Categories
мэдээ спорт

Э.Содномпилжээ дэлхийн аварга боллоо

“Рио-2016” паралимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн аваргын алтан медаль хүртжээ.

Тэрбээр энэ сарын 17-19 Финланд улсад болсон Олон улсын пауэрлифтингийн холбоо /IPF/ -ны хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий 105 кг-д энэ жингийн дэлхийн рекордыг 2 удаа шинэчлэж 242.5 кг шахаж өргөн Дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн боллоо.
Пауэрлифтингийн RAW төрлөөр Монгол Улсын анхны дэлхийн аварга, рекорд амжилтын эзэн Э.Содномпилжээ Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, Үндэсний шигшээ багийн гишүүн бөгөөд ШШГЕГ-ын 439 дугаар ангийн Сүлд сдорт хорооны тамирчин юм. Тэрбээр өөрийнх нь бэлтгэл сургуулилтыг хангаж дэмждэг энэ байгууллагууд болон Ард Даатгал санхүүгийн нэгдэл ХК, Ард даатгал ХХК, ХСИС, Мон Алтиус БТДС-ийн хамт олон, бэлтгэл хангасан Ган-Эрдэнэ Гансүх /Tuga Powerlifting/ нарт бүгдэд нь чин сэтгэлээсээ баярлалаа гэж Фэйсбүүк хуудсандаа бичжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй

Орчин цагийн хүүрнэл зохиолын төлөөлөгчийн нэг чех гаралтай, франц зохиолч Милан Кундерагийн сор бүтээл болох “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” романыг орчуулагч Ж.Тэгшзаяа хөрвүүлэн монголчууддаа хүргэсэн. Хүний мөн чанар, оршихуйн утга учрын тухай эргэцүүлэл, мөн түүнээс гарах гаргалгааг өнөөгийн амьдралын хэв маягтай сүлж бичсэн нь зохиолчийг утга зохиолын хүрээнийхний талархлыг хүртсэн байдаг. Уг романы гол дүрүүд болох Томас, түүний эхнэр Тереза, нууц амраг Сабина нараар амьдралын оршихуй, хүнд, хөнгөн хэмээх гурван өнцгийг харуулжээ. Томас оршихуйг, түүний эхнэр Тереза хүндийг, нууц амраг Сабина нь хөнгөнийг бэлгэднэ. Томас бол тархины мэс засалч. Залуухан хэрнээ амжилттай яваа эр. Түүний нэг сул тал нь хүүхнүүдийг “агнах” гэсэн хүсэл. Мэдээж тэрээр үүнийгээ сул тал гэж хүлээн зөвшөөрөхгүй нь лавтай. Томас бүсгүйчүүдтэй хэсэг хугацаанд зугаацахыг хүснэ. Дасаж, гүн гүнзгий харилцаа үүсгэхээс эмээнэ. Гэхдээ Терезатай учрах хүртэл л түүнийг энэхүү дүрэм үйлчилсэн. Түүний хөнгөн зугаатай “ан” өндөрлөж, Терезад хэдийнэ сэтгэл татагдаж эхэлнэ. Томас Тереза хоёр гэрлэж, улмаар 1968 онд ЗХУ Чехославакыг эзлэн түрэмгийлэх үеэр Швейцарь руу дүрвэдэг. Гэсэн ч төд удалгүй Томас Терезаг даган Прагад эргэн ирдэг.

Амьдралдаа сэтгэл хангалуун бус байдаг Терезад эрх чөлөөг олгогч нь түүний номууд. Түүний талаар “Өөрийг нь бүчин хүрээлэх эв хавгүй ертөнцийн эсрэг барих цор ганц зэвсэг нь хотын номын сангаас авсан түүний номууд, тэр дундаа романууд байв. Филдингээс эхлээд Томас Манн хүртэл Тереза цөмийг уйгагүй уншина. Тэдгээр романууд түүнд сэтгэл дундуур амьдралаасаа оюун санаагаар дайжин зугтах боломжийг олгохоос гадна биет зүйлийн хувьд ч гүн учир утгатай байв, тиймдээ ч Тереза гудамжаар гартаа ном бариад алхах дуртай аж” хэмээн зохиолч өгүүлжээ. Сабина бол Томасын удаан хугацааны нууц амраг. Тэрээр эрх чөлөөт амьдралыг эрхэмлэгч, зураач бүсгүй. Эрх чөлөөт амьдрал түүнд урам зоригийг хайрладаг учир түүнд өөр хүсэх зүйл үгүй мэт. Энэ хоёр бүсгүй Томасын амьдралд эн тэнцүү байр суурь эзэлнэ. Гэхдээ хэн нь ч бүрэн дүүрэн нэгдэн нийлж чадахгүй гэмээр. Сабина, Тереза хоёрын дунд эргэлзэн тээнэгэлзэх Томас “Хүн угаас амьдралаас чухам юу хүсэж буйгаа мэддэггүй. Бид зүйрлэж жишихийн аргагүй ганцхан хувь амьдралыг туулдаг болохоор анхнаасаа л амьдралд гаршин төгөлдөрших боломжгүй. Харьцуулах туршлага байхгүй болохоор аль нь илүү оновчтой шийд болохыг хэмжих аргагүй. Тиймээс амьдралыг тулсан даруйд нь туулаад гарахаас өөр замгүй” хэмээн өөртөө шивнэдэг нь энэ романы түлхүүр гэлтэй. Мөн “Зовлонд дарагдах тусам бидний амьдрал газарт бууж илүү бодитой, илүү үнэн болдог аж. Эсрэгээрээ ямар ч зовлонгүй аж төрөхүй нь хүнийг агаараас ч хөнгөн болгон дээш дэгдээж, ертөнцөөс тасалснаар оршихуй нь барьцгүй хоосонд хувилж үйлдэл бүр нь ул мөргүй, чөлөөтэй болно” гэх эшлэл ч сэтгэлд хүрэв. “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” роман тийм гэж онцлохын аргагүй эргэцүүлэл, эргэлзээг уншигчдад үлдээдэг. Зохиолч дүгнэж, цэгнэхийг бус уншигчдад өөрийнхөөрөө дүгнэх, таамаг дэвшүүлэх орон зайг олгосон нь энэ аж.

Categories
мэдээ нийгэм

Налайхын замыг маргааш нээнэ

Баянзүрх дүүргийн 11-р хороо, Налайхын авто зам, Бумбат, Цэцээ гүн рүү салдаг уулзварын баруун талд ус зайлуулах хоолойн хучилтын хавтан цөмөрч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй болсон билээ. Замын цагдаагийн албатай зөвшилцөж, энэ сарын 06-ны өдрөөс тус хэсгийг хааж, түр зам гарган хөдөлгөөн нэвтрүүлж байгаа юм.

Хучилтын хавтанг бүрэн сольж дууссан байна. Иймээс замын хөдөлгөөнийг тавдугаар сарын 21-нд буюу маргааш нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн явуулахаар болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын чуулган ирэх 7 хоногийн нэгдсэн хуралдаанаар…

УИХ-ын 2018 оны хаврын чуулганы ирэх 7 хоногийн хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

5 дугаар сарын 24, 25-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Categories
мэдээ нийгэм

ОУВС-гийн ажлын хэсэг дөрөв дэх шатны үнэлгээг хийжээ

ОУВС Монгол Улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дөрөв дэх үнэлгээг хийж, ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрсэн байна.

Гурван жилийн хугацаатай хэрэгжих тус хөтөлбөрийн үнэлгээг улирал тутам хийх юм. Дөрөв дэх шатны үнэлгээг Жэф Готтлийбээр ахлуулсан ОУВС-гийн ажлын хэсэг энэ сарын 2-17-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хэрэгжилт, тоон үзүүлэлтүүдийн үнэлгээг урьдчилсан байдлаар гаргажээ. Ажлын хэсгийн үнэлгээний урьдчилсан дүгнэлтэд үндэслэн тайлан боловсруулж, ОУВС- гийн удирдлагаар батлуулсны дараа Захирлуудын зөвлөлөөр хэлэлцүүлж, шийдвэр гаргуулах юм байна.

Дөрөв дэх үнэлгээнд, “Экспортын түүхий эдийн эрэлт их байгаагаас Монголын эдийн засгийн сэргэлт үргэлжилсээр байна. Төсвийн алдагдлыг бууруулах, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх зэрэг макро-эдийн засгийн гол зорилтууд биелжээ. Хэдийгээр ийм дэвшил гарсан ч экспортын түүхий эдийн эрэлт буурах, бүтцийн шинэчлэлийн удаашрал, дотоодын зарлага нэмэгдэх дарамт, хөрөнгө оруулалтын орчин дахь сөрөг өөрчлөлтүүд зэрэг эрсдэл хөтөлбөрийн хүрээнд байсаар байна. Хөтөлбөрийг амжилттай үргэлжлүүлэхийн тулд банкны системийг бэхжүүлэх, төсвийн хянамгай бодлого баримтлах, инфляцид сонор сэрэмжтэй байх, эрсдлээс хамгаалах гадаад валютын албан нөөцөө бүрдүүлэх, төсвийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зэргийг анхаарлын төвдөө байлгасаар байх шаардлагатай” гэжээ.

