Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онд 10 гаруй хүүхэд газ үнэрлэж амиа алджээ

Өсвөр насныхан ахуйн хүрээний газ буюу хорт хий үнэрлэж амиа алдах, донтох зэрэг харамсалтай хэргүүд гарсаар байна. Өнгөрсөн онд гэхэд ахуйн хүрээний газ үнэрлэсний улмаас амиа алдсан хүүхдийн тоо 10 гаруй хүрчээ. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нь ийм байгаа ч цаана нь мэдэгдээгүй хэд байгааг үгүйсгэхгүй юм.

Он гарсаар өсвөр насны гурван хүүхэд газ үнэрлэж амиа алдсан харамсалтай хэрэг бий. Хүүхдүүд нэг нэгнээ уруу татаж, орц болон хашаа байшинд нууцаар үнэрлэж мансуурдаг байна. Донтсон хүүхдүүдийн хувьд өөрийгөө хянах чадваргүй, хаяж чадахгүйгээс болж эцэстээ амиа алдах харамсалтай тохиолдол ч бий. Тиймээс эцэг эхчүүд болон асран хамгаалагч нар өсвөр насны хүүхдүүд тань хаана хэнтэй найзалж, нөхөрлөж, юу хийж явааг нь хянаж, шалгаж байхыг цагдаагийн газраас анхааруулж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

У.Хүрэлсүх: Эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлье

Төрийн ордонд өнөө өглөө 09.00 цагт “Монголын эдийн засгийн чуулган 2018” чуулган “Хүчээ нэгтгэе” уриан дор нээлтээ хийлээ.

Ийнхүү эдийн засгийн чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах нь Монгол Улсын хувьд ч, гадаад дотоодын бизнес эрхлэгчдэд ч чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгаа юм.

Хөгжлийн асуудлаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгч нар, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, бодлогын зөвлөмж гаргаж байгаагаар онцлогтой ажээ.

Чуулга уулзалтад үндэсний бодлого боловсруулагчид буюу Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөл, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийнхэн оролцож байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр “Эдийн засгийн эгзэгтэй хүндрэлтэй цаг дор эдийн засгийн форумыг зохион байгуулж байна. Гэхдээ эдийн засаг сайхан зуны цагтай золгож байна. Манай эдийн засаг бодлогын тогтворгүй байдалтай явсаар өдий хүрсэн. Тиймээс цаашид бодлогоо хэрхэн зөв авч явах талаар тодорхой шийдвэрүүдийг хэлэлцүүлнэ. Нийт дотоод бүтээгдэхүүний 80 хувийг хувийн хэвшлийнхэн ар нуруундаа үүрч явна. Тиймээс эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлье. Макро эдийн засгийн эрсдлийг бууруулахад онцгой анхаарна. Татварын зардлыг бууруулахад хамтдаа хүчээ нэгтгэе” гэв.

Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Эдийн засгийн форумыг нийтдээ найман удаа зохион байгуулжээ. Өөр өөрийн онцлог, өөр өөрийн гэсэн шийдэл гарц гаргалгаатай болж байсан бөгөөд Монголын эдийн засаг уналтаас өсөлт рүү явж буй энэ үед болж байгаагаараа ихээхэн онцлогтой болж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

‘’Улаанбаатар марафон 2018’’-д Баянзүрхчүүд идэвхтэй оролцлоо

“Улаанбаатар марафон -2018” олон улсын гүйлтийн тэмцээн өнгөрсөн бямба гарагт болж Баянзүрх дүүргийн иргэд, аж ахуй нэгж байгууллагуудидэвх санаачлагатай оролцлоо. Гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийн өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжих зорилготой уг арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

‘’Улаанбаатар марафон-2018’’ тэмцээнд дүүргийн хэмжээнд нийт 6100 гаруй иргэн бүртгүүлж, оролцсон бөгөөд тэмцээнд оролцсон тамирчдад амжилт хүсэн дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монгол бөхийн өргөөний өмнө талбайд “Марафонд нэгдсэн – Баянзүрх” арга хэмжээг зохион байгуулсан юм. Энэхүү арга хэмжээд дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б. Наранчулуун, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ болон дүүргийн ЗДТГ-ын дотоод хэлтэс, албадын албан хаагчид, иргэд, хүүхэд багачууд оролцлоо.

Мөн энэ үеэр дүүргийн Соёлын ордны бяцхан авьяастнууд, Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчид үзүүлэх тоглолт хийж марафонд оролцож буй тамирчдад амжилт хүссэн юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Албан бичиг шийдвэрлэлтийн хувь өссөн байна

Дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 18-ыг хүртэлх хугацаанд нийт 101 албан бичиг ирсэн. Үүнээс 14 нь хариутай албан бичиг бол 87 нь хариугүй албан бичиг байгаа юм. Мөн Засаг даргын Тамгын газраас 60 албан бичгийг www.edoc.ub.gov.mn хаягаар явуулж , бүртгэж байгууллагуудад илгээсэн бөгөөд албан бичгийг 100 хувьтай шийдвэрлэж байна.

Түүнчлэн Архивын тасгаас албан бичгийн www.edoc.ub.gov.mn программыг хэрхэн ашиглаж, хэрэглэх тухай хороодын зохион байгуулагч, сургууль, цэцэрлэгийн архив, албан бичиг хэргийн ажилтнуудад заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

“Хурд” хамтлагийн хит дуунуудыг төрүүлсэн аав, хүү найрагчид

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Тав дахь өдрийг “Баасан эгчийн төрсөн өдөр” гэж ёгтлох болсон. Өнгөрөгч баасан гаригт Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шог хошин, баримтат уран зохиолын Үндэсний төвийн гишүүн, ахмадын зөвлөлийн тэргүүлэгч, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Нацагийн Даваадашийнд үдэв. Даваадаш гуайг зохиолчид Тангадын Галсангийн төөрч төрсөн дүү гэх нь бий. Учир нь тэр хоёр эцэг эхээс заяасан хамар гээч уулаараа хамаатан садан юм байж. Эрхэм зохиолчийн унасан газар угаасан ус гэвээс Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу, ардын хувьсгалаас хойш Ханхөгшин уулын хошуу хэмээгдэж байсан Өвөрхангай аймгийн Уянга сум аж.

