Categories
мэдээ нийгэм

Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төсөлд татварын шинэчлэлийг хөгжүүлэх, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэх, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх чиглэлээр хэд хэдэн зорилт тавьсан байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 8 хувь, инфляцын түвшин 8 хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн түвшин 2019 онд 55.3 хувь, ажилгүйдлийн түвшин 7.5 хувиас хэтрэхгүй байх нөхцөл бүрдэнэ хэмээн Засгийн газар үзжээ. Энэ хүрээнд Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд нийт 20 зорилт, 123 арга хэмжээний хүрээнд 8.6 их наяд төгрөг зарцуулахаар тусгаад буй юм.

Тогтоолын төслийг байнгын хороодоор хэлэлцэх үед гишүүдийн зүгээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, цөлжилттэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, багш, эмч нарын цалин хөлсний менежментийг сайжруулах, Улсын бүртгэлийн үйлчилгээний цогцолбор төв байгуулах, олон нийтийн цагдаагийн цалин, урамшууллыг нэмэх, инновацийн салбарт олон улсын жишигт нийцсэн лаборатори бий болгох зэрэг санал ирүүлсэн талаар Эдийн засгийн байнгын хорооноос танилцуулав.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт эмч нарын цалинг нэмэх боломж байгаа эсэхийг тодруулав.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Монгол Улсын эдийн засаг одоо дөнгөж сэргэж байна. Эмч, эмнэлгийн ажилчид цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа. Эдгээр ажилтнуудын цалинг үр ашигтай, хэмнэлттэй, менежменттэй нэмэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эмнэлгийн байгууллагууд төсвөө өөрсдөө захиран зарцуулж, хэмнэсэн мөнгөөрөө цалин нэмэх байдлаар асуудлыг шийдэж болно” гэлээ.

Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 216 тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй гэдгийг Б.Энх-Амгалан гишүүн шүүмжлэв. Мөн тэрбээр үр дүнгүй арга хэмжээ хэрэгжүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой гэлээ.

Өнгөрсөн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах нарийн бодлогогүй явж ирснийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Ирэх оноос түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, 100 мянган өрхөд нам даралтын зуух болон бусад арга технологийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Үүнд нийт 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцооллыг Сангийн яам гаргажээ.

Асуулт, хариултын дараа гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явууллаа. Тухайлбал, М.Оюунчимэг гишүүний гаргасан МСҮТ-д суралцагчдад олгодог байсан 70 төгрөгийг сэргээх санал олонхын дэмжлэг авсан юм. Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Цусны зохиомол эргэлтийн нөхцөлд хавхлага солих мэс засал хийнэ

Улсын Нэг болон Гуравдугаар төм эмнэлэг, Юта их сургуулийн эмч нар хамтран нийт 3-5 хүнд цусны зохиомол эргэлтийн нөхцөлд хавхлага солих, тосгуур хоорондын таславчийн цоорхой нөхөх, титэм судас сэргээн засах мэс заслыг ирэх сарын 21-25-нд УНТЭ-т хийнэ.

Эдгээр хагалгааг УГТЭ-д хийдэг бөгөөд энэ удаад тус эмнэлэгт анх удаа зүрхний мэс заслыг хөгжүүлж, эхлүүлж буйгаараа онцлогтой. Цаашид АНУ-ын Юта их сургуулийн баг болон УГТЭ-тэй хамтран Зүрх шилжүүлэн суулгах хагалгааг хийх юм.

Дэлхийн улс орнуудад 1 сая хүн амд 1 зүрхний мэс заслын төв үйлчилж байж хүн амын зүрхний эмгэгийн тусламж үйлчилгээг хангадаг бөгөөд Монгол Улсад ойролцоогоор 3-4 Зүрхний мэс заслын төв шаардлагатай аж.

Монгол Улсын нас баралтын тэргүүлэх шалтгаанд Зүрх судасны тогтолцооны өвчлөл тэргүүлэх шалтгааны нэг байсаар байна. ДЭМБ-ын 2008 онд гаргасан судалгаагаар жилд ойролцоогоор 17.3 сая хүн зүрх судасны өвчнөөр нас барж түүний 7.3 сая нь титэм судасны өвчнөөр нас барсан бөгөөд улмаар энэхүү үзүүлэлт нь 2030 он гэхэд 23.3 сая болно гэсэн урьдчилсан таамаглал гаргасан байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн гаргасан 2016 оны статистик мэдээнд зүрх судасны өвчнөөс шалтгаалсан нас баралт тус онд нийт 5390, үүнээс эрэгтэй 3210, эмэгтэй 2270, өвчний ангиллаар нь авч үзвэл цочмог хэрлэгийн шалтгаант 3, хэрлэгийн шалтгаант зүрхний өвчнөөр 48, артерийн даралт ихсэлт 178, зүрхний ишеми өвчнөөр1641, зүрхний цочмог шигдээсээр 838, цочмог миокардит 28, атеросклерок 83, тархи судасны хүндрэлээр 1683, бусад 867 \I26-86\ бүртгэгдсэн байна.

