Categories
мэдээ улс-төр

“Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” хэлэлцэнэ

  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр 2018.04.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төсөл /Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05…-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2017.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Төрийн аудитын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайлан;
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МИАТ-ыг дараагийн хүнд нь “идүүлэх” үү?

Социализмын үед нэг ийм зүйр үг байлаа. Капитализм байгаа цагт дайн сүүдэр мэт дагалдана гэж. Тэр үед бид хувийн өмчгүй, социалист нийгэм байгуулж байсан цаг. Хожим мэдэхнээ капитализм гэхээсээ илүү социализм байгуулагчид энх тайвны төлөө тэмцэж байгаа цагт дайн сүүдэр мэт дагалддаг байсан юмсанж.

Харин нийгэмчилсэн өмчийг тарааж, хувийн өмчтэй болоод өөрснөө капитализмд шилжээд ирэхийн цагт өөр нэг хичээл үзлээ. Тэр нь “Капитализмд нийгмийн өмч байгаа цагт хулгай сүүдэр мэт дагана” гэж.

Монгол орон капитализмд ороод 20 гаруй жил өнгөрсөн ч нийгмийн өмч хэвээрээ үлдсэн газрын нэг бол МИАТ билээ. Дүрэм ёсоор түүнийг хулгай сүүдэр мэт дагалдах учиртай. Саяхан мэдэхнээ үнэхээр тэгжээ, янз нь.

Тэгэх л учиртай. Бид бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж хэлдэг. Энэ үгийг бид бүгдээрээ хэлэлцвэл л зөв шийдвэр гараад байдаг мэтээр ойлгодог. Яг жинхэнэ утга нь бол бүгдээрээ шийдсэн асуудалд хэн ч хариуцлага хүлээдэггүй учраас, хэн ч буруутдаггүй гэсэн санаа. Ийм учраас энэ хэллэгийн жинхэнэ утга нь“бүгдээрээ хэлэлцвэл буруутангүй” бөлгөө.

Яг түүн шиг хувийн өмчийг эзэн нь харамлаад хулгайч, луйварчинг хавьтуулахгүй. Харин нийтийн өмч бол яг чинийх ч биш, бас минийх ч биш. Тийм учраас алга болоод байхад чамаас холтрох юмгүй, арвижаад явна гэхэд надад наалдах зүйлгүй. Тийм болохоор олон нийтийн өмчийг харамлаж байгаагаар харагдаж болох ч, үнэнээсээ харамлах үндэс бага. Нисэхийн автобусанд сууж явсан жирийн иргэн бээр татвар төлөгчийн хувиар МИАТ-ын юмыг харамлаад, элдэв долоон юм шалгах гээд очвол ам руугаа алгадуулаад буцна.Тийм учраас төрийн өмчөөр менежмэнт хийж буй этгээд хөрөнгийн эзний өмнө бус өөр шигээ л нэгэн “эчнээ” эзний өмнө хариуцлага хүлээнэ.

Хувийн өмчийн эзэнтэй “Чиний юмнаас ийм хэсгийг хулгайлаад чамтай ингэж хуваана”, “Чамаас хэдэн цаас гулгуулчихсан. Энийг аваад амаа хамхиж байгаарай” гэвэл тархиа хага цохиулдаг юм байгаа биз дээ. Харин ард түмний төлөөний этгээдтэй бол янз бүрийн сэдвээр яриа өрнүүлж болно.

Өмч хувьд очвол хулгайлж болохгүй. Энэ учрыг олж харсан улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд өмч хувьчлалыг сааруулах, улсын мэдэлд аль болох их хөрөнгийг байлгаж байх оролдлогыг эрх барьсан бүхий л үеийнхээ турш хийж ирсэн юм. Гол логик нь:Өмчийг хувьчилж идэхэд нэг удаа иднэ, харин хувьчлалгүй идэхэд олон дахин идэж болно.

Харамсалтай нь энэ бүлэглэл ард түмний өмчийг хамгаалагч, өмчлөн хувьдаа завшигчаас сэргийлэгчийн дүрийг амжилттай бүтээж ирсэн нь тохуутай. Хувьд очиж, хулгайлах аргагүй болсон хөрөнгө, бизнесийн араас нулимс унагаж “Хувьчлаад үрэн таран болсон” гэхчлэн гашуудаж суудаг нь эзэнтэй болоод идэх аргагүй болсон өмчийн араас гоморхсон хэрэг болов уу?

Тийм болохоор “нийгмийн”, “ард түмэн”-ий өмчийг удирдаж байгаа хүнд хоёр онцлог харагддаг. Нэгдүгээрт, ямарч сайхан үйлдвэр, компанийг гаднаас нь харахад ашиггүй байдлаар барьж байдаг. Сайн ажиллаад өнгө зүс ороод ирвэл булаалдах хүн олширно. Ийм учраас улсын өмчит компани ашиггүй, үлгэн салган харагдах учиртай.

Өнөөдөр энд тэнд дуудагдаж, идсэн ууснаараа хэлэгдэж байгаа улсын нэг хэсгийг юуны өмнө системд зориуд сул тал үлдээж түүнээ ашиглагчид, түүнчлэн ясны хулгайч гэхээсээ илүү зүгээр л “биеэ барьж чадаагүй” нөхдүүд гэж хувааж болох мэт. Хоёр дахь хэсгийг үлгэрлэвэл шартсан хүнд архи харуулчихаад дараа нь уухаас буцахгүй этгээд гэж нэрлэсэнтэй агаар нэг. Энэ нь тэднийг өмөөрөх, гэм бурууг цайруулах шалтгаан болохгүй ч байх л даа. Гэхдээ гол учир шалтгааныг биеэ барьж дийлэхгүй болох хормыг нь ажиглаж байгаад аргандаа орох мөчийг анаж суудаг тэр бүлэглэлээс хайсан нь дээр болов уу?

Сонин хэвлэлээс харвал манай иргэний агаарын тээврийн МИАТ компани улсын өмч учраас яг л ном зохиолд гардаг шиг “Яг л ёсоороо хальж дээ, хөөрхий” гээч болсон юмдаг уу. Хамгийн гашуун нь энэ компани татвар төлөгч та бидний хөрөнгөөр бүрдсэн. Сонинд юм бичихэд нягтлан хураагаад үлддэг хэдэн төгрөгнөөс, хайрцаг чүдэнз авахдаа шингээж төлдөг тэр үнээр бүрдсэн. Дахиад дээр нь биднээс онгоцонд суух тоолонд дайны эрсдэл гэхчлэнгийн мөнгө нэмж бичээд авчихдаг байж. Эзэнгүй юман дээр туйлж байсан нэг бүлэг баригдсан юм байлгүй. Одоо тэгээд яах вэ? “Хажууханд нь хан Хэнтий налайж байхад гурав хонолгүй баригдаж байдаг өөдгүй муу эр”-ийг шийтгэчихээд, дараагийн “сайн эр”-ийг хүлээх үү? Шуналгүй, сул мөнгө хэвтэж байхад биеэ бариад өнгөрөх “маанаг гайхал” таарсан байгаасай гэж бурхандаа зул хүж өргөөд, татвараа сайн төлөөд суух уу?

Эзэнгүй өмч байгаа цагт идэж уух явдал сүүдэр мэт дагах тул МИАТ-ыг хувьчлах л хэрэгтэй. Хэн нь авсан ч ялгаагүй, хулгайлаад байгаа бүлэг нь ч байсан хамаагүй хувьчлаад аваасай. Луйвраар ч хамаагүй авчаасай. Хувьчилбал нэг л алдаад, татвар төлөгчид дахиж хохирохгүй үлдэнэ. Хулгайч ч байсан эзэн нь авсан юмаа өөрөө алдвал хохино болно, алдагдлыг ард түмэн халааснаасаа ахиж нөхөхгүй нь сайхан. Хувьчлалгүй үлдээвэл хулгайлуулсаар л, баригдаж хөглөснийг нь шийтгэсээр дуусахгүй явна.

Өнөөдөр МИАТ-ыг улсын өмч хэвээр үлдээх нь ямар чухал болох, түүнгүй бол улс орон онхолдоод уначих тухай болон “Онгоцтой л байхгүй бол төр байх шаардлагагүй” гэхчлэнгийн гаргалгаанууд “Одоо манай зувчуулах ээлж”, “Ингэж баригдаж балрахгүй арга надад байгаа юм чинь”, “Идэх юм олдохгүй бол төр бариад яах юм бэ” гэхчлэнгээр уншигдаад байгаа юм.Тэгж бодоогүй ч байж болно л доо. Үнэн хэрэгтээ МИАТ шиг ийм “эзэнгүй” ард түмний өмч байсаар байгаа цагт улс харин ч амархан онхолдоно. Иргэний агаарын тээврийн салбарт эрүүл өрсөлдөөн, жам ёсны дэвшил гарахад улаан тээг болно.

Аливаа өмч хөрөнгө хувьчлагдаад эзэнтэй болохын хэрд түрүү түрүүчийн хулгайн ул мөр тодроод ирдэг. Бүрэн бүтэн машин худалдан авлаа гээд мөнгөө төлчихөөд хартал аккумлятор нь байхгүй, сэнсний эрмээнийг нь шуучихсан, моторыг нь сольсон байвал ямар ч хүн хэл ам таталж л таардаг шиг зүйл болно. Ийм болохоор хувьчлалгүй удахын хэрээр хуучин хулгайн мөр нь шинэдээ дарагдан баларна. Сүүлийн хүн өөрийн мөрөө баллахын тулд өмнөхөө бүдгэрүүлнэ үү гэхээс тодруулахгүйг хичээнэ.