Өвгөн бичээч Монгол Улсын анхны Ерөнхий сайд, хошой чин ван, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн мэлмий гийсний 140 жилийн ойд зориулан “Түүхэн бичвэрийн чуулган” хэмээх намтар, үйл хэрэг, өвөг дээдэс, удам судрынх нь тухай томоохон номыг саяхан хэвлүүлжээ.

Тэрчлэн “Өвөрхангайн дарагдсан эрхмүүд” хэмээх ботийг гаргаснаа дэлгэн барьж байна. Даваадаш зохиолч үүрийн жингээр босож ширээнийхээ ард суудаг үнэхээр хөдөлмөрч нэгэн гэдэг. Тийм ч учраас түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж Үндэсний эрх чөлөөний хувьсгалын зуун жилийн ойгоор соёлын гавьяат зүтгэлтэн цолыг олгосон аж. Түүний аав Батжанцангийн Нацаг арваад настайгаасаа Сайн ноёны хүрээнд шавилан суусан унзад хүн байж. Уянга сумын цуутай эрээн модны артелийг Жамцын Чулуундорж гэдэг лам хүн 1938 онд байгуулахад гишүүнээр элсэн нарийн мужаанаар ажилд орсон байна.

Гучин есөн онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж аймгийн До яамны хэлтэст байцаагдаж хоригдож байжээ. Улсын прокурорын газрын 1999 оны 46 дугаар тогтоолоор цагаатгагдсан түүхтэй. Нацаг гуай Дамбын Адьяа хэмээх бүсгүйтэй дайны дараахь он жилүүдэд гэр бүл болж Бямбадолгор, Дашдорж, Даваадаш гэсэн гурван үрийн зулай үнэрлэсэн байна. Айлын отгон хүү Даваадаш 1968 онд Уянга сумынхаа найман жилийн сургуулийн анхны төгсөгч болжээ. Ангийн багш нь Багшийн дээд сургуулийн гадаад уран зохиолын профессор, Монгол Улсын гавьяат багш Д.Болд гэдэг хүн байлаа. Наймаа төгсөөд Өвөрхангай аймгийн арван жилийн сургуульд 14-үүлээ хуваарилагдав. Эднээс багш голдуу мэргэжилтнүүд, хүний гавьяат эмч Т.Анигар, гавьяат хуульч, цагдаагийн хурандаа П.Лувсандорж, соёлын гавьяат зүтгэлтэн Н.Даваадаш нарын алдартнууд төрсөн аж. Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох мөн нэг төгсөлтийнх гэнэ. Даваадашийн аав ээж бурхны шашин шүтдэг хүмүүс байсан учир буян нүглийн талаар их ярьдаг, тиймээс хүү нь аядуу зөөлөн хүмүүжилтэй хүн болон төлөвшжээ. Даваадаш гуай 1969 онд Агаараас эсэргүүцэн хамгаалах 065 дугаар ангид цэргийн албыг гурван жил хаахдаа Улаанбаатар хотод нэг жил, Говь-Алтай аймгийн Цогт сумын Захуй Зармангийн нутаг Баянтооройн салбарт хоёр он улираав гэх. Салбарын дарга нь ахлах дэслэгч Пүрэвээ, гурван оны дал гаруй цэргүүдтэй эр цэргийн он жилүүдийг үджээ. Энэ салбараас хошууч генерал Жалбажав, Хүүхэлдэйн театрын найруулагч Алтан-Очир болон инженер техник, улс төрийн олон ажилтнууд төрөн гарсан байна. ОХУ, Монгол Улсын баатар сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа гэхэд Н.Даваадашийн өмнөх 1968 оны цэрэг гэж байгаа.

Цэргийн шинжлэх ухааны доктор, Цогийн Геннадий генерал ахмад цолтой ангийнх нь захирагчаар ирж байж. Даваадаш олон аавын хөвүүдтэй мөр зэрэгцэн алба хаахдаа эр бяр, эрдэм чадал жагссан нэгэн байсан бололтой. Үүний нэг жишээ нь 1971 оны ардын хувьсгалын ойн баяраар жагсаалын дарга, ахлах дэслэгч байхдаа найман цэрэг авч очин барилдаж түрүүлэн сумын заан цол хүртснээс харагдана. Тэр үед Цогт сумын даргаар армийн генерал Батын дорж гуайн дүү Дашзэгвэ ажиллаж байсан бөгөөд наадмын түрүү бөхийг даагаар байлдаг учир “Хугацааны хүн юм чинь” гээд өврөөсөө хөх халзан зуут гарган барьж байсан нь одоо ч санаанаас гардаггүй гэнэ. Сарын чөлөөгөөр шагнагдсан тэрээр “АН-24” онгоц хөлөглөн Арвайхээрт бууж, Уянга сумаа зорьж байж. Цэрэгт байх энэ л үедээ уран зохиолд шимтсэн улаан шүлэгчин болсноо тэр өнөө дурсаж сууна. Говь-Алтай аймгийн утга зохиолын нэгдэл рүү үе үе шилэрнэ. Анагаах ухааны дунд сургуулийн намын үүрийн дарга зохиолч Д.Сүрьеэ нэгдлийн эрхлэгчээр ажиллана. Төрийн соёрхолт зохиолч Далхаагийн Норовыг Шарга суманд ажиллаж амьдарч байхад сайхан танилцаж, Д.Сүрьеэ дарга ч “Норов та хоёрын шүлгээр “Хоёр нэр, хоёр мөр” нэртэй шүлгийн ном гаргана” гэж урам хайрлаж байсан аж. Цэрэгт байх тэр гэгээн үе нь Даваадаш хүүд гэрэл гэгээтэй олон сайхан сэтгэгдэл үлдээжээ. Хангайн хүн говийн аж байдалтай танилцана гэдэг чухамдаа шинэ ертөнцийг нээсэнтэй адил санагдах. Үгүй ядахнаа л Ээж хайрхан гэж тэр сайхан уулын бараа нь домогтой сүлэлдэн амилж яруу сайхны тэмүүллийг хайрлана. Цэргээс халагдаж ирээд Уянга сумандаа хоёр жил дараалан түрүүлж дархан заан цол хүртсэн байна. Түүний ах аймгийн заан Дашдорж дүүгээ барилдуулахын улаан дон. Гэвч, Н.Даваадаш эр биеийн хүчинд дулдуйдахыг бодолгүй эрдэм номын зүгт сэтгэлээ бэлчээнэ.

