Categories
мэдээ нийгэм

“MИНИЙ ИРЭЭДҮЙ- МИНИЙ ГАРТ” аяны нээлт боллоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтсээс өнгөрсөн хичээлийн жилд “Мэргэжил бүхэн сайхан” аяныг амжилттай зохион байгуулан ажилласан нь сургууль төгсөгчдөөс элсэлтийн ерөнхий шалгалтад гаргах амжилт дээшилж, суралцагчид мэргэжлээ хэрхэн сонгох, эцэг эх олон нийтийг мэдээ мэдээллээр хангасан үр дүнтэй ажил болсон билээ.

Ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудыгаа мэргэжлээ зөв сонгоход туслах, тэдний эрүүл аюулгүй сурч хөгжих нөхцөлийг хангах, мансууруулах бодисын хорт нөлөөг таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх, эерэг хандлагатай иргэн болон төлөвшүүлэх, өөрөө өөртөө эзэн байх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор MИНИЙ ИРЭЭДҮЙ- МИНИЙ ГАРТ” сарын аяны зорилго оршино.

Аяны нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн удирдлагууд болон ХУД- сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, багш, эцэг эх, сурагчдын 260 гаруй төлөөлөгч оролцлоо.

Дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Миний ирээдүй-Миний гарт аяны нээж үг хэлэхдээ Боловсролын салбарын хамт олон маань маш олон ажлуудыг санаачлан ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хичээлийн жилд зохион байгуулсан “Мэргэжил бүхэн сайхан” аян их үр дүнтэй болж, хүүхэд багачууд мэргэжлээ сонгохдоо гэр бүл, хамт олонтойгоо олон талаас нь ярилцаж, судалдаг, зохих мэдээ мэдээллээр хангагдаж байна. Мэргэжлээ зөвхөн сонгоод сургуульд элсэн суралцах биш, түүнийхээ төлөө тууштай байж илүү ихийг сурч боловсордог, хичээдэг, үр дүнтэй ажиллаж жинхэнэ эзэн нь байх учиртай гэж тодотгов.

Нээлтийн үйл ажиллагаан дээр Оюуны чадвар төвийн захирал н.Мөнгөн, Карьер хөгжлийн төвийн карьер зөвлөх Ц.Булган, Нэгүүндрийлинг Ёлууд багийн ахлагч Спортын дэд мастер, Мастер Класс ХХК-ийн захирал И.Мишээл нар сонирхолтой лекц уншлаа.

Аяны хугацаанд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд сургалт, үзүүлэх ажил, зохион байгуулагдах бөгөөд үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагуудтай танилцах аялал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, мансууруулах бодисын хор нөлөө түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулна. Мөн анги дэвших болон сургууль төгсөх шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, амжилт гаргах нөхцөл боломжийг бүрдүүлэн түүнд чиглэсэн ажлуудыг сургууль бүр зохион байгуулан ажиллахаар төлөвлөөд байна гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


Categories
гадаад мэдээ

Хятадын ухаалаг утсуудыг худалдахыг хориглоно

Дональд Трампын засаг захиргааны зүгээс Хятадад үйлдвэрлэгдсэн гар утасны төхөөрөмжүүдийг АНУ-д худалдаалахыг хориглох талаар хэлэлцэж байгаа аж. Энэ тухай Wall Street Journal мэдээлсэн байна.

Эх сурвалжид дурдсанаар, Цагаан ордон үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлын үүднээс хятадын харилцаа холбооны төхөөрөмжүүдийг импортлохыг хориглох тушаал гаргахаар бэлдэж байгаа гэнэ. Хориг арга хэмжээ ялангуяа Huawei болон ZTE компаниудыг хамрах бололтой.

Эдгээр компаниудын бараа бүтээгдэхүүнийг дэлхий даяар тархан байрлаж буй АНУ-ын цэргийн баазуудад ашиглахыг аль хэдийн хориглосон билээ. Эдгээр төхөөрөмжид суурилуулсан хэрэгслийн тусламжтайгаар хятадын тусгай албад мэдээлэл цуглуулах боломжтой хэмээн Америкийн тал болгоомжлоод байгаа аж.

Харин Huawei болон ZTE компаниудын зүгээс, тэд өөрийн хэрэглэгчдийн мэдээллийг тагнуулын байгууллагад хэзээ ч өгч байгаагүй хэмээн няцаасан юм.

