Categories
мэдээ нийгэм

“Амны хөндийн эрүүл мэндийн сургалт”-д БЗД-ийн багш нар хамрагдана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулна” хэмээн тусгасан билээ.

Энэ дагуу нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэх “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд бага насны хүүхдийн амны хөндийг эрүүл байлгах зорилгоор сургалт сурталчилгааг өргөжүүлэн, эрүүлжүүлэх ажлыг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн бусад байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

Тухайлбал нийслэлийн есөн дүүргийн төрийн өмчит Ерөнхий боловсролын 134 сургуулийн 1-5 дугаар ангийн 4000 гаруй багшийг “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтанд хамруулахаар зорьж буй юм. Уг ажлын хүрээнд Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн ЕБС-ийн бага ангийн 1700 гаруй багш нарт амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгосон бөгөөд өнөөдөр Багшийн хөгжлийн ордонд ээлжит сургалтынхаа нээлтийг хийлээ.

Энэ сарын 3-4-нд зохиох тус сургалтанд Баянзүрх дүүргийн ЕБС-ийн 726 багшийг хамруулахаар төлөвлөжээ. Сургалтын нээлтэнд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, НБГ-ын дарга Ж.Гантулга, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр болон албаны бусад хүмүүс оролцлоо. Сургалтын зорилго нь бага ангийн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр боловсруулсан “Амны хөндийн эрүүл мэнд“ гарын авлагыг танилцуулж, багш нарын мэдлэг туршлагыг сайжруулахаас гадна тэднээр дамжуулан эцэг эх, асран хамгаалагч нарт мэдээлэл зөвлөмж хүргэх юм.

Дашрамд дуулгахад, манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж шүд цоорох өвчлөл нь бага насны хүүхдийг түлхүү хамарч буй. Олон улсад зонхилон тохиолдох өвчний жагсаалтанд Улаанбаатар хотын хүн амын шүдний өвчлөл тавдугаар байрт жагссан байна. Мөн нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх болон ЕБС-ийн бага ангийн хүүхдийн дунд шүд цоорох өвчин, цоорлын эрчмийн үзүүлэлт (нэг хүүхдийн аманд байх цоорсон, ломбодсон, авагдсан шүдний нийлбэр тоо) нь ДЭМБ-ын гаргасан шалгуураар “Маш өндөр” ангилалд хүртлээ өсчээ гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын дарга М.Энхболд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулж мэндчилгээ дэвшүүллээ

ЗурагУИХ-ын дарга М.Энхболд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулж мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.

Эрхэм сэтгүүлчид ээ,
Хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилтнууд аа,
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэж байхаар 1993 онд шийдвэрлэснээс хойш 25 жил өнгөрчээ.
Монголын сэтгүүлчдийн хараат бус, хариуцлагатай, чөлөөт сэтгүүл зүйг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэх, шударга ёс, үнэний тугч нь байж, нийгмээ эрүүлжүүлэх эрхэм зорилго Монгол оронд өрнөсөн ардчиллын үйл хэрэгтэй хамт дэвшигдсэн билээ.
Өнгөрсөн он жилүүдэд энэ зорилгоо хэрэгжүүлэх чиглэлд Та бүхэн багагүй амжилт олсон. Шийдэгдэж хараахан амжаагүй, зайлшгүй анхаарвал зохих асуудлууд ч бас бий. Гэхдээ бүхэлдээ Та бүхний 20 гаруй жилийн зүтгэл чармайлт, хөдөлмөр тэмцэл нь чөлөөт хэвлэлийн нэр төртэй түүхэн замнал, монголчуудын оюун сэтгэлгээний хувьсган өөрчлөх хүчит давалгаа байсан гэж хэлж болно.
Шударга ёсны дуу хоолой болох, иргэн түмний нийтлэг эрх ашгийг төлөөлөх, буруу бусармаг бүхнийг илчлэн тэмцэхийн төлөөх сэтгүүлчийн ажил үйлсийн зам мөр бартаатай хэрнээ бахархалтай.
Энэ аян сэтгүүлч Танаас ихээхэн мэдлэг ухаан, тэвчээр хатуужил, зориг зүрх шаарддаг. Тэр хэрээр сэтгүүлчийн хөдөлмөрийг олон түмэн, түүний дотор төр, засаг үнэлэн хүндэлдэг билээ.
Энэ дашрамд төр засгийн бодлого шийдвэрийг түгээн сурталчлагч, төр-ард түмнийг холбогч зууч, Монголоо дэлхий ертөнцөд таниулагч гүүр нь болсоор ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье.
Сэтгүүлчид бол нэг талаас төр, засгийн дотнын нөхөр нь, нөгөө талаас гашуун боловч үнэнийг хэлдэг үнэнч туслагч нь билээ.
Монгол Улсын хөгжил дэвшил баталгаа дархлаатай, ирээдүй маргааш нь гэгээ гэрэлтэй байх ёстой. Монгол хүн бүр эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, аливаа бэрхшээлтэй асуудлыг монгол хүний саруул ухаан, эв нэгдлээр даван туулж, ойлголцол зөвшилцөл, нийгмийн тогтвортой байдлыг эрхэмлэх нь нэн чухал байна.

Үүнд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг онцгой ач холбогдолтой гэдгийг тэмдэглэж хэлье.

Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал иргэдийнхээ үнэнийг мэдэх эрх, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр цөөнгүй хууль, тогтоол батлан гаргасан билээ. Цаашид ч хийх зүйл их бий.

Өнөөгийн Улсын Их Хурал “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийг шинэчлэх, “Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийг боловсруулж батлахад онцгой анхаарлаа хандуулах болно.

