Categories
мэдээ цаг-үе

Монголыг дэлхий таньдаггүй

Бид “Монгол хэмээх
нэгэн нэр дэлхийн чихнээ
дуурсгалтай” хэмээн омогших
дуртай. Сонсоход үнэхээр
чихэнд наалдсан сайхан үг.
Зөвхөн монголоороо байж
гэмээнэ бид дэлхийд үлдэнэ,
Чингис хаан дахин төрөхөд
бид дэлхийн цээжинд гарна
гэж сайрхдаг. Энэ бол аугаа
монголчуудын бардам эхэмсэг
хийгээд төрөлхийн чанар.
Намайг цаашлаад Монголыг
мэддэггүй юм аа гэхэд Чингис
хаанаар андахгүй дээ гэж
омойтно. Хүү төрвөл баруун
гартаа шагайн чинээ нөж
атгаж төрлөө гэх нь холгүй
хөөрцөглөнө.

Олон улсын томоохон
судалгааны байгууллага
“Монгол Улсыг та мэдэх үү”
гэсэн асуулга явуулахад
судалгаанд оролцогчдын 80
хувь нь “огт мэдэхгүй” гэсэн
хариулт өгсөн байна лээ.
“Мэднэ” гэж хариулсан 20
хувь бидний хэлж заншсанаар
Өвөр монгол буюу Өмнөд
Монголыг гэж боддог гэсэн
байна. Чингисийн удмын хаад,
Оюу толгой, Таван толгой,
улстөрчид, тамирчдаараа
дэлхийн хэмжээнд танигдаж
чадаагүй л явна. Зарим
яруу найрагч нь “Дэлхийд
хуцна” гэсэн ном гаргаад
ч энүүхэн хавьдаа хуцаж
байх жишээтэй. Тиймээс
Монголынхоо нэрийг гаргая
гэвэл Чингис хаан гэхээсээ
илүү фэйсбүүк, твиттер,
инстаграм ч юмуу, нэг олны
сонирхлыг татах ганц сайн
аппликейшн бүтээдэг болъё.
Өмсөж зүүдэг хувцасны ганц
сайн брэндтэй болох цаг
болж. “Самсунг” гэхэд БНСУ
гэж дэлхий мэдэж байна шүү
дээ. Хөлбөмбөгч Зидан гээд
ярингуут Францын тухай яриа
хөвөрдөг. Ийм л болмоор
байна.

Дэлхийн улс гүрнүүдийн
энэ өрсөлдөөн дунд танигдах
хэрэгтэй. Үндсэн хуультай,
хилтэй, хууль дэг журамтай,
ардчилсан, иргэн бүр нь
эрх чөлөөтэй, хийхээс илүү
шүүмжлэхийг урьтал болгодог
монголчуудыг Өмнөд
Монгол гэж эндүүрдэг энэ
20 хувь дотроо дуусах нь.
Монголыг дэлхий танихгүй
байна. Дэлхийд Монголоо
таниулсаны дараа цээжээ
дэлдэх цаг харамгүй гарна,
бидэнд. Бид Конго, Белиз,
Гамби, Габон гээд ярихаар
“Ийм улс байдаг юм уу” гэж
ярьдаг. Эдгээр улсуудад
очоод “Монгол” гэж ярьвал
Конго, Белиз, Гамби, Габон
улсын иргэд “Ийм улс байдаг
юм уу” гэж гайхна шүү.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Монголчууд элэгний С вирусийн эсрэг вакцин гаргах уу?

