Categories
мэдээ цаг-үе

Ж.Батзандан: Би төрд шургалсан мафийн бүлэглэлийн дарамт шахалтын өмнө толгой бөхийхгүй

Авлигатай тэмцэх газар сар бүрийн 25-нд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг билээ. Энэ удаагийн хэвлэлийн хуралд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар нар оролцсон юм. Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү “УИХ-ын гишүүн Л.Энхболдоос олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим орчноор дамжуулан “Өмнөговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Таван толгой” ХК нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчсөн. Ингээд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ашиглалтын MV-011943 тоот лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, 268.3 тонн нүүрс олборлон 20.0 сая орчим ам.долларын хохирол учруулсан талаарх мэдээлэл гарсан байдаг. Одоогоор хэргийг шалгаж байна. Мөн Дархан-Уул аймгийн Төрийн банкны эрх бүхий албан тушаалтан нар нь “Тэгш хан”, “Өег гурил” ХХК-иудад удаа дараагийн үйлдлээр 6.5 тэрбум төгрөгийн зээл олгож, зээлдэгчээс хамаарал бүхий этгээдийн дансаар дамжуулан их хэмжээний мөнгийг хувьдаа шилжүүлэн авч ашигласан байж болзошгүй гэх мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. МУИС-ийн захирлын үүрэг түр орлон гүйцэтгэгч, эрх бүхий албан тушаалтан нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж удирдах алба хаагчийг гадаад улс руу сургалтад явахад нь журам зөрчиж, мөнгөн урамшуулал үндэслэлгүй олгосон. Сургуулийн ойн арга хэмжээний сэтгүүлд 55 сая төгрөг өгч хэвлүүлж, бусдад давуу байдал олгосон тухай багш нарын төлөөллөөс гаргасан мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа юм” гэлээ. Нийт есөн холбогдогчтой 513.000.000 төгрөгийн хохиролтой найман эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн гэнэ. Одоогийн байдлаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 305 эрүүгийн хэргийг шалгаж ажиллажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс ачаалал дөрөв дахин нэмэгдсэн гэсэн үг аж.

З.БААСАННЯМ: С.БАЯР ХҮСЭЛТДЭЭ “БИ ХЭНТЭЙ Ч УУЛЗАХГҮЙ, ХҮН ХҮЛЭЭЖ АВМААРГҮЙ БАЙНА” ГЭСЭН

Мэдээлэл хийсний дараа Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.


Сүүлийн үед Авлигатай тэмцэх газрын даргын бүрэн эрхийн хугацаа дууссан гэсэн асуудал яригдаж байгаа. Ерөнхийлөгчийн тамгын газраас одоогийн даргыг “хүний оронд нөхөж орсон” гэж тайлбарлаж байсан. Хуульд юу гэж заасан байдаг юм бэ?

-Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг бид тайлбарлах эрхгүй. Гэхдээ хуулинд маш тодорхой заачихсан байгаа. Хуулиар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг нөхөн томилдог.

УИХын гишүүн Ж.Батзандан Л.Болд нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм уу?

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн ямар нэгэн асуудал байхгүй. Иргэнээс ирсэн гомдлын дагуу УИХ-ын гишүүн Л.Болдоос тодруулга, тайлбар авсан. Одоогоор ямар асуудлаар гомдол гаргасан талаар мэдээлэл өгөх боломжгүй юм.

Авлигатай тэмцэх газрынхан С.Баяртай хэнийг ч уулзуулахгүй байгаа гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

-Саяхан С.Баяр Авлигатай тэмцэх газарт бичгээр хүсэлт ирүүлсэн. Уг хүсэлтэд “Би хэнтэй ч уулзахгүй, хүн хүлээж авмааргүй байна” гэдгээ хэлсэн. Энэ хэргийн явц байдлын талаар прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл өгнө.

-Цагдан хоригдож буй хүмүүст эргэлт оруулж байгаа юу?

-Эргэлтийг хориглохгүйгээр ар гэрийнхэнтэй нь уулзуулж байгаа.

Ж.БАТЗАНДАН: Б.ХУРЦЫН ГОМДЛЫН ДАГУУ НАДААС ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ АВСАН

Ингээд УИХ-ын гишүүн Ж.Батзандан Авлигатай тэмцэх газраас гарч ирж, мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-ны үеэр УИХ-ын 40 гаруй гишүүн санаачилга гаргаж, тухайн үеийн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой ирсэн арав гаруй өргөдлийн талаар иргэдийн сонсох нээлттэй хэлэлцүүлгийг УИХ дээр зохион байгуулсан. Өргөдлүүдэд С.Зоригийн хэргийг шалгасантай холбоотой мэдээлэл байсан. Тодруулбал, С.Зоригийн хэргээр холбогдож, одоо хоригдож байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гэр бүлээс ирсэн өргөдөл байсан юм. Хэлсээр залуучуудыг хэлмэгдүүлж байна. Энэ хэргийн шалгахдаа хүн хэлмэгдүүлсэн, хүний эрхийг зөрчсөн” гэсэн өргөдөл байсан. С.Зоригийн хэрэгтэй холбоотой материалууд нууцаас гарсан. Иймээс хэрэгт холбогдон, хоригдож буй хүмүүсийн гэр бүлийнхэн нь УИХ-ын гишүүд дээр ирж, санал гомдлоо өгсөн. Хоёрдугаарт, Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгсөн асуудал яригддаг. Энэхүү процесст Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц оролцсон гэдгээ телевизээр мэдэгдсэн. Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк гэсэн бүлэглэл яагаад авсан талаар иргэдээс өргөдөл гомдол их ирж байна. Гуравдугаарт, Д.Энхбат гэдэг хүнийг Тагнуулын ерөнхий газрын гурван ажилтан Герман, Францыг дамжуулж Европын холбооны зөвшөөрөлгүйгээр хулгай хийж, авч ирсэн тухай гэр бүлийнхнээс нь УИХ дээр гомдол ирсэн. Мөн арав гаруй хүнийг Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц дарамталж байсан тухай гомдлууд ч ирсэн. Зарим нэг монголын томоохон бизнесмэнүүдэд Б.Хурц дарамт, шахалт үзүүлдэг гэсэн гомдол ч ирсэн. Энэ талаар Нээлттэй хэлэлцүүлэг хийж, ярьсан байдаг. Гэтэл өнөөдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Дамдинсүрэн Улсын Ерөнхий прокурор Энх-Амгалангаас ирсэн бичгийн дагуу Эрдэнэтийн 49 хувь болон С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудал ярьж байгаа гишүүдэд Эрүүгийн хэрэг үүсгэх тухай ярьж байгаа. Өнөөдөр надаас Б.Хурцын гомдлын дагуу гэрчийн мэдүүлэг авсан. Ордонд нээлттэй хэлэлцүүлэг хийснийг буруутгаж байна. Би өөрийн зүгээс холбогдох тайлбарыг хийсэн. УИХ гишүүн ард түмнээ сонсох гэж, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах гэж сонгогддог юм. Авлигач түшмэдүүдийн өмнө УИХ-ын гишүүн бөхийж болохгүй ээ. Нээлттэй хэлэлцүүлэг, нээлттэй сонсголыг УИХ-ын гишүүд өдөр болгон хийх ёстой.

