Categories
мэдээ цаг-үе

П.Лхагвасүрэн: Оюутнууд барьцаагүй авсан зээлээ зургаан жилийн хугацаанд төлнө

Оюутнуудын сургалтын зээлийг хүү, барьцаагүй олгох Засгийн газрын тогтоол гарсан. Зөвхөн энэ жил энэ зээлд 30 гаруй мянган оюутан хамрагдах боломжтой. Харин зээл авах шалгуур нь оюутны сурлагын голч дүн. Энэ талаар БСШУСЯ-ны Боловсролын зээлийн сангийн захирал П.Лхагвасүрэнтэй ярилцлаа. Тэрээр боловсролын зээлийн санд 2002 оноос ажилласан. 2016 оноос захирлын албыг хашиж байгаа аж.


-Яагаад зөвхөн сурлагын чанараар зээл өгөх шалгуурыг тавих болов?

-Зах зээлийн эдийн засагт шилжих болсонтой холбоотойгоор дээд боловсролын сургалтыг санхүүжүүлэх асуудал нэлээд түвэгтэй болсон. Харин өнөөгийн нөхцөлд бакалавр, магистр, докторын сургалтад хамрагдах тохиолдолд хүүгүй, барьцаагүй зээл олгох шийдвэрийг Засгийн газар олгож байна.

-Нэг оюутанд хэдий хэмжээний зээл олгох вэ?

-Нэг оюутан улиралд арваас дээш кредит цаг авах ёстой. Кредит цагаас хамаарч зээлийн хэмжээ тогтоно.

-Их, дээд сургууль зээлийн ямар шалгууртай вэ?

-Зээл авах оюутан магадлан итгэмжлэгдсэн сургуулийг сонгох ёстой. Харин шинээр элсэж байгаа оюутны элсэлтийн шалгалтын оноо 600-гаас дээш байх ёстой. Оюутнууд 2.8-аас дээш голч дүнтэй байна. Магистр, доктор 3.2-оос дээш голч дүнтэй байж зээлд хамрагдана.

-Юунд итгэж энэ зээлийг олгож байна?

-Ирээдүйн орлогод итгэж олгоно.

-Ирээдүйн орлого гэж юу вэ?

-Сурсан мэргэжлээрээ ирээдүйн ажлын байрнаас олох орлогыг хэлж байгаа юм. Оюутан сургуулиа төгсөөд ажлын байранд гарна. Одоогийн тооцоогоор ажилд орсны дараа сар бүр 140 орчим мянган төгрөг төлөх тооцоо гарч байгаа.

-Ямар хугацаанд төлөх вэ?

-Ажлын байранд гарснаас хойш зургаан жилийн дотор төлж барагдуулна.

-Өмнө нь зээл ямар хэлбэрээр олгодог байсан бэ?

-Анх зээл олголтоор дипломыг нь барьцаалдаг байсан. Оюутны зээлийн хөтөлбөрийг 1993 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Дараа нь 2016 оноос оюутны зээлийг банкаар дамжуулан таван хувийн хүүтэй олгож эхэлсэн. Энэ тохиолдолд банкууд барьцаа нэхнэ. Хамтран зээлдэгч шаардлагатай болно. Тийм учраас өмнөх зээлүүдэд маш цөөхөн оюутан хамрагдаж байсан.

-Зээлд хамрагдахад мэргэжил харгалзах уу?

-Тэргүүлэх чиглэл гэж байгаа. Бага ангийн багш, эмч, сувилагч, инженерийн чиглэл гээд баталчихсан жагсаалт бий.

-Энэ тухай мэдээллийг хаанаас авч болох вэ?

-Манай яамны болон сангийн цахим хуудаснаас Засгийн газрын 71 дүгээр тогтоол гээд хайхаар гараад ирнэ.

-Зээл авсан оюутнууд бултахгүй гэсэн баталгаа бий юу?

-Зээл авсан оюутнууд банкнаас зээл авсантай адил зээлийн мэдээллийн санд бүртгүүлнэ. Оюутанд санхүүгийн түүхийг нээж өгч байгаа юм. Ингэснээр тухайн оюутан ажлын талбар дээр гарсан зээлийн түүх нь дагалдаад явна. Энэ тохиолдолд олсон орлогоос нь зээл төлөгдөөд явах баталгаатай.

-Оюутан өнөөдөр сайн сурч байгаад маргааш сурлага муудвал яах вэ?

-Зээлийг зогсооно. Сайн сурсан тохиолдолд эргээд сэргээж болно.

-Хаяад явчихвал яах вэ?

-Зээлийн бүртгэлийн санд орчихсон учраас аливаа санхүүгийн гүйлгээнээс татаад авна.

-Өмнө их хэмжээний зээл аваад гадаад, дотоодын их, дээд сургууль төгсөөд сураггүй болсон тухай мэдээлэл байсан.

-Энэ талаар жаахан буруу ойлголт нийгэмд тарсан. Их хэмжээний зээл биш. Мэдээж тэр зээлүүд эзэнтэй. Ихэнх нь буцааж төлөгдсөн. Одоо төлөгдөж байгаа зээлүүд ч бий. Ер нь боловсролын зээл аваад алга болох асуудал байхгүй л дээ. Эргэн төлөлтийн хугацааны тухай л асуудал байдаг юм. Гадаад яваад сураггүй болсон хүн байхгүй.

-Гадаадад хүн сургасны үр дүн гарсан уу?

-Гарсан. 2000 хүн сургасан байдаг. Өнөөдөр мэргэжилтнүүд болж ирсэн. Одоо 100 орчим хүний тухай асуудал байгаа. Гэхдээ бид холбогдоод учраа ололцож байна. Болж өгвөл бүр олон хүн гадаадад сургах хэрэгтэй.

-Жишээ байна уу?

-Олон бий. Төрийн соёрхолт инженер Нацагням манай зээлээр сурсан. Хэдэн тэрбум төгрөгийн ашиг эх орондоо оруулж байна. “Хармони” гээд мундаг эмийг хийгээд байгаа залуу бас манай зээлээр сурсан.

-Зээлтэй оюутны ажлын байрны баталгааг хэн гаргах вэ?

-Оюутан өөрөө хичээнэ, сургууль санаа тавина. Өнөөгийнхөөр оюутнуудын ирээдүйг төсөөлж болохгүй. Улс орон хөгжих тусам мэргэжилтэн л үнэд орно. Сайн мэргэжилтнүүд хэзээ ч ажлын байраар хангагддаг. Одоо ч тийм байна.

-Оюутны зээл зөвхөн оюутнаасаа гадна их, дээд сургуулиудад томоохон хөрөнгө оруулалт болно гэж танай сайд хэлсэн.