Хөтөлбөрийн хүрээнд нийт 314.5054 сая Зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын зээл олгохоор анх тохирсон.

Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж Жэп Готтлийб хэлэхдээ, “Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын макро-эдийн засгийн гүйцэтгэл эерэг гарч бүх зорилтот тоон үзүүлэлтүүд биелсэн. Төсвийн үр дүн 2018 оны эхний улиралд төсөөлж байснаас илүү сайжирч, орлого 21 хувиар өссөн. Дээрх хугацаанд гадаад валютын цэвэр албан нөөц 200 сая ам.доллараар нэмэгджээ. Санхүүгийн салбарын хувьд эрх баригчид саяхан хийж дууссан Активын чанарын үнэлгээний дагуу өрнөж буй арга хэмжээний нэг хэсэг болох банкны системийг бэхжүүлэх ажлуудаа үргэлжлүүлж байна. Өөрийн хөрөнгийн шаардлагаа хангаагүй банкуудад энэ оны 12-р сарын эцэс хүртэл үүнийг хангах хугацаа байна. Зохистой нөхцөл бүрдсэн үед банкуудыг тогтворжуулахад төсвийн сангуудыг ашиглаж болох талаарх хууль удахгүй батлагдана гэсэн хүлээлттэй байна. Эрх баригчид чанаргүй зээлийн асуудлыг илүү хурдан шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийг хийж, банкуудын балансыг сайжруулахаар ажиллаж байна. Түүнчлэн эрх баригчид инфляцид сэрэмжтэй байж, төлбөрийн тэнцлийг цаашид улам бэхжүүлэх мөнгөний бодлогын байр сууриа хадгалах үүрэг хүлээсэн. Эдийн засгийг гадаад цочролоос хамгаалахад тус нэмэр болох нөөцийн бүрдүүлэлтэд гарч байгаа ахиц дэвшлийг үргэлжлүүлэх нь туйлын чухал юм. Макро эдийн засгийн эрүүл бодлогыг банкны системийн бүтцийн шинэчлэлтэй хослуулах нь хүүгийн хувийг аажмаар буулгахад нэмэр болно. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дөрөв дэх үнэлгээний эцэст ОУВС-гийн ажлын хэсэг эрх баригчидтай тохиролцоонд хүрлээ. Энэхүү тохиролцоо нь ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэгдэн баталгаажих учиртай” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Дунд ангидаа тавин хувь нь малчин болсон 10а-гийнхан

2017 оны арванхоёрдугаар сарын 7-нд

Баянхонгор аймгийн Жаргалант сумын арван жилийн дунд сургуулийн 10 А ангийн 1976 оны төгсөгчдийг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа онцолж байна. Одоогоос 70 жилийн тэртээ “Байдраг” голын хөвөө Хөндлөн булаг хэмээх газар шаваа тавьж, багш, шавийн нандин холбоог үүсгэж байсан бага сургууль өнөөдөр “Байдраг” ахлах сургууль болон өргөжин тэлжээ. Уг сургууль 70 жилийнхээ ойг 2016 онд тэмдэглэсэн баялаг түүхтэй.

Богдын Засгийн газрын үед байгуулагдсан Эрдэнэ вангийн хошууны бага сургуулиас эх авсан эрдмийн өргөөний давалгаа ХХ зууны хорь, гучаад онд Богд Марал уулын хошууны тэнхимийн сургууль, Заг гол сумын бага сургуулиар дамжин улам эрч хүч авсан юм. Ардын засгийн газраас ард түмнийхээ бичиг үсгийн боловсролд ихээхэн анхаарал тавьж, хүүхдүүдийг сургууль соёлд сургах, бүх насныханд бичиг үсгийн боловсрол олгох шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж иржээ. Энэхүү бага сургуулийг 1946-1962 он хүртэл Жаргалант сумын бага сургууль, 1962-1973 он хүртэл бригадын бага сургууль гэж байгаад 1973 онд татан буулгаж сумын 10 жилийн сургуультай нэгтгэсэн байна. Сургуульд монгол бичиг, тоо бодлого, үг хөгжил, зураг, биеийн тамир, түүх, байгалийн хичээл ордог байжээ. Сурах бичиг хичээлийн хэрэгслийг сургуулиас хангадаг. Сургуулийн түлшийг эцэг эхчүүд бэлтгэж өгдөг байсан гэнэ. Сургууль сурагчдын хоолны хуурай хэрэглэлийг бэлтгэдэг, махыг эцэг эхээс авдаг байсан ажээ. Сургуулийн анги танхимд зориулж жижиг байшинг аж ахуйн аргаар ажилчид, эцэг эхийн хүчээр барьж босгосон байна. Багш, хүүхдүүд монгол дээл хувцастай байжээ. Харин багш нарыг хичээл заахдаа эрэгтэй нь бор, эмэгтэй нь ногоон өнгийн халат өмсөхийг шаарддаг байсан боловч эд таваар ховор учир хэрэгжээгүй байна. Хоёр сумыг нийлэхэд Жаргалантын бага сургуулийн ихэнх хүүхэд 10 жилийн сургуульд орсон. Гэвч сургуулийг малчдад ойр байлгаж, хүүхдүүдийг бүрэн хамруулан сургах зорилгоор бригадын бага сургууль бий болжээ. Энэ үед буюу 1966 оны намар есдүгээр сарын 1-ний өдөр Д.Нүрзэд багшийн удирдлаган дор 33 хүүхэдтэй 1Б анги,Ц.Даваажаргал багшийн удирдлаганд 35 хүүхэдтэй 1А ангийнхан бие биетэйгээ бишүүрэнгүйхэн танилцаж сургууль гэх их эрдмийн өргөөний босгыг давж байжээ.

Хавар намрын улиралд хийж амжуулдаг нэг том ажил бол сумын Худалдаа бэлтгэлийн ангийн тарвага, зурамны арьсны төлөвлөөгөөг биелүүлэхэд оролцох явдал байсан аж. Эрэгтэй багш ажилчдын ихэнх нь ангийн нийгэмлэгийн гишүүн байсан гэнэ. Сургуулийн багш ажилчид жил бүр 250-400 ширхэг зурам, 800-1200 ширхэг тарваганы арьс бэлтгэдэг байжээ. Дээр нь сурагчдынхыг нэмээд 1000 орчим зурамны арьсыг Худалдаа бэлтгэлийн ангид тушаадаг байжээ.

Мөн жил жилийн мал нядалгаанд сургуулийн багш ажилчдаас бригад гарч ажилладаг байжээ. Үүн дээр 7-10 дугаар ангийн сурагчид анги ангиараа бригад болон гарахад манай анги явж байлаа. Нийгмийн ажилд хүүхдүүдийг багаас нь хийлгэж сургаж хүмүүжүүлж байсан юм. Ингэж олон нийтийн ажилд хүүхдүүдийг явуулдаг байсан биднийг улам нэгтгэж өгч байв. Ийм ч учраас бид нэгнийхээ баяр, зовлон ямар ч үед хуваалцаж байдаг нь үүнтэй холбоотой байх гэж боддог хэмээж байлаа. Тэднийг VII ангиа төгсдөг жил А, Б бүлгийн нийт хүүхдийн тавин хувийн мал дээр гаргаж байжээ. Ингээд хоёр бүлгийг нэгтгэж н.Намнадагсамбуу багшийн удирдлаганд 40 хүүхэдтэй 10А ангийнхан 1976 оны хавар төгсөн байна. Нийт хүүхдийн 25 дээд сургуулийн хуваарийг авчээ. Энэ нь аймгийн хэмжээнд хамгийн их хүүхэд их сургууль авч байсан ангийн тоонд орсон байна. Энэ талаар одоо ч хүртэл яригддаг гэнэ. Ангийн дарга нь Л.Баяндалай гэх бусдаасаа биеэр том, сурлагадаа ч сайн, аливаа ажлыг удирдан зохион байгуулахдаа сүрхий нэгэн байжээ. Иймдээ ч “Бид нэг ангийнхан” номыг 2016 онд санаачилж гаргаж байсан байна. Тухайн үед хөвгүүд хөх, охид ногоон өнгийн дээл өмсдөг байжээ. Дээлний материал юу байх нь хамаагүй өнгө л таарч байвал энэ нь тэдний дүрэмт хувцас болдог байжээ. Охидын зүүдэг ковпрон ховор байжээ. Иймээс хоршоонд хэдэн цагаар нь оочерлож байж авдаг гэнэ. Эдний ангийнхан Монгол хэл, уран зохиолын багш Д.Дашдоржийгоо хэзээ ч мартдаггүй гэж дурсан ярив. Тэрээр шулуун шударга зантай, монгол ухаан, зан заншил, ахуйгаа эрхэмлэн хүндэтгэдэг, уйгаржин бичгээр маш гоё бичдэг, сайхан хүн байж билээ. Энэ хүнийг өнөөдөр бид эргэн дурсахгүй байж болохгүй хэмээж байлаа.