Ингээд багш С.Чойхүүгийн зөвлөснөөр бага ангид багшилж эхлэв. Багшлахын зэрэгцээ уран бүтээлээ туурвисаар. Утга зохиолын нэгдлийн эрхлэгч, доктор С.Шааман гэдэг хүн дээр шүлгээ үе үе барьж очно. Хойтон жил нь УБДС-д элсэн 1980 онд дүүргэв. Улсын багшийн дээд сургуульд тэрээр доктор Д.Цэнд, Д.Болд, Лодойдамба зохиолчийн дүү Чадраабалын Цэндсүрэн, Равжаа судлаач Д.Цагаан, М.Базаррагчаа, “Хайрхан уулын бараа” дуугаараа алдаршсан Д.Отгонсүрэн, Бямбажавын Пүрэв-Очир, Ц.Өнөрбаян, Бямбасан, профессор Дамдинжав, академич Д.Төмөртогоо нарын эрдэмтэн мэргэдээс номын хишиг хүртсэн байна. Сургуулиа төгсөөд Өвөрхангай аймгийн Богд сумын сургуульд 1980-1986 онд захирал, аймгийн намын хорооны ахлах лектор, сумын намын хорооны дарга зэрэг ажлыг 1986-1990 он хүртэл хийж, Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрын даргаар 1993-1996 он хүртэл ажиллахдаа “Хурд” хамтлагийн олон сайхан дууны аялгууг зохиосон хөгжмийн зохиолч С.Ишхүү нарын уран бүтээлчийг урлагийн замд хөтөлжээ. Тэр ер нь намын ажил хийж байх үеэсээ л уран бүтээлч сэхээтнүүдтэй үзэл бодлоо хуваалцдаг сэтгэлийн их садан байж. Богд суманд ажиллаж байхдаа хөгжмийн зохиолч С.Чойсүрэн, Бат-Өлзийд “Орхоны шуугиан” роман туурвисан зохиолч Д.Равдан, Чойномтой хамт хэлмэгдсэн яруу найрагч Бямбын Очирхуяг нартай үй зайгүй нөхөрлөж ирсэн байна.

Найрагч Даваадаш 1973 онд Нарийнтээл сумын уугуул, эх баригч эмч мэргэжилтэй Ю.Чимэддагватай тоонот гэрт толгой холбон ууган хүү, таван охины аав эжий болжээ. Хүү Болд, охин Болдмаа нар нь утга зохиолын ажилтан-сэтгүүлч мэргэжилтэй, охин Болормаа нь эдийн засагч бөгөөд эдүгээ БНХАУ-д магистрт сурч буй бол охин Баярмаа нь аавынхаа мэргэжлийг өвлөж багш болжээ. Охин Болор нь хэвлэл мэдээллийн ажилтан зураглаач. Одоо Бээжин хотноо магистрт сурч байна. Отгон охин Анар эх орондоо эдийн засагчаар ажиллаж буй. Ийм нэгэн өнөр бүл нийслэл хотноо амар жимэр аж төрж байна. Сэлбийн арслантай гүүрийн зүүнтэйх Баянзүрх худалдааны төвд цагаан идээ наймаалах Чимэдээ эгчийн лангуунаа Монголын нэрт уран бүтээлчид зочлох нь олонтаа. Т.Очирхүү, Ш.Уянга, Доржийн Гармаа, зураач яруу найрагч Мягмарын Амархүү нар бүрзэнтэй очоод улаа бутраад гардаг байсан гэж байгаа. Нацагийн Даваадаш Өвөрхангай аймагт ажиллаж амьдарч байх үеэс уран бүтээлийн бүхэл бүтэн нэгэн үеийг араасаа дагуулж, амьдрал-уран бүтээлийн их далайд замчилсан ачтан бүлгээ. Тэр хэдийгээр би тэдний багш нь гэж ил чанга хэлэхгүй ч яруу найрагч гэзэгт хэмээх Данзангийн Алтангэрэл, Д.Гөлөгдэмбэрэл, “Симба” сонины эрхлэгч, яруу найрагч Сэнгийн Адьяасүрэн, П.Жаргалсайхан, Жунайн Даваасүрэн, Б.Батнасан, зохиолч Б.Жамбалсүрэн, зураач Пүлжийн Энхтөр, А.Батбаяр, Р.Баярсайхан нар түүнийг дагаж уран бүтээлчийн цээнд хүрсэн бол “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч, Монголын үндэсний номын сангийн захирал Баярхүүгийн Ичинхорлоо, түүхэн романч Б.Сарантуяа нар сурагч ахуй цагаасаа түүнээс урмын үг сонсож уран бүтээлчийн жигүүр дэлгэсэн дэгдээхэйнүүд юм. Театрын дарга байхдаа сургуулийн цагаан хормогчтой бяцхан охидыг дагуулан явж шүлэг уншуулан хоригдлуудыг уйлуулж байсан удаатай. Тэрчлэн Хархорины гэрэлт найрагч Сольтогтохын Дамдиндоржийг алдарт “Жимсний бөөр” түүврээ гаргаагүй байх үед ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол абугай түүнд “Танай Дамдиндорж гэж мундаг хүү бий. Танилцаарай” гэж захиа бичиж байсан түүх бий.