-Санхүүгийн чадавхаас үл хамааран оюутан сурч чадаж л байвал зээлд хамрагдана. Энэ оюутнаар дамжуулан их, дээд сургуулиудад хөрөнгө оруулах боломжтой болж байна. Зөвхөн энэ жил 75 тэрбум төгрөгийн зээлийг оюутнуудад гаргана. Ирэх жил энэ зээлийг 90 тэрбумд төгрөгт хүргэхээр сайд хөөцөлдөж байгаа.

-Бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын сургалтын төлбөрийн журам өөрчлөгдсөн үү?

-Өнөөдөр бүтэн өнчин хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын сургалтын төлбөрийг төрөөс дааж байгаа. Энэ хэвээр үргэлжилнэ. Гэхдээ сургалтын чанарт бас квот тогтоож өгнө.

-Их, дээд сургуулиуд энэ хөрөнгө оруулалтыг юунд ашиглах ёстой вэ?

-Лаборатори, номын сан, сургалтын хөтөлбөрөө сайжруулах гээд сургалтын чанарыг дээшлүүлэхэд зориулах байх. Гэхдээ нэг юмыг ойлгох хэрэгтэй. Боловсролд оруулсан хөрөнгө оруулалт хэсэг хугацааны дараа үр дүнгээ өгдөг. Өгөхдөө маш олон хэлбэрээр, зарим нь нүдэнд харагдахгүй тойруу замаар үр ашгаа өгдөг.

-Зарим өндөр хөгжилтэй орнуудад дээд боловсролыг үнэгүй олгодог. Танай сайд Монголд ийм боломж бий гэж байсан. Судалгаа байна уу?

-Манай улс гуравхан сая хүнтэй. 100 гаруй мянган оюутан байна. Яагаад үнэгүй сургаж болохгүй гэж .

-Яаж?

-Маш их баялаг байна. Үүнийгээ эргэлтэд оруулахад оюутны сургалтын хэмжээний гарна гэж боддог. Ер нь улс орон хөгжих үндэс нь боловсролд хөрөнгө оруулах. Өнөөдөр сургалтын төлбөрөөс ямар их оюуны чадавхтай хүүхдүүд дээд боловсрол эзэмшиж чадахгүй байгааг хэн ч мэдэхгүй. Өнөөдөр нэг оюутанд зээлүүлсэн хэдэн сая төгрөг маргааш эх оронд хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт болохыг хэн ч мэдэхгүй. Тийм учраас боловсролд гар татах хэрэггүй л дээ. Бас нэг үг байдаг. Боловсролоос мөнгө харамлавал, шорон, эмнэлэг барих хөрөнгө хэд дахин нэмэгддэг.

-Оюутанд сурах боломж олголоо, их, дээд сургуулиудын мөрийн хөтөлбөр ямар түвшинд байгаа бол?

-Манай их дээд сургуулиудын хөтөлбөр маш их сайжирч байгаа. Зарим нь өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд хүрсэн.

-Дөрвөн жилийн дараахь зээлийн үр дүнг яаж төсөөлж байна?

-Энэ зээлийн ач холбогдлыг бид олон янзаар тооцож байгаа. Оюутны зээл гэр бүлийг санхүүгийн дарамтаас ангижруулна. Сургуулиудын санхүүг дэмжинэ. Нэгэнт зээл авсан болохоор оюутан ч, сургууль ч ажлын байрны төлөө шаргуу ажиллана. Өнөөдөр манай компанийн захирлууд мэргэжилтэн хомс байгаа тухай байнга гомдоллодог. Тэд сайн мэргэжилтэнг авахыг зорино. Харин оюутан сайн сурч байж л зээл авах учраас шаардлага хангасан мэргэжилтэн төрнө. Энэ зээлээр сурсан оюутан сайн мэргэжилтэн болно. Дөрвөн жилийн дараа зээлээр сурсан оюутанг компаниуд дуртайяа авна гэж харж байна. Бас зээл хүнийг хариуцлагатай болгодог. Зээлээ төлөхийн тулд мэргэжилтнүүд маш сайн ажиллана. Төр гаргасан зээлээсээ илүү бүтээн байгуулалтыг хүлээж авна гэж тооцсон.


Categories
мэдээ нийгэм

“Мафиуд”-ын хөлд Монголын ард түмэн сүйрлээ

Монголын төрд улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд, олигархууд хэдийнэ гардгаа гараад хийдгээ хийгээд ёстой нэг самарч байна. Хэрэгтэй шийдвэр гаргуулахгүй, тэгсэн хэрнээ нэгдсэн шийдэлд хүрэхгүй, улс эх орныг өдөр ирэх тусам хүнд байдалд оруулж аливааг улстөржүүлэхгүйгээр, өөрсдийн амин хувийн эрх ашигт нийцүүлэхгүйгээр чигч шударгаар тасхийтэл шийдэж байгаа юм ганц ч алга гэдэг нь улс төр, нийгэм, эдийн засаг, гадаад харилцаа гээд бүхий л салбарт харагдана. Үе үеийн Засгийн газар, УИХ-аас иргэд “С.Зоригийн хэргийг хэзээ илрүүлэх вэ” гэдэг асуултыг ёс юм шиг тавьсаар ирсэн. Тэгтэл нэг бүлэглэл нь олон жил хүлээлт үүсгээд байсан уг хэргийг үйлдсэн этгээдүүдийг илрүүллээ хэмээн орон даяар дуулиан шуугиантайгаар мэдэгдэж, ээдрээт хэргийн сэжүүр тайлагдаж байна хэмээн зарласан. Тэгтэл нөгөө бүлэглэл нь “С.Зоригийн хэрэг илрээгүй. Жинхэнэ эзэд нь ард нь үлдээд байна. Энэ бол жүжиг” гэж няцаасан. Үүнд ард түмэн эргэлзэж чухам хэн нь үнэн хэлээд байгааг мэдэхгүй байгаа.

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюу толгойн гэрээтэй холбогдуулан 461 дүгээр хорих ангид нэг сарын хугацаатай саатуулсан. Тэднийг цагдан хорих хугацаа өнгөрсөн долоо хоногт дуусахад үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүхээр шийдээд батлан даалтад гаргахаар болсон. Тэгтэл шүүхийн шийдвэрийг прокурорууд эсэргүүцэж дахин нэг сар хорихоор болсон нь олон хүний гайхширлыг төрүүлсэн. Нэг бүлэглэл нь суллалаа гэж мэдэгдэнгүүт араас нь нөгөө бүлэглэл нь “Дахин нэг сар саатуулна” гэж мэдэгдсэнийг ард түмэн тэр өдөр бүхий л мэдээллийн хэрэгслээр харсан, уншсан, сонссон.