Монголынхоо түүхийг өгүүлэхүйн, бичиглэхүйн, дүрслэхүйн ухаанаар урлан бүтээх, Монгол оронд шударга ёс, иргэндээ ээлтэй нийгмийг цогцлоох үйлс тань ямагт бүтэмж төгөлдөр байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

2018.05.03 Улаанбаатар хот.
Categories
мэдээ нийгэм

О.Мөнхсайхан:Цэцийн дээр хөх тэнгэр бус үндсэн хууль л бий

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.

– Сүүлийн үед ЗГын шийдвэрийг Захиргааны шүүх хянах ёсгүй гэдэг асуудал хүчтэй яригдаад эхэллээ. Энэ ер нь хэзээнээс эхэлсэн асуудал вэ?

– Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль шинээр батлагдаж 2016 оны 7 сарын 1-ээс эхэлж үйлчилсэн. Засгийн газрын захиргааны үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг захиргааны хэргийн шүүх шийддэг болсон нь эдгээр хуулийн нэг шинэлэг тал. Хоёр жил хүрэхгүй энэ хугацаанд ЗГ-ыг хариуцагчаар татсан 20 гаруй хэрэг шийдвэрлэсэн нь вэбсайтад тавигджээ. Жишээлбэл, төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлсөн, эзэмшлийн газрыг тусгай хэрэгцээнд авсан, мөн уул уурхайн лицензтэй холбоотой зэрэг асуудлаарх Засгийн газрын шийдвэрийг хянан магадалсан байна. Үүнээс олны анхаарлыг хамгийн их татсан хоёр хэрэг байна. Эхнийх нь 2017 онд өвөл, хаврын цагт хурдан морины уралдааны хуваарийг товлосон Засгийн газрын тогтоол хүүхдийн эрх зөрчсөн, хууль бус байсныг захиргааны хэргийн гурван шатны шүүх тогтоосон. Нөгөө нь “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал дээр Засгийн газар хууль зөрчсөн эсэх хэрэг байна. Энэ мэт хэргийг шийдвэрлэх явцад ЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй” гэж хэлж байжээ.

ЗГын шийдвэр хууль зөрчсөн эсэхийг захиргааны хэргийн шүүх хэлэлцэхгүй юм бол хаанаас тогтоох вэ?

– Энэ бол 13 жилийн өмнө гарч байсан маргаан л даа. Цэц Сонгуулийн ерөнхий хороо болон ЗГ захиргааны хэргийн шүүхэд хянагдахгүй гэсэн 2-р дүгнэлтийг 2005 онд гаргасан. Энэ дүгнэлтээр Цэц Үндсэн хуулийг гуйвуулж тайлбарласан хэмээн олон хуульч, судлаачид тухайн үед шүүмжилж байв. Тухайлбал, Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид багш “2005 онд Цэц ЗГ, СЕХ-ны аливаа шийдвэрийг Цэц хянах ёстой гэсэн “хөнгөн хийсвэр, омголон” дүгнэлт гаргаж, УИХ түүнийг хүлээн зөвшөөрсөн” гэж ярилцлага өгсөн байдаг.

-Тэгэхээр Цэцийн 2005 оны дүгнэлт захиргааны шүүх Засгийн газрыг ерөөсөө хянахгүй гэсэн агуулгатай гарсан юм уу?

-Шууд тэгж ойлгож болохгүй ээ. Цэцийн 2005 оны дээрх дүгнэлтийн талаар 2 янзын тайлбар бий. 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь ЗГ-ын бүхий л үйл ажиллагааг хянах мэт ойлгогдож байсан учраас Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэсэн гэх эхний тайлбар байна. Үүнийг энэ чиглэлийн ихэнх хуульчид, судлаачид дэмждэг. Тиймээс, 2015-2016 онд батлагдсан шинэ хуулиудаар захиргааны хэргийн шүүх ЗГ-ын үйл ажиллагааны алийг нь хянаж, алийг нь хянахгүй вэ гэдгийг ялгаж өгсөн учраас Үндсэн хуулийг зөрчөөгүй юм. Тухайлбал, захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагуудын захиргааны үйл ажиллагааг л хянана, харин улстөрийн шийдвэр гаргах ажиллагааг нь хянахгүй гэж хуульчилсан. 2002 оны хуульд ийм нарийвчилсан зохицуулалт байхгүй байлаа. Тухайн үед буюу 2005 оны 1 сарын 28-ны өдөр ЗГ-ын хуралдаанаар зарим сайдыг огцруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт дурдагдсан сайд Б.Эрдэнэбат, И.Эрдэнэбаатар нар захиргааны хэргийн шүүхэд хандаж, шүүх ЗГ-ын шийдвэрийг түдгэлзүүлсэн юм. Ерөнхий сайд танхимдаа хэнийг сайдаар ажиллуулах, эс ажиллуулахаа өөрөө мэдэх эрхтэй. Энэ бол улстөрийн шийдвэр. Харин, одоогийн хуулиудын дагуу 2005 оных шиг сайдыг чөлөөлөх талаарх ЗГ-ын шийдвэрийг улс төрийн үйл ажиллагаа гээд захиргааны хэргийн шүүх хянахгүй. Мөн, 2016 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн. Энэ нь эрүү, иргэний хэргийг эрүү, иргэний шүүх, үндсэн хуулийн маргааныг Цэц, эдгээрээс бусад нийтийн эрх зүйн маргааныг Захиргааны шүүх хянана гэсэн үг. Захиргааны хэргийн харьяаллын асуудлыг ялгаж, нарийвчлан зааснаар Үндсэн хуулийн зөрчил бүрэн арилсан.

– Засгийн газрын үйл ажиллагаа нь улстөрийнх уу, эсхүл захиргааных уу гэдгийг хэн яаж тогтоох вэ?

