Categories
мэдээ нийгэм

Зуны бага ачааллын горим ажиллагааг баталлаа

Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Диспетчерийн үндэсний төв ХХК хамтран “Эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын ерөнхий инженерүүдийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулан 2018 оны зуны бага ачааллын горим ажиллагааг баталлаа.

Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ:

Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 2018 оны зуны бага ачааллын горимд цахилгаан эрчим хүчний хэрэглээ 1631,5 сая кВт цаг төлөвлөгдсөн нь 2017 оны зуны горимын гүйцэтгэлээс 8,3%буюу 125,1 сая кВт цагийн өсөлттэй. 2018 оны төлөвлөгөөнөөс 3,7%буюу 58,04 сая кВт цагийн өсөлттэй байхаар төлөвлөсөн.

2018 оны 1 дүгээр улирлын гүйцэтгэлээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2017 оны гүйцэтгэлээс 10,4%,2018 оны төлөвлөгөөнөөс 5,4%-аар өсөлттэй байгаа тул 2018 оны зуны горимын хэрэглээг өсгөж төлөвлөсөн.

2018 оны зуны бага ачааллын горимд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнээс авах, бусад бүсүүдийн эрчим хүчний нийт хэмжээ 34,55сая кВт.цаг байгаа нь өмнөх зуны горимын гүйцэтгэлээс 2,56 сая кВт.цаг буюу 8,0%-ийн өсөлттэй.

2018 оны цахилгаан эрчим хүчний хэрэглээний 9,6%буюу 156,7 сая кВт.цагийг ОХУ-аас импортлох цахилгаан эрчим хүчээр, 90,4% буюу 1474,76 сая кВт.цагийг дотоодын их үүсвэрүүдээс хангана.

Бүсүүдийн хувьд:

  • Алтай Улиастай эрчим хүчний систем нь 2017 оны зуны горимын цахилгаан эрчим хүчний хэрэглээний гүйцэтгэл 18,3 сая кВт.цаг 2018 оны зуны бага ачааллын үеийн горимд 1,63%-аар өсөхөөр буюу нийт 18,59 сая кВт.цаг болохоор төлөвлөв.
  • Баруун бүсийн эрчим хүчний системийн 2018 оны зуны бага ачааллын хэрэглээг өмнөх жилээс 5,7%буюу 2,4 сая кВт.цагийн өсөлттэйгөөр төлөвлөж байна.
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем нь 2018 оны зуны бага ачааллын горимд цахилгаан эрчим хүчний хэрэглээ 83,5 сая кВт.цаг байх ба 2017 оны зуны горимын гүйцэтгэлээс 0,36 сая кВт.цаг буюу 0.4% өсөлттэйгөөр төлөвлөж байна.
  • Өмнөд бүсийн нийт хэрэглээг өмнөх жилийн гүйцэтгэлээс 2,26% буюу 9,7 сая кВт.цагаар өсгөн 440,57 сая кВт.цаг байхаар төлөвлөсөн байна.
Categories
мэдээ нийгэм

С.Батболд “Хөгжлийн алтан гурвалжин бодлого” хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар “Алтан гурвалжин-Хөгжлийн бүс” зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтын гол зорилго нь Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан Төвийн бүсэд зэрэгцэн орших Төв, Сэлэнгэ, Булган аймаг, Дархан, Эрдэнэт хотын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын хөгжлийн чиг хандлага, суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Алтан гурвалжин” загвараар манлайлсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд оршиж байна. Энэхүү “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд санаачилсан бөгөөд Монгол улсад жишиг болсон бүс нутгийн хөгжлийн бодлого хэрэгжүүлэх энэ тэргүүний зорилт тавьсан байна.

