Categories
мэдээ нийгэм

Яруу найрагч А.Эрдэнэ-Очир бурхны оронд оджээ

Монголын яруу найргийн сод билэгт төлөөлөгч, монголын ард түмний хайртай хүү МУСГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир утга зохиолын үйл хэргийн төлөө зүтгэж яваад номын агаар сэлгэж, монголын уран зохиол, нийгэм соёлын амьдралд нөхөж болшгүй их уй гашуу тохиолоо.

Нэрт яруу найрагч А.Эрдэнэ-Очир нь 1972 онд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрж, 1990-ээд оны эхэн үеэс уран бүтээлийн замналаа эхэлсэн билээ. Тэрбээр амьдралынхаа богинохон хугацаанд “Бэхэн цэнхэр өдрүүд” /1990/, “Эрх сэтгэл” /1995/, “Гэнэн шувуу” /2000/, “Сар нарны урсгал” /2001/, “Миний цуглуулсан хорвоо” /2006/, “Ийм нэгэн амьдрал” /2007/, “Тунгалаг гунигийн улирал” /2007/ зэрэг яруу найргийн бүтээлүүд хэвлүүлж, монголын утга зохиолын шинэ үеийн түүхэнд арилшгүй мөрөө үлдээсэн авьяас билэг төгөлдөр яруу найрагч байв. Түүний яруу найргийн бүтээлүүд Монголчуудын оюун санааны амьдралын дүр зураг, оршихуйн дотоод мэдрэмж, уламжлалт сэтгэлгээ, гоо сайхны үнэт чанаруудыг хадгалсан мөн чанартай юм.

А.Эрдэнэ-Очир нь Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины сэтгүүлч, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын дарга, “Утга зохиол, урлаг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, МЗЭ-ийн “Цог” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Туурвин бүтээх хугацаандаа утга зохиолын ертөнцөд төдийгүй монголчуудын оюун санааны амьдралд яруу найргийн гайхамшигт бүтээлүүдээрээ өнө мөнхийн суу алдрыг олсон уран үгийн билигтэн, бичгийн суутан байлаа. Түүний шүлгүүд Орос, Хятад, Англи, Франц, Япон, Македон зэрэг улсын хэлээр орчуулагдаж, монгол хэлт яруу найргийг дэлхий дахинд танилцуулахад томоохон хувь нэмэр оруулсан билээ.

Тэрбээр яруу найргийн шилдэг бүтээлүүдээрээ МЗЭ-ийн нэрэмжит шагнал /1998/, “Болор цом” наадмын тэргүүн шагнал /2002/, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /2009/ Дэлхийн соёл, яруу найргийн академийн “Гарамгай яруу найрагч”, БНСУ-ын Ханчоны соёлын нийгэмлэгийн “Байгалийн модернизм” шагнал, Б.Явуухулангийн нэрэмжит шагнал, МУСГЗ /2017/ цол хүртжээ.

Яруу найрагч А.Эрдэнэ-Очир нь сүүлийн жилүүдэд МҮОНР-ийн хөгжмийн нэвтрүүлгийн албаны сэтгүүлч редактор, МЗЭ-ийн Удирдах Зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж, их утга зохиол, утга соёлын амьдралын төлөө ухамсарт амьдралын сүүлчийн мөчийг хүртэл зүтгэж явсан.

Монголын их утга зохиолын сод билэгт төлөөлөгч, монголын ард түмний хайртай хүү авьяас билэгт уран бүтээлч түүний эгэл даруу, эрдэм төгс гэгээн дүр бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд хоногших болно.