Элэгний С вирусийн
эсрэг вакцин гаргаж
авахаар дэлхийн эрдэмтэн,
судлаачид ажиллаж байгаа
гэнэ. Манайхан энэ талаар
Кубтай хамтарч ажиллахаар
яриа өрнүүлж буй. Үүнээс
гадна чихрийн шижингийн
эмчилгээний технологи,
шүлхийн эсрэг вакцин гаргах
талаар ч хамтарч ажиллах
санаатай гэнэ. Саяхан МУИС
ба Бүгд найрамдах Куб улсын
Элчин сайдын яам хамтран
Кубын био технологийн
төвтэй хамтарч ажиллах
талаар хэлэлцүүлэг хийсэн
юм. МУИС-ийн захирал
Я.Төмөрбаатар “Монгол Улс
дэлхийн биотехнологийн зах
зээлд нэвтрэхийн тулд Куба
улстай хамтран ажиллах
шаардлатай байна” гэжээ.
Хэлэлцүүлгийн үеэр Эрүүл
мэндийн сайд асан, доктор
П.Нямдаваагийн хэлсэн үгийг
олон хүн чих тавин сонсов.
Вирус судлаач тэрбээр
хэлэхдээ “В гепатитийн
эсрэг вакциныг бид Кубтай л
адил нэвтрүүлсэн. Одоо бүх
хүүхдийг төрснийх нь дараа
вакцин тарьдаг. В гепатитийг
хяналтанд авах бүрэн боломж
бий. 1980-аад оны төгсгөлд С
гепатит гэдгийг чинь мэдэхгүй
байсан байхгүй юу. Одоо бол
сайн үйлчилгээтэй, хор нөлөө
багатай эмүүд гарчихлаа.
2030 он гэхэд С гепатитийг
эпидем байдлаар тархахыг
болиулна гэж ДЭМБ ч ярьж
байгаа. Гэхдээ би вирус
судлаач хүний хувьд эмээр
ямар нэг өвчнийг бүрмөсөн
устгасан түүх байхгүй гэдгийг
хэлье. Яагаад гэвэл одоогийн
хамгийн сайн С гепатитийн
эсрэг эмээр эмчлүүлсэн хүн
ахиад халдвар авах эрсдэл
бий. Ийм тохиолдолд вакцин
чухал. Одоо дэлхий дахинд
гепатит С-гийн эсрэг вакцин
туршиж байна. С гепатитийн
эсрэг вакцин гаргачихсан улс
миний мэдэхээр одоохондоо
байхгүй. Энэ ирээдүйтэй,
манай улсын хувьд амин
чухал асуудлууд дээр хамтарч
ажиллах нь чухал. Кубтэй
хамтарч төвөө байгуул,
мэргэжилтэн урь” гэлээ.

“Гепатит С вирусийн
Америкт тархсан генотип,
манайд тархсан генотип огт
өөр байдаг” гэж академич
онцолсон шүү. Яг вакцин
үйлдвэрлэхийн тулд энэ
асуудлыг шийдэх хэрэгтэй
ажээ. Цагийн сайханд манай
Био комбинат Унгартай
хамтарч Орост зарим
бүтээгдэхүүнээ гаргаж
байсныг ч тэрбээр дурдаж
байлаа.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Image result for Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 5 сарын 26, Санчир гараг. Билгийн тооллын 12, Тэргүүн дагуул одтой, шар морь өдөр. Өдрийн наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана.

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ улс-төр

Өлсгөлөн, шим тэжээлийн дутагдлын эсрэг – Дэлхийн парламентын чуулганд УИХ-ын төлөөлөл оролцоно

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Мустафа Меноуэр Синасеуртай уулзлаа.

