Categories
мэдээ нийгэм

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр 1.0 хувь болгох хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Татварын ерөнхий газрын статистик мэдээгээр Монгол Улсад 2017 оны байдлаар бүртгэлтэй 155.065 аж ахуйн нэгжээс 78.585 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн 86 хувь буюу 67.612 нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хамаарч, 800 гаруй мянган хүн ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 57 хувийг эзэлж байна. Борлуулалтын орлогын ангиллаар авч үзвэл 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээс 50 хүртэл сая төгрөгийн борлуулалттай нь 59 хувийг эзэлж байгаа нь жижиг, дунд үйлдвэрийн талаас илүү хувь нь бичил үйлдвэрлэл эрхлэгч нар байна гэсэн үг.

Улсын хэмжээнд 2009-2017 оны хооронд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд 3 их наяд 850.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 26.454 төсөл ирүүлсний 18 хувьд буюу 7536 төсөлд 835.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноор 40.628 ажлын байр шинээр бий болж, 25.417 ажлын байр хадгалагдсан бол Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн хүрээнд барьцаа баталгаа шаардлагатай 463 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн 102.2 тэрбум төгрөгийн зээлд 42.4 тэрбум төгрөгийн батлан даалт гаргажээ.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортолж буй жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулиудыг 2009, 2014, 2017 онд баталж, хуулийн хүрээнд чөлөөлөгдөх тоног төхөөрөмжийн жагсаалтыг 2014, 2017 онд Засгийн газрын тогтоолоор баталсан. Дээрх тогтоолын хүрээнд 2009-2016 онд нийт 2899 иргэн, аж ахуйн нэгж 3201 төрлийн 7000 гаруй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортолсон бөгөөд 37.5 тэрбум төгрөгийн гаалийн, 78.8 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн татварын чөлөөлөлтөд хамрагдсан байна.

Улс орны эдийн засаг эрчимтэй хөгжиж, зах зээлийн харилцаа гүнзгийрэх тусам Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг шинэчлэх, зохицуулалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага урган гарсаар байна. Иймд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлж буй олон улсын туршлага, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зөвлөмж, жижиг, дунд үйлдвэрийн салбарт хийсэн ажиглалт судалгааны дүгнэлт, өөрийн орны онцлог, давуу, сул тал, эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчин, түүхий эд, хүний нөөцийн боломж зэргийг харгалзан боловсруулжээ.

Хуулийн төсөлд:

-Жижиг, дунд үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нарын улс орны эдийн засагт эзлэх хувийг дээшлүүлэх;

-Хуулийн үйлчлэх хүрээнээс иргэнийг гаргаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулиар иргэнийг хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, улмаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн компани, хоршоо байгуулах замаар Жижиг, дунд бизнесийн дэмжлэгт хамрагддаг байх;

-Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд дэмжлэгийн талаарх бодлого, үндсэн чиглэлийг тусгасан тунхаглалын шинжтэй заалтууд хуулийн гуравны нэгтэй тэнцэж байгаа байдлыг өөрчлөх;

-Хуулийн үйлчлэх хүрээг илүү нарийвчлан тогтоож, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжихэд зориулагдах ёстой санхүүжилтийг өөр зорилгоор зориулалт бусаар ашигладаг байдлыг хязгаарлах;

-Ажил олгогч нарын ажлын байр шинээр бий болгох сонирхлыг эдийн засгийн хөшүүрэг ашиглан нэмэгдүүлж, ажилчдын тоо өсөх тусам Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас болон банкаар дамжуулж олгох зээлийн хэмжээ нэмэгддэг байх;

-Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангилалд хамаарах аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр 1 хувь болгох, уг хуулийн үйлчлэлд хамаарч байгаа аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа улирал тутамд бус жилд нэг удаа хялбаршуулсан байдлаар гаргадаг болгох;

-Жил бүрийн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг буюу 10 хувиас доошгүй хөрөнгийг жижиг, дунд бизнес эрхлэхэд зориулж Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд төвлөрүүлэх зохицуулалтыг боловсронгуй болгох;

-Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нарын үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, нэмэгдүүлэх чиглэлээр өөрчлөлт оруулах;

-Хууль зөрчсөн хүн, хуулийн этгээд, төрийн албан хаагчид хүлээлгэх хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгож Зөрчлийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуультай уялдуулах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Орхон аймагт шинээр барьсан 280 хүүхдийн цэцэрлэгт 42 ажлын байр бий болжээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 280 хүүхдийн 26 дугаар цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дуусчээ. Уг ажилд орон нутгийн төсвөөс 2.4 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд гүйцэтгэгчээр нь “Номун дөлгөөн” ХХК ажилласан байна. Тус цэцэрлэгт Цагаанчулуут, Рашаант, Их-Залуу багийн хүүхдүүд хамрагдана. Уг цэцэрлэг 12 ангитай, спорт, урлагийн танхим нь тусдаа, өрөө бүр аврах гарцтай, анги тус бүрт камер байрлуулжээ.

