Categories
мэдээ нийгэм

Зуслангийн ногоон бүсийн их цэвэрлэгээ бямба гарагт болно

Байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөрс усны бохирдлоос сэргийлэх зорилгоор Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газар Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар, хамтран энэ сарын 26-ны өдөр ногоон бүсийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна. Энэ талаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, Нийслэлийн Байгаль орчны газрын Усны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Дамбасүрэн, Зуслангийн бүсийн аюулгүй байдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Энхжаргал, Нийслэлийн Тээврийн газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Баярт, Баянзүрх дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү нар өнөөдөр мэдээлэл өгөв.

“Гүйе! Түүе!” уриатай залуучуудын сайн дурын оролцоонд суурилах “Зуслангийн ногоон бүсийн их цэвэрлэгээ” нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн Гачуурт тосгон, Туул гол дагуу “Шинэ амралт”-ын урд талаас “Минж нутагшуулах төслийн нэгж” ОНӨҮГ-ын доод талын тохой хүртэл 5-6 км орчим газрыг цэвэрлэх аж.

Нийслэлийн Тээврийн газраас тухайн өдөр оролцох иргэд, залуучуудыг тээвэрлэх үйлчилгээнд их багтаамжийн 6 автобус гарган, цэвэрлэгээнд оролцогчдод аюулгүй ажиллах заавар, зөвлөгөө өгөх зэргээр нийгмийн хариуцлагат ажилд хамтран ажиллаж байна. Тус цэвэрлэгээнд оролцогчдыг Нийслэлийн Засаг захиргааны II-р байр Хангарди ордны гаднаас 10:00 цагт хөдөлнө.

“Тус үйл ажиллагааг дэмжиж “Монголын Бодибилдинг фитнессийн холбоо” ТББ-ын гишүүн 100 гаруй залуучууд оролцохоос гадна нийт 20 гаруй байгууллагаас 400 гаруй залуучууд оролцох саналаа ирүүлжээ.

Хогоо түүнгээ дасгал хийх “Гүйе! Түүе!” залуучуудын сайн дурын аяныг цаашид тогтмол зохион байгуулж, нийслэлийн иргэд Улаанбаатар хотдоо тав тухтай, цэвэр цэмцгэр орчныг хамтдаа бүрдүүлэх болно” гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга энэ үеэр онцлов.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гачууртын гүүрнээс “3-н модны рашаан”, “Маршалын гүүрнээс Баянзүрх хайрхан, Хар усан Тохойгоос “Монгол Шилтгээн” хүртэл гол дагуу явагдах тул аж ахуйн нэгж байгууллага, айл өрх идэвхтэй оролцохыг уриалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 9712-5557 / 9812-5557 лавлана уу гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг маргааш болно

Нийслэлийн 379, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн өдрийг тохиолдуулан энэ сарын 25-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг болно. Өдөрлөгийг НЗДТГ, Монголын Нотариатчдын танхим, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбоо, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм. Бүтэн өдрийн турш үргэлжлэх өдөрлөгийн үеэр төрөөс батлан гаргаж буй хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, сурталчлах, иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Усан бассейн, чийрэгжүүлэх усан сангийн усанд гэдэсний бүлгийн савханцар илэрчээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн гуравдугаар сарын 12-наас дөрөвдүгээр сарын 20 хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 14 саун, 7 халуун ус, 10 усан бассейнд шалгалт хийжээ.

Сауны газруудаас 14.2 хувь нь бага, 85.7 хувь нь дунд эрсдэлтэй, усан бассейн, чийрэгжүүлэлтийн усан сангаас 50 хувь нь бага эрсдэлтэй, 50 хувь нь дунд эрсдэлтэй, халуун усны газруудаас 85.7 хувь нь дунд, 14.2 хувь нь их эрсдэлтэй гэж үнэлэгджээ.