1992-1996 онд улсын мэдлийн таван банк дампуурахад хэн ч уйлсангүй. Харин 1998 онд реформистүүд эзэнгүй учраас идэш болж байсан Сэргээн босголт банкийг хувийн банктай нийлүүлж алдагдлыг нь үүрүүлэх гэтэл бөөн эх орончид цээжээ дэлдэн эсэргүүцэж зогсоосон доо. Яг нарийндаа тэндхийн мөнгийг гэр лүүгээ зөөсөн гарууд л байсан нь хожим тодорхой болсон. Хувьчлагдвал эзэнтэй болж, тэр нь алга болсон юмыг үгүйлнэ, тэгээд бид баригдана гэж айсан. Тэднийхээр болсон, баригдаагүй.

Сүүлхэн Хадгаламж банкыг хувьчлаадахсан чинь юу илэрсэн гээ. Аль хэдийнэ тэндээс 14 тэрбумын луйвар хийчихсэн байжээ. Эзэнтэй болсон учраас илэрснээс биш, дарагдаад өнгөрөх байж. Хэрэв Хадгаламж улстаа байлгаж байсан бол шинэ үеийн илүү боловсронгуй, илүү цөстэй нөхөд 140 тэрбумыг элбэгхээн зөөчих байсан.

Арилжааны банк улсын мэдэлд байх үед авсан зээлийнхээ 10 хувийг захиралд нь өгдөг жишиг байжээ. Одоо хувийн банкин дээр очоод “Зээлийнхээ 10 хувийг чамд өгье. Тэгээд алга болоод өгөх үү” гэвэл ямар хариу барихсан бол.

Иймээс хуучин ул мөрөө балран мартагдахыг хүлээгсэд хувьчлалаас зугтаадаг, янз бүрийн эх оронсог уриа цуурайтуулж давхидаг билээ.

Хулгайч буруутай, хулгайлчихмаар юм дэлгээд суудаг төр түүнээс дутахгүй гэм буруутай. Хулгай хийхээс сийхгүй этгээд сэжигтэй, хулгайлчихмаар юм зориуд байлгах гээд байгаа нөхөр түүнээс ч дутахгүй сэжигтэй.

2013.02.06

Categories
мэдээ нийгэм

П.Эрдэнэбилэг: Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг буурахгүй байна

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.


-Байгаль хамгаалах нэгдсэн аяны хүрээнд ямар ажлууд хийж байгаа юм бэ?

-Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс болон тус албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хамтран улсын хэмжээнд “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 15-ны өдрөөс ирэх зургадугаар сарын 5-ныг хүртэлх өдрүүдэд зохион байгуулж байна. Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан есөн төрлийн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулдаг.

Дээрх хэргийн нөхцөл байдлыг сүүлийн таван жилийн байдлаар авч үзвэл 2013 онд 337, 2014 онд 287, 2015 онд 228, 2016 онд 165, 2017 онд 330 хэрэг, энэ оны эхний дөрвөн сард 113 хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

-Гэмт хэрэг өсөх болсон шалтгаан нь юу вэ?

-Тухайн төрлийн гэмт хэрэг өсөхөд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой. Өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны хуульд хохирол учруулснаар хэргийг авч үздэг байсан бол шинэ хуулиар материаллаг бүрэлдэхүүн шаардахгүй юм. Тухайлбал, газрын хэвлийг ухсан, ямар нэгэн ашигт малтмалын металл олдсон, олдоогүйгээс үл хамаарч шууд гэмт хэрэгт тооцогддог болсон гэсэн үг. Энэ нь гэмт хэргийн тоон үзүүлэлт нэмэгдэх нэг шалтгаан нөхцөл болсон.

Хоёрдугаарт, цагдаагийн байгууллагаас хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилсан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнээс гадна УИХ, Засгийн газар, яам агентлагуудаас байгаль орчныг хамгаалах чиглэлээр гаргасан хууль тогтоомж журмын хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хяналт шалгалтыг зохион байгуулж, үр дүнг тооцож эхэлснээр гэмт хэргийн илрүүлэлт мөн өссөн. Өөрөөр хэлбэл, нуугдмал гэмт хэргийг богино хугацаанд илрүүлэх хяналт шалгалтын ажил сайжирсантай холбоотой гэж үзэж болно.

-Байгаль орчныг бохирдуулсных нь төлөө хуулийн хариуцлага хүлээлгэхээр шинэ хуульд заасан. Энэ чиглэлээр хариуцлага ногдуулсан тохиолдол хэр олон бүртгэгдсэн бэ?

-Сүүлийн жилүүдэд хот, суурин газрын хүн ам, автомашины тоо өсч, үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэхийн хэрээр агаар, хөрс, усны бохирдлын түвшин нэмэгдэх хандлагатай байна. Байгаль орчныг бохирдуулах гэмт хэргийн дотор тулгамдаж буй гол асуудал нь усны бохирдол. Өнгөрсөн онд гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 760 булаг, шанд, 344 гол горхи, 391 нуур, тойром хатаж ширгэсэн гэсэн тоон мэдээлэл бий. Энэ бол сэтгэл эмзэглүүлэм тоо.

Усны бохирдлын эх үүсвэр нь ердөө хүний үйл ажиллагаа болчихоод байна. Хот суурингаас ялгарч байгаа бохир, арьс шир, ноос, ноолуурын үйлдвэр, уул уурхайн бохирдол, түүн дотроо хог хаягдал, малын сэг зэм, органик гаралтай бодисын бохирдол багагүй хувийг эзэлж байгаа юм.

-Уул уурхайн салбарын байгаль бохирдуулагчдыг хэрхэн хянаж байгаа вэ?

-“Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын 1996, ашиглалтын 1678 нийт 3647 тусгай зөвшөөрлийг олгосон гэж Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс өнгөрсөн гуравдугаар сард мэдээлсэн. Манай улсын нутаг дэвсгэрийн 13.4 хувьд уул уурхай хайгуул, олборлолт явуулж байна.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт байгаль орчныг бохирдуулахаас гадна хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, химийн хорт аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах, цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал зэрэг уул уурхайн салбартай хамааралтай заалтууд бий. Энэ төрлийн гэмт хэрэг 2013-2016 оны хооронд 35-41 гэмт хэрэг үйлдэгдэж байсан бол бол өнгөрсөн онд гурав дахин өсч, хэргийн илрүүлэлт 42.5 хувиар буурсан үзүүлэлт харагдаж буй.

Шинээр батлагдсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш улсын хэмжээнд 87 гэмт хэрэг бүртгэгдсэнээс эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 82 хэрэг байгаагийн 26 хэргийн сэжигтэн, яллагдагчийг олж тогтоон хэргийн илрүүлэлт 31.7 хувьтай болж өссөн.

2018 оны эхний дөрвөн сарын байдлаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 21 гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас гурван хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.

-Нийслэл рүү хулгайн мод оруулж ирсээр л байна. Энэ хэргийг таслан зогсоох зорилгоор хуулийн байгууллагууд олон арга хэмжээ зохион байгуулдаг ч дорвитой үр дүн гарахгүй байх шиг?

-2018 оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд энэ төрлийн 63 гэмт хэрэг бүртгэгдсэн. Эдгээр хэргийн улмаас байгаль орчинд 2016 онд 193.3 сая төгрөг, 2017 онд 109.5 сая төгрөгийн хохирол учирсан. Хууль бус мод бэлтгэх гэмт хэрэг буурахгүй байгаатай санал нийлж байна. Зөвхөн энэ онд л гэхэд энэ төрлийн гэмт хэрэг урьд оны мөн үеэс 34 нэгжээр буюу 53.9 хувиар өссөн нь хүн амын амьжиргааны түвшин, ядуурал, ажилгүйдэл их байгаагаас гадна амар хялбар аргаар ашиг олох сонирхлоос үүдэлтэй.

-Химийн бодисын хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа. Тэр хэрээр хууль бус импорт, буруу хэрэглээг дагалдсан гэмт хэрэг ч нэмэгдэх шинжтэй. Энэ талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна?

-Өнөөдөр дэлхийд ашиглагдаж байгаа 11 сая орчим нэр төрлийн химийн бодисоос 10 мянга гаруй нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхэд нь эрсдэлийн үнэлгээ хийсэн. Тавин жилийн өмнө жилдээ хүн төрөлхтөн нэг сая тонн химийн бодис үйлдвэрлэж байсан бол өнөөдөр 400 сая тонн болтлоо нэмэгдлээ. Мөн 100 орчим мянган нэр төрлийн химийн бодисыг улс хооронд худалдаалж, жилдээ 1000 орчим нэр төрлийн химийн бодисыг шинээр нээж байна.

Түүнчлэн иргэд болон гар аргаар алт олборлогчид алтны баяжмалтай шороог химийн хорт бодис болох мөнгөн ус ашиглан угаах, химийн хорт, аюултай бодисыг тээврийн хэрэгсэлд нуун хилээр оруулж ирэхийг завдсан тохиолдлууд бий. Тиймээс химийн хорт, аюултай бодис ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмуудыг сайтар судлах хэрэгтэй. Хуулийн заалтыг баримталж ажиллах нь чухал юм. Үүний үр дүнд иргэд, аж ахуйн нэгж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж чадна.

