Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулган нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 09.00 цагт хуралдаж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм. Мөн Мах, сүүний анхдугаар аяны хэрэгжилт, явц, үр дүнгийн талаар ХХААХҮ-ийн сайдын мэдээлэл, Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн солбилцол, Ойн сан бүхий газрын хилийн заагийн солбилцлын талаар БОАЖ-ын сайдын мэдээллийг сонсох юм.

Мөн цагт Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Түүнлэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Харин үдээс хойш буюу 14.00 цагт Эдийн засгийн байнгын хороо хуралдана. Уг хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр товложээ.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 16-нд болох үйл явдал

09.00 цагт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьeэгийн тасагт ажиллана. Утас:99179899, 89115872

09.00 цагт Сүхбаатарын талбайдээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялтын өмнөх суулт үргэлжилнэ. Утас: 99733431

09.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах “INSPIRE” стратeгийн хэрэгжилтийн зөвлөгөөн болно.

09.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг: Тулгамдсан асуудал, урьдчилан сэргийлэх арга зам” эрдэм шинжилгээний хурал болно.

09.30 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Эрх зүй ба эдийн засаг” эрдэм шинжилгээний бага хурал болно.

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болно.

10.30 цагт НМХГ-т 2018 он гарснаас хойш гаалийн хяналтын бүсээр оруулж ирсэн импортын бараа бүтээгдэхүүнд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” олон улсын үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт Нийслэлийн цагдаагийн газарт их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын 2017-2018 оны төгсөлтийн эрдмийн баярыг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх “Эрдмийн баяр” арга хэмжээны талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Сүхбаатарын талбайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэочний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар мэдэгдэл хийнэ. Утас:99733431

15.00 цагт МУИС-ийн Номын санд “Гадаад орнуудын Үндсэн хуулийн эрх зүй: Харьцуулсан судалгаа” шинэ номын танилцуулга болно.

15.00 цагт Нийслэлийн боловсролын газарт Эрчим хүчний зохицуулах хорооноос зохион байгуулсан “Бид эрчим хүчээ хэмнэж чадна” хүүхдийн гар зургийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

Categories
мэдээ цаг-үе

Дамбын Төрбат: Монголчууд морио уралдуулж чаддаг мөртлөө хүнээ уралдуулж мэддэггүй

Түрүүч нь №094(5937) дугаарт

Гэр бүлийн хамт

Монгол Улсын төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Дамбын Төрбатын туурвисан “Могойн чуулган” роман ерээд онд шуугиан тарьж, роман бичлэгт шинэчлэл авчирч байсан бол “Ирж яваа цаг” кино нь үзэгч олны хайртай бүтээл болж дэлгэцийг эзэгнэн гэрэлтэж, түүний “Гүн гэрийн гүнж” дуурь орчин үеийн сонгодог бүтээлийн нэгэнд тооцогдож “Болор цом” наадамд айрагдаж, түрүүлж байсан “Ижий шүлэг”, “Халаасны өрөө”, “Үхлийн магтаал” шүлгүүд нь өнөө ч яруу найраг сонирхогч хийгээд судлаач эрдэмтдийн анхаарлыг татаж байдаг юм. “Хулганын зиндаа”, “Үхэр унасан бурхад”, “Туулай туульс”, “Морин зэрэглээ” зэрэг арван хоёр жилээр нэрлэсэн романуудыг нь ард түмэн мэднэ. Ид хийж бүтээх насандаа яваа эрхэм зохиолч тэрээр “Маршалын нууц товчоо” найман дэвтэр романаа уншигч олноо хүргэж талархлыг олсон бөгөөд “Сүүтэй сахиус” цуврал туурвин “Дондогдулам”, “Пагмадулам”, “Гэнэнпил” намтар роман нь уншигчдын гарт очоод байгаа билээ. Түүний ярилцлагын үргэлжлэлийг хүргэе.


-Таныг наяад оны уран бүтээлчдээс хамгийн түрүүнд номоо хэвлүүлсэн яруу найрагч гэдэг байх аа?

-Мянга есөн зуун наяад он гэдэг Монголын яруу найргийн их оргилуун үе байсан. Бид социализмыг бүтээчихсэн ч юм шиг санадаг, бараг маргааш коммунизмд орчих юм шиг өөдрөг үе л дээ. Энэ оргилуун үед анхны шүлгүүдээ бичиж байсандаа би их баярладаг. Тэр үед Монголын зохиолчдын эвлэл том байгууллага байсан. Энэ байгууллагын ивээл дор “Улаан жигүүр” анхны ном маань гарсан. Редактор нь ардын уран зохиолч Пунцагийн Бадарч багш минь байлаа. Анхны номын баярын дуудлагыг дуулгасан хүн маань Залуу зохиолчдын зөвлөлийн эрхлэгч, их зохиолч Сэнгийн Эрдэнэ. “Шар Мягмарсүрэнгийн “Урины шувуу”, та хоёрын номоор анхны номын баярыг хийнэ” гэсэн. Энэ бол том баяр байсан. Сэнгийн Эрдэнэ хөтлөөд, Далхаагийн Норовын дэргэд суугаад, Доржийн Гармаа өөдөөс харж суусан гэхээр дэндүү сайхан сэтгэгдэл үлдсэн дээ. Миний амьдралын хамгийн баярт явдал мөн шүү. Тэгэхэд би МУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан байлаа. Яруу найраг маань надад олдсон дэндүү их хувь. Дэндэвийн Пүрэвдорж багштаны хэлсэн “Ном бүтээх бол Дамбын Төрбатын хувь юм” гэдэг үгийн эхлэл эндээс эхтэй.

-Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж багшийн тань 85-ны ой энэ онд тохиож байна. Та багштайгаа анх яаж уулзаж учрав?

-Аугаа их Пүрэвдоржийн “Чингис”, “Тусгаар тогтнол”, “Сумын наадам” шүлгүүдийг би цээжээр мэддэг байлаа. Зурагтад манай цагдаагийн манааны шовгорт цугладаг байсан улсын ихэнх нь багшийг их ярина. Монголын зурагт, радиогийн утга зохиолын нарийн бичгийн дарга нь яруу найрагч Тоомойн Очирхүү гуай байв. Пү-до багшийн шавь л даа. Шаравын Сүрэнжав хааяа архи ууж, хааяа эрүүл ирдэг дэн дунтай үед Монголын телевизийн үүдэнд суудаг харуулын цагдаа байлаа. Энэ үед утга зохиолд чиглүүлж өгсөн хүн бол гарцаа байхгүй Ламжавын Лувсандорж. МУИС-д Дулам багш миний ангийн багш Зулькафильд халуун чихийг минь атгуулж өгсөн. Багш минь надаас бас дүү юм шүү дээ. Ингээд намайг ангийн даргаар тавьчихгүй юу. Манай ангид төрийн шагналт зохиолч Бямбажавын Цэнддоо, бурхан болооч сэтгүүлч Бат-Эрдэнэ, МҮОНТ-ийн сэтгүүлч Эрдэнэцогт нар суралцаж байсан. МЗЭ-ийн харьяа МУИС-ийн утга зохиолын дугуйлан лхагва гариг бүрт хичээллэнэ. Энэ дугуйланг Пүрэвдорж багш хичээллүүлж “Зөөлөн дуут” Бямбажавын Энхтуяа, “Сумын заан” Чимэдравдангийн Мягмарсүрэн, Дэрэнгийн дэлт хийморь Цэндийн Чимэддорж, Барнангийн Доржпалам, Данзангийн Нямаа, Даваасүрэнгийн Чинзориг, Очирбатын Дашбалбар нарын авьяас төгөлдөр залуус ирж шүлгээ уншина.

