Categories
мэдээ нийгэм

“Аж үйлдвэрийн IV хувьсгалын үеийн Монгол Улсын хөгжлийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурал болно

ШУА-иас санаачлан “Аж үйлдвэрийн IV хувьсгалын үеийн Монгол Улсын хөгжлийн асуудлууд” эрдэм шинжилгээ-онол практикийн бага хурлыг ирэх даваа /2018-05-07/гаригт зохион байгуулах гэж байна. Энэхүү хурлын гол зорилго нь Аж үйлдвэрийн IVхувьсгалын үеийн Монгол Улсын үндсэн хөгжлийн асуудлуудыг төр-шинжлэх ухаан-бизнесийн хамтын ажиллагааны хүрээнд хэлэлцэн, арга замуудыг судлан, тодорхойлоход оршиж байгаа юм.

Энэ үеэр 11 үндсэн илтгэл тавигдана. Тухайлбал, Аж үйлдвэрийн IV дэх хувьсгалыг уул уурхай яаж угтах вэ, XXI зууны боловсрол, хөдөө аж ахуйн хөгжлийн асуудлууд, Мэдээлэл холбооны технологи аж үйлдвэрийнIV дэх хувьсгалын хөдөлгөгч хүч болох нь, Ирээдүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэн үзүүлэх вэ. Хүн үү робот уу сэдэвт илтгэлүүд тавигдана. Мөн энэ хувьсгалын талаарх зарим улс орнуудын бодлого, туршлагуудаас танилцуулах юм байна.

Технологийн 4-р хувьсгал гэж юуг хэлээдбайна, ямаршуу өөрчлөлтүүд бий болох вэ, сүүлийн жилүүдэд бидний амьдралд нэвтрэн орж ирж буй энэ хувьсгалд бид бэлэн байна уузэрэг салбар салбарын сонирхол татсан мэдээллүүдийг энэхүү хурлын илтгэлүүдээс сонсох боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын боомтуудад гадаадын иргэдийн хурууны хээг авч эхэлжээ

БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс тус улсад ирж буй 14-70 насны гадаадын иргэдийн хурууны хээ болон биометрийн мэдээллийг бүртгэн хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх журмыг баталсан. Улмаар 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс Шеньжэн хотын нисэх онгоцны буудал дээр туршилтын журмаар эхлүүлсэн бол 2018 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс Бээжин хотын олон улсын нисэх онгоц, галт тэрэгний буудалд, тавдугаар сарын 1-нээс Гуандун мужийн Жүхай боомт, Макаогийн хилийн шалган нэвтрүүлэх бүсэд хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ журам нь дипломат паспорттай гадаадын иргэд болон албан ёсны айлчлал, албан ажлаар ирж буй гадаадын иргэдэд хамаарахгүй.

БНХАУ-ын хилээр орж, гарч буй гадаадын иргэдийн хурууны хээ, биометр мэдээллийг бүртгэснээр цагаачлалын хяналтыг бэхжүүлэх, нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг хангах, хилийн боомтын шалган нэвтрүүлэх бүс дэх гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээг цаашид хятадын олон улсын хилийн бүх боомтод нэвтрүүлэх юм байна.

Categories
мэдээ спорт

“Улаанбаатар марафон-2018” энэ сарын 19-нд болно

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийг энэ сарын 19-ний өдөр нийслэл хотод тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Уг тэмцээн нь сонирхогчийн болоод марафон гүйлтээр хичээллэгчид гэсэн хоёр төрөл ангиллаар явагдах ба сонирхогчийн төрөлд 5000м гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш гэсэн насны ангилал багтаж байгаа бол 1500м гүйлтэд гэр бүлийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд /тэргэнцэртэй, хараагүй/ хамарна.

Мөн марафон гүйлтээр хичээллэгчдийн дунд 10000м, 21095м/хагас/, 42195м /бүтэн/ зайн уралдаан болох бөгөөд 18-аас дээш насныхан оролцох боломжтой. Бага насны хүүхэд, насанд хүрэгчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гэр бүл болон албан байгууллагын бүртгэл доорх штабуудад явагдах бол их дээд сургуулийн оюутан залуусын бүртгэлийг Монголын Оюутны Холбооны байранд энэ сарын 14-ний өдрийг хүртэл явагдана.

Categories
мэдээ улс-төр

Чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 05 дугаар дүгнэлт, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын 3 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслүүд /Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэх товтой байна.

Categories
мэдээ спорт

“Хөлбөмбөгөөр дамжуулан эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөн боллоо

Азийн Хөлбөмбөгийн Холбооны Нийгмийн хариуцлагын хэлтсээс санаачлан, Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Их Талын Дуулиан” ТББ-тэй хамтран хэрэгжүүлж буй “Хөлбөмбөгөөр дамжуулан эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөн боллоо.

Уг зөвлөгөөнд оролцохоор АХБХ-ны Нийгмийн хариуцлагын хэлтсийн дарга Аннатурай Ранганатан хүрэлцэн иржээ. МХБХ-ны ЕНБД Ө.Шижир нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Нийслэлийн есөн дүүргийн бага сургуулийн биеийн тамирын багш нарын дунд болсон зөвлөгөөнөөр өсвөр үеийн тамирчид тэр дундаа эмэгтэй тамирчдад тохиолддог асуудлууд, ололт амжилт, сэтгэл зүй, саад бэрхшээл, тэдгээрийг даван туулах гэх мэт олон зүйлсийг ярилцан, гарах гарцын талаар мэдээлэл хүргэсэн юм.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Аннатурай Ранганатаныг хүлээн авч уулзахдаа: “Нийгмийн хариуцлагын чиглэлээр 3-4 жил хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Тэгэхдээ анхны тусламж, тоглолт наймаалцах, допин хэрэглэхийн эсрэг сэрэмжлүүлэг ажил хийх, Паралимпд оролцох хөлбөмбөгийн баг байгуулж, дасгалжуулагчийг нь сургах” зэргийг дурдав. Мөн “Хөлбөмбөгөөр дамжуулж эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх нь” сэдэвт нийгмийн хариуцлагын ажил МХБХ-ны талбайд хүүхдийн “Грассрүүтс” хөтөлбөрөөр үргэлжлэнэ.

“Хөлбөмбөгөөр дамжуулж эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх нь” зөвлөгөөнд тавигдсан илтгэлүүд:

1. АХБХ-ны Нийгмийн Хариуцлагын Хэлтсийн дарга Аннатурай Ранганатан – AFC Social Responsibility Unit

2. МХБХ-ны Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Болор – Хүүхэд, Эмэгтэйчүүдэд чиглэсэн Хөлбөмбөг

3. ОУОХ-ны Спорт, эмэгтэйчүүдийн комиссын гишүүн П.Тунгалаг – ОУОХ-ны Бодлого

4. Хүйсийн тэгш эрх төв ТББ-аас Г.Ганбаясгах – Спорт дахь бэлгийн хүчирхийлэл

5. Монголын 16, 19 хүртэлх насны охидын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ики Ёожи – Мөрөөдөл рүүгээ тэмүүлээд… Go Go !!!