Б.ЧИМЭГ

Categories
мэдээ нийгэм

С.Баярыг II эмнэлэгт хэвтүүлэхээр болжээ

Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгойн гэрээний асуудалтай холбогдуулан саатуулан шалгаж байгаа. Тэрээр цагдан хорихоос өөр байдлаар таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй.

Улмаар С.Баярын эрүүл мэндийн байдал муудаж, ШШЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан билээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, С.Баярын биеийн байдал муудсан тул “сайд нарын” буюу Улсын хоёрдугаар төв эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлж эмчилж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Бурхан багшийн их дүйчэн өдөр “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор болно

Зуны тэргүүн сарын 15-нд Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 37 нас сүүдэртэйдээ төгс гэгээрч Бурхны хутгийг олсон, мөнхүү 81 сүүдэртэй гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн хэмээх өдрүүд тохиодог. Энэхүү бэлгэ дэмбэрэлтэй өдөр энэ сарын 29-нд тохиож байна. Тус өдрийг Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд, бурхны шашны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, төвүүд хамтран “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриа дор тэмдэглэх аж.

Энэ талаар Гандантэгчинлэн хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Монголчууд их дүйчин өдрийг 28 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15-ны тэргэл сартай өдөр нь бүх Бурхны шашинтнуудын хувьд хамгийн чухал, хүндэтгэлтэй өдөр. 1997-1998 оны үед НҮБ-ийн ассамблейгаас гаргасан тогтоол шийдвэрийн дагуу бүхий л гишүүн улс орнуудад өөрсдийн ёс уламжлалын дагуу Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан байдаг. Бурхан багш 2500 жилийн тэртээ сургааль номлолоо айлдаж хүнлэг энэрэнгүй байх, хүн хүнээ хүндэтгэх мөн цаашлаад ёс суртахууны талаар айлдсан сургаал номлолууд нь хүн төрөлхтний оюун санааны төлөө хийсэн их үйл хэрэг юм. НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга их Дүйчэн өдөрт зориулсан илгээлтийг бурханы шашинтнуудад жил бүр зориулдаг нь энэхүү баярын үнэ цэнэ, утга учрыг тодоор харуулж байна” гэлээ.
Бурхан шашны их дүйчэн өдрийн хүрээнд энэ сарын 27-нд төв зам дагуу Гандантэгчинлэн хийдээс Сүхбаатарын талбай хүртэл “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриатай 5080 хүний хүндэтгэлийн парад болох аж. Мөн Сүхбаатарын талбайд Бясалгал флаш моб, урлагийн тоглолт, лекц баярын арга хэмжээ болно гэв. Харин 29-ний өдөр Гандантэгчинлэн хийдэд Бурхан багшийн ринсэл залах болон шашин, соёлын арга хэмжээ болно гэж зохион байгуулагчид хэлсэн юм.

ИХ ДҮЙЧИН ӨДРИЙН ХАНДИВЫН АЯН ЗАРЛАГДСАН

Монголын Сүсэгтний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Баярсайхан “Бурхан багшийн их дүйчэн өдөр төрийн бус байгууллагууд олон нийтэд Бурхны сургаал номлолын талаар сурталчилж таниулах өргөн хүрээг хамарсан жагсаал зохион байгуулах, бүтээн байгуулалт, цэцэрлэгжүүлэлт, хүмүүнлэгийн зэрэг олон арга хэмжээг хийхээр төлөвлөсөн. Энэ арга хэмжээний хүрээнд бурхан шашны чиглэлээр ажилладаг 18 байгууллага оролцож байгаа. Үүний зэрэгцээ нийслэл Улаанбаатар хот, 21 аймагт үйл ажиллагаагаа явуулдаг буддын шашны сүм хийдүүд баярын арга хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар идэвхийлэн оролцож байгаа. Бид “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор нийгмийн бүх давхарга, байгууллага хамт олныг уриалан оролцож байна. Их дүйчин өдрийн хандивын аян зарлагдсан. Энэ хандивт төрийн болон төрийн бус, бизнес, олон нийтийн байгууллагууд сүсэгтэн олон түмнийг нэгдэж буянаа хураахыг уриалж байна” гэв.
Мөн тэрээр “Залуучууд хорт зуршилд автах байдал газар авсан. Гандантэгчинлэн хийд, буддын сүм хийдүүд цаашлаад бурхан шашны үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас хар тамхи, мансууруулах бодисыг нийгмийн бүх давхаргад анхаарах цаг болжээ гэдгийг уриалж байна. Ялангуяа архи, тамхины хор уршгийг залуучуудад ойлгуулж, сэхээрүүлэх ажлыг Гандантэгчинлэн хийдээс эхэлсэн. Бусад төрийн болон төрийн бус байгууллагууд иргэд хамтран оролцоосой гэдгийг уриалж байна” гэлээ.
Энэ үеэр “IBS” менежер Ц.Буянхишиг “Бурхан багшийн их дүйчэн өдрийн гол үйл ажиллагаа бол хүндэтгэлийн парад, бясалгалын флаш моб байдаг. Энэ жил 10 мянган хүний флаш мобыг Сүхбаатарын талбайд хийхээр төлөвлөн ажиллаж байна. Бидний уриа бол “Ёс суртахуунаа эрхэмлэе”. Монголчууд эрт дээр үеэс ёс суртахуунтай байсан. Нэг нэгнээ хайрлаж энэрдэг байсан. Өнөө цагт Монгол хүний эрхэм чанарууд алдагдаж байна. Тэр эрхэм чанаруудаа буцаан сэргээж хойч үедээ өвлүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Хүндэтгэлийн жагсаалыг бид бүх нийтийн баяр болгож тэмдэглэхээр төлөвлөж байна” гэсэн юм.
Б.АМАРТҮВШИН
Categories
мэдээ цаг-үе

Д.Тэрбишдагва: Арилжааны сэтгэхүйгээр биш, баялаг бүтээгчдийн сэтгэхүйгээр ярьдаг цаг болчихоод байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн, Оюу толгойн төслийн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагватай ярилцлаа.


-Та Оюу толгой төслийн гэрээний хэрэгжилтийн шалгах ажлын хэсгийг ахалж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Оюу толгой төслийн хувьд ажлын хэсэг ажиллаж байна. Би Тэрбишдагва гэдэг хувь хүний байр суурийг илэрхийлж болохгүй. УИХ-ын 13 гишүүн багтсан ажлын хэсэг ажиллахын зэрэгцээ, таван Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан дэд ажлын хэсэг боломжийн ажиллаж байгаа. Сэтгэлд хүрэх, хүрэхгүй зүйл гарах л байх. Дэд ажлын хэсгийн тайлангуудыг байнга сонсч байна. Энэ долоо хоногт ажлын хэсгийн ахлагчийн хувьд дэд ажлын хэсгийнхэнтэй уулзана.

Ажлын хэсгийн ахлагчийн хувьд Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө ажиллана. Хүмүүс янз бүрийн ярьж л байна. Хүмүүс хоёр гурав хуваагдаж нэг хэсэг нь Оюу толгой шиг мундаг зүйл байхгүй гэж байгаа бол нөгөө хэсэг нь Оюу толгойг хөөгөөд гаргая гэдэг зүйл ярьж байх жишээтэй. Хөндлөнгийн байгууллагууд, эрдэмтэд, хөндлөнгийн шинжээчид гээд оръё гэсэн хүн бүрийг оруулж байгаа. Эндээс бодитой дүгнэлт гарах байх.

-Оръё гэсэн хүн бүрийг оруулчихаар холион бантан болохгүй юу. Зарим хүмүүсийн зүгээс Оюу толгойг 300 хүн байцааж байна гэж шүүмжлээд байгаа шүү дээ?

-300 байцаагч биш. Засгийн газар, Үндэсний аудитын газар, УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байна. Би дээр хэлсэн дээ. Манай ажлын доор таван Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан дэд ажлын хэсэг ажиллаж байгаа гэж. Их хурлын ажлын хэсэгт 13 гишүүн бий. Би ажлын хэсгийн ахлагч тул нэг бүрчлэн зүйл дээр гүйж очин орох шаардлага бага л даа. Мэргэжлийн хүмүүс газар дээр нь очоод асуудлыг сонсоод явах нь зөв. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг эцсийн шийдвэрийг гаргах болохоор Засгийн газар, Үндэсний аудитын газрын ажлын хэсэгтэй хамтарч ажиллахдаа тэдний санал дүгнэлтийг сонсоно. Тэгэхгүйгээр гурван өөр дүгнэлт гаргаад байж болохгүй биз дээ.

-Зарим гишүүд Эрдэнэт 500 тэрбум төгрөгийн татвар төлөөд байхад Оюу толгой хоёр дахин бага татвар төлдөг гэж шүүмжилдэг. Энэ бүгдийг бас тооцож үзэх үү?

-Оюу толгойн талаарх яриагаа ингээд зогсооё. Яривал маш олон зүйл бий. Зарим хүн “ мангар” гэсэн үү тийм зүйл яриад байсан. Төрийн хүн бол Монгол Улсын язгуур эрх ашигтай холбоотойгоор улс орондоо, нөгөө талдаа ч ашигтай байр суурийг илэрхийлэх ёстой. Түүнээс биш Монгол ашигтай, нөгөө тал нь ашигтай гээд яриад байж болохгүй. Явцын дунд яриа хэлэлцээрүүд амжилттай хэрэгжих боломжтой гэж найдаж байна.