Хятадад үйлдвэрлэсэн ухаалаг утсуудыг АНУ-д худалдаалахыг хориглох явдал нь тус хоёр орны хооронд өрнөөд буй худалдааны “дайнд” бас нэгэн нэмэр хачир болж магадгүй нь.

Америкаас экспортоор орж ирдэг олон төрлийн бараа бүтээгдэхүүнд 15-25% татвар оногдуулахаар Хятад улс шийдвэрлэсэн бөгөөд үүнд нь АНУ мөн “хариу барих” гэж байгаа бололтой.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын тайлан хүлээн авах хугацаа дуусахад зургаан хоног үлдлээ

НӨАТ-ын тайлан хүлээн авах хугацаа дуусахад зургаан хоног үлдлээ. Тодруулбал, татвар төлөгч IV сарын НӨАТ-ын тайлангаа тавдугаар сарын 10-ны дотор тайлагнаж, татварын тооцоогоо хийх ёстой.

Татвар төлөгч та тайлангаа хэзээ, хэрхэн ирүүлэх талаар мэдээллийг хүргэе.

  • Та тайлангаа өөрийн биеэр болон цахим хэлбэрээр, мөн шуудангаар ирүүлж болно.
  • Та татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд гаргаж татварын албанд ирүүлнэ. Жишээлбэл: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын улирлын тайланг улирлын дараа сарын 20-ны дотор, тухайн жилийн эцсийн тайланг дараа жилийн 2 дугаар сарын 10-ны дотор, НӨАТ-ын тайланг дараа сарын 10-ны дотор, онцгой албан татварын тайланг дараа сарын 5-ны дотор татварын албанд тушааж, татварын тооцоо хийнэ.
  • Татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байдаг. Энэ нь тайлан хүргүүлэхдээ татвараа төлсөн байх ёстой гэсэн үг.
  • Татвар тайлагнах хугацаа долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын өдөртэй давхацвал түүний өмнөх ажлын өдөр татварын тайлангаа ирүүлнэ.
  • Та татварын хуулийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдах бол тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг тайлан нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамруулах үндсэн баримт болно. Энэ нөхцөлд та тайлангаа тайлбарын хамт өөрийн биеэр татварын албанд ирүүлэх ёстой гэдгийг анхаарна уу.
  • Та татварын албанд ирүүлсэн тайлангаа тайлагнах эцсийн хугацаа хүртэл засварлах эрхтэй ба засварлах тухай хүсэлтээ бичгээр илэрхийлэх ёстой.
  • Татварын алба тайлан хүлээн авсан хугацааг татвар төлөгч өөрийн биеэр ирүүлсэн тайлангийн хувьд уг тайланг татварын албанд хүлээн авч баталгаажуулсан өдрөөр, шуудангаар ирүүлсэн тайлангийн хувьд илгээсэн өдрөөр, интернетээр ирүүлсэн бол цахим мэдээллийн системд илгээсэн өдрөөр тооцох аж.
Categories
мэдээ улс-төр

Европын холбоо 50 сая орчим еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхэд бэлэн

