Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатар хот шилдгээр шалгарлаа

Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр 2017 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлэн бодитой шинэ бүтээн байгуулалт өрнүүлснийг өндрөөр үнэлэн Улаанбаатар хотод Засгийн газрын батламж гардуулав.Засгийн газрын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, МУ-ын эдийн засаг, нийгэмд 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, эдийн засаг нийгмийн хөгжлийн үзүүлэлт, шилэн данс, хэрэглэгчийн үнэлгээ зэрэг 11 үзүүлэлтээр яам, аймгуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлж, бусдаасаа өндөр үнэлгээ авсан гурван яам, таван аймгийг шагнаж урамшууллаа.

Улаанбаатар хот, Өмнөговь, Дархан-Уул, Орхон, Дорнод аймаг, ХЗДХЯ, ХНХЯ, Сангийн яам Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн 2017 онд нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлж, шилдгээр шалгарсан юм.

Шагнал гардуулах ёслолын үеэр МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шагнал хүртсэн та бүхэндээ баяр хүргэе. Засгийн газар 2018 оныг хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан шагнал, хариуцлага хоёрыг хамт ярих ёстой гэж үзэн үйл ажиллагааны үр дүнгээрээ хангалтгүй дүн авсан хоёр яам, хоёр аймгийн холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэг болгоод байна. Засгийн газар 2017 онд улс орныхоо эдийн засгийн сэргээж, өсөлтийг бий болгох, хугацаат өр төлбөрийг барагдуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, банк санхүүгийн тогтлолцоог эрүүлжүүлэх, ахмад настан, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай иргэдэд төрийн хангамж үзүүлэх, сахилга хариуцлага, дэг журмыг сахиулахад гол анхаарлаа хандуулан ажилласан. Манай улсын эдийн засагт олон эерэг өөрчлөлтүүд гарлаа. 2018, 2019 онууд их бүтээн байгуулалтын жил байх төдийгүй бидний иргэдэд амласан амлалтаа биелүүлэх чухал цаг хугацаа юм. Иймд цаг алдалгүй томоохон бүтээн байгуулалтын ажлаа хийж, айл өрх бүрт үр өгөөжийг нь хүргэх нь бидний гол зорилго. Цаашид хүрсэн амжилтаа улам бататган ажиллахыг хүсье” хэмээлээ.

“НИТХ-ын 2016 оны тогтоолоор батлагдсан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 288 ажлыг тусгаж шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлаж нийслэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийслэлийн иргэд хотдоо тав тухтай амьдарч, ажил хөдөлмөртэй байх нөхцөлийг бүрдүүлэн, амжиргааны төвшинг дээшлүүлэхэд гол зорилтоо болгож, хотын хөгжлийг шинэ шатанд гаргаж, бүх шатны шийдвэр гаргах иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулж, хөрөнгө хүчээ төвлөрүүлэн ажилласан. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, зорилт амжилттай биелэгдлээ гэдгийг та бүхэнд тайлагнаж хэлэхэд таатай байна. Нийслэлийн төсвийн орлого 19.3 тэрбум төгрөг буюу 102.7 хувиар даван биеллээ. Үүнээс хотын орлого 21.5 тэрбум төгрөгөөр буюу 104 хувиар даван биелсэн.

2017 онд нийслэлд 340 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийсэн. Энэ оныг НЗДТГ-ын зүгээс иргэдийн оролцоотой амьдрах орныг сайжруулах жил болгон зарласан. Амьдрах орчин гэдэгт сургууль, цэцэрлэгээс авахуулаад ногоон байгууламж, дэд бүтэц, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг ажлууд ч багтаж байгаа юм. Мөн 2018 онд Улаанбаатар хот концессын өр төлбөргүй болж чадсан. Эдийн засгийн хувьд эерэг үзүүлэлтүүд гарч, иргэдийнхээ аж амьдралыг тэтгэх, амьдрах орчныг сайжруулахын төлөө хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломж гарч байна. МУ-ын ЗГ-аас 2018 оныг хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэн, нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны ажилтан, албан хаагчид, шударга ёс, хуулиа дээдлэх зарчим баримтлан төрийн албан хаагчийн ёсзүйн хэм хэмжээг чанд сахиж, улс төрөөс ангид мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн зорилт үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах болно гэдгийг энд онцолж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн үгэндээ дурьдлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэйхарилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“Урлаг-танин мэдэхүйн боловсрол” сургалтанд 200 орчим багш хамрагдаж байна

БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Глогал олон улсын нийгмийн халамжийн төв, Солонгос дахь монгол эмэгтэйчүүдийн холбоо хамтран ЕБС-ийн бага ангийн 80, технологийн 30, хөгжмийн 90 гээд нийт 200 орчим багш нарын дунд “Урлаг-танин мэдэхүйн боловсрол” сэдэвт сургалтыг энэ сарын 22-23-нд зохион байгуулж байна.