Ноён Мустафа М.Синасеур хүлээн авч уулзаж буйд байнгын хорооны даргад талархал илэрхийлээд 2018 оны 10 дугаар сард Испани улсад болох “Өлсгөлөн, шим тэжээлийн дутагдлын эсрэг – Дэлхийн парламентын чуулган”-д Монгол Улсын Их Хурлаас хоёр төлөөлөгч оролцохыг урьж, урилгыг гардуулан өгөв. Тэрбээр хэлсэн үгэндээ зарим оронд байгаа шиг өлсгөлөн, хоол тэжээлийн хомсдол Монгол Улсад нүүрлээгүй боловч, дэлхийн Тогтвортой хөгжлийн хоёр дахь зорилт болох “Өлсгөлөнг зогсоож, хүнсний аюулгүй байдал бий болгох, шим тэжээлийг сайжруулах, тогтвортой газар тариаланг дэмжих” зорилтыг хэрэгжүүлэхэд бусад улсын парламенттай хамтран ажиллаж, хамтын үр дүнд хүрэхэд хувь нэмрээ оруулахыг хүслээ.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир 2017 онд батлагдсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулиудыг боловсруулахад НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын зүгээс зөвлөмж өгч, хамтран ажилласан явдалд талархал илэрхийлээд энэ онд Бэлчээрийн тухай хуулийг боловсруулж, батлуулахаар зорьж байна гэсэн юм. Мөн “Өлсгөлөн, шим тэжээлийн дутагдлын эсрэг – Дэлхийн парламентын чуулган”-д төлөөллөө оролцуулж, Дэлхийн хүнсний өдрийг өөрийн орондоо зохион байгуулж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд байнгын хорооны зүгээс анхаарч ажиллана гэлээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

УДБЭТ-ын тайз, тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудлаар санал солилцлоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өчигдөр Австри Улсын Элчин зөвлөх, Австрийн соёлын форумын дарга Арнолд Обермаяарыг хүлээн авч уулзаж хоёр улсын соёл, боловсролын хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх мөн УДБЭТын тайз, тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудлаар санал солилцлоо.

Соёл урлаг тэр дундаа сонгодог урлагийн салбарт ойр нягт харилцаатай явж ирсэн Австри, Монголын харилцаа өргөжин тэлж буйд сэтгэл дүүрэн байгаагаа салбарын сайд Ц.Цогзолмаа онцлоод энэ удаад Элчин зөвлөхтэй биечлэн уулзаж соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцох завшаан тохиож байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Дэлхий дахинаа сонгодог урлаг, дуурийн урлагаар алдартай Австри Улстай Монгол Улс нь урлаг, соёл, боловсролын салбарт ойр нягт хамтран ажилласаар ирсэн. Тухайлбал, Австрийн соёлын өдрүүдийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, урлаг хөгжмийн салбарт суралцдаг оюутнуудад түлхүү Засгийн газрын тэтгэлэг олгодог, түүнчлэн Богд хааны музей, Соёлын өвийн төв, УДБЭТ зэрэг соёл, урлагийн байгууллагуудтай өндөр түвшинд хамтран ажиллаж буйг Элчин зөвлөх Арнолд Обермаяар онцлоод тус улсын тэргүүлэх компаниудын нэг “Ваагнер Биро” компанийн Азийн борлуулалтын дарга Хесүс Изабелыг танилцууллаа.

160 гаруй жилийн түүхтэй “Ваагнер Биро” компани нь соёлын салбарт бүтээн байгуулалт хийдгээрээ улсдаа төдийгүй олон улсад тэргүүлдэг бөгөөд ОХУ, БНХАУ зэрэг олон орны соёлын объектууд ялангуяа театрын тайз, тоног төхөөрөмж, сэргээн засварын ажлуудыг хийж байжээ. Энэ удаад Австри Улсаас манай улсад үзүүлж буй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд УДБЭТын тайз, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг эрчимжүүлэх асуудлаар салбарын сайдтай санал солилцлоо.

Соёл, урлагийн бодлогыг дэмжих чиглэлээр ялангуяа түншлэгч байгууллагуудтай бодлогын түвшинд хамтарч ажиллан, үйл ажиллагааны хүрээг агуулгаар нь баяжуулах сонирхолтой байгаагаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа хэлээд УДБЭТын тайз, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажилд салбар яамны зүгээс дэмжлэг үзүүлж, эрчимжүүлэхэд анхаарахаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Ил задгай авто машины худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн А/739 дүгээр захирамжийн дагуу зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг зохих хууль, журмын дагуу нүүлгэн шилжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байгаа билээ. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх ахлан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр энэхүү Ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Хурлын эхэнд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнгийн талаар Нийслэлийн Газрын албанаас өгсөн мэдээллийг сонссон бөгөөд төлөвлөгөөний дагуу цаашид авч хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ.

Өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд ил задгай автомашины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн шинэчилсэн судалгааг танилцуулаад зөрчилтэй иргэд, аж ахуйн нэгжүүдэд газраа чөлөөлөх 3 ч удаагийн шаардлага хүргүүлээд байгаагаа мэдээлсэн юм. Газрын албаны сүүлийн судалгаагаар эзэмшил, өмчлөлд олгогдсон зориулалтын зохих, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчилж, ил задгай авто машины худалдаа эрхэлж байгаа нийт 41 иргэн, аж ахуйн зөрчил илэрсэн бөгөөд Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд зөрчил арилгах ажиллагаа хийгдэж байгаа юм байна.

Энэ хугацааанд эдгээр 41 иргэн, аж ахуйн нэгжүүдээс Газар эзэмших, өмчлөх эрхгүй 2 аж ахуйн нэгж, Газраа авто худалдааны бус зорилгоор эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээд 17, хувийн зориулалтаар өмчилж байгаа 22, Газрын албаны шаардлагыг биелүүлж, сайн дураараа үйл ажиллагаагаа зогсоосон 7 иргэн, байгууллага байгааг ажлын хэсгийн хуралдаанаар мэдээллээ.

Энэхүү ажлын хэсэг байгуулагдсанаар нийслэлчүүдийн нэрлэж заншсан 1000 машины зогсоол, АСА циркийн талбайд үйл ажиллагаагаа явуулж байсан ил задгай авто машины худалдаа эрхлэгчдийг Авто худалдааны цогцолборт нүүлгэн шилжүүлээд байгаа ч зарим аж ахуйн нэгж, иргэд Газрын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдэл, шаардлагыг хүлээж авахгүй байгаа тохиолдлууд байсаар байгаа юм.

Иймд цаашид Нийслэлийн газрын албаны шаардлагыг удаа дараа биелүүлээгүй БЗД, 17-р хороо, иргэн М.Мөнхтөр, БЗД, 17-р хороо, иргэн Д.Наранчимэг, БЗД, 17-р хороо, иргэн Ч.Баянмөнх, БЗД, 17-р хороо, иргэн Ч.Ганбаатар, БЗД, 24-р хороо, иргэн З.Мөнхбат, БЗД, 17-р хороо, “Эс пи сервис” ХХК 1502 м2, БЗД, 17-р хороо, “Дөрвөн-Өлзий” ХХК зэрэг 10 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцалж, албадан нүүлгэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Түргэн тусламжийн шинэ автомашинтай боллоо

Эрүүл мэндийн яамнаас хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Өнөөдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ЭМТ, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ЭМТ, Сэлэнгэ аймгийн Мандал Сумын эмнэлэг түргэн тусламжийн автомашиныг Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамжд аймаг орон нутгаас ирсэн төлөөлөгч нарт гардуулж, алтан шар зам өлзийтэй байхын хүсэн ерөөлөө.

Categories
мэдээ нийгэм

Монголын өмгөөлөгчдийн холбооны 90 жилийн ой тохиож байна

1928 оны энэ өдөр Улсын Бага Хурлаас “Шүүн таслах тухай олон ардад тусламж үзүүлэх бүлгэмийн дүрэм”-ийг баталснаар Монгол Улсад бие даасан мэргэжлийн байгууллага байгуулах үндсийг тавьжээ.

Түүхэн 90 жилийн ой тэмдэглэх ажлын хүрээнд өнөөдөр “Өмгөөлөгчийн хараат бус байдал, өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллага” сэдэвт олон улсын олон практикийн бага хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа. ХБНГУ, БНСУ, Япон Улсын ижил төстэй байгууллагаас төлөөлөгчид оролцон өөрийн орны холбооны үйл ажиллагаа, өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг хэрхэн хангаж байгаа талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

2013 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд экспертээр ажиллаж байсан Германы хуульч Др. Маннсфелд өмгөөлөгчийн хараат бус, бие даасан байдлыг хангах чиглэлээр хийсэн харьцуулсан судалгаагаа танилцуулж, МӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Др. Д.Батсүх хүний эрхийг дээдлэхэд баримтлах олон улсын хэм хэмжээтэй уялдуулан өмгөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгцээ, шаардлагыг тайлбарлалаа.