Бүлэглэлүүдийн эсэргүүцэл үүгээр дуусдаггүй. Нэг бүлэглэл нь төмөр замаа барьж, эдийн засгаа хөдөлгөе гэхээр нөгөө бүлэглэл нь эрс эсэргүүцээд “Төмөр замаар дамжиж биднийг эзлэх гэж байна. Энэ бол үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл” гэж олон нийтийн санаа бодлыг үймүүлдэг. Бүлэглэлүүдийн хамгийн их санал зөрөлддөг хэрнээ хамгийн найртайгаар хувааж “иддэг” салбар бол уул уурхай, эрдэс баялаг. “Оюу толгой төсөл анхнаасаа луйвар байсан. Монголын баялгийг хяналтгүйгээр цөлмөж байна. Газар доорх баялгийг хэдхэн нөхөд гадныханд хямдаар өгч байна. Үүн шиг ашиггүй төсөл гэж байхгүй” гэж нэг бүлэглэл нь хоолойгоо сөөтөл хашхирахад нөгөө бүлэглэл нь “Оюу толгой бол түүхэн төсөл. Хэрвээ энэ төсөл байгаагүй бол Монгол сөхрөх байсан. Энэ бол харин ч манайд хэрэгтэй төсөл, олон мянган хүн цалинтай залгасан. Оюу толгойг гүйцэх ийм хэмжээний төсөл ойрын жилүүдэд байхгүй” гэж өмөөрдөг.

Улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд Монгол Улсын хувь заяа, эдийн засаг, банк санхүү, ирээдүйг шийдэх төмөр зам, нефтийн үйлдвэр зэрэг томоохон асуудлуудад дандаа ингэж талцсан, нэгнээ үгүйсгэсэн байр суурь илэрхийлж эцэст нь ямар ч шийдэл, шийдвэрт хүрдэггүй. Үүний балгийг ард түмэн л үүрч байна. Хөрөнгө оруулагчдыг татаж томоохон төслүүдээ хөдөлгөе гэж нэг бүлэглэл нь дуугарахаар нөгөө бүлэглэл нь гадны хөрөнгө оруулагчид манайхыг эдийн засгийн аргаар гартаа оруулах гэж байна, аль нэг орны хараат болчихвол яах юм, биднийг өрөнд унагаад газар нутгаас минь таслаад авна гэвэл яах юм. Гадны хөрөнгө оруулагчдын хэрэг байхгүй, бид өөрсдөө дотоодынхоо нөөц бололцоогоор хөгжинө. Гадны хөрөнгө оруулагчдыг хөөх нь зөв гэдэг. Энэ их эерэг, сөрөг гэмээр гаргалгаа байхгүй маргаан дунд олон нийт төөрч хэн нь зөв, хэн нь буруу юм яриад байгааг ялгахаа байдаг. Ийм л шийдвэргүй юм ярьдаг “мафиуд” Монгол төрийн толгойд гарчихаад байгаа.

УИХ, Засгийн газраас улс эх орон, ард түмний амьдралд хэрэгтэй ганц ч шийдвэр гаргадаггүй болохоор эдийн засаг, нийгэм, хүмүүсийн амьдрал өдөр ирэх бүр дордож ам.долларын ханш 2500 төгрөгт хүрч байна. 100 төгрөгөөр авдаг байсан барааг 200 төгрөгөөр авдаг болоод удаж байна. Залуус нь гадагшаа “дүрвэж” болвол тэндээ “харлаж” үлдээд ард үлдсэн гэр бүлдээ хэд гурван юм явуулж амьдралаа залгуулж, эх орондоо үлдсэн хэд нь цалин, тэтгэврээ хүргэх гэж өрнөөс өр, зээлээс зээлийн хооронд өдөр хоногийг чадан ядан өнгөрөөж байгаа нь харин үнэн шүү.

Энэ уруудалт, эдийн засгийн өөдгүй байдал, бараан мэдээ бол “мафиуд”-ын Монгол Улсын ирээдүйд тусгаж байгаа сүүдэр. Улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд Монгол Улсыг хорлоод байна. Нэг ёсондоо Монгол Улс “мафиуд”-ын гүн хордлогод ороод үхэх үү, сэхэх үү гэдгээ ч мэдэхээ больж “тийчилж” байна. Улс эх орныг эдийн засаг болоод засаглалын хэмжээнд сөхрөөгөөд, цаг тутам хорлоод байгаа болохоор тэдгээр бүлэглэлийг “Мафиуд” гэхээс өөр юу гэх юм. АТГ байх ёстой гэж нэг бүлэглэл нь дуугарахад нөгөөх нь энэ газар шударга ажиллахгүй байна, захиалгын шинжтэй үйл ажиллагаа явуулаад байна татан буулгая гэдэг. Сүүлдээ гадаад оронд Монгол Улсыг төлөөлөн суудаг зарим Элчин сайдуудаа ч томилж чадахгүйд хүрлээ. Цаагуураа бүлэглэлүүд тохироогоо хийж чадахгүй болохоороо нэр дэвшүүлсэн хүмүүсийг ямар нэгэн шалтгаар унагаад байгааг УИХ-ын чуулганы хуралдаанаас бэлээхэн харж болно. Бүлэглэлүүд хоорондоо тохироогүй бол хэнбугай ч орж ирсэн дэмждэггүй нь тодорхой. Бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын гадаад харилцааны дипломат ажилтнуудыг томилох тухай хариуцлагатай асуудалд өнөөх “мафиуд” ингэж л амин хувийн ашиг сонирхлоо “чихэх” гэж улсын ажлыг гацааж байгаа нь зөв биш.

Монгол Улс бүхэлдээ удирдлагын хэмжээндээ ийм хаос шинжтэй болчихоод байна. Эрх барих дээд байгууллагаасаа яам, агентлаг, газрын дарга, мэргэжилтнүүд хүртлээ аль нэг бүлэглэлд хамаарч ийм байдлаар улсын ажилд ханддаг. Ямар ч бодит шийдвэр гаргадаггүй, дандаа л амнаас ам дамжсан юм ярьж, нэгэн рүүгээ шүлсээ үсчүүлэхээс өөр юу ч хийдэггүй. Бариад авъя гэхэд бодит бүтээн байгуулалт үгүй, тоочоод хэлье гэхэд амьдралд хэрэгжсэн ямар ч шийдвэр алга. “Мафиуд”-ын хорлон сүйтгэх энэ ажиллагаа Монгол Улсын удирдлагын түвшинг хаослог болгочихоод улсаараа, нийтээрээ чөдөртэй морь шиг л дороо хоёр жил цовхчлоо.