Дуу хөгжим, технологийн хичээл заадаг багш нар өөрсдийн зааж буй хичээлээр дамжуулан хэрхэн хүүхдийн танин мэдэхүй, сэтгэн бодох чадварыг хөгжүүлж болох, хичээлд хандах хандлагыг нь хэрхэн нэмэгдүүлэх арга зүйн шинэлэг санааг тус сургалтаар өгч байна.
Багш нар уг сургалтаас олж мэдсэн арга зүй, мэдлэг чадвараа сурагч хүүхдүүдэд зааж сургах, эзэмшүүлэх, улмаар сурагчид төрөл бүрийн хөгжмийн зэмсэгтэй харьцаж сурах, тэдний сэтгэн бодох чадвар, танин мэдэхүйд гарах өөрчлөлтийг илрүүлэх, урлаг, урлан бүтээх хичээлээр дамжуулан сурагчдын анхаарал төвлөрөл, хүмүүжил, төлөвшилд нөлөө үзүүлэхэд сургалтын зорилго оршиж байгаа гэж БНСУ дахь Глогал төвийн захирал Чон Хан Сү хэллээ. Энэ бүх дадлыг хүүхдүүдэд бага насанд нь зааж сургаснаар хүүхэд хувийн зохион байгуулалттай болон багаар ажиллах чадвартай болох, бие бялдрын хөгжил, хөдөлгөөний эвсэлтэй болох юм.
Солонгос улсын Гёнги их сургуулийн багш, Самсён цэцэрлэгийн эрхлэгч Ким Ми Жүнг гарын доорх материалаар хэрхэн бүтээл хийж болох талаар сургалт явууллаа. Харин өнөөдөр цохилуур хөгжмийн хичээл, дуу авиаг зөв хуваарилан амьсгал зөв авах дадлага зэрэг сургалтыг явуулах юм байна.

Categories
мэдээ утга-зоxиол

“TAGTAA PRIZE 2018” шилдгүүд тодорлоо

“Гэгээн шувуу” утга зохиолын сангаас залуу уран бүтээлчдээ дэмжих, дотоодын уран зохиолын залгамж халааг танилцуулах, уран бүтээлийн замд хөтлөх зорилгоор “Тагтаа” утга зохиолын шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын төрлөөр хоёр дахь удаагаа зохион явууллаа. Хоёр сарын турш үргэлжилсэн энэ удаагийн уралдаан гурван төрлөөр бүтээл хүлээн авч, яруу найргийн төрөлд 100 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 75 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 40 орчуулагч бүтээлээ ирүүлжээ.

ӨГҮҮЛЛЭГ
Богино өгүүллэгийн төрөлд 75 зохиолч бүтээлээ ирүүлснээс шилдэг 4 зохиолчийг шигшин авч, бүтээлийг нь “tagtaa.mn” сайтаар дамжуулан уншигчдад хүргэсэн билээ. Эцсийн дүн гарахад залуу зохиолч Хишигнямын Буянбат “Уруудах гудамжны.., муур ихэрлэх гудамжны төгсгөл” өгүүллэгээрээ тэргүүлж “Тагтаа 2018” уралдааны ялагч болсон юм.

Сүүлийн шатанд шалгарсан өгүүллэгүүд:
Сайнбилэгийн Баатарцогт “Мартагдсан он жилүүдээс урсан ирэх аялгуу”
Цэрэндоржийн Ариунтуяа “Төрөх тасаг”
Дэлгэрсайханы Сосорбарам “Залгигч”

ЯРУУ НАЙРАГ

Яруу найргийн төрөлд 100 шүлэгч бүтээлээ ирүүлснээс шилдэг 5 уран бүтээлчийг шигшин авч, бүтээлийг нь” tagtaa.mn” сайтаар дамжуулан мөн уншигчдад хүргэсэн байна. Шүүгчдийн дүнгээр яруу найргийн төрлийн шилдгээр залуу яруу найрагч Мөнхцолын Батбаяр “Айсуй цагийн баяр” тэргүүт шүлгээрээ “Тагтаа 2018” уралдааны ялагч болсон юм.

