Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтыг Н.Наранбаатар найруулна

Image result for Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтыг Н.Наранбаатар найруулахаар боллоо

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах төсвийн төсөл, нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулалтын талаар хэлэлцсэн байна.

Тус хурлаар энэ жилийн наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар төрийн соёрхолт Н.Наранбаатарыг ажиллуулахаар болжээ. Түүнчлэн ерөнхий продюссерээр Үндэсний урлагийн их театрын захирал, СГЗ Г.Цоггэрэл ажиллах аж. Мөн баяр наадам зохион байгуулах төсвийн төслийг хэлэлцэн дэмжээд засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлахаар тогтсон байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүнээр элссэний 50 жилийн ой тохиож байна

Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын гишүүнээр элссэний 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. Уг ойг угтан зохион байгуулж буй арга хэмжээний талаар өнөөдөр ХНХ-ын сайд С.Чинзориг, ОУХБ-ааас Монгол Улсад суугаа Суурин төлөөлөгч хатагтай Клэр Куртье-Мюлдер болон МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ)-ны удирдлагууд мэдээлэл хийв.

Хөдөлмөрчдийг тэгш эрхтэй, зохистой хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ОУХБ үүсэн байгуулагдаад эдүгээ 100 жил болж буй юм. Тус байгууллага хөдөлмөрийн стандарт тогтоох, хяналт тавих үүрэгтэй Засгийн газар, хөдөлмөрчид болон ажил олгогчдоос бүрдсэн НҮБ-ын цор ганц гурван талт байгууллага юм. Одоогоор 187 гишүүн оронтой, дэлхий нийтэд 45 товчоо, бүс нутгийн таван товчтоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа аж. Монгол Улс ОУХБ-т 1968 оны энэ өдөр элсэн орсон. Найман суурь конвенци, бусад 20 конвенцийг хэрэгжүүлж байгаа гэдгийг хатагтай Клэр Куртье-Мюлдер дурьдлаа. Тэрбээр, “Өнгөрсөн хугацаанд манай байгууллага Монгол Улсын Засгийн газартай хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулах, нийгмийн халамжийн хүртээмжийг сайжруулах чиглэлд хамтран ажиллаж ирсэн. Цаашдаа НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд Монгол Улстай хамтран ажиллах болно” гэлээ.
50 жилийн ойн хүрээнд иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хангах, нийгмийг хамгааллыг сайжруулах, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийг УИХ-аар батлуулах, Нийгмийн халамжийн хуульд өөрчлөлт оруулах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгааu ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээллийнхээ эхэнд онцлов.
Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэх бодлого баримтлан ажиллаж байгааг сайд дурьдаад, “Өчигдөр буюу энэ сарын 23-нд Сангийн сайд болон ХНХ-ын сайдын хамтарсан тушаалаар төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломж, хөрөнгө , санхүүгийн нөөц бололцоог тодорхойлох ажлын хэсэг байгуулсан. Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг 2018-2020 онд нэмэх боломж, бололцоог бүрдүүлэх болно” гэлээ.
МҮЭХ-ын Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, “Засгийн газрын зүгээс цалин хөлсийг нэмэх шуурхай ажлын хэсэг байгуулсан. Тиймээс төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэх зорилго бүхий ажил хаялтын өмнөх суулт ес хоног үргэлжилж, өчигдөр зогссон. Цаашдаа зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Монгол хүний ажлын байрыг тогтвортой, баталгаатай байлгах, амьдралын түвшинг дээшлүүлэх чиглэлд Засгийн газар, МҮЭХ, ОУХБ нягт хамтран ажиллах болно” хэмээв.
Categories
мэдээ нийгэм

Монголд анх удаа зүрх шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийжээ

zurhnii hagalgaa

Улсын нэгдсэн төв эмнэлэг Монголд анх удаа зүрх шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийжээ. Тодруулбал, энэ сарын 21-нээс 25-ны өдрүүдэд тус эмнэлэг хийгдэх цусны зохиомол эргэлтийн нөхцөлд хавхлага солих, тосгуур хоорондын таславчийн цоорхой нөхөх, титэм судас сэргээн засах мэс заслууд анх удаа хийсэн нь амжилттай болсон байна. Тус хагалгааг АНУ-ын Юта их сургуулийн баг, Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран хийсэн бөгөөд цаашид гурваас дөрвөн хүнд хийхээр төлөвлөж буй ажээ.

