Categories
мэдээ спорт

Башёг хоёр бөх тэргүүлж байна

Мэргэжлийн сумогийн тавдугаар сарын башёгийн тав дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аваргаХакүхо М.Даваажаргал Дайшёогоор тав дахь даваагаа авч Сэкиваке Точиношин, Шиёода нарын хамт нэг ч унаагүй башёг тэргүүлсээр байна.

Мөн 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Абиг давж дөрвөн даваатай болов. Токио хотноо өчигдрийн барилдаанд Озэки Гоэйдо өрсөлдөгчдөө унаснаар хоёр унаатай болж, тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдэж эхэллээ.

Харин Сэкиваке Точиношин тав дахь даваагаа авсан бол Сэкиваке Ичиножёо А.ИчинноровЭндод унаснаар дөрвөн даваа, нэг унаатай боллоо. Башёг тэргүүлгчдийн араас Какүрюү, Ичиножёо нарын зургаан бөх дөрвөн даваа, нэг унаатай нэхэж байна.

Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн нар таван барилдаанаас ганц л даваа аваад байгаа юм. Өнөөдрийн барилдаанд Хакүхо Абитай, Какүрюү Дайешёотой барилдана. Харин Тамаваши, Ичиножёо нар хоорондоо барилдахаар оноолт таарсан.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүдийн попрол Оюу толгойг хөмрөхдөө тулж байна уу?

Ингэж асуумаар дүр зураг сүүлийн хэдэн сарын турш нүдний өмнө хөвөрлөө. УИХ-ын гишүүд хөмсгөө сүрхий гэгч нь зангидаж суугаад “Оюу толгойг шалгах ёстой” гэж албархацгаагаад байсны учир бараг тайлагдчихлаа. Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайханыг Дубайд болсон үйл явдалтай хамаатуулан хорьж буй өдрүүдэд иргэний хөдөлгөөний хэсэг хүмүүс “Оюу толгойн 51 хувийг Монгол Улс авах ёстой” гэж сүржигнэв. Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнийхөн Оюу толгойн “Моннис” дахь оффист очиж шаардах бичиг гардуулсныг учир мэдэх улс бол жуумалзасхийгээд өнгөрөөсөн л дөө. Уул уурхайн талаар “а” ч үгүй тэдэнтэй юу ярих билээ. Эдийн засгийн ямар нэгэн төсөлд илүү хувь эзэмших хэрээр хариуцлага хүлээдэг, ядахнаа төслийг эхлүүлэх их мөнгөний талаас илүүг гаргах шаардлагатай болно гэдгийг бодох нь бүү хэл төсөөлөө ч үгүй яваа улс. Шаардлага хүргүүлж байгаа нөхдөд энэ мэтээр учирлаж тайлбарлаж хэлээд ч Оюу толгойн эдийн засагт үзүүлж буй үнэ цэнийг ойлгохгүй нь гашуун боловч бодит үнэн. Хэмжээндээ л сэтгэж байгаа учраас тэднийг буруутгах аргагүй. Үсэг мэдэхгүй хүнийг ном уншсангүй гэж зэмлэсэнтэй ижил юм болох учраас цаад шалтгаан нь юу вэ гэсэн асуултад хариу хайя.

Цаад шалтгаан нь ерөөсөө л улстөрчдийн попролт. УИХ-ын гишүүдээс гарын арван хуруунд багтахаар цөөхөн хэд нь зах зээлийн эдийн засгийн тухай, аятайхан хөгжье гэвэл хувийн хэвшил хэр чухал талаар цэгцтэй зөв ярьж харагддаг. Оюу толгой ба том төсөл гэсэн сэдвийг сөхөх бүртээ муусайн баячууд гэж попордог, уул уурхайгаас мөнгө босгож бусад салбараа хөгжүүлье гэхээр гадныханд эзлэгдэж дууслаа хэмээн сүржигнэдэг хэд бас бий. Товчхондоо тэднээс болоод л иргэний нийгмийнхэн “Оюу толгойн 51 хувийг улсад авъя” гэж попроод байгаа юм.

Ч.Улаан уг нь улс төрд олон жил хатаагдсан, хэдэн парламент дамжсан, Сангийн сайдаас эхлээд өчнөөн чухал алба хашсан эдийн засгийн тухай цэгцтэй мэдлэгтэй байвал байхаар гишүүн. Гэхдээ яагаад ч юм Оюу толгойд жигтэйхэн харшилтай. Монголын эдийн засгийг өдий дайны тэлсэн ганц том шалтгаан болсон төслийн талаар ам нээх бүрдээ “Тэд бидний баялгийг цөлмөж байна” гэж эх орончийн дүр эсгэдэг улстөрч. Сүүлд гэхэд “Аливаа үйл явдлыг мартаж болно, гэхдээ уучилж болохгүй гэдэг үг бий. Хэзээ ч мартаж, уучилж болохгүй зүйл бол “Оюу толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан үйл явдал” гэж ярьсныг хэвлэлийн хуудаснаас харж болно. Оюу толгой компани Монголын Засгийн газарт 2010-2018 оны эхний улирлын байдлаар 1.5 тэрбум гаруй ам.долларыг татвар хураамж болон бусад төлбөрт төлсөнийг мэдэхийн цаагуур мэдэж суугаа хүн шүү дээ. Ч.Улаан гишүүнийг ярилцлага өгч суусан гуравдугаар сард гэхэд л Оюу толгой компани гуравхан сарын дотор Монгол Улсад 51 сая ам.долларын татвар, хураамж төлчихөөд байсан юм.

Оюу толгойд өстэй юм шиг өөр нэг улстөрч бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн. Тэр хэвлэлд 2013 онд “Оюу толгойгоос орж ирэх ёстой бүх баялгийг гадагш нь алдчихвал олон улсын банк, санхүүгийн томчууд цөмөөрөө Монголыг тойроод явчихна гэсэн үг…”, 2015 онд “С.Баяр, С.Баярцогт нарын байгуулсан энэ балагтай гэрээг засч, өөрчлөхгvй бол өнөөдрийнх шиг л Монголын баялаг урсаж, бидний аманд ч vгvй, хамарт ч vгvй хохироод л суугаад байна”, 2018 онд “Өдөр ирэх тусам энэ гэрээний үр ашиггүй болох нь батлагдаж байна. Энэ гэрээг хийсэн хүмүүс нойргүй хонож, сэтгэлийн шаналалд орж байгаа. Цаашдаа Монголд эрх чөлөөтэй амьдрахад ч хүнд болно” хэмээн ярьж байж. Ер нь Ц.Даваасүрэн гишүүн Оюу толгойн тухай асуусан асуулт бүрд иймэрхүү агуулгатай үг унагадаг. Уг нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог тэргүүлж явсан хүн том төслийн дам нөлөө эдийн засгийн цусны эргэлт болдогийг мэдэхийн цаагуур мэднэ л дээ. Том төсөл хөдөлж эхлэхэд ариун цэврийн цаас зардаг компани, ажилчдын хувцас оёдог цехээс эхлээд шатахууны том компани хүртэл олон зуун аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийж эдийн засаг тэр хэрээр тэлдэгийг мань эр уг нь гадарлана. Оюу толгой компани 2010 оноос хойш есхөн жилийн дотор Монголын компаниудтай хийсэн худалдан авалт, төсөвт байгууллагад төлж буй татвар хураамж, ажилчдын цалин зэрэгт 7.5 тэрбум ам.доллар зарцуулсныг Эрчим хүчний сайд мэдэхгүй яваа гэвэл хэтэрхий гэнэн дүгнэлт болно. Оюу толгойг үгүйсгэж, ашиггүйг нь гайхдаг гишүүн яагаад ч юм энэ мэт бодитой тоог яриа хөөрөөндөө огт дурддаггүй.

Оюу толгойн эсрэг дайн зарласан дараагийн попчин нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Уул уурхайн төсөл ярих бүрд эсэргүүцэж суудгаар нь чуулганы тойм үздэг, уншдаг хүн бүр андахгүй. “Амташсан хэрээ 13 дахина гэдгийн үлгэрээр өнөөдөр Оюу толгойг сул авчихсан этгээдүүд араас нь Хармагтай тэргүүтэй өчнөөн орд газруудыг дээрэмдэх сонирхол л цаана нь явж байна шүү дээ” гэх мэтийн тоо баримтгүй сүржин мэдэгдэл үе үе хийж суугаа харагддаг. Ч.Улаан шиг Сангийн яамыг удирдаж, Ц.Даваасүрэн шиг Эдийн засгийн байнгын хороо ахалж яваагүй болохоор тоо, баримт, нотолгоо сэлтгүй зүйл ярилаа гэж шүүмжилмээргүй байна. Гэвч тэр одоо Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсгийн гишүүн. УИХ-аас ийм чухал ажил даалгасан болохоор өнөөдрөөс илүү ул суурьтай хандах биз ээ.

Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсэгт Б.Бат-Эрдэнээс гадна УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар багтаад буй. Ахлагч нь Д.Тэрбишдагва. Ажлын хэсгийнхний нэрсийг анзаарахад Б.Бат-Эрдэнээс гадна О.Баасанхүү гишүүн попчдын эгнээнд зүй ёсоор багтдаг улстөрч. Одоогоос гурван жилийн өмнө 2015 онд Оюу толгойг шалгах зорилгоор байгуулагдсан ажлын хэсэгт багтаж явсан удаатай. Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар гэсэн учир мэдэх, эдийн засгийг зөв хардаг гишүүд багтсан болохоор жин бан нь таарсан дүгнэлт гарч магадгүй гэсэн найдлага байна. Ч.Сайханбилэгийн хүссэнээр өдгөө хоригдож буй хэлэлцээрт орсон ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, нухацтай ултай хандаж байж дүгнэлтээ гаргах биз ээ.

Оюу толгойн эсрэг дуугардаг улстөрчдийн цаад санаа нь зовмоор жижигхэн. Ихэнх нь иргэдэд таалагдах гэж эх орончийн дүр эсгэнэ, зарим нь бүр С.Ганбаатар шиг дүү нь халагдах гэх мэт аар саар асуудлаас үүдэж өчнөөн юм ярьж хэл үг болно. Бүр лавшруулж хардвал улсын хөгжилд биш аминыхаа өчүүхэн хэрэгцээнд зарцуулах хэдэн төгрөгийн төлөө сүрхий чухал царайлцгаадаг ч байж мэднэ. Улсынхаа эдийн засгийг тэлж, өөрсдийнх нь төлөө саналаа өгсөн иргэн Дулмаа, Батын авдаг хэдийг ахиулахсан гэж чин зүрхнээсээ хүсдэггүйд л попчдын гол гай байгаа юм. Оюу толгой шиг том төслүүд хөдөлж байж, томуудаа дагаж бусад төслүүд амилж байж эдийн засаг тэлдэг нь зах зээлийн бичигдээгүй хууль. Эдийн засаг тэлж, олдог хэд маань нэмэгдвэл ид бүтээх насны залууст Солонгос, Америк руу хар ажил хийхээр дугаарлах шаардлага гарахгүй. Өнөөдрийнх шиг дээр суугаа хэд нь хэрэгжиж буй ганц том төслөө адлаад байвал Дулмаа, Батын авдаг цалин нэмэгдэнэ гэдэг зүгээр л хоосон мөрөөдөл.

Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төсөлд 34 хувийн оролцоотой. Бизнесийн зарчмаараа 34 хувийн ашиг хүртэхээс гадна 34 хувийн хариуцлага хүлээх учиртай. Дулмаа, Бат хоёр хамтраад талхны цех байгууллаа гэж төсөөлье. Дулмаа бүх мөнгөө гаргаад талхны цех байгуулчихлаа. Нэг ч төгрөг гаргаагүй Бат “Би зөвхөн ашиг л хүртэнэ” гээд байвал ямар байх вэ. Ямар ч хариуцлага хүлээхгүй, сохор зоос ч гаргахгүйгээр ашиг хүртдэг бизнес хаана ч байхгүй. Харилцан ашигтай ажиллаж байж бизнес хөгждөг. Оюу толгойд ингэж хандмаар санагддаг юм. Харамсалтай нь ингэж хандсан хүмүүсээ бариад хорьчихоор бултаараа хандлагаа өөрчлөх тухай яриа дэмий мөрөөдөл болчихож байгаа юм.

Бидний баялгийг авч байгаа юм чинь илүүг өгөх ёстой гэж попууд ярьдаг. Энэ шүүмжлэлд нэг жижиг тайлбар зүүе. Уул уурхайн компаниудаас Монгол Улс өмчийн эзний төлбөр гэж авдаг. Албан нэршил нь рояалти буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр. Тэгэхээр эрдэс баялгаа ашиглуулж байгаагийнхаа төлбөрийг бид уул уурхайн компаниудаас бусад олон татвар, хураамж дээрээ нэмээд авчихдаг гэсэн үг. Энэ бол дэлхий даяараа дагадаг жишиг, зарчим.

“Тоглоом тоотой нь, толгой мөлжүүртэй нь дээр” гэдэг. Оюу толгой төсөл аль хэдийнэ Монгол гэдэг улсын хөрөнгө оруулалтын барометр болчихсон. Монголд мөнгөө хийх сонирхолтой гадны хөрөнгө оруулагчид УИХ, Засгийн газрын Оюу толгойд хэрхэн хандаж байгааг нухацтай анзаарч суугаа. Дэлхийтэй харилцаж, бусад улс шиг дажгүй хөгжье гэвэл бидэнд доллар хэрэгтэй, долларыг гадны хөрөнгө оруулагчид л оруулж ирдэг гэсэн энгийн логикоор бодоход Оюу толгойг цээжний бангаар хараагаад сууж таарахгүй. Тэгэхээр одоо элдэв аймшгийн үлгэр ярьж сүржигнэхээ больцгооё. УИХ-ын гишүүн, сайд гэх мэт улсаа төлөөлж ажиллаж яваа хүмүүс үгээ бодолтой унагамаар байна. Шүүмжилэхээр бол тэр гэрээний энэ заалтыг ингэж өөрчилье, тэгэхгүй бол эдийн засагт яг ийм хохирол үзүүлнэ гэх мэтээр баримт нотолгоотой, жинтэй даацтай яривал тэднийг хэн ч шүүмжилж, чимхэхгүй. Бараагаа шахах гээд чадаагүйдээ хорссондоо ч юм уу, эгч дүүсийнхээ элдэв жижиг асуудлаас болж сүрхий эх оронч царайлж шүүмжлээд байхаар наад зах нь сонгогчид чинь хараад үгээ барж суугаа. Ард түмэн тэнэг биш гэдэг үгийн утгыг дараагийн сонгуулиар ой тойндоо ортол мэдэрч амаа барих гээгүй л бол одоо больж үз. Үнэхээр эх орондоо хайртай, ард түмнээ боддог бол “Рио”-д “Хятад руу их мөнгө урсгаад баймааргүй байна, цахилгаан станцаа барья”, “Монгол ажилчдын тоог нэмье”, “Ханган нийлүүлдэг компаниудыг дэмжих өөр ямар гарц байгааг хамтраад судалъя” гэх мэтийн ажил хэргийн, бодитой яриа өрнүүл. Ингэж хандсан улстөрчид харин ухаантай, сэтгэлтэй, жинхэнэ төрийн түшээ шиг харагдана.

Монгол тусгаар тогтноод удаагүй Казахстан гэх мэт улс биш. НҮБ-ын гишүүн, тусгаар тогтноод өчнөөн арваныг туулчихсан Азидаа ардчиллын загвар болж, дархлаагаа тогтоочихсон орон. Хэн дуртай нь эзлээд хашаад авчих газар орон хэтээсээ биш. Ийм тийм улсын хараат боллоо, баялгаа гадныханд алдлаа, газар нутаггүй хэцүүдлээ гэж сүржигнэх нь хэтэрхий даржин сонсогдоод байх юм. Ямар нэг улсын дагуул байсан бол ингэж ярьдаг улстөрчид зоригтой гоё харагдана л даа. Монголын парламентын гишүүн ингээд ярихаар шулуухан хэлэхэд өмнөөс нь ичдэгээ нуугаад яахав.

Оюу толгойн үнэ цэнийн 80 хувь гүндээ бий. Гүний уурхайн бүтээн байгуулалт нь дуусаатахвал овоо ахиу доллар олох боломж нээгдэнэ. Ч.Сайханбилэгийн хувьд зогсчихоод байсан гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжүүлсэн. Тодруулж хэлбэл, Монголын Засгийн газар, Рио хоёрын дунд үл ойлголцол үүсч гүний уурхайн бүтээн байгуулалт зогсчихсон байхад тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюу толгойг хөдөлгөсөн юм. Дубайд далд уурхайн санхүүжилтийг үргэлжлүүлэх хөтөлбөрт гарын үсэг зурснаас хойш гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилсэн, Ч.Сайханбилэгийн хорихоос бичсэн захианд дурдсанчлан 3000 хүртэл буурсан монгол ажилчид өнөөдөр 14000-д хүрсэн, мянга илүү аж ахуйн нэгж, 41000 хүн бизнесээ тэлэх боломжийг атгасан. Ингэснийх нь төлөө, эдийн засгаа бодож улстөрийн зоримог шийдвэр гаргасных нь төлөө Ерөнхий сайдаар ажиллаж явсан хүнээ бариад хорьчихсон Монгол дэлхийд ямар харагдаж байгаа бол.