Тэрбээр хэлэхдээ “Улаанбаатар хотын хүн амын улсын дүнд эзлэх хувь 1990 онд 26 хувь байсан бол 2017 онд 47 хувь болж өссөн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүн амын шилжилт хөдөлгөөнийг 2017 оноос хязгаарлаж эхэлсэн нь үр дүнгээ өгч, жилд дунджаар 30 мянган хүн шилжиж ирдэг байсан бол 20 мянгаар буураад байна. Гэсэн хэдий ч нийслэлийн хүн амын өсөлтийн 56 хувийг хүн амын шилжилт хөдөлгөөн эзэлж, хүн амын нягтрал 286 байгаа нь улсын дунджаас 150 дахин өндөр үзүүлэлт бөгөөд энэхүү төвлөрлөөс үүдэлтэй агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл үүсэх, дэд бүтцийн ачаалал ихсэх, нийгмийн үйлчилгээний хүчин чадал зэрэг асуудлууд зохистой хэмжээнээсээ 2-3 дахин хэтэрсэн нь анхаарал татсаар, төрийн байгууллагууд хөрөнгө, хүчээ эдгээр асуудлыг шийдэхэд зориулсаар байна. Төвлөрлөөс үүдэлтэй агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл үүсэх, дэд бүтцийн ачаалал ихсэх, нийгмийн үйлчилгээний хүчин чадал зэрэг асуудлууд зохистой хэмжээнээсээ 2-3 дахин хэтэрсэн нь анхаарал татсаар, төрийн байгууллагууд хөрөнгө, хүчээ дээрх асуудлыг шийдэхэд зориулсаар байна. Ийм нөхцөлд өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, ажлын хэсэг байгуулан 2 сарын турш идэвхтэй ажилласан” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Улаанбаатар хот, таван аймгийн удирдлагын багаас бүрдсэн ажлын хэсэг 2 сарын хугацаанд идэвхтэй ажилласанаар “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогын хүрээнд хамтран ажиллах төсөл, хөтөлбөрүүдээ тохироод байгааг аймгийн удирдлагууд илтгэл, танилцуулгадаа онцолж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Монголын улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага” сэдвээр үндсэн илтгэл тавьж, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа нар аймаг орон нутгийн хөгжлийн танилцуулга болон “Хөгжлийн алтан гурвалжин”-д нэгдэж байгаа бодлогуудаа танилцууллаа.


Тухайлбал, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат хэлэхдээ “Арьс ширний үйлдвэрүүдийг тус аймагт төвлөрүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой. Ингэснээр 25 мянган хүний ажлын байрны асуудал яригдахын зэрэгцээ арьс шир боловсруулалтаараа тэргүүлэгч үйлдвэрүүдийн түүхий эд ч төвөггүй нийлүүлэгдэнэ. Мөн Улаанбаатар хотыг эрүүл хүнсээр хангах ажилд Дархан-Уул аймаг манлайлан оролцох боломж бий” гэдгийг онцоллоо.


Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа хэлэхдээ “Төвийн бүсийн 5 аймаг, Улаанбаатар хотыг төмс, хүнсний ногоогоор 100 хувь хангах бодлого барина. Мөн ХААИС-ийн зарим салбар сургуулийг Сэлэнгэ аймагт шилжүүлэх, онол практикийг газар дээр нь хослуулах, тээвэр ложистикийн сүлжээг хөгжүүлэх өргөн боломж бий” гэдгийг ч тодотгож байна.

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут “Эрдэнэт хот хөгжлийн шинэ бодлого, төлөвлөлт хийж байна. Шинэ хороолол барих, сургууль цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэх, Эрдэнэт үйлдвэртээ түшиглэсэн уул уурхайн болон Шинжлэх ухаан технологийн сургуулиудыг хөгжүүлэх боломжтой” гэж онцоллоо.

“Хөгжлийн алтан гурвалжин” бодлогыг санаачилсан хотын дарга С.Батболдод талархаж байгаагаа илэрхийлж, цаашид хэлэлцэж, шийдвэрлэсэн төсөл хөтөлбөрүүдээ ажил хэрэг болгоход аймаг, орон нутаг төсөв, төлөвлөгөөнөөс эхлэн анхаарна хэмээн аймгийн удирдлагууд хэлсэн юм.

