Categories
мэдээ нийгэм

Халагдсан цэргүүдэд ажлын байр санал болгосон байгууллагуудад талархал илэрхийлэе

Иргэний цэргийн үүргээ биелүүлж, цэргийн жинхэнэ албаны хугацааг дуусган халагдаж ирсэн дайчдыг нийслэлийн хэмжээнд 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр хүлээн авлаа.

Тус арга хэмжээний үеэр халагдаж ирсэн дайчдад ажлын байр санал болгож, сургалтад хамруулах болсон “Магнай трейд” ХХК, “Жигүүр гранд” ХХК, “Эко констракшн” ХХК, Арвайн үндэс ХХК, “Номин холдинг” ХХК, Сод Монгол групп, Орчлон констракшн, “Буян” ХХК, “Шилэн хийц” ХХК “Юни сервис” ХХК “Хүчит зам” ХХК, “Шайда цонх” ХХК Хөдөлмөрийн бирж, Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төв, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв, “Алтан боломж” сургалтын төв, Герман-Монголын мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, “Тэнгэрлэг бамбай” ХХК, “Бамбай секьюрити хамгаалалтын алба”, “Эрдэнэс” ХХК, “Аравт секьюрити сервис хамгаалалтын алба, “Гэрэлт ирээдүй” мэргэжил олгох сургалтын төв, “Цахилгаан механик үйлдвэр” ХХК, “Их чонос” ХХК, “Уурхайчин” СӨХ, “Содон суварга” СӨХ, “Тэлүүн ач” ХХК, “Хан хэрлэн” ХХК, “Өрнө өрнөх” ХХК зэрэг байгууллагад Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн цэрэг татлагын товчооны зүгээс талархал илэрхийлж байна гэж нийслэлийн Цэргийн штабаас мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Стефан Көрри плэй-оффд эргэн ирж багаа хожилд хөтлөв

Америкийн алдарт үндэсний сагсанбөмбөгийн лигийн плэй-оффын цувралууд үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр NBA-гийн талбайд нийт хоёр тоглолт боллоо.

Хоёрдугаар шатанд учраа таарсан Клэвланд Кавальерс, Торонто Рэпторс багууд цувралын эхний тоглолтоо хийлээ. Хүнд хэцүү долоон тоглолтын дараа дараагийн шатны тоглолтоо хийсэн Кливлэнд Кавальерсчууд өнөөдөр Торонтогийн талбай дээр тоглосон юм. Тэд тоглолтын эхнээс үлэг гүрвэлүүдийн тоглолтын темпэнд орж оноо дутуу явсаар дөрөвдүгээр үетэй нүүр тулав. Багийн гол тоглогч Лэброн Жэймс болон Жр Смит, Тристан Томпсон нар морьтон цэргүүдээс онцлохоор сайн байв. Харин эсрэг багаас Жонас Валичиунас самбарыг эзэгнэсэн. Ялангуяа Кэвин Ловыг ердөө 23 хувьтай довтлуулсан нь гайхалтай. Мэдээж морьтон цэргүүдэд самбарын цэвэр классик хэмжээний тамирчин байхгүй нь нөлөөлсөн байх. Хэрвээ Торонто Рэпторсыг хожоод дараагийн шатанд шалгарлаа гэж бодоход тэднийг Жоэл Эмбийд аль эсвэл Ал хорфорд гэсэн хүчирхэг төвүүд хүлээж байх юм.

Image result for cavaliers raptors 2018 play off

Торонто Рэпторс ганцхан төвийн байрлалд илүү байгаагүй. Хамгаалагчийн хослол болох Дэмар Дэрозан, Кайл Лаури нар тоглолтыг бүрэн удирдаж байв. Гэсэн ч долоон улирал дараалан финалд шалгарсан Лэброн Жэймсийг барж иднэ гэдэг хэцүү билээ. Тэрээр өөрийн гайхалтай тоглолтыг үзүүлэн дөрөвдүгээр үеийн сүүл хэсэгт ирэв. Морьтон цэргүүд эцсийн мөчид нэг онооны илүү гарсан байв. Тоглолт дуусахад 16 секунд үлдсэн байхад Дэмар Дэрозан оноогоор илүү гарч болохуйц довтолгоог хийсэн ч алдаж тоглолтод 113-112-ийн харьцаатай Клэвланд Кавальерсчуудын илүүрхлээр дууслаа.

Голдэн Стэйт Варриорсын Нью Орлэанс Пэликанстай хийж буй цувралын хоёр дахь тоглолт өнөөдөр Ораклэ аринад боллоо. Дайчдын лидер Стефан Көрри бэртлээсээ эргэн ирсэн нь уг тоглолтын онцлох үйл явдал байв. Тоглолтын эхнээс Нью Орлэанс Пэликанс эрчтэй байж оноо илүү авч байв. Гарааны бүхий л байрлалдаа Голдэн Стэйтийг идэж уусан гэхэл хэлсдэхгүй. Гэвч сэлгээний бүрэлдхүүн нь дайчдын хэмжээнээс хэдэн шат дутуу гэдэг нь харагдсан юм. Хэрвээ Пэликанс хуучин аваргуудыг энэ цувралд ялахыг хүсэж байвал сэлгээний бүрэлдхүүнээ сайжруулах зайлшгүй хэрэгцээтэй гэдэг нь харагдав. Улмаар сэлгээний бүрэлдхүүний тоглосон нэгдүгээр үеийн сүүл, хоёрдугаар үеийн эхэн хэсэгт оноо дутуу байсан бөгөөд бусад гурван үед Пэликанс илүү байсан гэж хэлэхэд хэлсдэхгүй.