Сүүлийн шатанд шалгарсан шүлгүүд:

Доржнямбуугийн Эрдэнэзулай “Ийм л хүйтнийг үзэж гэж…”
Гантөмөрийн Хашбаатар “Чаплингүй инээд …”
Ламжавын Лхагвасүрэн “Өчүүхэн сэтгэлийнхээ буланд завилж суугаад”
Товуусүрэнгийн Амар-Амгалан “Хавар”

ОРЧУУЛГА

Орчуулгын төрөлд 40 орчуулагч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 6 бүтээлийг шигшин авсан байна. Орчуулгын төрлийн шилдгээр Японы зохиолч Окамото Кэйзогийн “Нэбүкава руу” туужийн орчуулгаар Мягмарын Сугар-Эрдэнэ тодорч, “Тагтаа 2018” уралдааны ялагч боллоо.

Сүүлийн шатанд шалгарсан орчуулгын бүтээлүүд:
Дашцэрэнгийн Мөнххишиг: Орос-Америкийн зохиолч Кэт Гессений “Эмээгээ дурсахуй”
Мөнхцолын Батбаяр: Хятадын зохиолч Чи Жи Жианы “Бутан гахайн тос”
Ганболдын Хонгорзул: Хятадын зохиолч Үй Хуагийн “Бүрэнхийн хөвүүн”
Пүрэвсүрэнгийн Баттогтох: Английн зохиолч Сара Халлын “Цааш түүний сүнс”
Энхбилигийн Мөнхзаяа: Оросын яруу найрагч, зохиолч Валерий Яковлевич Брюсовын “Гантиг толгой”

“Тагтаа” утга зохиолын шагнал нь хоёр жилд нэг удаа, залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготойгоор цаашид зохион байгуулагдахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

“Анхны алхам’, “Мөнгөн бороо” зэрэг хөтөлбөрт элссэн иргэд мэдүүлэг өгнө үү

“Анхны алхам”, “Хамтдаа хөгжье”, “Мөнгөн бороо”, “Мөнгөн харш” төсөл хөтөлбөрт элссэн иргэдийг Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхийг хүсчээ.

Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн С.Оюун нарт холбогдох хэрэг шалгагдаж байна. Уг хэрэгт “Гүн-галуутын Оюун-Эрдэнэ” ТББ-аас хэрэгжүүлсэн “Анхны алхам”, “Хамтдаа хөгжье”, “Өү Си Эй Ти” ХХК-иас хэрэгжүүлсэн “Мөнгөн бороо”, “Мөнгөн харш” төсөл хөтөлбөрт 2012-2016 онд элсэн орсон, мөнгөн урамшуулал авсан нэр бүхий иргэд мөнгөн хүлээн авсан дансны дугаараа тодруулан 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дотор Мөрдөн байцаах албаны 315 тоот өрөөнд ирж мэдүүлэг өгөхийг хүсчээ.

Хаяг: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо Самбуугийн гудамж, Утас: 93266924, 80090076, 91319797

Мэдүүлэг өгөх шаардлагатай иргэдийн нэрийг ЭНД дарж харах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух журмыг шинэчлэн баталлаа

Монгол Улсын харьяатаас гарсан, Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэн, тэдгээрийн гэр бүлийн гишүүнд “H” /хувийн хэргээр зорчих гадаадын иргэнд олгодог/ ангиллын 90 хүртэл хоногийн нэг болон хоёр удаагийн визийг зөвшөөрөлгүй олгож байхаар боллоо.

Гадаадын хөрөнгө оруулагч, төрийн болон Засгийн газар хоорондын байгууллагад ажиллах гадаадын иргэд, гэр бүлийн гишүүн нь оршин суух тохиолдолд урьдчилан виз авахыг шаарддаг байсан. Шинэ журмаар үүнийг өөрчилж түр хугацаагаар ирсэн /жуулчин-J, бизнес –B, хувийн-H зэрэг ангиллаар/ бол оршин суух хүсэлтийг хянаж зөвшөөрөл олгож болохоор тусгажээ. Гадаадын иргэн виз мэдүүлэхээс өмнө гурван сарын хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол виз олгодогггүй байсныг нэг сар болгосон байна. Мөн виз олгохоос татгалзсан хариу авсан тухайн иргэн 90 хоногийн дараа хүсэлтээ дахин гаргадаг байсныг ч 30 хоног болгон өөрчилжээ. Түр ирсэн хүн визээ сунгуулан зургаан сарын дараа дахин сунгуулах эрх үүсдэг байсныг 90 хоног болгосон. Гэхдээ энэ нь төрийн болон Засгийн газар хоорондын байгууллагын шугамаар ирсэн гадаадын иргэнд хамаарахгүй юм.