МАН-ыг энэ байдлаас гаргах болов уу гэж ард түмэн горьдож сонголтоо хийж гаргаж ирсэн. Гэтэл хийсэн бүтээсэн, шийдвэрлэсэн зүйлгүй мөн л бүлэглэл бүлэглэлээрээ талцаад яаж Засгийн газраа унагааж, төрийн эрхэнд гарах вэ гэдэг санаархлаар өдөр хоногийг элээж байна. Нам дотроо хуваагдаад ярьдаг юм нь “Тэгээд байвал танай Засгийн газрыг унагах асуудлыг ярина шүү. Чи ч надтай адил идэж уусан. Бас дэлгэж чадна шүү” гэж сүрдүүлдэг. Төр, Засгийн газар, УИХ-д өрнөж байгаа үйл явдлыг бүхэлд нь харвал ерөөсөө бүлэглэлүүдийн өрсөлдөөн, тэмцэлдээн, тохироо, нөгөө бүлэглэлээ эсэргүүцэж байгаад өөрсдийн бүлэглэлийнхээ ашиг сонирхлыг ямар ч хамаагүй аргаар дэмжүүлэх. Уг нь ард түмэнд амласан, УИХ-ын гишүүдийн өргөсөн тангаргаар бол өдийд төмөр замаа барьж, нүүрсээ хэл амгүй олборлож, нефть боловсруулах үйлдвэрээ барьж, Ази-Европ тивийг холбосон авто замаа барьж, мөнгө олох бүхий л сувгаа нээчихсэн байх ёстойсон. Биднийг ингэж өр ширэндээ баригдаж, бадар барьж гуйлга гуйх хэмжээнд очих ард түмэн биш гэдгийг гадны ажиглагчид хүртэл анзаарч “Танай оронд удирдлагын түвшинд хулгай нүүрлэсэн. Хөгжих нөөц бололцоо, байгалийн баялаг хангалттай ч түүнийг захиран зарцуулах эрх бүхий хүмүүс нь бүлэглэлийн зарчмаар ажиллаж байгаа нь харамсалтай” гэж үнэнийг нь хэлээд байгаа.

Өнөөдрийн Монголын үнэн царай нь дэндүү өрөвдмөөр. Төрийн эрхээ “мафиуд”-д “залилуулж” амаараа шороо үмхсэн ард түмний 30 гаруй хувь нь ажилгүй, орлогогүй, сонгосон хүмүүстээ “цагаан цаас”-аараа дуудуулцгааж байна. Сонгуулиас сонгуулийн хооронд амлалтаас амлалтын хооронд явсаар эцэж, цуцсан, төрдөө итгэх итгэлгүй хүмүүс л болчихоод байна. Сайд, дарга иржээ гэх сургаар гүйж очиж микрофон булаалдаад амьдрал хэцүү байгаа тухай бухимдан ярьж тайвшрахаас өөрийг чадахгүй л улс болж. Тэрийг нь ч өнөөдүүл нь овжин ашиглаж эгээтэй л сонгуулийн сурталчилгаа болж байгаа юм шиг хөдөөгүүр давхилдана. Улс орны хэтийн бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойл гэж тэднийг төрд гаргадаг болохоос ард түмний үгээр үг хий гэж сонгоогүй. Дарга иржээ гэх зараар хуучных шиг зэрэг гүйлдэн очдог байсан цаг өнгөрсөн. Ажлаа хийгээд завгүй суугаа хүн юун хурал цуглаанд очих. Сонгодгоо сонгоод УИХ-д гаргадгаа гаргачихсан. Амласнаа хийж чадахгүй бол ирэх сонгуулиар буулгаад л хаячихна гэсэн бодолтой. Нэгэнт сонголтоо хийчихсэн байхад ажлаа баран баран тэр хурал хуй дээр нь очиж микрофон, сандал булаалдах хэрэг юун. Ажлаа дуусгаад замаараа үр хүүхдээ цэцэрлэгээс нь аваад эртхэн шиг унтаж амрахыг боддог шүү дээ. Тэглээ ч дарга нарт хэлсэн үг хэрэгждэггүй, шийдэл байдаггүй гэдгийг сүүлийн хорь гаруй жилд хангалттай мэдэрсэн ард түмэн. Энэ мэтээр “Мафи”-ийн бүлэглэлүүдийн утга учиргүй амлалт, шунахайн сэдэлтэй үйл ажиллагааны хөлд Монгол Улс, Монголын ард түмэн хот, хөдөөгүй үрэгддэгээ үрэгдээд сүйрч байна. Ийм байдлаар цааш хэр удаан тэснэ гэж. Төрийн минь сүлд өршөө гэж залбирдаг ард түмэн “Төрд шургалсан хулгайч нарыг тэнгэр гэсгээг” гэж залбирдаг болов.

Одоо бидэнд ямар гарц байна вэ, яавал бид энэ “мафиуд”-аас ангижрах вэ. Тэдний гарт төрийн байгууллагын бүхий л эрх мэдлээс гадна газрын баялгийн ихэнх лицензүүд орчихсон. Тэдэнтэй тэдний хэрэглэдэг аргаар тэмцээд ард түмэн юу ч олж долоохгүй, жинхэнээсээ хөлд нь гишгэгдэнэ. Харин бидэнд Монгол Улсын Үндсэн хууль, хууль эрхзүйн бичиг баримтууд бий. Ерөнхийлөгч, УИХ-ын сонгуулийг даруй наашлуулж “мафиуд”-аас нэг ч гэсэн өдрийн өмнө төрөө цэвэрлэж, салах хэрэгтэй. Сонгуулийг яаралтай товлуулаад ямар нэг бүлэглэлийн төлөө явдаггүй, “мафи”-д харьяалагддаггүй, Монголын төлөө зүтгэх, эх орондоо элэгтэй хүмүүсийг л гаргах зам үлдээд байна. Эх орондоо элэгтэй хүмүүсийг ард түмэн сонголтоороо гаргаад ирчихсэн байхад төрийн толгойд шимэгчлэн шигдсэн “мафиуд” нэг нэгээрээ задарч, шударга ёсны өмнө цээрлэл хүлээх нь дамжиггүй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Улсаа там болгохгүй байх нь боловсролтой байхаас хамаарна” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гарагийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы “Танайд өнжье” буланд “Үндэсний сур харваагаа хөгжүүлж яваа үйлстэн” хэмээн өгүүлсэн байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Улсаа там болгохгүй байх нь боловсролтой байхаас хамаарна” хэмээх нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Эрх баригчид улс орны хувь заяаг үүрч яваагаа мартсан хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Эдийн засаг” нүүрээс “Тэрбум долларын эдийн засаг” хэмээх нийтлэлийг хүлээн авч уншаарай.

ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мөрдөгч, дэд хурандаа А.Пүрэвдорж: Томоохон албан тушаалтнууд банкны хууль тогтоомж зөрчих хэрэгт холбогддог хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Хөрсний бохирдлыг багасгахын тулд цогц арга хэмжээ авах шаардлагатай хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

“Өдрийн сонин”-ы “Баримт, үйл явдал” нүүрт Я.Мөнгөнцэцэг: Ардын намын шагналаар мээрэн болсон С.Батболд гэр хорооллынхныг дорд үзэж байна хэмээн өгүүлжээ.