Илэрсэн нийтлэг зөрчлийн хувьд, дотоодын хяналт тавих журам тогтоож, мөрдөж ажилладаггүй байна. Усан бассейн, спорт сургалтын төвүүд дотоодын хяналтын лабораторигүй, сауны газруудын барилга байгууламжууд нь батлагдсан зураг төслөөр баригдаагүй, барилгын суурин давхрын хийц өөрчилж, үйл ажиллагаа явуулж байв. Үйлчилгээний ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй жилд нэг удаа хамрагдсан үзлэгийн дэвтэртэй боловч, эмчийн тамга тэмдэг, гарын үсэг зөрөөтэй хуурамч бичиг баримттай нь үйлчлүүлэгч нарын дунд арьсны болон амьсгалын замын халдварт өвчнийг тархаах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Харин цэвэрлэгээний байдалд лабораторийн шинжилгээ хийхэд БГД-ийн “Усан спорт сургалтын төв”, “Түмэн занги” ХХК-ийн “Говь” сауны усан бассейн, Максложинг ХХК-ийн “Рамада саун”-ы чийрэгжүүлэх усан сан, МЧБС ХХК-ийн “Соёл саун”-ы чийрэгжүүлэх сангийн ус нянгийн бохирдолтой гарчээ.

“Нарантуул шейл ойл” ХХК-ийн бассейн, “Халиун төгөл” ХХК-ийн бассейны ус нь үлдэгдэл хлор бага гарсан. Усан бассейн, чийрэгжүүлэх усан сангийн усанд гэдэсний бүлгийн савханцар илэрсэн нь тухай газрын ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэм хангалтгүй, үлдэгдэл хлор зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс бага гарсан нь бассейны усыг байнгын эргэлтэд байлгах шахуурга, шүүлтүүр болон халдваргүйжүүлэлтийн тоног төхөөрөмжийн эргэлт, усан сангийн ус бүрэн солигдох хугацаа шаардлага хангахгүй зэрэгтэй шууд холбоотой байв.

Саун, халуун усны ажлын байрны эд хогшил, тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл, үйлчилгээнд хэрэглэгдэж буй шаахай, амралтын хувцас, гар нүүрийн алчуур зэргээс нийт 14 газраас 99 арчдас авсан байна. Мөн 12 газрын 79 арчдасны 15 буюу 18.9 хувьд гэдэсний бүлгийн савханцар E.Coli илэрсэн нь энэ газруудын цэвэрлэгээ, халдвар хамгааллын дэглэм шаардлага хангаагүйг харуулж байв. Мөн уг газруудад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх эмийн сангийн бүрдүүлэлт муу байжээ.

Харин 19 газрын үйлчилгээний ажиллагсад нь хувийн дугаар бүхий энгэрийн тэмдэггүй, үйлчилгээний онцлогт тохирсон зориулалтын ажлын хувцасгүй, зөөлөн эдлэл угаах угаалгын өрөө нь эрүүл ахуйн урсгал буруу, цэвэр бохир хэрэглэл нэг дор байрласан, өрөөний хана, тааз мөөгөнцөрдсөн. Саунд орж болохгүй өвчнүүдийн заалтыг ил бичиж байрлуулаагүй байв.

Иймд зөрчил гаргасан 10 аж ахуй нэгжид улсын байцаагчийн албан шаардлага, есөн аж ахуй нэгжид албан даалгавар, 12 аж ахуйн нэгж, хоёр иргэнд нийт 5 сая 500 мянган төгрөгийн шийтгэл ногдуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Хүний эрх ба манлайлал” сэдэвт сургалт боллоо

Өнөөдөр эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтнуудад зориулсан “Хүний эрх ба Манлайлал” сургалт болов.

Сургалтаар “Хүний эрх ба жендэр”, “Манлайлал ба тэгш оролцоо”, “Жендэрийн мэдрэмжтэй эрүүл мэндийн салбар” гэсэн сэдвүүдээр хичээл заасан юм. Монголын эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МЭМАҮЭХ/-ны 60 орчим үйлдвэрчний эвлэлийн дарга, сонгуульт ажилтан тус сургалтанд оролцлоо.