– Улс төрийн байгууллага, албан тушаалтны хуульд заасан бүрэн эрхэд шалгуургүйгээр заасан, эсхүл шүүхийн журмаар шалгаж тогтоох боломжгүй шийдвэр гаргах ажиллагааг улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа гэж хуульд тодорхойлсон л доо. Шүүх үйл ажиллагаа улстөрийнх мөн үү биш үү гэдгийг тухай бүр хэрэг дээр нь ялгаж шийдэх замаар энэ шалгуурын агуулгыг хэвшүүлнэ. Тухайлбал, хэнийг сайдаар томилуулах, чөлөөлөх тухай шийдвэр процедураараа л гарсан бол агуулга дээр нь хууль зүйн шалгуур байхгүй. Энэ зарчим бол Монголд төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Жишээлбэл, АНУ-д political question буюу улстөрийн шинжтэй асуудлыг шүүх хянаж үздэггүй.

– Нөгөө хэсгийн баримталдаг тайлбар нь?

– Ингэж шинэ хуулийн орчин үүсчхээд байхад Цэцийн 2005 оны дүгнэлтийг баримталж ЗГ-ын шийдвэрийг захиргааны хэргийн шүүх хянахгүй гэж тайлбарладаг өөр нэг хэсэг бий. Цэцийн дүгнэлт ийм агуулгаар гарсан бол энэ нь Үндсэн хуулийг ташаа тайлбарласан явдал учраас энэ асуудлаар мэдээлэл ирвэл Цэц залруулга хийж, одоогийн хуулийн зохицуулалт Үндсэн хуульд нийцсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хангалттай үндэслэл бий.

Цэцийн энэ дүгнэлтдээ “ЗГ-ын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах нь Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон ЗГ, УИХ-ын эрх хэмжээнд халдсан. Захиргааны хэргийн шүүхэд төрийн гүйцэтгэх дээд байгууллагын шийдвэрийг хянах эрх хэмжээг олгогдоогүй” гэсэн байдаг. Уг нь, Үндсэн хуулийн 38.1-д “Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага” гэсэн нь ЗГ хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангахдаа доод шатны байгууллага, албан тушаалтныг хуулийн дагуу захирамжлах утга илэрхийлснээс бус хууль, түүний манаач болсон шүүхийн хяналтаас дээгүүр гэсэн үг биш.

Мөн, Үндсэн хуулийн 45.2-т “ЗГ-ын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол ЗГ өөрөө буюу УИХ хүчингүй болгоно” гэж заасан нь уг асуудлыг шүүх харьяалахгүй гэсэн агуулгагүй. Харин, энэ бол Засгийн газар хууль зөрчсөн алдаагаа өөрөө засах эсхүл түүнийг томилсон УИХ уг алдааг нь засах боломж олгосон заалт. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагууд нь улс төрийн бодлого тодорхойлж, хэрэгжүүлдэг боловч шүүх шиг нотлох баримтыг үнэлэх, хууль зүйн үндэслэлээр маргааныг төвийг сахиж, хараат бусаар шийдвэрлэх чиг үүрэггүй. Тиймээс, уг асуудлаар эрх нь зөрчигдсөн этгээд шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхийг үгүйсгэхийг Үндсэн хууль зөвшөөрдөггүй. Иргэн бүр “эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах,” “шударга шүүхээр шүүлгэх” эрхийг Үндсэн хууль хамгаалдаг.

-Хүн эрх нь зөрчигдсөн гэж үзвэл УИХ эсхүл Засгийн газарт хандаад шийдвэрлүүлж болдоггүй юм уу?

-Үндсэн хуулийн 19.1-д зааснаар төр хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцдаг. Зөвхөн шүүх хөндөгдсөн тодорхой эрхийг сэргээн эдлүүлдэг. Захиргааны хэргийн шүүх нь бусад шүүхтэй нэгэн адил ийм чиг үүрэг хэрэгжүүлдэг. Жишээлбэл, Засгийн газар төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар халсан бол шүүх үүнийг тогтоож, уг шийдвэрийг хүчингүй болгоод зогсохгүй тухайн хүнийг ажилд нь эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шийдвэр гаргадаг. Хууль тогтоомжид нийцээгүй ЗГ-ын шийдвэрийг ЗГ өөрөө эсхүл УИХ хүчингүй болгож болох ч шүүх шиг хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх боломж хязгаарлагдмал. Тиймээс, ЗГ-ын үйл ажиллагааг бүхэлд нь шүүхийн эсхүл захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргавал хувь хүн, хуулийн этгээд хөндөгдсөн эрхээ сэргээлгэж чадахгүй болж хохирно.

ЗГ-ын үйл ажиллагаа захиргааны хэргийн шүүхийн хяналтад байхгүй боловч Цэцийн хяналтад байгаа гэж хоёр дахь тайлбарыг баримтлагчид хэлдэг. Гэвч, Цэц ЗГ-ын шийдвэр хуульд нийцсэн эсэх асуудлыг бүрэн, цогц шийдвэрлэх эрх хэмжээгүй. Үндсэн хуулийн 66-р зүйлд заасны дагуу зөвхөн Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан шийдвэрлэдэг. Мөн, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2-т “Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг Цэц харьяалан шийдвэрлэхгүй” гэж хориглосон. Тиймээс, Цэц Засгийн газрын шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэх асуудлыг тэр бүр хүлээн авдаггүй. Түүнчлэн, Цэц Үндсэн хуулийн 1.2-т буй хууль дээдлэх зарчмын хүрээнд ЗГ-ын зарим нэг шийдвэрийг хяналаа гэхэд уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож болох ч шүүх шиг хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлж чадахгүй.