“Спорт” буланд “Улаанбаатар марафон 2018” олон улсын тэмцээнд Монголын тамирчид тэргүүллээ хэмээн өгүүлсэн байна.

Сүлжмэл хувцасны оёдолчид ур чадвараараа өрсөлдлөө хэмээн “Энэ тухай” буланд өгүүлжээ.

Их Британийн хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим болов хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар Марафон-2018”-д Хан-Уул дүүргээс 6000 иргэн оролцлоо

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжих зорилгоор “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг тав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

2017 онд 30000 иргэн хамрагдсан бол 2018 онд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, монгол улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 30 мянга гаруй иргэн энэ жил бүртгүүлэн оролцжээ.

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, аж ахуйн нэгж байгууллагын нийт удирдлага, албан хаагчид, ЕБС-ийн захирал, багш, сурагчид, 16 хорооны нийт 6000 иргэд Энхтайваны гүүрнээс маршаар алхаж “Улаанбаатар марафон” олон улсын тэмцээнд идэвхтэй оролцлоо.

Тус гүйлтэд Австрали, Америк, Бахрейн, Болив, Итали, Ирланд, Малайз, Герман, Канад, Киргиз, Кени, Лаос, Хятад, Шинэ зеланд, Хонг конг, Франц, Этиоп, Ямайк, Япон, Нидерланд, Орос, Сингапур, Африк, Өмнөд солонгос, Испани, Их Британи, Швейцари, Уганда, Зинбаб зэрэг дэлхийн 30 орны 400 гаруй тамирчин оролцож буйгаараа онцлог болов.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Алдартнуудын хүүхэлдэйн баатрын дүр төрх

ФОТО: Алдартнуудын хүүхэлдэйн баатрын дүр төрх

-Зураач Лера Киряковагийн олны танил эрхмүүдийг зурсан зургууд-











Categories
мэдээ энтертаймент-ертөнц

G-DRAGON хагалгаанд орохоор болжээ

Энэ оны хоёрдугаар сард цэрэгт татагдсан BIGBANG хамтлагийн ахлагч G-Dragon-д цэргийн алба тун зохихгүй байгаа бололтой. Армид очсон эхний сараасаа л тэр шүтэн бишрэгчдийнхээ санааг зовоож эхэлсэн.
Тэрээр цэргийн хуаранд байхдаа баруун хөлөндөө гэмтэл авчээ.

Тэгвэл баруун хөлний гэмтлээсээ болоод G-Dragon эмнэлэгт хэвтэж, хагалгаанд орох болсон байна. “TV Chosun”-ий мэдээлснээр тэр одоо Сөүлийн их сургуулийн эмнэлэгт хэвтэж байгаа гэнэ. “YG Entertainment” агентлаг ч энэ мэдээг батлаад “G-Dragon хагалгаа хийлгээд хэдхэн хоногийн дараа армидаа буцан очно” гэж мэдэгдсэн байна.

Гэвч фэнүүд нь шүтээнээ яагаад цэрэгт гэмтэж бэртээд байгаад санаа ихэд зовж байгаа юм. Шар хэвлэлүүд G-Dragon-ийг өнгөрсөн дөрөвдүгээр сард ч бас эмнэлэгт хэвтэж, эмчлүүлсэн гэж мэдээлсэн билээ.
G-Dragon энэ оны хоёрдугаар сарын 27-нд цэрэгт татагдсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 26-нд халагдах юм.


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЭРДЭНЭСИЙН САН дахь ховор содон үзмэрүүдийг дэлгэжээ

Өнгөрөгч тавдугаар сарын 18-нд Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Богд хааны ордон музейд “Эрдэнэсийн сан” үзэсгэлэн нээлтээ хийжээ. Тус үзэсгэлэнг Богд хааны ордон музей “Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо”-той хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ орчин үеийн урлагийн нэг төрөл видео арт “Бод, ол”, “Өөрийгөө хай” бүтээлээрээ оролцож техник технологийг ашиглан урлагийн уламжлал, шинэчлэлийг хослуулан дэглэсэн байна.

Үзэсгэлэнгээс II Богдод Манжийн хаанаас бэлэглэсэн луу суурьтай бадар аяга, Уйгарын үед бүтээсэн зандан зуух, бодлоороо зангидсан илд, зээгт наамлын урлалын дээжис зэрэг сор болсон үзмэрүүд, хаан хатны гоёл чимэглэлийн зүйлс, шашны эд зүйлсийг монгол урчууд хэрхэн урлаж байсныг харах боломжтой аж. Ирэх сарын 04-нийг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэн хааны эрдэнэсийн сан дахь үзмэрүүдийг видео арттай хосолсон хэлбэрээр нэгэн дор үзэх боломжтой юм байна.


Categories
мэдээ нийгэм

“Үндэсний номын баяр” энэ сарын 25,26-нд болно

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний номын баяр” буюу “Ulaanbaatar book fair” номын баяр энэ сарын 25, 26-нд 09.00-17.00 цагт Сүхбаатарын талбайд болох гэж байна.

Уг баярыг “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас зохион байгуулдаг. Тус байгууллагаас номын баярыг төв талбайд зохион байгуулах хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохих зөвшөөрлийг олгосон байна. Энэ жил 24 дэх удаагаа зохион байгуулагдах юм. Уг баяраар уншигчид зохиолчидтой уулзаж, гарын үсэгтэй номыг нь номын дэлгүүрийн нэмэгдэл үнэгүйгээр авдгаараа онцлог билээ.