Нэрт шүүмжлэгч Т.Доржпүрэв Хархоринд уран зохиолын багшаар ажиллаж байх үед уулзаж учран уран зохиолын халуун яриа өрнүүлж явсан байдаг. Даваадаш найрагчийнх номон далай гэдэг шиг айл юм. Шинэхэн байрандаа орохдоо давирхай үнэртсэн банзаар номын сан урлуулсан нь өрөө рүү нь шагайхад ойд яваа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Анхны номын уралдаанд 1985 онд “Зүрхний шившлэг” номоо сойход 46 номоос долоод багтан хэвлэгджээ. Ардын уран зохиолч, хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж гуай номыг нь редакторлохоор болсныг дуулаад залуу шүлэгчийн хөл нь газар хүрэхгүй баярласан гэдэг. Номоо хэвлэгдсэнийг гурван жилийн дараа мэдэж, шагналын зургаан мянган төгрөгөөсөө ишигтэй хоёр ямаа худалдан авч байж. “Аргамжааны чулуу” шүлгээрээ алдаршсан Алтайн их найрагч Тоомойн Очирхүүтэй гэр бүлийн найз ах дүү байснаа тэр дурсана. Хүү Болд нь оюутан байхдаа Очирхүү найрагчийнд амьдарч байсан юм билээ. “Хурд” хамтлагийн олноо алдаршсан хит дуу болох “Ээждээ”, “Хүслийн цагаан айзам” шүлгүүдэд хөгжмийн зохиолч Сангаагийн Ишхүү аялгуу зохируулсанаар аав, хүү найрагчдыг түмэн олон мэдэх болсон аж. Н.Даваадаш яруу найраг, хошин шог, орон нутаг судлал, сэтгүүл зүйн чиглэлээр гуч гаруй ном хэвлүүлж, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр, Б.Бямбабаяр, гавьяат жүжигчин Г.Тэрбиш, Л.Галмандах, хөгжмийн зохиолч О.Нармандах, Д.Алтангэрэл, Хайдавын Сэргэлэн нартай Х.Үнэнхүү гавьяатын дуулдаг “Арвайн цэнхэр тал”, Батцэнгэлийн дуулсан “Хан хөгшин уул”, соёлын тэргүүний ажилтан Төрмандахын “Азын тэнгэртэй заяа”, гавьяат Ц.Түвшинтөгсийн “Эрдэнэ бишрэлтийн нутаг” зэрэг олон арван дууны шүлгийг тэрлэжээ.

Найрагч маань нэгэн үе ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнд ажиллахдаа академич Х.Сампилдэндэв, нэрт түвдэч, их эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатар, хиндич О.Сүхбаатар, академич Л.Болд, доктор С.Байгалсайхан, Д.Сумъяа, Б.Мөнхбаяр, А.Алимаа, Шинэбаяр, Ц.Эрдэнэбат нарын эрдэмтэн мэргэдтэй бийр бэх нийлүүлж, сэтгэлийн өнгө ижилсэж явсан ажгуу. Түүний аж амьдралын намтар үнэхээр өргөн бөгөөд баялаг. “Тоншуул” сэтгүүлийн парламентын сурвалжлагч, “Их барилга” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ч ажиллаж урлагийн гавьяат зүтгэлтэн, их шогч Цэвэгийн Байды, Самандарын Цогтбаяр, шог зураач Адьяагийн Бат-Эрдэнэ, Ц.Намжилдорж, М.Мянганзам, Далайдээрх, М.Амархүү, хөргийн Н.Орхон, Н.Оргил, З.Доржжанцан, А.Амарсайхан, төрийн шагналт зохиолч Ц.Доржготов нарын сэтгэлийн босгыг элээж итгэлийн дөлийг бадраалцаж явав гэх. Ийм л нэг баялаг намтартай, бахархах үйлстэй зохиолч найрагчийнд өнжөөд үдүүлэхийн үес тэнгэрт одод түгж, сэтгэл зүрхэнд дотнослын цагаан заадас гэрэлтэн байв аа.

ЭЭЖДЭЭ

Шүлгийг Д.Болд Хөгжмийг С.Ишхүү

Толгодыг даван шувууд буцлаа, ээж минь

Догдлох сэтгэл таныг үгүйлэн гансрах юм

Хатуу хөтүү хорвоогийн жамыг бодохоор

Холдоод байх шиг санагдах юм даа, ээж минь

Намрын төгөл навчсаа гөвөн бөхөлзөөд

Нартын амьдрал утгагүй мэт санагдаад байна

Сэрүүн шөнийн зэвэргэн бодолд жиндүүлэхээр

Сэтгэлийн дулаан чинь үгүйлэгдэх юм, ээж ээ

Надад өгсөн сэтгэлийн дулааныг чинь бодохоор

Нарны илч ядмаг санагдаад байна

Уйтгар үргээсэн бүүвэйн дууг чинь санахаар

Энэхүү дуу минь сэтгэлд минь хүрэхгүй л байна

ХҮСЛИЙН ЦАГААН АЙЗАМ

Шүлгийг Н.Даваадаш Хөгжмийг С.Ишхүү

Шөнийн гэгээн зүүдэнд минь

Хөтлөлцөөд надтай гүйдэг сэн

Өдрийн ариун бодолд минь

Гэрэлтээд дандаа буудаг сан

Санаанаас гардаггүй сайхан эгч таныг

Сар жилээр хүлээлээ би

Саваагүй хүсэлдээ түүртэж явсан

Жолоо султай нас минь дээ хө

Сүрчгийн үнэртэй салхинд нь хө

Бараадаж удаан дагадаг сан

Хяслын зайтай хорвоод хө

Сажилсаар ганцаар буцдаг сан

Дахилт

Хүслийн шаргал харгуйд нь

Намраар товолзоод гарсан сан

Хүний нутгийн тэртээд хө

Хүлээсээр суусан заяа сан

Дахилт

(“Хурд” хамтлаг “Сайхан бүсгүй” нэрээр дуулжээ.)