-2005 онд Цэцийн дүгнэлт гарсны дараа Засгийн газрыг шүүх ерөөсөө хянахгүй байсан юм уу?

-Цэцийн 2005 дүгнэлтээр захиргааны шүүхийн харьяаллаас ЗГ-ыг хассанаас хойш 2016 оны 7 сар хүртэл ЗГ-ын шийдвэртэй холбоотой олон маргааныг иргэний шүүхээр шийдвэрлэж байв. Засгийн газрын шийдвэрийг хянах эрх мэдлийг иргэний шүүх хэрэгжүүлэхээр Үндсэн хуульд нийцдэг, харин захиргааны шүүх хянахаар Үндсэн хууль зөрчдөг байж болохгүй ба ийм тайлбарыг зарчмын хувьд зөвтгөх боломжгүй. Иргэний шүүх ЗГ-ын захиргааны үйл ажиллагаа бүгдийг хууль зөрчсөн эсэхэд хяналт тавьж чадахгүй. Мөн, захиргааны шүүх тухайн төрлийн маргаанаар дагнасан учраас захиргааны хэргийг илүү мэргэшсэн төвшинд шийдвэрлэх магадлалтай. Түүнчлэн, иргэний шүүхээс ялгаатай нь захиргааны хэргийн шүүх өөрөө санаачилгаараа нотлох баримт цуглуулах, үзлэг хийх чиг үүрэгтэй. Учир нь, захиргааны хэрэгт нэг талаас иргэн, хуулийн этгээд, нөгөө талаас эдгээрээс давуу байдалтай захиргааны байгууллага маргадаг учраас захиргааны шүүх энэ тэгш бус байдлыг тэнцвэржүүлэх зорилгоор илүү идэвхтэй ажиллахыг шаарддаг. ЗГ-ийн захиргааны үйл ажиллагаа хууль бус байсныг тогтоох өргөн эрх мэдэл нь иргэний шүүхээс илүү захиргааны шүүхэд хадгалагддаг. Иргэний шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримтыг л үнэлж шийддэг тул энэ шүүх дээр иргэн, хуулийн этгээд нь ЗГ-тай маргавал тэнцвэргүй мэтгэлцээн болдог. Иймд, захиргааны хэргийн шүүхийн харьяаллаас ЗГ-ыг гаргавал иргэд эрхээ бүрэн гүйцэд хамгаалуулж чадахгүй болно.

– Цэцийн даргын Дээд шүүхэд явуулсан албан бичигт иргэдийн мэдээлэлд дурдсан холбогдох шийдвэрүүдийг хянаж хариу ирүүл гэсэн байсан. Энэ хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа юу?

– Цэцийн дарга Д.Одбаяр Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод албан бичиг явуулсан нь вэбсайтад тавигдсан байна лээ. “Захиргааны хэргийн шүүхээс ЗГ-ын шийдвэрийн талаарх маргааныг хянан шийдвэрлэж байгаа нь Үндсэн хууль болон Цэцийн дээр дурдсан шийдвэрт нийцэхгүй” тухай мэдээллийг иргэд ирүүлснийг дурдаж “Дээд шүүхээс Захиргааны хэргийн шүүхийн энэхүү буруу практикийг залруулж хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах буюу холбогдох шийдвэрүүдийг хянан үзэх зэргээр шаардлагатай арга хэмжээ авч, хариу ирүүлэхийг үүгээр мэдэгдэж байна” гэжээ. Энэ бол Цэцийн гишүүний буюу шүүгчийн наад захын ёс зүйг ноцтой зөрчсөн ноцтой асуудал. Нэгд, 2005 оны Цэцийн дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөнийг нь тогтоосон заалтыг агуулгаар нь сэргээж хуульчилсан эсэхийг Цэц их суудлаараа л хэлэлцэж шийдэх хуультай. Түүнээс биш, Цэцийн даргад ийм эрх хэмжээ байхгүй.

Хоёрт, Цэцээр шийдэгдээгүй байгаа маргааны талаарх дүгнэлт, саналыг Цэцийн дарга урьдчилан хэлэх хориотой. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.4-т “Цэцийн гишүүн хянан шалгаж байгаа маргааны талаархи саналаа урьдчилан хэлэх, энэ талаар бусдад зөвлөгөө өгөх эрхгүй” гэсэн, Цэцийн тухай хуулийн 3.7-д бас хориглосон. Учир нь, Цэцийн гишүүд тухайн маргааныг талуудын байр суурь, үндэслэл, нотлох баримтыг хөндлөнгөөс сонсож, үнэлж дүгнээд, дараа нь шийдвэрээ гаргах гаргах, тийнхүү ойлгогдох үүрэгтэй. Ерөөс шүүх төвийг сахисан байхын утга энэ юм. 2005 оны дүгнэлтийг хоёр янзаар тайлбарладаг гэж дээр хэлсэн. Тэгвэл Цэцийн дарга өөрөө хоёр дахь талыг буюу “захиргааны хэргийн шүүх ЗГ-ын шийдвэрийг огт хянах ёсгүй” гэсэн үзэл баримтлалтай гэдгээ энэ албан бичгээрээ урьдчилан мэдэгдчихлээ. Тэгэхээр энэ хүн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.2.3-д зааснаар уг маргааныг шийдвэрлэхэд орохоос татгалзан гарах ёстой.