Нээлттэй сонсгол хийх нь хууль зөрчиж байна гэсэн. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 22.1 гэдэг зүйл ангиар шалгасан. Эрүүгийн хуулийн 22.1 гэдэг зүйл нь “Нийтийн албан тушаалтан, албаны эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулах” юм. Өөрөөр хэлбэл, УИХ дээр нийтийн сонсгол, нээлттэй хэлэлцүүлэг хийж байгаа УИХ-ын гишүүдэд өнөөдрөөс эхлээд Эрүүгийн хэрэг үүсгэх тал руугаа Прокурор, АТГ шийдэх юм байна. Үүний цаад шалтгаан нь “Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг битгий ил тод яриач ээ”. Мөн “Эрдэнэтийн 51 хувь дээр дуугүй байгаач ээ” гэдэг асуудлыг ярилаа. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар битгий яриач гэсэн шаардлагыг тавьж байна. Ер нь энэ асуудлуудыг ярьж, нээлттэй хэлэлцүүлэг сонсгол хийх юм бол Эрүүгийн хэрэг үүсгэнэ шүү гэдэг сануулгыг өглөө. Хууль хяналтын байгууллагын төрд шургалсан мафийн бүлэглэлийн дарамт шахалтын өмнө бөхийхгүй ээ. Төрд шургалсан мафийн бүлэглэлийн айлган сүрдүүлэх үйл ажиллагааны өмнө УИХ-ын гишүүд сөгдөж болохгүй. Эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдье. Уржигдар орой УИХ-ын гишүүн Л.Болдыг дуудаж, мэдүүлэг авсан. Одоо энэ нь цаашид үргэлжлэх юм байна. УИХ-ын гишүүдийн амыг нь хаах, дуу хоолойг боох, айлган сүрдүүлэх ажиллагааны өмнө Монголын төр бөхийж болохгүй ээ. УИХ-ын шударга зарчимтай гишүүдийг айлган сүрдүүлэх оролдлого шорон гяндангаар заналхийлэх үйлдэл прокурор, АТГ-ын мөрдөн байцаах албанаас гарч эхэлж байна. Үүний эсрэг УИХ, Монгол төрийн эрх барих дээд байгууллага хатуу зогсох ёстой гэсэн байр суурьтай байна. Нийтийн сонсгол, нээлттэй хэлэлцүүлгээ зохион байгуулна. Ард түмнийхээ эрх ашгийн төлөө би явна гэдгээ хэлье. Надад айх зүйл алга, ухрахгүй. Нийтийн сонсголын хууль гэж бий. Б.Хурц Авлигатай тэмцэх газрын дарга байсан хүн. АТГ, ТЕГ-т Б.Хурцын цэргүүд, гар хөл болсон хүмүүс албан тушаал хашиж байгаа. Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчдыг хувийн компанийнхаа ажилтан мэт захиалга өгч, ажиллуулдаг. Дамдинсүрэн хэлсэн. Б.Хурц даргын гомдлын дагуу таныг шалгана гэсэн. Дарга нь захиалга өгөөд шалгадаг юм байна. Гэхдээ манай улсад хууль гэж байдаг юм. Ашиг сонирхлын зөрчилтэй асуудлуудыг Б.Хурцын цэргүүд биш Б.Хурцаас хараат бус байдаг цагдаагийн байгууллага, прокурор, шүүхийнхэн шалгах ёстой.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Эрдэнэтийн 49 хувийг хулгай хийсэн бүлэглэл юм. Тэд хууль хяналтын байгууллагыг гартаа оруулсан. Энэ хүмүүс дуртай хүмүүсээ, хэлмэгдүүлдэг. Шорон гяндангаар айлгадаг. Үүний эсрэг тэмцэж байна. Б.Хурц намайг “Таныг оронд чинь ална” гэж заналхийлсэн. Би Прокурорт хүсэлт гаргасан боловч огт шалгахгүй байгаа. Б.Хурцын талд буюу мафийн бүлэглэлийн дагуу хууль хяналтын байгууллага ажиллаж байна” гэж ярилаа.

Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид мөрдөн шалгах ажиллагаанд буй эрүүгийн хэргийн талаар асуусан. Иймээс хуулийн хүрээнд прокурорын зөвшөөрөлтэйгөөр зарим асуултад дараахь хариултыг өглөө.


-Авлигатай тэмцэх газар сүүлийн үед томоохон, дуулиантай баривчилгаа хийсэн. Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр, ч.сайханбилэг нарт холбогдсон хэрэг юу болж байна. Мөн С.Баяр, Б.Ариунсан нарын биеийн байдал муу, эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн…

-Хэргийн бодит байдлыг тогтоохоор прокурорын хяналтан дор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Улмаар шүүх хурлаар хэлэлцэж, шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Хэргийн нөхцөл байдлаас хамаарч батлан даалтад гаргаж гадуур шалгах, үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг тухайн үед нь санал гаргаж шийдвэрлүүлнэ. Саналыг прокурор, шүүхээс шийдвэрлэнэ. С.Баяр, Б.Ариунсан нарын хувьд хоригдоод эмнэлэгт хэвтсэн, одоо хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт байгаа.

-Авлигатай тэмцэх газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний зөв бурууг шалгах субъект мөн үү. Улс төр, эдийн засгийн бүлэглэлийн ил, далд тэмцлээс болж Оюутолгойн гэрээг дүгнэх болсон. Энэ тэмцэлд Авлигатай тэмцэх газар татагдан оролцож байна гэсэн мэдээлэл бий. Үүнийг тодруулаач?

