Categories
мэдээ нийгэм

Энэ онд 40 гаруй хүн мал, амьтны галзуу өвчнөөр халдварлажээ

galzuuМонгол Улсын хэмжээнд 2017 онд 1473 хүн зооноз буюу мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнөөр өвчилсөн байна. Жил ирэх бүр энэ өвчнөөр өвчлөх хүний тоо өсч, дэлхий дахинд уг өвчний нэр болон төрөл нэмэгдэж байгаа нь эрдэмтдийг түгшээж буй юм.

Хүн төрөлхтөнд 1415 өвчин үүсгэгч бүртгэгдсэний 61 хувь нь амьтнаас халдварладаг ажээ. Хамгийн түгшүүртэй нь шинээр үүсч байгаа өвчний 75 хувийг зоонозын гаралтай өвчин эзэлж буй юм байна.

Энэ оны эхний гурван сарын байдлаар Монгол Улсад 40 гаруй хүнд мал, амьтны галзуу халдварлажээ. Тиймээс нохой, муур болон ямар нэгэн амьтанд хазуулах, ноцуулах, шүлсдүүлэх зэрэг эрсдэлээс хамгаалах шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Хэрэв ямар нэгэн замаар галзуу халдварласан тохиолдолд 72 цагийн дотор вакцинд хамрагдахгүй бол ямар ч эмчилгээгүй болдог ажээ. Одоогоор Монгол Улсад мал, амьтнаас хүнд халдварлаж байгаа 30 гаруй төрлийн өвчин бий юм байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол инженерүүдийн угсрах цахилгаан автобуснуудыг нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр боллоо.

Наадмаар туршилтын цахилгаан автобус үйлчилгээнд явна

Агаарын бохирдлыг бууруулах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор МОН-30 загварын том оврын хоёр ширхэг цахилгаан автобус үйлдвэрлэж, нийтийн тээврийн үйлчилгээнд туршихаар болов.

Импортоор авдаг том оврын нэг автобусны үнээр хоёр автобус үйлдвэрлэх боломжтой юм. Импортын автобус сардаа дөрвөн сая орчим төгрөгийн шатахуун зарцуулдаг бол МОН-30 автобус сард 820 мянган төгрөгийн цахилгаан хэрэглэнэ гэсэн тооцоо хийсэн байна. Дотоодын үйлдвэрлэгчид Ардын хувьсгалын ой, Үндэсний их баяр наадмын үеэр нэг автобусыг нь хүлээлгэн өгөхөөр болжээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан автобус явуулснаар ажлын байр бий болж, зардал буурна гэж Засгийн газар үзэж байна.

МОН-30 цахилгаан автобус нь нэг удаа цэнэглээд 300 км зам туулах боломжтой. Тэгвэл нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа том оврын автобус хоногт дунджаар 200 км явдаг байна. Манай улс 2007-2017 онд 126 цахилгаан тээврийн хэрэгсэл угсарч үйлдвэрлэжээ.

Энэ намар 6000 гаруй хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдах боломж бүрдлээ

“Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн хүрээнд газар нь чөлөөлөгдөж, захирамж гарсан 23 байршилд концессоор сургууль, цэцэрлэг барихаар шийдвэрлэлээ. Шаардагдах хөрөнгийг хөрөнгө оруулалтын эргэн төлөх хуваарийн дагуу тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхаар болов.

23 цогцолборыг энэ оны есдүгээр сарын нэгний дотор барьж, хүлээлгэн өгөхөөр концесс эзэмшигчтэй хэлэлцэн тохирсон байна. Ингэснээр нэг цогцолборт бага сургуулийн 160 сурагч, цэцэрлэгийн 120 хүүхэд, 23 цогцолборт 6440 хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэх юм. Хэрвээ бага сургууль хоёр ээлжээр хичээллэх бол суралцагчийн тоо 7360, нийт суралцагчийн тоо 10 мянга гаруй болж нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Үндэсний аврах бригадтай боллоо

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Хангалт үйлчилгээний анги, Уул уурхайн аврах ангийг нэгтгэн Үндэсний аврах бригад болголоо. Ингэснээр орон тоо, төсөв нэмэгдэхгүй бөгөөд үйл ажиллагаа нь өргөжин нэгдсэн удирдлага, бүтэц зохион байгуулалтад шилжих юм.

Засгийн газрын хуралдаанаар мөн нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Баянхонгор аймгийн Бууцагаан, Төв аймгийн Мөнгөнморьт, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд гал унтраах, аврах анги шинээр байгуулахаар шийдвэрлэв.

