Categories
мэдээ нийгэм

Залуу гэр бүлийн 60 орчим хувь нь эцэг, эхтэйгээ амьдардаг

“Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, ХНХЯ хамтран “Гэр бүлийн талаархи бодлого, эрх зүйн шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав.

Энэхүү хэлэлцүүлэг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах, Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэж, шийдвэр гаргах арга замыг хамтран тодорхойлох зорилготой юм.

Нийгмийн хөгжлийг дагаад үүсч байгаа шинэ нөхцөл байдалтай уялдуулж, гэр бүлийн тухай хуульд шинээр тусгах олон асуудал урган гарчээ. Гэр бүл цуцлалт, хүчирхийллийн улмаас хүүхдэд тавих эцэг, эхийн анхаарал, халамж суларч, хүүхдийн ахуй амьдрал, сурлага хүмүүжилд сөргөөр нөлөөлж, улмаар гэрээсээ дайжиж, гудамжинд амьдрах, гэмт хэрэгт холбогдох, ял эдлэх, хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн золиос болох зэрэг эрсдэлд өртөж байгааг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлэлцүүлгийн нээлтийн үеэр дурьдлаа.

Тэрбээр, “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд төрөөс гэр бүлийн тогтвортой, хамтын амьдралыг дэмжих, гэр бүлийн талаар явуулж буй бодлого, үйлчилгээг гэр бүлд шуурхай хүргэх үүрэг бүхий төрийн байгууллагын чиг үүргийг тодорхойлж, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг сайжруулах шаардлагатай байна” гэлээ.

Албан ёсны мэдээллээс үзэхэд, 2017 оны байдлаар Монгол Улсад 885.6 мянгөн өрх айл байгаагаас 65 хувь нь хот суурин газарт, 35 хувь нь хөдөөд амьдардаг байна. Нэг өрх дунджаар 3-4 гишүүнтэй аж. Мөн онд 20.4 мянган хос гэрлэлтээ бүртгүүлсэн нь өмнөх оноос 22 хувиар өсөж, 3.9 мянган хос гэр бүлээ цуцлуулсан байна. 2010 оны хүн ам, орон сууцны тооллогоор гэр бүлтэй болон хамт амьдардаг хүн амын 86 хувь нь хууль ёсоор батлуулсан бол 14 хувь нь батлуулаагүй байна. Залуу гэр бүлийн 60 орчим хувь нь эцэг, эхтэйгээ амьдардаг гэсэн судалгааг холбогдох төрийн байгууллагууд гаргасан байна. Түүнчлэн орон сууцанд амьдарч буй залуу гэр бүлүүдийн 35.1 хувь нь орон сууцны зээлтэй байгаа ажээ.

Мөн үеэр ХНХЯ-наас Монгол Улсын Засгийн газраас гэр бүлийн хөгжлийн чиглэлд 2016-2020 онд хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа. Тухайлбал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүтцийг бий болгох, гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, хүчирхийллийг бууруулах, хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхэд төрсөн цагаасаа эхэлж өмчийн эзэн байх эрх зүйн орчинг бүрдүүлэх, залуу гэр бүл, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд орон сууцжуулах, орон сууцны түрээсийг урьдчилгаанд шилжүүлэн тооцуулдаг аргачлалыг үе шаттай нэвтрүүлэхээр ажиллаж байна гэв.

Хэлэлцүүлэгт олон улсын Улаанбаатар их сургуулийн гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Оюун-Эрдэнэ “Монгол гэр бүлийн үнэт зүйл ба өнөөгийн байдал” сэдвээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандах “Гэр бүл, хүүхдийн эрх ашигтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэлтийн байдал” сэдвээр тус тус илтгэл тавьж, оролцогчид холбогдох хүмүүсээс асуулт асууж, санал бодлоо хэллээ.