Цэцэрлэгийн барилгын зураг төсөл, дотоод засал нь орчин үеийн стандартад бүрэн нийцсэн гэдгийг холбогдох байгууллагууд нь онцолж байна. Дээрх цэцэрлэг байгуулагдсанаар 42 ажлын байр шинээр бий болжээ.

Categories
мэдээ нийгэм

Сонгино хайрхан дүүрэгт тогтоосон хорио цээрийг цуцаллаа

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Т-ийн суурь үхэрт 2018 оны гуравдугаар сарын 27-ны өдөр шүлхий өвчин оношлогдсон. Үүнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм хэрэгжүүлэн, НОБГ, НМХГ, НЦГ, НМЭГ, СХД-ын ЭМТөвийн эмч мэргэжилтэн, албан хаагчдын бүрэлдэхүүтэй Хээрийн штаб 30 хоног ажиллажээ.

Монгол Улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Хүнс хөдөө аж ахуйн сайдын тушаалаар батлагдсан “Мал амьтны шүлхий өвчинтэй тэмцэх заавар” болон бусад холбогдох хууль, дүрэм журмын дагуу хорио цээрийн дэглэмийг сахиулж халдварын голомтыг устгасан байна.

Энэ хугацаанд мал эмнэлгийн арга хэмжээнд давхардсан тоогоор 355 өрхийн 17 адуу, 5175 үхэр, 191 хонь, 116 ямаа, 4067 гахай нийт 9566 малд үзлэг, угаалга хийсэн ба 338700 м2 хашаа хороо, 364200 м2 гудамж болон орчны талбай мөн устгалын голомтын 18000 м2 нийт 720900 м2 талбайг ариутгал халдваргүйтгэлд тус тус хамруулжээ. Түүнчлэн нийт 9 цэгт 142162 автомашиныг ариутгал халдваргүйтгэлд хамруулж ажилласан байна.

Цаашид СХД-ийн Шар хөтөл, Баруун турууны АТШБТовчоо болон Багануур дүүргийн АТШБТовчоо дахь Ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүд үргэлжлэн ажиллах болно гэж нийслэлийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ӨМӨЗО-той соёл, урлаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр талын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Тухайлбал, Өвөр Монголын соёлын өдрүүдийг Улаанбаатар хотод зохион байгуулах, соёл, урлагийн мэргэжилтэн, уран бүтээлчид харилцан солилцох, мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм

Сонгино хайрхан дүүргийн 26 дугаар хороо цэцэрлэгтэй боллоо

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан Сонгино хайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 240 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг амжилттай гүйцэтгэж “Глобал рост” ХХК шалгаран 2017 онд хугацаанаасаа өмнө дуусгаж хүлээлгэн өглөө. Тус хороонд цэцэрлэгийн насны 1903 хүүхэд байдаг бөгөөд хорооны хэмжээнд цэцэрлэггүй байсан юм. Энэхүү цэцэрлэг ашиглалтад орсноор 350 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой болж 40 ажлын байр шинээр бий болсон. Мөн гэртээ хүүхдээ асардаг байсан эцэг ,эхчүүд хөдөлмөр эрхлэх боломжтой болжээ. Мөн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан Сонгино хайрхан дүүргийн 13 дугаар хорооны Цагдаагийн 3-р хэлтсийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг амжилттай зохион байгуулж “СНТ групп” ХХК шалгаран гэрээ байгуулж тус ажлыг гүйцэтгэн амжилттай хүлээлгэн өглөө. Цагдаагийн хэлтсийн байр ашиглалтад орсноор 67463 хүн амыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг найдвартай хангах боломжтой болсон. Мөн 130 албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжрууллаа гэж нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Гэрээ соёрхон батлах тухай хууль, Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслүүдийг өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу “Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг, “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалах, тогтвортой ашиглах замаар даян дэлхийн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээ (ХХААУГНОУГ)-г баталж, 2004 оноос үйлчилж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 144 орон нэгдээд байна.

Энэхүү гэрээний үндсэн зорилго нь хүнс хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийг хадгалах, сургалт, судалгаа, шинэ сорт бүтээх зорилгоор тогтвортой ашиглах, түүнийг ашигласнаас бий болсон ашгийг Биологийн олон янз байдлын конвенцийн зарчимтай (CBD) уялдуулан шударга, тэгш хуваарилах замаар хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдлыг хангах гэж тодорхойлжээ.

Хөрс, уур амьсгалын өөр бүсүүдэд дасан зохицсон таримал болон тэдгээрийн зэрлэг овог, төрөл зүйлийн генетик нөөцийг хамгаалах, хадгалах, ашиглах, мэдээллийн сан байгуулах ажлыг эрчимжүүлэхэд төрөөс тодорхой бодлогоор дэмжихээс гадна олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг өргөнөөр хүртэх боломжийг бүрдүүлэн ажиллах зайлшгүй шаардлага манай улсад байгаа аж.

Уг гэрээг соёрхон баталснаар манай орны газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэхэд нэн шаардлагатай ган халуун, өвчин хортонд тэсвэртэй, ургац өндөртэй, чанартай хүнс, тэжээлийн шинэ таримал, түүний сортуудыг бий болгох, сайжруулахад дэлхийн таримал ургамлын генетик нөөцийг чөлөөтэй ашиглах төдийгүй энэхүү гэрээний дэргэдэх сангаас хөрөнгө, санхүүжилт авах боломж бүрдэх аж.