10 А-гийнхан урлаг спорт сурлагаараа хамгийн сайн мөртлөө сахилагагүй анги байжээ. Сурагчид анги дотроо хоорондоо өрсөлддөг байсан гэнэ. Багш нар журналаа бариад ороод ирэхэд би гурав авсан, дөрөв авсан гээд бүгд л гараа өргөөд асуугдана гэнэ. Аравдугаар ангиа Д.Толя алтан медальтай төгсөж байжээ. Энэ талаар Б.Мөнхжаргал гуай “Монгол хэл, уран зохиолын хичээлийн шалгалтад таслал алдаад сайн авч байлаа. Ингээд алтан медалиас мултарч, мөнгөн медальтай төгсөж байлаа. Дүн авна гэдэг чинь хатуу чанга байлаа шүү дээ. Аравдугаар ангиа төгсөөд Анагаахын их сургуульд элсэж орлоо. Нэг өдөр багш журналаа барьж орж ирээд хэн асуугдах вэ гэхэд, ганцаараа би гэж орилоод эвгүй байдалд орж байж билээ. Манай анги ингэж л өрсөлддөг байжээ” гэв.

Ангидаа математикаар толгой цохидог хүүхдүүдийн нэг нь Б.Батмөнх байжээ. Тэрээр багш нь самбартаа тоогоо бичээд дуусахад, хариуг нь хэлдэг байсан гэнэ. Мөн багш нь самбарт тоо бодоход араас нь алдааг нь хянаад явдаг хүүхэд байсныг ангийнхан онцолж байлаа. Тэрээр Улсын багшийн сургуулийг математикийн багш мэргэжлээр төгсөнө гэхэд ангийнхан нэг гайхдаггүй гэнэ. Одоо Булган аймгийн Хялганат суманд Холбооны салбарын эрхлэгчээр ажиллаж байгаа гэнэ.

10А ангийнхны дийлэнх нь салбарын тэргүүний ажилтан аж. Мөн дөрвөн дэд хурандаа төрөн гарсан бол 19 эмэгтэй алдарт эхийн одонгоор энгэрээ гоёсон байна.

Энэ ангийн Г.Эрдэнэтогтох нь Улсын Багшийн дээд сургуулийн Кино драмын ангийг төгссөн. Тэрээр драмын улсын академик театрт сургууль төгссөнөөсөө хойш тасралтгүй ажиллаж, тайз дэлгэцийн олон дүр бүтээжээ. Тодруулбал, “Говийн зэрэглээ”, “Сэрүүн дуганы мөхөл”, “Газрын үнэр” кинонууд, “Найрын ширээний ууц”, “Буцах хаяг”, А.П.Чеховын “Интоорын цэцэрлэг”, “Унаган хайр”, Баабарын “Бооцоо”, Д.Намдагийн “Далан худалч” зэрэг жүжгийн бүтээлүүдэд гол болон туслах дүрийг бүтээснээр үзэгчид андахгүй биз ээ. Мөн У.Мэндбаяр дөрөвдүгээр ангиа төгсөөд мал аж ахуй дээр гарч мал маллаж байгаад Улсын батлан хамгаалах төв нийгэмлэгийн жолоочийн дамжаанд суралцан жолооч мэргэжилтэй болжээ. Тэрээр Байдрагийн сангийн аж ахуй хувьчлагдсанаас хойш одоог хүртэл төрөлх сумандаа мал маллаж байгаа аж. Тэрээр “Алтан гадас одон”, сумын мянгат малчин, Улсын сайн малчин цол хүртэж байжээ.

Эдний анги цэргийн хоёр, цагдаагийн хоёр дэд хурандаа цолтой гэнэ. Үүнд Г.Сундуйсүрэн цэргийн дээд сургууль төгссөн. Цэргийн инженер мэргэжилтэй. Цэргийн байгууллагуудад дэд хурандаа цолонд хүртлээ ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарсан байна. Мөн дэд хурандаа Р.Лувсанноров ЗХУ-ын Хилийн цэргийн дээд сургууль төгссөн. 1998 он хүртэл хилийн цэргийн ангиудад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Цагдаагийн дэд хурандаа Т.Ганбаатар Политехникийн дээд сургуулийг холбооны инженер мэргэжлээр төгссөн. Цагдаагийн байгууллагад хэв журмын тасгийн дарга, дэд дарга зэрэг ажлуудыг хийж байгаад 2007 өндөр насны тэтгэвэрт гарчээ. Мөн Дэд хурандаа Б.Цагаан Хэнтий аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасагт тасгийн дарга зэрэг ажлууд хийж байгаад тэтгэвэртээ гарсан байна.

Зарим хүүхдийн талаар дурсвал Д.Эрдэнэчимэг 1974 оноос Улаанбаатар хотын 17 дугаар сургуульд шилжин суралцжээ. Тэрээр холбооны өргөн нэвтрүүлгийн техникч мэргэжилтэй аж. Одоо “БАМАЦА” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаа гэнэ.

Б.Мягмарсүрэн Улаанбаатар хотын Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийг нягтлан бодогч-эдийн засагч мэргэжлээр, Удирдлагын академийг удирдлагын арга зүйч менежер мэргэжлээр тус тус төгссөн. Тэрээр Баянхонгор аймагт “Өгөөж мөрөн” ХХК-ийг үүсгэн байгуулж, өнөөг хүртэл захирлаар нь ажиллаж байгаа ажээ. С.Дэлгэрдорж МУИС геологи, уул уурхайн инженер мэргэжлээр төгссөн.Тэрээр одоо “Бүлээн даваа” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаа гэнэ. Геологийн тэргүүний ажилтан О.Наранцэцэг нь МУИС-ийг геологи, уул уурхайн инженер мэргэжлээр төгссөн байна. Одоо тэрбээр “Дархан цалам” байгууллагын захирлаар ажиллаж байгаа юм байна. Бас Монгол Улсын шүүгчийн “Тэргүүн түшээ”, Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, Монгол Улсын гавьяат хуульч О.Зандраа байна. Тэрээр МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг 1995 онд төгсжээ. Түүний салбартаа оруулсан хувь нэмрийг төр үнэлж Улаан тугийн одон, Алтан гадас одон хүртээжээ. Мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан туг, Алтан гадас одонт, Хөдөө аж ахуйн болон газрын харилцааны тэргүүний ажилтан Л.Баяндалай энэ ангиас төржээ. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн худалдааны нэгдлийн орлогч дарга, Орхон аймгийн газрын албаны дарга зэрэг албан тушаалуудыг хашиж байжээ. Тэгвэл Д.Толя ЗХУ-ын Ташкент хотноо Техникийн их сургуулийг инженер электроникч мэргэжлээр төгссөн байна. Тэрээр “Bit service” ХХК-ийн захирлаар ажиллаж, компьютерийн худалдаа, үйлчилгээ, хэвлэлийн үйлдвэрлэл эрхлэж байгаад АНУ-ын Чикаго хотноо амьдарч байгаа бөгөөд “Siemens”-ийн салбар электроникийн үйлдвэрт ажиллаж буй гэнэ. Нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан Б.Мөнхжаргал нь анагаах ухааны дээд сургуулийг төгссөн байна. Хүний их эмч мэргэжилтэй.Одоо Улаанбаатар хотын Багахангай дүүрэгт ажилладаг гэнэ.

Мөн тэдний дунд мөр зэрэгцэн тоглож явсан А.Энхтайван, А.Батжаргал, Т.Нансалмаа, О.Шүрэнцэцэг, Ц.Магванрэнцэн, Г.Ганбаатар, Гомбодорж зэрэг долоон хүүхэд бурхны оронд одож, нөхдийнх нь сэтгэлд гуниг хурсан байна. Тэд “Хамтдаа туулж өнгөрөөсөн гэгээн тунгалаг дурсамж бүхэн сэтгэл зүрхэнд мөнхөд хоногшин байсаар байх болно” гэж дурсан ярьж байв.

10А ангийн 40 жилийн уулзалт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-нд Баянхонгор аймгийн Шаргалжуут суманд болсон байна. Ингээд дараагийн уулзалтаа энэ оны наймдугаар сарын 8-нд товложээ. Энэхүү “Нэг ангийнхан” булангаар эргэн уулзахын урилгаа түгээсэн юм.

