Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв өргөжнө

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага, Мобиком корпораци өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Засгийн газрын 2016 оны 55 тоот тогтоолоор ГБХЗХГ-ын дэргэд “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийг байгуулсан. Тус төвд сард дунджаар 10 мянга гаруй дуудлагын хандалт ирдэг.

2017 онд 144869 дуудлага хүлээн авснаас 3173 тохиолдлыг аймаг, орон нутгийн ГБХЗХГ, хэлтэс, хамтарсан багт шилжүүлж, 63 хувийг бүрэн шийдвэрлэж, 1392 тохиолдлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар шинэчлэн баталсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын заалтад Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн тээврийн хэрэгсэлд тусгай болон гэрлэн дохио тавьж хэрэглэх тусгай зөвшөөрөл олгох тухай асуудлыг шийдвэрлэж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж сайжирч буй юм.

Энэ үеэр ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх хэлэхдээ, “Өнөөдөр хүүхдийн тусламжийн 108 утас нь 24 цагийн турш сардаа 10 мянга гаруй дуудлага хүлээн авч, хүүхдийн эрхийн зөрчил дээр очиж шуурхай тусламж үзүүлж байна. Бид өнгөрсөн онд 108 утасны төвийн дэргэд хамгаалах байр байгуулж, шуурхай тусламжийн машинтай болсон нь хувийн хэвшил болон олон улсын байгууллагын үр дүнтэй хамтын ажиллагаа юм. Хамтын ажиллагааны санамж бичгээ үргэлжлүүлж буй нь монголын хүүхдүүдийн хувьд том аз юм. Тиймээс Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага болон Мобиком корпорацийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.
Мобиком корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада, “Хүүхэд бол маш эмзэг, томчуудын туслалцаа дэмжлэг тэдэнд хамгийн их хэрэгтэй байдаг. Ялангуяа хүүхэд бүр амьдарч буй орчиндоо аюулгүй амьдрах нь чухал. Манай байгууллага нийгмийн хариуцлагын үүднээс Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй нь ирээдүй хойч үедээ оруулж буй хөрөнгө оруулалт” хэмээсэн бол Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Филипп Эверт, “Аливаа ажлыг сайн хийхэд түншлэл хамгийн чухал. Монголын мянга мянган хамгаалал шаардлагатай хүүхдүүд 108 утас руу залгаад тэдэнд “Биднийг хамгаалдаг хүмүүс байдаг юм шүү” гэсэн итгэл найдвар төрүүлж байгаадаа бид баяртай байна. Бидэнд цаашид хийх маш их ажил бий. Дэлхийд 108 утасны үйлчилгээ нь шилдэг туршлага болгохын төлөө бид хичээн ажиллах болно” гэдгээ хэлсэн юм.

2018 онд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн программын 3 дугаар шатны шинэчлэлийг хийж, хүний нөөцийг мэргэшүүлэх, дуудлагын тоог нэмэгдүүлж, онлайн чат, утасны мессэжээр зөвлөгөө, мэдээлэл өгч, хариу үйлчилгээг чанаржуулна гэдгийг талууд энэ үеэр онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ

Ерөнхий Боловсролын Сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дөрөвдүгээр улирлын амралтын хуваарь гарчээ. Тодруулбал, нэг болон хоёрдугаар ангийн сурагчид зургадугаар сарын 01-ний өдрөөс, гурав болон тавдугаар ангийн сурагчид зургадугаар сарын 8-ны өдрөөс амрах бол 6-12 дугаар ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 15-ны өдрөөс эхлэх юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатар хотод