Ум сайн амгалан болтугай

Categories
мэдээ нийгэм

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажил хийгдэж байна

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд 2018 оны 05 сарын 15-ны өдрөөс 2018 оны 07 сарын 15-ны өдөр хүртэл авто замын өргөтгөлийн ажил хийгдэх тул Чингисийн өргөн чөлөөнөөс Яармагийн гүүр хүртэлх замын хойд урсгалын 570 метр газарт авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, урд урсгалаар сөрөг хөдөлгөөнд оролцуулна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.15) хуралдаан 55.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 39 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Засгийн газраас 2018 оны тавдугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын бүртгэлийн үйл ажиллагааг онлайн горимд шилжүүлж, үндэсний цахим баримт бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх, бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй болгох чиглэлээр одоо үйлчилж буй эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох юм байна. Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д ч бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох зорилтыг дэвшүүлсэн талаар Сангийн сайд дурдав. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамтаар УИХ хэлэлцэх явцдаа 2018 оны нэгдүгээр сард “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг буцаах тухай” УИХ-ын тогтоол гаргахаар шийдвэрлэсэн юм. Иймд төслийг холбогдох шаардлагад нийцүүлэн дахин боловсруулж, зарчмын шинжтэй дараах өөрчлөлтүүдийг тусгасан гэв. Үүнд, хуулийн зорилтыг нарийвчилж, тодорхой тусгасан байна. Нэр томъёог тодорхой болгох, бүртгэлийн бусад хуультай уялдуулах, цахим үнэмлэхний хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбоотой зохицуулалт, улсын бүртгэлийн суурь харилцааг хуулийн хүрээнд нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулах, мэдээллийн сантай холбоотой харилцаатай холбоотой асуудлаар холбогдох өөрчлөлтүүдийг нэмж тусгасан байна.

Илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Очир бүртгэлийн байгууллагын программ, техник хангамжийн талаар болон мэдээллийн нууцлалыг хамгаалах талаар тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Мөн хуулийн этгээдийн бүртгэлд ашгийн болон ашгийн төлөө бус гэдгийн ялгааг нарийвчилах зохицуулалт төсөлд тусгагдаагүй учрыг лавлав. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамтаар Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлсэн. Уг төсөлд гишүүний хэлж буй асуудал тусгагдаагүй гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд хэллээ. Учир нь ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулдаг компани буюу нийтэд тустай үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн эрх зүйн орчин нарийн зохицуулалтгүй явж ирсэн байна. Иймээс ч ашгийн төлөөх хуулийн этгээд нийгмийн тусын тулд ашгийнхаа тодорхой хувийг зарцуулахад түүнийг нь татвараас хөнгөлөх эсэх, төрийн бус байгууллага болон нийгэмд үйлчилдэг байгууллага үйл ажиллагаа явуулахтай холбоотой татварын асуудал мөн хөндөгддөг байна. 10 жилийн өмнө 5000 орчим байсан төрийн бус байгууллага 2017 оны арванхоёрдугаар сарын байдлаар 18300 болсон. Өөрөөр хэлбэл, төрийн бус байгууллага нэрээр халхавчлан ашгийн төлөөх үйл ажиллагаа явуулах байдал түгээмэл байна. Бизнесийн үйл ажиллагаа ийм бүртгэлтэй байхаар хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулах, хувь эзэмшил, өмчлөл, өв залгамжлах асуудал хөндөгдөхөд эрсдэл учирдаг. Иймээс энэ асуудлыг хуулийн хүрээнд нарийн зааглах шаардлага бий. Салбарын яамнаас энэ чиглэлээр иж бүрэн судалгаа хийж, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа гэлээ. Энэ хүрээнд Компанийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төрийн бус байгууллагын тухай, Иргэний хууль зэргийн уялдааг хангах байдлаар асуудлыг цогцоор шийдвэрлэх боломжтой гэж үзсэн байна. Хуралдааныг даргалаж буй Л.Мөнхбаатар гишүүн бүртгэлийн байгууллагын шинэ барилгын явцын талаар тодруулж, хариулт авсан. Төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундарь санал хэллээ. Бизнесийн байгууллагууд цаг үеийн шаардлагаар технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн иргэдийн хурууны хээгээр олон төрлийн үйлчилгээгээ хүргэж байгаа ч төсөлд “хаалттай мэдээлэл” гэсэн ангилалд тусгахаар оруулсан байгааг анхаарах шаардлагатай гэлээ. Аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулахгүй, мөн нууцлалыг хадгалахтай холбоотой асуудлыг нарийвчлах, шашны байгууллагуудын бүртгэлийг нягтлах талаар болон иргэдэд таатай бүртгэлийн тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллах саналыг хэлсэн юм. Ингээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих томъёоллоор санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд энэ талаарх санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов.