Юта их сургуулиас ирсэн баг долоон хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд зүрхний мэс заслын эмч, мэдээгүйжүүлэлтийн эмч, перфузлогич болон бусад мэргэжилтэн багтсан байна. Тэд хагас жилийн дотор 25 орчим зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг ажээ. Энэхүү хагалгааг хийхээс өмнө нэгдүгээр эмнэлэг туршилтын мэс заслын лабораторийг тавдугаар сарын 10-нд шинээр байгуулж, гахайд зүрх шилжүүлэн суулгажээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Чингэлтэй дүүрэгт ажиллав

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр (2018.05.24) Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар,Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын төлөөллийн хамтаар Чингэлтэй дүүрэт ажиллав.

Тус дүүргийн 4, 5, 6 дугаар хороонд оршин суугаа иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангах үүднээс амьдарч буй орон сууцны нөхцөл байдал, ногоон байгууламжийн асуудал, орон сууцны хороолол дундах авто замын орц, гарцын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

Шинээр баригдаж буй орон сууцны зарим хороолол автомашины орц, гарц хязгаарлагдмал байдаг, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжгүй, барилгын компаниуд нь төлөвлөгөөт ажлаа гүйцээж хийлгүй иргэдийн эрх ашгийг хохироож байгаа талаар иргэд хэлж байв. Мөн барилгууд чанарын шаардлага хангахгүй байгаа нь олон өрхийн амьдралыг эрсдэлд оруулж байгаа талаар санал гомдлоо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод танилцуулсан. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тус хороодын нутаг дэвсгэрийн нөхцөл байдал, шийдэх боломжтой асуудлууд, тэдгээрийг хууль зүйн хүрээнд шийдэх боломжийн талаар саналаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын удирдлагуудтай солилцлоо. Ингээд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тодорхой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох албаны хүмүүст чиглэл өгсөн юм.

Categories
мэдээ улс-төр

Гэмт хэрэгт холбогдсон хүүхдэд хорихоос өөр төрлийн ял ногдуулах хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн О.Батнасан, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар нар “Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл өргөн барилаа.

2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг өмнөх хуулиас дордуулж зохицуулсан нь 18 нас хүрээгүй хүүхдийг аль болохоор хорихоос өөр ялаар шийтгэх хувилбарыг баримтлах олон улсын гэрээ, конвенц, пактын зарчимд нийцээгүй гэж төсөл санаачлагчид үзэж байна.

2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдийн хувьд гэмт хэргийн ангилал харгалзахгүйгээр “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх”, “хорих ял оногдуулах шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зэрэг зохицуулалт байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар эдгээрийг “хөнгөн гэмт хэрэг” гэж хязгаарласан нь өмнө байсан энэрэнгүй зохицуулалтыг дордуулсан байна.

Практикт 14-17 насны 4 хүүхэд хүнсний дэлгүүрээс 110 мянган төгрөгийн талх, боорцог, чихэр гэх мэт хүнсний зүйл хулгайлсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн Хулгайлах гэмт хэргийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтын “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн” хэмээх зүйл ангид хамаарч, тус зүйл анги нь “хүнд” гэмт хэргийн ангилалд багтах тул дээрх хүүхдүүд хорих ялаар шийтгүүлж байгаа юм.

Эрүүгийн хуулиар гэмт хэргийг “хөнгөн” ба “хүнд” хэмээн ангилж буй ангилал нь насанд хүрэгсдийн үйлдэж буй гэмт хэргийн шинж чанар, хор хохирол зэргийг үндэслэсэн ангилал бөгөөд үүнийг насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэгт шууд хамааруулан авч үзэх нь учир дутагдалтай гэж тэд үзжээ.

2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш буюу Эрүүгийн шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш хорих ял эдэлж буй хүүхдийн тоо эрс өсчээ. 2017.07.01-ний байдлаар 21 хүүхэд гэмт хэрэгт яллагдаж, 9 хүүхэд хорих ангид ял эдэлж байсан бол 2018.05.01-ний байдлаар 58 хүүхэд гэмт хэрэгт яллагдаж, 59 хүүхэд хорих ангид ял эдэлж байгаа аж.