Түвшин

Анги

Зуны амралт эхлэх хугацаа

Бага

I

VI/01-ний өдрөөс

II

III

VI/08-ны өдрөөс

IV

V

Дунд

VI

VI/15-ны өдрөөс

VII

VIII

IX

Ахлах

X

XI

XII

Хөдөө сум, тосгон, багт

Түвшин

Анги

Зуны амралт эхлэх хугацаа

Бага

I

VI/01-ний өдрөөс

II

III

VI/08-ны өдрөөс

IV

V

Дунд

VI

VI/15-ны өдрөөс

VII

VIII

IX

Ахлах

X

XI

XII

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд Польшийн Сеймийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Сейм дэх Польш-Монголын парламентын бүлгийн дарга Марек Жонса тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Олон жилийн түүхэн харилцаатай Монгол, Польшийн хамтын ажиллагаанд парламент хоорондын харилцаа чухал байр суурь эзэлсээр ирснийг уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд онцлоод, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.
Энэ оны сүүлчээр Варшавт хуралдах Монгол, Польшийн парламентын комиссын хуралдаан хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа болон хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэж байгаагаа тэрбээр илэрхийллээ.
-Өнгөрсөн онд шийдвэрлэсэн Польш Улсаас авах 50 сая еврогийн зээлээр нийгмийн шинж чанартай чухал төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх болно. Түүнчлэн амжилттай хөгжиж буй батлан хамгаалах салбарын харилцааг цаашид өргөжүүлэх, харилцан мэдээлэл солилцох хэлэлцээрийг ойрын үед байгуулах нь чухал гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд тэмдэглэж хэлэв.
Тэрбээр Польш Улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр гэрээ хэлэлцээр байгуулах байр суурийг баримталж байгаагаа илэрхийллээ. Мөн боловсролын салбарын хамтын ажиллагааны уламжлал, туршлагадаа түшиглэн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах суралцагчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарал тавих, байнгын ажиллагаатай Элчин сайдын яамдыг хоёр талд нээн ажиллуулах, бүс нутаг, олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенийг дэмжиж ирсэн байр сууриа цаашид үргэлжлүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа онцлов.
УИХ-ын дарга М.Энхболд БНПУ-ын парламентын Дээд, Доод танхимын удирдлагуудыг Монгол Улсад айлчлахыг урьсан урилгаа дахин баталгаажуулж байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ.
Ноён Марек Жонса хоёр орны парламент дахь бүлгүүд идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлоод, “Айлчлалын үеэр эдийн засаг, батлан хамгаалах, боловсролын зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлаар Монголын талтай санал солилцоно. Түүнчлэн манай талаас санал болгож буй хэд хэдэн асуудлыг хөндөж ярилцахаар төлөвлөж байна” гэв.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Д.Дамба-Очир, БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михал Лабенда, Сеймийн гишүүн Барбара Хробак, Элжбета Стенпень, Иоанна Фридрих, Кажимеж Гвяздовски нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа.
Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг Тавантолгойн төслийг хэлэлцэж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн төслийг хэлэлцэж байна. Засгийн газраас Тавантолгойн төслийг цогцоор нь хөдөлгөх саналаа УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар оруулж, хэлэлцүүлж байгаа юм. Мөн өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрх дуусгавар болсонтой холбогдуулан ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг түүний оронд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх аж. Тус бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Дижитал шилжилт болон блокчейн технологи” сэдэвт семинар боллоо

Монгол улсын засгийн газар төрийн үйлчилгээг цахимжуулж, түргэн шуурхай үйлчилдэг болох зорилт тавин ажиллаж байгаа билээ. 2018 оны 05-р сарын 17,18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ БОЛОН БЛОКЧЕЙН ТЕХНОЛОГИ” сэдэвт семинарыг зохион байгууллаа. Тус семинарт Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат болон яам агентлагийн удирдлага, бодлого төлөвлөлтийн мэргэжилтнүүд оролцлоо.


Семнарт блокчейн технологийг нэвтрүүлсэн АНУ, БНСУ, Малдав улсын эрдэмтэн судлаачид уригдан ирж оролцож өөрийн улсдаа нэвтрүүлсэн тэргүүн туршлагаасаа хуваалцсан юм.

Энэ удаагийн семинарыг ЗГХЭГ, ХХМТГ хамтрын зохион байгуулж Ухаалаг засаг төслийн нэгж, Үндэсний дата төв УТҮГ, МеGO, Монголын цахим засгийн төв дэмжиж ажиллалаа.

Монгол Улсын Засгийн газраас цахим засаглалыг хөгжүүлэх, төрийн үйчилгээг ухаалаг, хялбар болгоход анхаарч томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг хөгжүүлж цаасгүй технологи, цаг зав хэмнэсэн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

Цаашид төрийн үйлчилгээг цахимжуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Цахим бодлогыг түр хороо” байгуулах асуудлыг УИХ хэлэлцэх гэж байна. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу цахим засгийг хөгжүүлэх, тоон технологийг нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэн төвтэй хэлбэрт шилжүүлэх зорилт тавин ажиллаж байна.



Categories
мэдээ нийгэм

Монголын дурангийн мэс заслыг дэлхийн түвшинд хүргэнэ

Монголын дурангийн мэс заслын чуулга уулзалтыг Монголын элэг, цөс, нойр булчирхайн нийгэмлэгээс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ мэдлэг мэргэжлийг сайжруулах, тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэх, олон улсад нэвтэрч байгаа технологийн танилцуулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн гуравдугаар чуулга уулзалтад аймаг, нийслэлийн 500 гаруй мэс заслын эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж байна. Уг арга хэмжээг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ чуулганыг мэдээллийн дэвшилтэд технологийг ашиглан хавдрын тохиолдолд нээлттэй аргаар ходоод, гэдэсний залгаасын мэс засал, хүндрэлтэй тохиолдолд дурангийн аргаар цөсний хүүдий авах мэс заслуудыг Хавдар судлалын үндэсний төвөөс сургалтын танхимд шууд дамжуулан оролцогчдод хүргэн өвөрмөц байдлаар зохион байгуулж байгааг онцоллоо. Мөн мэс заслын, дурангийн, дүрс оношлогооны эмч, сувилагч нар бид Монголд хамгийн их хийгддэг цөсний хүүдийн хагалгааг аюулгүй хийх удирдамжыг хэлэлцэн чуулж байна гэлээ.