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ

Үргэлжлүүлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийнүзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр баталж, мөрдөж байгаа бөгөөд 8 бүлэг 28 зүйлтэй. Энэ хуулиар Монгол Улсад хуулийн этгээд шинээр үүсэн байгуулагдсан, өөрчлөн байгуулагдсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бичгээр болон цахим хэлбэрээр бүртгэх, иргэн хуулийн этгээдэд лавлагаа олгох, улсын бүртгэл хөтлөхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг байна. Гэсэн ч зарим зохицуулалтыг нягталж боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилт үр нөлөөг дээшлүүлэх, холбогдох бусад хуульд нийцүүлэх шаардлага үүссэн гэв. Энэ удаагийн шинэчилсэн найруулгын төслөөр зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орсноос гадна хуулийн нийт зүйл, заалтын талаас илүү буюу 14 зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт орж байгаа тул Хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Төсөлд хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, бүртгэлийн зарим суурь харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой болгох, бүртгэлийн байгууллагын зарим чиг үүргийг нийтэд ойлгомжтой болгох зорилгоор зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгасан байна. Мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлд хамаарах бүртгэлийн хугацааг шинэчлэн тогтоох замаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн байгууллагаар үйлчлүүлэх хугацааг багасгах, өргөдөл гаргагчийн хуулийн этгээдийн нэрээ баталгаажуулснаас хойш 10 хоногийн дотор бүртгэлийн байгууллагад өргөдлөө гаргахаар заасан хугацааг уртасгаж тогтоосон байна.

Танилцуулгатай холбогдуулан Ц.Мөнх-Оргил гишүүн тодруулга хийв. Бүртгэлийн багц хуулийн төслийг боловсруулахдаа Иргэний хуулийн 33 дугаар зүйл дэх “ Хуулийн этгээдийн төрөл”, энэ зүйл дэх “ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компанийн хэлбэрээр байгуулна”, “ашгийн төлөө бус хуулийн этгээдийг холбоо, сан, хоршооны хэлбэрээр байгуулна” гэснийг өөрчлөх асуудлыг тусгаагүйг лавлав. Хуулийн ийм хязгаарлалтаас болоод Монгол Улсын Их Сургууль өнөөдөр боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг улсын үйлдвэрийн газар гэдэг бүртгэлтэй байна. Гадаадын хөрөнгө оруулалттай зарим дунд болон их сургууль төрийн бус байгууллага гэж бүртгэлтэй байгаа. Тухайлбал, ашгийн төлөө бусаар үйл ажиллагаа явуулж буй энэ байгууллагуудыг компани гэж бүртгэх шаардлагатай. Аж ахуйн үйл ажиллагаа явуулж, ашиг олно. Харин үүнийгээ ноогдол ашиг болгож тараахгүй, үйл ажиллагаагаа санхүүжүүлэх зарчмаар ашиглана. Үүнийг нь татварын алба хянадаг тогтолцоо байх нь зүйтэй. Бүртгэлээс үүдэн татварын ангилал нь ч өөр байх юм. Хуулийн этгээдийг бүртгэх төрийн гол зорилго бол тухайн байгууллага хэн нэгнийг хохироосон тохиолдолд хариуцлагыг хэн хүлээх вэ, удаад нь татвараа авах юм. Одоо танилцуулж буй төсөлд үүнийг өөрчлөх зохицуулалт шаардлагатай гэдгийг хэлсэн. Тулгамдаад буй асуудлыг хөндөж буйг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд хүлээн зөвшөөрөөд салбарын яам үүнийг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор дээр дурдсан ажлуудыг хийж байгаа бөгөөд хэлэлцэж буй төсөлд тодорхой өөрчлөлтийг тусгасан гэв.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав одоо хэрэгжиж буй хуулийн хэрэгжилтийн тайлан, төслөөр зарчмын ямар өөрчлөлт оруулж байгааг тодруулж хариулт авсан. Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй тул санал хураалт явуулахад 66.7 хувь нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив.