Image result for new orleans pelicans golden state warriors 2018 play off

Бэртлээсээ эргэн ирсэн Стефан Көрри 27 минутад 28 оноо авч галзуурав. Мөн Кэвин Дурант 29 оноо түүж, Дрэймонд Грийн 20 оноо, 12 оновчтой дамжуулалт өгч дайчид бүрэн хүчээр тоглов. Талбай дээрээ тэд супер тоглолтоо үзүүлсэн ч тооны харьцаа 121-116 байгаа нь Пэликансд боломж байгааг харуулж байна. Тэднээс Энтони Дэвис 25 оноо, 15 самбараас бөмбөг авалт, Жрү Холидэй 24 оноо, Ражон Рондо 22 оноо, 12 оновчтой дамжуулалт, 5 бөмбөг таслалт хийв.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

“Оюутан эргүүл” арга хэмжээ нээлтээ хийлээ

erduulӨнөөдөр “Оюутан Эргүүл” арга хэмжээний нээлт боллоо. Тус арга хэмжээг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс зохион байгуулж байгаа бөгөөд тус дүүргийн 1-8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй ШУТИС, МУИС, МУБИС, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Түшээ дээд сургууль, Олон улс судлалын дээд сургуулийн оюутан залуус хамрагдсан аж.

Эдгээр их дээд сургуулиуд өөрсдийн нутаг дэвсгэрт амар тайван, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой юм байна. “Оюутан эргүүл”-д хамрагдаж буй оюутан нь хичээлийн бус цагаар буюу чөлөөт цагаараа өдөрт дөрвөн цаг ажиллана. Ажилласан хугацаанд сургууль дээр ямар зөрчил гарч байгааг цагдаагийн алба хаагчдад мэдээллэх үүрэгтэй аж.

Categories
мэдээ нийгэм

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс санаачилсан “Сувилагчаа сонсъё” хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс санаачлан жил бүрийн тавдугаар сарын 12-нд тохиодог Олон улсын сувилагчдын өдрийг угтан “Сувилагчаа сонсъё” хэлэлцүүлгийг өнөөдөр(2018.05.02) Төрийн ордонд зохион байгууллаа.Энэхүү хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын 1, 2, 3 дугаар шатлалын эмнэлгүүд болон аймаг, орон нутгаас төлөөлөн ирсэн 90 гаруй сувилагч оролцов.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Оюунхорол хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ эрүүл мэндийн салбарын ачааны хүндийг үүрэлцэж яваа сувилагчдын санал бодлыг сонссоноор бодлого боловсруулах болон шийдвэр гаргах түвшинд хийж хэрэгжүүлэх цогц арга хэмжээний гарц шийдлийг эрэлхийлэх зорилготойг тэмдэглэсэн.

Тэрбээр “Эрүүл мэндийн салбарын 11 мянга гаруй сувилагч бараг 100 хувь эмэгтэй. Өнөөдөр авч байгаа 450 мянган төгрөгийн цалингаараа өрх гэрээ тэжээж, үр хүүхдээ өв тэгш авч явахын төлөө зүтгэдэг хүн маш олон. Хийж байгаа ажилтайгаа харьцуулахад харьцангуй бага цалин авдаг. Тэтгэвэр тэтгэмж нь ч харьцангуй бага тогтоогддог хэр нь ард түмний эрүүл энхийн манаанд үргэлж бэлэн зогсохоос халширдаггүй” хэмээн тодотгон хэлэв.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ “УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг нийгэмд тулгамдсан олон асуудлыг шийдэхээр барьж авсны нэг нь сувилагч нараа сонсож, хөдөлмөрийг нь бодитой үнэлдэг болох, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлд шийдвэр гаргах зорилготой энэ үйл ажиллагаа юм” хэмээн тэмдэглээд ур чадвар, ажилласан жил зэрэг дөрвөн үндсэн үзүүлэлтийг харгалзан сувилагчийн цалингийн шатлалыг нэмэгдүүлж 900 гаруй мянгад хүргэх, ипотекийн зээлд хамруулан 5000 сувилагчид орон сууцхуваарилахаар 2018 оны төсвийн тодотголд тусгах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэй гишүүд идэвх чармайлттай ажиллана гэдгийг онцлон хэллээ.

Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан оролцсон. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдын мэндчилгээг дэвшүүлээд, эмэгтэй гишүүдийн бүлгийн гаргаж байгаа сувилагчдын цалин нэмэгдүүлэх, байр орон сууцаар хангах зэрэг бүх санал санаачилгыг дэмжиж, эхний ээлжинд цалин нэмэгдүүлэхэд шаардлагатай байгаа 64 тэрбум төгрөгийг төсөвт тусган батлуулахад эмэгтэй гишүүдтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Үүний дараа “Сувилагчийн хөдөлмөрийн үнэлэмжийн өнөөгийн байдал” сэдвээр Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн, “Сувилагчийн ажлын ачаалалд нөлөөлж буй хүчин зүйл” сэдвээр Сувилахуйн амьдрал төвийн тэргүүн Т.Сүрэнхай, “Сувилахуйн тусламж үйлчилгээ, хүний нөөцийн өнөөгийн байдал, бодлогын түвшинд хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын чиглэл” сэдвээр Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд нар илтгэл тавилаа.Үргэлжлүүлэн хэлэлцүүлэгт оролцогчид санал бодлоо хэлсэн.