6. Сэтгэл зүйч Ц.Дэлгэрмэнд – Эмэгтэйчүүд спортоор яагаад хичээллэдэг вэ?

7. МУЗН-ийн Сургагч багш, Хүний их эмч Н.Түвшинбаяр – Спортын гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж

Categories
мэдээ цаг-үе

Н.Учрал: Цахим бодлогын түр хороо цаашид УИХ-ын байнгын хороо болж явах ёстой

УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.


-УИХ-аас Цахим бодлогын түр хороо байгуулахаар болж байна. Цахим бодлогын түр хорооны гишүүний хувьд манайдаа л шинэлэг гэгдээд буй энэ чиглэлд ямар бодлого барьж ажиллах вэ. Цахим бодлогын түр хороо яг ямар ажил хийх вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна л даа…

УИХын тухай хуулинд Түр хороо байгуулах зохицуулалт байдаг. Түр хороо тухайн асуудлыг шийдвэрлэхийн тулд байгуулагддаг. Асуудал шийдэгдсэний дараа татан буугддаг. Нэг үгээр хэлбэл Байнгын хорооны бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Монгол Улсын Их хурлын дэргэдэх Байнгын хороодын хэрэгжүүлэх ажлууд гээд жагсаалт бий. Тэнд цахим аюулгүй байдал, цахим шилжилт, мэдээлэл технологийн салбараар хөгжлийг хэрхэн уртасгах вэ зэрэг ажил нь аль Байнгын хороонд харьяалагдах нь тодорхойгүй явж ирсэн. Өмнө нь Бүртгэлийн тухай хууль Их хуралд орж ирэхэд хэлэлцэх эсэх дээрээ буцсан. Учир нь Бүртгэлийн тухай хуульд ямар цахим шилжилт хийх гэж байна вэ гэдгээсээ эхлээд ойлгомжгүй байсан юм. Өнгөрсөн хугацаанд нэг тэрбум гаруй ам.долларыг цахим салбарт зарцуулсан хэрнээ энэ платформууд яагаад нэг хэлбэрт шилжиж чадахгүй байгаа юм. Бүртгэлийн тухай хууль орж ирэхэд концепци нь нэг зүгт чиглээгүй учраас бэрхшээлтэй тулсан. Хөдөлмөрийн тухай хууль Их хуралд орж ирсэн байгаа. Хөдөлмөрийн харилцааг хэрхэн цахим шилжилттэй уялдуулах вэ, бүртгэлийн системээ яаж сайжруулах юм, цалинг яаж цахим хэлбэрээр олгох вэ гээд асуудал гарч ирнэ. Бүх хуулинд цахимтай холбоотой асуудлууд сууж байх ёстой. Хууль батлагдаад байдаг хэрнээ цахимтай холбоотой асуудал нь сууж өгөхгүй байгаа учраас сүүлд хууль хэрэгжүүлэхэд хүндрэл учирдаг. Хэн нэгэн хүн шинэ аппликейшн гаргачихлаа гээд шинэ программ гаргаж ирээд явдаг. Энэ мэтчилэн зохион байгуулалтгүй ажлууд явагдсанаар салбарын байгууллага хоорондын уялдаа холбоо хангагдаагүй байсан. Их хурал дээрээ нэгдсэн бодлогод хүрээгүйгээс болж бид цаг хугацаа алдсан.

Цахим бодлогын түр хороог байгуулж Их хурлаар оруулж ирж байгаа хууль, тогтоомжууд дээр санал дүгнэлтээ гаргая гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл яаж шилжилт хийх вэ, хөгжлийг хэрхэн хурдасгах вэ, төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хурдан хүргэх вэ, технологийн шилжилттэй хэрхэн хөл нийлүүлэх вэ гэдгээс эхлээд хууль бүр дээр санал дүгнэлт гаргана. Хуулиуд Цахим бодлогын түр хороогоор дамжин яригдах байхгүй юу. Бараг бүх хууль дээр яригдах болно. Тухайлбал, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийг яаж патентийг бирж дээр гаргах вэ гэхэд л хүссэн хүсээгүй цахимтай холбогдоно. Цахим гэдэг маань дижитал шилжилт. Дижитал гэдэг чинь инновацийн тоон технологи юм. Тоонд шилжиж байгаа учраас ямар ч алдаагүй байдаг. Хурдан хугацаанд эдийн засгийг төрөлжүүлэх, салбарын хөгжлийг хурдасгахад зориулагдаж байгаа юм. Цахим гарын үсгийн тухай хуулиас эхлээд олон хууль тогтоомж дээр Цахим бодлогын түр хорооноос ажлын хэсэг гаргаад хуулийн хэрэгжилтийг шалгаж, Байнгын хороо дүгнэлт гаргаж Их хуралд танилцуулна. Шаардлагатай гэвэл Их хурлын тогтоол гаргая. Ингээд концепци нь тодорхой болчихоор Засгийн газрын үйл ажиллагаа ойлгомжтой болж эхэлнэ. Засгийн газрын зүгээс Цахим бодлогын түр хороог дэмжиж байгаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд Цахим шилжилтийн ажлын хэсэг байгуулсан. Бид ажлын хэсэгтэйгээ уялдаж ажиллана. Их хурал хууль тогтоох эрх мэдлийн байгууллага учраас Байнгын хороо санал дүгнэлтээ боловсруулж, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг гаргана. Түүнчлэн Их хуралд шууд ажлаа тайлагнадаг байгууллагуудын мэдээллүүдийг тогтмол сонсоно. Шаардлагатай гэвэл Цахим бодлогын түр хорооноос Засгийн газарт чиглэл өгнө.

-Данхар бүтэц дээр дахиад нэг бүтэц байгуулах гээд байна гэж гишүүд шүүмжлээд байсан биз дээ…

-Ямар ч орон тоо нэмэгдэж, бүтэц данхайхгүй. УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд байдаг Байнгын хороотой яг адилхан эрхийг хэрэгжүүлэх Түр хороог байгуулах эрх нь Их хурлын гишүүд, хууль санаачлагч нарт байдаг. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан зургаан гишүүн багтсан Түр хороог байгуулахаар тогтоолын төсөл санаачилсан.

