Categories
мэдээ нийгэм

“Эрүүл, аюулгүй ажлын байр-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг болов

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг угтан орон даяар жил бүрийн дөрөвдүгээр сард “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян”-ыг зарладаг уламжлалтай. Монгол Улсад 2002-2017 оны хооронд гарсан 5900 үйлдвэрлэлийн осолд нийт 6464 иргэн өртсөнөөс 50.1 хувийг 18-35 насны залуучууд эзэлж байна.

Тиймээс ХНХЯ, НХЭГ, ХАБЭАҮХ, НДЕГ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс 2018 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны хооронд энэхүү сарын аяныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг төлөвшүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлцгээе” уриан дор зохион байгуулсан.

Тус сарын аяны хүрээнд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, НЗДТГ, НМХГ, МАОЭНХ, нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хамтран эрүүл аюулгүй ажлыг байрыг бий болгох, төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх зорилгоор “Эрүүл, аюулгүй ажлын байр-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлгийг нээж Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч З.Энхтөр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал сүүлийн жилүүдэд нэн чухлаар тавигдаж байгаатай холбогдуулан жил бүрийн дөрөвдүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян болгон орон даяар зохион байгуулсаар ирсэн. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн засаг даргын 2018 оны А/340 дүгээр захирамж гарч, сарын аяныг нутаг дэвсгэрийн онцлогт нийцүүлэн шинэлэг хэлбэрээр зохион байгууллаа. Аяны хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа барилга, үйлдвэрлэлийн салбарын аж ахуйн нэгж байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан залуучууд, зорилтот бүлгийн иргэдэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журмыг мөрдөн ажиллах, түүнийг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, хууль тогтоомжийн эмхэтгэл, гарын авлага тараах материал боловсруулж хэвлүүлэх, олон нийтэд сурталчлах ажлуудыг хийсэн. Мөн дүүрэг бүр өөрсдийн онцлогт нийцүүлэн шинэлэг хэлбэрээр аяныг зохион байгуулан ажиллаж байна” хэмээлээ.

Хэлэлцүүлэгт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд, аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй нэгж байгууллагуудын удирдлага, инженер техникийн ажилтнууд зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээрх төр засгийн бодлого, шийдвэрүүд, түүний хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгийн үр дүнд “Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлал”, “Үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам”, “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тулгамдаж буй асуудлууд” , “Сарын аяны хүрээнд хийсэн шинэлэг ажил”, “Ажлын байрны сөрөг хүчин зүйл, түүнээс урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдаж, хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлт , зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Барилгын холбооны дэд ерөнхийлөгчтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын Барилгын холбооны дэд ерөнхийлөгч Жон Бён Юуныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газарын дарга Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ, “Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар, “Дүсан” барилгын компанийн дэд ерөнхийлөгч Тэ Вон Пак, БНСУ-ын Барилгын холбооны барилгажилт, дэд бүтэц, гадаад харилцааны хэлтсийн ажилтан И Жи Юн, Барилгын холбооны барилгажилт, дэд бүтэц, гадаад харилцааны хэлтсийн ажилтан Кан Ён Гил болон бусад албаныхан оролцсон.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотын шинэ нисэх буудал орчмын эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх, Улаанбаатар хотын дэд бүтцийн салбарт хэрэгжиж байгаа төсөлд оролцох талаар болон Улаанбаатар хотын амьдрах орчныг сайжруулах ба амины сууц нийлүүлэх бизнесийн үйл ажиллагаанд оролцох зэрэг саналыг БНСУ-ын Барилгын холбооны зүгээс тавилаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийг шинэ шатанд гаргах санаачлага дэвшүүлээд ажиллаж байгаа нь эдийн засгийн тусгай бүсийн асуудал юм. Иймд боломжуудыг илүү ашигтайгаар ашиглах, хийгдсэн хөрөнгө оруулалтын төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх болон цаашид хөрөнгө оруулалтыг тус салбарыг дэмжих зорилгоор шинэ нисэх буудлаа түшиглэн хил, гааль, татварын тусгай дэглэм бүхий эдийн засгийн тусгай бүс байгуулах асуудлаар ажлын хэсэг байгуулагдаад судалгааны ажлыг хийгээд явж байгаа. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагад дэд бүтцийн салбарт хэрэгжих ажлууд тусгагдсан. Хотын нийтийн аж ахуй хангамж, үйлчилгээний үндсэн тулгуур нь инженерийн дэд бүтэц. Дулаан, цахилгааны эрчим хүч, ундны усны эх үүсвэрийн одоогийн нөөц, хүчин чадал нь нийслэл хотын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагаас хоцорч байгаа. Иймд инженерийн дэд бүтцэд технологийн шинэчлэл хийх, шинэ эх үүсвэр бий болгох зэрэг тулгамдсан хэрэгцээ манай хотод бий” хэмээгээд холбогдох албаныхныг БНСУ-ын Барилгын холбооныхонтой илүү ажил хэрэгч уулзалт зохион байгуулахыг хүслээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.

Categories
гадаад мэдээ

Лондонд дэлбэрэлт болжээ

Лондон хотын хойд дүүрэгт дэлбэрэлт болсны улмаас 30 хүн бэртэж гэмтсэн тухай “Daily Express” сонин мэдээлэв.

Тус сонины мэдээлснээр, дэлбэрэлт болсон Лондоны Стэмфод Хилл дүүрэгт “Лаг ба-Омер” еврейн баярыг тэмдэглэхээр олон хүн цугласан байжээ. Энэ баярын үеэр түүдэг асаадаг уламжлалтай аж. Урьдчилсан мэдээллээр, түүдэг гал асаахад ашигладаг шатамхай бодист хүмүүс болгоомжгүй хандсан байж магадгүй гэж үзэж байна. Өөр нэгэн хувилбараар, зарим хүмүүс гар утасны цэнэг хураагчаа түүдэг гал руу шидсэнээс болж дэлбэрсэн байж магадгүй гэж үзэж байгаа аж.

Бэртэл гэмтэл авсан 10 хүнийг эмнэлэгт хүргэжээ.

Categories
мэдээ улс-төр

Гааль, НӨАТ-аа төлсөн мод, модон материал импортлогч аж ахуйн нэгжүүд татвараа буцаан авах нөхцөл бүрдлээ

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.05.03) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 05 дугаар дүгнэлттэй танилцсанаар эхлэв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр баталсан “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцсэн байна. Тус тогтоолд, “төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, …”, “төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгах” гэж заасан нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна гэж Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас үзэж холбогдох дүгнэлт гаргажээ. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг асуулт асууж, хариулт авлаа.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаас 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, хуулийн төслийг батлахаар санал, дүгнэлт гаргасныг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулав.Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах зохицуулалт хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байсан юм.

Хүнсний шимт тэжээллэг чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хуультай болов

Монгол Улсын хүнсний бодлого хүн амд хэрэгцээтэй амин дэм, эрдсийг түгээмэл хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах замаар хүргэхэд чиглэсэн. Иймд Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Б.Батзориг, Ц.Гарамжав нараас Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг боловсруулсан билээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар хүнсний шимт, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, хүн амын эрүүл мэндийг сайжруулах, нийгмийн импортын хүнсний бүтээгдэхүүнийг орлох, улмаар өөрийн орны байгалийн гаралтай нөөцийг ашиглан баяжуулсан бэлдмэл гаргах экспортлох эдийн засгийн ач холбогдолтой аж.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй тулБаяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын хоёр томъёоллоор санал хураав.


Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 6 дугаар зүйлд Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд хүнсийг баяжуулахад шаардлагатай тоног төхөөрөмж болон баяжуулагч бэлдмэлийн импортыг дэмжих, гааль, татвар, зээлийн бодлогыг тодорхойлох хүнс баяжуулалтын талаар хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэх дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв батлах, баяжуулсан хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих үндэсний хөтөлбөр батлах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг агуулгатай хэсэгт заалт шинээр нэмж, 10 дугаар зүйлийг хасахаар санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн дээрх хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төсөлд, Баяжуулсан хүнсний тухай хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон бэлтгэл ажлыг хангах, албан журмаар баяжуулах хүнсний жагсаалт болон захиргааны хэм, хэмжээний актыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор батлах, хүнсийг албан журмаар баяжуулахад шаардлагатай тоног төхөөрөмж болон баяжуулагч бэлдмэлийн импортыг дэмжих, үйлдвэрлэл эрхлэгч нарт боломжтой хэлбэрээр дэмжлэг үзүүлэх, холбогдох хуулиудад нэмэлт оруулах, хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор танилцуулахыг Ерөнхий сайдад үүрэг болгохоор тусгасан байв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ, Засгийн газраас хүнс баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгчээ дэмжихэд анхаарах шаардлагатайг анхааруулж байлаа. Ингээд “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн.

“Цахим бодлогын түр хороо”-ны гишүүдийг намын бүлгээрээ хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо

Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Цахим бодлогын түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан А.Ундраа, Ж.Мөнхбат нар Байнгын хорооны даргаас асуулт асууж хариулт авав. Гишүүдийн зүгээс Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллахаа илэрхийлж байсан бөгөөд улмаар УИХ-ын даргын нэр дээр гишүүд хүсэлт ирүүлсэн тухай М.Энхболд дарга энэ үеэр онцлов.Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Түр хороо хариуцуулсан ажлын гүйцэтгэлийг хангахдаа Байнгын хороотой адил эрх эдэлнэ хэмээн заасан байдаг учир гишүүдийн тоог 13-19 байх нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ Түр хороонд орох хүсэлт ирүүлсэн гишүүдийн тоо20 гаруй байгаа тулнамуудын бүлгийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай байна гэж байлаа. Ингээд тогтоолын төслийн талаар Байнгын хорооноос дэмжсэн, дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг тогтоолын төслийн 1 дэх заалтыг “Төрийн алба, үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийг сайжруулах, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавхи бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох цахим бодлогын асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ийнхүү тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссан тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Улсын Их Хурлын гишүүнН.Учрал хуулийн төслөө татаж авав

Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр чуулганы хуралдаан үргэлжлэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй тул Улсын Их Хурлын С.Бямбацогтын гаргасан Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг суурь болгон хэлэлцэх, тогтоолыг ердийн журмаар дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ. Мөн үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүнН.Учрал Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө татаж авсан байна. Ингэснээр Оюуны өмч, улсын бүртгэлийн газрыг хоёр тусад нь салгаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байлгахаар болсон. Оюуны өмчийн газрыг байгуулахад улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардагдахгүй юм байна. Иймд уг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.

Дараа ньУлсын Их Хурлын гишүүн С.Эрдэнээс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Уг хуулийн төсөлдЖолоочийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтын “мөрдөх алба” гэсний дараах “тахар” гэснийг хасахаар тусгасан бөгөөд ингэснээрХууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгана гэж төсөл санаачлагч гишүүн үзсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт асуулт асууж хариулт авсны дараа Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гурван гишүүнийг томиллоо

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдэд Цэрэндоржийн Батсүх, Цэдэвсүрэнгийн Мөнхбаяр, Чулуундоржийн Хашчулуун нарыг Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдээр томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монголбанк нь Мөнгөний бодлогын хороотой байх, уг хороо нь Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаатай томилсон орон тооны бус дөрвөн гишүүнээс бүрдэх тухай 27,3 дугаар зүлийн 1 дэх хэсгийг нэмж оруулсан аж. Хуулийн дээрх заалтыг үндэслэн Эдийн засгийн Байнгын хорооноос Мөнгөний бодлогын хорооны орон тооны гишүүдээр томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан аж.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир нэр дэвшигчдийг сонгохдоо Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримталсан байна гэж байлаа. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид банк, санхүү, эдийн засгийн чиглэлийн их дээд сургууль, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжлээрээ 10-аас дээш жил, үүний таваас доошгүй жилд макро эдийн засгийн бодлого, судалгаа шинжилгээний чиглэлээр ажилласан туршлагатай гэсэн шалгууруудыг тус тус хангажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, М.Билэгт, Б.Бат-Эрдэнэ, З.Нарантуяа нар асуулт асууж, хариулт авсаны зэрэгцээ орон тооны бус гишүүдэд нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Ингээд эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун, Ц.Батсүх, эдийн засгийн магистр Ц.Мөнхбаяр нь нарыг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Аж ахуйн нэгжүүдэд гааль болон НӨАТ-ыг буцаан олгох санал дэмжигдэв

ҮргэлжлүүлэнЗасгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлүүлгийг тус тус хийв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, О.Батнасан, Б.Баттөмөр, М.Билэгт нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн төслүүдийн 3 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат хуулийн төслүүдэд “2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 2019 оны 01 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийн ахуйн нэгжүүдэд татварын буцаан олголтыг хийнэ” гэсэн зарчмын зөрүүтэй санал нэмж тусгахыгхуралдаанд оролцсон гишүүдийн олонхи тус тус дэмжлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан “Ойн нөөцөө хамгаалж, түлшний модыг импортоор оруулж ирэхэд гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх шаардлагатай” гэсэн горимын санал гаргаж, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт тусгах саналаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гигшүүн Ж.Мөнхбатын санал дэмжигдсэнээр ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийн үйл ажиллгаа явуулдаг ахуйн нэгжүүдэд 2018 оны хугацаанд төлсөн гааль, НӨАТ-аа буцаан олгох нөхцөл бүрдэв.

Тогтоолын төслийг хүчингүй болгож, дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо

Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо уг асуудлыг 2018 оны 05 дугаар сарын хуралдаанаараа хэлэлцээд анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан байна.

Чуулганы хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжив. Тогтоолын төсөл батлагдсанаар “Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын 1998 оны 05 сарын 14-ний өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болгосонд тооцохоор боллоо.

Хуралдааны төгсгөлд Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, дэмжсэн. Ингэснээр Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг, Д.Оюунхорол нарыг Нутгийн удирдлагын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанг Ёс зүйн дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармааг Нутгийн удирдлагын болон Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнг Ёс зүйн дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүг Нутгийн удирдлагын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяаг Нутгийн удирдлагын болон Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд тус тус оруулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ спорт

Ази тивийн аваргаас хоёр хүрэл медаль хүртлээ

Узбекистаны Үргэнч хотод болсон хүндийг өргөлтийн өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон ОУХМ Э.Билэгсайхан хоёр хүрэл медаль хүртсэн байна.

Монголын баг тамирчид шагналт дөрөвдүгээр байрт орж, Аргентин улсад болох залуучуудын олимпийн наадамд оролцох эрхээ авчээ. Аргентинд болох залуучуудын олимпийн наадмын эрх олгох сүүлийн тэмцээнд 25 улсын 328 тамирчин өрсөлдсөн юм. Өнгөрсөн сарын 23-30-нд уг тэмцээнд оролцсон манай баг тамирчид өчигдөр эх орондоо ирлээ. Өсвөр үеийн тивийн АШТ-д 53 кг-д Э.Үелэн-Энх 8 , 63 кг-д Г.Батчимэг 8, 69 кг-д Б.Энэрэл 7, 75 кг-д М.Оюун-Эрдэнэ 5, +75 кг Насандулам зургаадугаар байр тус тус эзэлжээ.

Харин ОУХМ Э.Билэгсайхан хоёр хүрэл медаль хүртсэн бол Ч.Нямзул дөрөв, Б.Анхныбаяр 8 , Б.Тунгалаг нар зургаадугаар байрт тус тус шалгарсан байна. Өнгөрсөн жил Ази тивийн АШТ-ээс манай баг тамирчид зургаан медаль хүртсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Таван ихэр хурга төллөжээ

Хөвсгөл аймгийн Түнэл сумын тавдугаар багийн малчин Ж.Болд-Эрдэнийн хар халзан хонь 5 ихэр хурга гаргаж малчин эзнээ баярлуулсан байна.

Хар халзан хонь өнгөрсөн жил хоёр ихэр хурга гаргаж байжээ. Таван ихэр хурга эсэн мэнд бойжиж байна. Гурван хургыг нь өөр мал хөхүүлж байгаа гэнэ. Ж.Болд-Эрдэнэ бага наснаасаа мал маллаж эхэлжээ. Тэрээр ам бүл тавуулаа амины 200 гаруй толгой малтай бөгөөд энэ жилийн хувьд мал нь ихэрлэж байгаад бэлэгшээж байгаа гэнэ. Тухайлбал нэг хонь таван ихэр, хоёр хонь гурав болон хоёр ихэр хурга гаргаж гурван хонь төллөөд 10 хургатай болсон ажээ.
Categories
гадаад мэдээ

Лондонд дэлбэрэлт болсны улмаас олон хүн бэртэж гэмтжээ

Лондон хотын хойд дүүрэгт дэлбэрэлт болсны улмаас 30 хүн бэртэж гэмтсэн тухай “Daily Express” сонин мэдээлэв.

Тус сонины мэдээлснээр, дэлбэрэлт болсон Лондоны Стэмфод Хилл дүүрэгт “Лаг ба-Омер” еврейн баярыг тэмдэглэхээр олон хүн цугласан байжээ. Энэ баярын үеэр түүдэг асаадаг уламжлалтай аж. Урьдчилсан мэдээллээр, түүдэг гал асаахад ашигладаг шатамхай бодист хүмүүс болгоомжгүй хандсан байж магадгүй гэж үзэж байна. Өөр нэгэн хувилбараар, зарим хүмүүс гар утасны цэнэг хураагчаа түүдэг гал руу шидсэнээс болж дэлбэрсэн байж магадгүй гэж үзэж байгаа аж.

Бэртэл гэмтэл авсан 10 хүнийг эмнэлэгт хүргэжээ.
Categories
мэдээ нийгэм

“Дүрс, дуу, авианд шингэсэн соёлын баримтат өв”-ийг хамгаална

“Дүрс, дуу, авианд шингэсэн соёлын баримтат өвийн өнөөгийн байдал” эрдэм шинжилгээ-онол, практикийн хурлыг зохиож байна. Үндэсний номын сангийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрдэм шинжилгээний уншлагын танхимд үзэслэнгийн хамт гаргажээ.

Эрдэм шинжилгээний хурлын талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын соёл, соёлын өвийн хэлтсийн мэргэжилтэн, соёл судлаач доктор Д.Мэндсайхантай ярилцлаа.

-“Дүрс, дуу, авианд шингэсэн соёлын өв”-ийн хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал ямар байгаа вэ?

-Соёлын өв нь биет болон биет бус олон төрөл байна. Тэр дундаа бид өнөөдөр “Дүрс, дуу, авианд шингэсэн соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг хэрхэн сайжруулах, насжилтыг яаж удаашруулах, хадгалалтын горимыг чанд сахих тал дээр эрдэмтэн судлаач, оюутан залуус, ажилчдынхаа саналыг солилцох зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлаа хийж байна. Хадгалалтыг удаашруулах, сэргээн засахад бидэнд мэргэжлийн хүн хэрэгтэй байдаг.

-Соёлын өвийг орчин үеийн технологи ашиглан хадгалж болох уу?

-Хадгалагдаж байгаа өвийн насжилт ямар байхаас шалтгаална. Хальсаа скайнердахаар урт настай хальс нь тэр гэрлийн тусгалыг дийлэхгүй хайлах магадлалтай. Тэгэхээр бид юун түрүүнд судлах хэрэгтэй. Судалгааны үндсэн дээр үүнийг засварлаж болох юм байна гэсэн шийд олно. Тэгэж байж засварлахгүй бол өвөө гэмтээх аюултай.

-Энэ өвд хальс, чулуу, мод зэрэгт хадгалагдсан өвүүд багтаж байна. Байгалийн ямар нэг гамшгаас болж эдгээр өвүүд элэгдэл хоргодолд орвол яах вэ?

-Байгаль дээрх эдгээр өвүүдэд мэдээж элэгдэл маш их гарч байдаг. Энэ нь бас хүмүүсийн сүсэг бишрэлтэй холбоотой учраас бид шууд хадгалж хамгаалж байна гээд архивт авч ирээд хийдэггүй. Эхлээд яг адилхан хуулбарыг хийнэ. Түүнийгээ орлуулж тавиад жинхэнэ эх хувь болох биет өвөө хамгаалдаг.

-Хүний буруутай үйлдлээс болж энэ өвүүд гэмтдэг үү?

-Сүсэг бишрэлтэй холбоотойгоор хүмүүс сүүгээ өргөдөг, хадаг уядаг. Тос ааруул цагаан идээгээ тавих гэх мэтээр маш ихээр насжилтад нөлөөлдөг. Бид жилд нэг, эсвэл гурван жилд нэг, дөрвөн жилд нэг гэх мэтээр өвүүдээ тоолдог. Тоолох бүрд элэгдэл хоргодол гарсан байдаг. Тиймээс сэргээн засварлах, хадгалах хамгаалах ажлыг хийдэг. Ер нь Монгол Улс дэлхийд хадгалж хамгаалах өвийн тоо ихтэй улсад ордог.

-Тэгэхээр эдгээр өвийг хадгалж, хамгаалах олон нийтийн мэдлэгийг хэрхэн сайжруулах вэ?

-Сургалт сурталчилгаа, нэвтрүүлэг зөвлөмж өгөх тал дээр илүү ажиллах хэрэгтэй. Энэ хэдий Монголд байгааМонгол хүний сэтгэлийн ур ухаан, сэтгэхүй, зан, ёс заншилыг харуулаад байгаа хэдий ч дэлхийн өв юм.

-Энэ эрдэм шинжилгээний хурлын дараа хадгалалт хамгаалалтыг сайжруулах тал дээр ямар нэгэн ажил хийгдэх болов уу?

-Бид түрүү жил “Цаас, цаасан суурьтай өвийн өнөөгийн байдал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж сургалт хийсэн. Энэ хэлэлцүүлэгийн дараа цаасан өвийг хамгаалах, засварлах жижигхэн мини лабораторитой болж чадсан. Энэ бидний ажил эхнээсээ үр дүнгээ өгөөд байгаа хэрэг. Энэ хурлын дараа бид дүрс, дуу авианд шингэсэн өвөө хамгаалахад хэрэгтэй гарц олох зорилго тавиад байгаа.

-Байгаль дээр байгаа биет өвүүдийг хэрхэн хамгаалдаг вэ?

-Хөдөө орон нутаг, тухайн хороо багийн иргэд өөрсдөө л хамгаалдаг. Тэгэхээр энэ тал дээр хүмүүст сургалт хийгээд тодорхой хэмжээний урамшуулал олговол илүү сайн хамгаалагдах магадлал өндөртэй.

-Та сая илтгэл тавихдаа зургаан өвийг дэлхийн өвд бүртгүүлсэн гэлээ. Эдгээр нь ямар өв бэ?

-Бид мэдээж сайн дураараа өвүүдээ бүртгүүлдэг. Яагаад дэлхийн өвд бүртгүүлэх шаардлагатай вэ гэвэл манай өвийг хил дамнуулан гаргах эрсдэлтэй. Гадаадын хүмүүс манай өвлөгдөж ирсэн өв гэдгийг мэдэхгүй ирж үзэж сонирхоод таалагдвал аваад явахыг үгүйсгэхгүй. Иймээс энэ манай өв гэдгийг баталгаажуулах шаардлагатай. Энэ шаардлагын дагуу мэргэжлийн хүмүүсийн үгийг нэгтгээд ажил болгох үүднээс хурлаа хийж байгаа. Манай цаасан болон хад чулууны бичиг зурагт өвүүд Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн.

-Цаашид өвийг хамгаалах, арчлах, хадгалах тал дээр ямар ажил хийх вэ?

-Энэ хурлын дараа бид дуу дүрст өвийн хадгалалт хамгаалалтын тал дээр ахиц олох байх гэж найдаж байна. Харин дараа жил бид “Даавуу, даавуун суурьтай баримтат өв”-ийг хамгаалах тал дээр санал солилцож, шийдэл олно гэж бодож байгаа юм гэлээ.

Хуралд дүрс, дуу авианд шингэсэн соёлын баримтат өвийн талаар 10 орчим илтгэл тавьж хэлэлцүүлэв. СГЗ, Улаанбаатар хотын музейн захирал С.Цацралт ярихдаа:

“Музей, архив дахь гэрэл зургийн хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал” сэдэвт илтгэлдээ, “Монголчууд гэрэл зураг авч, авахуулж эхэлсэн нь 1870-аад он буюу 150-иад жилийн түүхтэй. Гэрэл зургийн баримт нь Монголын судалгаа шинжилгээний эх баримт хэрэглэгдэхүүн болдог. Өмнө нь судлаач, түүхчид гэрэл зурагт ач холбогдол өгдөггүй байсан бол сүүлийн үед тусгайлан судалснаар соёлын баримтат өвийн асар том хэрэглэгдэхүүн болсон. Ер нь музей болон хувь хүмүүсийн гарт байгаа Монголын холбогдолтой гэрэл зургуудыг цуглуулах, монголд буй гэрэл зургуудыг мэргэжлийн өндөр түвшинд хадгалж хамгаалах шаардлагатай. Мөн гадаадад буй монголын тухай гэрэл зургуудыг олж нэгдсэн системд оруулах хэрэгтэй байна. Улаанбаатар хотын музейд цаасан гэрэл зургийн 2000 гаруй, негатив хальсны 3000 гаруй өвтэй. Үүнийг орчин үеийн тохируулан скайнердаж, хадгалж, бүртгэлжүүлж хаягжуулж байна” гэв.

Монгол Улсын Засгийн газар 2014 оны 238 дугаар тогтоолоор батлагдсан Соёлын баримтат өвийг хамгаалалх хөтөлбөрийн биелэлтийг хангах хүрээнд энэхүү хурлыг хийжээ.

2016 онд Үндэсний номын сангийн санаачлагаар Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны дэмжлэгтэй “Монголчуудын бичиг үсэг соёлын баримтат өв болох нь” сэдэвт эрдэм шинжилгээ-онол практикийн хурлыг зохиож байжээ. Тус хурлаар соёлын баримтат өвийг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүд, Юнескогийн “Дэлхийн дурсамж хөтөлбөр”-ийн талаар үндсэн ойлголтуудыг өгчээ. Сан хөмрөгт хадгалагдаж буй цаас, даавуун суурьтай баримтат өвүүдийн төрөл зүйл, хамгаалалтын орчин нөхцөл, тулгамдаж буй асуудлуудын талаар илтгэлүүд тавигдаж, хэрэгжүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон юм.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс үзэл бодлоо илэрхийлэх хүний эрхийн талаарх зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байна

Өчигдөр Глоб интернэшнл тэргүүтэй байгууллагуудаас “Эрх мэдлийг хяналтандаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Юнескогийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Европын холбооны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч Марко Ферри нар төлөөлөгчөөр оролцлоо. Харин Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал Монгол Улсаа төлөөлөн Африкийн Гана улсад болж байгаа Дэлхийн хэвлэл мэдээллийн чуулган оролцож байгаа тул хэлэлцүүлэгт видео мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Тэрээр мэндчилгээндээ “Жил бүрийн тавдугаар сарын гуравны өдрийг дэлхий даяар “Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдөр” (ДХЭЧ) болгон тэмдэглэдэг. 2018 оны ДХЭЧ-ний өдрийг “Эрх мэдлийг хяналтдаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шудрага ёс, хууль дээдлэх ёс” сэдвийн дор тэмдэглэнэ. Чөлөөт хараат бус, ёс зүйт хэвлэл мэдээлэл бол эрүүл саруул, шударга ёст нийгмийн хэмжүүр юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр популист суртал нэвтрүүлэг, үзэн ядалтыг дэвэргэсэн, хүчирхийлэлд турхирсан, мэдээллийн бурууг нийтээрээ нийгмийн сүлжээ хэрэглэгчдэд тохож, хэвлэл мэдээлэл улс төрийн ухуулга сурталчилгааны зай болов.

Энэ бүхэн нь ёс зүйт, хариуцлагатай сэтгүүл зүйн суурь, гол зарчмуудад эрсдэл учруулж байгаа нь Монголд хэвлэлийн эрх чөлөөнд аюул тулгарч буйн шинж. 2018 оны нэгдүгээр сард хэвлэлийн эрх чөлөөний эсрэг балмад тохиолдол гарсан. Цагдаагийн ажилтан хувийн компанийн хуулийн зөвлөх, компьютерийн шинжээчийн хамт мэдээллийн сайтын байранд зөвшөөрөлгүйгээр дайран орж, айлган сүрдүүлж, өөрийн захиралтай холбоотой мэдээллүүдийг устгахыг сэтгүүлчдэд тулган шаардсан байна. Мөн 2018 оны дөрөвдүгээр сард есөн сэтгүүлчийн утсыг чагнасан тухай мэдээлэл олон нийтэд ил болж, албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй тухай Нийслэлийн Прокурорын газраас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдлээ.

Манай байгууллагаас үзэл бодлоо илэрхийлэх эрхийн зөрчилд хийсэн мониторингийн дүнгээр 2017 оны тавдугаар сараас хойших нэг жилд нийт 140 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогдох үзэл бодлоо илэрхийлэх эрхийн зөрчлийн 182 тохиолдол бүртгэгджээ. Зөрчил гаргагчийн 30 гаруй хувь нь улстөрч, төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн байгууллага ажээ. 2018 онд Монголын шүүх хэвлэл мэдээллийн эсрэг нэр төр гутаахтай холбоотой иргэний 12, эрүүгийн хэргийг шийдвэрлэжээ.

Монгол Улс 2018 оны тавдугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын тухай үндэсний тайлангийн хэрэгжилтийн дунд шатны тайлангаа илгээнэ. 2016 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр батлагдсан Засгийн газрын “Ерөнхий төлөвлөгөө батлах тухай” 204 тоот тогтоолоор батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар өгсөн найман улсын зөвлөмжийг хэрэгжүүлэх 11 арга хэмжээ тусгаснаас ес нь огт хэрэгжиж эхлээгүй байна.

Монголын Засгийн газар 2018 оны үлдэж буй хугацаанд дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллана гэж найдаж байна” гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагналыг шагналыг Eagle TV-ийн сэтгүүлч У.Болортуяад олгох болсноо зарласан юм. Гэвч сэтгүүлч У.Болортуяа АНУ-д суралцаж байгаа тул хожим гардуулах юм байна.

Х.Бат

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум боллоо

Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жил, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум өнөөдөр боллоо.

Форумыг нээж Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Монголын сэтгүүлчдийн эвлэл “Хараат бус сэтгүүл зүйг” хөгжүүлэх талаар онцгойлон анхаарч ажиллана. Энэ байгууллагын шанг татаж, шавыг нь тавьсан азай буурлуудаас өгсүүлээд халааг нь авсан дунд үе, өнөөдөр ид уран бүтээлээ туурвиж байгаа залуу үеийн сэтгүүлчид үндэсний форумдаа хүрэлцэн ирсэнд талархаж байна. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр бид Үндэсний сэтгүүл зүйн ирэх 20 жил, цаашлаад хэтийн хөгжлийн талаар хөндөн ярилцах учиртай. Тиймээс ч эрдэмтэн багш нар, судлаачдыг урьж, салбарынхаа өмнө тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж байгаа юм” гэлээ.

Мөн “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумд оролцогсдод, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар мэндчилгээ дэвшүүлсэнийг хэвлэлийн албаны дарга нар танилцуулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тус форумд өөрийн биеэр хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Хотын дарга ярихдаа “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран үндэсний хэмжээний форумыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн форумыг “Хараат бус сэтгүүл зүй” сэдвийн дор та бүхэн хуран чуулж, салбарынхаа өмнө тулгамдсан асуудлыг ярилцах гэж байгаад талархаж байна. Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн зүгээс “Сэтгүүлч ордон” барих газар олгож өгөхийг хотын удирдлагаас хүссэн. Тус ордон барих газрын асуудлыг шийдвэрлэсэн тул энэ хавартаа бүтээн байгуулалтаа эхлүүлж, ирэх жил гэхэд Улаанбаатар хотод сэтгүүлчээр овоглосон сайхан ордон сүндэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Тус үеэр МУИС-ийн сэтгүүл зүйн багш М.Зулькафилээс сэтгүүлчид хараат бус сэтгүүл зүйн талаар сонссон юм. Тэрбээр ярихдаа сэтгүүл зүй хараат бус байна гэдэг нь хоёр гол хүчин зүйл шаарддаг. Нэгдүгээрт тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хариуцлагатай байх ёстой. Хоёрдугаарт ёс зүйтэй байх ёстой. Тухайн хэвлэл мэдээллийг авч явж байгаа сэтгүүлчид хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Ёс зүй бол том ойлголт. Үүнтэй хамаарахгүй нэг ч зүйл байхгүй. Манайд ёс зүйг аливаа мэдээ, мэдээллийг бичихэд алдаа гаргахгүй байх ёстой гэж ойлгоод байна. Мэдээлэл олж аваад бичих, найруулах, хэвлэх гэх мэт бүх үе шат ёс зүйд хамаарна. Ёс зүй гэдэг бол маш өргөн ойлголт. Ганц сэтгүүл зүйд хамаатай асуудал биш. Олон нийтийн оюуны талх болох мэдээллийг үйлдвэрлэж байгаа сэтгүүлчид ёс зүйтэй, хариуцлагатай байх хэрэгтэй. Ёс зүйн хувьд жилээс жилд ахиц өөрчлөлт гарч байгаа. Ёс зүй дээр нэн түрүүнд редакцийн дотоод хяналт, сэтгүүлчийн өөрийн хяналт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн зохицуулалт чухал. Хэвлэл мэдээллийн байгууллагад янз бүрийн хүмүүс ажилладаг. Бүгд мэргэжлийн сэтгүүлч биш. Сэтгүүлч мэргэжилд тухайн хүний авъяас чадвар, өөрийн идэвх зүтгэл гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг. Ганц манайд бус дэлхийн нийтийн байгууллагад мэргэжлийн бус хүн ажиллах тохиолдлууд байдаг. Сэтгүүлч, сурвалжлагч хоёр өөр ойлголт. Сэтгүүлч бол бакалаврын дөрвөн жилийг сурч судлаад, шалгалтаа өгөөд зэрэг цолоо авсан хүмүүс. Нөгөө хэсэг нь өөр мэргэжлээр төгсөөд практик чиглэлд тулгуурлан ажиллаж байгаа хүмүүс. Энэ хүмүүсийг дэлхий дахинд сурвалжлагч гэж нэрлэдэг. Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа мэргэжлийн бус хүмүүсийг давтан бэлтгэх, боловсрол дээшлүүлэх асуудал тулгарч байгаа. Дараагийн асуудал бол хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшлийн асуудал. Монголын сэтгүүл зүй жил болгон нэг хоёр оронгоор ухраад байна. 69-р байрт байснаа 71 болж ухарсан. Энэ бол нөлөө бүхий эзэмшилтэй холбоотой асуудал. Нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслийн ард улс төрийн хүчнүүд, эрх мэдэлтнүүд, эдийн засгийн бүлэглэлүүд байгаа. Үүнээс болж мэдээллийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Мэдээллийн тэнцвэрт байдал алдагдана гэдэг нь хүмүүсийн хүсэн хүлээж байдаг үнэн бодитой, шуурхай мэдээ хүрч чадахгүй гэсэн үг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл олшрох тусмаа ёс зүйн асуудал яригдсаар байна. Манайд 450 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулдаг гэх судалгаа бий. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг сайтуудын тоо 100 давсан. Энд маш олон хүн ажиллаж байгаа. Цахим сэтгүүл зүйн ёс зүй энд яригдахаас гадна ихээхэн зөрчигдөж байгаа. Цахим сэтгүүл зүйн эрх зүйн асуудал яригдах ёстой. Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаад ёс зүйтэй байх хэрэгтэй. Ёс зүй бол хууль биш, хувь хүний ухамсараас шалтгаалдаг зүйл. Дэлхий дахины ёс зүйн зарчмын тунхаг байдаг. Ёс зүйн зарчмыг баримтлах юм бол сэтгүүл зүй зөв жам ёсоороо явна. Шударга, үнэн бодитой, мэдээллийн тэнцвэрт байдлыг хангасан мэдээг хүмүүст хүргэх ёстой гэв.

Мөн уг форумд оролцож буй монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч асан Б.Галааридаас хараат бус сэтгүүл зүйн талаарх ойлголтыг тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ: Хэвлэл мэдээллийн хараат бус байдал олон зүйлээс хамаардаг. Улс төрийн, эдийн засгийн хараат бус байдал гэх мэт. Цогцоор нь бус аль нэгийг нь түлхүү яриад ямар ч үр дүнд хүрэхгүй. Сүүлийн 20,30 жилийн хугацаа үүнийг харуулж байна. Ёс зүйн асуудлыг хуулиар зохицуулдаггүй. Манайд хуульчдаггүй зүйлийг хуульчлах гээд, эсвэл хуульчлах зүйлийг огт хуульчлахгүй байдаг. Бид бол хууль эрх зүйн орчныг ярих ёстой. Сэтгүүлчдийн ёс зүйн асуудлыг ч ярих ёстой. Дотооддоо ярих асуудал маш их бий. Мөн биднээс үл хамаарсан асуудлууд ч байдаг. Бусад улс орны практикийг харахад хэвлэл мэдээллийн салбарт цогц хуулийн зохицуулалт явагддаг. Бид хоёр, гуравхан хуультай. Бусад нь зохицуулагдаагүй байгаа. Энэ нь сэтгүүл зүйг зөв зүйтэй явахад саад болж байна. Ёс зүйн асуудал манайд 1988, 1989 оноос эхэлж сөхөгдсөн. Ёс зүй хувь хүнээс, сэтгүүлчээс хамаардаг. Бид их дээд сургуульд багшилж байхдаа эхлээд хүн бол дараа нь сэтгүүлч бол гэж захидаг. Энэний цаана эхлээд ёс зүйгээ төлөвшүүл, мэдэж ойлгосны дараа сэтгүүлчийн ажлаа хий гэсэн алтан дүрэм бий. Хуулиар зохицуулагддаггүй цэвэр хүмүүжлээр,ёс суртахуунаар зохицуулдаг зүйл бол ёс зүй. Бид өөрсдөө анхаарах хэрэгтэй байна гэлээ.

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан Үндэсний сэтгүүл зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад Нийслэлийн Засаг даргын өргөмжлөл гардуулсан юм. Мөн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс сэтгүүл зүйн салбарт хувь нэмрээ оруулж, идэвх зүтгэлтэй ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагуудын шилдэг сэтгүүлчдэд “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, “Ган үзэгтэн” хэмээх цол тэмдгээр шагналаа.

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагналаар “Улаанбаатар” телевиз, “25 дугаар суваг” телевиз, ”Өдрийн сонин” “Өнөөдөр” сонин, “Үндэсний шуудан” сонин, News.mn, Zaluu.com, Ikon.mn сайт, Eagle.mn, Монголын үндэсний олон нийтийн радио, Мэдээллийн радио ФМ 88.8, Эм Жи Эл радио, ФМ 102.1 тус тус шагнагдсан юм.

Мөн “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б.Долзодмаа “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” тэмдэгээр, тус сонины сэтгүүлч Б.Уранчимэг “Ган үзэгтэн” шагналын эзнээр тус тус тодорсон юм.

Б.НОМИН-ЭРДЭНЭ