Үг хэлсэн сувилагчид цалин хөлсийг ажлын онцлог, үр дүн, ур чадварыг тооцон тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэгт цаг хугацаа, эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй ч богино хугацаанд шийдвэрлэх талаар чармайлттай ажиллахаа хэлсэн УИХ-ын гишүүдэд талархаж буйгаа илэрхийлэв.

Түүнчлэн тулгамдсан олон асуудлаа нээлттэй ярьснаар шийдвэр гаргах түвшинд үр дүнд хүрнэ гэдэгт итгэж буйгаа зарим сувилагч хэлсэн.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь, Н.Амарзаяа, А.Ундраа, Б.Ундармаа нар оролцож, байр сууриа илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан хэлэлцүүлэг болж байна

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр “Эрх мэдэл хяналдаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс” сэдвээр хэлэлцүүлэг болж байна. Тус хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм форумын байранд хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд өрнөж байгаа юм.

Хэлэлцүүлэгт Юнескогийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Европын холбооны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч Марко Ферри нар төлөөлөгчөөр оролцлоо. Дэлхийн хэвлэл мэдээллийн чуулган Африкийн Гана улсад болж байгаа. Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа тул хэлэлцүүлэгт видео мэндчилгээ дэвшүүлсэн. Уг мэндчилгээнд:

Жил бүрийн тавдугаар сарын гуравны өдрийг дэлхий даяар “Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдөр” (ДХЭЧ) болгон тэмдэглэдэг. 2018 оны ДХЭЧ-ний өдрийг “Эрх мэдлийг хяналтдаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шудрага ёс, хууль дээдлэх ёс” сэдвийн дор тэмдэглэнэ. Чөлөөт хараат бус, ёс зүйт хэвлэл мэдээлэл бол эрүүл саруул, шударга ёст нийгмийн хэмжүүр юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр популист суртал нэвтрүүлэг, үзэн ядалтыг дэвэргэсэн, хүчирхийлэлд турхирсан, мэдээллийн бурууг нийтээрээ нийгмийн сүлжээ хэрэглэгчдэд тохож, хэвлэл мэдээлэл улс төрийн ухуулга сурталчилгааны зай болов. Энэ бүхэн нь ёс зүйт, хариуцлагатай сэтгүүл зүйн суурь, гол зарчмуудад эрсдэл учруулж байгаа нь Монголд хэвлэлийн эрх чөлөөнд аюул тулгарч буйн шинж. 2018 оны нэгдүгээр сард хэвлэлийн эрх чөлөөний эсрэг балмад тохиолдол гарсан. Цагдаагийн ажилтан хувийн компанийн хуулийн зөвлөх, комьютерийн шинжээчийн хамт мэдээний сайтын байранд зөвшөөрөлгүйгээр дайран орж, айлган сүрдүүлж, өөрийн захиралтай холбоотой мэдээллүүдийг устгахыг сэтгүүлчдэд тулган шаардсан байна. Мөн 2018 оны дөрөвдүгээр сард есөн сэтгүүлчийн утсыг чагнасан тухай мэдээлэл олон нийтэд ил болж, албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй тухай Нийслэлийн Прокурорын газраас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдлээ.

Манай байгууллагаас үзэл бодлоо илэрхийлэх эрхийн зөрчилд хийсэн мониторингийн дүнгээр 2017 оны тавдугаар сараас хойшхи нэг жилд нийт 140 сэтгүүлч, ХМХ-д холбогдох үзэл бодлоо илэрхийлэх эрхийн зөрчлийн 182 тохиолдол бүртгэгджээ. Зөрчил гаргагчийн 30 гаруй хувь нь улстөрч, төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн байгууллага ажээ. Мөн редакцийн цензур өмнөх жилээс нэмэгдсэн болохыг нээлттэй асуулгын дүнгээс харж болно.

2018 онд Монголын шүүх хэвлэл мэдээллийн эсрэг нэр төр гутаахтай холбоотой иргэний 12, эрүүгийн тэг хэргийг шийдвэрлэжээ.

Монгол Улс 2018 оны тавдугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын тухай үндэсний тайлангийн хэрэгжилтийн дунд шатны тайлангаа илгээнэ. 2016 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр батлагдсан Засгийн газрын “Ерөнхий төлөвлөгөө батлах тухай” 204 тоот тогтоолоор батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар өгсөн найман улсын зөвлөмжийг хэрэгжүүлэх 11 арга хэмжээ тусгаснаас ес нь огт хэрэгжиж эхлээгүй байна.

Монголын Засгийн газар 2018 оны үлдэж буй хугацаанд дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллана гэж найдаж байна хэмээн ярив.

Хэлэлцүүлэгийн үеэр Глоб Интернэшнл Төв хэвлэл мэдээллийн байгууллагийн эрх нь зөрчигдсөн төрлөөр хийсэн судалгаагаа танилцууллаа. Мөн “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагналыг гардуулав. Уг шагналыг Eagle TV-ийн сэтгүүлч У.Болортуяа авсан юм.

Хөтөлбөрийн төгсгөлд “Хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл олж авах эрх чөлөө ба сонгууль”, сэдвээр Нээлттэй нийгэм форумын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг, Глоб Интернэшнл төвийн хөтөлбөрийн зохицуулагч Б.Онон, “Чөлөөт, аюулгүй сэтгүүл зүйг дэмжсэн эрх зүйн тогтолцоо” сэдвээр Монголын хуульчдын холбооны гишүүн, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хорооны дарга Ш.Сүхбаатар, “Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө: өөрийн зохицуулалтыг сайжруулах нь” сэдвээр Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дэд дарга У.Тамир, ХБНГУ-ын Дойче Велле академийн Монголыг хариуцсан менежер Патрик Беннинг, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Нийгмийн сүлжээний бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Ариунцэцэг нар хэлэлцүүлэг хийлээ.