-Үнэхээр л яруу найрагчийн хувьд сор болсон авьяастнууд цугладаг уран бүтээлийн нэгдэл байж дээ?

-Пүрэвдорж багшийн дугуйлан бол нэгэн үеийн том яруу найрагчдыг төрүүлсэн Дашзэгвийн Сэнгээгийн дугуйлангийн хоёр дахь хувилбар байсан. Сэнгээ гуайн дугуйлангаас Д.Пүрэвдорж, С.Дашдооров нарын олон агуу зохиолчид төрсөн. Багшийн дугуйлангийн эхний ээлжийнхэн гэвэл Т.Очирхүү, Бямбажавын Хүрэлбаатар, С.Оюун нарын далаад оныхон байсан юм билээ. Бид бол хоёр дахь үеийнхэн. Уран бүтээлч хүн бие биеэ мэдрэх гэдэг ямар нэгэн шахалтаар танилцах хэрэггүй зүйл байдаг. Пүрэвдорж багшийгаа анх харахад цагаан цамцны ханцуйг тохойгоо өнгөртөл шамлачихсан, баруун гартаа “ВТ” янжуурын утаа савсуулсан, цоглог цолгиун хөдөлгөөнтэй жижигхэн хөх хар хүн орж ирээд “Та нар шүлэг бичих гэж байгаа юм уу” гэж асуусан төрх нь одоо ч нүдэнд харагддаг. Наян нэгэн оны үе юм уу даа. Багш маань үүнээс хойш л бид бүхнийг хүн болгосон ачтан даа. Багшид хамгийн анх шүлэг уншсан хүн нь яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн байсан санагдах юм. Мань эр хашхираад “Болор чулуунд туссан сарны гэрэл адил үнэн болоод хуурмаг…” гээд уншсан байхгүй юу. Дараа нь бид цуваад шүлгээ уншсан. Хэн, ямар шүлэг уншсаныг би одоо мэдэхгүй. Дараа нь Явуугийн гэх хүмүүс сэмээрхэн яваад өгсөн. Пүрэвдорж багшийн сургалтын арга нь юу байсан гэхээр анхны ном бэлдэх байсан.

Д.Төрбат найрагч Д.Пүрэвдорж багштайгаа

-Бид хэдийгээр “бурхдын зодоон”-ыг шүүх эрхгүй ч асуумаар нэг зүйл байдаг. Явуухулан гуай, Д.Пүрэвдорж хоёр тийм их зөрчилтэй найрагчид байсан юм уу?

-Пүрэвдорж багш надад “Энэ бол хоёр яруу найрагчийн хоорон дахь зөрчил биш ээ. Намын үүрийн дарга, намын гишүүн хоёрын зөрчил” гэж хэлдэг байсан. “Бид хоёр чи сайн шүлэг бичдэг, би муу шүлэг бичдэг гэж маргаагүй. Явуу намын үүрийн дарга байсан. Би авгай сольсон. Би Явууд “Чи дурладаггүй юу” гэж ганцхан л юм хэлсэн. Явуу надад юм хэлээгүй” гэсэн багшийн үг Монгол Улсын Гадаад хэргийн сайд байсан Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд, соёлын гавьяат зүтгэлтэн, их гүүш Цэрэнпилийн Гомбосүрэн гуайн эмхэтгэн дээжилсэн Пүрэвдорж багшийн найман боть номд бэлээхэн бий.

-Пүрэвдорж багшийн тань талаар асуугаад байдаг нь та хоёр номын барилдлагат багш, шавиас гадна хамтарч сургууль хүртэл байгуулж байсан болохоор л уруулыг чинь угзраад буй хэрэг л дээ?

-Мань эр чинь их ухаантай хүн шүү дээ. Багш надтай хамт “Монголын нууц товчоо” сургуулийг үүсгэн байгуулж захирлаар нь ажилласан. Би дэд захирал нь байлаа. Энэ арван жилд багш маань “Улаан гэрийн хоригдол”, “Бор гэрийн богд” хэмээх өөрийнхөө дурсамжийн хоёр ботийг бичсэн. Тэрэн дээр Явуутай холбоотой зүйлээ дэлгэсэн.

-За, тийм байж. Та “Монголын уран зохиолын дээжис-108” ботийг ард түмэндээ өргөн барьсан хүн дээ. Таныг ч бас нөгөө талаар зохиолчдын бүтээлийг хэвлүүлж баяжсан ч гэх хүн байж байдаг?

-Би баяжсаан баяжсан. (инээв. сур) Гэхдээ би сэтгэлээр их баяжсан. Хүний сэтгэл гэдэг агуу юм байдаг юм байна лээ. Би тэр жилүүдэд Монголын ард түмэн морь таньдаг, хүн таньдаггүй юм байна даа л гэж бодсон. Энэ бол миний үнэн үг. Монголчууд морио уралдуулж чаддаг мөртлөө хүнээ уралдуулж чаддаггүй. Хүнээ уралдуулах гэсэн ганц оролдлого нь “Болор цом” яруу найргийн наадам байсан. “Болор цом”-ыг санаачилсан Пүрэвдорж багшийн хувьд их хар хэл ам дагуулсан наадам байсан байх. Түүн лүгээ “Би Монголын ард түмэнд их гавьяа байгуулчихъя гээд 108 боть хийнэ” гэхгүй юу. Үүнийг би ч санаачилсан юм биш. Энэ санааг Долгорын Нямаа, П.Бадарч, Дэмбээгийн Мягмар, Хорлоогийн Сампилдэндэв, Д.Цэнд, Ц.Хасбаатар нарын том улс багтсан редакцийн зөвлөл цуглачихсан ганц юм задлаад сууж байхад Л.Түдэв багш ирсэн юм. Түдэв гуай С.Эрдэнэ гуайн дор суугаад “Та нар найман боть гаргана гээд байна. Энэ бол дэмий л ажил л даа” гэхэд би ч палхийгээд явчихсан. “Банкнаас зээл авч хэвлүүлэх ч баларлаа” л гэж бодсон. Тэгсэн Түдэв гуай “Монголын утга зохиол ч дор хаяхад зуун найман боть болох л доо” гэнгүүт цээжинд нар мандаад явчихсан. Тэр үед эхний найман ботийг таван мянган хувь хэвлээд дуусчихсан байсан үе. Долгорын Нямаа гуай МЗЭ-ийн дарга байсан. “Дэмий юм ярих юм” гэж байлаа. Ням гуай чинь их хашир хүн шүү дээ. Тэгээд П.Бадарч багш бид хоёр Зохиолчдын хорооны байшинг барьцаанд тавиад зүтгэсэн дээ. “Ардын банк”-ны Амарбаяр гэдэг хүн анхандаа бишүүрхээд “Зохиолчдын хөрөнгө гэж юу байна” гэсэн чинь Бадарч багш “Паз автобус байна” гэж элгийг нь авч байлаа. “Монгол банк”-ны Ерөнхийлөгч Д.Моломжамцын зөвшөөрлөөр 17 сая төгрөгт Зохиолчдын байраа дэнчин тавьж зээл аван 108 ботио хэвлүүлчихээд зуун хувь төлсөн дөө. Тийм учраас МЗЭ-ийн байрыг тавьж 108 боть хэвлүүлсэн минь гавьяа болохоос гай биш ээ.