Цахим гэмт хэрэг болох гүтгэх, доромжлох зэрэг асуудлуудын тухайн органик хуулиараа зохицуулагддаг. Цахим бодлогын түр хорооны нэг хэсэг нь цахим аюулгүй байдлыг хангах, кибер гэмт хэргээс хамгаалах бодлого гаргахад оролцоно. Салбар бүрт цахим шилжилтийг хэрхэн хийх вэ гэдэг нь хамгийн чухал. Хөдөө аж ахуйн салбарт дижитал шилжилтийг яаж хийх юм. Иргэн биш яаж дата нь гүйдэг болох вэ гэдгээс шийдэх асуудлууд олон байгаа. Өнөөдөр ТҮЦ машин ажиллуулж байж түүнийгээ нотариатаар батлуулаад бүртгэлд аваачиж өгдгөө хэзээ болих вэ. Цахим машин бүртгэл хоёр яаж хоорондоо ойлголцож болох юм бэ гэдгийг тодорхой болгоно. Сая Их хурлаас газар өмчлөлийг 10 жилээр сунгасан. АНУ-д гэхэд дурын иргэн сайтаар нь ороод тухайн байшин дээр дарахад хэн эзэмшиж байгаад хэнд шилжсэн, хэдэн онд яаж зарагдсан гээд бүх мэдээлэл нь ил тод байдаг. Улаанбаатар хотын газрыг энэ хэлбэрт шилжүүлэх юм бол бид гэрээсээ дижитал шилжилтэд хамаарагдаад явж болно. Бид гар утаснаасаа бүх асуудлаа шийдээд явж болно гээд бод. Хятад улс банкнуудын дампуурал дээр анхаарал хандуулж байна. Тэд банкуудаа авч үлдэхийн тулд чадах бүхнээ хийж байгаа. Учир нь хүмүүс гар утаснаасаа дундаас нь банк мөнгө хүүлэх боломжгүйгээр мөнгөө шилжүүлдэг болсон. Дурын газраа очоод гар утсаараа код уншуулаад төлбөрөө хийдэг болчихлоо. Бүх зүйл ийм хэлбэрт шилжиж байна.

-Үүний цаана яг юу байгаа юм бэ?

-Энэ бүгдийн цаана ердөө хэмнэлт л байгаа. Хэмнэлт бий болно гэдэг чинь төр өөрөө сайн менежер болж эхэлнэ. Төрийн үйлчилгээг илүү ил тод, хүртээмжтэй болгоход чиглэгдсэн.

-Цахим засаглалыг аж үйлдвэрийг дөрөвдүгээр хувьсгал гэж нэрлээд байсан нь ямар учиртай юм бол?

-Энгийнээр хэлэхэд хүний хийж чаддаг зүйлийг технологиор хийхийг хэлж байгаа юм. Утасны цаана оператор суугаад хүний асуусан зүйлд хариулдаг байсан бол хиймэл оюун ухаан хийдэг болно гэсэн үг. Ингэхээр операторын ажил хэрэггүй болж байгаа биз. Хуучин жолооч гэж мэргэжил байсан. Өнөөдөр жолооч гэдэг мэргэжил биш болсон. Хүн бүр жолоо барьж байна. 10 жилийн дараа кноп дараад автомашинууд өөрсдөө явдаг болно. Одоо цахилгаан машин, онгоц үйлдвэрлээд эхэллээ. Үүндээ таарсан дэд бүтэц, зам нь ухаалаг болоод эхлэхээр цаашид удирдаж явуулдаг байсан хүмүүс ажилгүй болж байгаа биз дээ. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал энэ хурдтайгаа явах юм бол Германд 60 сая хүн ажилгүй болно гэсэн судалгаа бий. Энэ хүмүүсийн ажлын байрыг хэрхэн хөрвүүлэх вэ гэдэг дээр тэд ярьж байна. Улсын төсвийнхөө судалгааны зардлын 80 хувийг зөвхөн үүнд зориулж байгаа юм. Монголд хүний хийдэг ажлыг хиймэл оюун ухаан хийдэг болбол энэ хүмүүсийн ажлын байрыг хэрхэн хөрвүүлэх вэ, хүмүүсийн мэргэжил сонголтод яаж анхаарахаас эхлээд хөдөлмөрийн зах зээлийг өөрчлөх шаардлагатай болно. Тиймээс үүнд зориулж ажиллах ёстой. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал хурдацтай үргэлжилбэл нэг л өдөр төрийн албан хаагчдын 50 хувь нь ажилгүй болно. Тэр үед бид энэ хүмүүст “Та нарт одоо ажил байхгүй ээ” гээд хэлэх эрх байхгүй. Үүн дээр бодлого гаргаж ажлын байрыг хөрвүүлэх ёстой. Үүгээрээ дамжуулан бид үүлэн систем дотор мөнгө босгох ажлуудыг хийх шаардлагатай. Хөрөнгийн зах зээл дээр ажиллая, ямар ч хил хязгааргүй энэ орон зайд бид мөнгө босгох боломж байна. Цаг уурын хувьд Монгол хамгийн таатай орон. Мөн нарны эрчим хүчийг ашиглах боломжтой. Манай орны хувьд цахим шилжилтийг хийхэд таатай бүс нутаг. Тиймээс үүнийгээ бид хөрөнгө оруулалт, иргэдээ ажил орлоготой болгох, кибер аюулгүй байдал талаас нь харцгаая. Тэр утгаараа Цахим бодлогын түр хороо цаашид түр хороо нэрээр биш УИХ-ын Байнгын хороо болж явах ёстой. Гадны орнуудад ийм Байнгын хороо цаашлаад гүйцэтгэх эрх мэдэл дээрээ яамтай ажиллаж байна. Энэ чинь тоон технологит суурилсан инноваци байхгүй юу. Бидний хөгжлийн загвар энэ. Үүнийг бидний хөгжлийг хурдасгах хүч шүү гэж ойлгох хэрэгтэй. Төр ядаж мобиком, юнител шиг ажиллах ёстой. Энэ хоёр компани төрөөс дэмжлэггүйгээр 21 аймагт 4G сүлжээг хийчихлээ. Үүнийг нь ашиглъя л даа. Бүрэн боломж нь байна шүү дээ. Манайд хувийн компаниуд дэд бүтцийг нь хийгээд өгчихсөн байхгүй юу. Гэхдээ Цахим бодлогын түр хороо хувийн хэвшлийн үйл ажиллагаанд огт саад болохгүй. Хувийн хэвшлээ дэмжиж, хөгжлийн хурдасгуураа төрд нэвтрүүлэхийн тулд хууль тогтоомжийн хүрээнд амьгүй байгаа хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газарт зөв чиглэл өгөх, цахим шилжилтийг улсын хэмжээнд концепциор нь зөв харах нэгдсэн систем байгуулахад л анхаарна. Үүн дээр улсаас төсөв мөнгө зарцуулах шаардлагагүй.

-Төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангаж ажиллахад хүндрэл гарах уу. Манайд Үндэсний дата төв, Мэдээлэл харилцаа холбооны газраас эхлээд хэд хэдэн газар, агентлагууд бий. Хоорондоо уялдаа холбоо байдаггүй л дээ?

-Мэдээлэл технологийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг шинэ Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиараа УИХ батлахаа болиод Засгийн газар өөрөө баталдаг болсон. Энэ том асуудал. УИХ бодлогоо гаргаад Засгийн газраа шахаад явах ёстой байхгүй юу. Гэтэл Засгийн газар өөрсдөө батлаад хэрэгжүүлээд явдаг болчихсон учраас Мэдээллийн технологийн салбарт төрөөс баримтлах бодлогыг мэдэхгүй байна гээд гишүүд асууж байсан нь үүнтэй холбоотой. Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл, харилцаа холбооны газар, Монголын цахилгаан холбоо гээд олон байгууллага бий. Их хурал мэдээлэл, харилцаа холбооны салбарт ямар бодлого баримтлах вэ, бидний урагшаа хараад явах концепци нь юу вэ гэдгийг дэд ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргаад нэгдсэн байдлаар концепцио тодорхой болгоё гэж байгаа юм. Цаашид бид энэ платформыг ашиглая гээд тогтсон чигтэй болгох нь бидний ажил. Мэдээлэл, харилцаа холбооны газрынхан “Хур” технологи гаргасан гэж мэдээлсэн. “Хур” технологийг тэр байгууллагын 40 залуу хэрэгжүүлье гэж ярьснаар хэрэгжихгүй, манай улсад. Үүнийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хэрэгжүүлэх ёстой. Уг системийг бүх салбарт нэвтрүүлэх ёстой. Энэ технологи зөв гэвэл Бүртгэлийн багц хуулиуд Их хурлаар орж ирэхэд бүртгэлийг “Хур” технолгиор ингэж явуулна гэдгийг яагаад хуульчилж болохгүй гэж. Хөдөлмөрийн тухай хууль батлагдан гарахад цахимыг яаж ашиглахыг УИХ-ын тогтоол яагаад гаргаж болохгүй гэж. Энэ зүйлсээ хийх ёстой. Хэрэв тэгж чадвал “Хур” технологи чинь Хөдөлмөрийн тухай хууль, Бүртгэлийн багц хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуультайгаа ч уялдана.

-Манай орны хувьд засаглалын хэлбэрээ цахим болгох боломж хэр байгаа юм бэ. Хэдий хэр хугацаа шаардах бол. Хугацааг нь тодорхой заахгүй бол хичнээн сайхан зүйл байсан ч цаг хугацааны эрхээр мартагнадаг тал бий?

-Нам, засаг дөрвөн жил болоод солигддог. Тиймээс Байнгын хорооны хэмжээнд авч үзэх ёстой гээд байгаа юм. Засаг солигдох бүрт бодлого нь өөрчлөгдөөд байж болохгүй. Их хурал дээр хууль дүрмэндээ цахим мэдээллийн технологийг ашиглах зохицуулалтуудыг оруулаад өгчих юм бол урт хугацаандаа хэрэгжээд явах боломжтой болно. Цахим бодлогыг Их хурал дээрээ гаргаж тавина гэдэг нь манай орны хувьд дэвшил. Тийм учраас үүнийг хийхийн тулд санаачилж, ажиллаж байгаа.

-Та эдийн засагт ихээхэн нэмэр болно гэдгийг дээр дурдсан. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?

-Дээр хэлсэнчлэн эдийн засагт маш том хэмнэлтийг бий болгоно. Өнөөдөр төрийн албаны нэг хүн хийх ажлыг таван хүн хийж байгаа. Нэг хүний цалинг тав хувааж байна гэсэн үг. Тиймээс өрхийн орлого нэмэгдэхгүй байна. Хүний хийдэг ажлыг хиймэл оюун хийгээд эхлэхээр өөр болно. Барууны орнуудад гар утсаа уншуулахад тухайн хүний өвчний түүхээс эхлээд бүх мэдээлэл нь гарч ирдэг. Тиймээс гэрээсээ бүх асуудлаа шийдэж болж байна. БНХАУ-д бүх зүйлийг гар утсаараа хийдэг аппликейшнтай. Манайхан ч гэсэн цаашид фэйсбүүкийн хийж чадахгүй байгаа үндэсний аппликейшнтай болъё гээд Мэдээлэл, харилцаа холбооныхон өөрсдөө хийе гэж байна. Дата аюулгүй байдлыг бий болгоё гэвэл блокчейн технологийн 300 сая сервер дээр тавьж болно шүү дээ. Хэн ч дата төв дээр даргаар ирсэн оролдож чадахгүй. Тиймээс эдийн засагт маш их хэмнэлтийг бий болгоно гэдгийг дахин хэлье. Үүнийг дагаад өрхийн орлого нэмэгдэх боломжтой. Дэлхийн галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн болохоор бид амжаад суух ёстой. Түүнээс биш дан ганц уул уурхайд найдаад хөгжихгүй юм байна. Хөгжсөн байлаа ч хүний амьдрал сайжрахгүй юм байна гэдгийг хангалттай харлаа.

-Зарим гишүүдийн зүгээс Цахим бодлогын түр хороо сошиал орчныг хянах тал дээр арга хэмжээ ав. Гүтгэж, доромжилж байна гэх юм. Одоо фэйсбүүкийг хаах нь гээд шуураад эхэллээ…

-Дэлхийн эхний тавд явж байгаа үндэстэн дамнасан корпорациудын бизнес нь оюун санааны бизнес байна. Твиттер, фэйсбүүк, амазон гээд байна шүү дээ. Амазон гэдэг ганц аппликейшнийг дагаад дэлхий хөдөлж байгаа нь үнэн. Хятадад гэхэд Тао Бао аппликейшнээр дамжуулаад худалдаа хийж, Хятадын аль ч өнцгөөс хүссэн бараагаа хамгийн хямдаар гэртээ хүргүүлж байгаа. Нэг аппликейшн маш олон зүйлийг дэлгэрүүлдэг. Фэйсбүүк анх notification хийдэг байсан бол одоо мессенжертэй болсноос эхлээд олон давуу талтай болсон. Хөгжих тусмаа ажлын байрыг бий болгож байдаг. Үүнийгээ дагаад эдийн засгийн багтаамж нь тэлдэг. Дэлхийн эдийн засгийн эхний гуравт багтаж байгаа фэйсбүүкийг Монгол Улс хаана гэж байхгүй. Бид хууль батлаад ч фэйсбүүк дээр зохицуулалт хийж чадахгүй. Зарим орнууд фэйсбүүктэй ойлголцоод рифайд гаргаад явж байна. Сонгуулийн 28 хоногт мэдээлэл тавихдаа, бүртгэл хийлгэх, нэр дэвшигчтэй холбоотой коммент бичихэд ядаж зүс царай, нэр ус нь тодорхой байх ёстой гэдэг хэлбэр рүү шилжиж болно. Фэйсбүүк гэдэг дэлхийн тэр компанитай харилцан ойлголцох ёстой асуудал болохоос Монгол Улсын хууль тогтоомжийн асуудал биш. Хятадууд фэйсбүүкийг хаасан ч дутагдаад байсан орон зай дээр нь өөрсдийнхөө фэйсбүүкийг гаргаж тавьсан. Тэдний фэйсбүүкт байхгүй нэг зүйлийг хийсэн нь төлбөр хийх системээс эхлээд амьдралд нь ойр зүйлсийг бий болгосон. Wechat нь бүх зүйлийг орлож байна. Харин Монгол Улс ардчилсан орон. Сошиал орчныг ашиглаад сурчихлаа. Хорио, хязгаар бий болгоно гэхээсээ илүү нийгмийн сэтгэхүйг өөрчлөх, боловсрол руугаа анхаарах зүйлсийг хийх хэрэгтэй. Монголчууд бүгд бие биенээ гүтгэж доромжлоод байгаа юм алга. Хэсэг бүлэг хүмүүс нэгнээ харлуулах зорилгоор зохион байгуулаллтайгаар нэр, зураггүй хаягнаас тийм зүйл хийгээд байгаа юм.

-Цахим аюулгүй байдал дээр нэлээд анхаарал хандуулах ёстой байх?

-Цахим аюулгүй байдлын хувьд төрөөс маш өндөр бодлого гаргаж ажиллах шаардлагатай. Кибер аюулгүй байдал гэдэг чинь сошиал орчны юм биш. Тодорхой санхүүжилт гаргаж анхаарал хандуулан ажиллахгүй бол үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Кибер аюулгүй байдал дээр төр бодлого гаргахаас биш сошиалаас тэс өөр.

-Таны аав Н.Ням-Осорыг саяхан “Малчин” телевзийн нэр, логоог ашигласан гэж хэвлэлээр шуугьсан. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Оюуны өмчийг би болон манай гэр бүл үргэлж дээдэлсээр ирсэн. Цаашид ч дээдлэх болно. Харилцаа холбооны зохицуулах хорооноос миний аав Н.Ням-Осор 1992 онд байгуулагдсан “Хүннү” компанийн нэр дээр “Малчин” сувгийн зөвшөөрөл авсан. Малчин түмнээ соён гэгээрүүлж, ажиллаж байгаа уран бүтээлч хамт олны нэр хүндийг, миний нэрийг гутаах зориогоор харлуулах шаардлага байхгүй. Барааны тэмдэгтийн гэрчилгээ болон бүх зүйл хууль ёсны дагуу байгаа.

-Сүүлийн үед Их хурлаар хэлэлцэж буй асуудлуудаас хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох уу, Ерөнхийлөгчийн оруулж ирсэн саналаар 100 хувьд нь олгох уу гэдэг асуудал яригдаж байна. Ямар ч байсан Засгийн газар, Ерөнхийлөгчийн хоёр тогтоолыг хамтад нь хэлэлцэхээр болсон. Таны байр суурь ямар байгаа бол?

-Засгийн газар хуралдаад эдийн засаг сэргэж байгаа тул хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох шийдвэр гаргасан. Ерөнхийлөгчийн зүгээс 100 хувь олгоё гэж байгаа юм билээ. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох нь чухал. Гэхдээ хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс өөр аргагүй болчихоод байна. 2019 оны Төсвийн хүрээний мэдэгдэл орж ирэх гэж байна шүү дээ. Нэлээд нухацтай авч хэлэцэхгүйгээр шууд 100 хувь хүүхдийн мөнгө олгоод эхэлбэл ирэх оны бүтээн байгуулалтын ажлаас эхлээд бэрхшээл байх шиг байна лээ. Хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгох зарчмыг дэмжиж байгаа ч мөнгө олгох субьект маань судалгаа хийгээд бидэнд ийм боломж байхгүй гэсэн тайлбар хийж байгаа. 2019 оноос хүүхдийн мөнгийг 100 олгох шаардлагатай. Татварын мөнгө болон хөрөнгө оруулалт, зээл тусламжаас хамгийн түрүүнд оруулах хөрөнгө оруулалт нь хүүхдүүдэд чиглэсэн байх ёстой. Хүүхдийн мөнгө олон өрхийн амьдралд нөмөр нөөлөг болдог. Тиймээс бүх хүүхдэд ирэх оноос хүүхдийн мөнгийг олгох хэрэгтэй.

-100 хувь хүүхдийн мөнгө олгох боломжгүй байхад нь Ерөнхийлөгч хэтэрхий шахаад байна уу, засгийг?

-Энэ манай засаглалтай л холбоотой. Манайхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьж байгаа. Энэ бүхэн чинь засаглалын хэлбэр дээрээ ирээд гацчихсан. Ажил хийе гэхээр аль ч түвшиндээ эрх мэдэлгүй болчихоод байна. Тэгэхээр бид одоо аль нэгэн нам эвсэл гэхгүйгээр Үндсэн хуулийг өөрчлөхдөө засаглалын хэлбэрийг өөрчлөх хэрэгтэй. Түүнээс ганц хоёр засвар хийснээр энэ бүхэн өргөс авсан мэт сайхан болчихгүй. Үүнд хэн нэгнийг буруутгах маш хэцүү. Цаг алдалгүй засаглалын хэлбэрээ өөрчлөхгүй бол цаашид ажил явахгүй.


Categories
мэдээ соёл-урлаг

“Театр урлаг ба хамтын ажиллагаа” өдөрлөг эхэллээ

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын зохион байгуулж буй “Театр урлаг ба хамтын ажиллагаа” нээлттэй өдөрлөг өнөөдөр Засгийн газрын II байрны спорт зааланд болж байна.

Тус арга хэмжээнд Төв, орон нутгийн театр урлагийн байгууллагууд, соёл, урлагийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд, мэргэжлийн холбоод, уран бүтээлчид, соёл урлагийн мэргэжилтэй төгсөгчид, идэвхитэй ажил эрэлхийлэгч иргэдийн төлөөлөл оролцох бөгөөд дараах үйл ажиллагааг зохион байгуулах юм. Үүнд:

  • Улсын санд худалдан авсан хөгжмийн шилдэг бүтээл болон хүүхдэд зориулсан тайз, дэлгэцийн шилдэг бүтээлийн зохиолыг төв, орон нутгийн театр, урлагийн байгууллагуудад ашиглах боломжийг бүрдүүлэх;
  • Урлагийн байгууллагуудад дутагдалтай байгаа ажлын байрыг танилцуулах, соёл урлагийн мэргэжилтэй ажил хайгч иргэдийг бүртгэх холбогдох байгууллагад зуучлах арга хэмжээ зохион байгуулах;
  • Урлагийн байгууллага болон уран бүтээлчид, зохиолчид шинэ уран бүтээлийн төслөө танилцуулах, хамтран ажиллах баг, уран бүтээлчдээ сонгох боломжийг бүрдүүлэх
  • Урлагийн байгууллагууд болон мэргэжлийн холбоод хамтран ажиллах боломжтой төсөл, хөтөлбөрт санамж бичиг байгуулах боломжийг бүрдүүлэх юм байна.
Categories
мэдээ цаг-үе

Гавьяат тамирчин Г.Жамсран: Бөхийн буянаар сайхан амьдарч явнаa

Зүүнээс: Гавьяат тамирчин Г.Жамсран, гавьяат тамирчин Д.Нямхүү, арын эгнээнд Олимп, дэлхийн аваргын хүрэл медальт С.Ням-Очир

1970-аад оны сүүлч, 1980-аад оны эхээр уран торгон барилдаанаараа бөхийн хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлж, дэлхийн чихийг “дэлдийлгэж” явсан хүчитний нэгэн болвоос самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, дэлхийн залуучуудын аварга, дэлхийн цомын аварга, гавьяат тамирчин Галдангийн Жамсрантай ярилцлаа. Түүний төрсөн дүү Г.Баатарсүрэн дэлхийн залуучуудын аварга, ахынх нь хүү гавьяат тамирчин Дамдинсүрэнгийн Нямхүү дэлхийн аварга, эгчийнх нь хүү гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир олимп, дэлхийн аваргын хүрэл медальт жүдоч болой.


-Бөх, морь удам дагах нь элбэг. Таны дээд үед бяртай, бүлтэй хүн байсан л байлгүй?

-Би Увс аймгийн Тэс сумын хүн. Тэсийн голын хөвөөнд төрж өссөн. Манай дээд удамд аймгийн цолтой бөхчүүд байсаан. Улсын наадамд барилдсан бол юм дуулгаж мэдэх л байсан биз. Тухайн үеийнхэн хотод очиж барилдах нь ховор байж.

-Нутагтаа л зодоглож, ард түмнээ баясгадаг байсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Аймгийн арслан Арслан, аймгийн заан Зана гэж ах дүү бөх байв. Миний авга ах нар.

-Аав тань барилддаг байсан болов уу?

-Дээр үед улаач хийдэг байгаад сүүлдээ сургууль соёлын мөр хөөж сумандаа дарга, энэ тэр хийж насыг элээсэн хүн.

-Хөдөөний хүүхдүүд хөлд орсон цагаасаа л үе тэнгийнхэнтэйгээ дээл хувцсаа тэсгээлгүй ноцолдож өсдөг. Тэр жишгийг ч та тойроогүй нь лав. Харин бөх болоход тань хамгийн ихээр “уруу татсан” хүн хэн бэ?

-Манай сумын биеийн тамирын багш Д.Чойжилсүрэн. Намайг дөрөв, тавдугаар ангид байх үеэс багш бөхийн секц хичээллүүлж эхэлсэн юмдаг. Суманд тусгай заал танхим гэж ямар юм байхав. Нэг ангийг чөлөөлж байгаад бор эсгий давхарлаж дэвсээд л үзэж тарж, үсэрч наадна шүү дээ. Хичээлийн байр галлагаатай болохоор түлээ модоо ч өөрсдөө бэлтгэнэ. Баахан ноцолдож байгаад босоод ирэхэд өмссөн хувцас, ам хамраар л бөөн хялгас. Дур байхад тэр зэрэг бол юу ч биш. Манай секцнээс аймгийн арслан Балдорж, Гүржав гээд олон сайн бөх төрсөн.

-Үндэсний бөхөөр л барилдуулдаг байв уу?

-Үгүй ээ, чөлөөтөөр.

-Мэдээж бэлтгэл хийж байгаа юм чинь уралдаан тэмцээний утаа үнэрлэж үзэж эхлээ биз?

-Зургадугаар ангид байхдаа жиндээ аймгийн аварга болсон.

-Хэдэн кг-д барилдаа вэ. Олон хүүхэд зодоглосон уу?

-48 кг. Сум болгоноос нэг хүүхэд ирж барилдаж байсан санагдана. Тэгтэл улсын аварга шалгаруулах тэмцээнд надад ялагдаж хоёрт орсон Сүхбаатар гэдэг хүүхдийг явуулчихаж билээ.

-Яагаад аваргаа явуулаагүй юм бол?

-Намайг нас бага байна гээд. Түрүүлсэн хүүхдийг явуулсангүй гэж ах маань Лхамаа начинтай маргалдаж байсан нь санаанаас гардаггүй. Дараа жил нь бас аварга болсон. Наймдугаар ангид байхдаа самбоор барилдаж аймгийн аварга болсон юм байна. Тэр жил манайх хот руу шилжсэн. Аав хотод ажиллахаар болсон юм.

-Есдүгээр ангиасаа хотод суусан гэсэн үг үү?

-Тийм ээ. Манайх Яармагт байсан болохоор 41 дүгээр сургуулийг төгссөн.

-Хотод ирээд бэлтгэлээ хаана хийдэг болов?

-Х.Намшир багшийн шавь болсон. Наашаа явахад Д.Чойжилсүрэн багш надад захиа өгч явуулсан юм. Намшир багшид өгөөрэй гэж. Бодвол түүндээ намайг секцэндээ аваарай гэж захисан байсан биз.

-Намшир гуай тэр үед хаана дасгалжуулагчаар ажиллаж байсан юм бэ?

-“Хөдөлмөр” нийгэмлэгт. Надад бөх хүний үнэр, тамир оруулсан ачтан. Түүнд би үргэлж баярлаж явдаг. Хичээлээ тарж гэртээ харингуутаа ус, түлшээ гялалзтал бэлтгэчихээд секцэндээ явна. Яармагаас эртхэн гарахгүй бол 15 цагийн бэлтгэлээс хоцорчихно. Тэнд хүүхдүүдтэй баахан барилдчихаад буцахдаа Арьс ширний үйлдвэрийн ажилчдын ордонд очиж үйлдвэрийн ажилчдад хэсэг “нухуулж” аваад үдэш л гэрийн бараа хардаг сан.