Categories
мэдээ нийгэм

​“Өвгөн Гэсэр лам” Цэвээн-Араашийн Чүлтэмжамцын түүх, шидэт явдлууд

Ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн алдаршсан Жагарын наян нэгэн дөвчингүүдийн нэг, тойн эрдэнэ Цэвээнраашийн Чүлтэмжамц хэмээх зуунаас зуун дамжин түмэн олондоо шүтэгдэж байгаа эгэл бус энэ хүн Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Цахир сумын нутаг Хойт Тэрхийн эх Халзанбүргэдэй /Очирхайрхан / уулын өвөр хормойд эрдэнийн бумба мэт товойх “Алтат толгой”-д XIV жарны Баригч хэмээх улаан хулгана жил 1816 онд мэндэлж, ная гаруй насны сүүдэр зэрэгцэн XV жарны Ялгуусан хэмээх хөх морин жил 1894 онд жанч халжээ. Чүлтэмжамц лам өндөр биетэй, алаг нүдтэй, шиврээ сахалтай, гонзгойдуу бор царайтай сайхан залуу байсан гэдэг.
Энэ ер бусын ид шидтэний тухай товч өгүүлбээс “…Чүлтэмжамц хүүг өлгийтэй байхад эцэг нь нас барсан тул бага насандаа төрсөн нутгаа орхин ээжийнхээ ах дүү нарыг бараадан Хөх нуур хэмээх өгөөж баян хангайд суурьшин, зуны цагт нагац нарынхаа мал, идээнд туслалцан, бусад үед нь Тариатын хүрээнд шавилан бурханы номонд шамдан суралцах болсон байна.
Тийнхүү Тариатын хүрээнд шавилан сууж байхдаа ер бишийн ид шидтэй болох нь мэдрэгдэж , номын багш нь хүртэл гайхан бишрэх болжээ. Хүрээнд шавьлан сууж байхдаа ном, эрдэмдээ ихээхэн махруу бөгөөд өдөр шөнөгүй суун, ихээхэн шамдан суралцдаг байж.
Гэтэл хамт суралцдаг үеийнхэн нь Чүлтэмхүүг шөнө орой ном уншиж суухад нь айлгах санаатай бөгсөн дээрээ юм зурчихаад хатавчаар нь харуулахад , урдаа байсан гурвалжин будааг аваад хонго руу нь шидэхэд будаа бөхс рүү нь шигдэхэд, нөгөөдүүл нь: “ Чүлтэм аллаа, зүү шидчихлээ “ гээд орилоход, Чүлтэм гарч очоод үлээхэд будаанууд нь үүрээд унадаг байж гэнэ. Энэ үед Хурлын даа Чүлтэмхүүгийн багшийг нэгэн өглөө дуудаад,
“Танай Чүлтэм чинь Сансараас үхсэн хүн амилуулж, гудамжаар амьтан хүн айлгаад байдаг боллоо, үүнийг нь болиул” гэж гэнэ. Багш нь “Аа бас хачин юм даа, номоо шөнө дөл болтол уншиж байгаад унтаад өгдөг юм. Өнөө шөнө л нэг харъя” гэж гэнэ. Тэр шөнө багш нь нэлээд сэрэмжтэй унтаж байтал, шөнө дундын үед хүрээний ноход шуугилдаад, эмэгтэй хүн хөхрөөд байхаар багш нь “Үгүй юу болоод байна аа, Чүлтэм байна уу” гээд гэрэл гарган хартал эрх нь шажигнаад унтаж байна гэнэ. Өглөө нь багш нь хуралдаа очтол, хурлын даа “Танай Чүлтэм чинь хэд хоногийн өмнө нас барсан залуухан эмэгтэйг босгоод хүзүү, сээрээр нь тэвэрчихсэн, гудамжаар яваад, амьтан хүн айлгаад байхыг манай гэсгүй нар өнөө шөнө үзсэн байна, түүнийг хүрээнээс хөөж явуул” гэжээ. Тэгээд л багш нь өнөө шөнө л сахья гэж бодоод, нэлээд сэрэмжтэй эртхэн унтаад өгч гэнэ. Ид нойрон дунд нь нохой шуугилдаад л хүүхнүүд хөхрөлдөөд унаж гэнэ. Багш нь давхийж сэрээд “Чүлтэм байна уу” гээд гэрэл гаргаад хартал, байх шиг байна гэнэ.
Босч очоод хартал, “Өшиглүүрэндээ дээлээ хийгээд, хүн унтаж байгаа юм шиг тавиад, ханын толгойд эрхээ өлгөсөн нь, эрх нь өөрөө шажигнан эргээд байна” гэнэ. Багш нь суун тусан залбирч “Би ямар заяагаар ийм ид шидтэй хүнтэй учирав аа” гээд, эрхинээс нь адис аваад, орондоо ороод үүр цайтал нойр нь хүрэхгүй хэвтэж гэнэ.
Үүр бүдэг бадаг хаяарах үед, үүд сэв гээд, хаалганы оньс мултраад Чүлтэм хүү сэмээрхэн орж ирээд, ор руугаа орчихож гэнэ. Үүр сайхан цайнгуут багш нь босоод галаа түлэх гэтэл Чүлтэм хүү “Багш аа, би түлье, та яах вэ” гэж хэлтэл, багш нь “Үгүй, зүгээр багш нь түлье, өнөөдрөөс эхлээд чи миний багш, би чамд ном заана гэж юу байх вэ. Надад чи адис тавь” гэжээ. Чүлтэм “Яалаа гэж номынхоо багшид адис тавих вэ” гэхэд багш нь “Чиний ид шидийг хэдэн шөнө дагаж, бүгдийг үзэж харлаа. Чи ч замаа хөө, би ч замаа хөөе” гэжээ. Ингээд багшдаа эрхээрээ адис тавьж өгөөд ид шид нь тодорсон хүү шуумаазаа мөрөн дээрээ тавьж номын мөр хөөсөн гэдэг.
Тэр цагаас хойш Чүлтэмжамц хүүг “ Гэсэр лам” хэмээн нэрлэн хот, саахалтаараа байтугай жалга ус, хотлоороо хүндэтгэн хүрээлж, эрдэм номд сургах, эгэл бусын гайхамшгийг нь хөгжөөн хөхүүлэх болсон байна.
Гэсэр сүмд 1842 онд ” Урт үүлэн” хэмээх Гэсэр цамын хатуу сорыг Манжийн хааны зөвшөөрлөөр анх цүглэсэн бөгөөд энэ үйлсэд Чүлтэмжамц гэвш гол үүрэг гүйцэтгэсэн тул тэрбээр сүсэгтэн олонд улам хүндэтгэгдэж, “ Үүл унадаг өвгөн Гэсэр лам” хэмээх алдрыг хүртсэн байна. Гэсэр ламын олон шавь нарын дотроос Дорно дахины анагаах ухааныг өөрийн орны хүн, амьтан, ургамалтай холбон судалж, өөрсдийн онцлогт тохирсон эм, эмчилгээний аргыг боловсруулж, уламжлалт анагаах ухаанд томоохон шинэчлэл хийсэн Их эрдэмтэн, Маарамба Лүнрэг Дандар, Аграмба Санжайжав зэрэг олон арван хүн түүхэнд мөнхрөн үлдэж, бүтээлүүд нь Монголдоо төдийгүй Энэтхэг , Түвдэд өргөн дэлгэрч, одоо хүртэл хэрэглэгдэж байна.
Тариатын хүрээнд XIV жарны Огоот баригч хэмээх харагчин хулган жил /1852 онд / Тэжээхүй ухааны Шампинлин хэмээх Манбын буюу Оточийн дуган байгуулж, дацанг хичээллүүлэх болон 1866 онд мөн хүрээнд маарамбын дамжаа барихад Өвгөн Гэсэр лам Лүнрэг Дандар Маарамбад багшийн хувьд ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсний сацуу зарим зүйлд өөрөө биечлэн оролцож байжээ.
Өвгөн гэсэр ламын төрийн зарлиг, түмний хүсэлт, олны тусын тулд гүйцэтгэж байсан, одоогийн хүмүүс үнэмшихэд бэрх, бас айдас ч хүрмээр олон үйл хэрэг, нутаг орондоо үлгэр, домог мэт үе дамжин яригдаж байсныг нутгийн иргэдийн ярианд үлджээ.
Гол гатлуулсан нь