-Оюутолгойн гэрээг байгуулсан нь зөв, буруу гэдгийг Авлигатай тэмцэх газар шалгаагүй. Эдгээр гэрээнүүд дээр ажилласан, хянасан, баталсан эрх бүхий албан тушаалтнууд нь гэрээний үе шатуудад бусдад давуу байдал бий болгосон. Монгол Улсад ашигтай заалтуудыг гэрээнд тусгаагүй, орхигдуулсан, татварын болон бусад нөхцөлийг хууль бусаар бууруулсан, хахууль авсан эсэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх зэрэг асуудлыг шалгаж байгаа.

-Оюутолгойн гэрээ батлагдах үед Байгаль орчны сайдаар ажиллаж байсан Л.Гансүх, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Зоригт нарыг нэмж холбогдуулан шалгах уу?

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх гэрээнүүдэд тусгагдсан байгаль орчны болон эрчим хүчний чиглэлийн асуудал нь мөн хуульд нийцсэн эсэх, одоо хохирол учирсан, учрах боломжтой эсэх гэх зэрэг асуудлыг шалгаж байгаа.

-Одоо хоригдож байгаа Б.Бямбасайханаас нэг ч удаа байцаалт аваагүй гэсэн мэдээлэл байна. энэ үнэн үү?

-Б.Бямбасайханаас байцаалт авсан. Мөн яллагдагч нь өмгөөлөгч Цогтыг байлцуулж мэдүүлэг өгнө гэдэг. Өмгөөлөгч нь гадаад улсаас ирсэн, байцаалт явагдаж байна.

-“Жаст”-ын Ш.Батхүү эмнэлэгт байгаа гэсэн мөртлөө шүүх хуралд оролцсон?

-Бидний зүгээс хариулт өгөх боломжгүй. Ер нь бол эмнэлгийн байгууллагын магадлагаагаар л хэн нэгний өвчний байдал тогтоогддог.

-Ш.Батхүү, Төрийн банк, эдуард сүрэн нарын хоорондох авлага, өглөгийн асуудлыг шалгаж байгаа юу?

-“Жаст” ХХК, түүний хамаарал бүхий аж ахуйн нэгж, иргэний зээл, хөрөнгө, өр, авлагын асуудлыг нэг бүрчлэн шалгаж байна. Энэхүү асуудлын хувьд иргэний журмаар шүүхийн шийдвэр гарсан.

-УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэрэг яасан юм бол?

-Мөрдөн шалгах ажиллагааны хувьд мухардалд орсон зүйл байхгүй. УИХ-ын гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар татаж, УЕПГ-аас бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа дуусч байна.

-“Эрдэнэт”-ийн Мөнхжаргалын өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээ цагаатгах нотлох баримт өгсөн гэсэн. Энэ нь хэр ач холбогдолтой юм?

-Хэрэгт урьд нь авагдсан нотлох баримтуудыг өмгөөлөгч нар гаргаж өгсөн байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байна.

Элчин сайд М.Энхсайханд холбогдох хэрэг ямар шатандаа байгаа вэ?

-Элчин сайд М.Энхсайханд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэг байхгүй. Харин Тавантолгойн ордын гэрээний төсөлд төрийн өндөр албан тушаалтнууд бусдад давуу байдал бий болгож, төрийн эрх ашигт нөлөөлсөн үндэслэл байгаа эсэхийг шалгаж байна.

-ХААИС-ийн мал аж ахуйн хүрээлэнгийн захирал Батсүх гэгчид холбогдох хэргийг танайх шалгаад бас л удлаа. яагаад одоо болтол шийдэгдэхгүй байна…

-Шүүх нягтлан бодох бүртгэлийн шинжилгээний дүгнэлт гаргуулах зэрэг холбогдох байцаан шийтгэх ажиллагаануудыг явуулж байгаа.

-Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг ард нийтийн санал асуулгаар тодруулна гэж уржигдар З.Энхболд мэдэгдлээ. Цахимаар санал авч сонгоод томилох хуулийн үндэслэл бий юу?

-Хуулийн үндэслэл байгаа эсэх, санал болгох процедур нь хуульд заасны дагуу явагдсан уу гэдгийг томилох эрх бүхий байгууллага болох УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ.

Гэрэл зургийг Г.Базаррагчаа

Categories
мэдээ цаг-үе

Хориглон тэмцэх хэрэгтэй

-АРИ ФЕЛЬЕТОН-

Монгол Улс сүйрлийн ирмэгт байна… Яаж гэнэ үү? Яасан нь ямар хамаатай юм бэ, сүйрлийн ирмэгт байгаа нь л чухал болохоос.

Жишээлэхэд, монгол хүн үхээд дууслаа… дундаж наслалт нэмэгдсэн нь энд ямар хамаатай юм бэ… Тэгсэн ч гэсэн үхэхээ болихгүй л байна ш дээ… Энэ улс сөнөж байна аа , сөнөж байна.

Гол горхи ширгээд дууслаа…Тэр сэргэж байгаа усны ундарга энд ямар хамаатай юм бэ?… Ширгэсэн байсан нь худлаа юу?

Монголд хүн чанартай хүн нэг ч байхгүй боллоо. Энэ сүйрэл биш юу юм бэ? Чи өөрөө муу хүн юм уу гэнэ үү? “Монголд сайн нэг ч байхгүй болох”,“би өөрөө сайн муу байх” хоёрт ямар хамаарал байна аа… Та нар ингээд л шударга эх оронч хүний үгийг тоодоггүй байхгүй юү? хориглох хэрэгтэй.

Монгол орон ирээдүйгүй боллоо… Олон хэл устай, боловсролтой шинэ үе бий болсон нь энд ямар хамаа байгаа юм бэ? Гол нь ирээдүйгүй боллоо гээд байхад урдаас өөр юм яриад байх юм.

Хар даа… Хүүхдүүд газ үнэрлэж байна… Хаана гэж үү? Тэгж бичсэн байна. Хориглох хэрэгтэй. Хүүхдүүдийг үү? Үгүй ээ, ингэж гуйвуулах хэрэггүй. Газыг хэлж байна. Монголд ямар ч газ оруулахыг хориглох хэрэгтэй. Тэрнийхээ оронд, байгаа бүх баллонуудад хүчилтөрөгч шахаад багачуудад үнэрлүүлэн эрүүлжүүлэх цаг нэгэнт болжээ.

Дөрвөн хүүхдийн нэг нь хар тамхи татаж байна гэнэ.Бас л уншлаа. Хар тамхийг хориглоод оронд нь улаан тамхи түгээх хэрэгтэй байна. Бас дээрх дөрвөн хүүхдийн гурав нь хар тамхи татахгүй, юу хийгээд байсныг ч судлан тогтоогоод шалтгааныг нь олж хориглууштай.