-Ажлын хэсгийн дүгнэлт хэзээ гарах вэ. Зургадугаар сарын 10-нд гарсан байна гээд байсан даа. Хойшилж магадгүй гэх юм…

-Зургадугаар сарын 23-нд ажлын хэсгийн дүгнэлт гарна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Дэд ажлын хэсгүүдийн ажил 30-70 хувьтай явж байна гэсэн. Дэд ажлын хэсгүүд зарим материалуудтай гарцаагүй танилцах шаардлага гарвал хугацааны хувьд жаахан цаашилж магадгүй. Ямар ч байсан хугацаанд нь ажлын хэсгийн дүгнэлтээ гаргахаар ажиллаж байна.

-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Таван толгой төслийг хөдөлгөх, олон улсын хөрөнгийн зах зээлд 30 хувийг нь IPO болгон гаргах асуудлыг хэлэлцсэн гэсэн. Засгийн газраас төслийг ямар замаар явна гэж танилцуулсан юм бэ?

-Энэ талаар мэдээлэл алга. “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хүрээнд орон нутагт ажиллаж байгаад ирлээ.

-Монголын эдийн засгийн форум найм дахь жилдээ болж өндөрлөлөө. Энэ жилийн форумд сэтгэл дундуур хүмүүс их байлаа. Хамгийн гол нь форумаас гарсан шийдвэрүүдээ амьдрал дээрээ хэрэгжүүлэх ёстой. Та Эдийн засгийн форумын үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Эдийн засгийн форум чухал. Дэлхийн бусад орнууд ч гэсэн эдийн засгийн форум зохион байгуулдаг. Гадаадын хөрөнгө оруулагчид болон дотоодын бизнес эрхлэгчидтэйгээ төр засгийн бодлогоо уялдуулж өгөхөд форум өөрөө өндөр ач холбогдолтой. Монголчууд чуулган зохион байгуулж, хууль дүрэм батлаад явж чаддаг болсон байна. Харин бидний чадахгүй байгаа зүйл форум зохион байгуулсны дараа салан баавгайн үлгэр гэдэг шиг ярьсан зүйлсээ мартчихдаг. Хийж хэрэгжүүлье гэж ярьсан зүйлийнхээ араас хөөцөлддөггүй. Өмнө нь гарсан баримт бичгүүдтэйгээ давхардсан шийдвэр гаргадаг. Эхэлсэн ажлаа дуусгалгүй дундаас нь хаяад явдаг. Нэг асуудлаа олон жил дараалан ярьдагт асуудлын зангилаа байгаа юм. Хууль гаргалаа гэхэд хэрэгжүүлдэггүй. Хууль хэрэгжиж эхлэхээс нь өмнө түрүүлээд шүүмжлээд эхэлдэг. Монголчууд шүүмжлэгч ард түмэн болсон. Аливаа зүйлсийг болохгүй талаас нь ярьдаг. Гэхдээ ярьсан, хэлсэн нь хэрэгжихгүй болохоор аргагүй л дээ, бас.

Энэ удаагийн форум өмнөх форумуудаас арай илүү өргөн дэлгэр байна уу гэж харагдаж байна. Төрийн гурван өндөрлөг маань оролцож өөрсдийн бодлогоо ярьж байгаа нь сайн. Төрийн гурван өндөрлөгийн ярьж, хэлсэн нь Үндэсний аюулгүй байдал талаасаа хэр уялдаж өгч байна вэ. Тэдний ярьсан зүйлс хэрэгжих үү гэдэг нь байнгын эргэлзээ төрүүлдэг. Ард түмэн ингэж эргэлзээг байгааг буруутгах арга байхгүй. Төрийн гурван өндөрлөг нэг зүгт харж ажиллах хэрэгтэй. Эдийн засгийн форумаас гарсан үр дүнгээ хэрэгжүүлэх нь чухал.

-Үр дүн гарсан үгүй нь мэдэгдэхгүй жил бүр форум хийсээр байх уу?

-Өмнөх жилийн форумаас гарсан дүгнэлтийг энэ жил хэлэлцэх байдлаар явах ёстой. Ноднин форумаар ийм зүйл ярьсан, энэ нь хэрэгжихгүй байгаа нь зохион байгуулагч, улс төрийн тогтворгүй байдал, сонгуулиас шалтгалав уу, бид ажил хэрэг болгож чадахгүйдээ байна уу гэдгийг бид тодорхой болгомоор байна. Өмнөх алдаа дутагдлаа дүгнээд цаашаа ажлаад явбал их сайн. Форумаас үр дүнд хүрээгүй асуудлуудаа байнга ярьж, ажил хэрэг болгох ёстой. Ингэж байж үр дүнд хүрнэ. Манайхан хэрэгжих боломжгүй зүйлийг хэрэгжүүлнэ гэж амладаг тал бий. Энэ бүгдээ дүгнэж, цаашдын зорилгоо тодорхойлсон бол илүү зөв болох байлаа. Олон жил шүүмжлүүллээ, тиймээс цаашид төлөвлөгөө гаргаад эрчимтэй ажиллах шаардлагатай. Монголын Улсын хөгжлийн загварын хэлэлцүүлэг дээр очиж би панелистаар оролцож үг хэлсэн. Бидний өмнө тулгамдсан асуудлуудыг жижиг, том гэж ялгалгүйгээр хийгээд эхлэхгүй бол өчнөөн олон хөгжлийн бодлого, загвар ярив. Дахиад өнөөдөр хөгжлийн загвар яриад л сууж байна. Хөгжлийн загвар дээр олон зүйл бодоод байх шаардлагагүй, цөм нь хүн өөрөө. Түүнээс зэс, алт, ноолуур биш юм билээ. 20 сая малтай Монгол Улс 66 сая толгой малтай боллоо. Тэглээ гээд улс хөгжсөнгүй. Тиймээс хүнээ хөгжүүлж, хүн бүрийг ажлын байраар хангаж, өндөр цалинтай ажиллах, мэргэжлийн өндөр мэдлэг, боловсролтой боловсон хүчинтэй болох ёстой.

-Эдийн засгийн форумын үеэр том төслүүдийг хөдөлгөх тухай яригдаж, олон ч хүн саналаа хэлж байсан. Том төслүүд дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Том төслүүдийг хэрэгжүүлэх ёстой ч хоорондоо маргалдаад хэрэгжүүлэхгүй байгаа юм. Гэхдээ маргалдахгүйгээр төсөл хэрэгжүүлбэл ямар нөхцөл байдалд хүрдгийг гашуун туршлагуудаасаа харж болно. Том төсөл хэрэгжих ёстой ч манайд тийм олон том төсөл хэрэгжих шаардлага байна уу. Монгол Улс хөгжлийн томоохон шатанд гаръя гэвэл яалт ч үгүй энэ төслүүд хэрэгтэй. Тэндээс олсон мөнгөө хөгжлийн бодлого болгож салбаруудаа хөгжүүлэх, боловсолыг дэмжих, хүнээ бэлдэхэд зарцуул. Хүнээ хөгжүүлэхгүйгээр ямар ч ажил явахгүй.

Нөгөө талаасаа том төслүүд хөдөллөө гээд Говь-Алтай, Баянхонгорт ч юм уу ажлын байрыг шууд нэмэгдүүлж чадахгүй. Хэдэн төгрөг өгснийг нь халамжинд өгөөд ажлын байр бий болж чадалгүй үлддэг. Арилжааны сэтгэхүйгээр биш, баялаг бүтээгчдийн сэтгэхүйгээр ярьдаг цаг болчихоод байна. Хөдөө орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийн эздүүдийг бэлддэг загварууд бий. Орон нутагт яваад очихоор жижиг дунд үйлдвэрлэлийг аваад явах мэргэжлийн хүмүүс байдаггүй. Ядаж мастер тогооч, мастер слесарь гээд байх хэрэгтэй. Зарим аймаг 1000 км-ийн цаана Улаанбаатараас талхаа зөөж байгаа. Ядаж талхаа барьж сурах боловсон хүчнийг бэлдэх ёстой. Улаанбаатараас талхаа зөөнө гэдэг чинь харамсалтай байхгүй юу. Мэргэжилтэй боловсон хүчин, жижиг дунд үйлдвэрлэлийн эздүүдийг бэлдэх нь чухал. Тэгж гэмээнэ тухайн орон нутагт ажлын байр бий болж, иргэд ажилтай, цалинтай болно. Оюу толгой, Таван толгойн төслүүдээс бид хүүхдийн мөнгө, тэтгэмж авах байдлаар явах нь хөгжлийн бодлого биш. Өнөөдөр том төслүүд чухал хэдий ч хүндээ тулсан бодлого алга л гээд байгаа юм. Ажилгүйчүүдийн тоо 39 хувьд хүрлээ гэж байна. Яагаад тэд улам ядуу болоод байна гэхээр ажилгүйгээс болоод орлогогүй байна л даа.

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 80 хувь нь дээд сургуульд орж байгаа. Дээд сургуулиа төгссөн хүүхдүүдийн 79 хувь нь ажилгүй байна. Оюутнуудаа сургахын тулд аав, ээж нь цалин, тэтгэвэр, малчны зээл авдаг. Нэг жилд хүүхэддээ 6-7 сая төгрөг зарцуулдаг юм билээ. Сургуулиа төг-сөөд шууд ажилд орж эцэг, эхийнхээ зээлийг төлдөг болох хэрэгтэй. Дээд сургууль төгссөн хүүхэд бүр ажилтай байх ёстой. Ингэхийн тулд дээд сургуулиудын босгыг өндөр болгож, чанартай боловсон хүчин бэлдэх нь чухал.