Б.ҮРЖИГ

Categories
мэдээ цаг-үе

Лодонгийн Түдэв гуайгаас сонссон “идэвхтэй зарчим”-ын сургааль

Зохиолч, соён гийгүүлэгч Лодонгийн Түдэв гуайг танихгүй монгол хүн нэгээхэн ч үгүй. Хөдөлмөрчийн туйл болохоор хөдөлмөрийн баатар, авьяастны дээд учир ардын уран зохиолч болсон хүн гэх мэтээр бичих түүнд үнэн балчирдана. Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж, Нобелийн шагналд Монголоос анх нэр дэвшиж байсан түүнд магтаал шиг хэрэггүй зүйл байхгүй. Оюутан ахуйд Очирбатын Дашбалбар багш маань аугаа гэхэд багадах эл эрхмийг баруун дөрвөн зам дээр байрлах С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуульд урихад тэр хавийн “Гурван эрдэнэ”, Дорно дахины гүн ухааны сургуулийнхан гээд бараг мянгаад оюутан хурлын танхимд багтахгүй шахам цуглаж байсныг санаж байна. Хожим харин азтай тохиолоор эрдмийн оргилд гарсан мэргэдийн дээд сайн оюутаас өдрийн хугас үгийг нь сонсох завшаан тохиосон юм. Тэр өдөр бол 2006 оны аравдугаар сарын 19-ний пүрэв гараг байж. Ажиллаж байсан “Улаанбаатар таймс” сонины хойморт дэлхийн шилдэг зуун зохиолчийн нэг Л.Түдэв гуай уригдсан юм л даа. Их сэтгэгч тэрбээр өнөө цагийн өнгө төрхийн талаар сэтгэл оюуны ертөнцдөө буулгаснаа бид бүхэнд тэгэхэд илэн далангүй нээн гаргаж байсан билээ. Л.Түдэв абугай тэр өдөр ерөнхий эрхлэгч Жүмпэрэлийн Саруулбуянд нэгэн содон сонирхолтой зүйлийг эрхэмлэн гардуулсан нь Оросын их зохиолч Максим Горькийгоос Монголын сэхээтнүүдэд бичсэн захидал байлаа.

Захидлыг зүгээр ч нэг өгчихсөнгүй. Идэвхтэй зарчмыг номлосон захидлын утга өнөө цагт хуучраагүйгээр үл барам дахин сэргээн харах цаг болсныг тэрээр сануулж, Горькийн захидлын орос, монголоор эмхэтгэсэн нугалбарын ард “Ж.Саруулбуянд. Таны эрхлэн гаргаж буй “Улаанбаатар таймс” сонины нагац ах “Известия Улан-Батор хото” сонинд 1925 оны хавар буюу өдгөөгөөс 80 жилийн тэртээ Максим Горькийгоос Монголын сэхээтнүүдэд бичсэн захидал хэвлэгдсэний дурсгалд мөнхүү захидлыг өргөн барив. Л.Түдэв” гэж гарын үсгээ зуран гүн хүндэтгэлтэйгээр өгсөн бүлгээ. Дараа нь тэрээр соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Ж.Саруулбуян, урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт шог зураач Цэвэгийн Байды, ерөнхий эрхлэгчийн орлогч Н.Ариунтуяа, сэтгүүлч Г.Идэрхангай, яруу найрагч Г.Сонинбаяр нарт идэвхтэй зарчмаар замнаж ирсэн монголчууд өнөөдөр яагаад идэвхгүй зарчим баримтлах болов оо гэсэн сэхээрэлт санаагаа тайлбарлаж, мөхөс миний бие тэмдэглэж авчээ. Л.Түдэв гуай “Тэртээ алс Итали орноос Максим Горький наян жилийн өмнө монголчуудын захидалд хариу өгөхдөө “идэвхтэй зарчмыг номлох” зөвлөгөө өгсөн билээ. Бас дээр нь нэмж “номой чөлөөг хүсэх биш харин жинхэнэ эрх чөлөөг хүссэн зүйлийг” орчуулж, бичиж байхыг их зохиолч Максим Горький зөвлөж билээ. Энэ бол зөвхөн Монголд ч биш бүх нийтийн зарчим юм.

Монголын сэхээтнүүд тэр зөвлөгөөг үйл ажиллагааныхаа удирдлага болгож далан жил дагаж мөрдсөн нь оноогүй биш оносоон. Ямар ч гэсэн далан жил буюу бие хүний нэгэн насны нүүрэн дээр монгол хүн газраас сансарт хүртэл цойлсон. Мориноосоо моторт хөлгийн жолоонд шилжиж, эмээлээсээ аэрплаанд суусан. Үнсэн самбараа цахим дэлгэцээр сольсон. Өөхөн дэнгээ өндөр хүчдэлээр сольсон. Өргөө гэрээ өнөр айл болгосон. Өвчин эмгэгээсээ өргөн түмнээр салсаан.

Зах, дэлгүүр, буудал, баар гэдэг “идэвхгүй зарчмын салбар”-ууд ноёрхлоо

Түдэв гуай ширээн дээр буй цэвэр ус авч хоолой чийглэнгээ цааш хүүрнэв. “Гэвч өнөөдрийн Монгол ямар байна? Замаас хадуурлаа гэж ахас ихсээ өөчлөөд замын дундаас буцаж эргээд зах зээл рүү очсон. “Бараан зах” гэж хуучин нийслэлд байсан нь үгүй болсонд халаглаж “бараан зах” байгуулахаар ганзагын наймаанд гарцгаасан. Ганзагалж багтахгүй болохоор нь чингэлгийн наймаанд шилжсэн. Ахмад үеийнхний буянаар чингэлэг тээх төмөр замтай байгаадаа аз болсон. Нийслэл хот маань мухлаг, ТҮЦ, баарын, дэн буудал, мөрийтэй тоглоом, хятад ший яанзны төв болж улмаар Гоголийнхоор бол “Сорочины яармаг”, Лу Синийхээр бол “Ганжуурын яармаг” хойд дүрээрээ залрах нь тэр. Энэхүү дурдсан зах, дэлгүүр, буудал, баар гэдэг нь “идэвхгүй зарчмын салбар”. Хэн нэгний, ихэвчлэн гадаадын бэлэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хямдавтар аваад (голдуу илүүдэл бүтээгдэхүүн) үнэ нэмж эх орон нэгтэндээ худалдаалж мөнгө олох, эсвэл явуулын хүнд түр орогнол, ор дэр олгож мөнгө олох, үгүй бол саваагүйчүүдэд архи, дарс зарж халаасыг нь хоослох “ажилтайн” хувьд “идэвхгүй зарчмын аж ахуй” юм. Ийм маягийн амьдралыг ахмад үе маань “зах зээлийнх” гээд яг онож хэлсэн нь өрнөдийн “рыночная экономикиа” гэдэгтэй дүйж очмогц л бэлэнчлээд л тэр нэр томьёог Монголын түшмэдүүд үг дуугүй, бодлого эргэлзээгүй авч хэрэглэснээрээ “социализм”, “коммунизм” гэдэг нэр томьёог “өргөж” авсантай арга барил нь ихэр юм. “Одоо манайх ямар нийгэм байгуулж байна” гэж сонгогчид нэр дэвшигчээс асуухад тэд нэгэн дуугаар зах зээлийн, эдийн засгийн нийгэм гэж хариулцгаадаг. Гэтэл, “Үндсэн хууль”-д нь “…хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулна…” гээд бичээд тунхаглачихсан байдаг” гээд бидэн рүү нухацтай харж байсныг санаж байна.

Хэрэглэж сурсан ч хийж чаддаггүй үндэстэн болох арчаагүй тавиланд унах вий

Бид Л.Түдэв гуайг урихдаа зөвхөн өөрийнх нь тааллын сэдвээр сонсоно гэсэн болохоор үнэндээ уран бүтээл болоод өөрийнх нь тухай лавлаж чадаагүй. Тэрээр цааш нь “Зах зээлийн харилцаа хэзээ ч хүмүүнлэг байж чадаагүйг тийм харилцаа өндөрт гарсан гэдэг барууны орнууд хоёр зуугаад жилийнхээ түүхэн сургамжаар ил тод харуулчихаад байгаа. Гадаадын илүүдэл, өргөн хэрэгцээний аль ч бүтээгдэхүүн манайд уул нутгийнхаасаа заавал өндөр үнээр зарагдаж байгааг нуултгүй. Үүнийгээ өмгөөлөх бамбай ч бэлэн бий. Газар нутаг хол, тээврийн зардал өндөр, татвар ихтэй гээд элдэв шалтаг заагаад худалдан авагчийн амыг таглаж орхино. Хамгийн наад захын эмийн зүйл гэхэд л уул газраа таван доллар, манайд ирэхээрээ хоёр гурав нугалаад 15-20 мянган төгрөг байх жишээтэй. Энэ бүхнийг үл өгүүлэн давтан өгүүлэхэд манай нийслэл хотын сүүлийн 15 жилд шинэчлэгдсэн гээд байгаа бүх л гоёл чимэг, гуанз, дэлгүүр, баар цэнгээний газар, зочид буудал, зах зээл, банк хүртэл цөм л үйлдвэрлэгч салбар биш “идэвхгүй зарчмын аж ахуй” шүү дээ. Мөнгө хүүлдэг, хүүдийлдэг талаа л “идэвхтэй” гэж тодорхойлохгүй бол өөр тодотгол эдгээрт байхгүй. “Идэвхгүй зарчмын энэ салбарууд” “идэвхтэй зарчмын” бүтээн байгуулагч салбарыг аажмаар залгиж байгаа нь илэрхий. “Үйлчилгээний нийгэм”, “Хэрэглээний эдийн засаг” гэж номын үг хаялаа ч гэсэн энэ нь үнийг хөнгөлөх үйтэн хуар болж чадахгүй. Хүний бэлтгэсэн хоол хүнс идэж, харийн үйлдвэрийн хувцас өмсөн гоёж, хувь хүн нэгэн насыг элээх болно. Гэвч, нийгэм тэгэх гэвэл нэг л өдөр “хэрэглэж сурсан ч хийж чаддаггүй” үндэстэн болох арчаагүй тавиланд унах болно. “Тэд хэрэглэж амтшиг, бид хийж хожноо” гэдэг дотор ухаантны холын бодлогын золиос болохгүйн тулд оруулах (импорт) шуналыг “гаргах” (экспортлох) бодлогоор залуурдах, “идэвхгүй зарчмын” салбарыг “идэвхтэй зарчмын” салбараар хөтлөх хэрэгтэй болжээ” гээд санаа алдсан сан.