Categories
гадаад мэдээ

Зөвлөлдөх уулзалт хийхээр Ану болон Израильд суугаа элчин сайдуудаа Турк улс эргүүлэн дуудлаа

Газын зурваст өрнөсөн палестинчуудын эсэргүүцлийн ажиллагааны үеэр Израилийн цэргийн зүгээс хүч хэрэглэсний улмаас Палестины 50 иргэн амь үрэгдсэнтэй холбоотойгоор зөвлөлдөх уулзалт хийхээр Вашингтон болон Тель-Авивд суугаа элчин сайдуудаа Туркийн эрх баригчид эргүүлэн дуудах шийдвэр гаргажээ. Энэ тухай Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган өчигдөр мэдэгдсэн байна.

“Израилийн эрх баригчдын энэ үйлдэлд бид хатуу хандана. Лалын хамтын ажиллагааны байгууллагын шуурхай хуралдаан ирэх баасан гарагт Истанбул хотод болно гэж найдаж байна. Түүнчлэн бид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шуурхай хуралдуулах санал тавьж, олон орны удирдагчидтай яриа хэлэлцээ хийнэ. Маргаашнаас орон даяар гурван өдрийн гашуудал зарлаж байна” гэж Т.Эрдоган “NTV” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

АНУ ЭСЯ-аа Иерусалим руу нүүлгэн шилжүүлж байгаатай холбоотойгоор Газын зурваст эсэргүүцлийн ажиллагаа өрнөж, палестинчууд болоод Израилийн хүчнийхний хооронд үүссэн сөргөлдөөний улмаас палестины 55 иргэн амь үрэгдэж, 2,7 мянган хүн бэртэж гэмтсэн байна. Газын зурвас дахь нөхцөл байдлыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнөөдөр хэлэлцэх аж.

Categories
мэдээ нийгэм

Цөмийн эрчим хүчний салбарынхан Сочид чуулж байна

Дэлхийн цөмийн энергийн салбарын хамгийн том үйл ажиллагаа болох АТОМЭКСПО олон улсын форум, үзэсгэлэн 10 дахь удаагаа ОХУ-ын Сочи хотод энэ сарын 14-16-ны хооронд болж байна. АТОМЭКСПО арга хэмжээг ОХУ-ын “Росатом”корпорациас 2009 оноос санаачлан зохион байгуулсаар иржээ.
“Олон улсын түншлэл – Хамтын амжилт” сэдвийн дор зохион байгуулж буй 10 жилийн ойн энэхүү арга хэмжээнд 60 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч оролцож байна. Харин 2009 оноос хойш нийт 83 орны 38.000 гаруй зочид уг хурал, үзэсгэлэнд оролцжээ.
АТОМЭКСПО-д Засгийн газар, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид, олон улсын шинжээчдээс гадна дэлхийн цөмийн энергийн салбарын гол тоглогч компаниудын төлөөлөл оролцож, салбарын хөгжил, ололт амжилт, саад бэрхшээлээ хэлэлцэхээс гадна хамгийн сүүлийн үеийн цөмийн технологийг танилцуулдаг.
“Росатом” корпорацийн ерөнхий захирал Алексей Лихачёв үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Бид энэ жилийн форумыг “Олон улсын Түншлэл- Хамтын амжилт” сэдвийн дор зохиож байна. Учир нь урт хугацааны хамтын ажиллагаа, түншлэлийн хүчээр бид хамтдаа хөгжиж, урагшилж чадах бөгөөд энэ нь цөмийн энергийн салшгүй нэг хэсэг болсон ногоон эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих ач холбогдолтой” гэсэн юм.
Харин Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Юкияа Амано дэлхийн цөмийн энергийн салбарын хөгжилд оруулж буй АТОМЭКСПО форумын хувь нэмрийг тэмдэглэв. Тэрбээр “Олон улсын атомын энергийн агентлагийн хувьд цөмийн эрчим хүчний салбарын хөгжлийг, тухайлбал шинэ тоглогчдын хүчин чармайлтыг дэмжих нь чухал. Тиймээс бид АТОМЭКСПО-той хамтран ажилладаг” гэсэн юм.
Цөмийн эрчим хүчний салбар 2050 он гэхэд дэлхийн бүх цахилгаан эрчим хүчний 25 хувийг хангах зорилт тавьжээ. Үүнд хүрэхэд олон улсын хамтын ажиллагаа, түншлэл чухлыг Дэлхийн цөмийн энергийн холбооны ерөнхий захирал Агнета Ризинг онцолсон юм. Тэрбээр хэлэхдээ, “Эх дэлхий, хүн төрөлхтнийг эрүүл агаар, тогтвортой цахилгаан эрчим хүчээр хангах, түүгээр дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахын тулд бидэнд хийх зүйл их байна” гэсэн юм. АТОМЭКСПО форумын хүрээнд “Дижитал ирээдүй болон Аж үйлдвэр 4.0”, “Шинэ эрчим хүчний инженерчлэл” болон “Цөмийн энергийн салбарынхан” гэсэн 3 гол сэдвийн хүрээнд 20 гаруй дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Эдгээр сэдэвчилсэн хэлэлцүүлэгт 200 гаруй шинжээч оролцож, цөмийн технологийн хэрэглээний бүх чиглэлээрх олон талт хамтын ажиллагааны тухай санал бодлоо солилцож байна.
“Росатом” корпорацийн ерөнхий захирал Алексей Лихачёвийн урилгаар АТОМЭКСПО олон улсын форум, үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлж Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Манлайжав, төрийн өмчит “Мон-атом” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргал нар оролцож байна.