С.ОТГОНБАЯР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадмаар туршилтын цахилгаан автобус үйлчилгээнд явна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Наадмаар туршилтын цахилгаан автобус үйлчилгээнд явна

Агаарын бохирдлыг бууруулах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор МОН-30 загварын том оврын хоёр ширхэг цахилгаан автобус үйлдвэрлэж, нийтийн тээврийн үйлчилгээнд туршихаар болов.

Импортоор авдаг том оврын нэг автобусны үнээр хоёр автобус үйлдвэрлэх боломжтой юм. Импортын автобус сардаа дөрвөн сая орчим төгрөгийн шатахуун зарцуулдаг бол МОН-30 автобус сард 820 мянган төгрөгийн цахилгаан хэрэглэнэ гэсэн тооцоо хийсэн байна. Дотоодын үйлдвэрлэгчид Ардын хувьсгалын ой, Үндэсний их баяр наадмын үеэр нэг автобусыг нь хүлээлгэн өгөхөөр болжээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан автобус явуулснаар ажлын байр бий болж, зардал буурна гэж Засгийн газар үзэж байна.

МОН-30 цахилгаан автобус нь нэг удаа цэнэглээд 300 км зам туулах боломжтой. Тэгвэл нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа том оврын автобус хоногт дунджаар 200 км явдаг байна. Манай улс 2007-2017 онд 126 цахилгаан тээврийн хэрэгсэл угсарч үйлдвэрлэжээ.

Энэ намар 6000 гаруй хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдах боломж бүрдлээ

“Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн хүрээнд газар нь чөлөөлөгдөж, захирамж гарсан 23 байршилд концессоор сургууль, цэцэрлэг барихаар шийдвэрлэлээ. Шаардагдах хөрөнгийг хөрөнгө оруулалтын эргэн төлөх хуваарийн дагуу тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхаар болов.

23 цогцолборыг энэ оны есдүгээр сарын нэгний дотор барьж, хүлээлгэн өгөхөөр концесс эзэмшигчтэй хэлэлцэн тохирсон байна. Ингэснээр нэг цогцолборт бага сургуулийн 160 сурагч, цэцэрлэгийн 120 хүүхэд, 23 цогцолборт 6440 хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэх юм. Хэрвээ бага сургууль хоёр ээлжээр хичээллэх бол суралцагчийн тоо 7360, нийт суралцагчийн тоо 10 мянга гаруй болж нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Үндэсний аврах бригадтай боллоо

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Хангалт үйлчилгээний анги, Уул уурхайн аврах ангийг нэгтгэн Үндэсний аврах бригад болголоо. Ингэснээр орон тоо, төсөв нэмэгдэхгүй бөгөөд үйл ажиллагаа нь өргөжин нэгдсэн удирдлага, бүтэц зохион байгуулалтад шилжих юм.

Засгийн газрын хуралдаанаар мөн нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Баянхонгор аймгийн Бууцагаан, Төв аймгийн Мөнгөнморьт, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд гал унтраах, аврах анги шинээр байгуулахаар шийдвэрлэв.

Дээрх дүүрэг, сумд нь хүн ам, аж ахуйн нэгж, байгууллага олонтой, гал түймэр, гамшиг ослын дуудлага ихтэй бөгөөд шинээр байгуулагдах ангиуд тухайн нутаг дэвсгэр болон хил залгаа сумдад хүрч ажиллах юм.

Энэ жил 518 мянган тонн улаанбуудай хурааж авах зорилт дэвшүүлжээ

Энэ онд 538 мянган тонн үр тариа, үүнээс 518 мянган тонн улаанбуудай, 171 мянган тонн төмс, 102 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн малын тэжээл, 34 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авах зорилт тавьжээ.

Энэ хүрээнд 14 аймгийн 1480 аж ахуйн нэгж, иргэн үр тариа, тос, тэжээлийн ургамал, 470 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо, 35 мянган өрх төмс, хүнсний ногоо тарихаар бэлтгэлээ хангаж байна.

Атрын III аяны хэрэгжилтийг эрчимжүүлэх, тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамлыг технологийн хугацаанд, төлөвлөсөн хэмжээнд хүргэж тариалах ажлыг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт даалгав.

Товч мэдээ

– Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөлд олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулж ажиллуулахаар болов. Зөвлөх тал дээрх төсөлд техник, байгаль орчин, нийгэм, санхүүгийн бүх талын мэргэжлийн зөвлөгөө өгөх, ТЭЗҮ-ийг баталгаажуулах, технологи, тоног төхөөрөмжийн сонголт хийх зэрэг үүрэг хүлээнэ.

– Багануурын 700 МВт-ын цахилгаан станцын төслийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцуулав. Станцын ажиллах горим, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний тооцоог дахин нягтлахыг салбарын сайдад даалгав. Шаардлагатай тохиолдолд холбогдох талтай хэлэлцээ хийхийг үүрэг болголоо.

