргээ ухамсарлан байгаль, дэлхийгээ хайрлаж, хамгаалахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

Categories
мэдээ улс-төр

Олон нийтийн цагдаагийн цалин, урамшуулалд 2 тэрбум төгрөг төсөвлөх саналыг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаад Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Татварын шинэчлэлийг хөгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих зорилтот арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтоолд тусгажээ. Тухайлбал, эдийн засгийн бодит өсөлт 8 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өрийн түвшин 2019 онд 55.3 хувь, ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцоолсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Тэрбээр, “Тогтоолын төсөлд “Мах, сүүний анхдугаар аян”, “Үйлдвэржилт 20:100”, “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүнд, хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих зэрэг 20 зорилт, 123 арга хэмжээний хүрээнд 8.6 их наяд төгрөгийг улсын төсөв, гадаад, хувийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн” гэлээ.

Гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр бүх гудамж талбай, тэр дундаа гэр хороолыг камержуулахад анхаарах, хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах, түүний хэрэглээнээс урьдчилан сэргийлэхэд анхаарах зайлшгүй шаардлага тулгарч байгааг Ж.Батзандан гишүүн тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр хэллээ.

Улсын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2557 камер ажиллаж байгааг ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав хэллээ. Тэрбээр, “Нийслэлийн 33.1 хувь нь камерын хяналтад авсан. Энэ онд нийслэлд 3243, орон нутагт 1011 камер суурилуулахаар төсөв батлагдсан” гэлээ. Таван жилийн өмнө Монгол Улсын хэмжээнд хар тамхи хэрэглэгч 1500 иргэн байсан бол одоо 5000 болсон гэдгийг мөн дурьдаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хар тамхитай тэмцэх чиглэлд 11 заалт бүхий зөвлөмж ирүүлснийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг хэлсэн юм.

Мөн үеэр УИХ-ын гишүүдийн зүгээс хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, сургууль, цэцэрлэгийн орчимд камержуулалтыг түлхүү хийж, бага насны хүүхэд осолд орох, алга болохоос сэргийлэх, хил, гаалийн байгууллагудын ажилтан, албан хаагчдын нийгмийн хамгаалал, цалин хөлсний асуудалд анхаарч ажиллахыг санууллаа. Мөн С.Бямбацогт нарын гишүүд Улсын бүртгэлийн цогцолбор төв барих, Олон нийтийн цагдаагийн цалин, урамшуулалд 2 тэрбум төгрөг төсөвлөх зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцогчдын олонх дэмжлээ. Ийнхүү байнгын хорооноос анхны хэлэлцүүлэг хийсэн тухай санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Categories
мэдээ нийгэм

Энэ зуны халуун ус хязгаарлах хуваарь гарчээ

Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2018 оны зун хийгдэх нягтын шахалт, засварын ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 15-наас наймдугаар сарын 18-ны хооронд хийгдэхээр болжээ.

“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-иас гаргасан засвар үйлчилгээ хийгдэх хуваарийг хүргэж байна.

Жич: Дулааны 4 дүгээр цахилгаан станцын “0” зогсолт 5-р сарын 14-нөөс 5-р сарын 19-ныг дуустал хийгдэх тул энэ хугацаанд Нисэх, Буянт-Ухаа орчмын хэрэглэгчид түр хязгаарлагдана.