Дээрх дүүрэг, сумд нь хүн ам, аж ахуйн нэгж, байгууллага олонтой, гал түймэр, гамшиг ослын дуудлага ихтэй бөгөөд шинээр байгуулагдах ангиуд тухайн нутаг дэвсгэр болон хил залгаа сумдад хүрч ажиллах юм.

Энэ жил 518 мянган тонн улаанбуудай хурааж авах зорилт дэвшүүлжээ

Энэ онд 538 мянган тонн үр тариа, үүнээс 518 мянган тонн улаанбуудай, 171 мянган тонн төмс, 102 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн малын тэжээл, 34 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авах зорилт тавьжээ.

Энэ хүрээнд 14 аймгийн 1480 аж ахуйн нэгж, иргэн үр тариа, тос, тэжээлийн ургамал, 470 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо, 35 мянган өрх төмс, хүнсний ногоо тарихаар бэлтгэлээ хангаж байна.

Атрын III аяны хэрэгжилтийг эрчимжүүлэх, тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамлыг технологийн хугацаанд, төлөвлөсөн хэмжээнд хүргэж тариалах ажлыг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт даалгав.

Товч мэдээ

– Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөлд олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулж ажиллуулахаар болов. Зөвлөх тал дээрх төсөлд техник, байгаль орчин, нийгэм, санхүүгийн бүх талын мэргэжлийн зөвлөгөө өгөх, ТЭЗҮ-ийг баталгаажуулах, технологи, тоног төхөөрөмжийн сонголт хийх зэрэг үүрэг хүлээнэ.

– Багануурын 700 МВт-ын цахилгаан станцын төслийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцуулав. Станцын ажиллах горим, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний тооцоог дахин нягтлахыг салбарын сайдад даалгав. Шаардлагатай тохиолдолд холбогдох талтай хэлэлцээ хийхийг үүрэг болголоо.

– “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг батлав. Хөтөлбөр хэрэгжсэнээр энэ салбарын эрх зүйн зохицуулалт сайжирч, бизнес эрхлэх таатай нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна. Мөн нисэхийн салбарт хувийн хэвшил, хувь хүний оролцоо, хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэнэ. Түүнчлэн агаарын тээврийн хүртээмж нэмэгдэж, аялал жуулчлал, байгаль хамгаалал, хөдөө аж ахуй, газар тариалан, эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээ зэрэг салбарын хөгжилд дэмжлэг болох юм.

– Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

– “Түүх, соёлын хүсгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх журам”, “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам”-ыг баталлаа.

– Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив. Бүх салбарт, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай боломжийг бүрдүүлэх, эрчим хүч, харилцаа холбоо, аялал жуулчлал, боловсрол, байгаль орчин, барилга, ой, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт хамтрах тухай хэлэлцээрт тусгажээ.

– Дайчилгааны туай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, энэ хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

– “Дипломат болон албан /сервис/ паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав.

– “Дипломат, албан, энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улс хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа. Иргэд хоёр улсын хилээр харилцан нэвтэрсэн өдрөөс хойш 30 хоногоос илүүгүй хугацаанд виз авах шаардлагагүй болж байна.

Categories
мэдээ улс-төр

Баяжуулсан хүнсний тухай хуулийг баталлаа

Image result for ​УИХ-ын чуулган

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсны дараагаар хуулийн төслийг гишүүдийн олонхийн саналаар баталлаа.

Баяжуулсан хүнсний тухай хууль батлагдсантай холбогдуулан Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг тогтоолын төслөөр зарим хүнсний үйлдвэрлэлд өөрчлөлт оруулахаар тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

Туул голын хамгаалалтын бүсэд хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын нөхцөл байдалтай танилцлаа

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өнөөдөр иргэдийн өргөдлийн дагуу Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нөхцөл байдалтай танилцлаа.

Өргөдлийн байнгын хороо нь Туул голын бохирдлын асуудлаар 2016 онд ажлын хэсэг байгуулан Байнгын хорооны хэлэлцүүлэг, хурлыг удаа дараа зохион байгуулж, Туул голыг бохирдуулж буй хүчин зүйлүүдийг тодорхойлон Монгол Улсын Засгийн газар болон холбогдох яам, нийслэлд үүрэг өгч ажиллаж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд Туул голын эргийн дагуу онцгой, энгийн тусгай хамгаалалтын бүсэд аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах нэрийн дор тусгай зөвшөөрөл авч бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 52 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлуулсан. Гэтэл өнөөдрийн байдлаар зарим аж ахуйн нэгж, байгууллага нь Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулсаар байна.