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжилж, тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарагддаг төрийн байгууллагуудын удирдлагууд болон Сангийн сайд хуралдаанд оролцов. Ч.Хүрэлбаатар сайд танилцуулгадаа, татварын шинэчлэлийг хөгжүүлэх, бизнесийг орчныг сайжруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэх, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих тэргүүтэй төсөл дэх зорилтот арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд дэвшил гарна хэмээн тооцсон байна. Тухайлбал, эдийн засгийн бодит өсөлт 8 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн түвшин 2019 онд 55.3 хувь, ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас хэтрүүлэхгүй байх нөхцөл бүрдэнэ гэв. Сангийн сайд танилцуулгадаа урт хугацааны тогтвортой өсөлт чухал гэдгийг онцолсон юм. Засгийн газар татварын орчныг шинэчлэн хялбар, энгийн болгох, шударга өрсөлдөөнийг урамшуулах, хөрөнгийн зах зээлийг татварын бодлогоор дэмжих, аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийн зардлыг бууруулах, элэгдэл тооцох хугацааг багасгах, татварын өр төлөх хугацааг сунгахаар төлөвлөсөн байна. Ийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангахаас гадна эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бий болгоход анхаарч ажилласан байна. Энэ хүрээнд цалин, тэтгэвэр, ажлын байр, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр Үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ. Хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэх “Мах, сүүний анхдугаар аян”, “Үйлдвэржилт 20:100”, “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүнд, хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих арга хэмжээнүүдийг төлөвлөсөн талаар танилцууллаа. Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд нийт 20 зорилт, 123 арга хэмжээний хүрээнд 8.6 их наяд төгрөгийг улсын төсөв, гадаад, хувийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.

Сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Батнасан, С.Бямбацогт, Ц.Гарамжав, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Хууль, эрх зүйн орчны шинэчлэлтийн хүрээнд томоохон хуулиуд шинээр батлагдан, хэрэгжиж байгаа бөгөөд хуулийн бүх байгууллагын төлөөлөл оролцсон хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан гэдгийг дэд сайд Б.Энхбаяр дуулгасан. Энэ хүрээнд салбарын сайдын багцад 2640 орон тоо нэмэх шаардлагатай гэдэг тооцоолол хийгдсэн бөгөөд үүнд 295 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Харин улс орны төсөв, эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн сүүлийн 4-5 жилд хуулийн байгууллага шинээр нэг ч орон тоо нэмэгдүүлэхгүйгээр ажиллаж байгаа гэлээ. Мөн салбарын яамны зүгээс зарим асуудлаа шийдвэрлэхдээ төсөв болон татвар төлөгчдөд дарамт учруулахгүйгээр гадны хөрөнгө оруулалт, тусламжаар шийдвэрлэх гарцыг эрэлхийлж байгаагаа хэлсэн. Гишүүдийн тодруулсны дагуу томоохон төслүүдийг хэрэгжүүлэх ажлын явцын талаар Сангийн сайд мэдээлэл өгсөн. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр онцгойлон анхаарахгүй бол иргэдийн эрх зүйн боловсрол хангалтгүй байгаагаас иргэд эрх, эрх чөлөө нь зөрчигдөж байгааг мэдэхгүй хохирч байгааг О.Батнасан гишүүн хэлсэн. Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх нь чухал ач холбогдолтой гэдгийг хууль зүйн салбарт хэрэгжсэн хөтөлбөр, арга хэмжээнүүдээс харж болно гэдгийг дэд сайд Б.Энхбаяр хэлээд тодорхой мэдээлэл өгсөн. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн 17.7-д “Иргэдийн эрэлт хэрэгцээг хангахуйц эрх зүйн мэдээ, мэдлэгийг цахим болон цахим бус байдлаар нээлтэй, хүртээмжтэй, энгийн, хялбарчилсан хэлбээр хүргэх тогтолцоог бүрдүүлэх” арга хэмжээг хэрэгжүүлэхэд 1.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 0.1 тэрбум төгрөгийг гадаад эх үүсвэрээс санхүүжүүлэх шаардлагатай хэмээн тусгасан байна. Засгийн газраас хууль сахиулах үүргийг өгөхийн зэрэгцээ энэ үйл ажиллагааг явуулах төсөв, эдийн засгийн асуудлыг шийдэж байх ёстой гэдгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр нийтдээ 382 зорилттой, үүний 84 нь засаглал, эрх зүйн бодлого, хууль сахиулах үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилт юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 22 хувь нь хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг хангахтай холбоотой зорилт байтал 2019 оны үндсэн чиглэлийн төслийн ердөө 6 хувийг эзэлж байна. Улс орны эдийн засгийн нөхцөл амаргүй байгаа хэдий ч хууль сахиулах, шударга ёсыг бэхжүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд анхаарах шаардлагатай гэдгийг тэрбээр дурдаад Хууль зүйн байнгын хорооны гишүүд хэлэлцүүлгийн явцад үүнд анхаарлаа хандуулах нь зүйтэй гэлээ. Ингээд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжиж, энэ талаархи санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Бямбасайхан, С.Баярцогт нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэж байна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хориог сунгах эсэхийг шийдэх хурал 15.00 цагт эхэллээ.