Засвар хийх хугацаа Хийгдэх ажил Хамрах хэрэглэгчид
1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрчим хүчний яам, Нийслэлийн захиалгаар дулааны төв шугамыг засварт зогсоож, өргөтгөж, шинэчлэх ажлын хуваарь
5-р сарын 16-наас 7-р сарын 15-ны хооронд Батлан хамгаалахын их сургуулийн салаатай худгаас Газ засварын салаатай худаг хүртэлх 12 г, д магистраль, дулааны шугамын өргөтгөл, шинэчлэл “Харуул Алтай” хотхон, УС-15 УДДТөв, Улаан хуаран, Цайз,16-р хороолол, БЗД-ийн ТҮК, СОС хүүхдийн хотхон, БХЯам, “Төгөл хус” хотхон, Офицеруудын ордны замын хойд хэсэг орчим
6-р сарын 15-наас 8-р сарын 15-ны хооронд Дулааны 4-р цахилгаан станцаас баруун тийш гарсан 9а магистраль шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажил ДЦС-4 ХК-иас баруун тийш Сонсголонгийн дунд уулзвар хүртэл
6-р сарын 15-наас 8-р сарын 15-ны хооронд Кекүшюзан цамхагийн урдаас баруун тийш Эффес худалдааны төв хүртэл 8а магистралийн дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажил Улаанбаатар палас, Бэгдү хороолол орчим
5-р сарын 16-наас 9-р сарын 15-ны хооронд Хөрс худалдааны төвийн баруун урд талаас Ханын материал хүртэл 11и магистраль, дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажил хэсэгчлэн хийх Хөрс худалдааны төв, Москва хороолол, 1-р хорооллын баруун захын орон сууц 32, 33, 34-р байр, Троллейбусны депо, Сонгинохайрхан дүүргийн ТҮК, Содон хороолол, Ханын материал орчим
6-р сарын 04-нөөс 6-р сарын 11-ний хооронд Дүнжингарав хотхоноос урагш буюу 12а магистраль, дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажил Дүнжингарав хотхон, Энканто таун, Маршал таун хотхон, Ривер гарден хотхон, Их тэнгэр орчим
2.Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хөрөнгө оруулалтаар дулааны төв магистраль шугамд хийгдэх их, урсгал засвар, хэсэгчилсэн нягтын шахалт хийх ажлын хуваарь
5-р сарын 16-наас 5-р сарын 29–ний хооронд 11А,Б,В магистраль урсгал засвар Барс-2 зах, Хархорин зах, Эрин хороолол, Номин хороолол орчим
5-р сарын 24-нөөс 5-р сарын 30-ны хооронд 5А,Б,3А,Б,В,Г магистраль, Тк-305-ын салаа, Эмийн завод урсгал засвар Сэргэлт УҮГ, Хайрхан ХХК, Эрэл ХХК, Автобус-1 ХК, Гоёо ХХК, ЭХЯам, Монгол Солонгосын коллеж, Атар өргөө ХК, Дулааны сүлжээ ТӨХК, Хараагүйчүүдын үйлдвэр, 19-р хорооллын орон сууцууд, ЦШСГазар, Хан–Уул дүүргийн тамгын газар орчмын бүх хэрэглэгчид, Гутал ХК, Мишээл ХК , Монгол гар хивс, АПУ ХХК болон Хан-Уул дүүргийн үйлдвэрийн районы бүх албан газрууд, хэрэглэгчид, УИД, ОХУ-ын ЭСЯам, Нийслэл даатгал орчмын болон 40, 50 мянгатын бүх орон сууцууд, МҮЭ-ийн соёлын төв ордон, Голомт хотхоны 5-н өндөр байрууд, УИД-ийн орчим, Өгөөж чихэр боов ХК, Хүмүүн эмнэлэг, 5-р хорооллын хуучнаар Тээврийн товчоо орчмын орон сууцнууд, хэрэглэгчид, Эм импекс, Саруул төв, Сарора зочид буудлын орчмын орон сууц, албан газрууд
6-р сарын 04-нөөс 6-р сарын 16–ны хооронд 10А,Б,В,Г,Д, 1А, 3Д магистраль, БӨҮР,БУК-2, СОТ-3-ын салаа урсгал засвар Баруун өмнөд үйлдвэрийн районы бүх хэрэглэгчид, Цэцгийн хүлэмжүүд, БҮК-2 , Байгууламж , Хэт бүрд, Улаанбаатар менежмент, Фада ХХК, Говь-2 үйлдвэр, Нийслэл өргөө, Хөсөг компани, ЧММ ХХК, БХТН-ийн авто сургууль, Дэлгэрэх хотхон, Яармаг хороолол /Вива сити, Пума хороолол/ ЦЭХБУ трест, Витафит ундааны үйлдвэр, Комит компани, МSM ХХК, Хасу Мегаватт ХХК, Хан–Уул дүүргийн үйлдвэр албан газрууд, Улаанбаатар рашаан сувилал, Цэлмэг хотхон, Орчлон хороолол, УБ таун, Элегаунт таун, Ээрмэлийн үйлдвэр, Коко кола үйлдвэр, АПУ ХК, Нэхмэлийн шарын байрууд, 19-р хороолол, ХУД нэгдсэн эмнэлэг Богдын музей, Зайсангийн орчмын бүх хэрэглэгчид, Оргил рашаан сувилал орчмын хэрэглэгчид, Суруга Монгол ХХК-ийн Жапан таун хороолол, Сонор рекордс, Удирдлагын академи орчим,120 мянгат, Эрэлийн ЦТП орчим
6-р сарын 17-ноос 6-р сарын 27-ны хооронд 9А,Б,В,Г,Д,13-р магистраль урсгал засвар Карьер, Буян ХХК, 013-р анги, Дэвшил трейд ХХК, Автобус-2, Махмаркет ХХК, Хилийн цэрэг, Монос, Цэргийн хотхон, Төв цэвэрлэх байгууламж, 10-н буудал, Нефть бааз, Залуус хотхон, Алтан тариа, Мах комбинат, 21-р хороолол, Орчлон хороолол, Буянт ухаа 1,2 хороолол, Шинэ яармаг хороолол, Нисэх орчим
6-р сарын 20-ноос 7-р сарын 2-ны хооронд 11Г,Д магистраль урсгал засвар Гурвалжин зах, 10-р хорооллын автозамын урд хэсэг, Голден парк хороолол, Материал импекс орчим
6-р сарын 26-наас 7-р сарын 04-ны хооронд 5Г,Д,Ж, 2Г магистраль шугамыг шинэчлэн солих 21-р сургууль орчмын бүх хэрэглэгчид, 13-р хорооллын орон сууцнууд, Бөхийн өргөө орчим, Хавдар, Халдвартын эмнэлэг, 15-р хорооллын бүх орон сууцнууд, Жуковын музей, Отгонтэнгэр дээд сургууль, Монгол кино нэгтгэл орчим, Цэргийн музей, ХХЕГазар орчмын албан газрууд, Энхүүд ХХК, Газар хөдлөлийн станц, Актив хийц ХХК-ийн орон сууц, Аман хуур хороолол, 14-р хороолол орчим
7-р сарын 01-наас 7-р сарын 06-ны хооронд 6А,Б,В,Г,Д,Ж,Е магистраль урсгал засвар Барилгын коллеж, Бөмбөгөр худалдааны төв, Гэсэр сүм, Баянбүрд төв, 3-р сургууль, 4-р сургууль, 7-р хороолол, Хангай хотхон, 100 айл, КТМСургууль, Цэцэг зочид буудал, 12-р хороолол орчмын хэрэглэгчид