– “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг батлав. Хөтөлбөр хэрэгжсэнээр энэ салбарын эрх зүйн зохицуулалт сайжирч, бизнес эрхлэх таатай нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна. Мөн нисэхийн салбарт хувийн хэвшил, хувь хүний оролцоо, хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэнэ. Түүнчлэн агаарын тээврийн хүртээмж нэмэгдэж, аялал жуулчлал, байгаль хамгаалал, хөдөө аж ахуй, газар тариалан, эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээ зэрэг салбарын хөгжилд дэмжлэг болох юм.

– Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

– “Түүх, соёлын хүсгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх журам”, “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам”-ыг баталлаа.

– Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив. Бүх салбарт, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай боломжийг бүрдүүлэх, эрчим хүч, харилцаа холбоо, аялал жуулчлал, боловсрол, байгаль орчин, барилга, ой, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт хамтрах тухай хэлэлцээрт тусгажээ.

– Дайчилгааны туай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, энэ хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

– “Дипломат болон албан /сервис/ паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав.

– “Дипломат, албан, энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улс хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа. Иргэд хоёр улсын хилээр харилцан нэвтэрсэн өдрөөс хойш 30 хоногоос илүүгүй хугацаанд виз авах шаардлагагүй болж байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ намар 6000 гаруй хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдах боломж бүрдлээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн хүрээнд газар нь чөлөөлөгдөж, захирамж гарсан 23 байршилд концессоор сургууль, цэцэрлэг барихаар шийдвэрлэлээ. Шаардагдах хөрөнгийг хөрөнгө оруулалтын эргэн төлөх хуваарийн дагуу тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхаар болов.

23 цогцолборыг энэ оны есдүгээр сарын нэгний дотор барьж, хүлээлгэн өгөхөөр концесс эзэмшигчтэй хэлэлцэн тохирсон байна. Ингэснээр нэг цогцолборт бага сургуулийн 160 сурагч, цэцэрлэгийн 120 хүүхэд, 23 цогцолборт 6440 хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэх юм. Хэрвээ бага сургууль хоёр ээлжээр хичээллэх бол суралцагчийн тоо 7360, нийт суралцагчийн тоо 10 мянга гаруй болж нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Categories
мэдээ нийгэм

“ЭРҮҮЛ МАЛ–ЭРСДЭЛГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН” сэдэвт сарын аяныг эхлүүлээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Эрүүл мал–Эрсдэлгүй бүтээгдэхүүн” сэдэвт сарын аяныг энэ сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэхүү сарын аяныг малын гоц халдварт, халдварт, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр малчид, мал бүхий иргэдэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сарын аяны хүрээнд малчид, мал бүхий иргэдэд малын эмийг зөв зохистой хэрэглэх, зүй бусаар үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг устгах, булшлах, халдваргүйжүүлэх арга хэмжээний ач холбогдол, мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, уг өвчин гарсан үед малчин хүний хүлээх үүрэг, тэдний үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, сурталчлах, сэрэмжлүүлэх, Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах зэрэг асуудлуудад анхаарч, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана.

Сүүлийн жилүүдэд малын гоц халдварт шүлхий, мялзан, цэцэг, халдварт боом, галзуу зэрэг малаас хүнд халддаг зооноз өвчний гаралт буурахгүй байна. 2018 он гарсаар 13 аймгийн 43 суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч 614 өрхийн 7653 толгой мал өвчилж, үүнээс 5817 толгой малыг устгасан байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сүм хийдүүдийн тэргүүн лам нар зөвлөлдөж байна

Image result for гандантэгчинлэн хийд

Яг одоо Монголын бурхан шашны сүм хийдүүдийн тэргүүн лам нарын зөвлөлийн хурал Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчэнлин хийдэд болж байна. Энэхүү хурал нь хоёр өдөр үргэлжлэх бөгөөд жил бүрийн хавар намрын улиралд хуралддаг аж. Энэ удаагийн хуралд 21 аймаг, 9 дүүргийн тэргүүн лам нар оролцож байгаа юм.

Сүм хийдийн тэргүүн лам нар тус хуралдаанаар Бурхан шашны чиг хандлага, хүмүүнлэг ардчилсан нийгмийг төлөвшүүлэх, нийгмийн ёс суртахууныг сайжруулахын төлөө хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлох аж.

Тус хуралдаан маргааш өглөө 9-өөс 17 цагийн хооронд Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчэнлин хийдэд дахин хуралдана.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ улс-төр

“Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлага” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн “Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2018.05.02) Төрийн ордонд зохион байгуулав.Хэлэлцүүлэгт Улсын Бага Хурал, үе үеийн Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын алба, Тамгын газрын ажилтнууд, улс төр судлаач, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Монгол Улсад парламентат ёсны нэн шинэ үеийн түүх БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай 1990 оны хуулиас эхлэлтэй гэж үздэг. Энэ цаг үеэс хойш бид 28 жилийг ардаа орхижээ.

1990 онд явагдсан ардчилсан шинэ сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Ардын Их Хурлаас байгуулагдсан Улсын Бага Хурлаас 1991 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр “Бага хурлын тухай”хуулийг батлан гаргасан нь байнгын ажиллагаатай парламент, түүний үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчны үндсийг тавьж байжээ. Энэ цагаас хойш хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа, гишүүний эрх зүйн байдал, ёс зүйн харилцааг зохицуулсан 130 гаруй хууль, тогтоол, дүрэм, журам гаргасан байна.