“Алтан гурвалжин-Хөгжлийн бүс” зөвлөлдөх уулзалтад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан оролцож, үг хэллээ. Улаанбаатар хотод өнөөдөр тулгамдаж байгаа асуудал их. Өнөө, маргаашаа аргацаасан бодлогоор хотоо хөгжүүлэх биш шинэ хөгжлийн төлөвлөлт гаргах нь нэн чухал байсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд санаачлан “Хөгжлийн алтан гурвалжин” бодлого дэвшүүлж байгааг НИТХ бүхий л талаар дэмжин ажиллана. Нийслэл хотын хөгжлийн амин чухал асуудал болсон төвлөрөл, түгжрэл, агаар орчны бохирдлыг бууруулах, шинэ төлөвлөлтийг оновчтой хэрэгжүүлэхэд “Хөгжлийн алтан гурвалжин бодлого” үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Аливаа ажлыг эхлүүлж, зориглон хийхэд бэлтгэл ажил маш чухал. Төвийн бүс нутгийг хөгжүүлэх, тэр дундаа Улаанбаатар хотын төвлөрөлийг сааруулах, оновчтой зохион байгуулалт, төлөвлөлт хийхэд Дархан, Эрдэнэт хот болон төмөр замын дагуух бүс нутгуудын харилцаа, хамтын ажиллагаа чухал юм. Монгол улс бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын талаар олон жил ярьж, бичиж, хуульчилж ирлээ. Хэрэгжсэн нь чин үнэндээ алга байна. Харин бидний хувьд “Хувьсгалын тохироо бүрдлээ” гэдэгчилэн хамтын ажиллагаагаа тэлэх, харилцан оновчтой, хүнээ дээдэлсэн, төрийн үйлчилгээг хүргэсэн, байгаль экологио хамгаалсан, төвлөрлийг сааруулсан бодлого хэрэгжүүлэх цаг нь иржээ. Энэ бол түүхэн өдөр. Хэдэн дарга нар цуглаад нэг асуудлын талаар хий дэмий яриад гараагүй. 2 сарын турш ажлын хэсэг ажиллаж, харилцан зөвшилцөж, хамтын ажиллагааны гараагаа эхлүүллээ. “Хөгжлийн алтан гурвалжин” бодлого Монгол улсад үлгэр жишээ бүсчилсэн хөгжлийн бодлого байх болно гэдэгт санаачлагчийн хувьд би итгэлтэй байна гэсэн юм.

“Хөгжлийн алтан гурвалжин”-д нэгдэж байгаа аймгууд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хэрэгжилтийг хангахад нийслэл, аймгуудын Тамгын газар анхааран ажиллах юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 111 жилийн ой тохиож байна

Өнөөдөр Онцгой байдлын албаны Иргэний хамгаалалтын байгууллагын суурийг тавилцсан, нийгэм, улс төрийн зүтгэлтэн, дипломатч, хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 111 жилийн ой тохиож байна.

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийг 2006 онд Засгийн газрын тогтоолоор хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа генерал Сандивын Равдангийн нэрэмжит болгосон билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан Аврах тусгай ангиас хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав.

Хүндэтгэлийн арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, АТА-ийн захирагч, хурандаа А.Намсрай, хошууч генерал Б.Баярмагнай, Зэвсэгт хүчний 345 дугаар тусгай бригадын захирагч, бригадын генерал Л.Гансэлэм болон үр хүүхдүүд нь оролцлоо. Энэ үеэр хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг АТА-ийн техникийн тусгай бүлгийн жолооч, ахлах ахлагч Л.Нямдаваад гардуулан өгөв.

Хурандаа генерал С.Равдан нь БНМАУ-ын Ардын Их Хуряын Тэргүүлэгчдийн 1970 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн зарлигаар Улсын иргэний хамгаалалтын газрыг байгуулахад даргаар томилогдон 1972 оны 5 дугаар сар хүртэл ажиллаж байжээ. Тэрээр 1932 онд баруун аймгуудад дэгдсэн зэвсэгт бослогыг дарах тулалдаан, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чѳлѳѳлөх дайнд оролцсон ахмад дайчин, ахмад улс тѳрийн ажилтан юм.

С.Равдан нь Монгол Улсын анхны 11 генералын нэг бөгөөд БНМАУ-ын ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжны тушаалаар бригадын комиссар цол, 1943 оны 12 дугаар сарын 31-нд бригад командпан захирагч цол, БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор хошууч генерал, 1967 оны 7 дугаар сарын 14-ний ѳдрийн 206 дугаар тогтоолоор дэслэгч генерал, 1971 оны 3 дугаар сарын 9-ний ѳдрийн 68 дугаар тогтоолоор хурандаа генерал цол хүртээжээ.

Түүний эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг төр, засаг өндрөөр үнэлж Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, Хѳдѳлмѳрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, Байлдааны гавьяаны одонгоор хоёр удаа, Алтан гадас одон болон бусад ойн медалиудаар болон ЗХУ-ын Лениний одон, Улаан тугийн одон, медалиуд, БНАСАУ-ын Улсын тугийн нэгдүгээр зэргийн одонгоор шагнаж байжээ.