Монгол Улс Олон улсын атомын энергийн агентлагт 1973 онд элссэн.
Төрийн өмчит “Мон-атом” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргалын хувьд хоёр дахь удаагаа АТОМЭКСПО-д оролцож байгаа аж. Тэрбээр хэлэхдээ “АТОМЭКСПО бол цөмийн эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн бүхий л компани оролцож, үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ танилцуулдаг томоохон арга хэмжээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жилийн арга хэмжээ хамрах хүрээ, хэлэлцэх сэдвийн хувьд илүү өргөн дэлгэр байгаа нь ажиглагдаж байна. Миний хувьд эдгээр компанийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах, холбоо тогтоох, олон улсын түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор оролцож байна” гэсэн юм.
2009 онд байгуулагдсан “Мон-атом” компани нь цацраг идэвхит ашигт малтмалын судалгаа хийх, олборлолт явуулахад Монгол Улсын засгийн газрын оролцоог хангах үүрэгтэй. “Мон-атом” компани байгуулагдсанаас хойш Франц, Чех, Орос, Хятад улсын цацраг идэвхт ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудтай хамтран ажиллаж иржээ. Эдгээр түншүүдтэйгээ нэг дор уулзаж, хамтын ажиллагаагаа ахиулах боломжийг АТОМЭКСПО олгож буйг Д.Далайжаргал тэмдэглэв.

Categories
мэдээ нийгэм

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-аар ажиллах сайн дурын идэвхтнүүдийг бүртгэж байна

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран ирэх 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа билээ.

Тус хурлын бэлтгэл ажлыг хангах, үйл ажиллагааны зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын Улаанзагалмайн нийгэмлэгээс сайн дурын идэвхтнээр ажиллах сонирхолтой, оюутан залуусыг бүртгэж байна.

Сайн дурын идэвхтнээр ажиллах оюутан залуусын хувьд англи, орос, хятад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх, баг хамт олон болж ажиллах чадвартай хоёроос дөрөвдүгээр дамжааны оюутан байх ерөнхий шалгууртай юм.

Бүртгүүлэхийг хүссэн оюутан залуус Монголын Улаанзагалмайн нийгэмлэгийн volunteers@redcross.mn хаягаар анкетаа ирүүлэхээс гадна Мongolian Red Cross Society фейсбүүк хаягаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор боллоо

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Баярцогтыг үргэлжлүүлэн дахин нэг сар хорих шийдвэр гаргасан. Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Бямбасайханы асуудлыг хэлэлцээд түүнийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг гаргалаа. Тэрбээр шүүх хуралд онлайнаар оролцсон юм.

Өмнө нь буюу тавдугаар сарын 1-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж, тэднийг 15 хоногийн хугацаатай үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан юм. Хугацаа дуусаж байгаа тул дахин хорих эсэхийг шийдэхээр өнөөдөр ийнхүү шүүх хурал зарлагдсан.