Мөн чуулга уулзалтаар дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн нотолгоонд суурилсан, үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн нөхцөл байдалд хамгийн тохиромжтой аргыг заах заавар зөвлөмжөөр хангахад чиглэн олон улсын зөвлөхүүд хамтран боловсруулсан SAGES, IRCAD, Италийн мэс заслын нийгэмлэгийнурдирдамжуудыг үндэслэн “Дурангийн аргаар цөсний хүүдий авах мэс заслын үеийн аюулгүй байдлыг хангах, мэс заслын дараах хүндрэлийн үеийн эмчилгээний заавар”-ыг Монголын элэг, цөс, нойр булчирхайн нийгэмлэг, Монголын мэс засалчдын холбоо, Монголын дүрс оношилгооны нийгэмлэг, Монголын дурангийн мэс заслын нийгэмлэг, Монголын интервеншионал эндоскопийн нийгэмлэг, Монголын эрчимт эмчилгээний нийгэмлэгийн төлөөлөл багтсан Эрүүл мэндийн сайдын А/131 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг боловсруулж, мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдэдээ танилцууллаа.

Ингэснээр цөсний хүүдийг дурангийн аргаар авах мэс заслын технологийг дэлхийн түвшинд хүргэх, эмчилгээний үр дүнг сайжруулахад чиглэсэн томоохон эрхзүйн баримт бичигтэй болж байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Г.Занданшатар: Бодлогын судалгааны “Think tank” байгуулахаар болсныг өнөөдөр зарлаж байна

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Монголын эдийн засгийн форумд үг хэллээ. Түүний хэлсэн үгийн бүрэн эхээр нь хүргэж байна.

-Энэ удаагийн эдийн засгийн чуулга уулзалт манай орны эдийн засаг сүүлийн дөрвөн жилд байгаагүй хамгийн өндөр өсөлттэй цаг үед болж байна. Гэхдээ дэлхий даяар тухайн улс орны хөгжлийн зорилтыг эдийн засгийн өсөлтөөс гадна хүний амьдралын чанар, аз жаргалын түвшин, эдийн засгийн өрсөлдөх чадвар, хүрээлэн буй орчныг хэрхэн сайжруулав гэдгээр тодорхойлж байна.

Тэгвэл эдгээр үзүүлэлтээр Монгол Улсын хөгжлийг дэлхий нийт хэрхэн дүгнэж байгааг цөөн хэдэн тоо баримтаар танилцуулъя. 2016 оны байдлаар Хүний хөгжлийн индексээр 188 орноос 92, аз жаргалын индексээр 140 орноос 136, Өрсөлдөх чадварын индексээр 138 орноос 102, Логистикийн гүйцэтгэлийн индексээр 160 орноос 108, Амьдралын чанарын индексээр 192 орноос 107, Байгаль орчны багц үзүүлэлтээр 140 орноос 111, Бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр 190 орноос 64 дүгээр байр тус тус эзэлсэн байна. Эдгээр үзүүлэлтээс бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр Монгол Улс сайн үнэлгээ авсан төдийгүй 2018 онд энэ үзүүлэлтийг хоёр байраар ахиулж чадлаа.Үүний үр дүнд,

– Экспортын хэмжээ нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэл 2016 онтой харьцуулахад 26 хувиар нэмэгдэж 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.

– Нийт тээвэрлэсэн ачааны хэмжээ 53.9 сая тонн болж, ачаа эргэлт 15 хувиар өслөө.

– Нийт хөрөнгө оруулалт 44 хувиар өсч, хөрөнгө оруулалтын хэмжээ 10.3 тэрбум ам.долларт хүрээд байна. Хөдөө аж ахуйн салбар дах хөрөнгө оруулалт 24 хувиар, худалдааны салбар дахь хөрөнгө оруулалт 58 хувь өсч, уул уурхайн салбар дах хөрөнгө оруулалт 3,7 дахин өслөө.

– Банкин дахь иргэдийн хадгаламж 2017 оны эцсээр өмнөх жилээс 2.4 их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

– Төсвийн алдагдал хоёр дахин буурч төлбөрийн тэнцэл ашигтай гарсанаар зээлжих зэрэглэлээ ахиулж чадлаа.

Энэ мэтээр эдийн засагт эерэг сайн үр дүн гарч байгаа ч тулгамдсан зорилт, шийдвэрлэх ёстой ажлууд хүлээгдэж байна. Ялангуяа 2018 он Монгол Улсын хувьд их бүтээн байгуулалтын жил юм. Монгол Улс нутаг дэвсгэр, баялгаараа дэлхийд эхний 20-д багтдаг, нэг хүнд ногдох газар нутаг, мал сүргийн тоогоор дэлхийд тэргүүлдэг хэрнээ гурван хүний нэг нь ядуу амьдарч байна. 1990 онд нийгмийн шилжилт хийж, тогтолцоогоо өөрчилснөөс хойш 28 жил өнгөрөхөд бидэнд нэг зүйл улам тодорхой болж байна. Улстөрчид нь хариуцлагагүй, эв нэгдэлгүй, улс орон нь нэгдсэн бодлого төлөвлөлтгүй явж байснаас болж гүнзгий хямралд орсон байлаа. Хөгжлийн төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭН ажиллахыг биднээс цаг үе шаардаж байна.