Өнөөгийн дагаж мөрдөж байгаа УИХ-ын тухай хуулийг 2006 онд баталсан. Энэ хуульд 15 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 2007 онд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль батлагдсан. 2007 оноос өмнө УИХ-ын даргын шийдвэр, захирамжаар дэгийн асуудлыг зохицуулдаг байсан бол 2007 оноос хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа зохицуулдаг болсон юм. Уг хуульд өнөөдрийг хүртэл 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Тухайн цаг үеүдэд оруулж байсан өөрчлөлтүүд нь цаг үеийнхээ онцлог, нөхцөл байдлыг тусгаж, хүндрэл бэрхшээлээс гарах, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг тогтвортой, саадгүй явуулах зорилготойгоор хууль тогтоох байгууллагын гишүүд, энэ чиглэлийн судалгаа хийдэг эрдэмтэн судлаачдын санал бодолд тулгуурлаж байсан бөгөөд УИХ-ын үйл ажиллагааг улам боловсронгуй болгоход чиглэж байсан юм.

Өнөөгийн УИХ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, үйл ажиллагаагаа явуулж байна. Би энд хоёр, гуравхан тоог дурдъя.

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ эхний гурван чуулганаараа 493 хууль, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэлэлцэн баталжээ. Энэ бол 2016 оны намрын чуулганы эцсээр гарсан статистик мэдээ. Үүнийг өмнөх парламенттай харьцуулж хэлэх нь зөв гэж бодож байна. 2012 онд байгуулагдсан УИХ эхний гурван чуулганы нийлбэр дүнгээр 269 хууль шинээр батлах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдэж байжээ. 2008 онд байгуулагдсан парламент эхний гурван чуулганы дүнгээр 201 хууль, хуулийн нэмэлт, өөрчлөлт хийсэн байна.

Өнөөгийн парламент нийгмийн амьдралын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ихээхэн чармайж ажиллаж байгаа гэдгийг энэ тоо баримт харуулж байгаа юм.

Гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлыг өнөөдөр бид онцолж ярих учраас энэ талаар бас хэдэн тоо хэлье. Өнгөрсөн гурван чуулганы нийлбэр дүнгээр энэ удаагийн УИХ-ын гишүүд 1012 цагийн чуулганы хуралдаанд оролцолгүй тасалсан гэсэн статистик мэдээ байгаа.Тэгвэл 2012-2016 оны парламент гурван чуулганыхаа нийлбэр дүнгээр 9882 цагийн таслалттай байжээ.

Үндсэн хуулийн Цэцийн гаргасан дүгнэлт, шийдвэрүүдийг авч үзсэн байдлыг харах юм бол 2016 онд байгуулагдсан парламент Үндсэн хууль зөрчсөн тухай 7 шийдвэр гарсан байна. 2012-2016 онд Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр 26 удаа гарч байж. Харин 2008-2012 онд ийм шийдвэр 14 удаа гарсан байгаа юм.

Хэдийгээр хууль тогтоох байгууллага асуудлаа шийдвэрлээд явж байгаа ч УИХ-ын үйл ажиллагаа, УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал өнөөдөр нийгэмд анхаарал татсан асуудал болоод байна. Тийм учраас УИХ энэ асуудалд онцгой анхаарал тавих ёстой гэж үзэж байгаа юм. Би энэ хаврын чуулганы нээлтийн үгэндээ энэ чуулган УИХ-ын үйл ажиллагаа, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, гишүүдийн ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээрх эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох шийдвэр гаргасан чуулган байна гэж хэлсэн. Энэ дагуу өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Парламентын гишүүд ард түмнийг төлөөлөх үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чадаж байна уу, үгүй юү гэдэг асуудал УИХ-ын үйл ажиллагаанд хэрхэн, яаж оролцож байна вэ гэдгээс харагдаж байгаа. Нөгөө талаар парламент бүхэлдээ хариуцлага, сахилгатай байж чадаж байгаа, эсэхтэй холбогдох учраас УИХ-ын үйл ажиллагаа, гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудалд ихээхэн анхаарал хандуулах ёстой гэж бид үзэж байгаа юм.

Дэлхийн улс орнуудад парламентын үйл ажиллагаагаа ёстой, дэгтэй, зарчимтай, уламжлалтай байлгах талаар ихээхэн анхаарч ажилладаг туршлагууд бий. Олон улсын болон бүс нутгийн парламентын холбоодын хуралд манай Их хурлын гишүүд очиж, бусад орнуудын хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны талаар судалж, сонсдог бөгөөд аль ч парламент гишүүдийнхээ хариуцлага, ёс зүйн асуудалд ихээхэн анхаарал тавьдаг нь ажиглагддаг.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж байгаа Д.Лүндээжанцан даргатай Ажлын хэсэг парламент болон парламентын гишүүний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэхчиглэлээр өнөөдрийн байдлаар 48 орны Үндсэн хуульд тодорхой хэмжээний судалгаа хийж, санал дүгнэлт гаргаж, Ажлын хэсэг дээрээ, УИХ-ын холбогдох байгууллагуудын түвшинд ярилцаж байгаа. Удирдлагын түвшинд ч онцгой анхаарал хандуулж байна УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Оюун-Эрдэнэ нараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Энэ Ажлын хэсэг л гэхэд зөвхөн дэгийн холбогдолтой асуудлаар 10 гаруй орны парламентын хууль, эрхийн актуудыг судалж үзсэн байна.

Судалгаанаас харахад гишүүдийн хариуцлага, ёс зүй, дэгтэй холбоотой зохицуулалтуудыгдөрвөн үндсэн бүлэгт хувааж үзэж болохоор байгаа юм.