Гуравт, хуулиар зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох зарчмыг зөрчсөн. 2007 онд Цэц “аливаа төрийн байгууллага, албан тушаалтан хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглодог нь нийтээр хүлээн зөвшөөрсөн эрх зүйт төрийн үндсэн зарчим” бөгөөд УИХ-ын дарга Ц.Нямдорж эрх хэмжээ хуулиар олгоогүй байхад УИХ-аас баталсан хуулийг засаж энэ зарчмыг зөрчсөн, огцруулах үндэслэлтэй хэмээн дүгнэсэн. Энэ зарчим нь УИХ-ын даргын нэгэн адил Цэцийн дарга, аливаа бусад төрийн албан тушаалтанд үйлчилнэ. Цэцийн дарга маргааны талаар урьдчилан дүгнэлт хийгээд зогсохгүй Дээд шүүхийн Ерөнхий шүүгч рүү хуулийн тайлбар гарга, холбогдох шийдвэрүүдийг хянан үз гэж даалгавар өгч байгаа мэт албан бичиг явуулсан нь хуулиар зөвшөөрөөгүй үйлдэл. Ингэж даалгах эрх хэмжээ Цэцийн даргад байхгүй.

Дөрөв дэх зөрчил нь шүүгчийн хараат бус байдал руу халдсан гэх талтай. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21.1-д “аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэсэн бөгөөд үүнийг зөрчсөн этгээдэд торгох шийтгэл ногдуулахаар заасан. Гэтэл, Цэцийн дарга “хуулийг ингэж ойлго, холбогдох шийдвэрүүдийг хянаж үз” гэж даалгаж байгаа нь шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд оролцох, нөлөөлөх шинжтэй гэж жирийн иргэнд ойлгогдоно.

Цэцийн дарга дээр дурдсан олон хуулийн заалтыг ноцтой зөрчсөн учраас Үндсэн хуулийн 65.4-т “Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно” гэж заасны дагуу түүнийг эгүүлэн татах үндэслэл үүсчихлээ гэж харж байна.

– Цэцийн даргын албан бичигт Ерөнхий шүүгч хариу өгөх ёстой юу?

– Дээд шүүхийн Ерөнхий шүүгч үүнд хариу өгөх үүрэггүй. Харин шүүгчид зүй бусаар нөлөөлөхийг оролдсон гэж нөлөөллийн мэдүүлэг бичих хууль бий. Нөлөөллийн мэдүүлэгт үндэслэж, захиргааны болон сахилгын хариуцлага тооцуулах асуудал тавьж болно. Ердийн шүүхийн шүүгчид нөлөөлөх гэсэн иймэрхүү оролдлого дээр хариуцлага тооцсон тохиолдлууд бий. Ерөнхий шүүгч нөлөөллийн мэдүүлэг бичихгүй бол түүнийг илгээсэн байгууллага болох УИХ дотроос эгүүлэн татах санал гаргаж болно. Мөн иргэд ч энэ асуудлаар УИХ болон Цэцэд хандаж болно. Харамсалтай нь, Цэцийн гишүүнтэй хариуцлага тооцох механизм огт ажилладаггүй.

– Цэцийн дарга гэлтгүй гишүүдийн талаар таагүй зүйл их сонсогддог ч хариуцлага тооцож чаддаггүй. Тухайлбал Д.Сугар?

– Цэцийн одоогийн дарга шиг ноцтой зөрчил гаргаж байсан гишүүн Цэцэд хэд хэд байсан. Цэцийн гишүүн өмгөөлөл хийж байсан, УИХ-д өргөн баригдах магадлалтай хуулийн төсөл Үндсэн хуульд нийцсэн эсэх дүгнэлтийг төлбөртэйгээр гаргаж байсан тохиолдол ч бий. Д.Сугар гишүүний хувьд энэ оны 5 дугаар сарын 9-ний өдөр буюу хэдхэн хоногийн дараа бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болно. Хоёр ноцтой ёс зүйн зөрчил гаргаж байсан учраас түүнийг дахин нэр дэвшүүлж, томилж болохгүй. Тодруулбал, Цэцэд томилогдохоосоо өмнө тэрээр ТӨХ-ны дарга байхдаа Авилгын эсрэг хууль, Ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуулийг зөрчсөн 11 зөрчил гаргасан тухай албан бичгийг АТГ Цэц рүү 2014 онд явуулж байв. Тухайлбал, Цэцийн гишүүний цалингаасаа 40.5 дахин их хэмжээний орлогыг хэдэн жил ХОМ-тээ тусгаж байгаагүй гэдэг. Япон, Солонгост байсан байшингийнхаа талаар, түүнийгээ зарсан талаараа мэдүүлээгүй асуудал. Өөрөө ч үүнийгээ ерөнхийдөө зөвшөөрч ярилцлага өгсөн. Мөн, тухайн үеийн Цэцийн дарга үүнийг нь тогтоосон тушаалыг гаргаж байлаа. Авлигын эсрэг хуульд ХОМ-доо жилийн цалингаас илүү хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй албан тушаалтныг огцруулах заалт бий. Цэцийн гишүүн болохоос өмнөх зөрчил ч эгүүлэн татах үндэслэл болдог ч түүнийг эгүүлэн татаагүй өнгөрсөн дөө. Мөн, Д.Сугар гишүүн ТӨХ-ны дарга байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаалахад баталгаа гаргаж гарын үсэг зурсан эсэх асуудал яригдаж, шалгагдаж байгаа хэмээн хэвлэл бичиж байна. Гэтэл, тэрээр сая Эрдэнэттэй холбоотой маргааныг илтгэж, шийдвэрлэхэд оролцов. Мэдээлэл гаргасан хуульч “уг маргааныг шийдвэрлэхэд Д.Сугар гишүүнийг оролцуулсан нь ашиг сонирхлын хамаарал, ёс зүйн талаас” буруу зүйл болсон гэж хэлээд ч нэмэр болоогүй. Уг нь, маргааныг шударгаар шийдвэрлэхэд үндэслэл бүхий ийм эргэлзээ олон нийтэд төрөхөөр байвал ердийн шүүхийн шүүгч татгалзах үүрэгтэй байдаг. Харамсалтай нь, Цэцэд ийм зохицуулалт үйлчилдэггүй.