Бид энэ шаардлагыг үндэслэн дэлхий нийтийн хөгжлийн хандлага болон хөрш орнуудын эдийн засгийн нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийж, хөгжлийн боломж, сорилтоо тооцоолж, “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд 2030”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д тулгуурлан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг тодорхойлоод байна.

Энэ бодлогод хөгжлийн үндэс нь сайн төр, монгол хүн, монголын баялаг гэж үзэн “НЭГДМЭЛ ЗОРИЛГОТОЙ МОНГОЛ УЛС“ үзэл баримтлалын дор “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого”, “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван тэргүүлэх чиглэл дэвшүүлсэн. Энэ хүрээнд 27 зорилтоос хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр зорилтуудаас тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, арга хэмжээг Та бүхэнд танилцуулья.

ЗАСАГЛАЛЫН РЕФОРМЫН ХҮРЭЭНД: Иргэд, баялаг бүтээгчид шударга, хариуцлагатай, тогтвортой засаглал хүсч байна. Бид шударга, ёсзүйтэй төрийн реформыг хэрэгжүүлж байж ардчлал батжиж, бизнесийн өрсөлдөөн шудрага тэгш болно гэж үзэж байна. Учир нь хөрөнгө оруулагчдын дунд хийсэн судалгаагаар хөрөнгө оруулалтын орчинд хамгийн их нөлөө үзүүлж байгаа хүчин зүйл нь Засаглалын тогтвортой байдал хэмээн тодорхойлогдож байна.

Гэтэл манай орны хувьд улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн хувийн сонирхол нь иргэд, шударга бизнес эрхлэгчдийн хамгийн том бэрхшээл болоод байна. Энэ бэрхшээлийг шийдэхийн төлөө бид ажиллаж байна!

Манай Засгийн газар хийж байгаа ажлаа үргэлж тунхаглаад зарлаад байж чаддагүй нь үнэн. Бид үр дүнг л хүсч байна. Үр дүнгийн төлөө цаг наргүй ажиллаж байна. Шууд гол гурван санаагаа хэлье! Нэгдүгээрт, улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн хувийн сонирхлын нөлөөнөөс улс, төрийн албыг ангижруулах шаардлагатай байна.

Тэд бизнес эдийн засгийн томоохон төслүүдэд нөлөөлж, үндэсний шударга бизнес эрхлэгчдийг өсөн дэвжих боломж, бололцоог хааж байна. Эрсдэлтэй хэдий ч зайлшгүй хийх ёстой алхам бол эдийн засагт нөлөөлөх шударга бус үйлдлийг таслан зогсоох юм. Төсөв, тендер, төсөл, хөтөлбөрүүдэд шургалсан шударга бусын гарыг тасдаж, шударга бизнесүүдэд бараа, бүтээгдхүүнээ нийлүүлэх боломж олгоно. Эцсийн эцэст хувь хүн, сум, аймаг, хот, салбар, компани, байгууллага бүрийг өөрсдийнхөө чадал, боломж, хүсэл мөрөөдлийн хэмжээгээр тэгш боломжоор хангахыг эрмэлзэж байна. Ийм боломжийг хангахын тулд шатыг доороос нь бус дээрээс нь эхэлж шүүрддэг гэдгийг хэлэхийг хүсч байна.

Манай Засгийн газар байгуулагдсан анхны өдрөө төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлагыг сайжруулах Албан даалгавар өгч ажлаа эхэлсэн. Албан даалгаврын биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэнэ. Төрийн албаны тогтвортой байдлыг хангах зорилгоор Төрийн албаны тухай хуулийг шинчлэн боловсруулж УИХ-аар батлуулан ирэх оны эхнээс мөрдөх гэж байна. Одоо Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албаны ёсзүй, сахилга, эгэх хариуцлагын тухай хуулийг боловсруулж, өргөн барихад бэлэн болоод байна. Шударга, хариуцлагатай төрийн албыг бий болгох зорилгоор Мэдээлэл, технологийн бодлогын зөвлөл байгуулан цахим засаглал, дижитал шилжилтээр хэрэгжиж эхэлж байна.