Монгол Улсын Засгийн газарт төсвийн дэмжлэг үзүүлэх асуудлаар Европын Холбооны шинжээчдийн баг 4 дугаар сарын 23-наас 27-ны хооронд Улаанбаатар хотноо ажиллав.
Европын Холбооны зүгээс түнш орнуудад хаягласан тусламжийн нэг хэлбэр нь төсвийн дэмжлэг буюу нэгдсэн төсөвт олгох буцалтгүй тусламж юм. Энэхүү дэмжлэгийг талуудын яриа хэлэлцээр, хүлээн авагч улсын гүйцэтгэлийн үнэлгээ, чадавхи бэхжүүлэх үйл ажиллагаа, мөн шинэтгэлийн бодлогыг хийх улс төрийн хүсэл эрмэлзэл зэргийг харгалзан үзэж, хөгжлийн бодлого, шинэчлэлийн хөтөлбөр, иргэдийн амьдралд гарах үр дүн болон тогтвортой хөгжлийн бодлогод суурилж үзүүлдэг байна.
Монгол Улсад Суугаа Төлөөлөгчийн Газрын Хэргийг түр хамаарагч ноён Марко Ферри: “Шаардлага хангасан тохиолдолд Европын Холбооны зүгээс 50 сая орчим еврогийн төсвийн дэмжлэгийг буцалтгүй тусламж хэлбэрээр үзүүлэхэд бэлэн байна. Энэхүү дэмжлэг нь Монгол улсын төрийн бодлого, тэргүүлэх чиглэлүүдтэй бүрэн нийцсэн төдийгүй ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хүрээнд Монгол Улсын хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг болохуйц байх болно” гэв. Тэрээр мөн Монгол Улсын төрийн удирдлагын тогтвортой байдал, бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд анхаарч ажиллаж байгааг шинжээчдийн баг сайшаан хүлээн авч, ойрын жилүүдэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэмдэглэлээ.
Шинжээчдийн багын үндсэн зорилгын хүрээнд Монгол Улс дараах 4 шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг тодорхойлов. Салбарын бодлого, бодлогын баримт бичиг, Макро эдийн засгийн тогтвортой байдал, Төрийн санхүүгийн удирдлагын төлөвлөгөө, Төсвийн ил тод байдал ба хяналт.
Одоогийн байдлаар үндсэн хоёр салбарыг хамрахаар ярьж байгаа бөгөөд, үүнд 2014-2020 онд хэрэгжих Тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг дэмжих улсын нэгдсэн хөрөнгө орлогын удирдлага төсөл (29 сая евро) мөн Ажил эрхлэлтийн дэмжих төсөл (21,8 сая евро).
Шинжээчдийн баг Монгол Улсад ажиллах хугацаандаа УИХ-ын гишүүд, Сангийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллалын яам, Шүүх хяналтын байгууллага, Олон улсын санхүүгийн байгууллагууд болон Иргэний нийгмийн байгууллагуудтай ихээхэн үр дүнтэй уулзалтууд хийлээ.

Categories
энтертаймент-ертөнц

“Яг түүн шиг-3” шоуны оролцогчид

Дэлхийн оддыг монголын тайзнаа авчирдаг хамгийн их үзэгчтэй шоу нэвтрүүлгийг “Боловсрол” телевизийн уран бүтээлчид Нидерланд Улсын “Эндемон Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр гурав дахь жилдээ бэлтгэн хүргэх гэж байна.

Түүхэнд нэрээ үлдээж, уран бүтээлээрээ гайхуулж чадсан авьяастнуудын дүр төрх, дуу хоолойг яг тэр хэвээр нь танд хүргэх “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт олонд танигдсан монголын найман уран бүтээлч оролцдог билээ.

Энэ удаагийн шинэхэн дугаар тавдугаар сарын 6-наас буюу ням гаригааас эхлэн үзэгчдийн хүртээл болно. Түүнчлэн “Яг түүн шиг-3” шоунд өрсөлдөх найман оролцогчоо ч нийтэд зарлаад байгаа билээ.

“Яг түүн шиг-3” шоуны оролцогчдыг танилцуулж байна.

Танилц: "Яг түүн шиг-3" шоуны оролцогчид

Танилц: "Яг түүн шиг-3" шоуны оролцогчид

Танилц: "Яг түүн шиг-3" шоуны оролцогчид

Танилц: "Яг түүн шиг-3" шоуны оролцогчид

Танилц: "Яг түүн шиг-3" шоуны оролцогчид

Танилц: "Яг түүн шиг-3" шоуны оролцогчид

Танилц: "Яг түүн шиг-3" шоуны оролцогчид

Танилц: "Яг түүн шиг-3" шоуны оролцогчид

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай зарлиг гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай зарлигийг гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай зарлиг гаргасан юм.

Зарлигийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Монгол Улсын Шадар сайдын Стандартчиллын асуудал хариуцсан зөвлөх С.Янжинсүрэн, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр зэрэг холбогдох байгууллагын төлөөллүүдэд гардуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

“Та бүхэнд Үндэсний бичиг үсгийн баярын мэндийг дэвшүүлье. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2004 онд Чингис хааны иггээсэн Монгол төрийн бичиг хэрэглэсний 800 жилийн ойг тэмдэглэж эхэлснээс хойш Монгол Улс 15 дахь жилдээ Үндэсний бичиг үсгийн баярыг жил бүрийн тавдугаар сарын эхний Ням гарагт тэмдэглэж байна.

Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг гаргасныг зарим байгууллагад гардуулан өглөө. Зарлигаар холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч,

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.1.6-д “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” хэмээн заасан байдаг. Монгол хэл бол монгол хүний оюун сэтгэлгээг бүрэлдүүлж, монгол соёл, монгол хүнийг бүтээдэг билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Батттулга мөрийн хөтөлбөртөө “Даяаршил, технологийн хурдацтай хөгжлийн эрин үед үндэснийхээ түүхэн уламжлал, хэл, соёлын дархлааг хамгаалах” заалт тусгаснаа ард түмний хөдөлгөөн өрнүүлэх замаар хэрэгжүүлэхээр Эх хэлний өдрийг 9 дүгээр сарын 1-ний эрдмийн баярын өдөр байхаар зарлиг гаргалаа. Эрдэм мэдлэг хийгээд монгол хүн байхын үндэс нь эх монгол хэл юм.

Монгол Улсын Их Хурлаас 2015 онд Монгол хэлний тухай хуулийг баталсан. Монгол хэл нь улс орны нэгдмэл байдлын баталгаа болдог учир хуульд Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд Хэлний бодлогын үндэсний зөвлөл байгуулахаар заасныг хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

Зарлигаар “Эх хэлний өдөр”-ийг угтаж, хэвлэл мэдээллийн байгууллагууд эх хэлээ сурталчлах, түүгээр бахархах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд санаачилгатай ажиллахыг уриалсан байгаа. Манай хэвлэл мэдээллийнхэн соргогоор хүлээн авч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Бүх шатны боловсролын байгууллагууд Эх хэлний өдөр буюу жил бүрийн 9 дүгээр сарын 1-нд Монголын ирээдүй хүүхэд залуусыг монгол хүн байлгах үндэсний дархлааг бэхжүүлэн, монгол хэл, монгол уран зохиол, Монголын түүхийн хичээлээр хичээлийн шинэ жилийг эхлүүлж байхаар заасныг холбогдох байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны чиг үүргийн хүрээнд хариуцлагатайгаар биелүүлэн ажиллахыг Та бүхнээр төлөөлүүлэн хүсье.

Монгол хэл бичиг, түүх соёл улам дэлгэрэн батжиж, мөнх орших болтугай” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай зарлиг:

Монгол бичиг бол монгол үндэстний оюуны соёлын үнэтэй бөгөөд бахархалт өв, монгол хэл, сэтгэлгээ, соёл иргэншлийн аюулгүй байдлыг хадгалан батжуулагч мөн гэж үзэж; Монгол Улсын иргэний үндэсний бичгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх хуулиар олгогдсон эрх, боломж, нөхцөлийг хангах төрийн үүргийг биелүүлэх, Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс; 2025 оноос төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан бичгээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангахыг удирдлага болгон, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор,

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.1.6, 3.1.4.2, Монгол хэлний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

  1. Монгол бичгийн цахим кодыг хэрэглэх үндэсний стандартыг холбогдох мэргэжилтнүүдийн саналыг тусган шуурхай боловсруулж, хуульд заасны дагуу батлуулах, цаашид хөгжүүлэн тогтвортой байдлыг хангаж, цахим орчинд үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх талаар бодлого, төлөвлөгөө гарган ажиллахыг Мэдээлэл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон Монгол хэлний тухай хуулиар үүрэг хүлээсэн эрх бүхий судалгааны байгууллагад; үндэсний стандартыг боловсруулах ажилд хяналт тавьж, боловсруулсан стандартыг судалж батлах, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, монгол бичгийн цахим кодчиллын олон улсын стандартад үндэсний стандартыг хэлэлцүүлэх, батлуулах ажлыг зохион байгуулахыг Стандартчилал, тохирлын үнэлгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон Монгол Улсын Шадар сайдад чиглэл болгосугай.
  2. Монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийг боловсруулан баталж, 2018 онд багтаан хэрэгжүүлж эхлэх; бүх шатны боловсролын сургалтын байгууллагын суралцагч хичээлийн хөтөлбөрөөр монгол хэл, бичгийн хичээлийг судлахдаа цахим орчинд монгол бичгийг ашиглах, бичвэр боловсруулах бүрэн чадамжтай болж төгсдөг байх; монгол бичгийн хичээлээр улсын төрөлжсөн олимпиадыг зохион байгуулж хэвших; элсэлтийн ерөнхий шалгалт өгөх иргэнээс заавал авах монгол хэл, бичгийн шалгалтад босго оноо тогтоох; монгол хэл, бичгийн хичээлийг үр бүтээлтэй заан сургаж, амжилт гаргаж буй багш нарыг урамшуулж ажиллахыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад үүрэг болгосугай.
  3. Албан байгууллага, аж ахуйн нэгж, барилга байгууламж, гудамж, талбайн нэр хаяг, бүтээгдэхүүний шошго, бэлгэ тэмдэг, зар сурталчилгаа зэргийг үндэсний бичгээр бичиж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах; үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлж, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн уг үйл ажиллагаа, аливаа идэвх санаачилгыг хөхиүлэн дэмжиж, урамшуулж ажиллахыг бүх шатны Засаг дарга нар, холбогдох төрийн байгууллагуудад чиглэл болгосугай.
  4. Энэхүү зарлигт дурдсан ажлуудад болон монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар идэвх санаачилга гарган ажиллахыг иргэд олон нийт, эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны ба хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн ба төрийн бус байгууллагуудад уриалсугай
Categories
мэдээ нийгэм

“ГЭРЭГЭ” Цахим төлбөрийн киоск ашиглалтанд орлоо

Улаанбаатар Хотын Банк, Метатек компани хамтран “ГЭРЭГЭ” цахим төлбөрийн машиныг анх удаа хэрэглээнд нэвтрүүлж, өнөөдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт нээлтээ хийлээ. Нээлтэд нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал зэрэг албаны төлөөллүүд оролцлоо. Эхний ээлжинд Тээврийн Хэрэгслийн татвар болон Торгуулийг төлөх боломжтой болж байгаа юм. Цаашдаа 30 гаруй төрийн үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байгаа юм байна.

Та тээврийн хэрэгслийн татвар, торгуулиа төлсөн бол баримтаа уг төлбөрийн машинаас аваад ашиглах бүрэн боломжтой. Энэхүү баримт нь QR кодтой тул банкны баримттай адил хүчин төгөлдөр. Түүнчлэн татварын байцаагч дээр олон дахин очих шаардлагагүй болж байгаа юм.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Өнөөдөр төрийн цахим үйлчилгээнд нэг суваг нэмэгдэж байна. Гэрэгэ киоскоор иргэд төрийн зарим үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай авах боломжтой болж байна гэсэн үг. Эхний ээлжинд авто тээврийн татвар, хураамж, торгууль төлж байна. Удахгүй үзвэр үйлчилгээ болон хот хоорондын тээврийн зорчих тасалбар зэргийг авах боломжтой болно. Цаашдаа бид бүх хороодод энэхүү киоскийг байршуулна. Эхний ээлжинд 2019 он гэхэд 20 хороонд байршуулахаар зорин ажиллаж байна” хэмээн ярилаа.

Улаанбаатар Хотын банк, Метатек компанийн хамтын ажиллагааны хүрээнд нэвтрүүлж буй энэхүү төлбөрийн машины талаар иргэд ам сайтай байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбар, Авто тээврийн үндэсний төвийн салбарууд, Дүүргийн татварын хэлтэс, дүүргийн нэг цонхны үйлчилгээний байруудад байршуулсан байна.

Удахгүй уг төлбөрийн машинаар дамжуулан орон нутгийн автобус болон галт тэрэгний тасалбар болон үзвэр үйлчилгээний тасалбар худалдан авах гэх мэтээр олон төрлийн үйлчилгээнүүдийг нэмэх юм.Төлбөрийн машинд аль ч банкны картаа уншуулж, тээврийн хэрэгслийн татвар, торгуулиа төлөх боломжтой юм. Ингэхдээ тээврийн хэрэгслийн улсын дугаар, эсвэл өөрийн регистрийн дугаараа оруулаад л төлбөрөө сонгон хоромхон хугацаанд төлөх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ редакцийн-нийтлэл спорт

Бөхчүүдийн “Их Эе” 18-нд хуралдахаар боллоо

Үндэсний бөхчүүдийн талцал хуваагдал спортын салбараасаа хальж, бизнесмэн, улс төрчид хүртэл татагдан орсон. Ерөнхийлөгч Х.Баттулга бөхчүүдийг эв эеэ олоогүй тохиолдолд нэр бүхий хүмүүсийн цолыг хурааж, Монгол бөхийн өргөөг улсын өмчид авна хэмээн анхааруулаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэсэн ч хоёр хуваагдсан бөхчүүд эсрэг тэсрэг байр сууриа илэрхийлсээр байгаа.