Categories
мэдээ улс-төр

Хоёр орны агаарын цэргийн харилцааг илүү хөгжүүлнэ

Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчийн урилгаар АНУ-ын Агаарын цэргийн хүчний гадаад харилцааны асуудал эрхэлсэн дэд дарга Хейди Грант манай улсад ажлын айлчлал хийж байна. Хатагтай Хейди Гранд болон албаны бусад хүмүүсийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын хувьд 2015 онд УИХ-аар шинэчлэн батлагдсан Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийн дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчин Хуурай замын цэрэг болон Агаарын цэргийн хүчнээс бүрдэх бөгөөд одоо манай хоёр командлал бие даан үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн. Шинээр байгуулагдаад байгаа Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын чадавхийг бэхжүүлэхэд бусад орнууд түүний дотор АНУ-тай байгуулсан харилцаа чухал байна. Таны энэхүү айлчлал хоёр орны Агаарын цэргийн хүчний хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулна гэж найдаж байгаагаа Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ үеэр тэмдэглэж хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 18-нд болох үйл явдал

09.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд “Хүний эрхийн тухай ойлголт, хүний эрхийг хамгаалах үндэсний болон бүс нутгийн механизм” уулзалт болно. Утас: 99095302

09.00 цагт “Мэдээллийн технологийн үндэсний парк”-т “Хүүхдийн хөгжилд-Мэдээллийн технологи” улсын уралдааны нээлт болно.

09.00 цагт МУИС-ын хичээлийн I байранд “МУИС-иар аялъя” өдөрлөг болно.

10.00 цагт ХХААХҮЯ-нд “Бэлчээрийн доройтол, гарц шийдэл” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт ШУА-ийн байранд “Зүрх судасны өвчний тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Нийслэлийн цагдаагийн газарт цагдаагийн байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт БНТУ-ын Элчин сайдын өргөөнд хөгжлийн бэрхшээлтэй, бага дунд орлоготой өрх толгойлсон эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх зорилго бзхий “Upcycling in Mongolia” үзэсгэлэн худалдаа болно. Утас.91116730, 89004465

10.00 цагт МҮЭСТО-нд Дэлхийн монголчууд намын Ээлжит бус их хурал болно. Утас:91112122.

10.00 цагт ХСИС-д “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломж” эрдэм шинжилгээний хурал болно.

11.00 цагт Ард санхүүгийн нэгдлийн байранд “Эдийн засгийн форумыг хэрхэн үр дүнтэй болгох вэ?” хэлэлцүүлэг болно. Утас: 88098811

11.00 цагт Монголын үндэсний музейд “Өргөн харилцаатай музей: Шинэ хандлага, шинэ олон нийт” арга хэмжээ болно.

11.00 цагт Засгийн газрын авто баазын байранд онцгой байдлын алба хаагчид галын аюулгүй байдлын нэгдсэн сургуулилт хийнэ.Утас: 99992455

11.00 цагт УДБЭТ-т Монгол улсад газрын тосны салбар үүсэн байгуулагдсан 77 жил, газрын тос экспортолж эхэлсний 20 жилийн ойн баяр болно.

11.00 цагт Богд хааны ордон музейд “Эрдэнэсийн сан” үзэсгэлэнгийн нээлт болно.

12.00 цагт МУИС-ийн Номын санд “Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийг тохиолдуулан “Олон улсын нэгжийн SI систем- Байнгын хувьсал” сэдэвт форум болно.

12.00 цагт ШУТИС-ийн Механик тээврийн сургуульд Их дээд сургуулиудын үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцоо ISO:9001-2015 стандартын гэрчилгээ гардуулах ёслол болно.

12.00 цагт Пума зочид буудалд “Монгол туургатны бөхийн барилдаан”-ы зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас: 98000307

13.00 цагт Хан-Уул дүүргийн Соёлын ордонд тус дүүргийн Газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн болно.

15.00 цагт “Монос Групп”-ын төв байранд “Хүний нөөцийн менежментийн дэлхийн стандарт Монголд” арга хэмжээ болно. Утас:88098009

Төрийн ордонд

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хурал болно.

13.00 цагт Төрийн албан хаагчийн хариуцлагын тухай хуулийн хэлэлцүүлэгт болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “ТҮЦ-ээр амжиргаагаа залгуулагчдын холбоо”-ноос тэмцлийн хурц хэлбэрт шилжих талаар мэдээлэл хийнэ.

11.40 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Л.Энхболд: Хилээр 400 мянган тонн нүүрс алддаг асуудлаа шийдэж чадахгүй байж, хүүхдийн мөнгөн дээр хэрүүл хийх шаардлагагүй

Улсын их хурлын гишүүн Л.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Нэг хэсэг хэвлэлээр шуугьж байсан 268 мянган тонн нүүрсний учир шалтгаан тайлагдаж байна уу. анх энэ асуудлыг та олон нийтэд ил болгож, араас нь хөөцөлдөж байсан. Одоо асуудал ямар байгаа вэ?

-Хамгийн товч хариулт гэвэл энэхүү 268 мянган тонн нүүрсний асуудлын ард нь гарна. Одоогоор учрыг нь олохоор тодорхой ажлууд явагдаж байна, шалгах процесс нь үргэлжилж байгаа. Засгийн газраас Сангийн яамаар ахлуулсан арав орчим агентлаг, газрууд оролцсон ажлын хэсэг гарчихсан. Энэхүү ажлын хэсгийн дүгнэлт ирэх сарын 10-наас өмнө гарчихсан байх юм билээ. Би энэ асуудлаар улс төр огт хийх гээгүй. Яг бодит байдал дээр юу болж байгаа вэ гэдгийг л гаргаж ирсэн. Тэнд асуудал байна уу гэвэл байгаа. Анхнаасаа энэхүү асуудлыг олон нийтэд ил болгосон хүний хувьд эцсийн цэгийг нь үзэх ёстой гэсэн байр суурь хэвээрээ байгаа. Миний хувьд энэ асуудлаарх цуглуулах ёстой баримт, мэдээллүүдийг хангалттай цуглуулчихсан. Гэхдээ үүнийг хэн хийв гэдэг нь одоогоор тодорхой биш байна. Монголын гурван сая иргэний өмч алга болсонд харамсдаг. Энд өнөөдөр 18 сая ам.долларын асуудал яригдаж байна. Өнөөдөр бид хүүхдийн мөнгөн дээр маргалдаж, дөч, тавин тэрбум төгрөг олох гэж Монголын төр зовж байна. Гэтэл тэрхүү 268 мянган тонн нүүрс алга болсон нь манай улсын хувьд эдийн засгийн том асуудал болж байгаа юм. Өөр нэг харамсалтай зүйл бол хэн нь авсныг тодорхойлоогүй байж орон нутгийн Таван толгой төлнө гээд гэрээ байгуулчихсан. Тэрхүү гэрээ байгуулсан этгээд Өмнөговийн ард түмнийг өрөнд оруулж байна гэсэн үг. Үнэхээр өрөнд оруулаагүй юм бол Таван толгой хувьцаат компаниас энэ нүүрс ийшээ ингээд орчихсон гэсэн баримтаа харуулчих ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл тэрхүү баримтыг харуулж чадахгүй байгаад асуудал байгаа юм. Тийм болохоор тэрхүү олон арван тэрбум төгрөг хаашаа орсон нь одоог хүртэл тодорхойгүй байна. Үнэхээр орон нутгийн Таван толгой уг асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа бол шударгаар хэлэх хэрэгтэй. Бид тэдэн онд ингээд авчихсан юм, энэ данс руу тэр мөнгө орсон гэдгээ олон нийтэд ил болгох ёстой. Ингэж олон нийтээр янз бүрээр хэлүүлж, надаар хулгайчаараа дуудуулах шаардлага байхгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр хариуцлагын асуудал энд яригдана. Яагаад хүний нутаг дэвсгэр дээр ямар ч зөвшөөрөлгүйгээр нөхөр захирал эрх өгч нүүрс авдаг юм бэ.

Тэр хүмүүс өнөөдөр хариуцлагаа хүлээгээд зайлах ёстой. Товчхондоо энэ асуудлын ард хоёр л харамсалтай зүйл үлдэж байна. Нэгд, Өмнөговьчууд өрөнд орох нь тодорхой болчихоод байх шиг байна. Гэхдээ хэн нь төлөх вэ гэдэг асуудал нөгөө Стандарт банкны өрийг Эрдэнэт үү, Батхүү юу гэдэгтэй адилхан асуудал үүсчихээд байгаа юм. Гэхдээ ирэх сарын дундуур гэхэд энэхүү асуудлын учир, зангилаа бүрэн тайлагдана.