Шударга, ёсзүйтэй төрийн реформыг цахим шилжилтээр эхлүүлж байна. Технологийн ололт, давуу талд тулгуурлан энэхүү дижитал шилжилтийг тууштай хэрэгжүүлснээр төрийн үйлчилгээ, төрийн байгууллагуудыг тойрсон хүнд суртал, шат дамжлага, авилгыг бууруулна. Төр, засгийн бодлого, шийдвэр боловсруулахад иргэдийн оролцоог хангаж, улмаар улс орны эдийн засаг, нийгмийн харилцааг шинэ шатанд гаргана. Эдийн засгийн шинэ, динамик салбар бий болгоно. Монгол Улс дижитал шилжилтийг хэрэгжүүлэхдээ зөвхөн технологийн шийдэлд ач холбогдол өгөх бус төрийн удирдлагын механизм, төрийн байгууллагын үйл ажиллагаа болон төрийн албаны шинэчлэл өөрчлөлттэй уялдуулан цогц байдлаар шийдвэрлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж байна.

Дижитал шилжилтийг хэрэгжүүлэхдээ төрийн мэдээлэл солилцооны систем, иргэдийн цахим оролцооны систем, нийтийн түлхүүрийн дэд бүтэц, иргэдийг таньж баталгаажуулах систем, цахим албан бичгийн платформ зэрэг технологийн суурь платформыг хөгжүүлж эхнээс нь амжилттай ашиглаж эхлээд байна.

Үндэсний хөгжлийн газрын дэргэд бодлогын судалгааны “Тhink Tank” байгуулахаар болныг зарлаж байна. Энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоодын саналыг хөгжлийн бодлогод тусгадаг болно гэсэн үг юм. Төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хадгалж, хэрэгжилтийн үр дүнд шууд нөлөөлөх болно.

Хөгжлийн бодлогын тогтвортой байдлыг хангах нь юу юунаас илүү чухал байна. Үүнийг шийдвэрлэх зорилгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн цахим платформ байгуулж эхлээд байна. Ингэснээр хөрөнгө оруулагчдыг хөгжлийн бодлого болон түүний хүрээнд хэрэгжих хөрөнгө, төслүүдийн талаарх мэдээллийг цахим хэлбэрээр тасралтгүй хангах боломж бүрдэнэ. Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамдын үйл ажиллагааг ч үүнтэй уялдуулан цахим хэлбэрт шилжүүлэн, гадаад харилцааг эдийн засагжуулах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлнэ.

Аж үйлдвэрийн IV хувьсгалыг эхлүүлэх боломжийг бүрдүүлж байна. Аж үйлдвэрийн салбарын мэдээллийн платформ байгуулж 3400 гаруй жижиг, дунд үйлдвэрийг цахим платформд нэгтгэлээ. Эдийн засаг, нийгэм, хүний хөгжилд мэдээллийн технологийн гүйцэтгэх үүрэг, үр нөлөө нь улам ихээр нэмэгдэж байна. Тоон технологийн боломжийг цаг алдалгүй ашиглах, аж үйлдвэрийн IV хувьсгалын суурь нөхцөлүүдийг бүрдүүлж мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан тоон эдийн засгийн салбарын эдийн засагт эзлэх хувийг нэмэгдүүлнэ. Шинэ тутам гарч ирж буй энэ салбарын хөгжлийг дэмжих экосистем бий болгох, боловсон хүчнийг чадавхижуулахад чиглэсэн бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлж эхлээд байна.

Баялаг бүтээгчдээ дэмжих цогц бодлого, багц хууль баталж хэрэгжүүлнэ. Уг багц бодлого, хуулийн төсөлд Нэгдүгээрт, Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого Хоёрдугаарт, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Гуравдугаарт, Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл багтаж байна. Эдгээр бодлого, хуулийн төслийг шинээр боловсруулах ажлыг хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулах, олон улсын шилдэг туршлагыг ашиглах, өөрийн орны онцлогт тохируулах, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, олон нийтээр хэлэлцүүлэн санал, зөвлөмжийг авч ажиллах үүднээс бүх аймаг, дүүрэгт хэлэлцүүлэг зохион байгуулж эхлээд байна.

НИЙГМИЙН БОДЛОГЫН РЕФОРМЫН ХҮРЭЭНД: Монгол хүний амьдралын мөчлөг бүрт тохирсон хөгжлийн цогц бодлого боловсруулж хэрэгжүүлнэ. Өнгөрсөн 28 жилийн туршид монгол хүний хөгжлийнцогц бодлого орхигдсоноор нийгмийг цочоосон гэмт хэрэг, зөрчил, авлига, ёс зүйгүй байдал, хүнд суртал, ажилгүйдэл, ядуурал нийгмийг бухимдуулж байна. Хүүхэд, залууст уламжлалт зан заншил, ёсзүй, оюуны хүмүүжил, биеийн өв тэгш хөгжлийг бүхий монгол хүнийг төлөвшүүлэх шаардлагатай байна. Монголчууд оюуны асар өндөр потенциалтай гэдгийг Та бүхэн мэдэх байх. Манай өсвөр үеийнхэн тив дэлхийн оюун ухааны олимпиад, уралдаан, тэмцээнд тэргүүн байруудыг эзлэн амжилттай оролцож байгаа нь үүний баталгаа.

