Categories
энтертаймент-ертөнц

Монгол зураачийн бүтээл олон улсын наадамд хагас финалд шалгарчээ

СУИС-ийн багш Д.Баатарсүрэнгийн тосон будгаар зурсан бүтээл “Эделвайс цэцэг”

Монгол улсын Соёл урлагийн их сургуулийн багш Д.Баатарсүрэнгийн тосон будгаар зурсан бүтээл “Эделвайс” болон тус сургуулийн сурагч Т.Тэргэлийн зурсан хэд хэдэн бүтээл Тайваньд зохиогдсон Тайжуны 23 дахь удаагийн “Да Дун уран бүтээлийн үзэсгэлэн”-ийн хагас финалд шалгарчээ. Ирэх сарын дундуур үзэсгэлэнгийн эцсийн шатны хариу гарах юм.

“Да Дун уран бүтээлийн үзэсгэлэн” нь Тайванийн Засгийн газраас зохион байгуулдаг олон улсын чанартай, чухал үзэсгэлэнгүүдийн нэг аж. Энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн 40 гаруй улс орон, бүс нутгийн уран бүтээлчид өөрсдийн бүтээлээрээ оролцож, нийт 1390 бүтээл ирүүлжээ. Эхний шалгаруулалт тавдугаар сарын 6-нд зохиогдож, нийт 209 шилдэг бүтээлийг шалгаруулснаас Монгол улсаас ирүүлсэн тосон будгаар зурсан 40 бүтээл, бусад найман бүтээл хагас финалд оролцохоор шалгарсан байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Үлэг гүрвэлийн музейн шинэ танхим үүдээ нээлээ

Үлэг гүрвэлийн төв музей Олон улсын музейн өдрийг тохиолдуулан “Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил” үзэсгэлэнгийн шинэ танхим нээгдлээ. Энэхүү танхим нь шим ертөнцийн үүсэл хөгжлийн түүх, палеонтологийн шинжлэх ухааны боловсрол олгох зорилгын дор архей, протерозой, палеозой, мезозой, кайнозой эрин буюу бидний амьдарч буй эрин хүртэлх эртний амьтан ургамлын сэргээн босгосон үзмэр болон олдворууд багтжээ.

Шинэ танхимын нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын төлөөлөл оролцсон бөгөөд Үлэг гүрвэлийн төв музейн хамт олны зүгээс талархлын бичгийг гардуулсан юм. 2018 оны байдлаар Үлэг гүрвэлийн төв музей нь гурван танхим 40 гаруй үзмэрүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш дараах замууд түр хаагдана

1. СБД, 1-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамжинд “Таван богд” ХХК ийн “Марафон гүйлт”-ийн дараа буюу 20:00 цагт зам хааж, дулааны шугам татах ажил хийхээр төлөвлөжээ. Замын хөдөлгөөнийг 5 сарын 20-ны 07:00 цагт нээнэ.

2. .СБД, 11-р хороо, Ногоон нуурын гудамжинд “Гом Илч” ХХК зам хаана. Дулааны шугам татах ажил хийнэ. Замын хөдөлгөөн 6 сарын 04-ний өдрөөс хэвийн үргэлжилнэ.

3. СБД, 2-р хороо, “Жигүүр гранд” группын барилгын зүүн талын туслах замыг “Наран шилтгээн” ГҮТББ сэтэлж, дулааны шугам татах ажил хийхээр боллоо. Тус замыг 5 сарын 20-ны 07:00 цагт нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саадгүй нэвтрүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замын дэр мод ялзарч муудаснаас вагон замаасаа гарчээ

Өчигдөр Дарханы замд зорчиж явсан галт тэрэг замаасаа гарч ноцтой осол гарсан. Тодруулбал, “Дархан-1” өртөөний 15 дугаар замаар ОХУ-БНХАУ чиглэлд тээвэрлэлт хийж явсан, төмрийн хийц, үр тариа ачсан, 2508 дугаартай ачааны галт тэрэгний 15-24 дэх вагон сэлгээ хийх явцдаа баруун тийш найман чиглэлийн вагон хажуулдан унасан нь тогтоогдсон. Замаасаа гарсан найман вагоны нэгээс үр тариа асгарч, нэг вагон хажуулдсан байдалтай, бусад нь босоогоороо байсан аж. Уг асуудлыг одоогоор үргэлжлүүлэн шалгаж байна.