Сургалтын багийн гишүүн, Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал хөтөлбөрийн оролцогч Э.Пүрэвсүрэн: “Жендэр бол нийгэм дэх хүйсийн тэгш эрх, хүний эрхийн асуудал юм. Тиймээс жендэрийн тэгш байдлыг хангах бодлого барьж ажиллахыг салбар бүр анхаарахаас гадна олон улсын байгууллагууд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд жендэрийн дүн шинжилгээ хийх шалгуурыг тавьдаг болоод байна. Эрүүл мэндийн салбарт ч энэ асуудал нь чухал юм. Тухайлбал, манай улсын дундаж насжилтын зөрүү 10 нас руу дөхөж эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг анхаарч үзэж халдварт бус өвчнөөс сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор жендэрийн мэдрэмжтэй сургалт, мэдээллийг зохион байгуулах хэрэгцээ байна. Хүн амын насжилт явагдах тусам настан хүн амд ганц бие, эрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудал ч давхар гарч ирдэг тул сургалт, мэдээллийн ажлыг нас, боловсрол, амьдран суугаа газрын ялгаатай байдлыг харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай болдог. Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 80 хувь нь эмэгтэйчүүд байдаг ч тухайн салбарын бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо мөн энэ хэмжээний байгаа эсэх нь эргэлзээтэй юм. Сувилагчдын хүйсийн байдал бас л эмэгтэйчүүд давамгайлсан байдаг. Тэгэхээр эрүүл мэндийн салбарыг эмэгтэйчүүдийн салбар мэт авч үзэх хэвшмэл байдал байхыг ч үгүйсгэхгүй юм” гэж хэллээ.

Тэрбээр Конрад-Аденаурын сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал хөтөлбөр”-ийн дөрөв дэх жилийн оролцогч юм. Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-аас хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд жил бүрийн оролцогчид ардчилал, хүний эрх, жендэрийн тэгш байдал гэхчилэн сэдвийн хүрээнд сургалт, уулзалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.

Монголын Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн тулгамдсан асуудлууд бий. Жишээлбэл, зарим эмнэлэгт цолтой ажилчид, энгийн ажилчид гэсэн ойлголт бий. Энэ нь эрх мэдлийн ялгааг бий болгодог. Манай салбарын хувьд 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг, тэдний хөдөлмөрлөх эрх, тэгш байдалд бид анхаарал хандуулж ажиллахыг зорьдог юм. Сургалтанд үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нараас гадна залуучуудын хэсгийн ахлагч, тэргүүлэгч нарыг оролцуулж байна. Манай залуучуудын хороо хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө ажиллах үйлсэд нэгдэж байгаа” гэлээ.

“Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал” хөтөлбөрийн энэ жилийн оролцогчид МЭМАҮЭХ-той хамтран тус сургалтыг зохион байгуулж байна.

Categories
мэдээ улс-төр

ҮХЦ-ийн гишүүдээр Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү нарыг томилов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.

ҮХЦ-ийн гишүүнд Ерөнхийлөгчөөс Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү нарын нэрийг дэвшүүлжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. Харин УИХ-аас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-аас Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Монгол Улсын гавьяат хуульч Ш.Солонгын нэрийг дэвшүүлсэн. Мөн нэр дэвшигч Ш.Солонго нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажилладаг.