-Гадаад, дотоодын сургуулиудад суралцуулж, мэргэшүүлэх зайлшгүй шаардлага бий шүү дээ. Энэ боломжоо манайхан бүрэн ашиглахгүй байгаа юм биш үү?

-Японд 1000 инженер бэлдэнэ л гэсэн. Түрүүчээсээ ар өврийн хаалгаар явж жинхэнэ явах ёстой хүмүүс нь явж чаддаггүй. Явсан хүмүүс нь хөөгдөөд ирдэг. Германы шугамаар хөөцөлдөөд нэлээд оюутнууд явуулсан. Хэдэн сарын өмнө Германы эрдмийн солилцооны албаны хүмүүстэй уулзахад “Танайхтай хэрэгжүүлж байгаа хөтөлбөрөө зогсооё гэж бодож байгаа” гэдгээ хэлж байсан. “Яасан бэ” гэтэл “Танай хүүхдүүд чинь очоод сурч чадахгүй байна” гэсэн. Тиймээс сургалтын чанарт анхаарч, Их, дээд сургуульд орж байгаа хүүхдүүд улам чадваржиж дэлхийн хэмжээний сургуульд суралцах боломжтой болох ёстой. Гадны сургуулиудад амжилттай сурч байгаа оюутнууд бий, тэднийг үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ нийт хэмжээгээр нь аваад үзэхээр бидний сэтгэлд хүрэхгүй байна. Үүний хамгийн том жишээ ажилгүйдэл, ядуурал.

-Эдийн засгийн форумаар жил бүр ажлын байр нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, баялаг бүтээгчдээ хуулиар дарамтлахгүй байя гэх мэтчилэн хэдэн сэдвийг тойруулж ярьсаар дуусдаг. Энэ жил мөн л давтан ярьж байна. Өмнө нь ярьсан зүйлс огт хэрэгжихгүй байна гэсэн үг үү?

-Эдийн засгийн форумын үеэр эдийн засгийн нөхцөл байдлыг статистикт тулгуурлан ярихад яг наад асуудлууд чинь гарч ирээд байгаа юм. Эдийн засгийн форум гэж байгаа болохоор энэ бүгдээ зайлшгүй ярих шаардлагатай болчихоод байна. Дахин хэлье. Өмнө нь ярьж байсан зүйлс юунаас болов гэдгийг тодорхой болгох ёстой.

-Эдийн засгийн өсөлт 5.4 хувьтай гарсан гэж Засгийн газар мэдэгдсэн. Одоо бол зургаан хувиас давсан гээд байгаа. Цаасан дээр гарсан энэ өсөлт иргэдийн амьдралд огт мэдрэгдэхгүй байна. Энэ өсөлтийн үр шимийг ард түмэн хүртэх ёстой биз дээ?

-Монгол Улсын Ерөн-хийлөгч нүүрсний үнэ өссөн, Хойд Солонгосоос болсон гээд хэлчих вэ дээ. Түүнтэй адилхан эдийн засгийн тоон үзүүлэлт нэг асуудал. Эцсийн үр дүн чухал. 10 жилийн өмнө ярьж байсан зүйлээ өнөөдөр ч гэсэн ярьдаг энэ байдлаасаа салах ёстой. Бид шавар дотор хий эргэх биш, хамтдаа машинаа шавраас гаргах хэрэгтэй. Эдийн засаг өсөхгүй болохоор улстөржсөн зүйлс маш их болдог. Эдийн засгаа хөгжүүлэхийн тулд хүн бүр ажлын байртай болох ёстой. Ингэхийн тулд өндөр мэргэжил, боловсролтой боловсон хүчинтэй болох шаардлагатай юм. Өнөөдөр манай залуус Солонгост аюултай, хортой, хүнд нөхцөлтэй газарт ажилладаг. Ийм газар руу явахын тулд өдөржин, шөнөжин манайхан дугаарлаж байна. Уг нь Солонгост нэг жил мэргэжлийн боловсон хүчин бэлдүүлээд нэг жил үйлдвэр аж ахуйн газарт ажиллуулаад мэргэжилтэн бэлдэх ёстой л доо. Тэд ирэхдээ жижиг дунд үйлдвэрийн эзэд, орчин үеийн шинжлэх ухаан технологитой харьцаж сураад ирнэ. Энэ чиглэлд л бид анхаарч сургалт, ажиллах боломж хоёрыг давхар хийх шаардлагатай.

Монгол Улсад орчин үеийн инженерүүд хэрэгтэй байна. Гэтэл ирээдүйд үнэ хүрэх өндөр мэргэжлийн боловсон хүчиндээ мөнгө зарцуулдаггүй. Дэлхийн хөгжилтэй орнууд шинжлэх ухааны салбартаа ДНБ-ийнхээ 3-5 хувийг зарцуулж байхад манайх ДНБ-ийнхээ 0.12 хувийг зарцуулж байгаа юм. Ийм байхад яаж шинжлэх ухаанд тулгуурласан бодлого явах юм бэ. Бааз суурь яаж бэхжих юм бэ. БНХАУ, БНСУ, Япон, Сингапур гэхэд иргэд нь ажилсаг, шинжлэх ухаан технологи, боловсролдоо анхаарал хандуулж мэргэшсэн боловсон хүчнээ бэлдэж чадсанаар тэд хөгжсөн.


Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 24-нд болох үйл явдал

08.30 цагт “Corprate Convention Center”-т Сэргээгдэх эрчим хүчний үндэсний есдүгээр форум болно.

09.00 цагт “Чингис” зочид буудалд “Боловсрол: Чанар, Санхүүжилт, Хариуцлага” иргэний нийгмийн үндэсний IX чуулган болно.

09.00 цагт Соёл, урлагийн газарт “Монгол киноны өрсөлдөх чадвар” сургалт болно. Утас: 99849000

09.00 цагт “Бишрэлт” зочид буудалд “Монгол Улсын газрын доройтлын суурь нөхцөл ба үндэсний сайн дурын зорилт” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Барилга, бүтээн байгуулалтад цементийн чанар, бүтэц нөлөөлөх нь” сэдэвт семинар болно.

10.00 цагт НМХГ-т тус газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурал болно.

10.00 цагт Нийслэлийн 28 дугаар сургуульд байгаль орчноо хамгаалах “Ногоон паспорт” аяны хүрээнд “Хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг” байрлуулах арга хэмжээ болно. Утас:99041612

10.30 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд “Гүйе! Түүе!” уриан дор нийслэлийн ногоон бүсийг цэвэрлэх сайн дурын аяны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт Төрийн ордны “В” танхимд Монгол Улс, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран ажиллаж эхэлсний 50 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас: 91915340, 88844482.

11.00 цагт Баянбүрдийн тойрогт үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурваст чингэлэг буулгаж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдийг албадан нүүлгэнэ. Утас: 88998134, 88030377

12.00 цагт МҮЭСТО-нд “Их цааз-Их эргэлт” чуулган болно.

12.00 цагт Улаанбаатар чуулгын байранд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг сайжруулах, зөв дадал хэвшүүлэх зорилго бүхий “Замын хөдөлгөөний цагаан толгой-2018” тэмцээн болно.

13.00 цагт Үндэсний батлан хамгаалахын их сургуульд “Мэдээллийн аюулгүй байдал: Онол практикийн тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

14.00 цагт НҮБ-ын байранд “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс – Иргэний нийгмийн түншлэл” 15 дахь уулзалт болно.

16.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

17.00 цагт Улсын их дэлгүүрийн гадна талбайд “Говийн домог” уран сайхны киноны нэрэмжит өдөрлөг болно.

Categories
мэдээ цаг-үе

Б.Ванчиндорж: Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд, залуучууд өөрсдийн оролцоог хангах уриалгаа гаргалаа

Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Хүмүүнлэгийн болон Онцгой байдлын асуудал хариуцсан Үндэсний зохицуулагч Б.Ванчиндоржтой ярилцлаа.


-Хүүхэд, залуучуудын үндэсний зөвлөгөөн болж өнгөрлөө. Энэхүү үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулсан зорилго, ач холбогдлоос ярилцлагаа эхлэх үү?

-Манай улсын аймаг, нийслэлийн хүүхэд, залуучуудын төлөөлөл болсон 40 гаруй хүүхэд, залуус энэ сарын 14-15-нд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд үндэсний зөвлөгөөнөө хийлээ. “Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоо” сэдэвт зөвлөгөөний гол зорилго нь төлөөлөгч хүүхэд, залуучууд 2030 он хүртэл хэрэгжих Сендайн баримт бичиг, Ази-Номхон далайн болон орон нутгийн туршлагатай танилцаж, гамшгийн эрсдэлийг бууруулах талаар үзэл бодлоо илэрхийлэн, тухайн орон нутагтаа гамшгийн эрсдэлийг бууруулахад өөрсдийн оруулж болох хувь нэмрийг ярилцаж, ямар санал санаачилга гаргаж байгаагаа харилцан ярилцлаж, туршлага судлах байлаа. Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд гаргаж буй бодлого, хөтөлбөр, шийдвэрт хүүхэд, залуучуудын оролцоог хангах, дуу хоолойг сонсох боломжоор хангах үүднээс энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулсан юм. Зөвлөгөөний үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарынбага хуралд оролцох гурван төлөөлөгчийг сонгосон. Зөвлөгөөний хамгийн гол үр дүн нь хүүхэд, залуучууд аюул эрсдэлгүй орчинд хөгжих, боловсрох боломж, гарц шийдлийнхээ талаарх санал, уриалгыг боловсруулсан явдал байсан. Уриалгаа БСШУСЯ, ОБЕГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэсэн гурван голлох төрийн байгууллагын төлөөлөгчлөл гардуулан өглөө.