-МЗЭ-ийн 70 жилийн ойгоор та даргаар нь ажиллаж байлаа. Одоо зохиолчдын байгууллагын маань 90 жилийн ой тохиож байна даа?

-Хорин жилийн өмнө Засгийн газрын ордонд МЗЭ-ийн 70 жилийн ойг тэмдэглэж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхий сайд Жанлавын Наранцацралт нар хүрэлцэн ирж баяр хүргэж үг хэлж байлаа. Тэр сайхан мөч надад мартагддаггүй. Эхний өдөр эрдэм шинжилгээний хурлаа, “Утгын чимэг” наадамтайгаа хийсэн. Хоёр дахь өдөр нь “Болор цом”-оо хийсэн. Найрагчид шүлгээ уншиж байхад би ард нь ширээгээ засаад зогсож байлаа. Тэр үед зохиолч, яруу найрагч Баяндалай гуай Засгийн газрын ордны Үйлчилгээ аж ахуйн дарга байсан нь их тус болсон. МЗЭ-ийн 90 жилийн ой энэ жил болно. Энэ ерэн жилийн найман жилд нь эл том байгууллагыг удирдаж байсандаа баяртай явдаг. МЗЭ-ийн ой болоход цаг цагийн Засгийн газар Монголын зохиолчдод гар татаж байгаагүй. Тавь, жар, далан жил дандаа л Засгийн газрын ивээл дор явж ирсэн. Ийм учраас Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх анхаарал тавьж МЗЭ-д гар татахгүй байх гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Хүрэлсүх сайд цэргийн хүн. Цэрэг, шүлэг хоёр нэг дор төрдөг гэж би боддог.

СҮҮТЭЙ САХИУС

Шүлгийг СГЗ, төрийн шагналт Д.Төрбат

Аяыг УГЗ хөгжмийн зохиолч Д.Баттөмөр

Нутгийн минь өвс намайг их санажээ

Нурман саарал үүлсийн доор уйлж санажээ

Нулимсан буурал бороон доор дуулж санажээ

Нутгийн минь өвс намайг их санажээ

Сүүтэн сүүтэн нутагтаа

Сүүтэй сахиус ижий минь

Хүү болсон намайгаа

Сүү болтлоо санажээ

Ай хөөрхий

Уулын минь чулуу намайг их санажээ

Униар дундаас өндөлзөж суугаад санажээ

Унаган багын тоглоомыг өрж суугаад санажээ

Ухаант ижийг минь аргадаж байгаад санажээ

Бүүдэн бүүдэн нутагтаа

Бүүвэй сахиус ижий минь

Цал буурал хүүгээ

Цацал болтол санажээ

Ай хөөрхий

Усны минь дусал бүхэн намайг их санажээ

Улаан элсэн доороос ундарч байгаад санажээ

Уураг шаргал цай болон буцалж байгаад санажээ

Уяхан буурал ижийг минь ундалж байгаад санажээ

Цулбуураа чирсэн морь

Цуулж хатирдаг зэрэглээнд

Цуутай домог ижий минь

Чулуу болтлоо санажээ

Ай хөөрхий.

Categories
мэдээ цаг-үе

Соёл эрдэм дээд сургуулийн захирал, доктор, профессор, гавьяат эдийн засагч Ши.Батбаяр: Дарга болгоно гээд дуудахад нь бушуухан л давхиад очно шүү дээ. Учир нь…

Та бүхэнтэйгээ нэгэн сонин зочныг уулзуулъя. Энэ хүн бол нэгэн үе УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Шийлэгийн Батбаяр юм.


-Тантай уулзалгүй уджээ, уулзсаных хоёулаа нэг социализм ханхлуулсан яриа өрнүүлэх үү гэж хэлэх гээд л… ?

-Заавал тэгдэг нь ямар учиртай юм. Намайг соц нийгмийн үлдэгдэл гэж хэлэх гээд байгаа юм уу?

-Та ухамсарт амьдралынхаа тэн хагасыг социалист нийгэмд өнгөрөөж, тэр нийгэмд сурч, хүмүүжиж, том дарга хийж явсан хүн шүү дээ?

-Тийм.Тэгээд юу гэж?

-Тийм болохоор л танаас социализм ханхлуулсан яриа гарна гэж бодоод…?

-Тэгж яривал би ардчилсан нийгэмд МҮЭ-ийн дарга, УИХ-ын гишүүн, сайд явсан хүн шүү дээ.

-Тэрийг хүмүүс мэднэ. Харин социалист нийгэмд таныг Хөдөлмөр, цалин хөлсний улсын хорооны нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар хотын нэгдүгээр орлогч гэхчлэн том алба хашиж явсныг чинь хүмүүс тэр бүр санахгүй л дээ?

-Намайг заавал өмнөх нийгмийн бүтээгдэхүүн гэдгийг та батлах гээд байгаа юм байна. Тийм, би соц нийгмийн хүн. Тэгж яривал миний туулсан амьдралыг гурван үгээр тодорхойл гэвэл “социалист-хөдөлмөрийн-бригад” гэсэн ч болно гэж оюутнуудаа хөгжөөж алиалдаг юм. Гайхаж байна уу?

-Гайхах юм алга.Та угаасаа л соц нийгмийн бүтээгдэхүүн болохоор?

-Яг үнэн.Бүтээгдэхүүн төдийгүй, бүтээгчдийн нэг. Би яс махнаасаа социалист үзэлтэн.Үүнийг нуудаггүйгээр барахгүй, сүүлийн үед Кейнсийн “Ерөнхий онол”-ыг орчуулснаасаа хойш бүр ч гайхуулах маягтай болсон.

-Сонин юм… та чинь экс коммунист биз дээ. Социалист үзэлтэн чинь арай өөр биш бил үү?

-Тэр бас тийм шүү. Би МАХН нэртэй, коммунист намын гишүүн асан хүн.Тэр үед соц үзэлтэн байсан гэвэл хүн үнэмшихгүй, харин одоогийн шалгуураар үзэхэд их л сайн даа неокоммунист байсан байх.

-Тэгээд Кэйнсийг орчуулаад социалист болчихсон хэрэг үү?

-Чи мөн ороож байна аа. Түүнээс бүр өмнө. Манай нам Онц их хурлаараа ардчилсан социализмыг гол үзэл суртлаа болгох үйл явдалд би вээр манлайлан оролцогчдын нэг байсан гэвэл энэ түүхэн баримт шүү.