-Та ажлын хэсгийнхэнтэй уулзсан уу?

-Би ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзчихсан. Авлигатай тэмцэх газрынхантай ч уулзсан. Тэдэнд “Би энэ асуудлын хойноос явсаар нэг цэгт хүрчихсэн байгаа шүү” гэж хэлж байгаа. Хэрэв миний хүрсэн цэгт АТГ, Засгийн газраас гаргасан ажлын хэсэг хүрсэн байвал ажлаа зөв хийжээ гэж үзнэ. Харин миний тэрхүү цуглуулсан баримт, мэдээллийг олж авч чадаагүй бол төр ажлаа хийж чадаагүй юм байна гэж ойлгоно. Хэрэв хүрч чадахгүй бол нөгөө нэг нүүрс дагасан том мафийн сүлжээ төрд ороод ирсэн байна гэж үзнэ. Тэгэхээр ингэж харагдуулахгүйн тулд Төр ажлаа сайн хийх байх аа гэж итгэж байна. Итгэж байгаа учраас тодорхой хугацаанд чимээгүй байгаа юм.

-Энэхүү асуудлаас болж таныг Гашуунсухайт боомтын даргаар өөрийнхөө хүнийг тавих гээд шахаа хийж байна гэсэн яриа гадуур их явсан…

-Ер нь энэ хулгайн нүүрсний асуудлыг би бодитоор харсан. Ерөнхий сайд ч хүртэл харсан. Тийм учраас тэнд байгаа асуудлыг системээр нь өөрчлөх ёстой. Ингэхийн тулд арав гаруй жил тэнд ажилласан хүмүүсийг явуулах хэрэгтэй. Ийм үйл ажиллагаа явуулъя гэж ярихаар намайг өөрийн хүнээ тийшээ оруулах гэж байна гэж харддаг. Ажлын хэсгийн дүгнэлт гараад олон жил ажилласан хүмүүс ийм хууль бус үйлдэл хийдэг бол Засгийн газар нэн яаралтай тэр хүмүүсийг явуулах ёстой. Ер нь зарчмын хувьд харахад төрийн өмчид хайхрамжгүй хандсан удирдлагын асуудал байгаа. Нэг нь тэрхүү нүүрсийг авч байхад нөгөө нь чимээгүй хараад сууж байдаг асуудал байхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл төрийн өмчийг харж, хэдэн төгрөгийн цалин аваад сууж байгаа тэр хүмүүс хариуцлагагүй байна гэсэн үг. Харин өнөөдөр энэхүү хариуцлагагүй байдлаасаа зугтаахын төлөө хулгай хийгээгүй, түр авчихсан, одоо төлөх гэж байгаа юм гэсэн тайлбар хийгээд сууж байна. Ийм ёс зүйгүй байж болохгүй.

-Энэхүү асуудал яригдаад таван жил боллоо. Өнгөрсөн хугацаанд яагаад шийдчихэж болоогүй юм бол?

-Ер нь бол аль эрт шийдчихэж болох байсан юм билээ. 2010-2011 онд 379 мянган тонн нүүрс буюу 37508 машин нүүрс мэдүүлэггүй гаалиар гарсан гэдэг нь тогтоогдчихсон. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаад прокурор дээр очоод хэрэгсэхгүй болчихсон байдаг. Үүнийг удахгүй олон нийтэд ил болгоно. Тухайн үед нь мэдүүлэггүй гаргасан асуудлыг шийдээгүй болохоор одоо энэхүү гаалиар мэдүүлэггүй гаргадаг процесс үргэлжилж байгаа гэж боддог. Өөрөөр хэлбэл тухайн үед энэхүү хууль бус зүйлийг таслан зогсоох ёстой байсан юм. Нэг жилд 379 мянган тонн нүүрс гаалиар мэдүүлэггүй гардаг гэж бодохоор одоо алга болсон гэж яригдаад байгаа 268 мянган тонн нүүрс хулгай байх магадлал өндөр болчихож байгаа юм.

-Та яриандаа нүүрсний мафийн асуудлыг олон удаа хөндлөө. Нүүрсний мафи гэдэг зүйл Монголд хэзээнээс яригдах болов оо. Үүнийг таслан зогсоохын тулд яах ёстой вэ?

-Нүүрсний мафи гэдэг зүйл манай улсад 2007 оноос эхэлж явагдсан гэж харж болохоор. Үүнийг зогсоох хамгийн гол байгууллага бол төр. Өөрөөр хэлбэл төрөөс томилогдон, татвар төлөгчдийн хөрөнгөөр цалинждаг Гааль, Хилийн цэрэг, Мэргэжлийн хяналт, Хилийн тагнуул зэрэг байгууллагууд ажлаа сайн хийх ёстой. Эдгээр байгууллагууд ажлаа муу хийснээс болж иймэрхүү асуудлууд давтан гараад байгаа юм. Ажлаа хийж чадахгүй бол нэн яаралтай мэргэжлийн хүмүүсээр солих хэрэгтэй. Эсвэл эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг давхар хянадаг механизмыг сайжруулах шаардлагатай. Нэн түрүүнд алдаа гаргасан, ажлаа тааруу хийдэг хүмүүст хариуцлага тооцох ёстой гэж би харж байгаа. Хатуухан хэлэхэд жилд хилээрээ 400 мянган тонн нүүрс алдчихдаг асуудлаа шийдэж чадахгүй байж, хүүхдэд олгох дөчин тэрбум төгрөг дээр хэрүүл хийдэг УИХ байгаад яах юм. Тийм учраас энэ асуудалд өнөөдөр цэг тавих цаг нь болсон.

-Хүүхдийн мөнгө олгох асуудлаар Засгийн газар болоод Ерөнхийлөгчийн зүгээс хоёр өөр байр суурь илэрхийлсэн. Нэг нь 80 хувьд, нөгөөх нь 100 хувьд олгох ёстой гэж. Үүнийг нэгтгээд УИХ-аар хэлэлцэх гэж байгаа. Таны хувьд хүүхдийн мөнгийг хэдэн хувьд нь олгох ёстой гэж харж байна?

-Миний барьж буй гол байр суурь бол энэхүү асуудлаар улс төр битгий хийгээсэй гэсэн бодолтой байна. Яг бодит амьдрал дээр энэ мөнгийг авдаг нь наян хувь л байгаа. Гэхдээ хүүхдийг ямар нэгэн байдлаар алагчлахгүй байх ёстой. Зуун хувьд нь олгох ёстой гэсэн саналыг дэмжиж байгаа ч улс орныхоо эдийн засгийн байдлыг харж үзэх ёстой юм. Манай улсын эдийн засаг үнэхээр хүнд байдалд орсон . Энэхүү хүнд байдлаас одоо л нэг амьсгаа авах гэж байхад иймэрхүү хавтгайруулсан хөрөнгө гаргах хэрэггүй юм.

-Том төслүүдээ хөдөлгөх ёстой гэж улс төрийн хоёр том хүчин ээлжилж ярьсаар удлаа. Энэ том төслүүд хөдлөхгүй байгаа цаад шалтгаан юунд байна?

-Том төслүүдээ хөдөлгөхийн тулд зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй. Хөдлөхгүй байгаа гол шалтгаан бол бид шийдвэр ерөөсөө гаргаж чадахгүйд байгаа юм. Хэрэв эдгээр төслүүд идэвхжиж ирэх юм бол манайх шиг шиг эдийн засагтай, хүн ам багатай улс орон хурдан хугацаанд хөгжих боломжтой. Гэвч хэтэрхий их улстөржилт, талцал, намчирхсан байдал нь эдийн засагт асар их саад болж байна. Хэрэв хэн нэгэн нам, улстөрч ямар ч хувийн эсвэл намын эрх ашиг ярихгүйгээр, улс орон ард түмнийхээ төлөө гэсэн бодолтой байвал энэ том төслүүд хөдөлж эхэлнэ. Ер нь хоног хоногоор бид хугацаа алдаж байна. Гэхдээ оройтсон ч гэсэн том төслүүдээ хурдан эхлүүлэх шаардлагатай.