Хүүхдүүд гадуур их тэнэж, хэрэг зөрчилд орж байгааг таслан зогсоохын тулд тэр “гадуур” гээчийг алга болгох хэрэгцээ гараад ирж байна.

Шөнийн (+18) морийг хүүхдээр унуулан уралдуулсан явдал гарч зохих шийтгэлээ хүлээлээ. Цаашид орой, үдшийн цагаар насанд хүрээгүй хүнээр элдэв бусын юм унуулсан явдал гарахаас сэргийлүүштэй. Ялангуяа Хууль зүйн яамны Эротикийн зөвлөл.

Ерөөсөө болбол, хүүхдээр болбол морь унуулж шөнө уралддаг явдлыг бүрмөсөн зогсоохын тулд болбол морь уралдаж байхад шөнө болдог зарчимгүй үзэгдлийг болбол хориглох саналтай байна.

Хүүхдүүд цахилгаан тогоонд түлэгдсэн тохиолдол олон байна. Тэр цахилгаан тогоог хориглох багадна. Хүүхэд түлэгдэх явдлыг бүрмөсөн зогсоохын тулд тогоог халаагаад байгаа цахилгааныг хориглох ёстой. Ингэвэл хүйтэн тогоондоо хүүхдээ суулгасан ч аюулгүй байх болно. Ер нь ч тэдгээр тогоонуудаар хүүхдийн ор хийх хэрэгтэй. Хориглох л хэрэгтэй.

Хүүхдүүд сургуульдаа явж байгаад осолд өртөх тохиолдол их байгаа юм. Үүнийг таслан зогсоохын тулд сургуулийг хориглох уу, эсвэл сургуульдаа явахыг хориглох уу гэдгийг ч хэлэлцэн тогтоох нэгэнт болжээ.

Бас манайд мөнгө завших явдал байна. Иймээс мөнгийг хориглох хэрэгтэй байгаа. Завших мөнгө байхгүй бол завшигч хаанаас гарах билээ.

Монгол хүүхнүүд хятадтай суусан хэрэг гарсан гэнэ. Хятадтай зогсох юм уу, хэвтэж болох байтал тэдэнтэй сууж байгаа болчимгүй явдлыг хориглох хэрэгтэй байна.

Хятадууд бэлгийн замын өвчнийг бэлгийн замаар тарааж болох байтал биднийг доромжилж байгаа аятай таавчигаар дамжуулан тарааж байгаа мэдээлэл харагдлаа. Үүнийг яаравчлан хориглох хэрэгтэй. Энэ асуудлаар нэгдүгээрт, бэлгийн замын өвчин тараасан, хоёрдугаарт, улсын нууцад нэвтэрсэн зүйлчлэлээр эрүү үүсгэн шалгах ёстой.

Үнэндээ бол монгол орон хятадын эрлийз хурлийзаар дүүрсээн. Цэвэр монгол хүн нэг ч үлдээгүй… Юу гэнэ ээ? Миний цэвэр монгол байх энд ямар хамаатай юм бэ? Гол нь монгол орон 100 хувь хятад болчихоод байхад. Энийг хориглох хэрэгтэй.

Монгол орны хилийн дотор хятадууд байгаа явдлыг хориглох хэрэгтэй. Гэхдээ алдаа дутагдлын үндсийг л таслахгүй бол үзүүрийг нь тасдаад нэмэргүй. Хятадууд хаанаас гарч ирээд байна гэхээр манай хилийн цаанаас орж ирээд байна. Иймээс хятадуудыг хилийн цаана байхыг хориглох хэрэгтэй байгаа юм… Хориглож байж л аврагдана…

Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Хориглон тэмцэх хэрэгтэй” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы “Тэргүүн нүүрт” “Монгол Улс үзэл бодлоо илэрхийлэх хүний эрхийн талаарх зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байна” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Н.Учрал “Цахим бодлогын түр хороо цаашид УИХ-ын байнгын хороо болж явах ёстой” хэмээн ярьсан байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдыг санаатайгаар гүтгэн доромжлохыг хориглоно” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Хориглон тэмцэх хэрэгтэй” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“Хотгор шанага” нүүрсний уурхайн лицензийг солонгосчуудад зарсан уу” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлсэн байна.

“Багш” нүүрт Монгол Улсын гавьяат багш З.Цэвээнравдан “Дундговийн багш нарын тал хувь нь миний шавь нар юм” хэмээн ярьжээ.

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, модернист зохиолч Чулуундоржийн Мөнхбаяр “Мерилин Монрод дурласан минь зохиолч хүний чинадын их хайр” хэмээн ярьсныг “Уран бүтээлч” нүүрээс хүлээн авч уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дагвадорж: Цол хураасан нь зөв гэж бодож байгаа

Өнгөрсөн долоо хоногт Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж хоёр уяачийн цолыг хассан билээ. Уяачийн цол хассан энэ асуудлаар Тод манлай цолоо хасуулсан ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дагвадоржтой уулзаж дараах асуултанд хариулт авлаа.


-Ерөнхийлөгчийн зарлигтай та санал нийлж байна уу? Уяачид болон морь сонирхогчид бол цол хураасан асуудлыг маш их эсэргүүцэж байгаа.