Өнгөрсөн онд ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн хамт олон С.Равдангийн үйл хэргийг мөнхжүүлэн үлдээсэн түүний нэрэмжит танхимтай болсон байна.

obeg

obeg

obeg

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 104 дүгээр сургуулийн дээврийг спортын талбай болгон тохижуулжээ

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 104 дүгээр сургуулийн барилгын гүйцэтгэгчээр “Фүжи Алтай” ХХК ажиллаж, энэ оны нэгдүгээр сард хүлээлгэн өгчээ. Өнөөдөр тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд “Эс Жи Ай Франтиеэ Капитал”, “Баяат Фаундэйшн”, “Премиум Групп” ХХК, “Мехлопат” ХХК зэрэг гадаад, дотоодын таван компанитай хамтран, 87 сая төгрөгийн өртгөөр тус сургуулийн дээвэр дээр спортын талбай байгуулж өгсөн байна. Тус сургуулийн дээврийг мини-хөлбөмбөг, сагсан бөмбөг, уулзалтын талбай, чийрэгжүүлэх тоглоомын талбай болгон тохижуулжээ.

Categories
мэдээ нийгэм

ХХБанкны “Маамуутай хүүхдийн баяр” эхэллээ

ХХБанк жил бүр бяцхан харилцагчдаа баярлуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд хүүхдийн хадгаламж эзэмшигч хүүхдүүдээ нас насанд нь тохирсон бэлэгтэй баярлуулахаар төлөвлөж, 3-аас 6-н настай хүүхдүүдтэй “Маамуутай хүүхдийн баяр”-аар арга хэмжээгээ эхлүүллээ. Энэхүү хүүхдийн баярыг үндэсний контент үйлдвэрлэгч Монгол контент ХХК-ийн хамт олонтой хамтран Баянгол ресторанд зохион байгууллаа.

“Маамуутай хүүхдийн баяр”-т ХХБанкны 300 гаран бяцхан харилцагч хүрэлцэн ирж, Маамуу контентийн гол дүр өхөөрдөм Аами, Таами болон хөтлөгч Аминаа, Тамираа, алиалагч, хөөрхөн Пороро, түүний найзуудтай хамт хөгжөөнт тоглоомоор наадаж, урлагийн болон циркийн үзүүлбэр үзэж, өнгөт зураг нүүрэн дээрээ зуруулан, эвлүүлдэг тоглоом тоглон хөөрөн баясан сонирхолтой нэгэн өдрийг өнгөрүүллээ. Зохион байгуулагчдын зүгээс гэнэтийн бэлэг болгон Маамуу хүүхэлдэйн киноны 2 шинэ ангийг Маамуу брэндийн бэлгийн хамт бэлдсэн байлаа.

ХХБанк энэхүү “Маамуутай хүүхдийн баяр”-аа Дархан, Эрдэнэт хотын бяцхан харилцагч хүүхдүүддээ ч зохион байгуулахаар төлөвлөжээ. Банкны зүгээс хүүхдийн баярыг угтан харилцагч хүүхдүүддээ зориулан дараах арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байна.

-Шинэ бяцхан иргэд буюу 2018 оны 6-р сарын 1-ний өдөр Монгол улсад төрөх хүүхэд бүрд 20’000 төгрөгтэй хүүхдийн хадгаламж үнэгүй нээлгэх эрх,

-7-оос 13 насны хүүхдүүддээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд багц 7 тоглоомонд үнэгүй тоглох эрх,

-14-өөс 17 насны хүүхдүүддээ Интерном дэлгүүрээс хүссэн номоо авах эрхийн бичиг тус тус бэлэглэж,

-18 нас хүрч буй харилцагчиддаа мэдлэг мэдээлэл олгож, хүндэтгэл үзүүлэх “Junior customer” арга хэмжээгээ уламжлал ёсоороо 6 дахь жилдээ зохион байгуулна.

Бяцхан харилцагч болон эцэг эхчүүд маань ХХБанкнаас зохион байгуулж буй хүүхдийн баярын урамшууллыг тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэрэв та бяцхан үрсдээ хараахан хүүхдийн хадгаламж нээлгэж амжаагүй бол ХХБанк 6-р сарын 30-ны өдрийг дуустал хүүхдийн хадгаламж шинээр нээлгэсэн харилцагчиддаа хадгаламжийн дэвтэр үнэгүй, мөн таны өмнөөс хуримтлуулах тогтмол шилжүүлгийн үйлчилгээнд бүртгүүлбэл нэг жилийн турш хураамжгүй байгааг дуулгахад таатай байна.