Түүнчлэн, П.Очирбат Цэцийн гишүүн байхдаа 2010 оноос эхлэн олон жил нэгэн томоохон уул уурхайн хувийн компаниас сар бүр 2000 долларын цалин авч байсан төдийгүй улс төржсөн ярилцлага байн байн хэвлэлээр өгдөг байв. Цэц уул уурхайтай холбоотой эсхүл улс төрийн үр дагавартай олон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн, түүнд нь П.Очирбат гишүүн оролцож л байлаа. Манай Цэцийн гишүүдийн шүүгчийн ёс зүйг баримталдаггүй энэ мэт жишээнүүдийн талаар би Германы Үндсэн хуулийн профессорт хэлэхэд тэр маш их гайхаж байсан. Тэдний Үндсэн хуулийн шүүх 1951 онд байгуулагдсанаас хойш иймэрхүү асуудалтай холбогдсон шүүгч нэг ч удаа гарч байгаагүй гэж хэлсэн. Уг нь, Үндсэн хуулийн шүүх ийм л хамгийн нэр хүндтэй байгууллага байх хэрэгтэй. Цэцийн зарим гишүүн өөрсдийнхөө дээр Хөх тэнгэр л бий гэж боддог, үүнийгээ ч илэрхийлдэг. Уг нь, Цэцийн дээр хөх тэнгэр бус Үндсэн хууль, түүнд нийцсэн хууль болон ёс зүй бий л дээ. Иймээс, манай нөхцөлд Цэцийн гишүүний заавал баримтлах зарчим, хориглох зүйлийг тодорхой хуульчилж, түүнийг зөрчсөн тухай асуудлыг хараат бусаар, шударгаар, төвийг сахиж шалгаж, тогтоогдвол хариуцлага тооцох механизмыг хуулиар хийж өгөхгүй бол болохгүй. Мөн Цэцийн олонхыг улс төрчдөөр дүүргэдэг учраас Цэц Үндсэн хуулийн шүүх шиг гэхээс илүү УИХ-ын дээд танхим шиг улс төржиж ажилладаг. Цэц Үндсэн хуулийн шүүх юм бол хууль зүйн өндөр мэргэшилтэй хүмүүсийг тэнд томилдог болох зэргээр Цэцийн хууль тогтоомжийг шинэчлэн найруулах нь нэн тулгамдсан асуудал.

ЗГХЭГын мэргэжилтэн н.Дондогмаа гэдэг хүн Байнгын хорооны хурал дээр хэрэг эрхлэх газар гурван иргэнээр дамжуулж Цэц рүү мэдээлэл гаргуулсан гэж ярьсан. ЗГ хяналт, хариуцлагаас мултрах зорилгоор захиалгаар мэдээлэл гаргуулж байгаа нь хэр зохимжтой вэ?

-Тэр референт үг хэлж буй бичлэгийг нь үзсэн. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал дээр энэ хүн “Захиргааны хэргийн ЗГ-ын шийдвэрийг хянан хэлэлцэж буй асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцээд хуулийн төсөл боловсруулах үүргийг ХЗДХ-ийн сайдад өгсөн. Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож буй асуудлаар Цэцэд асуудал тавиулахаар иргэнээр мэдээлэл гаргуулсан. Энэ мэдээлэлтэй холбогдуулаад Цэцээс Цэцийн 2005 оны 2-р дүгнэлт хүчинтэй байгаа тухай Дээд шүүхэд бичиг явуулсан” гэж хэлжээ. Тэгэхээр, Засгийн газар үйл ажиллагаагаа захиргааны хэргийн шүүхээр хянуулахгүй байхын тулд энэ тухай мэдээлэл гаргахыг иргэнд захиалж, Цэцийн дарга Д.Одбаяр уг захиалгыг нь хууль бусаар биелүүлж Дээд шүүхийн ерөнхий шүүгч рүү албан бичиг явуулжээ гэж ойлгогдож байна. Иргэнд захиалга өгч өргөдөл, мэдээлэл гаргуулах замаар Цэцийг улс төрийн арга хэрэгсэл болгон ашигладаг, Цэц түүнд нь үйлчилдэг гэсэн хардлага ортойг харуулсан жишээ ийнхүү нэгээр нэмэгдлээ.

Б.ДОРЖ

Categories
мэдээ нийгэм

“Тамхи ба татвар” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлалаа

Зураг

ДЭМБ-ын гишүүн орнууд жил бүрийн 5 дугаар сарын 31-ний “Тамхигүй өдөр”-ийг энэ жил “тамхи зүрхэнд хортой-тамхийг биш эрүүл мэндээ сонгоё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ хүрээнд нийт сэтгүүлчдийн дунд “тамхи ба татвар” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны зарлалаа.

Дэлхийн хүн амд тулгамдаад байгаа нийгмийн эрүүл мэндийн хамгийн том асуудал нь тамхидалт юм. Манай улс тамхи татдаг эрэгтэйчүүдийн тоогоор бусад орнуудын дунд дээгүүрт бичигдэж байна. Мөн насанд хүрэгчдийн 42 хувь, хүүхдийн 54 хувь нь дам тамхидалтанд өртөж байна. Тиймээс тамхинд ноогдох онцгой албан татварыг нэмэгдүүлж, тамхины хэрэглээг бууруулах зорилгоор сэтгүүлч уран бүтээлчдийн дунд нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж, шалгарсан нийтлэл, нэвтрүүлгээр дамжуулан иргэд олон нийт болон шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах зорилготой.