-Ер нь бол цол хураасан асуудлыг Ерөнхийлөгчийн зөв арга хэмжээ гэж бодож байгаа. Бид зөвхөн ганц Дүнжингарав уралдаанаа зохион байгуулалт муутай хийсэндээ ч биш төрийн болон улс бүсийн наадмаа хийж чадахаа байсан. Манай уяачид төр түмэн, наадамчин олноо хүндэлдэггүй, эрлийз монголоо хольж уралддаг, хэрэлдэж маргалддаг болсон. Мөн наадмын дүрэм журам баримталдаггүй, уяачийн ёс зүйн тангарагаа биелүүлдэггүй. Гэхдээ бүх уяач ийм биш л дээ хэсэг уяач нар бий. Энэ удаад нэр усаар нь хэлээд яахав тэд өөрсдийгөө мэдэж байгаа. ММСУХ-оос зохион байгуулсан бүх наадам дүрэм журамтай. Морио бүртгүүлэх гээд ирсэн уяачдад тэрхүү журмыг нь тарааж өгдөг. Ингэсээр байтал манай уяачид өөрсдөө наадмаа үймүүлдэг, будилуулдаг. Зөвхөн өөрсдөө л айраг түрүү хүртэхийн төлөө наадаж болохгүй наадамчин олноо хүндэлж, тэднийгээ баярлуулан цэнгүүлж байгаа гэдгээ бодох хэрэгтэй. Наадам хэрүүл маргаан, будлиангүй болдог бол сайхан биз дээ. Харин бидний зүгээс Дүнжингарав уралдаанаа муу зохион байгуулсан уу гэвэл муу зохион байгуулсан. Түүнийгээ хүлээн зөвшөөрнө. Тэгэхдээ зохион байгуулалт муудаж, орой шөнөөр морь уралдах болсон нь уяачидтай холбоотой. Эрлийз, монгол гэж хэл ам хийснээс болж цаг оройтсон. Урьд нь бид цаг хугацаандаа хийгээд байж болдог л байсан. Наадмаа хүндлээд дүрэм журмаараа уралдацгаая гэж уяачиддаа уриалдаг, сануулдаг. Эцэст нь бидний ганц хүсдэг зүйл бол наадмаа будлиангүй сайхан зохион байгуулах л байдаг. Мөн дээрээс нь манай уяачид, ялангуяа том цолтой уяачид маань ард түмнээ хүндэлж наадаасай гэж би хувьдаа маш их хүсдэг. Том цолтой цөөхөн хэдэн уяач л наадмыг үймүүлдэг. Хөдөө орон нутагт морины уралдаан эрлийз, монголоо ялгаж уралдаад сайхан наадаад болж л байна шүү дээ. Жишээ нь: Жавхлант шарга. Тэгэхээр өнөөдөр Ерөнхийлөгч цол хурааснаараа зөвхөн Сэргэлэн бид хоёрт арга хэмжээ авч байгаа гэж бодохгүй байна. Цааш цаашдаа уяачдад том сануулга, анхааруулга өгч байгаа хэрэг гэж бодож байгаа.

-Цаашид зөрчил гаргасан, наадам үймүүлсэн уяачдад ямар арга хэмжээ авдаг байвал дээр вэ?

-Наадам хангалтгүй зохион байгуулсан наадмын комиссын гишүүд, дүрэм журмаа баримтлаагүй уяачдад эхний удаа цол бууруулах, удаа дараа зөрчил гаргавал цолыг нь бүр мөсөн хураах, төр засгийн шагнал урамшуулалд тодорхойлохгүй байх, цаашлаад уяачийн эрхийг нь тодорхой хугацаагаар түтгэлзүүлж ч болно. Энэ бол морио дээдэлдэг монгол түмнийхээ өмнөөс авч байгаа арга хэмжээ. Ингэхгүй бол манай уяачид хариуцлага гэдгийг тоохоо больсон. Дээр үед наадмаас наадмын хооронд тухайн наадмыг ам дамжин ярьдаг байсан тэр сайхан уламжлал байхгүй болсон. Тэрбүү хэл мориныхоо удам угшлыг худлаа хэлнэ. Бүр болохгүй бол манай унаган адуу гээд л зогсож байдаг боллоо. Адууны удам угшлыг худлаа хэлэх нь маш том нүгэл гэж манай өвөг дээдэс сургадаг байсан. Тэр том жудаг хүртэл өнөө үед байхгүй боллоо. Ерөнхийлөгчийн цол хураасныг хүн болгон өөрийн өнцгөөс харж зөв, буруу гэж байгаа. Миний хувьд бол цол хураасан нь зөв. Ингэж уяачдад сануулга өгөх хэрэгтэй гэдгийг дахин хэлмээр байна. Энэ жилийн Дүнжингарав уралдаан уяачдад маш том сургамж, анхааруулга авчирлаа. Холбооны зүгээс наадмаа хийх үү байх уу гэж маш удаан ярилцсан. Энэ хугацаанд уяачдаас наадмаа хийгээч, уяачдаа бодооч гэсэн маш олон санал ирсэн. Эцэст нь бид уяачдынхаа зарцуулсан хүч хөдөлмөр, хөлс хөрөнгө, цаг хугацааг бодолцон төр засгийн зөвшөөрөлгүй хийж “Дүнжингарав 2018” уралдааныг муу зохион байгуулсандаа нийт наадамчин олон, уяач, уралдаанч хүүхдүүдээсээ ММСУХ, уралдаан зохион байгуулсан комисс болон өөрийн зүгээс уучлал хүсэж байна. Цаашид бид олон том наадам зохион байгуулна. Тиймээс нийт уяачдаасаа наадмаа хүндэтгээд ёс жудагтай сайхан наадацгаагаач гэж хүсмээр байна. Ялангуяа том цолтой уяачиддаа уриалмаар байна.

-Сүүлийн үед яригдаад байгаа хуулийн төслийн талаар ямар байр суурьтай байгаа вэ? Зөвхөн сэрвээний өндрөөр эрлийз монголыг ялгах нь зөв үү, буруу юу?

-Уяачдын холбоо бол өмнөх зургаадугаар их хурлаараа өөрсдийн байр сууриа баталсан, сэрвээний өндөр хэмжинэ, давхар үүлдэрлэг байдлыг нь харна гээд. Энэ шийдвэрээ бол өөрчлөөгүй л байгаа. Жил жилийн улс, бүсийн наадмаар манай холбооны зүгээс дээрх зарчмаараа ялгаж уралдуулна гэж л саналаа өгдөг. Одоо УИХ-ын зарим гишүүд хууль санаачлаад зөвхөн сэрвээний өндрөөр нь ялгаж уралдуулъя гээд яригдаж эхэлж байна. Миний хувьд бол ММСУХ бүх аймгуудаараа явж сум сумаас арваас доошгүй төлөөлөгч оролцуулсан бага хурлаа хийгээд уяачдынхаа саналыг авах хэрэгтэй. Үүний үндсэн дээр олонхийн саналыг нэгтгээд хууль санаачилж буй гишүүдэд холбооныхоо зүгээс өргөн барих нь зөв гэж бодож байгаа. Бусдаар тухайн нэг аймгийн тэргүүн нь ч юм уу тэргүүлэгч нь ирээд бүх уяачдаа төлөөлж чадахгүй. Тиймээс төлөөллөө 100 хувь оролцуулж саналаа нэгтгээд олонхоороо шийдэх хэрэгтэй. Харин тэндээс гарсан хууль дүрмээ ягштал биелүүлдэг байх хэрэгтэй.