Тиймээс Засгийн газар монгол хүний оюун ухааны болон биеийн хөгжлийг ургийн үеэс эхлэн нялх нас, балчир нас, хүүхэд нас, залуу нас, ид нас, идэр нас, ахимаг нас, ахмад нас, өтөл нас гэхэд хүний амьдралын мөчлөг бүрт тохирсон хөгжлийн цогц бодлого боловсруулан хэрэгжүүлж эхэлж байна. Ингэснээр монгол хүний амьдралын мөчлөг бүрт боловсрол, эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн бодлогыг чиглүүлж, монгол иргэн бүр төрийн бодлогын анхааралд байх нөхцөлийг бүрдүүлэх юм.

Ядуурлыг бууруулах салбар дундын арга хэмжээг 21 аймаг, есөн дүүрэг, бүх салбарт хэрэгжүүлж эхлээд байна.

Цахим мэдээллийн системд ядуу иргэдийг бүртгэж, ядуурлыг шалтгаанаар нь бүлэглэж, ангилал бүрт тохирсон төсөл, хөтөлбөрт ядуу иргэдээ бүрэн хамруулна. 2020 он хүртэл ядуурлыг бүрэн хянах дөрвөн үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлэн улмаар 2030 онд дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудад заасан ядуурлын бүх төрлийг устгах зорилтыг биелүүлнэ.

ЭДИЙН ЗАСГИЙН РЕФОРМЫН ХҮРЭЭНД: Манай улс 1958 оноос атар газар эзэмшиж эхлэн 60 жилийг үдсэн бол өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас Хөдөө аж ахуйн хөгжлийн дараагийн шинэ жарныг эхлүүлэх шийдвэр гаргалаа. Газар тариалангийн бүс нутгийг долоон аймгийн 60 сумын 113 багийг хамруулан тогтоож, газар тариалангийн салбарыг бодлогоор дэмжиж, бодлогын зээл, хөрөнгө оруулалтыг энэ бүс нутагт чиглүүлэхээр тогтлоо.

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл хөгжүүлэх тохиромжтой байдлын үнэлгээг хийж, эхний ээлжинд 10 аймгийг хамруулан Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл хөгжих хөгжлийн хөндийг тодорхойлон зарлаж байна. Тус хөндийг түшиглэн хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоо, логистикийн сүлжээг шинэ шатанд гаргаж, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн паркыг орон нутагт бүсчлэн байгуулж, хүнс экспортлож эхлэнэ.

Дээрх бодлогод тулгуурлан “Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн төслийг боловсруулаад байна. Өөрөөр хэлбэл,Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг нь “Гурван тулгуурт хөгжлийн бодлого»юм.

“Хөрөнгө оруулалтын хөтөлбөр” нь «Гурван тулгуурт хөгжлийн бодлого»-д тусгагдсан хөрөнгө оруулалтын томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн тооцоог эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчилж, төлөвлөсөн баримт бичиг болно.

Хөтөлбөрт “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын Нийгмийн бодлогын хүрээнд 1.4 их наяд төгрөгийн 19 төсөл, Засаглалын бодлогын хүрээнд 1.3 их наяд төгрөгийн 17 төсөл, Олон тулгуурт эдийн засгийн бодлогын хүрээнд 25.5 их наяд төгрөгийн 77 төсөл хэрэгжүүлэхээр тусгаад байна.

Хөтөлбөрийн төсөлд улсын төсөв, гадаад зээл, тусламж, концессын гэрээ, хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх тус бүр нь 30 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний төсөвт өртөгтэй нийт 38.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэх 113 төсөл арга хэмжээ тусгагдсан. Үүнээс шилжин хэрэгжиж буй 43 төсөл, арга хэмжээг 9.05 их наяд төгрөгийн санхүүжилтээр, шинээр хэрэгжүүлэх 70 төсөл, арга хэмжээ эрэмбэлж оруулаад байна.

Дээрх төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг гадаад дотоод гэж ялгаварлахгүйгээр тогтвортой байлгана. Хөрөнгө оруулагчдын нийтлэг эрх зүйн баталгааг тодорхойлж, эдийн засгийг төрөлжүүлэх зорилгоор бүс нутаг болон салбараар хуваан ангилна.

Монгол Улсад үр өгөөжтэй төслүүдийн татварын орчинг тогтворжуулах замаар хөрөнгө оруулалтыг татах бодлого баримтлана. Түүнчлэн Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг ажиллуулж, тэдгээрийн гомдлыг шийдвэрлэх тогтолцоог бүрдүүллээ. Зөвлөлийн дэргэд Төр – хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо бий болгож, төрөөс аливаа шийдвэр гаргахаас өмнө олон нийт, хувийн хэвшлийнхэнтэй сонгодог утгаар зөвшилцөж, тэдний санал, хүслийг агуулсан, нийгмийн дэмжлэгийг авсан, ээлтэй бодлого гаргах боломжийг бүрдүүлээд байна.

Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих, оруулсан хөрөнгө оруулалтыг нь хамгаалж, баталгаажуулах хүрээнд Засгийн газар, хөрөнгө оруулагч хооронд “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулах, Үндэсний хөгжлийн газраас “Тогтворжуулах гэрчилгээ” олгох хоёр том механизм хэрэгжүүлж байна. Хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдол нь тухайн төсөл хэрэгжүүлэх, үйл ажиллагаа явуулах эрхзүйн орчныг гэрээний хугацаанд тогтворжуулах үүргийг Засгийн газар хүлээж байна. Нөгөө талаар Хөрөнгө оруулагч төслийн дагуу амласан хөрөнгө оруулалтаа заасан хугацаандаа оруулах, бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдүүлэх, байгаль орчин, орон нутгийн хөгжлийг дэмжих үүрэг хүлээдэг.

Дэлхийн банкны судалгааны дагуу Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн эрхзүйн болон зохицуулалтын орчинг сайжруулах ажлыг Засгийн газар шат дараатай хэрэгжүүлнэ. Үүнийг дараахь байдлаар хэрэгжүүлнэ. Үүнд: нэгд, одоогоор мөрдөгдөж буй хууль, журмуудын хэрэгжилтийг бүрэн хангана. Олон улсын гэрээ, конвенци, хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн эрхээ эдэлж, үүргээ харилцан биелүүлдэг байх, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшилд амласан амлалт, тохиролцсон асуудлаасаа буцдаггүй байх зарчмыг баримталж ажиллана. Хоёрт Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулна.

Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн гомдлыг шийдвэрлэх онлайн платформыг нэвтрүүлж ажиллана. Гуравт, Төр-хувийн хэвшлийн зөвшилцлийг хөгжүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Бодлогын баримт бичгүүдийг хамтран хэлэлцэн боловсруулдаг байх зарчмыг мөрдлөг болгон ажиллана. Дөрөвт, Хууль хоорондын давхцал, хийдэл, зөрчлүүдийг арилгах, эрх зүйн орчныг илүү таатай болгох хүрээнд зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар нарийвчилсан судалгааг хувийн хэвшилтэй хамтран судалж, шийдвэрлэх болно.

Эцэст нь салбарын яам бүрийг “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг мэргэжлийн холбоотой байгуулан ажиллах нь хамгийн чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн хамтран ажиллахыг та бүхнээс хичээнгүйлэн хүсч, эдийн засгийн чуулга уулзалтад амжилт хүсье.

Хөжглийн төлөө хүчээ нэгтгэе

Categories
мэдээ нийгэм

Монголын энхийг сахиулагчид барьцаалагдсан 5 эмэгтэйг чөлөөлжээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын Бентью хотод байрлах Дотоодын дүрвэгсдийн хуаранд 120 гаруй мянган хүн байгаагаас 80 хувийг нь хүүхэд, эмэгтэйчүүд эзэлдэг байна. Энэ сарын 11-ний өглөөний 10.00 цагийн орчимд Дотоодын дүрвэгсдийн хуаранд үүрэг гүйцэтгэж байсан НҮБ-ын Цагдаагийн офицерт таван эмэгтэйг үл мэдэгдэх зэвсэгт этгээдүүд хүч хэрэглэн авч явсан талаар орон нутгийн иргэд мэдээлсэн байна. Улмаар НҮБ-ын Цагдаагийн ажиллагааны төвөөс хурандаа Д.Энхбаатар захирагчтай Мотобуудлагын VII ээлжийн батальоноос дэмжлэг хүссэний дагуу шуурхай бүлэг томилон үүрэг гүйцэтгэж, “Самнан хайх ажиллагаа” зохион байгуулж, гэмт этгээдүүдийг шуурхай илрүүлэн барьцаалах оролдлогыг таслан зогсоожээ. Шуурхай бүлгийн бие бүрэлдэхүүн зэвсэгт этгээдүүдээс аварсан эмэгтэйчүүдийг хамгаалан Дотоодын дүрвэгсдийн хуаранд иржээ. Энэ үед орон нутгийн иргэд, Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд, НҮБ-ын цэрэг, цагдаагийн алба хаагчид угтан авч талархал илэрхийлжээ. Мөн монголын цэргийн багийн байрлах Юнити мужид суух НҮБ-ын UNMISS ажиллагааны зохицуулагч хатагтай Хироко Хирахара болон Олон улсын хүний эрхийн байгууллагуудаас дээрх үйл явдалтай холбогдуулан Монголын цэргийн алба хаагчдад талархлын захидал ирүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

“УЛААНБААТАР МАРАФОН 2018”-д замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамт олон амжилттай оролцлоо

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээн өнгөрсөн амралтын өдөр тав дахь жилдээ зохион байгуулагдлаа. “Улаанбаатар марафон 2018”-д Нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 30 мянга гаруй иргэн бүртгүүлэн оролцов. Энэхүү үйл ажиллагаанд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн 80 гаруй албан хаагч нийтийн биеийн тамирын спортыг дэмжин оролцлоо. Байгууллагын үйл ажиллагааны онцлогийг харуулсан гэрлэн дохионы, улаан, шар, ногоон, гурван өнгийн хувцасаар ижилссэн.