Өмнө нь буюу тавдугаар сарын 1-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж, тэднийг 15 хоногийн хугацаатай үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан юм.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-д айлчилна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар 2018 оны 5 дугаар сарын 16-17-ны өдөр ОХУ-д айлчилна.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, ОХУ-ын хооронд Стратегийн түншлэл хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар харилцан мэдээлэл солилцоно. Түүнчлэн цаашдын хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлох хүрээнд хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх боломж зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцоно. Мөн олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар ярилцана.

Categories
мэдээ нийгэм

А аминдэмийг үндэсний хэмжээнд хуваарилан түгээж байна

Эрүүл мэндийн яамнаас бага насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн дархлааг сайжруулах, хоол тэжээлийн бичил тэжээлийн дутлаас сэргийлэх зорилгоор А аминдэмийг үндэсний хэмжээнд хуваарилан түгээж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд А аминдэмийг олгодог. Жилд хоёр удаа буюу зургаан сарын зайтай уулгадаг

А аминдэм нь хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч) тосонд уусдаг аминдэм бөгөөд хүүхдийн нүдний хараа, мэдрэлийн үйл ажиллагаа, арьс салстыг хамгаалах, дархлааг дэмжин, өсөлт, хөгжлийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа төрөл бүрийн амьсгалын замын халдварт өвчин, улаанбурхан, салхин цэцэг болон суулгалт өвчнөөр өвчлөх, хүндрэл гарах эрсдлийг бууруулдаг байна.

А аминдэмийг жилд 2 удаа 5 болон 11 дүгээр сард ууснаар дархлаа сайжирч, амьсгалын замын салст бүрхэвчийн хэвийн байдал хангагдан, амьсгалын замын өвчлөл, ханиад, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой.

-6 -11 сартай хүүхэд 100,000 олон улсын нэгж А аминдэмийг

-12-59 сартай хүүхэд 200,000 олон улсын нэгж А аминдэмийг жил бүрийн тав болон 11 дүгээр сард ууна.

-6 хүртлэх сартай хүүхэд эхийн сүүнээсээ шаардлагатай А аминдэмийг авдаг.

-Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл нь 10 төрлийн аминдэм, таван төрлийн эрдэс бодис агуулсан цайвар өнгийн нунтаг бөгөөд зориулалтын ариун уутанд нэг граммаар савлагдсан байдаг.

ОНБТБ нь хүүхэд, эхчүүдийн бие махбодид зайлшгүй шаардлагатай аминдэм, эрдэс бодисын өдрийн хэрэгцээг хангадаг тул:

-Биеийн дархлааг сайжруулна.

-Бичил тэжээлийн дутлаас сэргийлнэ

-Хүүхдийн хооллох дуршлыг нэмэгдүүлнэ.