Гадаадын иргэн, уригч тал виз, визийн зөвшөөрөл, хувийн урилга олгох, сунгуулах хүсэлтээ цахимаар мэдүүлэх боломжийг бүрдүүлжээ.

Энэ бүхэн нь гадаадын хөрөнгө оруулагч, Монгол Улсын иргэнээс төрсөн болон Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэнд виз олгоход таатай нөхцөл бүрдүүлэх, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх, виз олгох нөхцлийг хөнгөвчлөх зорилготой юм.

Мөн хуралдаанаар “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ыг шинэчлэн баталлаа.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт “Автомашингүй өдөр” болно

Хөвсгөл аймагт зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд хамруулахад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, дугуйн спортыг олон нийтэд сурталчлах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, зөв зан үйлийг төлөвшүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд “Автомашингүй өдөр 10,000 алхам” арга хэмжээг ирэх баасан гарагт зохион байгуулахаар болжээ.

Тус арга хэмжээ найм дахь жилдээ зохиогдож байгаа юм байна. Өглөөний 8 цаг 30 минутаас оройн 17 цаг хүртэл Мөрөн сумын төв замаар автомашингүй зорчих юм. Төрийн болон төрийн бус байгууллага, Мөрөн сумын 14 багийн иргэд Чингүнжавын талбайгаас нар зөв баруун хойш эргэж төв дөрвөн зам, Нутгийн Аваргууд сургууль хүртэл 10,000 алхам идэвхтэй хөдөлгөөнийг хийх гэнэ.

Мөн унадаг дугуйн парад Мөрөн хотын төвөөр явж иргэдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эдийн засагт хэмнэлттэй дугуйгаар зорчихыг уриалан сурталчлах ажээ.

Categories
мэдээ спорт

Will Smith Хөлбөмбөгийн ДАШТ-ийн албан ёсны дууг дуулна

ОХУ-д болох Хөлбөмбөгийн ДАШТ-2018-ын албан ёсны дууг Америкийн жүжигчин, хип-хоп дуучин Вилл Смит болон дуучин Ники Жем нар хамтран бичиж байгаа тухай Пуэрто-Рикогийн дижэй Нельсон мэдэгджээ.

Энэ дууг В.Смит Албанийн дуучин Эра Истрефитэй хамтран дуулах бөгөөд тэд өнгөрсөн долоо хоногт клипнийхээ зураг авалтанд орсон байна.

Хөлбөмбөгийн ДАШТ-2018-ын албан ёсны ‘Colors’ гэдэг дууг танилцуулж байгаагаа тус тэмцээний албан ёсны түнш Coca-Cola компани өмнө нь мэдэгдсэн юм. Энэ дууг америкийн дуучин Жейсон Деруло Колумбын дуучин Малума нар хамтран дуулжээ.

Categories
мэдээ спорт

Ардын багш Чимэдбазарын Дамдиншаравын нэрэмжит тэмцээн болно

Ардын багш Чимэдбазарын Дамдиншаравын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын олон улсын нээлттэй тэмцээн маргааш Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо эхэлнэ.

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул, “Мехико-1968” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав нь чөлөөт бөхийнхөн төдийгүй ард олондоо “Дамийл” багш хэмээн хүндлэгдсэн Монгол Улсын “Ардын багш” цолтон билээ.

Монгол хүн олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ойн хүрээнд болж тус тэмцээнийг “Асашёорюү” сан, “Шинэ Өвөрхангай” төсөл, Өвөрхангай аймгийн ЗДТГ, нутгийн зөвлөл, БТСГ, МЧБХ хамтран зохиож байгаа юм.