Түүнчлэн ургамлын генетик нөөцийг хадгалж, ашиглах ажлыг сайжруулахад шаардлагатай техник, технологийн дэмжлэг авах, боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэг болон бусад донор байгууллагуудын дэмжлэгийг хүртэх өргөн боломж нээгдэнэ.

Цаашид хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалах, судалж ашиглах чиглэлээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлэх үйл ажиллагаа, дэмжлэгүүд нь энэхүү олон улсын гэрээний үзэл баримтлалаар явагдах болсныг Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас онцлон тэмдэглэж байна. Тиймээс газар тариалангийн салбарын хөгжил, дэвшилд үзүүлэх ач холбогдлыг харгалзан энэхүү олон улсын гэрээг соёрхон батлах талаар хуулийн төслийг боловсруулжээ.

“Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын төсөл

УИХ-ын 2009 оны 95 дугаар тогтоолоор “Биеийн тамир спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ыг баталсан юм.

Харин УИХ-аас 2017 оны долдугаар сарын 6-ны өдөр “Биеийн тамир, спортын тухай” хуулийг баталж, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс даган мөрдөж байна. Энэхүү зохицуулалтын хүрээнд биеийн тамир, спортын талаар баримтлах төрийн бодлогыг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай болсон байна.

Мөн УИХ-аас 2015 онд баталсан “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай” хуулийн 8.4-т “Төрийн захиргааны төв байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрөөс баримтлах бодлогын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулна” гэж заасан байдаг. Биеийн тамир, спортын тухай” хуулийн 6.1.2-т Засгийн газар нь “биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, батлах, хэрэгжүүлэх”-ээр заасан юм.

Тиймээс “Биеийн тамир спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын 2009 оны 95 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолын төслийг боловсруулжээ.

Categories
мэдээ нийгэм

”Хот дотор эрэн хайх, аврах багийг бэлтгэх сургалтын байгууламж”-д ажиллах сургагч багш, зааварлагчдыг сонгон шалгаруулна

Онцгой байдлын ерөнхий газраас Швейцарийн хөгжлийн агентлагийн “Монгол Улсын Онцгой байдлын албаны хот доторх эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг сайжруулах нь” төслийн хүрээнд Аврах тусгай ангийн байрлалд байгуулах “Хот дотор эрэн хайх, аврах багийг бэлтгэх сургалтын байгууламж”-д ажиллах сургагч багш, зааварлагчдыг сонгон шалгаруулах гэж байна.

Сургагч багш, зааварлагч нарын снгон шалгаруулалтанд нийслэл хүрээний Онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч нар оролцох боломжтой бөгөөд бүртгэл 2018 оны 05 дугаар сарын 04-20-ны өдрүүдэд явагдах юм.

Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Сургалтын хэлтсийн 262510 утсаар тодруулах боломжтой.

Сонгон шалгаруулах удирдамжийг хавсаргав.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт нийт дүнгээрээ 79.3 хувийн биелэлттэй гарчээ

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.05.04) нэгдсэн хуралдаан 10 цаг 08 минутад эхэлж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газрын гишүүд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, газрын удирдлагууд болон Үндэсний аудитын газрын холбогдох албан тушаалтнууд оролцов.

Засгийн газраас 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг асуудлын талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хийсэн юм.

Засгийн газраас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлдМакро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогогэсэн нийт 5 бүлэг, 17 зорилтын 104 бодлогын арга хэмжээг тусган боловсруулж өргөн мэдүүлжээ. Харин уг асуудлыг Байнгын хорооны болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдийн гаргасан саналаар 14 арга хэмжээг шинээр нэмж,нийтдээ 118 бодлогын арга хэмжээтэйгээр УИХ-ын 2016 оны 70 дугаар тогтоолоор “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг баталжээ. Шадар сайд танилцуулгадаа, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 118 арга хэмжээнд давхардсан тоогоор Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаас 80.5 хувь нь буюу 95, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс 95.7 хувь буюу 113, бусад бодлогын баримт бичгээс 8.5 хувь буюу 10 арга хэмжээ туссан байна. Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх нийт 5 бодлого, 17 зорилт, 118 арга хэмжээний биелэлтийг 2017 оны жилийн эцсийн байдлаар үнэлэхэд 79.3 хувийн биелэлттэй гарсныг дурдлаа.

Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг бодлого тус бүрээр нь авч үзвэл макро эдийн засгийн бодлого 90 хувь, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 66.8 хувь, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 77 хувь, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого 83.4 хувь, засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого 86.5 хувьтай байгаа аж.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнгөрсөн сарын 02-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцуулав. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Д.Тэрбишдагва нар үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэхэд хариуцлагатай хандах, хэрэгжилт дутуу арга хэмжээнүүдийг анхаарч 2019 оны үндсэн чиглэл хэлэлцэхэд тодорхой тусгах, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ажпын байр нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих үүднээс гаалийн импортын татварыг бууруулах талаар үндсэн чиглэлд тусгах, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Дамба-Очир, Б.Дэлгэрсайхан нар уул уурхай, дэд бүтцийн салбарын томоохон төслүүдийг яаралтай эхпүүлэх талаар анхаарах зэрэг санал гаргажээ.