Авлигатай тэмцэх газраас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг шалгаж байгаа юм. Тэдэнтэй хамт баривчлагдсан Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсанг энэ сарын 01-нд батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэр шүүхээс гаргасан билээ.

Categories
мэдээ спорт

Швед, АНУ-ын хоккейчид хэсгээ тэргүүлж байна

Шайбтай хоккей дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Дани улсын Копенгаген хотод 10 дахь өдрөө хэсгийн тоглолтуудаар үргэлжилж байна. Өнгөрсөн шөн багууд 5, 6 дахь тоглолтуудаа хийсэн бөгөөд А хэсгийг тэргүүлэгч Швед Швейцарийн багтай тоглож 5-3 харьцаагаар хожжээ. Ингэснээр таван хожил, нэг нэмэлт цагийн ялалтаар 17 оноотой болж хэсгээ тэргүүлж байна.

Харин В хэсгийг тэргүүлэгч АНУ-ын хоккейчид Норвегийн багийг хүлээн авч 9-3 харьцаагаар бутниргэжээ. Улмаар В хэсгийг тэргүүлэгч хэвээр үлдсэн бөгөөд нийт 16 оноотой болжээ.

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 1-нд хичээл эхлэхгүй гэв

Багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт тавиад жил гаруй хугацааг тойрч буй. Хоёр ч удаагийн ажил хаялт зарласны үр дүнд эрх баригчид 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Гэвч багшийн үндсэн цалин одоо болтол нэмэгдээгүй байгаа нь тэдний бухимдлыг төрүүлжээ. Иймд сувилагч нартай нэгдэж маргаашнаас ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн байна.

УИХ дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүн н.Батзориг ирж уулзаад “Маргаашаас сувилагч нарын ажил хаялтад багш нар нэмж сууна. Хичээл тараад амралт эхлэхийн өмнө цалингийн асуудлаа шийдүүлэхгүй бол гурван сарын дараа ямар ч асуудал шийдээгүй байна. Хэрвээ шийдвэрлэхгүй бол намар хичээлийн шинэ жил эхлүүлэхгүй байх хүртэл арга хэмжээ авна” гэсэн. Миний хувьд “Шантааж маягаар асуудалд хандаж болохгүй. Засгийн газар асуудлыг шийдэхээр хэлэлцэж байгаа” гэв. Гишүүд байр сууриа илэрхийлсний дараа байнгын хорооны хуралдаанааар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаарх санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэгэнт зохиосон амьдралаараа энэ орчлонг туулаарай

Үндэс, суурь сайтай ямарваа нэгэн зүйл нурах байтугай ганхах нь бараг үгүй. Ийн адил улсын үндэс бол гэр бүл юм. Өнөөдөр “Олон улсын гэр бүлийн өдөр” тохиож байна. Энэ өдрийг Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид Гэрлэх ёслолын ордонд тэмдэглэн өнгөрүүлэв. Тэд уг ордонтой хамтран зургаан албан хаагчийнхаа хуримыг хийлээ.

Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийж буй хосуудын нүдэнд баясал тодорч байв. Хүрэлцэн ирсэн зочид нь ч баярлан хөөрчээ. Гэрлэх ёслолын ордон гэдэг аз жаргал, инээд баяслын их өргөө билээ. Үрсийнхээ дуу хайрын илчээр өргөө цагаан гэртээ төвшин амгалан жаргаж буй хосуудын хуримын өдөр нижгэр болж байна.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Галт түймэр унтраах аврах 34-р ангийн жолооч Ц.Намсраймолом болон түүнтэй 15 жил ханилж буй гэргий Д.Оюунчимэг нар хуримаа хийв. Ц.Намсраймолом нь НОБЕГ-т 20 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Тэрээр “Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийнэ гэж төсөөлж ч байсангүй. НОБЕГ энэхүү хуримд миний гэр бүлийг урьж оролцуулж байгаад талархаж байна. Би найзынхаа гэрийг барьж өгч байхдаа анх ханийгаа харж байсан. Хань минь миний найзын эхнэрийнх нь ангийн хүүхэд байсан. Ингээд бид хоёр талаасаа уулзалдаж байлаа. Тэр үед миний насны хань мөн байна гэсэн мэдрэмж төрж байсан даа. Залуу хосууддаа хэлэхэд “Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийгээрэй, үнэхээр сайхан байдаг юм байна. Хайрын хурим хүний амьдралд ганц л тохиодог” гэв.