“Засгийн газарт өргөн барьсан өмгөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэлэлцүүлэг олон нийтийн дунд өрнөж байгаа энэ цаг үед энэхүү хурлыг зохион байгуулж байгаа нь манай холбооны гишүүд нэгдмэл ойлголттой болоход чухал ач холбогдолтой юм” гэж МӨХ-ны ерөнхийлөгч С. Ганбаатар дүгнэв.
Өмгөөлөгчид 90 жилийнхээ ойн хүрээнд Сүхбаатарын талбайд эрх зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлсэн бол маргааш хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, аваргаа тодруулах юм байна

Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын гишүүн Д.Гантулга ДЭМБ-ын төлөөлөгчтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Д.Гантулга манай улсад энэ сарын 21-27-ны өдрүүдэд албан айчлал хийж буй Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсийн техникийн багийн ахлагч Даррил Барреттыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн Д.Гантулга манай улсын хөгжлийн бэрхшээл, сэргээн засах тусламж, үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцаж, цаашдын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэх, ДЭМБ-ын бүсийн төлөвлөгөө /2018-2022 он/-ний төслийг хэлэлцүүлэхээр ажиллаж буйд нь ноён Даррил Барреттад талархал илэрхийлээд манай улс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 онд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр /2018-2022 он/-ийг 2017 онд батлан гаргаж, мөн энэ өдрүүдэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулах тогтоолын төсөл өргөн баригдаад байгааг дурдав. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асуудалд анхаарахын зэрэгцээ осол, гэмтлээс урьдчилан сэргийлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиулж, аль болох иргэдээ хөгжлийн бэрхшээлтэй болгохгүй байхад анхаарч байна гэлээ.

Ноён Даррил Барретт иргэдээ хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч байгааг сайшаагаад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хэвийн хүмүүсээс ялгаж харьцах хандлага байж болохгүй, тэднийг хэвийн байдалд нь ойртуулж, насан туршид нь үйлчлэх сэргээн засах цогц үйлчилгээнд анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдийн 80 хувьд олгохыг дэмжлээ

Чуулган нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн
тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын
хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Улсын Их
Хурлын тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг
хийлээ.

Монгол
Улсын Ерөнхийлөгчөөс 2018 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн
“Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж “Хүүхдийн мөнгө” олгох тухай”
Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Засгийн газрын 2018 оны дөрөвдүгээр сарын
10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг
нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын
төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг өнгөрсөн сарын 27-ны өдрийн
чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр
Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Тогтоолын төслүүдийг нэгтгэн нэг төсөл
болгож хэлэлцүүлэхийг хууль санаачлагчид зөвшөөрсөн тул Монгол Улсын Их Хурлын
чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийг үндэслэн
Төсвийн байнгын хороо энэ сарын 02-ны өдрийн хуралдаанаараа дээрх хоёр
тогтоолын төслийг нэгтгэн нэг төсөл болгон Байнгын хороо, чуулганы нэгдсэн
хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их
Хурлын гишүүн Н.Амарзаяа,О.Баасанхүү, Ж.Батзандан,
Б.Баттөмөр, З.Нарантуяа, Д.Оюунхорол, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулж
ажиллуулжээ.

Ажлын
хэсэг энэ сарын 03, 10, 16-ны өдрүүдэд хуралдаж санал,
дүгнэлт гарган Байнгын хороонд танилцуулжээ. Энэ үндсэн дээр тус Байнгын хороо тавдугаар сарын 16 болон 24-ний өдрүүдийн хуралдаанаараа Ажлын хэсгээс нэгтгэж
боловсруулсан төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан байна.

Тогтоолын
нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны
санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Амарзаяа
нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.