Categories
мэдээ нийгэм

Хүчтэй шороон шуурга шуурна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутаг, Дундговь, Өмнөговийн зүүн, Дорнодын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

2018 оны 05 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Эрс сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 0-5 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, Орхон-Сэлэнгийн сав, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс эрс сэрүүсч 5-7 хэм дулаан байна.

2018 оны 05 дугаар сарын 22-ноос 05 дугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд зүүн аймгуудын нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн төв хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 22-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр, 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24-25-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 1хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Л.Мягмар: Хөв цөөрмийг ихэвчлэн малын ус хангамжийг сайжруулахад ашиглаж байгаа

Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, Монголын усжуулагчдын холбооны тэргүүн, Усны барилга байгууламжийн зөвлөх инженер Л.Мягмартай усны асуудал болон хөв цөөрмийн тухай ярилцлаа.


-Манай улсад хөв цөөрөм олноор байгуулах боломж хэр байна вэ?

-Хөв цөөрмийн тухай ярихын өмнө усны тухай, усны нөөцийн тухай товчхон мэдээлэл өгье. Манай гариг дахь усны нийт хэмжээ агуу их буюу 1.4 млрд шоо км боловч дэлхийн олон оронд усны нөөц хүрэлцээ муутай, хязгаарлагдмал байдаг. Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн цэвэр усны хомсдолтой, үүнээс хоёр дахин олон хүн эрүүл ахуйн наад захын хэрэгцээг хангахгүй орчинд амьдарч байна. Манай улс усны нөөц багатай орны нэг бөгөөд дэлхийн 145 оронтой жишиж үзэхэд усны нөөц багатай 23 орны өмнө, багавтар нөөцтэй 60 оронтой ижил хэмжээнд байна. Гадаргын усны нөөцийн 90 хувийг нуур эзэлдэг. Харьцангуй хялбар нөхөн сэргээгддэг, ашиглалтын зардал бага шаарддаг гадаргын ус манай орны нутаг дэвсгэрийн 30 орчим хувьд алаг цоог тархдаг.

Өвлийн улиралд ёроолдоо хүртэл юмуу хоёр метр, түүнээс ч илүү гүн хөлддөг учир гадаргын усыг жилийн турш ашиглах боломж хязгаарлагдмал. Харин газрын доорх ус харьцангуй өргөн тархалттай боловч нөхөн сэргээгдэх чадвар сул дорой, хомсдол бохирдолд хялбар өртөгдөх онцлогтой. Манай орны хот суурины хүн ам унд, ахуйн усны хэрэглээнийхээ 80 орчим хувийг газрын доорх уснаас авдаг. Манай орны гадаргын усны нөөц бүрдүүлэх эх үүсвэр нь хур тунадас. Хур тунадасны ихэнх хувь нь урсац үүсгэн гол горхи руу нийлдэг, үлдсэн хувь нь хөрсөнд шингэн газрын доорх усыг тэжээх болон говийн нууруудад цутгадаг. Гол мөрний жилийн дундаж урсацын 60 орчим хувь нь гадагш хил даван урсдаг. Гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд хур бороо болон үерийн усыг тогтоож нуур, цөөрөм, усан сан барих шаардлага зүй ёсоор тавигдсаар байгаа.

-Ямар, ямар аргаар хөв цөөрөм байгуулах нь зөв бэ?

-Гол мөрнийг боож усан сан, нуур, цөөрөм үүсгэн усалгаатай тариалан, бэлчээр усжуулалт, ус хангамжид ашиглахаас гадна усны эрчим хүчийг гарган авах боломжтой. Гол мөрний урсац тохируулахдаа энэ арга нь хаврын шар усны болон хур борооны үерийн усыг тогтоож усны хуримтлал бий болгоно гэсэн үг. Манай орны гадагш урсгалтай олон голууд дээр энэ ажлыг хийх шаардлагатай байгаа. Сэлэнгэ, Орхон, Туул, Хэрлэн зэрэг олон голууд дээр хайгуул, судалгаа хийгдэж, ТЭЗҮ боловсруулсан боловч хөрөнгө мөнгөний боломжгүйгээс олон жил ярьсан хэвээр байна. Жижиг горхи, хуурай сайр, жалгыг боож хаврын шар усны болон хур борооны усыг хуримтлуулан хөв цөөрөм барих бас нэг арга бий. Хөв цөөрмийн усыг малын ус хангамжид голчлон ашиглаж, багахан талбайтай ногооны талбайг усалж болно. Одоогоор энэ ажил эхлэлийн төдий байгаа. Цөөн тооны хөв цөөрөм барьсан байна. Хөв цөөрөм байгуулах талаар мөрийн хөтөлбөрүүдэд орсон байдаг. 2010 онд батлагдсан “Ус” үндэсний хөтөлбөрт орон нутгийн эрэлт хэрэгцээ, захиалга дээр үндэслэн 130-аас доошгүй хөв цөөрөм байгуулж ашиглана гэж тусгасан байдаг боловч хэрэгжээгүй л байна. Олон булаг, шанд ширгэж байгаа учраас булаг, шандын эхийг тохижуулж хамгаалах ажлыг үргэлжлүүлэн хийх хэрэгтэй.

Манай улсын аль ч нутагт хөв цөөрөм байгуулах боломж бий. Хөв цөөрөм нь ихэвчлэн үерийн усыг хуримтлуулан ашиглах зориулалттай байгуулагддаг. Сайр, жалгыг боож ус хуримтлуулахаас гадна сайр, жалгаар орж ирэх усыг түүний ойролцоох байгалийн хонхор руу суваг татаж хуримтлуулах боломж бас байдаг.

-Хөв цөөрмийн ач холбогдол юу вэ. Цөөрөм байгаа газарт байгалийн тэнцвэрт байдал сайжрах уу. Жишээлбэл цөөрмийн усыг юунд хэрхэн зөв ашиглах вэ?