Эрх баригчид “идэвхгүй зарчмын” гурвалсан мориноос буудаг ч үгүй, сольдог ч үгүй давирсаар…

Монгол Улсад “идэвхгүй зарчмын бодлоготнууд” төр барьсаар байна. Өөрөөр хэлбэл “идэвхгүй зарчмын өвчин” толгойд нь архагшин ужгирчээ. “Идэвхгүй зарчим” дээр маань ноёлжээ. Үүний илрэл нь манай төр засгийн эрх баригчид “идэвхгүй зарчмын” гурвалсан мориноос буудаг ч үгүй, сольдог ч үгүй давирсаар өнөөг хүрлээ. Тэр гурван зээрд нь гадаадаас авах зээл, тусламж, хандив гурав юм. Зээл авах гэдэг нь бэлэнчлэх сэтгэлгээний үндсэн илрэл, тусламж гуйх нь бүүр ч идэвхгүй, алгаа тосон арчаагүйдэх, хандив гуйх нь мөн л нэг тэрэгний өрөөсөн дугуй юм. “Идэвхгүй зарчмын” энэ гурван аргыг огт хэрэглэхгүй явдаг улс орон ховор. Гэхдээ манайх шиг алга тосож авсан юмандаа эзэн болж, ажил хэрэг бүтээж чаддаггүй “бүхлээр” нь гулигуулчихдаг улс орон бас ховор оо. 1991 оноос хойш манайхны авсан гадаад зээл нэг тэрбум ам.доллараас хэтрээд дотоодын нийт бүтээгдэхүүний 90 хувиас давчихаад байгаа нь “төрийн түгшүүр зарлах” хэмжээнд хүрчээ гэсэн үг шүү дээ. (Эл тоо баримт 2006 оных гэдгийг анхаарна биз. Л.Б) Зээл авах үед сайхан мэт санагдавч авсан тэр мөчөөсөө эхлээд нэр нь өөрчлөгдөн “өр” болдгийг мөнгө зээлж, зээлдүүлж үзсэн хэн бугай ч мэдэх зүйл. Тэр бүхнийг харгалзахгүйгээр Монголын төр засгийн мэдэлтнүүд улсынхаа нэр, ард түмний нэр бариад л жил тутам 330 саяас доошгүй ам.долларыг донор (өглөгч) орнуудаас зээлсээр ирлээ. Тэтгэвэр тусламж хүссэн иргэдээ “бэлэнчлэх” сэтгэлгээтэй гэж зандарчихаад УИХ-ын танхим, Засгийн газар, яам тамгын өндөр сэнтийд гэдийсхийн суугчид өөрсдөө “бэлэнчлэх” сэтгэлгээний бүх төрөл зүйлээр “шүдээ хүртэл зэвсэглэчихээд” хэнэггүй царайлсаар он цагийг элээж байгаа нь монгол эмгэнэл юм даа. “Идэвхгүй зарчмын” дэд хэлбэр нь гадаадын хөрөнгө оруулалт, элдэв гоё нэртэй төслүүд юм. Хэчнээн ч төсөл Монголд “хэрэгжив” дээ. Даанч тэдгээрийн “үр хүүхэд” гэж тоймтой юм харагдахгүй байгаа нь “хусран байдас” гэж нэрлэхэд төслүүдийн нэлээд хэсэгт зохихоор болжээ.

“Түшмэдийн цомхотгол” хийж, цахим засаглалд шилжих хэрэгтэй болжээ

Толгойд маань “идэвхгүй зарчим”, “бэлэнчлэх сэтгэлгээ” нэгэнт бугшчихсан болохоор гар хөл ер нь доод тал маань мөн л энэ өвчнөөр өвчилж орхижээ. Нийгмийн бүүр доод давхарт бол “идэвхгүй зарчмын” илрэл нь хөдөлмөрийн бус орлогоор амьдрах тусгай сургууль болон хувирчээ. Түшмэдүүд авлига авна. Өгөхгүй бол хүнд суртал гаргана, боож, хавчина, сунжруулна, дарамтална. Манайдаа ахадсан олон яамд байхад тэдний хэрэгжүүлэх агентлагууд гэж бас нэг давхардсан илүүдсэн дээлтнүүд мөн л цөөнгүй байна. Тэднийг ажилтай бас “авлигатай” байлгахын тулд аливаа ажил эрхлэх гэсэн иргэдэд зөвшөөрөл, магадлал олгох “эрхээр” хангаж өгсөн тогтолцоо нэгэнт архагшин буй болсон. Цахим засаглал байгуулах бололцоо бүрдэж байхад ч гэсэн ядаж сонгуулийн үеэр иргэдээ толгой дараалсан тооцоог нь санах байгууламжид хийчих идэвх алга. Хамгийн хашир томоосоо эхлээд намууд ч гэсэн гишүүдийнхээ цахим бүртгэл хийж хөтөлдөггүй мөртлөө хандив авах эрхээ хуульчлаад авчихсан сууж байдаг. Олон мянган түшмэд долоо хоногт дөрөвхөн өдөр алдаг оног ажиллаж тав дахь өдөр “Баасан эгчийнд” айлчлаад зургаа, долоо дахьд нь найрлаад нэг дэх юм уу даваа гаригийн үдээс өмнө “шараа тайлах” арга бодоод сууж байдаг нь нуултгүй болсон зүйл. Тиймээс “түшмэдийн цомхотгол” хийж цахим засаглалд шилжих хэрэгтэй болжээ.

Хогийн асуудал эрхэлсэн яамтай болъё

Хэрэглээний, бэлэнчилгээний хэвшил тогтож буй нийслэлд хогийн асуудал эрхэлсэн яам шинээр хэрэгтэй байна. Хогийн сайд хүртэл барууны оронд байдаг гэдэг. Хогийг алт мөнгө болгох ажил эрхлэх юм бол тэр харин “идэвхгүй биш идэвхтэй зарчмын” яам болох юм даа. Ядуурсан зарим хүмүүсийн, ялангуяа хөдөөнөөс нийслэлд ирэгсдийн “идэвхгүй зарчмын сэтгэлгээ” хотын хог дээр “ажиллахад” аргагүй хүргэж байна. Бэлэн хог түүж, лааз, шил мэтийн юмаар хэдэн төгрөг олоод өдрийн хоолоо залгуулахад буруу юм юу байхав. Харин хогчдын хүчийг нэгтгээд зохион байгуулалтад оруулах, зориулалтын хувцас хунар, тоног төхөөрөмжөөр хангаад, хог ангилах сургалт явуулаад тусгай цэгт хог хүлээн авч, тэр дор нь ажлын хөлс өртгийг бэлнээр өгдөг байгууллага буй болгоогүй нь нийгмийн хамгаалал манайд ямар байгаа, хүмүүнлэг сэтгэлгээн дээрээ хичнээн ядуурсныг л гэрчилж буй хэрэг. Хог ухагчид бол бас ч хөдөлмөр эрхэлж байна. Гэтэл хулгай дээрэм хийдэг, залилан мэхлэх аргаар бусдыг шулдаг, тонодог этгээдүүд манай нийслэлд улам олширч арга мэх нь улам нарийсаж нийгмийг айдас түгшүүрт живүүлэхэд хүрч буй нь хөнгөн бузар аргаар хөлжих гэсэн “идэвхгүй зарчмын” бас нэгэн гажиг юм. Ажилгүйдлийг арилгах тухай амлалт уриалга өгчихөөд юу ч хийдэггүй “үгээр идэвхийлж, үйлдлээр үл идэвхийлэгч” засаглалын хомсдолын бас нэг гай нь энэ юм.