Мөн цаашид үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг бодитой тогтоож, бэлтгэл ажил хангагдаагүй, хөрөнгийн эх үүсвэр тодорхой бус зорилт, арга хэмжээг нэмж тусгахгүй байхад анхаарах, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай улсын төсөв болон санхүүжилтийн бусад эх үүсвэрийн тооцоог бодитой хийх, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцдог байх нь зүйтэй гэж Байнгын хороо санал, дүгнэлтдээ дурджээ.Харин Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулж тусгайлан УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах шаардлагагүй гэж Байнгын хороо үзсэн байна.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд гүйцэтгэлийн Үндэсний аудитын газраас аудит хийж, УИХ-д ирүүлсэн тайлангаас үзэхэд үндсэн чиглэлд туссан нийт 118 арга хэмжээнээс 48 нь үр дүнтэй, 41 нь тодорхой үр дүнд хүрсэн, 25 нь эрчимжүүлэхшаардлагатай, 4 нь үр дүнгүй, дунджаар 77.6 хувийн биелэлттэй байна гэж дүгнэжээ. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 18.7 пунктээр ахисан үзүүлэлт юм.

Мөн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд нийт 5,3 их наяд төгрөг төлөвлөсөн боловч урьдчилсан гүйцэтгэлээр нийтдээ 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө зарцуулсан нь төлөвлөсөнтэй харьцуулахад 26,4 хувь байгаа бөгөөд зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө санхүүгийн нөөцхязгаарлагдмал байсныг тайланд дурдсан байна.Түүнчлэн макро эдийн засгийн бодлого амжилттай хэрэгжсэнээр эдийн засагт өсөлт гарч, үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээний хэрэгжилт өмнөх жилтэй харьцуулахад сайжирсан боловч санхүүжилтийн эх үүсвэр, төлөвлөгөөг үндэслэлгүй хийсэн, бэлтгэл ажил хангагдаагүй, тооцоо судалгаа дутуу зорилт, арга хэмжээг хариуцан хэрэгжүүлэх байгууллагын зохион байгуулсан ажлын үр дүн хангалтгүй, зарим зорилт, арга хэмжээг холбогдох журмын дагуу үнэлэх, тайлагнах талаар хангалтгүй ажилласан байна гэсэн дүгнэлтийг Үндэсний аудитын газар хийжээ.

Үндэсний аудитын төв байгууллага үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээг хариуцан хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий 20 байгууллагад тус бүрээр үнэлгээ өгсөн бөгөөд Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Монголбанк тус бүр 90-100 хувиар үнэлэгдсэн бол Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 50-иас доош хувийн биелэлттэй гарсан байна. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн талаарх Шадар сайдын танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ш.Раднаасэд, Г.Тэмүүлэн, Н.Оюундарь, Т.Аюурсайхан, М.Билэгт, Б.Ундармаа, Ё.Баатарбилэг нар салбарын сайд болон холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн ихэнх нь улс орны эдийн засаг өсч, валютын нөөц, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засагт нааштай ахиц гарч байгаа ч энэ нь иргэдийн амьдралд тус дэм болж чадахгүй байгаа, ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодитой ахиц гарахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа. Гишүүдийн асуултад Засгийн газрын зарим гишүүд болон хуралдаанд оролцсон холбогдох албан тушаалтнууд хариулж, нэмэлт тайлбар, мэдээлэл өгсөн юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Өнгөрсөн онд улс орны эдийн засагт гарсан өсөлт нь иргэдийн амьдрал, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд нөлөөхөд цаг хугацаа шаардлагатай ч эерэг хандлагууд харагдаж байгаа. Тухайлахад энэ хавар ноолуур 90-100 мянга орчим төгрөгийн үнэтэй, хөдөө аж ахуйн түүхий эдийн үнэ ханш ч ахиу байна. Үйлчилгээ, худалдааны салбарын үйл ажиллагааны үр дүн эдийн засгийн өсөлтөд зохих ёсоор нөлөөлсөн. Зөвхөн 2018 оны эхний гурван сард арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжид 14.1 их наяд төгрөгийн зээл олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.1 хувиар өссөн дүнтэй байна. Түүнчлэн 2017 оны дүнгээр гадаадын хөрөнгө оруулалт 1.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Эдгээр тоо баримт нь Монгол Улсын эдийн засаг өссөн, зээлжих зэрэглэл ахисан, гадаад валютын нөөц нэмэгдсэн зэрэг нааштай өөрчлөлтүүдтэй холбоотой юм. Нэгэнт бий болсон эдгээр нааштай үзүүлэлт, тогтвортой байдлыг цаашид улам баталгаажуулж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх нь нэн чухал гэж Засгийн газар үзэж байгаа.