Тус хамт олон 5 км-т гүйж, дэлхийн шилдэг дугуйн брэнд “Мерида”-ийн албан ёсны борлуулагч Тайвань байке ХХК-тай хамтран ажиллаж, дугуйн парад хийж нийт 20 ажилтан 2 цагийн турш дугуйн аялалд оролцож хамт олноороо СПОРТЛОГ, ЗӨВ АМЬДРАЛЫН ХЭВШИЛ-ийг сурталчлан таниулахад өөрсдийн хувь нэмрийг оруулав гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн шүдний эмчилгээний зардлыг ЭМД-аас санхүүжүүлэх боломж бүрдүүлэхийг даалгав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдан хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Хурлыг нээж Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, “Хүүхдийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр” батлан хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авч байгааг хэлэв. Гэвч хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байгааг тэмдэглэлээ. Энэ нь нэг талаар яамд, байгууллага хоорондын ажлын уялдаа, олон нийтийн ойлголт, хандлага, эцэг, эхчүүдийн хүүхэддээ тавих анхаарал, хяналт, үүрэг, хариуцлага сул байгаатай холбоотой гэж Ерөнхий сайд үзэж байна.
Иймээс хууль, тогтоомж, бодлогын хэрэгжилтийг бүх шатанд эрчимжүүлэх, хүүхдийн хөгжил, хамгааллын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдааныг хуралдуулжээ.
Статистик тоо баримтаас үзвэл өнгөрсөн онд насанд хүрээгүй хүүүхдийн үйлдсэн 950 орчим гэмт хэрэгт 1066 хүүхэд холбогдон шалгагдаж, 1692 гэмт хэрэгт 1757 хүүхэд хохирч, 127 хүүхэд амь насаа алдсан байна.
Бэлгийн хүчирхийллийн улмаас 187 хүүхэд хохирсны 12 нь эрэгтэй хүүхэд байжээ. Зам тээврийн осолд 1083 хүүхэд гэмтэж, 55 хүүхэд нас барсан. Хурдан морины 394 уралдааны үеэр 629 хүүхэд мориноос унаж 159 хүүхэд бэртэж, гэмтсэнээс хоёр нь амь насаа алдаж, гурав нь хөгжлийн бэрхшээлтэй болжээ.
Улсын хэмжээнд хүүхдийн асрамж, халамжийн 36 төвд 1019 хүүхэд өсч, хүмүүжиж байна. Үүнээс улс, нийслэлийн санхүүжилтээр ажилладаг гурван төв 357 хүүхдэд асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлж байна. Олон улсын болон төрийн бус байгууллагын санхүүжилтээр ажилладаг 33 асрамж, халамжийн төвд 662 хүүхэд амьдардаг гэсэн судалгаа гарчээ.
Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга У.Хүрэлсүх хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төр, засаг, төрийн бус байгууллага, олон нийт, эцэг, эхчүүд бүгд хамтран зүтгэхийг уриаллаа. Тэрээр мөн яамд, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өглөө.
Юуны түрүүнд хүүхдийн асрамж, халамжийн төвд өсч хүмүүжиж байгаа хагас, бүтэн өнчин хүүхдүүдийг гэр бүл, түүнтэй дүйцэх орчинд өсгөхөд /хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ/ шаардагдах хөрөнгийг судалж шийдвэрлэхийг үүрэг болгов. Мөн хүүхдийн зусланд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төслийг санхүүжүүлэх эх үүсвэрийг судалж шийдвэрлэхээр боллоо.
Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдээлэх, илрүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад нийгмийн ажилтан, багш, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв.
Хүүхдийн шүдний цоорол, өвчлөлийг бууруулахад анхаарч, шүдний эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх боломж бүрдүүлэх, тусгай зөвшөөрөл олгох журамд хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг нэмж тусгахаар болов.
Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаж байгаа эсэхэд хяналт тавих, ялангуяа сургууль, цэцэрлэгийн хоол, үйлчилгээний чанар, эрүүл ахуйд тогтмол хяналт тавьж байх зэргийг үүрэг болгов.
Мөн хуралдаанаар энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа. Сургууль, цэцэрлэг, дотуур байр, асрамж, халамжийн төв, хүүхэд харах үйлчилгээний байр зэрэгт камер суурилуулах, БЗД дэх Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгыг шинэчлэх, тусгай хэв шинжтэй сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, ажилтанд үндсэн цалингийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгох, хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх тоглоом, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах зөвлөмж, зааврыг нийтэд байнга хүргэх зэрэг ажил хийх юм.