2014 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 16495 тохиолдол бүртгэгдсэний 34.3 хувийг зүрх судасны өвчин /10000 хүн амд 19.11 буюу 5500-6000 хүн/, 24.3 хувийг хавдар /0000 хүн амд 13.43 буюу 3500 орчим хүн/ эзэлж байгаа нь хорт хавдрын шалтгаант нас баралтаас их байна.

Categories
мэдээ улс-төр

Төрийн албан хаагчийн хариуцлагын тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Засгийн газар 2018 оныг Хариуцлагын жил болгон зарласан. Энэ хүрээнд төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлагыг чангатган, сайн ажилласан төрийн албан хаагчийг урамшуулж, хангалтгүйд нь хариуцлага тооцож байна.

Сахилга, хариуцлагыг улам дээшлүүлэх, төрийн албан хаагч өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ шударгаар биелүүлэх, төрийн албанд итгэх олон нийтийн итгэлийг баталгаажуулах, төрийн албаны соёлыг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараар ахлуулсан Ажлын хэсэг Төрийн албан хаагчийн хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулан хэлэлцүүлж эхэллээ.
Нэр бүхий судалгааны байгууллагуудын хийсэн судалгаанаас үзвэл төрд итгэх иргэдийн итгэл буурч байгаа нь тодорхой болсон байна. Санал асуулгад оролцогсдын 75 хувь нийгэмд шударга бус байдал газар авч, сахилга, хариуцлага алдагдсан, төр хариуцлагатай бус байна гэж хариулжээ.
Энэ бүхэн нь улс, төрд ажиллаж байгаа хүмүүс хариуцлага алдаж, ёс зүйн зөрчил, дутагдал гаргаж байгаатай холбоотой гэж үздэгээ Монгол Улсын сайд Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэв.
Ёс зүй нь тухайн хүний зан, төлөвшил зэрэгтэй холбоотой учир хуульчлах нь зохимжгүй гэдэг ч өндөр хөгжилтэй орон, тухайлбал Канад, Япон зэрэгт энэ харилцааг зохицуулсан дүрэм, хууль байдаг. Эдгээрийг судлан Монгол Улсын эрх зүйн зохицуулалт, онцлогтой уялдуулж Төрийн албан хаагчийн хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хариуцлага гарцаагүй байх, зөрчилд нь тохирсон, давхардуулахгүй, олон нийтэд ил тод байх, төрийн удирдах албан тушаалтан нь албан хаагчийн сахилга, ёс зүйг манлайлдаг байх зэргийг төсөлд тусгасан байна.
Төрийн албан хаагчийн хариуцлага нь ёс зүйн болон сахилгын гэсэн хэлбэртэй байх юм. Ёс зүйн хариуцлагад уучлал гуйх, сайн дураараа албан тушаалаасаа чөлөөлөгдөх, сахилгын хариуцлагад сануулахаас эхлээд төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авахаар төсөлд тусгажээ.
Categories
мэдээ нийгэм

​ART-2018 үзэсгэлэн нээлтээ хийлээ

МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн оюутнуудын “ART-2018” үзэсгэлэн өнөөдөр Монголын уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн нийтдээ 50 гаруй уран бүтээлийг олон нийтэд дэлгэн үзүүлж байна.