-Хөв цөөрөм барих газрын байршлыг зөв сонгохоос эхлээд хайгуул судалгаа, зураг төсөл, барилгын ажлыг чанартай, зохих стандарт нормын дагуу хийх хэрэгтэйгээс гадна хөв цөөрмийг ашиглах, эзэнтэй байлгах нь чухал. Хөв цөөрмийг ихэвчлэн малын ус хангамжийг сайжруулахад ашиглаж байгаа. Жижиг гол горхийг түшиглэж барьсан цөөрмийг бага талбайтай услалтын системийг усалгаанд ашиглаж байгаа. 1990 он хүртэл барьсан 156 инженерийн хийцтэй услалтын системийн 27 нь боомт, усан сантай байсан. Энэ нь хэдхэн цагийн дотор урсаад өнгөрөх үерийн усыг хуримтлуулан олон хоног малын болон ногоо тарианы усалгаанд ашигладгаараа маш их ач холбогдолтой. Шинээр байгуулах хөв цөөрмийг олон жил үр дүнтэй ашиглахын тулд байршлыг зөв сонгох, хайгуул судалгаа, зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, барилгын ажлыг усны барилга барих тухай зөвшөөрөл бүхий байгууллагаар бариулах хэрэгтэй. Барьсны дараа хариуцах эзэнтэй байх шаардлагатай. Нуур, цөөрөм байгуулсан газар байгалийн тэнцвэрт байдал хэрхэн сайжирсан талаар Тайширын усан цахилгаан станцын тухай л ярья. Тэнд 20 орчим км урт, 10 орчим км өргөн нуур бий болсон. Одоо Гэгээн нуур нэртэй болсон. 1970-аад оны дунд үед Тайшир сумаас доош 20 орчим км зайд Цахирын талын услалтын систем гэж байлаа. Услалтын системийн ус татажмийн барилга орчимд хавар усалгаа эхлэх үед Завхан голын ус байнга тасардаг болсон тул системийг ашиглахаа больсон юм. Усан цахилгаан станц барьснаас хойш Завхан гол тасрахгүй болсноор услалтын системийг сэргээн ашиглах тухай санал хүсэлт ирж байна. Гэгээн нуурын орчмын байгалийн тэнцвэрт байдалд эрс өөрчлөгдсөнийг нутгийн иргэдтэй уулзаж явахдаа сонсож байлаа.

-Хөв цөөрөм байгуулахад хөрөнгө мөнгө, хугацаа хэр шаардагдах вэ?

-Усны барилга байгууламж бол ус, хөрсний байнгын үйлчлэлд ашиглагддаг учраас бусад барилга байгууламжаас илүү өртөгтэй байдаг. Хөв цөөрөм барихын тулд топо зураглал, ус зүй, инженер геологи, гидротехникийн судалгаа хийх ёстой. Зураг төслийн үед усан сангийн эзэлхүүнийг тооцохоос гадна үерийн усыг өнгөрүүлэх илүүдэл ус хаюурын тооцоо сайн хийх шаардлагатай байдаг. Энэ ажилд хөрөнгө нэлээд шаарддаг. Хөрөнгө мөнгөний боломжоос шалтгаалан ихэвчлэн шороон боомт барьж байна. Шороон боомтын шороог нягтруулах ажлыг норм стандартын дагуу шаардлагатай машин механизмыг ашиглан гүйцэтгэх ёстой. Барих хугацааны хувьд бол боомтынхоо хүчин чадлаас хамаарч янз бүр байна.

-Зарим улс орнууд бороо хурын усыг хуримтлуулж цөөрөм байгуулаад газар тариаланд хүртэл тогтмол ашигладаг гэсэн. Хөв цөөрөм байгуулаад ач холбогдлыг нь сайн хүртэж байгаа ямар улс орнуудын жишээ байна вэ?

-Дэлхийн бусад олон улс орон хөв цөөрөм гэхээсээ илүү голуудыг боож томоохон усан сан үүсгэн хот суурины ус хангамж, усалгаатай тариалан болон эрчим хүчний асуудлыг шийдвэрлэж байна. Манай хоёр хөрш, Турк, Япон, Өмнөд Солонгос зэрэг олон оронд олон мянган хиймэл нуур, усан сан байгуулсан байдаг. Усны мэргэжилтний ур ухаан, зүтгэлээр бий болсон “Гурван голын усан цогцолбор”-ын барилга байгууламж нь XXI зууны Хятад улсын төдийгүй дэлхий дахины бахархал болон сүндэрлэж байна.

-Сүүлийн үед гол нуурууд нэлээд ширгэж, татарч байна. Энэ хэрээр хуурайшилт үүсээд байгаа. Усыг ингэж татруулахгүй байх гол арга юу байна?

-Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээгээр 1940-2015 оны хооронд манай орны агаарын температур 2.24°С дулаарсан байна. Сүүлийн 76 жилийн хамгийн дулаан 10 жилийн долоо нь 2000 оноос хойш тохиосон байна. Манай оронд жилийн хур тунадасны 85 орчим хувь нь дулааны улиралд оногдох ба өвлийн улиралд гурав хүрэхгүй хувь ордог бөгөөд жилийн нийлбэр хур тунадасны хэмжээ сүүлийн 70 жилд онц өөрчлөлт ороогүй, долоо орчим хувь буурсан байна. Монгол орны ургамал ургалтын хугацаанд хур тунадасны горимд орж буй нэг өөрчлөлт бол хур борооны дотор аадар бороо нэмэгдэж буй байдал. Бидний багад одоогоос 60 орчим жилийн өмнө шиврээ бороо их ордог, долоо хоногоор үргэлжилдэг байлаа. Шиврээ бороо нь хөрсөнд шингэж хөрсний чийгийг нэмэгдүүлснээр ургамал ургах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Аадар бороо, мөндөр нь богино хугацаанд зурвас газраар ихээхэн эрчимтэй орсноор хөрсөнд шингэх боломжгүй болж гадаргын урсацыг үүсгэн гуу, жалга, автомашины зам даган урсаж, угааж эвдэх нь ихэссэн байна. 2015 онд 6122 гол горхи тоологдсоноос 328 нь, 11667 булаг шанд тоологдсоноос 1102 нь ширгэсэн байна. 2016 онд 5585 гол горхи тооллогод хамрагдсанаас 263 нь ширгэсэн, 11420 булаг шанд тооллогод хамрагдсанаас 774 нь ширгэж 106 нь сэргэсэн, 2214 нуур цөөрөм тооллогод хамрагдсанаас 316 нь ширгэж, 31 нь сэргэсэн байна. Манай орны гадаргын усны нөөц жил бүр багассан байгааг дээрх тоон үзүүлэлтээс харж болно. Усны өсөн нэмэгдэх хэрэгцээг хангахын тулд томоохон голуудыг боож үерийн усыг ашиглан томоохон усан сангуудыг бий болгож ус ховор бүс нутаг руу дамжуулах, хуурай сайр жалгуудыг боон хөв цөөрөм олноор байгуулж, гадаргын усны ашиглалтыг нэмэгдүүлэхэд нэгдсэн бодлоготой, тодорхой төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй байна.