-Хүүхдийн өсөх, хөгжих, сурах чадварыг нэмэгдүүлнэ

Categories
мэдээ улс-төр

Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр /2018.05.15/ Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Төрийн өмчид байгаа илүүдэлтэй, ашиглалтгүй хөрөнгийг хэрэгцээ шаардлагатай байгаа орон нутагт шилжүүлэх хөрөнгийн зохицуулалт хийх, Төсвийн тухай хууль, Эрчим хүчний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, хяналтыг сайжруулах зорилгоор уг тогтоолын төслийг боловсруулсан байна.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж, төрийн өмчийн эд хөрөнгийг орон нутгийн өмчид шилжүүлснээр Дархан-Уул, Баянхонгор, Говь-Алтай, Архангай аймагт цэцэрлэг нэмж байгуулан, нийт 350 орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулах, Ховд, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын ажил үйлчилгээг иргэдэд ойртуулах боломжийг нэмэгдүүлэх, Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрыг өмчийн ижил хэлбэрт шилжүүлэх, Увс, Ховд, Баян-Өлгий, Дундговь аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын бизнес эрхлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, орон нутаг дахь зарим хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалтыг сайжруулах төдийгүй аймаг, нийслэлийн эдийн засагт багагүй нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж санаачлагчид нь үзжээ.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын үндсэн бүтцийн агентлаг бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш төрийн өмчийн эд хөрөнгийн улсын анхны үзлэг, тооллогыг 1997 онд улс орон даяар зохион байгуулж, улмаар 1999 онд аймаг, нийслэлийн өмчид шилжүүлэх 229.7 тэрбум төгрөгийн хөрөнгийн жагсаалтыг УИХ-ын 29 дүгээр тогтоолоор анх удаа батлуулснаар орон нутгийн өмч бий болсон байна.
Түүнээс хойш Төрийн өмчийн хороо (хуучнаар)-ноос “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” УИХ-ын 2001 оны 91, 2002 оны 84, 93, 2004 оны 18, 2007 оны 37, 2009 оны 90, 2010 оны 73 дугаар тогтоолыг тус тус батлуулж, тухай бүр хэрэгжүүлсэн юм. Энэ хугацаанд Улсын Их Хурлын тогтоолоор нийт 8 удаа төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлсэн байна.
Тэгвэл энэ удаад өргөн бариад буй “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар холбогдох байгууллагын хүсэлтээр төрийн өмчөөс орон нутгийн өмчид нийт 28,1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ

Categories
мэдээ нийгэм

Сурагчид Польш улсыг зорихоор болжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд уламжлал болон зохион байгуулагддаг сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээн сар гаруй хугацаанд үргэлжилж, аваргаа шалгаруулав. Энэ жилийн лигийн тэмцээнд дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 17 сургуулийн эрэгтэй, эмэгтэй нийт 31 багийн 400 орчим тамирчин оролцлоо.

2018 оны лигийн аваргаар 84 дүгээр сургуулийн эрэгтэй баг шалгарч Польшийн Плоцк хот руу аялж, харилцан туршлага судалж, бэлтгэл хийх эрхтэй боллоо. Тэмцээний дэд байрт 111 дүгээр сургуулийн тамирчид шалгарсан бол 33 дугаар сургуулийн баг гутгаар байрын эзэд болсон юм. Харин ‘’Лигийн аварга’’ эмэгтэй багаар 33 дугаар сургуулийн тамирчид шалгарч дахин Плоцк хот руу аялах эрхээр шагнуулсан бол 79 дүгээр сургуулийн тамирчид удаалсан байна. Лигийн аваргын хүрэл медалийг ‘’Шавь’’ цогцолбор сургуулийн баг тамирчид хүртлээ.

2018 оны Сагсан бөмбөгийн лигийн тэмцээний эрэгтэй ‘’Шилдэг тоглогч’’-оор 84 дүгээр сургуулийн сурагч н.Дөлгөөн шалгарсан бол эмэгтэй ’’Шилдэг тоглогч‘’-оор 33 сургуулийн сурагч О.Зулцэцэг шалгарав. Түүнчлэн тэмцээнд сурагчдаа сайн бэлдэж, өмнөх жилийн амжилтаа ахиулан оролцсон 79 дүгээр сургуулийн багш П.Ууганхүү, 111 дүгээр сургуулийн багш Д.Алтанцэцэг нарыг ‘’Шилдэг дасгалжуулагч’’-аар шагнаж, урамшуулсан юм.

Лигийн тэмцээний шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Д.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон албаны бусад хүмүүс оролцлоо. Дашрамд мэдээлэхэд, сагсан бөмбөгийн спортыг хүүхэд залуучуудын дунд дэлгэрүүлж, багийн спортыг дэмжих, хүүхэд залуусын бие бялдрыг хөгжүүлэх зорилготой тус тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх Д.Пүрэвдаваа дүүргийн Засаг дарга байхдаа санаачилж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийг 21 насанд хүрээгүй иргэдэд худалдаалахгүй байхыг анхаарууллаа

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газраас хамтарч шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй зөв хэрэглээг хэрэглэгчдэд хэвшүүлэх, буруу хэрэглээнээс гарч болзошгүй аюул, осол, эрсдлийг арилгах, бууруулах зорилгоор 220 граммаар савлагдсан буюу ахуйн хэрэглээний жижиг газ, шингэрүүлсэн шатдаг хий худалдаалж буй аж ахуй нэгж байгууллагуудад сургалт зохион байгууллаа.