Тухайлбал, Их тэнгэрийн амны хойно Туул голын эргийн дагуух 5-6 орчим га газарт хашаа хатган дотор нь амины орон сууц барьж байна. Анх 2008 онд аялал, жуулчлалын зориулалтаар Бага тэнгэрийн аманд 3 га газрын зөвшөөрөл олгогдсон боловч амины орон сууц бариулж буй этгээд нь хууль зөрчин газрыг дур мэдэн баруун тийш тэлэн өнөөдөр орон сууц бариулж байна. Өргөдлийн байнгын хороо холбогдох яам, агентлаг, нийслэлд үүрэг, чиглэл өгч тус газарт зориулалтын бус үйл ажиллагаа явуулахыг зогсоох шийдвэрийг 2017 онд гаргуулж, зөвшөөрлийг нь цуцлуулсан. Гэтэл өнөөдөр газар дээр нь танилцахад барилгын ажил ид өрнөж байлаа.

Газар дээр нь ажилласан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг дараах байр суурь илэрхийлэв, “Энэ асуудлыг Төрийн ордонд ярих бус газар дээр нь ажиллаж, шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Монгол Улсад төр гэж байдаг бол хуулийг хэнбугай ч хэрэгжүүлэх үүрэгтэй. Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй асуудлыг холбогдох газарт мэдэгдэж, шийдвэрлүүлэх болно.

Өнөөдөр Өргөдлийн байнгын хороо холбогдох яам, газартай хамтран ажиллаж байна. Мөн дүүргийн цагдаагийн газар хамтран ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд Байгаль орчны тухай хуульд цагдааг гэрээгээр ажлуулах талаар өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байна.

Мөн Туул голын эрэг дагуу Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл 2020 он гэхэд иргэдийн амралт зугаалгын эко бүс байгуулахыг Засгийн газрын тэргүүн Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн дэмжихээ илэрхийлсэн болно” гэлээ.

Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгийн хамт БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, БОАЖЯ-ны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяа, Богд хан уулын Дархан цаазат газрын захиргааны дарга Ц.Дуламсүрэн, Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар, НЗДТГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Э.Баттулга, Нийслэлийн Цагдаагийн газрын Дэд бөгөөд нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа И.Баттөгс, Нийслэлийн газрын албаны дэд дарга Д.Нямдаваа, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий болон албаны бусад хүмүүс ажиллалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин” Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнууллаа

Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жил, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шагнаж урамшууллаа.

Тэрээр Монголын сэтгүүл зүйн салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж “Өдрийн сонин”-ы хамт олныг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал буюу өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан юм.

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагналаар “Улаанбаатар” телевиз, “25 дугаар суваг” телевиз, “Өдрийн сонин”, “Өнөөдөр” сонин, “Үндэсний шуудан” сонин, News.mn, Zaluu.com, Ikon.mn сайт, Eagle.mn, Монголын үндэсний олон нийтийн радио, Мэдээллийн радио ФМ 88.8, Эм Жи Эл радио, ФМ 102.1 тус тус шагнууллаа.

Энэ үеэр “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б.Долзодмаа “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” тэмдэгээр, мөн тус сонины сэтгүүлч Б.Уранчимэг “Ган үзэгтэн” шагналын эзнээр тус тус тодорсон юм.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар шороон шуурга шуурна

Маргааш Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увс, Завхан, Хөвсгөлийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурна.

Энэ сарын 3, 4-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай, хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Тавдугаар сарын 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, хур тунадас орно. Салхи 4-нд нутгийн зүүн хагаст, 6-нд баруун аймгуудын нутгаар, 7-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-26 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурна. 4-нд нутгийн хойд, 5-нд нутгийн зүүн, 7-нд баруун аймгуудын нутгаар сэрүүснэ. Бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Авто замын хөдөлгөөнийг хязгаарлана

Сонгинохайрхан дүүрэг, нэгдүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох замын ажлын хүрээнд 2018 оны 05 дугаар 02-ноос 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ПК 00+950-иас ПК 01+110-ын хооронд авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Дээрх хугацаанд замын суурь болон чулуун хучилт хийх, хашлага суулгах, явган хүний зам байгуулах ажлуудыг хийх юм. Тиймээс эрхэм авто зам хэрэглэгчид та бүхэн бусад холбоос замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Замын хөдөлгөөний орноор” цуврал гарын авлага багачуудын хүртээл боллоо

Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэхэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг, дадал, чадвар эзэмшүүлэх, сургалтын орчинг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай юм. Иймд улсын хэмжээнд явагдаж буй “Бяцхан зорчигч” аяны хүрээнд Замын цагдаагийн алба, “Аригу медиа” ХХК-ны санаачилгаар Тоёота ХХК-ны санхүүжилтээр явагдсан “Хүүхэд ба замын аюулгүй хөдөлгөөн” төслийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.