-За мэдлээ, улс төрөөс түр хөндийрье, хоёулаа. Социалист-хөдөлмөрийн- бригадаа тайлбарла даа.

-За энэ асуулт чинь бас л улс төр шүү шүү дээ. Хөдөлмөр гэх тодотголын тухайд бол миний хувьд Хөдөлмөрийн институтэд захирлаар ажиллаж байхдаа хөдөлмөрийг зохистой зохион байгуулах тухай шинэ тутам ажлыг арга зүйн удирдлагаар хангаж байлаа. Дараа нь Хөдөлмөр цалин хөлсний улсын хорооны нэгдүгээр орлогч даргаар ажиллахдаа улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний асуудлыг зохицуулах, удирдлагын бүтэц, орон тоог шийдэж байв. Улс орон ардчилалд шилжсэнээс хойш УИХ-ын гишүүн байхдаа Хөдөлмөрийн болон тэтгэврийн хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль зэрэг нийгмийн хүрээний томоохон хууль тогтоомжийг батлуулж, сүүлд энэ салбарын сайд болохдоо эдгээр хуулиудаа хэрэгжүүлэх ажлыг эрхэлсэн юм. Ингэхлээр яах аргагүй л хөдөлмөрийн хүн байгаа биз дээ. Бригадын тухайд бол бидний үеийнхэн Монгол оронд нийгэм журмын ёс ид цэцэглэж байх түүхэн үеийг бүтээгч, гэрчлэгчийн хувьд хар багаасаа л хамт олон, баг, бригад, нэгдэл хэмээх байгуулал, бүтцэд багтаж “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэсэн уриа лоозонгийн уур амьсгал дунд өсч торницгоосон. Бригад, багийн зохион байгуулалтыг журамлан хэвшүүлэх, шинэ шатанд урамшуулан хөгжүүлэх ажлыг үлэмж идэвх, сонирхолтой хийж явсан маань 90- ээд оны хувьсгалт шуурганд цохиулсан билээ.Дурдсан бүхэн бол соёлын довтолгооны шууд үргэлжлэл байсан. Соёлын довтолгооны гүйцэтгэсэн үүрэг, холбогдлын талаар танай сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Цэнддоо баримт, баталгаа дурдан их л хошин хөгжүүн хэлбэрээр бичсэн байдаг. Монголын нийгмийн дэвшилд зөвхөн тавь жараад оны заагаар цөөн хэдэн жил болсон соёлын довтолгооны үр дүнгээс гадна түүнээс хойших гучаад жилд Социалист хөдөлмөрийн бригад, суурь, хэсэг, сэхээтний, оюутны, тэр байтугай сурагчийн социалист нөхөрлөл, бүлэг салаадын үүрэг роль асар их байсныг тэр үеийн амьд гэрч, идэвхтэй оролцогч над мэтийн хүмүүсийн оюун ухаан, ой тойнд сайтар хадгалаатай байна.

-Ёооё… таны наад үг хэллэг чинь. Социалист нөхөрлөл, суурь, хэсэг ч гэх шиг. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө ч гэх шиг?

-Дуу алдах юм байхгүй. Баабар, Бат-Үүл, Элбэгдорж… гээд, өнөөдөр УИХ-д байгаа С.Эрдэнэ, Я.Санжмятав, Л.Болд, Д.Эрдэнэбат … бүгдээрээ л эвлэлийн үүрийн товчоо, пионерийн бүлэг салаадын дарга нар гээд өнгөрсөн нийгмийн “мэнгэ толботойгоо” яваа.

-Социалист хөдөлмөрийн бригад бол нийгэмд үүргээ чанартай гүйцэтгэсэн биз?

-Соёлын довтолгоо, социалист бригадын ачаар хөдөөнөөс хөдсөн дээлтэй ирсэн та нарын эмээ өвөө, ээж аавыг хүн төрөлхтний хөгжилтэй хөл нийлүүлэн алхуулдаг болгосон юм. Тэр үеийн хөдөлмөрийн бригадууд нь “Сурагчийн соёлч нөхөрлөл”-тэй шефийн холбоо тогтоон тэднээр бичиг үсэг заалган шат ахиж байлаа. Би гэхэд дунд сургуулийн есдүгээр ангид байхдаа “Сурагчийн соёлч нөхөрлөл” байгуулан Улсын баатар Л.Аюушийн салааны дарга байсан эх оронч Дүүдээ гуайн барилгын Социалист хөдөлмөрийн төлөө бригадад туслан, гишүүдэд нь багын программаар тоо, хэлбичиг заадаг байлаа. Гадна ертөнцөд харанхуй бүдүүлэг, бичиг үсэггүй гэгдэж байсан монголчуудаа бичиг үсэгтэй болгох ажилд сурагч байхдаа оролцож, нөхөрлөл, бригад байгуулан хар нялхаасаа зүтгэж ирсэн над шиг хүнийг чинь бригадын гэж нэрлэх нь зөв биз дээ. Чиний ярианы өнгө бригадаар ажилласан хүнийг хоцрогдсон этгээд маягтай асуугаад байна.

-Үгүй л дээ…

-Тэгвэл, бригад гэдэг чинь өнөөдрийн ойлголтоор багаар ажиллахыг хэлж байгаа юм. Бригад гэдгийг англиар team spirit гэдэг. Өнөө үеийнхнээс ажлын анкет авахдаа “Багаар ажиллах чадвар хэр вэ” гэж заавал асууж байгаа. Тэр бол бусадтай хэр нийцэмжтэй ажиллаж, үр бүтээл гаргаж чадах нөхөр вэ гэдгийг танин мэдэх гэсэн хэрэг. Баг, бригадаар ажиллана гэдэг аль ч үед хөдөлмөрөө хоршиж, хөрөнгө мөнгө зарахгүйгээр бүтээмжээ хэд дахин өсгөнө л гэсэн үг. Би одоо ч сургууль дээрээ уламжлалт бүтцийн хажуугаар сурлага- судалгаа, элсэлт-төгсөлт, гадаад-дотоод харилцаа, санхүүгийн дэмжлэг гэсэн түр хугацааны дөрвөн баг байгуулан ажиллаж байна.

-Танд ер нь социалист нийгэм юу өгсөн бэ, та дарга явсан тэр нийгмийнхээ юунд дуртай байв?

-Би өөрийгөө нэртэй эрдэмтэн, том улстөрч гэж ер бодож яваагүй. Харин ажил амьдралын явцад одоо цагийн хэллэгээр яггүй менежэр болсон хүн. Үнэнийг шулуухан хэлэхэд соц нийгмийн үед намайг дарга болгоё гээд дуудахад нь би хурдхан давхиад очдог байсан. Амьдралын шаардлага. Олигтой амьдаръя, үр хүүхдэдээ хэрэгтэй, эцэг эх, элгэн садандаа нөмөр нөөлөгтэй байя гэвэл миний үеийнхэнд Төв хорооны мэдлийн боломжийн албан тушаал дээр очих л арга зам байдаг байсан. Эрдэмтэн академич болж ахиу цалин нэмэгдэл авч болох ч “мэдлийн боловсон хүчин” болж байж л албаны унаа, аравдугаар дэлгүүр, хоёрдугаар эмнэлэг гуравт хүрнэ шүү дээ. Ийнхүү энэ гурвыг бодож авьяаслаг эрдэмтэн, зохиолч, доктор профессор болох хувь заяагаа золиосолсон олон хүн миний үеийнхэнд бий. Миний амьдралын тэн хагас ийм л онцлогтой. Над шиг лам эцэгтэй, хөдөөний хүүхэд их төлөв ажил албандаа үнэнч зүтгэдэг, эдийн ба хорвоогийн шунал бага байдаг. Энэ чанар ямар ч албыг ном дүрмээр нь хийж дадаад дур сонирхол суун мэргэжлийн өндөр түвшинд хүргэж байсан.