-Хүүхэд, залуучууд гамшгийн эрсдэлийг бууруулах ямар уриалга дэвшүүлсэн талаар тодорхой хэлж өгөөч?

-Зөвлөгөөнд оролцогч хүүхэд залуучуудын зүгээс гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бодлогын болон хэрэгжилтийн түвшинд төр, орон нутгийн байгууллагууд болон олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд, ялангуяа, сая гаруй хүүхэд, залуусын суралцаж буй боловсролын байгууллагуудын хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн аливаа эрсдэлийг даван туулах чиглэлээр хэрэгжүүлж буй санал санаачилгуудад ихээхэн талархаж байгаагаа илэрхийлсэн.Гэвч судалгаануудаас харахад уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшгийн төрөл, давтамж нэмэгдсээр байна. Манай орны хувьд байгалийн аюулт үзэгдэл болох ган, зуд, цас, шороон шуурга, үерийн улмаас олон арван хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байгаагийн зэрэгцээ хүүхэд, залуучуудын аюулгүй, эрсдэлгүй орчинд тасралтгүй сурч боловсрох эрх нь зөрчигдөх эрсдэл тулгарах боллоо гэдгийн ороцлгчид цохон тэмдэглээд дараах агуулга бүхий уриалгыг гаргасан.

Нэгдүгээрт, Сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдлыг сайжруулах хүрээнд сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах, гамшгийн менежментийн чадавхыг нэмэгдүүлэх, гамшгаас хамгаалах боловсролыг түгээхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх. Хоёрдугаарт, Хүүхэд хамгаалал, ялангуяа гамшгийн үеийн хүүхэд хамгаалалын асуудалд анхаарлаа хандуулж энэ чиглэлээр гамшгийн өмнө, гамшгийн үед болон дараа хүчирхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах орон нутгийн хүүхэд хамгааллын чадавхийг бэхжүүлэх, хүүхдэд зориулсан сэтгэлзүйн анхны тусламжийг гамшгийн үед болон дараа үзүүлэх болон энэ чиглэлээр багш ажилтнууд, эцэг эхчүүдийг бэлтгэх, гамшгийн үед хүүхдэд ээлтэй орон зайг үүсгэх, тэнд ажиллах багш ажилтнуудыг чадваржуулахад анхаарах. Гуравдугаарт, Сургуулийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх болон хэрэгжилтэд нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд хүүхэд, эцэг эхчүүдийн оролцоог хангаж, санал зөвлөмжийг нь тусгах зэргээн гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд залуучуудын оролцоог хангах.

Энэхүү уриалгыг дэлхийн бусад орны уриалгатай хамтатгаж, VIII бага хурлын хүүхэд, залуучуудын бүлгийн мэдэгдэлд хүргүүлэх юм. Ингэснээр монгол хүүхдүүдийн дуу хоолой, санал санаачилга Азийн сайд нарын чихэнд хүрч, орон нутаг төдийгүй бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдлийг бууруулах үйлсэд хувь нэмэр оруулах бололцоотой болно. БНХАУ, Камбож, Шри-Ланк, Балба, Индонез, Вьетнам, Мьянмар зэрэг улсад хүүхэд, залуучуудын үндэсний зөвлөгөөн зохион байгуулагдаж байна. “Хүүхэд Залуучуудын Зөвлөгөөн”-ийг улсын хүмүүнлэгийн багийн боловсролын бүлэг буюу НҮБ-ын Хүүхдийн Сан, Хүүхдийг Ивээх Сан, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг болон Дэлхийн Зөн Монгол Олон улсын Байгууллага хамтран зохион байгууллаа. Эдгээр байгууллага гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр сүүлийн жилүүдэд маш сайн хамтарч ажиллаж байгаа байгууллагууд юм.

-Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын VIII бага хурлын ач холбогдол болоод хэчнээн орны төлөөлөгч оролцох талаар мэдээлэл өгнө үү?

-Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд бүс нутгийн болоод дэлхийн хэмжээнд Засгийн газруудыг хамарсан томоохон бүтэц ажилладаг. Энэ бүтэц буюу Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нар ирэх долдугаар сард VIII бага хурлаа манай улсад зохион байгуулах гэж байна. Энэхүү бага хурлыг “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр Тогтвортой хөгжлийг хангах нь” уриатайгаар Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн Эрсдэлийг Бууруулах газартай хамтран зохион байгуулах юм. Азийн сайд нарын бага хурал нь 2005 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулагдсан бөгөөд найм дахь удаагийнх нь манайд болох гэж байна. Бага хуралд 3000 гаруй төлөөлөл оролцохын 1000 гаруйг нь гаднын улс, орнуудаас ирнэ гэж төлөвлөж байгаа. Одоогийн байдлаар бүс нутгийн 20 гаруй улс, орны төлөөлөгчид бага хуралд оролцохоо илэрхийлээд байгаа.

-Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг гэж юу вэ. Энэ тухай тодорхой мэдээлэл өгөөч?

-2015 онд дэлхийн даяар дагаж мөрдөх гурван том баримт бичиг батлагдсан. Нэгдүгээрт, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт. Хоёрдугаарт, Парисын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг конвенц. Гуравдугаарт, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ гэсэн баримт бичиг. Дэлхий даяар өдөр ирэх тусам хувьсан өөрчлөгдөж буй гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн бичиг баримт бол энэ гурав юм. Эдгээрээс гамшгийн эрсдэлийг бууруулахад баримталж буй хамгийн гол бичиг баримт нь Сендайн үйл ажиллагааны хүрээ юм. 2015 онд Японы Сендай хотод Азийн сайд нарын хурал болох үеэр батлагдсан баримт бичиг учраас тухайн хотынх нь нэрээр нэрлэсэн хэрэг. Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг нь 2015-2030 онд гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн улс орнуудын өмнөө тавьсан зорилт. Ази Номхон далайн бүсийн орнуудын өмнөө тавьсан зорилтууддаа хүрэхийн тулд байгуулсан бүтэц нь Азийн сайд нарын бага хурал юм. Тиймээс энэ хурлын үеэр Сендайн үйл ажиллагааны хүрээнд тавьсан зорилтдоо хүрэхийн тулд хэрхэн ажиллаж байгаагаа тайлагнаж, цаашдаа хэрхэн ажиллах тухайгаа хэлэлцэж, амлалт өгдөг. Энэ баримт бичиг гамшгийн эрсдэлийн менежментийг хөндсөнөөрөө онцлог гэж болно. Өмнө нь гамшиг тохиолдсон үед ямар хариу арга хэмжээ авах вэ гэдэгт төвлөрч ажилладаг байсан бол Сендайн баримт бичиг батлагдсанаар гамшгийн эрсдлээс хэрхэн, яаж урьдчилан сэргийлэх вэ, урьдчилан сэргийлснээр хор хохирлыг бууруулах боломжтой гэдэгт чиглэж эхэлсэн гэсэн үг. Сендайн үйл ажиллагааны хүрээ гамшгийн эрсдэлийг ойлгох, гамшгийн эрсдэлийн засаглалыг бэхжүүлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гамшгийн дараа “Илүү сайжруулан барих” үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэсэн дөрвөн үндсэн чиглэлтэй.

-Гамшиг гэдгийг хүн бүр өөр өөрөөр ойлгодог. Гамшиг гэж юуг хэлдэг вэ?

-Аюулт үзэгдэл, осол бүр гамшиг биш. Харин аюулт үзэгдлийн эрсдлийг нь тооцоогүйгээс гамшиг болдог гэж үздэг. Тэгэхээр Сендайн үйл ажиллагааны гол зорилго нь эрсдэлийг бий болгож байгаа хүчин зүйлийг тодорхойлох. Тэр хүчин зүйл нь юу вэ гэхээр эмзэг байдал. Эмзэг байдал байгаа бол эрсдэл бий. Эрсдэл бий бол гамшиг тохиолдох магадлал өндөр. Тиймээс эмзэг байдлуудыг олж илрүүлэх, үүнийг урьдчилан бууруулахад Сендайн үйл ажиллагаа чиглэж байна. Улс орон бүрт эмзэг байдал бий. Тухайлбал, нийгмийн, дэд бүтцийн гэх мэт салбар бүрт байдаг. Энэ эмзэг байдлыг бууруулах үүрэг бүс нутгийн, улс орны, тухайн орон нутгийн, байгууллага, өрх гэр, хувь хүний түвшинд бий. Тиймээс энэ үүрэг хариуцлага юу юм бэ гэдгийг ойлгуулах, ухамсарлуулах, хэн юу хийж чадах вэ гэдгийг тодорхойлох нь маш чухал. Энэ нь эрсдлийг удирдах гол хөшүүрэг бөгөөд Сендайн үйл ажиллагааны хүрээний зорилго юм. Өөр нэг чухал зүйл нь шинэ эрсдэл бий болгохгүй байхад анхаарах, үүнд чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах явдал юм.

-Тэгвэл гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоо хэр чухал вэ. Одоо ямар түвшинд байна вэ?