Уг төслийн хүрээнд бага насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон “Замын хөдөлгөөний орноор” цуврал номыг бүтээж, замын зорчих хэсэгтэй ойр байрлах, эрсдэлтэйд тооцогдох Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийг сонгон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар анхан шатны мэдлэг олгох сургалтын материаллаг бааз, Мини дромоор хангаж бодит сургалтыг зохион байгуулж байгаа билээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Тоёота Сэйлс Монголиа ХХК-ны гүйцэтгэх захирал Тоширо Курахаши, Аригу медиа ХХК-ийн захирал Б.Ариунбат, ЗЦА-ны УСХ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Насанжаргал болон 67-р сургуулийн захирал Б.Чойдорж нар оролцсон бөгөөд арга хэмжээний үеэр тус сургуулийн 1-5 дугаар ангийн 1600 гаруй сурагч хүүхдүүдэд “Замын хөдөлгөөний орноор” цуврал номыг гардуулан өгч, замын цагдаа, багш нар хамтран 40 минутын сургалтыг зохион байгуулав.

Categories
мэдээ спорт

Нацү башёг Какүрюү М.Ананд тэргүүлнэ

Мэргэжлийн сумо бөхийн холбооны Нацү башё энэ сарын 13-нд эхэлнэ. Энэ башёг гуравдугаар сарын тэмцээнд түрүүлсэн ёкозүна Какүрюү М.Ананд тэргүүлэн барилдах юм. Харин барууны жигүүрийг Хакүхо М.Даваажаргал магнайлах бол зүүний дагаварт Кисенасато бичигджээ.

Япон аваргын хувьд сүүлийн хэдэн башёд бэртлийн улмаас барилдаагүй болохоор байдал тун хүнд байгаа. Ичиножёо А.Ичинноров маань сэкивакэ цолтой хүч үзнэ. Дээд зиндаанд барилдах бусад Монгол бөхчүүдийн тухайд гэвэл Тамаваши магаширагийн зүүний нэгдүгээр эрэмбэлэгдэж байгаа бол Чиёошёома (М-6), Араваши (М-12)-т бичигдсэн байна. Зуны башёгийн жюүрёо зиндаанд долоо, макүшитад зургаа, санданмэд нэг, жонидан зиндаанд хоёр монгол бөх багтжээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумд оролцогчдод илгээлт явууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан зохион байгуулагдаж буй “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумд оролцогчдод илгээлт явууллаа.

Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Цэсэн уншиж танилцуулав.

Илгээлтэд:

““Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумд оролцогчдод

Эрхэм сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцоно” гэж заасан байдаг. Гэвч үнэн зөв мэдээлэлгүйгээр иргэд төр засагт хяналт тавьж, төрийн үйл хэрэгт шууд оролцох боломж хязгаарлагдмал тул хүний язгуур эрхүүдийн нэг болох мэдэх эрхийг ханган ажиллах нь төрийн болоод хэвлэл, мэдээллийн салбарын онцгой үүрэг юм.

Энэ жил хэвлэл, мэдээллийн байгууллагууд “Эрх мэдлийн хяналт” гэсэн үндсэн сэдвээр ярилцаж байгаа нь ч Үндсэн хуулийн дээрх заалттай холбогдоно гэж ойлгож байна. Эрх мэдэл болоод хяналт нь аль ч утгаараа төр, хэвлэл мэдээллийн салбарын ажил үүрэгтэй салшгүй холбоотой бөгөөд тэр дундаа хэвлэл, мэдээллийн салбарынхны байнгын анхаарал хандуулах чухал асуудлын нэг билээ. Мөн сэтгүүл зүйн салбар хүчирхэг байж, иргэний мэдэх эрхийг хангахын тулд өндөр ёс зүй, хариуцлага, боловсрол, хүнлэг чанарт суурилсан зарчим, дотоод журмыг байнгын мөрдлөг болгож байх учиртай.

Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие эрхэм сэтгүүлчид Та бүхнийг улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, шударга ёс, олон ургальч үзэл, ил тод байдлын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хүн бүр гүнээ ухамсарлан, хувь нэмрээ оруулж ажиллана гэдэгт итгэж байна.

“Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумд оролцогч Та бүхэнд үнэт зүйл, зарчим хоёртоо тулгуурлан илүү их амжилттай ажиллахыг хүсэн ерөөе.

105 жилийн түүхт Монголын сэтгүүл зүйн салбарынхны үзэг хурц, үнэний төлөөх дуу хоолой ямагт хараат бус байж, зуун зууныг өртөөлөх болтугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дарга Х.Мандахбаярт гардуулав.