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2015 онд 7 сая 810 мянган төгрөг байсан бол 2016 онд 7 сая 907 мянган төгрөг, 2017 оны эцсийн дүнгээр 8 сая 770200 төгрөг болж өссөн дүнтэй байна. Энэ үзүүлэлт цаашдаа ч өснө. Төсвийн хүрээний мэдэгдэлд 2019 онд эдийн засгийн өсөлтийг 8 хувь байхаар тооцож тусгасан. Эдийн засагт үзүүлж буй энэ эерэг нөлөөллүүд сайжирна. Харин манай улс гадаад өрийн тухайд төсвийн орлогынхоо гуравны нэгийг гаднаас авсан зээлдээ өгдөг, зөвхөн хүүд нь 1.4 их наяд төгрөг төлж байсан. Ирэх онд 2.6 их наяд төгрөгийн үндсэн өр, хүүд нь 1.2 их наяд төгрөг төлнө. Энэ нь улсын төсвийн орлогын тал хувьтай тэнцэх өр төлбөр гэсэн үг.

Засгийн газар өндөр хүүтэй зээлийг бага хүүтэй зээлээр сольж байгаа, ингэснээр ДНБ-нд эзлэх өрийн хэмжээ буурч байгаа. Энэ хэрээр эдийн засгийн үндсэн үзүүлэлт сайжирч, төсвийн ачаалал буурна.

Categories
мэдээ улс-төр

Бүртгэлийн талаарх хоёр хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл болон “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, эдгээр төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт Засгийн газраас 2016 оны 12-р сард өргөн мэдүүлж, 2018 оны 01-р сард Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж дэмжигдсэнээр Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн ч төсөл санаачлагчид буцаахаар шийдвэрлэсэн.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дахин боловсруулахдаа УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг анхаарч, зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгажээ. Тухайлбал:
-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улсын бүртгэлийн ерөнхий хуульд уг хуулийн зорилтыг хэт хумьж зохицуулсныг илүү нарийвчилж улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо, байгууллагын чиг үүрэг, удирдлагын бүрэн эрх, үйл ажиллагааны хяналт, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлүүд, мэдээллийн сантай холбоотой харилцааг зохицуулахаар оруулсан байна.
-Цахим иргэний үнэмлэхийн хэрэглээг нэмэгдүүлж, иргэний хувийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тэмдэглэх, уг мэдээллийг хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийхэд ашиглах, иргэний үнэмлэхээрээ төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авах боломжтой байх, иргэний үнэмлэхийг бусдад шилжүүлэх, барьцаалах, санаатайгаар гэмтээх, хууль бусаар ашиглах, хуурамчаар үйлдэхийг хориглох зэрэг зохицуулалтыг тусгажээ.
-Хуулиас дээгүүр болзол шаардлагыг дүрэм, журмаар тогтоохоос татгалзаж улсын бүртгэлийн суурь харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулах, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд тавих хяналт, улсын байцаагчийн хэрэгжүүлэх эрх, үүрэг, байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, удирдлагын бүрэн эрхийн талаар холбогдох өөрчлөлтүүдийг оруулсан байна.
-Бүртгэлийн мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал болон мэдээллийн технологийн хэрэглээг сайжруулах чиглэлээр холбогдох өөрчлөлтүүдийг нэмж зохицуулжээ.
-Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас иргэн, хуулийн этгээдэд өгөх бүртгэлийн мэдээллийн нээлттэй байдал болон хувь хүний нууцын хамгаалалтын тэнцвэртэй байдлыг хангах, хуулийн этгээд болон хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийг нээлттэй болгож олон улсын жишигт нийцүүлэх, зах зээлд оролцогчдыг үнэн зөв мэдээллээр хангах, хөрөнгийн эдийн засгийн эргэлт, өсөлтийг дэмжих замаар олон нийтийн болон татварын хяналтыг сайжруулах шаардлагатай гэж үзэн хуулиар хориглосноос бусад бүртгэлийн мэдээллийг нээлттэй ашиглуулах, иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр өгөх мэдээллийг ангилан зааж мэдээлэл өгөх журмыг хуулиар тогтоохоор тусгасан байна.
Улсын бүртгэлийн байгууллага нь иргэний 19, эд хөрөнгийн 29, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 10, зохиогчийн эрхийн 3, аж үйлдвэрийн өмчийн эрхийн 33, архивын 28, нийт 122 төрлийн үйлчилгээг үзүүлж байна. Бүртгэлийн байгууллагаас гаргасан тоон мэдээллээр 2017 оны жилийн эцсийн байдлаар иргэн, хуулийн этгээдэд (биечлэн) нийт 271.694 лавлагаа, мэдээллийг үнэт цаасаар, архивын баримтаас 16.649 хуулбар хийн цаасан хэлбэрээр олгосон нийт 1.365.173 үйлчилгээг үзүүлсэн байна. Дээрх тоотой харьцуулахад цахим хэлбэрээр буюу “Үндэсний дата төв”-өөр дамжуулан 4.400.000 гаруй тооны лавлагаа, мэдээллийг авсан нь цаасан хэлбэрээр өгч байгаа лавлагаа, мэдээллийн тоотой харьцуулахад 16 дахин их, “Түц” машинаар дамжуулан өгч байгаа лавлагаа, мэдээллийн тоо (668.572) нь 3 дахин их байна.
Хуулийн төслийг баталснаар:
1. Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт нарийвчилсан зохицуулалтад орж, мэдээллийн аюулгүй байдал сайжирч, иргэд шуурхай, чирэгдэлгүйгээр цахим үйлчилгээ авах орчин бүрдэнэ.