2001 оны нэгдүгээр сарын нэгнээс 2003 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн өсвөр үеийн тамирчид хөвгүүдийн 42, 45, 55, 65, охидын 43, 49, 57, 65, 1998 оны нэгдүгээр сарын нэгнээс 2000 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн тамирчид эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 71, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 66 кг гэсэн нийт 16 жинд (хоёр жингийн зөрүүтэй байж болно) өрсөлдөх юм. Тэмцээний эхний өдөр буюу маргааш өсвөр үе, хоёр дахь өдөр нь залуучуудын ангиллын барилдаан болж шилдгүүдээ тодруулна.

Categories
мэдээ улс-төр

Цахим бодлогын Түр хороог 26 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулна

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан юм.

Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэний оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа болно.” хэмээнтодорхойлж, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Орон нутгийн хамгаалалт нь Монгол Улсын өөрийгөө хамгаалах стратеги бөгөөд төрийн бүх шатны байгууллагын хамтын ажиллагаа, бүх нийтийн оролцоонд тулгуурлана”, мөн хуулийн 7.4 дэх хэсэгт “Орон нутгийн хамгаалалтын харилцааг хуулиар зохицуулна” гэж тус тус заасан. Энэ үндсэн дээр Орон нутгийн хамгаалалтын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан гэдгийг салбарын сайд онцлов.


Мөн Улсын Их Хурлын 2006 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого” баримт бичигт орон нутгийн хамгаалалтын талаар тодорхой заалтууд тусгагдсан бол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах, зэвсэгт хүчний нэгдмэл тогтолцоог төлөвшүүлж, зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг болгож хөгжүүлэхээр заажээ. Түүнчлэн Батлан хамгаалах тухай хуулийн 7.2 дахь хэсэгт “Монгол Улс орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлнэ” гэж заасан нь хуулийн төслийг боловсруулах хууль зүйн үндэслэл юм.

Харин практик хэрэгцээ, шаардлагын хувьд Улсын Их Хурлаас 2006 онд “Төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого” баримт бичгийг баталсан ч уг бодлогын баримт бичигт туссан зорилтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй байгаа тул орон нутгийн хамгаалалттай холбогдох харилцааг шинээр хуульчлан тогтоох шаардлагатай болсон байна.

Хуулийн төслийг боловсруулахдаа ОХУ, АНУ, БНХАУ, БНСУ, Сингапур, Швейцарь, Израйль зэрэг газар зүйн байрлал, бүс нутгийн цэрэг-улс төрийн нөхцөл, газар нутгийн хэмжээ, эдийн засгийн хүчин чадал зэргээрээ харилцан адилгүй орнуудын хууль тогтоомжийг судлан үзэж, өөрийн орны онцлогт тохирсон, бүх нийтийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бий болгоход анхаарсан.Хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2017 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд бүх аймаг, нийслэлд, энэ оны 1 дүгээр сард аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нарын цугларалтаар тус тус зохион байгуулж, 200 гаруй санал гарсаныг судлан үзэж хуулийн төсөлд тусгасан.Түүнчлэн “Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал ба орон нутгийн хамгаалалт” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг энэ оны 3 дугаар сард зохион байгуулсан гэдгийг сайд илтгэлдээ дурдлаа.

Уг хуулийн төсөл нь нийт зургаан бүлэгтэй юм. Хуулийн төсөл батлагдсанаар иргэний эх орноо хамгаалах Үндсэн хуулийн заалт хэрэгжих, орон нутгийн хамгаалалтын талаар иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын бүрэн эрх, чиг үүргийн уялдаа хангагдаж, улсын орноо батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны цогц байдал бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.


Хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Ж.Энхбаяр, Н.Оюундарь, А.Ундраа нар Батлан хамгаалахын сайд болон хуралдаанд оролцсон тус яамны холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийллээ.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, батлан хамгаалах салбарт сүүлийн 3-4 жилд эрх зүйн томоохон шинэчлэл хийгдэж байгаа. Өмнөх Улсын Их Хурлын үед батлан хамгаалах бодлогын тулгуур баримт бичгийн нэг болох Зэвсэгт хүчний талаарх багц хуулийг баталсан. Энэ удаад Орон нутгийн хамгаалалтын тухай анхдагч хуулийн төсөл, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд батлагдсанаар батлан хамгаалах төрийн бодлогын тулгуур баримт бичгүүд бүрэн утгаараа хэрэгжих бололцоо бүрдэх юм гэдгийг тодотгоод хуулийн төслийн үзэл баримтлал дэмжигдвэл хэлэлцүүлгийн дараагийн шатанд төслийг улам нухацтай авч үзэж гишүүдийн саналыг тусган чамбайруулах боломжтой гэж үзэж буйгаа илэрхийллээ. Мөн Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр: Орон нутгийн хамгаалалт нь батлан хамгаалах бодлогын тулгуур ойлголтын нэг. Тиймээс энэ хуулийн төслийн гол амин сүнс нь тайван цагт учирч болзошгүй цэргийн түрэмгийлэл, болзошгүй бусад аюулаас хамгаалахад төрийн байгууллагууд, томилгоот бүрэлдэхүүн, иргэдийг бэлтгэхэд чиглэж байгаа. Манайх шиг өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөнтэй, алс зайдуу сийрэг амьдардаг улсын тухайд батлан хамгаалах бодлогыг бүх нийтийн хүчин чармайлт, оролцоонд түшиглэж тулгуурлах нь чухал гэж үзэж байгаа гэдгийг хэллээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 12 нв буюу 80 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив.