-За та өөрийнхөө замналыг мундаг тодорхойллоо. Нэг талаас социализм яриад байгаа юм шиг ч үнэндээ хүнийг хэрхэн зөв хүмүүжүүлж, зөв хүн болгон төлөвшүүлж байсан үнэ цэнэтэй цаг үе байсан байх. Соц нийгмийг ийнхүү магтан дуулсан яриа ойрын 25 жил Монголын хэвлэлийн хуудаснаа цөөхөн гарсан байх. Өнөөдрийн дэлхий ертөнц “Социализмын Хятад хэв загвар” гэж цоо шинэ нийгмийн байгуулал ярих боллоо. Та хэр анзаарч, уншиж судалж байна?

-Хятадын коммунизмыг тухайлан судалсан юм алга. Төрийн социализмыг хувийн капитал, зах зээлтэй оновчтой хослуулж байгаа нь л мэдрэгддэг.Харин Хятадын сайн кинонуудыг бол үздэг шүү.

-Кино том үзэл суртал гэдэг. Сүүлд ямар кино үзэв?

-Хятадын сүүлийн кинонууд үзэл суртал гэхээсээ илүү, нийгмийнхээ оюун санааг соёлтойгоор сэнхрүүлэх, ухааруулах, болгоомжлуулах, хар мууг дахин давтахгүй, алдаа гаргахгүй байх үзэл санаагаар киногоо хийдэг болчихож.

-Болгоомжлуулах гэнэ ээ… Ингэхэд өнөөдрийн Монголын нийгмийн шуугиан хоёр Ерөнхий сайдаа барьж хорьсоноос эхлээд мөн ч нүргээнтэй, заримдаа юу болоод байгаа нь ч мэдэгдэхгүй байна?

-Манайд одоо болоод байгаа “их баривчилгааг” хараад хэдэн жилийн өмнө Хятад улсын киночид Холливудтэй хамтран хийсэн нэгэн киног үзсэн минь санаанд орж байгаа. Уг кинонд эртний Хятадын Тан улсын хааны мэргэн түшмэл Цаоцоогийн зүгээс хаан ширээнд халтай гэж хардсан Сангийн сайдаа ард түмний “санал хүслээр” устгах арга олсноо хаандаа айлтган зөвшөөрүүлээд улмаар гүйцэтгэж буй тухай юм. Үүнд тариачдаас хураах тарианы татварыг зориудаар үлэмж нэмэгдүүлсэнд тариачид эсэргүүцэн бослого тэмцэл гаргаж эхэлсэнд мэргэн түшмэл Цаоцоо тэдэнд хандаж “Цэрэг дайчдын хоол тэжээлд зориулан улсын санд нөөцөлсөн тариаг Сангийн сайд хувьдаа завшин шамшигдуулжээ. Одоо түүнийг нөхөхийн тулд та нараас тариа нэмж татварлахаас өөр арга алга. Түүний төлөө Сангийн сайдын толгойг авбал та бүхэн тайтгарах болов уу” гэсэнд тариачдын зүгээс “Татвар нэмсэн нь аргагүй авлигач сайдаас болсон хэрэг байжээ” хэмээн ойлгодог. Тэгээд “Түүний толгойг авбал бидний санаа амарна” гэснээр хаан, түшмэл хоёр сөрөг этгээдээ ч устгаж, өөрийн мэдэлд үлэмж их тариатай болсон тухай гардаг юм. Үүнийг орчин үед “Цаоцоогийн арга” ч гэдэг юм билээ.

-Таны ярьснаас уншигчид нэгийг ойлгоно биз ээ?

-Харин л дээ.

-Та бид хоёр тэр жил сонгуулийн өмнөхөн ярилцаж байхад Та “Энэ сонгуулиар манай нам ялагдана. Яагаад гэвэл нам хоёр салж МАН, МАХН болсон нь гарцаагүй сөргөөр нөлөөлнө” гэж байсан. Таны хэлснээр л болсон доо?

-Тэр жилийн Их хурлын сонгуулийг таамаглаж ядаад байх юу байсан юм. Угаасаа манай нам цөөнх болох нь хэнд ч тодорхой байсан шүү дээ.

-Тэгвэл энэ удаад үнэмлэхүй олонх болжээ, танай нам. Ирэх сонгуулиар яах бол…?

-Ирэх сонгуулийг прогнозлоход арай эрт байна. Харин энэ жилийн хавар эртдээ өгөөмөр сайхан эхэлж байгаа шиг эдийн засагт өөдрөг үзэгдэл, өсөлт яах аргагүй мэдрэгдэж байна. Би нэг жижигхэн жишээ баримт дурдъя. Гурван жилийн өмнө НЭПКО-гийн захиалгаар “Кэйнс ба Хайек” номыг орчуулсан юм. Дөнгөж сая хэвлэгджээ. Баабар надад орчуулсан хэмээн дээж болгож хэдэн ном өгөхдөө “Эдийн засаг овоо сэргээд хүмүүс идэж уухаасаа илүүчилж ном авахтайгаа болжээ, тэгээд чиний номыг хэвлэлээ, жаахан удаачихлаа, уучлаарай” гэж хэлсэн. Статисткийн мэдээгээр ч сүүлийн хэдэн сард өрхийн хэрэглээний зардал, иргэдийн хадгаламж, миний санаанд оромгүй хэмжээгээр нэмэгдсэн байна лээ. Энэ бол эдийн засгийн хэлээр ард иргэдийн төлбөрийн чадвартай эрэлт нэмэгдэж, түүнийг дагаад өрхийн зарлага өсч, түүний хариуд үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэх болсны шинж, дохио шүү.

-Энэ үзэгдэл хэр удаан үргэлжлэх бол?

Английн төр засаг Их хямралын үед Кэйнсийг радиогоор өглөө бүр яриулж гэрийн эзэгтэй нарыг “ даруй гэрээсээ гараад дэлгүүр хэс, ахиухан эд бараа, хүнсний зүйлс ав” хэмээн уриалуулдаг байсан гэдэг. Айл гэрийн эрх мэдэл, ялангуяа өрхийн төсвийн зарцуулалт эзэгтэй нарын гарт байдаг манайх шиг улсад уг үзэгдэл түр зуурынх биш байх аа.

-Таны үеийн МАН-ын нэртэй төртэй зүтгэлтнүүд хүүхдүүдээ улс төрд оруулсан байх юм. Танай хүүхдүүдээс улс төрд хүч үзэж яваа нөхдүүд байна уу?