2.Улсын байцаагчийн эрх, үүргийг тодруулж холбогдох суурь зохицуулалтыг оруулснаар улсын бүртгэлийн аливаа зөрчил, алдаа дутагдлаас сэргийлэх нөхцөл бүрдэх бөгөөд бүртгэлийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирна.

3.Хуулиар хориглосон буюу хязгаарласнаас бусад мэдээллийг нээлттэй болгож, иргэн, хуулийн этгээдийг бүртгэлийн үнэн зөв, бодитой мэдээллээр хангах, илүү ойлгомжтой бүртгэлийн үйлчилгээг иргэдэд санал болгох бөгөөд үүнийг дагаад улсын бүртгэлийн байгууллагад хандаж цахим хэлбэрээр мэдээлэл, лавлагаа авах иргэн, хуулийн этгээдийн тоо өсөх, улсын төсвийн орлогод дэмжлэг үзүүлэх, залилан, бусдын эд хөрөнгийг завших зэрэг гэмт хэргийн гаралт багасах ач холбогдолтой.
4.Бүртгэлийн суурь харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой, ойлгомжтой байдлаар зохицуулж хуулиас дээгүүр болзол шаардлагыг дүрэм, журмаар тогтоохоос татгалзаж, хуульд нийцсэн байх зарчим үйлчлэх зэрэг эерэг үр дагавар бий болно гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Уг хуулийн төслийг боловсруулахдаа 2003 онд батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг олон улсын өнөөгийн болон цаашдын чиг хандлагад нийцүүлэн хуулийн зохицуулалтын үр нөлөөг дээшлүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх, бүртгэлийн цахим мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх, иргэн, хуулийн этгээдэд цахимаар бүртгүүлэх боломжийг бүрдүүлэх, бүртгэл хийх цаг хугацааг хэмнэх замаар бүртгэлийн байгууллага, ажилтанд учрах ажлын ачаалал, зардлыг багасгах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглүүлэн холбогдох зохицуулалтуудыг хийжээ.
Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах асуудлуудыг тусгасан байна. Үүнд:
1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн зохицуулалтыг Иргэний хуулийн агуулга, үзэл баримтлалд нийцүүлж улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэх хуулийн этгээдийн төрлийг шинэчлэн тогтоож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуультай уялдуулан зарим нэмэлт, өөрчлөлтийг тусгах замаар хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгасан.
2.Хууль зүйн сайдын тушаалаар баталсан “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”, “Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд бүртгэх журам”, “Хуулийн этгээдийн нэр олгох баталгаажуулах журам”, “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар баталсан “Хуулийн этгээдийн хувийн хэрэг хөтлөх журам”-аар тогтоож байгаа бүртгэлийн зарим суурь харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой байдлаар зохицуулжээ.
Улсын бүртгэл хийх явцад иргэн, хуулийн этгээдээс хуулиар тогтоосноос гадна дүрэм, журмаар нэмэлт баримт бичиг шаардах тохиолдлууд гарсаар байгаа тул эдгээрийг бүхэлд нь хуулийн төсөлд тусгахаар тогтсон байна.
3.Хууль хэрэгжих хугацаанд практикт үүсээд буй тодорхой асуудлуудыг шийдвэрлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэл хийхэд эрх зүйн зохицуулалтгүй байдлаас үүдэн иргэд, бүртгэлийн байгууллагад үүсдэг бэрхшээлүүдийг даван туулах, улсын бүртгэлийн байгууллагын зарим чиг үүргийг нийтэд ойлгомжтой болгох зорилгоор холбогдох өөрчлөлтүүдийг хийжээ.
Хуулийн төсөлд гэрчилгээ болон тамга, тэмдэг элэгдэж хуучирсан, гэмтсэн, өнгө, загвар, хэлбэрийг өөрчлөх, дахин авах хүсэлт гаргасан, хаяж үрэгдүүлсэн, устсан, ашиглах боломжгүй болсон зэрэг тохиолдлуудад хуулийн этгээдэд гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгохоор заасан байна.
4.Хуулийн этгээдийн улсын бүртгэлд хамаарах бүртгэлийн хугацааг шинэчлэн тогтоох замаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн байгууллагаар үйлчлүүлэх хугацааг багасгах, өргөдөл гаргагчийн хуулийн этгээдийн нэрээ баталгаажуулснаас хойш 10 хоногийн дотор бүртгэлийн байгууллагад өргөдлөө гаргахаар заасан хугацааг уртасгаж тогтоожээ.
Categories
мэдээ нийгэм