Далай ван ноён Богдод мөргөхөөр явахдаа, Гэсэр ламыг бараа бологчийнхоо хамт авч явжээ. Замд гол үерлэн боож, хэд хоног саатах болохуйц ноён Гэсэр ламд “Ид шидтэй юм бол энэ голыг гарга” гэсэн зарлиг буулгажээ. Гэсэр лам ч бараа бологчдод хандан “Та нар хөсгөө ачаалаад хойноос оч” гээд гол руу явжээ. Нэг хартал Гэсэр лам голын цаана гарчихсан явж байна гэнэ. Голын ус дундуураа ярагдан жирийн гүехэн болж, ачаа хөсөг шуудран гол гаталцгааж ноёны зарлигийг биелүүлж байжээ.
Халдварт өвчнийг таньж устгасан нь
Гэсэр лам нэг удаа хэдэн хүн харуулд гаргаж, “Аль нэгтэйгээс ганц үхэр тэрэгтэй хүн гарч ирэхийг харж бай. Хүрээ рүү ойртуулж болохгүй, түргэн хэлээрэй” гэжээ. Үдээс хойхно ганц үхэр тэрэгтэй хүн гол өгсөөд явж байгаа харагдана гэнэ. Гэсэр ламд хэлтэл “Түргэн очоод тэнд нь байлгаж бай. Би одоохон очно” гээд өөрөө ч гарч гэнэ. Үхэр тэрэгтэй хүнтэй очиж уулзвал, үхрийн мах аччихсан, хүрээ оруулж худалдах тухайгаа хэлж гэнэ. Үүнийг сонссон Гэсэр лам бүгдийг авахаар үнэ тохироод дор нь буулгуулж, нөгөөх махны эзнийг тэндээс нь буцаажээ. Өөрөө жодгор барьж ороод, хамт явсан хүмүүсийнхээ хэдийг нь модонд явуулж, нөгөө хэдээр нь гүнзгий газар ухуулан, хээр гал түлж, том тогоонд нөгөө махыг өөрөө эвдэж жижиглээд чанаж гэнэ. “Махыг би эвдэж үйнэ. Та нар гар хүрсний хэрэггүй, болохоор нь надад авчирч өгөөд бай” гэжээ. Ганцхан өдөр бүтэн үхрийн мах ганцаараа идэж, мөнөөх нүхэндээ морь харж шороо чулуугаар дарж булжээ. Тэр нь гоц халдварт өвчнөөр үхсэн үхрийн мах байсан гэдэг.
Жагарын наян нэгэн дөвчингүүдийн нэгтэй уулзсан нь
Нэг хавар дөнгөж ногоо цухуйнгуут хавийнхаа айлуудаар тогоо нэрүүлж, үүгээр нэг охь өгөөрэй гээд айл бүрт нэг өндгөвч /лонх/ өгчээ. Нөгөө охио дахин нэрүүлж арз болгожээ. Тэгээд “Манайханд өнөөдөр нэг л юм ирнэ. Хүн, мал, нохой, шувуу юу ч байж мэднэ. Баянмөнх чи сайн харж байгаад надад хэлээрэй” гэж Гэсэр ламтан айлджээ. Баянмөнх гэдэг хүн нь Мишигийн Мяйханбал гуайн элэнц буюу өвөг эцэг нь байсан ажээ. Аминдаа л нүд салгалгүй харуулдаад байж. Гэтэл Гэсэр ламын уяан дээр урд өмнө ер үзэж хараагүй, нэлээд холоос ирсэн болов уу гэлтэй ихэд гоё эмээл, хазаар, хударга бүхий хилэн хар морь уяатай байх нь тэр. Мань хүн ч сандраад гүйж орвол, хүрэн торгон дээлтэй үл таних хүн ирчихсэн, дундаа цай, идээ, архи тавьчихсан хуучилж сууна гэнэ. Гэсэр лам ч Баянмөнхийг “Энүүгээр эргэлдээд хэрэггүй харь” гээд гаргажээ. Оройхон юу хийж байгааг нь үзмээр санагдаад, түлээ тэврэн оруулж өгдөг хүн болж орохоор дөхөж явтал, дуу нь нэлээд чангарчихсан инээлдэж байна гэнэ. Тэгтэл нөгөө хүн нь “Чамайг Вандансарнайх, намайг Арлозов гэж байхад…” хэмээн өгүүлтэл, Гэсэр лам үгийг нь таслан “Боль, боль. Тээр хөөе, ам нь халах нь” хэмээгээд ихэд хөхүүн ярилцаж байгааг нь сонсоод орж зүрхлэхгүй буцжээ. Нар шингэхийн өмнөхөн нөгөө хүн доод үзүүр тойроод явж байгаа харагджээ. Үүнийг тухайн үедээ Жагарын наян нэгэн дөвчингүүд уулзацгаах шиг боллоо гэж настайчууд хуучилж байсан гэдэг.
Ид шидтэнийг бишрүүлсэн нь
Богдын хүрээний Гандантэгчилин хийдийн гэвш Дашдорж гэж хүрээ даяараа шүтдэг ихэд нэрд гарсан ид шидтэй лам байлаа. Саяхан болтол хүрээ хотлоор элдэв мэдэх мэдэхгүй өвчин тахал, ханиад томуу дэлгэрэхэд Гандан хийдийн өвгөн лам нар Дашдорж гуайн тухай ярьж, дурсаж бай гэдэг байжээ. Далай Чойнхор вангийн хошууны нэг лам Дашдорж гуайтай нэг зиндаа байж, тэрбээр “Чи надтай хамт явж, манай нутагт хөдөөл. Чамд хэдэн юм үзүүлье” гэдэг байж. Олон дахин гуйж байж нэг зун хамт явж гэнэ. Дашдорж нь “Богдын хүрээнээс илүү юу л байв гэж” гээд тоохгүй л байжээ. Тариатын хүрээнд очиж, наян тохой Майдар, ерэн тохой Зонхов бурхадыг үзээд “Богдын хүрээнд байхгүй сайхан шүтээнтэй юм” хэмээн ихэд магтан эргэж мөргөжээ. Тэр үед Гэсэр лам хөдөө байсан учир уулзуулах санаатай элдэв шалтаг заан хэд хонуулж байтал, ирээд хурлаа хурж байгааг дуулаад Дашдоржийгоо дагуулан сүмийн үүдэнд очиж “Миний үзүүлэх гэсэн нэг юм тэр” гэж Гэсэр ламыг заатал Дашдорж нь “ийшаа” гэж хэлээд алгаа хавсран ухарсаар уулзалгүй буцсан гэдэг.
Гэсэр ламын гэрээслэл
Гэсэр лам жанч өөд болохынхоо өмнөхөн “Манай нутаг, усныхан намайг үеийн үед мартахгүй дурсан санаж явбал Шамбалын дайнд мордохдоо намайг сураглаж уулзана биз ээ. Би тэр дайнд Базаррагчаа баатар нэртэй цэргийн жанжин байх юм. Энэ Жавчиг миний морь байх юм” хэмээн айлдаад “Миний цогц шарилыг Хөх нуурын эхний гурван оньсны дундах сэтэрхий дээр нь бунхалж нутаглуулаарай! Би тэнд Улаан албингийн гүйдлийг хаагаад хэдэн үеэр нь сууж байя. Тэгвэл энэ нутаг усныханд аюултай өвчин, тахал, зовлон гачаал тохиохгүй, идэж уухаар элбэг, амар амгалан аж төрнө” гэж гэрээслэл захиасаа хайрласан гэдэг. Гэсэр ламтанг таалал төгсний дараа тав хоноод Жавчиг нь насан өөд болсон ажээ. Жавчиг гэдэг нь Сэрээтэрийн Дисдаабазарын хуланц өвөө нь байсан бөгөөд ан гөрөө хийдэг, монгол оросын хилийн харуулд тохоон томилогдож явсан төрийн хар хүн байжээ.
Шавь нар, нутаг хошууныхан нь Өвгөн Гэсэр ламыг жанч халсны дараа шарилыг нь өөрийнх нь гэрээслэн заасан газар болох Тарвагатай нурууны салбар уулсын нэг Содномдаржаа хайрханы салбар Хөх нуурын зүүн урдах гурван оньсын дундах сэтэрхий дээр суугаа дүрээр нь бунхлан нутаглуулж, хожим нь өөрийн гарын шавь эрдэм номтой Аграмба Санжжав ламтаныг ойролцоо бунхалсан нь өнөө хүртэл олон арван жилийн нар, салхи, бороо цасанд гандаж, элэгдээгүй мөнхрөн оршиж байна. Тэр ч бүү хэл 1960, 2000 оны намар гарсан хээрийн түймрийн их гал хоёр ламтны “шарилыг” тохой хүрэхгүй зайтай дугуйран тойрон өнгөрсөн байсныг харсан, сонссон бүхэн гайхан биширч , их ламтны “шарил”-ыг онголсон цэнхэр уулсын зүг Гэсэр ламтныг үе дамжин шүтсээр ирсэн уугуул нутаг, хошууныхан тасралтгүй цувсаар байсан ажээ.
Categories
мэдээ нийгэм