Ослын газарт “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа тэргүүтэй ажлын комисс гаран шуурхай ажиллаж, Улаанбаатар хотоос сэргээн босгох галт тэрэг очсон байна. Ослын шалтгаан нь төмөр замын дэр мод ялзарч муудсанаас вагон замаасаа гарсан гэх дүгнэлт гарчээ.

-300 ГАРУЙ МЯНГАН ДЭР МОДЫГ СОЛИХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА-

2012 онд Байгаль орчны сайдын тушаалаар төмөр замын дэр мод бэлтгэхийг хориглосны улмаас дэр модыг солих ажил олон жил удааширсан байна. 2016 онд уг асуудлыг Байгаль орчны сайдад тавьж хоригийг цуцлуулж хугацаа дууссан дэр модыг сольж байгаа ч өнөөдөр 300 гаруй мянган дэр модыг солих шаардлагатай байгаа аж. 2012 онд дэр мод бэлтгэхийг хориглосон Байгаль орчны сайдын тушаал гарахаас өмнө УБТЗ жилдээ 200 мянга шахам дэр мод бэлтгэж сольдог байсан бөгөөд үүний 100 орчим мянгыг 330 гаруй ажилчинтай дэр мод боловсруулах үйлдвэр гүйцэтгэж байсныг зогсоосны улмаас 270 гаруй хүн ажилгүй болж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж эхэлсэн байна. Мөн дэр мод боловсруулах үйлдвэр нь жилдээ 500-600 мянган суулгац мод үржүүлэн ойд тарьж ургуулдаг байсан ажил ч зогсоход хүрч, нэг мод огтолсон бол арван мод суулгадаг төмөр замчдын уриа алдагдахад хүрчээ. УБТЗ замаа бетон дэрээр солих ажлыг эрчимтэй хийж байгаа ч манай улсын эдийн засгийн бололцоо, эрс тэс уур амьсгал, газар орны нөхцөлөөс шалтгаалж модон дэрээр солих шаардлагатай байдаг байна.

-ОСЛЫН УЛМААС ХҮН БЭРТЭЖ ГЭМТЭЭГҮЙ-

Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй ажээ. Улаанбаатар төмөр замын хэвлэлийн төлөөлөгч “Ослын шалтгаан нь төмөр замын дэр мод ялзарч муудсанаас вагон замаасаа гарсан гэдгийг тогтоосон. УБТЗ-ын сэргээн босгох ангийнхан шөнөдөө хажуулдсан вагоныг босгосон. Одоогоор галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш “Нисэх-Миний ирээдүй” өдөрлөг болно

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 93 жилийн ойг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд маргааш өдөр “Нисэх-Миний ирээдүй” мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгуулагдахаар болжээ.

Өдөрлөгөөр нисэхийн салбарт ажиллах хүсэл, сонирхолтой оюутан залуус, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулан нисэхийн чиглэлийн ямар мэргэжил эзэмших, гадаад, дотоодын их, дээд сургуулиудын мэдээлэл, ажлын байранд тавигддаг шаардлага гээд олон талын мэдээ, мэдээллийг нэг дороос авч болох байна юм.

Өглөөний 09:00 цагаас оройн 17:00 цаг хүртэл үргэлжлэх тус өдөрлөгт Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний алба салбарууд, “МИАТ ХК, “Хүннү эйр” ХХК, “Аэро монголиа” ХХК, “Отгонтэнгэр”, “Их-Засаг” зэрэг их, дээд сургууль гээд 20-оод байгууллага оролцож үйл ажиллагаагаа танилцуулах юм байна шүү.