Харин өчигдөр болсон Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хуралд 2002 оны дөрөвдүгээр “Их эе”-ээс сонгогдсон зарим гишүүн оролцож, дараагийн “Их эе” хурлын тов, оролцох гишүүдийн квотыг баталлаа. Түүнчлэн Цэцдийн хурлыг нийт гишүүний олонх нь улсын заан Ж.Ганболд, начин Г.Пүрэв-Очир, Д.Дашжамц нараар удирдуулахаар сонгожээ.
Тус хуралд УИХ-ын гишүүн, МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэ, өмнөх тэргүүн Р.Нямдорж, Д.Данзан болон хөдөлмөрийн баатар Л.Чинбатын талынхан буюу улсын заан Ж.Ганболд тэргүүтэй хүмүүс оролцжээ. Тус хурлаар ээлжит тавдугаар “Их эе”-ийг энэ сарын 18-нд зохион байгуулахаар болж, бэлтгэл ажлыг хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, нөгөө талаас улсын заан Ц.Магалжав, Б.Сайнбаяр нар зэрэг найман хүн хангахаар болов. Тэд тавдугаар “Их эе” хуралд 200 орчим хүн оролцоно гэж тооцоод улсын аварга цолтой бөхчүүдийг шууд оруулахаар тохирчээ.
Categories
мэдээ нийгэм

Манай улс жилд 3,5 сая кг хуванцар, 44 сая шилэн лонх импортолдог

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хог, хаягдал дахин боловсруулагчдыг дэмжих уриалгыг шил, хуванцар ашиглагч аж ахуйн нэгжүүдэд хандан гаргасан байна. Тэрбээр уриалгадаа “Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Эко төлбөрийн тухай хуулийн төсөл боловсруулж байгаатай холбогдуулан шил болон хуванцар ашиглагч аж ахуйн нэгжүүдэд дараах уриалгыг хүргүүлж байна.Манай улс жилд дунджаар 3,5 сая кг хуванцар, 44 сая ширхэг шилэн лонх болон тэдгээртэй ижил төрлийн бүтээгдэхүүн импортолдог гэсэн ГЕГ-ын мэдээлэл байна. Харин жилд дунджаар 1.2 сая тонн хуванцар, 382 мянган тонн шил, шилэн бүтээгдэхүүнээс үүссэн хог хаягдал ялгарч байна. Энэ тоо жил ирэх бүр өсөх хандлагатай байгаа учир хог хаягдал дахин боловсруулагч аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх, дахин боловсруулсан хог хаягдал ашиглагч аж ахуйн нэгжүүдийг урамшуулах зорилгоор дээрх хуулийн төслийг боловсруулж байгаа юм.Тиймээс та бүхнийг хог хаягдалгүй эх дэлхийгээ гэсэн зарчмыг баримтлан дотооддоо дахин боловсруулсан хог хаягдлаар хийсэн бүтээгдэхүүн хэрэглэх, хүнсний бус зориулалтын хуванцраас татгалзах, шилэн сав баглааг дахин ашиглахыг уриалж байна.Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хог хаягдалгүй эх дэлхийны ирээдүйг хамтдаа цогцлоохын төлөө “ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

Бурхантай хөшөөний ард зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгаж эхэллээ

Зайсангийн аманд байрлах, Бурхантай хөшөөний ард зөвшөөрөлгүй барьсан таван давхар барилгын карказыг өчигдрөөс буулгаж эхэллээ.

Уг ажлыг гүйцэтгэхэд 5-7 хоног шаардах гэнэ. Ажлын хөлсийг зөвшөөрөлгүй барилга барьсан компаниас гаргуулах бөгөөд буулгах ажлыг “Мөнгөн хошуут хүлэг” компанийнхан гүйцэтгэж байгаа аж.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнгөрсөн хоёрдугаар сард Тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөл авалгүйгээр барьсан барилга, хашааг буулгах тушаалыг гаргасан. Тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд дээрх ажил хийгдэж байгаа юм.

Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Яармагийн гүүрнээс Хүрхрээгийн амны чиглэл, Туул голын эрэг дагуу хашаа, барилга байшин барьсан 28 иргэн, аж ахуйн нэгж байгаа бөгөөд бүгдийг нь буулгах юм байна.