-Цаашид Монголын усны салбарт ямар шинэ ажил хийх хэрэгцээ шаардлага байгаа харагддаг вэ?

-Энэ онд манай улсад Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байна. Энэ 80 жилийн хугацаанд манай салбар яамтай байж үзлээ, агентлагтай ч байлаа. Хэд хэдэн удаа татан буулгаж, дахин байгуулж ирсэн байдаг. Хамгийн сүүлд 2012 онд Усны хэрэг эрхлэх газрыг татан буулгаснаар усны асуудал олон яаманд харьяалагдаж нэгдсэн бодлогогүй явж байна. УИХ, Засгийн газраас усны нөөцийг хэмнэх, зөв зохистой ашиглах талаар олон хууль, хөтөлбөр, тогтоолууд гардаг боловч түүний хэрэгжилт хангалтгүй байна. Иймд усны бодлогыг нэг газарт төвлөрүүлэн, мэргэжлийн удирдлагаар хангах, маш бага нөөц бүхий цэнгэг усны хэрэгцээг багасгаж, зөвхөн хүн амын унд ахуйн хэрэглээнд ашиглах, хур тунадасны усыг хуримтлуулан үйлдвэр, уурхай, усалгаатай тариалан, бэлчээр усжуулалтад ашиглахаас гадна хаягдал бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах замаар цэнгэг усныхаа нөөцийг нэмэгдүүлэх ажлыг дэс дараатай яаралтай авч хэрэгжүүлмээр байна.

-Усыг ганц ашиглаад хаягдал болгох биш, дахин дахин ашиглахад нэлээд технологи шаардлагатай юу. Яаж усаа зөв зохистой хэрэглэж, хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байна вэ?

-Манай улсын уул уурхайн томоохон үйлдвэр уурхайнууд нь гадаргын усны нөөцгүй говийн бүс нутагт төвлөрч газрын доорх усыг ашиглаж байна. Уурхайн хаягдлыг усгүйжүүлэх, хаягдал усны санг нэвчүүлдэггүй, ууршуулдаггүй дэвсгэр хучаастай хийх зэрэг дэвшилтэт арга технологийг нэвтрүүлж байна. Үүний зэрэгцээгээр сайр жалгыг боож үерийн усыг ашиглаж байна. Эдгээр аргууд зөвхөн өөрсдийн уурхайдаа хэрэглэж буй аргууд. Бохир хаягдал усыг дахин цэвэрлэж уул уурхайн технологийн усанд ашиглах усан сангаар дамжуулан дахин дахин ашиглах боломж байна. Төв цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал усыг дахин цэвэршүүлэх III, IV цахилгаан станцын технологийн усанд ашиглах АНУ-ын МСС зураг төслийг боловсруулж байна. Цахилгаан станцуудын технологийн ус нь маш цэвэр ус ашигладаг. Одоогоор Туул голын хөндийн газрын доорх усыг ашиглаж ирсэн. “Морьт импекс” ХХК шинээр барих төв цэвэрлэх байгууламжийн хаягдал усыг дахин гүн цэвэршүүлэн говийн бүс нутаг руу татах ажлын ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Энэ цэвэрлэсэн ус нь гадаргын усны бохирдлын индексээр маш цэвэр, цэвэр гэсэн ангилалд хамаарагдах юм. Говь руу дамжуулах энэ цэвэршүүлсэн усаар уул уурхайн технологийн ус, усалгаатай тариалан, ойн хэрэмний усалгаа, малын ус хангамжид ашиглах боломжтой. Ус дамжуулах уг хоолойтой хамт хүн амын унд ахуйн цэвэр ус дамжуулах хоолой явуулахаар төлөвлөж байна.

Хаягдал ус дамжуулна гэхээр шууд бохир усыг урагш нь татахаар буруу ойлголт гарч болзошгүй юм. Тийм биш шүү гэдгийг мэргэжил нэгт нөхдөдөө, ард иргэдэд хэлэх нь зүйтэй юм. “Сонгино-Говь” төсөл нь үйлдвэр, уурхайн технологийн устай зэрэгцүүлэн хос хоолойгоор хүн амын унд ахуйн цэвэр усыг төвийн районоос дамжуулах юм. Энэ төсөл хэрэгжсэнээр манай орны хамгийн их бохирдолтой Туул голын усны бохирдол эрс багасна. Говийн районы газрын доорх цэнгэг усны нөөцийг хэмнэх, хойч үедээ үлдээнэ. Говийн районы мал сүргийг усаар хангах, усалгаатай тариалан, өрхийн тариалан эрхлэх зэрэг боломжийг бүрдүүлнэ.

Мөн уул уурхайн компани усыг дахин ашиглах, ус бага хэрэглэдэг дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх шаардлага байна. 1990-1998 онд худаг, уст цэг, услалтын системийн ашиглалт эрс суларч эзэнгүйдсэнээс 1996 оны эцэст инженерийн хийцтэй уст цэгийн тоо 1989 оныхоос 2 дахин цөөрч нийт уст цэгийн 60 гаруй хувь нь хуучны гар худаг болсон байлаа. Услалтын системийн тоо, талбай эрс буурлаа. Усалгаатай тариалан эрхлэх нь нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэхээс гадна эх орныхоо хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнээр хүн ардаа хангахад чухал ач холбогдолтой гэж боддог.