Үүнтэй холбогдуулж УИХ-ын чуулганы хуралдаанаар СЕХ-ны гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Ш.Солонго ҮХЦ-ийн гишүүнээр нэр дэвшиж байгаатай холбогдуулан СЕХ-ны гишүүнээс чөлөөлөх өргөдлөө өгчээ. Гишүүдийн олонхийн саналаар түүнийг гишүүнээс чөлөөллөө.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг, Н.Жанцан, Т.Лхагваа нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж, үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

Ерөнхийлөгч захирамж гаргаж Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчдийг санал болгосон бөгөөд энэ саналаа 5 дугаар сарын 18-ны өдөр УИХ-д хүргүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 65,1-д, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-ыг тус тус үндэслэн тус захирамжийг гаргажээ. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг тус тус томилох саналаа УИХ-д хүргүүлсэн байна.
УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг хэлэлцэж байгаатай холбогдуулан асуулт тавьж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Та бүхэнд нэгдүгээрт амжилт хүсч байна. “ҮХЦ-ийн гишүүн хүн бол хууль зүй, улс төрйин өндөр мэргэшилтэй хүн байна гэж заасан байдаг. Би улс төрийн өндөр мэргэшил гэдгийг яагаад оруулсныг гайхдаг байлаа. Лам хуврагаар яривал гэгээрсэн хүмүүс байна гэсэн санаа байдаг. ҮХЦ бол том улстөрчдийн ном хурах газар байх ёстой гэж Үндсэн хуульд заасан юм шиг байгаа юм. Монголын төвшинд ҮХЦ-д том хуульчид байдаг. Үүнд хүрч ажиллах хэцүү. Тиймээс та бүхэн том хуульчдын зиндаанд хүрч, Үндсэн хуулиа зарж идэхгүй байх сэтгэл хэрэгтэй шүү. Өнгө мөнгөний хорвоо боллоо шүү. Би хоёр жилийн өмнө УИХ-ын дарга З.Энхболд байхад “Одоо байтлаа Үндсэн хуулиа зарж иддэг боллоо “ гэж хэлж байсан. Сүүлийн үед бүлэглэлийн төрийг хулгайлах асуудал төрийн албан хаагчдын зүрхийг үхүүлэх ажил хийж байгаа. Бүхнийг мөнгөөр хулгайлсан ажлыг хийж байна. Ийм зүйлд авталгүй айлгүй ажиллаж үзээрэй. Ном хурах газар байхын утга учрыг сайн бодоорой. Үндсэн хуулийн шийдвэрийг шүүх хэрэгсэхгүй болж байгаа шүү.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:
-Нэр дэвшиж байгаа хүмүүсийг харахад хуулийн цол хэргэм байхгүй байна. ҮХЦ бол шударга үнэний туйл байх ёстой. Хуулийг буруу хэрэглэж байсан зүйл дээр ҮХЦ зөв шийдвэр гаргаж байсан юм. Би тэгэхэд ҮХЦ-ийг үнэхээр бахархаж байсан. Хуульзүйн ухааны докторууд байдаг юм байна гэж харж байлаа. Хуулийг шударга хэрэгжүүлэх хамгийн эцсийн элч нар та нар байх ёстой.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
-Та бүхэн “ҮХЦ-ийн гишүүн хуульч, улс төрийн мэргэшсэн хүн байна” гэдгийг юу гэж ойлгож байна вэ? ҮХЦ-ийн дээр зөвхөн хөх тэнгэр байдаг гэдэг. Тиймээс та бүхэн шударга байгаарай. Түүнээс бус та бүхэнд төлөв түвшин, уян хатан, өрөвч чанар хэрэггүй байх.

Нэр дэвшигч Ц.Нанзаддорж:
-Үнэнийг хэлэхэд улс төрөөр даганаж мэргэшсэн боловсрол байхгүй. Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, шийдвэрийг УИХ-аар батлуулах хэмжээнд ажиллаж байсны хувьд тодорхой туршлагатай болсон гэж үздэг. Сүүлийн хоёр жил Говь-Алтай аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан. Үндсэн хуулийг судалж үзсэн. Хөдөө орон нутагт сумын Засаг дарга нарыг сонгох гэж ах дүү хамаатан саднаараа талцаад, тангараг тасрах дөхсөн тал ажиглагддаг юм. Үүнийг өөрчлөх хэрэгтэй гэж боддог.

Нэр дэвшигч Г.Туулхүү:
-Хувь хүн ёс суртахууны боловсролтой, хүмүүжилтэй байх ёстой гэж бодож байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа.

Нэр дэвшигч Б.Буяндэлгэр:
-ҮХЦ бол маш чухал шийдвэр гаргадаг. Төрийн институци хоорондын сөргөлдөөнийг шийдвэрлэдэг. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар үндсэн бүтэц нь өөрчлөгдөхгүй учраас болно гэж үздэг.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

Ш.Солонгыг би эртнээс танина. Бүх Засгийн газарт ажиллаж байсан өргөн хүрээний мэдлэгтэй хүн. Мөн ЗГХЭГ-ын дэд даргаар олон жил ажиллаж байна. Засгийн газраас гаргаж буй хууль, шийдвэрүүдийн гол үндэс нь Ш.Солонгын гараар дамждаг. ҮХЦ-д очоод маш сайн ажиллана гэдэгт итгэж байна. Ш.Солонгыг чөлөөлсөнтэй холбогдуулж ЗГХЭГ-т түүнтэй дүйхүйц чадвартай хүн томилоорой. Чамбай, туршлагатай хүний л хийдэг ажил шүү.

Үүний дараа Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилох эсэхийг хэлэлцлээ. Гишүүдийн зүгээс нэр дэвшигч Ш.Солонгыг “Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллах бүрэн хэмжээний туршлагатай гавьяат хуульч. Үндсэн хуулийн Цэцэд очоод улстөрждөг байдлыг таслан зогсоож ажиллаарай ” гэлээ.
Ингээд санал хураахад 93.3 хувийн саналаар дэмжигдэж, Ш.Солонго ҮХЦ-ийн гишүүнээр томилогдлоо.

Мөн ҮХЦ-ийн гишүүнээр Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарыг томилох санал хураалт явуулав. Гишүүдийн олонхийн саналаар дээрх эрхмүүдийг ҮХЦ-ийн гишүүнээр томилов.

Categories
мэдээ нийгэм

Матадын нутагт бороо оруулахаар ажиллаж байна

Дорнод аймгийн нутаг нэлэнхүйдээ хуурайшилт их байгаа учраас “Онон-Бороо” экспедиц цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагааг явуулж байна. Яг одоогийн байдлаар Матад суманд хур тунадас нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм.

Тус аймгийн дийлэнх суманд түймрийн эрсдэл нэн аюултай хэмжээнд хүрчээ. Тиймээс цаг агаарт нөлөөлж бороо оруулах ажлыг эрчимтэй явуулахад анхаарч байна.

УЦУОШГ-аас хуурайшилтын зэрэглэлээр тооцоолсон түймрийн эрсдлийн үнэлгээгээр Чойбалсан, Матад сум орчмоор аюул бага, Цагаа-Овоо болон Халх голын сав нутгаар дунд, Чулуунхороот сумын нутаг түймрийн эрсдэл их буюу аюултай зэрэглэлд багтжээ. Бусад сумын нутгаар эрсдэл нэн их, нэн аюултай хэмжээнд хүрээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Г.Баасан: АТГ-ын дарга Х.Энхжаргал давуу байдлаа ашиглан С.Баярыг өрөөндөө авчирсан

baasan

Өнгөрсөн лхагва гаригт ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид 40 гаруй хоног саатуулагдсан С.Баярын биеийн байдал муудан, хоёрдугаар эмнэлэгт хэвтсэн билээ. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ерөнхий сайд асан С.Баяр хорих 461 дүгээр ангид хоригдсон. Бид дөрөвдүгээр сарын 30-нд хоригдсон эсэхийг шалгаад олон нийтэд мэдээлсэн. Энэ сарын 3-ны өдөр АТГ-ын дарга Х.Энхжаргал түүнийг авчраад, өрөөндөө оруулан дарамталсан байх магадлал өндөр байна. Учир нь С.Баярыг авчраад мөрдөн байцаах ажиллагаа явуулсан бол тусгай камертай өрөө байдаг. Түүнд мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой.

Гэтэл Х.Энхжаргал мөрдөн шалгах үйл ажиллагааны хуулийг зөрчиж, давуу байдлаа ашиглан С.Баярыг өрөөндөө оруулсан. Яагаад өрөөндөө оруулав гэдгийг тогтоохоор “Камерын бичлэгээ өгөөч” гэсэн албан бичиг хүргүүлэхэд “Мөрдөн шалгах ажиллагаа учир та нарт хамаагүй” гэдэг хариу бичиг ирсэн. АТГ-ын даргын өрөөнд мөрдөн шалгах ажиллагаа явагдах ёсгүй. Тийм учраас бид Х.Энхжаргал С.Баярыг дарамталсан гэж үзэж байна.

Дөч хоногийн дотор С.Баярын бие маш их муудсан. Олон нийтийн зөвлөл дээр хүмүүс С.Баярт хор өгчихөөгүй биз, хянаарай гэж уурлаж байна. Тиймээс бид Ерөнхий прокурорт С.Баяртай уулзалт хийх хүсэлт хүргүүлж байгаа. С.Баяр хэнтэй ч уулзахгүй гэж өөрөө хэлээгүй. Нэрийнх нь өмнөөс зарласан. Ингэж мэдэгдэл хийн, энэ хүнийг нийгмээс тусгаарлаад, ямар нэгэн авлигын том гэрчийг устгах гэж байгаа юм биш байгаа гэдэг хардлага төрүүлж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Тээврийн газар БНСУ-ын Пүчонь хоттой хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр БНСУ-ын Пүчонь хотын дарга Ким Мансүг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Тээврийн газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун У, гүйцэтгэх захирал Ч.Батзориг, БНСУ-ын Пүчонь хотоос Хот байгуулалтын газрын Ерөнхий захирал Ким Дун Ху, Тээврийн газрын захирал И Сон Пё, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ерөнхий менежер Кан Сун Пил, Автобусны мэдээллийн системийн ажилтан Им Хун Сү, Тээврийн багийн менежер Ким Кён Хи зэрэг албаны төлөөллүүд байлцав.

Нийслэлийн Тээврийн газраас Улаанбаатар болон Пүчонь хотын нийтийн тээврийн үйлчилгээний ерөнхий үзүүлэлтүүд, өмнө нь гарч байсан нөхцөл байдал, хүндрэлүүд төстэй тул ухаалаг тээврийн систем, тээврийн төлөвлөлт, үйлчилгээний цагийн хуваарийн боловсруулалтын чиглэлээр мэргэжилтэн солилцох, нийтийн тээврийн төлөвлөлттэй холбоотой сургалтуудыг үе шаттай зохион байгуулах зэрэг тодорхой арга хэмжээ авч ажиллах, Ухаалаг тээврийн системийн талаар Пүчонь хоттой хамтран ажиллах, Улаанбаатар хотын тээврийн мэдээллийн удирдлагын төвийн үйл ажиллагааг сайжруулах талаар туршлага судлах, дэмжлэг авах, Улаанбаатар хотын тээврийн салбарын мастер төлөвлөгөө боловсруулах техник эдийн засгийн үндэслэлийн судалгаанд дэмжлэг авах, Зорчигч тээврийн дамжин суултын төв /терминаль/ байгуулах зэрэг асуудлуудаар санал солилцлоо.

Уулзалтын дараа Монгол Улс нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Тээврийн газар болон БНСУ-ын Пүчонь хот байгуулалтын газар хоорондын ухаалаг тээврийн системийг хөгжүүлэх, ашиглах талаар хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичиг нь хоёр тал харилцан ойлголцож хамтран ажиллах, хүний нөөцийг технологийн салбарт солилцох боломжийг олгож, Улаанбаатар хотын ухаалаг тээврийн системийг хөгжүүлэх, ашиглах, харилцан ашигтай хамтран ажиллах зорилготой ажээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баяраар хаана, ямар тоглолт болох вэ?

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан урлаг, соёлын газруудын үзвэр үйлчилгээ, тоглолтын хуваарийг хүргэж байна.

“Царцаа Намжил” хүүхдийн жүжиг

Хүүхдийн уран бүтээлийн урын сангаа шинэ бүтээлээр баяжуулан үзэгчдийн хүртээл болгох, Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад эрдэм боловсролын чухлыг таниулах, өв соёл, ёс заншлаа эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзэлд хөтлөн төлөвшүүлэх зорилгоор УДЭТ-ын уран бүтээлчдийн БСШУСЯ-ны “Хүүхдэд зориулсан уран бүтээл”-ийн төслийн уралдаанд шалгарсан Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжиг тайзны бүтээл болоод буй. Эл бүтээл УДЭТ-ын тайзнаа 6 дугаар сарын 01-нд үзэгчдийн хүртээл болно. Тасалбар нь 8000 төгрөг байх юм. Эрт урьдын цагт Эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдлын талаар энэхүү жүжигт өгүүлнэ.

“Цасангоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжиг

Хүн бүхний танил дэлхий дахинд алдартай “Цасангоо” хэмээх энэхүү үлгэрийг ах дүү Гримм 1812 онд зохиосон бөгөөд дэлхийн 100 гаруй хэлнээ орчуулагдан тайз, дэлгэцийн олон арван бүтээлийн гол сэдэв болсон гайхалтай бүтээл юм. 1937 онд Уолт Дисней студийн 5 жилийн турш хөдөлмөрлөж бүтээсэн “Цасангоо ба долоон одой” бүрэн хэмжээний, хөгжимт хүүхэлдэйн кино хамгийн алдартай Цасангоогийн дүр нь өнөөгийн хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчдийн зүрх сэтгэлд мөнхөрсөн, хайртай дүр билээ. Энэхүү бүжгэн жүжгийг 6 дугаар сарын 01-нд 11.00, 14.00, 16.00 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа тоглоно. Тасалбар нь 25 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт бэлэгтэй аж.

“Бүлтээхэй Дэлдээхэй хоёр” хүүхдийн жүжиг

Эвтэй найрамдалтай амьдардаг амьтдын ойд Бүлтээхэй Дэлдээхэй хоёр бүжин амьдардаг байжээ. Бүлтгэр нүдтэй Бүлтээхэй бушуухан том болоод хөөрхөн мисс туулай болох юмсан гэж бодож мөрөөднө. Тэр ч бүү хэл Эрвээхэй шиг болно гэж бодно. Харин Дэлдээхэй бушуухан том болоод булчин шөрмөс нь товойсон жентельмэн туулай болохыг мөрөөднө. Хоёр бүжин шидэт цэцэг дэлгэрч жимсээ гарахад ганцхан долооход хүсэл нь биелэх байтал шуналтайгаар долоож хөгшин муухай туулай болдог. Хүүхдүүдээ шунал ихэдвэл ямар болдог вэ, гэмээ ойлгоод алдаагаа засвал ямар вэ гэдгийг эл жүжгээс үзээрэй. Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа энэхүү жүжгийг энэ сарын 31, 6 дугаар сарын 01-нд 13.00 цагт тус тус тоглоно. Тасалбар нь 15 мянган төгрөг байх бөгөөд бэлэгтэй.

“Алтан залаат азарган тахиа” хүүхдийн жүжиг

Ойн чөлөөнд Муур, Хөөндий шувуу, Алтанхан залаат азарган тахиа гурав амьдарна. Намар сэрүүн орж мод түлээгээ бэлдэх цаг ирж муур хөөндий найзаа дагуулан ой руу явах болжээ. Алтан залаат азарган тахиаг гэрээ сайн сахиж байгаарай хаалгаа нээж болохгүй, зальт үнэг чамайг өлхөөн идчихнэ шүү гэж захиад явжээ. Тэр хойгуур зальт шар алтан залаат азарган тахиаг пицца колагаар дайлж, гар утасны тоглоомонд донтуулж, бүр од болгоно гэж ч хуурна. Энэ бүгдэд хууртан үнэгний хоол болох шахдаг алтан залаат азарган тахиаг муур хөөндий 2 найз авардаг. Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа энэ сарын 29, 30-нд тоглох энэхүү жүжгийн тасалбар нь 15 мянган төгрөгийн үнэтэй.