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөнм эдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулав.

Дайчилгааны тухай хуулийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, цэргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах, дайчилгаа явуулах үндэслэл, журам, энэ талаарх төрийн байгууллагын бүрэн эрх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүлээх үүргийг тогтоож, дайчилгаа явуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилтын хүрээнд анх 1998 онд баталжээ. Түүнээс хойших хугацаанд уг хуульдтаван удаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.


Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 3-т “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарлаж болно” гэж заасан нь дайчилгаатай холбоотой суурь зохицуулалт юм. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт “Монгол Улс нэгдсэн удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгааны тогтолцоог эдийн засгийн төлөв байдал, зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэгт нийцүүлэн бүрдүүлнэ”, Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Дайчилгааны тухай хуулийг Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг, Монгол Улсын батлан хамгаалах хууль тогтоомжид нийцүүлэхээр заасны дагуу уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд улсын болон цэргийн дайчилгааны зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс нэр томьёог тодорхойлж оруулж өгсөнөөс гадна дайчилгааны үндсэн арга хэмжээг дайчилгааны бэлтгэлийг хангах болон дайчилгаа явуулах үеүдээр тодорхойлж, түүнийг эрх бүхий байгууллагуудын эрх, үүрэгт тодорхой зааж өгсөн. Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Дайчилгааны тухай хуулийн бүтэц, хуулийн хамрах хүрээг хэвээр хадгалж, улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх үеийн энэ хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд хамаарах асуудпыг бүрэн тусгаж, хуулийн нэр томьёог тодотгох, улсын дайчилгаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг тодорхойлох, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт заасан зорилтуудыг хангах зорилгоор холбогдох зохицуулалтыг нарийвчлан тусгасан гэдгээ төсөл санаачлагч танилцууллаа.

Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх үед хэрэгжүүлэх арга хэмжээ илүү боловсронгуй болж, дайчилгааны талаарх субъектүүдийн чиг үүрэг, үйл ажиллагааны уялдаа холбоо, бүрэн эрхийг нарийвчлан тодорхойлж, дайчилгаанд оролцогчдын эрх зүйн байдлын баталгааг хангахаас гадна хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилж, бусад хууль тогтоомжтой нийцнэ гэж төсөл санаачлагч үззж байгаа аж. Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эдийн засагт нэмэлт зардал гарахгүй юм байна.

Хуулийн төсөлтэй уялдуулан Монгол Улсын батлан хамгаалах тухай, Цэргийн албаны тухай, Дайны байдлын тухай, Зөрчлийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг боловсруулжээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ нар үг хэлж төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл,Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын нэг хэсгийг Байнгын хорооноос байгуулж ажиллуулах саналтай байгаагаа хэлсэн юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ.

Цахим бодлогын Түр хороог 26 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтов

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж тодруулан Түр хорооны үндсэн чиг үүрэг, бүрэлдэхүүний тооны талаар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол Цахим бодлогын Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллахаар хүсэлтээ илэрхийлсэн бүх гишүүнийг Түр хорооны бүрэлдэхүүнд оруулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 13 нь буюу 86.7 хувь нь дэмжсэн юм.

Иймээс гишүүний гаргасан горимын саналын дагуу Улсын Их Хурлын бүтцэд шинээр байгуулагдах Цахим бодлогын Түр хорооны бүрэлдэхүүнд уг тогтоолын төслийг санаачилсан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, З.Нарантуяа, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нараас гадна тус Түр хороонд орж ажиллах хүсэлт гаргасан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Б.Ундармаа, Б.Пүрэвдорж, Ж.Батзандан, Л.Болд, Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, О.Содбилэг, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь, А.Ундраа, Ц.Мөнх-Оргил, Б.Жавхлан, Б.Баттөмөр, Л.Элдэв-Очир гэсэн нийт 26 гишүүнийг оруулахаар тогтлоо.