-Дэмий тэнээд гэж аав ээж тань чихнээс хонх уяхгүй юу?

-Үглэнэ ээ. “Чиний бөх болно гэж юу байсан юм. Чадахгүй байж гар хөлөө гэмтээчихнэ” гэнэ. Гэвч би гандан буурахгүй яваад л байдаг байсан. Есдүгээр ангидаа самбо бөхийн олон улсын тэмцээнд оролцоод мөнгөн медаль авчихдаг юм. Манай гэрийнхэн ч баярлаад л, хүү нь анхны медалиа авсан юм чинь арга ч үгүй биз. Түүнээс хойш аав ээж юм хэлэхээ больж харин ч дэмждэг болсон.

-Дунд сургуульд байхдаа та үндэсний бөхөөр барилддаггүй байсан юм аа даа?

-Барилдана аа. Аравдугаар ангид байхдаа Пионер сурагчдын спартакиадаар барилдаад мөнгө авсан. Тэгэхэд хожмын улсын начин З.Дэлгэрдалай Баянхонгороос ирж түрүүлж байлаа.

-Таныг оюутан байхаасаа л жиндээ тасарч эхэлсэн гэж ардын багш Ц.Дамдин агсан ярьж байсан…?

-Аравдугаар ангиа төгсөөд би МУИС-ийн барилга, замын машин механизмийн ангид орсон юм. Тэнд Д.Ганцагаан багшаар их юм заалгасан. Намайг их сургуульд ороход Ц.Дамдин маань хоёрдугаар курст байлаа. Бид хоёр урд жил нь Архангайд болсон улсын аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээний үеэр танилцсан юм. Дараа нь улсын шигшээ багт хамт барилдаж байлаа. Шигшээгээс хасагдталаа л хамт явсан даа. Нас, жин ойролцоо болохоор хоорондоо мөн ч их барилддаг сан. Тэр нь нэгийгээ амжилт гаргахад их нөлөөлсөн гэж би боддог. Үргэлж хамт явдаг болохоор хүмүүс андуурч нэр солих явдал гардаг л байлаа.

-Таны жингийн гол өрсөлдөгчид хэн байв?

-Эхлээд Я.Доржид нэг хэсэг даруулсан. За тэгээд Дөшчулуун, Эрдэв гээд мундагчууд олон байсан. Хүрэлбаатар, Санжаасүрэн, Түвшинжаргал… гээд олон бөх байлаа. Нэг жинд арваад “хатуу гар”-тай тулдаг байв.

Самбо, жүдогийнхон нэг шигшээд барилддаг байсан болохоор бид Европын орнуудад болдог цуврал тэмцээнд оролцох гээд хоёр, гурван сараар явчихдаг байлаа.

Цаг ч сайхан байж. Байр, хоол, унааны зардлыг бүгдийг улсаас даана.

-1980 оны Москвагийн олимпод та барилдаагүй юм уу?

-Я.Дорж явсан. Би улсын аваргаар хоёрт орсон. Д.Түвшинжаргалд ялагдаад.

-Уртын дууч Түвшинжаргал уу?

-Тийм. Түүнийг уг нь дураараа л буулгаж авдаг байсан ч яг улсын аваргын тэмцээнд ялагдчихсан. Харин 1984 оны Лос-Анжелесийн олимпод барилдах боломжтой байсан ч харамсалтай нь социалист орнууд оролцоогүй.

-Сүүлдээ “Найрамдал-84” тэмцээн болж хувир луу?

-Тэгсэн. Польшид болсон жүдогийн тэмцээнээс би хүрэл медаль авсан.

-Жүдогоор таны гаргасан хамгийн том амжилт юу вэ?

-Дээрх хүрэл медаль. Мөн Румын, Германд болсон олон улсын тэмцээний хоёр мөнгө, Солонгосоос авсан хүрэл медаль бий.

-Самбо барилдааны дэлхийн аваргын таван алтны тань түүх бас л сонин байх даа?

-Нэг их сонинсоод байх юу байхав. 1981 онд дэлхийн залуучуудын аварга болж, улмаар насанд хүрэгчдээс 1983, 1984, 1987 онд алт авчирч, 1988 онд Японд дэлхийн цомын аварга болсон. Дэлхийн аваргын зургаан мөнгө, нэг хүрэл медальтай.

1985 онд самбо, жүдогийн улсын шигшээ баг тусдаа салахад би Сургалтын төвийн багшаар очсон юм. Уг нь жүдогоороо барилдсан бол ч… гэж хааяа боддог. Самбо, самбо гэсээр л дууссан хүн дээ.

-Багш болсон юм чинь олон шавьтай болоо байлгүй?

-Хэдэн шавьтай болсон. Миний жинд Болдням гэдэг хүүхэд бусдаасаа тасраад гараад ирсэн. Тэгээд ч би шавьтайгаа ноцолдоод байлтай биш гэж бодоод барилдахаа больсон. Одоогийн заан О.Одгэрэл эднүүс чинь тавдугаар ангийн жоохон хүүхдүүд байлаа.

-Ид байхад тань аль улсын бөхчүүд хүчтэй өрсөлдөгч байв?

-Тухайн үед оросууд л байлаа. Тэд ч эвгүй шүү.

-Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх хаана болсон юм бол…?

-Иранд. Самбо бөхийг амархан барилдаан гэж зарим хүн хэлдэг. Тийм биш.

Ухаан нь Японы сайн жүдоч самбоор барилдаад эхний даваанд л ялагдаж байгаа юм. Манай З.Ойдов гуай ч нэг удаа барилдаж үзээд толгой сэгсрээд больсон удаатай. Өөр төрлөөр барилддаг хүнийг бүсдээд юм уу, гарыг нь таллаад барьчихаар яаж ч чаддаггүй. Түүнтэй адил би ч гэсэн чөлөөтөөр барилдаж чадахгүй.

-Багадаа чөлөөтөөр барилдаж байсан хэрнээ юү?

-Тууштай хичээллээгүй, самбоор дагначихсан болохоор болдоггүй юм. Самбо бөх үндэсний бөхтэй төстэй. Багаасаа дээлтэй ноцолдоод сурчихсан улсад их ойр. Хэвтээ барилдаад л сурчих юм бол босоогоос ядах юм үгүй.

-Хийх дуртай мэх тань. Дархан ч гэж хэлж болохоор…?

-Тонгордог байлаа. Баруун ташаатай. Тийм болохоор баруун тонгорно. Хутгана. Сүүлдээ ч этээ, үүрээ, хөмрөөг эвийг нь таарвал хийж л орхидог болсон доо.

-Санааны мухарт үлдсэн, одоо ч харамсаж явдаг барилдаан байх уу?