Сөрөг хүчин улс төрийн тохиролцооны зууч байх ёсгүй

Улс төрийн намууд сонгуулиар цөөн суудал авсан нь парламентад цөөнх болдог. АН өнгөрсөн сонгуулиар ялагдаж, парламентад цөөнх болов. Найман гишүүнтэй байж бүлэг болдог. Парламентын цөөнх есөн гишүүнтэй. Өнөөдөр эрх баригчид хэрүүл, маргаантай ч 65-уулаа байна. Гэтэл сөрөг хүчин гэгдэх АН-ынхан сөрөг хүчин шиг ажиллаж чадахгүй байгаа. Ийм сул дорой байвал бүлэгтэй байснаас байгаагүй нь дээр. Сөрөг хүчин эрх баригчдыг өдөр, шөнө, өглөө, оройгүй ташуурдаж, улс орноо хөгжүүлэхэд эрх баригчид юу хийх ёстойг сануулж, шахаж шаардах ёстой. Бусад улс орны сөрөг хүчин улстөржихөөсөө илүүтэй, эрх баригчдаа ажил хий гэж шахдаг. Сөрөг хүчин бол эрх баригчдыг ташуурдах ард түмний ташуур байх ёстой.

Манай сөрөг хүчин бол сөрөхийн тулд л сөрөг хүчин байгаа мэт аяглаад гэдийгээд суучихдаг. Манай улс одоогийн нөхцөл байдалд эдийн засгийн хямрал, хоёр хөршийн шахалт, хөрөнгө оруулагчдын нүүр буруулалт гээд чамгүй юм үзэж байна. Ийм нөхцөлд эрх баригчдыг юм хийлгэдэг байя. Тэднийг улс орныхоо төлөө сайн зүйл хийж, зөв бодлоготой, зөв хууль гаргахад нь ташуур болох ёстой, манай парламентын сөрөг хүчин бүр эсрэгээрээ юм хийлгэхгүйн төлөө ажиллаад байх шиг. Сөрөг хүчин сөрөх ёстой гээд юу ч хамаагүй, баруун солгойгүй буруутгаад байх шинжтэй. Эрх баригчид зөвийг хийвэл чөдөр тушаа болохгүйхэн шиг дэмжиж, ташуурдан, буруу зүйл хийвэл хэлж ярьж, засч залруулж, шүүмжилж байх ёстой. Манай парламентын хуучин гишүүд болж л өгвөл эрх баригчдаа муулцгаадаг. “Та ч бас тэр парламентад байхдаа дуугарахгүй яасан юм” гэхээр “Цөөнх юу ч хийж чадахгүй юм билээ” л гэлцдэг.

Орчин цагийн улс төрд шинэ ойлголт бий болсон. Улс орны байдал муу байгаа бол түүнийг ард иргэд нь сөрөг хүчинд тохдог болчихоод байгаа. Мэдээж эрх баригчид буруутай ч цөөнх тэднээс дутахгүй гэж үздэг. Яагаад гэвэл сонгогчдын нэг хэсэг нь эрх баригчдад, нөгөө хэсэг нь цөөнхөд саналаа өгсөн. Нэгэнт сонгогдоод төлөөлөл нь болсон л бол цөөнх байна уу, олонх байна уу хамаагүй, хариуцлагаа адилхан л үүрнэ. Сөрөг хүчинд хүч дутна гэж байдаггүй. 1992 онд МАН дангаараа шахам эрх барьж байсан ч Да.Ганболд, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Р.Гончигдорж нарын тавхан хүн л сөрөг хүчин гээд сууж байлаа. Төлөвлөгөөт эдийн засгийн ойлголтоос хэтрэхгүй олонхын гишүүдэд өнөөх таван гишүүн зах зээлийн эдийн засгийн хичээл бараг заасан шүү дээ. Зах зээлийн эдийн засагт нийцэхгүй хуулиудыг зогсоож чадаж, алдаатай оноотой ч тэр үед баталсан хуулиуд зах зээл, олон ургалч үзлийг Монголын нийгэмд нутагшуулах суурь болж байсан.

1996 онд парламентад олонх болсон Ардчилсан намынхан 2000 онд хуу ялагдаж бие даагч Л.Гүндалай, Эх орон намын Б.Эрдэнэбат, ИЗН-аас С.Оюун, Ардчилсан намаас Ж.Наранцацралт нар л цөөнхийн үүргийг гүйцэтгэсэн. 72-ын бүлэгтэй ана мана л байлаа. Энэ үед бие дааж өрсөлдөөд гарч ирсэн Л.Гүндалай АН-ын гишүүнээр элсч, цөөнх яаж ажилладгийг яруу тодоор харуулсан шүү дээ. Цөөнх цөөддөггүйн жишээ энэ мэт байна.