Мөн “Цахим бодлогын Тзр хороо байгуулах” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Л.Болд нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүд Бүртгэлийн байгууллагуудад ажиллалаа

Монгол Улсын Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиудыг Улсын Их Хурлаар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Ганболд, Н.Учрал нар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Хууль зүй, дотоод хэргийн яамны холбогдох хүмүүс багтав.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил дээрх хуулиуд Улсын бүртгэлийн байгууллагад байгаа олон мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэх, хадгалалтыг сайжруулах, иргэдэд чирэгдэл багатай үйлчилгээг бий болгох зорилготойг тэмдэглээд төрийн ой санамжийг багтаасан сангуудын мэдээллийг солилцдог болох, тэдгээр мэдээллийг иргэд, хуулийн этгээд ашиглах зохицуулалтыг оновчтой болгох шаардлагатайг онцоллоо.
УИХ-ын гишүүн Н.Учрал төрийн үйлчилгээг илүү ил тод, хурдан шуурхай болгож, иргэд биш дата өөрөө гүйдэг ухаалаг системийг бий болгоход хуулиуд чиглэгдэх учиртай, тиймээс гарангуутаа шууд хэрэгжих бололцоотой байлгах үүднээс технологийн асуудлуудыг нь хуульчилж өгөх ёстой гэж үзэж байна. Тэрбээр иргэд төрийн үйлчилгээг авахдаа цаг алдаж байгаа байдлыг багасгаж, аливаа мэдээллийг үнэн зөвөөр, найдвартай байршуулж хадгалах технологи болох блокчейнд суурилсан бүртгэлийн механизмыг тодорхой болгох шаардлагатай. Цахимжсан, аюулгүй, кодлогдсон энэ системийн тусламжтайгаар бүртгэлийн үйл ажиллагааг бий болгосноор төсөв мөнгөний хувьд ч хэмнэлттэй болж, иргэдэд үйлчлэх үйлчилгээнд том дэвшил гарах юм гэлээ.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагуудын танилцуулснаар тус байгууллага иргэний 19, эд хөрөнгийн 29, хуулийн этгээдийн бүртгэлийн 10, зохиогчийн эрхийн 3, аж үйлдвэрийн өмчийн эрхийн 33, архивын 28, нийт 122 төрлийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд 2017 онд нийт 1345221 үйлчилгээ өгсөн байна.
Уулзалтын дараа гишүүд Улсын бүртгэлийн төв архивын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тус архивт Иргэний баримтын архивын таван сан байдаг байна. Монгол Улсын иргэдийн хувийн хэргийн сан, 1951-1988 оны иргэний гэр бүлийн найман төрлийн бүртгэлийн сан, нас баралт, Монгол Улсын харьяатаас гарсан болон гадаад паспортын гэсэн таван сангаас хамгийн их мэдээлэл бүхий хоёр нь цахимжиж дуусчээ.

Хуулиудын шинэчилсэн найруулга батлагдсанаар иргэдэд цахим үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болох бөгөөд ингэхийн тулд архивын эх нотлох баримт, мэдээллийг цахимжуулах ажил хийгдэж байгааг Архивын дарга С.Оюунгэрэл хэлэв. Өнөөдрийн байдлаар хуулийн этгээд, иргэний эд хөрөнгийн бүртгэлийн мэдээлэл 100 хувь цахимжсан бол иргэн, хуулийн этгээдийн цахимжилт 73 хувьтай байгаа юм байна.

Мөн ажлын хэсгийн гишүүд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газарт ажиллаж, Бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиудийн шинэчилсэн найруулгын төсөлд тус байгууллагын чиг үүрэгтэй холбоотой орж буй өөрчлөлтүүдийн талаар салбарынхны санал бодлыг сонслоо. Одоогийн хууль, журмаар газар эзэмших, ашиглахтай холбоотой харилцааны зохицуулалт нэр томъёоны хувьд ялгамжтай, ойлгомжгүй, давхардалтай байгааг нэг мөр болгож, цэгцлэх шаардлагатайг онцолж байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэв.