Categories
мэдээ нийгэм

Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тоог баталлаа

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Хүн амын ахуй үйлчилгээ- 2020” дэд хөтөлбөрийг батлах асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар Т.Гантөмөр танилцууллаа.

“Хүн амын ахуй үйлчилгээ- 2020” дэд хөтөлбөрийн тухайд өмнө нь тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэгдэж, хурлын тэргүүлэгчдийн саналыг тусгаж, дэд хөтөлбөрийг улам сайжруулж оруулж ирэх үүрэг авсан.Энэ дагуу дэд хөтөлбөрөө сайжруулж, тэргүүлэгчдийн саналыг тусгаад батлуулахаар оруулж ирсэнийг уламжлав. Дэд хөтөлбөрийн хувьд хийх ажлын бодлого явж байгаа бол хэрэгжилтийн асуудлыг хариуцсан газрууд нь үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаад ажиллана гэдгийг “Хүн амын ахуй үйлчилгээ- 2020” дэд хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэд илэрхийллээ.
Тэргүүлэгч Д.Мөнхжаргал “Миний хувьд өмнөх хурал дээр иргэдийн хувьд хамгийн их хүсэн хүлээдэг, эрэлттэй байдаг ахуйн үйлчилгээний чиглэлийг тусгаад оруулж ирээрэй гэсэн боловч харамсалтай нь энэ төрлийн үйлчилгээг тусгаж оруулж ирсэнгүй. Одоо гутлаа засварт өгдөг хэдэн хүн байдаг юм. Ийм үйлчилгээний оронд хүүхэд асрах, компьютер засах форматлах, сантехникийн ажил, гэрээр эмчилгээ, эм тариа хийх сувилагчийн үйлчилгээ, цахилгаан бараа засах, ахмадыг асрах, зүлэг ногоо тарих үйлчилгээний төрөлд анхааран ажиллах ёстой” гэв.
Дэд хөтөлбөрийн хэлэлцүүлгийн төгсгөлд тэргүүлэгч Н.Батсүмбэрэл “Хүн амын ахуй үйлчилгээ-2020 дэд хөтөлбөрийн асуудлыг буцаах саналтай байна. Учир нь энэ асуудалтай холбогдуулан тэргүүлэгчдийн асуусан асуултанд ядаж Нийслэлийн захирагчийн ажлын албаныхан өөрсдөө хариулдаг болчих хэрэгтэй. Ингэж төрийн байгууллагын ажлын зарчимаар явах нь зөв” гэдгийг хэллээ.
“Хүн амын ахуй үйлчилгээ-2020” дэд хөтөлбөрийг НИТХ-ын тавдугаар сарын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжиж тогтоол гаргалаа.
Хэлэлцэх асуудлын дараалалд орсон Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах асуудлын Нийслэлийн цэргийн штабын дарга Хурандаа Ж.Болдбаатар танилцууллаа.
Монгол улсын Засгийн газраас Цэргийн дүйцүүлэх албан хаагчийн тооны дээд хязгаарыг тогтоодог. Улаанбаатар хотод 2018 онд Цэргийн дүйцүүлэх албанд авах иргэдийн дээд хязгаарыг баталж өгсөн. Нийслэл хотын хэмжээнд 56 дүйцүүлэх албан хаагч байхыг Засгийн газраас баталсан.
Цэргийн дүйцүүлэх албаны хууль, журмын дагуу НИТХ-ын тэргүүлэгчдээр тогтоол гаргахаар танилцуулга хүргүүлсэн. Ингэхдээ Баянзүрх дүүрэгт 5, Баянгол дүүрэгт 8, Сүхбаатар дүүрэгт 6, Сонгинохайрхан дүүрэгт 8, Чингэлтэй дүүрэгт 8, Хан-Уул дүүрэгт 8, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт дүйцүүлэх албанд хамрагдах иргэдийн тоо тус тус 5 байх саналыг оруулж байна.
Эдгээр саналыг дүүргүүдээс нь авсан гэв. Дүйцүүлэх албанд орохын тулд 7 шалгуур үзүүлэлт байдаг. Тус шалгуур үзүүлэлтийг хангасан хүний тоогоо дүүргүүд өөрсдөө гаргаж бидэнд хандаж гаргаж өгсөн гэдгийг Ж.Болдбаатар хурандаа онцоллоо.
Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог 56 байхаар тогтоож, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах албан хаагчидтай холбоотой иргэдийн сургалтын хөтөлбөрийг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай хувцас эд материалын нөөцийг бүрдүүлэн ажиллахыг Нийслэлийн Засаг дарга С.Батболдод даалгах тогтоолыг тэргүүлэгчид баталлаа.
Үүний дараа Олон нийтийн санаачлагыг дэмжих төслийг Ажлын албаны дарга Б.Батбямба танилцууллаа.

2010 онд үүсэн байгуулагдсан “Оюун ухааны академи” нь хүүхэд залуучуудыг хөгжүүлэх чиглэлд ажиллаж тодорхой амжилт гаргаж ирсэн. Цаашид бид энэ чиглэлийн үйл ажиллагааг өөрсдийн санхүүжилтээр явуулахад хүндрэлтэй байгаа тул Нийслэлээс дэмжиж өгөөч гэсэн албан бичгийг бидэнд ирүүлсэн гэдгийг уламжлав. Тэргүүлэгчдийн зүгээс “Оюун ухааны академи” нь Монгол улсын нүүр царайг олон улсын тавцанд өндөрт өргөж байгаа ТББ-уудын нэг, мөн хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, тэднийг оюуны спортоор хичээллүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгодог учраас энэ байгууллагын үйл ажиллагааг дэмжиж явах зүйтэй гэснээр эл асуудал тэргүүлэгчдийн олонхиор дэмжигдэж Тогтоолын төсөл батлагдлаа.