Ярилцсан: Б.ЗОЛБАЯР

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймагт үүрэг хүргүүллээ

ХЗДХЯ, ГХУСАЗЗ, ЦЕГ, ЗЦА, НЭМҮТ зэрэг байгууллагууд хамтран хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, зам тээврийн осолд хүүхэд өртөж байгаа байдалд олон нийтийн анхаарлыг хандуулах, эцэг, эх, асран хамгаалагч, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Бяцхан зорчигч” эрчимжүүлсэн аян зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд 21 аймгийн Замын цагдаагийн тасаг, хэсгүүдтэй хамтран өнөөдөр “Онлайн” хурал зохион байгууллаа. Хурлын үеэр хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа, унадаг дугуй, ролик, скутерээр замын хөдөлгөөнд оролцож буй хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх видео сэрэмжлүүлэг, зөвлөмж зэргийг түгээн дэлгэрүүлэх, хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг эрчимжүүлж, хүүхдийг буруу тээвэрлэж байгаа жолооч эцэг эхэд хариуцлага тооцож, зөрчлийг арилгуулах зэрэг чиглэлээр үүрэг, ажлын чиглэл өглөө.

Categories
мэдээ нийгэм

“Монгол ном бичгийн Эрдэнэс” үзэсгэлэнгийн нээлт боллоо

niislelӨнөөдөр Төрийн ордны “Монгол төрийн түүхийн музей”-д Р.Отгонбаатарын “Монгол ном бичгийн Эрдэнэс” цуглуулгын үзэсгэлэнгийн нээлт боллоо. Тус үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар БСШУСЯ, ЗГХА Соёл, урлагийн газар, Үндэсний номын сан ажилласан байна.

Энэхүү үзэсгэлэн нь нэг хүний дагнан судалж, эрэл хайгуул хийж, эрдэм шинжилгээний тодорхой зорилготойгоор эмхлэн төрөлжүүлсэн бүтээлүүд багтжээ. Тэрбээр хувийн ховор нандин цуглуулгаа гадаад дотоодын жуулчид, эх түүхээ сонирхогчид, оюутан судлаачид, олон нийтэд нэн ялангуяа Монголын өсвөр залуу үеийнхэнд таниулан сурталчлах зорилготой аж.

Үзэсгэлэнд 700 орчим жилийн өмнөх дөрвөлжин үсэгтэй цаасан мөнгө, “Чагтан шахлага” буюу тамгыг тэгш зөв дарж хэрэглэдэг мод, гарын тэмдэг, номын тамга, чулуун болон төмөрлөг халзууд, бар сийлбэрийн багжууд зэрэг ховор нандин цуглуулга багтжээ.

Categories
мэдээ нийгэм

Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, үүлдэр угсааг сайжруулах ажил орон даяар эхэллээ

УИХ-аас баталсан “Малын генетик нөөцийн тухай”, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ХХААХҮЯ, Мал эмнэлэг, үржлийн газраас санаачлан жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд улс орон даяар мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх бүх нийтийн ажил болгон аян хэлбэрээр зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарсан юм.

Өчигдрөөс эхлэн улс орон даяар мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулга, угаалгын ажил тогтсон хуваарийн дагуу хийж байна. Мөн мал үржүүлэг, технологийн ажлын нэгдсэн график төлөвлөгөө бүх орон нутагт хэрэгжиж эхэллээ. Засгийн газар улс орны эдийн засгийн тулгуур салбар болсон мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, хүн ардаа баталгаатай, чанартай хүнсээр хангаж улмаар гадаад улс орнуудын эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэн “Хүнс экспортлогч улс” болох зорилт тавьж байгаа юм. Энэ зорилтыг хангахын тулд мал сүргээ болзошгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, мал үржүүлэг, технологийн ажлыг бүх нийтийг хамарсан үр дүнтэй ажил болгон орон даяар зохион байгуулдаг болох зохион байгуулалтыг ийнхүү хэрэгжүүлж байна.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Архангай аймагт ажиллаж, “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ”-ний нээлтийн арга хэмжээнд оролцох үеэрээ: “Малын тоо 66, 2 саяд толгойд хүрсэн, энэ жил 22 сая толгой төл хүлээн авах төлөвтэй байгаа. Гэтэл бид өнөөдөр энэ өсөн нэмэгдэж байгаа мал, сүргийнхээ үр, шимийг хангалттай хэмжээнд хүртэж чадаж байна уу гэдэгт бид анхаарлаа хандуулах ёстой. Малчдын амжиргааны эх үүсвэр болсон мал сүргээ ямар нэгэн өвчний эрсдэлгүй өсгөн үржүүлж ашиг шимийг хүртэн ая тухтай амьдрах боломжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар, аймаг орон нутгийн төр захиргааны болон мэргэжлийн байгууллагууд бүх нийтээрээ идэвх санаачилгатай, хариуцлагатай ажиллаж, энэ ажлын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тайлагнадаг болох зорилгоор бид энэхүү бүх нийтийн аянг зохион байгуулж байна. Мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, малчдын зохион байгуулж байгаа мал сүргийг гоц халдварт, халдварт болон гадна шимэгчлэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтоосон цаг хугацаанд чанартай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын иргэн бүрээс хүсч уриалж байна” гэлээ.

Categories
мэдээ спорт

Цэнхэр үст Э.Цэрэн Таеквондогийн Азийн АШТ-ний ахмадын ангилалд өрсөлдөнө

tserenЦэнхэр үст Э.Цэрэнг өвөрмөц стиль имижээр нь хүмүүс андахгүй. Тэрбээр Монгол улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй Таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээний ахмадын ангилалд 54 кг-ийн жинд хүч үзэхээр болжээ. Мөн тэрээр Монголын таеквондогийн холбооны удирдах зөвлөлд шинээр сонгогдон ажиллаж эхэлсэн байна.

Энэ удаагийн азийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 08-13 хооронд зохион байгуулагдах бөгөөд 20 орны 500 гаруй тамирчид оролцох аж. Монголоос нийт 190 тамирчин гурван насны ангиллаар оролцож байгаагийн 150 нь өсвөр насныхан юм байна. Тэмцээнийг Олон улсын Таеквондогийн Монголын холбоо болон Монголын үндэсний их сургууль хамтран зохион байгуулж буй аж.

Categories
мэдээ спорт

Таеквондочид нударга зөрүүлж байна

“Ирээдүйн одод 2018” олимпийн таеквондогийн тэмцээн 2018 оны дөрөвдүгээр сарын 30-нд эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 34 байгууллагын 600 гаруй таеквондочид бага нас, өсвөр үе гэсэн хоёр ангилалд тулаан болон пүмзэ /тоот дасгал/-ын төрөлд өрсөлдөх юм.