Түдэв гуай ийн үнэт сургаалиа айлдсаны дараа бидний асуултад хариулж билээ. “Та хэрэглэж сурах яахав, хийж л суръя гэдэг хүн” гэхэд “Хэрэглэхээсээ илүү хийж бүтээх сэтгэлгээг хөгжүүлмээр. Манайх газар нутаг томтой, нүүдлийн мал аж ахуйн орон. Өмнөд Монгол БНХАУ-ын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн дааж байна. Тэгэхэд манайх гаднаас жилд 900 тн хуурай сүү оруулж ирж, ард түмнийхээ халаасыг тэмтэрч байгаа нь нөгөө л бэлэнчлэх сэтгэлгээний бэлэн загвар биш үү. Монгол зөвхөн малынхаа эвэр, туурай зэрэг түүхий эдийг гадаадад гаргахад л баяжна” гэсэн бол “Хэрвээ та Ерөнхийлөгч болсон бол юу хийж хэрэгжүүлэх байв” гэсэн асуултад “Би “Өрх бүр үйлдвэр, хүн бүр үйлдвэрлэгч” гэсэн зүйлийг гол мөрийн хөтөлбөрөө болгож байсан. Үүнийг л манайд хэрэгжүүлбэл хөгжих замдаа орно. Орост захын нэг эмгэн л хэдэн зөгий тэжээж байдаг. Гарлага, зарлага гараад байх юм байхгүй. Энэ чинь л өрхийн үйлдвэрлэл” гэж аман дээр атын тавхай тавьж байсан.

Түдэв гуай цааш нь “Цагтаа бид эх орондоо үгүй ядахнаа гутлаа хийдэг байлаа. Гэхдээ гадны технологи, гадны санаа бодлыг зээлдэж байсан учраас уналтад ороод хийж чаддаг юмаа хийж чадахаа больсон нь дэндүү гунигтай. Гутал, хадаас мэт ойр зуурын зүйлээ хийгээд сурчихвал хөгжил тэр. Гутал гэснээс гудамжинд алхаад явж байхад алхаар тогшиж байгаа юм шиг тог тогхийсэн чимээ гарахаар харахад л сүрхий сүрхий өндөр өсгийтэй гутал өмссөн бүсгүй явж байх. Монгол бүсгүйчүүлд европын урт хөлтнүүд өмсөхөөр зориулагдсан зүйл бие махбодийн хувьд ч яаж таарахав дээ. Хүн харахад их сайхан ганган хүн болох гэж байгаа юм биз дээ. Гэтэл ийм өндөр өсгийт өмссөнөөр бөөр муудаж байна. Сав нь гажиж, үргүй болох тохиолдол ч байна. Нуруу нугасаар дамжсан доргионд тархи, төв мэдрэлийн тогтолцоо ч гэмтдэг. Мэдэхгүйн харгайгаар насаараа гэмших зовнилын үрийг тарьж байна” гэж ярьж байсан нь өнөө ч чихнээ сонсогдох шиг болном. Тэр өдөр Л.Түдэв гуай бидэнтэй санааныхаа уг дахь бүхнээ уудлан ярихдаа нийслэлийг Хархоринд шилжүүлэх хэрэгтэй гээд Бразили улс нийслэлээ Сан-Паулогоос Рио-Де-Женейро руу нүүлгэсэн жишээг дурдан, дэд бүтцээ хөгжүүлчихвэл аялал жуулчлал дагаад мөнгө аяндаа урсаад ороод ирнэ гэх мэтээр удаан хүүрнэлдэж билээ.

Монголын Бүрэн эрхт төлөөлөгч Эрдэнэ Батхаанд

Хүндэт Эрдэнэ Батхаан

Таныг нэн сонирхолтой захидал илгээсэнд үнэн зүрхнээс Танд талархана. Монголын сэхээтний гүйцэтгэхээр тавьсан зорилго хэдий их бөгөөд хэцүүг Та надад тодорхой мэдрүүлж өгөв. Та, мөн Таны нөхөд зориг төгөлдөр байхыг үнэн зүрхнээс хүсэн ерөөе. Та нарын чухал их хэрэг үүсгэсэндээ итгэх итгэл тань насан туршид бат орштугай. Монголын сэхээтэн Та нарын эрэлхэг шийдэмгий эхэлсэн ажлаас илүү чухал бөгөөд хэцүү ажил ертөнц дээр байхгүй. “Манай хүч төдий л их биш” гэж Та бичиж байна. Энэ бол Та нарыг зовоох ёсгүй. Учир нь хүчний тоо чухал биш, чанар чухал шүү. Хэдэн арван шийдэмгий хүний хүчээр оросын үй түмэн номой тариачид шинэ амьдралд дэвшиж буйг Та нар бэлхнээ мэдэх биз.

Оросын уран зохиолыг монгол хэлэнд орчуулахдаа ямар зарчмыг баримтлах вэ гэж Та нар асууж байна. Энэ асуултад Та нарыг хангаж чадахуйц яв цаваар би хариулж чадна гэж үү дээ? Гэвч Монголын тухай миний уншсан номыг баримталж, монгол хүний сэтгэлийн тухай миний бодоход Таны ард түмэнд идэвхтэй зарчмын номлол ялангуяа тус бололтой. Бүх олон ястанд хүртээх зохистой сайн сайхан юм гэж Европт юу байдаг болбоос тэр цөм аж амьдралаа идэвхтэй зохиодгийн ачаар бүтжээ. “Хүсэл бол зовлонгийн үүсэл” гэж бурхан номложээ. Европ бол чухамхүү нэгэнт олдсон зүйлээс ямагт дээр сайныг олохын тул тохиолдох зовлонгоос огт айдаггүй байсан учраас, шинжлэл, урлаг, техникийн талаар дэлхий дахины бусад улсаас ихэд урагш дэвшжээ.

Европ бол өөрийн ард түмний шударга чөлөөг эрмэлзэх сэтгэлийг өрнүүлж чадсан юм. Гагц үүний тул түүний олон гэм нүглийг бид уучилж болно. Монголын ард түмнийг Европын байдал ба түүний олон түмний одоо цагийн хүсэлтэй танилцуулахаар европ зүгийн номоос идэвхтэй зарчим ухааны шургуу дүрийг илт үзүүлсэн бөгөөд номой чөлөөг хүсэх биш, харин жинхэнэ эрх чөлөөг хүссэн зүйлийг шилж орчуулбаас зохих болов уу гэж би санаж байна. Шинжлэх ухааны хүмүүс: Пастер, Фарадей юм уу, Франклин, Гарибальди гэх мэтийн хүмүүсийн намтар их ашигтай байх болов уу гэж би бодож байна. Тиймэрхүү намтар бол хүмүүжүүлэх талаар уран зохиолоос дутуугүй чухал юм.

Уран зохиолоос бол эрх чөлөө, шударга үзлийг удирдлага болгодог хүний баатарлаг үйлсийг хамгийн хурц тод харуулсныг нь сонгож авах хэрэгтэй. Энэ талаар хамгийн илүү тохиромжтой номыг одоогоор нэрлэхэд над хэцүү байна. Гэхдээ Та нар хүсвэл би бодож байгаад тиймэрхүү номын жагсаалтыг гаргаж өгье. Одоогоор Таны захидалд хариу бичихийг яаравчлан Танд ба Таны нөхдөд сэтгэлээр сэтгэлээр сэргэлэн, өөртөө итгэлтэй байхыг дахин хүсэн ерөөе.

М.Горький

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Батсүх: С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан нар дахиж ямар төрлийн гэмт хэрэг үйлдэх юм бэ

-ОЮУ ТОЛГОЙ, ДУБАЙН ГЭРЭЭГ ДАХИЖ БАЙГУУЛЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ШҮҮГЧ ЯМАР ГЭМТ ХЭРЭГ ДАХИН ҮЙЛДЭНЭ ГЭЖ ҮЗЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА-

АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогт, “Эрдэнэс монгол”ХК-ын гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг шалгаж байгаа. Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулсан. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэх үндэслэлээр хорих хугацааг дахин сунгасан. Шүүгчид хуулийн заалтыг буруу ашиглаж, дээрх хүмүүсийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан талаар хуульчид ярьж байна. Энэ талаар хуульч Ш.Батсүхтэй ярилцлаа.


-Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, “Эрдэнэс монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан нарыг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэх үндэслэлээр шүүхээс хорих хугацааг дахин сунгасан. Шүүхээс ямар тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээг авдаг юм бэ?

-Дээрх хүмүүс намайг огт танихгүй. Би тэдний нэгнийх нь ч өмгөөлөгчөөр ажиллаагүй гэдгийг тодруулж хэлмээр байна. С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг шүүхээс үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргаж байгаа нь хуулийн хүрээнд харахад шүүхийн шийдвэр үндэслэл, итгэл үнэмшил муутай байгаа юм. Дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэх үндэслэлээр үргэлжлүүлэн хорьсон гэж тайлбарлаад байгаа. Тэгвэл ямар хуулийн заалтаар таслан сэргийлэх арга хэмжээ авдаг вэ гэдгийг эхлээд тайлбарлах хэрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйл.Таслан сэргийлэх арга хэмжээг яллагдагч, шүүгдэгчид энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу авна гээд маш тодорхой заачихсан байгаа. 14 дүгээр зүйлийн 1.1.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, 1.2. шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, 1.3.гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, 1.4. урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно. яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа нэг сар байна. Хэргийн ээдрээ түвэгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр нэг сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэлх хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй.