-Төрийн өндөр алба хашиж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг хууль, хяналтын байгууллагаас шалгаж, үргэлжлүүлэн хорьсоор байгаа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Юуны өмнө энэхүү асуудал улс төрийн хэлмэгдүүлэлт битгий байгаасай гэж бодож байна. Шүүх, прокурор олон нийтэд ил байгаасай. Эдгээр хүмүүс том төсөл дээр гэрээ хийсэн үү хийсэн. Гэхдээ тэрхүү гэрээг хийхдээ ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн эсэхийг бид одоогоор мэдэхгүй байна. Үүнд хууль, шүүхийн байгууллага шударга ажиллаасай гэж найдаж байна. Үнэндээ олон жил гацчихсан байсан төслүүдийг явуулсан нь том ололт, давуу тал. Гэхдээ энэхүү процессийг хэрхэн яаж явуулсан бэ гэдгийг шударгаар шалгаж, хурдан шийдэх хэрэгтэй. Хууль бус үйлдэл хийсэн бол хариуцлага хүлээлгэж, хийгээгүй бол хориод байх хэрэггүй юм.


Categories
мэдээ цаг-үе

М.Золжаргал: 70, 80-аад оны дуунууд шиг дурсамж үлдээх, зүрх сэтгэлд мөнхрөх бүтээл хийхийн төлөө зорьж байна

“Хайрын хурим” дууны клипний зураг авалтын үеэр

Дуучин М.Золжаргалтай ярилцлаа.


-Таныг Наран мандах нутаг киноны дууг дуулснаар тань мэдэх юм?

-“Наран мандах нутаг” кино нь 40 ангитай, хоёр дуутай их сайхан бүтээл л дээ. Би “Сэтгэлийн эгшиг” дууг нь дуулсан юм.

-Наран мандах зүгийн нутгийн хүн болохоор л тэр киноны дууг дуулжээ гэж таамаглаж байна шүү?

-Би Дорнодод төрж өссөн. Миний аав, ээж Сүхбаатарын Дарьганга, Баяндэлгэрийн хүмүүс байдаг юм. Тэгэхээр би яалт ч үгүй зүүн зүг, наран ургах зүгийн хүн болчихож байгаа юм.

-Таныг анх урлагт бүжигчнээр хөл тавьж байсан гэж дууллаа?

-Дорнодод Хөгжим бүжгийн коллеж шиг Гоц авьяастны 12 дугаар сургууль гэж бий. Тэр сургуулийн бүжгийн ангид тавдугаар ангиасаа сурсан. Дорнодын театр бүжигчин цөөтэй болохоор манай сургуулиас дагалдан бүжигчин авна. Би 14 настайдаа сургуульд сурахын хажуугаар тус театрт дагалдан бүжигчнээр орж байлаа. Театр маань тодорхой хугацааны дараа дагалдан бүжигчдээсээ шалгалт авч тэнцсэн хүмүүсийг нь жинхэлдэг байсан. Би яг л тэр зарчмаар явж шалгалтад нь тэнцэж мэргэжлийн бүжигчнээр ажиллах болсон. Удалгүй театр маань жүжигчдээ бэлдэнэ гээд зургаан эмэгтэй, зургаан эрэгтэйг 1998 онд “Мюзик Холл” дээд сургуульд оюутан болгосон юм. Тус сургуульд амжилттай суралцаад жүжигчин мэргэжил эзэмшсэн. Дараа нь гавьяат жүжигчин Б.Дашдондог багшийн “Na­ture sound” төвд дуулаачаар сурсан. Ингээд “Мөнгөн харандаа” хамтлагт залуу дуучнаар дуулах болсон л доо. Харин одоо хувиараа дуучны мэргэжлээрээ ажиллаж байна.

Мөнгөн харандаа хамтлаг бол манай эстрад урлагийн түүхийг бичилцсэн, үе үеийн шилдэг дуучдыг төрүүлсэн хамт олон юм?

-“Мөнгөн харандаа-1”, “Мөнгөн харандаа-2” гэж бий. Ахмад дуучид маань “Мөнгөн харандаа-1”-дээ хамаарагддаг. “Мөнгөн харандаа” хамтлагийн ахлагч Л.Энхбаяр ахтайгаа энд тэнд янз бүрийн арга хэмжээ, тоглолт дээр таарна. Тэгэхэд Л.Энхбаяр ах маань намайг уг хамтлагт орж дуулахыг санал болгодог байсан юм. Манай хамтлаг чинь эрчүүд ихтэй. Эмэгтэй дуучин хэрэгтэй байгаа юм гэсэн л дээ.

Ингээд тус хамтлагийнхантай хамтарч ажиллах болж олон сайхан бүтээл дээр гар нийлсэн. Би энэ хамтлагаас маш их зүйлийг сурсан. Амьд хөгжимтэй дуулаад эхэлсэн чинь ер нь тууштай дуулъя гэсэн бодол төрсөн л дөө. Би одоогоор чөлөөт уран бүтээлч гэгдэж байгаа ч “Мөнгөн харандаа” хамтлагтайгаа нэгдээд 1970, 1980-аад оны эстрад дууны концерт, үдэшлэгт оролцоно. Жакитай нийлээд бид “San­remo” шоугаа хийгээд явдаг.

-Танай удамд дуулдаг, бүжиглэдэг урлагийн авьяастнууд бий л байх?

-Аав, ээжийн талынхан аль аль нь уртын дуу дуулцгаана. Түүнээс биш урлагт зорьж дуучин, жүжигчнээр ажиллаж байгаа хүн өөр байхгүй л дээ. 12 дугаар сургуульд орсноосоо хойш л урлагт дуртай болчихсон. Нэг хэсэг гадагшаа, дотогшоо явж өөр зүйл хийсэн ч урлагаасаа салж, холдож чадахгүй байсан юм. Ялангуяа бүжгээ их үгүйлэх янзтай, бүхнийг бүжигтэйгээ холбодог байлаа. Өнөө зун цомгийнхоо ажилд шамдана. Дуу бүжиг хосолсон сайхан бүтээлүүдийг хийнэ гэж төлөвлөчихөөд байна. Одооноос л М.Золжаргал гэдэг дуучин уран бүтээлээ нийтэд хүргэж эхэлж байна. Миний ард баг ажиллаж байгаа. Миний эхний төсөл “Хайрын хурим” дуу байсан.

-Дуучин Т.Дэлгэрмө-рөнтэй хамтарч дуулсан Хайрын хурим дууны клип олны анхаарал татсан. Уг клипэнд та Т.Дэлгэрмөрөнтэй хуримаа хийж байгаагаар тоглосныг хүмүүс жинхэнэ мэт хүлээж авч таныг түүний гэргий гэж ойлгосон?

-Харин тэгж ташаа ойлгосон байна билээ. Би хуримын сэдэвтэй сайхан дуутай болъё гээд хөгжмийн зохиолч Л.Балхжав, яруу найрагч Д.Ган-Очир ахдаа захиалсан юм.

…Хайраас ургасан амьдрал билээ, бидэн хоёр

Хагацаж салшгүй утга учир болжээ, бидэн хоёр

Ураг барилдахын заяатай билээ, бидэн хоёр

Уужим хорвоод хослохын хүслэн билээ, бидэн хоёр гэдэг гоё үгтэй.

Хуримын дууг ганцаараа дуулах зохимжгүй санагдаад хэнтэй хамтарч дуулах вэ гэж бодсон л доо. Хөгжмийн зохиолчтойгоо ч удаан ярилцсаны эцэст дуучин Т.Дэлгэрмөрөнтэй дуулъя гэж шийдсэн. Ингээд уг дууг хамтарч дуулж клипээ хийсэн чинь Т.Дэлгэрмөрөн ахыг хоёр дахь амьдралаа зохиожээ, хуримаа хийжээ гэж нэг хэсэг шуугьсан.

-Дуунуудаа клипжүүлэх, цомог гаргах, тоглолт хийх гээд таныг том даваанууд хүлээж байна даа?

-Тийм. Яг наад дарааллын дагуу чинь л явж байна даа. Уран бүтээлийн ажлаа “Хайрын хурим” гэдэг гоё дуугаар их бэлгэ дэмбэрэлтэйгээр эхлүүлчихлээ. Сүхбаатар, Хэнтий, Дорнодын гурван эмэгтэй дуучин нийлээд “Сэцэн хан нутаг” гэж сай-хан дуу хийхээр болж, клипний зураг авалтаа зүүн аймгуудын байгалийн үзэсгэлэнт газруудад хийхээр төлөвлөсөн. Энэ сарын 16-нд зураг авалтаа эхлүүлнэ. Үүний дараачаас л миний дууны клипүүд шил шилээ даран үзэгч сонсогчдод хүрч эхэлнэ дээ. Намар гэхэд цомгоо Монголын ард түмэндээ хүргэж ийм нэг өнгө төрх, дуу хоолойтой дуучин та бүхэнтэй мэндчилж байна шүү гээд л мэхийнэ дээ.