Энэхүү тэмцээний дараа тавдугаар сарын3-4-ний өдрүүдэд “Арслан цом” ОУ-ын тэмцээн, зургаадугаар сард Говь-Алтай аймагт Бага насны УАШТ, есдүгээр сард БНСУ-ын Элчин сайдын нэрэмжит тэмцээн, аравдугаар сард “Булганы цом 2018”, “Ховдын цом 2018”, 11-р сард Насанд хүрэгчдийн УАШТ тэмцээнүүдийг зохион байгуулах юм.

“Ирээдүйн одод 2018” тэмцээнд хөдөө орон нутгаас Ховд, Баян-өлгий, Дорнод, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Орхон, Дархан зэрэг аймгуудаас ирсэн тамирчид тулаан болон тоот дасгалын төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар, Хөх хотын хамтын ажиллагааны нэн шинэ түүх эхлэв

Шинэ түүхийг эхлүүлсэн айлчлал

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон /ӨМӨЗО/-ы нийслэл Хөх хотод саяхан ажлын айлчлал хийгээд ирлээ.

Хөх хот нь Монгол Улсын нийт хүн амтай бараг дүйх 3.1 сая хүн амтай. Газар тариалан, мал аж ахуй, эрчим хүч, соёлын аялал жуулчлал, цахим худалдаа, санхүүгийн үйлчилгээ зэрэг салбар эдийн засагт нь тэргүүлэх байр суурь эзэлдэг. Хөх хотын 70 жилийн ойг угтаж төлөвлөгөөт томоохон ажил хийснээр эдийн засгийн нээлттэй бүс, өндөр технологийн бүсүүд нь эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Улаанбаатар, Хөх хот хоёр ах дүүгийн харилцаа тогтоогоод 27 жил өнгөрч байна.

Улаанбаатар хотын төлөөлөгчид айлчлалын хугацаанд Хөх хотын ногоон байгууламж, шинээр ашиглалтад орсон үйлдвэрүүдтэй танилцаж, бизнес уулзалтад оролцлоо.

Өнгөрсөн хугацаанд хоёр хотын хооронд боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлсэн бол энэ удаагийн айлчлалаар шинэ хамтын ажиллагааны салбаруудын талаар хөндсөнөөрөө онцлог юм. Хөх хотын намын хорооны дарга Юн Гуанжун, тус хотын дарга Фэн Уйжэн нартай энэ үеэр албан уулзалт хийж, хоёр хотын харилцааны талаар санал солилцов.

Хөх хотын намын хорооны дарга Юн Гуанжун уулзалтын үеэр “Улаанбаатар, Хөх хот хоёр эртнээс найрамдалт харилцаатай ах дүү хотууд. Харилцан өндөр дээд хэмжээний айлчлалууд тогмолжсоны зэрэгцээ “Нэг бүс нэг зам” хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагаагаа улам тэлж байгаа. Хоёр улсын харилцаа стратегийн иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрсэн. Эрүүл мэнд, боловсролын салбарт ялангуяа сайн харилцаатай. Өнөөдрийн байдлаар Хөх хотод 2000 гаруй Монгол залуус суралцаж, жилдээ 300 орчим хүн эмнэлэгт үзүүлж, хэвтэн эмчлүүлдэг гэсэн судалгаа бий. Аялал жуулчлалын хувьд ч харилцаагаа хөгжүүлэх өргөн боломжтой” хэмээгээд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын энэ удаагийн айлчлал хоёр хотын харилцаанд нэн шинэ түүхийг бичнэ гэдэгт итгэлтэй байна гэдгийг илэрхийлж байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хариу хэлэхдээ “Энэ удаагийн айчлалд албаны болон бизнес, урлагийн төлөөлөл багтсан өргөн бүрэлдэхүүнтэй болж байна. БНХАУ бол манай улсын худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулагч юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан БНХАУ-д айлчилсан. Энэ айлчлалын бүрэлдэхүүнд миний бие багтаж, Улаанбаатар хотын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх томоохон гэрээ хэлцлийг Засгийн газрын түвшинд батжууллаа. Айлчлалын үр дүнд Улаанбаатар хотын дэд бүтэц, төв цэвэрлэх байгууламжийг барих зэрэг бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүд багтсан. Хөххотод ирсэн даруйдаа хот тохижилт, ногоон байгууламжтай танилцлаа. Богино хугацаанд хотоо ногоон болгосон энэ хөтөлбөрүүдийг Улаанбаатар хотод хамтран хэрэгжүүлэх саналтай байна. Мөн аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт ч хамтын шинэ харилцааг хөгжүүлэх зорилгыг энэ айлчлалаараа тавьсан гэдгийг онцлоё” гэж байлаа. Энэхүү уулзалтын дараа Улаанбаатар Хөх хотын хооронд хот тохижилт, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах гэрээ санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Цөлийг ногооруулсан Хөх хотын туршлагаас

Хөх хот сүүлийн 10 жилд хот тохижилт, ногоон байгууламжид онцгойлон анхаарчээ. Хотынхоо түүхэн ойд зориулан Бүх ард түмний Үндэстний соёл, спортын хүрээлэнг байгуулан ашиглалтад оруулсан байна. Хажуугаас нь харахад морины эмээл, дээрээс нь харахад баатарын хувцас өмссөн эрэлхэг эрийг дүрсэлсэн архитектурын шийдэлтэй 3000 хүний суудалтай морин тойруулгатай төдийгүй зочид буудал, амралтын төвүүдийг цогцоор нь байгуулж чадсанаараа онцлог юм. Мөн морин тойруулгад уралдуулахаар сайн үүлдэрийн адууг Туркменистанаас авчирсан бөгөөд бооцоо тавьж уралдуулдаггүй гэлээ. Тус хүрээлэн үзэгчдийн зочид буудлын төлбөр, үзвэрийн тасалбараар орлогоо бүрдүүлдэг аж.

Хүрээлэнг 830 сая юанийн хөрөнгө оруулалтаар 1.6 жилийн хугацаанд барьж байгуулсан байна. Хүрээлэнгээ дагаад ногоон байгууламжийг хийжээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тус хот шат дараалсан арга хэмжээ авсны хамгийн үр дүнтэй хэрэгжсэн төсөл нь Хот тохижилт, ногоон байгууламж юм.