Categories
энтертаймент-ертөнц

“The backstreet boys” шинэ клип гаргалаа

“The Backstreet Boys” хамтлаг таван жил завсарласны эцэст шүтэн бишрэгчиддээ бэлэг барьж, шинэ уран бүтээлээ танилцууллаа. “Don’t Go Breaking My Heart” дууны шинэ клип YouTube-д тавигдсан бөгөөд одоогоор хоёр сая гаруй хүн үзээд байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ он гарсаар 218 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Урин дулааны цаг, төгсөлтийн баяр, сургууль, цэцэрлэгийн амралт давхцаж байгаа энэ үед бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол бүртгэгдсээр байна.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар л нийслэл хотын хэмжээнд зам тээврийн осолд 218 хүүхэд өртөж, хоёр хүүхдийн амь нас хохирч, 18 хүүхэд хүн байдлаар гэмтжээ.
Нийслэлд явганаар замын хөдөлгөөнд оролцож осолд өртсөн 12 хүртэл насны хүүхдийн 40 хувь нь насанд хүрсэн харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцсон бол 50 хувь нь харгалзах хүнгүй ганцаараа, 10 хувь нь насанд хүрээгүй найз, ах, эгч дүү нартайгаа замын хөдөлгөөнд оролцож байсан байна.

Ер нь бага насны хүүхэд нь гараас мултарч гүйх буюу гэрэл зөрчөөд явчихдаг гэдгийг санахад илүүдэхгүй. Эцэг эхтэйгээ хамт явж байхад хийсэн үйлдэл бүхэн нь зөвшөөрөгдөх мэт, хэрэв тухайн үед юу ч тохиолдоогүй бол дахин тэр замаар явахад бүх зүйл тийм л байх юм шиг бодох төдийгүй аав, ээжүүдийн хийсэн үйлдлийг ямагт зөв гэж үзэж, хүүхэд дахин давтах нь элбэг байдаг.

Иймд эцэг эх, жолооч та бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, тэдэнд тавих хараа хяналтаа сайжрууулж, замын хөдөлгөөнд аюулгүй зөв оролцох мэдлэг, дадлыг тогтмол хэвшүүлж байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцхийг дэмжлээ

УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй асуудал: Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Ж.Ганбаатар нарын таван гишүүн 2018 оны тавдугаар сарын дөрөвний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэв.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан асуухдаа: Нийтийн хоолны салбар энэ хуулийн хүрээнд хамрагдах уу, энэ талаар огт ярихгүй, дурьдахгүй байна. Хоол үйлдвэрлэгч, борлуулагч нар жижиг дунд бизнес эрхлэгч мөн үү? Жижиг дунд үйлдвэрлэлийн бизнест нийтийн хоолны салбар хамаарах уу? Нийтийн хоолны салбар төрийн бодлогын хаана нь явна. Өнөөдрийг хүртэл их тодорхойгүй байгаа. Би олж харахгүй байна уу, эсвэл ийм тодорхой бус юмуу. Яамны нэрэнд, Их хурлын байнгын бүтцэд, байнгын хорооны нэрэнд хүртэл “Хүнс” гэдэг үг яваад байдаг. Тиймээс энэ хүнс үйлдвэрлэдэг салбар үүнд хамаарч байна уу, үгүй юу. Нийтийн хоолны салбар их онцлог салбар юм шиг санагддаг. Хамгийн түрүүнд хувьчлагдсан, төрөөс дэмжлэг аваагүй бор зүрхээрээ яваа. Ажлын байрыг хамгийн ихээр бий болгодог. Уян хатан үйл ажиллагаатай. Эх орны түүхий эдийг боловсруулж, бүтээгдэхүүн хийдэг. Мал аж ахуйн гаралтай, газар тариалангийн бүтээгдэхүүн гэх мэт. Үйлдвэрлэл борлуулалт хоёр нь хамт явдаг. Хүмүүс шууд хэрэглэдэг. Хэрэглээнд шууд хүрдэг. Энэ байдлаараа хүнсний аюулгүй байдлын гол зангилаа салбар байх. Нийтийн хоолны салбарыг авч үзэхгүйгээр эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангана гэдэг байх асуудал уу? Би хувьдаа үүнийг төсөөлөхгүй байна. Хэрвээ энэ салбарт эрсдэл гарвал маш ноцтой үр дагаварт хүргэж болно. Иймээс энэ салбарыг онцгой анхаарах салбар мөн болов уу гэж бодоод байгаа юм. Нийтийн хоолны салбар том, дунд, жижиг бүр өрхийн аж ахуйг ч бүрдүүлдэг салбар байх. Тэгэхээр эдгээр үйлдвэрлэгчдэд төрийн анхаарал дэмжлэг хэрэгтэй л дээ. Техник технологио шинэчлэх, эргэлтийн хөрөнгөө бүрдүүлэхээс эхлээд татварын, тайлан гаргах асуудал гээд жижиг дунд бизнестэй адилтгаж авч үзэхээс өөр аргагүй салбар. Хэлэлцүүлгийн явцад нийтийн хоолны салбарыг энэ хүрээнд хамруулах боломж бий юу? гэж асуусан юм.