-Та ямар дуучдыг даган дуулж, шүтэн биширдэг байв, хүүхэд байхдаа?

-Ардын жүжигчин Д.Жаргалсайхан гуай бол миний багш. Гавьяат жүжигчин Ш.Даваахүү гуайг их сонсдог байлаа. Мэргэжлийн урлагийн сургуулийн сурагчид байсан болохоор аймгаасаа гарсан мундаг хүмүүсийн дууг их сонсдог байсан юм. Одоо бол рок поп, “Мөнгөн харандаа” хамтлаг руу ороод ирэхээр сонирхол өөрчлөгдөж байна шүү. Дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа нарын дууг их сонсдог байлаа. Гэхдээ дээр үеийн эстрад хамтлагуудыг голчлон сонсч өссөн. Миний дуулах жанр ч яг тийм хэв маягийнх байх юм. Аялгуу, үг нь гоё дуу гаргая гэж цомог дээрээ ажиллаж байна.

-Нэг хэсэг манай эстрад урлаг, рок попын ертөнцөд хип хоп урсгал мөн хамтлагууд хүч түрэн орж ирж байсан бол одоо телевизийн элдэв шоунаас төрөн гарсан дуучин, соло дуучид л олон харагдах болжээ?

-Хамтлагаар урлагийн салбарт явахад хэцүү л байгаа харагдах юм. Би 30-аас дээш насныхандаа зориулсан бүтээл хийе гэж төлөвлөж байгаа. 40, 50-иас дээш насныхны сонсч ирсэн дуунууд бол гоё үг, аялгуутай. Одоо үед тэдний сонсох юм ховордчихоод байгаа юм шиг санагддаг юм. Тийм л гоё, энгийн дуунууд хийхсэн гэж зорьж явна. “Өргөө” хамтлагийн дуунууд одоо ч байж л байна. Яг л тийм урт настай, хүний сэтгэлд, зүрхэнд шингэсэн 1970, 1980-аад оны дуунууд шиг дурсамж үлдээх бүтээл, хуучны эстрадыг одооны дуугаралт, түвшинд авчирсан дуунуудтай болохсон гэж их боддог.

-Твист, фокстрот, рок-н-ролл гээд л бүжгийн хэмнэл санагдаж байна?

-Диско шүү дээ. Хөнгөн хэмнэлийн диско. Сонсоход чихэнд хөнгөн, зөөлөн мэдрэмж төрүүлдэг шүү дээ. Миний хөдөлмөр, авьяас бүхий л зүйлээ дайчлан гаргасан дуу бүтээл ард түмэнд маань хүрч байвал би баяртай байх болно. Аливаа уран бүтээлч хүний эцсийн зорилго л тэр байдаг шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

ӨМӨЗО-ны “Талын дуу хоолой” радиогийн сэтгүүлч Р.Чинзориг: Манай радио Өмнөд Монголыг харах нэгэн толь болж байна

Өмнөд Монголын Талын дуу хоолой радиогийн сэтгүүлч Равдангийн Чинзоригтой уулзаж хөөрөлдлөө.


-Сайхан хаваржаад байна уу. Та бүхэн манай улсад ямар ажлаар ирээд байна?

-Мэнд сайхан хаваржиж байна. Монгол Улсын “Шинэ долгион FM 107.5” радиогийн хорин жилийн ойд манай “Талын дуу хоолой” радиогийн төлөөлөл баяр хүргэхээр хүрэлцэн ирлээ. Манай хоёр байгууллага хамтарч ажиллаад олон жилийн нүүр үзлээ.

-Өмнө нь Монгол Улсад ирж байв уу?

-Би 2008 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийн монгол хэл, утга зохиолын ангийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж Хөх хотын Улсын багшийн их сургуулийн гуравдугаар ангийн оюутан байхдаа хүрэлцэн ирж суралцаж байсан. Тэр чинь одоо арван жилийн өмнө юм байна шүү. Багш нартай одоо ч харилцаа холбоотой байдаг. Тэр үед надад Батзаяа, доктор Одмандах, урлаг судлалын ухааны доктор, профессор Хөвсгөл нараараа эрдэм номын цагаан буян хүртэж байсандаа баяртай байна даа. Түүнээс хойш албан ажлаар Улаанбаатарт олон удаа ирсэн дээ.

-Та энгэртээ Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч, цогт эх оронч Очирбатын Дашбалбарын дүр бүхий тэмдэг зүүсэн тань содон харагдаж байна шүү?

-Би Монголынхоо яруу найрагчдаас Ренчиний Чойном гуай, Очирбатын Дашбалбар нарыг их шүтэн биширдэг. Эд бол монгол түмнээс төрөн авьяас билгээрээ цолгорсон агуу найрагчид. Бас Монголын уянгын их хүүрнэлч, ардын уран зохиолч Балжирын Догмид гуайн зохиолуудыг газар тавилгүй уншдаг даа.

-Хөндлөн монгол үсгээрээ унших уу?

-Босоо монгол бичгээрээ ч, кириллээр ч уншдаг. Дашбалбар гуайн сүүлд гарсан цэнхэр номоос бусдыг бүгдийг нь худалдан авч номын сангаа баяжуулсан. Та харин надад багшийнхаа номоос олж өгвөл их баярлана шүү. Би Монгол Улсад дараа нэг тааваар ирж түүхэн дурсгалт газруудаар аялмаар санагддаг. Өмнө нь яахав, Чингис хааны ташуур олсон гэдэг домогтой Цонжин болдог руу л нэг очсон доо.

Талын дуу хоолой гэж ямар үйл ажиллагаа явуулдаг радио билээ?

-Өмнөд Монголын радио, телевиз хорооны “Талын дуу хоолой” радио нь БНХАУ-ын радио телевизийн удирдах газрын зөвшөөрлөөр байгуулагдсан бөгөөд Өмнөд Монголоос Монгол Улсын сонсогчдод зориулсан, нэг ёсны гадаад нэвтрүүлэг юм. Манай радио 2013 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлэн агаарын долгионоор нэвтрүүлгээ цацсан түүхтэй.

-Нэг хэсэг Өмнөд Монгол хүний яриаг сонсохоор бараг ойлгогддоггүй байсан сан. Одоо та нар биднээс ялгаагүй цэвэр халх аялгаар нэвтрүүлгээ цацах болсон байна лээ. Яаж ингэж амархан дасан зохицож чадаж байна?

-Тийм ээ. Манай “Талын дуу хоолой” радио Монголынхоо сонсогчдод улс орны хөгжил дэвшил, ард түмний аж амьдралын сонин сайхныг халх аялгуугаар хүргэж байгаа. Үүнд үнэндээ нууцсаад байх юм байхгүй л дээ. “Талын дуу хоолой” радио Монголын Үндэсний радиотой хамтын ажиллагааны гэрээ байгуулж Монгол Улсын алдартай сэтгүүлчдийг урилгаар ажиллуулж байна. Та бүхэн “Зөөлөн зөөлөн замбуулин” дууны шүлгээрээ алдаршсан нэрт сэтгүүлч, яруу найрагч Лханаагийн Мөнхтөр гуайг сайн танина. Энэ мундаг хүн гэхэд манайд мэргэжилтнээр ажиллаж байгаад бид баяртай байдаг. Мөн Монголын радиогийн сэтгүүлч А.Уранчимэгийг сайн таних байх. Эдгээр мундаг сэтгүүлчдээсээ бид асар их зүйлийг сурч байдаг. Одоо бидэнтэй гэхэд БНХАУ-ын кино орчуулгын халх монгол хэлний нэгдсэн төвийн захирал Уул хамт ирсэн. Мөн Өмнөд Монголын Радио, телевизийн Монгол радиогийн захирал Элбэрэлт гуай бас ирсэн шүү.

-Та бүхэн агаарын долгионоор монгол хэлээр ямар нэвтрүүлгүүд өргөн барьж байна?

-Бид монгол сонсогчдодоо цаг үеийн мэдээ мэдээллээс гадна “Солонго”, “Тэнгэрлиг эгшиг”, “Ардын урлаг аман билэг”, “Соёлын алтан тулга”, “Үзэсгэлэнт сайхан нутаг ус”, “Эрүүл бие саруул ухаан”, “Энх мэндийн хөөрөг” зэрэг нийгмийн аж амьдралын бүхий л салбарыг хамарсан найман тусгай хөтөлбөрийг бэлтгэн хүргэж байна. Одоогийн байдлаар манай радио өдөрт 18 цаг 15 минутын нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж байгаа.

-Улаанбаатарынхан танай радиог сонсох уу?