Categories
мэдээ эдийн-засаг

“Эдийн засгийн форум-2018” Төрийн ордонд өнөөдөр эхэлнэ

“Монголын эдийн засгийн форум-2018” өнөөдөр 09:00 цагт Төрийн ордны Их танхимд эхэлнэ. “Хүчээ Нэгтгэе” уриан дур явагдах тус чуулганыг хоёр шатлалтай зохион байгуулна. Эхний хэлэлцүүлгийг гурван тулгуулт бодлого, татварын хуулийн шинэчлэл сэдвийн хүрээнд өнгөрсөн гуравдугаар сард хийсэн. Энэ удаад төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг 12 салбар хуралдаан зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд болсон эдийн засгийн чуулганаар татварын шинэчлэлтэй холбоотой асуудал, шийдлийн тухай хэлэлцсэн. Үүний үр дүнд татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихад бэлэн болоод байгааг ЗГХЭГ-ын дарга онцолж байна. 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-үүдээс нэг хувийн татвар авдаг болгох, татварын дарамт шахалтыг бууруулж цэгцлэх зэрэг ажлууд хуулийн хүрээнд хэрэгжинэ. Нөгөө талаас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах боломж бүрдэнэ гэж харж байна.

Ойрын хоёр жилд эдийн засгийн өсөлтийг 6-7 хувь байна гэсэн төсөөлөл гарсан. Энэ тооцооллыг хэрэгжүүлэхийн тулд татварын орлого, нийтийн санхүүжилтийн ил тод байдлыг хангах шаардлагатай гэж бизнес эрхлэгчид үзэж байна.

Үндэсний хөгжлийн газраас Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулсан. Энэ тухай Эдийн засгийн чуулганаар дэлгэрэнгүй танилцуулж, хөрөнгө оруулалтыг хэрхэн татах тухай хэлэлцэх юм.

“Эрдэнэс таван толгой”-гоос эхлээд том төслүүдээ хөдөлгөх, төвлөрлийг сааруулах бодлогод орон нутгийн удирдлагуудын оролцоог хангах зэрэг олон асуудалд шийдэл хайх хэлэлцүүлэг болно гэж чуулганыг зохион байгуулагчид үзэж байна. Чуулганы үйл ажиллагааг МҮОНРТ өнөөдөр, маргааш шууд дамжуулан хүргэнэ.

Тус чуулганы өнөөдрийн хөтөлбөр:
09:00 – 09:10 Нээлтийн үг: Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх
09:10 – 09:25 УИХ-ын даргын мэндчилгээ М.Энхболд
09:25 – 09:40 Хүндэт зочны илтгэл Хөрөнгө оруулалтын бодлого: Олон улсын чиг хандлага ба Монгол Улсын боломж (Дэлхийн банк Группийн Хөрөнгө оруулалтын орчин худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал, Ph.D. Кристин Жэнвэй Чианг, Дэлхийн Банк)
09:40 – 11:10 Нэгдсэн хуралдаан: Монгол Улсын Хөгжлийн бодлого ба хөрөнгө оруулалтын хөтөлбөр
11:10 – 11:25 Цайны завсарлага
11:25 – 12:30 Нээлттэй хэлэлцүүлэг: Төр, хувийн хэвшлийн диалог ба Хамтын ажиллагаа
12:30 – 13:30 Үдийн завсарлага Монгол Улсын Ерөнхий сайдын форумын дэмжигч байгууллагуудын төлөөлөл болон гадны хөрөнгө оруулагч нартай хийх хаалттай уулзалт
13:30 – 15:00 Салбар хуралдаан
– Санхүү ба хөрөнгийн зах зээлийн Өнөөдөр ба Ирээдүй (А танхим)
– Хариуцлагатай уул уурхай ба Хүртээмжтэй өсөлт (Их танхим)
– Аялал жуулчлал ба Агаарын тээвэр (Б танхим)
15:00 – 15:15 Цайны завсарлага
15:15 – 16:45 Салбар хуралдаан
– Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд: Сайн засаглал ба Хувьчлалын бодлого (Их танхим)
– Бидний үнэт зүйлс, ёс зүй ба Нийгмийн зөвшилцөл (А танхим)
– Улаанбаатар хотын эдийн засаг ба Хөрөнгө оруулалт (Б танхим)
Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын 50 сая төгрөгийн азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өчигдөр журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны 4 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны 5 дугаар сарын 19-ний 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 19,361,694 баримт хамрагдсанаас:

10 сая төгрөгийн 1

5 сая төгрөгийн 16

1 сая төгрөгийн 174

200 мянган төгрөгийн 1769

50 мянган төгрөгийн 17549 баримт тохиролд таарч, нийт 19509 иргэн азтан боллоо. Мөн 50 сая төгрөгийн супер азтан нэг тодорлоо.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 21-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт Төрийн ордонд “Монголын эдийн засгийн форум 2018” эхэлнэ.

09.00 цагт “Өргөө” амаржих газарт “Эх баригчдын эмнэл зүйн яаралтай тусламжийн ур чадварыг сайжруулах” сургалт болно.

11.00 цагт “Эрдэнэс-Таван толгой” компанийн байранд “1072 хувьцааны мэдээллийн төв”-ийн нээлт болно.

11.00 цагт ШӨХТГ-т иргэд, хэрэглэгч, аж ахуй нэгжээс ирүүлсэн гомдол, саналын мөрөөр хийсэн хяналт, шалгалтын ажлын талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт АТГ-т иргэний нийгмийн байгууллагууд Оюу толгой компанийн ТУЗ-ийн гишүүдийг баривчлан шалгах шаардах бичиг хүргүүлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Иргэн Д.Лхагвадорж Сүхбаатар дүүргийн удирдлагуудын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Гэр хороолол” хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.