Шүүгчид ихэвчлэн сэжигтнээр тооцогдсон этгээдийн бие, хувцас, орон байрнаас гэмт хэргийн эд мөрийн баримт, ул мөр илэрсэн оргон зугтахыг завдсан, эсхүл гэрч хохирогч нь сэжигтэн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн болохыг шууд заасан, хаана оршин суудаг, хэн болох нь тодорхойгүй, бичиг баримт нь эргэлзээтэй, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулж болохуйц зүйлээр зэвсэглэсэн, бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулах талаар заналхийлэх үйлдэл нь биелэх магадлалтай, өмнө эрэн сурвалжлагдаж байсан, хорих ялаар удаа дараа шийтгүүлж байсан, эсхүл онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон бол хойшлуулашгүй тохиолдолд цагдан хорьдог. Энэ мэт хуулийн заалтыг харахаар С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хорих ялын хугацааг сунгасан байгаа нь ойлгомжгүй байна. Шүүх прокурор хорих үндэслэл байна гээд л бүрхэг байдлаар тайлбар хийсэн. Ийм байдлаар 18 сар ч хорьж болно.

-Дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэж шүүх, прокурор тайлбарлаад байгаа шүү дээ?

-С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан нар дахиж ямар гэмт хэрэг үйлдэх юм бэ. Оюу толгойн гэрээ, Дубайн гэрээ хэдийнэ хийгдчихсэн шүү дээ. Дээрх хоёр гэрээг дахин хийх ямар ч боломж байхгүй. Дээрх хүмүүс яаж дахин гэмт хэрэг үйлдэх юм бэ. үүнийг л гарц гаргалгаа баримттайгаар тайлбарлах ёстой. Дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэхээр хулгайн гэмт хэрэг шалгагдаж байгаа мөртлөө дахин хулгай хийдэг, эсвэл хэн нэгний амь насыг заналхийлсэн, гэмт хэрэгт нотлогдох эд мөрийн баримт болоод гэрчүүдэд ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлж болзошгүй байдалд үргэлжлүүлэн хорих ёстой. Шүүх, прокурор хорих ялыг сунгаж байгааг нотлох ямар ч зүйл байхгүй.

АТГ-ын мөрдөн байцаагчид “Шууд хорих арга хэмжээ авчихдаг. Хүнийг шоронд хэдэн сараар суулгачихдаг. үнэндээ хэдхэн удаа л байцаалт авдаг. Шалгагдаж байгаа хэрэгт ахиц гаргахаар зүйл огт асуудаггүй. Хэрэгт холбоотой баримтын дагуу мөрдөн байцаах, хэргийн зангилааг тайлах юу ч хийдэггүй. Зүгээр л олон нийтэд гэмт хэрэгтэн гэж харагдуулах, үнэхээр эрүүгийн хэрэгт буруутгагдаж шалгагдаж байгаа аюултай гэмт хэрэгтэн гэсэн ойлголтыг өгөх гэж л шоронд хорьдог. Ийм л буруу жишиг тогтчихоод байгаа юм. Гадаад явах эрхийг нь хязгаарлаад гадуур байцааж болно шүү дээ.

-С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг шүүгч нь батлан даалтад гаргах шийдвэр гаргасан. Харин прокурор гомдол гаргаад ерөнхий шүүгч нь үргэлжлүүлэн хорихоор болсон. Үүнд хууль зөрчсөн асуудал байгаа юу?

– Хууль хэрхэн хэрэглэсэн бэ. Ямар үндэслэлээр хорих хугацааг сунгасан бэ гэдэг нь сонин байгаа юм. Энд л хууль зөрчсөн асуудал байх магадлал бий. Түүнээс шүүгчийн шийдвэрийг прокурор эсэргүүцдэг. Ерөнхий шүүгч гаргасан шийдвэрийг хянадаг зүйл байгаа. Энэ нь хууль зөрчсөн асуудал байхгүй. Нэг шүүгч нь батлан даалтад гаргах шийдвэр гаргадаг. Ерөнхий шүүгч нь тэр шийдвэрийг хэдхэн цагийн дараа цуцалж байгаа нь олны анхаарлыг татаад байна. Шүүхийн байгууллага нэгнийхээ гаргасан шийдвэрийг үгүйсгэж байгаа нь шүүхийн байгууллагад итгэх итгэлийг алдаж байгаагийн тод жишээ юм. Анх С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан шүүгч буруу шийдвэр гаргасан бол түүнд хариуцлага тооцох ёстой. Ямар үндэслэлээр батлан даалтад гаргах шийдвэрийг гаргасан бэ гэдгийг хуулийн хүрээнд тайлбарлаж олон нийтэд хүргэх нь зөв. Харин ерөнхий шүүгч шүүгчийнхээ гаргасан шийдвэрийг цуцалж, үргэлжлүүлэн хорих болсон шалтгаанаа хэлэх хэрэгтэй. Шүүх байгууллага хэтэрхий хаалттай байгаа нь нэр хүндийг нь унагаж байна. Хаалттай хаалганы цаана хууль бус зүйл сүүдэр мэт дагаж байдаг гэдгийг хүн бүр мэднэ.


Categories
мэдээ цаг-үе

Д.Халзан: Миний шавь нар надаас хэд дахин илүү дасгалжуулагч болцгоосон

1970 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тамирчид

МУБИС-ийн дэд профессор, гавьяат багш Д.Халзантай ярилцлаа.


-Волейболын багш дасгалжуулагч болж байсан түүхээс тань ярилцлагаа эхлүүлье?

-Би нийслэлийн 12 дугаар дунд сургуулийг төгссөн. Тус сургуулийн биеийн тамирын багш нар волейбол сайн тоглодог байсан нь энэ спортод татагдахад нөлөөлсөн л дөө. Я.Дамбасүрэн гэж волейбол их цэвэрхэн тоглодог хүнээр анх заалгуулж энэ спортод хөл тавьж байсан түүхтэй. 1966 онд Биеийн тамирын дээд сургуульд ороод 1968 онд улсын шигшээ багт бэлтгэл хийж тамирчин, дасгалжуулагч болсон.

-Тухайн үеийн Монголын волейболын шигшээ багт гаднын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулдаг учраас хүчирхэг байсан гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Манай баг анх 1966 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Тухайн үед Ардчилсан Солонгосоос Ён Ен Бо гэж мэргэжилтэн ирж Монголын шигшээ багт гурван жил ажилласан. Энэ хүнээс Азийн тоглолтын арга барилыг суралцаж авсан даа. Тухайн үед Монголын волейболчид тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол оролцдог байсан. 1970 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 24 багаас 16 дугаар байр эзэлж байлаа. 1970 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манайхан АНУ-ын багийг ялж байсан түүхтэй. Хожим нь АНУ-ын баг 1988 оны Сөүлийн олимпт түрүүлж байсан.

-Та 1971 оноос волейболын спортын багш, дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн гэсэн. Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-Би 1971 онд Дорноговь аймагт волейболын спортыг хөгжүүлэхээр очиж анхны шавь нартайгаа ажиллаж байлаа. 10 жилийн хүүхдүүдийг бэлтгэж улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлсэн. Эхний жилүүдэд хотын багуудыг арай дийлэхгүй ихэвчлэн дөрөвдүгээр байр эзэлнэ. Харин 1978 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд “Алдар” нийгэмлэгийн багийг хожиж анхны хүрэл медалиа зүүж байлаа. Тухайн үеийн “Алдар” чинь байнгын бэлтгэл сургуулилттай хамгийн хүчирхэг багуудын нэг байсан. Дорноговийн охидын баг есөн жилийн хугацаанд улсын аваргаас хоёр удаа хүрэл медаль хүртэж багшийгаа баярлуулсан шүү. Анхны шигшээ багийн гишүүн Базарсад маань Хэнтийн Батширээт рүү очиж хүүхдүүдийг багаас нь бэлтгэж улсын аварга шалгаруулах тэмцээнд ирж мөнгөн медаль хүртэж байсан удаатай. Т.Оюундэлгэр, Я.Энхмаа гээд олон улсын хэмжээний мастерууд чинь Базарсадын гарын шавь нар байхгүй юу. Бид чинь сүүлдээ бэлтгэсэн шавь нараараа өрсөлддөг болсон. Тэр үеэ эргээд бодоход сайхан байдаг юм.

-Та шавь нараа ямар арга барилаар бэлдэж байсан бэ?