Хэлэлцэх асуудлын бусад асуудал хэсэгт ОХУ-ын Хабаровск хотын 160 жилийн ой 5сарын сүүлээр болохтой холбогдуулан Нийслэлийн Улаанбаатар чуулгын 20 уран бүтээлчдийг тус хотын ойн соёлын арга хэмжээнд оролцуулахтай холбоотой шийдвэр гаргаж өгөхийг хүссэн албан бичгийг агуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан танилцуулах байсан ч хурал давхацсан тул Ажлын албаны дарга Б.Батбямба танилцууллаа. Тэргүүлэгчид энэ асуудлыг дахин судлаж, албажуулж, Тэргүүлэгчдийн дараагийн хурлаар дахин танилцуулах үүрэг өгч хойшлууллаа.
Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 04-нд болох үйл явдал

07.30 цагт МҮХАҮТ-д төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий “Business breakfast” уулзалтад БХБ-ын сайд Х.Баделхан оролцоно.

09.00 цагт Төрийн ордонд Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Дэд тэргүүлэгчийг хүлээн авч уулзана.

09.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Цэцгийн баяр – 2018” өдөрлөг болно.

09.00 цагт Засгийн газрын II байранд “Театрын урлаг ба Хамтын ажиллагаа” нээлттэй өдөрлөг болно.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд МУБИС-иас “Боловсролын чанар, үр дүн” олон улсын хурал зохион байгуулна.

09.00 цагт МҮХАҮТ-д “Аялал жуулчлалын салбар дахь зохиогчийн эрхийн асуудал” семинар болно.

09.00 цагт ЭМЯ-нд Дэлхийн гар угаах өдөрт зохиулсан “Амь насыг аварна” арга хэмжээ болно.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Улаанбаатар хотын нийтин төв номын санд “Номоо солилцъё” өдөрлөг болно.

10.00 цагт МУЗН-ийн төв байранд тус байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.

10.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд К.Марксын мэндэлсэний 200 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болно.

10.00 цагт Сангийн яаманд “Аудитын компанийн захирлуудын зөвлөгөөн” болно.

10.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт тээврийн хэрэгслийн албан татвар, орон сууцны төлбөр, автомашины торгууль төлөх, үзвэр үйлчилгээний тасалбар худалдан авах боломж бүхий “Гэрэгэ Киоск”-ын нээлт болно.

11.00 цагт СТӨ-нд Бүгд Найрамдах Намын Онц Их Хурал болно.

12.00 цагт “Мишээл Экспо” төвд “Barilga Expo 2018” орон сууц, ногоон барилгын үзэсгэлэнгийн нээлтийн ёслол болно.

16.30 цагт Засгийн газрын XI байранд “Боловсролын салбарын хариуцлага, санхүүжилтийг нэмэгдүүлэх арга зам” олон талт уулзалт, хэлэлцүүлэг болно.

Үндэсний номын санд

10.00 цагт “Зохиолчдын фото зураг, гар бичмэлийн үзэсгэлэн”-ийн нээлт болно.

11.00 цагт “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” нэгдсэн арга хэмжээний албан ёсны нээлт болно.

14.00 цагт Монголын Урлагийн Зөвлөлөөс хэвлүүлсэн “Үндэсний бичиг соёлын өв” гэрэл зургын цомгийн нээлт болно

Categories
мэдээ улс-төр

АТГ-ын даргаар Д.Даваа-Очирыг, дэд даргаар Ж.Батсайханыг томилуулах саналаа УИХ-д хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр АТГ-ын даргад иргэдийн нэр дэвшүүлсэн хүмүүсээс хуулийн шаардлагыг хангаж, хамгийн олон санал авсан хоёр хүнийг Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Их Хуралд уламжилж, Авлигатай тэмцэх газрын даргаар Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-руу илгээсэн Санал хүргүүлэх тухай бичигт:

““Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн хэрэгт шууд оролцож..” гэсэн заалтын дагуу миний бие ард иргэдийнхээ санал, хүсэлт, шаардлагыг сонсон, анхаарч шийдвэрлэвэл зохих асуудлуудад төрийн бодлогыг чиглүүлэх зорилгоор нийслэлийн болон орон нутгийн иргэдтэй тухайлсан уулзалтууд хийсэн.

Уулзалтын үеэр иргэд хувийн амьдралынхаа хүндрэл бэрхшээлээсээ илүүтэйгээр нийгэмд шударга ёс алдагдаж, авлига, хүнд суртал гаарсныг хөндөн, энэ гажуудлыг таслан зогсоож тэмцэх чиг үүрэгтэй төрийн байгууллагууд маш муу ажиллаж байгааг шүүмжилж, Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг өөрчлөн, үйл ажиллагааг нь эрчимжүүлж үр дүнтэй хуулийн дагуу ажиллуулахыг шаардаж байна.

Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг шүүмжилж буй иргэдийн энэ үнэлэлт, дүгнэлт авлигын нөхцөл байдлыг судлан мэдээллэдэг олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагын дүгнэлттэй бүрэн нийцэж байгааг анхаарч, тодорхой арга хэмжээг авах шаардлагатай юм.

Олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллага нь жил бүр дэлхийн улс орнуудын Авлигын төсөөллийн индексийн дүнг гаргаж танилцуулдаг бөгөөд тус байгууллагын дүгнэлтээр манай улс 2012 онд дэлхийн 176 улсаас 94 дүгээр байр, 2013 онд 177 улсаас 83 дугаар байр, 2014 онд 175 улсаас 80 дугаар байр, 2015 онд 168 улсаас 72 дугаар байр эзэлж байсан бол Авлигатай тэмцэх газрыг Хүрэлсүхийн Энхжаргал, Цээсүрэнгийн Нямдорж нар удирдаж эхэлснээс хойш буюу 2016 онд 176 улсаас 87 дугаарт, 2017 онд 180 улсаас 103 дугаар байранд тус тус орсон байна.

Үүнийг Авлигатай тэмцэх газрын удирдлагуудын ажлын үзүүлэлтэд өгсөн үнэлгээ гэж үзэж болох бөгөөд Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын ажиллах хугацаанд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд гарсан ахиц дэвшил, өмнө хүрсэн амжилт эрс буурч, үйл ажиллагаа нь жилээс жилд уруудан, энэ байгууллагад итгэх олон нийтийн итгэл үгүй болжээ.

Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно”, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж заасан.

Хуулийн энэ зохицуулалтаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 6 жил байна, томилогдсон дарга, дэд дарга нь энэ хугацааг дуусахаас өмнө чөлөөлөгдсөн тохиолдолд нөхөн томилогоо хийнэ, нөхөн томилогдсон дарга, дэд даргын бүрэн эрх нь томилогдсон өдрөөсөө эхлэн тухайн албан тушаалын бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацааг дуустал үргэлжилнэ гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа юм.

Маш тодорхой хуулийн зохицуулалт байсаар байтал тодорхой ашиг сонирхол бүхий этгээдүүд хуулийг мушгин тайлбарлаж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон нөлөөний хүмүүсээ албан тушаалд нь үлдээх зүй бус ажиллагааг ил тод явуулж байна. Өмнө нь Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг Авлигын эсрэг хуулийн дээр дурдсан заалттай утга агуулгын хувьд ижил Төрийн албаны тухай хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурал чөлөөлөх шийдвэр гаргаж байсан бөгөөд тус шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц хуульд нийцсэн гэж үзсэн байдаг.

Монгол Улсын Их Хурлаас 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 52 дугаар тогтоолыг баталж Авлигатай тэмцэх газрын даргаар Наваансүрэнгийн Ганболдыг, дэд даргаар Батын Хурцыг тус тус томилсон. Харин Н.Ганболд, Б.Хурц нар нь албан тушаалынхаа бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасны дагуу хүсэлт гаргаж, Н.Ганболд нь Монгол Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн 33 дугаар тогтоолоор, Б.Хурц нь Монгол Улсын Их Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 73 дугаар тогтоолоор тус тус албан тушаалаасаа чөлөөлөгджээ.

Үүний хүрээнд Монгол Улсын Их Хурал нөхөн томилгоо хийж 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 30 дугаар тогтоолыг батлан Цээсүрэнгийн Нямдоржийг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 07 дугаар тогтоолыг батлан Хүрэлсүхийн Энхжаргалыг Авлигатай тэмцэх газрын даргаар тус тус томилсон. Нөхөн томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон байна.

Улс оронд шударга ёсыг тогтоох нэн чухал үүрэг хүлээдэг Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгодог бүрэн эрхтэй. Миний бие энэхүү бүрэн эрхийг дангаар хэрэгжүүлэхээс татгалзаж, Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ард иргэдээсээ асууж, саналаар нь шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны www.president.mn цахим хуудсаар 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд явагдсан нээлттэй санал асуулгад 6.405 иргэн оролцож, 6.382 иргэн Авлигатай тэмцэх газрын даргад 179 хүнийг, 5.657 иргэн Авлигатай тэмцэх газрын дэд даргад 317 хүнийг тус тус нэр дэвшүүлж, санал өгсөн болно.

Иргэдийнхээ нэр дэвшүүлсэн хүмүүсээс хуулийн шаардлагыг хангаж, хамгийн олон санал авсан хоёр хүнийг Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Их Хуралд уламжилж, Авлигатай тэмцэх газрын даргаар Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулахаар санал хүргүүлж байна.

Иймд Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн болзошгүй нөлөөлөл, дарамт, шахалтаас ангид байж, ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэн, энэхүү асуудлыг зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар санал болгосон Даваанямын Даваа-Очир, Жанжаагийн Батсайхан нар нь Авлигын эсрэг хуульд заасан АТГ-ын дарга, дэд даргад тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа юм.

Тухайлбал, “Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй”,

“Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” зэрэг шаардлагыг хангасан байх ёстой юм.

Даваанямын Даваа-Очир нь 1963 онд төрсөн, нийслэлийн 14-р дунд сургуулийг төгсөж, ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийг Эрх зүйч, хуульч мэргэжлээр төгссөн байна. Мөн тус улсад Хууль зүйн ухааны доктор хамгаалжээ. Тэрбээр 1981 оноос эхлэн улсад ажиллаж эхэлсэн бөгөөд 2009-2012 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар, 2012-2016 онд Төрийн албаны зөвлөлд Орон тооны гишүүн, 2017 оноос одоог хүртэл Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байна.

Жанжаагийн Батсайхан нь 1969 онд төрсөн, Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулийг төгсөж, Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Мөн ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1990 оноос улсад ажиллаж эхэлсэн бөгөөд 2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн даргаар, 2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай юм.

Categories
мэдээ цаг-үе

С.Батмөнх: Чөлөөт өрсөлдөөнд Монголын иргэний нисэхийн салбар бэлэн биш байна

Доктор С.Батмөнхтэй иргэний нисэхийн салбарын тулгамдсан асуудлын талаар ярилцлаа.


-Та нисэхэд хэдэн жил ажиллаж байна вэ?

-Би одоо “Аэро Монголиa” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн энэ ажлыг хашиж байна. Би иргэний нисэхийн салбартай ажил амьдралаа холбоод үндсэндээ 46 жилийг ардаа орхисон байна. Анх Доод нисэхийн Онгоцны засварын газарт Ан-2 онгоцны дагалдан засварын механикчаар орж ажиллаж хөдөлмөрийг гараагаа эхэлж байлаа. ЗХУ-ын Омск хотын нисэхийн сургууль төгсөж нисгэгч, Ленинград хотын Иргэний нисэхийн удирдах ажилтны Академи төгсөж мэргэжлийн удирдах ажилтан болж, улмаар 2003 онд тус академидаа “Монголын Иргэний нисэхийн салбарын хөгжлийн хэтийн төлөвлөлтийн цогц аргачлал” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан. Энэ салбартаа хийгээгүй ажил, хашаагүй алба гэж бараг байхгүй шүү.

-Сүүлийн үед иргэний нисэхийн салбарын либералчлалын талаар их ярих боллоо?

-Миний хувьд энэ асуудлыг арай өөр өнцгөөс нь харж байгаа, үүнийгээ ч янз бүрийн төвшинд илэрхийлдэг. “Либералчлал” гэж үг нэр томъёолол өөрөө монгол үгсийн санд бий юу. Чухам юуг хэлээд байгаа юм. Бид ардчилал гэж ярьснаас хойш учир утга нь үл ойлгогдох маш их гадаад үг хэллэг нэр томьёо хэрэглэж хийсвэрээр сэтгэж их ч алдаж байх шиг санагддаг. Агаарын тээврийг чөлөөт өрсөлдөөнд оруулах хууль дүрмийн хязгаарлалт багатай болгох гадаадын агаарын тээвэрлэгчдэд илүүтэй боломж олгох тал руу нь түлхэх гээд байх шиг харагдаж байгаа. Төр муу менежер гээд л хашхиралддаг нээрэн л муу нэрэндээ зохицох гээд зүтгэцгээгээд л байх шиг. Улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн шилжилтийн нугачаанд олонч салбар дампуурч тэдгээрийн ул мөр өнөөдөр ч арилаагүй ард түмэн түүнийг гэтлэн давахаар асар том ачааг нуруундаа үүрцгээж зорьж зовж шаналж л байна. Тэр их шилжилтийн замбараагүй давлагаа шуурганд өртөх үедээ өртсөн ч эдийн засаг санхүүгийн хувьд өөрийн гэсэн онцлогоо хадгалж, төрд тээг дараа бололгүй, ард олонд дарамт учруулалгүй биеэ даан хөгжиж буй салбар бол Монголын иргэний нисэхийн салбар мөнөөсөө мөн. Харин ч төрөөс эдийн засаг санхүүгээр дэмжээд сүйд болдоггүй юмаа гэхэд бодлогын алдаа гаргахгүй зөв бодлогоор дэмжээд явах нь л дээр гэж би боддог. Би нэг жишээг энд хэлье. 2005 онд шиг санаж байна гадны төслийн хүрээнд 2008-оноос ИНЕГ-ын бүтцийг тэс өөрчилж хэд хэдэн хэсэгт хувааж, ИН-ийн орлогыг төсөвт төвлөрүүлж хөл дээрээ босох яагаа ч үгүй байхад нь бусниулах зөвлөмж гаргасан байсан. Түүнийг хэрэгжүүлэх цаг нь болоогүй гэж бид маш шаргуу тэмцэл явуулж, төр засгийн бүх шатанд зөв ойлгоц өгч, хөөцөлдөж чадсанаар өнөөдрийн бүтцийг хэвээр хадгалж авч үлдэж хөгжлийн өндөрлөгт хүргэсэн гэж боддог. Тэгвэл өнөөдөр “либералчлал” нэрийн дор бодлогын алдаа гаргаж наанадаж чадан ядан хөл дээрээ зогсож ядаж буй үндэсний агаарын тээвэрлэгчдээ, цаанадаж Иргэний нисэхийн салбараа уруудуулах алхам хийхээр бодлогогүй хийсвэр ойлголтоор хандах хандлагаар шийдвэр гаргах төвшний хүмүүсийн амнаас гарч яригдаад байгаан л том бэрхшээл гэж үзэж байна.

-Онгоцоор зорчих үнэ өндөр учраас аялал жуулчлал хөгжихгүй байна гэх болсон шүү?

-Угтаа бол тийм биш. Хамгийн гол нь манай аялал жуулчлалын байгууллагуудын өөрсдийнх нь дотоод үйл ажиллагаа төгөлдөржөөгүй, энэ салбарын талаар төрөөс барих бодлого ч гэж байдаггүй юм билээ. Урьж ирсэн зочноо тав тохитой байлгачих саатуулж сатааруулах зүйл нь хомс гээд өөрсдөд нь хийж хэрэгжүүлэх ажил багагүй л байдаг бололтой юм. Түүнийгээ ганцхан онгоцны зардлын талаас нь тайлбарлах гээд хэрэггүй л дээ.

Онгоцны шатах, тослох материалын үнэ өндөр. Өнгөрсөн оны байдлаар агаарын тээвэрлэгчдийн нийт зардлын 40 орчим хувийг шатахууны зардал эзэлдэг гэсэн статистик гарсан. Хятадын Хөх хотоос сумалгаа авахад нэг тонн тутамд 761 ам. доллар төлж авч байхад Чингис хаан нисэх онгоцны буудлаас түлшээр цэнэглэх үнэ тонн тутамд 1135-1165 ам.доллар, Баян-Өлгийд 1275 ам.доллараар тус тус тооцож төлбөр хийж цэнэглэж байна. Өөр нэг асуудал бол онгоцны өөрийнх нь үнэ, гэрээ түрээсийн төлбөр, тэдгээрийн сэлбэг, багаж тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, олон улсын нислэгийн хураамж татвар болон бусад бүх төрлийн төлбөр хураамж зөвхөн евро, доллараар хийгддэгийн дээр дотооддоо гадаад валютын ханшны өөрчлөлтөд байнга нэрвэгдэж байдаг зэргээс улбаатай үнэ тарифыг бууруулах нөхцөл бас бага байдаг. Дээр нь нэмж хэлэхэд манай агаарын тээвэрлэгчдийн суудал ашиглалт тийм ч сайн байдаггүй. Жилийн дундаж суудал ашиглалт 60-70 хувьтай л байна. Энэ үзүүлэлтийг харин манай аялал жуулчлалын байгууллагууд биднийг шүүмжлэх бус өөрсддөө байгаа их боломж гэж ойлгон ашиглаж чадахгүй байгаадаа анхаарах хэрэгтэй гэж боддог.

-Гадаадын хүчирхэг агаарын тээвэрлэгчдийг чөлөөтэй оруулж өрсөлдөөн бий болгосноор энэ салбар илүү хөгжинө гэж үздэг хүмүүс бий шүү?

-Яаж ч нээлттэй болгоод нэгдүгээрт, манай зах зээл өчүүхэн багтаамжтай, хоёрдугаарт аялал жуулчлалын салбар нь хөгжөөгүй, гуравдугаарт манай хүн ам цөөхөн, дөрөвдүгээрт, дэд бүтэц нь ч муу, ийм нөхцөлд хий хоосон хийрхэл болоод зогсохгүй дотоодын агаарын тээвэрлэгчдийн хувьд хүнд цохилтод орж нэг мэдэхэд “Уулын буга ч үгүй, унасан морь ч үгүй” гэдэг болох вий гэхээс л санаа зовдог. Харин ч аялал жуулчлалын байгууллагууд бидэнтэй сайн нөхцөлтэй гэрээ хийж үйл ажиллагаагаа өөрсдөө сайн болгож чадвал агаарын тээвэрлэгчид бид тэдний эрэлт хэрэгцээг найдвартай хангаж чадахаар боломж байгаа. Тэглээ ч чөлөөт өрсөлдөөнд Монголын иргэний нисэхийн салбар бэлэн биш байна.

-Турк зэрэг зарим орны агаарын тээвэрлэгч орж ирэх хүсэлтээ илэрхийлээд байгаа гэж сонссон?

-Юм л бол гаднынхныг дэмжих, эсвэл гадныханд өгөхөө л ярьдгаа болимоор санагддаг. 2012 оны хавар шиг санаж байна. Монгол, Турк улсын агаарын харилцааны хэлэлцээрт миний бие оролцсон. Тэдний талаас маш хүчтэй зүтгэж байсныг би мартдаггүй юм. Долоо хоногт 1500 зорчигч тээвэрлэх эрх авахын төлөө бүхий л боломжоо ашиглан зүтгэж байсан. Бид ганцхан дотоодын агаарын тээвэрлэгчдээ орон зай үлдээх, эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах бодлогыг л тууштай баримталж үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХХК-ийн хүчин чадлыг бодолцож долоо хоногт 500 зорчигч буюу Боинг-737-800 онгоцоор гурван удаа нисгэх эрх бүхий гэрээг л хийж байсан. Тухайн үедээ бага зэрэг шүүмжлэл дагуулж байсан ч үүнээс өөр хувилбар үнэндээ байгаагүй. Харин одоо “Туркиш Эйрлайн”-ы зүгээс долоо хоногт 1500 зорчигч тээнэ гэсэн хувилбар дэвшүүлээд байгаа гэж сонссон. Тиймдээ тулбал тэдний талд нислэг нэмэхгүйгээр манай талаас МИАТ ХХК ч юмуу өөр аль нэг дотоодын агаарын тээвэрлэгч гурван удаа явахаар тохиролцвол илүү тохиромжтой. Зорчигчдын тоо нийтдээ 2000-д хүрнэ.

-МИАТ ХХК-ийг хувьчлах асуудал их яригдаж байна?

-МИАТ бол Монголчуудын нэг брэнд, бас бахархал нь. Улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үеэс л хувьчлалын асуудал яригдэж эхэлсэн, үндсэндээ 30-аад жил яригдаж байна. Уул нь гадны улсууд үндэсний агаарын тээвэрлэгчээ дэмжсэн шиг дэмжээд биеэ даах болон, гадныхантай өрсөлдөх чадвартай үнэ цэнэтэй болгоод л асуудлыг нь шийддэг нийтлэг туршлага байдгийг сануулахад илүүдэхгүй. МИАТ ХХК-д өөрөөрөө хөгжих бүх боломж чадвар нь бий болсон харагддаг. Төрөөс дорвитой дэмжиж, замбараагүй үрэлгэн байдалд нь хяналт тавьж чадахгүй байгааг нь харахаар тодорхой хувийг нь зөв чиг баримжаатай хүмүүс байгууллагад өгөх нь зүйтэй ч юм шиг санагддаг.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хотын захиргаа 100 айлаас гадна Тэди төв, Скайтел, Монтелийг бас нүүлгэх хэрэгтэй

Нэг саяас дээш хүн амтай, тухайн үндэстнийхээ хүн ам, эдийн засаг, шинжлэх ухааны дэвшил, соёлын чиг хандлагын төв цэг болсон зүрхэн хэсгийг метрополис хот хэмээн нэрийддэг. Тэгвэл Улаанбаатар метрополис хот. Ийм хотын наад захын шаардлага нь замын түгжрэлгүй байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах. Улаанбаатарт өдөртөө 100 гаруй хүүхэд мэндэлдэг бол өдөртөө 200 орчим авто машин шинээр дугаар авдаг гэсэн албан ёсны тоо баримт бий. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд Нийслэлээс захирамж гаргаж Замын цагдаагийн газрын баруун урд уулзвар, төмөр замын 406 дугаар гарам дээгүүр шинээр баригдах олон төвшний огтлолцол бүхий 470 метр урттай гүүрэн гарцын ажил эхэлсэн. Нийслэл одоо л эзэнтэй юм шиг ажиллаж байна. Эзэн нь юмаа мэддэг гэдэг шиг эхлүүлсэн ажлаа дуусгах ёстой. Энэ далимд дуулгахад Замын цагдаагийн газрын баруун урд уулзвар, төмөр замын 406 дугаар гарам дээгүүр шинээр баригдах олон төвшний огтлолцол бүхий гүүрэн гарцын ажил эхэлсэнтэй холбогдуулан дээрх авто замыг хааж, 5-6 туслах замуудыг нээж өгснөөр түгжрэл байхгүй болчихлоо. Нийслэл үнэхээр юм хийж байгаа нь нүдэнд харагдаж байна.

Хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд одоо 100 айлын барилгын захуудыг нүүлгэх ажлаа шалавлах хэрэгтэй. Сайн юманд садаа мундахгүй гэгчээр янз бүрийн дайралт, давшилтууд ирнэ. Энэ бүхэнд шантрахгүй л байх ёстой. Гаргасан шийдвэрээсээ эргэж буцаад байх юм бол ямар ч ажил эхлэхгүй, яг өнөөдрийн авто замын түгжрэл 20 жилийн дараа улам л нэмэгдсэн байх болно. 100 айл орчмын газар Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хороонд харьяалагддаг. Монгол Улсын иргэн хаана ч бизнес эрхлэх эрхтэй ч 100 айл орчимд худалдаа, хөрсний бохирдол, хулгай дээрэм хамгийн их байгаа талаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа хэдхэн хоногийн өмнө онцолж байгаа харагдсан. Сүхбаатар дүүрэгт гарч буй хулгай, дээрмийн хэргийн дийлэнх нь 100 айл орчимд үйлдэгдэж байгаа юм. Барилгын материалын худалдаа эрхлэгчид үүд болгондоо бараг хог хаягдлын цэг үүсгэчихсэн байна. Дүүргийн татварын хэлтсийнхнээс тодруулахад 100 айл орчимд 800 гаруй иргэн, аж ахуйн нэгж барилгын материалын худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Мод, чулуу, хаалга, цонхны үйлдвэр 403, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр худалдаа хийж байгаа 320 орчим цэг, худалдааны төв доторх жижиг лангуу, павилион зэрэг 1309 цэг бий. Эмх замбараагүйн ил тод жишээ 100 айл болчихсон. Ихэнх нь ил задгай газар бие засч, хаврын энэ өдрүүдэд цэвэрлэх байгууламжийн үнэрээс дутуугүй огиудас хүрэм үнэр үнэртэх болсон. Барилгын материалын зах, үйлдвэр, үйлчилгээний төвүүд нь эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй, эрүүл ахуйн стандартын шаардлага хангадаггүй байна. Тиймээс агаар, хөрсний бохирдол 100 айл орчимд хамгийн их. Ядаж л үйлчилгээ явуулж байгаа хүмүүс нь авто машины дугуй, барилгын материалын төрөл бүрийн хог хаягдлаа түлдэг.

100 айл орчимд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Герентологийн төв, Иргэний бүртгэл мэдээллийн төв, сонсголгүй сурагчдын 29, харааны бэрхшээлтэй сурагчдын 116 дугаар сургууль үйл ажиллагаа явуулдаг. Шилэн хөвөнгийн шар ширхэг салхитай үед хэцүү байдаг талаар ярьж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 186 дугаар цэцэрлэг, өрхийн эмнэлэг барилгын материалынхантай хаяа дэрлэн оршсоор. Мэргэжлийн байгууллагын судалгаагаар 100 айл орчмын хөрсний бохирдлыг судлахад “их” зэрэглэлд хамаарч байгаа дүгнэлт гарчээ. 2016 онд энэ орчмын сургуулийн 153 сурагчид хийсэн цусны шинжилгээгээр 60.1 хувьд нь хар тугалга илэрсэн гэх аюулт дүн гарч байсан. Тиймээс 100 айлыг нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлагатай. Хэрэв ингээд нүүлгэчихвэл агаар, хөрсний бохирдлоос эхлээд замын түгжрэл арилна. Метрополис хотынхоо шаардлагад бид дөхнө гэсэн үг.

Үүнээс гадна Мобиком, Скайтелийн төв болох гар утас худалдааны Тэди, Жи мобайлийн төвийн дэргэдэх Монтел худалдааны төвүүдийг нүүлгэх ажлыг хиймээр байна. Бүтэн өдрийн турш түм түчигнэж, бум бужигнадаг газрууд. Наад зах нь гар утасны ганц дугаар, батарей, цэнэглэгч авахын тулд зам дээр машинаа тавьчихаад хэдэн цагаар алга болно. Тэди, Монтелийн хажуугаар машинтай бүү хэл явган явахад гишгэх газар олдохгүй хэцүү шүү дээ. Тэдигийн өмнөх авто машины зогсоолоор өдөртөө 200-300 орчим авто машин үйлчлүүлдэг талаар зогсоолын ажилтан хэлж байсан. Авто зогсоолоос гадна тэр хавийн авто замын нэгдүгээр эгнээ, орон сууцны хороолол дундах зам дээр авто машинаа хаячихаад бүтэн өдөржин алга болдог. Харин Монтелийн үүдэнд хэдэн машин өнждөг юм бүү мэд, ямар ч байсан бүтэн өдөржингөө түгжрэлтэй байдаг талаар ширхэгийг худалдаа эрхлэгч эмэгтэй хэлж байв. Мобиком, Скайтел, Жи мобайлийн үндэсний операторуудаа гадуурхаад байгаа юм биш. Тэднийг тойрон 100 айлаас дутахгүй замын түгжрэл бий болдог тул хотын төвийн бүсээс гаргачихад асуудалгүй. Үүрэн телефоны операторуудыг мөнгөжүүлэхийн тулд нийслэлчүүд өдрийн турш замын түгжрэл дунд цаг хугацаа, түлш шатахуунаа дэмий шатааж байгаа юм. 100 айл, Тэди, Монтел төвүүдийг хөдөлгөж чадвал Бага тойруу орчим бас ч гэж дээрдэнэ. Тэр Дүнжингарав захыг хар. Хотын төвөөс зайдуухан хангалттай хэмжээний авто зогсоолтой үйл ажиллагаа явуулж байна. Тэнд түгжрэл, уур бухимдал гэж алга. Үүнийг л зөв жишиг болгоод дагачихаж болмоор.

Бага тойрууг тойрсон бас нэг түгжрэл байдаг нь Улсын их дэлгүүр. 94 жилийн түүхтэй Монгол Улсын худалдааны ууган дэлгүүрийг нүүлгэ гэх нь хаашаа юм. Улсын их дэлгүүр, Номингоор үйлчлүүлэх гэсэн хүмүүс хаа холоос явган гүйж ирдэггүй. Дор бүрнээ том жижиг машинтай ирээд зогсоол хайж цаг гаруй болох нь ч бий. Тиймээс Улсын их дэлгүүрийг тойрсон их түгжрэлийг цэгцэлчихвэл Бага тойруу орчимд түгжрэл үүсээд байх газаргүй болно. Их дэлгүүрийн зүүн талаас 24 дүгээр сургууль хүртэл байрууд дундах замд ялаа багтах ч зай алга. Их дэлгүүр, түүнийг тойрсон орон сууцны хороолол дундах автомашинууд үйрээ эвдүүлсэн шоргоолж шиг л харагддаг. Үүнийгээ дагаад хог, шивтэр шээсний үнэр хэрээс хэтэрсэн. Уг нь сэхээтнүүд тэр хавиар амьдардаг. Тэд бэртэгчин болохоор энэ бүгдийг зохицуулах, шийдүүлэх талаар огт дуугардаггүй. Нэгэнт Их дэлгүүрийг нүүлгэх боломжгүй тул өмнөх ил зогсоолын талбайг нь ашиглаад хэдэн давхар граш барьчих хэрэгтэй байна. Үйлчлүүлэх хүмүүс нь зогсоолд төлбөрөө төлөөд хэдэн цагаар ч хамаагүй үйлчлүүлэг л дээ. Хотын захиргаа ийм шийдвэр гаргаад хэрэгжилт дээрээ хяналт тавиад явчихад болчих юм. 40 мянгат орчимд тав тухтай амьдрах нөхцөл боломж үнэндээ алга. Бүр болдоггүй юм бол татварыг нь нэм. Нэмсэн татвараараа 40 мянгатын айлуудын тав тухыг алдагдуулсан гээд тараагаад өгчих. Нийслэлийнхэн ийм зориг гаргаад ажиллачихад Бага тойруу орчмын зүрхэн хэсэг түгжрэлгүй болно. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, түүний харьяа 33 агентлагийг Яармаг руу нүүлгэх шийдвэр гарч, ажлаа эхлүүлж байгаа. Чухимдаа хотын захиргааг нүүлгэнэ гэж мунгинаж байхаар 100 айл, Мобиком, Скайтелийн төв Тэди, Монтелийг л даруйхан нүүлгэж Бага тойруугаа түгжрэлээс салгая. Ингэлээ гээд цэнгэлийн манлайд хүрэхгүй ч түгжрэлд бухимдаж хотын удирдлагуудыг иргэд зүхэхээ больчихно. Хожим хойно энэ ажлыг эхлүүлж байлаа гээд нүүр бардам ярих зүйлээ хийж эхлэх цаг болсон шүү, Хотын удирдлагуудаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Сөрөг хүчин улс төрийн тохиролцооны зууч байх ёсгүй” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт М.Мөнхмандах: Монголын сонинуудыг судалгааны бүх жилүүдэд “Өдрийн сонин” тэргүүлсээр байна хэмээн өгүүлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Сөрөг хүчин улс төрийн тохиролцооны зууч байх ёсгүй” хэмээх нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Ё.Отгонбаяр: Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэхэд 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр яригдаж байгаа хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах хууль батлагдав хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

Гавьяат багш, нэрт хөгжмийн зохиолч Л.Галмандахын охин Г.Тунгалаг: Аав минь хүүхэд шиг дэврүүн цайлган хүн байлаа хэмээн ярьсныг “Миний аав” булангаас хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы “Улс төр” нүүртМ.Оюунчимэг: Эрүүл нийгэм хөгжихөд хэвлэлийн эрх чөлөө хамгийн чухал хэмээн ярьсан байна.

Ч.Хүрэлбаатар: Манай гэр бүлийнхэн лиценз, концесс, тендерторолцдоггүй хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Энэ тухай” нүүрт Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал танаа хэмээн өгүүлсэн байна.

Ц.Тэмүүлэн: Амьдралд дахиж ийм боломж олдохгүй гээд “Яг түүн шиг” шоунд оролцохоор шийдсэн хэмээн “Соёл, урлаг” нүүрт ярьжээ.

Агаарын бохирдлоор Монгол Улс 17-т жагсчээ хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Цус цуглуулах шинэ төв нээлээ

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон. Өнөөдөр 38 дахь удаагийн цусаа бэлэглэх өдрийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт тэмдэглэн өнгөрүүллээ. Түүнчлэн “ЖиСиАй капитал” байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулсан “Дүнжингарав” цус цуглуулах шинэ төвийн нээлт болсон юм. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар оролцлоо. Мөн “ЖиСиАй капитал”, Монголын донорын холбоо зэрэг төрийн бус байгууллагынхан хүрэлцэн ирсэн юм.

“Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг ЦССҮТ НЗДТГ-тай газартай хоёр дахь жилдээ хамтран тэмдэглэж байгаа юм.

“Цусны донор гэдэг бол хариу нэхдэггүй буянтай хүмүүс байдаг. Бид доноруудад илүү ойртож, өнөөдөр “Дүнжингарав” төвд цус цуглуулах төвийг байгуулж, шинээр ашиглалтанд оруулж байна. Цаашдаа бүх дүүргүүддээ цус цуглуулах төв байгуулах зорилго тавин ажиллаж байна. Улсын хэмжээний цусны хэрэглээний 80 хувийг нийслэлд хэрэглэдэг” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ярилаа.

Энэхүү өдрийн хүрээнд “Алтан донор” цол тэмдгээр донор Д.Дашням, “Мөнгөн донор” цол тэмдгээр донор Ю.Цэрэнчимэг, “Хүрэл донор” цол тэмдгээр донор Д.Ганчимэг нарыг шагнаж алдаршууллаа. Мөн “Бахархал-40”” тэмдгээр донор Ж.Даваадагва, “Бахархал-30” тэмдгээр донор Г.Энхчимэг, “Бахархал-20” тэмдгээр донор Ж.Гэрэлт-Од, “Бахархал-10” тэмдгээр донор Ц.Энх-Амгалан нарыг тус тус шагнав. Түүнчлэн МУЗН-ийн “Нигүүсэл” мөнгөн шагналыг “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн нийтийн тээврийн хэлтсийн дарга Б.Түвшинжаргалд, МУЗН-ийн “Энэрэнгүй үйлстэн” медалийг JCI капитал байгууллагын 2018 оны Ерөнхийлөгч Ж.Сандагсүрэн, “Нүүдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнхсүх нарт тус тус хүртээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Монгол-Оросын санаачилга 2018” арга хэмжээ ирэх зургаадугаар сард болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов И.К-тэй өнөөдөр уулзлаа. Уулзалтын эхэнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов И.К “Монгол-Оросын санаачилга 2018” нь цогц арга хэмжээ болох учраас бид маш их анхаарал хандуулж ажиллаж байна. Тус арга хэмжээний үеэр Сүхбаатарын талбайд техникийн үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байгаа. Янз бүрийн салбарын техникийн үзэсгэлэн дэлгэгдэх бөгөөд тэр дундаа хөдөө аж ахуйн салбарынх зонхилох болно. Мөн арга хэмжээний үеэр дугуй ширээний ажил хэрэгч уулзалтууд зохион байгуулагдана. Энэ талд та бүхнийг дэмжиж ажиллахыг хүсч байна. Өнөөдөр тантай уулзаж буй гол зорилго ОХУ-ын Москва хотын дарга Собянин, Сергей Семёновичийн албан захидлыг гардуулан өгөх юм. Энэхүү захидалд таныг Москва хотод ирэх наймдугаар сарын сүүлчээр зохион байгуулагдах хотын боловсролын чуулга уулзалтад урьсан байгаа билээ” хэмээн онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Миний бие захирамж гарган Монгол Улс ОХУ-ын эдийн засаг, бүс нутгийн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх зорилгоор ирэх зургаадугаар сарын 7-10-ны хооронд “Монгол-Оросын санаачилга 2018” арга хэмжээг нийслэлийн хэмжээнд хариуцан ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус Ажлын хэсгийг Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан ахалж байгаа бөгөөд Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, нийслэлийн Цагдаа, Онцгой байдал, Эрүүл мэнд, Соёл урлаг, Аялал жуулчлал, Хүнс хөдөө аж ахуйн газрын хамт олон өндөр хэмжээнд зохион байгуулахаар ажиллаж байгааг дуулгая. ОХУ-ын Москва хотын дарга Собянин, Сергей Семёновичийн албан захидлыг хүлээн авсандаа баяртай байна. Боловсролын салбарын чуулга уулзалтад нийслэлийн боловсролын салбарынхныг оролцуулахдаа таатай байх болно” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Гал түймэр гарах өндөр эрсдэлтэй зарим захын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчлийг арилгуулна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтын дүнг Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж. Чүлтэмсүрэн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд мэдээллээ. Онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын хамтарсан шалгалтад 50 обьект хамрагдахаас 49 барилга байгууламжийг хамруулсан байна. Худалдааны төв 38,соёл урлаг, үзвэр үйлчилгээний газар 11 хамрагджээ. Шалгалтад хамрагдсан аж ахуй нэгж байгууллагын 18 барилга байгууламж буюу 36 хувь нь барилгын ажлын зургаа Онцгой байдлын байгууллагаар хянуулаагүй байсан аж.

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, норм нормативын баримт бичгийн шаардлага хангаагүй 386 зөрчил илрүүлж, 43 зөрчил буюу 11.1 хувийг газар дээр нь арилгуулж, гал түймрийн улсын байцаагчийн албан шаардлага 36, мэдэгдэл 14-ийг өгсөн байна. Мөн мэргэжлийн хяналтын газраас албан шаардлага 20, зөвлөмж 47-г дээрх байгууллагуудад өгсөн байна. Олон хүн нэг дор цуглаж, үйлчлүүлдэг худалдааны төв, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газрууд нь галын аюулгүй байдлыг хангасан эрх бүхий албан тушаалтан томилоогүй, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, техникийн үйлчилгээ, ашиглалтын бэлэн байдал бүрэн хангагдаагүй, нөөц гарцуудыг тоноглоогүй, зам гарцын чиглэл заасан анхааруулах тэмдэг, тэмдэглээг хийгээгүй, гамшгийн үед тусламж авах орц, гарцыг хаасан зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хангалтгүй байна. Эрсдэлийн үнэлгээ хийсэн аж ахуй нэгжийн тоо 0.4 хувь, аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулсан нь 12 хувь байна. Монгол бөхийн өргөө өмчийн маргаантай байгаа учраас энэ удаагийн шалгалтад хамруулаагүй. Асуудал, маргаан дууссаны дараа хамтарсан ажлын хэсэг тус өргөөний галын аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, нормативын шалгалтыг хийх аж.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас уг шалгалтын дүнг хэлэлцээд зарим худалдааны төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. Гал түймэр гарах өндөр эрсдэлтэй, галын аюулгүй байдлын хууль тогтоомж, дүрэм стандартыг зөрчсөн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс-1” худалдааны төв, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МВС групп” ХХК-ийн “Барс-2” худалдааны төв, “Драгон худалдааны төв”, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Хан талст” ХХК-ийн Баянзүрх худалдааны төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчил дутагдалыг арилгуулах үүрэг даалгавар өглөө. Мөн соёл урлаг, үзвэр үйлчилгээний газар, зах, худалдааны төвүүдийн барилга байгууламжид тавигдах хяналт шалгалтын ажлыг тогтмолжуулах шийдвэр гаргалаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Categories
мэдээ улс-төр

Хотын дарга БНСУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд У Сун-ыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон БНСУ-ын элчин сайдын яамдын төлөөлөгч нар байлцлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Монгол улс БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш найрсаг харилцаатай билээ. Хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд, нийгмийн бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаа. Улаанбаатар хот дэлхийн 40 гаруй гаруй хотуудтай Ах дүүгийн болон найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байгаа бөгөөд БНСУ-ын Сөүл хоттой анх 1995 онд ах дүү хотуудын найрамдалт харилцаа тогтоосон. Нийслэлийн Орон сууцны корпорацитай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх судалгааны ажлыг хийж байгаа зэрэг нь хоёр хотын хамтын ажиллагаанд бодит хувь нэмрээ оруулж байгаа. Энэ сард БНСУ-ын Намянжү хотын дарга, төлөөлөгчид зочилно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10 жилийн хугацаатай хэрэгжих “Намянжү Дасаны ой”-н төслийг бид хэрэгжүүлэх гэж байна. Улаанбаатар хот БНСУ-ын Инчон хоттой Ах дүүгийн харилцаа, Кёнги муж, Пусан, Гуанжү, Мукпу зэрэг хотуудтай найрамдалт харилцаа тогтоож хамтын ажиллагааг нийгмийн бүхий л салбарт амжилттай өргөжүүлэн хөгжүүлж байгаадаа туйлын сэтгэл хангалуун байгаа” гэлээ.

БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд У Сун “БНСУ-аас Монгол улстай хамтран олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, энэ ажлыг эрчимжүүлэх тал дээр бид санал нэгтэй байна. Мөн Улаанбаатар, Сөүл хотын хооронд багш, сурагч солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Солонгос улсыг зорьж байгаа багш нарын визийг хурдан шуурхай гаргах тал дээр бид ажиллаж байна. Энэ хөтөлбөр мөн хоёр орны харилцаанд чухал нөлөөтэй. Цаашид хоёр орны иргэд харилцан зорчих, иргэдийг саадгүй зорчуулах талаас бид ажиллана. Сөүл хотын орон сууцны корпораци хамтран ажиллах сонирхолтой байгаа. Ингэснээр агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын нэг хэсэг болох юм. Хоёр хотын найрамдлын бэлэг тэмдэг болсон Сөүлийн гудамжид “Гэрэлт гудамж” төслийг хэрэгжүүлж жуулчид, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх газрын нэг болгосонд туйлын баяртай байна. 2020 онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохионо. Бид олон салбарт хамтран ажиллаж, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн ажиллах болно” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.