-Хүүхэд, залуучуудыг гамшгаас хамгаалах хамгийн чухал алхам, арга зам бол тэднийг гамшгаас хамгаалах үйл хэрэгт татан оролцуулах явдал байдаг. Тэднийг нөөц боломж, хамтрагч гэж харах нь зүйтэй. Жишээ нь, хүүхдийг сэлж сургах, сургуулийн эрсдэлийн үнэлгээнд оролцуулах, дадлага сургуульд оролцуулж, бодит байдлыг мэдрүүлэх байдлаар гамшгаас хамгаалах боловсрол олгох нь чухал. Аюулгүй аж төрөх мэдлэг, чадварыг хүүхдэд эзэмшүүлснээр ирээдүйн хариуцлагатай, өөрийгөө аюул, эрсдэлээс хамгаалах чадвартай, амьдрах арга ухаантай, иргэнийг төлөвшүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүүхэд гамшгаас хамгаалах үйлсэд оролцонгоо өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалахыг суралцаж байдаг.

-Энэ удаагийн Азийн сайд нарын бага хурлаар гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд илүүтэй анхаарах юм байна гэж ойлгож болох уу?

-Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэхэд хүүхэд, залуучууд хувь нэмрээ хэрхэн оруулж болох вэ, хэрэгжилтэд нь хүүхдүүд яаж хяналт тавих вэ гэдэг тал дээр илүү анхаарч ажиллаж байгаа. Сайд нарын бага хурлын үеэр нийгмийн, парламентын, шинжлэх ухааны, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, хүүхэд, залуучуудын гэх мэт арван дэд бүлэг ажиллана. Хүүхэд, залуучуудыг яагаад бүсийн хэмжээний бага хуралд тусад нь бүлэг болгон авч үзэж байна вэ гэхээр хүүхэд, залуус бол тухайн улс, орны хөгжлийн гол цөм учраас. Өөр нэг зүйл нь хүүхэд, залуус нийгмийн аливаа асуудлыг өөр өнцгөөс харж, мэдэрч, гарах гарцыг томчуудаас өөрөөр буюу хүүхэд залуучуудынн эрх ашигт нийцсэн байдлаар гаргаж чаддаг. Бага хуралд оролцох арван бүлгийн шинжлэх ухаан, технологийн бүлэг нь гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухаан, технологийг хэрхэн ашиглах вэ гэдэгт төвлөрөх бол хүүхэд, залуучуудын бүлэг нь энэ үйл ажиллагаанд хүүхэд, залуучуудыг хэрхэн татан оролцуулах вэ гэдэгт илүүтэй чиглэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүүхэд, залуучуудын оролцоо, шийдвэр гаргах түвшинд тавих хяналтыг ирэх жилүүдэд илүү ахицтай түвшинд хүргэхийг зорьж байна.

-Манай хүүхэд, залуучууд гамшгийн эрсдэлийг бууруулахад хэр санаачилгатай оролцдог вэ?

-Хүүхэд, залуучуудын гамшгийн эрсдэлийг бууруулахад оролцох оролцоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тухайлбал, Өсвөрийн аврагчид бүлэг сургуулиуд дээр байгуулагдсан. Энэ бүлгийн хүүхдүүд гамшгаас сэргийлэх талын сургалтад сууж, тодорхой мэдлэгтэй болсон байдаг бөгөөд үүнийгээ бусадтайгаа хуваалцах, зааж сургах замаар үе тэнгийнхэндээ нөлөөлдөг.

Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт гамшгаас хамгаалах боловсрол олгох “Аюулгүй аж төрөх ухаан” хөтөлбөрийг БСШУСЯ саяхан баталсан. Гэхдээ энэ чиглэлээр тусдаа хичээл орох боломжгүй ч ижил төстэй хичээлүүд рүү шигтгэх замаар хөтөлбөрт тусгасан гэж ойлгож болно. Тухайлбал, гамшгийн үед хүүхдүүд бусдыгаа аврах, гэмтэж бэртсэн нэгнийг аюулгүй зөөвөрлөх тухай ойлголт, дадлагыг биеийн тамирын хичээлд нь шигтгэх ч гэдэг юм уу. Япон, ОХУ нь ерөнхий боловсролын сургалтын системд гамшгаас хамгаалах боловсролыг бусдаасаа арай илүү цагаар тусгаснаараа жишиг болдог. Эрсдэл хэзээ ч тохиолдож болно. Тиймээс эрсдэлээс сэргийлэх арга ухаан, мэдлэг чадварыг хүүхдүүдэд олгосон тохиолдолд тухайн эрсдэлээс үүдэлтэй гарч болозошгүй гарз хохирлыг багасгаж чадна гэсэн үг.

-Манай орны хувьд тулгамдаж буй гамшгийн эрсдэл юу вэ?

-Ази Номхон далайн бусад улс, орнуудтай харьцуулахад манай улс харьцангуй тайван орон. Гэхдээ газар хөдлөлтийн хувьд маш эрсдэлтэйд тооцогддог. Жилдээ 36 мянга орчим газар хөдлөлтөд Монгол Улсын газар нутагт болж байдаг. Үүнээс 2.5-аас дээш магнитуттай хөдлөлт бараг 70 орчим хувь нь. Тухайлбал, Улаанбаатар хотод бараг өдөр болгон бага магнитуттай газар хөдлөлт болж байгаа. Ийм учраас гамшгийн эрсдэл маш өндөртэй. Гамшгийн эрсдэлийн тухай ярихаар уур амьсгалын өөрчлөлтийг заавал ярих хэрэгтэй. Энэ хоёр бол зоосны хоёр тал гэсэн үг. Нэг тал нь гамшгийн эрсдэлийг бууруулах, нөгөөх нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох гэсэн хоёр чухал зүйл байна. Дэлхийн дулаарал сүүлийн 60 жилд 0.7 градусаар нэмэгдсэн байхад Монгол орны хувьд 2.1 градусаар нэмэгдсэн нь уур амьсгалын өөрчлөлт манайд маш их байгааг илтгэж байгаа юм. Үүний илрэл нь ган. Ган болсны дараа зуд болох нь ойлгомжтой. Үүнээс улбаалсан малчдын дам байдлаар гамшигт нэрвэгдэх эрсдэл нэмэгдэж байгаа юм.

М.Мөнх

Categories
мэдээ цаг-үе

Ш.Ичинхорлоо: Багш хүн сурагчаа, өөрийгөө, хөдөлмөрөө судлах ёстой

МУБИС-ийн, Боловсрол судлалын сургуулийн, Боловсролын судалгаа арга зүйн тэнхимийн доктор, профессор Ш.Ичинхорлоо багштай ярилцлаа.


-Танай тэнхим хэзээ байгуулагдсан, хэдэн жилийн түүхтэй билээ. Сүүлийн үед хэрхэн шинэчлэгдэж байна вэ?

-Манай тэнхим анх 1951 онд байгуулагдсан. Тэр үедээ сурган хүмүүжүүлэх ухааны тэнхим гэж байлаа. Сүүлийн 10 гаруй жилд сурган хүмүүжүүлэх зүй гэж хичээлийнхээ арга зүйг өөрчлөөд, энэ хичээл маань үндсэн гурван хэсэгтэй болсон. Тухайлбал, суралцахуй ба багшлахуй, сургалтын онол арга зүй, боловсролын үндэс гэж гурван хичээл болж задраад хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрөө бид сүүлийн үед боловсронгуй болгохын тулд Оросын сурган хүмүүжүүлэх зүй, монгол багш нарын сурган хүмүүжүүлэх зүйн үзэл санааг нээсэн ном зохиол, бүтээл манайд хэрэгтэй байж болох үзэл санааг авч, нутагшуулж сайжруулсан. Ном гарын авлагууд ч олноор нь гаргаж байгаа. Одоогоор багш нар тестийнхээ номон дээр ажиллаж байна. Мөн элсэлтийн шалгалтыг цахимаар авдаг болж байгаа. Зөвхөн 2018 он гараад энэ хичээлийнхээ хүрээнд 500 гаруй тестийн даалгаврыг шинээр боловсруулж байна. Үе үеийн эрдэмтэн судлаач нар, олон арван жил боловсролын сайд байсан Даваасүрэн гэж хүн манай эрхлэгч байлаа. Манай тэнхим 60 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацаанд манай тэнхимээс олон эрдэмтэн судлаачид, сайн багш нар төрөн гарсан түүхтэй. Сүүлийн үед манай тэнхимийн бүрэлдэхүүн багш нар нэлээд шинэчлэгдэж, гадаад хэлтэй, гадаадад суралцсан багш нараар эгнээгээ тэлээд хөгжиж байна. Сүүлийн гурван жил нийт мэргэжлийн ангид боловсрол, сурган хүмүүжүүлэх зүй, боловсрол судлалын хичээл орохоос гадна, бие даасан боловсрол судлалын мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа. Анхны элсэлтээ 2015 онд авсан. Монголд ховор, маш эрэлттэй чухал мэргэжил байгаа юм. Энэ чиглэлээр төгсөөд боловсролын салбарт удирдах ажил эрхэлж болно. Бүх шатны захиргааны болон судалгааны байгууллагад ажиллах боломжтой тусгай мэргэжлээр бэлтгэгдэж байгаа хүмүүс гэсэн үг. Энэ жил мөн элсэлт авна. Элсэлтийн тоо хязгаартай байгаа. Тодруулбал, энэ бол зүгээр нэг математикийн юмуу, физикийн багш биш, боловсрол судлаач гэдэг утгаараа, өргөн хүрээний хичээлийг судалдаг, өргөн хүрээний чадвар, дадалтай болдог зэрэг олон давуу тал онцлогтой мэргэжил байгаа юм.

-Сурган хүмүүжүүлэх зүйн тухай хичээлүүдийн гол онцлог юу вэ?