-Байхгүй.

-Яагаад…?

-Миний үеийнхний ихэнх нь үлгэр жишээч улстөрч байсан болоод хүүхдүүд нь дууриаж байгаа биз дээ.

-Та бол Арвайхээрийн хэнэггүй харчуудын үргэлжлэл. Нэг удаа та “Манай Арвайхээрийн эрчүүд угаасаа тавьтаргүй. Овоо аятайхан эр хүн шиг байж байснаа юу нь хатгасан юм мэдэхгүй өвчигнөөд, болох болохгүй юм яриад эхэлдэг. Манай Жанцанноровыг хар. Илүү юм мөн их ярих болж дээ” гэж хэлж байсан?

-Гэхдээ тавьтаргүйгээ бүгдээрээ мэдээд байх шиг байдаг юм. Жанцанноров руу залгахаар шууд л өмнөөс “За та намайг юу гэж загнах гэж байна” гээд бие, сэтгэлийн “бэлтгэлээ” базаагаад эхэлнэ шүү дээ. Алсуураа манай Арвайнхан хүнийхээ хувьд дөмөг тал нь дийлээд байдаг юм аа. Монголын хамаг юмных нь голд, төв цэг дээр байсан, байгаа, цаашид ч байх хүмүүс шүү дээ.

-Ингээд ярихаар баруун талынхан нэг юм ярина, зүүн аймгийнхан бас ярина. Нутаг ус, жалга дов ярилаа гэнэ. Уг нь бол монголчууд хэзээнээсээ уул усаа дагадаг, хүний яс чанарын тухай ярьж ирсэн юм л даа. Одоо л болохгүй болчихсноос биш. Тэгэхээр зогсоё доо. Ингэхэд Шийлэгийн Батбаяр сайд одоо юу хийж, ямар ажил амжуулж явна вэ?

-Хэдэн жилийн өмнө өөрийн чинь энэ асуултад “Сарлаг өтлөхөөрөө галавсаа, сайд буухаараа зөвлөгч болдог“ гэж байсан даа. Түүнээс хойш /ном харуулан/ Кейнс Хайекийг орчуулж хэн гуай шиг дуун хөрвүүлэгч болох шахав. “Тойм” сэтгүүлд булан хөтөлж, нөгөө хэн шиг сэтгүүлч болох дөхөв. Дээд сургуульд багшилж хэн гуайгаас дутахгүй “улаан” порпийсор болоход хүрлээ (инээв). Яг одоо бол Соёл эрдэм дээд сургуулийн захирлаар томилогдоод удаагүй байна. Сургууль маань “Соёл эрдэм”” гэсэн сонсголонтой сайхан нэртэй. Бүтэн 25 жилийн намтар түүхтэй чанарлаг сургууль. Гэхдээ сургуульдаа тэнхимийн эрхлэгч, профессорын албан тушаалыг дөрвөн жил хашсан болохоор шинэ хүн биш юм.

-Японы хөрөнгө оруулалттай “Соёл эрдэм дээд сургууль” гэж хүмүүс мэднэ л дээ. Япон эзэнтэй бил үү?

-Тийм. Япон улсын иргэн Макихари Соичи гэж монгол нэр нь Соёлт гэдэг. Тэр хүн санаачлан япон иргэд, олон нийтийн байгууллагын хандив тусламжийг авч байгуулсан сургууль. Анхандаа япон хэлний курс байсан. Одоо бол жил тутам 100 орчим оюутан элсүүлж, япон хэлний орчуулагч, орон судлал, эдийн засагч, аялал жуучлалын менежэр, сэтгүүлч, программ хангамж гэсэн мэргэжлээр сургаж байгаа. Японы их дээд сургуульд шилжин суралцаад хоёр сургуулийн диплом гарддаг оюутнуудыг тооцвол 90 орчим хүнийг чанарын өндөр түвшинд сурган төгсгөж байна. Тооноос илүү чанар чухал гэсэн зарчим барьдаг. Үндсэн хорь гаруй эрдэмтэн багш, профессоруудтай, нийтдээ дөч гаруй ажиллагсадтай, монголын нийгэмд танигдсан сургууль болж өргөжсөн дөө. Ер нь бол байгуулагдсан цагаасаа хойш 3000 орчим хүн төгсгөсний мянга гаруйг нь Японд дадлагажуулж, түр хугацаагаар цалинтай ажиллуулж, мөн шилжүүлэн сургаж байгаагаараа бусад сургуулиас онцлог юм даа. Онцсайн суралцаж, зохих шалгуур давсан оюутныг бол нэг, хоёрдугаар курсээс нь Япон улсын гэрээт сургуулиудад шилжүүлээд сургачихдаг юм. Бас Япон улсын Элчин сайдын яамны шалгаруулалтаар жил бүр хоёроос доошгүй оюутан тус улсын тэтгэлгээр явж суралцаж байгаа. Монголын боловсролын салбарт тодорхой орон зайгаа эзэлж, хувь нэмрээ таслахгүй яваа Соёл эрдэм сургуулийнхаа гал тогоонд л Ши ах нь буцалж явна даа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баабар “ШХАБ ба МОНГОЛ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы “Тэргүүн” нүүрт “Өрхийн сарын дундаж орлого нэг сая төгрөгт хүрчээ” хэмээн өгүүлжээ.

Улсын дээд шүүх МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан шийдвэр өнгөрсөн даваа гаригт гаргасан. Шүүх хуралдааны үеэр О.Баасанхүү гишүүн МАХН- ын зарим гишүүдтэй зодолдсон, ам зөрсөн гэх мэдээлэл цацагдсан билээ. Энэ асуудлаар Монгол Улсын Шадар сайд асан, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатартай ярилцжээ.Тэрээр “Улс төр” нүүрт “О.Баасанхүү бол улс төрийн хүнд байдалд орчихсон хүн” хэмээн ярьсан байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “ШХАБ ба МОНГОЛ” нийтлэлийг хүлээн авч уншаарай.

“Баримт, үйл явдал” нүүрт “С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор боллоо” хэмээн өгүүлжээ.

Мөн тус нүүрт Сэтгэл судлаач Г.Мөнхтамир бага насны охидыг хүчиндэх жигшүүрт хэрэг гарах болсон шалтгааны талаар “Хүчирхийллийн талаар мэдээлэл гаргах нь бэлгийн гаж донтнуудад сэдэл өгдөг” хэмээн ярьсан байна.

Улс төр судлаач Э.Гэрэлт-Од “Нөлөө бүхий хоёр нам тохиролцоод эрүүл, гуравдагч улс төрийн хүчин гаргах орон зайг үүсгэхгүй байна” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс хүлээн авч уншаарай.

“Гэгээн Муза” наадамд Драмын жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн “Black box” театрын жүжигчин Д.Оюунзул “Гэгээн Муза” наадмын тэргүүн шагналыг хоёр удаа хүртлээ хэмээн “Өөрөөс нь…” нүүрт ярьжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

Ирэх оны үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд газраас өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг төрийн байгууллагуудын удирдлага, төсвийн ерөнхийлөн захирагчид болон Сангийн яамны ажлын хэсэг оролцов.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 20 зорилт, 123 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг зааж өгсөн.