-Нийтлэл нэвтрүүлгээ Улаанбаатар хотод өдөр бүр найман цагийн турш “Шинэ долгион FM 107.5” радиогоор дамжуулахын зэрэгцээ Өмнөд Монголын радио телевиз хорооны “Мөнх тэнгэр” интернэтээр бүх сонсогчдодоо давхар хүргэж байна. Манай нэвтрүүлэг Монгол Улсад цацагдахад “Билэгсанаа” компанийн захирал Л.Баттулга ах, “Шинэ долгион”-ы захирал Ц.Ариунаа эгч нарын хүчин чармайлт их тус нэмэр болж байгаад бид баяртай байдаг даа.

-Өөр ямар нэвтрүүлгүүд бэлтгэж цацдаг бол?

-Өө, олон нэвтрүүлгүүд бий. “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Таны сэтгэл дэх Өмнөд Монгол”, “Удмын алтан хэлхээ-үүх түүх, өв соёл”, “Ардын дууны аян замын сурвалжлага” зэрэг томоохон хэмжээний цуврал хөтөлбөрөөр Монгол Улс, үндэстэн ястныхаа түүх соёл, ард олны зан заншлаас танилцуулж ирлээ.

-Монгол ахан дүүстэйгээ ямархан харилцаа холбоотой ажиллаж байна?

-“Талын дуу хоолой”-нхон бид 2014 онд Монголын Үндэсний олон нийтийн радиотой хамтран “Хятад, Монгол хоёр улсын дуулаачдын уралдаан”-ыг Хөх хот болон Улаанбаатар хотноо тус тус амжилттай зохион байгуулсан нь дууны эгшгээр хоёр орны ард түмний найрамдалт харилцааг ойртуулан дотносуулах үйлсэд хувь нэмрээ оруулсан үйл явдал болсон. Мөн 2015 оноос эхлэн “Энх мэндийн хөөрөг” хэмээх хоёр цагийн хөтөлбөрийг Улаанбаатар хотоос бэлтгэн сонсогчдодоо хүргэж эхэлсний зэрэгцээ “Талын дуу хоолой” we chat нээж өдөр бүр олон сонирхолтой зураг дүрс, дуу бичлэг цацаж байгаа нь дотоод гадаадын сонсогчдын таашаалд ихэд нийцэж байгаа.

-Өнгөрөгч онд танай радиогийн урилгаар Монголын сэтгүүлчид Өмнөд Монголоороо аялсан байх аа?

-Манай радиогийн захирал Баясгалангийн санаачилгаар “Хөгжилд хөтөлсөн 70 жил” Хятад-Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын багийн аяллыг зохион байгуулсан нь үр дүнтэй болсон. МҮОНРТ-ийн захирал асан, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн Цагааны Оюундарь тэргүүтэй Монгол Улсын 12 сэтгүүлч Өмнөд Монголын арван сэтгүүлчийн хамт Эрээн хотын хилийн худалдааны төв, Цахар баруун гарын хойд хошууны төмсний үйлдвэр, “Асар аялгуу”, Шулуун хөх хошуун дахь Юань улсын дээд нийслэл Шандугийн туурьтай танилцан, цахар монгол хэлний баримжаа аялгууг сонордон, Хишигтэн хошуу, Баруун үзэмчин хошуунд Дундад улсын хамгийн их үржил шимтэй ногооны аж ахуйг сонирхон, Шилийн хотын Ажил мэргэжлийн дээд сургуульд зочилж, махны үйлдвэрт очин, Өмнөд Монголын хамгийн алдартай хүмүүс болох алдарт морин хуурч Чибулаг гуай болон Бүх улсын хэмжээнд 16 удаа түрүүлсэн том Цагаанзаан аваргатай нүүр учран аялсныг Монгол Улсын сэтгүүлчид олон сайхан нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн хүргэснийг Монголын ард түмэн мэдэж байгаа байх аа. Тэр багт Монголын радиогийн сэтгүүлч, МЗЭ-ийн зохиолч, хэлбичгийн доктор Галсангийн Болормаа гуай болон МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Доржханд, “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах албаны дарга Цолмон нарын мэргэжилдээ эзэн болсон мундаг сурвалжлагчид явсан шүү.

Шинэ долгион FM 107.5 радиогийн болон Талын дуу хоолой радиогийн баярт ямар зочид уригдан оролцож байна?

-Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр хүрэлцэн ирж сайхан үг хэллээ. Өмнөд Монголын Радио телевизийн ерөнхий инженер Дү Жүн, МҮОНР-гийн дэд захирал Гэрэлээ нар чин сэтгэлийн мэндчилгээ уламжилсан. “Талын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгүүд Монголын сонсогчдод Өмнөд Монголыг таньж мэдэх нэгэн цонх болж буйд баяртай байгаагаа энэ дашрамд илэрхийлье.

-Монгол Улсын гавьяат жүжигчин, Азийн ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ хатагтай бас хүрэлцэн ирсэн байв уу?

-Гайхамшигтай авьяаслаг ятгачин Мөнх-Эрдэнэ эгч ирсээн. Хүнд өвчний дарангуйллаас аж төрлийн алтан аяганаа ус уух хувь олгосон түмэн олон, тэр дундаа чин сэтгэлээр хандсан “Талын дуу хоолой” радиогийн хамт олон болон сэтгэлийн их хандиваа харамгүй хайрласан манай Өмнөд монголчууддаа баярласнаа илэрхийлэхдээ үг хэлж эс чадан баярын сувдан нулимсаа унагаж байсан шүү. Үнэхээр хүмүүн гэгч гагцхүү эрүүл л байвал бурхны авралаар буман сайхан, түмэн жаргалын үүд нээгдэх болохоор арга ч үгүй байх л даа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Эрүүл явбал улсын наадам үзнэ гэдэг сэн дээ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Ноолуурын экспорт хоёрхон жилийн дотор 22 сая ам.доллараар нэмэгджээ” хэмээн өгүүлсэн байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс ““Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэдэг сэн дээ” хэмээх нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хамгийн сүүлийн нүүдэлчин улс малгүй, малчингүй болох нь хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

“Эдийн засаг” нүүрт CEO клубийн гүйцэтгэх захирал В.Ганзориг: Нийгэм улстөр, шашин үнэт зүйлс гэх мэт хөндөхөөс аргагүй асуудлуудыг онцолж байгаа нь энэ жилийн форумын онцлог хэмээнярьжээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Байгууллагад төсөвлөсөн санхүүжилтийг өөрсдөө захиран зарцуулаад, хэмнэсэн мөнгөөрөө цалин нэмж болно хэмээн “Улс төр” нүүрт өгүүлсэн байна.

Ш.Батсүх: С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан нар дахиж ямар төрлийн гэмт хэрэг үйлдэх юм бэ хэмээн “Баримт үйл явдал” нүүрт ярьсан байна.

“Өдрийн сонин”-ы “Улс төр” нүүрт С.Эрдэнэ: Ч.Хүрэлбаатар худалч уу, ОУВС худлаа ярив уу гэдгийг цаг хугацаа харуулна хэмээн ярьжээ.

Уйлган голоос төр­сөн ууган аварга Ж.Цэвээнравдангийн том хүү гавьяат барилгачин Ц.Батбаяр: Бяр орж, бэлтгэл жигдрээд ирэхээр бөхчүүд жижигхэн харагддаг гэж аав хэлж байсан хэмээн “Аав” буланд өгүүлжээ.

Улсын болон залуучуудын шигшээ багийн тамирчидтай спортын дасгалжуулагчийн ангийнхан хэмээн “Нэг ангийхан” буланд өгүүлсэн байна.

Филиппин улсын нийслэл Манила хотод Азийн Хөгжлийн банкны 51 дэх чуулга уулзалт болсон. Энэ жил чуулганаар аж үйлд­вэрийн IV хувьсгал, дижитал эрэн, хиймэл оюун ухаанд суурилсан роботоос ажлын байраа хэрхэн хадгалж үлдэх вэ гэсэн сонирхолтой, өргөн хүрээтэй ярилцжээ. Энэ тухай “Томилолт” нүүрээс “Манила” хэмээх нийтлэлийг хүлээн авч уншаарай.

“Дэлхий мэдээ” нүүрт Сураг алдраад удаж буй онгоцыг санаатайгаар устгасан уу? хэмээн өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ачааны чингэлэг төмөр замаас гарч осолджээ

Өнөөдөр 17.00 цагийн үед УБ-Дархан чиглэлийн ачааны галт тэрэг Дархан өртөө орчимд замаас гарч осолдсон байна. Замаас гарч осолдсон ачааны чингэлэгүүд экспортын ачаа тээвэрлэдэг байжээ. 14, 15, 16 дугаар чингэлэг унаснаар галт тэрэгний зам мурийсан аж. Замаас гарсан галт тэргийг өргөгч цамхгаар замд нь оруулах, эвдэрсэн зам болон галт тэргийг засварлах шаардлагатай бөгөөд ослоос үүдэн хойд чиглэлийн бүх галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оруулах бололтой. УБТЗ-ын удирдлагууд ослын газарт ажиллаж байна.