“Тамхи ба миний орчин”, “Тамхи ба Татвар”, “Тамхины хэрэглээг яаж бууруулах вэ?”, “Тамхи ба бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол”, “Манлайлал” гэсэн сэдвээр бүтээл нь тулгамдсан асуудлыг шийдэх арга замыг тодорхойлсон санал, шийдлийг дэвшүүлсэн, зарласан хугацаанд бэлтгэгдсэн бүтээл байх юм.
Материалыг энэ сарын 21-ний өдрийг хүртэл хүлээн авна. Бүтээлийг телевиз, радиогийн буюу сонин, сайтын гэсэн 2 төрлөөр дүгнэж, төрөл тус бүрт эхний 3 байрт шагнал олгох бөгөөд шагналыг 5 дугаар сарын 31-ний өдөр буюу “Дэлхийн тамхигүй өдөр” гардуулна.

Нэвтрүүлгийн төрлөөр I байр гурван сая төгрөг, II байр хоёр сая төгрөг, III байр нэг сая төгрөг, Нийтлэлийн төрлөөр I байр нэг сая таван зуун мянган төгрөг, II байр нэг сая төгрөг, III байр таван зуун мянган төгрөг тус бүр өргөмжлөл гардах юм.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн нээлт маргааш болно

Үндэсний соёл амралтын хүрээлэн зурган илэрцүүд

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн парк маргааш нээлтээ хийх гэж байна. Парк руу ороход 1,000 төгрөгийн хураамж төлөхгүйгээр нэвтрэх боломжтой болжээ. Мөн нийт 22 тоглоомтойгоос галзуу хулгана, завь хоёр одоогоор ажиллахгүй юм байна.

Нээлтийн хөтөлбөр:

  • Хүүхдийн жүжиг
  • Циркийн үзүүлбэр
  • Хүүхэлдэйн жүжиг
  • Хөгжилтэй тэмцээн уралдаан
  • Амьд хөгжмийн тоглолт
  • Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр 11:00-22:00 цаг.

Улирлын нээлтийг тохиолдуулан тавдугаар сарын 4, 5, 6-ны өдрүүдэд бүх тоглоом 50% хямдралтай байх аж.

Categories
гадаад мэдээ

Aмиа алдсан сэтгүүлчдийн тоо 57 хувиар өссөн байна

ЗурагЭнэ оны эхний дөрвөн сарын хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 57 хувиар өссөн байна гэж Женев хотод төвтэй “Press Emblem Campaign” ашгийн бус байгууллагаас /АББ/ өнөөдөр тохиож буй “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан гаргасан мэдэгдэлд дурдсан байна.

Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд Афганистаны нийслэл Кабул хотод болсон дэлбэрэлтэлд есөн сэтгүүлч өртөн амиа алджээ.

Энэ он гарснаас хойш Афганистанд хамгийн олон буюу 11, Мексик болон Сирид 4, Эквадор, Энэтхэг болон Йеменд 3, Бразил, Израиль /Газын зурвас/, Гватемал болон Пакистанд тус бүр 2, Колумб, Гайити, Ирак, Либери, Никарагуа, Орос,Сальвадор болон Словакт тус бүр 1 сэтгүүлч буюу нийтдээ 44 сэтгүүлч амь үрэгдээд байна.

Ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлчдэд аюул заналхийлж, улмаар амь насанд нь халдаж буй этгээдүүдэд хатуу хариуцлага тооцохыг, сэтгүүлчдийн эрхийг хамгаалахын арга хэмжээ авахыг “Press Emblem Campaign” АББ-ын ерөнхий захирал Блейз Лемпен улс орнуудын эрх бүхий байгууллагуудад уриалжээ.

Categories
мэдээ нийгэм

С.Батболд: “Сэтгүүлч ордон” барих газрын асуудлыг хот шийдвэрлэлээ

Үндэсний сэтгүүл зүйн 105 жил, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг өнөөдөр “Соёлын төв өргөө”-нд зохион байгууллаа. Форумыг нээж Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үг хэлсэн. Тэрбээр хэлэхдээ “Монголын сэтгүүлчдийн эвлэл нь юуны өмнө “Хараат бус сэтгүүл зүйг” хөгжүүлэх талаар онцгойлон анхаарч ажиллана. Энэ байгууллагын шангийн татаж, шавийг нь тавьсан азай буурлуудаас өгсүүлээд халааг нь авсан дунд үе, өнөөдөр ид уран бүтээлээ туурвиж байгаа залуу үеийн сэтгүүлчид үндэсний форумдаа хүрэлцэн ирсэнд талархаж байна. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр бид Үндэсний сэтгүүл зүйн ирэх 20 жил, цаашлаад хэтийн хөгжлийн талаар хөндөн ярилцах учиртай. Тиймээс ч эрдэмтэн багш нар, судлаачдыг урьж, салбарынхаа өмнө тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж байгаа юм” гэж онцоллоо. “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумд амжилт хүсч, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар мэндчилгээ дэвшүүлсэнийг хэвлэлийн албаны дарга нар танилцуулж, Монгол сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчид гардуулж өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тус форумд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

Хотын дарга хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран үндэсний хэмжээний форумыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн форумыг “Хараат бус сэтгүүл зүй” сэдвийн дор та бүхэн хуран чуулж, салбарынхаа өмнө тулгамдсан асуудлыг ярилцах гэж байгаад талархаж байна.