Мөн үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжпийн үзэл баримтлал-2030”, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д тусгагдсан зорилт, арга хэмжээ болон салбарын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, яамд, агентлагуудаас ирүүлсэн саналд үндэслэн улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулсан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.

Тухайлбал, макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2019 онд татварын орчныг шинэчлэх замаар хөрөнгө оруулалтыг дэмжиж эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах; төсөв, мөнгөний бодлогыг хослуулах замаар инфляцийг зорилтот түвшинд байлгах; ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах; нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах замаар дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх; эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалт татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх; хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Харин эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлж, малын ашиг шимийг нэмэгдүүлэх; хөнгөн хүнсний салбар, жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, хүнсний эрүүл ахуйг ахуйн чанарыг сайжруулах; геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх; эрчим хүчний хэрэглээг дотоодын эх үүсвэрээр хангах бодлого хэрэгжүүлж, хүчин чадлыг нэмэгдүүлэх; бодит салбарын өсөлтийг дэмжих, зам, тээврийн бодлого хэрэгжүүлж, логистикийн сүлжээг өргөжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх бөгөөд эдгээр салбаруудын өсөлтийн нөлөөгөөр ДНБ-ий бодит өсөлт хангагдах боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Түүнчлэн хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлогын хүрээнд боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, ая тухтай сурч, боловсрох орчныг бүрдүүлэх бодлого хэрэгжүүлэх; эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, шинжлэх ухаан, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх; Төрийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх; төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, урьдчилан сэргийлэх үзлэгийг нэмэгдүүлэх; хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Харин засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд эрх зүйн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлж, Төрийн албаны тухай хуулийг сурталчлах ажлыг зохион байгуулах; төрийн болон орон нутгийн өмчийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, стандарт хэмжил зүйн байгууллагын олон улсын итгэмжлэлийн үйл ажиллагааг сайжруулах; хөрөнгө оруулалтын судалгааны төвийн үйл ажиллагааг эрчимжүүлж, хилийн чанад дахь монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх; энхийг дэмжих үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлж, зэвсэгт хүчний барилгын засвар төслийг хэрэгжүүлэх зэрэг тодорхой зорилтуудыг тусгажээ.

Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан бодлогын хүрээний 20 зорилт, 123 арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийтдээ 8 их наяд 619.7 тэрбум төгрөгийн санхүүжүүлт шаардагдана. Эдгээр зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр 2019 онд эдийн засгийн бодит өсөлт 8 хувьд хүрэх, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн түвшин 55.3 хувь, ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас хэтрүүлэхгүй байх нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг сайд онцоллоо.

Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат үндсэн чиглэлд цалин тэтгэврийг нэмэх, ялангуяа эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах талаар хэрхэн туссаныг тодруулсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүний асуултад өгсөн хариултдаа, татварын шинэчлэлийг хөгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэх, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд дэвшил гарна гэж үзэж байгаа. Энэ үндсэн дээр цалин тэтгэврийг үнийн өсөлт инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэх бодлого барьж байгаа.

Эдийн засаг бага багаар өсч, орлого зохих хэмжээгээр нэмэгдэж, нааштай өөрчлөлт гарч байгаа, гол нь урт хугацааны тогтвортой өсөлт чухал байна. Эдийн засгийн идэвхжил нэмэгдэхийн хэрээр өр зээлийн дарамт зохих хэмжээгээр буурч байгаа. Засгийн газар арилжааны банкуудаас зээл авахаа больсон, энэ хэрээр тэр зээл аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд олгогдож байгаа. Энэ бүхний үр дүнд арилжааны банкуудын зээлийн хүү жилд 0.4 пунктээр, Монголбанкны бодлогын хүү 1 пунктээр буусан гэдгийг дурдав. Мөн Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар зээлийн хүүг бууруулах үүднээс стратегийн бодлогын баримт бичгийг Монголбанктай хамтран боловсруулан хэлэлцүүлэг өрнүүлж, гарсан саналыг нэгтгэж эцэслэхээр ажиллаж байгаа гэлээ.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн ирэх оноос Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхлэх учраас тус албаны хүний нөөцийн чадавхийг сайжруулах асуудлыг үндсэн чиглэлд нэмж тусгах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, С.Бямбацогт нар боловсрол, эрүүл мэндийн салбарын менежментийг боловсронгуй болгох замаар цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх асуудлыг тусгах зарчмын зөрүүтэй санал гаргасан юм. Эдгээр саналтай холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Иймээс энэ талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хорооны хүргүүлэхээр боллоо.

Дараа нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланд дүн шинжилгээ хийж, Засгийн газарт өгөх чиглэлийн төсөл боловсруулах үүрэгтэйгээр Байнгын хорооноос агд Ажлын хэсгийн танилцуулгыг сонсов. Байнгын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 тоот тогтоолоор тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, Б.Жавхлан, Д.Тогтохсүрэн, О.Содбилэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсан байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 382 зорилтоос 14 нь бүрэн, 42 нь 70 хувийн хэрэгжилттэй байна. Гэвч Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа талдаа орж байхад хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээний 85.1 хувь нь хангалтгүй буюу 0-40 хувийн биелэлттэй байгаа учраас хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байна гэж Ажлын хэсэг үзжээ.

Энэ үндсэн дээр хөтөлбөрөөс харьцангуй сайн хэрэгжилттэй байгаа арга хэмжээнүүдийг олон нийтэд сурталчлах ажлыг хүртээмжтэй, ойлгомжтой хэлбэрээр олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулах, мөн хэрэгжилт нь удаашралтай байгаа болон бүрэн хэрэгжих боломжгүй болсон зорилтуудын шалтгаан, нөхцөлийг олон нийтэд бодит байдалд үндэслэн тухай бүрт нь тайлбарлан таниулж байх, түүнчлэн олон нийтийн зүгээс харьцангуй хүлээлт ихтэй байгаа 35 зорилтод онцгой анхаарч 2018 онд хэрэгжилтийг 70-80 хувьд хүргэх зохион байгуулалтын арга хэмжээ авах зэрэг чиглэлийг Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт өгөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд Ажлын хэсгээс боловсруулсан чиглэлийн дагуу Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт тодорхой үүрэг чиглэлүүд өгөхөөр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин Тува Улсын тэргүүнийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оолыг хүлээн авч уулзлаа.

Хоёр улс, тэр дундаа хил орчмын бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн, зам, тээвэр, худалдаа, эдийн засгийн салбар гээд өргөн хүрээнд ажиллах сонирхолтой байгаагаа ОХУ-ын БНТУ-ын тэргүүн Ш.В.Кара-Оол илэрхийлэв.

Увс аймагт мод боловсруулах, Кызыл хотод мах боловсруулах үйлдвэр байгуулах, Боршоо-Хандгайтын боомтыг олон улсын статустай болгох, хоёр улсын хооронд нислэг үйлдэх зэрэг боломж байгааг дурдаж үүнд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын БНТУ-ын тэргүүний саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар шинжлэх ухаан, техник, нийгэм, соёл, угсаатны соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, хил орчмын бүс нутгийн дэд бүтэц хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа Шадар сайд тэмдэглэв.