Иймд гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдийн эрх зүйн байдлыг нь дордуулж зохицуулсан Эрүүгийн хуулийн 8.1 дэх “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл” зүйлийн 4 дэх заалт “Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгож, мөн тус хуулийн 8.6 дахь “Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зүйлийн 1 дэх заалтын болон тус хуулийн 8.7 дахь “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” зүйлийн 1 дэх заалтын “хөнгөн” гэснийг тус тус хасч өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм

“Гүйе, Түүе” арга хэмжээнд 1000-аад залуус нэгдээд байна

Image result for Гүйнгээ байгаль орчиндоо ээлтэй хандах “Гүйе Түүе” арга хэмжээ болох гэж байна. Зохион байгуулагчид нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Байгаль Орчны газар, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн ЗДТ-ын газар юм.

Тэд “Гүйе,Түүе” уриан доор хөрс усны бохирдол, хог хаягдал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зуслангийн ногоон бүсийн их цэвэрлэгээ”-г хийх юм. Энэ бямба гаригийн өдрийн 09:00-15:30 цагуудын хооронд зохион байгуулах уг арга хэмжээнд 25 орчим ТББ-ын залуус нэгдэхээр болсон байна. Үйл ажиллагааг дэмжиж “Монголын Бодибилдинг фитнессийн холбоо” ТББ-ын гишүүн 100 гаруй залуучууд оролцохоос гадна нийт 20 гаруй байгууллагуудаас 1000 гаруй залуучууд оролцохоор саналаа ирүүлсэн байна. Нэмж оролцох хүсэлтэй залууст арга хэмжээ нээлттэй гэнэ.

Тэд дараах 3 чиглэлд цэвэрлэгээ хийх юм.

-“Зуслангийн ногоон бүсийн их цэвэрлэгээ” нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн Гачуурт тосгон

-“Маршалын гүүрнээс Баянзүрх хайрхан

– Хар усан Тохойгоос “Монгол Шилтгээн” Туул гол дагуу “Шинэ амралт”-ын урд талаас “Минж нутагшуулах төслийн нэгж” ОНӨҮГ-ын доод талын тохой хүртэл 5-6 км орчим газрыг цэвэрлэх юм.

Сайн дурын үйл ажиллагаанд оролцох залуучууд нийслэлийн Хангарди ордны автомашины зогсоолоос 09:00 цагт хөдлөхөөр төлөвлөгдсөн нийслэлийн Тээврийн газраас бэлтгэсэн автобусанд сууж, цэвэрлэгээ хийх газар руу шууд очиж ажээ.

Хогоо түүнгээ дасгал хийх “Гүйе! Түүе!” залуучуудын сайн дурын аянг цаашид тогтмол зохион байгуулж, нийслэлийн иргэд Улаанбаатар хотдоо тав тухтай, цэвэр цэмцгэр орчныг хамтдаа бүрдүүлэх болно гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллэв.

Categories
мэдээ спорт

Ирэх бямба гарагт Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дээр Оскар Эскандонтой тулна

Зураг

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогтын мэргэжлийн боксын ринг дээрх 10 дахь тулаан энэ сарын 26-нд болно.

Түүний энэ удаагийн өрсөлдөгчөөр Колумба улсын боксчин Оскар Эскандон тодорсон билээ. Тэрбээр 2014 онд Инчеоны Азийн 17 дугаар наадмын дараа мэргэжлийн бокст шилжиж, промоутер Аль Хэймоны удирдлага дор хичээллэж байгаа бөгөөд дасгалжуулагч нь Жо Гуссен юм.

2015 оноос хойш 9 тулаан хийж, хамгийн сүүлд Филиппиний Хармонито Де Ла Торрег оноогоор ялсан. Харин өмнөх 8 өрсөлдөгчөө бүгдийг нь хүнд цохилтоор ялж байв.

Түүний 10 дахь өрсөлдөгч О.Эскандон 2014 онд WBO- гийн хагас хөнгөн жингийн дэлхийн аварга бөгөөд мэргэжлийн боксын ринг дээр 28 тулаан хийж, 25 удаа ялалт байгуулж, 3 удаа ялагдаж байв.

Categories
мэдээ нийгэм

“Эх, хүүхдийн эндэгдлийн тулгамдсан асуудал” шуурхай цахим хурал боллоо

ЗурагЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газар, ЭХЭМҮТ нь “Эх, хүүхдийн эндэгдлийн тулгамдсан асуудал” шуурхай цахим хурал эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран хийлээ.

Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн ТСА-ны дарга Т.Гантуяа “Эх, хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал”, ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга “Эхийн эндэгдлийн өнөөгийн байдал, мэдээлэл, тохиолдолд суурилсан зөвлөмж, сургамж”, ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч Н.Дашзэвгэ “Жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр, түүний хүндрэл, тохиолдолд суурилсан зөвлөмж, сургамж”, ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа “Хүүхдийн эндэгдлийн тулгамдсан асуудал, мэдээлэл, тохиолдолд суурилсан зөвлөмж, сургамж”, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн мэс заслын их эмч Ж.Адъяасүрэн “Хүүхдэд тохиолдох золгүй тохиолдлын сэрэмжлүүлэг, мэдээлэл, зөвлөмж, сургамж” сэдвээр мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин хуралд оролцогсдод эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэл тогтмол өндөр байгаа аймгууд ажлынхаа арга барилыг өөрчлөх, эхийн эндэгдэл болон 5 хүртэлх насны хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг бууруулахын тулд дорвитой ажил зохион байгуулахыг санууллаа.
Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга удирдан, эрүүл мэндийн байгууллагуудын эх, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөх эмч, чанарын менежер, эмч, мэргэжилтэн 90 гаруй хүн оролцов.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтнуудад зориулсан сургалт боллоо

Зураг

Өнөөдөр эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтнуудад зориулсан “Хүний эрх ба Манлайлал” сургалт болов.

Сургалтаар “Хүний эрх ба жендэр”, “Манлайлал ба тэгш оролцоо”, “Жендэрийн мэдрэмжтэй эрүүл мэндийн салбар” гэсэн сэдвүүдээр хичээл заасан юм. Монголын эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МЭМАҮЭХ/-ны 60 орчим үйлдвэрчний эвлэлийн дарга, сонгуульт ажилтан тус сургалтанд оролцлоо.

Сургалтын багийн гишүүн, Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал хөтөлбөрийн оролцогч Э.Пүрэвсүрэн: “Жендэр бол нийгэм дэх хүйсийн тэгш эрх, хүний эрхийн асуудал юм. Тиймээс жендэрийн тэгш байдлыг хангах бодлого барьж ажиллахыг салбар бүр анхаарахаас гадна олон улсын байгууллагууд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд жендэрийн дүн шинжилгээ хийх шалгуурыг тавьдаг болоод байна. Эрүүл мэндийн салбарт ч энэ асуудал нь чухал юм. Тухайлбал, манай улсын дундаж насжилтын зөрүү 10 нас руу дөхөж эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг анхаарч үзэж халдварт бус өвчнөөс сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор жендэрийн мэдрэмжтэй сургалт, мэдээллийг зохион байгуулах хэрэгцээ байна. Хүн амын насжилт явагдах тусам настан хүн амд ганц бие, эрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудал ч давхар гарч ирдэг тул сургалт, мэдээллийн ажлыг нас, боловсрол, амьдран суугаа газрын ялгаатай байдлыг харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай болдог. Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 80 хувь нь эмэгтэйчүүд байдаг ч тухайн салбарын бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо мөн энэ хэмжээний байгаа эсэх нь эргэлзээтэй юм. Сувилагчдын хүйсийн байдал бас л эмэгтэйчүүд давамгайлсан байдаг. Тэгэхээр эрүүл мэндийн салбарыг эмэгтэйчүүдийн салбар мэт авч үзэх хэвшмэл байдал байхыг ч үгүйсгэхгүй юм” гэж хэллээ.

Тэрбээр Конрад-Аденаурын сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал хөтөлбөр”-ийн дөрөв дэх жилийн оролцогч юм. Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-аас хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд жил бүрийн оролцогчид ардчилал, хүний эрх, жендэрийн тэгш байдал гэхчилэн сэдвийн хүрээнд сургалт, уулзалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.

Монголын Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн тулгамдсан асуудлууд бий. Жишээлбэл, зарим эмнэлэгт цолтой ажилчид, энгийн ажилчид гэсэн ойлголт бий. Энэ нь эрх мэдлийн ялгааг бий болгодог. Манай салбарын хувьд 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг, тэдний хөдөлмөрлөх эрх, тэгш байдалд бид анхаарал хандуулж ажиллахыг зорьдог юм. Сургалтанд үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нараас гадна залуучуудын хэсгийн ахлагч, тэргүүлэгч нарыг оролцуулж байна. Манай залуучуудын хороо хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө ажиллах үйлсэд нэгдэж байгаа” гэлээ.

“Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал” хөтөлбөрийн энэ жилийн оролцогчид МЭМАҮЭХ-той хамтран тус сургалтыг зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

НМХГ-аас бассейн, саун, халуун усны газруудад шалгалт хийжээ

Image result for бассейн, саун, халуун ус

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн гуравдугаар сарын 12-наас дөрөвдүгээр сарын 20 хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 14 саун, 7 халуун ус, 10 усан бассейнд шалгалт хийжээ.

Сауны газруудаас 14.2 хувь нь бага, 85.7 хувь нь дунд эрсдэлтэй, усан бассейн, чийрэгжүүлэлтийн усан сангаас 50 хувь нь бага эрсдэлтэй, 50 хувь нь дунд эрсдэлтэй, халуун усны газруудаас 85.7 хувь нь дунд, 14.2 хувь нь их эрсдэлтэй гэж үнэлэгджээ.

Илэрсэн нийтлэг зөрчлийн хувьд, дотоодын хяналт тавих журам тогтоож, мөрдөж ажилладаггүй байна. Усан бассейн, спорт сургалтын төвүүд дотоодын хяналтын лабораторигүй, сауны газруудын барилга байгууламжууд нь батлагдсан зураг төслөөр баригдаагүй, барилгын суурин давхрын хийц өөрчилж, үйл ажиллагаа явуулж байв. Үйлчилгээний ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй жилд нэг удаа хамрагдсан үзлэгийн дэвтэртэй боловч, эмчийн тамга тэмдэг, гарын үсэг зөрөөтэй хуурамч бичиг баримттай нь үйлчлүүлэгч нарын дунд арьсны болон амьсгалын замын халдварт өвчнийг тархаах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Харин цэвэрлэгээний байдалд лабораторийн шинжилгээ хийхэд БГД-ийн “Усан спорт сургалтын төв”, “Түмэн занги” ХХК-ийн “Говь” сауны усан бассейн, Максложинг ХХК-ийн “Рамада саун”-ы чийрэгжүүлэх усан сан, МЧБС ХХК-ийн “Соёл саун”-ы чийрэгжүүлэх сангийн ус нянгийн бохирдолтой гарчээ.

“Нарантуул шейл ойл” ХХК-ийн бассейн, “Халиун төгөл” ХХК-ийн бассейны ус нь үлдэгдэл хлор бага гарсан. Усан бассейн, чийрэгжүүлэх усан сангийн усанд гэдэсний бүлгийн савханцар илэрсэн нь тухай газрын ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэм хангалтгүй, үлдэгдэл хлор зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс бага гарсан нь бассейны усыг байнгын эргэлтэд байлгах шахуурга, шүүлтүүр болон халдваргүйжүүлэлтийн тоног төхөөрөмжийн эргэлт, усан сангийн ус бүрэн солигдох хугацаа шаардлага хангахгүй зэрэгтэй шууд холбоотой байв.

Саун, халуун усны ажлын байрны эд хогшил, тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл, үйлчилгээнд хэрэглэгдэж буй шаахай, амралтын хувцас, гар нүүрийн алчуур зэргээс нийт 14 газраас 99 арчдас авсан байна. Мөн 12 газрын 79 арчдасны 15 буюу 18.9 хувьд гэдэсний бүлгийн савханцар E.Coli илэрсэн нь энэ газруудын цэвэрлэгээ, халдвар хамгааллын дэглэм шаардлага хангаагүйг харуулж байв. Мөн уг газруудад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх эмийн сангийн бүрдүүлэлт муу байжээ.

Харин 19 газрын үйлчилгээний ажиллагсад нь хувийн дугаар бүхий энгэрийн тэмдэггүй, үйлчилгээний онцлогт тохирсон зориулалтын ажлын хувцасгүй, зөөлөн эдлэл угаах угаалгын өрөө нь эрүүл ахуйн урсгал буруу, цэвэр бохир хэрэглэл нэг дор байрласан, өрөөний хана, тааз мөөгөнцөрдсөн. Саунд орж болохгүй өвчнүүдийн заалтыг ил бичиж байрлуулаагүй байв.

Иймд зөрчил гаргасан 10 аж ахуй нэгжид улсын байцаагчийн албан шаардлага, есөн аж ахуй нэгжид албан даалгавар, 12 аж ахуйн нэгж, хоёр иргэнд нийт 5 сая 500 мянган төгрөгийн шийтгэл ногдуулсан байна.