7-р сарын 16-наас 7-р сарын 23-ны хооронд 12А,Б,В,Г, 2Д магистраль өргөтгөн шинэчилж солих Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талын Жаргалан хотхон, Оддын хотхон, Алтай хотхон, ХАҮТанхим, Маршал таун, Ривер гарден. Их тэнгэр цогцолбор, Шилмэл шилтгээн, Баянмонгол хороолол, Кристалл таун, 13-р хорооллын ЦТП-3,4 бүх байрууд, Наран туул ОУХТөв, Ахмадын хороолол,15-р хорооллын ЦТП-8-ийн хэрэглэгчид, БЗД-ийн эмнэлэг, Цэргийн эмнэлэг орчмын хэрэглэгчид, Сүнжин гранд зочид буудал, Шинэ өглөө орон сууцны хороолол, ШУА-ийн барилгууд, Эм Ай Ю дээд сургууль орчмын хэрэглэгчид, БЗД-ийн ЗДТГазар, албан газрууд, Цагдаагийн хэлтэс, 55-р сургууль, 14-р сургууль орчмын хэрэглэгчид, ШУАкадемын хотхон орчмын хэрэглэгчид, Эко констракшн ХХК-ийн “Баянзүрх” хорооллын хэрэглэгчид
7-р сарын 19-нээс 7-р сарын 26-ны хооронд 4АБ, 1Д, 2А магистраль шинэчлэн солих Бага тойруу орон сууцууд, Метро мол орчмын хэрэглэгчид, Хурд ХХК-ийн орон сууцнууд, Хүнсний 4-р дэлгүүр орчмын хэрэглэгчид, Хүүхдийн урлан бүтээх төв орчмын бүх хэрэглэгчид. Төв шуудан, Хөрөнгийн бирж, Засгийн газрын ордон,Төв номын сан, Блю Скай зочид буудал, ГХЯам, Зориг сан, МУБИСургууль, Ионсей эмнэлэг, Германы ЭСЯам, Түшээ дээд сургууль, Сүхбаатар дүүрэг, Байгалийн түүхийн музей, Бага тойргийн 47-р байр орчим
7-р сарын 23-наас 7-р сарын 31-ний хооронд 8А,Б,В,Г,Д, 7И магистраль өргөтгөж, шинэчлэх 25-р эмийн сан, Улаанбаатар палас, 10-р хороолол ЦТП-113,114, Техник импорт ХХК, 10-р хорооллын замын урд хэсгийн амины орон сууцууд, 3-р эмнэлэг, 1-р хороолол орчим, Сувилахуйн сургууль, Тэмүүлэл, Сайхан булган хотхон, Нар хажид сүм, Шинэ гэмтлийн эмнэлэг, Говь саун, 4-р хороолол ЦТП-111,112, СОТ-3 байрууд, 3-р хорооллын эцэс орчим
7-р сарын 30-наас 8-р сарын 07-ны хооронд 11Е,Ж, 2Б, 5В магистраль, Сэлбийн 500, СТӨ-ний салаа, Депогийн салааё шугам хаалт шинэчлэн солих АСА цирк, Төмөр замын зүтгүүрийн депо, 31-р сургууль, Монгол шаазан орчим, Сарны титэм худалдааны төв, СТӨргөө, Шангарелла зочид буудал, Тусгаар тогтнолын ордон, Улаанбаатар зочид буудал, Туушин ХХК-ийн зочид буудал, Монро импекс, Усан бассейн, Чингис зочид буудал, 25-р сургууль, 11-р хорооллын ЦТП-1,2-ын хэрэглэгчид, Хөгжим бүжгийн коллеж, Хятадын ЭСЯам, Япон ЭСЯам, Амарбаясгалант зочид буудал, Яаралтай түргэн тусламжийн төв, СЭЗДСургууль, ҮХААЯам, Баянзүрх хүнсний зах, УСУГазар, 2-р эмнэлэг, Английн ЭСЯам, Замын цагдаагийн газар, Болгарын ЭСЯам, Тэнгэрийн цаг ХХК, Континенталь зочид буудал, Олимп хотхон, Алтан тариа ХХК-ийн орон сууцнууд
8-р сарын 07-ноос 8-р сарын 18-ны хооронд 7А,Б,В,Г,Д,Ж,К,И, 6А магистраль шугам хаалт шинэчлэх, тулгуур засварлах Говь ХХК, Натур агро ХХК, Төмөр замын вокзал, Төмөр замын эмнэлэг, Төмөр зам орчим, Богд ар хороолол, ТЗУГазар орчим, ТЗДээд сургууль, ТБД андууд, Монгени сургууль, Гурванбилэг их дэлгүүр, Номун эмнэлэг, 2,3,4,6-р бичил хороолол, Гандан хийд, Эх нялхасын эрүүл мэндийн төв, МҮОНРТелевиз орчим

Дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллагууд дээрх хугацаанд өөрсдийн шугам сүлжээ, халаалтын систем болон бусад тоног төхөөрөмжинд хийгдэх засвар, үйлчилгээний ажлыг зохион байгуулан, 2018-2019 оны халаалтын улирлын бэлтгэл ажлыг бүрэн хангахыг зөвлөлөө.

Мөн 2018-2019 оны халаалтын улиралд төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбогдохоор техникийн нөхцөл авсан хэрэглэгчид зураг төслөө тус компаниар хянуулан баталгаажуулж, төв шугамаас шинээр огтолгоо хийх болон шугам өргөтгөх ажлыг графикт зогсолтын хугацаанд бүрэн хийсэн байхыг анхаарууллаа.

ХЭРЭГЛЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ:

Төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон хэрэглэгч та бүхэн ирэх өвлийн оргил ачааллыг амжилттай давах гол үндэс нь зуны засварын ажлыг чанартай хийх явдал юм. Ийм учраас зуны засварын графикт хугацаанд дор дурьдсан ажлуудыг зайлшгүй хийхийг та бүхэнд зөвлөж байна. Үүнд:

1.Гадна дулааны шугам, дулааны төв зангилаанд

  • Салаа шугам, худаг, дулааны төв узельд үзлэг хийж, шугам тоноглолыг даралттай усаар шахаж шалгах, хаалтуудыг шинэчлэн сольж, засварлах
  • Дулааны шугамын өөрсдийн эзэмшил худгийг цэвэрлэж, шат, люк тагны техник ашиглалтын бүрэн бүтэн байдлыг хангасан байх /хүн унаж гэмтэхээс сэргийлэх/
  • Термометрийн гильзүүдийг цэвэрлэх солих, манометрүүдийг шалгуулж баталгаажуулах, шинээр тавих
  • Халаалтын болон хэрэгцээний халуун усны бүх бойлеруудыг угааж цэвэрлэн даралтаар шахаж шалгуулах
  • Дулааны эрчим хүчний тоолуур суурилуулах, баталгаажуулах

2.Халаалтын системд

  • Тараалтын шугам болон халаах хэрэгслэлүүд, хаалт, вентильд үзлэг засвар хийж шаардлага хангахгүй болсныг солих
  • Жигд халдаггүй халаалтын системд дотоод тохируулга хийх хаалт винтелиүд тавьж, буруу холболтыг засах, хэсэгчилж солих
  • Халаалтын системийг ус, хийн холимогоор угааж цэвэрлэх

Та бүхэндээ засварын ажлаа хугацаанд нь чанартай хийж, ая тухтай өвөлжихыг хүсье.

Categories
мэдээ нийгэм

Үнэ төлбөргүй сургалт зохиож байна

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн (KOICA) санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран компьютерийн үндсэн хэрэглээ, мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн долоон төрлийн сургалтыг үнэ төлбөргүй зохиож, дадлага давамгайлсан, инновацлаг сургалтын хөтөлбөрийг залуучуудад санал болгож байгаа юм.

Уг төслийн хүрээнд залуучуудын дунд эрэлт хэрэгцээ ихтэй байгаа “Фото шоп” программын сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Тус сургалт өнөөдөр эхэлж нийт 23 иргэн хамрагдлаа.

Фото шопын сургалт Мягмар, Пүрэв гарагуудад 15:00-18:00 цагуудын хооронд хичээллэх ба нэг сарын хугацаанд үргэлжлэх юм.

Сургалтын талаарх мэдээллийг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, MKIT Education Center пэйж хуудас болон 9712-5557,7012-2999 дугаарын утсаар лавлана уу! Хаяг: Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны “Б” корпусын 2 давхарт (11-р хорооллын “Орчлон” сургуулийн замын урд талд, Улаанбаатар чуулгын байрны хойд жигүүрт) гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.