Арван сая мод суулгаж, олон төрлийн цэцгээр хотын өнгө үзэмжээ чимэн ургуулж байна. “Монгол өвс” компани л гэхэд тасалгааны цэцгээс өгсүүлээд нэг наст цэцэг, өвсний үрсэлгээ хийдэг. Сургуулийн багачуудад багаас нь байгаль орчин, ногоон байгууламжтай хэрхэн харилцах талаар хичээл зааж, “Монгол өвс” компанийн үйл ажиллагаатай танилцуулдаг байна. Мөн эко хот болох зорилт тавьжээ. Үр дүн нь ч гарч байгаа гэдгийг ногоон байгууламж хариуцсан хорооныхон хэлж байлаа.

Хогийн цэгийг цэцэрлэгт хүрээлэн болгосон нь

Хөх хотын төвд Чингисийн цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна. Хүрээлэнгийн газар өмнө нь хогийн цэг байсан гэнэ. Хогийн цэгийг цэвэрлэн нөхөн сэргээлт хийж, ногоон байгууламж, хүрхрээ, Чингисийн хөшөө дурсгалыг хийснээр өнөөдөр Хөххотын иргэдийн амарч зугаалдаг төв болж чаджээ. Хотын зүгээс ийм цэцэрлэгт хүрээлэнгүүдийг төлөвлөгөөтэйгээр шат дараалан байгуулж байгаа аж. Манайхаар бол карьер болон хогийн цэгээ цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг Хөх хот томоохон хөрөнгө оруулалтаар шийдэж, Өвөр Монголын өөртөө засах орноос санхүүжилтыг хийж байгаа юм байна.

Айлчлалын үеэр хоёр хот ногоон байгууламжийн төсөл дээр хамтран ажиллаж, Улаанбаатар хотод Хөххотын нэрэмжит ногоон гудамж байгуулахаар тохиролцсон. Тус хотын хот тохижилтын нэр хүндтэй мэргэжилтэн болох 35 жил мод тарьж цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл дээр ажиллаж байгаа Жу даргаар ахлуулсан багийг удахгүй Улаанбаатар хотод айлчлахыг хотын дарга урилаа. Яармагийн дэнж буюу Чингис хаан нисэх онгоцны буудал тийш явдаг гудамжийг “Ногоон гудамж” болгох талаар мөн хөндөн ярилцлаа.

Хоёр хот аялал, жуулчлалын салбарт хамтран ажиллана

Хоёр хот аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан юм. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх болон Нийслэлийн иргэдийн Хурлын Төлөөлөгчид Өвөр Монголын өөртөө засах орны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Жэн И Пэнтэй уулзсан. Уулзалтад Өвөр Монголын өөртөө засах орны орлогч дарга Ай Лихуй хотын даргыг хүндэтгэн оролцов.

Тэрбээр энэ тавдугаар сарын 3-наас Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм. Хоёр хот аялал жуулчлалын салбарын харилцааны талаар ярилцаж буйд талархаж байгаагаа Хөххотын удирдлагууд хэлж байлаа. 2019 онд Хөххот метротой болно. Мөн онгоцны шинэ буудал ашиглалтад орсон байна.

Хоёр хотын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг шинэ шатад гаргана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Хорин суманд зочилж “SK сэнь” био технологийн үйлдвэр, малын эм бэлдмэл, мах боловсруулах үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуйн фермтэй танилцлаа. Сүүлийн жилүүдэд мах боловсруулах чиглэлээр дэвшилтэт технологиор ажиллаж, махны чиглэлийн үхэрийг зориудаар бэлдэж, хот, түүний орчмын зах зээлд нийлүүлж байгаа юм байна.

Мөн хотын даргын Хөх хотод хийсэн айлчлалын үеэр хоёр хотын бизнесийн салбарын уулзалт болов. Бизнес уулзалтыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Хөх хот бол Улаанбаатар хоттой эдийн засаг бизнесийн харилцаагаа хөгжүүлэх боломжтой хамгийн ойр хөрш, дөт зам юм. Өнөөдрийн байдлаар тус хотод суралцаж байгаа монгол залуусын тоо хоёр мянга давсан нь хэл соёлын хувьд ч хамтын ажиллагааны сайхан жим бий болсон гэдэг нь харагдаж байна” хэмээсэн.

Мөн энэ удаагийн бизнес уулзалт хоёр хотын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг нэг шатаар ахиулна гэж үзэж байгаагаа онцлов. Хөххотын томоохон төсөл хариуцах газрын дарга Жан Гүө Пин хэлэхдээ “Хөх хот хөгжлийн чухал үе шатандаа явж байна. Хөх хот нь Улаанбаатар, Москва хотыг хуурай замаар холбосон том төв болгохоор зорьж байгаа. “Аж ахуйн нэгж хөгжвөл улс хөгжинө” гэдэг Хятад үг бий. Аж ахуйн нэгж та бүхэн болон улс орны хөгжлийн хамтын хүч юм” гэлээ. Энэ уулзалтын үеэр Улаанбаатар хотын худалдааны танхим, Хөх хотын худалдааны танхим хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн эмийн үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлэгч “Монос” групп Хөх хотын эмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулав.

Хөх хот Улаанбаатар хотын харилцааны түүх хэдийгээр 27 жилээр хэмжигддэг ч өвөг дээдсийн үеэс өнө эртний харилцаатай гэдгийг хотын даргын айлчлалын үеэр хоёр талууд онцолж байв. Элсэн цөл шахуу газар хот сүндэрлүүлж, хөгжлийг шинэ бодлогоор төлөвлөж чаддагийг Хөх хотын хөгжлийн 70 жилийн түүх харуулна. Өнөөдөр энэ хотын иргэд нано технологи, инноваци ярьж, иргэдийнхээ амьдрах таатай орчныг бүрдүүлэх намын бодлогыг хэрэгжүүлж байна. Иргэн бүр хотын бүтээн байгуулалтад гар бие оролцож, аж ахуйн нэгж бүхэн тохижилт, ногоон байгууламжид анхаарч байгаа нь хотын өнгө үзэмжийг төгс болгож байна.

Ийнхүү Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын ажлын айлчлалын үеэр хоёр хотын харилцааны нэн шинэ түүхийг нээж, хамтын ажиллагааны шинэ салбаруудаа тохиролцож чадлаа. Дараагийн ажил хэрэгч уулзалтыг Улаанбаатар хотод хийхээр талууд ярилцлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.