Сургалтын үеэр 220 граммын ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалах, ашиглахтай холбоотой аюулгүй ажиллагааны санамж, зөвлөгөө өгч мэдэгдэл хүргүүлсэн. Үүнд, Шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагуудаас авах, жижиглэнгээр савласан шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалах төрөлжсөн тасаг, лангуу байрлуулах боломжтой зах худалдааны төвүүдээс бусад хүнс барааны дэлгүүр, супермаркетаар 220 граммаар савлагдсан ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалахгүй байх, импортын болон бөөний худалдааны тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагын оруулж ирсэн бүтээгдэхүүнийг худалдаалах ёстойг анхаарууллаа.

Түүнчлэн монгол хэлээр бичигдсэн санамж бүхий хэлээр бичсэн хэрэглэх заавар бүхий шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалах, ашиглахыг зөвлөлөө. Учир нь гадаад хэл дээр бичигдсэн заавар бүхий ахуйн жижиг газыг Монгол Улсын хилээр оруулж ирэхийг зөвшөөрдөггүй байна. Мөн 21 нас хүрээгүй иргэдэд шингэрүүлсэн шатдаг хий худалдахгүй байх, хэрэглэгчдэд ахуйн хэрэглээний хийг аюулгүй зөв хэрэглээний зааврыг танилцуулан худалдаалах, аюулгүй ажиллагааны заавар хангасан зориулалтын дагуу тоноглогдсон ажлын байр, агуулахад санамжийн дагуу хадгалах зэргийг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөлөө гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга төв талбайд суулт хийж байгаа ажилтнуудтай уулзав

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хороо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг олон салбарын төлөөлөл болсон ажилтнууд төв талбайд цалин, хөлсөө нэмэгдүүлэхээр суулт хийж байгаа юм.

“Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоохыг шаардсан эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялтаас өмнөх суулт”-д оролцогчид “Санал хүргүүлэх тухай”, “Зарлиг гаргаж өгөхийг хүсэх тухай” гэсэн хоёр саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжилсан юм. Эдгээр хүсэлтийнх нь дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга суулт хийж байгаа салбар, салбарын ажилтнуудтай уулзлаа.

Энэ үеэр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар:

“Эрүүл мэндийн салбарын ажилтнуудаас гадна шинжлэх ухааны, боловсролын, соёл урлагийн, цаг уурын зэрэг олон салбарын ажилтнууд суулт зарлаж байгаа. Бид үр дүн гарахаас нааш суултаа зогсоохгүй. Засгийн газрын төлөөллүүд ОУВС-тай дахин хэлэлцээр хийж, 2018 оны хоёрдугаар улиралд цалин, хөлсийг нэмэгдүүлэхээр боллоо гээд бидний арваннэгдүгээр сард хийж байсан тэмцлийг зогсоосон. Бид энэ суултаараа тухайн хэлэлцээрээс гарсан үр дүнг л шаардаж байгаа. Цалин нэмтэл бид суултаа зогсоохгүй. Биднийг гурван өдөр энд суулгаж байна. Энэ бол Монгол төрийн эмгэнэл. Монгол Улсад хөдөлмөрийн мөлжлөг асар их явагдаж байна. Ажил хийгээд ам тостдог биш эсрэгээрээ өрөнд орж, ядуурч байна. Зарим хэсэг нь хэтэрхий их баяжиж байна. Бид зөвхөн хөдөлмөрөө л үнэлүүлмээр байна” гэсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас дахин цаг гарган уулзаж, цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудалд анхаарч өгөхийг хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний хүсэлтийг хүлээн авч, маргааш буюу 2018 оны тавдугаар сарын 16-ны өдөр цалин хөлсөө нэмэгдүүлэх суултад оролцож байгаа салбарын төлөөллүүдтэй уулзахаар болов. Мөн Төрийн тэргүүн цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай нь санал нэгдэж буйгаа илэрхийлэн багш, эмч зэрэг зарим салбарынхан баталгаатай цалинтай тул нийгмийн халамж талаас нь хүүгүй зээлд хамруулах замаар орон сууцаар хангах, Улаанбаатар хотоос алслагдсан газарт ажиллаж байгаа ажилтнуудын цалин хөлс, хангамжийг бүсчлэн нэмэгдүүлэх зэрэг бодлого баримталж байгаагаа хэллээ.