-Түвшинжаргалд ялагдсан барилдаан л байх шив.

-Үндэсний бөхөөр та аймгийн арслан бил үү?

-Тийм ээ. Гэхдээ аймгийн арслан ч надад ахадсан цол.

-Яагаад…Та хаана түрүүлж арслан болоо вэ?

-Аймагтаа. Тойргийн барилдаанд түрүүлэхэд цол өгдөг байсан. Тэгээд л авчихсан юм. Би дуртайдаа л улсын наадамд зодоглож гурав давбал сэтгэл ханачихдаг байлаа.

-Зүтгэсэн бол улсын цол авчих хэмжээнд байсан юм биш үү?

-Үгүй дээ. Хүмүүс начин болохын төлөө улайртал зүтгээд байхыг хараад би гайхдаг байв.

-Юуг нь тэгтлээ гайхна вэ?

-Тухайн үед спортын мастер болоход тавин төгрөгийн цалинтай байсан. Гэтэл улсын цол авлаа гээд ямар ч урамшил шагнал байхгүй. Ийм байхад цол авах гэж юунд нь тэгтлээ дурладаг байна гэж бодоод л. Хүчээрээ л авч чадахгүй юм бол хүн гуйхын хэрэг юу байна. Гэвч хүний хүсэл сонирхол гэдэг сонин юм даа. Улсын арслан Ж.Хайдав гуайг мэднэ биз дээ?

-За тийм..

-Нэг жил Хайдав гуай намайг дөрвийн даваанд амалдаг юм. Тэгснээ хэлж байна. “Увсын дөрвөн залуу гурав давчихлаа. Дөрөв давсныг нь би авдаг юм бил үү” гэж байна. Талбайд гарсан хойно “Цаадуул чинь дөрөв давж чадахгүй бол яана аа. Ер нь чи дөрөв давах юм уу” гэдэг байгаа. “Яалаа гэж, та дав” гээд би ч унаад өгсөн.

-Нөгөө дөрөв чинь юу болсон бэ?

-Ганц нь ч дөрөв даваагүй. Ж.Хайдав гуайг Д.Цэрэнтогтох аварга тавын даваанд амалж аваад давчихсан. Хайдав гуай бас л сонин байсан байгаа биз. Ахмад үеийнхэн маань тийм л нүнжигтэй, хээгүй улс.

-Гэр бүлийнхнээ танилцуулна уу?

-Эхнэр Б.Буянхишиг эмч. Энэ амьдралын маань зовлон жаргалыг хуваалцаж Жамсрангийнх гэдэг айлын нэрийг өргөж яваа ачтан. Манайх хоёр хүү, нэг охинтой.

-Бөх хүнд амжилт гаргахад нөлөөлөх хамгийн чухал зүйл юу вэ?

-Бяр хүчээс гадна бэлтгэл сургуулиа зөв хийж, амралт хоолоо тааруулж байж л амжилт гаргана. Мөн амжилтын нэг жигүүр нь сайн багш. Миний хувьд Д.Чойжилсүрэн, Х.Намшир, Ш.Чанрав, Ч.Насантогтох, Д.Баатаржав, Д.Ганцагаан нарын олон сайн багшийн гараар орсон тулдаа л энэ дайны амжилт гаргасан гэж бодож явдаг.

Бөхийн буян их. Бид бөхийн буянаар сайхан л амьдарч байна.

-Бөхийн буян гэснээс “Увс нуур” галын ой болж байна. Та энэ галд хамааралтай хүний нэг байлгүй…?

-Наадмын бэлтгэлд уртаашаа нэг удаа гал ахалж, нэг удаа багшаар гарсан. 2000-аад оны эхээр Н.Мөнхжаргал начин, Д.Бумбаяр заан хоёртой таардаг юм. Тэд бэлтгэлд гарахад хөрөнгө мөнгөний асуудал хүнд байгаа тухай хэлдэг юм. Тэгэхээр нь би Д.Цэрэнсамбууг дагуулаад Ц.Нямдорж дарга дээр орсон. Нямдорж гуай арваад хүн рүү ярьж хэд гурван төгрөг цуглуулаад наадмын бэлтгэлд гаргахад би ахалсан удаатай. Дараа нь П.Бүрэнтөгсийг түрүүлдэг жил галын багшаар очсон.

Өмнөх хоёр жил нь “Увс нуур” дэвжээний бөхчүүд наадмын түрүү авчихсан байсан болохоор өндөр хариуцлага хүлээж байсан даа. Багш, бөхчүүд үүргээ маш сайн ухамсарласны хүчинд түрүүгээ алдаагүй.

-“Увс нуур” гал самбо, жүдо, чөлөөтийн дэвжээтэй болсон гэсэн…?

-Тийм. Энхболд гэж залуу бий. Жүдогоор дэвжээ байгуулсан. Хэдэн хүүхэд хичээллэж байна.

-Таныг Ц.Содномдорж арслангийн дасгалжуулагч багшаар ажилладаг гэж сонссон юм байна. Үнэн үү?

-Үнээн үнэн. “Монос”-ынхон санал болгосноор түүнийг дасгалжуулсан. Би нутаг ус жалга довны үзэл ярьдаг хүмүүст тийм дуртай биш. Мэддэг чаддагаа хэнд ч зааж өгөхийг л хичээдэг. Ө.Бат-Орших Ц.Содномдоржид унаж үзүүрлэчихээд “Таны заасан мэхэнд л явчихлаа даа” гээд инээж л байна лээ.

-Одоо та ямар ажил алба эрхэлж байна вэ?

-Нийслэлийн Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга.


Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн парк өнөөдөр нээлтээ хийнэ

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн паркын нээлт энэ сарын 04-нд болж бүх тоглоомын тасалбар 50 хувийн хямдралтай байх аж. Үүгээр ч зогсохгүй тус хүрээлэнд нэвтрэхэд 1000 төгрөгний тасалбар төлж ордог байсан бол энэ жилээс нэвтрэх тасалбаргүйгээр чөлөөтэй орж болох гэнэ.

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн нээлтийн хөтөлбөрт:
– Хүүхдийн жүжиг
– Циркийн үзүүлбэр
– Хүүхэлдэйн жүжиг
– Хөгжилтэй тэмцээн уралдаан
– Амьд хөгжмийн тоглолтоор зочдоо баясгах юм. Үндэсний соёл амралтын хүрээлэн 11:00-22:00 цагийн хооронд ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Хүчтэй шороон шуурга шуурахыг анхааруулж байна

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүчтэй салхи шуургатай, агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 05 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун, Төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, зүүн болон говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурна. Монгол Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өчигдөрөөс сэрүүсч 8-10 хэм дулаан байна.