Түүний гэргий Д.Оюунчимэг “Би химич мэргэжилтэй хүн. Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын Үндэсний лавлагаа, лабораторид ажилладаг. Нөхрөөрөө маш их бахархаж байна. Ханийнхаа хамт олонд маш их талархлаа. Хурим гэдэг хүний амьдралд тохиолдох хамгийн аз жаргалтай мөч. Бид хоёрт гэнэтийн бэлэг боллоо. Гэнэтийн зүйл бүр сонин. Санаандгүй тохиолдлоор ханьтайгаа танилцаж байлаа. Үнэхээр сэтгэлээсээ хандаж намайг баярлуулж байсан. Энэ бүхнийг нь хараад л миний заяаны хань гэдгийг ойлгосон доо. Залуу хосууддаа захихад “Ханьдаа итгэнэ гэдэг хамгийн чухал. Хамгийн гол нь бие биенээсээ юм нуухгүй байх хэрэгтэй” миний хань намайг хэзээ ч хуурч байгаагүй. Бүх үнэнээ хэлдэг” гэлээ.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас хуримд хүрэлцэн ирсэн Ц.Мягмаррэнцэн, Д.Өлзийханд нараас сэтгэгдлийг нь сонслоо. Тэд Хатгал сумын дунд сургуулийг хамт төгсөж, Хөвсгөл аймгийн онцгой байдлын газарт хамт ажиллан тэтгэвэртээ гарсан аж. Ханьтайгаа 33 жилийг хамт өнгөрөөж буй гэргий Д.Өлзийханд “Гэр бүлийн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж буй НОБЕГ-ын хамт олонд талархаж байна. Нөхөр бид хоёр 1985 онд Хөвсгөл аймгийн “Аз жаргал”-ын танхимд хуримаа хийж байсан. Би Хөвсгөл нуурын эрэг дээр төрж өссөн. 1979 онд Хатгал сумын дунд сургуулийг ханьтайгаа хамт төгсөж байлаа. Залуу хосууд минь хорвоо уудам учраас муудаж, сайдсан ямар ч үед хоёр биендээ түшиг тулгуур болж яваарай” гэв.

Түүний нөхөр Ц.Мягмаррэнцэн залуу хосуудад зориулан “Хорвоод нэгэнт ханилан сууснаас хойш үр хүүхдээ харж баясан гэр дүүрэн жаргалтай явах хэрэгтэй. Нэг зохиосон амьдралаараа энэ орчлонг туулаарай. Сүүлийн үед гэр бүл салалт их болсон. Хөнгөн хуумгай шийддэг юм болов уу гэж боддог. Ер нь сэтгэлийн хөөрлөөр гэрлээд сүүлд нь таарч тохирохгүй холддог болов уу гэж боддог юм” гэв.

g7

Өвгөдийн шийрлэсэн хасагт тулганд өөдөө цоролзсон галаа өрдөж өрхөн дээр цугласан Долоон бурханд өлгийтэй үрийнхээ дууг сонсгохоор айл болж буй хосууд гэрлэх ёслолоо яруу төгөлдөр тэмдэглэлээ. Насанд энхжин, жарган дэлгэрэхийн хишиг буян, ерөөлийг айлтган наран хотолсон халуун голомтдоо хүндэт зочдоо өөдөө залахаар тэд буцацгаалаа.

Б.АМАРТҮВШИН


g2

Categories
мэдээ нийгэм

Казахстан, Израйль зэрэг улсад зорчих иргэд шинээр паспорт захиалан авах шаардлагатай

Сунгалт хийгдсэн гадаад паспортаар гадаадад зорчиж буй иргэдэд зориулан гаргасан сэрэмжлүүлэгтэй холбоотойгоор олон нийтийн дунд ташаа ойлголт гарсан тул ГХЯ-наас дараах тодруулгыг хийжээ.

Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан паспортад тавигдах стандартын тухай зөвлөмжид паспортын хүчинтэй хугацааг гар аргаар сунгахгүй байх тухай заасан байдаг бөгөөд НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс хилийн боомтоор зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, терроризмоос урьдчилан сэргийлэх зорилгоор гишүүн орнуудын зүгээс хэрэгжүүлэх авах арга хэмжээний тухай 2016 онд баталсан S/RES/2309 (2016) тоот тогтоолд уг стандартыг хэрэгжүүлэх тухай заасан байдаг. Эдгээр баримт бичгийн дагуу Монгол Улс 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн иргэдийн гадаад паспортад сунгалт хийхийг зогсоож, 5 жилийн хүчинтэй хугацаатай гадаад паспорт шинээр олгож эхэлсэн болно.

Дээрх хугацаанаас өмнө сунгалт хийлгэсэн гадаад паспорттай иргэдийн паспортын хувьд сунгалтын хугацаа нь дуусах хүртлээ хүчинтэй хэвээр бөгөөд гадаадад зорчих боломжтой. Харин сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын иргэдийг Казахстан, Израйль, Өмнөд Африк зэрэг улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаасан тохиолдол гарсан тул эдгээр улсад зорчих иргэд шинээр паспорт захиалан авах шаардлагатайг үүгээр дахин мэдэгдэж байна.

Гадаад харилцааны яамны зүгээс цаашид сунгалттай паспортаар нэвтрэх боломжгүй улс орнуудын талаарх албан ёсны мэдээллийг тухай бүр олон нийтэд хүргэх болно.

Энэ дашрамд дахин сануулахад гадаадад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлага тавигддаг тул паспортын хугацаа дуусах дөхсөн иргэдэд шинээр паспорт захиалахыг зөвлөж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

​Багш нар суралцагчдын хамт лед дэлгэц бүтээжээ

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын Политехник Коллежийн багш нар “Техникийн мэргэжлийн дадлагын хичээлийг үр дүнтэй зохион байгуулах” төсөл хэрэгжүүлж, суралцагчдын хамтаар 3х4 метрийн хэмжээтэй Лед дэлгэцийг угсарч ашиглалтад орууллаа.

Лед дэлгэцийг Вэб мультимедиа, Хэвлэлийн болон үйлдвэрлэлийн график дизайны мэргэжлийн суралцагчдын дадлагын хичээлд ашиглаж, Урлал дизайны ангиудын суралцагчдын бүтээлүүдийг сурталчлах юм.

Түүнчлэн 196 инчийн энэхүү дэлгэцээр Коллежийн мэргэжлийн сургалтын үйл ажиллагааг олон нийтэд таниулахаас гадна хамтран ажилладаг төрийн болон түншлэгч байгууллагуудын мэдээллийг явуулах боломж нээгдэж байгаа аж.

Төслийг хэрэгжүүлэх явцад электроник, мехатроник, цахилгаанчин, гагнуурчин ангийн оюутан суралцагчид:

  • Бүтээгдэхүүн үйлдвэрлэх, материалын тооцоо гаргах
  • Платууд, микропроцессорыг угсрах, програмчлах
  • NoVaSTaR, NoVaLCT програм, OLED матрицыг турших
  • Импульсын тэжээлийн блок, MRV330Q удирдлагын хавтангийн ажиллагааг танин мэдэх
  • Хүчдэл, гүйдэл, эсэргүүцлүүдийг хэмжих, хяналтын кабель, цахилгааны холболтыг схемийн дагуу угсрах
  • Металлыг хэмжих, тэмдэглэх, цэвэрлэх, бэлтгэх
  • Цахилгаан ба нуман гагнуураар хэвтээ болон хөндлөн ширээлэн гагнах, босоо болон таазны оёдол хийх болон бүтээлч сэтгэлгээний чадамжуудыг эзэмшжээ.