Нэгдүгээрт, Гишүүдэд санхүүгийн хариуцлага хүлээлгэдэг юм байна. Энд цалинг нь хасах, санал хураалтад оролцоогүй, тасалсан бол мөнгөн торгууль ногдуулах зэрэг арга хэмжээ орно.

Хоёрдугаарт, Гишүүний бүрэн эрхийг түр хугацаагаар буюу хэсэгчлэн түдгэлзүүлэх, эгүүлэн татах мэтээр сахилгын шийтгэл ногдуулдаг туршлага байна.

Гуравдугаарт, Гишүүдийн ирцийн байдлыг олон нийтэд мэдээлдэг, албадан ирүүлдэг, хуралдаанд оролцох эрхийг нь хасдаг, албан ёсоор уучлал гуйлгадаг арга барил байна.

Дөрөвдүгээрт, Гишүүний давуу эрхийг нь хязгаарлах, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх,парламентын бүрэлдэхүүнээс хасах шийтгэл ногдуулдаг байна.

УИХ-ын гишүүн, Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Хаянхярваа Дэгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар хууль санаачилж, УИХ-д өргөн барьсан. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Оюун-Эрдэнэ нарын Ажлын хэсгээс боловсруулж гаргах төслийг Д.Хаянхярваа гишүүний өргөн барьсан төсөлтэй хамтатгаж, энэ чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг сайжруулах хууль эрх зүйн шинэ зохицуулалтыг бий болгох болно.

Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд парламентад олон жил суусан туршлагатай, Д.Лүндээжанцан даргын хэлснээр голцуу Төрийн байгуулалтын байнгын хороонд хамаарагдаж байсан, төрийн байгуулалтын чиглэлээр мэргэшсэн парламентчид та бүхэн болон эрдэмтэн судлаачдын санал юу юунаас чухал. Тийм учраас санал бодлыг тань сонсъё хэмээн өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм гээд хэлэлцүүлгийн арга хэмжээг нээж, амжилт хүслээ.

Хэлэлцүүлэгт эхлээд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал”-ын талаар танилцуулга хийсэн юм УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах, гишүүдийн ёс зүйн хариуцлагыг нэмэгдүүлэх, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалтыг нарийвчлан тодруулах, утга агуулгыг шинэчлэх зайлшгүй шаардлагыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулахаар УИХ-аас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг тэрбээр танилцуулгадаа дурдаад хуулийн төсөлд тусгахаар төлөвлөж байгаа зарим гол асуудлын талаар танилцуулав. Тухайлбал, УИХ-ын гишүүн чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй цагийн нийлбэр нь тухайн чуулганы нийт хугацааны гуравны нэгээс хэтэрсэн бол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татах, Байнгын хороодын хуралдааныг давхцуулахгүйгээр зохион байгуулдаг болох, хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, санал өгөхөд гарын хурууны хээгээр идэвхждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглах, гишүүн зөвхөн өөрөө санал өгдөг байх зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байгаа аж. Мөн Монгол Улсын Үндсэн хууль болон Ард нийтийн санал асуулгын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх ирцийн босгыг өндөрсгөж, шалгуурыг тодорхой оновчтой болгохоор тусгажээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн бусдад хүндэтгэлтэй хандаж, бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан, эсхүл хуралдаанаас гадуур бусдыг илтэд санаатайгаар гүтгэж, доромжлохыг хориглох, хуралдааны дэг зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой зохицуулалт хийх шаардлагатай. Мөн гишүүний асуултад бүрэн хариулах боломжийг бий болгож, тайлбар хийж асуултад хариулж байгаа албан тушаалтан үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад бүрэн хариулах үүрэгтэй байхаар зохицуулах, тэрчлэн хуулийн хийдэгдлийг арилгах үүднээс Үндсэн хуулийн цэцээс хууль тогтоомжийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгосон бол УИХ дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор тухайн хууль тогтоомжид зохих нэмэлт, өөрчлөлт оруулдаг байхаар хуулийн төслийн үзэл баримтлалд тусгахаар төлөвлөснөө танилцуулав.

Дараа нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Парламентын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлагын талаархи гадаадын улс орнуудын туршлага” сэдвээр танилцуулга хийсэн юм.Тэрбээр, энэ асуудлын хүрээнд дэлхийн бусад орны туршлага, жишгийг харьцуулан судалсан томоохон судалгаа хийгдсэн тул товчилж танилцуулж байгаа, яваандаа энэхүү судалгааны материалыг товхимол болгон хэвлүүлж нийтэд хүргэх бодолтой байгаагаа хэлээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны одоогийн зохицуулалтын талаар тоймлон танилцуулсан юм.Урьд нь УИХ-ын тогтоолоор чуулганы хуралдааны дэгийг баталж байсан бол 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дэгийг хуульчилж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль баталсан байна. Энэ үеэс хойш 2008, 2010, 2011, 2012, 2015, 2016, 2017 онуудад уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэвч уг хуулиар нарийвчлан зохицуулагдаагүй асуудал олон байгаа, тухайлбал, УИХ-ын гишүүн хуралдаан тасалсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг хуульд заагаагүй, чөлөө хүсэхдээ хүндэтгэн үзэх шалтгааныг баримтжуулж ирүүлэх, хэдий хугацаанд чөлөө хүсч байгааг нарийвчлан зохицуулаагүй, гишүүн хуралдааны дэг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар зохицуулалт байгаа ч бодит байдалд хэрэгждэггүйг цаашид анхаарч тодорхой болгох шаардлагатай байгааг онцоллоо.