Энэ асуултад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хариулахдаа “Нийтийн хоолны салбар бүрэн хамаарна. Гэхдээ 2.5 тэрбум төгрөгний орлого олсны маргааш нь хамаарахаа болино гэдгийг анхаараарай. Хэрэв 2.5 тэрбумаас дээш орлого олдог сүлжээтэй бол энэ хуулинд хамаарахгүй. Хуулийн үйлчлэлд хамаарахгүй этгээд гэсэн ангилал байгаа. Үүнээс бусад үйлдвэрлэл үйлчилгээ, өрхийн аж ахуй, хоршоо гээд бүгд хамаарна. Аюулгүй байдлын тал дээр хариулахад энэ хууль нь төрийн дэмжлэг талаасаа учир аюулгүй байдлыг холбогдох хуульд нь оруулахад анхааран ажиллая” хэмээн хариулав.

Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайд Б.Батзориг хариулав. “Санал нэг байна. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар Монгол Улсын гурван сая иргэнийг хамгийн их ажилтай, орлоготой байлгаж байгаа. Энэ салбарт нийт ажиллах хүчний 53.8 хувь нь ажилладаг. Яамны бодлого зорилгоо тодорхойлохдоо энэ талаар нэлээд сайн оруулсан. Бэлчээрийн мал аж ахуй зонхилсон, газар тариалангийн бүс нутаг нь тодорхой, хот суурин газраа түшиглэж, эрчимжсэн мал аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрээ сэргээж хөгжүүлсэн гурван сая иргэндээ экологийн цэвэр хүнсээр хүртээмжтэй хангана гэсэн зорилготой. Манай салбарт ард иргэдээ экологийн цэвэр хүнсээр хангах үүрэг нь байдаг. Тиймээс бид хүнсний үйлдвэрлэгч орон болох зорилгыг нэмж тавьсан. Импортоор маш их хүнсний бүтээгдэхүүн орж ирж байна. Үүнийг л больё гээд байгаа. Дотооддоо үйлдвэрлэдэг болъё. Тиймээс энэ хуулийн шинэчилж, эрх зүйн орчныг сайжруулъя. Үүнийг дагаад нийтийн хоол, үйлчилгээний салбар сэргэнэ гэж харж байна” хэмээн хариулав.

Хуулийн төслийн санал хураалтад нийт гишүүдийн ирц 76-57 буюу 75 хувьтай байлаа. Үүнээс зөвшөөрсөн 57-51 буюу 89.5 хувь, татгалзсан 57-6 буюу 10.5 хувь байв.Ингээд “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл”-үүд батлагдлаа.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ цаг-үе

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Санкт-Петербург хотод ажиллаж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч болон Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр 2011 оноос хойш жил бүр Санкт-Петербургийн Олон Улсын Хууль зүйн форум нь уламжлал болгон зохион байгуулагдаж байна. Энэхүү форумд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж оролцож байна.

Тус форумын гол зорилго нь даяарчлалыг даган хувьсаж байгаа нийгмийн харилцааг зохицуулах хуулийн шинэчлэлийг санаачлах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хууль эрх зүйн тогтолцоог харилцан сайжруулах, олон улсын сайн туршлагыг судлах, орчин үеийн хууль зүйн шинжлэх ухаан, эрх зүйн боловсролын хөгжлийг дэмжихэд чиглэгддэг билээ.

Энэхүү форумоор хууль зүйн салбарт тулгамдаж буй асуудлыг хөндсөн олон хэлэлцүүлэг, уулзалт, яриа хэлэлцээр, хурал, илтгэл зохион байгуулагддаг билээ.

Энэ жилийн форумд нийт 86 улсын хууль зүйн салбарыг төлөөлөн оролцож буй албан тушаалтнууд, хууль зүйн сайд, дэд сайд, прокурор, дээд шүүх, үндсэн хуулийн цэцийн шүүгч мөн олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна.

8 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Санкт-Петербургийн Олон улсын Хууль зүйн форумд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж оролцож энэ үеэр Бүгд Найрамдах Беларусь Улсын Хууль зүйн сайд Олег Леонидович Слижевскийтэй хоёр талын уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Тус уулзалтаар хоёр улсын Засгийн газар хооронд 2014 оноос эхлэн ажилласан хоёр талын гэрээний төслүүдийг 2016 онд эцэслэн Засгийн газрын хуралдаанаар энэ оны 4 дүгээр сард хэлэлцүүлсэн “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”, “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”, “Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ий талаар санал солилцов.

Уг гэрээнүүдийг УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөж гарын үсэг зурахад бэлэн болсон талаар ярилцаж ирэх 6 дугаар сард Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Бүгд Найрамдах Беларусь Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр гарын үсэг зурахаар харилцан тохиролцлоо.

Мөн уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Бүгд Найрамдах Беларусь Улсын Хууль зүйн сайд Олег Леонидович Слижевскийг ойрын хугацаанд Монгол Улсад айлчлахыг урьж, энэхүү айлчлалын үеэр өмнө нь байгуулахаар тохиролцсон яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулах талаар санал тавьсныг Олег Леонидович нааштай хүлээн авч, айлчлалын товыг ажлын шугамаар тохиролцохоор болов. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдыг Бүгд Найрамдах Беларусь Улсад ирэх жил айлчлахыг урьсан юм.

Categories
мэдээ нийгэм

​Майдар эргэх ёслол боллоо

Зүүн Хүрээ Дашчойлон хийдээс Майдар эргэх их ёслолыг өнөөдөр зохион байгуулж байна.

Майдар бурхан нь Буддагийн ирээдүйн дүр бөгөөд энэ орчлонд Буддагийн үе дуусмагц Майдар бурханы үе эхэлнэ хэмээн үздэг. Майдар эргэх ёслол гэдэг нь Майдар бурхан залран ирж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд тэдний амар амгалан оршихыг бэлгэдэн ач ивээлээ хайрлаж буйг харуулсан шашны зан үйл юм.

Энэхүү шашны зан үйл нь Майдар бурхныг урин залж цөвүүн цагийн зовлон бүгдийг амирлуулан сайн сайхан бүхнийг дэлгэрүүлэх тухайд Майдар бурхныг 4 зүг 8 зовхист нар зөв урин дуудан мөн Жамбын чого хурал хурдаг болой.

Алтан Майдар бурханыг ногоон морин тэргүүнтэй, хорол дөрвөн дугуйтай тэргэн дээр дэвжээ сэнтий засаж залаад хүрээ хийдээ нар зөв тойрон дөрвөн зүгт нь үдлэн эргэдэг. Ногоон морин тэргүүнт тэргэнд залсан Майдар бурханы баруун, зүүнд Додигалсан, Жадамба, Жамчой динаа, Алтангэрэл судруудыг Боди суврагын хамт залан, номт хувцас соёрхсон хоёр тахилч сүнтагийн хадгийн үзүүрийг Майдар бурханы зүрхэн тус уяад түмэн олноо адис хүртээж явдаг юм байна.

Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн тамгийн лам Ц.Алтанхүү ярихдаа “Манай Зүүн Хүрээ Дашчойлон хийдэд жил бүр Майдар эргэх ёслол болдог. Бурхан багшийн дараа замбуу тивд заларч ирэх, энэрэл нигүүлсэл, эв нэгдэл, сэргэн мандалт, амар амгалан, хөгжил дэвшлийн бэлэг тэмдэг болсон Майдар бурхан юм. Бид өглөө 08:00 цагаас номоо хураад, Майдар бурхнаа залан тойрч байна. Энэ үйл нь хуучин хүрээнд байсан уламжлал. Жил бүр зуны эхний сарын шинийн гуравны өдөр зүүн хүрээний 30 аймгийн лам хуврагууд өөрсдийн Майдар бурхнаа аваад тойрдог. Буян хураадаг. Ирээдүй цагийн бурхан Майдар бурхантай уулзах ерөөл тавьдаг юм. Бурхны шашинтай бүх оронд өөр өөр цагт энэхүү ёслол маань болдог. Манайд жилд нэг удаа болдог гэлээ.

Б.НОМИН-ЭРДЭНЭ