Миний бие УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа “Олон нийтийн радио телевизийн тухай хууль”, “Мэдээллийн ил тод байдлын тухай хууль” зэрэг хэвлэл мэдээллийн салбартаа салшгүй холбоотой хуулийн төсөл дээр ажиллаж, ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд дөрөв дэх засаглалыг ямагт дэмжихийг чармайдаг юм. Нөгөө талаар Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь ажиллаж, амьдарч байгаа энэ үед хөгжлийн бодлого, хотоос хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, ажлыг олон нийтэд хүргэхэд та бүхэн маань чухал үүрэг гүйцэтгэдэг. Иргэн, төр хоёрыг холбож, мэдээллээр хангаж, алдаа оноог шүүмжилж, амжилтыг сайшаан магтаж, нийслэл хоттой салшгүй холбоотой ажилладаг . Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын 80 хувь нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг нь хот, хэвлэл хоёр хэр ойр харилцаатайг харуулж байна.

Нийслэлийн удирдлагын баг өнгөрсөн оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн орчныг сайжруулах жил” болгон зарлаж, 24 жил гацаад байсан “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийг Засгийн газраар хэлэлцүүлэн дэмжүүлж, УИХ-д өргөн барьж, анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Энэ хууль Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг заах болно гэдэгт итгэлтэй байна. Мөн өргүй хот болж, бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлж байгааг хэлэхэд таатай байна.

2018 он Улаанбаатарчуудын хувьд амьдрах орчноо сайжруулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж, нийгмийн салбарт эрс хөгжил авчирсан бүтээн байгуулалтын жил байх болно. “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөө батлагдаж, хэрэгжүүлж эхэллээ. Хотыг хөгжүүлэх ажлыг төр ганцаараа хүчрэхгүй. Иргэд, аж ахуй нэгжийн хамтын хүчээр үр дүнд хүрнэ. Тиймээс хүн бүрийн оролцоо хотын хөгжилд чухал гэдгийг хэвлэл мэдээллийнхэн та бүхэн маань уриалж, бидний ажлыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Сэтгүүлчид та бүхнийг улс орон, ард түмнийхээ нийтлэг эрх ашиг сонирхлыг хамгаалж, ёс зүйтэй, хүнлэг, олон ургальч үзэл, ил тод байдал, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ иргэнлэг, эх оронч сэтгүүл зүйг хөгжүүлэхийн төлөө нийтлэл, нэвтрүүлэг, мэдээллээ чиглүүлдэгт иргэний хувьд талархаж явдгаа илэрхийлье” гэлээ.

Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн зүгээс “Сэтгүүлч ордон” барих газар олгож өгөхийг хотын удирдлагаас хүссэн. Тус ордон барих газрын асуудлыг шийдвэрлэсэн тул энэ хавартаа бүтээн байгуулалтаа эхлүүлж, ирэх жил гэхэд Улаанбаатар хотод сэтгүүлчээр овоглосон сайхан ордон сүндэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Түүнчлэн “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан Үндэсний сэтгүүл зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудад Нийслэлийн Засаг даргын өргөмжлөл гардууллаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гүүрэн гарцын барилгын ажил үргэлжилж байна

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажил үргэлжилж байна. НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяраар ахлуулсан ажлын хэсэг талбай дээр ажиллаж, цахилгааны кабел, холбооны шугам шилжүүлэхтэй холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэлээ. Эхний ээлжинд “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гийн зүүн талын явган хүний замыг түр хааж, шугам шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэнэ. Гүүрэн гарцын барилгын ажил хэвийн үргэлжилж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Авто үйлчилгээ эрхлэгчдийг сургалтад хамрууллаа

Нийслэлийн Тээврийн газраас санаачлан нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Автотээврийн Үндэсний төв, Монголын Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, Монголын авто их биеийн засвар эрхлэгчдийн холбоо болон Атиконсалтинг компаниудтай хамтран авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа.

Тус сургалтыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд Автотээврийн тухай, Галын аюулгүй байдлын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль, дүрэм, журам, стандартыг сурталчлах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор доорх сэдвүүдээр явуулсан юм. Үүнд:

-Авто үйлчилгээний салбарт мөрдөгдөж буй хууль эрх зүйн актууд түүнд тавигдах шаардлага

-Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж болон түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас батлан гаргасан дүрэм журам, стандарт, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, түүний төрөл, ангилал ажиллуулах зарчим, зориулалт

-Аюултай хог хаягдлын хяналт, хууль эрх зүй

-Автотээврийн салбарт мөрдөгдөх стандарт болон тохирлын үнэлгээний асуудал

Сургалт 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд зохион байгуулсан ба сургалтад Хан-уул дүүргийн 47 авто үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцсон юм гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нэр, гарал үүсэл нь бүрэн баталгаажаагүй эмийг худалдан авч хэрэглэхгүй байхыг анхааруулав

Image result for нэр гарал үүсэл эм

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас эмийн зар сурталчилгаа олширч, иргэд хохирох болсонтой холбогдуулан хэд хэдэн газарт хяналт шалгалт хийжээ.

Тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын ахлах мэргэжилтэн Б.Мөнхханд хэлэхдээ “Эрүүл мэндийн салбарт хууль бус зар сурталчилгаа ихээр явагдаж байна. Түүнээс болж хохирсон иргэдийн гомдол их ирдэг. Нэр, гарал үүсэл нь бүрэн баталгаажаагүй, хаанаас оруулж ирсэн нь тодорхойгүй эмийн талаарх сурталчилгаа гарсаар байна.

Тухайн эрүүл мэндийн байгууллага өөрийн эмийг сурталчлахдаа магтах, хэрэглэгчийг төөрөгдүүлэх, үнийн хямдрал зарлах нь хууль зөрчиж байгаа хэрэг юм” гэжээ. Тиймээс хууль бус зар сурталчилгаанд хууртагдахгүй байх, мөн гарал үүсэл нь тодорхойгүй эмийг худалдан авч хэрэглэхгүй байхыг анхааруулав.