“Шидэт алчуур” хүүхдийн жүжиг, хүүхдийн баяр

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд багачууддаа зориулан “Шидэт алчуур” хүүхдийн жүжиг, хүүхдийн баяр Корпорейт Конвеншн центр-концертын танхимд 6 дугаар сарын 01-нд 15.00 цагт эхэлнэ. Тоглолтын тасалбар нь 40 мянган төгрөг бөгөөд байгууллага, хамт олноороо захиалбал хөнгөлөлттэй аж.

“Улаан малгайтын адал явдал” хүүхдийн жүжиг

“Фантастик продакшн”-ы уран бүтээлчид хүүхэд багачуудад зориулан “Улаан малгайтын адал явдал” үлгэрээс сэдэвлэн бүтээсэн жүжгийг толилуулна. Уг жүжгийг найруулагч Б.Тамир найруулсанб өгөөд М.Баярбат, Э.Алдар, Б.Ганчулуун, Б.Барслхагва, Э.Одбаяр, Т.Бадамжав, Ж.Алтаншагай, Э.Баярмагнай, Б.Саруулбуян, М.Аззаяа нарын жүжигчид тоглох юм.
Тусгаар тогтнолын ордонд энэ сарын 31-нд 13.00, 15.00, 17.00 цагт, 6 дугаар сарын 01-нд 13.00, 14.30, 16.00, 17.30 цагт, 6 дугаар сарын 02-нд 13.00, 15.00 цагт тус тус тоглох юм. Хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт бэлэгтэй.

Categories
мэдээ нийгэм

“Эх, хүүхдийн эндэгдлийн тулгамдсан асуудал” сэдэвт цахим хурал боллоо

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газар, ЭХЭМҮТ нь “ЭХ, ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” шуурхай цахим хурал эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран хийлээ. 2018 оны 5 сарын 23-ны өдрийн цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга удирдан, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа, ЭТҮЧА-ны дарга А.Оюунчимэг, Статистик Мэдээлэлзүйн тасаг, Тандалт судалгааны алба, эрүүл мэндийн байгууллагуудын эх, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөх эмч, чанарын менежер, эмч, мэргэжилтэн бүхий 90 гаруй хүн оролцлоо.

Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн ТСА-ны дарга Т.Гантуяа “Эх, хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал”, ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга “Эхийн эндэгдлийн өнөөгийн байдал, мэдээлэл, тохиолдолд суурилсан зөвлөмж, сургамж”, ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч Н.Дашзэвгэ “Жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр, түүний хүндрэл, тохиолдолд суурилсан зөвлөмж, сургамж”, ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч Н.Дашзэвгэ “Жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр, түүний хүндрэл, тохиолдолд суурилсан зөвлөмж, сургамж”, ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа “Хүүхдийн эндэгдлийн тулгамдсан асуудал, мэдээлэл, тохиолдолд суурилсан зөвлөмж, сургамж”, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн мэс заслын их эмч Ж.Адъяасүрэн “Хүүхдэд тохиолдох золгүй тохиолдлын сэрэмжлүүлэг, мэдээлэл, зөвлөмж, сургамж” сэдвээр мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин хуралд оролцогсдод эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэл тогтмол өндөр байгаа аймгууд ажлынхаа арга барилыг өөрчлөх, эхийн эндэгдэл болон 5 хүртэлх насны хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг бууруулахын тулд дорвитой ажил зохион байгуулахыг санууллаа. Хуралд идэвхитэй оролцож хамтран ажилласан эмч, мэргэжилтэн нартаа талархал илэрхийлье.