Гэтэл өнөөдрийн парламент дахь цөөнх АНУ-д Олон улсын валютын сангийн хэлэлцээр хийж явсан Ч.Хүрэлбаатарыг огцор, огцор гээд хашхираад уналаа. Ах нь Хотгор шанагын ордтой нэр холбогдсон гээд дүүг нь огцруулахаар гэнэт хашхиралдав. Эрдэнэтийн талаар ганц зоригтой дуугарч байсан Ц.Нямдоржийг бас л огцруулна гэнэ. Дээр нь нэмээд тагнасан, чагнасан асуудалд ч хутгаад авлаа. Энэ мэтчилэн цагаа олохгүй цовхчих юм. Энэ хоёр сайдыг огцрууллаа гээд улс орон өөдлөн дэвжих бол хамаа алга. Том төслүүдийг энэ хоёр гацаагаад байгаа бол хамаа алга, огцруул. Гэнэт л огцруул гэж хашхиралдах нь анхаарал татав. Цөөнх ингэж том улс төрийн тоглоом, томцуулын захиалгаар ажлаа хийдэг болоо юу. Эдний ард Ерөнхий сайд нам доторх хэрүүл, тэмцэл, зодооноо өөр нэгэнтэй тохирч цөөнхөөр хэлүүлж чадаад байх шиг.

Эсвэл Ерөнхийлөгчийн захиалгаар хийгээд байна уу. Эд нар хоорондоо тохиролцоо, наймаа хийхдээ сөрөг хүчнээр ийм юм хэлүүлж байна. Эрх баригчид дотооддоо шийдэж чадаагүй асуудлаа сөрөг хүчнээр нь хийлгээд бүр сурчихлаа шүү. Мөн сөрөг хүчин эрх баригчдын булай булхайг дэлгэх гэхээр ямар нэг юмаараа барьцаалагдчих юм. Сулхан сөрөг хүчнээр хүссэн улс төрөө хийлгээд ард нь том наймаа ярьж байгаа шүү дээ, цаад томчуул чинь. АН-ын хэдийн үгээр орж огцордог, огцруулдаг ч гэж юу байхав. Ингээд бүтэхгүй болохоор АН-ын бүлэг минь бусдын тоглоом болоод л дуусна. Өөрийн зорилго, өөрийн толгойгүй гэж харагдах болсон Я.Санжмятав, Д.Мурат, Б.Наранхүү нарыг тэрүүхэндээ бувтнахыг Монголын их улс төр тоохгүй шүү дээ. Ямар ч хэрэггүй, үр дүнгүй, амьтан хүний тоглоом, шатрын хүү болсон энэ хэдийн оронд Сонсголонгийн “парламент”-д байгаа С.Баярцогт, Б.Бямбасайхан Ч.Сайханбилэг, Б.Ариунсанг төрийн ордонд суулгаж баймаар байх юм. С.Баярцогт дэлхийн топ арван сургуулийн тавд нь суралцаж төгссөн. НҮБ-ын таван хэлээр ярьдаг. 23 настайдаа парламентын гишүүн болж байсан хүн. Ингээд бодохоор ямар улсууд Их хуралд, ямар нь Сонсголонгийн “парламент”-д байгаа нь харагдана. Эх орноо ингэж хохироодгоо боль оо. Ингэж нэг хоёр, улстөрчийг буулгана, болиулна, огцруулна гэж байхынхаа оронд Таван толгой, Оюу толгой, Эрдэнэтийн 49 хувиа ярь. Шаард. Том төслүүдээ явуулъя гэж шах. Гэтэл нэг сандал суудалхан яриад сууж байх. Монголын хөгжлөөс чухал асуудал уу тэр чинь.

Нэг их сүртэй жагсаал хаврын эхэнд сөрөг хүчнийхэн хийсэн. Тэгээд хавар дөрөвдүгээр сарын нэгнээс өдөр бүр эрх баригчдыг амласнаа биелүүлэхийг шахаж шаардана гээд байсан, сураггүй. Ард түмэнтэйгээ нийлээд шаардах юм яриад байсан яалаа. Эсвэл хүн ирэхгүй гэж айгаа юу. У.Хүрэлсүхийн Засгийн газар олигтой юм хий гээд шаардвал бид ойлгоно. Амиа өгөхөд бэлэн гэж хэлж, өмнөх Засгаа цөөнхтэй, юутай хээтэй нь хамтарч байгаад унагасан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг шүүмжилвэл шүүмжлэхээр. Сөрөг хүчин У.Хүрэлсүхийн захиасыг биш, танхимыг нь ажил хийлгэх гэж, УИХ дахь олонхоо олигтой хууль батлуулахын тулд ташуурдаж суух ёстой биш үү. Өмчлөгдсөн юм уу, барьцаалагдсан сөрөг хүчин цөөнхийн үүрэг гүйцэтгэж чаддаггүй. Гантулгын асуудал Их хурал дээр ороод ирэхэд цөөнхөөс Мурат гараад ирдэг. Рио тинто гэхээр Эрдэнэтийн 49 хувиар амаа асуулгадаг байж болох уу. Та нарт ард түмэн итгэхээ байж. Эрх баригчдад ч, цөөнхөд ч тэр. Хоёр намын рейтинг яаж унаж байна.

Сант Маралын саяхны судалгаагаар маргааш сонгууль болвол аль намд өгөх вэ гэхэд АН-ыг дэмжих 41 хувь, 38 хувь нь МАН-ыг дэмжинэ гэж. Дахиад ч энэ дүн өөрчлөгдөнө. Цөөнх минь цөөнх шиг бай. Цөөнхийн дуу хоолой багадна, тоо цөөднө гэж байхгүй.