Мөн худалдаа, эдийн засаг, ялангуяа хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах “Монгол, Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээнд Тувагийн тал идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж, Ш.В.Кара-Оолыг урив.

Уулзалтаар мөн хийн хоолой дамжуулах шугам, Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Овоот чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Бизнесийн салбарынхан болон иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх нь хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Амны хөндийн эрүүл мэнд” ээлжит сургалт Налайх дүүрэгт боллоо

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас санаачлан зохион байгуулж буй “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт сургалтыг нийслэлийн Налайх дүүргийн төрийн өмчит Ерөнхий боловсролын таван сургуулийн бага ангийн 100 багш нарын дунд зохион байгууллаа.

Тус сургалт нь ЕБС-ийн бага ангийн багш нараар дамжуулан хүүхэд, тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагч нарт амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой юм. Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв болон тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн эмч нарын хооронд уулзалт хийж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн энэ өдөр “Тайвань улсын шүдний эмч нарын холбоо”-ноос хүрэлцэн ирсэн найман эмчийн баг бүрэлдэхүүнтэй баг нийт 400 хүүхдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж, эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулсан юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Бид хариуцлагатай гэр бүл” өдөрлөгийг зохион байгууллаа

Баянзүрх дүүрэг энэ оныг “Хүүхдийн хөгжлийн жил” болгон зарлаж, Хүүхдийн III чуулганаа амжилттай зохион байгуулсан билээ. Чуулганаас гарсан зөвлөмжийн дагуу дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас дэлхийн Гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Бид хариуцлагатай гэр бүл” сэдэвт өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.

“Хүүхдийн хөгжлийн жил”-ийн хүрээнд болсон өдөрлөгийн гол зорилго нь өрх, гэр бүлийн уламжлал болон өнөөгийн амьдралын дүр төрх, хэв маяг, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх, хүүхдийн хүмүүжлийн эерэг аргын талаарх мэдлэг, туршлага, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, гэр бүлийн боловсролын талаарх ойлголт мэдлэгийг өгөх, гэр бүлийн тухай хуулийг сурталчилахад оршсон юм.

Өдөрлөгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх Д.Пүрэвдаваа, дүүргийн ИТХ-ын дэд дарга Ц.Батхүү, ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Д.Уламбаяр болон албаны бусад хүмүүс, дүүргийн 28 хорооноос болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдээс эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

“Бид хариуцлагатай гэр” өдөрлөгт дүүргийн 28 хорооны төлөөлөл болох 200 гаруй гэр бүл оролцсон юм. Өдөрлөгийн үеэр НҮБ-ын Хүн амын суурьшлын хөтөлбөр, жендерийн мэргэжилтэн Н.Золзаяа, Гэр бүл хүүхэд залуучуудын газрын мэргэжилтэн Л.Бадамцэцэг, Үндэсний аюулгүй байдлын “Стратеги судлалын хүрээлэн”-гийн Эрдэм шинжилгээний ажилтан АУ-ны доктор Э.Энхмаа нар сонирхолтой лекц, илтгэлийг уншлаа. Мөн 84, 97 дугаар сургуулийн авьяаслаг сурагчид өдөрлөгт хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч нарт мэндчилгээ дэвшүүлсэн юм хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаа 5 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

Монгол Улсын нийт хүн амын 37.6 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн 30 гаруй хувь нь хүүхдүүд байна. Тиймээс хүүхдэд чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өсвөр, залуу үед үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хэрэглэх соёлыг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүрийн 5 дугаар сард “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байхыг Засгийн газрын 2018 оны 87 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Энэ дагуу “Хүүхдэд зориулав-2018” үзэсгэлэн худалдааг анх удаа 2018 оны 5 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар боллоо.

Үүнтэй холбогдуулан “Хүүхдэд зориулав 2018” үзэсгэлэн худалдааны зорилго, ач холбогдол, бэлтгэл ажлын явцын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор өнөөдөр (2018.05.15) ХХААХҮЯ-ны хурлын танхимд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү болон БСШУСЯ, МҮХАҮТ-ын төлөөлөл оролцож, сэтгүүлдэд мэдээлэл өгсөн юм.

Тус үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчаар ХХААХҮЯ, хамтран зохион байгуулагчаар ГХЯ, БСШУСЯ, ЭМЯ, ХНХЯ, МХЕГ, ШӨХТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НЗДТГ зэрэг төрийн байгууллага, МҮХАҮТ, Монголын хүнсчдийн холбоо, Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо, Монголын ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо зэрэг ТББ, мэргэжлийн холбоод ажиллаж байна.

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн өмнө болж буйгаараа онцлог уг үзэсгэлэн худалдааны үеэр хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн баярын жагсаал болж, “Хүүхдэд зориулав” гэсэн тодотголтой гран при бүтээгдэхүүн, экспортын шилдэг бүтээгдэхүүн, импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн, шинэ бүтээгдэхүүн гэсэн дөрвөн номинациар үйлдвэрлэгчдийг шалгаруулна. Мөн хүүхдийн зөв хооллолт мэдээллийн булан, өсвөр, залуу үед зориулсан хэрэглэгчийн булан ажиллуулах юм. Түүнчлэн хүүхдийн хоол хүнс болон унадаг дугуйны өдөрлөг, хүүхдийн гутал, хувцасны загварын шоу зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулна. Энэ үеэр мэргэжлийн хяналтын явуулын лабораторийг ажиллуулж, хоол, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар мэргэжлийн зөвлөгөө өгнө гэдгийг дурдах хэрэгтэй болов уу.

Үзэсгэлэн худалдаа болж байхтай зэрэгцэн салбарын төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгчдийг хамруулсан “Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж”, “Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдийн хоол, хүнсний чанар, хангамжийн асуудал” сэдэвт хэлэлцүүлэг тус тус зохион байгуулна.

Ийнхүү хоёр өдрийн турш үргэлжлэх арга хэмжээний үр дүнд хүүхдэд зориулсан дотоодын хөнгөн, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж, нэр, төрөл олшрон, чанар нь сайжрах, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ олон улсын зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй үйлдвэрлэгчдийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны 17 цаг хүртэл бүртгэж байгаа бөгөөд оролцоход хураамж төлөхгүй.

Үйлдвэрлэгч нь үзэсгэлэн худалдаанд оролцож, өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, төрөл бүрийн эвент зохион байгуулах боломжтой. Мөн дээр дурдсан дөрвөн номинацид өрсөлдөж, шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан тохиолдолд цом, өргөмжлөлөөр шагнаж урамшуулан, олон нийтэд сурталчлах болно. Үзэсгэлэн худалдаанд оролцсон нийт үйлдвэрлэгчдэд “Хүүхдэд зориулав” бүтээгдэхүүний каталогид нэрийн бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй оруулах боломж олгож байна. Цаашид үзэсгэлэн худалдааг жил бүр уламжлал болгон зохион байгуулна.