-Бид өндөр зэрэглэлийн тамирчныг яаж бэлтгэхийг Ардчилсан Солонгосын багшаас суралцсан, дэлхийн шилдэг багуудтай өрсөлдсөн туршлагадаа тулгуурлаж бэлдсэн дээ. Би шавь нарынхаа зөвхөн спортын ур чадварт нь бус соёл, боловсролд нь давхар анхаарал тавьдаг байсан. Спорт чинь залуу насны ажил. Тамирчин зодог тайлсны дараа олон жилийн амьдрал байдаг учраас эрдэм боловсролд нь анхаарах нь багш хүний үүрэг.

-1979 онд та улсын шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдож ажилласан гэсэн. Шигшээ багаа хэрхэн бүрдүүлж байв?

-Тухайн нөхцөлд улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглоход ур чадвараар тааруу ч цаашид өсөх ирээдүйтэй нэг үеийн залуучуудыг сонгож бэлтгэл хийлгэж шигшээ багаа бүрдүүлсэн. Энэ залуустайгаа 1994 онд Азийн наадамд оролцож байсан.

-1970 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирэхэд нь шигшээ багийг татан буулгасан гэсэн бил үү. Энэ талаар яриач?

-Эрэгтэйчүүдийн шигшээ баг анх 1966 онд байгуулагдаж байсан түүхтэй. Тэр жилийн дэлхийн аваргын өмнө ЗХУ-ын хотуудаар явж нөхөрсөг тоглолт хийж тэмцээний бэлтгэлээ хангаж байсан. Харамсалтай нь багийн гол тамирчид бэртэл авч амжилттай оролцож чадаагүй. 1970 онд Болгарт зохиогдсон дэлхийн аваргад манайхан Герман, ЗХУ, Тунис, Гвиней гэсэн улсуудтай нэг хэсэгт орж өрсөлдсөн. Манайх Гвинейг хожоод Тунист ялагдчихсан. Маргааш нь харин Тунис Гвинейг хожоод манайх хэсэгтээ гуравдугаар байр эзэлж 9-16 дугаар байрын төлөө өрсөлдөх боломж нээгдсэн л дээ. Тэмцээнээ амжилттай өндөрлүүлээд нутагтаа иртэл шигшээ багийг татан буулгах шийдвэр гаргасан байсан. Тухайн үед бөхийн тамирчид ганц нэг медаль авчихдаг байсан учраас медаль авах ёстой гэж хандсан хэрэг л дээ. Ингээд волейбол хөгжиж эхэлж байхад нь шигшээ багийг татан буулгаснаар олон улсад өрсөлдөх боломжгүй болсон. Биеийн тамир, спорт хорооны орлогч дарга Цэрэндаш, дүү Цогнэмэхээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулсан нь татан буулгахад нөлөө үзүүлсэн юм билээ. Цогнэмэх чинь багийн түлхүүр тоглогчдын нэг байхгүй юу. Энэ багт хамт тоглож явсан нөхдөөс маань өнөөдөр гурав нь амьд сэрүүн аж төрж байна даа.

-Эргээд хэдэн оноос олон улсын тэмцээнд өрсөлдөж эхэлсэн бэ?

-Олон улсын тэмцээнд оролцолгүй 24 жил завсарлаад 1994 онд Японы Хирошимад болсон Азийн тоглолтод оролцоход тэнцүүхэн өрсөлддөг байсан багууд маань ур чадвараар хол тасраад явчихсан байж билээ.

-Бэлдсэн шавь нарынхаа талаар ярихгүй юу?

-Би Монголын волейболын спортын үе үеийн шилдэг тамирчдыг бэлтгэж гаргасандаа баярлаж явдаг юм. Миний шавь нар өнөөдөр надаас хэд дахин илүү дасгалжуулагч болоод мандаж явааг нь хараад бахархах сэтгэл төрнө. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Баасансүрэн шавь маань “Эрчим” клубийг амжилттай удирдаж хажуугаар нь шигшээ багийг дасгалжуулж байна. Миний гарын шавь Г.Баярсайхан, Л.Баатархүрээ нар маань Монголын дээд лигийн “Хасу Мегастарс”, “Уурхайчин” зэрэг шилдэг багуудыг дасгалжуулж өнөө цагийн шилдэг тамирчдын залгамж халааг бэлтгэж байна. Мөн хөдөө орон нутагт Г.Баярсайхан, А.Ханддож, Б.Уранчимэг нарын шавь нар маань волейболын спортын хөгжилд гар бие оролцож байна. Ч.Хулан, О.Наранбаатар нар маань МУБИС, “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулиудаас оюутан тамирчдыг бэлтгэж байгаа. Р.Тамир гэж шавь маань “Ноён” клубт тоглож байгаад одоо Хэнтий аймгаас шилдэг волейболчдыг бэлтгэж байна.

-Бэлтгэсэн шавь нарынхаа эсрэг өрсөлдөж байсан уу?

-Шавь нарынхаа эсрэг тоглох хамгийн хэцүү. Бэлдсэн шавь нар маань бүрэн боловсроод өөр байгууллагад орж тоглоно. Тэд маань шинээр бэлдэж байгаа шавь нарыг маань “арчаад” өнгөрнө шүү дээ. Тэр үед надад хэцүү байдаг ч энэ зэрэглэлийн шилдэг тамирчдыг бэлтгэж гаргасандаа баярладаг юм.

-Шавь нараас тань танд барьж байсан хамгийн том бэлэг юу вэ?

-2000 онд Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт зохион байгуулагдсан. Энд дасгалжуулж орсон эмэгтэй баг тамирчид маань мөнгөн медаль зүүж намайг их баярлуулсан даа. Надтай хамт дасгалжуулж байсан Японы мэргэжилтний байгуулсан гавьяаг дурдах хэрэгтэй байх. Дэлхийд алдартай Японы волейболын хэв маягийг манай шигшээд суулгаж өгч том гавьяа байгуулсан.

-Та Монголын волейболын спортын хөгжлийг яаж харж байна?

-Америк, ОХУ зэрэг дэлхийд волейболын спортоор тэргүүлэгч гүрнүүд шиг системтэй бэлтгэл сургуулилт хийлгэвэл Монголын баг олимп, дэлхийн аваргын хэмжээнд өрсөлдөнө. Хүүхдүүдийг багаас нь системтэйгээр бэлтгээд өгвөл монголчууд ямар ч спортын төрөлд авьяастай. Эцэг эхчүүдэд өсвөр насны хүүхдийг ямар нэгэн спортоор заавал хичээллүүлж, өөрийн гэсэн сонирхолтой болго гэж зөвлөмөөр байна. Хүүхэд өсвөр насандаа өөрийн гэсэн сонирхолтой байхад аливаа хорт зуршилд татагддаггүй.


Categories
мэдээ спорт

Гурван аваргад хүндэтгэл үзүүлэх барилдаантай

Монголын Үндэсний бөхийн холбооноос дөрөвдүгээр сард зохион байгуулах барилдааны дунд Хөвсгөл аймгаас төрөн гарсан аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан байсан юм. Барилдаан холбооны маргааны улмаас хойшлогдсон. Уг барилдааныг өнөөдөр буюу тавдугаар сарын 20-ны өдрийн 13 цагаас Спортын төв ордны зааланд зохион байгуулах гэж байна. Барилдаанд зодоглохоор:

  1. у.ар Хадбаатарын МӨНХБААТАР (Хө)
  2. у.ар Пүрэвдагва Ренчинбямба (Ар)
  3. у.ар Цэдэвийн СОДНОМДОРЖ (Хө)
  4. у.з Батзоригийн БАТМӨНХ (Тө)
  5. у.з Нэгдэлийн ЖАРГАЛБАЯР (Сэ)
  6. у.х Хүрэл-Очирын ГАНТУЛГА (Өв)
  7. у.х Дамдинпүрэвийн БАТ-ЭРДЭНЭ (За)
  8. у.х Мягмарын БАДАРЧ (Ар)
  9. у.х Оргихын ХАНГАЙ (Хо)
  10. у.н (1) Чулуунбаатарын БАТЧУЛУУН (Тө)
  11. у.н Лхагвасүрэнгийн ГАНТУЛГА (ГА)
  12. у.н Амарын БАТМӨНХ (Хө)
  13. у.н Баатарын АМАРЗАЯА (Ар)
  14. у.н Базаргүрийн БАДАМСҮРЭН (За)
  15. у.н Лхагваагийн ЛХА-ОЧИР (За)
  16. у.н Ганболдын БААСАНДОРЖ (За)
  17. у.н Болдбаатарын БАТЖАРГАЛ (Сү)
  18. у.н Бадамсамбуугийн ГАНХУЯГ (Хө)
  19. у.н Доржийн АНАР (Дор)
  20. у.н Чинчулууны ХӨХЧИРЭНГЭР (Хө)
  21. у.н Эрдэнэцогтын ВАНДАНЦЭРЭН (Ар)
  22. у.н Батцэнгэлийн ЧИМЭДВАНДАН (За) болон аймаг, сумын цолтой 128 бөх барилдахаар бүртгүүлжээ.