Тэрбээр, үргэлжлүүлэн энэ талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс ОХУ, ХБНГУ, Франц, Япон, Австрали, БНХАУ, БНСУ, АНУ зэрэг орнуудын парламентын хуралдааны ирцийг бүртгэх, хуралдааныг хүчинтэйд тооцох, хуралдааны санал хураах, ирц бүрдүүлэхтэй холбоотойгоор авдаг арга хэмжээ, хүндэтгэн үзэх шалтгааныг тодорхойлох журмууд, хуралдаан тасалсан гишүүнд хүлээлгэдэг хариуцлагын тогтолцоо зэргийг харьцуулан судалсан талаар танилцуулсан юм. Тухайлбал, ирцийн хувьд гэхэд ОХУ-ын Төрийн Дум ирцийг картаар бүртгэдэг бол ХБНГУ-ын Бундестаг, Францын Үндэсний Ассамбейд гишүүн ирцийн бүртгэлийн хуудаст нэрээ бичиж гарын үсэг зурснаар ирцийг тооцдог, харин Япон, БНСУ-ын парламентад ирцийг Сахилгын хороо, БНХАУ-ын АТИХ-д Ёс зүйн хороо нь, АНУ, Австралийн парламентад ирц бүртгэгч ирцийг тусгайлан бүртгэдэг аж. Санал хураалтын тухайд ХБНГУ-ын Бундестаг, Францын Үндэсний Ассамблейд гишүүд гар өргөх, босч зогсох зэрэг биеийн үйлдлээрээ санал өгдөг бол Австралийн парламентад гишүүд тийм, үгүй гэж дуу хоолойгоороо санал өгөх, эсхүл тийм, үгүй гэсэн хэсгээрээ хуваагдах, мөн бичгээр саналаа өгөх зэрэг хэлбэрийг ашигладаг байна. Харин ОХУ, Франц, ХБНГУ, Япон, Австрали, БНХАУ, БНСУ, АНУ зэрэг улсын парламент хуралдаанд санал хураахдаа хурууны хээг ашигладаггүй бол Албани, Болгар, Итали, Шри Ланк зэрэг улс өөр гишүүний картаар санал өгдөг асуудлыг халах зорилгоор хуралдааны санал хураалтад хурууны хээ ашиглах тогтолцоог нэвтрүүлжээ.

Судалгаанд хамруулсан дээрх орнуудад парламентын гишүүдийн ирцийг бүрдүүлэх, хуралдаан тасалсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг хууль тогтоомжоор нарийвчлан тогтоож өгсөн байдаг аж. Тухайлбал, Японы парламентад хуралдаан даргалагч нь гишүүнд 7 хоногийн хугацаатай чөлөө олгох эрхтэй, түүнээс дээш хугацаатай бол Танхимаар хэлэлцдэг, ОХУ, БНСУ-ын парламентад гишүүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй бол хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгддэг, мөн хүндэтгэн үзэх шалтгааныг хуульд заасан байдаг аж.

Харьцуулсан судалгаанаас үзэхэд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуалдааны дэгийн тухай хуулиар нарийвчлан зохицуулах шаардлагатай зарим асуудал байгааг илтгэгч танилцуулгынхаа эцэст дурдав. Тухайлахад, гишүүдийн ирц болон хуралдааны дэг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэсэн тухай шийдвэрийг олон нийтэд тогтмол мэдээлдэг байх, бусад гишүүний өмнөөс санал өгөх явдлыг халах зорилгоор үйлдлээр санал өгөх, хурууны хээ ашиглах аргаас аль оновчтойг нь сонгох, хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй буюу тасалсан бол зөрчлийн шинж байдлыг харгалзан хүлээлгэх хариуцлагын тогтолцоо бий болгох, мөн Ёс зүйн дэд хорооны чиг үүргийг тодорхой болгох асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулах шаардлагатай байгааг хэллээ.

Гишүүдийн хийсэн танилцуулгуудтай холбогдуулан УИХ-ын гишүүн асан Ж.Бямбадорж, Б.Гарамгайбаатар, С.Ламбаа, Д.Дондог, Ж.Гомбожав, Р.Хатанбаатар, А.Бакей, Ц.Оюунбаатар, Р.Гончигдорж, Ц.Товуусүрэн, Д.Мөнхөө, судлаач П.Амаржаргал нарын зэрэг хүмүүс илтгэгчдээс асуулт асууж тодруулан УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөө, парламентын засаглалын нэр хүндийг дээшлүүлэх, гишүүдийн хариуцлага, ёс зүйг сайжруулах арга замын талаар саналаа хэлж байр сууриа илэрхийлэв.

Хэлэлцүүлэгт оролцогчдын тавьсан асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Оюун-Эрдэнэ нар хариулж, нэмэлт тайлбар, мэдээлэл өгөв. Түүнчлэн хэлэлцүүлгийн үр дүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан нар үг хэлж, цаг үеийн шаардлага, бодит нөхцөл байдлыг харгалзан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг улам боловсронгуй болгох шшардлагын үүднээс ажлын хэсэг гарч нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, холбогдох судалгаа хийж санал авч ажиллаж байгаа. Энэ удаагийн хэлэлцүүлгээр хуулийн төслийн үзэл баримтлалыг чамбайруулахад санаа авахуйц олон чухал санал гарсан тул тэдгээр саналыг тусган бусад гишүүд, УИХ-д суудалтай намуудын байр суурийг авч нэгтгэсний үндсэн дээр хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж өргөн барих чиглэлээр ажиллах болно гэдгээ хэллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.