Монголын театрын музейгээр аялцгаая

Театрын музей нь 1991 оны 3 дугаар сарын 27-нд /Олон улсын театрын өдөр/ Улаанбаатар хотын Соёлын төв өргөөний байранд үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Тус музей нь Монгол Улсын шинэ үеийн театрын урлагийн үүсэл хөгжлийг харуулахаас гадна өнөөдөр тоглогдож байгаа жүжиг, дуурь, балет, дуу, хөгжмийн талаар мэдээлэл бүрдүүлэн, судалгаа хийж, үзмэрээ цуглуулж ажилладгаараа бусад музейгээс онцлогтой.

Театрын музей нь 9500 гаруй үзмэртэйгээс 40-өөд хувь нь үзүүллэгийн 590 кв.м талбай бүхий 6 танхимд дэлгэгдсэн.

Уран зургийн танхим

Үзэгч та тус танхимд Монголын соёл, урлагийн нэрт уран бүтээлчдийн хөрөг, дүрүүдийн уран зураг, драм, дуурь, бүжгэн жүжгийн тайзны макет зэрэгтэй танилцах болно.

Тайзны урлагийн танхим

“Тайзны урлаг” танхимд шинэ цагийн ардын театрын анхны үүсэл болсон жүжгийн бүлгэм, клуб /1922-1924/, Ардын цэнгэлдэх хүрээлэн /1926/, Улсын төв театр /1931/, Хөгжимт драмын театр, Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын Филармони, Үндэсний урлагийн их театр, Хүүхэлдэйн театр, Цирк, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Хүүхэд залуучуудын театрын тухай баримт бичиг, жүжгийн тоглолтын гэрэл зураг, шүүмж судлал, ном товхимол, хувцас, макет, эскиз, баримал зэрэг материалуудыг энэ танхимд дэлгэн харуулжээ.

Театрын уламжлалын танхим

Нүүдэлчин ахуйд зохицсон үлгэр туульс ярих, цугларсан найр наадам хийх, бадарчны явган шог ярих, Цамын ёслол, Ший-янгууны тухай энд үзэж болно. XIX зууны нэрт соён гэгээрүүлэгч Догшин ноён хутагт Данзанравжаагийн “Намтар дуулах дацан” сүм театртай холбогдох баримтыг энд дэлгэн үзүүлсэн.

Ардын хөгжмийн танхим

Тодорхой нийтлэг үндэстний дунд үүсэж хөгжөөд тэдгээр ард түмний аж байдал, ахуй амьдралд нь хэрэглэгддэг хөгжмийн зэмсгүүдийг ардын хөгжим гэнэ.

Энэ танхимд морин хуур, ятга, шанз, хуучир, шанаган хуур, чавхдаст цохилуур ёочин, лимбэ, цуур, аманхуур зэрэг хөгжмүүдийг сонирхоорой.

Монгол кино урлагийн танхим

Кино урлаг нь XX зууны эхэн үе буюу 1910-аад оны үед Монголд орж ирсэн бөгөөд, 1913 онд Сайн ноён хан Намнансүрэн Оросоос кино авчран Богд хааны өргөөнд гаргаж байжээ.

Монголын кино урлагийн түүхэн хөгжил нь 1936 оноос эхлэлтэй. Хуучин нэрээр /ЗХУ/-ын туслалцаатай бүтээсэн “Монгол хүү” кино анх дэлгэцэнд гарчээ. Анхны баримтат болон уран сайхны киноны тухай, түүнд хэрэглэж байсан аппарат хэрэгсэл, хувцас зэрэг үзмэрийн дээж энэ танхимд бий.

Орчин үеийн урлагийн танхим

Энэ танхимд орчин цагийн урлагийн түүх болон хөгжмийн зэмсэг, эд зүйлсийг дэлгэжээ.