-Багш болж байгаа оюутан нэгдүгээрт, багш гэж хэн юм, хэрхэн яаж суралцах юм гэх мэт хүмүүжлийн нийгэмшлийн тухай үзнэ. Багш гэж хэн бэ гэх үзэл онолын тухай, багшийн арга зүй, ёс зүйн суурь мэдлэгийг олж авна.

Ямар зорилготой, ямар шинэ онолуудыг бид хэрэгжүүлэх вэ. Хичээлээ яаж заах вэ. Сурагчийнхаа мэдлэг оюуныг яаж, хэрхэн үнэлэх вэ гэх багш болох хүн зайлшгүй мэдэх ёстой хамгийн суурь мэдлэг чадварыг манай тэнхим эзэмшүүлдэг гэсэн үг.

-Танай сургалт орчин цагтай хэрхэн уялдаж байгаа вэ?

-Манай сургалтын хөтөлбөр маш их шинэ мэдээллээр баяжсан. Бид шинэ мэдлэг, шинэ хандлага төлөвшүүлэхэд чамгүй анхаарч ажиллаж байгаа.

-Тухайлбал?

-Мэдлэг, ур чадвар, хандлага харилцаа гэх мэт бүх төрлийн хичээл орно. Харилцааны ур чадварт их анхаарч байна. Хичээл сургалтыг зохион байгуулах, хүүхдийг сургах ур чадвар эзэмшүүлэхэд нь ихээхэн анхаарч байна. Манай оюутнууд хоёрдугаар курстээ дадлага хийнэ. Гуравдугаар курстээ багшлах дадлагад гараад, онолоор эзэмшсэн чадварыг өөрийн болгох гэж нэлээд оролддог. Хэдий онол суралцсан ч ур чадвар сайтай багш болохын тулд ажил дээр гараад эхний гурав, дөрвөн жил сурснаа бодит болгоход суралцдаг юм.

-Ер нь багш хүн ямар байх ёстой, хамгийн түрүүнд юуг сурсан байх хэрэгтэй вэ?

-Багш хүн ажилдаа эзэн болж, ажилдаа гаршиж дадлагажих ёстой, орчин үеийн багш нар байнга хөгжиж, мэдлэг чадвар, хандлагаа өөрчлөхгүй бол бүх зүйл маш хурдацтай хөгжиж байгаа. ХХI зууны багш бол судлаач багш болж байгаа. Багш нар сурагчаа судална, өөрийнхөө хичээлийг судална, өөрийгөө, хөдөлмөрөө ч судлах ёстой. Хичээлд нь гарч байгаа асуудлаа шийдвэрлэнэ. Багш нь байнга хөгжиж байвал сурагч нь багшийгаа дагаад л хөгждөг. Багш хүн баталгаатай хэдэн цаг хичээлээ заагаад явах биш, үргэлж өөрийгөө хөгжүүлж байхгүй бол мэдлэг нь амархан хуучрах цаг үе ирж байна.

-Сурагчид нь багшаасаа илүү мэдлэгтэй байх тохиолдол ч байх болжээ?

-Зарим дунд ангийн сурагчид багшийн мэдэхгүй зүйлийг мэдэж байна. Тиймээс багш хүүхдэдээ гологдож болохгүй. Хурдацтай хөгжих шаардлага байна. Багш орчин цагтаа нийцэж байх нь багшийн чухал чадвар шүү дээ.

-20, 30 жилийн өмнөх оюутнууд, одоогийн оюутнуудын хамгийн гол ялгаа юу байна вэ?

20,30 жил гэлтгүй. 10 жилийн өмнөх оюутнууд ч өөр байсан. Тухайн үеийн оюутнууд их зүйл уншдаг бие даасан, сурах эрмэлзэлтэй байсан. Одоогийн оюутнууд интернэтээр аялаад, ном сурах бичиг уншихаас илүү бэлэн зүйл хайдаг болсон байна. Гэхдээ яахав цаг үе бүр л өөр, өөрийн онцлогтой, сул болон давуу талтай учраас тухайн цагт нь тохируулаад л сайн багш бэлдэх хэрэгтэй юм.

-Та тухайлбал, танхимдаа ямар ямар хичээл зааж байна вэ?

-Бакалаврт багшлахуй, суралцахуй зэрэг хичээл орж байна. Магистрт бол боловсрол социологийн үндэс арга зүй гэх мэт. Саяхан “Багшийн ёс зүй” сурах бичгийн номоо гаргасан.

-Багш хүний ёс зүйн хэм хэмжээ мөн цаг үеэ дагаад өөрчлөгдөж байгаа юу?

-Ёс суртахууны гол ухагдахуун түүний шалгуур үзүүлэлт. Тэр нь ямар шалтгаантай байх вэ. Багшийн ёс зүйн дүрэм зэргийг нэлээд дэлгэрэнгүй хичээлүүдээрээ ордог. Энэ хичээлийг орсноос хойш оюутнууд “Би хэн билээ” гэх асуултыг нэлээд тунгаан боддог болоод байгаа. Мөн ёс зүйн хичээлийг сонгож үздэг оюутнуудын тоо анхны жилээс гурав дахин нэмэгдсэн.

-Багшийн ёс зүйн талаарх үлгэр жишээ ямар улс байдаг вэ. Энэ талаар хаанаас, ямар чиг баримжаа авч сургалтандаа тусгадаг вэ?

-Ёс суртахуун гэдэг бол нийтлэг үнэт зүйл, хэм хэмжээтэй, тухайн улсын соёл уламжлалыг ч тусгадаг. Гаднын ном зохиолуудыг үзэж байхад тухайн улсын хөгжлийн онцлог нь хүний ёс суртахуунтайгаа холбоотой байдаг. Монгол багш яавал ёс суртахуунтай байх вэ. Монголд гараад байгаа ёс суртахууны асуудал юу байна вэ зэрэгт тулгуурлан судалдаг хичээл. Тиймдээ ч багш болох оюутан миний төлөв байдал ямар байна вэ гэдгийг олон асуудлаар судлаад үзсэн чинь, өөрийнхөө ёс суртахууныг би мэдээгүй байсан юм байна гэж байгаа юм. Оюутнууд энэ надад их хэрэгтэй байлаа гэцгээж байна.

-Ёс суртахууныг хүүхдэд багаас нь суулгах нь чухал байх?

-Хэлд орох үеэс нь ёс суртахууны сайн гэж юу вэ, муу гэж юу вэ хэмээн сайн муугаа ялгахаас л, ээж аавыгаа хүндлэх хайрлахаас л ёс суртахуун эхэлнэ.

Мөн сүүлийн үед бид амжилт гэж юу вэ гэдэг шинэ сэдэв нэмэхэд оюутнууд ихэд сонирхож байгаа.

-Тухайлбал, амжилт гэдгийг хэрхэн тодорхойлж байгаа вэ?

-Амжилт гэдэг бол универсал ойлголт биш. Хүн бүрийн хувьд харилцан адилгүй. Түмэнд хэрэгтэй зүйл хийж, зорьсон зүйлээ хэрэгжүүлээд сэтгэл хангалуун байхыг л амжилт гээд байгаа юм. Гэхдээ амжилт гэсэн тогтсон ойлголт, тодорхойлолт байдаггүй. Тиймээс өөр өөрийнхөөрөө ойлгоно. Багш нэг тодорхойлолт цээжлүүлдэг байсан цаг үе ард хоцорсон. Оюутнуудад өөрсдийн хамтын ойлголтыг гаргах байдлаар хичээл явагдаж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “МИАТ-ыг дараагийн хүнд нь “идүүлэх” үү? хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “МИАТ-ыг дараагийн хүнд нь “идүүлэх” үү? хэмээх нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

УИХ-ын гишүүн Л.Болд: Энэ нийгмийг боддог, сэтгэдэг, бизнес хийдэг, баялаг бүтээдэг, мөнгө олдог хүмүүс л авч явна хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

Прокурорын ажилтан бөхчүүдийг ашиглаж, нийтийн эзэмшлийн газрыг булаахаар дайрч байна гэв хэмээн “Энэ тухай” нүүрт өгүүлжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт О.Бямбадэлгэр: Төр ажлаа хийхгүй бол хуурамч шатахуун түгээж байгаа станцуудыг зарлахад бэлэн хэмээн ярьсан байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой холбоотой ноцтой асуудлыг шалгуулах хүсэлт ирүүлсэн гэв хэмээн “Улс төр” нүүрт өгүүлсэн байна.

“Өдрийн сонин”-ы “Эдийн засаг” нүүрт “ Novel investment ” компанийн гүйцэтгэх захирал Д.Ангар “Монгол базальт”-ын хувьцаанд 19 тэрбумын захиалга ирлээ, цаашдаа бүх том компани IPO гаргана хэмээн ярьжээ.

Бүсчилсэн хөгжлийн загвар аймгаар сонгогдсон Төв аймагт өнгөрсөн долоо хоногт эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого Хөгжлийн түүчээ-Төв аймаг хөрөнгө оруулагчдын чуулган болж өнгөрсөн. Тэгвэл Засаг дарга Ж.Батжаргал: Төв аймгийн дэд бүтэц, газар зүйн байрлал, түүхийн эдийн бааз хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж эхэлсэн хэмээн “Энэ тухай” буланд өгүүлжээ.

“Уул уурхай” нүүрт Орон нутгийн хөгжлийн гарц нь хариуцлагатай уул уурхай хэмээн өгүүлсэн байна.

Н.Разакийн хөрөнгийг хураахад таван ачааны машин болжээ хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