МУБИС-ийн Дүрслэх урлагийн технологийн сургуулийн захирал А.Энхмаа ярихдаа “МУБИС-ийн дүрслэх урлаг технологийн сургууль 60 жилийн түүхтэй. Энэ жил ойн нэрэмжит олон ажил хийгдэж байгаа. Ойн босгон дээр манай сургуулийн оюутнууд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байна. Багш нарын уламжилж ирсэн суурь мэдлэг, онолыг дараагийн үедээ хэрхэн дамжиж байгаа болон сургалтын чанар үр дүнг оюутны бүтээлээс харах боломжтой. Бид жил бүр үзэсгэлэнгээ гаргадаг. Үзэсгэлэнг нээхийн тулд оюутнуудын хичээл зүтгэл их байлаа. Үзэсгэлэн оюутнуудад ирээдүйд чадварлаг уран бүтээлч, багш болохын гараа нь болж өгдөг. Басхүү үзэсгэлэнг тавих, дэглэх, оролцох ажилд тэд суралцаж байдаг. Энэ жил уран зураг, график дизайн, хувцас загвар, уран сийлбэр, дархан гэсэн хэд хэдэн төрлийн бүтээлүүд дэлгэгдэж байна. Багш, шавийн бүтээл бол хамтын хөдөлмөр байдаг. Оюутнуудын бүтээлд багшийн арга барил, чиглэл шингэсэн нь харагддаг. Багш төвтэй сургалт гэхээсээ илүү оролцоо төвтэй, оюутан төвтэй болсон. Хүүхдүүдийг хөгжүүлэх, авъяасыг нь хөтлөх тал дээр түлхүү ажиллаж байна. Оюутнууд өөрсдийн сонгосон чиглэл, сонирхсон сэдвээрээ ур чадвараа харуулсан бүтээлүүдээ дэлгэж байгаа юм. Энэ жил манай оюутнууд олон тэмцээнд амжилттай оролцож байна” гэлээ.

МУБИС-ийн Дүрслэх урлагийн тэнхимийн эрхлэгч Ц.Эрдэнэцог ярихдаа “МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургууль байгуулагдсаны 60 жилийн ойг угтаж манай сургуулийн оюутнууд ART-2018 уран бүтээлийн үзэсгэлэнгээ нээж байна. Сургуульд үнэлт дүгнэлт өгөх, багшилж байсан нэрт зүтгэлтнүүд хамтдаа баяраа тэмдэглэх, энэ жилийн төгсөгчид анх удаа Монголын уран зургийн галерейд үзэсгэлэнгээ гаргаж байгаагаар онцлогтой болж байгаа юм. Уран зураг, дүрслэх урлагийн 20 гаруй, дизайны 20 гаруй бүтээл, сийлбэр технологийн 10 гаруй бүтээл нийтдээ 50 гаруй бүтээл дэлгэгдэж байна. Үзэсгэлэн маань ирэх долоо хоногийн даваа гариг хүртэл үргэлжилнэ” гэлээ.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Эрт үеийн үзмэрүүдийг Олон улсад сурталчилж байна

БНСУ-ын Үндэсний төв музей, Монгол Улсын ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Богд хааны ордон музейтэй хамтран зохион байгуулж буй “Монгол: Тал нутгийн эзэнт гүрэн” тусгай үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 15-нд Солонгосын Үндэсний төв музейд гарлаа.

Үзэсгэлэнд Хүннүгийн булшнаас олдсон Грек-ромын домгийн бурхадын дүрст мөнгөн эдлэл, Түрэгийн Билгэ хааны алтан титэм, Монголын эзэнт гүрний үеийн язгууртны гутал зэрэг нэн эртний болон орчин үеийн Монголын тал нутагт оршин тогтнож байсан нүүдэлчдийн эзэнт гүрнүүдийн түүх, соёлыг төлөөлөхүйц 550 гаруй үзмэр, соёлын өвийг дэлгэжээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд На Жон Мин, Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайд Б.Ганболд, Солонгосын Үндэсний музейн захирал Бэ Ги Дун, Солонгос дахь Монгол судлалын нийгэмлэгийн дарга Жан Жан Шиг, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Рэгдэл, Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Богд Хааны ордон музейн захирал О.Мэндсайхан тэргүүтэй хоёр улсын эрдэмтэн судлаачид, албаны хүмүүс оролцсон юм.

“Монгол: Тал нутгийн эзэнт гүрэн” тусгай үзэсгэлэн нь Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Солонгосын Үндэсний музейтэй хамтран 1997 оноос хойш хэрэгжүүлж буй “Мон-Сол” эрдэм шинжилгээний хамтарсан “Мон-Сол” төслийн 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй. Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсын түүх, соёлыг олон улсад сурталчлан таниулах соёлын томоохон арга хэмжээний нэг болж байна. Үзэсгэлэн БНСУ-ын Үндэсний төв музейд ирэх долдугаар сарын 17 хүртэл гарна.

Categories
мэдээ улс-төр

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх зүйн орчныг тодорхой болгож, төрийн бодлогоор дэмжинэ

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.05.18) үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий таван гишүүн санаачилж, энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Оюундарь, Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Баттөмөр, Б.Ундармаа, Д.Ганболд, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, О.Батнасан, Д.Оюунхорол нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн хувьд 800 гаруй мянган хүн ажиллаж байгаа жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд төрийн бодлого, дэмжлэг дутагдаж байгааг онцлоод энэ салбарынхны бараа, бүтээгдэхүүний борлуулалт, худалдан авалтад нь төрийн бодлогоор дэмжих, мөн гарааны бизнесээ эхлүүлж байгаа өрхийн үйлдвэрлэлд барьцаа хөрөнгө шаардахгүй итгэлийн зээл олгож ядуурлаас гаргахад анхаарах, Төрийн банкаар дамжуулан зээлийг бага хүүтэй, урт хугацаанд олгох, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, энэ салбарын эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.

Хууль санаачлагч гишүүн Ж.Ганбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувьд банкнаас зээл авах нөхцөл шалгуур, дарамтыг багасгах үүднээс 500 сая хүртлэх төгрөгийн зээлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас, 500 саяас 2.5 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаас авахаар тусгасан гэдгийг онцлов. Мөн хуулийн үйлчлэх хүрээнд нийтийн хоолны салбар хамрагдсаныг дурдаад жилийн орлого нь 2.5 тэрбум төгрөөс дээш орлоготой буюу сүлжээ ресторан, хоолны газрууд хамаарагдахгүй гэв. Түүнчлэн төрийн бус байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой компани, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой газар, гадаад улсын хуулийн этгээд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, согтууруулах ундаа импортлох зэрэг аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн хүрээнд тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгж хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүйгэж байлаа.

Харин Хүнс, хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилалд хамаарах жилийн 2,5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр 1 хувь болгох, аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа улирал тутамд бус жилд нэг удаа хялбаршуулсан байдлаар гаргадаг болгох,эрх зүйн орчныг нь тодорхой болгох зэргээр төрийн бодлогоор дэмжиж байгаа хэмээн хариулж байв.

Гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 89.5 хувь нь дэмжсэн. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж эхэллээ

Үргэлжлүүлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аас 2005 онд батлан 2006 онд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хуулийн өнөөдрийг хүртлэх хугацаанд 23 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Дээрх хуулийг хэрэгжүүлэх явцад худалдан авах ажиллагаанд цахим системийг боловсронгуй болгох, үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, авлига ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчинд ээлтэй бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, үндэсний үйлдвэрлэл, дотоодын бизнесийн орчныг төрөөс дэмжих, олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилсан худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх зэрэг асуудлыг хуульчлах шаардлага үүсчээ. Иймд худалдан авах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Төсвийн байнгын хороо хуулийн төслийн үзэл баримтлалыг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Төслийн үзэл баримтлал болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, О.Батнасан, Н.Оюундарь, Л.Мөнхбаатар нар Ажлын хэсгийнхнээс асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс тендерт шалгарсан боловч чанаргүй ажил гүйцэтгэдэг компаниудыг олон нийтэд ил тод болгож, үйл ажиллагааг нь хязгаарлах, ногоон худалдан авалт болон дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд хуульд тусгах, үнэлгээний шатнаас эхлээд тендер шалгаруулах ажиллагааг шударга, ил тод болгох шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа. Мөн тендерийн талаар гомдол гаргахад барьцаа төлбөр тавихаар хуульд тусгасан нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж байгааг дурьдаад, энэ талаар илүүтэй тодруулж байлаа.Ажлын хэсгийн зүгээс, сүүлийн жилүүдэд тендер шалгаруулалтыг санаатайгаар удаашруулах, өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор гомдол, маргаан гаргах байдал нэмэгдсэн. Тухайлбал, 2017 онд 5900 орчим тендер зарласны 813 тендерт гомдол, санал ирсэн. Улс орны бүтээн байгуулалттай холбоотой төсөл арга хэмжээг хугацаанд нь хэрэгжүүлэх үүднээс тендерт оролцогч нь гомдол гаргахдаа 20 сая хүртлэх төгрөгийн төлбөрийг барьцаа болгож Төрийн санд байршуулж, хариуцлагажуулахаар хуулийн төсөлд тусгасан гэж хариулж байв.

Ингээд чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлаж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг үдээс хойших хуралдаанаарүргэлжлүүлэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хянан шалгах үйл ажиллагааг идэвхжүүлнэ

Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд Тамгын газраас /Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс/ Байнгын хороо, дэд, түр хороо, ажлын хэсэгт арга зүйн туслалцаа үзүүлж ажилладаг. Улсын Их Хурал, Байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохиох, гүйцэтгэлийг хангах, Ерөнхий сайдын мэдээлэл, Улсын Их Хурлын гишүүний асуулга, асуултын хариуг чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ажлыг зохион байгуулах, Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хороо, Тамгын газрын удирдлагын захиалгаар лавлагаа мэдээлэл бэлтгэх, харьцуулсан судалгааг холбогдох журмын дагуу гүйцэтгэх, Улсын Их Хурлаар төсвийн төсөл хэлэлцэх, төсвийн гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэхэд туслах, бодлогын зөвлөмж гаргах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан сургалт боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын нийгмийн тэгш эрх, оролцоог хангах, мэдээллийн технологийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, олон нийтэд таниулах, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Мэдээллийн технологийн үндэсний парк, Аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран Нийслэлийн засаг даргын нэрэмжит “Хүүхдийн хөгжилд – мэдээллийн технологи” үндэсний уралдааныг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Мэдээлэл технологийн үндэсний паркд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд хөдөө орон нутаг, нийслэлээс 41 хүүхэд оролцож байгаа бөгөөд тэмцээнд оролцогч хүүхдүүдийн гэр бүлийнхэнд зориулсан сургалтыг тэмцээний үеэр зохион байгууллаа.

Тус сургалтад хамрагдсан эцэг эхчүүдэд Парадигм, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн сэтгэлзүй, хүмүүжлийн эерэг арга зэрэг сэдвүүдээр Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн мэргэжлийн багш мэдээлэл өглөө. гэж Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Спрайт лигийн аваргууд тодорлоо

Спрайт супер лигийн аваргын төлөө “Хэнтий ЭБЭГ” болон “Алтайн Барс” багуудын хооронд тун өрсөлдөөнтэй болж эцсийн мөчид 67:69-өөр Ховдын “Алтайн Барс” баг хожлоо.

Тоглолтын эхнээс л тун тэнцүүхэн эхлэж, хөгжөөн дэмжигчдийн цөсийг хөөргөсөн тоглолтыг хоёр талаас үзүүлж байлаа. Тус тоглолтод О.Доржзовд чадварлаг тоглолтоо гаргаж багаа ялалтад хөтөлсөн. Тэрбээр аваргын төлөөх цувралд 14 оноо, 6 самбар, 3 оновчтой дамжуулалт, 2 хаалт гүйцэтгэж финалын шилдэг тоглогчоор нэрлэгдлээ. Ийнхүү Алтайн Барс баг сүүлийн хоёр жил дараалан Спрайт супер лигт финалд өрсөлдөж анх удаагаа аварга болов.

Харин “Хэнтий ЭБЭГ” багийн хувьд анх удаа Спрайт супер лигийн дэд аваргаар тодорлоо. Мөн энэ өдөр улирлын шилдгүүдэд шагнал гардуулсан юм.

Спрайт лигийн улирлын “Шилдэг холбогч”-оор: Гантөмөр /Хан-Уул Хангарьд/, “Шилдэг хамгаалан тоглогч”-оор: С.Ууганбаяр /Тэнүүн Өлзий/, “Шилдэг довтлогч”-оор: Н.Шижирбат /Хэнтий ЭБЭГ/, Б.Баярсүрэн /Алтайн Барс”, “Шилдэг төвийн тоглогч”-оор: Н.Цолмонжаргал /Хэнтий ЭБЭГ/ нар тус тус шалгарсан байна.

Categories
мэдээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт түймрийн голомт илэрчээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар (сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т) ойн түймрийн голомт илэрсэн. Түймэр гарсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Ганболдоор ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 20 алба хаагч, “Хан-Хэнтий” тусгай хамгаалалтын газрын 12 хүн нийт 32 хүн, 3 автомашин, 6 морьтойгоор гал түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна.

Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар тур тунадасгүй, хуурайшилт эрчимтэй явагдаж, улмаар салхины хурд, хүч ихтэй байгаагаас түймрийн нөхцөл байдал хүндэрсэн. ОБЕГ-ын даргын тушаалаар ойн түймрийг шуурхай унтраах, газар дээр нь удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилгоор нэмэлт хүч болгон ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нараар ахлуулсан Аврах тусгай ангийн 20 алба хаагчийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэргээр түймрийн голомт руу өнөө өглөө хүргэсэн.

Мөн Сэлэнгэ, Дархан Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагчийг нэмэлт хүчээр түймрийн голомтод хүргэхээр шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.