Энэ жилийн баярын арга хэмжээнд оролцож амжаагүй харилцагч хүүхдүүд маань ХХБанктай хамт байснаар дараа дараагийн арга хэмжээнүүдэд оролцох боломжтой.

Хүсэл мөрөөдөлд хүч нэмэх хүүхдийн хадгаламж

Categories
энтертаймент-ертөнц

Гүнжийн даашинзыг урлахын тулд 30 минут тутамд гараа угааж байжээ

Уржигдар жүжигчин Меган Маркл, ханхүү Харри нарын хуримын ёслол Виндсорын шилтгээн дэх Гэгээн Жоржийн сүмд сүр дуулиантай болсон билээ. Энэхүү хуримын ёслолд сүйт бүсгүй хараа булаам цасан цагаан өнгийн даашинз өмсөж, гурван метр урт торон гивлүүр зүүсэн байв. Түүний даашинзыг Givenchy загварын ордны урлаачид бүтээсэн бөгөөд даашинзанд өчүүхэн ч сэв суулгахгүйн тулд тун болгоомжтой ажилласан гэнэ.

Энэхүү даашинзыг урласан Givenchy ордны загвар зохион бүтээгч Слэйр Вэйт Келлер “Ажилчид даашинзыг маш чамбай оёхын тулд 100 гаруй цагийг зарцуулсан. Мөн материалыг нь сэвтээхгүй цэвэрхэн чигээр нь байлгахын тулд 30 минут тутамд гараа угааж байсан. Учир нь, хүний гар тодорхой хугацаанд тос ялгаруулж байдаг. Тиймээс хэрвээ чи маш тансаг, хээнцэр, гоёмсог материалтай харьцаж байгаа бол дээд зэргээр ариун цэврийг сахих ёстой. Ялангуяа уран хатгамал хийж байгаа тохиолдолд бол гар чинь маш цэвэрхэн байх ёстой” хэмээжээ.
Categories
мэдээ нийгэм

100 орчим аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа

“Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” олон улсын үзэсгэлэн худалдааг 21 дэх жилдээ 2018 оны тавдугаар сарын 17-20-нд “Мишээл Экспо” төвд боллоо. Уг үзэсгэлэнг МҮХАҮТ санаачлан зохион байгуулж, хамтран зохион байгуулагчаар ХХААХҮЯ, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар ажилласан.

Үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгч, гар урлаач, дотоодын хүнсний үйлдвэрүүд шинэ төрлийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулан, амталгаат худалдаа явуулж, Солонгос, Унгар, Тайвань, Хонгконг, Пакистан улсын бизнес эрхлэгчид оролцсон юм. Ийнхүү 100 орчим аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ дэлгэн сурталчиллаа. Өнөөдөр үзэсгэлэн худалдаанаас шалгарсан онцлох брэнд, шилдэг бүтээгдэхүүнд шагнал гардуулах ажиллагаа болох юм.




Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэд гарсан түймрийн голомт руу нийслэлээс нэмэлт хүч илгээжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” буюу сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т ойн түймрийн голомт энэ сарын 17-ны өдрийн 12:05 цагт илэрсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 20 алба хаагч, “Хан Хэнтий” тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргааны 12 хүн, нийт 22 хүн, 3 автомашин, 6 морьтой гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

ОБЕГ-ын даргын тушаалаар ойн түймрийг шуурхай унтраах, газар дээр нь удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилгоор нэмэлт хүч болгон ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нараар ахлуулсан Аврах тусгай ангийн 20 алба хаагчийг МИ-171Е нисдэг тэргээр түймрийн голомт руу өнөө өглөө хүргэсэн байна.

Мөн Сэлэнгэ, Дархан Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагчийг нэмэлт хүчээр түймрийн голомтод хүргэхээр шийдвэрлэжээ.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Хулгайчийн булаг” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.17-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 хүн, 3 автомашин, нийт 42 хүн, 4 автомашинтай ажиллаж, энэ 18-ны өдрийн 15:00 цагт цурманд оруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Мал эмнэлэг, үржлийн газрыг мал эмнэлгийн ерөнхий газар болгоно

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Мал эмнэлэг, үржлийн газрын нэрийг Мал эмнэлгийн ерөнхий газар болгон өөрчлөхтэй холбогдуулан боловсруулсан “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэснийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

1993 онд баталсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулиар “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах мэргэжлийн үйл ажиллагааг мал, эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага… хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу мал амьтны эрүүл мэнд, үржлийн асуудал эрхэлсэн хэрэгжүүлэгч агентлаг Засгийн газрын бүтцэд ажиллаж эхэлсэн байна.