Categories
мэдээ спорт

​Г.Сүхбат: Үндэсний бөхийнхөн л допингийн асуудалд холбогддог

Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлэл хийлээ. Допингийн шинжилгээний дээжийг сольдог, чөлөөлж болдог мэтээр зарим сайтууд бичжээ. Тэд байгууллагын нэр төрд халдсан гэж үзэн шүүхэд гомдол гаргахаар болж. Энэхүү мэдээлэл нь дөрөвдүгээр сарын 15-нд сайтуудаар цацагдаж. Дараа нь 2-3 удаа өөр сайт тус мэдээллийг цацсан байна. Тухайн үед хоёр удаа сануулга өгсөн ч залруулга хийгээгүй аж. Тэд хэвлэлийн хурлаар дамжуулан нэр төрд нь халдсан мэдээллийн хэрэгсэл, хувь хүмүүсийг шүүхэд өгч, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Үүний ард өөрсдийнхөө хууль бус үйлдлийг бусдад тохохыг оролдсон үндэсний бөхийн зарим хүмүүс бий гэж таамаглаж байгаа юм. Учир нь 2017 оны наадмын дараах шинжилгээгээр 31 бөхийн тавд нь допингийн төрлийн бодис илэрчээ. Энэ талаар Допингийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал Г.Сүхбатаас тодруулав.

-Хэрвээ тамирчин бие нь өвдсөн тохиолдолд эм уугаад уралдаан тэмцээнд орсон бол түүнийг допинг хэрэглэсэн гэж үзэх үү?

-Тамирчин хүн эм хэрэглэх ёсгүй. Эм гэдэг өвчтэй хүнд өгдөг бодис. Тэмцээн уралдаанд өрсөлдөж буй тамирчид эрүүл байх үүрэгтэй. Эрүүл тамирчин өөрийн бие махбодийн хүчээр шударга өрсөлдөнө гэсэн журамтай.

-Тамирчин гэмтэлтэй тэр нь эдгээд тэмцээнд ороход нь шинжилгээ авахаар допинг илэрвэл яах вэ?

-Эмчилгээний журмаар чөлөөлдөг стандарт гэж бий. Тэр стандартын дагуу бичиг баримтаа бүрдүүлэх хэрэгтэй. Тусгай журмын дагуу бөглөдөг хуудас байдаг. Эмчилгээний үед ямар эм тариа хэрэглэсэн, эмчлүүлсэн эмч, эмнэлгийн нэрийг тодорхой бичнэ. Үүнийг нь допингийн төв үнэн худлыг шалгаж, баталгаажуулна. Уг хуудсаа тэмцээн зохиох баг руу, ДДЭТ-рүү мэдүүлнэ. Шинжилгээний хариунд допинг илэрвэл аль төрлийн тамирчин байхаас шалтгаалаад тухайн спортын холбоо шийднэ. Гэмтэл нь эдгээгүй байхад тэмцээнд орохгүй. Хэрэв орох шаардлага гарвал тэмцээн болохоос 1-3 сарын өмнө албан ёсоор материалаа бүрдүүлээд, холбогдох байгууллагад хүргэнэ. Бүх зүйл ДДЭА-аас заасан журмын дагуу явдаг. Гэвч биднийг шинжилгээний хариуг сольдог, хээл хахууль авдаг сүлжээ болсон гэж зарим сайт ташаа мэдээлэл бичээд байгаа.

-ДДЭА-аас жил бүр допингийн төрлийн бодис, эм, эмийн бүтээгдэхүүний жагсаалтыг шинэчлэн гаргадаг гэлээ. Тамирчдад энэ төрлийн сургалт арга зүйн зөвөлгөөг өгдөг үү?

-Өнгөрсөн онд сар бүр цуврал сургалт явуулсан. Үндэсний Олимпийн хорооны байранд долоо хоног бүрийн гурав дахь өдөр холбоодод лекц уншдаг. Допингийн хор хохирол, стандартын дагуу шинжилгээг хэрхэн өгөх гээд бүх талын сургалтыг явуулж байгаа.

-Тамирчдад зориулсан допингийн төрлийн эмийн жагсаалт, гарын авлага байдаг уу?

-Допингийн эсрэг байгууллагын сайт руу ороход бүх мэдээлэл байгаа. Монгол хэл дээр хөрвүүлсэн гарын авлага бий.Сургалтад хамрагдсан бүх холбоодод тарааж өгсөн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд допингийн эсрэг хууль дүрмийг яаж биелүүлэх талаар аплейкешн гаргасан. ЮНЕСКО-гийн шугамаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ашиглаж байна. Antidoping.mn гээд манай байгууллагын сайт дээр энэ мэдээллүүд бүгд байгаа.

-Монголд бусад төрлийн спортод допинг илэрсэн гэж сонсогддоггүй. Яагаад үндэсний бөхөөр барилддаг бөхчүүдийн дунд илрээд байдаг юм бол?

-Манай улсад байх 20 гаруй төрлийн спортын холбоодоос ганцхан үндэсний бөхийн холбоо энэ асуудалд холбогддог. Бусад холбоод нь сургалтад хамрагддаг. Тиймээс материалаа үнэн зөв бүрдүүлдэг, асуудал гаргадаггүй. Үндэсний бөхийнхөн хэнэггүй зантай. Допингийн шинжилгээгээр илэрц гарсны дараа өөрийнхөө дүрэм зөрчсөн үйлдлийг бусад руу тохдог. Хүмүүс допинг хэрэглэж буй бусармаг үйлдлийг дэмжсэн, нуун дарагдуулсан, хамссан үйлдэл гаргаж байна. Үүнийг хамссан допингийн дүрэм зөрчсөн гэж үзнэ. Допинг илэрсэн хүмүүсийг өмгөөлсөн бол допингийн эсрэг дүрмийг зөрчиж байгаа хэрэг.

Монголын Допингийн эсрэг үндэсний төв нь ямар нэгэн спортын холбоо, хувь хүнээс хараат бус байгууллага. Тайлангаа жил бүр Төв Азийн бүсийн Допингийн эсрэг байгууллага, ДДЭА-т тайлагнадаг. Хараат бус, биеэ даасан, Олон улсын байгууллагын харьяа төв юм. Өнгөрсөн жилд 20 гаруй төрлөөр хичээллэж буй тамирчдаас 270 гаруй тэмцээний, тэмцээний бус үеийн шинжилгээ авч ДДЭА-т итгэмжлэгдсэн Бүгд найрамдах Солонгос улсын допингийн лаборитарид илгээж шинжлүүлжээ. Допингийн эсрэг сурталчилгаанд 1000 гаруй тамирчид, дасгалжуулагч, спорт холбоодын ажилтан, эмч нарыг хамруулжээ. Допингийн эсрэг үндэсний төвийн эх эмч Д.Энхсанаа ярихдаа: “ДДЭА-аас ирсэн стандартын шаардлага хангасан лац ломботой шинжилгээ авах сав нь баглаа боодолтойгоо ирдэг. Шээсний шинжилгээний сав нь бүтэн лацтай байна. Тамирчин шинжилгээ өгөхдөө гурваас доошгүй савнаас сонголт хийнэ. Хэрэв тэр савны лац унасан, уут нь урагдсан байвал солих эрхтэй. Стандартын дагуу савлагдсан баглаа боодолтой хоёр шилэнд шээсээ хувааж хийдэг. Энэ шил нь дотроо улаан цагариг бүхий тусгаарлагчтай. Тагласан тохиолдолд жирийн хүн ямар ч нөхцөлд онгойлгох боломжгүй. Стандартын лабориторид тусгай багажаар онгойлгодог. Тамирчин өөрөө шинжилгээний шилээ таглаад шалгана. Хэрэв онгойхгүй бол саванд нь хийгээд лацаддаг. Шинжилгээний бичиг нь гурван давхар байгаа. Тамирчин мэдээллээ үнэн зөвөөр бөглөнө. Үүний нэг хувь нь тамирчинд, нөгөө нь ДДЭА-ийн итгэмжлэгдсэн лаборитори руу, үлдсэн хувь нь бидэнд хадгалагддаг. Тиймээс тамирчдын шинжилгээний бичиг, шилийг солих боломж байхгүй. Энэ мэдээлэл ор үндэсгүй гүтгэлэг юм” гэв.

С.ОТГОНБАЯР