Гэвч тус хуулийн хэрэгжилтийн явцад мал эмнэлгийн болон мал үржлийн албаны хариуцан хэрэгжүүлэх чиг үүрэг ялгавартай нь тодорхой болсноос гадна хийдэл, зөрчил нэлээд гарч байсан, хуулийн хамрах хүрээг тэлж, дэлхий нийтийн жишигт нийцүүлэх хэрэгцээ үүссэн зэргийг харгалзан тус хуулиар зохицуулж байсан харилцааг салгаж, бие даасан хуулиар зохицуулах шаардлага бий болжээ.

Дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгоор мал эмнэлгийн нэгдсэн, шуурхай удирдлагын босоо тогтолцоог бүрдүүлэх, мал үржлийн албаны чиг үүргийг бодлогын түвшинд зохицуулдаг байхын тулд УИХ-аас 2017 оны арванхоёрдугаар сард “Мал амьтны эрүүл мэндийн тухай”, “Малын генетик нөөцийн тухай” гэсэн хоёр хуулийг баталсан билээ.

2018 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх эдгээр хоёр хуулийг хэрэгжүүлэхийн тулд одоогийн Мал эмнэлэг, үржлийн газрын чиг үүргийг хоёр салгах шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Ингэхдээ:

1. Мал эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагааг Мал эмнэлгийн ерөнхий газар хариуцаж,

2. Малын үржил, бүртгэлийн чиглэлийн үйл ажиллагааг одоо хариуцаж байгаа хэлтсийг нь (Мал эмнэлэг, үржлийн газарт) Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүтцэд шилжүүлж, мал үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалтыг хариуцан ажиллуулахаар өөрчлөх ажээ.

Зохион байгуулалтын энэ өөрчлөлтэй уялдуулан дээрх тогтоолын төслийг боловсруулсан байна гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд мах худалдаалж буй цэгүүд

“Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд 2018 оны 5 дугаар сарын 17-ны байдлаар Улаанбаатар, Дархан хотод нийт 6115,1 тн мах борлуулжээ. Үүнээс хонины мах 2536,5 тн, ямааны мах 1485,0 тн, үхрийн мах 2093,0 тн мах борлуулсан буюу борлуулалтын гүйцэтгэл одоогоор 47 хувьтай байна.

Зах зээлд хонины ястай мах 7465 төгрөг, үхрийн ястай мах 8345 төгрөг, ямааны ястай мах 5065 төгрөгийн үнэтэй байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Эндээс үзвэл, “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд борлуулж буй махны үнийн хувьд зах зээлийн үнээс 13-34 хувиар хямд үнэтэй байна. Одоогийн байдлаар нийслэлийн 6 дүүрэг, Төв аймгийн хоёр суманд нийт 140 худалдааны төв болон хүнсний дэлгүүрээс “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд борлуулж буй махыг худалдан авах боломжтой.

Мах худалдаалж буй цэгүүдийн мэдээллийг энд дарж авна уу.

5 дугаар сарын 11-ний байдлаар

“Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд нэр бүхий 11 аж ахуйн нэгжүүд нийслэл Улаанбаатар хот, Дархан хотын хүн амын хэрэгцээнд зориулж, 12.8 мянган тн мах бэлтгэж, 2018 оны 4 дүгээр сарын 10-наас эхэлж худалдаанд гарч эхэлсэн. Тэгвэл 2018 оны 5 дугаар сарын 11-ний байдлаар Улаанбаатар, Дархан хотод нийт 4334.1 тн мах борлуулжээ. Үүнээс хонины мах 1754.9 тн, ямааны мах 1112.5 тн, үхрийн мах 1466.7 тн буюу нийт борлуулалтын гүйцэтгэл 34 хувьтай байна.

Дээр дурдсан аяны хүрээнд борлуулж буй үхрийн махыг 5500 төг, хонины махыг 5300 төг, ямааны махыг 4400 төгрөгөөр тус тус худалдаанд нийлүүлж байна.